Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас ирсэн ачаа тээврийг ариутган халдваргүйжүүлж байна

Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллага, цагдаа, эмнэлгийн баг, Ти Ай Ложистик компаниуд хамтран ОХУ-аас ирж буй ачаа, тээврийн хэрэгслийг хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах тусгай үйл ажиллагаа явуулж байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Монголын жолооч нарыг тусгаарлаж, гадаадын жолооч нарыг машинаас нь буулгахгүйгээр буцаах юм.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт давтан газар хөдлөлт болжээ

Өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатарын цагаар 11:03:11 цагт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтөөр Тонхил сумын ЗДТГ-ын байрны туслах хана цуурчээ.

Тухайн газарт 11:14:38 цагт 3.6 магнитудын хүчтэй, 11:55:03 цагт 4.5 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон байна.

Одон орон геофизикийн Ховд салбараас өгсөн мэдээллээр энэ нь Ховд аймгийн Дарви, Цэцэг, Мөст, Булган, Алтай, Үенч сумдад хүчтэй мэдрэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Тагтаа арьс, гэдэс, амьсгалын замын халдварт өвчин тараах эрсдэлтэй

Тагтаа нь жилд 7-8 удаа, нэгээс хоёр өндөг гаргадаг ба өндөг нь 18-20 хоногийн дараа ангаахай болж, 35-37 хоногийн дараа бие гүйцэнэ.

Аливаа зүйл хэт олшрохоороо хор уршиг дагуулдаг нь байгалийн хууль. Тагтаа нь сүрэглэн амьдардаг ба нэг сүрэгт хэдэн зуу, мянгаараа байх нь бий. Идэш тэжээл олдоцтой, сайн байвал үржил нь хурдан явагдаж, зан төрх нь ч өөрчлөгддөг байна.

Сүүлийн жилүүдэд хүмүүс буян үйлдэх нэрийдлээр тагтаа хооллон, тоо толгойг нь хот сууринд хэт олшруулсаар байна.

Тагтаа хот суурин газар олширч, учруулах хор уршгаас сэргийлэх зорилгоор дэлхий зарим улс оронд зориудаар хооллохыг хориглоод байна. 2014 оны сүүлээр Баянгол дүүргийн XVI хороонд (“Гандантэгчэнлин” хийд орчим) тагтаа хооллохыг хориглосон. Судлаачдын үзэж байгаагаар тагтааны биологийн процесс нь хүмүүсийн буруугаас генетикийн өөрчлөлтөд орж, байгальдаа амьдрах чадваргүй, маш хурдан үрждэг болсны зэрэгцээ арьс, гэдэс, амьсгалын замын халдварт өвчин тээх, тараах эрсдэлтэйг тогтоосон байдаг.

Тагтаанаас болгоомжлох шалтгаанууд:

  1. Тагтаа нь 60 гаруй төрлийн нян, вирус тээгч бөгөөд энэ нь иргэд тэр дундаа хүүхэд, өндөр настанд аюултай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг
  2. Тагтааны ялгадас болох сангас болон арьс, өдөнд нь өвчин үүсгэх олон төрлийн шимэгч (хачиг, бүүрэг), нян, уураг агуулагддаг.
  3. Одоогоор тагтаанаас шууд дамждаг халдварт өвчин бүртгэгдээгүй ч шувууны томуу болон аливаа халдварт өвчин дэгдвэл хүнд маш богино хугацаанд халдвар тараах эрсдэлтэй.
  4. Тагтааны сангасд фосфорын хүчил болон бусад хүчиллэг бодис ихээр агуулдаг учир хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, нүдний өвчин, янз бүрийн арьсны харшил үүсгэх эрсдэлтэй.
  5. Тоо толгой өссөнтэй холбоотойгоор хотын орчны бохирдол дээд цэгтээ хүрч (1 бүл тагтаа жилд 12-15 кг сангас ялгаруулдаг), соёлын өв болон хөшөө дурсгал, барилга байгууламжид сөргөөр нөлөөлөхөөс гадна олноор бөөгнөрөх тагтааны жин, ялгаруулж буй сангас нь нийлээд барилгын хана, таазыг сүйтгэх хэмжээнд хүрдэг.

Иргэд маань иймэрхүү асуудалд ухаалгаар хандан, эдгээр амьтныг байгалийн жамаараа амьдрах, өсөж үржихэд нь туслах зорилгоор тухайн амьтныг зүгээр орхиж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна.

Тагтааг энх тайван, эрх чөлөө, аз жаргалын бэлгэ тэмдэг хэвээр үлдээхэд хүмүүс, бидний хичээл зүтгэл хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн 48 иргэнийг түр тусгаарлалаа

2020 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Алтанбулаг” авто замын боомтоор орж ирсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн хяналт, тандалт хийж 48 иргэнийг ажиглалтад түр тусгаарлалаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А/42 тоот “Зохион байгуулалтын арга хэмжээ авах, дайчлан ажиллуулах тухай” тушаалын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ 4 байцаагч “Алтанбулаг” боомтод ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​БНСУ гадаад улсаас ирж буй зорчигчдыг тусгай журмаар нэвтрүүлж эхэллээ

БНСУ-ын Засгийн газар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 19-ний 00.00 цагаас эхлэн гадаад улсаас ирж буй гадаад, дотоодын бүх зорчигчдыг тусгай журмын дагуу хилээр шалган нэвтрүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

– Зорчигчдын биеийн халууныг хэмжинэ.

– Зорчигчид эрүүл мэндийн асуумж бөглөнө.

– Зорчигчид аяллын мэдүүлэг бөглөнө. Үүнд БНСУ-д ашиглах утасны дугаар, оршин суух хаягаа заавал бичнэ. Хилийн байцаагч мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж нягтлах бөгөөд холбоо барих утасны дугаар байхгүй эсвэл мэдүүлэг зөрүүтэй бол хил нэвтрүүлэхгүй.

– Зорчигчид өөрийн ашиглаж буй ухаалаг гар утсанд эрүүл мэндийн аппликейшныг суулгаж, эрүүл мэндийн байдлаа 14 хоногийн хугацаанд өдөр бүр уг аппликейшнээр дамжуулан мэдээлнэ. Тухайн зорчигчид өвчний анхны шинж тэмдэг 2 өдөр дараалан илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс холбогдох арга хэмжээ авна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг хаах саналыг НИТХ-д хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын А/108, А/223 тоот сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд 662 сүм хийдийн удирдлагуудад хүргүүлж, хяналт тавин ажиллалаа. Захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зөрчил дутагдлууд илэрлээ.

Үүнд:

1. Тусгай зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус үйл ажиллагаа явуулж буй 46 сүм хийдийг илрүүлсэн.
2. Тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа албан ёсоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй сүм хийдүүд байна.
3. Хан-Уул дүүргийн 6 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь эмзэг хараа хяналтгүй харах хандах хүнгүй албан ёсны бүртгэл байхгүй байна.Энд нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.
4.Зарим сүм хийдүүд нь тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 240491 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 20-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 173 улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 9869 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 240491-д хүрсэн бол 87943 хүн эдгэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бичиг баримтын зөрчилтэй далайн гаралтай бүтээгдэхүүн импортолсон зөрчлийг илрүүллээ

“Скай хайпермаркет” ХХК-ын БНСУ-аас импортлосон далайн гаралтай 318 кг бүтээгдэхүүнд гүний хяналт шалгалтыг хийхэд импортын мэдэгдэлгүй, бичиг баримтын зөрчилтэй байжээ. Иймд гаргасан зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгуулийн арга хэмжээ авч барагдууллаа.

Categories
мэдээ нийгэм

Итали улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтыг зогсоох зорилгоор улс даяар хөл хорио тогтоож, ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эмийн сан, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээс бусад хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан хэдий ч вирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол нийт 41035 бүртгэгдэж, үүнээс 4440 хүн бүрэн эдгэрч, 3405 хүн нас бараад байна.

Дээр дурдсан шаардлагаар гэрээсээ гарах тохиолдолд тусгай маягт бөглөн өөрийн биед авч явах шаардлагатай. Маягтыг доорх холбоосоор татаж авна уу.

https://www.interno.gov.it/…/modulo-autodichiarazione-17.3.…

Коронавирусний халдвар Монгол Улсын иргэд оршин суудаг Ломбарди, Пиемонте, Венето, Фриули-Венеция-Жулия зэрэг мужид хамгийн их тархалттай байгаа бөгөөд Италийн Засгийн газраас халдварын тархалтыг зогсоох, халдвар авсан иргэдийг эмчлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан шаардлагатай арга хэмжээ авч байна. Итали Улс даяар 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл тогтоосон хөл хорионы хугацааг сунгах талаар Ерөнхий сайд Ж.Конте мэдэгдсэн бөгөөд хэдий хүртэл сунгахыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр байна.

Европын Холбооноос Шенгенийн бүсийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр Европын Холбооны гишүүн улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд хамаарахгүй аж.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусний тархалт ихтэй энэ цаг үед иргэд Та бүхэн суугаа орны болон Монгол Улсын төр засгаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг дагахын зэрэгцээ гэрээсээ гарах хөдөлгөөнийг хориглон вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах нь чухал байна.
Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх болон вирусын халдварын шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /итали, англи, хятад хэлээр/ 112 гэсэн тусгай дугаарын утсаар холбогдон мэдээлэл, зөвлөгөө шуурхай авах боломжтой.

Итали Улсад коронавирусний халдвар хурдацтай тархаж, онцгой нөхцөл байдал үүссэн үед буруу ташаа, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр нийтлэгдэж байна. Иймд Итали Улсад оршин сууж байгаа иргэд Та бүхэн албан ёсны эх сурвалжаас бодит мэдээлэл авах, Элчин сайдын яамны цахим хуудас http://monembrome.mn/ болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсанд хандахыг зөвлөж байна. Түүнчлэн аливаа нэгэн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах, хүсэлт тавихаар бол Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886), rome@mfa.gov.mn цахим шуудан болон Mongolian Embassy Italy фэйсбүүк чатаар холбогдоно уу.

http://monembrome.mn/index.php?moduls=101&id=176

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа
Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хангамж, аюулгүй байдлын штаб хуралдлаа

ХХААХҮ-ийн Сайдын “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед штабын зохион байгуулалтаар ажиллах тухай” А-77 дугаар тушаалаар байгуулагдсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын штаб өчигдөр хуралдлаа. Штаб нь хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр ажиллаж байна. Хурлыг штабын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле удирдан явуулж, хурлын бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн яамны холбогдох газар хэлтсээс гадна МЭЕГ, МХЕГ, НЗАА, ХААБ, НМЭГ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хурлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц, үнийн талаарх мэдээлэл, нөөцийн махны худалдааны явц, хяналт шалгалтын үр дүн, хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Мөн өрхийн түвшинд хүнсний нөөцийг судлах судалгаа, “Малчин лавлах-109” утсаар ирсэн санал, гомдолтой танилцлаа. Хурлын төгсгөлд штабын дарга Ж.Сауле хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа болон штабын төлөвлөгөөнд туссан ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгсөн юм.