Categories
мэдээ цаг-үе

1946 онд монголчууд “Мулан” жүжгийг үзэж байжээ (II)

Түрүүч нь №051 (6417) дугаарm


Хятад ажилчдын төв клубээс Монголын хувьсгалын 25 жилийн ойн баярыг угтаж, нийтэд зориулан гаргах түүхт жүжиг Муланы тухай тайлбар (М.Саруул-Эрдэнийн хувийн цуглуулга)

Хоёрдугаар үзэгдэлд Мулан гавьяа байгуулж, Ирвэсийн арьсыг барьж хаандаа тушаагаад, амласан албан тушаалыг нь авалгүй гэртээ харина. Ижий аавдаа алдар гавьяагаа яриад, “яргай модны нахиа” хэвээрээ ирлээ хэмээсэн нь онгон биеэрээ буй гэсэн санаа. Хөршийнх нь хархүү түүнд дурлан тайзан дээр гэрлэж, аз жаргалтай төгсөнө. Энэхүү хурим нь мөн Шү Вэйгийн шинэчлэл мөн.

Гурав. СҮЙ-ТАНГИЙН ТҮҮХЭН ДУУЛАЛ

Шү Вэйгийн хувилбар буюу Мин улсын үеийн Мулан ийнхүү уулын дээрэмчинтэй тулж байсан Тоба бүсгүй байсан бол Чин улсын хувилбарт харийн дайсантай тэмцэж, илүү “эх оронч” уур амьсгалтай болоод ирэв. Чү Рэнхугийн эмхэтгэсэн зуун бүлэгт Сүй-Танг улсын дуулал (Сүй танг янеи, 1675 он)-ын 55-61 дүгээр бүлэгт Муланы домог оржээ. Энэ хувилбарт үйл явдал Сүй улсын унах үед өрнөж, Түрэг улс дайнд оролцож эхэлнэ. Муланы эцэг нь түрэг, эх нь хятад хүн болов. Энд мөн Хуа Муланы нэрийг анх удаа нанхиад утгаар тайлбарлаж, тэднийх цэцэрлэгтээ замбага цэцэг тарьсан нь охиныг төрөхөд дэлбээлсэн учраас тийн нэрийдэв гэх аж. Судлаач Лан Доны үзсэнээр энэ нь Шү Вэйгийн хувилбарт шүтсэн, гэвч өөрийн чөлөө дураар нэмсэн шинжтэй, мөн Муланыг жүжгийн хэлбэрээс үргэлжилсэн үг, тууж болгох гүүр нь болсон бүтээл аж.

Харвардын их сургуулийн судлаач Шиамин Ква, Уилт Идэма нар “Мулан: Хятадын сонгодог домгийн таван хувилбар, холбогдох эхүүд” хэмээх бүтээлдээ “Өмнөх хувилбарууд дахь эцгийнхээ оронд цэрэгт явсан, гарамгай ялалт байгуулсан, өндөр алба тушаалыг хайхарсан зэрэг нь “эх оронч” хэмээх үзэлд хангалтгүй санагдсан тул энэ хувилбарт Мулан цэвэр ариун үзлээрээ бүр амиа хорлож төгсөнө” (Shiamin Kwa, Wilt L. Idema, Mulan: Five Versions of Classic Chinese Legend with Related Texts, 2010) хэмээн дүгнэжээ.

Үйл явдлыг товч дурдваас: Сүй улс мөхөж бүхүйд хаан ширээнд өрсөлдөж байсан Лиу Вүжоу Өрнөд Түжүэ буюу Түрэгийн Хэшана хэмээх хаантай тохирч, Жинянг, Куожоу хоёрыг эзлэхээр болно. Хэшана хаан цэрэг элсүүлэхэд Хуа Ху хэмээгчийн нас өндөр болсон тул охин Мулан нь оронд нь эрийн дүрээр цэрэгт явна. Лиу Вүжоу-гийн гол баатар нь Ючи Гонг жанжин, түүнтэй ид тулалдаж буй баатар нь хожмоо Танг улсын тайзунг болох Ли Шиминий жанжин Чин Шубао. Лиу Вүжоу дийлдэн, хамсаатан Түрэгтэйгээ нийлж зугтах гэсэн боловч Хэшана хаан түүнийг алж орхино. Ючи Гонг жанжин тэгмэгц Түрэгтэй нийлэхээ больж, Тангийн талд орно. Хэшана хаан Доу Жиандэгийн цэрэгт дийлэгдэн амиа алдахын даваан дээр Мулан ирж, эрэлхэг тулалдан амийг нь аварна. Гэвч өөрөө Доу Жиандэгийн охин, өөр нэг эмэгтэй баатар Доу Шиан Нианд баригджээ.

Доу Шиан Ниан Муланыг эрэгтэй биш, тахимдуу ёсоор эцгийнхээ оронд цэрэгт явсан өөрийнх нь адил бүсгүй хүн гэдгийг мэдээд уяран хайрлаж, олзны хүний ёсоор бус, анд нөхөр шиг харьцан, шивэгчнээ болгов. Удалгүй дайн дуусч, Мулан гэртээ харив. Гэтэл хөгшин эцэг нь нас барж, эх нь дүү нарыг нь асрахын тулд Вэй овгийн нэг эртэй гэрлэсэн байжээ. Хэшана хаан үүнийг мэдээд Муланыг ордондоо ирж татвар эм бол гэсэн тушаал буулгана. Мулан үүнийг үл зөвшөөрөн, хутгаар хоолойгоо хэрчин амиа егүүтгэнэ. Энэ хувилбараас хойш Муланы домгоор 1800 онд 32 бүлэг роман, 1850 онд 46 бүлэг роман, 1903 онд Бээжингийн алдартай дуурь, 1939 онд Шанхайд кино гэх мэтээр утга зохиолын бүхий л төрөл хэлбэрээр гарсаар өдгөө Холливудын бүрэн хэмжээний кино болон ахин мэндлэх гэж байна. Энэ завсар Мулан охин жужан-табгач-сяньби-түрэг угсааг дамжсаар эцэст нь хэдийнэ “хятад бүсгүй” болжээ.

Мулан жүжгийн тухай дурамж өгүүлсэн Н.Сувдаа ээж Найзхандын хамт. (Н.Сувдаагийн хувийн архив, зохиолч Ц.Түмэнбаярын зөвшөөрлөөр авав)

Дөрөв. МУЛАН ХЭМЭЭХ НЭРИЙН ГАРАЛ

Мулан хэмээх нэрийн гарлыг хамгийн нухацтай судалсан эрдэмтэн бол Торонтогийн их сургуулийн нанхиадач Санпинг Чэн юм. Тэрбээр хоёр зүйлийн баримтаас шалтгаалан Мулан нэрийн гарлыг нэгд, хятад хэлнээс биш, хоёрт, эмэгтэй хүний нэрнээс биш, харин, монгол, түрэг хэлнээс, эрэгтэй нэрийн дотроос эрэх ёстой хэмээн дүгнэжээ. Угаасаа Гуо Маочиан эмхэтгэлдээ бүхий л хятад нэрийг тайлбарласан боловч ганц Муланы тухайд “Мулан – нэрийн утга тодорхойгүй” хэмээн тэмдэглэн үлдээсэн аж. Мулан гэсэн үгийг хятад хэлний нэгэн зүйл, сайхан үнэрт, тансаг цэцэгтэй холбон тайлбарласан нь бүр сүүлийн үеийн (XVII зууны) оруулга гэдгийг өмнө дурдсан буй. Энэ бол Мулан хятад даяар алдаршиж, эмэгтэй гэдгийг нь хэн хүнгүй мэдэх болсон үед нэмсэн зүйл. Гэтэл одоогоор олдоод буй анхны эхэд:

Арван хоёр жилийн турш мөр зэрэгцэн байлдав

Анд Муланыг бид эмэгтэй гэж мэдсэнгүй… хэмээн дуулдаг нь Мулан гэж нэр тухайн үедээ эрэгтэй нэр байсныг баталж байна. (Өдгөөчлөн харьцуулбал Цэцэгээ нэртэй баатартай хамт байлдаад байгаа атлаа эмэгтэй гэж гайхаад буй мэт)

Санпинг Чэн өөр нэг нухацтай баримт дурдсан нь Хятадын түүхийн Жоу Шү намтар зохиолд Хан Шионг гэж баатар эрийн тухай өгүүлдэг, тэрхүү баатрыг Мулан хэмээн нэрлэдэг, Бэй чи шү сурвалж бичигт мөнөөх жанжныг Хан Шионг биш Хан Мулан гэж хоёр ч удаа дурдсаныг тэмдэглээд, Сяньби, Тоба зэргээс гаралтай жанжид, өөрөөр хэлбэл “зэрлэг бүдүүлэг” улс аймгийн овог нэрийг хятад болголгүй, тэр чигээр нь хадгалдаг байсан ёсыг тайлбарлан өгүүлжээ.

Үгийн гарал зүй нарийн ухаан, түүхэн үүднээс нэгэнт аль зүгээс эрлээ эхлэхээ мэдсэн бол одоо хэл шинжлэлийн сэргээн тогтоох аргуудыг хэрэглэж эхлэх ёстой. Үнэхээр тэр “зэрлэг бүдүүлэг” нарын хэлнээс ирсэн нэр юм бол тэр “зэрлэг бүдүүлэг” нарынхаа хэлнээс хайх нь зохистой. Тэр хэл нь Алтай язгуурын хэл буюу, монгол, түрэг, манж хэл байх нь тодорхой.

Хятад судлаач Чэн ханз үсгийн харьцуулсан дуудлагаар дунд үеийн хятад хэлнээ Мулан нь *мук-лан байсныг сэргээн тогтоож. Мөн дунд үеийн хятад хэлний М нь, хойт зүгийн хэлнүүдийн Б-тэй таардаг болохыг багатур гэхийг мохэдуо, балиг буюу түрэг хэлний “загас” гэсэн үгийг молэ гэж буулгаснаар баталсан байна. Ингэж үзэхлээр Мук-лан хэмээх нэр нь уг хэлэндээ *Бук-лан хэлбэртэй байсныг сэргээж болно. Ингээд баатар эрийн нэрийн язгуур байж болох “бук-” хэлбэрүүдийг түүснийг нь сонирхуулбал:

Буг-а (Алтай язгуурын олон хэлнээ Бугаас эхлээд Хандгайг хүртэл томоохон эвэрт амьтдыг нэрлэх үг)

Бугра (Алтай язгуурын олон хэлнээ “тэмээ”-г, өөр зарим хэлнээ эр бугыг нэрийдэх үг)

Бук-а (Монгол болон бусад хэд хэдэн хэлэнд эр үхэр – бухыг хэлэх үг)

Бу-лан (ал Кашгари ганц эвэрт адгуусыг хэлэх Алтай язгуурын хэлний үг хэмээжээ)

Буга, Бух хоёрын тухайд монгол хэлнээ аль аль нь буй, Бугра хэмээх тэмээний хувьд монгол бичгийн буур буюу бугур-ын тэрхүү “буг-” язгуур мөн. Харин тэр Булан гэдэг ганц эвэртийн тухайд Индианагийн их сургуульд Монгол судлалыг үндэслэгч Дэнис Синьор авгай “Булан нь Алтай язгуурын хэлнүүдэд ганц эвэртийг хэлэх уугуул үг байсан бололтой” хэмээн дүгнэсэн нь маш сонирхолтой судалгаа билээ. (Denis Sinor, “Sur les noms altaiques de la licorne”, Wiener Zeitschrift fur die Kunde des Morgenlandes, 61, 1960 )

Муланы нэрийг нэхэн сурвалжилсан түүхэн хэл шинжлэлийн судалгааг үүгээр өндөрлөж, чухам “бух, буга, буур, булан хэмээх ганц эвэрт”-ийн алин болохыг тунгаах зав зайг уншигч танаа өөрт тань үлдээгээд дараагийн бүлэгтээ орсу.

Тав. МУЛАН УЛААНБААТАРТ

Үүнийг бичигчийн хувийн цуглуулга дотор хувьсгалын 25 жилийн ойгоор буюу 1946 онд, Улаанбаатар дахь Хятад ажилчны төв клубээс тавьсан “Хуа Мулан цэрэгт мордсон нь” хэмээх жүжгийн тайлбар брошюр хадгалагдаж буй. Хятад, монгол (монгол бичгээр), орос гурван хэлээр бичсэн уг тайлбарыг харахад дэлхий нийтийн ихэнх үзэгчдийг 1998 онд, Диснэйн хүүхэлдэйн кино гарснаар сая Мулантай танилцсан гэж тооцдог бол Улаанбаатар хотынхон 1946 онд тэр түүхтэй танилцаж байсан аж. Хавтас дээр монгол бичгээр “Монголын хувьсгалын 25 жилийн ой” хэмээн бичсэн боловч орос хэлээр “25 годовщины МНР” гэсэн нь жүжгийг тоглосон оныг тогтооход бага зэрэг бэрхшээл үүсгэж байна. Учир нь Ардын хувьсгалын 25 жилийн ой 1946 онд тохиосон бол МНР буюу БНМАУ-ыг тунхагласан ой нь 1949 оных юм. Ерөнхий найруулагчаар Ван Ши ажилласан хэмээх баримтыг Ван Ши Хятад улстаа 1947 онд буцаад 1949 онд ЗХУ-д элчин сайдаар томилогдсонтой огтлолцуулан бодвоос 1946 он нь зөв хэмээн дүгнэв.

Брошюрын дээр гараар, үзмэн ягаан бэхээр Чойбалсан хэмээн бичсэн нь жүжигт маршалыг урьж, тусгай дугаар явуулсны учир бололтой. Х. Чойбалсан чухам өөрөө үзсэн эсэх тухай мэдээ үгүй. Ямар ч байсан Улсын филармонийн хөгжимчин, тус клубт труба, тромбон тоглодог байсан Д.Нямаа “Найруулагч Ёон Ши маршалтай танил учраас маршал Чойбалсан клубээр ирж жүжиг үздэг байлаа” хэмээн дурсжээ.

Тэртээ 1946 онд анх найруулан тавиад, түүнээс хойших хэдэн жилд тоглосон жүжиг учраас манай урлагийн түүхэнд Муланы тухай бичигдсэн зүйл үгүй боловч хувь хүмүүсийн бага сага дуртгал дурсамж бас үлджээ. Уг жүжгийн хоёр найруулагчийн нэгнийх нь охин, Хятад ажилчны төв клубийн хашаанд төрж өссөн, Монголын радиогийн ахмад сурвалжлагч Н. Сувдаа 2016 оны есдүгээр сарын 4-ний өдөр өгсөн ярилцлагадаа “… ‘Хоа ма лан (эхэд хэрхэн бичсэн хэлбэрээр нь авав. М.С.) цэргийн албанд явсан нь’ гэдэг түүхэн жүжиг тоглодог байсан. Нэгэн эмэгтэй цэргийн алба татагдах үед нь аавынхаа оронд эрэгтэй хүн болоод явж байгаа тухай юм. Сүүлд хятадууд энэ үлгэрээр олон ангит кино хийсэн байна лээ. Шийг Ёо Ли Цай гэдэг клубийн дарга найруулж тавьсан…” хэмээн өгүүлснийг судлаач Г.Оюунчимэг тэмдэглэн үлджээ. Одоо энэхүү жүжгийг тоглосон клубийн үүх түүхийг товч дурдаж, жүжгийг тавихдаа Хятадын түүхэн дэх чухам аль эх сурвалжийг үндэслэсэн болохыг нь хэлэлцээд, найруулагч жүжигчдийнх нь талаар өгүүлсний эцэст брошюр дэх эхийг бүрнээр нь, зүүлт тайлбарын хамт уншигч танаа хүргэе.

Зургаа. ХЯТАДАЖИЛЧНЫ ТӨВ КЛУБ

Ц. Түмэнбаяр, Г. Оюунчимэг нар саяхан “Монголд ажиллаж байсан Хятад ажилчны төв клуб” нэртэй томоохон ном гаргажээ. Уг номд тус клубийн холбогдолтой баримт сэлт, архивын материал, хувь хүмүүсийн дурсамжийг арвин оруулсан байна. Номд бичсэн түүхээс үзвэл XVIII зууны эхээр Хятадын циркийн болон театрын хэрмэл жүжигчид Улиастай, Ховд хот, Богдын хүрээнд дулааны улиралд ирж тоглоод буцдаг байсан нь хожмоо жүжигчдийн хувьд нүүх суухад түвэгтэй байсан учраас суурин театр байгуулсан аж. 1928-1929 онд Монголд ажиллаж байсан ийм Хятад театруудыг бүгдийг хаасан боловч 1930 онд Монгол үйлдвэрчний эвлэлийн хөрөнгөөр “Хятад ажилчны төв клуб”-ийг байгуулжээ. Хятадын ший жүжиг тоглодог гол төв нь анх Хятадын дөрвөн гудамжинд өмнө, хойт (На Яньз, Ший-Яньз) театр гэж байгаад МҮЭ-ийн харьяанд 1930 оны үед ирсний дараа Өргөн чөлөөнд нүүж ирсэн байна. Өргөн чөлөө гэдэг нь Өргөөгийн баруун дамнуурчны гол гудамж буюу одоогийн Гандангийн зүүн хүр доорх Бадма Ёго дацан (хуучин Гэсэр сүм)-ээс Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртэлх замыг хэлнэ.

Ший Яньз 1930 он буюу эхэн үедээ улаан булангийн хэлбэрээр ажиллаж байсан… 1932 оны хавар тэрхүү улаан булангийн барилгыг засварлахгүйгээр ашиглаж үл болно гэсэн инженерийн акт гарсан учраас түр хааж,… Үйлдвэрчний Төв Зөвлөлөөс 9000, Намын Төв хорооноос 5000 төгрөг өгч, 20000 төгрөгийн түр зээлдүүлэн, барилгын иж бүрэн засвар, өргөтгөл хийжээ. Ингээд 1932 оны Октябрийн баяраар анхны киногоо гаргаж клубийнхээ нээлтээ хийсэн бөгөөд үүнээс хойш үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн ажээ. (Ц.Түмэнбаяр, Г.Оюунчимэг, “Монголд ажиллаж байсан Хятад ажилчны төв клуб”, Улаанбаатар номоос)

Ингээд идэвхтэй ажиллаж, Улаанбаатар хот дахь урлаг үзвэрийн нэгэн чухал төв байсаар 1965-1966 онд хоёр улсын хоорондох харилцаа улс төрийн шалтгаанаар хүйтрэхэд хаалгаа барьсан ажээ. Клубт зөвхөн хятад ажилчин, жүжигчид төдийгүй монголчууд мөн хамрагдаж, манай зарим урлагийн мастер тэндээс төрөн гарснаас жишээлэхэд, хөгжмийн зохиолч МУГЗ Б.Түмэнжаргал, МУГЗ Дагважамц, ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Улсын филармонийн хөгжимчин Б.Нямаа, Д.Загнуур, Хандсүрэн нарыг дурдаж болно.

Долоо. УЛААНБААТАРТ ТОГЛОСОН МУЛАН АЛЬ ХУВИЛБАР ВЭ?

Тайлбарын оршил хэсэгт “Сүй Танг улсын үлгэрийн бичгээ сзохиов” хэмээснээс үзэхэд Чү Рэнхугийн эмхэтгэсэн зуун бүлэгт Сүй-Танг улсын дуулал (Сүй танг янеи, 1675 он)-ыг эхээ болгосон аж. Гэвч мөн “Гагцхүү зовуурьтай болох нь манай энд жүжгийн эх бичиг ч үгүй бөгөөд мөнхүү жүжгийг үзээгүйн дээр олж уншсан ч үгүй болой” хэмээн үнэнээ өчсөн байна.

Манай сонины вашингтон дахь тусгай сурвалжалагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цас хайлах-н зурган илэрц

Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН 21-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Халх голын сав газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН 22-НООС 03 ДУГААР САРЫН 26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Энэ сарын 22-нд Алтайн өвөр говиор, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 25-нд зарим газраар хур тунадас орно. Салхи гуравдугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.

Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хэсгээр 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнхжаргал: Яндан, пийшингээ хөөлөөгүйн улмаас угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.

Өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Баянгол дүүрэгт ажиллаж, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Эхлээд дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, холбогдох албаны хүмүүсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын мэдээ, мэдээллийг сонслоо.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг хавар, намрын улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Энэ дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Иргэд маань дулааны улирал эхэлж байна гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй. Яндан, пийшингээ хөөлөөгүйн улмаас угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар хангаж ажиллаарай” хэмээн ярилаа.

Баянгол дүүргийн Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул “Түүхий нүүрстэй холбоотойгоор Шуурхай штабыг байгуулж ажиллаж эхэлсэн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ шуурхай штабын ажлыг хоёр дахин нэмж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мэдээ, мэдээллээ цаг тухай үед нь нийслэлийн шуурхай штабт мэдээлж ажилладаг. Мөн дүүргийн албан хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлд гарч байна” гэлээ.

Дараа нь нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, айл өрхүүдэд пийшин, зуух, яндангаа хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажилласан юм. Энэ үеэр тус хорооны иргэн Х.Сосор “Тавантолгой” ХХК-д дуудлага өгч ханын пийшингээ хөөлүүлж байв. нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал иргэний санал сэтгэгдлийг сонсож, зөв галлагааны зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт боллоо

Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт өнөөдөр боллоо. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 20-нд орон нутгийн цагаар 10 цаг 03 минутад хойд өргөргийн 46,06N, зүүн уртрагийн 94,07E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 5.8-тэй тэнцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30 км зайд боллоо. Энэхүү хөдлөлтийн голомт нь Ховд аймгийн төвөөс 275 км, Мөст сумаас 115 км, Цэцэг сумаас 85 км, Дарви сумаас 100км, Булган сумаас 200км зайд болсон байна.

Одоогийн байдлаар энэ хүчтэй газар хөдлөлтийн давтан хөдлөлт нь магнитуд нь 4.5-тай, 3.6-тай, 4,1-тэй зэрэг нийт 3 удаа болоод байна. Энэхүү хөдлөлт нь баруун бүсэд сүүлийн 30 жилийн хугацаанд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болсноороо онцлог байна. Хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт нь 1988 онд Цамбагарав уулын орчимд магнитуд нь 5,9-тэй газар хөдлөлт болж байсан.

2020 он гарснаас хойш баруун бүс нутагт болж байгаа 7 дахь удаагийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд 2 дугаар сарын 12-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун тийш 31 км-ийн зайд магнитуд 4.8-тай газар хөдлөлтөөс хойш болж байгаа хамгийн хүчтэй газар хөдлөлт нь болоод байна.

Энэ газар хөдлөлт нь Тонхил, Бижийн хагарлын ойролцоо болсон бөгөөд 2020 оны эхний 3 сарын байдлаар нийт 128 газар хөдлөлт бүртгэгдсэн байсан. Энэ бүс нутагт 1988 онд М=5,0-той хүчтэй газар хөдлөлт болж 20км урт хагарал үүссэн байдаг.

Энэхүү газар хөдлөлт нь голомтон дээрээ маш хүчтэй болсон учраас Ховд аймгийн баруун талын бүх сумдууд, аймгийн төвийн оршин суугчид мэдрээд байна. Мөн Говь-Алтай аймгийн төв, бүх сумдууд чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Ховд аймгийн Мөст, Дарви, Булган, Үенч, Алтай, Мөнхайрхан, аймгийн төв Жаргалант сумдын иргэд маш ихээр мэдэрсэн байна. Ховд сум, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн сумын иргэдээс мэдэрсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна.

Мэдэрсэн хүмүүсийн мэдээллээр маш хүчтэй доргилт мэдэрсэн, толгой эргэсэн, дотор муухайрсан, 2 удаагийн чичирхийлэл дараалал орж ирсэн, тавилга эд хогшил хөдөлсөн, дүүжлээстэй зүйлс савалсан, орон дээр хэвтэж байтал хүнгэнэсэн дуу гарсан, машин ирээд мөргөхтэй адил дуу гарсан зэрэг мэдээллийг өгөөд байна.

Эдгээрээс дүгнэж үзэхэд газар хөдлөлтийн голомтод ойрхон сумдад IV-V балл, аймгийн төвд III-IV баллаар тус тус мэдрэгдсэн гэсэн урьдчилсан үнэлгээг гаргаад байна. Цаашид нарийвчилсан Баллын үнэлгээг гаргахаар макро мэдээнүүдийг ард иргэдээс яаралтай авч байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын нислэгийг түр зогсоосон шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгалаа

УОК-ын хуралдаанаар олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгах шийдвэр гаргажээ.

УОК-оос Монгол Улс-БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл түр зогсоосон. Харин өнөөдрийн хуралдаанаарг энэ хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулна

УОК өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

УОК-оос бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоох шийдвэрийг ахин нэг сараар сунгах шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу 2020 оны зургаадугаар сарын 24-нөөс хойш зохион байгуулахаар болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.

Мөн тэрээр “БСШУСЯ-нд харьяалагддаг спорт, соёл урлагийн эхний хагас жилийн бүх арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоосон. Өөрөөр хэлбэл, урлагийн тоглолт, олон улсын болон улсын аврга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоосон.

Зөвхөн олимпод бэлдэх зорилготой улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг Улсын Онцгой Комиссын шийдвэртэйгээр тусгай орчин нөхцөлд явуулна.

Спорт, соёлын арга хэмжээний бусад үйл ажиллагаа болохгүй.

Мөн Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн хурал цуглаан,сургалт семинар зохион байгуулахгүй шинжилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлж ажиллахаар болсон.

Багш нарт БСШУСЯ-наас сургалтын төлөвлөгөө, теле хичээлүүд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааврыг удахгүй хүргэх болно” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа

Image result for Ө.Энхтүвшин

Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоогоод байсан ч үргэлжлүүлэн нэг сараар сунгаж байна.

Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах саналаа ЭМЯ-наас хүргүүлсэн тухай мэдээлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

ӨМӨЗО-ны Монгол Улс дахь бизнес эрхлэгчид УОК-т хандив өргөлөө

ӨМӨЗО-ны Монгол Улс дахь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн “Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо”-ноос Улсын Онцгой комисст 30 сая төгрөг, холбооны гишүүн “ММК” ХХК-иас 20 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай хувцас хэрэглэлийн хандив өргөв.

Тус холбоо нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй Өвөр Монгол бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн байна. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин хандив өргөсөн тус холбоонд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлэн, амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалга

Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ.

Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна.

Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна.

Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя.

Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна.

Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.

Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна.

Нийтээрээ хичээгээрэй!!!

Categories
мэдээ нийгэм

Ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 03 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 03-р сарын 22-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.