Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн ААН-үүдийг 29 сая төгрөгөөр торгожээ

мөнгө-н зурган илэрц

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223, А/333 дугаар захирамжийн дагуу түр зогсоосон газруудад хяналт шалгалт хийж буй.

Энэ хугацаанд зөрчил гаргасан 43 аж ахуйн нэгжид нийт 29 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зургаан газрын тусай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын албанд хүргүүлжээ.

Тодруулбал, НЗД-ын 2020 оны А/223 дугаартай захирамжийн хүрээнд 794 аж ахуйн нэгжийн 945 баарны үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар зогсоосон.

Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлтийг зөрчсөн 11 аж ахуйн нэгж, иргэнд нийт 12.5 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Харин НЗД-ын А/333 захирамжийн дагуу үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогссон худалдаа үйлчилгээний 4,759 газраас 32 зөрчил илэрчээ.

Зөрчил гаргасан 16 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 1,800,000 төгрөг, гурван хуулийн этгээдэд 2,500,000 төгрөг нийт 4.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

АН-ын Үндэсний бодлогын хороо онлайнаар хуралдана

Ардчилсан нам-н зурган илэрц

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр 13.00 цагт онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батална. Шинэ коронавирусийн халдвараас үүдэж Монгол Улсад онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор олон хүн нэг дор цуглуулахгүй байх шийдвэр гарсан учраас ҮБХ-ны хуралдаанаа онлайнаар хийж, мөрийн хөтөлбөрөө батлах юм. Өмнө нь тус нам мөрийн хөтөлбөрт санал авах хуралдаанаа онлайнаар хийж, хуралдаанд ҮБХ-ны 400 гаруй гишүүн оролцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Наранзул: Дэм өгсөн иргэддээ баярлалаа. Та нар ч гэсэн өөрсдийгөө бодож хариуцлагатай байгаарай

Дэлхий нийтээрээ “COVID-19” буюу коронавирусийн халдвартай тэмцэж байна. Энэ цар тахал манай улсыг тойрсонгүй. Анхны тохиолдол илрээд буй. Нөхцөл байдал хүндэрсэн энэ цагт эмнэлэг, цагдаа, онцгой, хилийнхэн гээд бүгд чадах чинээгээрээ боломжоо дайчилан ажиллаж байгаа. Тэгвэл хамгийн онцгой бүс болох вирус судлалын лабораторид өдөр шөнөгүй, зогсолтгүй ажиллаж буй ХӨСҮТ-ийн вируслогич Ц.Наранзултай ажлынх завсраар цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө ард иргэдийнхээ өмнөөс та бүхэндээ “баярлалаа” гэж хэлмээр байна. Цахим орчинд энэ хүнд нөхцөлд хамгийн онцгой бүст нойр хоолгүй ажиллаж буй та бүхнээр бахархсан сэтгэгдэл олон мянгаар хөвөрсөөр байна. Та уншсан биз дээ?

-Баярлалаа. Тийм ээ харсан. Бидэнд их сайхан сэтгэгдэл төрж ажиллах урам зориг өгч байна. Дэм өгсөн иргэддээ баярлалаа. Та нар ч гэсэн өөрсдийгөө бодож хариуцлагатай байгаарай гэж захимаар байна.

-Лабораторид вирус судлаачид ээлжээр ажиллаж байна уу?

-Ээлж байхгүй. Дотоод бололцоогоороо ажиллаж байна.

-Хэдэн вирус судлаач ажиллаж байгаа юм бэ?

-ХӨСҮТ-ийн вирус судлалын шинжилгээний лабораторид гурван вируслогич, дөрвөн лаборант 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна.

-Амрах боломжгүй гэсэн үг үү?

-Яахав өөрсдийн бололцоогоороо нэгийгээ жаахан амраах маягаар л ажиллаж байна даа.

-Лабораторид удаан ажиллах нь хүндрэлтэй юу. Ер нь хүндрэл бэрхшээл юу байна?

-Хүндрэл гээд байх юм юу байхав дээ. Ажлаа л хийж байна.

-Зурагнаас харахад хамгаалалтын хувцас хангалтгүй санагдсан. Хамгаалалтын хувцасны тухайд хэр хүртээмжтэй байна вэ?

-Хомосхон л байна. Яг сайн хангалттай биш. Яахав өөр ажилбар хийгддэг газар ондоо өмсгөлтэй байдаг. Тэгэхээр ажилбар хийгддэг газраасаа хамаараад өмсгөлийн төрөл өөрчлөгдөж байдаг. Үүнд нэг их эмзэглэх юм байхгүй. Аюулгүй ажиллагааны дэглэмийг бүрэн сахиж ажилладаг.

-Шинжилгээний лабораторид ажиллах хамгаалах хэрэгсэл хомс гэлээ. Үнэтэй байдагтай холбоотой юу?

-Үнэтэй байдаг учраас тийм элбэг байдаггүй. Яахав бололцоогоороо хангаж байгаа.

-Өдөрт хичнээн шинжилгээг хийдэг вэ?

-Тэрийг хэлэх боломжгүй. Харилцан адилгүй.

-Вирусийн халдвар тээгч илэрсэнтэй холбоотойгоор шинжилгээний ачаалал ч нэмэгдэж байгаа болов уу?

-Улам л нэмэгдэж, ачаалал ихэсч байна.

-Тоног төхөөрөмж, оношилгооны хувьд бүрэн хангагдсан уу. Монголын вирус судлалын хөгжил дэлхийн стандартад нийцэж чаддаг уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лавлагаат төвүүдэд ашигладагтай л адилхан. Стандарт багаж, тоног төхөөрөмж, стандарт аргачилал ашиглаж ажилладаг. Мөн стандарт урвалч бодис ашиглаж ажилладаг учраас шинжилгээний хариу баталгаатай гардаг.

-Таны вирус судлалын чиглэлээр хэр удаан ажиллаж байна вэ?

-2006 онд одоогийн АШУҮИС-ийг төгссөн. Төгссөн цагаасаа хойш 14 дэх жилдээ вирус судлалын чиглэлээр ажилласан байна.

-Ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Био анагаахын судлаач мэргэжлээр төгссөн.

-Монголд вирус судлалын ангитай сургууль бий юү?

-Байхгүй л дээ. Ер нь яваандаа тусгай ангитай болох байх. Болох ч шаардлагатай байгаа.

-Ер нь манайд вируслогич ховор гэж сонсож байсан…?

-Монголд цөөхөн вируслогич байдаг. Бараг хуруу дарам гэж хэлж болно. Тийм болохоор гадаадад олон тусгай сургалтуудад хамрагддаг.

Д.ДАВААСҮРэН

Categories
мэдээ нийгэм

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Дараагийн чартер нислэгээр хаанаас иргэдээ авчрахыг ЗТХЯ судалж байна

миат-н зурган илэрц

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах ажлыг зохион байгуулж, 983 зорчигч эх орондоо ирж, тусгаарлах байранд байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд ЭСЯ-ндаа хүсэлт гаргасаар байгаа ба Италиас 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт тавьжээ. УОК “Эхний чартер нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын 14 хоног дууссаны дараа дараагийн чартер нислэгийг хийнэ” гэж мэдээлсэн. Дараагийн чартер нислэгээр хаанаас иргэдээ авчрахыг ЗТХЯ судалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ус урсдгаас уул ингэж урсана чинээ санасангүй

– МОНГОЛ ИХ ЭЛСИЙГ МОРИОР ДАВАХ УЧИРТАЙ БАЙЖЭЭ –

Хэсэг нөхдийн хамт хорио цээрийн сиймхийгээр, хөл хөнгөлөх багахан чөлөөгөөр, шинийн 15-наас урьтаж эх нутгийнхаа баруун хязгаар Алтай их уулс, Их Монгол элсийг зориод ирлээ. Аян замын ганзага нийлж, хүссэн зургаа шуурхай боловч ханатлаа аваад бид буцав.

Монгол угсаатны өв соёлын “Эгэл” гэрэл зургийн төслийнхний санаачилгаар нүүдлийн аж байдлыг сурвалжлахаар явсан нь энэ. Монгол нутагт алсарч элэгдэж, хумигдаж цөөрч байгаа малч ахуй, тэмээнд нуруу ачиж хөсөг нүүх нь алсарсаар байгааг сурвалжлах нь бидний гол зорилго. Их говийн элсэн манханг давж өвөлжөөд, хавар цухуймагц тал руугаа буцдаг энэ зураглалыг дуран авайдаа буулгаж, түмэн олондоо харуулахыг хичээв.

Энэ зураглал, энэ аялал, энэ сэдлийг манай Пүрвээгийн Баттулга маань нүднээ үзэгдтэл дүрслэн бичсэн байгаа олж үзээрэй. Бидний очсон эл өдөр Монгол элсний араас дөрөв таван айл зэрэг нүүдэл хийж, Сангийн далайн оролцоо хаваржаанд буухаар эрт хөдөллөө. Нэг гэрийг буулгаж ачаалахад ихээхэн учир жанцантай аж. Хана, унь, дээвэр туургаа маш тэнцүүхэн хувааж, ачлаганы тэмээгээ хомнон, очоод буулгахад амар төвөггүйгээ бодож ачаална. Нэг их сүр дарж, хүн айхаар хогшилгүй ч гэсэн гэрийн дотор, гадна байх зүйлсээ тэмээ бүхэнд тэнцүү ачиж, дөрөв таван тэмээнд хуваана. Эхний тэмээ их гол үүрэг гүйцэтгэж, чиглүүлэх үүрэг хүлээдэг аж. Бусад нь залуу дөнгөж сургаж эдэлгээнд оруулсан тайлган тэмээнүүд байх аж. Энэ нутагт бүх тэмээгээ эдэлгээнд багаас нь сургаж, ачлага уналгандаа дасгадаг сайхан уламжлал хэвээрээ байна лээ шүү. Хавар тал нутаг руу нүүж суурьшсанаас хойш тэмээ мал нь дураараа бэлчиж, намар налайхад эрэлд явж цуглуулдаг гэнэ.

Хавар, зуны зургаан сард дураараа дургисан говийн эзэд, Хүйсийн говьдоо бөөгнөрч тэндээс тэмээчид нь олж, ялгаж, тууж ирнэ гэдэг амаргүй ээ. Тэмээ салхи сөрдөг амьтан болохоор талийж өгнө биз. Хүйсийн, Шаргын говь хүртэл 100-150 км явдаг амьтныг эрэх яаж амар байхав. Тэмээ гэснээс энэ нутгийн говийн хос зогдортууд нь “Төхөм тунгалгийн хүрэн” үүлдрийнх. Ашиг шим нь ноос хийгээд сүү сааль,ихтэйгээс гадна өдөр тутам уналга эдэлгээнд түлхүү хэрэглэдэг нь бусдад дуулгаж, алдаршуулмаар.

Өглөө эртлэн босч гэрээ ачаалж, тэмээн нүүдэл хөдлөхөд дагаад алхаж үзлээ. Урд талын хамар давалгүй хөсгөө гүйцэхээ болив. Яаж ч чадахав дээ. Тэмээ гэдэг урт хөлийн мал. Намайг нэг хоёр алхаж байхад дэнхэн дэнхэн гээд талийж өгнө. Суурийн ахлах Д.Даваасүрэн ах хөтөлж явсан номхон бор морио унуулж би гэдэг хүн Их Монгол элсийг мориор давах боломж бүрдсэн юм.

Миний хувьд бараг агтны нуруунд гаралгүй 20–иод жил болжээ. Баржингийн даваа энэ хавьдаа хамгийн эгц, хамгийн өндөр манхан. Ойролцоогоор далайн түвшнээс дээш 1200 м элсэн манхныг хүн малтайгаа хөвөрсөөр, хөглөрсөөр, нэвсийсээр давна. Хээлтэй бог малд бол хүндээ хүнд. Тамир муутай борлонгууд эцэж сульдаж замд хоцорчих гээд амаргүй. Нүүдлийн хүн тэднийг тэмээ, мориндоо дүүрч уул манхан давуулна.

Энэ аяллаар бид Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан, эдүгээ 103 насыг зооглож буй Шажив гуайтай золгосондоо баяртай байна. Дөрвөн төрийн нүүр үзсэн буурай маань бурхны номтой хүн болой. Алтай нутагтаа хамгийн өндөр настайд орж байгаа гэнэ лээ шүү. Энэ нутгаас алдар цуутай хүмүүс олноор төрөн гарсан. Миний мэдэхийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, улсын заан У.Пүрэв, шинэхэн СГЗ, сэтгүүлч л.Мөнхтөр гээд олны танил хүмүүс бий.

Алдарт их Монгол элс нь Ховдын Дарви сумын зүүн залгаа, Завханы Дөрвөлжингийн урд хярхаг, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга сумдын нутгийн зах хүртэл ойролцоогоор 600 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км нутагт эзлэн орших Монгол орны хамгийн том элсэн тарамцаг юм.

Хөхморьтын нутгаар энэ их элсэн далай хамгийн өргөндөө 60 км, уртаашаа 200 гаруй км үргэлжилнэ.Элсэнд ойролцоо нутагладаг малчид манхан дундаа өвөлжин, урин ирэхээр буцаж хаваржаандаа буун богоо төллүүлдэг ажээ. Биднийг нүүдлийн өв соёлтой танилцуулахад Монгол элсний тусгай хамгаалалтын захиргааны дарга, нутгийн унаган хүү Г.Даржаа ах угтан авч, сайн зохион байгуулж үйлчилсэнд талархалаа энэ дашрамд илэрхийлье.

Бас сонирхуулахад, энэ нутгийн хөрсөнд өнөө алдартаа суль, цулхир ургаж, намартаа сулийн тариалангаа хураах гэж томоохон ажил өрнөдөг гэнэ. Хүүхэд, хөгшидгүй сумаараа шахам түүдэг заншилтай гэнэ. Ган гачигаас үл хамааран Монгол элсэнд ургадаг онцлогтой ургамал бол хар, цагаан суль юм. Сумын хойно бага биш талбайг хашаалж элсний нүүдлээс хамгаалан суль тариалсан байгаа Г.Даржаа дарга замаараа үзүүлж, наймдугаар сард үр боловсрохоор түүдэг гэв.

Өвөг дээдсийнхээ нутгаар аялж, өндөр элсэн манханг мориор давж ирэх учиртай л байжээ. Морьт нэртээ суманд ирсэнд бэлгэшээж, шүтээн уул Морьт хайрхандаа цацлаа өргөж дахин ирэхийн ерөөл талибан буцлаа.

Жич: Энэхүү аяллыг нутгийн зүг жолоо залах саналыг анхлан санаачилсан миний эрхэм шадар туслах дүү, МГЗНХолбооны менежер, Хөхморьт сумын уугуул жигмэдийн Баярмагнайдаа талархлаа мөн илэрхийлье. Манай Магнай менежерийн хүсэл дэлхийд ганцхан байгальтай сумаа сурталчилах, алсдаа нутаг орондоо өөрийн гэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, элсний гэх монгол соёлыг олонд хүргэх зорилгод базагдана. Хүүгийн хүсэл зоригийг нутгийн уул ус, элсэн толгод нь түших болтугай. Итгэл төрж байна аа.

Дараагийн аяллаар би, бид тэмээ хөлөглөж элсэн говийг гатлах ч юм бил үү. Өвөр энгэрийн манхан саях шиг урсаж, ундарч хүлээх ч бил үү. Юутай ч дахин очихын ерөөл оршиг.

Ц.БАТБААТАР

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Одоогийн байдлаар 1963 иргэн ажиглалтад байна

Я.Буянжаргал-н зурган илэрц

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “Одоогийн байдлаар 1963 иргэн ажиглалтад байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнодын боомтуудаар ОХУ, Казахстанаас иргэд орж ирж байгаа. Энэ нь тухайн улс орнуудад оюутнуудын хичээл сургуульд хязгаарлалт хийж, оюутны байрнаас нь чөлөөлсөн үйл ажиллагаатай холбоотой. Иймд бид иргэдээ татах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Орчны, хөрсний бохирдол нэмэгдэх хандлага байгаа энэ үед халдваргүйтгэлийн ажлыг анхаарч хийх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Мягмарсүрэн: Элэгдэлд орсон хөрсийг хучлагатай тариалангийн технологиор сэргээх боломжтой

ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор Я.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрээр эдүгээ газар тариалангийн талбайн 30 хувьд тариалагдаж буй буудайн “Дархан-144” сортын зохиогч юм.


-Ургамал, газар тариалангийн бүхий л технологийг боловсруулж үйлдвэрт нэвтрүүлдэг гол хүрээлэн бол танайх. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай хүрээлэн газар тариалангийн шинэ технологийг боловсруулах, шинэ сорт гаргах, элит үрээр хангах, хөрсний үржил шимийг сайжруулах чиглэлээр судалгаа явуулдаг Монгол орны ганц том хүрээлэн. Хүрээлэн маань байгуулагдсанаас хойш 60 орчим жил болж байна. Өнөөдөр газар тариалан, үр тарианы үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа бүх технологиуд манай хүрээлэн дээр боловсруулагдсан. Жишээ нь, буудай тариалах, уранш бэлдэх арга технологиуд, ямар сэлгээг яаж хэрэглэх технологи, мөн дээр нь усалгаатай тариалан, таримал ургамлыг яаж ургуулж, арчлах вэ, яаж арвин ургац авах гэсэн технологийн судалгаанууд манай дээр хийгдэж үйлдвэрт нэвтэрсэн. Тодруулбал, буудай, арвай, таримал ургамал, хүнсний ногоо, жимс, чимэглэлийн ургамлын Монгол оронд дасан зохицсон ямар сортыг тарьж болох вэ, манайд ямар нь тохиромжтой вэ гэдгийг шалгаруулж үйлдвэрт нэвтрүүлдэг.

Нөгөө гол чиглэл нь бид нар өөрсдөө шинэ сортыг бүтээж үйлдвэрт нэвтрүүлсээр байна. Шинэ сорт бүтээх чиглэлээр ялангуяа үр тариа, буудай дээр маш амжилттай ажиллаж байгаа. Ганд тэсвэртэй Дархан 144, эрт болцтой Дархан 131, 160, мөн дунд болцтой Дархан 34, Дархан 74, арвин гэх мэт шинэ сортуудыг бүтээсэн. Монгол оронд жилд ойролцоогоор 350 орчим мянган га талбайд тариалалт хийж байна. Бидний бүтээсэн энэ сортууд маань өнгөрсөн оны мэдээгээр гэхэд 120 орчим мянган га талбай буюу нийт тариалангийн талбайн 40 орчим хувьд нь тариалагдсан.

Шинэ сортууд хуучин сортуудаас жил бүр дунджаар 2-5 центнер нэмүү ургац өгч байна. Тарих технологи бусад сорттой яг адил. Зардал нь ч тэр. Зөвхөн сортоо солиод тарьснаар жилд дунджаар 15-20 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг тариаланчид хүртэж байгаа. Буудайнаас гадна арвайн сортууд ч бий. Төмсөн дээр ч үр дүнтэй ажиллаж байгаа. Хуучин манайхан нэг хэсэг Хятадаас үйлдвэрийн төмс буюу цардуул үйлдвэрлэхэд зориулсан хүнсний бус төмсийг маш ихээр хэрэглэдэг байсан. Харин “Монгол төмс” нэртэй Швейцарийн төсөлтэй хамтарч ажиллаад маш олон гадаадын сортуудыг судалж үзээд Монголд нутагшуулсан. Манай хүрээлэнгийн шалгаруулсан сортууд маань төмсөн дээр 90 хувьд нь тариалагдаж байгаа.

Түүнээс гадна дараагийн том таримал бол хүнсний ногоо. Нийтдээ 20 орчим төрлийн хүнсний ногооны сортуудыг шалгаруулах, тариалах технологийн судалгаа манай дээр хийгдэж байгаа. Бас шинэ сорт бүтээх, ялангуяа хүлэмжид тариалдаг улаан лоолийн эрлийз үр гаргах чиглэлээр нэлээд үр дүнтэй ажиллаж байна. Сүүлийн үед ард иргэдийн хүнсний ногооны хэрэглээ өөрчлөгдөж эхэлсэн. Хүнсний ногоо гэхээр л байцаа, төмс, лууван, сонгино, сармис гээд дуусчихдаг байсан. Одоо бол хүмүүс навчит ногоог маш их сонирхдог болж. Тиймээс навчит таримлыг хөрсөнд, усанд тариалах гэх мэтээр олон арга технологийг судалж боловсруулж ногоочдод хүргэж байна.

-Шинээр бий болсон, нутагшуулсан сортуудын үрийг үржүүлэх ажил бас их нүсэр гэлцдэг. Энэ тал дээр хүрээлэн яаж ажилладаг юм бол?

-Сайхан нутагшуулсан байлаа ч үр нь байхгүй бол тариаланчид тарьж чадахгүй. Тэгэхээр бид сайн чанарын элит үр гаргахад анхаарал тавьж ажилладаг. Буудай, арвай, овьёосны олон сортуудын элит үрийг үйлдвэрлэж байна. Жилд 300-450 тонн элит үр үйлдвэрлэж Тариалан эрхлэлтийг дэмжих санд өгдөг. Тэндээс тариаланчид маань үрээ шинэчлэх ажил хийдэг юм. Элит үр үйлдвэрлэл бол маш өндөр зардлаар бүтдэг. Хувийн аж ахуйн нэгжүүд элит үр үйлдвэрлэлийг тэр бүр хийгээд байдаггүй. Дэлхийн практиктад ч тийм. Үр сортын хуулинд таван жил тутамд аж ахуйн нэгж үрээ солих ёстой. Нэг үрийг аваад таваас олон жил тарьдаггүй. Хөгшрөхөөрөө чанар нь муудаж, жигд биш болдог.

Үр тарианаас гадна төмсний нутагшуулсан сортуудын үрийг аеропоникийн аргаар үржүүлдэг. Энэ нь төмсний соёоноос эд эсээр нь өсгүүр хийгээд ариутгасан нөхцөлд ургуулаад ямар нэгэн вирус өвчингүй цэвэр үрийн эх материал гаргаж авах замаар үржүүлгийг хийдэг. Төмсний элит үрийн эх материал гэж яриад байгаа бичил булцуу улсын хэрэгцээний одоо үйлдвэрлэж байгаа үрийн 70-80 хувийг манай хүрээлэн үйлдвэрлэж байна.

-Танай хүрээлэнд Монголд тарьж болох таримал ургамлын дээжийн томоохон сан байдаг байх аа?

-Тариалан эрхлэхээс өмнөх үед гадаад дотоодын олон экспедиц явж Монголд тарьж болох таримал ургамлын бүх сортын дээжүүдийг газар бүрээс цуглуулсан генбанк гэж манайд бий. Тэнд 20 орчим мянган дээж хадгалагдаж байдаг. Энэ дээжээс шинэ сорт гаргахдаа ээж, аав болгож ашиглана. Генийн нөөцийг өнөөдөр хэрэглэхийг нь хэрэглэнэ. Ирээдүйд хэрэглэж байх улсын таримал ургамлын өв сан гэдэг утгаараа маш чухал. Түүнээс гадна генийн санг амьдаар нь хадгалах, бусад орноос янз бүрийн сорт солилцож баяжуулах ажил хийгдэж байдаг.

-Хөрсний үржил шимийн асуудал бол манай орны тулгамдсан асуудлын нэг. Одоо нөхцөл байдал ямар байгаа талаар та мэргэжлийн хүний хувьд тодорхой хариулт өгөөч?

-Газар тариалан эрхэлж байгаа 60 гаруй жилийн хугацаанд хоёр удаа Монголын тариаланд ашиглаж байгаа бүх хөрсний шинжилгээг манай хүрээлэн хийсэн. Атрын гуравдугаар аян зарлагдаж тариалан эрхэлж байгаа бүх газруудад хөрсний шинжилгээг яамны санхүүжилтээр хийсэн. Манайх 1.3 сая тариалангийн эдэлбэр газартай байлаа. Одоо бол 800 мянга орчим болж буурсан. Ашиглагдах боломжгүй болсон талбай дээр ч шинжилгээ хийгдсэн. Тэгэхэд манай нийт тариалангийн талбайн 60 гаруй хувь нь элэгдэлд өртсөн байна гэдэг нь тогтоогдсон. Дээрээс нь азот, фосфороор буудай тарих хангалтгүй байна гэж гарсан. Хөрсний доторх азот, фосфор, калийн агуулга буудай хэвийн ургахад шаардлагатай хэмжээ гэж бий. Тэр хэмжээгээр азот, фосфороор хангалтгүй ангилалд орчихсон. Товчхондоо манай хөрс бол маш их элэгдэлд орсон, үржил шимийн хувьд ядуу болоод байгаа юм. Үүн дээр бид хөрсний үржил шүимийг яаж сэргээж, тордох чиглэлээр ялангуа технологийн судалгаанууд нэлээд хийгдэж байна. Элэгдэл, эвдрэл, салхины хийсэлтийг багасгахын тулд эрдэмтдийн боловсруулсан хучлагатай тариалангийн технологи гэж бий. Энэ нь аль болох газар дээрээ буудай хураагаад сүрлээ талбай дээрээ хучлага маягтай болгох технологи. Талбайгаа хашлагатай, мал идүүлэхгүй хамгаалж, хураасан бүх сүрлээ талбай дээрээ цацаж байх нь зүйтэй. Ингэж жил бүр хийгээд байвал ургац нэмэгдэнэ гэсэн технологийн зөвлөмжийг тариаланчдад өгч байна. Дээрээс нь эрдэс бордоо, органик бордоо, янз бүрийн ашигтай микро организмаар бүтээгдэж байгаа бордоог ашиглах нь зүйтэй. Хуучин бол азот 60, фосфор 60, кали 60 гэх мэт нормоор л бордоо гэдэг байсан бол одоо хөрсний үржил шим ядуурсан учраас бордооны тунг нэмэгдүүлж 100, 120 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

-Газар тариалангийн салбарт боловсон хүчин дутагдсаар байгааг салбарынхан хэлдэг. Танай хүрээлэнгийн хувьд дэргэдээ сургуультай гэл үү?

-Манай хүрээлэн 20 орчим мэргэжлээр бакалавр, магистрийн элсэлт авдаг сургуультай. Агрономи, экологи, эдийн засаг, усны инженер, ойн инженер, экологи байгаль хамгаалал, цаг уурын инженер гэх мэт чиглэлүүдээр сургалт явуулдаг. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гэдэг маш тулгамдсан асуудал боловч хөдөө аж ахуй бодитой, үр дүнтэй юм байна гэсэн хандлага хуучнаа бодвол бага ч гэсэн сэргэж байна. Ялангуяа газар тариалан, фермерийн аж ахуй хөгжөөд ирэхээр эзэд, агрономиуд удам дамжсан тариаланч бий болгох чиглэл жаахан өргөжиж байгаа хандлага харагдах болсон. Манай сургуулийн давуу тал бол хүрээлэндээ газар тариалангийн салбарын тэргүүлэх эрдэмтэд нь байна. Туршлага судалгаа хийх бааз суурь нь байна. Жилдээ бид 70-80 туршлага судалгаанд явдаг. Тэр туршлага судалгаа бүрт оюутнууд очиж ажиллах, багшийнхаа заавраар дипломын ажил бичих, нэг чиглэлээр мэргэших боломж өргөн байдаг. Өөрөөр хэлбэл, хүрээлэнтэйгээ хамт, толгойлох эрдэмтдээс номын дуу сонсож байгаа, талбай дээр нь очиж үзээд гардаад хийдэг онцлогтой. Харин сүүлийн хоёр гурван жилд орон нутгийн сургуулийн элсэлт нэлээд буурах хандлагатай байгаа.

-Тун удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Энэ жилийн тариалалт, ургацын хувьд ямар өнгөтэй байх бол?

-Хавар тариалалт эхлэхээр улс, аймаг, сумдын зөвлөгөөн хийхэд манай хүрээлэн агротехнологийн зөвлөмжүүдийг боловсруулж тариаланчдад хүргүүлдэг. Одоогоор цаг уурын прогноз гараагүй байгаа учраас зөвлөхөд эрт байна. Гэхдээ хэн уранш, талбайгаа сайн бэлдэж чадна тэд ямар ч жил тогтвортой ургац авдаг. Өнгөрсөн жил тариаланчид талбайгаа харьцангуй сайн бэлдсэн. Талбайгаа сайн бэлдэж талбайдаа зохицсон сайн үрийн сортоор тариалалт хийж арчилгаагаа сайн хийхэд хангалттай сайхан ургац авна. Тариаг эхлээд тархиндаа ургуулаад дараа нь газарт ургуулна гэж ярьдаг. Тариаланчид маань шинжлэх ухаанчаар энэ ажилдаа хандаад явахад ямар ч жил алзахгүй.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс​ коронавирусийн нийт ​10 батлагдсан тохиолдолтой боллоо

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү-н зурган илэрц

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. III сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийснээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрч, Монгол Улс коронавирусийн нийт 10 батлагдсан тохиолдолтой боллоо” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи худалдаалахыг завдсан гурван газрыг илрүүлэв

Хар тамхи-н зурган илэрц

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн сард зохион байгуулсан тусгай ажиллагааны үеэр иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэсэн мөрийтэй тоглоомын газар, зочид буудал, орон байр зэрэг гурван газрыг илрүүлсэн байна. Ийм төрлийн гэмт хэргийн зөрчилд Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван жил хүртэл хугацаагаар, харин энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу хариуцлага тооцох юм. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өөрийн эзэмшлийн болон түрээсийн байр, байгууламжид явагдаж буй үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих хяналтаа сайжруулж, хууль, тогтоомжоор хориглосон үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.