Categories
мэдээ улс-төр

Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ, Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдыг авчрах асуудал дээр Эрүүл мэндийн яам эсрэг байр суурь байгааг бид өчигдөр мэдээлсэн.

Дарханы замын төсөлд ажиллах компаниудыг Азийн Хөгжлийн Банк шалгаруулсан бөгөөд асуудлыг хэрхэн шийдэхээ өнөөдөр ярилцах юм байна. Хятадаас ирэх ажилчдын хувьд монголчуудын төдийлөн хийж чаддаггүй гүүр барих зэрэг ажлуудад оролцохоор ирэх инженер, техникийн мэргэжлийн хүмүүс байх ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Пүрэв: Ээждээ захиа бичих гэж суутал сэтгэл гэгэлзээд “Намрын өнгө орлоо ээжээ” шүлгээ бичсэн дээ

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч Намбарын Пүрэвтэй ярилцлаа. Тэрээр саяхан “Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуй минь…” хэмээх шинэхэн цомгоо гаргаад буй юм.


-Та саяхан “Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуй минь…” хэмээх шинэ цомгоо гаргажээ. Энэ цомгоо аав ээж хоёртоо зориулсан гэж сонссон. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголчууд тоог ихэд бэлгэшээдэг ард түмэн. Энэ жил тэгш тоотой 2020 он гарч, би энэ онд 50 нас хүрлээ. Гэгээн тэмүүлэлтэй явдаг уран бүтээлч хүнийхээ хувьд, өөрийн гэсэн ул мөрийг үлдээе гээд энэхүү цомгоо гаргасан. “Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуй минь…” бол миний дөрөв дэх цомог. Үүнээс өмнө 2005 онд “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, 2008 онд “Намбарын Пүрэвийн намуухан уянга”, 2013 онд ”Дэндүү буянтай буурлууд-Даанчиг хайртай аав ээж хоёр минь” хэмээх цомгуудыг гаргаж байсан. Миний аав жолооч, харин ээж маань тогооч хүн. Аав ээж хоёр маань есөн хүүхэд төрүүлсэн. Би тав дахь буюу “одонгийн хүү” нь болж хорвоод мэндэлсэн. Аав ээж хоёрын маань 80 насны ой энэ жил тохиож байгаа. Мөн би яруу найрагт зүрх сэтгэлээ зориулаад 30 жил болж байна.Тэгэхээр цомгоо аав ээждээ зориулснаас гадна 50 насныхаа ойд зориулан өөрөө өөртөө барьж байгаа бэлэг юм даа.

-Шинэ цомогт тань ямар дуунууд багтсан бэ?

-Шинэ цомогтоо МУГЖ С.Ганзоригийн дуулснаар “Гуулингийн тал”, МУСТА Б.Болдбаатарын дуулснаар “Нутгаа санаад уярдаг сэтгэл”, Хурд хамтлагийн дуулснаар “Тоотой санагдах юм”, МУГЖ Х.Болормаагийн дуулснаар “Намрын өнгө орлоо ээжээ” зэрэг зөвхөн нутаг, аав, ээжийн сэдэвтэй дуунуудыг багтаасан. Энэ цомог бол миний 30 жил огшиж, омогшиж, тэмүүлж амьдарсны минь шагнал юм даа.

-Шинэ цомгийг тань сонссон хүмүүс эхнээсээ сэтгэгдлээ ирүүлж байгаа байх. Тэд танд ямар сэтгэгдлүүдийг ирүүлж байгаа вэ?

-Шинэ цомгийг маань авсан хүмүүс “одоо хайрын дууны цомгоо гаргаач” гэсэн хүсэлтийг ирүүлж байгаа. Уг нь цомог гаргавал олон хайрын дуунууд надад бий.

-Таныг удахгүй шинэ номоо өлгийдөн авах гэж байгаа гэж сонссон?

-Өөрийн дөрөв дэх яруу найргийн ном болох “Сэтгэлээс шивэрсэн онгодын бороо” номоо гаргах гээд хэвлэлтэд өгчихсөн байгаа. Одоо номоо хүлээгээд л догдолж байна даа.

-Шинэ номонд тань ямар шүлгүүд багтсан бэ?

-Би ойр ойрхон ном гаргаад байдаггүй. Урьд өмнө нь бичсэн шилмэл шүлгүүд дээрээ шинэ шүлгүүдээ нэмээд уг номоо гаргах гэж байгаа. Би яруу найргийг сэтгэл хэмээх тэнгэрээс шивэрдэг онгодын бороо гэж боддог. Тиймээс шинэ номоо “Сэтгэлээс шивэрсэн онгодын бороо” хэмээн нэрлэсэн.Яруу найраг бол сэтгэл зүрхний илэрхийлэл. Хүн гэгээн тунгалаг байвал яруу найргийг хэзээ ч бичиж болно. Миний хувьд,нас ахих тусам сэтгэл тунгалагшиж бодол ариусаад амьдралын сайн сайхныг илүү ихээр олж хардаг. Одоо хавар цаг ирж байна. Яруу найрагчийн сэтгэлийг доглуулж, гэгэлзүүлж, эгшиглүүлдэг улирал. Хавар болон намрын улирал яруу найрагчийг хамгийн аз жаргалтай болгодог улирал даа.

-Дуу болсон анхны шүлэг тань ямар шүлэг байдаг вэ?

-Дуу болсон хамгийн анхны шүлэг минь “Намрын өнгө орлоо ээжээ” юм. Энэ дууныхаа үгийг би 1987 оны намар 17 настайдаа бичсэн. Тэр үед намрын ажилд очоод байж байтал гурав хоног бороо орсон юм. Бороотой үед ургац хураалтын ажил зогсчихдог. Би тэмдэглэлийн дэвтрээ дэлгээд ээждээ захиа бичих санаатай суутал гадаа бороо ороод л, хажууд охидууд дуулаад л байсан. Тэгээд сэтгэл гэгэлзээд захиа бичих гэж байснаа болиод гэнэт шүлэг бичсэн юм.

…Намрын өнгө орлоо ээжээ

Насыг тань нэмээд одлоо

Нуурын зэгс шаргалтлаа, ээжээ

Нулимсаа даалгүй бөхөлзлөө…

“Намрын өнгө орлоо ээжээ” шүлгийг сайн ажвал, борооны хэмнэлээр бичигдсэн байдаг. Тухайн үед ааваас маань “Ээж нь жаахан өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ миний хүү санаа зоволтгүй, ээж нь удахгүй эмнэлгээс гарна байх” гэсэн захиа ирсэн байсан тул ээжийгээ маш их саначихсан байсан. МҮОНРТ-ийн студид миний “Дэлхий дүүрэн хайр” номны тасарчихсан дөрөв тавхан хуудас хэвтэж байхад нь Х.Болормаа нэвтрүүлэгт орох гэж яваад тэр номыг авсан байдаг. Түүнээс хойш дуу болгох санаатай Х.Болормаа цүнхэндээ хоёр гурван жил авч явсан гэдэг. Энэ шүлэг бичигдсэнээсээ хойш арван жилийн дараа дуу болсон. “Намрын өнгө орлоо ээжээ” дууны клипэн дээр миний нэрийг С.Пүрэв гэж бичсэн байдаг юм. Яагаад гэхээр, тэр үед хүмүүс намайг таньдаггүй байсан л даа. Тэр үед Санжийн Пүрэв, Жамбын Пүрэв гэж хоёр зохиолч байлаа шүү дээ. Тэгээд л Санжийн Пүрэв энэ шүлгийг бичсэн юм байна гэж бодсон юм билээ.

-Та “Намрын өнгө орлоо ээжээ” дуугаа анх хэрхэн сонсож байв?

-Нэлээн шамаргатай, хүйтэндүү намрын өдөр микронд суугаад явж байтал, нэг л танил дуу сонсогддог байгаа. Би өөрийнхөө шүлгийг сайн тогтоодог л доо. Тэгээд нэг л дотно шүлэг санагдаад эргэлзэж байтал, микроны жолооч дахиад тэр дууг тавьдаг юм. Дахиж сонссоныхоо дараа өөрийнхөө шүлгийг таниад гайхсан. Тэр үед маш гоё дуу болчихсон мэт л сэтгэгдэл төрсөн. Тэгээд өөрийнхөө дууг сонсох гээд буух ёстой буудлаа өнгөрөөд явж байлаа шүү дээ. Хүн өөрийн уран бүтээлээ анх сонсоод их л догдолж, баярладаг юм билээ.

-Таны шүлгүүдээс хамгийн сонирхолтой түүхтэй дуу болсон шүлэг нь аль вэ?

-Намайг хамгийн ихээр олонд таниулсан дуу бол МУСТА Б.Болдбаатарын дуулсан “Нутгаа санаад уярдаг сэтгэл” юм. Би энэ дууныхаа шүлгийг Солонгост сурч байхдаа бичсэн. Тэр үед одоонийх шиг харилцаа холбоо сайн хөгжөөгүй байсан л даа. Гэрээ санахаараа сард нэг юм уу хоёр удаа Монгол руу ярьдаг байлаа. Нэг удаа эхнэртэйгээ ярьтал өөдөөс “Нэг хөгжмийн зохиолч чамайг асуугаад байсан, нутгийн тухай шүлэг байвал өг гэсэн” гэдэг байгаа. Тэр үед би нутгаа саначихсан байсан л даа. Тэгээд энэ шүлгээ бичээд эхнэр лүүгээ и-мэйлээр явуулсан. Эхнэр маань миний шүлгийг Т.Найданжав ахад өгсөн байсан. Шүлгээ явуулснаасаа хойш гурван сарын дараа Монголд ирсэн. Онгоцны буудал дээр буутал, тэнд миний дуу эгшиглэж байсан.

-Та аав, ээждээ зориулж цомог гаргаснаар хоёр буурайгаа их том баярлуулсан байх аа. Үүнээс өмнө хамгийн томоор хэзээ, ямар зүйл дээр тэднийгээ хамгийн ихээр баярлуулж байв?

-Би хэсэг хугацаанд эхнэртэйгээ хамт Солонгост ажиллаж, амьдарсан. Тэнд ажилласан цалин болох нэг өрөө байрны мөнгийг, захиа бичиж хавсаргаад ээж, аав руугаа явуулж байсан. Надад ээж, аав хоёрыгаа баярлуулж байсан том жижиг олон л тохиолдол бий. Гэхдээ энэ бол хамгийн том сэтгэлийн өргөл юм.

-Та түрүүн есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү нь гэсэн. Танай ах дүү нар дунд зохиол бичдэг хүн бий юү?

-Манай ах дүү нараас зохиолчийн замналаар явж байгаа хүн байхгүй. Намайг уран зохиолд дуртай болгосон хүн нь манай аав. Манай аав хэдийгээр жолооч хүн байсан хэдий ч маш их уншдаг, оюунлаг хүн. Тэр үеийн бүх л сонингуудыг уншдаг байсан.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлэлд “Нийт 3,115 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар 1,951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж байна.

Мөн бид тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна.

Хилийн боомтуудтай аймгууд болох Өмнөговь, Дорнод зэрэг аймагт анхаарал тавьж ажиллаж байгаа.

Өнөөдөр Засгийн газар хуралдаж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж өдөр бүр өөрчлөгдөж байна. Олон хүнийг цуглуулсан хурлыг цахимаар хийхийг зөвлөж буй. Байнгын хурал хийдэг байгууллагуудад эдгээр зөвлөмжийг өгч байгаа.

ЭМ-ийн салбар цаашид авах арга хэмжээний бэлтгэлээ базаасаар байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ковид-19 халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас бараад байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ДЭМБ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээллээ.

Тэрбээр “ДЭМБ-ийн сүүлийн мэдээгээр шинээр долоон нутаг дэвсгэрт Ковид-19 бүртгэгдлээ. Ковид-19 халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас бараад байна.

Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч эрчимтэй нэмэгдэж байна.

ДЭМБ-аас Ковид-19 халдварын тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн. Тохиолдлын болон голомтын судалгаа хийх аргачлалыг шинээр гаргасан байна.

Дэгдэлтийн судалгаанд их хэмжээний материалыг богино хугацаанд боловсруулсан. Уг удирдамжид тохиолдлын болон голомтлон халдварласан дохио гарсан үед нэн тэргүүнд авах арга хэмжээ дэгдэлтийн судалгаа хийхэд авах аргуудыг тодорхойлсон.

ДЭМБ-ийн бүсүүдийн элчин сайдууд болон яамд, дипломат албад цахим хурал хийсэн. Ингэхдээ Ковид-19 халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг онцолсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НЭМГ-аас мэдэгдэл гаргажээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргажээ.

Коронавируст COVID-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос нийт 185 орныг хамраад байна.

COVID-19 цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ.

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна.

Эдгээр резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) -Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна.

Мөн өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон байгаа.

Гэвч “АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна” гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх Даваа гарагаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

Categories
мэдээ цаг-үе

Ж.Одгарьд: Монголд байгаа хутагт, хувилгаад нэгдэж Балдан лхам сахиусын “Мам туган” номыг хурлаа

Өнгөрсөн ням гаригт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Монголын хутагт, хувилгаад нэгдэж цар тахлыг буцаадаг Балдан Лхам сахиусын “Мам Туган” хурлаа. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд ламаас тодрууллаа.


-“Мам туган” гэж ямар учиртай ном бэ. Учрыг нь тайлбарлаж өгнө үү?

-Монголчууд эрт дээр үеэс халдварт хижиг өвчний үед Балдан Лхам сахиусны үүднээс “Мам туган номын тааллыг хангах” гэсэн ийм нэртэй номыг хурсаар ирсэн. Энэ номыг халдварт өвчин, нийтийг хамарсан тахал тэргүүтний үед хурж байжээ. Түүхэнд хэд хэдэн удаа олон хүн цугласан газар оронд халуун, хүйтэн буюу улаан, хар ханиад гарахад лам хуваргууд нийлж, Богд болоод бусад дээдсийн зарлигаар хурдаг байсан. Үүнийг энэ удаад Хамба ламын зарлигаар Гандантэгчэнлин хийдийн Богд ламын Лавранаас санаачлаад хурлаа. Монголд байгаа хутагт хувилгаад оролцлоо. Нийт олон шавь нарынхаа төлөө, даян дэлхий амар амгалан байх, халдварт хижиг даруй арилж, дэлхий ертөнцөд дахин нэг хүн ч энэ өвчинг тусахгүй байх болтугай гэж ерөөл залбирал тавилаа. Энэ хурлыг телевизээр шууд дамжуулж нийтэд хүргэсэн нь бүх нийтийн буян хураахын үүднээс бүх нийтийн залбирал үйлдэх зорилготойгоор хурсан. Хурах үед төрийн холбогдох байгууллагуудтай ойлголцож, бүх нийтээрээ сайн буян хураая гээд бүх хүнийг гэртээ амарч байхад буюу амралтын өдөр балин тахилаа бэлдээд буян хураах ийм боломжийг олгосон. Тэргүүн их хамба, Гандантэгчэнлин хийдийн салбар 10 сүм, дуган, дацан сургуулиудын удирдлагууд, Ямандаг бурхан болоод Балдан лхам сахиусны бясалгал бүтээлийг хоцроолгүй гүйцэтгэсэн ийм лам хуваргууд энэ номыг хурсан. Хуралд маш ховор нандин эд зүйлс, машид дэлгэрэнгүй тахил тэргүүнтэн ордог. Тэр бүгдийг Гандантэгчэнлин хийдээс гаргаж, өтгөс лам хуваргууд дэмжиж оролцсон юм.

-Энэ номыг тэр бүр уншаад байдаггүй. Маш ховор уншдаг ном. Өмнө нь САРС-ын үеэр хурж байсан гэж дууллаа. Арваад жилийн өмнө гэсэн үг л дээ?

-Тэгсэн. Балдан Лхам сахиусны хурлыг хурахад хураангуй, дунд, их дэлгэрэнгүй гэж бий. Энэ халдварт өвчин гарснаас хойш манай хийд Балдан Лхам сахиусны хурлыг хураангуй, дунд хэлбэрээр нь манай дацан, сургуулиудад хурж байгаа. Бадам Ёго дацан, Гунгаачойлин дацан тэргүүнтэнд үүрэг өгөөд хурсан. Харин энэ удаад бүгд цуглаад балин, тахил хэрэглэл бүгдийг машид дэлгэрэнгүй бэлдээд хувилгаад, хутагтуудыг суулгаад хурсан даа. Нийтийн буяныг хураах зорилгоор энэ хурлыг хурлаа.

-Хутагт, хувилгаад нэгдээд ийм том хурал хурна гэдгийг сүсэгтнүүд сонсоод ихэд бэлгэшээж, зурагтаар, онлайнаар даган баясацгаасан шүү?

-ТВ5 телевиз хурлыг орон даяар шууд дамжуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж хамтарч ажиллалаа. Гандантэгчэнлин хийдийн цахим хуудас, ТV5 Mongolia цахим хуудсаар онлайнаар цацагдсан. Хурлын өдөр зурагтын хандалт маш өндөр байсан гэдгийг ТВ5 телевизийн программын албанаас мэдэгдсэн.

Манай хийдийн цахим хуудсаар тухайн өдөр 377 мянган хүн үзсэн. Энэ тоо нэмэгдэж байгаа байх. 5000 гаруй хүн талархсан сэтгэлээ илэрхийлсэн. 4000 гаруй хүн бусдадаа хуваалцаж, түгээсэн байна билээ. Ингээд ямар ч байсан Улаанбаатар хот маань сая хүнтэй гэж үзвэл шууд дамжуулалтын үеэр 300 гаруй мянган хүн ямар нэгэн байдлаар хурлыг үзжээ. Орон даяараа энэ хурлыг үзэж, бүх нийтээрээ буян хураахад оролцлоо.


-Хуралд сүсэгтнүүдийн төлөөлөл оролцсон уу?

-Гандантэгчэнлин хийдэд хөл хорио тогтоосон байсан учраас энгийн сүсэгтнүүдийг оруулаагүй. Сүсэгтний төлөөлөл болгож гуравхан хүнийг оруулсан. Монголын нийт ард түмний сайн сайхан, эрүүл энх, амар амгалангийн төлөө тэмцэж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл, сүсэгтнийг төлөөлж нэг хүн оролцож нийт сүсэгтнүүд, гурван сая гаруй иргэнээ төлөөлж сууцгаасан. Ингээд хурал номын ажил сайхан болж, сүсэгтэн олон машид сэтгэл өндөр байна. Ирж яваа цаг, урин дулаан цаг айсуй учраас халдварт өвчин зовлонгүй амар тайван байх байх. Ялангуяа дэлхий нийтэд энэ цар тахал цаашид тархахгүй байх. Ингэж сүсэгтнүүдийн сэтгэлийг зассан үйл явдал боллоо гэж үзэж байна.

Гандантэгчэнлин хийдийн лам хуваргуудаас үүрэгт ажилтай хүмүүс нь ирж оролцсон. Үүрэгт ажилтай 200 гаруй лам манай хийдэд бий. Аж ахуй, сүм дуган, сургалт гээд бүгд хариуцсан хариуцсан ажилтай. Тэдгээр улсууд ирж хурсан. Ийм л хурал номын үйл ажиллагаа болсон доо.

-Хүмүүс цахимаар засал номоо хэр хийлгэж байна?

-Хүмүүс идэвхтэй оролцож байна. Гандантэгчэнлин хийдэд хандаад онлайнаар хурал номоо айлтгуулж, буян хурааж байна. Цагаан сарын өмнөхөн Их хамба хэвлэлийн хурал хийхдээ хөл хорионы дараа Гандантэгчэнлин хийд 15 хоногийн турш тусгай зохион байгуулалтаар иргэдийн засал номыг хийж өгнө гэсэн. Тэр үед хүмүүс биечлэн ирж хандах байх. Хилийн чанадад байгаа монголчууд харин онлайнаар ном айтглуулах нь их байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд зөвлөлдлөө

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2020.03.22/ 08:00-09:00 цагийн хооронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уулзаж, зөвлөлдлөө.

Хуралдаанаар, коронавирусний Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв.

Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10:00 цагаас эхлэн Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Дорнодын иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Халдварт-н зурган илэрц

Дорнод-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобусанд энэ сарын 19-нд 37.3 хэмийн халуунтай иргэн явсан тул холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, хамт явсан 19 зорчигчийг ажиглах байранд оруулж, хяналтад аваад байсан. Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг болох нь баталгаажжээ. Иймээс нийт 20 иргэнийг Дорнод аймаг руу буцаахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Жак Ма азийн зарим орнуудад амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийг хандивлана

Жак Ма-н зурган илэрц

Хятадын онлайн худалдааны магнат Жак Ма Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мальдив, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка зэрэг орнуудад шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэхэд нь тусалж амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийг хандивлана хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Нийт 1,8 сая амны хаалт, 210 мянган оношлуур, 36 мянган хамгаалалтын хувцас, агааржуулагч, халуун шалгах багаж хандивлах аж.

Categories
мэдээ нийгэм

2,2 сая эх мал төллөөд байна

Мал төллөлт-н зурган илэрц

III сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 7,4% буюу 2,2 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2,3% нь бод, 97,3% нь бог малын хээлтэгч байна. Улсын хэмжээнд өнөөдрийн /2020.03.20/ байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98,4%-тай байна. Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0,5% нь зүй бусаар хорогдсон байна. Нийт малын 0,5% хорогдсон нь хэвийн хорогдолд тооцогдож байна.