Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

125 мм-ийн хүчирхэг их буутай Т-72 танк

Монголын армийн хүчирхэг танкуудын нэг нь Т-72 юм. Одоогоор дэлхийн 40 орчим улс, тэр дунд ОХУ-ын хуурай замын хүчинд идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй Т-72 танкийг 1971 оноос үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. Уг танкийг өмнөх үеийн танкнаас илүү хүчирхэг 125 мм-ийн их буу, илүү сайн хөдөлгүүртэй хийгдсэн аж. Т-72 танкийг хэд хэдэн дайн тулаанд ашиглаж байснаас 1982 оны Ливаны иргэний дайны үеэр гарсан Сири-Израилийн зэвсэгт мөргөлөөнд хамгийн бага хохирол амсаж, Израилийн М-60 танкийн эсрэг амжилттай тулалдсан гавьяа нь илүүтэй дуурсагддаг. ЗХУ-д үйлдвэрлэсэн өмнөх үеийн Т-72 танкны нэг дутагдал нь РПГ болон бусад төрлийн танк эсэргүүцэгч жижиг пуужинд эмзэг байв. Энэ нь танкны сум, галт хэрэгсэл нь тусгаарласан тасалгаанд бус, харин цамхагт багийн хүмүүстэй нэг дор байх тул сум буюу пуужин онож, хуягийг нэвтлэх үед галт хэрэгсэл тэсэрч, багийнхан нь амь үрэгдэх магадлал ихтэй байжээ. Харин дараагийн үеийн танкуудад энэ алдааг зохих хэмжээнд засч залруулсан байдаг аж.


МОНГОЛЫН ТЭНГЭРТ САХИЛГА БАТ САХИУЛАХ МИГ-29 СӨНӨӨГЧ

Монгол Улсын нисэх хүчин МиГ-29 загварын хоёр ширхэг сөнөөгч онгоцоор бүл нэмсэн билээ. Уг сөнөөгч нэг удаагийн нислэгээр 2400 км/цаг хурдтайгаар 1430 зайг туулах чадвартай. Зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх чадалтай юм. Энхийн цагт уг онгоцоор агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай тохиолдолд устгах, албадан буулт хийлгэхэд ашиглах боломжтой. Олон төрлийн зориулалттай дөрөв дэх үеийн тийрэлтэт сөнөөгч онгоцыг 1970 онд зохион бүтээж, 1983 оноос нисэх хүчинд ашиглаж эхэлжээ. Бат бөх явах эд анги, өндөр зэвсэглэл бүхий МиГ-29 сөнөөгч нь хүчирхэг гүрнүүдийн зэвсэгт хүчнийх нь бахархал болсон F-15 ба F-16 сөнөөгчийг сөрөн зогсох чадвартай юм.

Зэвсэглэл

1 x 30 мм ГШ-30-1 их буу, 150 ш сумтай

4хКАБ-500 Онилгоотой агаарын бөмбөг:

4хХ-31 (Хөлөг онгоц, радиолокатор устгах пуужин)

8хР-73 (Ойрын зайн пуужин)

4хХ-35 (Хөлөг онгоц устгах пуужин)

4хХ-29т (Агаар-газар ангилалын өндөр цэцтэй пуужин)

6хРВВ-АЕ (Дунд зайн пуужин)


ДЭЛХИЙД ХАМГИЙН ИХ ТАРХСАН МИ-24 БАЙЛДААНЫ НИСДЭГ ТЭРЭГ

Манай улсын агаарын хүчинд хамгийн үнэнч зүтгэж байгаа байлдааны нисдэг тэрэг бол Миль Ми-24 юм. 1972 оноос хойш дэлхийн 30 гаруй улсад ашиглагдаж байна. Манай улсын хувьд анх 1984 оны ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 24 ширхэгийг хүлээн авахаар тохиролцсоноос талыг нь авч одоо хүртэл ашигласаар байгаа юм. Ми-24 нь Америкийн “АН-64 APACHE”-ын дараах дэлхийд хамгийн өргөн тархсан цохилтын вертолёт юм. Афганистаны дайны жилүүд, Чеченьд цэргийн ажиллагаа явуулж байх үед, мөн бүс нутгийн олон мөргөлдөөнд идэвхтэй ашиглагдаж байсан хал үзсэн байлдааны нисдэг тэрэг билээ.

Зэвсэглэл

Ажиглалтын онилгооны “Радуга-Ш” систем

Дулааны хараатай онилгооны Зарево дэд систем

ЯкБ-12.7 пулемёт. Сумны нөөц 1470 ширхэг.

ГШ-30К их буу. Сумны нөөц 250 ширхэг.

УБ-32А-24 блок дэх удирдлагагүй пуужин. Тусгал 2000 метр.

Б-8820А блок дэх удирдлагагүй пуужин. Тусгал 400-4500 метр.

Б-13Л1 блок дэх удирдлагагүй пуужин. Тусгал 1100-4000 метр.

Танк эсэргүүцэгч пуужингийн 9М120 Атака-В цогцолбор. Тусгал 400-6000 метр.

Танк эсэргүүцэгч пуужингийн 9М114К Штурм-8 цогцолбор. Тусгал 5000 метр.

ОДАБ-500, ОДАБ-250, РБК-500 гэсэн гурван төрлийн агаарын бөмбөгтэй.


ДЭЛХИЙН ХАМГИЙН НАЙДВАРТАЙ АВТОМАТ АКМ

Калашниковын бүтээл АКМ бууг мэдэхгүй хүн байхгүй. Цэргийн албанд явсан хүн бүр барьж үзэж, буудаж байсан. Дэлхийд хамгийн их тархсан зэвсэг гэдгээр Гиннесийн номонд орсон АКМ хамгийн найдвартай автомат юм. Өнөөдөр дэлхий даяар 100 сая орчим АКМ буу хэрэглэгдэж байгаа нь манай гаригийн насанд хүрсэн 60 хүн тутамд нэг АКМ байна гэсэн үг.Калашниковын автоматыг өнөөдөр дэлхийн 106 орны зэвсэгт хүчин, тусгай салаа хэрэглэж байна. Мэдээж Оросын зэвсэгт хүчин энэ бууг 60 жил тасралтгүй ашиглаж байгаа юм.Калашниковын автомат бууг хэд хэдэн улс орон өөрийнхөө сүлдэнд залсан байдаг.Намаг шаварт олон хоног хэвтсэн АКМ бууг шууд авч гал нээх боломжтой байдаг.

Г.БАТ

Т-72А ТАНКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Хэмжээ

9.35м х 3.59м х 2.23м (урт, өргөн, өндөр)

Жин

41.5 тонн

Баг

4 хүн (командлагч, жолооч, их бууч, цэнэглэгч)

Хөдөлгүүр

В-12, 582 киловатт

Дээд хурд

42 км/ц

Туулах зай

490-700 км

Зэвсэглэл

125 мм-ийн 2А46М загварын их буу 1 ш

12.7 мм-ийн НСВТ АА пулмёт 1 ш

7.62 мм-ийн ПКТ хос пулмёт

Хуяг

Хуяг нэвтлэгч пуужин, сумнаас хамгаалсан композит хуягтай

Categories
мэдээ нийгэм

Тувад суралцдаг 53 оюутныг авчирч, тусгаарлажээ

Увс-Миний Нутаг Увс-Миний Нутаг-н зураг.

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.03.21 / ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг Монголын 53 оюутныг татан авах ажиллагааг Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа. Тэдгээр оюутнууд Кызыл хотноо эмчийн хяналтанд байсан бөгөөд Улаангомд ирэхэд нь тусгаарлах байранд шилжүүлээд байна. Оюутнуудыг 14 хоногийн хугацаанд тусгаарлан УОК, ЭМЯ-наас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу хяналтад байлгах юм.

Мөн энэ сарын 19, 20-нд Кызыл хотоос улсын хилээр нэвтэрсэн дөрвөн иргэнийг тусгаарлах байранд ажиглалтад авчээ. Тэд Ирланд-Москва чиглэлийн онгоцоор Москвад бууж Боршоогийн хилээр нэвтрэн орж ирсэн тул Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-ийн вирус судлалын төв лабораторид илгээгээд байна. Өчигдрийн байдлаар Улаангомд Монгол улсын 58 иргэн тусгаарлалтанд байгаа юм. Дээрх иргэдийн биеийн байдал хэвийн байгаа талаар Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганцэцэг: Мэдээллээр дамжуулан сэтгэл санаагаа хямраах нь сэтгэл зүйн болон биеийн дархлааг дарангуйлдаг

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Нийтийг хамарсан хөл хорионы үед хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Эргэн тойронд болж буй үйл явдал бидний сэтгэл зүй, зан байдал, хандлагад нөлөөлдөг. Тиймээс нийтийг хамарсан хөл хорионы үеэр ихэвчлэн сөрөг сэтгэл зүйн хариу үйлчлэлүүд гарч болно. Энэ нь хэвийн бөгөөд сэтгэлийн хөдөлгөөний энэ сөрөг байдлаа хэрхэн илэрхийлж байгаагаас хамааран хугацааны хувьд хувь хүн бүрийн хувьд өөр өөр байх боломжтой. Эдгээр сэтгэл зүйн өөрчлөлтийг дурдвал сэтгэл санаа хямрах, түгших, айх, уур бухимдалтай болох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрнэ. Үүнийгээ хэт барилгүйгээр сэтгэл зүйн байдлаа тогтвортойгоор илэрхийлэх нь чухал. Ялангуяа нас ахимаг хүмүүс, жирэмсэн хүн, өсвөр насныхан илүү түгших байдал гарч байгаа учир энэ насныханд гэр бүлийн хүмүүс нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн сөрөг мэдээллийг хязгаарлах нь зүйтэй.

-Нэгдүгээр хавьтагч болж тусгаарлагдаж байгаа хүмүүс сэтгэл зүйн хувьд илүү цочролд ордог гэжээ. Тэр хүмүүс сэтгэл зүйгээ хэрхэн удирдах ёстой вэ?

-Аливаа асуудалд тархи хоёр янзаар хариу үйлдэл үзүүлдэг. Тухайн асуудалтайгаа нүүр тулж бодит байдлыг илүү эрүүл нүдээр хардаг бол хоёр дахь нь зугтах юм. Нэгэнт бий болсон байгаа нөхцөлийг зөв үнэлэн өөрийн сэтгэл зүйгээ удирдах нь чухал бөгөөд үүнд сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах арга тусладаг. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахын тулд өөрийн байгаа нөхцөл байдлыг хэт хийсвэрлэхгүй байх шаардлагатай. Энэ хийсвэрлэл нь биднийг зөв шийдвэр гаргахад саад болдог.

-Францын иргэнээс коронавирус илэрлээ гэх мэдээг дуулаад нийгэм тэр чигээрээ цочролд орлоо. Сэтгэл зүй нь тогтворгүй болсноор ходоод өвдөх, хоол шингэхгүй байх, цусны даралт ихсэх, нойргүйдэх, хууч өвчин сэдрэх зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч байгаа гэж дууллаа?

-Бид өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой зүйлд мэдрэмтгий байдаг. Энэ нь сэтгэл зүйн сонгодог онолуудад тусгалаа олсон байдаг. Болж буй үйл явдалд бид сэтгэл зүйн болон биеийн хариу үйлчлэл үзүүлдэг бөгөөд таны асуусанчлан биеийн хувьд дээрхийн адил ходоод өвдөх, хоол шингэхгүй байх, даралт ихсэн зүрх дэлсэх зэрэг хариу үйлчлэл үзүүлдэг бол сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, түгших, эмээх, айх, санаа зовох, шийдвэр гаргахад бэрхшээлтэй болох зэрэг байдлыг үзүүлдэг. Бид дангаараа ийм байдлыг мэдрээгүй. Дэлхий нийтээрээ сэтгэл зүйн тогтвортой байдлыг чухалчилж байна. Иймээс аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авч яаран дүгнэлт хийж бусдад дамжуулах, өөрийн сэтгэл санааг мэдээллээр дамжуулан хямраах нь сэтгэл зүйн болон биеийн дархлааг дарангуйлах эрсдэлтэй.

-Коронавирус илэрсэн Францын иргэний хувьд сэтгэл зүй нь хүнд, маш их гэмшиж байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа. Хэдийгээр тэр хүнээс вирус илэрсэн ч бидэнтэй л адилхан хүн. Тиймээс тэр хүнийг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгаж, дархлааг нь дэмжихийн тулд монголчууд сошиалд ямар хандлагатай байвал зүйтэй вэ?

-Хөл хорионы үед бид онлайн орчинд ихэнх цагаа өнгөрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн байдлаа онлайн орчинд идэвхтэй илэрхийлэх, бусадтай саналаа солилцох, сэтгэгдэл бичих зэрэг өөрийгөө илэрхийлэх байдал илүү байгааг анзаарч байна. Монгол хүн бусдын зүгээс аливаа өвчин зовлонг мэдэрч түүний сэтгэлийг ойлгож өрөвч сэтгэлээр ханддаг онцлогтой. Тиймдээ ч Франц иргэний тухайд түүнд иргэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн онлайн зурагт хуудас гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүртэл захидал бичсэн байна. Өвчтэй байгаа хүнийг бусдын зүгээс сэтгэл санаагаар дэмжсэн үйлдэл нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлөх нь тодорхой.

-Хөл хорионы үеэр ихэнх албан байгууллага, компанийн ажилтнууд гэрээсээ ажиллаж байна. Гэрээсээ ажил хийж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бидний хувьд нэлээд шинэлэг, магадгүй турших гээд хэрэгжүүлж чадахгүй байсан зүйлээ турших нэг боломж гэж харж байна. Гэрээсээ ажиллах, хуралдах, саналаа солилцох, бүтээлчээр ажлаа харах, өөр орчноос ажлаа хийх, утсан харилцаагаа илүү идэвхтэй байх, гэрийн нөхцөлөө ажлын орчин болгож өөрчлөх нэг боломж байна. Тиймээс гэрээсээ ажиллахдаа аль болох нэг тогтмол цагт ажлаа эхлүүлэх, дуусгах, ажиллах өөрийн орчноо бэлтгэх, хооллох болон зураг үзэх зэргийг ажилтайгаа зэрэгцүүлэхгүй байх, тогтмол цагт нойрсох зэргийг чухалчлах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй бол ажлын бүтээмж буурах, гэр бүлийн бусад гишүүдэд саадтай байх талтай.

-Байнгын хөдөлгөөнтэй, олон хүнтэй харилцдаг байсан ажлаа гэрээсээ цахимаар гүйцэтгээд ирэхээр өөрийгөө нийгмээс тусгаарлагдсан, шоовдорлогдсон мэтээр ойлгож хүндээр тусгаж авч байгаа тохиолдол байна?

-Ийм байдал үүсэх нь бий. Бид бусадтай харилцаж байж л өөрийгөө хүн гэдгээ илүү мэдэрдэг. Магадгүй тодорхой хугацаагаар харилцааны идэвхгүй байдлыг мэдрэхээр нийгмээс тусгаарлагдсан мэдрэмжийг хамгийн түрүүнд мэдэрнэ. Тиймээс гэр бүлийнхэн болон ойр дотныхонтойгоо утсаар ярих, гэр бүлийн бусад гишүүдэд чанартай цаг гаргах, хамт тоглох, ярилцах, сонсох зэрэг аргуудыг хэрэглэхийг санал болгож байна.

-Хүүхдүүд гэртээ суухаар гарч орох гээд, гарч тоглох гээд зүтгээд байна гэж эцэг эхчүүд ярьж байна. Энэ үед хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ?

-Бага насны хүүхдүүдийн хувьд үндсэн үйл ажиллагаа нь тоглоом тоглох байдаг. Тиймээс биеэрээ идэвхтэй хөдлөх, үсрэх харайх, гүйх нь чухал. Хэт хашигдсан мэдрэмж нь гарах хүслийг улам нэмдэг. Тиймээс ялангуяа сургуулийн өмнөх насныхан болон бага ангийн сурагчдыг гэртээ өдрийн тодорхой цагт чөлөөтэй байх боломжийг олгох хэрэгтэй. Гадаа гарах нь тийм нь таатай биш, тодорхой хугацааны дараа гарч тоглох боломжтойг аав, ээж асран хамгаалалагч хэлж ойлгуулах нь зүйтэй.

-Нэгэнт цочролд орчихсон бол түүнээс яаж гарах вэ. Хэрвээ цочрол үргэлжилбэл сэтгэцэд нөлөөлнө гэх юм. Хөл хорио цаашид хэдий хугацаанд үргэлжлэх эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Тиймээс та монголчуудад хандаж нийтэд нь ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эрүүл байхад бусад нь аяндаа болно оо гэдэг үгийг ахмад настнууд хэлдэг. Тиймээс өөрийн эрүүл мэнд дархлаагаа сайтар дэмжээсэй гэж хүсч байна. Дархлаа нь зөвхөн биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй. Нэг эх сурвалжаас мэдээлэл авч хэт бухимдаж стресстэлгүй энэ үеийг өөртөө болон гэр бүлдээ гаргаж буй чанартай цаг гэж хүлээж аваасай. Хийж хэрэгжүүлж эхлүүлж чадаагүй байсан зүйлээ илүү нарийн төлөвлөж гэртээ хийх гээд хийж чаддаггүй байсан зүйлээ эмхлэх, цэгцлэх, цэвэрлэх зэрэг ажлыг хийж өөртөө дадал болгох үйлдлүүдээ дадуулах чухал цаг мөч гэж хүлээн аваасай гэж хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас уриалж байна

эмя-н зурган илэрц

Коронавируст халдвар буюу COVID-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид COVID-19-ийн тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг сануулсаар буй.

ДЭМБ-аас гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна хоорондоо 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой хэмээн зөвлөж байна. Иймд ЭМЯ-наас дараах уриалгыг гаргажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АМНАТ-аас шууд хамааралтай алтны хууль бус наймаачдад хилийн хориг л саад боллоо

-АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ, ХАРИН ТУШААЛТ НЬ ЭРС НЭМЭГДЭВ-

Энэ жилийн хувьд алтны нийлүүлэлт улам багасна гэж тооцоолж байсан эдийн засагчдын таамаглал эсрэгээр хэрэгжиж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн алтны АМНАТ-ийг 2.5-аас таван хувь болгосонтой холбогдуулан жилийн турш нийт алт тушаалт 15.2 тонн байв. Харин түүний өмнөх жиш буюу 2018 онд төв банкинд алт тушаасан нийт хэмжээ 21.9 тонн байсан юм. Алтны АМНАТ нэмэгдсэнээр алтны нийлүүлэлт ирэх жилүүдэд ч энэ маягаар буурна гэсэн прогноз өнгөрсөн оны эдийн засгийн таагүй мэдээ байлаа. Харин 2020 он гарснаар алтны нийлүүлэлт огцом өссөн сайн мэдээг дуулгаж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар төв банк 3558 кг алт худалдан авчээ. Уг нь 2019 оны нэгдүгээр сард АМНАТ 2.5 хувь байхад дөнгөж 597 кг алт худалдан авч байв. Хоёрдугаар сард адилхан өссөн үзүүлэлттэй байна. Нийт 952 кг алтыг иргэд аж ахуйн нэгжүүд төв банкинд тушаасан бол өнгөрсөн оны мөн үед үүнээс бүр 10 дахин бага буюу 96 кг алт тушааж байв. Өнгөрсөн оны хоёрдугаар сард АМНАТ 2.5 хувь байсныг дахин сануулах ёстой. Харин одоо бол АМНАТ таван хувь болсон цаг үе.

Алтны нийлүүлэлт АМНАТ-тай шууд холбоотой байдаг. Монголбанкнаас гаргасан тоон мэдээллийг харахад алт нийлүүлэлтийн салбарын хамгийн уналттай үеийг 2006 он гэж үзэж болохоор байгаа юм. Энэ онд АМНАТ-ийг УИХ-аас 68 хувь болгож баталсан “түүхт” жил юм. Өмнөх 2005 онд алтны нийлүүлэлт 15 тонн болж өсчихөөд байсан жил. Гэвч хууль батлагдсан жилээс эхлэн Төв банкинд тушаах алтны нийлүүлэлт огцом буурсан байдаг аж. Хууль хэрэгжиж байсан 2010 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Монголбанк жилд 2.1-хэн тонн алт худалдан автлаа нийлүүлэлт буурчээ. Өөрөөр хэлбэл, 2005 оны нийлүүлэлттэй харьцуулахад 7.5 дахин буурсан байдаг. Ингээд АМНАТ 68 хувийг өөрчилж, 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс тав дээр нэмэх нь үнийн өсөлтийн 0-5 хүртэлх хувь гэж тооцож эхэлсэн юм. Хэдийгээр алтны татварыг бууруулсан ч 2005 оны нийлүүлэлттэй хүрч чадаагүй. 2013 онд гэхэд зургаан тонн алт улсын санд тушаагддаг болжээ. Гэхдээ энэ дүн бол 2010 оны бууралттай харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт.

Тав дээр нэмэх нь үнийн өсөлтийн тав хүртэлх хувь гэдэг алтны төлбөрт төр засгаас дахин өөрчлөлт оруулсан нь 2014 он. Алтыг улсынхаа эрдэнэсийн санд төвлөрүүлэх, хууль бус наймааг цэгцлэх гол арга нь АМНАТ хэмээн тухайн үеийн хууль санаачлагчид үзэж байв. Энэ үүднээс алтны АМНАТ 2.5 хувь болон буурсан юм. Хууль шинэчлэгдсэн, АМНАТ буурсан 2014 онд Төв банк 12.7 тонн алт худалдан авч, дараа жил нь ч энэ тоо өсч 15.1 тонн болжээ. Тушаалт жил бүр өссөөр 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.9 тонн байсныг сануулъя. Өнгөрсөн онд дээр хэлснээр 15.2 тонн алтыг төв банк худалдан авсан юм. Тэгвэл энэ он гарсаар эхний хоёр сарын байдлаар алт тушаалт 4.5 тоннд хүрээд байна. Өнгөрсөн бүтэн жилийн алтны нийлүүлэлтийн гуравны нэгийг хоёрхон сарын дотор бүрдүүлээд байгаа хэрэг. Мэдээж сайн мэдээ.

АМНАТ-аас шууд хамааралтай алтны нийлүүлэлт ийнхүү өссөөр байгаа нь ямар учиртай вэ.

Монголбанкны зүгээс үүнийг “дэлхийн зах зээл дээр алтны үнэ өссөн. Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэгдэж батлагдах хугацаанд АМНАТ 10 хувиар суутган авч байсан. Он гарсаар төв банк дотоодын аж ахуйн нэгжээс 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлж байна” гэж тайлбарлалаа. Зарим эдийн засагч ч дэлхийд алтны үнийн өсөлттэй холбон тайлбарласаар байна.

АМНАТ-ийн өөрчлөлт бол манай дотоодын алт олборлогч, нийлүүлэгчдийн хувьд дэлхийн алтны үнийн өсөлтөөс ч илүү хамаатай зүйл. АМНАТ 2.5 хувиас таван хувь болоход нийлүүлэлт шууд буурсан үзүүлэлтийг өнгөрсөн онд төв банкнаасаа эхлээд эдийн засагчид гэх хүмүүс бүгд л ам уралдан ярьж байсан нь саяхан. Тиймээс нийлүүлэлтийн энэ өсөлт олон улс дээрх алтны үнийн өсөлт гэхээс илүү өөр бодит шалтгаан байгааг учир мэдэх хүмүүс хэлэх боллоо. Тэр бол далд эдийн засаг буюу алтны хууль бус наймаа юм.

Үүнийг батлах цөөн хэдэн тоо хэлье. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр бол алт хилээр гаргах зөрчил өмнөх жилүүдээс нэмэгдээд зогсохгүй хэмжээний хувьд огцом өссөнийг онцолсоор байгаа юм. Алтны АМНАТ 2.5 хувь байсан 2016 оны хэмжээнд 323 гр алт хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид илрүүлэн зогсоосон байдаг. Тэгвэл 2017 онд энэ тоо багахан нэмэгдэж 360 гр алтыг хилээр нэвтрүүлэхийг завдах үед илрүүлжээ. 2018 онд 2.1 кг алтыг хил дээрээс гаалийнхан саатуулсан тоон мэдээлэл байна.

Харин 2019 он гарсаар алтны АМНАТ таван хувь болж нэмэгдсэнээс хойш аравдугаар сар хүртэл нийт 9.7 кг алт хил дээрээс хураагдаад байна. Ганц хоёр удаагийн тохиолдол хэдий ч алтны хэмжээ огцом нэмэгдэж байгааг гаалийн байгууллагынхан онцолж буй юм. “Ер нь алтыг өмнөд хөрш руу гаргах сонирхол ченжүүдэд байдаг. Монголбанк нэг гр алтыг 128 мянгаар авч байхад урд 131 мянгаар авч байх жишээтэй. Нэг гр дээр 3000 төгрөгийн зөрүү гэдэг кг-аар тооцохоор хэдэн төгрөгийн ашиг унах билээ. Хятад талаас алт импортолж оруулахад ямар ч татвар авдаггүй. Урд хөршид бол хууль бус алтны эргэлтээр бохир мөнгө угаах магадлалтай гэж таамагладаг. АМНАТ нэмэгдсэнээр хууль бусаар хил давуулах байдал нэмэгдэнэ” хэмээн Монголбанкны хариуцлагатай албан тушаалтан онцолж байсан удаатай.

Харин энэ он гарсаар хилээр хууль бус эд зүйлс давуулах зөрчил дуулдсангүй. Тэр дундаа алтны тухай бүр ч мэдээлэл алга. Олон улсын хэмжээнд корона вирусийн халдвар дэгдэж, Монгол Улс хамгийн түрүүнд БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж, экспортыг түр хязгаарласан цаг үетэй энэ байдал давхцаж байна. Өөрөөр хэлбэл, урд хөрш руу хууль бусаар эд зүйлс, алт давуулах боломж хаагдсанаар төв банкин дахь алтны тушаалт нэмэгдэж байна гэж хардах нөхцөл нэгэнт бий болжээ. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өсөхөд Монголд нийлүүлэлт өсөх битгий хэл буурдаг. Нөгөө л алтны хууль бус наймаа цэцэглэх үндэс гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ.

Тиймээс хил хориотой байгаа энэ цаг үе бол алтны эдийн засгийг илчилж байгааг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Алт бол Монгол Улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлдэг гол үнэт металл. Бүтэн жилийн хугацаанд худалдаж авдаг алтыг хоёрхон сарын дотор бүрдүүлж байна гэдэг энэ салбарт ямар их далд эдийн засаг байгааг харуулж байгаа хэрэг. Одоо бол ийм далд эдийн засгийг яаж цэгцлэх тухай л бодох ёстой биз ээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкчуудын манайд өгч байгаа 41тэрбум төгрөг Засгийн газраар дамжихгүй шууд ЖДҮ-д очино

Гуравдугаар сарын 5-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески нар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2024 он хүртэл хэрэгжих “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” БЭСТ хөтөлбөрийг албан ёсоор нээж, хонх цохив. Уг хөтөлбөр нь хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээ”-ний хүрээнд Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, ил тод сайн засаглалыг бий болгох замаар эдийн засгийг солонгоруулах зорилготой юм. Төсөл Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон зэрэг нэр бүхий 12 аймагт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын ард түмнээс өгч буй хөрөнгө оруулалтыг манай улстөрчид дахиад өөрийн компаниуддаа хуваарилаад шамшигдуулчих вий, зарцуулалтыг сайн хянаж ажиллах ёстой гэсэн агуулга бүхий мессэжүүдийг иргэд хэлэх болсон. Тэгвэл санаа зовох шаардлагагүй. Уг төсөл, санхүүжилтийн 41 тэрбум гаруй төгрөг Засгийн газар, Сангийн яамтай ямар ч хамааралгүй юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай гэрээ байгуулж, хонх цохисон нь ёс төдий бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллаж байгааг мэдэгдэж, бизнес эрхлэгчдийг уг төсөлд хамруулж чадавхжуулахад хамтарч ажиллахыг хүссэн төдий. Нэг үгээр хэлбэл, төслийн санхүүжилт, зарцуулалтад Сангийн яам, Монголын төрийн байгууллага огт оролцохгүй гэсэн үг. Зөвхөн бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой. Иймээс 41 тэрбум гаруй төгрөг жижиг, дунд үйлдвэрлэгчид биш улстөрчдийн халаасанд орох нь ээ хэмээн санаа зовох шаардлагагүй.

Төслийг “Хөгжлийн шийдэл” ТББ хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар төсөлтэй холбогдуулж албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүйг албаны хүмүүс тайлбарласан. Төслийн эхний санхүүжилт удахгүй орж ирнэ.

Уг хөрөнгө оруулалт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шууд зориулагдахгүй. Харин тэднийг чадавхижуулахад зарцуулагдах юм. Харин 2021 оноос зарим шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгох аж. Америкийн тал санхүүжилтийн зарцуулалт, үр дүнг хянах журамтай. Үүний дагуу тайлан тооцоо, хяналт шалгалт явагдах тул ЖДҮХС-гийн мөнгө хэдэн эрх мэдэлтний халаас руу ороод замхардаг шиг зүйл давтагдах ямар ч боломжгүйг эх сурвалж хэлсэн.

Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. АНУ-аас уг төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь нийтлэлийн эхэнд дурдсан тоо баримтад суурилсан байдаг. Тодруулбал, манай бизнес эрхлэгчид зээл авахдаа үйл ажиллагааны зардлын 4.4 хувьтай тэнцэх хөрөнгийг албан бус зардал болгож гаргаж байгаа нь авлига, хүнд суртал их болохыг харуулна. Энэ нь хоёр нөхцөл байдлыг илтгэж буй аж. Нэгдүгээрт зээл, санхүүжилт өгч байгаа байгууллагууд өөрсдөө ил тод байдлыг хангаж, үнэлгээний хороондоо ТББ, бизнесийн төлөөллүүдийг оруулж, шударга ажиллаж байна уу гэх асуудал юм. Нээлттэй, ил тод бус, хяналт султай байдлыг далимдуулж эрх мэдэлтнүүд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлдаг, хууль бус үйлдлүүд гаарах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Хоёрдугаарт, бизнес эрхлэгч зээлээ бүтээхийн тулд яагаад заавал лобби хийх гээд байна гэвэл мэдлэг мэдээлэл муутай, урт хугацаанд бизнесээ төлөвлөж хөгжүүлж чадахгүй байх, компанийн засаглал муу зэрэгтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, бизнесээ удирдан авч явах чадавх сул байдал нь эргээд бусдын өгөөш болж, эргээд ажлаа бүтээхийн тулд хэн хэнийг лоббидох, авлига өгөх зэргээр буруу гарц хайхаас өөр аргагүй байдалд хүргэж буй. Иймээс дээрх төслийн гол зорилго нь бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулж, чадавхжуулан, жижиг, дунд үйлдвэрлэлийнх нь өсөн дэвжих үйл явцад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх явдал аж. Бизнес эрхлэгч мэдээллээр хангагдаж, мэдлэг чадвар нь дахиад ирвэл ном журмынх нь дагуу явах зүйл дээр авлига өгөх шаардлагагүй, мөн заавал төрийн элдэв сан гэхгүйгээр санхүүжилтийн бусад эх үүсвэрүүдийг олох боломж ч бүрдэх гэнэ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй BEST төсөл таван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэг буюу зээлийн үйлчилгээ юм. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнесийг засаглалын хувьд сайжруулна. Гуравдугаарт, санхүүжилтийн орчинг сайжруулах чиглэлээр ажиллана.

Эцэст нь аливаа төсөл хөтөлбөрийг төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь төрд найдаж мөнгө өгснөөс илүү найдвартай аж. Ингэхдээ бизнес эрхлэгчдэд шууд санхүүжилт олгохоос илүү мэдлэг, мэдээлэл түгээх нь хамгийн чухал юм байна.

Бизнесээ төлөвлөж, удирдан чиглүүлэх бүрэн дадал, мэдлэгтэй болж, мэргэжлийн багаар ар талаа хамгаалуулсан бизнес эрхлэгч санхүүжилт олохын тулд элдэв сангуудад авлига өгөх бус ном журмынх нь дагуу явахыг шаардах болно. Бүр болохгүй бол зөвхөн Монгол гэлтгүй олон улсын зах зээл дээрээс төсөл бичиж санхүүжилт олох олон мянган гарц байгаа юм. Энэ хандлага л бизнесийн орчинг цэвэршүүлнэ. Түүнээс биш төрд мөнгө өгөөд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлээрэй гэх нь чононд хонь хадгалуулсантай ижил болоод байна.

Г.БАТ

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Өнөөдөр монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр

монгол хүн сансарт ниссэн-н зурган илэрц

Өнөөдөр монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар 1981 оны III сарын 22-ны өдөр 14.58 цагт Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт дэлхийг 124 удаа тойрч, III сарын 30-нд амжилттай газардсан юм. Монгол Улс өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдэн үлджээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэсувд: Зөв хооллохын тулд цусны бүлэгтээ тохируулан хэрэглэх нь хамгийн чухал

Коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар их эмч Д.Эрдэнэсувдтай ярилцсанаа хүргэе.


-Монгол Улсад коронавирусийн шинэ халдвар анх удаа бүртгэгдэх үед та бид хоёр ярилцсан. Харин түүнээс хойш хэд хоногийн хугацаа өнгөрлөө. Монгол хүнээс одоогоор халдвар илрээгүй байна. Гэхдээ бид санаа амарч болохгүй. Улам хариуцлагатай байх нь мэдээжийн хэрэг?

-Тийм ээ, коронавирусийн шинэ халдвар бүртгэгдэн бүх хүмүүс айж сандарсан байдалтай байх үед ярилцаж байсан. Ихэнх дэлгүүрт хүнс авч нөөцлөх гэсэн хүмүүсийн хөдөлгөөн их байсан. Манайхан аливаа юманд хурдан санаа амардаг. Хэдхэн хоногийн өмнө айж сандарцгааж байсан бол вирус илэрсэн францтай ойр байсан хүмүүсийн хариу сөрөг гараад, үндсэн халдвар аваагүй нь тогтоогдоод ирэхээр санаа амарч тайвширч байж магад. Тэгвэл тайвширч, назгайрч огтоос болохгүй. Хаврын сар гараад удаагүй байна. Хүний бие организм сульдаж дархлаа сулардаг цаг. Дээрээс нь энэ хавар сар олон жилийн дунджаас дулаан байна гэсэн. Тэгэхээр энэ вирусийн халдвар тархах эрсдэлтэй үе гэсэн үг. Иймээс бид халдвараас сэргийлэх, дархлаагаа дэмжих зайлшгүй шаардлага байна. Дэлгүүр болоод олон нийтийн газраар явахгүй байх өнөө зарчмаа ягштал баримтлах хэрэгтэй.

-Халдвараас сэргийлэхийн тулд иргэн хүн хамгийн түрүүнд яах ёстой гэдгийг эмч хүний хувьд энгийнээр тодорхой хэлж өгөхгүй юү?

-Энэ вирусийн халдварын үед урьдчилан сэргийлэх таван зүйлийг зөвлөе. Нэгдүгээрт, сармис хэрэглэх. Халдвар гарсан орнуудын эрдэмтэд сармисыг хэрэглэхийг зөвлөж байна. Сармисыг хүнсэнд хэрэглэхэд цусыг шингэлэн эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Тиймээс түүхийгээр сармисыг хоолтойгоо идвэл сайн. Мөн бага насны болон ахмад настай хүний хүзүүнд зүүж өгч болно. Ингэснээр сармисны үнэр амьсгалын замд вирус бактери үржихийг сааруулдаг. Хоёрдугаарт, халуун хоол, жимсний шүүс уух хэрэгтэй. Учир нь энэ вирус 45 градуст тэсвэртэй гэж үзэж байна. Тайландын эмч 15 минут тутам ус уухыг зөвлөсөн. Амьсгалын замын вирусийг ходоод руу оруулдаг гэж үзэж байгаа ч шингэн сайн ууснаар эргэлдэх цусны хэмжээ ихсэн дархлааг дэмжинэ. Гуравдугаарт, мөнгөжүүлсэн болон зэсжүүлсэн ус уух. Бид эртнээс мөнгөн, зэсэн аягыг өдөр тутам хэрэглэснээр гэдэсний эрдсийн тэнцвэрийг хангахаас гадна бактери ялангуяа хеликобактерийг устган өвчлөл бага байсан. Иймээс бид мөнгөн аягаар гангарах бус өдөр тутам хэрэглэх хэрэгтэй байна. Үүний тулд зэс, мөнгөн аягандаа ус хийж хонуулан хэрэглэвэл бүүр сайн. Дөрөвдүгээрт, энэ халдвар агаар дуслын замаар халдварлаж байгаа тул аргал, хомоолыг уугуулан агаарыг ариутгах боломжтой. Учир нь Японы эрдэмтэд хөх хомоол нь 300 гаруй бактери вирус устгадаг талаар судалсан байна. Тавдугаарт, дархлаа сайтай байхын тулд зөв хооллож зөв амрах. Ялангуяа цусны бүлэгтээ тохируулан хооллох нь дархлааг дэмжихэд ихээхэн нөлөөлнө.

-Биеийн дархлаа сайн бол мэдээж өвчлөхгүй байх боломжтой. Дархлаагаа сайжруулах алхмуудыг хэлж өгөөч. Цусны бүлэгтээ тохируулж хооллох ёстой гэж хэлээд байгаа. Тэр талаар…?

-Уг нь дархлаагаа сайжруулах маш энгийн. Зөв цагт унтах, зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх нь чухал. Гэхдээ зөв хооллохын тулд цусны бүлэгтээ тохируулан хэрэглэх нь хамгийн чухал. Яагаад гэвэл хүний цусны бүлэг хоол боловсруулах зам, дархлааны урвал, биеийн галбиртайгаа уялдаатай байдаг талаар олон эрдэмтэд судалчихсан. Доктор Питер Д.Адамо, Б.Болдсайхан нарын судалснаар (О)I бүлгийн цустай хүмүүс мах хамгийн тохиромжтой бөгөөд хүчтэй дархлааны систем, тогтвортой хоол боловсруулах үйл ажиллагаатай аж. Ийм хүмүүс үхэр, хонь, тахиа шувуу болон загасны махыг түлхүү хэрэглэвэл дархлаа нь сайжирна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн тэдэнд төдийлөн тохирохгүй. Мөн “глютен” агуулсан хоол хүнс (буудай болон буудай орсон бүтээгдэхүүн) нь “инсулины бодис”-ын солилцоог багасгаж, ашигтай калорийн хэрэглээг хязгаарладаг. Монгол хүмүүсийн 39,43 хувь нь I бүлгийн цустай байдаг. (A)II бүлгийн цустай хүмүүс маш эмзэг, мэдрэмтгий хоол боловруулах системтэй тул ногоо, ургамал буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүн зохимжтой. Хүнд хоол хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах ёстой бөгөөд эдгээр нь бодисын солилцоог удаашруулж, зүрхний үйл ажиллагааг доголдуулснаар дархлааг сулруулна. Гэхдээ мах огт идэж болохгүй гэсэн үг биш, махнаасаа илүү ногоо ид гэсэн үг шүү. Ургамлын тос, шар буурцаг, хүнсний ногоо, хан боргоцой, хулууны үр, наранцэцгийн үр, бүйлс, самар, далайн хүнс, йоджуулсан давс, брокли, бууцай, элэг зэргийг түлхүү хэрэглэвэл зохимжтой.

(B)III бүлгийн цустай хүмүүс боловсруулах систем нь тогтвортой, дархлааны систем нь хүчтэй бөгөөд ямар ч төрлийн хоолыг сонгон идэх боломжтой. Гэхдээ тэдний голчилж идэх хоол хүнс нь сүү болон сүүн бүтээгдэхүүн байвал зохимжтой юм. Эдгээр нь тэдний жингээ барих гол аргуудын нэг бөгөөд аажмаар турааж, дотроос нь эрүүлжүүлдэг байна. Монгол хүмүүсийн 31,5 хувь нь III бүлгийн цустай байдаг. (АВ)IV бүлгийн цустай хүмүүст далайн хүнс, ногоо буюу бусад хүнсний ногоонууд, цагаан идээ, хан боргоцой, чидуны тос, улаанбуудай далайн гаралтай бүтээгдэхүүн хамгийн зохимжтой. Гэхдээ мах болон ногоог хольж, хэрэглэж болно. Хоол боловсруулах систем нь хэврэг, дархлаа нь хүчтэй бөгөөд эдгээрийг тэнцвэржүүлэхийн тулд биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зөв тохируулах хэрэгтэй.

-Цусны бүлэгт тохирох хоол хүнсээс гадна үл тохирох хүнс гэж байх нь мэдээж. Үүнийг хүн бүхэн сонирхож байгаа?

-Хүн өөрт зохимжгүй хүнсийг хэрэглэхээр тухайн хүнсний найрлагын эсрэг дархлалын урвал эрчимжиж харшил үүсгэх… зэрэг зовиур илэрдэг. Тиймээс хүн өөрийн цусны бүлэгт таардаггүй хүнсийг хэрэглэхээс татгалзах нь чухал. Тухайлбал: 0/1/ бүлгийн цустай хүнд үр тариа, агуулсан талх, байцаа, цэцэгт байцаа, өнгөт байцаа, гахайн мах, утсан загас, Цагаан идээ, төмс, мөөг, алим, жүржний шүүс, кофе, А /2/ бүлгийн цустай хүнд мax. цагаан идээ, улаанбуудайг хэт их хэрэглэх зохимжгүй. Мөн эрдэнэшиш, самар, наран цэцгийн тос, улаан лооль, төмс, перц, жүржийн шүүс, вино буюу архины төрлийн зүйл, В/3/ бүлгийн цустай хүнд газрын самар, сагаг, улаанбуудай, хөх тариа, арвай, эрдэнэшиш, тахиа, галуу, гахайн мах, хуягтай загас, улаан лооль, анар, персик, гишүүн тохирохгүй. АВ/4/ бүлгийн цустай хүнд хурга хониныхоос бусад улаан мах, тахианы мах, үр, эрдэнэшиш, улаанбуудай тохирохгүй байх жишээтэй.

-Хүмүүс ихэвчлэн гэрээсээ ажлаа хийж байна. Гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа. Гэртээ байна гэдэг бол хөдөлгөөн хоригдоод таргалах магадлалтай. Биеийн жингийн индексээр таргалалтаа тодорхойлох тухай яригддаг. Үүнд мэргэжлийн эмчийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ихэнх хүмүүс гэртээ байхаараа таргалдаг. Тэр нь гэртээ хийж байгаа өдөр тутмын ажлаа идэвхтэй хөдөлгөөн гэж андуурдагтай холбоотой. Зарим хүмүүстэй хөдөлгөөний хомсдлын талаар ярилцаж байхад “…би хөдөлгөөний хомсдолгүй ээ. Би ер нь гэртээ зүгээр суудаггүй хүн” гэж ярьдаг. Гэвч гэрийн ажил ихэнхдээ идэвхгүй хөдөлгөөнд ордог. Хөдөлгөөн хийж байхад зүрхний цохилт ихэссэн, амьсгаадалт үүсэн хөлс чийхарч байвал идэвхтэй хөдөлгөөн гэж үздэг. Тэгэхээр аягаа угаах, тоос соруулах… нь идэвхтэй хөдөлгөөн биш. Таргалалтыг биеийн жингийн индекс /БЖИ/-ээр тогтоодог. БЖИ нь 18,5 аас бага бол туранхай, 18,6-24,9 хэвийн жинтэй, 25-29,9 илүүдэл жинтэй, 30 дээш бол таргалалттай гэж үзнэ. Тухайлбал 64 кг жинтэй, 167 өндөртэй хүний биеийн жингийн индексийг тооцож үзвэл БЖИ=64/1,67*1.67 буюу 22,9 нь хэвийн жинтэй гэсэн үг. Гэхдээ тухайн хүн суурь өвчинтэй, зүрхний үйл ажиллагааны алдагдалтай, ясны сийрэгжилтэй бол биеийн жин нь БЖИ-ээс тооцсон жингээс бага байх шаардлагатай.

-Энэ вирусийн халдварыг зогсоохын тулд юуг илүү анхаарах нь зүйтэй гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар зохих арга хэмжээг авч чадаж байна уу?

-Энэ халдварын үед Засгийн газар, Эрүүл мэндийн яам зохих арга хэмжээ авч эмч, эмнэлгийн байгууллагууд өдөр шөнөгүй ажиллаж байна. Иргэд ч онц байдлын үед иргэний үүргээ хариуцлагатай биелүүлж байна. Гэхдээ халдвартай хүмүүстэй харьцаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хамгаалах хэрэгсэл, аюулгүй байдлыг хэр хамгаалж байгаа нь чухал. Бид чинь ийм аймаар халдвар байтугай ханиад хатгаагаараа жилдээ 400 гаруй хүнээ алдаж байгаа шүү дээ. Тиймээс дахин давтан хэлэхэд бид сонор сэрэмжээ бууруулж болохгүй. Ялангуяа манай иргэд хэд хоног халдвар гайгүй юм шиг болбол маскаа зүүхээ болиод, гараа угаахаа болчихдог. Манай улсын хувьд гадаадын иргэн халдвартай хил нэвтэрч ирлээ. Бид доторх хөдөлгөөнөө хорьж байгаа нь сайн ч гадаадаас ирж байгаа иргэддээ илүү анхаармаар байна. Ирж байгаа хүмүүсийг бүгдийг тусгаарлан хянах боломж байхгүй ч тэр хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд “өөрийгөө тусгаарлах гэрээ” байгуулж болно. Мөн ДЭМБ-ын зөвлөснөөр халдвар авсан, хавьталтай, халдвартай газраас ирж байгаа хүмүүст заавал N95, 93 зэрэг вирус, бактери шүүдэг маскийг зүүхийг шаардах эсхүл маскаар хангах зэрэг арга хэмжээг авмаар байна. Хэрэв эдгээр эрсдэлтэй хүмүүсийг өөрсдийг нь авч зүү гэхээр гадуур олдоц муутай, үнэтэй байгаа маскыг зүүхгүйгээс халдвар тараах эрсдэл өндөр байна.

Эцэст нь хэлэхэд, энэ халдварыг тараахгүй байхад иргэн бүрийн үүрэг хариуцлага маш чухал тул бид дор бүрнээ өөрсдийгөө, хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 153 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү-н зурган илэрц

Шинэ коронавиурсийн тархалттай холбоотой ээлжит мэдээллийг ЭМЯ-наас хийлээ. Дэлхийн хэмжээнд африкийн голдуу оронд шинэ коронавирус тархаж эхэлжээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “Нийт 3,115 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авснаас өнөөдрийн байдлаар 1,951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж хандлагатай байгаа. Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна. Хилийн боомтуудтай аймгууд болох Өмнөговь, Дорнод зэрэг аймагт анхаарал тавьж ажиллаж байгаа” гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа, “ДЭМБ-ийн мэдээгээр Covid-19 халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас барлаа. Европийн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч бүртгэгдсэн эрчимтэй нэмэгдэж байна. ДЭМБ-аас Ковид-19 халдварын тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн. Тохиолдлын болон голомтын судалгаа хийх аргачлалыг шинээр гаргасан байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “III сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ үндсэндээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. III сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан. Хоёр хүний биеийн байдал муу байсан нь сайжирч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

65 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхөд хүргэхэд бэлэн боллоо

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн. эвч үлдсэн угаарын хийн мэдрэгчийг үйлдэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн короновирусийн халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогссонтой холбоотойгоор угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах асуудал хойшилсон байсан.

Хэд хоногийн өмнөөс эхлэн угаар мэдрэгчийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотод дараагийн ээлжний 65 мянган ширхэг угаар мэдрэгчийг Нийслэлийн Онцгой байдлын газар, НАБТГ хүлээн авч айл өрхөд хүргэхээр төлөвлөж байна.

Тус угаар мэдрэгчүүдийн хувьд үйлдвэрээсэ битүүмжлэгдэн гарч, Монгол Улсын хил дээр дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсний дараа өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн хүлээн авчээ.

Улсын онцгой комиссын шуурхай штабын шийдвэрээр эдгээр 65 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэхэд олон хүний хөл хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа тул тодорхой хугацаанд хойшлуулж, олон хүн төвлөрүүлэхгүйгээр дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэхээр төлөвлөсөн.

Тиймээс угаарын хийн мэдрэгчийг тараах хүртэл иргэд та бүхэн хаврын дулааны улирал эхэлж, гэр байшингийн гадна, дотно агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэгтэй холбогдуулан зуух пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа хөөлж, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байхыг сануулья.

Мөн угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд даруй цонх хаалгаа нээж, агаар сэлгэлт хийх бөгөөд угаар мэдрэгчийг унтрааж болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.