Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгаарлагдаад гарч буй иргэд өөрсдийгөө дахин тусгаарлаад эхэлжээ

Бага баян амралтын газар 2020.03.10

Зөвхөн манайх биш, дэлхий нийтээрээ “Covid-19” буюу коронавирусийн халдвартай чадах чинээгээрээ тэмцэж байна. Ус, агаар, газрын хилээ хааж байна. Юуны тулд юм. Иргэний төлөө. Манай улс ч гэсэн иргэдийнхээ төлөө олон ажил хийж байгааг та бид ч сүүлийн гурван сар харж байна. Хүнд хэцүү цагт нөхрийн чанар танигдана гэгчээр зарим улс иргэнээ эмчлэхээс татгалзаж байхад манайх халдварын голомттой бүсээс иргэдээ авчирсаар байна. Гол найдвар нь тусгаарлалт. Тусгаарлалтын ажлыг аль эртнээс эхлүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор олон асуудал ч яригдах болсон. Тэгвэл бодит байдал дээр тусгаарлагдсан иргэд ямаршуухан байгааг тодруулахыг хичээлээ. Үнэндээ тусгаарлагдаж буй иргэд гэртээ байгаа иргэдээс илүүтэйгээр сэтгэл санааны хүнд нөхцөлийг туулан давж байгаа юм. Ингээд тусгаарлах байранд байсан болон байгаа иргэдтэй холбогдсоноо хүргэж байна.

“ТӨЛБӨРИЙН ТАЛААР БИДЭНД НЭГ Ч МЭДЭГДЭЭГҮЙ БАЙСАН”

Тусгаарлагдсан иргэн С-тэй ярилцлаа.


-Та хаана тусгаарлагдсан бэ?

-“Бага баян” энхийн төлөөх цогцолборт тусгаарлагдсан байсан. Гурав хоногийн өмнө тусгаарлалтаас гарсан.

-Тусгаарлах байрны орчин нөхцөл хэр байв. Өрөөндөө хэдүүлээ байсан бэ?

-Байр ерөнхийдөө дажгүй. Гэхдээ хана мөөгөнцөртэй, ариун цэврийн өрөө битүү аалзны тортой. Бас өрөө маш хүйтэн, дээрээс нь халуун усгүй байсан. Өрөөндөө бол надаас гадна нэг хүн байсан. Бусад өрөөнүүд, гурав болон дөрвөн хүн байх шиг байсан.

-Сэтгэл санаа хүнд байв уу. Нэг, хоёр хонох нэг хэрэг. 14 хонох өөр шүү дээ?

-Эхний хоёр өдөр бол маш хэцүү байсан. Гэхдээ яваандаа дасаад арай дээр болсон. Гаръя гэсэн ч гарч болохгүйгээс хойш байгаа орчиндоо дасаад байхаас өөр аргагүй байсан. Тэнд маш олон хүмүүс байсан. Гадаадад сурдаг, ажилладаг, аялж яваад ирсэн гээд. Бүгд л үр хүүхэд, гэр бүлээ санагалзан ирсэн хүмүүс. Зөвхөн би ч гэлтгүй тэдгээр хүмүүс 14 хоног тэсэхэд нэлээн бэрх байсан болов уу. Харин “Бага баян” амралтын газрын ажилтнуудын хандлага маш таатай, эелдэг байсан нь уур амьсгалыг арай зөөлрүүлж байсан байх.

-Хоол унд дажгүй юу?

-Хоол амттай, бас эрүүл санагдсан. Тиймээс ажилчдад нь баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны байсан газраас гарсан нэг ч хүн тусгаарлах үеийн төлбөрөө төлөөгүй гэсэн мэдээлэл бий. Та төлбөрөө төлсөн үү?

-Төлбөрийн хувьд асуудал үүссэн. Биднийг орсон өдрөөс гарах өдөр хүртэл нэг ч эмч, ажилтан төлбөрийн талаар дурдаагүй. Ямар нэг мэдээлэл өгөөгүй. Ямар сайндаа санаа зовоод эмчийг халуун үзэх үеэр “Төлбөр мөнгөний асуудал яригдаж байсан, яах юм бол” гэж асуухад “Төлбөр төлөхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд л 14 хоног өнгөрсөн. Гэтэл гараад ирсэн чинь зарим сайт дээр “Бага баян” дахь тусгаарлагдсан 60 иргэний нэг нь ч төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэх явуулах болно гэх утгатай мэдээлэл гарсан байсан. Биднийг байх хугацаанд төлбөр гэж хэн ч хэлээгүй байж гарсан хойно бид өгөхгүй явсан юм шиг ойлголт нийгэмд өгсөн байсан.

-Тэгээд төлсөн үү?

-Гэнэт мэдээд хүмүүст хүнд туссан байх. Нэг өдрийн 50 мянган төгрөг. 14 хоног нь 700 мянган төгрөг. Би төлөөгүй. Ямар нэг нэхэмжлэл ирээгүй л байна. Би Тайландаас ирсэн, тэр үед Тайландын халдвар 42 байсан. Намайг тэнд байх үед нэг ч шинэ халдвар бүртгэгдээгүй. Миний өмнөх Бангкок – Улаанбаатарын нислэгээр ирсэн 250 хүнээс хорионд орсон хүн нэг ч байгаагүй. Тэгээд Москвагаас Улаанбаатар руу суухад тэнд байсан МИАТ-ийн төлөөлөгч хорионд зөвхөн Солонгос, Япон, Итали, Иранаас ирсэн хүмүүсийг оруулж байгаа гэж хэлсэн.

-Тэгээд?

-Тэнд дулаан орноос ирсэн нимгэн хувцастай хүмүүс зөндөө байсан. Би гэхэд л тусгаарлалтад орохгүй гэж бодоод дулаан хувцсаа ачаандаа хийгээд ачаагаа авахдаа сольж өмсөнө гэж бодож байтал ачааныхаа барааг автобусанд харсан. Автобусанд цаг орчим уур савсуулсаар даарч ирээд өрөөндөө ортол уух усгүй байсан. Гэрээсээ буцалгагч захиж гурав дахь өдрөө арай гэж устай залгасан. Тиймээс иргэдэд эхлээд анхааруулах нь зүйтэй байсан. Тусгаарлахгүй гэсэн болохоор Монголыг зорьсон. Энэ хугацаанд маш их ажлаа алдсан. Гаднаас ямар нэг цахилгаан төрөөхөмж, нөүтбүүк оруулаагүй.

-Гэхдээ ийм үед хууль журмаа дагах нь иргэн хүний үүрэг биз дээ?

-Үүрэг байлгүй яахав. Тиймээс тусгаарлагдаад гарлаа. Гэхдээ үүргээ биелүүлж байгаа иргэнийхээ эрхийг бас цаашдаа бодолцох нь зүйтэй байх.

-Одоо тусгаарлалтаас гараад ямар байна?

-Тусгаарлах байрнаас гараад гэртээ үргэлжлүүлэн өөрийгөө долоо хоног тусгаарлаж байна. Нэмж хэлэхэд цагаан хоолтой тусгай хэрэглээний хүнс зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гаднаас ирэхдээ л авчрах хэрэгтэй шүү. Тусгаарлагдсан бол гаднаас юм оруулахгүй. Тусгаарлах нь нэг талаараа давуу талтай санагдсан шүү. Бясалгал хийж өөрийгөө олох аялал зэрэг зүйл турших сайхан 14 хоногийн боломж шүү. (Инээв).

Эмч мэргэжлийн байгууллагын харилцаа чухал байна

Бас нэгэн иргэн өчигдөр тусгаарлалтаас гарч байх үед нь холбогдсон юм. Мөн 14 хоног тусгаарлагдаад гарч байгаа аж. Түүний хувьд “Карантинд өнгөрүүлж буй 14 хоног” тэмдэглэлийг өнгөрсөн хугацаанд хөтөлж өдөр бүрийнхээ үйл явдал, сэтгэгдлийг хуваалцсан нь цахим орчинд нэлээд сэтгэгдэл хүлээгээд буй. Бүр байнгын уншигчидтай болжээ. Мөн түүнээс үлгэрлэн тусгаарлалтад нэмж орж буй иргэд ч тэмдэглэл хөтөлж өдрийг өнгөрөөх болж. Ингээд түүнээс тусгаарлалтын үеийн нөхцөл байдлыг тодруулахад “Харилцаа маш чухал. Эмч мэргэжлийн байгууллагын хүмүүсийн харилцаа чухал. Тусгаарлалтад буй хүмүүстэй хүн ёсоор хандах нь зүйтэй. Би энэ талаар тэмдэглэлдээ ч дурдсан. Түүнээсээ болж зарим хүмүүсийн уурыг хүргэж байх шиг байна. Тусгаарлалтын хугацаа дуусаад дахин өөрийгөө долоо хоног тусгаарлахаар буудалд ирж байна. Гэр бүлийнхээ төлөө ийм шийдвэр гаргаж байна” гэв.

ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад буй нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа “Хөл хорио ерөнхийдөө тансаг талдаа байна. Эмч нар үзлэг хийлээ. Нөгөө айхавтар шинжилгээгээ авчихлаа. Хоол унд сайн байна. Муу юм бүхэн Монголоос минь холуур өнгөрөг” гэсэн утга бүхий сэтгэгдлээ илэрхийлсэн байв.


“ДУЛААН ХУВЦАС, АЛЧУУР ЗЭРЭГ
АХУЙН ЗҮЙЛЭЭ САЙН БЭЛДЭЭРЭЙ”

Тусгаарлах байранд буй нэгэн эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Та тусгаарлагдаад хэд хонож байна?

-Гурав хонож байна.

-Та хаана байрлаж байна вэ?

-Нэг эмнэлэгт л байна. Хаана гэдгийг нь хэлээд яахав.

-Ямаршуухан байна?

-Анх ирэхэд яах нь мэдэгдэхгүй хэцүүхэн л байсан. Хоёр дахь хоногийн өглөө шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Жаахан тайвширлаа. Өөр онцын хийх зүйлгүй утсаа ухаад л, хурдан түгшүүртэй байдал намжаасай гээд л залбираад хэвтэж байна.

-Гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон уу?

-Ярьсан. Байгаа байшин л өөр болохоос сэтгэл зүрх маань гэрийнхэнтэйгээ л байна.

-Дараа дараагийн тусгаарлах хүмүүст юу анхааруулмаар байна?

-Дулаан хувцас, алчуур зэрэг хэрэглээний зүйлээ сайн бэлдэж ороорой. Хувийн ариун цэврийн байдлаа сайн хангаарай гэж захимаар байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт: Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй энэ том төслийн гэрээнд оролцсондоо харин ч баярладаг

Түрүүч 055, 056(6421, 6422) дугаарт


Би ч энэ шалгалт юм нь сайн хийгдээсэй гэж хүсч байсан… Олон жил хардаж сэрдүүлж, сэжиглэгдэж, адлуулж ирсэн гэрээг ингэж шалгаж, монголчууд бид энэ гэрээний талаар нэг ойлголттой болж авах нь хэрэгтэй байсан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 92 дугаар тогтоолын 1 дүгээр заалт нь 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт өөрчлөлт орсон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг дахин баталгаажуулсан.

-Та “Сайн гэрээг муу хэрэгжүүлсэн” гэдэг дүгнэлт хийж байна. Ямар ч гэрээг анх хийсэн хүн ингэж дүгнэж л таарна шүү дээ.

-Юу гэж бодох нь хувь хүний эрх. Гэхдээ нэг зүйлийг эргэцүүлье. 2009, 2011 онд хийгдсэн ХөОГ, ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж, ашигтайгаар хийгдсэн. Сайн гэрээ байгуулчихаар л бүх юм болоод явчихдаггүй.

УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хуулийн дагуу Монгол Улсад ашигтай хийгдсэн гэрээний хэрэгжилтийг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзсэн. Улмаар, 2009 оны ХөОГ-г хэрэгжүүлэх явцад шинээр хийгдсэн зарим гэрээг, тухайлбал 2015 онд байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө (бидний хэлж сурснаар Дубайн гэрээ)-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь дээрх тогтоолын 2 дугаар заалт болж орсон байдаг.

-Тэгээд Монгол Улсад одоо болтол ашиг өгөөгүй байгаа юм уу?

-Яалаа гэж дээ. “Оюу толгой” ХХК нь Оюу толгой төсөлдөө бараг л манай орны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-тэй дүйх хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, ил болон гүний уурхай ажиллаад, АМНАТ болон бүх төрлийн татвараа улсад төлөөд явж байгаа. 2010 оноос хойш 2019 оны эхний хагас жилийн байдлаар 2.6 тэрбум ам.долларыг албан татвар, төлбөр хураамжаар улсын төсөвт төлсөн байна. Харин ч манай улсаас нэг ч төгрөг гаргаагүй.

-Хоёр бүхэл, аравны зургаан тэрбум гэдгээ цифрээр бичээд харвал, бас сонин ч юмуу?

-2,600,000,000 орчим ам.доллар. Жил бүр төсөвт төлсөн бүх төрлийн татвар, шимтгэлийг төгрөгт шилжүүлэн тооцвол 5,000,000,000,000 буюу 5 их наяд орчим төгрөг болно.

-Нэгэнтээ мөнгөний тоо ярьсных, бас нэг зүйл сонирхъё. Оюу толгойн гэрээг анх эхлүүлсэн хүн та биш гэдгийг бид мэднэ. Харин түүнийг хийж гүйцээсэн үеийг тантай холбож үзэх нь зөв. Гэрээг боловсруулах явцад Монголын талын хүртэх ашигтай холбогдох тоон үзүүлэлтүүд өөрчлөгдсөн үү?

-Миний оролцож ахалсан ажлын хэсэг Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж, боловсронгуй болгох явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг 3.2 тэрбум доллараар нэмэгдүүлсэн. Яаж гэдгийг дараа тайлбарлая.

-Манай зарим улсын үйлдвэрийн газарт, тухайлбал Эрдэнэтэд онцгой ашигтай гэрээ хэлцэл хийсэн ажилтныг ашгийн 5 хүртэл хувиар урамшуулдаг тогтолцоо бий. Хэрвээ таныг ингэж урамшуулсан бол…

-Юун урамшуулах, харин ч хилс хэрэг тулгаж, хэлмэгдүүлж байхад уу? Дашрамд дурдахад, 2009 оны ХөОГ-г боловсруулах, хэлэлцээр хийхэд оролцсон төрийн албан хаагчид, хүн бүр л “яавал, Монгол Улсад маань илүү ашигтай байх вэ” гэж өдөр шөнөгүй ухаан бодлоо уралдуулж, чин шударгаар ажилласныг зориуд тэмдэглэн хэлье. Өмнө ч хэлж байсан даа, энэ гэрээ “Монгол Улсын Засгийн газрын гэрээ” гэж. Тэгэхээр, Монгол Улсдаа ашигтай гэрээ хийсэн гавьяаг засгаараа хуваалцана гэсэн үг. Гэрээний ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт төсөв, санхүү, хууль эрх зүй, уул уурхай, байгаль орчин, зам тээвэр, гадаад харилцаа, хэл шинжлэл, орчуулга гээд олон чиглэлийн төрийн шилдэг албан хаагч, мэргэжилтэн залуучууд нийт 50 гаруй хүн оролцож ажилласан. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэсэн А.Амар сайдын үгийг давтаж хэлэх ч хаашаа юм, хэлэхгүй байх ч хаашаа юм.

-Амар сайд гэснээс, Монгол Улсад ашигтай байдал бий болгох нь хэн нэгэнд ашиггүй юм байна. Тэр талын ашиг сонирхол манай нийгэмд, улс төр, хууль эрх зүйн салбарт нөлөөтэй юм байна гэсэн хар бас байдаг.

-Ийм үг яриа сонсогддог. Гэхдээ бидэнд, Оюу толгойг тойрсон үлгэр домгуудыг няцаан, төслийн бодит байдлыг тайлбарлах нь чухал байна. Тэрнээс биш түүнийг тойруулж шинэ домог зохиож хэрэггүй.

ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, ХЭРЭГЖИЛТ, БАС ДАХИН ХЭРЭГЖИЛТ

-Оюу толгой төслийг ашигтай байдлаар эхлүүлж. Эхлэх нэг хэрэг… Ямар ч юмыг эхлэлээр нь биш, явцаар нь, төгсгөлөөр нь үнэлж таарна.

-Харин гэрээ хийсэн цагаасаа хойш (гэрээнд Засгийн газраа төлөөлөн оролцсон хүний хувьд) байнга анхааруулж байсан зүйл маань “Гэрээний хэрэгжилт, хэрэгжилт, бас дахин хэрэгжилт” гэж хэлдэг. Оюу толгой төсөл дор хаяж 70 жил хэрэгжинэ, магадгүй цаашдаа 100 жил ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас хийсэн гэрээний дагуу Монголын талын үр өгөөжийг “бууруулахгүйгээр, тасралтгүй” хүртэж байхын тулд уг гэрээний хэрэгжилтийн үйл ажиллагаанд үе үеийн Засгийн газрууд хяналт тавьж ажиллах ёстой гэдгийг л байнга хэлдэг. Гэрээтэй холбоотой ямарваа нэг зөрчил гарвал цаг тухай бүрд нь засаж залруулж, Монгол Улсын эрх ашгийг хангаж байх учиртай. Оюу толгой тойрсон санаатай болон санаандгүй эндүүрэл, алдаа, дутагдал гэрээний сайн муугаас болоогүй. Харин бидний төрийн ой санамж муу, улстөрчид намчирхаж талцдаг, өмнөхөө үгүйсгэдэг явдлын илрэл болсон манай нийгмийн суурь өвчний хам шинжээс гаралтайг төслийн хэрэгжилтийн эхний арван жилийн түүх тод томруун харуулж байна.

-Ер нь Оюу толгойн гэрээг тойрсон хэрүүл маргааны нэг хэсэг нь мэдээлэл муутайгаас болсон шиг байна. Үлдсэн хэсэг нь зарим ойлголтуудыг зориуд будлиулж, хольж сольсноос үүдсэн улс төрийн тоглолт явжээ гэмээр юм уу?

-Бидний яриа яг л ийм дүгнэлт рүү хөтөлж байна. Юуны өмнө хоёр бүлэг асуудлыг салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, гэрээ ямар болсон бэ “Гэрээ Монгол Улсад ашигтай юу, үгүй юү” гэдэг нэг асуудал. Хоёрдугаарт, Нэгэнт байгуулсан гэрээний хэрэгжилт ямар байсан бэ гэдэг тусдаа бүлэг асуудал гарч байна.

-Монгол хүнд илүү ойлгомжтой болгохын тулд хонин дээр жишээ авмаар санагдлаа. Малжуулах зорилгоор төллөх 500 эм хонь худалдаж авах нэг хэрэг. Дараа нь 500 хонио толгой бүрэн маллаж, хээл авахуулж, мэнд төллүүлэх зорилт гардагтай адил ч юм уу?

-Зүйрлүүлж хэлбэл тийм байж болно. Эхний асуудал “гэрээ Монгол Улсад ашигтай юу, үгүй юү?” гэдгийн хувьд “энэ гэрээ Монгол Улсад ашигтай хийгдсэн” гэж би баттай хэлнэ. Таны зүйрлэлээр бол, шилдэг сайн 500 хээлтэгч хонь авч чадсан. Харин тэднийгээ толгой бүрэн маллах, төллүүлэх асуудал үргэлжилж байна гэж зүйрлэж болно.

Үүнийг зөвхөн би, тэр үеийн УИХ, Засгийн газарт хэлээд зогсоогүй 2016-2020 оны УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр 92 дугаар тогтоолоороо 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт, өөрчлөлт орсон ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг дахин баталгаажуулсан.

Хоёр дахь асуудал “Гэрээг үе үеийн Засгийн газрууд яаж хэрэгжүүлж, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ирсэн бэ?” гэдэгт зарчмын өөр асуудлууд яригдана.

Энэ зарчмын асуудлуудыг анхаарч ойлгосон хэнд ч “Оюу толгойн төсөл ашигтай, ашиггүй, ашигтай…” гэж маргах нь дэмий, утгагүй болоод, гэрээний хэрэгжилт дээрээ онцгой анхаарах ёстой юм байна гэдэг нь ойлгомжтой болох болов уу.

БАЯРЦОГТЫН ГЭРЭЭ БИШ, БАЯРЦОГТ ГЭДЭГ САНГИЙН САЙДТАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ГЭРЭЭ

Өнөөдөр С.Баярцогт гэдэг хүн Оюу толгойн гэрээг хийсэн гэх байдлаар их яригддаг. Та нар Засгийн газрынхаа танхимтай зөвлөсөн юм уу. Бусдадаа хэлэхгүй, харуулахгүй байж байгаад гарын үсэг зурчихаад, түүнийгээ тулгачихсан тал байна уу?

-Та нар ч намайг явуулаад байна аа даа. /инээв/ Би танд нэлээн дэлгэрэнгүй тайлбарлая. Манай улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах зорилгоор төр засгаас бодлогын олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг.

-Яасан холоос эхэлж байна аа…?

-Эндээс эхлэхгүй бол ойлгогдохгүй.

1. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээрийг манай орон 44 улстай байгуулсан.

2. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг (бидний ярьж сурснаар Давхар татварын гэрээ) нийт 30 гаруй улстай байгуулснаас 4-ийг нь хүчингүй болгож, одоо 26 гэрээ хүчинтэй байгаа.

3. 1991 оны Газрын тосны тухай хуулийн дагуу Бүтээгдэхүүн хуваах 21 гэрээ байгуулсан.

4. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Тогтвортой байдлын 2 гэрээ байгуулсан.

5. 2002 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Тогтвортой байдлын 7 гэрээ байгуулсан.

6. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу зөвхөн Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.

7. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу нийт 5 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээг Ерөнхий сайдаас эрх олгосон холбогдох нэг сайд л байгуулдаг болсон.

8. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 14 тогтворжуулалтын гэрчилгээ олгосон. Тогтворжуулалтын гэрчилгээг хөрөнгө оруулалт хариуцсан агентлаг олгодог.

Зөвхөн Оюу толгойн гэрээний гурван ч төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ хоёр төслийг нь хэлэлцсэн байдаг.

-Нээрээ сүүлийн төслийг хэлэлцэхээр тусгайд нь чуулган зарлаж байсан нь санагдлаа шүү.

-Харин тийм. 2009 оны наймдугаар сарын 19-25-ны хооронд зөвхөн Оюу толгойн гэрээг, холбогдох хуулиудын төслийг хэлэлцэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, холбогдох хуулиудыг баталсан.

Ер нь УИХ-аас Оюу толгойн төсөлтэй холбоотойгоор 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Үндсэн зарчим, удирдамж”-ийг баталсан 40 дүгээр тогтоол, 2009 оны долдугаар сарын 21-ний өдөр “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол, 2019 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол тус тус гаргасан.

Харин УИХ-аас Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг сэргээн түргэтгэх, уг төслийн хэрэгжилжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоол, 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоол тус тус гаргасан. ҮАБЗ-өөр 2007 оны хоёрдугаар сараас эхлэн удаа дараа хэлэлцэж, дэмжиж, зөвлөмж тэмдэглэл гаргасан. Засгийн газрын хуралдаанаар мөн маш олон удаа хэлэлцсэн. Ийнхүү Оюу толгойн гэрээ Монголын түүхэнд УИХ-аар хэлэлцэж дэмжигдсэн, хуулийн дагуу УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоолын дагуу гурван сайд гарын үсэг зурсан цорын ганц гэрээ болсон юм. Ийм олон дамжлагаар, төрийн дээд хэмжээнд маш олон удаа хэлэлцэгдсэн цорын ганц гэрээ.

Би 2009 оны долдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын хэсэгт ахлагчийн орлогчоор орж хэлэлцээрийг цааш нь ахалж ажилласнаас хойш Монгол Улсын хүртэх нийт үр өгөөжийг 3.2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэдгийг түрүүнд хэлсэн.

-Түрүүнээс хойш нэмж тодруулахсан гэж бодсон сэдвийг хөндлөө. Монголын талд ногдох ашиг, өгөөжийг нэмээд өгөөч гэхээр л нэмээд яваагүй байх аа.

-2009 оны 7-8 дугаар сарын хооронд хийгдсэн хэлэлцээрийн үр дүнд:

1. Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор 4.4 тэрбум ам. доллар, энгийн хувьцааны санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 хувиас хэтрэхгүйбайхаар тохиролцсон. Үүнийүр дүнд ашиг авах тооцоонд Монголын талын санхүүжилт 1.7 тэрбум ам.доллар байсныг ойролцоогоор 816 сая болгон, 884 сая ам.доллараар бууруулсан.

2. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүн буюу гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө төсөлд хийгдсэн зардлын дүн 1.06 тэрбум доллар байсныг 382.5 саяар бууруулан 677.5 сая ам.доллар байхаар тохиролцсон.

3. Татварын орлогыг нийтдээ 1.3 тэрбум ам. доллараар нэмэгдүүлсэн. Үүнд:

• НӨАТ-ыг чөлөөлж, буцаан олголт өгөхгүй болсноор 1.2 тэрбум ам. доллар,

• Гаалийн албан татварыг хуулийн дагуу төлүүлэх болсноор 113.5 сая ам.доллар болсон.

4. Урьдчилгаа төлбөр хүүгүй25 сая ам. доллар, 9.9 хувийн хүүтэй100 сая ам. доллар, нийтдээ 8.1 хувийн хүүтэй 125 сая ам. доллар байсныг 250 сая ам. доллар болгон нэмэгдүүлж, жилийн хүүг нь 2.1 хувь болгон 6 пунктээр бууруулж чадсан. Ингэснээр урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардлаас 75 сая ам. доллар хэмнэсэн.

2011 оны зургадугаар сарын 8-ны хэлэлцээрийн үр дүнд ХНГ-ний нэмэлт, өөрчлөлтөөр төслийн хүрээнд хийгдэх санхүүжилтийн хүүг USCPI+ 9.9 хувь байсныг LIBOR + 6.5 хувь болгож өөрчилсөн. Энэ дагуу санхүүжилтийн хүүгийн зардлыг 535.3 сая ам.доллараар бууруулсан. Ийм алхмууд хийсний үр дүнд манай талын өгөөж ихээхэн нэмэгдсэн юм.

Хөрөнгө оруулагч талын хэлэлцээрийн багийнхан “Тантай хэлэлцээр хийж эхэлснээс хойш хөндсөн заалт болгон дээр бид өгөөжөө алдаад байна. Гэрээ маань аль аль талдаа ашигтай win-win байх ёстой биз дээ” гэж хэлдэг байсан.

Оюу толгой ХХК манай хамгийн том экспортлогчийн нэг. Компанийн борлуулалтын орлогыг манай арилжааны банкуудаар дамжуулах асуудлыг гэрээнд тусгаж өгөөгүй гэж олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Борлуулалтын орлогыг манай банкуудаар оруулбал валютын ханш өсөхөөс сэргийлэхэд нэмэр болохгүй юу?

-Тэгэлгүй яахав ээ, тантай санал нэг байна. Гэхдээ хамгийн түрүүнд нэг зүйл онцолж хэлэхгүй бол болохгүй нь. ХөОГ-г Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нийцүүлж хийсэн гэдгийг хамгийн эхэнд онцлон хэлье.

Тухайн үед буюу 2009 онд мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын гадаад улс орнуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулагч өөрийн олсон ашиг, орлогыг гадагш чөлөөтэй шилжүүлэх эрхтэйгээр хуульчилж, зохицуулсан байдаг.

Эдгээр хуулиудын дагуу “Оюу толгой” ХХК биш бусад бүх аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид өөрийн олсон орлогыг гадаад, дотоодод чөлөөтэй шилжүүлэх эрхтэй байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-29.1.9 дэх заалтууд ХөОГ-ний үндсэн зарчим, зохицуулалтуудыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулж хэлбэл, 29.1.3 дахь заалтад хөрөнгө оруулагч нь “олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах” гэж заасан байдаг.

Эдгээр хуулийн зохицуулалтад нийцүүлэн хийсэн ХөОГ-ний төслийг ҮАБЗ, УИХ, Засгийн газар хэлэлцэж, дэмжсэний үндсэн дээр уг гэрээг байгуулсан.

Тэгэхээр энэ асуудал гэрээний биш, хуулийн асуудал байгаа биз.

Одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, Монгол Улсын гадаад улс орнуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулагч өөрийн олсон ашиг, орлогыг гадагш чөлөөтэй шилжүүлэх эрхтэй хэвээр байгаа.

Харин “Оюу толгой” ХХК-ийн борлуулалтыг Монгол Улсын арилжааны банкаар дамжуулах нь ханшийн тогтвортой байдлыг хангаж ажиллахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгтэй санал нэг байлгүй яахав. Энэ асуудлыг хөрөнгө оруулагч тал, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэх боломж байгаа юу гэвэл байгаа гэж бодож байна.

Манай арилжааны банкууд өөрсдийн найдвартай ажиллагаа, үйлчилгээг сайжруулсан тохиолдолд гадна дотны гэлтгүй бүх том компаниуд өөрсдөө хүсэлт тавиад үйлчлүүлнэ шүү дээ.

ХОРИН МЯНГАН ХУВЬСАГЧ

-Та Оюу толгойн гэрээнд хорин мянган хувьсагч байгаа тухай ярьсан. Хүмүүс гэрээг хараад хувьсагч нь аль вэ гэж сонирхож байгаа юм. Тэр ч байтугай хорин мянган үл мэдэгдэгчтэй тэгшитгэл маягаар төсөөлсөн хүн ч байна.

-2012 оны арваннэгдүгээр сард болсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар бид хоёрын мэтгэлцээн үнэхээр олон хүний анхаарлыг татаж, олон хүн үзсэн байх. Миний хувьд мэтгэлцээн их амжилттай болсон гэж боддог. Намайг зөвхөн 20 мянган хувьсагч гэж хэлсэн гэж буруутгадаг. 70-100 жил хэрэгжих энэ том төслийн эдийн засгийн тооцоолол, загварчлалыг төслийн ТЭЗҮ дээр үндэслэн хийсэн, олон арван хувьсагчтай байдаг.

Харин бидний ажилласан загвар 20 гаруй мянган өөрчлөлтийг тооцоолсон эдийн засгийн загвар байсан. Шууд мэтгэлцээний явцад энэ ойлголтыг хувьсагч гэж хэлснийг их онцолсон байдаг. Өөр шүүмжлэх зүйл гараагүйгээс бодоход мэтгэлцээн миний хувьд маш амжилттай болсон шиг байгаа юм.

Одоогийн нөхцөл байдал, Оюу толгой төслийн хэрэгжилт, явц, хэтийн төлөв ярилцаж байгаа үед энэ тийм ч ач холбогдолтой маргаан биш байж болох юм. Магадгүй өөр зорилго бүхий тодорхой хэсэг бүлэг этгээдэд энэ асуудал их мөлжүүртэй сэдэв болж.

-Эргээд л 500 хээлтэгч хонь руугаа орцгооё. Мөнөөх 500 хонио 30, цаашлаад 100 жил өсгөхөд тохиолдох ган зудын мөчлөг, ашиг шим, жил тутам 100 эхээс бойжуулах төл, тэр төлийн доторх хүйсийн дундаж төлөвийг тооцоолдог гэх маягаар бүдүүвчилж болох нь ээ. Маш олон хүнд тэгшитгэл, тэнцэтгэл биш, бүүр оньсого шиг ойлгогдоод байгаа зүйлийг жирийн жишээн дээр нэг тайлбарлаач.

-Тэгж бас болох нь. Ер нь бол дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хөдөлгөөн болон зайлшгүй ба санамсаргүй хүчин зүйлүүдийг тооцоолон загварчлахаас эхлээд Оюу толгой төслийн өгөөжид хэрхэн нөлөөлж болохыг олон хувилбараар симуляц хийн тооцоолж болно.

Төсөл хэрэгжих хугацааг 100 жил гэж үзэж, зэсийн дундаж үнэ 5000 ам.доллар байна гэж төсөөлж үзье. Тэгвэл төслийн хугацааны турш зэсийн дундаж үнэ 5000 ам.доллар байх хэдэн мянган хувилбарыг автоматаар үүсгэж болно. Энгийн нэг хувилбар нь эхний 50 жил 4000 ам.доллар, дараагийн 50 жил 6000 ам.доллар байхаар төсөөлөл хийж болно.

ОФФШОР БОЛ ТАТВАРЫН ТААЛАМЖТАЙ ОРЧИНТОЙ ЭДИЙН ЗАСГИЙН БҮС

-Та яаж яваад оффшортой холбогдчихов оо. Хүмүүс Оюу толгойн гэрээг хийснийг тань оффшортой шууд холбож хардаад байх шиг байдаг?

-Оффшор бүсэд 2008 оны тавдугаар сарын 27-ны өдөр компаниа бүртгүүлж Швейцарийн Credit Suisse банкинд данс нээлгэсэн. Энэ бол 2008 оны сонгуулиас хоёр сар гаруйн өмнө, Сангийн сайд болохоос дөрвөн сарын өмнө болсон үйл явдал. Оюу толгойн гэрээ байгуулахаас нэг жил дөрвөн сарын өмнө болсон үйл явц. “Хоёр сар”, “дөрвөн сар”, “нэг жил дөрвөн сар” гэсэн хугацааг санаад авчихна биз. Тодруулбал, сонгуульд орох эсэх нь тодорхойгүй, орсон ч ялах эсэх нь тодорхойгүй, манай нам ялж, Засгийн газар байгуулах эсэх нь тодорхойгүй, тэр тусмаа би Сангийн сайд болох тухай төсөөлөө ч үгүй, ялангуяа Оюу толгойн хэлэлцээрт орох тухай зүүдлээ ч үгүй байх үед шүү дээ. Тухайн үед оффшор бүстэй холбоотой хуулийн зохицуулалт байгаагүй. Энэ зохицуулалт 2017-2018 онд хуульд орсон. Өөрөөр хэлбэл, оффшорын асуудлыг хуулиар зохицуулахаас 10 жилийн өмнө болсон үйл явц юм. “10 жил” гээд бас саначихна биз. Бүх үйл явц хуулийн дагуу хийгдсэн. Хууль зөрчсөн үйлдэл огт байхгүй.

-Ардын үгээр бол Муу нэртэй, луу данстай оффшор бүс гэдгээ тодруулаад ярих уу. Манай зарим хүн Зөвхөн хулгайн мөнгө л хүлээн авдаг нэгэн зүйл банк байдаг аятай бодоод байдаг. Хэрвээ шударгаар олсон мөнгөө аваад очвол буцаагаад шиддэг маягтайгаар.

-Өнөөдөр манай нийгэмд “мангаа” гэдэгтэй ойролцоо сонсогдох болсон энэ ойлголтыг тайлбарлая. Оффшор гэдэг бол нөгөө “Али Баба ба дөчин дээрэмчин” гэдэг киноны Али Бабагийн агуй ч биш, далайн дээрэмчдийн эрдэнэ булсан арал ч биш. Хөрөнгө оруулалт татахын тулд татварын нэн таатай нөхцөл бүрдүүлсэн эдийн засгийн орчин. Тэнд бүх юм хууль номын дагуу л явагддаг. Улсаараа оффшор болсон, тэрүүгээрээ бахархдаг орон ч байна. Харин улс үндэстнийхээ өмнө тодорхой үүрэг хүлээсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг юунд буруутгадаг вэ гэхээр ийм юм. Эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн атлаа, татварын нэн таатай нөхцөл бүрдүүлсэн оффшор бүсэд мөнгө, хөрөнгөө байршуулж, эх орондоо татвар төлөхгүй байгаа үйлдлийг иргэд нь шүүмжилдэг.

Би эзэмшсэн мэргэжлээрээ хувьцааны бизнес эхлэхийн тулд татварын тааламжтай бүсэд санхүүгийн дэд бүтцээ бүрдүүлэх хэрэгцээ гарсан. Энэ нь миний хувьд энд олсон орлогоо оффшор бүсэд байршуулж татвараас зугтаах биш, эсрэгээрээ оффшор бүсийн давуу талыг ашиглаж орлого олж, олсон мөнгөө Монголдоо оруулж ирэх зорилгоор тэнд компани байгуулж мөнгөн хуримтлалаа байршуулсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгч оффшорт байгаа мөнгийг оруулж ирнэ гэж амласан. Шуудхан асуухад, Таны оффшор дансанд одоо хэдэн доллар байгаа вэ?

-Би оффшор бүсэд бүртгэлтэй компаниар хувьцааны бизнес хийгээд олсон бүх ашгаа 2010 онд буюу одоогоос 10 жилийн өмнө, Ерөнхийлөгчийг энэ талаар санал гаргахаас долоон жилийн өмнө оруулж ирсэн. Дахин хэлэхэд, 2013 оноос хойш миний хувьд оффшор бүсэд компани, данс аль аль нь байхгүй, мөнгө ч байхгүй, бүгдийг нь 2010 онд Монгол Улсдаа оруулаад ирсэн. Монголдоо орлогоо оруулж ирэхэд “мөнгө угаасан” гэсэн хэрэг хилсээр үүсгэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл оффшорт байгаа мөнгөө оруулж ирье гэж санаачилж, уриалж байхад 10 жилийн өмнө оруулаад ирсэн мөнгийг хүртэл хэрэг болгож байгаа нь Ерөнхийлөгчийн санаачилгыг хууль хүчний байгууллагынхан эсэргүүцээд байгаа гэлтэй.

Бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн холбооны улсын ерөнхий прокурорын газар (ЕПГ)-аас бүх материалыг нь Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад 2018 онд шилжүүлэн өгсөн. Швейцарийн ЕПГ-аас эдгээр материалын бүх хуулбарыг өмгөөлөгчөөр дамжуулж надад өгсөн байгаа.

-Долоон жилийн өмнө оффшор дахь бүх компани, данс чинь хаагдсан, 10 жилийн өмнө бүх ашгаа Монголд оруулж ирсэн, тэгээд бүх баримт материалуудыг Монгол Улсын хуулийн байгууллагад ирчихсэн байж. Гэтэл Баярцогтын оффшор гэдэг асуудал өнөөдөр ч шуугиулсаар байгаагийн учир юу байна?

-Энэ бүх дуулианыг нэр бүхий Монголын улстөрчид 2016 оны сонгуулийн өмнө зохион байгуулж, 9.2 сая ам. доллар миний дансанд ANZ банкнаас орж ирсэн гэсэн хуурамч материалыг бүрдүүлж, “Transparen­cy Anonymous” хэмээх огт байхгүй байгууллагын нэр барьж хэвлэл, нийгмийн сүлжээгээр тарааж, миний эсрэг зохион байгуулалттай сөрөг сурталчилгаа явуулсан.

Улмаар уг хуурамч материалд үндэслэж Швейцарьт хэрэг үүсгүүлж, Монголд хаагдсан хэргийг дахин сэргээлгэсэн. Швейцарьт үүсгэсэн хэргийн дагуу надад мөнгө зээлсэн монгол бизнесүүдийн дансыг гурван жил царцааж, монголчуудаа хохироосон ийм хэрэг гарсан. Гурван жил гаруй монгол бизнесүүдийг Швейцарийн тал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, авлига авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, эдгээр бизнес эрхлэгчдийн мөнгийг нь гаргаж өгч байна.

Энэ мөрдөн шалгах явцдаа “Transparency Anonymous” хэмээх байгууллага нь огт байхгүй, миний дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон. Эдгээр бүх баримтуудыг Монголын холбогдох хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. Дахин хэлье. Энэ бүх асуудлууд бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн Ерөнхий прокурорын газар энэ бүх материал, баримт, нотолгоог Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад шилжүүлэн өгсөн.

-Таныг гэрээ байгуулахад нөгөө талд давуу байдал үүсгэсэн, Рио Тинто-оос хахууль авсан гэж хардаад байдаг. Том компанийн хахууль том л байж таарна гэх таамаг байгаа.

-Яг эсрэгээрээ, өнөөдөр компани том байхын хэрээр шударга бус үйлдэл хийх боломж багасдаг. Тэдний тайлан, баланс хувьцаа эзэмшигчдийн өмнө болоод олон нийтэд ил байдаг нь барууны бизнесийн гол дүрэм. Манайхан “төрийн байгууллагын шилэн данс” гэдэг зүйл санаачилсан нь тэднээс суралцсан хэрэг.

Юуны өмнө, үндэстэн дамнасан тэр том компаний зарчим, соёлыг дутуу үнэлж болохгүй байх. Тэд хэзээ ч, хэнд ч авлига өгч, хөрөнгө оруулалт хийхгүй л болов уу. Яг энэ асуудалтай холбогдуулан “Рио Тинто” групп “Бид аливаа гэрээ, хэлцлийг олон улсын стандарт, компанийн соёл, хариуцлагын дагуу гүйцэтгэдэг бөгөөд авлига, хээл хахуулийн эсрэг урт хугацааны маш хатуу бодлого, байр суурь баримталж ажилладаг” гэж мэдэгдсэн. Миний хувьд бага залуу наснаасаа сонгогч олны итгэлийг дааж улс төрд хөл тавьж, төрийн өндөр албан тушаалуудыг олонтаа хашсан. Би Монголын төрд зүтгэж ирснийгээ нэр төрийн хэрэг гэж бодож эрхэмлэдэг.

Олон жил төрд зүтгэхдээ авлига хээл хахууль, албан тушаал, тендерийн гэх мэт асуудалд огт холбогдож байгаагүй. Мөнгө бол мэдээж хүний амьдралд хэрэгтэй. Гэхдээ мөнгийг хүн толгойгоо ажиллуулж, шударгаар олж болдог, олж чадна гэдэгт би бат итгэдэг. Гадаадад олон газар сурсан бүх сургалтын зардал, тэтгэлгийг би толгойгоороо олж авсан төдийгүй төгсөж ирэхдээ хүртэл хувьдаа олон мянган доллартай дүйцэхүйц хэмжээний төслийн буцалтгүй санхүүжилт авчирч байсан. Ер нь бол гаднаас л мөнгө татаж, Монголдоо оруулж ирэх хэрэгтэй гэдэг бизнесийн философитой. Тэгээд ч хүн сайхан амьдрахад их мөнгө хэрэггүй шүү дээ.

-Оюу толгойн гэрээг байгуулахад оролцсондоо харамсаж байна уу?

-Оюу толгойн гэрээг байгуулснаараа янз бүрийн муу нэр дуулж, хардагдаж яваа нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ энийг би цаг зуурынх гэж боддог. Гэрээ хийсэнтэй холбогдуулж Оюу толгойгоос мөнгө авсан зүйл надад огт байхгүй. Харин би Оюу толгойн гэрээнээс юу авч үлдсэн бэ гэвэл эд, мөнгөөр үнэлж үл болох асар их мэдлэг, олон улсын том гэрээ, хэлцэл хийх том туршлага хуримтлуулж үлдсэн гэж болно. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй энэ том төслийн гэрээнд оролцсондоо харин ч баярладаг. Хийсэн энэ ажлынхаа төлөө өнөөдөр янз бүрээр хэлүүлж байгаа ч, хожмын өдөр бүх монголчууд ойлгоно гэдэгт итгэж явдаг. Мэдээж, улс орныг олон арван жил тэжээх том төсөл одоогоор ганц энэ байгаа тул өнөөдөр ард түмнээрээ хэлэлцэж шүүж байна. Зуун хувь санал нэгдэнэ гэж хэзээ ч байхгүй л дээ.

-Таныг бас албан тушаалын байдлаа ашиглан хувьцаа худалдаж авч, ашиг олсон гэж буруутгаж байсан?

-Тэгж буруутгаад надад хэрэг үүсгэсэн. Гэхдээ дэлхийн ямар ч хөрөнгийн зах зээл дээр албан тушаалын байдлаа ашиглаж хувьцаа худалдаж авна гэсэн ойлголт байхгүй. Би 2009 оны наймдугаар сард хувьцаа аваад 2010 оны дөрөвдүгээр сард зарж ашиг олсон. Энд албан тушаал ямар ч холбогдолгүй гэдгийг хөрөнгийн зах зээл дээр ажилладаг бүх хүн мэднэ. ХөОГ хийвэл тодорхой хугацааны дараа хувьцааны үнэ өсөх боломжтой гэдгийг эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй бүх хүн ойлгож байгаа. Хэзээ, хэдэн хувиар өсөх талаар, хэзээ үнэ нь буух талаар бол хэн ч мэдэхгүй. Хөрөнгийн зах зээлд хэн тооцоо судалгаанд үндэслэн эрсдэл хийж чадна, тэр ашиг олж чадна. Мэдээж алдагдал хүлээж ч болно.

Хувьцааны үнэ намайг худалдаж авснаас хойш хоёр дахин өсөхөд би өөрийн хувьцаагаа зарсан. Хэрэв би дахиад найман сар хүлээсэн бол хувьцааны үнээ дөрөв дахин нугалж ашиг олох боломжтой байсан юм билээ. Түүнээс хойш аажмаар өсөж, унасаар бараг 22.5 орчим ам. доллар байсан хувьцааны үнэ 40 цент болтлоо унасан.

Харин дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны зах зээлд арилжаанд оролцох гэмт хэргийн асуудал бол хөрөнгийн зах зээл хөгжсөн бүх оронд байдаг.

-Тэгвэл үнэт цаасны зах зээлд дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцож үнэт цаас худалдаж авсан, дараа нь зарсан гэсэн шалтгаанаар таныг хорьсон юм уу?

-Үгүй. Нэгдүгээрт, хууль хүчний байгууллагууд ийм гэмт хэрэг надад тулгаагүй. Яагаад гэвэл дотоодын мэдээлэл хууль бусаар ашиглах тухай заалт манай улсын Эрүүгийн хуульд 2014 онд орсон. Миний хувьцаа худалдаж авсан, зарсан явдал бол 2009-2010 онд болсон үйл явц. Тэр хууль гарахаас дөрөв, таван жилийн өмнөх явдал.

Тэр яриад байгаа “дотоодын мэдээлэл” гэдгийг нь ашигласан байлаа гэхэд энэ нь Монгол Улсад гэмт хэрэг гэж тооцогдохгүй байсан үе. “Ашигласан байлаа ч”, “тооцогдохгүй үе” гэсэн тодотголтой хэлж байна шүү. Тиймээс энэ заалтаар намайг яллах үндэслэл байхгүй.

Хоёрдугаарт, угаасаа энэ асуудал дээр “дотоод” эсвэл “олон нийтэд ил болоогүй албаны мэдээлэл” гэсэн зүйл огт байгаагүй. Гэрээ хийгдвэл хувьцааны үнэ өснө гэдгийг бүгд л ярьж, хүлээж байсан. Гэрээ хийх асуудал Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцүүлж байсан. Олон нийт мэдэхгүй нууц мэдээ гэж огт байхгүй. Тэр бүү хэл 2009 оны наймдугаар сарын 19-25-ны өдрүүдэд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр гишүүд энэ талаар таамаглаж, нээлттэй ярьж байсныг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс бэлхнээ харж болно.

-Хувьцаагаа арай л яараад зарчихсандаа харамсдаг уу?

-Хувьцааны бизнес бол эрсдэл. Цааш өсөх үү, эсвэл буурах уу, өсвөл хэр ихээр, хэр удаан өсөхийг таамаглахад хэцүү. Ийм бизнес хийхийн тулд эрсдэл даах чадвартай, санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэцтэйгээ холбогдсон байх ёстой. Ийм нөхцөлийг хангаагүй хүн хувьцааны бизнес хийх боломжгүй юм. Би өөрийнхөө дааж чадах эрсдэлийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Хувьцаа авах, зарах нь өөрөө албан тушаалын байдлаа ашиглаж хийдэг бизнес биш гэдгийн тод жишээ.

Одоо ч бас “Оюу толгой” ХХК-ийн хувьцааг эзэмшигч TRQ компанийн хувьцаа маш сонирхолтой үедээ байна. Удаан хугацаанд эрсдэл хийх чадвартай, санхүүгийн нөөцтэй хүнд бол боломж харагдаад л байна.

-Хувьцааны бизнес хууль ёсных. Зарим монгол хүн хууль ёсны бизнес эрхлэхээр заримдаа хэрэгт ордог гэдгийг та мэддэг болсон. Харин шалтгаан нь хаана байгааг олж хардаг уу?

-Манай иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг одоогоор хангалттай биш байна. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоод ирэхийн хэрээр мэдлэг, туршлага хуримтлуулаад явах байх.

Хэрэв монгол хүн бүр “Оюу толгой” ХХК-ийн эзэмшигч TRQ компаний хувьцааг эзэмшдэг байсан бол улс төрийн популизм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал ямар хор хөнөөлтэй болохыг маш хурдан ойлгож мэдэх болно. Өндөр хөгжсөн орны иргэд шууд болон шууд бусаар хөрөнгийн зах зээлтэй холбогдсон байдаг. Энэ нь өөрөө хөрөнгийн зах зээлээ дэмждэг, хүмүүс нь баталгаажсан орлоготой байдаг, ингэснээр улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаа ч хангадаг.

Арван жилийн өмнөх Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц сул хөгжсөн, ихээхэн бэлтгэл ажил шаарддаг гэдгийг өнөөдрийн хүмүүс төсөөлөхгүй байгаа байх. Хэн нэгэн монгол хүн энэ зах зээлийг маш их үзэж судлаад, байгаа нөхцөл байдлыг үнэлээд, өөрийнхөө бэлдсэн санхүүгийн дэд бүтцээ ашиглаад, өөрийн хуримтлалаараа эрсдэл хийсэн гэдгийг ухаарч ойлгохгүй байж болох юм. Манай улс жижиг эдийн засагтай, мөнгө багатай орон. Зөвхөн энэ тогоон дотроо сэтгэх хэрэггүй. Дэлхийгээр дүүрэн боломж, мөнгө эргэлдэж байна. Тиймээс тэр бүх боломжийг соргог ашиглаж, дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэж, гаднаас тэр боломж, мөнгө хөрөнгийг оруулж ирж, эх орондоо ашигтайгаар шингээх ёстой гэж боддог.

Өнөөдөр хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт, бизнес хийх боломж арван жилийн өмнөхөөс эрс сайжирсан байна. Залуучууд хөрөнгийн зах зээл дээр үнэхээр сайн ажиллаж байгаа жишээ цөөнгүй байна. Ийм монгол залуучууд олон болох тусам улс оронд хэрэгтэй.

За хууль зөрчөөгүй ашиг хийсэн байлаа гэхэд өөрөө гэрээ хийхэд оролцож байсан мөртлөө толгой компанийнх нь хувьцааг худалдаж авах чинь ёс зүйн асуудал биш үү?

-Энэ талаар бодож байсан. Угаасаа толгой компани нь хувьцаагаа Нью-Йорк, Торонтод дэлхийн хамгийн баян эдийн засагтай улсад гаргасан компанийн хувьцаа эзэмшигч нь өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд л байдаг. Хувьцааны үнэ өссөнөөр тэдний л хөрөнгө орлого энэ явцад улам нэмэгдэнэ.

Монголын орд газар дээр төсөл хэрэгжүүлэхийн тулд ХөОГ хийхэд толгой компанийн хувьцаа өснө, гэхдээ хэзээ, хэдэн хувиар гэдгийг мэдэхгүй ч эрсдэл хийж, тодорхой хугацаанд хуримтлалаа байршуулж удирдах чадвартай, мөн хувьцаа худалдаж авсан монгол бизнес эрхлэгч болгоныг би ёс зүйтэй, жинхэнэ мэдлэгтэй хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд гэж үнэлнэ. Хөрөнгийн зах зээлийг бага ч гэсэн ажигладаг бүх монгол хүмүүс, дээр нь Монголд болж буй үйл явцыг ажигладаг гадны бүх хүмүүс Оюу толгойн хувьцааны үнэ өсөх боломж байгааг мэдэж байсан. Мөнгөө байршуулах гэж байгаа хүний хувьд хамгийн боломжтой үе байсан. Хаа нэгтээ байгаа гадны хөрөнгө оруулагчийн хувьд монголчууд гэрээгээ байгуулах нь ойртож байна гэдгийг мэдэхгүй байж болно л доо. Манайхны хувьд шинэ, санхүү, хөрөнгийн зах зээл дээр бидэнд баталгаатай байгаа энэ мэдээлэлд үндэслэн хөрөнгө, орлогоо нэмэгдүүлж байгаа монгол хүн бүр эх оронч гэж боддог.

Би энэ боломжийг ашиглаж олсон ашгаа тэр даруйдаа Монголд оруулж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан хамгийн том хямралд гүнзгий нэрвэгдсэн манай орноос хөрөнгө оруулагчид валютаа гадагш гаргаж байхад валют Монголд оруулж ирснийг эх оронч үйл ажиллагаа гэж үзнэ биз дээ.

ЭРЛИЙЗ БОЛ УЛС ТӨРИЙН ХОЧ

Одоо, Монголд л хамгийн ноцтой гэгддэг асуултын нэг рүү орлоо. Таныг оффшортой холбоотой баримт бичиг дээр Хятадын Монгол гэж бичсэн байсан гэдэг. Зарим нь өөрөө Хятад, хятадын эрлийз болохоороо тэгж байгаа гэж дайрдаг.

-Юуны өмнө “хужаа”, “Хятадын эрлийз” гэдэг үг Хятад, Монгол хоёрын дундаас төрсөн хүний нэр биш, харин бол монголчуудын дургүй болгондоо зүүдэг хоч болсон. Тэр тусмаа улс төрийн өрсөлдөгчөө “хужаа, эрлийз” болгох сурталчилгаа хийдэг нь гэм биш зан болчихоод байсан.

-Гол нь өөрийгөө хятад гэж бүртгүүлсэн нь үнэн юм уу?

-Ямар ч монгол хүн солио туссан биш юу л боллоо гэж өөрийгөө “хятад” гэж бүртгүүлэх юм бэ? Харамсалтай нь намайг тэгээд бүртгэчихсэн байсныг сүүлд мэдсэн. “Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ” гэдэг шиг л юм болсон. Тухайн үедээ, оффшор компанийг 30 минутын дотор бүртгэдэг Хонконгт байдаг үйлчилгээ үзүүлдэг компани бүртгэлээ хийхдээ Mongolia, China гэчихсэн байсан. Маш олон баримт бичигт гарын үсэг зурахдаа тэр нэг хуудсыг үнэндээ анзаараагүй. Дараа нь 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос материалыг хэвлэж гаргахад анзаарсан. Угаасаа Хонконгийн хятадууд Inner Mongolia, China гэж өөрсдөө олонтаа хэрэглэгддэг Өвөр Монголын нэрийг бичдэг сурсан дадлаараа биччихсэн юм билээ. Ингэж бүртгэл хийсэн компани нь 2013 онд алдаагаа хүлээж улмаар залруулга хийж, уучлал гуйсан захидал ирүүлсэн. Уг захидлын хувийг 2013 онд УИХ-ын Ёс зүйн хороонд өгсөн. Алдаа байсан. Залруулга хийгдсэн. Улс төрийн зорилгоор дайрч байгаа улсад энэ алдаа, залруулга даан ч “хамаагүй” юм даа.

-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум гэснээс, та чинь өөрөө тэдэнтэй очиж уулзаж ярьсан гэдэг байх аа. Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудав гэгчээр…

-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос оффшор компани, данстай холбогдсон бүх хүмүүст хандаж захидал бичсэн юм шиг байгаа юм. Над руу АНУ-ын Вашингтон хот дахь Элчин сайдын яамаар дамжиж холбогдсон. Ер нь энэ консорциумын сэтгүүлчидтэй биеэрээ уулзаж ярилцсан бараг ганц хүн нь би байх аа. Тэр үед би албан томилолтоор Вашингтон хотод ажиллаж таарсан болохоор консорциумын төв байранд очиж тус байгууллагын захирал Жералд Райл, орлогч захирал эмэгтэй Марина Уолкер Гуевара нартай уулзаж ярилцсан.

Надад нуух зүйл, гэмт хэрэг үйлдсэн зүйл байгаагүй учраас яагаад оффшор компани бүртгүүлсэн, юу хийх зорилготой байсан, юу хийсэн талаараа дэлгэрэнгүй тайлбарласан. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр төдөлгүй энэ асуудал “Өөрөө очиж хэргээ хүлээсэн” байдлаар сонин хэвлэл дээр гарсан даа.

-Тэгээд та чинь нуух зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх. Тэгсэн мөртлөө УИХ-ын дэд даргын ажлаа яагаад сайн дураараа өгсөн байдаг юм. Цаанаа л нэг гэмээ хүлээсэн, наманчилсан ч юм шиг…

-Энэ бол цэвэр ёс зүйн асуудал. Яагаад гэвэл би оффшор компаниа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байсан учраас хуульд зааснаас илүүтэйгээр хариуцлага хүлээх ёстой гээд сайн дураараа ажлаа өгсөн. Уг нь тухайн үеийн хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдээллийг дутуу мэдүүлсэн байвал сануулах, цалингийн хувиар торгох зэрэг арга хэмжээ авдаг байсан. Нэлээд олон албан тушаалтанд ийм арга хэмжээ авч, хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчлэн авсан байсан. Миний хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд уг шийтгэлүүдээс илүү өндөр хариуцлага хүлээх ёстой гэж үзээд, ажлаа өгсөн.

-Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг нүүлгэн, Монгол ёсоор нутаглуулах, Их эзэн Чингис хааны хөшөөг Төрийн ордны өмнө залах амаргүй, бас түвэгтэй ажлыг та хариуцан хийсэн байдаг. Эндээс ямар нэгэн эх орноо худалдсан асуудал гараагүй юу. Яах гэж ийм лай ланчигтай юмыг өөртөө үүрч байдаг юм бэ!

-Амаргүй л ажил байсан. 2004-2006 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооны дэд даргаар ажилласан. Их ой тэмдэглэх нөр их ажлын хүрээнд Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө, Төрийн түүхийн музейг байгуулах, Төрийн ордны өнгийг шинэчлэх, Алтан-Өлгийг тохижуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхныг зөөж, шинэчлэн байгуулах, Төрийн ордны арын цэцэрлэгт Төрийн тамганы хөшөө босгох, Ж.Самбуу болон Ж.Батмөнх нарын хөшөө барих хөрөнгө, газар, нэрэмжит болгох зэрэг олон асуудлыг нэг дор цогцоор нь шийдэж байсан.

Улсынхаа төв талбай дээр, төрийн ордноо тойроод баахан шарил бунхантай, түүнийг нүүлгэж шилжүүлэх асуудал зарим улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарч, өвгөд хөгшдийнхөө ясыг өндөлзүүлсэн гээд тухайн үед их л ад үзэгдэж байсан. Ялангуяа бунхныг нүүлгэх тал дээр бурхан бологчдын төрөл төрөгсөдтэй ойлголцох, нийгэмд байгаа хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх, хүний ёсоор хүндэтгэл үзүүлэх, чандарлах зан үйлийг Гандантэгчилэн хийдийн Хамба лам Д.Чойжамц гуай, Бурханч лам Г.Пүрэвбат гуай нарын зөвлөгөө, шууд оролцоотойгоор гардан зохион байгуулж, Монголын түүхээ дээдлэх нарийн асуудлыг уялдуулан зохицуулан, амаргүй сорилтуудыг амжилттай даван туулж шийдвэрлэсэн.

Хамгийн эрхэм дээд үйл маань Их эзэн Чингис хааны хөшөөг мөнхөд оршихын бэлгэдэл гурван цагийн хэлхээнд Төрийн ордны өмнө хүндэтгэлтэйгээр залах, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборыг босгох ажлыг удирдан зохион байгуулсан явдал юм. Монгол хүн болж төрөөд, энэ түүхэн үйл явцыг биечлэн удирдсан ховор хувь заяандаа талархдаг.

-Та ОХУ-д Зөвлөлтийн их өрийн үлдэгдэл 180 сая ам.долларын өрийг хүчингүй болгох хэлэлцээрийг Монгол Улсдаа ашигтай байдлаар хийсэн. Улмаар, оросууд сонирхлоо илэрхийлж байсан Оюу толгой төслийг гуравдагч хөрш-тэй хамтарч хэрэгжүүлсэн. Танд Оросын тал гомдсон юм биш биз. Гучаадхан жилийн өмнө Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг гэмт хэрэг гэж байлаа шүү дээ.

-Үгүй дээ… ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд 17 настай очиж дэлхийг харах нүдээ нээж байсан би Оросын ард түмэнд сайнаар ханддаг. Хашиж байсан албаныхаа дагуу би ОХУ-ын Сангийн сайдтай жил гаруй хугацаанд хэлэлцээр хийж, ҮАБЗ-өөс уг өрийг 70 хувиар буулгаад ирвэл сайн байна гэсэн удирдамжаа давуулж, өрийг 97.8 хувиар хөнгөлж 3.5 сая ам. доллар төлөөд Монгол Улсаа ОХУ-ын өмнө өргүй болгох эцсийн хэлэлцээрийг хийж чадсанаараа бахархаж явдаг. Уг хэлэлцээрийг 2010 онд хийсэн боловч зургаан жилийн дараа 2016 оны эхээр гэрээг ОХУ-ын Думаар хэлэлцэн баталж, Ерөнхийлөгч Путин хуульд гарын үсэг зурсан.

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ОЮУ ТОЛГОЙ ХИЧЭЭНЭ

-Нарийндаа, хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах Оюу толгойн хэлэлцээрийг хийгээд хэлмэгдэж яваа эрлийз юм аа даа?

-Бараг л тэгэх гээд байна. Харин хоёр удаа хилс хэрэгт яллагдаж 461 дүгээр хорих ангид 86 хоног суугаад гарч ирсний дараа гудамжинд таарсан олон хүн гар барьж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан шүү. Тэр ч байтугай “ганц удаа ган хийж, гомдол өгүүлэл тавиагүй” туулаад гарсан, үнэхээр монгол хүн байна лээ гээд огт танихгүй хүмүүс баяр хүргэж хэлж байсан нь их сонин санагдсан.

-Асуудал Оюу толгойд байна уу, Баярцогтод байна уу. Оюу толгойн гэрээнд үсэг зурсан учраас Баярцогт буруудаад байна уу. Оффшороос болоод Баярцогт буруудаж түүнд нь Оюу толгой чирэгдсэн юм уу. Ойлгогдохоо байлаа?

-Энэ асуудлыг энгийнээр тайлбарлахад түвэгтэй. Олон үйл явц, хүчин зүйл, сонирхол давхцаад, ганц талаас нь тайлбарлах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Миний харж буйгаар хэд хэдэн хүчин зүйл үйлчлээд байна.

Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээ бол монголчууд анх удаа бие дааж хийсэн түүхэн хамгийн том гэрээ. Монголчууд бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй, магадгүй энэ занг нь гадны сонирхогч улс, этгээдүүд зорилготойгоор ашиглаж байж магадгүй. Үүнийг үгүйсгэх боломжгүй юм.

Хоёрдугаарт, гэрээ байгуулснаас хойш Засгийн газрууд нь ойр ойрхон солигдож, төрийн институцийн ой санамж алдагдаж, хэрэгжүүлэлтэд тавих хяналт суларч, ямар нэгэн үл ойлголцол, маргаан гарвал өмнөх Засгийн газрууд руугаа асуудлыг (бурууг) “чихдэг”, шийдвэрлэхгүйгээр хуримтлуулан, хүндэрсэн асуудлуудаа дараагийн Засгийн газарт дамжуулдаг буруу зүй тогтол нь явсаар байгаад гэрээний хэрэгжилтийг биш, харин гэрээг хийсэн хүмүүсийг буруутгадаг сонгодог жишээ болоод байна. Гэрээний зүйл заалтыг болон гэрээтэй холбоотой аливаа үл ойлголцол, маргаан гарахад тайлбарыг Засгийн газар институцийн хувьд биш гэрээг байгуулсан албан тушаалтан хувь хүнийхээ хувьд хийдэг байсан нь олон түмэнд хувь хүний гэрээ мэтээр ойлголтыг төрүүлж ирсэн.

Гуравдугаарт, гэрээ байгуулсны дараахь тухайн цаг хугацаанд дэлхий нийтэд баялгийн үндсэрхэг үзэл (re­source nationalism) газар авч, идэвхжсэн үетэй давхацсан. Тийм учраас хэдийгээр уг гэрээний үр дүнд хийгдэж буй бүтээн байгуулалт Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд бодитой шийдвэрлэх хувь нэмэр оруулж байгааг мэдсээр байж гэрээг тодорхой улс төрийн нам, хувь улстөрчид популист маягаар шүүмжилснийхээ “ачаар” удаа дараа сонгогдох, улс төрийн амьдрах насаа нь уртасгах боломжтой болсон. Энэ нь нийгэмд баялгийн үндсэрхэг үзэлд суурилсан популизмыг улам бүр дэврээж, эдийн засгийн бүтээн байгуулалтад саад болж байна.

Дөрөвдүгээрт, ийм их хэмжээний үнийн дүнтэй гэрээг авлига авахгүйгээр хийх боломжгүй гэсэн сонирхогч этгээдүүдийн зүгээс удаан хугацааны турш зохион байгуулалттай хийгдсэн сурталчилгаа нь явсаар олон нийт, улстөрчид болон хууль хүчний байгууллагынхны дунд “гэрээг хийсэн хүмүүс авлига авсан л байж таараа” гэсэн “гаж” ойлголт, итгэл үнэмшил болон тогтсон.

Тавдугаарт, тодорхой сонирхол бүхий улстөрчид болон хууль хүчний байгууллагынхны зүгээс “гэрээг хийсэн хүмүүс нь авлига авсан л байж таараа” гэсэн нийгмийн бэлтгэгдсэн энэ сэтгэл зүйг ашиглан гэрээ хийсэн хүмүүст хилс хэрэг тулгаж шийтгэл оногдуулах, улмаар энэ шалтгийг ашиглан энэ гэрээг хүчингүй болгох, хөрөнгө оруулагчдыг үргээн хөөх, өөр хөрөнгө оруулагчидтай тохирч оруулж ирэх “улстөрчид-хууль хүчний байгууллага-бизнес” гэсэн зохион байгуулалттай бүлэглэлийн сонирхол хүчтэй үйлчилж байна уу даа гэж харагдаад байна.

Уг нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Оюу толгой төсөлд орж ирснээр түүхэнд байгаагүй мега бүтээн байгуулалт хийгдэж байгаа төдийгүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулах үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бодитойгоор хэрэгжиж байгаа билээ.

Эцэст нь хэлэхэд, Оюу толгойн гэрээ байгуулагдахаас нэг жил таван сарын өмнө оффшор бүсэд компани бүртгүүлсэн миний асуудлыг таван жилийн дараа Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум гаргаж тавьсан нь Оюу толгойн гэрээ байгуулагдахтай огт холбоогүй ч гэсэн тодорхой улс төрийн хүчин, улстөрчдөөс “гэрээг хийсэн хүмүүс нь авлига авсан л байж таараа” гэсэн нийгмийн бэлтгэгдсэн энэ сэтгэл зүйг ашиглан хувь хүн рүү болон ХөОГ-рүү дайрах “аятайхан” боломжийг харамсалтайгаар олгосон.

“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдгээр гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа гэрээ хийсэн хүмүүс авлига хээл хахууль аваагүй гэдгийг зөвхөн Монголын биш холбогдох гадаад улсуудын хууль хүчний байгууллагуудын удаан хугацааны хамтарсан болон тус тусдаа хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тодорхой болсон.

Мөн гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа гэрээ, гэрээний хэрэгжилтийн талаар холбогдох яамд, Засгийн газар, Үндэсний аудитын газар, АТГ-ын гаргасан тайлан, танилцуулга, дүгнэлтийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг нэгтгэн дүгнээд, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын 92 дугаар тогтоолыг баталж гаргасан.

Энэ тогтоолын нэгдүгээр заалт нь 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт, өөрчлөлт орсон ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг баталгаажуулж, энэ талаар арван жил үргэлжилсэн хардлага сэрдлэг, маргаанд нэг мөр цэг тавьсан.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдал

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” халдварын талаар цахимаар мэдээлнэ.

11.40 цагт “Пума” зочид буудалд улс төрийн 10 нам, 124 ТББ, 26 мэргэжлийн холбоо нэгдсэн “ШИНЭ” эвслээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлэх талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Тэнгэрийн зам гэх тооцоо судалгаагүй зүйл ярьж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх цаг болсон

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-АН-аас өндөр хүүтэй зээлтэй иргэд, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Коронавирусийн тархалтыг зогсоох, өвчнөөс сэргийлэх ажил чухал. Гэвч цаад талд нь гарч байгаа сөрөг үр дагаврыг тооцох хэрэгтэй. Өнөөдөр ЖДҮ-ийг хааж, зогсоож байгаа нь ямар сөрөг дагавар үүсч байгааг хэн ч тооцохгүй байна. Маш олон ажлын байр хаагдаж, үүнээс улбаалж олон хүн орлогогүй болж эхэллээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хичнээн иргэд байдаг билээ. Манай улсад ядуурал, ажилгүйдэл 30 хувь гараад явчихлаа. Цааш дахин нэмэгдвэл юу болох вэ. Эхний ээлжинд 250-300 мянган иргэн шууд ажилгүй болох эрсдэл хаалга тогшиж байна. Эдийн засгийн болон нийгмийн маш том аюулын харанга дэгдээд байхад Засгийн газар ямар ч бэлтгэлгүй, анхааралгүй байгаад гишүүний хувьд санаа зовж байна. УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаад ажлын байрыг хадгалах, ажил олгогч нарын ажлын байраа хадгалж үлдэх боломжийг дэмжье, иргэдийнхээ цалин орлоготой байх боломжийг дэмжихийн тулд нэн түрүүнд эдийн засгийн арга хэмжээ авах ёстой гэж үзсэн.

-Коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан бусад улс орнууд эдийн засагтаа хэрхэн анхаарч байна вэ?

-Манай улс 2020 оны улсын төсөв батлах явцад маш их үр ашиггүй гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталсан. Дэлхийн том, жижиг гэлтгүй бүх улс оронд зөвхөн коронавирусийн эсрэг хориг арга хэмжээ авахаасаа гадна эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гэдэгт төр засгийн удирдлагуудынх нь толгой өвдөж байна. АНУ гэхэд аж ахуйн нэгжүүддээ нөөцөөсөө эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг батлуулж өгч байна. Герман улс баялаг бүтээгчиддээ 500 тэрбум еврогийн хөрөнгийн эх үүсвэр гаргаж өгсөн. Англид гэхэд л эдийн засгаа зогсоохгүй гэж үзэж байна. Энэ бүгдээс харахад бусад улс орон коронавирусээс илүү эдийн засагтаа анхаараад эхэлчихлээ.

Ерөнхийлөгч төсөв дээр хэрэггүй олон хөрөнгө оруулалтаа тана гэж хориг тавьсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Бид судалгаа хийгээд ажиллахад эхний ээлжинд ямар ч шаардлагагүй 380 гаруй барилга объект байна. Энэ бүхэн аминд тулсан асуудал биш. Үүнийг царцаах нь зүйтэй гэж үзсэн. Нэн тэргүүнд ажлын байраа хадгалъя, баялаг бүтээгч ажил олгогчдын бизнесийг дэмжье гэх зорилгоор хууль өргөн барилаа. Өнөөдөр 5000 орчим ААН зээлтэй байна. Арилжааны банкуудаас дунджаар 100 хүртэлх сая төгрөгийн 20-24 хувийн хүүтэй зээлтэй гэсэн судалгаа байгаа юм.

ингээд эхний ээлжинд 100 хүртэлх сая төгрөгийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд 380 гаруй обьектыг төсвөөс хасаад тэнд зориулах 380-аад тэрбум төгрөгийг шууд ЖДҮ-ийн сан руу шилжүүлэх юм. ингээд Төрийн банкаар дамжуулан одоо зээлтэй байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл олгоё гэж байгаа юм. Шинээр бол зээл олгохгүй. Аж ахуйн нэгжүүдээ хүүгийн дарамтаас гаргая гэх тооцоо төслийг боловсруулж хуулийг өргөн барьсан.

-Төсөвт тодотгол хийнэ гэсэн үг үү. Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж удаа дараа хэлж байгаа…

-Мэдээж төсөвт тодотгол хийж таарна. 6-9 сар бусдын гар харахгүй баялаг бүрдүүлчихсэн. энэ бол түр зуурын хямрал, эргээд эдийн засаг өснө гэж Сангийн сайд ярьж байна лээ. эргээд эдийн засаг өсөх ямар ч нөхцөл харагдахгүй байна. Дэлхийн том сүлжээ бизнесүүд, компаниудын хувьцааны индексүүд бүгд унаж байна. Сүүлийн 40, 50 жил үзэгдээгүй том хямрал бий болчихлоо. Дэлхий нийтээрээ хямарч байхад Монголын эдийн засаг яагаад эргэж сэргэнэ гэж. Сонгуульд зориулсан ийм шоу хийхээ болих хэрэгтэй л дээ. Дөрвөн жилийн хугацаанд маш олон өр зээл төлсөн гэж ярьж байгаа. 2016 онд нэг хүнд ногдох бодит өр 15 сая төгрөг байсан бол өнөөдөр 25 сая төгрөг болчихсон. үнэхээр зээл төлсөн юм бол нэг хүнд ногдох өр яагаад нэмэгдээд байгаа юм. засгийн газрын өр гэхэд дөрвөн тэрбум ам.доллараар өсчихсөн. 1.2 хувьтай байсан инфляци зургаан хувьтай болчихлоо. Өр дараад байгаа юм бол үр дүн нь хаана тусаад байгаа юм. Бодит үр дүнгээр асуудлаа яримаар байна.

-Сонгуулийн жилтэй холбоотой манай эдийн засаг хэрхэх бол?

-эдийн засагт үүсэх нөхцөл байдлаа урьдчилж ярилцъя, шаардлагатай бол Уих-ын ээлжит бус чуулган хуралдуулъя зэрэг саналаа Уих-ын даргад хүргүүлсэн. Ямар ч хариу өгөөгүй. Ингээд бид эдийн засгийн тооцоо судалгааг нь гаргаад эхний ээлжинд баялаг бүтээгч ажлын байр бий болгож байгаа тэр хэсгээ дэмжье гэж байгаа юм. зөвхөн ажил олгогчийг дэмжээд байгаа юм биш. Ажил олгогчийг дэмжсэнээр тэнд ажиллаж байгаа хүмүүс ажилтай, орлоготой байна.

-АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт цахимаар хуралдсан. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Улс төрийн түүхэнд анх удаа манай нам онлайнаар хурлаа хийлээ. Хуралд ҮБХ-ны гишүүд маш идэвхтэй оролцсон. Маш өргөн хүрээнд оролцож, олон саналууд ирсэн. Хурлаар нэгдүгээрт, 2020 оны Уих-ын сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн төсөлд санал авах төслийн хэлэлцүүлгийг явуулсан. Хоёрдугаарт, коронавирустэй холбоотой засгийн газарт өргөн барьсан төсөл хөтөлбөрийн арга хэмжээ, хуулийн төслийг хэлэлцсэн. Гуравдугаарт, АН-ын үндсэн дүрэм түүнтэй холбогдсон зарим нэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдсэн.

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж сонгууль хойшлогдох уу гэх зүйл яригдаж эхэллээ. УИХ-ын сонгууль хойшилбол аль нэг улс төрийн хүчинд ашигтай юу?

-Сонгуулийг хойшлуулах эсэх асуудал нь хуулиараа зохицуулалттай. Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн, онц нөхцөл байдал тогтоосон үед сонгуулийг хойшлуулдаг. Өнөөдөр Монголд онц байдал тогтоох хэмжээний онцгой нөхцөл байдал хараахан үүсээгүй байна. ийм үед сонгуулийг хойшлуулах асуудал ярих нь эрт. Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Улс төрийн зорилготой сонгуулийг хойшлуулна гэж ярьж байгаа зарим нэг улс төрийн нам, улстөрчид байх шиг байна. Ер нь сонгууль хойшилсноор аль нэг улс төрийн нам хожоод байх юмгүй. Хуулийн хугацаандаа сонгууль явагдвал илүү үр дүнтэй.

-Засгийн газраас Тэнгэрийн зам төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан талаар Зам, тээвэр хөгжлийн сайд мэдээлсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-2012-2016 онд АН-ын тэргүүлсэн эвслийн засгийн газрын үед нийтдээ 3000 гаруй км хатуу хучилттай зам тавьсан байдаг. Өнгөрсөн коммунизм, социализмын хугацаанд барьсан нийт замын уртаас илүү урт зам тавьсан. 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон замууд, томоохон төв суурин газар луу тавьсан замууд тавигдаад хэдхэн газар шинэчлэгдээгүй үлдсэн байсан. Баянхонгор, Говь-Алтай аймгийн хоорондын 100 гаруй км зам одоо болтол баригдаагүй. завханы Сонгиноос Увс аймагтай холбосон 120 км зам ноднин ашиглалтад орно лээ. Налайхын 40 гаруй км зам одоо бүрэн дуусаагүй, 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Огт юм хийгээгүй гэж хэлүүлэхгүйн тулд яаран сандран хийсэн. Дарханы замыг хэд ч хуулав. Хичнээн олон хүний амь нас эрүүл мэндийг хохироов. Энд хэн ч хариуцлага хүлээгээгүй. зГхэГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ 2050 онд монгол хүний цалинг 1000 ам.доллар болгоно гэж ярьж байгаа юм. 30 жилийн дараа монгол хүн 1000 ам.долларын цалинтай болох юм уу. ийм үлгэр шиг юм ярьж хэний тархийг угаагаад байгаа юм. Солонгос улс гэхэд нэг хүний хөдөлмөрийн үнэлэмж дунджаар 2000-3000 ам.доллар байна. Гэтэл бид 30 жилийн дараа Солонгосын түвшинд хүрэх юм уу. Ямар ч тооцоо судалгаагүй, ирээдүй рүү тэмүүлсэн тэмүүлэлгүй зүйл ярьж байгаа засгийн газар хариуцлага хүлээх цаг нь болсон.

Тэнгэрийн замын эх үүсвэрээ хэрхэн тооцсон юм. 800 сая ам.долларын эх үүсвэрээр 13 км зам тавина гэж байгаа. Нэг км-т ногдох бодит зардал 60 гаруй сая ам.доллар. Нэг км замыг 60 гаруй сая ам.доллараар барьж байгаа улс орон дэлхийд хаана ч байхгүй. Асуудалд яаж хариуцлагагүй ханддаг гэдгээ харуулсан мэдэгдэл гэж харж байна.


Categories
мэдээ цаг-үе

Х.Наранжаргал: Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт л Засгийн газрын хатуу нөлөөллөөс хамгаалдаг

Глоб Интэрнэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.


-Монгол Улсад сэтгүүл зүй үүсээд 107 жилийг ардаа үлдээжээ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Монголд тогтмол хэвлэл үүсээд 107 жил болж байна гэдэг бол яахын аргагүй тэмдэглүүштэй үйл явдал. Хүнтэй адил Монголын сэтгүүл зүй өгсөх үедээ өгсөж, уруудах үедээ уруудсан. Өнөөдөр манай сэтгүүл зүй хамгийн эмзэг түвшинд оччихсон байна. Сэтгүүл зүй үүссэн нь Монголын нийгмийн соёлд нөлөөлсөн үзэгдэл байсан гэж хэлж болно. 1921 оноос хойш ардчиллын шилжилтийн үе хүртэл бид коммунист сэтгүүл зүйн хэм хэмжээг дагаж мөрдөж ажилладаг байлаа. Иргэн нь төрд үйлчилдэг нийгэмд амьдарч байсан.Тухайн үеийн МАХН-ын жанжин шугамаас хэтэрч болохгүй шүү дээ. Тэгэхээр сэтгүүлч иргэний хүсээд байгаа мэдээллийг өгч болохгүй гэсэн үг. Сэтгүүлчийн эрх чөлөө туйлын хязгаарлагдмал болохоор эргээд иргэний мэдээлэлтэй байх эрх нь мөн хязгаарлагдмал болчихож байгаа юм. Тийм нийгэмд бид амьдарч байсан. Миний хамгийн анхны материал “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж, арван төгрөгийн бичлэгийн шагнал авч байсан юм. Шагналынхаа мөнгөөр ургацын баяр эхэлчихсэн, тэндээс юм аваад гэртээ очиж байсан. Энэ олон жилийн уламжлалтай сэтгүүл зүйд хувь нэмэр оруулж байсандаа өөрийгөө азтай гэж боддог.

-Та Монголын сэтгүүл зүйн сүүлийн 40 жилийн түүхийг бичилцсэн нэгэн. Коммунист сэтгүүл зүйгээс ардчилсан чөлөөт сэтгүүл зүй рүү шилжсэн үйл явц ямар байсан бэ?

-1990 оны дараа бидэнд цоо шинэ сэтгүүл зүйд суралцах шаардлага тулгарсан. Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газраас хоёр хүнийг англи хэлний курст явуулах болж инженер залуу бид хоёр Англид очиж суралцсан. Анх удаагаа хөрөнгөтөн оронд очиж байгаа хүнд юм бүхэн өөр, сонин ертөнц байсан. Тэндээс л анх чөлөөт хэвлэл мэдээллийн зарчим, мөн чанар нь юу вэ гэдгийг мэдэх том боломж олдсон доо. Тэр үед олон улсын байгууллагууд Монголд ирж, ардчилсан сэтгүүл зүйн талаар сургалт явуулж байсан. Ингэж суралцах хугацаандаа BBC-д хоёр долоо хоног дадлага хийсэн. Тэндээс л олон нийтийн өргөн нэвтрүүлгийн сонгодог загвар бол BBC-гийн загвар юм байна аа гэдгийг ойлгосон. Буцаж ирэхдээ нэг том зорилттой ирсэн нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэхийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан. Намайг ирсний дараа Программын захиргааны даргаар томилсон. Энэ нь миний зорилтоо биелүүлэх боломж гэж бодсон. Ингээд радио, телевизийг либералчлах, өөрөөр хэлбэл, Засгийн газрын хяналтад байдаг өргөн нэвтрүүлгийг олон нийтийн өргөн нэвтрүүлэг болгох зорилгоор телевизийнхээ есөн хүнтэй хамтраад хөтөлбөр боловсруулсан. Түүнийгээ Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай, мөн тухайн үеийн улс төрийн намуудад танилцуулсан. Гэвч энэ бол дүрмээр шийдчихдэг зүйл биш, хуультай байх хэрэгтэйг ойлгосон. Тухайн үед П.Очирбат гуай Олон нийтийн хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай хуулийн төсөл санаачлаад ажиллаж байсан. Тэр үйл явц үргэлжилсээр 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсан даа.

Глоб Интэрнэшнл төв төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар ярихгүй юу?

-Би 1995 онд ДАНИДА-гийн “Чөлөөт, ардчилсан хэвлэл” төсөлд ажиллахаар телевизийн ажлаа орхисон. Төсөл амжилттай хэрэгжиж, Монголын талд шилжсэний дараа 1999 онд дөрвөн хүнтэй нийлж, энэ байгууллыг үүсгэн байгуулсан. Манай байгууллага “Мэдээлэлтэй иргэн хүчирхэг” уриан дор стратегийн гурван хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хэвлэл мэдээллийн хөгжлийн хөтөлбөр ба хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг таатай болгох нь энэ хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэ чиглэлээр хорин жил ажиллаж байна. Монгол Улс Үндсэн хуулиараа иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг нь баталгаажуулсан. Манай Үндсэн Хуулийн 10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улс олон улсын хамтын нийгэмэлгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, мөн зүйлийн гурав дахь хэсэгт “Монгол Улсад олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн байгаа. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон манай Үндсэн хуульд нийцсэн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө бид ажилладаг.

-Танай байгууллагыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгээс гарсан гэж сонслоо. Ямар шалтгаан байсан бэ?

-Одоогийн Ажлын хэсгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын А/203 тоот тушаалаар байгуулсан. Үүнд манайхыг урьсанд талархан хүлээж авсан. Анхны хурал дээр би “Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын хэм хэмжээнд нийцсэн хуулийн төслийн төлөө ажиллана. Тийм ч учраас ажлын хэсэг миний үгийг анхаарч хүлээж авна байх” гэж хэлсэн. Урьд нь ОНРТ-ийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөл, өөр бусад тодорхой ажил дээр бид Хууль зүй, дотоод хэргийн яамтай маш үр дүнтэй хамтран ажилласан. Манай судалгаан дээр үндэслэдэг, олон улсын бичиг баримтыг эргэж харахаас эхлүүлээд үр дүнтэй ажилласан ажлууд бий. Гэтэл энэ Ажлын хэсгийн хурлууд дээр санал зөрөлдөж, бидний саналыг хүлээж авахгүй, үл тоомсорлож байсан. Тэгэхээр бид Ажлын хэсэгт ажилласан гэсэн нэр зүүх төдий байхыг хүсээгүй учраас өнгөрсөн сарын 19-нд ажлын хэсгээс чөлөөлөх хүсэлтээ Ц.Нямдорж сайдад хүргүүлсэн.

-Ямар шалтгааны улмаас та бүхэн ажлын хэсгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бэ?

-Дөрвөн үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн өмчлөл, хэлбэрийн асуудал. Хоёрдугаарт, өөрийн зохицуулалт. Гуравдугаарт, мэдээллийн нууц эх сурвалж. Дөрөвдүгээрт, сэтгүүлчдийн эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой. Манай улсын 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлийн 34 тоот ерөнхий тайлбарт, хэвлэл мэдээллийн байгууллагыг олон нийтийн, хүйн, арилжааны гэж гурван үндсэн хэлбэртэй байхаар заасан. Эхний хоёр нь ашгийн бус хуулийн этгээд. Арилжааны хэвлэл мэдээлэл бол ашгийн төлөө компани. Энэ гурван хэлбэрийг төсөлд заасан мөртөө хуулийн этгээдийн хэлбэрийг заахдаа хүйн хэвлэл мэдээлэл нь сан, олон нийтийн радио, телевиз нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна гэж байгаа юм. Хүйн хэвлэл мэдээлэл заавал сан байх албагүй. ЮНЕСКО-гийн тодорхойлолтоор community буюу хүй олон нь газар зүйн байршил, сонирхлоороо нэгдсэн бүлэг гэдэг. Эдгээр бүлэг нийтлэг ашиг сонирхолтой, ямар нэг байдлаараа хүйн холбоотой. Хүй олон өөрсдөө удирддаг, өөрсдөө ажиллуулдаг, өөрсдөө хяналтаа тавьдаг ийм онцлогтой. Дараагийн асуудал нь Олон нийтийн радио телевиз чинь ашгийн бус, тусдаа бие даасан хуулийн этгээд. Үүнийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу одоо байгаагаар Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоотой яаж жишиж, адилтгаж болох вэ дээ. Гагцхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн бүртгэлтэй хуулийн этгээд байж болохгүй нь ойлгомжтой. Хуулийн этгээдийн хэлбэрийг тодорхой болгоё гэвэл, холбогдох хуулиуддаа ашгийн буюу компани, ашгийн бус буюу олон нийтийн, хүйн гэсэн хэлбэртэй байна гэсэн өөрчлөлт хийхэд л хангалттай.

-Сэтгүүлчдийг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох асуудал Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байгаа юу?

-Яг ийм томьёолол төсөлд байхгүй. Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хэвлэл мэдээллийн ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхийг хориглодог. ИБУТЭТОУП-ын 19 дүгээр зүйлийн 34 тоот ерөнхий тайлбарт “Сэтгүүл зүй бол мэргэжлийн, бүтэн цагаар ажиллаж буй сурвалжлагч, шинжээч, мөн блогчид, хэвлэн нийтлэл эрхлэгчдийг хамарсан өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий тогтолцоо, сэтгүүлчдийг лицензжүүлэх нь гурав дахь хэсэгт үл нийцнэ. Сэтгүүл зүй бол чөлөөт мэргэжил юм. Сэтгүүлчдэд батламж олгох, эсвэл хэн сэтгүүлч байхыг тодорхойлох аливаа оролдлого нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй хэрэг. Сэтгүүлч, хэвлэл мэдээлэл ёс зүйн асуудал, өөрийн зохицуулалтаа өөрсдөө хариуцах үүрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг биш” гэж Лондон хотноо төвтэй “19 дүгээр зүйл” байгууллагын Олон улсын хэм хэмжээ хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын зохицуулалтад дурдсан байдаг. Энэ төсөлд хэвлэл мэдээллийн салбарт ажиллах байгууллагуудыг жагсаасан. Тухайлбал, Сэтгүүлчдийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Хэвлэлийн зөвлөл, орон нутагт үйл ажиллагаа явуулах, бусад гэх мэт. Сэтгүүлчдийг ямар нэгэн холбооны гишүүнчлэлтэй байхыг албадах нь хэвлэлийн эрх чөлөөний зөрчил болохын тодорхой нэг тохиолдол нь Америк дундын хүний эрхийн шүүхээр шийдвэрлэсэн Коста Рика улсын жишээ байсан. Үүнд сэтгүүлчдийг мэргэжлийн эсвэл холбооны гишүүн байхыг хүчээр тулгах нь эмзэг асуудал юм. Практик дээр сэтгүүлчид сайн дураараа ийм байгууллагад идэвхтэйгээр нэгдэх, эсвэл өөрсдөө дундаа шинэ бүлэг хэсэг байгуулдаг. Холбоо, үйлдвэрчний эвлэл байгуулах нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пактын 22 дугаар зүйлээр баталгаажуулсан тусдаа хүний эрх юм. Харин сэтгүүлчдийн эвлэл холбоо нь хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулахад тустай, мөн сургалт хийх, гишүүддээ үйлчилдэг ёс зүйн зарчим батлах замаар гишүүдийнхээ мэргэжлийн ба ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэхэд туслах боломжтой.

-Ер нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ямар байх ёстой вэ. Энэ хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг манайхан салбарын хууль, гол хууль гэж яриад байгаа. Энэ бол том эндүүрэл. Хэвлэл мэдээллийн салбарт хамаарахгүй зүйл гэж байхгүй. Сэтгүүл зүй бол чөлөөт мэргэжил. ЮНЕСКО-гоос 2011 онд “Илэрхийллийн эрх чөлөөг хамгаалахад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол” хэмээх бодлогын бичиг баримт боловсруулж хэлэлцүүлсэн практик үр дүнтэй болсон. Энд өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг сэргийлж, засгийн газрын хатуу нөлөөллөөс хамгаалдаг. Хэвлэл мэдээлэл орчноо Засгийн газраас илүү ойлгодог учир зохицуулалтын тогтолцооны хувьд энэ нь үр өгөөжтэй байх боломжтой. Өөрийн зохицуулалт нь эргэх хариуцлагатай, ёс зүйт хэвлэл мэдээллийн хэм хэмжээг салбар нь өөртөө хүлээнэ гэсэн үг. Энэ бол мэдээлэлд ёс зүйн өндөр хэм хэмжээг дэмжих хамгийн шилдэг тогтолцоо. Нөгөө талаас иргэний эрх юм. Иргэн бүр хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай түгээсэн мэдээлэлд хариу өгөх эрхтэй.

-Дэлхийн улс орнууд өөрийн зохицуулалтын үндсэн ямар хэлбэрүүдтэй вэ?

Өөрийн зохицуулалтыг байгууллагын хуулиар байгуулдаг, төрийн дэмжлэгтэй өөрийн зохицуулалт хийдэг, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө нэгдэж, үүсгэн байгуулаад, өөрсдөө санхүүжүүлдэг гэсэн гурван хэлбэртэй. Эхний хэлбэр эрсдэлтэй л дээ. Жишээ нь, Балба улсын Хэвлэл мэдээллийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг бүртгэдэг, үйл ажиллагааг нь зогсоодог гэх мэтээр хэтрүүлсэн эрх мэдэлтэй. Дани бол хоёр дахь хэлбэрийн өөрийн зохицуулалтын тогтолцоотой. Ардчиллын соёл төлөвшсөн улс оронд засгийн газар нь эрх мэдлээ урвуулахгүй. Швед, Германы өөрийн зохицуулалтын тогтолцоо буюу гурав дахь хэлбэр нь манайд илүү тохиромжтой гэж үздэг. Монголын хэвлэлийн зөвлөл 2015 онд энэ хувилбараар байгуулагдсан, амжилттай ажиллаж байгаа.

-Одоо манайд үйлчилж буй хуулиар бол МҮОНРТ-ийн сэтгүүлч л нууц эх сурвалжаа хамгаалах эрхтэй. Үүнийг сэтгүүлчийн онцгой эрх гэдэг. Энэ эрхийг хуулийн төсөлд тусгасантай та санал зөрүүтэй байгаа гэсэн. Үүнийгээ тайлбарлана уу?

-Сэтгүүлчийн нууц эрх сурвалжийн баталгааг тусгасан нь хуулийн төслийн давуу тал. Гэхдээ үндэсний аюулгүй байдал гэх мэт үндэслэлээр заасан илчлэх нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол туйлын эрх биш тул олон улсын хуулиар үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, нэр хүнд, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хязгаарладаг. Гэхдээ заавал хуулиар тогтоох, хязгаарлалтыг зайлшгүй байх, мушгин гуйвуулж хэтрүүлэлгүй хэмжээндээ байх гэсэн гурван талт шалгуур байдаг. Харин нууц эх сурвалжийн хамгааалалт бол хүний халдашгүй дархан байх эрхийн салшгүй хэсэг юм. Өөрийнх нь амь нас, эрүүл мэнд, бусад зүйлд эрсдэл учруулахаас өөрийгөө хамгаалж, нэрээ нууцалсан хүн сэтгүүлчид итгэж мэдээлэл өгдөг. Иймд ганцхан болзол бол нууц эх сурвалж өөрөө зөвшөөрөөгүй бол сэтгүүлч илчлэх ёсгүй. Нууц эх сурвалж илчлэх асуудал зөвхөн шүүх дээр л яригдана. Мөн хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц гэх мэт илүүц тодорхойлолт бас байгаа. Ингээд эцэст нь хэлэхэд, бид Ажлын хэсгээс гарлаа гээд энэ талаар ажиллахгүй гэсэн үг биш. Хуулийн төслийг эцэслээд, олон нийтээс санал авах байх. Тэр үед нь бид хараат бус хуульч, шинжээчдийн ажлын хэсэг байгуулж, албан ёсны санал дүгнэлтээ өгнө. Үүнийгээ Ц.Нямдорж сайдад илгээсэн захидалдаа дурдсан.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Солонго: Онгоцноос буугаад мэхийн ёсолсон нь өөрийн эрхгүй л гаргасан сэтгэлийн минь илэрхийлэл байсан

Honeymoon хамтлагийн дуучин, Маск продакшны жүжигчин Б.Солонготой ярилцлаа. Тэрээр энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн байна.


-Таны биеийн байдал дажгүй юу. Хүнд хагалгаанд орсон гэсэн?

-Одоо бол биеийн байдал маш сайн байгаа. Сэтгэл зүй өндөр байхад ямар ч өвчнийг даваад гарах чадвартай байдаг юм байна. Эх орондоо гэр бүлтэйгээ ойр байгаа болохоор сэтгэл санаа эрс өөрчлөгдсөн.

-Өөрийг тань тусгай үүргийн онгоцоор хүүхэд хөгшчүүлтэй барьцаж ирлээ гэх иргэдийн шүүмжлэл нэлээд ирсэн бололтой. Юуны хагалгаанд орсон юм бэ?

-Олон хүмүүс над руу чиний оронд өөр өвчтэй хүн, хөгшин хүн ирэх байсан юм. Ичдэггүй амьтан гэх мэтээр элдэв зурвас явуулсан. Миний хувьд ёс журмаараа хагалгаанд орсон бичиг баримттайгаа бусдынхаа адил Элчин дээр дугаарлаж явах зөвшөөрлөө авсан юм шүү гэж хэлмээр байна. Гоо сайхны хагалгаа юмуу гэх юм. Олон жил би эрүү шүдний буруу зуулттай асуудалтай явж ирсэн. Яваандаа эрүү далийх аюултай гэсэн оноштой. Нэлээд судалсны эцэст Солонгосын “ID”эмнэлгийн эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон. Ингээд Солонгос руу явахад халдвар одоогийнх шиг тахлын хэмжээнд хүрээгүй байсан учраас хуваарийн дагуу эхний долоо хоног хагалгааны бэлтгэл шинжилгээнүүдээ өгч дараагийн долоо хоногт нь хагалгаандаа орсон. Дээд, доод эрүү хамт орсон учраас хүнд төрлийн хагалгаа болсон. Хагалгаа мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон. Гэсэн хэдий ч хагалгааны дараах хүнд үетэй нүүр тулсан. Шокны байдалтай, дархлаа унаж, амаар дүүрэн оёотой гуурстай учраас хоол унд ч идэж чадахгүй байсан. Биеийн байдал хүнд байхад тахал газар авч эмнэлгээсээ ч гарч агаарт гарах боломжгүй сэтгэл санаагаар унаж эхэлсэн. Ингээд л ирэхээс өөр аргагүйд хүрсэн.

-Онгоцонд ирэхэд хүндрэлтэй байв уу?

-Хүндрэл мэдэрсэнгүй. Зүгээр л маш их догдолж хурдхан л эх орондоо бууж агаараа амьсгалахыг хүссэн.


-Онгоцноос буухдаа ёсолсон хүн та юу?

-Тийм ээ. Өөрийн эрхгүй л гаргасан сэтгэлийн минь илэрхийлэл тэр байсан.

-Яг тэр мөчид юу бодогдсон бэ. Хүмүүсийн сэтгэлд нэлээд хүрсэн, огшоосон байсан?

-Би зүгээр л эх орондоо ямар их хайртайгаа мэдэрсэн. Монгол Улс, монгол хүн, газар шороо, агаар минь ямар үнэ цэнэтэй вэ гэж бодсон. Бас эх орныхоо төлөө ажиллаж байгаа хүмүүсээрээ бахархаж, баярлаж хүндэтгэл үзүүлсэн.

-Өмнө нь төдийлөн анзаардаггүй байсан уу. Өвдөхийн цагт хүмүүсийн бодол бас өөрчлөгддөг шүү дээ?

-Үгүй ээ. Би ер нь их шүтлэгтэй хүн л дээ. Өглөө оройдоо цайныхаа дээжийг бурхан тэнгэртээ өргөчихнө, сэтгэл зүрхэндээ ер нь эх орон, эх дэлхий гээд л их л залбирч явдаг хүн. Үүнтэй холбоотой байх.

-Онгоцонд хамт ирсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар байсан?

-Маш өндөр байсан. Бүгд л их догдолсон байсан даа.

-Гэтэл тантай хамт ирсэн хүмүүсээс вирусийн халдвар илэрсэн. Цочирдсон уу?

-Цочирдолгүй яахав. Би гайгүй байгаа. Ойр байсан хүмүүс нь гайгүй байгаасай. Гэр бүлийнхэн нь санаа зовж байгаа даа. Хурдан эдгэрээсэй гээд л санаа зовсон.

-Та хэдэн удаа шинжилгээ өгсөн бэ. Эмчилгээний заалттай байгаа байх. Үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж авч байна уу?

-Сайн авч байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан болохоор тайван байгаа. Эх орондоо тусгаарлагдсан хүмүүс ядаж л айх аюулгүй амар тайван унтацгааж байна. Янз бүрийн шалтгаанаар гадаадыг зорьсон олноо битгий муулаарай. Амьдрах л гэж хичээцгээж байна. Бидний ард монгол хүнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа төр засагтаа, эрүүл мэндийн салбарынхандаа, онцгой байдлынхандаа, сайхан сэтгэлт ахан дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Амьддаа бие биенээ хайрлая. Энэ хүнд цагийг бид хамтдаа туулж чадна.

-Энэ байдал намжвал та гараад хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна вэ?

-Эндээс гараад би өөрийгөө дахин 10 хоног тусгаарлах бодолтой байна. Тусгаарлагдаж байгаа хугацаандаа кино зохиол бичээд эхэлсэн. Үргэлжлүүлээд бичээд байна даа. Нэг нартай өдөр олонд хүрэх байх гэж найдаж байна. Бүтээл болгохын төлөө ажиллана.

-Сэдэв нь цар тахлын тухай юм биш биз?

-Тэр нууцаа дэлгэвэл давсгүй хоол шиг болчихно шүү дээ.

-Хамтлагийнхан тань хэр холбоотой байна вэ?

-“Маск” продакшин болон “Honeymoon” хамтлагийнхан гээд уран бүтээлчид маань байнгын холбоотой байж сэтгэлийн дэм, урам өгч байна.

-Тайзан дээр эргээд гартал хэр хугацаа шаардагдах бол?

-Биеийн байдал, дархлаа, ясны эдгэрэл хэр сайн байгаагаас шалтгаална. Хэлж мэдэхгүй байна. Аль болох хугацаа алдахгүй, гамаа сайн барьж эдгэж хурдан шинэ уран бүтээлүүдтэй үзэгч олонтойгоо уулзахыг хүсч байна.

-Гэр бүлтэй юү?

-Найз залуутай. Удахгүй гэр бүл болохоор төлөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол эр хүнийг зөвхөн тавь хүртэл наслахаар хүмүүжүүлдэг” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Долоо хоног болгоны даваа гаригт манай уламжлал болон гардаг “Танайд өнжье” буланд Их Явуугийн шавь Чойжилын Дамдиндорж найрагчийнд өнжлөө. I-XIII нүүрнээс унтаарай.

“Хүний эрх шударга ёс” төвийн захирал, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.М.Энхсайханыг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэл 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү гэдэг шиг л сонсогдож байна” хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монгол эр хүнийг зөвхөн тавь хүртэл наслахаар хүмүүжүүлдэг” хэмээлээ.

2020 оны УИХ-ын сонгууль дахь сонгогчдын оролцооны талаар Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа. IV нүүрнээс уншаарай.

Италийн Турин хотод сурч буй оюутан Х.Тэмүүжинтэй тус улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

БНСУ-д дахь Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн П. Майнбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

“Маск” продакшны жүжигчин Ц.Ганзоригтой ярилцлааЖ.Биндэр найруулагчтай учирсан минь амьдралын том бэлэг байсан” хэмээлээ.

“Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, Олонлог сургуулиудын зөвлөх, математикийн доктор Банзрагчийн Баясгалантай ярилцлаа.

“Шар айраг” хамтлагийн ахлагч дуучин Г.Ганхүүтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гэртээ халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

covid-19-н зурган илэрц

Эрүүл мэндийн яамнаас айл өрхүүдэд өрх гэрээ хэрхэн ариутгах талаар зөвлөмжийг өгч байна. Тухайлбал,

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
  • Ахуйн бээлий хэрэглэх.
  • Анхаарах:
    Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
  • Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
  • Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй
Categories
мэдээ нийгэм

Засгийн газар: Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн  эх үүсвэр гаргана

УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, “Коронавирусийн халдварын тархалтын байдал ноцтой болж байна. Засгийн газраас УОК-ийн оруулсан саналыг дэмжсэн. Үүнд,

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгах шийдвэр гаргасан.
  • Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан.
  • Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгасан.

Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа.

Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг III сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана. Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна. III сарын 28-ны 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ” гэв.
Categories
мэдээ спорт

2020 оны гуравдугаар сарын 23-27-ны теле хичээлийн хуваарь

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна

Шинэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна