Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний хар тамхийг хураалаа

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, зарж борлуулдаг зохион байгуулалттай этгээдүүдийг олж тогтоох, баривчлах ажиллагааг тогтмол явуулж, аливаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулагдахаас өмнө хураан авах, таслан зогсоох ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.

2020 оны 02 дугаар сард явуулсан тусгай ажиллагаагаар хар тамхи улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 2, бусдад худалдсан болон худалдахыг завдсан 7 этгээдэд холбогдох 5 гэмт хэргийг илрүүлж, эд мөрийн баримтыг хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэхүү ажиллагааны хүрээнд эд мөрийн баримтаар хураагдсан химийн гаралтай сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсад ашиглагддаг “хүний нэг удаагийн хэрэглээний дундаж тун хэмжээ”-ээр тооцоолоход 2123 хүний 1 удаагийн хэрэглээг таслан зогсоож, хууль бус эргэлтэд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлсэн байна.

Хяналт, шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

50 настай иргэн ачааны галт тэргэнд мөргүүлж амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт нэг хүн амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.03.21-ний өдрийн 15 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Богд сумын 2-р баг /сумын төвд/ “Нарийн худаг” гэх газар шороон замд Mustang-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 40 настай.эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.03.22-ны өдрийн 15 цаг 28 минутын орчим БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 407-р километрийн 4-р зуутад ачааны галт тэргэнд 50 настай, эрэгтэй С мөргүүлж, амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр -1
  • Үл хөдлөх зүйл мөргөх-1 тус тус хөдөлгөөнд оролцжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгджээ.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

​ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзнэ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өнгөрсөн хугацаанд нийт 191 улсад COVID-19 өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн оронд Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна.

Байдал өдөр тутамд өөрчлөгдөж байна.

Тухайлбал, өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хамгийн багадаа хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна” гэдгийг онцлов.

Мөн тэрбээр “Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

Баримтлах дэглэм нь:

  • Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана,
  • Гар утсандаа байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана,
  • Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ,
  • Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой.
  • Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх
  • Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Мөн энэ хүмүүсийг сум, дүүргийн засаг захиргаа болон хүчний байгууллага хамтран гэртээ 14 хоног байхад нь хяналт тавина” хэмээн хэллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Тэрбээр “Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 17-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирж Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Халдвар авсан 10 хүний биеийн байдлын талаар мэдээ өгье.

Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал тогтвортой байна.

Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн.

Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ” гэсэн мэдээллийг өглөө.

ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: COVID-19 халдварын 292,142 тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдэж, нас баралт 12,784 бүртгэгдсэн байна. Африкийн бүсийн дөрвөн улсад шинээр халдвар бүртгэгдсэн бол дэгдэлт эрчимтэй байгаа Европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянга орчим тохиолдол шинээр нэмэгдэж, 1,000 хол давсан нас баралт бүртгэгджээ.

Ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Сургууль цэцэрлэгийг хаах, зорчигч тээврийг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгааг тэрбээр хэллээ.

ДЭМБ-аас Европын бүсэд зориулан гэртээ тусгаарлагдах үедээ дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх заавар гаргажээ.

ДЭМБ-аас батлагдсан хөнгөн, хүнд гээд бүх тохиолдол болон тэдгээрийн бүх хавьтлыг тусгаарлахыг зөвлөж байгаа. Тархалтын дараагийн дараагийн үе шатанд бэлдэхдээ аймаг, дүүргүүд харьяаллын хүн амдаа зориулж хэдэн тусгаарлах байр хаана гаргахыг урьдчилан тодорхойлох ажилыг хийж байна.

“ДЭМБ-ын нэрийг ашигласан цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэд, байгууллагууд “ДЭМБ-аас” гэсэн и-мэйл ирсэн тохиолдолд нягтлан шалгаж, хувийн мэдээлэл, хөрөнгөө алдахгүй байхыг анхааруулж байна.

ДЭМБ-аас халдварын хяналт сэргийлэлт, лабораторийн удирдамжийг шинэчлэн баталсан” гэлээ.

Categories
мэдээ спорт

Олимпын наадмыг гурван сар эсвэл нэг жилээр хойшлуулж магадгүй

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпын наадмыг хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна гэж Их Британийн “The Times” сонин мэдээлэв.

Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Олимпын наадмыг яг гурван сараар эсвэл 2021 оны долдугаар сард болгож хойшлуулж магадгүй байна.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу Токиогийн олимпыг хойшлуулахыг өмнө нь Бахаас хүссэн байна. Түүнээс гадна, Бразил, Колумби, Норвеги, Словени болон Хорватын Олимпын хороо, АНУ-ын Хөнгөн Атлетикийн холбоо, Испанийн хөл бөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 180 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 300 мянга давж, 13 мянга гаруй хүн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 320 га талбай газар шатжээ

Дорнод аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 30 км-т Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба гуравдугаар сарын 22-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 21 иргэн, гурван автомашин, нийт 33 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:00 цагт унтраан тус сумын Засаг дарга Д.Базаргүрд хүлээлгэн өгчээ.

Уг гал түймэрт 320 га талбай шатсан.

Мөн өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж тухайн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Долоо хоногт нэг удаа л хүнсээ цуглуулж, гэрийн хорионд байна


Италийн Турин хотод сурч буй оюутан Х.Тэмүүжинтэй тус улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Европын холбооны улсууд тэр дундаа Италид коронавирусийн халдвар дэгдэж олныг айдаст автуулаад байна. Турин хотод нөхцөл байдал ямар байна вэ?

-Миний хувьд Парма хотод сурдаг. Гэхдээ сая гуравдугаар сарын эхээр тус хотод коронавирусийн тархалт өндрөө авч улаан бүсэд багтсан юм.

Иргэд нь айдас, түгшүүртэй байсан, учраас Туринд ирээд амьдарч байна. Энд хүнсний дэлгүүр эмийн сангаас бусад бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.

Иргэд хүнсний дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ дугаарлаад л 10, 10-аараа орж худалдан авалт хийж байгаа. Сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байна.

Max зарж байгаа дэлгүүр ч тун ховор юм. Гол төлөв гурилан бүтээгдэхүүн л худалдаалж байна. Дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдийн гарыг нь ариутгаж нэг удаагийн бээлий өгч байна.

Гарахдаа бээлийгээ тайлж зориулалтын саванд хаяад гараа ариутгаж байгаа. Дэлгүүр эмийн сангуудад маск алга.

Онлайн дэлгүүрээс л нэг удаагийн маск захиалж хэрэглэж байгаа. Нэг удаагийн маск 50 центээр зарагдаж байсан бол үнэ өсөж 2.5 евро болоод байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа. Цөөн тооны хүмүүс л үйлчлүүлж байсан.

-Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас нь ямар зөвлөмж гаргаж ажиллаж байна вэ. Гаргасан зөвлөмжийг иргэд дагаж мөрдөх тал дээр ямар байна вэ?

-Ирэх сарын 3-ныг хүртэл карантилаад байна. Сая ерөнхий сайд нь карантиний хугацааг үргэлжлүүлж сунгах талаар мэдэгдэж байна лээ.

Энэ хугацаанд онцын шаардлагагүй бол гадуур явахыг хориглосон. Зарим газруудад гадуур яваад байгаа хүмүүст торгуулийн арга хэмжээ авч байна.

Хэдийгээр карентилаад байгаа ч халдварын тоо өдөрт л 3,500 орчмоор нэмэгдээд байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 5,000 гаруйгаар нэмэгдсэн.

Халдвар ингэж өндрөө аваагүй байхад эндхийн хүмүүс коронавируст нэг их ач холбогдол өгөхгүй байсан л даа.

Халдварын 10 гаруй мянган тохиолдол бүртгэгдээд байхад л муур, нохойгоо дагуулсан иргэд гудамжаар олон харагдаж байсан. Маск зүүж өөрийгөө хамгаалж байгаа хүн ч байхгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахдаа хойрго хандсан юм болов уу.

-Коронавирус Италид өндрөө аваад байгаа шалтгааныг өөрсдөө хэрхэн тайлбарлаж байх юм. Ийм цаг үед орон нутгийн хэвлэл юу гэж байна вэ?

-Итали насжилтаараа дэлхийд дээгүүр ордог. Энэ вирус маань ахмад, өндөр настнуудад халтай. Өндөр аваад байгаа нэг шалтгаан нь энэ байх.

Мөн цаг уур байдал нөлөөлж байгаа талаар зарим хэвлэлүүд бичиж байгаа. Энд одоо л дулаарч байна.

Өмнөд Азийн орнуудад коронавирусийн тархалт гайгүй байгааг цаг ууртай нь холбож тайлбарлах хүмүүс ч бас байна. Үүнээс гадна нохой, муур бол италичуудын амьдралынх нь нэг хэсэг. Гэр бүлийн гишүүн шиг ээ авч үзнэ.

Одоо ч гудамжид муур нохойгоо салхилуулсан иргэд олон харагдах юм. Энэ нь ч халдварын тархалтад нөлөөлж байх шиг. Вирусийн тархалттай холбоотойгоор Италийн эдийн засаг ч хүндэрч байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.

-Коронавирусийн халдвар авсан өндөр настнууддаа үйлчилгээ үзүүлж чадахгүй орхиж байна гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ийм мэдээлэл байсан. Нас барж байгаа хүмүүсийн мэдээллийг харахад ихэнх нь 60-аас дээш насныхан байна лээ.

Мөн 2,000 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан байсан. Эрүүл мэндийн ажилтнууд, эмч нар ч нас барсан тохиолдол байгаа.

-Италид хэд орчим монгол иргэн байдаг вэ. Хоорондоо холбоотой байна уу?

-Италид 300 орчим монголчууд байдаг. Вирус газар авахад оюутнуудын маань тодорхой хувь нь нутаг буцсан.

Миний хувьд өрөөндөө тавуулаа амьдарч байна. Долоо хоногтоо нэг удаа гарч хоол хүнсээ бэлтгээд л гэрийн хорионд байгаа.

-Европын зарим улсуудад оюутнуудыг байрнаас нь хөөж гаргаж байгаа тухай мэдээлэл явж байсан. Италид яаж байна?

-Энд оюутнуудыг хөөж туугаад байгаа асуудал алга. Гэхдээ дотуур байранд амьдрах эрсдэлтэй. Дотуур байранд 50-60 оюутан гал тогоогоо дундаа хэрэглэдэг.

Гол төлөв Итали оюутнууд амьдардаг. Өнөө хэд нь италичуудтай өдөр тутам харилцаанд орно. Энэ утгаараа бидэнд эрсдэл нэмэгдэж байгаа юм.

-Та бүхний хувьд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Италийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж гэхээс илүү Монголын Элчин сайдын яамнаас өгч байгаа зөвлөмж болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг баримтлаад өөрсдийгөө тусгаарлаад байгаа.

Монголоос гаргаж байгаа зөвлөмж нь илүү үр дүнтэй гэж харж байна.

Монгол газар зүйн байршлын хувьд БНХАУ-тай хөрш ч тархалтын хувьд бага байгаа нь яамнаас гаргасан зөвлөмж, монголчуудын сахилга баттай холбоотой юм болов уу.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн авч байна вэ. Ямар хүндрэл тулгарч байна?

-Эрүүл мэндийн үйлчилгээ авахад хэцүү байна. Эмнэлгийн байгууллагуудын ачаалал ч эрс нэмэгдсэн. Хувь хүн эмнэлэг рүү явах нь илүү эрсдэлтэй цаг үе ирчихээд байна.

Гадаад оюутнууд 150 еврогоор даатгал хийлгээд, өрхийн эмчээсээ эрүүл мэндийн үйлчилгээ аваад явдаг. Даатгалтай бол эмчилгээний тухайд ч тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг.

-Азиудыг гадуурхах хандлага байгаа талаар мэдээллүүд гарч байсан?

-Коронавирусийн тархалт Азид дэлгэрээд байхад гадуурхах явдал их байсан. Италийн зарим мужуудад Хятадын дэлгүүр, үйлчилгээний газруудыг сүйтгэх тохиолдол гарч байсан.

Хятадуудыг зодсон асуудал гарсан. Бид нарыг гадуурхаад байгаа асуудал алга.

-Монгол Улсын Засгийн газраас тусгай үүргийн онгоц илгээж иргэдээ татаж байна. Итали дахь монголчуудад хүлээлт байна уу?

-Элчин сайдын яамнаас энд байгаа иргэд рүү холбогдож байна лээ. Элчин сайдын яамнаас хэлэхдээ “Монголд тусгаарлах байр хомс байгаа. Ачаалал их, эдийн засгийн байдал хүнд байгаа талаар мэдэгдэж байсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн онгоц Монголоос ирэхгүй” талаар хэлж байна лээ.

Сая тусгаарлагдсан иргэд 14 хоноод байраа чөлөөлнө. Энэ үеэр л бидэнтэй холбогдох юм шиг байна лээ.

Миний орчин тойронд байгаа залуучууд тусгай үүргийн онгоцыг хүлээгээд байгаа зүйл алга. Тусгай үүргийн онгоцонд суух нь энд өөрийгөө тусгаарласнаас илүү эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Онгоцонд суухдаа бид нар хэний хажууд суухаа шийдэж чадахгүй шүү дээ. Тусгаарлагдсан 14 хоногт миний биеийн дархлаа өндөр байгаад вирус илрэхгүй байж болно. Ингэж гэр бүлийнхэн ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулмааргүй байна.

Монголдоо вирус тээж очмооргүй байна. Энд вирусийн дэгдэлт cap орчмын дараа намжина гэсэн тооцоолол байна лээ.

Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаад байх нь зөв шийдвэр гэж харж байна. Тусгай үүргийн онгоцонд суух нь оюутнуудад эдийн засгийн хувьд ч цохилт болж байгаа юм.

Буцах зардалтайгаа нийлээд 4-5 сая төгрөг болж байна лээ. Оюутнуудын тухайд өвчний дэгдэлт гарсан үед ажил хийгээд байх боломжгүй байгаа.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр МАН-ын бага хурал онлайнаар хуралдана

Өнөөдөр МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд онлайнаар хуралдана. УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу улс төрийн намууд хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө боловсруулан батлахаар завгүй ажиллаж байна.

МАН мөрийн хөтөлбөртөө орон нутагт малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, тэтгэврийн реформ хийх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг тусгахаар зорьж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас БСШУСЯ-нд зөвлөмж хүргүүлэв

“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийн талаар АТГ-аас БСШУСЯ-нд зөвлөмж хүргүүлжээ.

Уг төсөлд бусдад давуу байдал олгосон зохицуулалтыг тусгахгүй байх, гадаадад суралцаж, төгссөн иргэдийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг тусгаж, төсөлд тусгай бүлэг болгон оруулах, “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулсан төрийн албан хаагчийг зөвхөн төрийн албанд ажилласан жилийг нь тооцож зээлийг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл, журмыг ялгамжтай байдлаар тодорхой тусгахыг зөвлөжээ. Мөн хуулиас давсан хориглолт, хязгаарлалтын хэм хэмжээ тогтоохоос сэргийлэх, шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч тусгахыг зөвлөсөн байна.

Ташрамд дурдахад Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн дээрх журмын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төсөлд зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөхөөр тусгасан. Мөн эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад таваас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх, иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох, сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргалын ялалтаар өндөрлөв

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотноо ёкозүна Хакүхо М.Даваажаргалын ялалтаар өндөрлөв. Тэрбээр ёкозүна Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар сүмогийн 44 дэх түрүүгээ хүртсэн бол Какүрюү, маэгашира Таканошёо нар 12-3 амжилтаар удааллаа.

Дэлхий нийтийг донсолгон буй коронавирусын халдварын улмаас тус башёг үзэгчгүйгээр явуулсан билээ. Дээд зиндаанд хүч үзсэн монгол сүмочдоос Кирибаяма Б.Лхагвасүрэн сүүлчийн өдөр учраа бөхөө унагаж есдэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил (6-9), Азүмарюү С.Тодбилэг (5-10) нар энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Ийнхүү коронавирусын улмаас спортын бүхий л уралдаан тэмцээнийг цуцалж, хойшлуулж байгаа энэ цаг үед мэргэжлийн сүмогийн тэмцээн амжилттай өндөрлөв. Мөн Токио хотноо долдугаар сард болох болох зуны олимпийн наадмын бэлтгэл ажиллагаанд итгэл найдвар төрүүллээ.


Categories
мэдээ нийгэм

30 сая төгрөгийн азтан 1 шалгарлаа

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2020 оны хоёрдугар сарын 1-29-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 38 сая баримтаас бүртгэгдсэн 26,237,085 баримтыг хамруулжээ.

Тохирлын дугаар 93881173

  • 30 мянган төгрөгийн азтан 23,389
  • 100 мянган төгрөгийн азтан 2,339
  • Нэг сая төгрөгийн азтан 235
  • Гурван сая төгрөгийн азтан 24
  • Таван сая төгрөгийн азтан 3
  • 30 сая төгрөгийн азтан 1 шалгарлаа.

Супер шагналын тохирлын дугаар 35313387 бөгөөд энэ удаагийн тохирлоор ийнхүү супер азтан тодорлоо.