Categories
мэдээ нийгэм

БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд

БНСУ-ын Ерөнхий сайд, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын дарга Чөн Сэ Гюн энэ 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаа Солонгосын хувьд коронавирусын халдвартай тэмцэхэд чухал үе болохыг ард иргэддээ анхааруулж дараах арга хэмжээ авах тухай мэдэгдэв. Манай иргэд анхаарна уу.

1.Хэсэг бүлгээрээ халдвар авах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, бар цэнгээний газрууд үйл ажиллагаагаа 15 хоногийн хугацаанд түр зогсоохыг онцгойлон зөвлөж байна. Зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд холбогдох дүрэм, журмыг ёсчлон мөрдөх, холбогдох шаардлагыг хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглоно. Хэрэв захиргааны арга хэмжээг биелүүлэхгүй бол тухайн обьект байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн бүх арга хэмжээг авна.

2.Иргэд та бүхэн 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаанд олон нийтийн газраар явахаас татгалзахыг хүсье. Мөн өдөр тутмын зайлшгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, уулзалт, аялалыг хойшлуулах болон цуцлахыг хүсье.

3.Халуурах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл ажилдаа явахгүй гэрээсээ албан ажлаа хийх, зайлшгүй ажиллах шаардлага гарвал хүмүүстэй хувийн зай /2 метр/ барьж харилцах зэрэг хувийн ариун цэврийн шаардлагуудыг сахиж мөрдөх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны 77 байршилд хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэлжээ.

Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс хог ангилан ялгах бункерүүдийн байршуулах ажлын явцтай танилцаж, битүү бункерүүдийг гэр хороололд, хог ангилан ялгах бункерүүдийг байшин хороололд түргэн шуурхай байршуулж ажиллах үүрэг өгөв.

Тус ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хог ялган ангилах бункерүүдийг байршуулах ажил 40 хувьтай явж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Монгол Улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдсаар байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулж ээлжит мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж, хилийн хоригууд тавьж байгаагаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдсаар байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 21,000 иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаараа дамжуулан эдгээр иргэнд сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журам, цаг үеийн мэдээг тогтмол хүргэсээр байгаа.

ОХУ гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар импортлогдон орж ирж байгаагийн улмаас гадаадаас ирж буй бүх хүнд өндөр хяналт тавьж, 14 хоног тусгаарлах болсон. Тиймээс иргэд БНХАУ, ОХУ-аар дамжих эх орондоо ирэх боломжгүй болсон” гэв. Түүнчлэн ар гэрийнхэн нь гадаад улсад байгаа иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байхыг уриаллаа.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Алтанбулаг, Цагааннуур боомт дээр үүсэж буй нөхцөл байдалтай танилцах үүрэг чиглэлийг УОК-оос авч дөрөв дэх хоногтоо ажиллаж байна. Энэ үед Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 15-28-ны хооронд 450 зорчигч орж ирсэн.

Тус иргэдэд эрүүл мэндийн асуумж, тандалт судалгаа хийж нэвтрүүлсэнтэй холбогдуулан Дарханд 173 , Сэлэнгэ аймаг 196, Орхонд 86 иргэн тусгаарласан үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Улаанбаатар хот болон томоохон суурин руу тээвэрлэгдэж буй хүнс болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийн том оврын автомашины олон улсын тээвэрлэлтэд хяналт тавьж ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу ажлуудыг хийж байна.

Нийт 60 жолоочийг цагдаагийн хамгаалалт дор хил давуулж буцаасан бөгөөд 4,485,600 ширхэг өндөг, 845,000 тонн хүнсний бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж, лабораторийн дүн шинжилгээ хийн эцсийн ариутгалыг хийсэн.

Дараагийн ажил бол эрүүл мэндийн яамтай хамтраад тусгаарлагдах байран дээр хяналт шалгалт хийж байна.

Мөн АТМ болон, түргэн үйлчилгээний төв, цэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг банк болон тухайн үйлчилгээг явуулж буй байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч зохион байгуулж байна. Холбогдох байдлыг нэгтгэн танилцуулах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг хэрэглэх вэ

Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой. Гараа савангаар угаах боломжгүй үед спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг хэрэглээрэй. Харин гар бохирдож, хиртэй болсон үед, бие зассаны дараа гараа заавал савандаж угаана.

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэж болохгүйг үргэлж санаарай.

Categories
мэдээ нийгэм

Хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоггүй ХОТ” аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн. Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа тухай мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд удаа дараа ирүүлсэн. Эдгээр гомдлын дагуу өнгөрсөн амралтын өдөр /2020.03.21/ Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 байр орчимд үүсээд олон жил болж байгаа Хогийн цэг дээр очиж ажиллалаа.

Энэ үеэр тус хорооны иргэн М.Батбаатар “Энэ хог олон жил энд байсан. Орчны бохирдол үүсгэж байна. Дүүрэгт олон удаа хандаж байсан боловч хог ачилтын машин хүрэлцэхгүй байна гэх зэрэг шалтгаан хэлж, ачихгүй хойшлуулсаар ирсэн. Гудамж талбайд хүүхдүүд тоглох нь байтугай том хүн явахад хүндрэл учирч байна. Таныг хорооны Засаг дарга болон бусад хариуцсан албан тушаалтнуудад хогийн цэг байсан газрыг эргүүлэн өгч хашааг нь буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэдгийг Хотын захирагчид хэлэв.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин “Хог хаягдлыг хорооноос ачдаг. Ачилт хийсэн боловч хөлдүүс нь бүрэн автахгүй байна. 10 байрны олон айлууд энд хог, үнс болон бусад хогоо ил задгүй хаясаар ирсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээг авч байгаа боловч одоогоор шийдэлд хүрээгүй байна. Энд байгаа 00-ыг шууд буулгах боломжгүй байсан учраас холбогдох газар хүсэлт гаргасан” хэмээн ярилаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Хогоо хугацаанд нь долоо хоног бүр ачуул. Хариуцсан хэсгийн ахлагчаа сайн ажиллуул. Эргээд өөрсдөө хяналт тавьж ажилла. Долоо хоногийн дотор энэ 00-ыг буулгах хэрэгтэй. Хог хаях цэгийн газрын асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ. Үлдсэн хог хаягдлыг ачиж цэвэрлэ. Орчин тойрныг цэвэрлэж, халдваргүйжүүл. Энэ ажлуудыг та хариуцаж, хяналт тавьж хийх ёстой” гэсэн үүрэг чиглэлийг хорооны Засаг дарга Д.Энхтүвшинд өглөө. Мөн оршин суугчдад хандан “Цаашид хог хаягдлаа гудамж, зам талбайд ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Амьдарч байгаа газартаа эзэн нь байж хариуцлагатай хандан иргэний оролцоогоо нэмэгдүүл. Энэ дан ганц хорооны асуудал биш иргэд та бүхэн хамтран асуудлаа шийдэх нь чухал” гэдгийг онцолж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавируст халдвар Ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээлэл

Categories
мэдээ нийгэм

Угаалгын машины сэгсрэгчинд гацсан гурван настай хүүхдийг гаргажээ

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны …дугаар байранд гурван настай хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд гацжээ. Энэ дуудлагыг гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж, хүүхдийг эсэн мэнд гаргасан байна.

Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Вирус Европ, АНУ-аас эргээд Ази руу зөөвөрлөгдөх аюул нүүрлэж буйг мэргэжилтнүүд онцолж байна

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн титэм вирусийн халдвар өдгөө дэлхий даяар тархаж, олон мянган хүнийг өвчлүүлээд буй. Энэхүү аюулт өвчний тархалтын түвшин болон цар тахлын бүрэн мэдээллийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх “The Center for Systems Science and Engineering” хүрээлэнгийн https://coronavirus.jhu.edu/ гэх нэртэй цахим хуудаснаас авч болно. Тус сайтад мэдээллийг боловсруулахдаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ, Хятад, Европын мэргэжлийн байгууллагуудын статистик тоо баримтуудыг бодит цагийн горимд ашиглах юм. Шинэ коронавирусийн халдвараар өчигдрийн байдлаар дэлхийн 188 орны 311988 хүн өвчилж, 13407 хүн нас барсан бол 93790 хүн эдгэрчээ. Коронавирусийн халдвараар дэлхийд тэргүүлээд буй Итали улсад сүүлийн нэг хоногт 793 хүн нас барж, энэ тоо 4825-д хүрчээ.

Итали улсад 53578 халдварын тохиолдол бүртгэгдсэн агаад өмнөх өдөртөө нь харьцуулахад 6557-гоор илүү юм. Халдвар анх илэрсэн Ломбарди мужид хатуу хориг тогтоогоод байна. Бямба гаригийн орой тус мужийн гудамж талбайд хөл хөдөлгөөнийг хязгаарлажээ. Ломбарди мужид анх халдвар гарснаас хойш нас баралтын тоо 3095-д хүрчээ.

Италид халдвар дэгдсэнтэй холбогдуулан олон орноос тусламжийн гараа сунгаад байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эмч нарын баг тус улсад газардсан. Тэд халдварын голомт болох Ломбарди мужид ажиллаж байна. Улс оронд нь нүүрлэсэн аюулыг маш богино хугацаанд амжилттай даван туулсан Хятад улс мэргэшсэн боловсон хүчнээ халдвар гараад буй улс орнууд руу илгээсээр байна. Манай хойд хөрш ОХУ-ын цэргийн эмч нар ч тус улсад ажиллахаар бямба гаригт Италийг зорьжээ. Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Италид коронавирусийн халдвартай тэмцэхэд нь тусламж илгээх агаарын хүчний багийг бүрдүүлэх тушаал гаргасан. Үүний дараа Оросын цэрэг-сансрын хүчний онгоцнууд тус улс руу ОХУ-ын цэргийн вирус судлаач, эмч, мэргэжилтнүүдийн хэд хэдэн баг, эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэжээ.

Халдварын дэгдэлтээрээ Европтоо хоёрдугаарт бичигдээд буй Испанид сүүлийн нэг хоногт 5000 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад нийт 24926 хүн өвчлөөд байна. Мөн 1720 хүн “Covid-19”-ээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Мадридын “Реал” хөлбөмбөгийн ерөнхийлөгч асан Лоренсо Санс “Covid-19”-ээр халдварлаж, 77 насандаа бямба гаригт өөд болжээ. Тохиолдлынхоо тоогоор гуравдугаарт ороод буй Франц улсад нэмж 112 хүн нас барснаар энэ тоо 562-т хүрчээ. Тус улсад хоногт 1847 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 14485 хүн уг вирусээр халдварлажээ.

Харин Их Британид сүүлийн нэг хоногт 53 хүн амиа алджээ. Тэдгээр өвчтөнүүд 41-94-насныхан байж. Тус улсын хүнс ба хүрээлэн буй орчны сайд иргэддээ хандан супермаркетуудаас хүнсээ худалдан авахгүй байхыг зөвлөсөн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британид паб, ресторан, кафе, кино театр, зугаа цэнгээний газрууд болон шөнийн клубүүдийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргажээ. Дээрхтэй адил шийдвэрийг ОХУ-д гаргаад байна. Тус улсад коронавирусийн 306 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тэгвэл Швейцарь улсад нийт 6100 тохиолдол бүртгэгдэж, 56 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын Цюррих, Лозанна хотуудад ирэх тавдугаар сард болох байсныг цуцлаад байна. Швейцарьт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж, олон нийтийн газар таваас дээш хүн цугларах, хүмүүс хоорондоо хоёр метрийн зайтай зогсох ёстойг анхааруулсан бөгөөд журам зөрчсөн этгээдийг торгууль ногдуулахаар болжээ. Турк улсад ч мөн халдвар эрчимтэй тархаж, илрүүлэг, оношилгооны ажил эрчимтэй явагдаж байгаа юм. Улс орнууд нислэгээ цуцалж байна. Тухайлбал, Нидерланд улс Испаниас өөрийн иргэдээ татаж авахаас өөрөөр онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.

Тэгвэл АНУ-д хамгийн сүүлийн мэдээгээр 21 мянган иргэн уг өвчний халдвар авч, 266 хүн нас баржээ. Нью-Йорк хотын амбан захирагч халдварын 10 мянган тохиолдол бүртгэгдсэнийг онцолжээ. Зөвхөн Нью-Йорк хотноо 6211 тохиолдол илэрсэн байна. Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлийн бага хурал зарлаж, ард иргэддээ онцын шаардлагагүй бол орон гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Мөн энэ өдрөөс эхлэн Канадтай хиллэх хилээ түр хааснаа зарлав. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс өөрийнх нь нэг туслах коронавирусийн халдвар авсан тухай мэдээллийг баталжээ. Гэхдээ өөрөө болон Д.Трампын аль аль нь халдвар авсан хүнтэй харьцаагүй гэжээ. Ямартаа ч М.Пенс болон түүний гэргийд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд хувийн захидал илгээж, коронавирусийн цар тахал дэгдээд буй энэ үед тусламж санал болгосон тухай мэдээлжээ.

Харин Азийн орнууд “Covid-19” цар тахлын эсрэг тэмцэлд амжилт гаргаж байгаа ч вирус Европ, АНУ-гаас зөөвөрлөгдөн орж ирэх шинэ аюул тулгарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, вирусийн тархалтын идэвхжил өөрчлөгдөж байгаа. Өдгөө Европ халдварын голомт болж байгаа бол Ази эсрэгээрээ оргил үеийг даван туулсан гэж тэд дүгнэжээ. Гэсэн хэдий ч БНСУ, БНХАУ болон Ази тивийн бусад улс оронд коронавирус “импортлогдон” орж ирэх тохиолдлууд нэмэгдэж байна. Тиймээс эрүүл мэндийн салбар үүнд бэлтгэлтэй байхыг анхааруулаад байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Алтанбулагийн боомтыг энэ сарын 28-ны 06:00 цагаас хойш хаана

Image result for дэд хурандаа Б.Дуламсүрэн

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, “Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд хэдэн шийдвэр гаргасан.

-Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг энэ сарын 23-ны өдрийн 20:00 цагт хаана.

-Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтыг энэ сарын 28-ны 06:00 цагаас хойш хаана.

-IV сарын 5-ныг хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах,

-Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан.

Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.

ОХУ-ын Ташанта, Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж хийж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зориулалтын техник хэрэгслээр ариутгал хийгдсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт, маргааш Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ.Гэр хорооллын нарийн гудамжаар орох боломжгүй асуудал гарч халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд дахин очиж халдваргүйжүүлэлтийг давтан хийгдэнэ” гэв.

Гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон болон эзэмшлийн 0,7 га газруудад халдваргүйтгэл хийх ажлыг дүүргүүдийн удирдлагуудад даалгажээ. Гэр хорооллын хог тээвэрлэлтийг сард хоёр удаа хийдэг ба нийтийн байранд оршин суудаг иргэд хогоо ил задгай хаях үзэгдэл их гарч байгаа аж. Тиймээс гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлэх үүргийг Хот тохижилтын газарт өгч ажиллаж байгааг дуулгаад, хогоо ил задгай хаяхгүй, хуваарьт өдрүүддээ хаяхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.

“Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг Н.Баасанжав “Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бодис нь хүний биед элдэв харшил өгөхгүй, ногоон байгууламжийг устгаж сүйтгэхгүй. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн бодисыг ашиглаж байгаа” хэмээн хэллээ. Мөн тэрбээр халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр ариутгал хийлгэхийг иргэдэд сануулсан юм.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгжийн халдваргүйжүүлэх бодисын чанар, үйлчлэх бодисын хэмжээ гэх зэрэг 79 бодисоос дээж авч лабораторид шинжилхэд чанарын шаардлага хангаж дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаарх зөвлөмжийг гаргаж ажиллаж байна” гэлээ.

Хаврын улирал эхэлж цаг агаар дулаарсантай холбогдуулан гэр хорооллын үерийн хамгаалалтын далан сувгууд болон хөрсний бохирдол ихтэй цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа энэ үед коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг хогоо ил задгай хаяж байж хөрсний бохирдол үүсгэхгүй байхыг албаныхан уриаллаа.