Categories
мэдээ нийгэм

Г.Удвал: Томчууд надад хатан хаан шиг л санагддаг

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Г.Удвал буюу охинтойгоо ярилцсанаа хүргэе.


-Миний охин том хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Энэ том хүмүүс ер нь өөрсдийгөө юу гээд бодчихсон юм. Надад хатан хаан шиг л санагддаг. Хүүхдүүдээ зараад л, зүгээр ч зарчихгүй загнаад л.

-Ажилтай хүн болгох гэж тэр шүү дээ?

-Ээж аав нар биш, эмээ өвөө л надад таалагддаг. Ээж аав нь загнахаар өмөөрөөд “Битгий хүүхэд загнаад бай” гэдэг. Би лав хүүхдээ загнадаг ээж болохгүй. Ээж нээрээ хумсаа байнга будаад. “Та олон будаж байна ш дээ” гэсэн чинь, лайтай юм, би хумсаа ч будаж болохгүй юу гэсэн. Уг нь би өөрийнх нь төлөө л хэлсэн юм. Өөрийнх нь төлөө хэлж байгаа юмыг дандаа сөргөөр хүлээж авна. Зөвхөн ээж гэлтгүй, том хүмүүс бүгд тийм. “Хоол хийгээд сурчихгүй манай энэ” гээд л бас загнадаг. Өөрсдөө зааж өгөхгүй байгаа юм чинь би яаж сурахын. Саяхан нэг гурил зуурсан чинь “Ингэж бариач, усыг нь ихдүүлчихлээ, одоо наад чинь нялцгай болчихно, хатуу зуур гээд байхад” гэж ирээд л яршигтай нь аргагүй. Тэгээд өмнүүр ороод өөрөө хийгээд унадаг. Би тэгэхээр яаж ажилтай болох юм. Хэрвээ ажилтай болгох зүтгэлтэй байсан бол аль хэдийнэ хоол хийгээд сурчихгүй юу. Ээж ямар Гэрлээ аниа шиг биш дээ.

-Гэрлээ аниа нь яасын?

-Тэдний хоёр охин найман настайгаасаа хоол хийгээд сурчихсан. Есүй аниа, Санчир аниа хоёр ээж аавыгаа ирэхэд хоол хийгээд ширээгээ засчихаад сууж байдаг гэсэн. Би тийм болмоор байна. Би одоо есөн нас өнгөрөөд явж байхдаа сураагүй юм чинь хэзээ ч сурахын.

-Удахгүй сурна даа, ингэхэд айлын том байх хэцүү юу. Амгалангийн өмнөөс загнуулдаг тэ?

-Айлын том гэдэг азгүй ч юм шиг. Үнэхээр хэцүү, би зовдгийн ш дээ. Зурагтаар хичээлээ хийх болохоор Амгалан удирдлага өгөхгүй, зөндөө гуйж, өөрийнх нь буулгасан бүхнийг цэвэрлэж байж удирдлага авна. Амгалан дандаа л 708 дээр “Мистер Бэн” ч юм уу, хүүхэлдэй нөхчихсөн байдаг. Түүнийг болиулаад зурагт үзье гэхээр уйлаад. Тэгэхээр ээж “Бас яачихав аа, Удвал аа. Битгий наад нэг юм орилуулаад бай л даа” гэнэ, бүгд миний буруу. Ээж болохоор фэйсбүүк ухаад л хэвтчихнэ. Түүнийг нь хэлэхээр “Би та нарт сайхан хоол хийж өгөх гээд жор харж байна” гэдэг. Гэхдээ Мартын 8 болоод эрчүүдийн баяраар хийсэн ээжийн торт, пицца амттай болсон. Бөөрөнхий махтай пицца нь бүр гоё, Амгалан болохоор гахайн махтайд нь дуртай юм шиг байна лээ.

-“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийг сүрхий гэгч уншиж байгаа харагдсан?

-Нэвтэрхий толийн хоёрдугаараас шинжлэх ухааны уламжлал гээд нэг юм олоод уншсан. Сонирхолтой санагдсан. Нэгдүгээрээс нь нийслэл хотын тухай, есөн дүүрэгтэй юм байна гээд бас аймгуудын тухай уншсан. Ингэж уншиж байгааг ээж тоож байгаа ч юм байхгүй. Тань шиг бас дотроо баярладаг юм болов уу. Та хоёр ер нь наад дотроо баярладаг гээд балай юмаа больчихооч. Тэр аймгаас тэр тэр алдартай хүмүүс төрсөн гэж танд хэлэхэд “Аав нь дотроо баярлаад байна” гэсэн. Юу ч гэсэн үг юм. Лав л надад сайхан санагдаагүй. Бусад айлын хүхдүүд тэр толийг тоож уншихгүй байх шүү.

-Юу гэж, уншилгүй яадаг юм?

-Айн, манай ангийнхнаас лав байхгүй. Тэд нар зохиолч ч гэж мэдэхгүй.

-Чи өөрөө зохиолчийн хүүхэд болоод тэр биз?

-Би зохиолчийн хүүхэд биш байсан ч сонирхоно ш дээ. Ямар яршигтай юм бэ. Би ямар сансрын нисэгчийн хүүхэд байлаа гээд сансар сонирхох уу, биш байсан ч би сансар сонирхоод л байна ш дээ.

-Чи Гүррагчаа баатрын овгийг овоо зөв хэлээд сурчихсан байна лээ?

-Жүгдэрдэмидийн гээд үү. Эхлээд би Жүгдгэр гээд байсан л даа. Хэлэхэд ядаргаатай овогтой юм билээ.

-Чиний мөрөөдөл юу юм бэ, аавдаа тодорхой хэлээч?

-Би том болоод хөтлөгч, жүжигчин, эсвэл зураач болдог юм уу. Намайг ганцаараа юу хийж тоглодгийг та мэдэх үү. Гоо сайхны бүтээгдэхүүн зардаг “Шууд ТВ”-гийн хөтлөгч болж, юмаа танилцуулаад сууж байдаг ш дээ(инээв). Дунд өрөөг түгжин ганцаараа яриад, хөтлөгч болж тоглодог. Маралаа, Улаакаа, Үнэнболд, Анужин энэ хэдтэй өвөөгийнд тоглохоор “Чи яг жүжигчин шиг” гэдэг. Би тантай монгол кино таалцсаар байгаад бараг бүх киноны нэрийг цээжилчихсэн.

-Охинтойгоо ингээд ярьсан чинь сонирхолтой байна?

-Та нар ингэж ярьдаггүй ш дээ. Ер нь би өсвөрийн сэргийлэгчид хандана, яадгийм. Тийм юм яваад байгааг мэдэх үү. “Та нар хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй болохоор хүүхдийнхээ юунд дуртайг мэдэхгүй” гээд л. Би өсвөр насанд хүрээгүй. Өсвөр насанд хүүхдийн зан ааш улам өөрчлөгддөг гэсэн, тэвчээрэй дээ. Одоо бол би их тэвчиж байгаа. Улаакагаас аваад хар. Ээж нь загнахаар нулимс нь цийлгэнээд, хийж байгаа юмаа хаяад гүйгээд явчихдаг. Ингэхэд хүүхэд томрохоороо тэнэг болчихдог юм байна. Санчир аниа, Есүй аниаг эмээ өвөө өсгөсөн. Тэгсэн чинь тэр хоёр өвөөгийнд очмооргүй байна гэсэн. Яагаад гэсэн чинь “Биднийг зарна” гээд байгаам даа. Би лав тэгэхгүй, том болсон ч эмээ өвөөдөө очно. Короно гэж балай юмнаас болоод өвөө эмээдээ очиж чадахгүй байна. Короно гараагүй бол ээжтэй ингэж зууралдахгүй, Тэшигт хөдөө сайхан байхгүй юу. Бас айл хэсч чадсангүй. Таныг дагаж дэлдэн өвөө (Ардын уран зохиолч П.Бадарч)-гийнд л очсон.

-Англи хэл сайн сурна шүү, хөөе?

-Та нар дугуйланд явуулахгүй байгаа биз дээ. Гадаад хэлнээс английг бас солонгос, хятадыг сурмаар байна.

Categories
мэдээ нийгэм

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” маргааш тохионо

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Тус өдрийн хүрээнд төрийн болон төрийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэртэй холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах теле хичээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн.

Дашрамд дурдахад он гарсаар эхний гурван сарын байдлаар 11,907 удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт: Хэрэг үүсгээд гурван жил, яллагдагчаар татан хоёр жил болгон олон сараар хорьсны эцэст Нийслэлийн прокурорын газар гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо

Түрүүч нь 055, 056(6421, 6422), 057(6423) дугаарт


-Оюу толгойн гэрээний өнөөгийн байдлыг “Болох ч хэцүү, болих ч хэцүү” гэж дүгнэвэл санал нийлэх үү?

Юу гэсэн үг вэ? Өдий болтол хүнд бэрхийг туулаад, болж бүтэх нь харагдаад ирсэн төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоол гарахаас өмнө, эмхтгэлийн анхны хэвлэлийг гаргахдаа Оюу толгойн бүтээн байгуулалттай холбоотой үүссэн өнөөгийн нөхцөл байдлаас гарах арга замын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн.

2009 онд уг ХөОГ-г хийж байх үед урт хугацаанд нэг мөр зохицуулах хууль эрх зүйн болон улс төрийн орчин, нөхцөл нь бүрэлдээгүй байсан учир 2010 онд Сангийн сайд, 2015 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа миний бие Ашигт малтмалын тухайн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулж, хувь эзэмшилгүйгээр АМНАТ (роялти)-ыг нэмэгдүүлэх зарчмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Монголын тал Оюу толгой төслийн тодорхой хувийг заавал эзэмших ёстой гэсэн тогтсон сэтгэлгээг даван туулж уг төслөөс хүртэх Монголын талын бодит өгөөжийг чухалчилбал дээрх зохицуулалтын дагуу татвар болон АМНАТ (роялти)-аар өөрийн өгөөжийг 53 хувиас буулгахгүйгээр үл барам нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай ХөОГ-ний дагуу хэлэлцээр хийсний үр дүнд төслийн үргэлжлэх хугацаанд нэг мөр, тогтвортой шийдэх боломжтой гэж байр сууриа илэрхийлсэн. 2009 оны ХөОГ-г хэрэгжүүлэх явцад шинээр хийгдсэн зарим гэрээг, тухайлбал 2015 онд байгуулсан Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь УИХ-ын 92 дугаар тогтоолын 2 дугаар заалт болж орсон. Уг тогтоолын 3 дугаар заалтад “Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах”-аар Оюу толгойн төсөлтэй холбоотой асуудлыг нэр мөр шийдвэрлэх өргөн боломжийг Засгийн газарт олгосон. Ийм өргөн боломжийн хүрээнд Оюу толгойн төслийн асуудлыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийн, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна.

-Монголын эдийн засгийн хөгжлийг Оюу толгой төслөөс өмнө ба хойно гэж харьцуулж харж болохоор харагдаад байна л даа. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Монголын эдийн засгийн сүүлийн 100 жилийн түүхийг харвал Эрдэнэт, Оюу толгой гэсэн хоёр том ордтой холбохоос өөр аргагүй. Оюу толгойн гэрээ зурагдахаас өмнө “ганц саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэртэй л байлаа. Тэлж байгаа эдийн засгаа тэтгэх чадамж нь улам хумигдсаар байсан. Дараагийн шинэ, хөгжлийн түүчээ нэн шаардлагатай үед гарч ирсэн нь Оюу толгой болсон. Оюу толгойн гэрээ зурагдсан өдрөөс эхлээд л Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж эхэлсэн. Нэгэнт сөхөрч эхэлж байсан манай эдийн засагт энэ төсөл гэрэл гэгээ, найдвар болж орж ирснийг бид үгүйсгэж болохгүй байх. Оюу толгой төсөл хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улсын томоохон татвар төлөгч. Монгол Улс төсөвт төлсөн мөнгөөр нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөө тавьж байна. Өнөөдөр Оюу толгой Монголын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байна уу гэвэл тийм. 2019 оны эцсийн байдлаар Оюу толгой төсөлд 10.3 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Татвар, хураамж хэлбэрээр нийт 2.6 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад зориулж манай дотоодын аж ахуйн нэгжүүдээс 3.1 тэрбум орчим ам.долларын худалдан авалт хийсэн байдаг.

Оюу толгойн уул уурхайн хөрөнгө оруулалт жил бүр эрчимтэй нэмэгдэж, 2011 онд ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал маш эрчтэй орж ирсэн. Дагаад уул уурхайгаас бусад салбарын хөрөнгө оруулалт ч ихээр орж ирсэн. Тэр жил Монгол Улсын түүхэнд хамгийн том хэмжээний буюу 4.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдэж байсан юм. Эдийн засгийн өсөлт 2009 онд хасах 1.6 хувь байсан бол ердөө хоёр жилийн дараа буюу 2011 онд энэ үзүүлэлт нэмэх 17.3 хувьд хүрч, Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хөрөнгийн зах зээлийн хамгийн эрэлттэй улс болж байсан.

Олон улсын санхүүгийн байгууллагууд, нэр хүнд бүхий 15 банкны 4.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн үндсэн дээр Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2016 онд эхэлсэн. Ийнхүү санхүүжилт олгох болсон нь уул уурхайн нэг төсөлд олгосон хамгийн том санхүүжилтийн нэг болсон. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулан гадаад санхүүжилтийн эх үүсвэрииг татах, зардлыг бууруулахад эерэгээр нөлөөлж, Монгол Улсын нэр хүндийг өсгөсөн.

Дээр дурдсанчлан эдийн засагт бодитой мөнгөн дүнгээр нөлөөлөхөөс гадна шууд бус өгөөжийн асуудал бас байдаг. Аливаа хөрөнгө оруулалтад энэ өгөөжийг “investment multi­plier” буюу “хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө”-гөөр тооцдог. Оюу толгой төслийн хувьд үржүүлэгч нь хоёр буюу нэг ам.долларын хөрөнгө оруулалт манай эдийн засагт хоёр ам.долларын өгөөж өгдөг гэсэн эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаа ч байдаг. Үүний нөлөөгөөр эдийн засаг тэлэх учиртай. Хөрөнгө оруулалт, менежмэнтийн туршлага, ноу-хау, соёлыг Монголд авчирч байна. Олон тооны ажлын байр бий болгож байна. Үндсэн 3000 ажилтан тогтмол ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалтын шатанд гэрээт, туслах ажилтан гээд нийт 17.0 мянган хүн ажилласан гэж тоо байсан. Нэг хүн ардаа 3-4 хүн тэжээж, амьдрал ахуйгаа тэтгэж байгаа. Ажилтай, орлоготой болохоор дагаад хүний амьдралын чанар дээшилнэ. Уул уурхайн том төсөлд нэг ажлын байр бий болоход дагалдаад арван ажлын байр бий болдог гэж үздэг. Дагаад бусад салбарууд хөгжинө. Монгол залуус дэлхийн өндөр техник технологи дээр ажиллаж, ур чадвараа экспортлох боломжтой болж, эхнээсээ гадаадын томоохон уурхайнуудад уригдан ажиллаж байна. Дэлхийд хоёрт орох уул уурхайн том компани Монголд ажиллаж байгаа нь бусад компаниудад Монголд итгэх итгэлийг бататгаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна гээд шууд бус дам нөлөө асар их байгаа. Оюу толгой төслийн үр өгөөж нь цаашдаа тогтвортойгоор өсөн нэмэгдэж, ирэх хэдэн арван жилийн туршид улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур төслүүдийн нэг байх болно.

ТӨГСГӨЛ. Заримшийдвэр хүчингүй БОЛСОн ч…ЗОхиОМж үргэлжилсээр

-Та нарыг буруутган хэрэг үүсгэсэн зарим зүйл ангийг прокуророос хүчингүй болгосон гэж дууллаа.

-Харин тэгсэн. Ерөнхий сайд С.Баярыг 60 хоног, намайг 73 хоног хорихдоо “Оюу толгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож их хэмжээний хохирол (8 их наяд) учруулсан” гээд 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн 5-12 жилийн ялтай зүйл ангиар, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2-8 жилийн ялтай зүйл ангиар 2017 онд хэрэг үүсгээд Нийслэлийн прокурорын газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхлэн яллагдагчаар татсан. Харин дээрх шийдвэрээ Нийслэлийн прокурорын газрын хяналтын гурван прокурорын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хүчингүй болгосон байна.

-Прокурор өөрөө үүсгэсэн зүйл ангиа өөрөө хүчингүй болгож байна гэсэн үг үү?

-Хэрэг үүсгээд гурван жил, яллагдагчаар татан хоёр жил болгоод, улмаар олон хоног сараар цагдан хорьсны эцэст Нийслэлийн прокурорын газар өөрсдийнхөө хоёр жилийн өмнө гаргасан шийдвэрийг өөрсдөө хүчингүй болголоо. Үнэхээр энэ хугацаанд Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, УУХҮЯ, Сангийн яамны зэрэг олон ажлын хэсгүүд олон жил, сар ажиллаж, тайлан дүгнэлтүүд гаргасан. УИХ Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн талаар асуудлыг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Оюу толгойн ХөОГ 2009 онд байгуулагдахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэрээ хийсэн, хийсэн хүмүүс нь авилга, хээл хахууль авсан гэсэн 10 жилийн хардлага сэрдлэгэд нэг мөр цэг тавилаа. 2009 оны ХөОГ-г Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсдаа ашигтай хийсэн гэдгийг Монгол Улсын төр засаг, хууль хүчний байгууллага ХөОГ-г хүчин төгөлдөр болсны 10 жилийн ойн босгон дээр дахин баталлаа.

-Та нарыг буруутгасан гол үндэслэл хүчингүй болжээ. Хэрэг явдал ингээд зогсох болов уу, эсвэл “нэгэнт аваачаад хорьчихсон юм чинь ямар нэг юм олж тохохгүй бол шүүх прокурорынхон шараа болно” гээд цаашаа үргэлжлэх болов уу?

-Одоо бол тэгж харагдахаар байна. Оюу толгойн хэрэг хэмээх сүүлийн гурван жил сүр дуулиан болсон хэрэг хүчингүй болж хаагдлаа. Гэсэн хэдий ч АТГ, прокурорын газраас заавал ямар нэг зүйлээр буруутгаж шүүх рүү явуулах сонирхол үнэхээр байна. Надад 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр яллагдагчаар татсан анхны тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоолыг гуравдугаар сарын 5-ны өдөр танилцуулсан. Үүнтэй зэрэгцээд яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан хоёр тогтоолыг хамт танилцуулсан. Тэр хоёр тогтоолын нэг нь албан тушаалаа ашиглаж хувьцаа худалдан авч олсон ашгаа Монголд оруулж одоог хүртэл мөнгө угааж байгаа хэмээн буруутгаж 2019 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр намайг яллагдагчаар дахин татаж 13 хоног хорьж хэлмэгдүүлсэн.

Ингэж буруутгах шалтгаан нь мөн л Монгол Улсад хохиролтой Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн байсан. Гэтэл энэхүү үндэслэл нь буруу байсан гэдгийг өөрсдөө ойлгоод хүчингүй болгосон ч яллах тогтоолоо хүчингүй болгоогүй. Одоо уг тогтоолыг харвал хуулийн ямар ч үндэслэлгүйгээр “хувьцаа худалдаж авсан нь” Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэсэн байгаа.

-Мөнөөх “С.Зоригийн хэрэг”-ийн далбаан дор “Казиногийн хэрэг” илрүүлээд, улмаар нэр бүхий гишүүдийг шоронд хийж, зарим нь нас барсантай адил үйл явдал давтагдах шиг санагдаж байна.

-Зүйрлэн дүгнэх эрхийг уншигчдад үлдээе. Харин биднийг “холбогдуулсан” хэрэг зүгээр зохион бичлэг шиг өрнөж байгааг бүгдээрээ харж байна. Ер нь манай АТГ, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс сайн хуульчид, мэргэжилтнүүд байх, гэхдээ үнэхээр зах зээлийн эдийн засгийн талаарх мэдлэг мэдээлэл нь тун хомс юм байна гэдэг нь энэ хугацаанд тодорхой харагдаж байна. Хөрөнгийн (үнэт цаасны) зах зээлийн талаар бүр ярих ч юм биш. Энэ үнэхээр Монголчууд бидний хувьд шинэ төрлийн эдийн засгийн харилцаа учраас мэдээлэл, мэдлэгийн дутагдал нийтлэг байна. Энэ хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр ойлголт мэдлэг цаашдаа сайжрах байх. Өнгөрсөн гурван жилд, мөрдөн шалгах хугацаанд нэг ч удаа хөндөгдөж байгаагүй, надтай огт холбоогүй хувийн хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээг намайг сайд байхдаа хийсэн гэж хилсээр тулгаад нэг асуудал нэмчихсэн байх жишээтэй. Хувийн хоёр компанийн хоорон дахь гэрээг Монгол Улсын төрийн ямар ч албан хаагч хийдэггүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой, илэрхий зүйл шүү дээ. Энэ нь яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлэхээс хоёрхон хоногийн өмнө нэмсэн цоо шинэ зүйл байсан. Уг асуудлаар мэдүүлэг, тайлбар, гомдол огт авч байгаагүй. Зохиомжийнх явц нэг иймэрхүү л байна.

-Нийтлэлч Баабар “Монгол Дело” гэсэн цуврал бичээд, гаргаж байгааг харсан байх. Манай түүхийн зохиомол “Дело”-нуудын туршлагаас харахад, “нэг нь биш гэхэд, нөгөө нь таарах байлгүй” гэх байдлаар олон хэргийг хүнд тохож ирсэн харагддаг. Ийм ч учраас “Яг цагааддагийн даваан дээр тээр жилийн зуднаар үхүүлсэн, нэгдлийн өнчин ишигний хэрэг гарч ирээд ачигдав аа, хөөрхий” гэж хэллэг ч гарсан байдаг.

-Анх 2017 онд АТГ-ын нэг мөрдөгч мэдүүлэг авч байх үед, “би хүний нэр дээр байгаа байшингийн суурь худалдаж аваад, үргэлжлүүлэн барьж байгаа барилга нь дуусаагүй байгаа” гэхэд, нэгдүгээрт, хүний нэр дээр байгаа, хоёрдугаарт, дуусаагүй барилгыг та мэдүүлэх шаардлагагүй гээд миний мэдүүлэгт тусгаагүй. Гэхдээ энэ нь видео бичлэгт нь үлдсэн байгаа. Гэтэл хоёр жилийн дараа өөр нэг байцаагч нь “байшингаа хүний нэр дээр гаргаж хөрөнгө, орлогоо нуусан байна” гэж үзээд 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хилсээр яллагдагчаар татсан байдаг юм. Энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Мөрдөгчид нь зохион байгуулалттай тоглолт хийгээд “ямар хамаагүй өнчин ишиг” олох гээд байгаа юм уу, бүү мэд. Уг байшинг барьсан хөрөнгийн эх үүсвэр нь манай гэр бүлийн компаниас 100 хувь төлөгдсөн. Компанийн ашиг орлого байшингийн зардлаас хэд дахин их байгааг татварын болон аудитын тайлан, АТГ-аас хөлсөөр ажиллуулсан шинжээч аудиторуудын тайлан, дүгнэлтээс бэлхэнээ харагдаж байгаа.

Мөн 2007 онд гэрээ хийгээд 2009 онд төлбөрийг нь хийж дуусгасан, 2010 оноос хойш байнга Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичиж танилцуулж байсан байрыг 2015 оны Эрүүгийн хуульд орсон “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн заалтын буцаан хэрэглээд л яллаж байх жишээтэй.

-Бараг л “Өвөг эцэг нь том хувилгаан байсан асуудал сөхөгдөв” гээч болох нь ээ?

-Үнэхээр ойлгохгүй байна.

Ер нь манай хууль, хүчний байгууллагынхан зах зээлийн эдийн засгийн талаар, тэр тусмаа олон улсын гэрээ, хөрөнгийн зах зээлийн талаар огт мэдлэг, мэдээлэлгүй байж хүн яллах шийдвэрүүд гаргаж байгаа нь харамсалтай. Оюу толгойн гэрээг хийх улс төрийн шийдвэрийг гаргасан, хэрэгжүүлсэн хүмүүсийг ингэж зохиомлоор хэрэгт түлхэх хэний сонирхол вэ?

-Хөндлөнгөөс харахад, ялын тогтоолыг бэлтгэчихээд түүндээ таарах хэрэг эрж байна уу гэж хардмаар ч юм шиг санагдаж байна.

Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолд 14 хоногийн дотор дээд шатны прокурорт өргөдөл гаргаж болно гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа. Гэтэл 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Пүрэв гарагт АТГ дээр танилцуулчихаад ажлын хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 9-ний өдөр даваа гаригт яллах дүгнэлт үйлдсэн байсан.

2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тус хоёр тогтоолд ажлын гурван өдөрт багтааж (14 хоног дотор гаргах ёстой) 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдоржид хуулийн дагуу эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос “яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн учир яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгохоос татгалзаж байна. Улсын Ерөнхий прокурорт гурван хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэсэн хариуг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу болон Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 4/649, 4/650 албан тоотуудын дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан байгаа.

Дашрамд хэлэхэд “зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэсэн том ял тулгаад гурван жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нэг ч удаа түүнтэй холбоотой мэдүүлэг, тайлбар авч байгаагүй юм. Тэгээд хэрэгсэхгүй болгосон.

Үүнийг хуульчид, та нарт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлаар хэрэг давхар үүсгэхийн тулд зориуд ийм хүнд зүйл ангийг хамт тулгасан. Монгол УИХ, Засгийн газраа зохион байгуулалттай гэмт бүлэг хэмээн ялладаг ямар ч тэнэг хуульч байхгүй гэж хэлдэг байсан.

Гурван жил гаруй сүр дуулиан болгож мөрдөн шалгаж байж яллах дүгнэлтээ гаргахаас ажлын хоёр хоногийн өмнө огт хөндөж яригдаж байгаагүй, надтай огт холбоогүй асуудлыг намайг хийсэн мэтээр хилсээр нэмж яллаад мэдүүлэг, тайлбар авалгүйгээр шууд шүүхэд яаран шилжүүлж байгааг үнэхээр ойлгохын аргагүй байгаа юм. Ардчилсан Монгол Улсад хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэсэн хүний эрхийн суурь зарчмыг хүндэтгэж, шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Сонирхолтой сэдвээр, нээлттэй ярилцсан танд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл мэнд, эдийн засаг хоёрыг эн тэнцүү байлгах хэрэгтэй бололтой

Коронавирус дэлхий даяар дэгдэж, 168 улсад тархан 8800 гаруй хүний амь насыг авч одлоо. Зарим улс оронд коронавирусийн дэгдэлт ид үргэлжилж байгаа учир энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өчигдөр БНХАУ-д коронавирусийн нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Итали улс 475 хүнээ алдсан харамсам мэдээтэй байлаа. Дэлхийн зарим улс орнууд коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрнэ гэж огтхон ч төсөөлөөгүйн дээр хор уршгийг нь хөнгөнөөр үнэлсэн учир ийнхүү барьц алдаж байх шиг. Нөгөө талаар тэд эдийн засгаа балалчих вий гэсэндээ өнгөрсөн хоёр сар гаруйн хугацааг алдчих шиг боллоо.

Ямартаа ч өнөөдөр Баруун Европ коронавирусийн голомт болчихлоо. Энэ үед тэдний эрх баригчдын мэдэгдлүүд хамгийн их сонирхол татаж байна. Испанид л гэхэд өндөр настнууддаа эмнэлгийн тусламж үзүүлэхээ больж, залуусаа л эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхээр шийдсэн. Герман улсын канцлерь Ангела Меркель герман хүн бүрийн халдвараас сэргийлэх зарчимд олон хүний дунд орохгүй байх, өндөр настнууд зэрэг эмзэг бүлгийн хүмүүстэй ойр харилцахгүй байхыг дурдсан.

Англи улс өвчин бол хүмүүсийн л асуудал, бид эдийн засгаа л нэгдүгээрт тавина хэмээсэн. Харин АНУ эрүүл мэнд, эдийн засагтаа тавь, тавин хувийн анхаарал хандуулах бодлого барина гэдгээ илэрхийлсэн юм.

Ингээд харахад аль нэг тал руу хэлбийх нь амьдралд нийцэхгүй юм шиг, эдийн засгаа л авч үлдэнэ гэх байр суурь нь харгис мэт сонсогдож байна. Гэхдээ энэ бол дэлхий дээр тэсч үлдэх гэсэн арга яах аргагүй мөн. Эдгэх магадлалтай, ажиллах хүчийг бүрдүүлэх залуусаа эмчилж, тэдний хүчээр эдийн засгаа өндийлгөж, урагшлуулахыг тэд зорьж байгаа хэрэг. Тэртэй тэргүй насны эцэс болсон хөгшчүүдийг эмчилж, эдийн засагтаа ачаа нэмэхгүй гэсэн санаа. Эдгэлээ ч тэд ажил хийж, улсад татвар төлөн эдийн засагт нэмэр болох биш гэж харж байгаа нь гарцаагүй биз. Тэдний байр сууриас ийм бодлого баримтлагдаж байгаа нь уншигдаж байна.

Дээрээс нь хөгжингүй орнууд эдийн засгаа нэн тэргүүнд анхаарах болсон шалтгаан нь иргэдийнхээ амьжиргааг таслахгүй байх явдал. Олон ядуу хүмүүс энэ дэлхий дээр үлдвэл тэд тахал гарсан үгүйгээс үл шалтгаалж үхэх л болно. Өлсөөд, хоолоо булаацалдаж дайтаад, эм тангаа авч, өөрийгөө тордож чадахгүйгээр л талийна. Харин тэдний оронд ажилтай орлоготой, амьдрах чадвартай нь үлдвэл хамгийн наад зах нь эм тангаа авч, шим тэжээлтэй хоол унд олж идэж, эрүүл мэндийн дэглэмээ сахиж, эмх замбараатай байж чадна. Тиймдээ ч иргэд ажил орлоготой байж чадвал хорогдол гарлаа ч бид цааш удаан “алхана” гэж үзэж байгаа бололтой.

Манай улсын хувьд эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьсан. Бид хоёр сар гаруйн хугацаанд хөл хорионд байлаа. Энэ нь иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон алхам болсон ч эдийн засгаа гаргуунд нь хаясан үйлдэл болов. Өвчний дэгдэлт гаралгүй хоёр сар тэссэн ч сүүлийн үед эрсдэл улам нэмэгдсээр байна. Гадны улс орнуудаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор зөөсөөр л байна. Өнөөдрийн байдлаар тэдгээр иргэдийн дундаас коронавирусийн зургаан тохиолдол илрээд байгаа юм.

Засгийн газрын зүгээс эдийн засгийн асуудлыг огт хөндөхгүй байсан бол энэ үед ярьж эхэлж байна. Эдийн засгийн асуудлыг ярья гэсэн ч яриад байх зүйлгүй болсон юм л даа. Эдийн засгийн хувьд 90 хувийн хамааралтай оршдог урд хөрш маань өвчиндөө баригдаж, бүхий л талаараа зогсонги байдалд орчихсон байхад бид юу ч ярих билээ. Тиймдээ ч бид эрүүл мэнддээ л онцгой анхаарал хандуулах шив дээ. Харин одоо БНХАУ-ын нөхцөл байдал хавьгүй дээрдэж, хөдөлж эхэлж байна. Манайх энэ л үед эдийн засаг, эрүүл мэнд хоёроо эн тэнцүү авч явах хэрэгтэй бололтой. Коронавирусийг хянаж болдог тахал гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлж байгаа. Иймд бид хувийн зохион байгуулалт, сахилга баттай байж, эрүүл мэндийн дэглэмээ дагаж мөрдөн өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Мөн эдийн засгаа орхигдуулахгүй байх шаардлагатай байна. Аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, уурхай, үйлчилгээний газрууд бүгд ажиллаж, эрүүл мэндийн дэглэмээ ч сахих хэрэгтэй хариуцлагатай цаг үе иржээ. Урьдынх шиг цалгар, назгай ажиллаж, өвчин тусвал тусна л биз гэж гэдсээ илээд хэвтэх аргагүй болж, бүгдээрээ огт өөр ойлголт, дэглэмтэйгээр ажиллах хэрэгтэй байна.

Ер нь коронавирус эрдэмтдийн хэлж байгаачлан дараа дахин гарч болзошгүй, маш хорлонтой өвчин. Тэгэхээр цаашдаа энэ мэт тахлууд байн байн дэгдэж дэлхийн хэм хэмнэлийг өөрчлөх шинжтэй байна. Одоо гэхэд зан заншил, амьдралын хэв маяг, наргих цэнгэх, уулзаж учрах гээд бүхий л зүйлсийг өөрчилчихлөө. Олуулаа цугларах аливаа үйл ажиллагаа асар эрсдэлтэй болж хувирлаа. Үй олноороо цуглаж бүжиг, наадам хийж, үзвэр үйлчилгээ үздэг цаг ч ард хоцрох нь. Энэ мэтчилэн бид огт төсөөлөөгүй хэв маяг руу шилжихэд ойрхон ирээд байна. Орчин үед том хотуудыг задлах нөхцөл байдал ч үүсэв үү гэлтэй. Дэлхийн хөгжингүй томоохон хотууд руу шуурч, тэндээ амьдрахыг эрмэлздэг байдал ч дуусч байх шиг байна. Түүний оронд олон жижиг хотуудад тархан суурьшиж, дор дороо довоо борлуулж амьдрах цаг ойртсон бололтой. Хоорондоо хянаж болохуйц хэдхэн сувгаар харилцдаг болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Илүү эмх замбараатай, сахилга баттай байж гэмээнэ хүн төрөлхтөн вирусийг тэсч үлдэх магадлалтай болж байна. Цаашид хүн төрөлхтөн тэсч үлдэх гэвэл эдийн засгаа ч авч явах, эрүүл мэндээ ч хянаж байх ганцхан зам үлдэж байх шиг байна. Тэгэхээр манай орон ч мөн адил эрүүл мэнддээ тавин хувь анхаарч, эдийн засгаа ч тавин хувь анхаарах нь л зөв гарц бололтой.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг тогтмол хүргэж эхэллээ

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ.

Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.

Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.

Categories
мэдээ цаг-үе

О.Анхтуяа: Испани хүүхдүүд ази хүнийг харахаараа“Вирус, вирус” гээд л холуур тойрч өнгөрдөг болсон

Европын улс орнуудад коронавирусийн халдвар өндөр хурдтай тархаж байна. Халдварын тохиолдол, нас баралтаараа Итали, Испани улс тэргүүлж байна. Испани улсад амьдардаг монгол иргэн О.Анхтуяатай холбогдож нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-БНХАУ-аас эхлэлтэй коронавирусийн халдвар Европын улс орнуудад маш хурдтай тархаж байгаа мэдээллийг бид өглөө бүр авч байна. Тэр дундаа Испани улсад халдварын тархалт өндөр байна. Тухайн улс оронд ямар нөхцөл байдалтай байгааг тодруулж өгөхгүй юу?

-Би испани улсын нийслэл Мадридад амьдардаг. Энд коронавирусийн хамгийн тархалттай мужид орж байгаа. Тиймээс карантин зарласан. Эхний ээлжинд олон нийтэд цалинтай амралт өгсөн, гэртээ байна. Гадуур зорилгогүй явж болохгүй. Цагдаа, цэргийн хамгаалалт өндөртэй учраас шалгуулж, цаашлаад торгуулах ч эрсдэлтэй байгаа. Энд одоо хүнсний дэлгүүр, эмийн сангуудаас бусад үйлчилгээний газрууд бүгд хаалттай байна.

-Испанийн Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Одоогийн байдлаар энэ асуудал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байгаа учир компаниуд удаан хугацаагаар цалингүй амраах боломжгүй болж улсын шийдвэрийн дагуу ажилтнуудаа түр хугацаагаар халж байгаа.

Мөн улсаас 2020 оны сүүл хүртэл ажилгүйдлийн мөнгийг 90 хувь болгож өсгөсөн. Испани улс өөрөө аялал жуулчлалаар мөнгө олдог улс. Энэ үед ёстой дампуурч байна. Тэр их ажилгүйдэл ч үүнээс үүдэлтэй байх.

-испанид хэчнээн монгол иргэн амьдардаг вэ. тухайн улс дахь гадаад иргэдийн асуудал ямар байх юм?

-Яг хэчнээн иргэн энд амьдардгийг нарийн мэдэхгүй юм. Учир нь Монголын Элчин сайдын яам, Консул гэж байдаггүй. Миний мэдэж байгаагаар 500 орчим монгол хүн амьдардаг болов уу гэж бодож байна. Хууль ёсоор амьдардаг хүмүүст хуулийн дагуу ерөнхийдөө адил замаар тусламж үйлчилгээ нь очдог. Тиймээс бид ч бас хүсэлтээ өгөөд ажилгүйдлийн мөнгө зэргийг авах боломжтой.

-Европын зарим улс орныг харахад ази хүмүүсийг гадуурхах хандлагатай байна. Испанид нөхцөл байдал ямар байгааг хэлж өгөөч?

-Одоогийн байдлаар гадуурхалтын талаар сонсогдоогүй байна. Хятад, Солонгост ид дэгдэх үед бол хүмүүс зайгаа авч, муухай харах явдлууд их гардаг байсан. Хүүхдүүд нь вирус вирус гээд холуур гүйж яваад л, метронд хүмүүс нь холуур явах тохиолдол гарч байсан.

Испанид монголын элчин сайдын яам, Консул ажилладаггүй. Энэ тохиолдолд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө, монгол улсын талаарх мэдээлэл, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хаана хандах вэ?

-Испани дахь монголчуудын фэйсбүүк хуудас болон таньдаг хүмүүс хоорондоо мэдээллээ хуваалцдаг. Мөн Монголд болж байгаа үйл явдал, мэдээллийг интернэтээс голдуу авч байна. Одоогоор бол монгол иргэдийн эрх ашиг зөрчигдсөн зүйл сонсогдоогүй байна.

-Испани улс нас баралтаараа Европын улсуудаас хоёрт жагсаж байна. халдвараас хамгаалах орчин нөхцөл, мэдээллээр хангаж чадаж байна уу?

-Уг нь одоогоор карантинд байгаа учир гадуур маш цөөн хүн явж байгаа. Хүн дор бүрнээ өөрийгөө хамгаалж маск зүүж, бээлий өмсөж байна. Телевиз, интернэт, мессэж бүх зүйлээр гэр орны ариутгалын талаар сануулж байна. Автобус, метронууд өдөр бүр үйлчилгээнд гарахын өмнө ариутгалд хамрагдаж байгаа гэсэн. Мөн ихэнх хүмүүс гэрээсээ ажлаа хийж байна гээд их л зүйл хийж байна. Миний бодлоор карантинаас өмнө анхаарал тавихгүй их хожимдож арга хэмжээ авч эхэлснээс л одоогийн энэ их эрсдэлд хүрээд байна. Удахгүй халдвар авах хүний тоо багасаад ирэх байх гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Нас барж байгаа хүмүүсийн хувьд ахмад настнууд голдуу байна. Мадридад хоёр том ахмад настны асрамжийн газраас олон тооны хүн халдвар авч, нас барсан. Тийм газруудаа одооноос л анхаарч эхэлж байгаа.

-Эмч мэргэжилтнүүдийнх нь гол зөвлөж байгаа зүйл юу байна вэ?

-Гэрээсээ гарахгүй байх, гараа маш сайн угаах, гэрээ ариутгалын бодисоор цэвэрлэхийг зөвлөж байгаа. Гадагшаа гарсан тохиолдолд маск зүүж нэг удаагийн бээлий өмсөх, хүмүүсээс нэг метрийн зай барьж явах, хэрэв өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гадагш гарахгүй утсаар холбогдохыг анхааруулж байна.

-Хамгийн хүнд зүйл юу байна вэ?

-Ихэнх хүмүүст ажилгүй болж орлогоо алдаж байгаа нь маш их санаа зовоосон асуудал болж байна. Ялангуяа монголчууд маань хөлсний байранд амьдардаг учраас цалингүй удаан байвал төлбөрөө төлж чадахгүй болно гэж айж байна. Дээрээс нь вирус намжсаны дараа ч эдийн засгийн хямрал болох магадлал маш өндөр учир ажлын байрны олдоц багасах эрсдэлтэй байгаа.

Монгол улс хилийн чанад дахь иргэдээ эх орондоо авчирсаар байгаа. Испани дахь монголчууд эх орондоо ирэх хүсэлтэй байна уу. Тэд ирэх боломж байна уу?

-Боломжтой хүмүүс нь эндээ амьдралаа болгоод явж чадна гэж бодож байгаа хэсэг хүмүүс байгаа. Гэхдээ бас Монголдоо очих гэсэн хүмүүс ч байна. Яг одоогоор сайн мэдэгдэхгүй юм. Энэ хэвээрээ удвал Монгол явах хүмүүс их гарч ирэх байх. Гэхдээ Элчин сайдын яам, Консул байхгүй учир эх орон руугаа явъя гэсэн ч хурдан шийдэгдэх боломж хомс болов уу.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэдэнбал: Би 29 сарын цалингаараа хохирлоо

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал нэг өрөө байрны цалинтай таван жил тоглоод нэг өрөө байр авах гэрээг “Улаанбаатар Сити” клубтэй байгуулаад байсан юм. Гэвч клубийн зүгээс түүнийг хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцлахыг шаардаж, дарамталсан учраас тэрээр өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлаад буй. Харин түүний 29 сарын хөдөлмөр үнэгүйдэж магадгүй нөхцөл байдал бий болчихоод байгаа аж. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Өнгөрсөн 29 сарын хугацаанд “Улаанбаатар Сити” клубийн зүгээс танд ямар нэгэн байдлаар мөнгөн урамшуулал олгож байсан тохиолдол бий юү?

-Анх 2017 онд “Улаанбаатар Сити” клубтэй гэрээ хийхдээ “Улаанбаатар Сити” клубт таван жилийн хугацаатай тоглоно. Цалин нэг өрөө байр” гэж тохиролцсон. Үүнээс гадна, хэрвээ “Улаанбаатар Сити” клуб Үндэсний дээд лигт түрүүлбэл 10 сая төгрөг, хоёрдугаар байрт орвол таван сая төгрөг, гуравдугаар байрт орвол гурван сая төгрөгийн урамшуулал олгоно гэж гэрээнд заасан байдаг. Өнгөрсөн 29 сарын хугацаанд “Улаанбаатар Сити” клуб Үндэсний дээд лигт түрүүлсэн учраас 10 сая төгрөгийн урамшууллыг авсан. Өөр, ямар ч мөнгө аваагүй. Уг нь миний байр “цалин” гэх тодотголтой явж байсан. Гэвч гэрээгээ цуцлах үедээ байрыг нь буцаан өгсөн.

-Таныг “Байраа суллаж өг” хэмээн дарамталсан гэсэн. Тэд таныг ямар хэлбэрээр дарамталсан бэ?

-Би Улаанбаатар Сити клубт тоглосон 29 сарын хугацаандаа ямар нэгэн байдлаар гэрээнд заасан зүйл заалтыг зөрчөөгүй, мөн ямар ч ёс зүйн алдаа гаргаагүй. Гэтэл багийн эзэн Г.Дашням өөрийнхөө сошиал хаягаар “байраа өгөөд багаас яв, гэрээг чинь цуцална шүү” гэх мэт үйлдлүүд, мессэжүүдийг олон удаа ирүүлж байсан. Мөн хуульч нь утсаар залгаад “Байраа хураалга, наад асуудал чинь Дашням та хоёрын хоорон дахь асуудал. Наад байр чинь гэрээнд ямар ч хамааралгүй” гэх мэтээр дарамталсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан.“Жи Мобайлыг ярьсангүй. Жи Мобайлтай холбоотой пост шейрлэсэнгүй. Чи зөвхөн хөлбөмбөгийн холбоогоо магтдаг, клубээ ерөөсөө ярьдаггүй” гэх зүйлсийг багийн удирдлагууд ярьдаг. Миний хувьд, боломж гарсан тохиолдолд аль алиныг нь л дурдаад, магтахыг хичээдэг байсан.

-Та “Улаанбаатар Сити” клубтэй байгуулсан гэрээнийхээ асуудлаар шүүхэд хандах боломжгүй болсон гэсэн. Яагаад ийм нөхцөл байдал бий болчихов?

-Шүүхээр заргалдахаар дор хаяж хоёр жилийн хугацаа зарцуулах шаардлагатай болно. Энэ хугацаанд хөлбөмбөг тоглох боломжгүй нөхцөл байдал үүснэ шүү дээ. Одоо би 32 настай. Тэгэхээр хоёр жилийн дараа дахин бэлтгэл хийгээд хөлбөмбөг тоглоно гэхэд маш хэцүү. Уг нь надад “Улаанбаатар Сити” клубтэй хийсэн гэрээгээ цуцлаад, өөр багт орсныхоо дараа энэ асуудлыг үргэлжлүүлэн шүүхээр заргалдъя гэсэн бодол байсан. Тэгээд багийнхаа удирдлагуудтай очиж уулзахдаа “Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас танай шаардлагыг хүлээж аваад нэг өрөө байрыг чинь буцааж өгье өө, би багаасаа гармаар байна, гэрээгээ цуцалж өгөөч” гэсэн албан бичгийг өгсөн. Тэд “Ийм албан бичгэнд манайх гэрээг чинь цуцлахгүй ээ.Харин чи, өөрийн хүсэлтээр багаас гарлаа, ямар нэгэн нөхөн төлбөр авахгүй, мөн гомдолгүй гэсэн өргөдөл бичээд өгчихвөл гэрээг чинь цуцалъя” гэсэн хариуг ирүүлсэн. Би тэдний шаардлагыг бодож үзээд, хүссэнийх нь дагуу өргөдөл бичиж өгөөд гэрээгээ цуцлуулсан. Гэрээгээ цуцлуулахын тулд “Би өөрийн хүсэлтээр багаас гарлаа, ямар нэгэн нөхөн төлбөр авахгүй, надад гомдол байхгүй” гээд өргөдөлдөө биччихсэн болохоор шүүхэд хандлаа гэхэд миний талд шийдэгдэх боломж маш хэцүү. Миний хувьд, Олон Улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоонд хандах л боломж бий. Тиймээс эдгээр газрууд руу өргөдлөө явуулахаар төлөвлөж байгаа.Ийм асуудлаас хол байж л хөлбөмбөг хөгжинө.

-Та албан бичгээ Олон Улсын хөлбөмбөгийн холбоо руу хэзээ явуулах вэ?

-Би энэ сарын 9-нд “Улаанбаатар Сити” клубтэй хийсэн гэрээгээ цуцалсан. Өчигдөр л дараагийн клубтэйгээ гэрээгээ хийлээ. Тиймээс ирэх долоо хоногт албан бичгээ Олон улсын хөлбөмбөгийн холбоо руу илгээнэ ээ.

-Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд хандсан тохиолдолд уг маргаан таны талд шийдэгдэх магадлал хэр их байгаа гэж та үзэж байна вэ?

-Нарийн зүйлсийг яг сайн мэдэхгүй байна. Ямартаа ч олон улсын хөлбөмбөгийн холбоо руу явуулахаар бүх бичиг баримтуудаа орчуулаад бэлдчихсэн байгаа. Яаж шийдэхийг харж л байя.

-Таны гэрээнд “Хэрвээ хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцалсан тохиолдолд хэрхэх талаар” тодорхой тусгасан ямар нэгэн заалт байсан уу?

-Тийм заалт байгаагүй. Би анх маргаан үүсэхэд “Би ямар нэгэн байдлаар гэрээгээ зөрчөөгүй байхад яагаад намайг багаас гаргана, гэрээг чинь дуусгана гэж байгаа юм бэ, яагаад миний байрыг хураана гэж байгаа юм бэ, миний гэрээг цуцалсан юм уу, гэрээг маань цуцлаагүй бол би гэрээгээ шинэчилмээр байна, надад энэ асуудлаар тодорхой хариулт өгөөч ээ” гээд энэхүү хүсэлтээ албан бичгээр нэгдүгээр сарын 30-нд клубийн удирдлагад хүргүүлсэн. Энэхүү албан бичигтээ “Хоёрдугаар сарын 3-ны дотор надад хариу өгөөч ээ” гэж бичсэн боловч энэ хугацаанд ямар ч хариу өгөөгүй. Үүний дараа уулзъя гэсэн хүсэлтийг нэлээд хэдэн удаа тавьсан боловч уулзаагүй. Би хоёрдугаар сарын 5-нд Монголын хөлбөмбөгийн холбоонд, энэхүү асуудлыг шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Улмаар тэр өдөр анх олон нийтэд энэ асуудлаар мэдэгдсэн байгаа.

-Улаанбаатар Сити клубийн эзэн Г.Дашням Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг. Тэгэхээр Г.Дашням багийнхаа дотоод асуудалд ер нь оролцдог юм болов уу?

-“Улаанбаатар Сити” клубийн гүйцэтгэх захирлаар нь Р.Золбаярыг томилсон. Гэхдээ багийн эзэн нь Г.Дашням шүү дээ. Тэгэхээр шууд оролцохгүй гэсэн ч ямар нэгэн байдлаар багийнхаа дотоод асуудалд оролцох л байх гэж бодож байна. Г.Дашням өөрөө “Одоо би юу ч мэдэхгүй ээ. Золбаяртай учраа ол” гэх тайлбарыг өгч байна лээ.

-Та Золбаяртай уулзсан уу?

-Р.Золбаяртай уулзсан. Р.Золбаяр гэрээний нарийн асуудлыг мэдэхгүй л дээ. Г.Дашням л энэ асуудлыг шийдэх байх.

-Та өмнө нь гэрээгээ мэргэжлийн хуульчаар дүгнүүлж байсан уу?

-Би гэрээгээ хэд хэдэн хуульч нарт үзүүлсэн. Тэд хэлэхдээ, таны гэрээнд Монгол Улсын зарим хууль тогтоомж зөрчигдсөн заалтууд байна. Жишээ нь, гэрээнд байрны талаар ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Хаана байгаа, ямар хэмжээтэй гэхчлэн тодорхой мэдээлэл байгаагүй. Байрны гэрчилгээний хуулбар нь байхгүй. Тэр байрны гэрчилгээ хэний нэр дээр байгаа талаар ч мэдээлэл алга байсан. Тэгэхээр энэ гэрээгээ нэн тэргүүнд шинэчилж, стандарт хангасан гэрээг хийх шаардлагатай гэсэн зөвлөгөөг хуульчид өгч байсан. Уг зөвлөгөөний дагуу, багийн удирдлагад гэрээгээ шинэчлэх шаардлагатай байна гэх хүсэлтийг тавьсан боловч, хариу ирүүлээгүй.

Би анх гэрээг хараад дутагдалтай зүйл олон байна гэж бодож л байсан. Гэхдээ Г.Дашнямыг “Магнай трейд” группийн захирлын хүү, мөн Жи мобайл гэх том компанийн захирал учраас нэг өрөө байран дээр янз бүрийн асуудал гаргахгүй өгчих байх гэж итгэж байсан.

-Тэр байрандаа суудаг байсан уу?

-Тэр байранд өнгөрсөн 29 сарын хугацаанд манай эгч байсан. Алтай хотхоны эсрэг талд байрлах “Тэлмэн” хотхоны байр. 29 м.кв хэмжээтэй байр байсан. Энэ сарын 9-ний өдөр суллаж өгсөн. Гэрээгээ цуцлаад л байраа суллаж өгсөн дөө.

-Энэ сарын 16-нд солилцоо наймааны цонх хаагдана. Уг давчуу хугацаа таныг гэрээгээ яарч цуцлуулахад нөлөөлсөн үү?

-Солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө “Улаанбаатар Сити”-гээс гарч чадахгүй бол дараагийн солилцооны цонх нээгдтэл өөр багт орж чадахгүй байх байсан. Тиймээс хугацаа давчуу байлаа. Би хөлбөмбөг тоглохыг хүсч байна. Энэ асуудлаас болж хөлбөмбөг тоглохгүй баймааргүй байна.

-Та дараагийн багтайгаа гэрээ байгуулж амжсан уу?

-Би өчигдөр Эрчим клубтэй таван жилийн гэрээг байгуулсан. Эрчим маш сайн бэлтгэл хийдэг баг. Би ойрын хоёроос гурван жилийн хугацаанд өндөр түвшинд тоглохын тулд маш сайн бэлтгэл хийдэг багт орох шаардлагатай. Эрчим клуб байнгын өндөр түвшний формтой байж чаддаг, сахилга бат сайтай баг.

-Цалингүй амьдарна гэдэг маш хэцүү шүү дээ. Өнгөрсөн 29 сарын хугацаанд ямар санхүүгийн эх үүсвэрээр амьдралаа залгуулж байсан бэ?

-Өнгөрсөн 29 сарын хугацаанд “Улаанбаатар Сити” клубийн төлөө хүчин зүтгэхдээ цалингүй л тоглосон. Би жижигхэн хувийн бизнес эрхэлдэг. Түүгээрээ л амьжиргаагаа залгуулж байлаа.

-Та “Улаанбаатар Сити” клубт хүчин зүтгэсэн хугацаандаа хэр сайн тоглосон гэж өөрийгөө дүгнэх вэ?

-“Улаанбаатар Сити” клуб байгуулагдаад дөрвөн жил л болж байна. Энэ богино хугацаанд Үндэсний дээд лигт түрүүллээ, мөн цомын тэмцээнүүдэд түрүүлсэн. Мөн анх удаагаа AFC Cup тэмцээнд оролцох эрхээ авсан. AFC Cup тэмцээнд оролцох нь Г.Дашнямын маш том зорилго байсан. Тиймээс миний хувьд, энэ багт тоглохдоо чамлахааргүй том амжилтыг гаргасан л гэж боддог.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Ангийнхныхаа талаар дурсах сайхан

Цаг хугацаа гэдэг харвасан сум шиг л өнгөрдөг ажээ. 2013 оны намар ХИС-ийн сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимд элсэн орсон тэр цаг хугацаа саяхан юм шиг тод санагдана. Бид 1-24 гэх нэршил дор Монгол Улсын өнцөг булан бүрээс цуглаж, хувь заяаны эрхээр ч юм уу нэг анги болсон. Сэтгүүл зүй, сэтгүүлч гэх эрхэм мэргэжлийг дур сонирхлоороо сонгон авч, ХИС гэх их айлын эд эс нь болж эзэмшсэн мэргэжил болоод ангийн хамт олноороо бахархан сууна.

ЭРЧҮҮД ТӨВТЭЙ АНГИ

Манай анги эрчүүд төвтэй. Сэтгүүл зүйн анги бүр есөн хөвгүүнтэй байгаад байдаггүй шүү дээ. Тэр болоогүй бүгд спортлог. Салбар сургуулийнхаа сагс, волейболын шигшээ багийг манайхан бүрдүүлчихдэг байсан юм. Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж, сургууль, тэнхим, их сургуулиудын хоорондох тэмцээн гээд 10 гаруй медаль хүртжээ. Ангийнхнаа спортоор манлайлдаг байсан нь гарцаа байхгүй Б.Анар. Түүний талаар ангийн охин Агиймаа “Анар бол маш авьяслаг залуу. Спортын мэдрэмжтэй. Хэр баргийн хүн волейбол тоглох үед сэтгэл хөдөлдөггүй. Харин Анарыг тэмцээн дээр волейбол тоглохыг хараад өөрийн эрхгүй бахархдаг даа. Анар гэдэг хувь хүн талаасаа маш чадварлаг хүн” гэж тодотгосон. Түүнчлэн сургуулийн сагсны шигшээгийн ахлагч манай ангид бий. Түүний нэрийг О.Соронзонболд гэдэг. Тэрээр маш чадварлаг сагсчин төдийгүй хоббигоо ажил хэрэг болгож чадсан хөдөлмөрч нэгэн билээ. Тэрээр өдгөө GSDAM Герман хоньч нохой сонирхогчдын клубын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй. Харин манай ангийн дарга У.Цогтбилэг бол манай сагсны багийн холбон тоглогч байлаа. Түүний хариуцлагатай, үлгэр жишээч зан чанарыг ангийнхан үнэлдэг. “Цогоо гэхээр хамгийн түрүүнд хариуцлага гэдэг үг орж ирдэг. Хариуцлага гэдгийг маш сайн ухамсарласан. Цагийг сайн барьдаг. Бусдад маш сайн үлгэр дуурайль болж чаддаг” гэж ангийн охин Б.Ариунтунгалаг түүний талаар дурссан юм. Мөн Б.Энхтөр гэх урлагийн өндөр мэдрэмжтэй залуу бидэнд бий. Гитар тоглож, дуу хийнэ. Тэр болоогүй реппер. Түүнийг ангийн бүх хүүхэдтэй нээлттэй харьцаж, бүгдтэй нь хөгжилтэй байж чаддаг зан нь ангийн халуун дулаан уур амьсгалын үндэс байсан юм болов уу.

Манай ангийг ганцхан улаан дипломтой хүүхэд төгссөн байдаг. Тэр онц сурлагатан нь Б.Ганчөдөр гэх залуу байлаа. Мэдрэмж гэж тулчихсан. Видео контентод сонирхолтой. Өдгөө өөрөө студи байгуулж, маш амжилтттай ажиллаж байгаа юм. Ангийн охидууд Чөдрөөг “цоожтой авдар” шиг итгэл даахуйц залуу гэсэн билээ. Одоо ангийнхаа бизнесмэнүүдийн талаар яръя. Батбилгүүн буюу ангийнхний нэрлэснээр “СТИ” бол багаасаа бизнес эрхэлсэн хөдөлгөөнтэй залуу. Хэдий гуравдугаар курсээс шилжин орж ирсэн ч ангийнхан дунд тэр дороо уусч чадсан нийтэч нэгэн. Мөн манай ангийн Р.Сэргэлэн машин, утаснаас эхлүүлээд хийж болох бүхий л бизнесүүдийг хийсэн залуу. Ангийн хөвгүүдийнхээ талаар ярихад ийм. Энэ хэдэн шижигнэсэн залуус өдгөө өөр өөрсдийн амьралыг босгохоор урт аяллаа эхлүүлээд явж байна.

ХҮМҮҮНЛЭГТЭЭХАМГИЙН ДАЖГҮЙ ОХИДТОЙ АНГИ НЬ МАНАЙХ. ЭНЭ БОЛ ҮНЭН ЮМ

Харин охидууд маань үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн. Бидний нэг, улаан дипломны эзэн Б.Ганчөдөр нэгэнтээ “Би худлаа ярихгүй. Манай ангийн охид хүмүүнлэгтээ хамгийн дажгүй охидууд нь байсан. Энэ бол үнэн юм” гэж хэлсэн нь өөрөө үнэн юм. Тэрээр эрчүүд дундаасаа ангийн охидтой хамгийн ойр байсан нь. Ангийн охин Б.Тэргэлийн талаар Б.Ганчөдөр “Тэргэлтэй оюутан цагийн сайн найзууд. Адилхан орос сургууль төгссөн учраас ойлголцоход амар байдаг. Ээгий маш хөгжилтэй, ангийн хүүхдүүдийн анхаарлыг өөр дээрээ татаж байгаад инээлгэж, хөгжилдөж чаддаг. Ангийн коллектив, уур амьсгалыг авч явдаг хүн нь байлаа” гэсэн юм. Мөн тэрээр ангийн онц сурлагатан охидын талаар үг цухуйлгах даа “Агий бол маш гоё ааштай, ямар ч нерви байхгүй, ухаалаг охин. Харин манай ангийн Дагий маш ажилсаг. Юманд нухацтай ханддаг” гэлээ. Манай ангийн Агиймаа, Дагиймаа хоёр хичээлдээ маш сайн суралцаж төгсөөд, өдгөө сэтгүүл зүйн салбарт өөр өөрийн хэв шинж, зам мөрийг гаргаж яваа билээ.


АНГИЙНХАА ОХИДЫН ТАЛААР ЯРИХ САЙХАН

Манай охид энд тэнд, кино, реклам, клипэнд их тоглоно оо. А.Энхмаа гэхэд “Шилжилт” МУСК-нд тоглож, хэд хэдэн клипэнд дүр бүтээгээд амжсан. Ангийн хөвгүүн Б.Батбилгүүн “Манай ангийн А.Энхмаа өөрийн дотно хүнээ өмөөрч чаддаг. Нэг итгэсэн хүндээ маш үнэнч байдаг нь авууштай зан гэж санагддаг даа” гэсэн юм. Харин тэрээр ангийн охин Б.Ариунтунгалагийн талаар “Мариунаа(ангийнхний дууддаг нэр) чинь лаг тооцоотой. Санхүү Эдийн засгийн нягтлан бодохын ангид сурч баймаар аж ахуйч байрын хүүхэд, лаг хөөрхөн охин” гээд инээмсэглэлээ. Мөн реклам, клипэнд тоглодог жүжиглэх авъяастай манай ангийн бас нэгэн авьяастан бол Уранзаяа юм. Тэр болоогүй Bodybuilding-ийн спортоор хичээллэдэг. Түүний талаар Сти “Уранзаяа бид хоёр нэг баг болж хамт нэвтрүүлэг хийж байсан. Тэр нэвтрүүлэг маань жаахан амжилт муутай явчихсан. Даарч хөрч хийсэн тэр нэвтрүүлэг бидний хувьд маш үнэ цэнэтэй зүйл” гэлээ.

Нэг анги байлаа гээд нэгнээ төгс мэдэх албагүй. Манай ангийн Ж.Байдангүнсэл гуравдугаар курст орсон Ярианы ур чадвар гэх хичээл дээр өөрийн уртын дуу дуулах авьяасыг анх удаа бидэнд үзүүлсэн юм. Энэ талаар ангийн дарга У.Цогтбилэг “Манай Ж.Байдангүнсэл даруухан, өөрийнхөөрөө охин. Ярианы ур чадварын хичээл дээр хүүхэд бүр авьяасаа үзүүлэхэд уртын дуу дуулсан. Тэр үед Байдаа гэдэг хүний дотоод сэтгэлийг дуугаар нь мэдэрсэн юм шиг надад санагддаг даа. Ээжийн тухай маш сайхан дуу байсан. Байдаагийнхаа ирээдүйн амьдралд нь амжилт хүсье” гэлээ. Түүнчлэн тэрээр ангийн найз Аминагийн талаар ярьсан юм. Сийрүүлбэл “Манай ангийн Б.Амина маш цоглог, галзуу. Хэлье гэснээ хэлчихдэг. Анх компьютер зааж өгч, найзалж байлаа. Тэр үеэс өдий хүртэл нэлээд олон жил өнгөрч дээ” гээд тааз руу ширтлээ.

Одоо ангийнхаа миссийн талаар ярья. Манжуурын миссийн тэмцээнээс эхлээд чамгүй олон уралдаанд оролцож байсан ангийн сор болсон охин бол Ундрах юм. Р.Сэргэлэнгийн ярьснаар бол “Ундрах манай ангийн үзэсгэлэнтэй охидуудын нэг. Манай ангийн нүүр царай, сор болж чаддаг охин. Олон миссийн тэмцээнд оролцож байсан. Зарим мисс охидууд хичээлдээ муу байдаг. Харин Ундрах маань миссийн тэмцээндээ орох үедээ орно, урлаг спортоор явах үедээ явна. Тэгсэн мөртлөө хичээлдээ чамгүй сайн. Маш дайчин охин доо” гээд үргэлжлүүлэн Б.Анужингийн талаар ярив. Тодруулбал, “Б.Анужин ангиас хамгийн их checking хийдэг хүүхэд байсан. Маш олон газраар явсан. Монгол кофе шопуудыг бараг дуусгасан байх. Одоо баристагийн хэмжээнд дөхөж очсон байх гэж найдаж байна” гээд хөхөрлөө. Түүнчлэн манай ангийн Өрнөхжаргал гэж тал бүрийн авьяастай, өөртөө итгэлтэй охин байсан. Ер нь ангийнхаа охидын талаар ярих сайхан.

БАГШ НАРТАА БАЯРЛАЛАА

ХИС-ийн сэтгүүл зүй медиатехнологийн багш нартаа шавь нар бид маш их талархаж явдаг. Л.Ариун багш, Д.Дагиймаа багш болон Б.Түвшинтөр багш нар маань бидний мэргэжлийн ур чадвар болоод хувь хүн болж төлөвшихөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Манай тэнхимээс гуравдугаар курсийн оюутнуудаа жил бүр экологийн аялалд авч явдаг. Энэ бол манай ангийнхны оюутан цагийн хамгийн сайхан дурсамжуудын нэг болж үлджээ. Эрээн хот, Замын-Үүд сумын хоорондын ялгаа, цөлжилт гээд тулгамдсан асуудлуудыг бид хөндөж радио, телевизийн нэвтрүүлэг болон нийтлэл туурвисан. Өдгөө бид өөрсдийн салбартаа хувь хувьдаа хичээж явна. Цаашдаа манай ангиас мундаг хөтлөгч, сэтгүүлч, нийтлэлч, зохиолчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.


Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын их дээд сургуулиудад гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй байхыг үүрэг болгожээ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусын халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

МАН сонгуульд дангаараа оролцоно

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хурлаас хэд хэдэн шийдвэр гаргажээ. МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор, мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах журмыг Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэн баталжээ. Ирэх сонгуульд МАН аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэхгүй дангаараа оролцох шийдвэр гаргасан байна.