Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт дахин 4.5 магнитудын газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, Тонхил сумын төвөөс зүүн зүгт 32 километрт орших Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 06:47 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгжээ.

Мэдээллийн дагуу ус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй” гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өмнө нь буюу гуравдугаар сарын 20-ны өдөр тус аймгийн нутагт 3.6-5.8 магнитудын хүчтэй дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл нь Говь-Алтайн зарим сумаас гадна Завхан аймгийн хэд хэдэн сумын нутагт мэдрэгдсэн байна.
Categories
мэдээ нийгэм

COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг 18-45 насны залуус эзэлж байна

COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 196 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Лаос, Ливи улсад шинээр бүртгэгджээ.

Үүнээс 18-45 насны залуучууд COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байна. Хүн амын дунд их тархаад ирэхээрээ залуучуудын хувьд тархалт өндөр байна.

Мөн 13-аас доош насны гурван хүүхэд нас барсан, нэг гэр бүлийн хүмүүс бүгд нас барсан зэрэг тохиолдол гарсан. Энэ өвчний шинж тэмдэг, ойлголт өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Мөн Австралид хуримын үйл ажиллагааг таван хүнтэй, оршуулгын үйл ажиллагааг 10 хүнтэй хийхээр зохион байгуулж буй жишээ байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж байхыг дэлхийн үйл явдлууд харуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганбаяр: Хоол хийгээд боорцогтой өгөхөд ажилтны нүүр рүү шидсэн тохиолдол ч гарсан


Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтыг хаасан. Үүнтэй холбоотойгоор хүсэлт гаргасан иргэд орж ирж чадсан уу?

-Үндсэндээ хил дээр ирсэн оюутнуудыг бүгдийг л оруулсан.

Хэдийгээр боомтыг 20:00 цагт хаах байсан ч Оросын талаас хил дээр байгаа иргэдээ бүгдийг ямар ч байсан өнөөдөртөө багтаагаад танайх оруулчих гэсэн саналын дагуу бид тухайн оройдоо хил дээр ирсэн бүх иргэнээ авсан байгаа.

-Хэчнээн иргэн орж ирсэн бэ?

-33 хүн орж ирсэн. Ихэнх нь оюутнууд ганц нэг хувиараа орж ирсэн хүмүүс дунд нь байсан.

ОХУ-тай хиллэдэг Монгол Улсын хойд хилийн боомтуудаар орж ирэх гэж байсан иргэд бүгд болиод Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор орж ирэх гэж байна.

Алтанбулагийн боомт 24 цагийн үйл ажиллагаатай явагдаж байгаа учраас хүмүүс цагт баригдахгүй гэдэг үүднээс энэ боомтоор орж ирэх сонирхол их байна.

Энэ утгаараа Алтанбулагийн боомтоор орж ирэх хүний тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Дийлэнх нь оюутнууд.

Бидний авсан мэдээллээр гэхэд Москвагаас шууд Улаан-Үүд рүү нислэгээр ирж байгаа оюутан их байгаа сурагтай. Маргааш нэлээд ачаалалтай байх төлөвтэй байна.

-Алтанбулагийн боомтыг Бямба гаригт хаахаар үндсэндээ орох гарах хөдөлгөөн хязгаарлагдана. Тэгэхээр тусгай үүргийн онгоцоор гадаад дахь монголчуудаа авсан шиг ажлыг хэзээ зохион байгуулахаар ярьж байгаа вэ?

Алтанбулагийн боомт хаагдсан тохиолдолд бид БНХАУ-ын иргэдээ татсан тэр аргаар төмөр замаар, эсвэл автобусаар иргэдээ авах ажлыг зохион байгуулахаар ярилцаж байна.

Энэ сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл Монгол Улсын иргэд Алтанбулагийн боомтоор чөлөөтэй нэвтэрч орж ирэх боломжтой. Бусад боомтууд дээр ирсэн иргэд Алтанбулаг боомт руу ирж нэвтэрнэ л гэсэн үг.

-Итали, Испани зэрэг орнуудад байдал нэлээд хүнд байгаа. Үүнтэй холбоотойгоор дараагийн тусгай үүргийн нислэгийг Итали руу үйлдээч гэсэн иргэдийн санал их байгаа болов уу?

-Хүсэлт их ирж байна. Урьдчилсан байдлаар судалгаа гарсан байгаа.

Эхлээд 14 хоногийн тусгаарлалтын арга хэмжээгээ дуусгаж байж дараагийн иргэдээ татна.

Хэзээ хаашаа тусгай нислэг үйлдэж иргэдээ авах эсэхийг одоогоор ярилцаж төлөвлөж байгаа учраас тодорхой болсон үедээ бид хэвлэлийн мэдээллийн байгууллагаар дамжуулан албан ёсоор мэдээлэл өгөх болно.

Одоогоор ОХУ-аас орж ирэх иргэдийн хувьд Бямба гараг хүртэл саадгүй нэвтэрч байна. БНХАУ-аас орж ирэх талаар иргэд бас хүсэлт гаргаж байна.

Үүнийг бид Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт хэрхэн ажиллах талаар чиглэл өгчихсөн байна.

-Зарим иргэдийн зүгээс гэр бүл Орост байдаг. Өөрөө энд хөл хорионд ороод буцаад харих гэхээр гарч чадахгүй байна гэдэг ч юм уу асуудлууд мэр сэр гарч байгаа. Монголоос гарах хүсэлтэй иргэд яах ёстой вэ?

-Бусад улс руу агаарын тээврээр гарч байгаа иргэдийг бид хориглоогүй. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдээ авахдаа гадагшаа гарах хүсэлтэй тасалбараа захиалчихсан бүх хүмүүсийг л явуулсан.

Тэрнээс Улсын онцгой комиссоос ч юм уу тэр хүнийг явуулна зөвшөөрөл өгнө гэсэн ажиллагаа бол явагдаагүй.

Одоо гагцхүү нислэг зогсчихсон учраас хүмүүс гарч чадахгүй байгаа. Хэрэв нислэг үйлдэхээр бол гарах хүсэлтэй иргэд тасалбараа захиалчихсан л бол бид авч явахаас татгалзахгүй.

Харин ОХУ-ын хувьд гадаадын иргэдэд хилийн хориг тавьчихсан учраас гарч чадахгүй тохиолдол бол байгаа. Энэ тохиолдолд ямар ч арга байхгүй шүү дээ.

-Тусгаарлах иргэдтэй холбоотой асуудлууд тасрахгүй байна. Үүнтэй холбоотойгоор та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрны иргэдийн санал гомдол ерөнхийдөө жигдэрсэн.

Эхэндээ байр хүйтэн байна гэсэн гомдол гарч байлаа. Хоол идэхгүй байна, хоол хийгээд боорцог өгөхөд нь нүүр рүү шидсэн тохиолдол хүртэл гарсан. Маш хүндрэлтэй байсан.

Оюутнууд маань залуу хүүхдүүд учраас хөдөлгөөн ихтэй, тусгаарлах байрны дэг журам сахихгүй, дамжин өнгөрөх байранд олон цаг байлгалаа гэдэг ч юм уу асуудал байна.

Варень түрхээд өгсөн талхыг идэхгүй гээд шидсэн тохиолдол ч байна. Энэ мэтчилэн асуудал их гарсан. Энэ бүхэнд манайхаас гадна цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа.

Зарим тохиолдолд бид эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарал тавьж ойлгуулж хэлэхийг хүртэл мэдээлэл хийхдээ зөвлөж байна. Одоо овоо жигдэрч байна.

Тусгаарлалтын эхэнд иргэдийн зүгээс иймэрхүү асуудлыг гаргаж байгаад хоёр гурав хоногоос дасаад ирэхээрээ арай өөр болж төрийн зүгээс хийж буй ажлыг ойлгож хүндэтгэх хандлага ажиглагддаг.

Одоо бол хоол, байрны дулаантай холбоотой асуудал гарахгүй байгаа. Мэдээж дийлэнх нь дүрэм журмаа дагаж мөрдөж байгаа ч олны дунд нэг, хоёр хүн өөр санал бодолтой байх, эсэргүүцэх үзэгдэл байх юм л даа.

Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд мэдээлэл өгөх, таниулах ажлыг хийнэ. Хэрвээ бүр ноцтой зөрчил гаргах юм бол тусгаарлалтын арга хэмжээ дуусахаар хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох болно.

Одоогоор улсын хэмжээнд 24 цэгт 2,108 хүн тусгаарлалтад байна.

Улаанбаатараас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Хэнтий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад иргэд тусгаарлагдаад байна.

Ялангуяа сүүлийн үед Дархан-Уул, Сэлэнгэ, Баян-Өлгийн аймагт ачаалал их байна.

-Оюутнуудын хувьд орох хүсэлтэй түмэн оюутан байхад гарах хүсэлтэй бас оюутнууд байгаад байдаг?

-Гарах хүсэлтэй оюутнууд байна. БНСУ-д сурдаг оюутнууд зарим нь очиж хичээлдээ суухгүй бол хасах гээд байна, явмаар байна гэж байгаа бол зарим нь хичээлээ цахимаар аваад явахаа больё ч гэж байна.

Энэ талаар Гадаад хэргийн яам анхаарч холбогдох Элчин сайдын яамдуудад хүргүүлж ярилцаж, ажиллаж байгаа.

Хэрэв дараагийн ээлжид гадаадаас иргэдээ татахаар бол тус нислэгээр гадагшаа явах иргэдийн эрх нээлттэй. Гол нь УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл авна гэдэг юм байхгүй.

Өөрсдөө л нислэгийнхээ тасалбарыг захиалсан байх ёстой гэдгийг дахин хэлье.

-Зарим иргэд тусгаарлалтаас болж ажлаас халагдах боллоо гэх. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Бид чиглэл өгчихсөн байна. Тухайн иргэнийг тусгаарлах байрнаас гарахад нь тэнд 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан гэсэн тодорхойлолтыг гаргаад өг гээд үүрэг өгчихсөн байгаа.

Гэхдээ нийгмийг хамарсан халдварт өвчин гарсан энэ үед улсын хэмжээнд арга хэмжээ авч ажиллаж байгаа учраас тухайн иргэнийг тусгаарлалтад байлгаад гаргаж байгаа гэдгийг албан байгууллагууд ойлгох хэрэгтэй.

Тусгаарлалтад байгаа нь ажлаас халах үндэс болохгүй.

-Тусгаарлалтаас гараад дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журам гарсан. Энэ тохиолдолд хэрхэн хяналт тавих вэ. Эрсдэлээ бодож өөрийгөө тусгаарлах нэгэн байхад зөвлөмжийг дагахгүй нэгэн ч бий шүү дээ?

-Тусгаарлах байрнаас гарахад нь заавар зөвлөмжийг өгч танилцуулаад баталгааны гарын үсэг зуруулаад явуулж байна. Яг энэ асуудал дээр бид их бодож, ярилцаж байна.

Наадаг сэрэмжлүүлэг, анхааруулгыг гэрийнх нь хаалга дээр наая гэж бодож байна. Тухайн хүн болж өгвөл гэрээсээ гарахгүй.

Гэртээ ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг баримталж байх хэрэгтэй.

Дээр шат шатны төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, сайн дурынхныг дайчилна гээд зохион байгуулалттайгаар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

Баянгол дүүргийн XII хорооны Засаг дарга Ганхуяг гэж хүн над руу зурвас явуулсан байсан.

“Бид та бүхний мэдээллийг байнга авч байна. Та бүхний ажилд бид үүргийнхээ дагуу тусалмаар байна. Бид хүн хүч дайчлах зэрэг ямарваа ажилд туслахад бэлэн” гэсэн байсан.

Маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ мэтчилэн бид тусгаарлах ажилд л анхаарч хамтарч ажиллана даа. Үүнээс гадна иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна.

-Тухайлбал?

-Гадаад улс орны туршлага байна. Нэг иргэн нэг өрх, нэг давхар нэг иргэн, нэг орц нэг иргэн, нэг гудамж нэг иргэн гэхчлэн хяналтад тавьчихдаг юм байна.

Тэгэхээр өөрийгөө тусгаарлах ёстой иргэний гэрийнх нь гадаа тэмдэг наачихаар хөрш, орц, байрныхан нь тухайн иргэнд давхар хяналт тавих нь байна ш дээ.

Гэхдээ тэр айлын тэмдгийг хүмүүс маань энэ өвчтэй, халдвартай гэж ойлгож болохгүй. Тэр хүнийг ийм өнцгөөс хараад гадуурхаад байж болохгүй.

Зүгээр л тухайн иргэн гарч олон нийтийн газраар явж байна уу гэдгийг л хянах зорилготой анхааруулга тэмдэг шүү дээ. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг нэгэндээ санаа тавьж байна л гэсэн үг.

-Нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд холбогдох газруудад хандив өгсөөр байгаа. ОБЕГ-т ирсэн хандивыг юунд зарцуулж байгаа вэ?

-Хандивыг тусгайлан хариуцаж байгаа тусгай нэгж ажиллаж байгаа. Хандивын тоо данстай, ширхэг бүрийг Шадар сайдад танилцуулж байгаа.

Зарцуулалтаа Шадар сайдаар батлуулж байгаа. Тиймээс энэ тал дээр хардах зүйлгүй. Тайлангаа олон нийтэд танилцуулна.

-Танай алба хаагчдын хамгаалах хэрэгслийн хувьд хэр хүрэлцээтэй байна?

-Алба хаагчдын хамгаалах хэрэгслийн хувьд бид ямар ч байсан хангаад явж байна. Ямар ч байсан таслахгүй байгаа. Нөөц ч бий.

Дараагийн нөөц ч гадаадаас тусламжаар ирж байна. Аль болох хомсдол үүсгэхгүй талаас нь зохицуулж ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно


Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авсан талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам. эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж. дүгнэлт гаргахаар заасан байдаг.

Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно.

Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан.

ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Аудитын байгууллагаас дүгнэлт гаргахдаа:

  • Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  • Мөрийн хөтөлбөрт орсон зорилт. арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  • Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргадаг.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Зуны олимпийн XXXII наадмыг ХОЙШЛУУЛАВ

2020 оны долдугаар сарын 24-нд эхэлж, наймдугаар сарын 9-нд өндөрлөх ёстой байсан Зуны олимпийн XXXII наадмыг бүтэн нэг жилээр хойшлуулах шийдвэрт талууд нэгджээ. Энэ тухайд Олон улсын олимпийн хороо, “Токио-2020” олимпийн зохион байгуулах хороо өчигдөр орой хамтран мэдэгдэл гаргасан юм.

Бүх дэлхийг хамран тархсан коронавирусын халдварын улмаас энэ шийдвэрийг гаргасан бөгөөд хойтон явуулахдаа ч “Токио-2020” нэрийг үргэлжлүүлэн ашиглахыг мөн мэдэгдсэн байна. Олимпийн нээлтээс 122 хоногийн өмнө ийнхүү цаг тооллыг зогсоож, шинээр тоолж эхлэхээр болов. Мөн паралимпийн наадмыг 2021 оны намар хүртэл хойшлуулж байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар наадмыг нэг жилээр хойшлуулах саналыг дэмжиж, ижил байр суурьтай буйгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

​Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үүн дотор шинэ коронавирусийн нөлөөгөөр буурч байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаарх хувилбаруудыг хэлэлцэх юм байна.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн нөхцөл шалгуурт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын төсвийн орлого 2020 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар буураад байгаа юм. Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг аж ахуйн нэгжийн татвараас бүрдүүлдэг билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.ОЮУНБААТАР: М.Энхсайханыг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэл 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү гэдэг шиг л сонсогдож байна

-ХУВИЙН ӨС ХОНЗОНГИЙН ҮҮДНЭЭС ХУУЛИЙГ ГУЙВУУЛЖ БОЛОХГҮЙ-

“Хүний эрх шударга ёс” төвийн захирал, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудлаар улс төрийн сөрөг хүчний хүмүүст хэрэг үүсгээд эхэллээ. заримд нь бүр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэсэн урьд хожид дуулдаагүй ял тулгаж байна. Хүний эрхийн хуульчийн тань хувьд асууя. Та сүүлийн үед өрнөж байгаа энэ үйл явдлуудыг анзаарч байгаа юу?

-Мэргэжлийнхээ хувьд анхааралтай харж суугаа. Ганц өнөөдөр үүссэн асуудал биш л дээ. Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ гээд яривал олон кейс бий. М.Энхсайханыг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд би сошиалаар байр сууриа илэрхийлсэн юм. “Арай ч хэтэрч байна” гэж бичсэн л дээ.

-Та олон жил өмгөөлөл хийхдээ өндөр эрх мэдэлтэй цөөнгүй хүмүүсийг өмгөөлж явсан. Таны өмгөөлж явсан хүмүүсээс өнөөдөр гэхэд л төрийн өндөрлөгт бий. Сүүлд өрнөсөн асуудлуудын тухайд та ганцхан М.Энхсайханы хувьд л ийм байр суурьтай байгаа юу?

-Үйл явдал болгонд тус тусад нь эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Бүгдийг нь хэлмэгдүүлж байна гэж шууд хэлэх аргагүй. Миний хувьд М.Энхсайханы ялын дүгнэлтийг авч үзэж судалсан юм. Бусдынхыг нь холбогдсон хэргийн байдлыг би уншиж, судлаагүй учраас хэлж мэдэхгүй байна. Таны асуултад хариулахын өмнө жижиг оршил хийх нь зөв байх. Та бид хоёрын хөндөж байгаа асуудал ганц нэг хүний тухай жишээ төдийгөөр хязгаарлагдахгүй л дээ. Илүү өргөн хүрээнд харах ёстой асуудал. Хүний эрх, шударга ёс төв Монгол Улсын хүний эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, Хүний эрхийн түгээмэл тунхаг, Үндсэн хуулийн заалтуудыг сахин мөрдөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг ашгийн бус байгууллага.

-Ингэхэд та яг хэзээнээс хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн юм бэ?

-Би 1983 онд хүний эрхийн сэдвээр оюутны дипломын ажлаа бичиж гадаадын оюутны конференст илтгэл тавьж байсан юм. 1990 онд Улсын прокурорт газрын дарга байхдаа 1937-1940 оны хэлмэгдлийн асуудал дээр ажиллаж байлаа. Тэр үед гучаад оны завхралын тухай нарийн мэдээлэл рүү ороод зүрх шимширсэн. Нэгийг нь нөгөөгөөр нь гэрчлүүлээд хэдэн мянгаар нь буудаж хороосон гашуун түүх шүү дээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь ямар ч баримт нотолгоогүй, гүтгэгдсэн, хэлмэгдсэн. Хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхдийн эрх ашгийг хамгаалах чигийн ажлыг ч манай төв хийдэг.

-Та түрүүн ерээд оноос хойших дуулиант хэргүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх гээд үзээд байна гэсэн утгатай үг унагасан. Төвийнхөө хүрээнд хийж байгаа ажил уу?

-Тэгж хэлж болно.Үйл ажиллагааныхаа хүрээнд ерэн оноос хойших Монголын дуулиант хэргүүдэд дүгнэлт өгөх оролдлогуудыг хийж байгаа юм. Хорьдугаар тогтоол, алт дилерийн хэрэг, Зоригийн аллагаас эхлээд өнөөдрийн дуулиант хэргүүд ч хамрагдана. Өнөөдөр гэхэд л төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, улсын өмч завшсан, улс оронд хохирол учруулсан гэх мэт шалтгаантай олон хэрэг дуулдаж байна. Энэ хэргүүд дотор зохих хэмжээний хохирол учруулсан, хуулийн дагуу шалгах ёстой зүйл олон бий нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч тохиолдолд хүний эрх зөрчиж хэлмэгдэл явуулж болохгүй.Тэр тусмаа улс төрийн зорилгоор сөрөг хүчнийхээ улстөрчдөд зохиомол хэрэг үүсгэж хэлмэгдүүлж хэрхэвч болохгүй. Эрх баригчид хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй, бас хийсэн хэргээс нь ялгүй авч үлдэж болохгүй. Наад захын жишээ нь ЖДҮ байна. Аж ахуй эрхлэгчдэд, иргэдэд очих ёстой төсвийн мөнгийг завшсан УИХ-ын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Хуулийг буруу хэрэглэх ёсгүй. Хувийн өс хонзонгийн үүднээс хуулийг гуйвуулж болохгүй.

-Иймэрхүү хэлмэгдүүлэлт яг хэзээнээс эхэлсэн гэж та хардаг вэ?

-Н.Энхбаяр гэж хүнийг 2012 онд хэлмэгдүүлснээр эхэлсэн. Н.Энхбаярын үйл ажиллагаа, үйлдэлд Монгол Улсын хууль, Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэргийн шинж чанартай зүйл нэг ч байдаггүй. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нэг ч үйлдэл тогтоогдоогүй. Нэг ч гэрч, нэг ч бичгийн нотолгоо байдаггүй юм. Энэ бол улс төрийн хэлмэгдэл. Тийм үйл явдал өнөөдөр ч давтагдах хандлагатай байна. Тухайлбал, улс төрийн хувьд эрх барьж байгаа МАН-ын зүгээс ийм үйлдэл хийж байна. Нэг угшилтай, намынхаа буйрыг сахиад үлдсэн Н.Энхбаярыг өнөөдрийг хүртэл хэлмэгдүүлсээр яваа. З.Баянсэлэнгэ ч хэлмэгдүүлэлтийн жишээ. Би энэ хүнийг сайн, муу хүн гэж хэлээгүй, хэлмэгдүүлэлт гэдэг утгаар нь онцолж байгаа юм. 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр “Бэрэн” компаниас ав гэсэн Засгийн газрын тогтоол гарсан, түүнийг нь л хэрэгжүүлсэн хүн. Тэр тогтоолын хүрээнд мань хүнийг АТГ, прокурорын байгууллагаас гурван удаа яллаж шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс гурав дахь удаагаа АТГ-т буцаж байна. Нэгэнт гаргачихсан тогтоолыг хэрэгжүүлснийг гэмт хэрэг гэж үзээд байвал өнөөгийн Засгийн газрын гаргаж байгаа хөрөнгө мөнгө зарцуулсан шийдвэрүүд нь эрүүгийн хэрэг үүсгэх жишиг практик болж үлдэх эрсдэлтэй.

-За одоо М.Энхсайханд холбогдох хэргийн зүйлчлэл үндэслэлгүй, хэрээс хэтэрсэн талаарх яриандаа эргээд орох уу?

-Оюу толгой, Таван толгой шүүмжлэлд орсон, нийгэм бүхэлдээ сэжиглэнгүй буруутган хандаж байгаа. Би ч энэ талд нь ойр байдаг. Учир нь Өмнөговь миний нутаг. Гэхдээ энэ асуудалд хэтэрхий туйлширч хандаж болохгүй. Нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлж, тодорхой зорилгоор албаар харлуулсан мэдээлэл сошиалаар цацаж цацчихаад эцэст нь тодорхой хүнийг хэрэгт холбогдуулж болохгүй л дээ. Юуны өмнө нэг зүйлийг онцолъё. Би М.Энхсайхан гэж хүнтэй албаны, хувийн ямар ч харилцаагүй. Цэвэр мэргэжлийн хуульчийн үүднээс байр сууриа хэлж байгаа юм. Монгол Улсын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгасан тухай мэдээлэл сонсоод ялын дүгнэлтийг нь авч уншсан юм. Үнэхээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн төрийн эсрэг онц ноцтой хүнд гэмт хэрэг болох 19.6-д заасан хорлон сүйтгэх ажиллагаа гэдгээр буруутгасан байна. Хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийн үйлдэл нь яг юу вэ гэдгийг хуулиас хараад үнэхээр тийм үйлдэл хийж үү гээд харахаар ялын дүгнэлтэд нь нэг ч үг, өгүүлбэр алга.

-Эрүүгийн хуульд хорлон сүйтгэх ажиллагааны үйлдлүүдэд яг ямар зүйлсийг багтаасан байдгийг хоёулаа уншигчдадаа эргэж сануулах уу?

-Эхлээд Эрүүгийн хуулийн талаар байр сууриа хэлье. Эрүүгийн хуулийг ер нь их шүүмжилдэг л дээ. Энэ Эрүүгийн хуулийг хийхэд би байлцсан. Байлцсан ч гэлээ би шүүмжлэлтэй ханддаг. Саяхан Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг Ц.Элбэгдоржийн залуус барууны хуулийг хуулах маягаар хийсэн гэж хэлнэ лээ. Зарим нэг дэвшил байгаа ч хуулийн хувьд мэргэжлийн бус, Монголын нөхцөлд тохиромж муутай байсан. Жишээ нь аж ахуйн нэгжийг 48 зүйл ангиар эрүүгийн хэргийн субьект болгосон. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэгт татаад дарамтална гэсэн үг. Бизнесүүдийг ангуучилдаг гэдэг шиг. Тухайн үед хуульчид нэгдэж Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Эсэргүүцлийг миний УИХ-ын гишүүний бланкан дээр бичиж өргөн барьсан юм. Тэгж эсэргүүцсэний дараа 20 гаруй зүйл болсон. 20 гаруй нь хасагдсан гэсэн үг. Энэ мэтээр яривал Эрүүгийн хууль муу хууль. Гэхдээ ямар ч хуулийг хэрэглэхдээ гуйвуулж завхруулж, өөрчлөн тайлбарлаж хэрэглэж болохгүй. Одоо хуулийн заалт руугаа оръё. Эрүүгийн хуулийн 19.6-д хорлон сүйтгэх ажиллагааг “Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектийг сүйтгэх, гэмтээх, үйл ажиллагааг нь доголдуулах, хүн амьтан ургамлын гоц халдварт өвчин тараасан бол…” гэж томьёолсон байна. Өөрөөр хэлбэл, сая хэлсэн дөрвөн төрлийн үйлдлийг хийсэн бол хорлон сүйтгэх үйл ажиллагаа болно. М.Энхсайхан гэж яамгүй сайдад тухайн үед Засгийн газар ямар эрх өгсөн, өгсөн эрхээ хэтрүүлсэн үү, урвуулсан уу гэдгийг тогтоогоогүй байж юун хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа юм бэ. 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү гэдэг шиг л сонсогдож байна. Дахиад хэлье, энэ бол мэргэжлийн хуульч, прокурор, мөрдөн байцаагчаар ажилласан хүний хувьд л байр сууриа илэрхийлж байна.

-Харь хамаагүй зүйлээр буруутгаж ял оноох гэж улайрч байгаа нь МАН-ын улс төрийн захиалгат үйл ажиллагаа гэж харж болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Эрх баригчдын улс төрийн бохир үйл ажиллагаа гэж харж байна. Эрх баригч улс төрийн хүчнийхэнд тал зассан АТГ-ын үйл ажиллагаа гэж харагдаж байна. Гэхдээ харамсмаар нь юу гээч, Н.Энхбаярыг тэгж хэлмэгдэж байхад хэн ч юм хэлээгүй. Коммунистуудыг барилаа би коммунист биш учраас үлдлээ, үйлдвэрчнийхнийг барилаа би тэдний нэг биш болохоор үлдлээ, еврейчүүдийг барилаа би еврей биш учраас үлдлээ, сүүлдээ намайг барилаа, гэтэл хамгаалах хэн ч байсангүй гэсэн үг байдаг даа. Монгол яг л ийм юм болж байна. Нийгэм маань ийм бохир, гажуудсан зүйл рүү явж байна. Асуудлын гол гогцоо нь энд байгаа юм. Эмч, хуульч хоёр нарийн мэргэжлийн түвшинд өндөр ур чадвартайгаар зарчмаа баримталж ажиллах ёстой. Түүнээс биш бохир улс төрийг дагаж, гар хөл нь болж явах ёсгүй. 1937 оны хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь энэ шүү дээ. Тэр хэлмэгдүүлэлтийг захиалсан хүмүүс төдийгүй гардан гүйцэтгэсэн хүмүүсийг ярихгүй дарсаар өнөөг хүрсэн. Сайндаа маахуур Дамба, мангас Дорж гээд хоёр гуравхан хүний нэр дуулддаг. Энэ нь өнөөгийн улс төрийн захиалгат хэлмэгдүүлэл, хуулийн завхарлын шалтгаан болж байна. Эзнийхээ даалгавраар хэлмэгдэл, завхарлыг хуулийн нэр барьж гардан гүйцэтгэж байгаа шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдын нэрсийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацаж, олон нийтэд зарлах ёстой. Ингэснээр тэд түүхийн өмнө, ирээдүй хойч үеийн өмнө, гэр бүл дотны хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож алдаа завхрал гаргахгүйгээр шударга ажиллана. Бас нэг харамсмаар зүйл нь сүүлийн жилүүдэд бохир улс төрийг дагаж хүн хэлмэгдүүлж ажилласан хууль шүүхийнхэн ажлаа хийсээр яваа. Мэргэжлийн зарчмаа дагаагүй, хүн хэлмэгдүүлж шийтгэснийхээ төлөө хууль, шүүхийн ажилтнууд хариуцлага хүлээдэггүй. Хариуцлага хүлээдэггүй тогтолцоо байсаар байгаа учраас хэлмэгдүүлэлт үргэлжлээд байна л даа.

-М.Энхсайхан гэж хүнийг өмгөөлж дуугарах болсон нь цэвэр хуульчийн мэргэжилтэй холбоотой, өөр шалтгаан байхгүй нь ээ?

-Би түрүүн хэлсэн шүү дээ, энэ бол цэвэр мэргэжлийн хандлага. Нэмж хэлэхэд, би М.Энхсайханыг нэг зүйл дээр үнэлж харсан удаатай. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Засгийн газрын нууц хуралдаанаар орж ирсэн юм. Гэнэтийн асуудал байсан. Оросын эзэмшлийн хувийг Монголд авч ирж байгаа нь маш чухал ажил. Би тэр өнцгөөс нь харж дэмжсэн. Ерөнхий сайд “Одоо энэ залуус явж гэрээ хийгээд ирнэ. Ирснийх нь дараа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн. Яг тэгж хэлэхэд нь би хуульч хүний хувьд, ахмад хүний тухайд “Энэ бол УИХ-ын харьяалах асуудал шүү” гэж сануулж протоколд тэмдэглүүлсэн. М.Энхсайхан бас ийм байр суурь барьсан. Тухайн үед би М.Энхсайханыг ямар ч байсан хуулийг хүндэлдэг хүн юм байна гэж анзаарч байсан.

-Ч.Сайханбилэгийг олдохгүй байгаа гэх шалтгаанаар УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг гүйцэтгэсэн төдий хүмүүсийг яллах гээд байна л даа. Таны түрүүн дурдсан З.Баянсэлэнгийн асуудалтай төстэй өнцөг. Энэ тохиолдолд АТГ, прокурор, шүүх буруу ажилласан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нэгдүгээрт, тэр хүмүүс надад хандаагүй. Хоёрдугаарт, би яллах дүгнэлтийг нь хараагүй. Тэгэхээр байр сууриа илэрхийлэх боломжгүй. Ер нь Оюу толгойн гэрээг би Монголд асар хохиролтой гэж үздэг. Дубайн гэрээ хохиролтой нь үнэн. Гэхдээ тэр гэрээг Ч.Сайханбилэг ганцаараа хийгээгүй. АН, МАН-ын Засгийн газрын үед хийсэн. Таван толгойн асуудал ч ялгаагүй. АН, МАН-ын хамтарсан Засгийн газрын үед яригдсан зүйл. Эцэст нь хэлэхэд би бүгдийг мэдэж, бүх зүйл дээр дүгнэлт хэлэх боломжгүй, үүрэг ч үгүй.

-Оюу толгойн гэрээг ашиггүй гэдэг байр суурь чинь улс төрийн өнцгөөс харсан дүгнэлт биш үү?

-Би эдийн засагчийнхаа тухайд ч, хуульчийнхаа хувьд ч ингэж хардаг. Монголын ард түмний хангалуун амьдрах боломжийг алдагдуулсан шийдвэр гэж боддог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол эр хүнийг зөвхөн тавь хүртэл наслахаар хүмүүжүүлдэг

Сая цэргийн баяр болоод өнгөрлөө. Нэршил, түүхийг нь харвал цэргийн алба хаагчдын, зэвсэгт хүчнийхний баяр гэж ойлгогддог ч яг үнэндээ эрчүүдийн баяр л даа. Монголчууд ийм агуулгаар тэмдэглэсээр өнөөг хүрсэн, цаашид ч тэгэх биз. Хэдхэн хоногийн өмнө болоод өнгөрсөн эрчүүдийн баяраар цацагдсан нэг асуудал анхаарал татлаа л даа. Эрчүүд эмэгтэйчүүдээс арван насаар бага насалдаг гэсэн мэдээлэл. Монгол эрчүүдийн ихэнх нь яагаад тавь хүртэл наслахгүй байна вэ? Судалгаа энэ тэр гэсэн нарийн ширийн юм алга. Нүдэн дээр ил байгаа зүйлсийг эргэцүүлж бодсоноо л хэлье. Эр хүнийг хүмүүжүүлж байгаа бидний арга барилаас л бүх зүйл шалтгаалаад байх шиг. Түүнээс монгол эр хүн тийм ч хэврэг амьтан биш гэдэг нь хэтэрхий ойлгомжтой хэрэг. Биологийн утгаараа хүн хэдий наслах боломжтой тэр бүх боломж монгол эр хүнд бий.

Эрэгтэй хүүхэд төрөхөөр бид яаж хөөрдөг билээ. “Эх орноо манах цэрэг эр төрлөө” гэцгээдэг. Яг энэ ойлголт, хандлагаас аав, ээжүүдийн буруу хүмүүжил эхэлдэг. Цэрэг эр болох хүн хүчтэй чадалтай байх ёстой гэж сургахаас биш өрхийн тэргүүн болгох ухааныг чиглүүлж өгдөггүй. Хань ижил, үр хүүхэдтэй болно гэдгийг нь багаас нь ухааруулж, үрдээ нөмөр түшигтэй, ханьдаа халамж ивээлтэй аж төрөх ухаанд сургадаггүй. Цэрэг болно, хүчтэй байх ёстой л гэж сургасаар ирсэн.

Дайтах хүн ямар хүмүүжил авах нь дэндүү тодорхой. Хатуу хөтүү, өрөвдөх хайрлах сэтгэлгүй, хүний амь хөнөөх, бусдын өмнөөс мэс далайхаа юман чинээ бодохгүй сэтгэлгээтэй хүн болж төлөвшинө. Баатарлаг үйл явдалд дуртай, учир утгагүй тэмцэлдээн тулаанд дурласан нэгэн л болно. Наад зах нь л “Яагаад л эм хүн шиг усан нүдлээд байгаа юм. Эр хүн уйлж болдоггүй. Жинхэнэ эр хүн чинь зоригтой, дайчин байх ёстой” гэж ирээд загнаж зэмлэдэг аав, ээж өчнөөн. Эр хүн яагаад уйлж болохгүй гэж, ялгаагүй л хүн. Эр хүн уйлж болохгүй гэсэн хандлага бол хүн байх, хүнлэг орших, зөв ухаалаг аж төрөх ухааны эсрэг зүйл. “Эр хүн байж ийм жижигхэн хулганыг гишгэчихэж чадахгүй, эр хүн байж тэр муу жаахан хүүхдэд дийлдээд байхдаа яадаг юм” гэж загнаж зандчуулж өссөн хөвгүүд ямар эр хүн болж төлөвших вэ? Хэнийг ч хайрладаггүй нэгэн болж төлөвшинө. Зүй нь бусдыг хайрлаж байж л бусдаар хайрлуулж амьдрах нь хүний орчлонгийн жам. Бүр цаашлуулж ухвал бусдыг хайрлах ухаан өөрийгөө хайрлахаас эхэлнэ ч гэдэг. Хөгжилтэй орнуудын бага насны хүүхдүүддээ зааж сургадаг зүйлсийг анзаарах нь ээ эхлээд өөрийгөө хайрлах ухаанд сургадаг юм билээ. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж, өөрийнхөө гэмийг ухаарч ойлгож сурсан хүүхэд бусдад мөн л тийм сэтгэлээр ханддаг хүн болж төлөвшдгийн захын жишээ нь Япон.

Хөвгүүддээ “Болно оо болно, энүүхэн төдийд эмзэглээд байхдаа яахав дээ. Болоогүй юмны хойноос битгий гоншигноод бай” гэж хэлж яваа хүмүүс өчнөөн. Аав, ээжүүдийн ийм хандлага юуг ч төлөвлөж мэддэггүй эрчүүдийг бий болгодог.

За тэгээд хөвгүүддээ үлгэр дуурайл болгох гэж ярьж жишээлдэг хүмүүсийн жагсаалтыг бөхчүүд тэргүүлнэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Ер нь л бид хөвгүүддээ хүчтэй чадалтай, булчинтай шөрмөстэй хүмүүсийг бахдах шагших сэтгэлгээг багаас нь суулгачихдаг. Мэдээж ямар ч эцэг эх хөвгүүдээ ухаалаг мундаг, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн өндөр боловсролтой хүн болгохыг хүсдэг. Гэхдээ хөвгүүддээ ханддаг бидний энэ мэт хандлага яг үнэндээ өөр хүмүүсийг бий болгоод байна. Хүч чадал гэдгийг булчин шөрмөс гэж ойлгосон, булчин шөрмөстэй хүн харахаараа хүчтэй удирдагч гэж төсөөлсөн, асуудлыг шийдэх гарцыг хүч хэрэглэх гээд ухаарчихсан олонх аав, ээжүүдийн хөвгүүдээ хүмүүжүүлэх арга барилаас төрөөд байна.

Хатуухан хэлэхэд, бид хөвгүүдээ хар багаас нь ажил хөдөлмөрт дурлуулж, эрийн цээнд хүрэхээрээ өрх гэр, улс орноо удирдаж, авч явах ёстой гэсэн ухаанд сургаж чадахгүй байна. Их удаж л “Миний хүү том дарга, том захирал болно. Өчнөөн хүнийг араасаа дагуулсан мундаг хүн болно” гэх маягтай үг хэлж хөөргөхөөс хэтэрдэггүй. Бараг л арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарах их баатар болгох ухааны юм ярина. Орчин цагийн нийгэмтэй огт зохироогүй ийм арга барил, үзэл хандлагаасаа татгалзаж байж л жинхэнэ эр хүнийг өсгөж хүмүүжүүлэх асуудал яригдана гэдгийг юмны наана цааныг гадарладаг захын хэн ч хэлнэ.

Цааш нь яривал хөвгүүдээ буруу хүмүүжүүлж байгааг нотолсон хандлага, сэтгэлгээний олон жишээ дурдаж болно. Эцэст нь хэлц шахуу болсон, хөвгүүдийн багаасаа сонсож өссөн нэг үгийг онцлоод жишээгээ дуусгая. “Хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх” гэсэн үгийг сонсоогүй өссөн хүн үгүй байх. Багаас сонсож өссөн үлгэрт хүртэл гардаг санагдана. Баатарлаг эрчүүд тойрч суугаад нэг иймэрхүү байвал л сүртэй хүчтэй харагдана гэсэн ойлголт, төсөөллийг үлгэр энэ тэрээр дамжуулаад хөвгүүддээ хар багаас нь суулгаж, өнөөдүүл нь өсч томрохоороо нэг тиймэрхүү болхидуу төсөөлөл баримжаатай болчихсон яваа тал анзаарагддаг.

Хөвгүүдээ ингээд өсгөчихөөр ямар эрчүүд бий болдог вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Түрүүн хэлсэнчлэн хүнийг хайрлах сэтгэлгүй, төлөвлөлт төлөвлөгөөгүй, өрхийн тэргүүн ямар байх ёстой талаарх ухаан чиггүй эрчүүд бий болоод байна. Онцолж хэлэх бас нэг зүйл байна. Товчхондоо бид хөвгүүдээ нэг удаагийн л сэтгэлийн хатад тэсч үлдэхээр хүмүүс болгочихож. Нэг удаагийн үйл явдалд хачин баатарлаг сүр хүч үзүүлдэг эрчүүд олон байдаг нь цаанаа ийм учиртай байж магадгүй.

Гэтэл хүний амьдрал гэдэг хэдэн арванаар үргэлжилдэг, нэг саадаас нөгөө саадыг давж байж тэнцвэрээ хадгалдаг адармаатай оршихуй. Саадыг давж чадахгүй бүдэрсэн л бол сэхэл аваад өндийхөд их хүч шаарддаг хэцүү орчил. Учирсан саад бүрийг даваад гарах ухаантай хүн л үр хүүхэд хань ижилтэйгээ жаргал дүүрэн сэтгэл тэнүүн аж төрдөг жамтай. Нэг удаагийн сэтгэлийн хаттай өсч хүмүүжсэн эрчүүд амьдралын урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх сорилтуудаад буугаад өгчихдөг жишээ захаас аваад замаар нэг байна. Бууж өгч бултаж зугтахаараа бор дарсанд дурладаг, сэхээтэй зарим нь амьдралаа үргэлжлүүлж, сэхээгүй нь хатуу идээнд живээд төгссөн түүх өчнөөн бий. Архи уусан хүн урт насалдаггүй гэдгийг бид мэдвэл мэдэхээр олон жил архидацгаалаа. Эрчүүлийн богино насалж байгаа ганц юм энэ архидалт. Үүнээс л бүх өвчин зовлон, хавдар, аваар осол эхтэй. Тэгэхлээр бид эрчүүдээ ердөө 50 хүрэхтэй үгүй наслахаар л хүмүүжүүлж байгаа юм биш үү.

Эрчүүдийн нас богинохон байна гэсэн эмзэглэлийг бодит ахуйтай уяад ажихаар ийм л учиртай байх гэсэн багцаа таамаг төсөөлөл төрж байна. Сэтгэл зүйчид илүү гүнзгий тайлбар, тодорхой шалтгаанууд хэлэх байх.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Нэр цэвэр, мэдлэг боловсролтой хүмүүс дэвшээсэй гэсэн хүлээлт сонгогчдын дунд их байна

2020 оны УИХ-ын сонгууль дахь сонгогчдын оролцооны талаар Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тодорч байгаа болов уу. Ирэх сонгуулийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.1-д зааснаар “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу 2020 оны тавдугаар сарын 10-наас 2020 оны тавдугаар сарын 16-ны хооронд сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах ёстой. Үүний өмнө тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар нэр дэвшигчдийг хэлэлцэж, олонхын саналаар баталсан байна. Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах нэг онцлог бол УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 29.8 дахь заалтын дагуу авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан хүмүүс нэр дэвших боломжгүй болсон явдал юм. Ард түмнийг төлөөлөн төрийн хариуцлагатай албыг хаших хүмүүс өндөр ёс зүйтэй байх ёстой.

-Намууд энэ жил ямар хүмүүсийг сойхоор бэлдэж байгаа бол?

-Улс төрийн намууд 2020 оны сонгуульд оролцох зарчим, нэр дэвшүүлэх шалгуураа зарлаж эхлээд байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2020 оны нэгдүгээр сарын 9-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр 2020 оны сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах зарчмаа зарласан. МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүрмөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвар, мэдлэг боловсрол, ёс зүйтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Энэ тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын даргын зүгээс нэр дэвшихийг горилогчид ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн дэмжлэг, хандивыг иргэд, аж ахуйн нэгжээс авахыг хориглосон. Тиймээс ийм байдал гаргасан горилогчийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй. МАН илүү мэргэжлийн, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсийг төрд ажиллуулна гэдэг зарчмаа зарлаж байна. Ингэснээр төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа завхралаас ангид байх болно. Тойргуудад нэр дэвших боломжтой болон хүсэлтэй хүмүүсийн рейтингийн судалгаа хийнэ. Судалгааны үр дүнг харж, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэсэн. МАН-ын удирдлагуудын энэ байр суурийг олон нийт талархан хүлээн авч байгаа нь санал асуулгууд болон нийгмийн сүлжээний мониторингийн судалгаануудаас харагдаж байгаа. Харин АН-ын Үндэсний Бодлогын Хороо 2019 оны арваннэгдүгээр сарын 9-ний хурлаараа АН-ын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцэж, тус намаас сонгуульд нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн дэнчинг намдаа төлөх шийдвэр гаргасан. Үүнээс харахад АН-аас нэр дэвших хүмүүс юуны өмнө 100 сая төгрөгийн дэнчин төлсөн байх ёстой бололтой. Бусад намуудын хувьд одоогоор 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх зарчим, шалгуураа ингэж олон нийтэд зарлаагүй байна.

-Та сонгуулийн үйл явцын мэргэшсэн судлаачийн хувьд Монголын сонгогчдын оролцоог юу гэж дүгнэдэг вэ?

-1992 оноос 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл сонгогчдын ирц жил бүр буурч, орон нутгийн сонгуулиудад ирц 50 хувьдаа хүрэхгүй тохиолдлууд удаа дараа гарах болсон. Сонгуульд оролцох иргэдийн оролцоо буурч байгаа нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн ардчиллын өмнө тулгамдаж буй асуудал болоод байсан юм. Жил ирэх тутам хүмүүс улс төрөөс хүнийсч улс төрийн жагсаал цуглаан, сонгуульд оролцох нь багасч либерал ардчилсан орнуудын сонгогчдын оролцооны дундаж нь 60 хувьтай байсан. Ийнхүү сонгогчдын оролцоо буурч байгаа нь олонхын санал дээр тулгуурладаг ардчилсан засаглалын мөн чанарыг алдагдуулахад хүргэх аюултай юм. Тийм учраас дэлхий даяар сонгогчдын оролцоог дэмжихэд чиглэсэн кампаничилсан арга хэмжээ, хууль зүйн зохицуулалтууд хийгдэж байна. Тийм учраас судлаачид бид 2016 оны сонгуулийн ирцийг 61-62 хувь байх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүүлж байлаа. Гэтэл сонгогчдын ирц 73.5 болж 2012 оныхоос даруй зургаан хувиар нэмэгдсэн нь ихээхэн анхаарал татсан юм. Дэлхийн бусад орнуудад ч мөн адил 2016 оноос эхлэн сонгогчдын ирц ихээхэн нэмэгдэж, урьд өмнө хамгийн идэвхгүй гэгддэг байсан залуу сонгогчдын оролцоо гайхалтайгаар өсч байгаа юм. Ингээд судлаад үзэхэд сонгогчдын оролцоо ингэж өссөн нь сонгууль дахь сошиал сүлжээний нөлөөтэй шууд хамааралтай болох нь тогтоогдсон. Сошиал сүлжээгээр явж буй улс төрийн агуулгатай мэдээллүүдэд иргэд байр сууриа илэрхийлэх, өөрсдөө элдэв шүүмж, санал бодлоо илэрхийлж пост хийх боломжтой болсон нь урьд өмнөх идэвхгүй үзэгчийн байр суурьтай байсан хүмүүсийг одоо улс төрийн идэвхтэй тоглогч болгон хувиргаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тийм учраас энэ жилийн УИХ-ын сонгуульд ч мөн адил сошиал сүлжээний нөлөө хүчтэй байх магадлалтай байна.

-Таны “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” гэх ном улстөрчид, сэтгүүлчид, уншигчдын дунд эрэлттэй байгаа. “Цахим популизм” гэж нэрлэсэн учир нь юу байв?

-Түрүүн хэлсэнчлэн 2016 оноос хойших зөвхөн Монголын төдийгүй АНУ, ХБНГУ, Франц зэрэг дэлхийн олон улсын сонгуулиудад сошиал сүлжээний нөлөө хүчтэй илэрч иргэдийн улс төрийн идэвх оролцоог нэмэгдүүлж байгаа юм. Хэдий тийм боловч сошиал сүлжээний хяналт багатай байдал нь сонгуулийн үеэр сөрөг сурталчилгааны гол талбар болж, хуурамч мэдээлэл түгээх орон зай болж байгаа нь сонгуулиудаас харагддаг. Тухайлбал, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын багаас Америк нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлах, гадаадынхныг үзэн ядах үзлийг дэврээх зорилгоор зохиомол болон бодит байдлыг гажуудуулсан үй олон мэдээллийг тарааж байсан. 2017 оны ХБНГУ-ын Бундестагийн сонгуулиар Германы Альтернатив (AfD) хэмээх хэт барууны үндсэрхэг популист нам сошиал сүлжээгээр цагаачдын эсрэг өнгө аястай их хэмжээний хуурамч мэдээллийг тавьж байсны үр дүнд парламентын гурав дахь том нам болсон. Ийнхүү улс орнуудын сонгуулийн үйл явцад нийгмийн сүлжээний гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдэж популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин “цахим популизм” болж хувирч байгаа дүр зураг нийтлэг байгаа юм.

-Энэ жилийн сонгуульд сонгогчид ямархуу хүмүүсийг сонгох бол, судалгаанаас ямар дүр зураг харагдаж байгааа вэ?

-Судлаачид бид судалгааны байгууллагуудтай хамтран олон нийтийн дунд цуврал судалгаа хийж ирэх сонгуулиас иргэд ямар үр дүн, ямар хүн нэр дэвшээсэй гэж хүсэн хүлээж байгааг тодруулж байна. Мөн иргэдийн дунд тулгамдаж буй асуудлууд юу байгааг тодорхойлж түүнийг шийдэх арга зам хувилбарыг бодлого боловсруулагчдад санал болгож байгаа. Ингээд судалгааны дүнгээс харахад иргэдийн дунд энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр цэвэр, мэдлэг боловсролтой, шинэ хүмүүс дэвшээсэй гэсэн хүлээлт хамгийн түгээмэл байна. Хот, хөдөөд амьдардаг эсэх, насны бүлэг, боловсрол, орлогын ялгаанаас үл хамааран энэ шинжийг иргэд нэрлэж байгаа юм. Мөн дараагийн нэг онцлог зүйл нь мажоритар системийн онцлогтой холбоотойгоор нэр дэвшиж буй намыг гэхээс илүү хувь хүнийг нь харна гэх байр суурь юм. Аль нэг намыг тогтвортой дэмждэг сонгогчид жил ирэх тутам багасч байгаа нь бүх л судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал өгөлтөд намыг дэмжих тогтвортой хандлага, оршин суугаа газар зүйн байршил, хөрөнгө орлогын ялгаа гэх мэт урт хугацаанд сонгуулийн саналд нөлөөлдөг хүчин зүйлс улам бүр суларч байна. Харин үүний оронд намуудын мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, намаас нэр дэвшигчдийн олон нийтэд таалагдах байдал зэрэг богино хугацааны хүчин зүйлс сонгуулийн ялалтыг тодорхойлох боллоо. Ерөнхийдөө бол улс төрийн аль ч намд гарааны хувьд сонгуульд ялах хангалттай нөөц, суурь хүчин зүйл байхгүй болж байна гэсэн үг. Тийм учраас намууд улс орныг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө хамгийн сайнаар хийж, нийгмийн тулгамдсан асуудлууд болон хэтийн зорилтыг шийдэж чадах нам гэдгээ харуулах ёстой. Мөн тухайн намаас нэр дэвших хүмүүс нь бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартай, итгэл даахуйц гэдгийг олон нийтэд танилцуулах ёстой болж байна.

-Энэ жилийн УИХ-ын сонгуульд дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахал хэр нөлөөлөх бол. Сонгууль хойшлох уу гэх асуудал яригдаад эхэлсэн байна…

-Энэ үнэхээр чухал асуудал. Дэлхийг хамарсан цар тахал учраас хүн олноор цугларах томоохон арга хэмжээ, урлаг, спортын бүх тоглолтууд цуцлагдаж байна. Европ, Америк тивүүдийн хувьд цар тахал ид дэгдэлтийн үедээ байгаагаас зарим сонгуулиуд хойшлогдож, зарим нь хатуу хяналттайгаар явагдаж байгаа. Жишээлбэл, АНУ-ын арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намуудын дотоод сунгаануудын нэлээд нь хойшлогдсон, харин Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахгүй, хугацаандаа явуулна гэж байгаа. Мөн коронавирусийн дэгдэлт яваад өнгөрсөн, шинээр халдвар авагсад багасч байгаа учраас дөрөвдүгээр сарын 15-нд болох БНСУ-ын парламентын сонгууль хугацаандаа болохоор бэлтгэж байна. Солонгосын СЕХ сонгогчдын ирц бууруулахгүйн тулд сонгогчдод маск өгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж, нийт сонгогчдыг 42,320, сонгогчдын 58 хувь ирц бүрдвэл сонгогчдын тоо 25 сая байх төлөвтэй гэж үзэж 25 сая хүний маск бэлдэж байгаа тухай мэдээлэл байна. Ийнхүү коронавирусийн дэгдэлтийн үед явагдах болсноор СЕХ, нэр дэвшигчид, сонгогчид гээд бүх талуудад хүндрэлтэй хэцүүхэн сонгууль болж байна. Гэхдээ цэвэр бодлого ярьж, сонгуулийн сурталчилгаа үндсэндээ сошиал сүлжээнд төвлөрч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Монгол Улсын хувьд одоогоор цар тахлын нөхцөл байдал бусад улсуудтай харьцуулахад хяналтад байгаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болоогүй учраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах ноцтой байдал үүсээгүй байгаа юм. Гэхдээ хөл хорионы дэглэм цаашид үргэлжилбэл сонгуулийн үеийн нийтийг хамарсан том уулзалт, арга хэмжээнүүд хийх боломжгүй болж, сурталчилгаа зөвхөн ТВ, нэр дэвшигчдийн албан ёсны сошиал хуудас, цөөн тооны хэвлэмэл материалын хүрээнд явагдах байх.

Categories
мэдээ цаг-үе

Их Явуугийн шавь Чойжилын Дамдиндорж найрагчийнд өнжлөө

“Та бид хоёр чинь дэлхийн яруу найргийн өдөр(03.21)-өөр уулзалдаж байна, бэлгэшээлтэй санагдлаа”, “Харин тийм ээ. Ах нь яруу найргийн өдөрт зориулаад Сергей Есениний орчуулгаасаа нэг шүлгийг нь фэйсбүүк хуудсандаа оруулчихсан чинь хүмүүст их таатай байгаа бололтой”. Ийм л яриа хөөрөөтэй бид хоёрын уулзалт эхэлсэн юм. “Эрийн хэц нь танигдсан сайхан эр дээ, манай Дамиа” гэж Дөнгөтийн Цоодол хэлдэг. Тэр хоёр бол дорнын их Явуугийн зүрхний шавь нар юмсан. Гэхдээ ойрын хэдэн жилээс л бие биенээ гэх болсон. Явуухулангийн гэргий Адъяа эгч сэрүүн тунгалагтаа “Чамайг Цоодолтой л ойртуулахсан” гэж хэлдэг байж. Цоодол нь тэр үед Сайд нарын зөвлөлд ажиллаад, мөн “Өдрийн сонин”-ыг төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхад соёл урлагийнх нь албыг хариуцсан том амьтан ордонд суугаад Дамиадаа олдоогүй юм билээ. Бас өнөө Дамиа нь ч гэж Дамиа, хүн царайчилж сүрхий дотночилж ахаа эгчээ гээд ар өвөрт нь гүйгээд байдаггүй ясны муухай зан нь нөлөөлөө байлгүй. Түрүү жилийн хавар Цоодол найрагчийн Бэлхийн аман дахь хөдөө гэрт нь Дамиа ах, Хүрлээ ах бид гурав очиж бүтэн өдрийн туршид ёстой нэг шавайгаа ханатал хуучилсан сан. Хүрлээ гэдэг маань “Цэцэг нуурын хөвөөнөөс цэргийн албанд мордлоо” гэж бичсэн Ховдын Цэцэгийн Сутай хайрхны хүн. Яагаав, “Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар” гээд олон сайхан дуутай даруухан гоё хүн. Тийн очиход Дамиа, Цоодол хоёр нуух хаах юмгүй сайхан ярьж билээ.

Ингээд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, орчуулагч Чойжилын Дамдиндоржийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. “Ах нь зочноо өөрөө очиж авна аа” гээд манай хүн намайг гэрээс минь ирж аваад Зайсангийн зүг хөдөлсөн. Гүүр давж явахдаа тэрээр гэргий рүүгээ яриад бууз тавьчихаарай гэж байна. Яах ийхийн зуургүй Богд уулын хаяанд гэрт нь хүрээд ирлээ. Гэргий нь буузаа сэвээд уур манан савсуулаад зогсож байна. Бага хүүгийнх нь гэр бүлээрээ аавындаа ирчихсэн хүүхэд шуугилдаад аз жаргал баяр баясгалан болсон сайхан айл угтах нь тэр. Мэнд усаа мэдсэний дараа цай цүй болох зуураа Лхагважав эгч “За нөгөө корона чинь арав болчихлоо” гэж цаг үеийн мэдээ дуулгав.

“Та чинь дөрөвдүгээр ангийн жаалхан сурагч байхдаа Дандар баатарт зориулж шүлэг бичиж байсан гэдэг” гээд гэрийн эзнээс яриа өдлөө. “Булганы арван жилийн сургуульд Дандар баатар ирэх болдог юм байна. Уран зохиолын дугуйлангийн сурагчдаас ханын сонин гаргах боллоо. Манай дугуйлангийн багш Дашзэвэгийн Сэнгээгийн дүү Дашням гэж хүн байсан. Одоо энэ Урианхай, Их хурлын гишүүн байсан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Данзанхорлоогийн Дашпүрэв гээд бүгд л Дашням багшийн шавь нар. Дугуйлангийн хүүхдүүдийн хамгийн балчир нь би байлаа. Бүгд домогт Дандарт зориулж шүлэг бичлээ. Тэгтэл багш маань миний бичсэн шүлгийг магтаж, намайгаа хөөргөдөөд баатрын уулзалтад зориулсан ханын сонинд миний шүлгийг гаргаж билээ.

“Цуцаж шантрашгүй зоригтны

Цулбуураа бариад мориндоо мордох нь

Цавчим өндөр хясаан дээрээс

Цалил цагаан бүргэдийн шумбах адил…” гэсэн эхний дөрвөн мөрийг нь тод санадаг, бусдыг нь мартаж орхижээ. Ийм шүлэг анх бичсэнээс хойш утга зохиолын гал тогоонд сэтгэл хоёрдолгүй зүтгэж явна. Бусад шиг сүрхий нэр алдарт хүрсэнгүй, олонд тэгтлээ танигдсангүй. Шүлэг найргаа шатааж, Явуугийн шавь гэж адлуулж хэрдээ л адармаатай амьдрал туулсан байх юм” гээд инээвхийлж сууна. Юмны учрал ерөөл гэж сонин. Түүний анх шүлэглэсэн гарамгай баатар Дандар тэр хоёр нэг нутгийн унаганууд. Булганы Бүрэгхангайн утаа суунагласан хөх уулсын дунд хүмүүн заяаг олсон эрхмүүд. Бүр сүүлдээ садан төрлийн хүмүүс ч болсон удаатай. Дандар баатар том хүү Мөнхзулыг нь төрөөд удаагүй байхад Дамдиндорж найрагчийнд зочилж, манцуйдаа тарвалзан бяцхан хүүг нь алган дээрээ энхрийлэн тэврээд зургаа татуулсан гэрэлт дурсамж ч бий гэнэ. Явуу багштайгаа танилцсан нь наян нэгэн он ажээ. Гэргийдээ зориулж бичсэн уярам сайхан шүлэг Явууд унштал “Үгүй ээ, чи чинь хаанаас гэнэтхэн гараад ирэв. Чамд өөр шүлэг бий юү” гэж асуугаад их л сэтгэл нь догдолсон гэдэг. Агуу их Явуухуланд тоогдсон мань хүн тэр оройдоо “Дайны жилийн хүүхнүүд” тэргүүт олон шүлэг бичээд Явууд аваачаад өгчээ. Ингэж Явуугийн халуун сэтгэлийн үгтэй түүний шүлгүүд “Цог” сэтгүүлийн наян нэгэн оны хаврын дугаарт хэвлэгдсэн түүхтэй. Тухайн цагт “Цог” сэтгүүлийн “Оч” буланд гарч байж яруу найрагчийн дархан эрхээ олж авдаг байсан бичигдээгүй хуультай байсан үе. “Эрээнцавын Нямсүрэн, Данзангийн Нямаа бид гурав чинь нэг уяаны морьд шүү дээ” гэж Дамиа ах хэлдэг. Учир нь “Цог” сэтгүүлийн “Оч” буланд Дамдиндорж, Данзангийн Нямсүрэн, Данзангийн Нямаа гурав нэг жил цуварч гарсан юм билээ. “Маш тансаг сайхан найрагч хөдөө байна” гэж Дамдиндоржоо Явуу багш нь хэлсэн нь эргээд санах нь ээ, Эрээнцавын Нямсүрэн найрагчийг хэлж байжээ. Анхны шүлгээ Дандар баатарт зориулсан тэрээр анх удаа “Цог” сэтгүүлд гарч яруу найрагчийн алдраа тунхаглахдаа сансрын нисэгч Жүгдэрдэмийн Гүррагчаатай хамт заларсан нь бас л сонин. Тодруулбал, Гүррагчаа баатар сансарт ниссэн түүхэн баярыг Монголын зохиолчдын хороо, тэр үеийн нэрт сайхан найрагчид өндөрт өргөж сансрын нисэгч хүүгийнхээ зургийг сэтгүүлийнхээ тэргүүн нүүрэнд залжээ. Тэр л дугаарт Явуу нь Дамдиндоржоо бичсэн байдаг юм. Ийм билгэ ерөөлийг Дами ах сэтгэлдээ хадгалж явдаг байх нь. Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ой өчигдөр тохиосон билээ.

“Явуу багшийн өрөөнд очиж уулзана гэдэг амаргүй. Тэр үеийн зохиолчдын хороо гэдэг ёстой бурхад чуулсан газар. Агуу их Түдэв гуай, Удвал гуай, Явуу багш, Пүрэвдорж гуай, Сэнгийн Эрдэнэ гуай бүгд ханайж байсан үе. Зохиолдын хороогоор ороод, тэр том аваргуудын чинь өрөөний үүдээр алхахад ар нурууны хөлс дааварлаж байлаа, ээ бурхан минь” гэж Дамиа ах хэлсэн. Явууд тоогдож “Цог” сэтгүүлд заларснаар үндсэн ажлаа орхиж шүлэг найраг руугаа эргэлт буцалтгүй орсон гэдэг. Үндсэн ажил гэдэг нь Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байснаа хэлж байна. Жаран есөн онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн хэл уран зохиолын ангид орно гэж бодож байжээ. Тэгтэл Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ганц хуваарь иртэл түүнийг нь эхнэр нь авчихсан гэдэг. “Би ямар найз охинтойгоо өрсөлдөлтэй нь биш” гэж байсан. Ингээд хүссэн сургуульдаа орж чадалгүй эгчийнхээ зөвлөснөөр цаг уурын ангид орчихжээ. “Бараг таван жил үсэг хараагүй” гэж байсан. Дээд тоо, магадлалын онол гээд дандаа л тоо бодно. Түүндээ өөрөө их дургүй. Дургүй байлаа гээд яахав, сургуулиа орхилтой нь биш. Тоо бодож манаргасаар байгаад төгсөөд авчээ. Цаг уурын анги төгссөн хэрнээ хүсэл сонирхлынхоо дагуу телевизэд орох санаатай очжээ. Телевизийн дарга нь Гончиг гэж хүн мань эрийг авахаар болсон байна. МОНЦАМЭ руу очоод тушаалаа гаргуулчихаад ир гээд явуулж. Ёндонсамбуу гэж боловсон хүчний хүн “Тоо боддог хүн сурвалжлагч хийдэггүй юм. Цаана чинь Эрхүү, Москвагийн их сургууль төгссөн сэтгүүлчид гудамжинд ажилгүй явж байна. Чи зүгээр тэр хийдэг ажлаа л хий” гээд хөөгөөд явуулчихсан байдаг. Урам нь хугарсан тэрээр орой нь гэртээ ирээд “Юм бичдэг салбар намайг яагаад ч хүлээж авахгүй юм байна. Уран бүтээлч байх заяагаагүй юм байна” гээд бичиж туурвисан шүлэг найргаа бүгдийг нь шатаачихсан гэдэг. ШУА-ийн газар зүйн хүрээлэнд ажиллах болсон түүх нь энэ.

Далан зургаан онд телевизэд орох гээд чадаагүй хүн чинь арван нэгэн жилийн дараа буюу наян долоон онд одоогийн соёлын гавьяат До.Чулуунбаатар, хөгжим судлаач Батсүрэн нарын хамт нэг тушаалаар монгол телевизийн сэтгүүлч болжээ. Телевизийн Залуучууд спортын редакцид ажиллахдаа тэрээр олон сайхан нийтлэл, нэвтрүүлэг бэлдэж явуулсныг тоочоод барамгүй. Ерэн онд Бээжинд болсон Азийн спортын наадамд сурвалжлагчаар явж тус наадмыг Монголын ард түмэнд шууд дамжуулж үзүүлсэн байдаг. Мөн жаран найман оны олимпоос хүрэл медаль хүртсэн Төмөрийн Артаг, наян оны Москвагийн олимпоос медаль хүртсэн Жамцын Даваажав, Дугарсүрэнгийн Оюунболд, Равдангийн Даваадалай нарын алдартай тамирчид бүгд гавьяат цолоо аваагүй байхад тэр үеийн олимпийн хорооны дарга Болд, нарийн бичгийн дарга, олон улсын шилэгдмэл шүүгч Солийн Магсар нартай яриад тэдгээр тамирчдын тухай цуврал нэвтрүүлэг бэлдэж хүргэжээ. Дамдиндоржийн тэрхүү нэвтрүүлэг гарсны дараа Болд дарга төв хороонд тамирчдынхаа тодорхойлолтыг барьж олимпоос медаль хүртсэн дээрх дөрвөн тамирчин гавьяат цолоо авч, Төмөрийн Артаг “Би энэ гавьяатыг чинь авах гэж 20 жил хүлээлээ. Чамд үнэхээр баярлалаа” гээд уйлаад ирж байжээ. Мөн алдарт тамирчин Лу.Энхбаяр Эрдэнэт хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүнээр түшүүлэн ирж гавьяат цолоо авсан байна. “Дамдиндорж гэж сэтгүүлчийн буянд энэ цолыг авлаа” гээд залбирч байсан гэдэг. Ингэж л түүний бэлдсэн нэвтрүүлэг, уран бүтээл хүнд хүрч өлзий буянаа хайрлаж байж. “Цагийн хүрд” нэвтрүүлэг тэр үед “Цаг үе, үйл явдал” гэсэн нэртэй байсан юм билээ. Тухайн нэвтрүүлгийн нэрийг өөрчлөх 200 төгрөгийн шагналтай уралдаан зарлагдахад Дамиа ахын “Цагийн хүрд” гэсэн нэр шалгарч шагнуулж байсан гээд үндэсний телевизтэй холбоотой үүх түүх хөвөрнө. Бас л адармаатай хүн шүү, “Цагийн хүрд”-ийн нэрийг хүртэл өгчихсөн байх даа яахав гэсэн бодол төрж л байлаа.

Тэр бол дорнын их Явуугийн отгон шавь, Очирбатын Дашбалбарын дотны нөхөр, Шаравын Сүрэнжавтай ах дүүгийн барилдлагатай явсан хүн. Явуу багш нь өнгөрөхийнхөө өмнөхөн “Монголын яруу найргийн од төрлөө” гэж Дамдиндоржийнхоо тухай бичжээ. Гэвч Явуугийн бичсэн зүйл “Утга зохиол” сонинд гарч амжаагүй байтал их найрагч насан өөд болж Дамиа ахын хэлдгээр нь аз нь дутсан юм билээ. Тэр тухайгаа өгүүлснийг нь хүргэе. “Би ер нь их нуугдмал хүн юм даа. Янз бүрийн юм ярихаар хүмүүс өөрийгөө магтаад байна гэж бодох байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан. Наян хоёр оны эхээр Явуу багш нас барахаас арваад хоногийн өмнө надтай тааралдаад “За Дамдиндорж оо, Төв хороогоор шинэ номын төлөвлөгөө батлагдлаа. Хангайсайхан нарын дөрвөн хүний ном хасагдчихлаа. Тийм учраас чи шүлэгнүүдээ надад аваад ир. Түүнийг чинь сонинд гаргаж, олон түмэнд хүргэе. Ирэх жилийн төлөвлөгөөнд номыг чинь оруулна” гэсэн юм. Тэгээд тав, зургаан шүлэг Явуу багшид аваачиж өгсөн. Өрөөнөөс нь гартал нэг хүн зөрөөд орсон. Би тухайн үедээ таниагүй. Сүүлд уулзах нь ээ, Очирын Нэргүй гэж хүн байсан. Түүнд Явуу багш миний тухай яриад өнөө “Яруу найргийн од” гэж бичсэн гар нооргоо Нэргүйд өгөөд бичээчээр цохуулаад ир гэжээ. Түүнийг нь Нэргүй бичээчээр цохуулчихаад гар нооргийг нь аваад үлдчихэж. Сүүлд надад үзүүлээд Баянгол ресторанд дайлуулсан. Тэгэхдээ би чамаар дахиж дайлуулна гээд Явуу багшийн гар нооргийг өгөөгүй. Багшийг өнгөрсний дараа түүнд зориулсан ном гаргах гээд өөрийнхөө шүлэг зохиолыг бэлдээд явж байсан чинь миний шүлгүүдийг энд тэндээс нь жаахан засчихсан, эмэгтэй хүний бичиг шиг бичигтэй зүйл оллоо. Энэ одоо хэн байдаг билээ гэтэл өнөө муу Дашбалбар маань байсан” хэмээн Явуугаа болоод Балбарыгаа дурсаж сууна. Тэр хоёрынхоо дурсгалд зориулж “Ачлалын тэнгэрт өдөлсөн шүлгүүд” хэмээх яруу найргийн нэгэн сайхан ном Дамдиндорж найрагч гаргасан юм.

“Дашбалбар бид хоёр үзэл бодол нэгтэй, ааш араншин ижилхэн хүмүүс. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг арга байхгүй нийлдэг л юм билээ. Балбарыг ерэн зургаан оны сонгуульд ялалт байгуулж төрийн түшээ болоход нь эхнэр бид хоёр очиж баяр хүргэсэн юм. Балбарын туслах байсан Агваандорж бид хэд Манзуширын хийдэд очиж баяраа тэмдэглэж билээ. Миний бага хүү Мөнхдөлтэй Балбар маань зургаа авахуулахдаа, чи УИХ-ын гишүүн, бас Монголд нэртэй яруу найрагчтай зургаа авахуулж байна шүү гэж хүүд маань инээд наргиантайгаар хэлж байсныг мартдаггүй. 2002 онд Балбарынхаа дурсгалд зориулсан “Наранбулагийн эгшиглэн” номынх нь тэргүүнд нүүрэнд хүүтэйгээ авахуулсан тэр зургийг оруулсан. Ерэн найман онд Балбарыг төрийн шагнал авахад нь гэрт нь очсон. Тэгэхэд надад баатрын зурагтай гоёмсог бэлэгн гардуулаад “Миний нөхөр надтай явсан баатар юм шүү” гэж сэтгэл дүүрэн хэлж билээ. Би чинь нэг хэсэг нам улс төр гэж баахан давхисан. Тэр бүхэн маань Дашбалбартай холбоотой юм. Балбар, Зэнээ бид гурав Гэсэр сүмийн тэнд өглөө бүхэн уулзаж ярилцдаг байлаа. Тэр хоёр намайг Их хуралд суулгах гэж их үздэг байлаа. Би тухайн үедээ зөвшөөрөөгүй юм. Тэр нь зөв болсон байх. Хэрвээ орсон бол гурвуулаа үхэх байсан. Хамгийн сүүлд Балбартайгаа өнгөрөхөөс нь зургаан хоногийн өмнө уулзсан. Тэгээд би ажлаар гадагшаа явсан. Хүний нутагт анд нөхрөө үгүй болсон аймшигт мэдээг дуулаад ямар хэцүү байсан гэж бодно. Би өдий наслахдаа олон ч хүнтэй нөхөрлөж иржээ. Гэхдээ Дашбалбар шиг нөхөртөө үнэнч, эх орондоо үнэнч, ард түмэндээ үнэнч хүнийг үзээгүй явна” хэмээн анд нөхрийнхөө дурсамжийг хуваалцсан. Дамиа ах нэг хэсэг Чөлөөт зохиолчдын холбоонд орж тус холбооноос зохион байгуулдаг “Мөнгөн цом” наадмыг “Болор цом” шиг нэр хүндтэй болгож байсныг санах юм. 2000 онд хувийнхаа зардлаар цалин цагаан мөнгөөр сайхан цом хийлгэж “Мөнгөн цом” наадмыг зохион байгуулж, тэрхүү цомыг нь Данзангийн Нямаа найрагч хүртэж байсан удаатай. Энэ бүхэн Балбарынхаа нэрийг бодож хийсэн ажил гэж хэлсэн нь тэр нөхөрлөлд хэрхэн үнэнч гэдгээ харуулсан юм. Эл бүхнийг бодохоор Чойжилын Дамдиндорж найрагчид өөрийн эрхгүй баяр төрдөг. Мань эр нэг хэсэг улс төрийн айхтар хурц нийтлэлүүд туушиндаж байсан. Ямар сайн даа алдарт сэтгүүлч Жа.Пүрэв гуай “Дамдиндорж гэж тэр залууд хэлэх юмсан. Арай л хэтэрхий шударга бичих юм. Тэгж байгаад араасаа хутгаар зоолгуулна. Амиа хамгаалж яваасай, тэр хүү” гэж арга цөхөрсөн зүйл хэлж байхав. Мөн Балбарынх нь эхнэр Борхүүхэн “Дамиа минь одоо боль, эцэст нь эр нөхөр нь эндээд, эхнэр нь бэлэвсрээд, үр хүүхэд нь өнчрөөд хоцордгийг би амьдралаараа үзэж байна” гэж айхтар сануулж хэлжээ. Ингээд тэрээр айхавтар нийтлэл бичихээ больж, улс төрөөс ч хөндийрч уран бүтээлийнхээ ажилд эргэлт буцалтгүй оржээ. Одоо бол ах нь хэнийг ч шүүмжлэхгүй, нэг хэсэг ч бас тэнэг явсаан” гээд хүд хүд хөхөрч байсан.

Дамдиндорж бол үнэндээ шазууртай эр. Ямар л аавын хүү Явуугийн шавь гэж адлуулахдаа шаралхаж Дэндэвийн Пүрэвдорж гуайтай ам зөрөөд Монголын зохиолчдын эвлэлийн хаалгаар 15 жил оролгүй омогтойхон явсан байх вэ. Энэ тухайгаа “Тэр үед би залуухан ч байж, хэн нэгнийг дагаж далбаганадаггүй хэдрүүхэн ч явжээ. Явуу багшийг нас барсны дараа зохиолчдын эвлэлийн яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр Пүрэвдорж гуай томилогдон олон сайхан залуусыг уран бүтээлийнх нь өндөрлөгт хүргэсэн. Пүрэвдоржийн дугуйлангаас Монголын яруу найргийн дал наяад оныхон тодорсон юм. Харин мань мэтийг жаахан шоовдорлох янз гаргах шиг санагдсан л даа. Бодвол би гэж дүнхүүдүүхэн амьтан хүний арга эвийг олохгүй дургүйг нь хүргэсэн байлгүй. Пүрэвдорж гуай намайг нэг удаа “Чи их Явуугийн гараар орсон мундаг хүн, дээгүүр зантай нөхөр” гэж хэлдэг юм. Тэр үгийг нь тэвчиж хүлцэлгүй, намайг ад үзлээ, Явуугийн шавь гэж нүд үзүүрлэлээ хэмээн хэрэлдээд арван таван жил зохиолчдын хорооны босгыг алхаагүй дээ” гэж гүдэсхэн хэлж байна. Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж, Монголын яруу найргийн наяад оны эхэн үеийн иртэй найрагч Чойжилын Дамдиндорж хоёрын хувьд уруул дордойсноос элэг дордойгоогүй юм билээ. Хоёр мянга есөн онд зохиолчдын эвлэлийн наян жилийн түүхт ойгоор Пүрэвдорж гуай Монгол Улсын хөдөлмөрийн баатар болж, мөнөөх Дамдиндорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулан төрийн есөн хөлт цагаан тугны дэргэд зогсохдоо тэврэлдэн золголджээ. “Пүрэвдорж гуай баатрын алтан соёмбо энгэртээ гялалзуулан тас тас инээгээд намайг, хүү минь гээд тэвэрч аваад үнссэн. Би гэдэг хүн яг л эцэгтээ үнсүүлж байгаа юм шиг санагдсан. Тэр агуу найрагчийг би сэтгэлдээ яаж муугаар бодож зүрхлэх билээ. Гэнэн залуу насны ааг омогтоо эрдэж явахгүй юу. Тэр сайхан уулзалт бид хоёрын сүүлчийн уулзалт байж билээ” гэв.

Дамдиндорж найрагч бол адайр ааштай, хэгжүүн омголон зантай хэрнээ ойртож дотносоод ханилахад түшигтэй, үнэн үгтэй, цагаан цайлган халуун сэтгэлт нэгэн. Дамиа ахын хүнлэг сэтгэл, аливаад жудагтай нуруутай байдаг чанарыг нь нөхөд нь даан чиг мэднэ дээ. Хоёр жилийн өмнө байна уу даа, номын баяраа хийхэд Дожоогийн Цэдэв гуайгаас аваад утга зохиолын үе үеийн хүмүүс цугласан байв. Цэндийн Эрдэнэбат доктор, Саруулбуян найрагч гээд дотны нөхөд нь хичнээн халуун дулаан сайхан үг хэлснийг санаж байна.

“…Цувраа мянган уулсыг ч давж хурдлах шандастай

Цуут загалын удам хурдан байдаг юм

Цул мөнгөн чимэгтэй эмээл хазгай сууж

Цулбуур амгайг зуулган давхих сайхан байдаг юм

Тэлмэн жороо морины явдалд

Тэнзэн ташуур даялаж явсах сайхан байдаг юм

Тэнгэрийн доор монгол хүн болж төрснийх

Тэнүүн талд морьтойгоо явахад жаргалтай байдаг юм…” хэмээх “Морьтой заяа” шүлгээс нь нэгэнтээ Шаравын Сүрэнжав найрагч эш татаад “Энэ шүлгийн цаанаас Дамдиндорж бүхий л дүрээрээ гэрэлтэн харагддаг юм” гэж тодотгосон байдаг.

“…Хаврын цэнхэр яргуй дэлбээлсэн байна

Хайрт минь чи түүнийг харж саат даа

Нялх ногооны үнэр юутай сайхан

Нярайлж чиний минь төрүүлсэн үрийн зулайг

Нартад хосгүй юм гэж нэрлэж байсан шиг

Нялх ногооны үнэр юутай сайхан

Халамцуу эрийн төрхтэй хавсарга намсахуйд

Хавар цагийн тэнгэр юутай сайхан

Бүртийх ч үүлгүй манхан хөх тэнгэрээс

Бүлээцүүлэх наран зугуухан ээнэ ээ

Ижилсэж дассан хань чамтайгаа би

Илч гэрлийн даллага хавар танилцсандаа ч тэр үү

Ирж буй цаг хавар сайхан гэдэг нь ээ

Ижилсэж дассан хань чамтайгаа би

Ийм сайхан хавар хичнээн олны үзэв дээ” гэж насны хань Лхагважавтаа зориулсан шүлгүүд бий. Лхагважав эгчийг залуудаа тахимаа шүргэсэн урт үстэй, ёстой нөгөө харцуулын нүдэн дундуур туучсан сайхан бүсгүй явсныг найз нөхөд нь хэлдэг. Тэрээр “Эгч нь арван хүүхэдтэй айлын том нь. Манай өвгөн чинвь таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Энэ маань гарын таван хуруу шиг, би гарын арван хуруу шиг ийм л хоёр хүн нийлсэн” гэж тун сайхан хэлнэ билээ. “Манай хүн бол түргэн зантай, би харин их дөлгөөн хүн л дээ. Тэгээд дутуугаа нөхөж дундыгаа дүүргээд энэ олон жил сайхан амьдарч иржээ. Энэ амьдралд дандаа эвтэй явж ирсэн гэвэл бас өрөөсгөл. Сайдаж муудах үе гаралгүй яахав. Тэр бүгдэд миний ижий аав хоёр намайг зөвтгөж байгаагүй. Миний зөв байсан ч Дамдинг дандаа өмөөрнө, бүр нэг хир халдааж үзээгүй дээ” гэж Лхагважав эгч хэлсэн юм. Хүүхдийн байцаагчаас эхлээд эрүүгийн төлөөлөгч, тасгийн дарга гээд бүхий л насаараа Монголын цагдаад ажилласан эл эрхэм одоо чиг залуугийн сайхнаараа эрхэмсэг харагдана.

Дамиа ах алдарт О.Намнандорж гуай, Түвдэндорж аварга, “Тод магнай”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Дэлтэй шувуу”, “Эх орон танаа” гээд олон сайхан дууны эзэн нэрт найрагч Жанчивын Шагдар гээд олон сайхан хүмүүстэй ах дүү, анд нөхөд явж иржээ. Тэр бүгдийг дурсана гэвэл барагдахгүй. Сергей Есенинийг орчуулж тансаг сайхан ном гаргасан. Одоо дахиад л Есенингээ нухаж яруу найргийнх нь хоёр дахь ботийг бэлэн болгожээ. “Манай хүн орчуулга хийгээд суухаараа амарна гэж байхгүй. Шөнө унтахгүй сууна. Үгэнд орохгүй хэцүү юмаа” гэж гэргий нь зэмлэнгүй байсан. Дэлхийн яруу найргийн өдрөөр Монголын тэнгэртэй сайхан найрагчийнд хуучилж өнжсөн тэмдэглэлээсээ багаханыг хүргэхэд ийм байна. Мишигийн Ширчинсүрэн гуайн “Сайхан айл” гэж гоёхон найраглал бий. Дамдиндорж найрагчийнхаас гарахад уг найраглал санаа сэтгэлд буугаад байсан сан.