Categories
мэдээ нийгэм

Дуучин Б.Амархүүд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 10 дугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Консулын үйлчилгээг цахимаар үзүүлж байна

Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагийн улмаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас хөл хорионы дэглэм тогтоож байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газар/-т консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай консулын үйлчилгээг халдварын нөхцөл байдал, хөл хорионы дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй.

Иргэд өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай шуурхай утсаар нь холбогдон консулын үйлчилгээний талаарх заавар, зөвлөмж болон бусад мэдээ, мэдээллийг авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Банк бус санхүүгийн 62 байгууллага УОК-т 100 сая төгрөг хандивлалаа

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100,000,000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа.

Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллага нэгдсэн байна.

Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бичил жижиг бизнес эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор зээл олгосны шимтгэлийг 0% болгох, хүүг бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлэх, харилцагч, зээлдэгчийг өрийн дарамтанд оруулахгүй байх зэрэг уриалгуудыг гишүүн байгууллагууддаа гарган ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
  • Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

  • Халуурах – 88%
  • Хуурай ханиалгах – 68%
  • Ядарч сульдах – 38%
  • Цэр гарах – 33%
  • Амьсгал давчдах – 19%
  • Булчин өвдөх – 15%
  • Хоолой өвдөх – 14%
  • Толгой өвдөх – 14%
  • Бөөлжих-5%
  • Хамар битүүрэх-5%
  • Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Японы хүүхдийг ивээх сан”-ийн ажилчид УОК-т хандив гардууллаа

“Японы хүүхдийг ивээх сан”-ийн ажилтан, алба хаагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив аянд нэгдэж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Нийт 40 орчим ажилтан, алба хаагчдаас 1 500 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.

Энэ үеэр гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн танай хамт олонд баярласнаа илэрхийлье. Онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Та дараах зүйлст хүрсэнийхээ дараа гараа тогтмол угааж байгаарай

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс ард иргэдэд зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаа ажил дээрээ гараа угаах хэрэгтэйг анзаардаггүй 5 мөчийг анхааруулж байна. Та дараах зүйлст хүрсэнийхээ дараа гараа тогтмол угааж байгаарай. Үүнд:

  • Ус цэвэршүүлэгч ашиглах,
  • Бичил долгионы зуух хэрэглэх,
  • Хөргөгчний бариулаас барих,
  • Чихэвч болон бусад хэрэгсэл зүүх,
  • Принтер буюу хувилагч төхөөрөмж ашигласны дараа заавал гараа угааж ариутгах хэрэгтэй болохыг дурджээ.
Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

GJ1A7636-2-6phdvk4t35ulvxr2v66nung4ryt3ozd0pgc287o3olc.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийн удирдамжийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургагч багш нар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Аюулгүй-Өрх”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт теле хичээлийг бэлтгэж, олон нийтэд хүргэж байгаа юм.

Он гарсаар монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 14895 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа болж, 12 тохиолдол нь иргэдэд мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт 22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ.

Тухайлбал,

Энэ сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Номгон багийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид ажиллаж, унтраасан.

Энэ сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.

Энэ сарын 22-ны өдөр Булганаймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.

Энэ сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хөлөнбуйр, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид бүрэн унтраасан.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын төв байранд зочиллоо

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Евразийн эдийн засгийн комиссын төв байранд зочилж, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепнев-той уулзав. Уулзалтад Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны газрын удирдлага болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд байлцав.

Уулзалтын үеэр Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепнев Монгол Улс, Евразийн эдийн засгийн Холбооны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улс, Евразийн эдийн засгийн Холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулж, энэхүү хэлэлцээрийн эдийн засгийн үр ашиг, хамрах хүрээг тогтоох ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв. Мөн тэрээр тус хамтарсан ажлын дүгнэлт, тохиролцоог Евразийн эдийн засгийн комиссын Дээд зөвлөлийн энэ оны 9 дүгээр сард болох хуралдаанд танилцуулж, монголын талтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах асуудлаар албан ёсны хэлэлцээ эхлүүлэх зөвшөөрөл авахаар төлөвлөн ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Элчин сайд Д.Даваа ноён А.А.Слепнев-т Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Москва хотноо “Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес-форум, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Евразийн эдийн засгийн комисс монголын талтай хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн Холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр бодит алхам хийгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна.

Хоёр тал Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын хэсгийн шинжээчдийн мэдээллийг ойрын хугацаанд солилцохоор тогтож, найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болсон энэхүү уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

​ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 6 дүүргийн эмнэлгүүдээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэж тандан хянаж байгаа юм.

Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт тусгаарлагдсан нэг, нийт гурван хүнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна.

Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, залгиур, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна.

Хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг хянаж байна.

Бүрэн эдгэрсэн хүнийг гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй байдаг.

Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай. Энэ системийг тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарч хянаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.