Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Бидний үндсэн бодлого бол банк санхүүгийн монополь тогтолцоог задалж, иргэдээ зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Улс төрийн 11 нам, төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн иргэд хамтран “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Яагаад эвсэл байгуулах шаардлагатай гэж үзсэн бэ?

-Улс төрийн намууд үзэл санаа, үнэт зүйл, зарчим бодлогоо нэгтгэж эвсэл байгуулан хүчээ нэгтгэж улс төрийн сонгуульд орох хууль эрх зүйн боломж байгаа. Энэ хүрээнд Монголын 10 гаруй улс төрийн нам, 100 гаруй төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодтой хамтарч Шинэ нам шинэ эвслээ байгуулж, шинэ эргэлтийн 21 бодлогоо албан ёсоор зарлалаа.

-Шинэ Эвслийн мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Мөрийн хөтөлбөр гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, шударга ёс хариуцлагын хувьсгалыг Монголдоо хийнэ гэж томьёолж байгаа. Өнгөрсөн 30 жил авлига, оффшор, дээрэм тонуул, мөлжлөг боолчлолын 30 жил байсан гэж үзэж байгаа. Иймээс хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаж өгсөн. Авлига албан тушаалтны гэмт хэргүүдийг өршөөсөн бүх хуулийг бид хүчингүй болгоно.

Авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүмүүс тэдний хамаарал бүхий этгээдүүдийг Монголын төрд дахин ажиллахыг хуулиар хориглох болно. Хоёрдугаарт, улс төрийн шинэчлэл хийх нь эвслийн гол зорилго юм. Худал амлалт өгдөг, амлалтаа биелүүлдэггүй намуудад хариуцлага тооцно гэж мөрийн хөтөлбөртөө маш тодорхой оруулсан.

Гуравдугаарт, орон нутгийн сонгуулиудад улс төрийн намын оролцоог мөрийн хөтөлбөртөө орууллаа. Иргэдийн хурлыг намын хурал биш, иргэдийн хурал болгох нь зүйтэй гэж бид үзэж байна. Намчирхал талцлыг зогсоож байж Монгол хөгжинө. Тиймээс иргэдийн хурлын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж Иргэдийн хурлын сонгуульд иргэд өөрсдөө оролцож иргэдийн хурлаа иргэд нь удирддаг байх нь зүйтэй гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно гэж тодорхой тусгасан. Бидний реформ шинэчлэлийн үндсэн бодлого бол банк санхүүгийн монополь тогтолцоог задалж ард иргэдээ санхүү зээлийн хүүгийн мөлжлөг, татварын боолчлолоос чөлөөлнө гэж зааж өгсөн. Өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая ард түмнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй Монгол хөтөлбөрийг шинэ эвслээс зарлаж байна. Монголд 30 гэр бүл болон гадаадын хэдэн компаниуд эзэн болж суусан. Энэ бодлогыг бид өөрчилнө. Стратегийн ордуудыг иргэддээ өмчлүүлж Монголд баялгийн хувьсгал, баялгийн шударга хуваарилалтыг хийнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Эцэст нь дотоодын зах зээлээ хамгаалах экспортыг дэмжсэн хөгжлийн хүрд аж үйлдвэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Шинэ нам мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

Өнөөдөр Монголын 350 гаруй мянган залуучууд гадаад улс орнуудад хар ажил хийж байна. Энэ залуучуудаа Монголд нь ирж ажиллах боломжоор хангахын тулд аж үйлдвэрийн хувьсгал хийж 200 мянган ажлын байрыг ойрын хугацаанд Монгол Улсад бий болгох ёстой гэж үзэж байна. “Ажлын байр – Хөгжлийн хүрд” хөтөлбөрөө Шинэ эвслээс зарлаж байна. Шинэ эвслийн 21 бодлого Монголыг аврах 21 бодлого гэж харж байгаа. 21 дүгээр зууны Монголыг тодорхойлох хөгжлийн шинэ замыг бий болгох 21 сайн бодлого юм.

-Коронавирусээс шалтгаалж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Коронавирус дэлхий даяар дэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд эдийн засгаа хамгаалах аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогуудыг гаргаж байна. Шинэ эвсэл, Шинэ намаас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, эдийн засгаа хямралаас аврах, дэлхийн эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг даван туулах хөтөлбөр бодлогыг яаралтай гаргахыг Засгийн газраас шаардаж байгаа. Ирэх сарын 5-нд УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Энэ чуулганаар шинэ эвсэл, шинэ намаас аж ахуйн нэгжүүдийн зээл татварын дарамтаас чөлөөлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх, түрээслэгчид болон зээлдэгчдэд учирч буй хүндрэлийг даван туулах бодлогуудыг УИХ-аар шийдвэрлүүлэх болно.

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох уу?

-УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байгаа. УИХ-ын шийдвэрлэх асуудал. Гэхдээ энэ талаар хэлэлцэх ёстой.


Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвс шатааж хохирол учруулбал хохирлыг нөхөн төлүүлнэ

Image result for хээрийн түймэр

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасаны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн ажиллажээ.

Энэ мэтээр иргэд санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдлийг дагуулж байгаа юм.

Иймд хаврын хуурайшилтын үед:

  • Иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  • Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Д.Бадарч: П.Батаа “Тагнуулаас ТТХГ-ыг салгах асуудал ерөөсөө байхгүй” гэж байсан хүн

Тагнуулын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалтын газрыг салгаж бие даасан агентлаг болгох хуулийн төслийг тус газрын даргаар удирдуулсан баг боловсруулж Ерөнхий сайдад танилцуулахаар болсон гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын анхны дарга, хурандаа Д.Бадарчтай ярилцлаа.


-Төрийн тусгай хамгаалалтын газар анх хэрхэн байгуулагдаж байсан талаар анхны даргын хувьд ярьж өгөхгүй юү?

-1990-ээд оноос өмнө НАХЯ-ны тусгай газар болох Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын удирдлага дор Гуравдугаар газар гэж байсан. Яг нарийндаа яривал Гуравдугаар газар гэдэг бол Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг байсан. Нэг ёсондоо гол чиг үүргийг Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга мэдэж шийдвэрлэдэг. Ингээд 1990 онд Ардчилсан хувьсгал ялж яамдууд татан буугдаж, газар хэлтсүүд ч цомхотгогдох болсон. Энэ хүртэл тусгай хамгаалалтынхан Улс төрийн товчооны нууц тогтоолуудаар тусгай үүргүүдийг гүйцэтгэдэг байсан. Ингээд газар хэлтсүүд цомхотгох үед бид үйл ажиллагаа явуулахад баримтлах эрх зүйн бичиг баримтгүй болсон. Гэтэл бидний үүрэг бол онцгой. Аюулгүй байдал, хүний амь настай холбоотой. Ямар нэгэн халдлага дайралт гарвал бид шууд зэвсэг техник хэрэглэж зогсоох ёстой. Гэтэл ямар нэгэн эрх зүйн акт байхгүйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Үүний үр дүнд асуудал гарвал тухайн хамгаалагч, байгууллага хуулийн өмнө хариуцлага хүлээх, түүнээс гарсан хор уршгийг хүлээх газар нь зөвхөн Хамгаалалтын алба болчихоод байсан.

-Та тэр үед хаана ямар алба хашиж байв?

-Тэр үед би АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат гуайн Хамгаалалтын тасгийн дарга байсан. Манай Төрийн хамгаалалтын албаны дарга удирдлага энэ асуудлаар тодорхой ярьж хөөрсөн зүйл тэр үед байгаагүй. Тэдэнд асуудал хэлэхэд яахаа мэдэхгүй учраа олохгүй нэлээд эргэлзээтэй нөхцөл байдалд байсан. Тиймээс 1990 онд Үндсэн хуулийг хэлэлцэх явцад АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат гуайд энэ талаар танилцуулж, хууль батлах шаардлагатайг хэлсэн. П.Очирбат гуай ч хүлээн авч, “Хуулиа боловсруулаад оруулаад ир. Их хурал дээр дэмжиж өгье” гэсэн. Ингээд анх Төрийн тусгай хамгаалалтын тухай хуультай болох асуудал яригдсан нь 1990 оны есдүгээр сар юм. Ингээд би өөртэйгөө цуг ажиллаж байсан, дал, наяад оны үед Ю.Цэдэнбал даргын комиссар байсан, МУИС-ийн философийн анги төгссөн Ганбаатарт хэлж, хууль боловсруулахад хамтрах саналтайгаа хэлсэн. Тэр маань ч хүлээж авч бид хоёр хуулийн төслийг эхлүүлсэн. Хуулийн төслийн талаар албаныхаа нөхдөд танилцуулж, хуучин ажиллаж байсан дарга, хуульч хүмүүсээс санал авах гээд нэлээд цаг авсан. Ингээд хуулийн төслийн эхний нооргоо гаргаад П.Очирбат гуайд танилцуулахад Ажлын хэсэг байгуул гэсэн. Тиймээс тухайн үед Хууль цэргийн аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Дэмчигдоржийг ажлын хэсгийн ахлагчаар, Төрийн хамгаалалтын газрын дарга Цагаанхүүг гишүүнээр, Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, генерал Адьяасүрэнг зөвлөхөөр оролцуулаад ажлын хэсэг байгууллаа. Хуулийнхаа төслийг нэлээд цэгцлээд авах явцад Дэмчигдорж гуай өөд болж, ажил удаашрах болсон доо.

-Хууль хэдэн онд батлагдсан байдаг вэ?

-Ингэж явсаар 1993 он хүрсэн байдаг. Энэ хүртэл хуулийн ерөнхий хар ноорог гарчихсан, нэлээд дөхчихсөн байсан. Түүнийг манай нөхөд аль болох хурдавчлах гээд Засгийн газрын хурлаар оруулж хүртэл үзсэн. Гэтэл тэр үед Тагнуулын ерөнхий газрын даргадаа танилцуулаагүй байснаас болж Ерөнхий сайд Бямбасүрэн гуайгаас нэлээд зэмлэл хүртсэн байдаг. Ингээд хууль маань бүр удааширч зогссон. Гурав, дөрвөн жил бидэнд ямар ч эрх зүйн акт байхгүй өөрсдийн дураар шахуу ажиллах хэмжээнд хүрсэн. Яахав Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын шийдвэрээр ажиллана гэж байгаа боловч тэр нь хүчин чадалтай хууль эрх зүйн үндэс болж чадахгүй л байсан. Ингэж явсаар 1993 оны арванхоёрдугаар сарын 20-доор Тагнуулын ерөнхий газрын даргаар Сандаг генерал томилогдсон. Сандаг генерал П.Очирбат Ерөнхийлөгчид Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар намайг тавих саналыг хэлсэн байдаг. Би уг нь П.Очирбат гуайн хамгаалалтыг хариуцаж байсан учраас тийм санал ирнэ гэж бодоогүй. Гэвч П.Очирбат гуай үүрэг өгснөөр Төрийн тусгай хамгаалалтын газрын анхны даргаар томилогдож байсан. Томилогдсон даруйдаа хамгийн түрүүнд нөгөө хуулиа барьж авч, Сандаг генералд танилцуулан Тагнуулын ерөнхий газрын дэргэд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Дараа нь УИХ-д Сандаг генерал танилцуулж УИХ-аас ажлын хэсэг байгуулж хууль маань батлагдах замдаа орсон доо. 1995 оны долдугаар сард Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль батлагдсан.

-Ер нь энэ хуулийн үзэл баримтлал, тэр дундаа тагнуул, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааг яаж тусгаж өгөв?

-Тэр үед бол манайд олон намын систем бий болж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд олон намаас сонгогддог болсон үе. Тэгэхээр ганц Ерөнхий сайдын мэдэлд Тагнуулын ерөнхий газрын асуудлыг байлгаж болох уу, үгүй юү гэдэг асуудал яригдаж, дэл сул янз бүрийн яриа гарч л байсан. Тагнуулын байгууллагын дэргэд байгаа хамгаалалтын алба тагнаад байдаг юм уу, хамгаалаад байдаг юм уу гэсэн яриа ч явдаг. Гэвч энэ асуудлыг шийдэхийн тулд энэ гурван субьект гурвуулаа энэ байгууллагыг мэддэг байлгая. Тэгж үзвэл ямар вэ. Тэр нь яаж байх вэ гэхэд хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчийн дэргэд байж болно. Парламентын засаглалтай учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байвал ямар вэ гэсэн санал гарсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа явуулах статус байхгүй. Тэгэхээр тэнд байж болохгүй. Ерөөсөө тагнуулын байгууллагаас энэ байгууллагыг салгах шаардлагагүй юм гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээд ч тухайн үеийн улс төрийн гадаад, дотоод нөхцөл байдал ч бас тийм таатай биш байлаа. Олон улсын терроризм нэлээд хүчээ авчихсан байсан цаг. Тиймээс УИХ дээр яригдаж байгаад ерөөсөө Тагнуулын төв газрын даргын дэргэдэх болгоё. Тагнуулын төв газрын дарга эдний үйл ажиллагаанд шууд оролцохгүй. Зөвхөн чиг үүргийг нь чиглүүлж өгнө. Газрын даргыг томилоход Ерөнхий сайдтай зөвшилцөж томилдог байя. Төрийн тусгай хамгаалалтын төсвийг тусгайлан баталъя. Энэ хэдэн үндэслэлүүдийг хийж өгөөд тагнуулын байгууллагынх нь дэргэд энэ чигээр нь үлдээе гэж шийдсэн. Энэ нь ч зөв болсон. Хэрэв тэгээгүй бол бид нүд чих байхгүй нэг л их шкаф шиг бие хаатай хүмүүс болчих гээд байсан. Өнөөдөр дэлхий даяаршиж байна гээд маш олон цагаач иргэдийн асуудал улс орон бүрт тулгамдаж байна. Ийм үед бид тагнуулын байгууллагаас ангид байх ямар ч боломжгүй. Үүнийг дээр доргүй ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл одоо Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс тусгай агентлаг болгох санал гаргасан байна?

-П.Батааг энэ газрын даргаар томилогдож ирсний дараа би уулзсан. Тэр үед ярьж байгаад би асуусан юм. “Та нар Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулаас салгах асуудал юу болж байна. Яригдаж байна уу” гэхэд П.Батаа “Энэ тухай асуудлыг ерөөсөө ярихгүй шүү. Манай газар Тагнуулын дэргэд байгаагаараа ажиллана” гэсэн хүн. Гэтэл сүүлийн өдрүүдэд гарсан мэдээллийг харахад гэнэт Тагнуулаас салгахаар болчихож. Үүнд ямар учир байна вэ гайхаж л сууна. Хэний, хаанаас, ямар сонирхол вэ, эсвэл П.Батаагийн сонирхол байв уу, өөр хэн нэгэн хүний сонирхол байв уу гэдэг нь эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ. Мэдээж энэ бол салж болохгүй. Дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна. Хожим дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж, манайх ч улс төрийн систем тогтолцоо өөрчлөгдөөд ирвэл тэр үед үүнийг өөрөөр харж болох байх. Ойрын 20, 30 жил өөрчлөгдөх боломжгүй байх аа гэдгийг нөхдүүдэд хатуу хэлмээр байна.

-Төрийн тусгай хамгаалалтын газар тусгай агентлаг болгох давуу талуудыг хууль санаачлагчид нэрлэж байгаа байх. Ямар сөрөг талтай байх вэ?

-Хэрэв бие даагаад явна гэвэл жишээ нь гадаадын төр засгийн тэргүүнүүд Монголд айлчиллаа гэж бодъё. Бид зөвхөн Монголын төр засгийн тэргүүн, монгол төрийн аюулгүй байдлыг хангаж байгаа зүйл биш. Гадны төр засгийн тэргүүнүүд ирэхэд айлчлах айлчлалаасаа шалтгаалаад улсын тагнуулын байгууллагатай салшгүй холбоотой. Бид тэднээр дамжуулж гадна дотноос тухайн хүний аюулгүй байдалтай холбоотой, Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллийг тагнуулын байгууллагаар дамжуулж авна. Бидэнд шууд өгөхгүй. Гол байгууллага өөрөө дотроо юугаа төрийн хамгаалалтынханд мэдэгдэх үү, юуг мэдэгдэхгүй өөрсдөө хийх үү гэдгээ шийддэг. Зөвхөн Төрийн тусгай хамгаалалтын газар бие дааж хийнэ гэдэг ямар ч боломж байхгүй. Мэдээж Төрийн тусгай хамгаалалтын газар зэвсэг техникийн хувьд хангалттай. Онцгой байгууллага учраас төсөв нөөцийг ч улсаас хангалттай баталж өгдөг. Гагцхүү амин сүнс болсон аюулгүй байдлыг хангах мэдээ мэдээлэлгүйгээр хэзээ ч үүргээ гүйцэтгэж чадахгүй. Юу болох гэж байгаа, яаж байгааг мэдэхгүй давхиж очоод ажиллана гэж байхгүй. Ийм өрөөсгөл сохор доголон хүн шиг байж болохгүй.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Сонгогчид зөв сонголтоо хийхэд л Электорат хөдөлгөөний үндсэн зорилго оршино

“Электорат” хөдөлгөөний гишүүн, судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын 2020 оны сонгуульд зөв хандлагатай, шинэ үеийн улстөрчдийг тодруулах зорилго бүхий “Электорат” хөдөлгөөн байгуулагдсан. “Электорат” хөдөлгөөнийн хувьд зөв хүнээ олж нийгмийг эрүүлжүүлэх тухай ярьж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье…

-“Электорат” хөдөлгөөн анхнаасаа “Зөв хүнээ дэмжье” гэсэн уриатай эхэлсэн. Зөв хүнд төр бариулах нь улс төр эрүүлжих гол нөхцөл хэмээн үзсэн 60 гаруй хүн энэ хөдөлгөөний анхдугаар чуулганыг хийж байснаас хойш бүтэн жил өнгөрөөд байна. Нэр хаягнаасаа эхлээд монголчуудад эрхбиш танигдаж эхлээд байгаа болов уу. Гадаад нэртэй байна гээд эргэлзэх тээнэгэлзэх явдал байж таарахгүй. Сонгогчид руугаа хандсан ТББ байна гээд ойлгочихож болно. Аль нэг нам, улстөрч рүү биш, Монголын сонгогч олон түмэн рүү ханджээ гэсэн үг шүү дээ. Энэ нийгэм эрүүлжихгүй бол үнэхээр болохгүй болчихоод байна. Гучин жил шилжилт хийж, 30 жил ямагт нуман тулгуурт байж, ард иргэд нь ямагт хийрхэж туйлширч байгаагаас нийгмээрээ залхчихсан байна. “Электорат” жинхэнэ ёсоороо төлөвшчихвөл Монголын улс төрийн амьдрал цэгцрэх, хүн ардын хий хүлээлт, нийгэмд ямагт амь бөхтэй байдаг уур хилэн, үзэн ядалт цэгцрэх, гол нь популизмыг газар авахуулахгүй байхад нэн тустай. Энэ бүхний үндсийн үндэс нь сонгогчдын маань зөв мэргэн оновчтой сонголт шүү дээ. Сонгогчид зөв сонголтоо хийхэд л энэ хөдөлгөөний үндсэн үүрэг зорилго оршино. Бид анх байгуулагдаж байхдаа л аль нэг нам, улс төрийн хүчний нэр хаяг заагаагүй, ердөө зөв хүнийг олж сонгоё, сонгоход чинь тус нэмэр болъё л гэсэн. Тэр байр суурь хэвээрээ байна.

-Сүүлийн үед улс төрд залуу хүчин байх ёстой гэсэн хандлага бий болчихжээ. Түүнчлэн залуучуудыг сонгоё, шинэ хүч хэрэгтэй гэж байна…

-Одоо төр барьж байгаа болон сөрөг хүчин болж байгаа улс төрийн намуудад олон түмний итгэл сэтгэл алдарчихсан учраас МАН, АН биш бол хэн ч яахав гэсэн сэтгэхүй нийгэмд гүн суусан, тархсан байдалтай байна. Олон түмэн ерөөсөө манай өнөөгийн энэ улс төрд итгэхгүй талдаа болжээ. Төрд гарч ирсэн хэн ч байсан хулгайч болдог гэсэн үзэл бодол нийгэмд түгээмэл байна. 1990 оны УБХ-аас эхлээд 2016 оны УИХ-ыг хүртэл монголчууд найман удаа парламентаа сонгожээ. Хэн хэнийг сонгож ирсэн нь тодорхой. Тэд ээлжлэн, эсвэл хамтран 30 жил төр барилаа. Одоо байж байгаа нь ямар байна. Атаа жөтөө, эрх чөлөө, мөнгө хосолсон өмнөх олон сонгуулиудад нь ард түмэн, төрийн машин өөрөө чирэгдэн сөхөрч, гадаад дахь түншүүд маань бүрэн залхжээ. Энэ бүхнийг харьцуулж үзээд, хэрэг дээрээ гутраад МАН, АН биш бол залуу, шинэ ямар ч хүн намыг дэмжье гэсэн үзэл нийгэмд давамгайлж байгаа бус уу. Энэ утгаар залуучуудыг сонгоё гэсэн уриа цуурай яваад байгаа хэрэг. Би ч гэсэн 2020 оныг залуучуудын, сонгуулийн хувьсгалын жил болгоё гэсэн ухуулга бишгүйдээ хийлээ. Нийтлэлээ ч түүнд зориуллаа. Нийгэмд бугшаад тэсрэх дөхсөн ноцтой асуудал болчихсон, нэг сонгуулиас нөгөө сонгууль хүртэл нийгмээрээ талцдаг, улс төрд байгаагаа үзэн яддаг явдлыг 2020 оны сонгууль засаасай гэсэндээ би үзэг үгээ хурцалсан юм. Энд би хатуухан хэлж байгаа ч мэдээллийн сайтуудын сэтгэгдлээс тийм үзэн ядалтыг олж мэдрээд хэлж байна. Сэтгэгдлийн ихэнх нь үзэн ядах, унтраах, гутаах зэрэг сөрөг агуулгатай. Нийгэм маань цагтай мина, тэсрэх бөмбөг шиг болчихсон, үндэсний аюулгүй байдлыг цаагуураа сулруулчихсан байна. Гуравхан сая хүн арддаа гучин хэдэн улс төрийн нам бүртгээд авчихсан, “үндэсний” гэсэн нэр хаягтай элдэв хөдөлгөөн, ТББ хурын дараах мөөгний хүрээ аятай тэлж байгаа чинь саарал ордонд одоо засаглаж байгаа намуудыг, улстөрчдийг үзэн ядаж, байж суух газраа олохгүй яваагийн илрэл шүү дээ. Дөрвөн жилд нэг удаа олддог, хэрэг дээрээ сонгогч төрийн эрх барилцаж байгаа тэр торгон мөч сонгуульдаа идэвхтэй тулхтай оролцож, зөв мэргэн, оновчтой сонголтоо хийгээсэй, саналаа бүү худалдаарай гэж уриалмаар байна.

-Улс төрд дан залуу боловсон хүчнээс гадна туршлагатай, улс төрд удаан зүтгэж байгаа хүмүүс ч байх нь зүйтэй юү?

-Энд дан залуу боловсон хүчнээр төр бариулах тухай яриагүй шүү дээ. Мэдээж хослуулна. Залуу гэдэг нь нас заагаад насны ангилал хийгээд байгаа хэрэг биш. Цаад агуулгаар нь ойлгох хэрэгтэй. Улс төрд удаан зүтгээд хийсэн, бүтээсэн, хэрэг тарьсан, сүйтгэсэн бүх түүх нь нүдэн дээр ил гараад ирсэн нөхдийг яах болж байна. УИХ-д 30, 28, 24, 20, 16 жил сонгогдчихсон, олны танил болчихсон, хэрэг дээрээ шахаад шахаад гаргадаг хийдгээ гаргаад дуусчихсан нөхдийг улс төрөөс явуулж, оронд нь цоо шинэ идэр залуу, эрч хүчтэй, нэр цэвэр, гавьяа байгуулаагүй ч гай тариагүй нөхдийг зөрүүлж сонгооч ээ гэсэн уриалга л иргэдийн дунд яваад байгаа хэрэг шүү дээ.

-2020 оны сонгуульд ямар хүмүүс гарч ирэх бол…

-Шинэ залуу улс төрийн хүчнүүд, бидний үздэгээр зөв хүмүүс л олноороо сонгогдоосой, саналаа битгий худалдаасай, популизмд бүү автаасай л гэж уриалах байна. Тэр дундаа 18-35 насны залуус сонгуульдаа идэвхтэй оролцоосой, төлөөллөө ил тод шударгаар гаргаад ирээсэй гэж ерөөхөөс өөрөөр яалтай билээ.

-2020 оны сонгуулийг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Сонгууль гэдэг чинь үндсэндээ сонгогчдын давлагаа шүү дээ. Сэтгэл хөөрөл, олноороо дарвих явдал их нөлөөлдөг. Заримдаа хавтгайдаа шуурах үе ч бишгүй тохиодог. Ардчилсан хүчнүүд олон салсан, ард иргэд өмч хувьчлалд хямарсан гээд 1992 онд МАХН руу хуйларч давлагаалсан. 1996 онд ардчилсан хүчний МҮАН-МСДН-ын эвслийн төлөө давлагаалсан. 2000 онд мөн МАХН руу хуйларсан, 2016 онд мөн МАН руу тэгсэн гээд жишээ их бий. Гэхдээ сонгогчдын 90 хувь, 80 ба 70 хувь, ядаж 60 хувийн санал авсан ганц ч тохиолдол байхгүй. Сонгуулийн хуулийн цоорхой гэх үү, 50 гаранхан хувийн саналаар УИХ-ын суудлын 90-ээс дээш хувийг авч байсан даа. Гучин жил улс маань бужигналаа. Амьдрал сайнгүй байна. Ирээдүйдээ итгэх нь сайнгүй байна. Ядуурал, ажилгүйдэл, мөнгөгүйтэл хавтгай байна. Тийм учраас нэг солиод үзье, юмыг яаж мэдэхэв гээд 2020 онд дахин давлагаалахыг үгүйсгэх аргагүй. Давлагаалбал шинэ залуу улстөрчид, эрх барьж байгаагүй улс төрийн намууд руу хуйларч болно шүү дээ. Ер нь тэгэхийн төлөө иргэд хэл амаа хурцлаад билүүдээд, намууд нь эвсээд, хуучнууд нь нэр нүүрээ шинэчлэх гээд байгаа юм биш үү. Тэгэхдээ нэр дэвших хүсэлтэй бүх нам, нөхдөд би байнга сануулж хэлдэг нэг ухуулга бий. “Та нар 76-хан суудалд өрсөлдөнө шүү” гэж.

Хэт олуулаа салж салбарлаж өрсөлдвөл санал хуваагаад дуусна. Тэгээд олон түмний сонгох дургүй ганц улс төрийн хүчнийг ялуулчихна. Дараа нь юу болдог билээ гэж одоо ч сануулж анхааруулахад илүүдэхгүй. 2020 оны сонгуулийн онцлог гэвэл дэлхий дахиныг балмагдуулсан аюулт цар тахал өвчинтэй тэмцэж байгаа цаг үед тохиох нь байна. Тэр нь мэдээж сонгуулийн явц ба дүнд нөлөөлж таарах байх. Сонгуулийн кампаниа онлайнаар явуулна, хэвлэмэл сурталчилгаа хийнэ, халз уулзалт, цуглаан хийхгүй, хөл хөдөлгөөнийг хязгаарлана, ийм нөхцөлд яах вэ, яавал сонгогдох вэ гэдэгтээ өрсөлдөх нам, бие даагчид анхаарах хэрэгтэй болох биз ээ.

-Монголын социал-демократ нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Зүй ёс нам хамтран “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслийг байгуулж, эвслийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай “Электорат” хөдөлгөөн дэмжихээ илэрхийлсэн. Энэ тухайд?

-Зөв хүнийг дэмжих тухай манай хөдөлгөөний уриа, хөдөлгөөний нэрийг авсан энэ гурван намыг энэ сонгуульд дэмжих эсэх дээр манайхан удтал ярилцаж шийдвэрээ гаргасан. Манай улс чинь парламентын засаглалтай, парламентад олонх болсон нам, хүчнүүд Засгийн эрх барих, эвсэж барих эсэхээ шийддэг. Далан зургаан нам бусчууд цуглачихвал төр будилна. Тэр утгаар шийдвэр гаргасан гэж үзэж болно. Гэхдээ бид зөв хүнийг л дэмжинэ гэсэн учраас бусад намууд дахь, эрх барьж байгаа болон УИХ-д суудалтай байгаа намуудын нэр дэвшигч зөв хүмүүсийг дэмжинэ. “Намууд дахь зөв хүмүүс” гэдэгт МСДН-ХҮН-ЗЁН гурван намыг бид харсан, хамтран ажиллахаар ярилцаж байна. Хамтран ажиллана гэснээс бус шууд дэмжээд ялуулчихна гэсэн үг биш шүү дээ.

Намуудын эвслийн ажилд бид хутгалдан орохгүй. Нэр төрөөрөө баталгаа–дэмжлэг болно. Миний хувьд тэгж дэмжчихээр зарим нэг залуусыг товлоод байгаа. Тэр нь Электорат хөдөлгөөний үндсэн байр суурь бодлоготой харшлахгүй болов уу. Эцэст нь тэмдэглэхэд, хөл хөөрцөг болж болж УИХ-аа сонгодог, дараа нь заавал сэтгэл дундуур үлддэг, тэгээд дөрвөн жил хонзогнодог, ийм нэг тамын тойргийг л 2020 оны сонгууль халаасай билээ.

Categories
мэдээ нийгэм

Шар луу өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 26, Бархасбадь гариг. Билгийн тооллын 2, шар луу өдөр. Өдрийн наран 06:42 минутад мандан 19:13 минутад жаргана. Эл өдөр найз нөхдийг түшиж, элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал эхлэх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна

Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Гуравдугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Энэ сарын 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй байна.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Гуравдугаар 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст (COVID-19) халдварын үед илрэх шинж тэмдэг

No photo description available.

Коронавируст (COVID-19)
халдварын шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
Сингапур улсын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар авсан хүний биед эхний өдрөөс эхлэн ес дэх өдөр хүртэл ямар шинж тэмдэг илэрдэг болох талаар нэгдсэн мэдээллийг гаргажээ.

Эхний 1-3 өдөр:

  • Ханиад,томуутай төстэй шинж тэмдэг илэрч болно
  • Халуурах
  • Хоолой бага зэрэг өвдөх
  • Дархлаа султай хүнд суулгах болон дотор муухайрах
  • Хоолны дуршил хэвийн байна
Дөрөв дэх өдрөөс эхлэн:
  • Хоолойн өвдөлт улам нэмэгдэнэ
  • Хоолой сөөж эхэлнэ
  • Халуурна
  • Юм залгихад хоолой хөндүүрлэнэ
  • Бага зэрэг толгой өвдөнө, суулгана
Тав дахь өдрөөс эхлэн:
  • Толгой эргэх, дотор муухайрах, шинж тэмдэг илэрч болно.
  • Хоолой хүчтэй өвдөнө
  • Юм идэж, уухад хоолой өвдөнө
  • Хоолой улам сөөнө
  • Бие даагдахгүй хөдлөхөд хэцүү болно
  • Бүх үе мөч янгинаж өвдөнө
Зургаа дахь өдрөөс эхлэн:
  • 37 хэмд хүртэл халуурна
  • Хуурай ханиалгаж, хоолой өвдөнө
  • Юм идэх, залгих, ярихад хоолой өвдөнө
  • Ядарч сульдаж, дотор муухайрна
  • Амьсгалахад бэрхшээлтэй болно
  • Үе мөч өвдөнө
  • Суулгалт болон бөөлжилт ихэснэ
Долоо дахь өдрөөс эхлэн:
  • 38 хэмд хүртэл халуурна
  • Цэртэй ханиана
  • Бие шархирч, толгой өвдөн, суулгалт, бөөлжилт ихэснэ
Найм дахь өдрөөс эхлэн:
  • Амьсгалахад улам бэрхшээлтэй болно
  • Цээж хөндүүрлэнэ
  • Ханиах, толгой өвдөх болон үе мөчний өвдөлт улам ихэснэ
  • 38-аас дээш хэмд хүртэл халуурна
Ес дэх өдрөөс эхлэн:
  • Дээрх бүх шинж тэмдэг илэрч, биеийн байдал улам дордоно гэж үзжээ.
Categories
мэдээ нийгэм

Шенгений бүст зорчиж байгаад хөл хорионд орсон Монгол Улсын иргэд визээ сунгуулах боломжтой

Шинэ коронавирусын тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгений визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэд ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо. (Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана гэж заажээ.)

Чингэхдээ:

– Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрээгүй бол визийг үлдсэн хугацаагаар (90 хоног хүртэл нь) сунгуулах,

– Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрсэн бол байгаа улсынхаа урт хугацааны виз мэдүүлэх боломжтой.

Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, виз сунгах зөвшөөрөл олгоно. Шенгений виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.

https://ec.europa.eu/info/index_en

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн Банкнаас Монгол Улсад 2.2 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо

COVID-19 цар тахал газар авч буй энэ үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд туслах зорилгоор Дэлхийн Банкнаас 2.2 сая америк долларын санхүүжилтийг олгохоор болжээ.

Тус санхүүжилтийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж.

Нэн даруй олгох энэхүү санхүүжилтийг одоо хэрэгжиж буй Цахим Эрүүл Мэнд төслийн хүрээнд олгож буй. Цахим эрүүл мэнд төсөл нь сонгосон туршилтын байршлуудад цахим эрүүл мэндийн шийдэл, эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой байна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Нэн даруй олгож буй тус санхүүжилт нь Монгол Улс COVID-19 халдварын болзошгүй тархалтаас ард иргэдээ хамгаалах, халдварыг эрт оношлох, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд туслах юм” гэв.

Энэхүү санхүүжилтын хүрээнд 15 суурин ба 12 зөөврийн дижитал рентген аппарат, 41 хэт авианы оношилгооны аппарат зэрэг тоног төхөөрөмж худалдан авах юм. Тоног төхөөрөмж дөрөвдүгээр сарын эхээр Монголд тээвэрлэгдэн ирэх төлөвтэй байна.

Дэлхийн Банкны Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Динеш Найр хэлэхдээ “Нэмж худалдан авч буй эдгээр тоног төхөөрөмж нь COVID-19 зэрэг халдварт өвчний тархалтын үед улс орны бэлэн байдлыг бэхжүүлнэ гэж бид найдаж байна. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалт, оношилгоог сайжруулахад туслах зорилгоор бид цаашид засгийн газартай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллана” гэв.

Дэлхийн Банк Групп нь мөн гуравдугаар сарын 17-нд COVID-19 халдварт өвчний эрүүл мэнд, эдийн засгийн нөлөөллийг даван туулахаар тэмцэж буй улс орнуудад туслах зорилгоор 14 тэрбум ам. долларын шууд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Тус санхүүжилт нь гишүүн орнуудад, үүний дунд Монгол Улсад дэлхийн даяар тархсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эмгэнэлтэй нөлөөллийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслах зорилготой юм.