Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ


СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлалаа.

“Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.

Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 1150 ХҮҮХДЭД ХҮНС, АРИУН ЦЭВЭР, БОЛОВСРОЛЫН БАГЦ ХҮРГЭЖЭЭ

“COVID-19” цар тахлаас үүдэн хөл хорионд байгаа бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2020 оны 2 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд зохион байгуулж 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийг хамрууллаа.

Судалгаагаар 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ. Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, ПИН ТББ хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 81 цэцэрлэгийн 1150 хүүхдийн гэр бүлд хоол хүнс /баяжуулсан гурил, будаа, элсэн чихэр , ургамлын тос, хүүхдийн будаа /, эрүүл ахуй /шүдний оо, шүдний сойз, гарын саван, угаалгын саван г.м /, боловсролын / эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа / багцыг тусламж болгон бэлтгэж, ПИН ТББ, Дэлхийн зөн ОУБ, Нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

ШУУД: COVID-19-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.26/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дашпүрэв: Зовлон гэдэг философийн утгаараа эрх чөлөөгүй хүний хувьд л холбогдох асуудал

Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвтэй ярилцлаа.


-Дэлхий нийтээрээ философийн ухааныг хүний нийгмийн оюуны соёлын нэгэн чухал хэсэг гэж үздэг. Ер нь хүн төрөлхтөн философийг ямар шаардлагаар, хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?

-Философийн ухаан бол хүний оюуны соёлын чухал хэсэг.

Хүмүүсийн амьдралд ихээхэн хэрэгтэй зүйл гэж үздэг. Тийм ч учраас соёлт хүн төрөлхтний боловсролын тогтолцоонд заавал философийн ухааныг багтааж, заавал судалж байдаг.

Ер нь хүмүүсийн амьдрал ахуй сайжраад, анхдагч хэрэгцээгээ түвэггүй хангаад ирэхтэйгээ зэрэг урлаг, утга зохиол, философи, шинжлэх ухаанаар оролдож, сонирхож, тэдгээрийг бүтээлцээд эхэлдэг.

Амьдралын анхдагч хэрэгцээ хангалтгүй, өлсөж, өвдөж зовоод, гачигдаад ирэхээрээ шашин шүтлэг, бишрэл, бөө удгануудыг эрж хайгаад эхэлдэг. Харин хүн амьдралдаа зовох, гачигдах дутагдах юмгүй болоод ирэхээрээ эргээд ертөнцийн тухай, амьдралын утга учрын тухай теологи (шашны онол), философи, моралийн тухай бясалгаж эхэлдэг юм.

Монголчуудад ч ийм зүйл тохиолдож байсан, одоо ч тохиолдож байгаа. Бусад соёлт үндэстнүүдийн адил монголчууд философи (гүн ухаан)-ийн үүднээс аливаа зүйлийг лавтайяа 2,000 гаруй жилийн өмнөөс бодож сэтгэж ирсэн байдаг.

-1500 он хүртэл Монголд буддын философи хүчтэй ноёрхож байсан. Түүнээс хойш ямар философийн урсгалууд гарсан юм бэ?

-Энэ тухай би “Монголын философийн товч түүх” номдоо авч үзсэн байгаа.

Энэ ном Орос, Япон хэл дээр, мөн Өмнөд Монголд “Гадаадын монголч эрдэмтдийн бүтээлийн чуулган” гэдэг 50 боть номын 14 дүгээр боть болж уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн.

Харин Монголын ламайзмын философи бол нэлээд хожуу үеийн үзэгдэл юм. Юань гүрэн байгуулагдаж, шарын шашныг албан ёсны шашнаа болгосон.

Шашин гэдэг дотроо үзэл сурталтай байдаг. Шарын шашны үзэл суртал нь буддын философид суурилдаг. Үүнийг лам нар эрхэлдэг.

Монгол 1260-аад онд Сажава буюу Сажийн урсгалыг нь хүлээж авсан. Ингээд буддын философи Монголд эрчимтэй дэлгэрээд 1500 оны дунд үеэс Төвөдийн Гэлэгваагийн шарын шашныг хүлээж авсан.

Энэ шарын шашны буддист философи Монголд 1500-гаад оны дунд үеэс 1930-аад оны дунд үе хүртэл ноёрхож байлаа. Энэ үе 1937 онд олон зуун лам нарыг буудсанаар дууссан билээ. Гэхдээ монголчуудын тархинд шарын шашны үзэл санаа нь одоо хүртэл байдаг.

Жаргал, зовлонгийн асуудал нь буддын философийн дотор чухал байр суурь эзэлдэг л дээ.

Өөрөөр хэлбэл, буддын философи, түүний дотор байгаа ламайзмын шашны философи бол энэ ертөнцийн амьдрал бүхэлдээ зовлон гэж үздэг. Тэгэхээр шарын шашин бол энэ зовлонгоос хүнийг ангижруулах философитой юм.

-1990 оноос хойш Монголд философийн хөгжил хэрхэн явагдаж байна вэ?

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монголын философийн шинэ үе эхэлсэн. Энэ шинэ үеийн онцлог бол олон ургалч үзэл санаа. Янз бүрийн философийн үзэл санааг хөгжүүлж болно.

Энэ үеэс Монголын философийн хэрэглээ муудсанаас биш философийн ухаан үргэлжлээд хөгжиж байгаа. 1990 оноос хойш Их, дээд болон дунд сургуулийн ахлах ангид философийг нэг их дэлгэрэнгүй үзэхээ больчихсон.

Түүнээс болоод философи гэх мэргэжлийн талаарх нийгмийн ойлголт их суларчээ. Аливаа мэргэжил нийгмийн амьдралд хэрэг болж, мэргэжил эзэмшсэн хүмүүс тэр мэргэжлээрээ ажилладаг.

Өдгөө Их, дээд сургуулийн бакалаврын зэргийн сургалтад ерөнхий философи заадаг. Монгол Улсын их сургуульд философийн анги бий. Тэнд жилдээ хориод хүүхэд сурдаг.

Төгсөөд янз бүрийн ажилд очдог л доо. Монголд Шинжлэх Ухааны академид Философийн хүрээлэнд гуч орчим хүн ажилладаг.

1990 оноос өмнө Монголд Марксист философийн урсгал ноёрхож байсан бөгөөд үзэл суртлын их үүрэгтэй байсан. Тэр үеийн философичдод ажлын байр олон байсан л даа.

-Бусад орнууд философийн хэрэглээ, хөгжилдөө ихээхэн анхаардаг. Гэтэл манай Их, дээд сургуульд философийн хичээл гурван кредитээр л орж байна. Ер нь философийг мэргэжилтэй нь холбож эзэмшүүлэх нь зүйтэй гэдэг шүү дээ?

-Америкт прагматик, Англид эмпирик, Францад рационал, Германд спекулятив, Энэтхэгт спиртуалист, Хятадад моралист философи илүү их ноёрхож байсан юм.

Гэхдээ бид философийн хэрэглээг бий болгох тал дээр анхаарч чадахгүй л байна. Анхааралтай харвал Улсын Их Хурлын Чуулган дээр үг хэлж байгаа гишүүд хуулийн философи гэж их ярьдаг.

Гэхдээ энэ нь чухам философийг ойлгоод байгаа юм биш л дээ. Философийн зөв хэрэглээгээ олж тодруулж чадахгүй байна. Гэхдээ яваандаа болох байх л даа.

Одоо бол манайд барууны философи дэлгэрч байгаа. Философийн мэргэжлийн ангид дэлхийн философийн бүх урсгалуудыг үздэг. Ер нь ямар ч салбарын онолын асуудлууд философийн үүднээс тайлбарлагддаг.

Манайд тэр систем нь тасарчихаад байна. Сэтгүүлчийн мэргэжил дээр гэхэд сэтгүүл зүйн философийн маш олон асуудлуудыг гаргаж, ярьж, судлах хэрэгтэй байна шүү дээ.

Даанч чадахгүй мартагдаад өнгөрч байна.

-Бид ямар философиор явбал аз жаргалтай, амар амгалан амьдрах вэ?

-Хүний аз жаргал гэдэг их түвэгтэй асуудал. Үүнийг энгийн үгээр “Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” гэвэл илүү их ойлгоно байх.

Хүн өөрийн жаргал зовлонг өөрсдийнхөөрөө л ойлгодог. Хоол хувцас бүх зүйл нь бэлэн байгаа ч гэсэн энэ бүхэн хүн болгонд жаргал болдоггүй.

Зарим хүмүүс аз жаргалтай болгох зүйлээ эрж хайдаг шүү дээ. Гэхдээ “эрх чөлөө гэдэг бол аз жаргалын зайлшгүй чухал нөхцөл”. Энэ утгаараа залуу үе маань эрх чөлөөтэй, хийе бүтээе гэснээ хэрэгжүүлж чадах сайхан нийгэмд амьдарч байна.

Тэр эрх чөлөөний үндсэн дээр хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг нийгэмд бид амьдарч байна шүү дээ.

1990 оноос өмнө хүний эрхийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Зарим хүн бол хүний эрхэнд амьдрах дуртай.

Тэрнийг хий, энийг ид гэхийг хийгээд үүнийгээ жаргал гэж боддог хүмүүс байна. Тийм хүмүүст одоогийн нийгэм бол таалагдахгүй.

Одоогийн нийгэм бол хийх юмаа өөрөө олоод, өөрөө бүтээгээд, өөрөө хариуцлагаа хүлээ гэдэг нийгэм. Тэгэхээр зарим хүнд энэ нь зовлон юм шиг санагдаж магадгүй.

-Коронавирусийн цар тахал гарснаар хүн төрөлхтөн томоохон сорилттой тулгарч байна гэж та ярилцлагынхаа өмнө хэлсэн. Ер нь эртний монголчууд ийм тахал өвчин гарахад хэрхэн сэргийлдэг байсан юм бол?

-Ийм тахал хүн төрөлхтний түүхэнд олон тохиолдож байсан. Бидний бие организм чинь өөрийгөө авч явах эсэргүүцлийн системтэй шүү дээ. Тэр системээ тордож байх нь зүйтэй. Мөн өөдрөг сэтгэлтэй байх хэрэгтэй.

Монголчууд бусад улсыг бодоход өөр амьдралтай үндэстэн. Тэр нь тэдний нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг уламжлалт аж ахуй иргэншлийн онцлогт нь байдаг юм.

Тэрнээс харин “тэнгэр заяат” гэх мэт иррационал сэтгэлгээ, мистик ухаан санаанд байдаг юм биш ээ.

Одоо л бид хотжоод энэ өвчний үед аюултай нөхцөл байдалд орж байна. Түүнээс биш уулын аманд тархаад нутаглачихдаг байсан. Тарж байрладаг учраас тахал гарсан ч үндэстнийг хамарч чадахгүй.

Харин одоо Улаанбаатар хотод хүн амын тал нь байна. Тэгэхээр эрсдэл өндөртэй л дөө.

-Танаас зовлон гэж чухам юу болох тухай асуумаар байна. Цар тахлын энэ хүнд хэцүү үе бидний хувьд зовлон мөн үү?

-Зовлон жаргал бол философийн янз бүрийн урсгалд судлагддаг асуудал. Гэхдээ хүний амьдралыг бүхэлд нь зовлон гэж үздэггүй. Харин шарын шашин буюу буддын философи бол зовлон гэж үздэг.

Тийм учраас бид одоогийн амьдралыг зовлон жаргал гэж ярихад нэлээн харьцангуй асуудал болж байна.

Ер нь зовлон гэдэг бол харьцангуй зүйл. Хайртай охин нь тоохгүй бол зовно шүү дээ. Гэхдээ энэ бол угтаа зовлон биш.

Хүнд хүчир ажил хийгээд ядрах нь биеийн зовлон биз. Гэхдээ энэ бол туулаад л гарах зүйл. Зовлон гэдэг бол гүн утгаараа эрх чөлөөгүй хүнийг л хэлнэ.

Мөнгө дутаж болно. Гэхдээ хүний амьдралд олж болох хамгийн амархан зүйл бол мөнгө. Олоход хамгийн хэцүү зүйл бол хүний эрх, эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээ.

Чөлөөт сэтгэлгээ маань төр засаг, эрх мэдлээс хамаардаг шүү дээ.

-Нүүдэлчид хот сууринд амьдраад эхлэхээр жаргал, зовлонгийн цензур өөрчлөгдөх байх?

-Амьдралын хэв маяг өөрчлөгдөөд эхлэхээр хүний хүсэл тэмүүлэл өөрчлөгддөг.

Нүүдэлчдийн амьдралын хэв маягт сайн, муу талууд бий. Бид суурин соёл иргэншлийн үед олсон шинжлэх ухаан технологийн ололтыг нүүдлийн соёл иргэншилдээ нэвтрүүлж л амьдарч байна шүү дээ. Энд нэг их зовоод байх юм байхгүй.

Хүн гэдэг өөрийнхөө жаргалыг өөрөө л сонгох эрхтэй. Асуудал тэнд л байгаа.

Хүн сонголтоо өөрөө хийгээд гарах хариуцлагаа хуулийн хүрээнд үүрнэ гэдэг зүйл л бий.

1990 оноос өмнө хөдөө орон нутагт телевиз үзэж болдоггүй байсан бол одоо болно. Тэр үед технологи байсан. Сансрын хөлөг хөөргөж байсан.

Яагаад болохгүй байсан юм бэ гэвэл Англи, Америк гээд гаднын сувгийг чөлөөтэй хүлээгээд авчих болохоор үзэл суртлын зорилгоор хориглодог байсан.

1990 оны дараахан монгол хүмүүс Англи, Америк гээд барууны оронд очоод хүний төлөө нийгэм гэдэг чинь капиталист нийгэм юм байна шүү дээ гэж ярьж байсан. Яагаад гэхээр тэнд бүх зүйлийг хүний төлөө хийж байна. Хүнд зориулж бизнесээ хийж байгаа шүү дээ.

Дээхнэ үед би америкчуудад хэлмэрч хийгээд Оросын УАЗ-469 машинаар хөдөө явлаа л даа.

Тэгсэн нэг америк нь “Энэ УАЗ-469 сайн машин юм. Гэхдээ энд нэг дутагдал байна” гэв.

Ямар дутагдал байна вэ гэхэд “Энэ машиныг хийхдээ оросууд хүн сууж явна гэж бодож хийгээгүй байна” гэсэн. Тэр машинд аудио, видео, агааржуулалт, хөргөгч халаагч гээд хүн тааваараа зорчин явах хангамж байхгүй байлаа.

Түүнийг нь хүн сууж явна гэж бодолгүй хийсэн байна гэсэн юм даг.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хотын даргын шийдвэрээр Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Хотын захирагч С.Амарсайхан түүх дурсгалын газруудаа хамгаалах тухай шийдвэрийг гарган ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй.

Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай.

Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлж, газар хорооны болон барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ дагуу өчигдөр /2020.03.25/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрын албаны хүмүүс зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа.Эл барилга анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байна” гэв.

Хэлмэгсдийн музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам батлагдлаа

Монгол Улсын Их Хурлаас 2019 онд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хууль, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийг тус тус баталсан. Шинэчлэн баталсан хуулиар сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газраас батлахаар заасан. Монгол Улсын Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг батласан байна. Тус журамд дараах өөрчлөлт орсон байна. Үүнд:

1. Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон;
2. Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг шинэчлэн тусгасан;
3. Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн;
4. Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлагыг бий болгосон;
5. Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн;
6. Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгох,

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын банкуудын холбоо, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон байна. Ажлын хэсэг 6 удаа хуралдаж журмын төсөлд ирүүлсэн 200 гаруй саналыг авч хэлэлцэн 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц, агуулгыг алдагдуулахгүйгээр зохицуулалтыг нэмж тусгасан аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол Улсын Консерватори шилдэг бүтээлүүдийг цахимаар толилуулна

Монгол Улсын Консерваторийн удирдлагууд “COVID-19” цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед эрсдэлийг нэгдмэл хүчтэйгээр даван туулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.

Тодруулбал, авьяаслаг багш, сурагчдынхаа онцгой бүтээлүүдийг цахимаар болон цэнхэр дэлгэцээр өдөр бүр толилуулан сонгодог урлагаар ард иргэдийн алжаал ядаргааг тайлахад анхаарал хандуулж байгаагаа уламжилсан юм.

Мөн олон улсын хамтын ажиллагаатай консерваториудтай хамтран World Music онлайн фестивалийг эхлүүлж байгаагаа дуулгалаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ард иргэдийг соён гэгээрүүлэх санаачилга гаргасанд талархал илэрхийлээд “Өдөр бүр, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр коронавируст халдварын талаар мэдээлэл цацагдаж байгаа нь нэг талаар ард иргэд “мэдээллийн дарангуйлал”-д өртөхөд хүргэж байна. Энэхүү “мэдээллийн дарангуйлал”-аас та бүхний санаачилсан урлагийн бүтээлүүд бага ч болов хөндийрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Консерваторийн нийт багш ажилтан албан хаагчид Улсын Онцгой комисст таван сая төгрөгийн хандив өргөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.

Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цементэнд цацах мөнгөө цалин цавагт зарцуулбал ямар вэ

Энэ жилийн улсын төсөв сонгуульд зориулагдаж, баахан цемент зуурах ажилд мөнгө тавьсан байгаа. Монгол гэдэг айл энэ онд 11.8 их наядыг олж, 13.9 их наядыг зарлагадана. Алдагдал 2.1 их наяд төгрөг. Үндсэн төсвийн 3.6 их наяд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдах нь сая хэлсэн болсон болоогүй баахан цемент зуурахад зориулагдана гэсэн үг. Тэгэхээр 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын зөвхөн ЗГХЭГ-ын даргын багцад орсон зардлыг задалж үзье л дээ. Нөхрийн багцад нийт 51 тэрбум 313 сая төгрөг суулгажээ. Үүнээс жишээ нь, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил, Эрдэнэ гэсэн гурван баг тус бүрт багийн төвийн барилга барихаар нийт зургаан тэрбумыг төсөвлөсөн байна. Энэ жагсаалт цааш ЗДТГ-ын барилгаар үргэлжилнэ.

-Архангай аймгийн Батцэнгэл суманд 1.2 тэрбум,

-Баянхонгор аймгийн Баянговь суманд 979 сая,

-Говь-Алтай аймгийн Алтай суманд 1.1 тэрбум,

-Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1.2 тэрбум,

-Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1 тэрбум 850 сая

-Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1 тэрбум

-Увс аймгийн Сагил суманд 1.3 тэрбум

-Ховд аймгийн Ховд суманд 1 тэрбум

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1 тэрбум

-Хөвсгөл аймгийн Ханх суманд 1.2 тэрбум

-Хэнтий аймгийн Галшар суманд 1 тэрбум 50 сая

-Хэнтий аймгийн Дадал суманд 1 тэрбум 50 сая

-Хэнтий аймгийн Дархан суманд 1 тэрбум 76 сая

-Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1 тэрбум 50 сая төгрөг… гэх мэтээр. Сонгуульд зориулсан төсөв гэдэг нь энэ мэт суманд баригдах барилга байшин, соёлын төв, угталт үдэлтийн хаалга гээд сонгуулийн өмнө тууз хайчлахад зориулагдсан цементэн овоолгуудаас харж болно. Нэг сайд нь өөрийнхөө тойрогт 140 гаруй тэрбум төгрөг суулгасан байхад, нэг гишүүн нь зөвхөн өөрийнхөө тойргийн оюутнуудад зориулж зургаан тэрбумаар оюутны дотуур байр бариулахаар төсөвт суулгасан байх жишээтэй. Үгүй ээ, мөн дураараа дургиж байгаа юм шүү. Эдгээрийн эрх баригчдад зориулж л хэлэх гээд байгаа юм, “300 хүүхэдтэй сумын төвд 1000 хүүхдийн багтаамжтай сургууль барьдгаа болиоч ээ. Коронавирус тахал болж, дэлхийн дэг журмыг тэр чигээр нь өөрчилж буй энэ цаг үед төсвийн зөв бодлого дахин гаргаж, зөв зохистой зүйлд дахин хуваарилаач ээ” гэж.

Зүй нь бүгд адилхан сумын нэг жижиг багийн төвүүд барих атал яахаараа баригдах өртөг зардал нь ийм тэнгэр, газар шиг ялгаатай байгаа юм. Багийн цогцолбор барилга, багийн төвийн барилга, ЗДТГ-ын барилга, хорооны цогцолбор барилга гэх мэт янз бүрийн нэртэй төслүүдийн жагсаалт хөвөрч, энэ бүхэнд 56 тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм. Энэ бүгдийгээ У.Хүрэлсүхийн Засгийн газар эргэж хар. “Сүүлийн хоёр жилд төсөвт тодотгол хийгээгүй нь гайхамшиг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоо ярихаа боль.

Цаг үе, нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж байна. Улсын төсвийг сонгууль нэвт “үнэртсэн” төсөв биш, аж ахуйн нэгж, ард түмний амьдрал руу орсон төсөв болгон өөрчил. Эдийн засгийн ийм эрүүл саруул төлөвлөгөөг яаралтай боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх цаг нэгэнт боллоо. Өнөөдөр Засгийн газраас эдийн засагт хэрэгжүүлж буй бодлого бол тодорхой бус, оновчтой бус байна. Тэгэхээр юуны өмнө энэ олон цемент цутгах ажлаа зогсоож, сонгуульд зориулсан бүтээн байгуулалтуудаасаа татгалзаж, ядаж нэг жил хойшлуулах нь зөв юм. Эндээс гаргаж авсан, суларсан мөнгөөрөө санхүүгийн хувьд хүндрээд байгаа жижиг, дунд бизнесүүддээ цалин болгоод өгчихмөөр байна. Энэ бол Монголын эдийн засагт, хүн арддаа бодит дэмжлэг болно.

Монголын нэртэй эдийн засагчид сүүлийн өдрүүдэд нэгэн дуугаар “Хувь иргэн бүрийнхээ орлогод онцгой анхаарах цаг боллоо” гэдгийг ярих боллоо. Цалинтай иргэн л худалдан авалт хийдэг. Эдийн засгийн цусны эргэлт гэж энэ. Ерөнхий сайд асан М.Энхсайханы сүүлийн үед хэлж ярьж, нийгэмд хүргэж буй мессэжүүд хүмүүсийн анхаарлыг их татаж байна. М.Энхсайхан “Төрийн бодлого бол хийх ажлын эрэмбэ дараалал юм. Тухайлбал, УИХ төсөв тодотгох, дараа нь коронавирустэй тэмцэх эдийн засгийн бодлого гаргах, хязгаарлагдмал нөөцийг хэрхэн зөв хязгаартайгаар хүргэх…” гэхчлэн эрэмбэлэгдэх ёстой гэжээ. Монголын эдийн засгийг хүнд үед реформын шинжтэй үйл ажиллагаа явуулж авч гарсан эдийн засагч, Ерөнхий сайд асны энэ үг сая дурдсан хөрөнгө оруулалтуудыг эргэж хар, иргэдийнхээ орлогод анхаарах, санхүүгийн хувьд сульдсан жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ аврахыг нэгдүгээрт тавь гэсэн зөвлөгөө юм.

Яагаад том эдийн засагчид өнөөдөр ийнхүү макро биш микро түвшний эдийн засаг яриад эхлэв. Дэлхийг хямраасан ийм эрсдэлтэй цаг үед ийм л арга хэмжээ авч ирсэн ОУ-ын практик, дэлхийн түүх байгаа учраас тэр. Хувь иргэн бүрийнхээ цалин орлогыг тэргүүн зэрэгт анхаарах ёстой гэдэг нь маш энгийн, хэнд ч ойлгомжтой эдийн засаг юм. Айл өрх, иргэд гэрэл цахилгааны мөнгөө заавал төлөх ёстой. Энэ нь эрчим хүчний том салбар нь тогтвортой байна гэсэн үг. Үүн шиг иргэд зээлээ заавал төлөх ёстой. Банк санхүүгийн байгууллагууд доголдохгүй. Эмчид үзүүлэх ёстой, эрүүл мэндийн салбар эндээс тэжээгдэнэ. Хүнс хамгийн эхний хэрэгцээ, сайн худалдан авалт хийх нь хүнсний үйлдвэрлэл, ХАА, цаашлаад ЖДҮ-ийн эдийн засгийн эргэлт болно. Ямар ч хүнд үед хүүхдийнхээ ирээдүйд заавал анхаарна. Хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй. Энэ бүгд боловсролын салбарыг авч явна. Эдгээрийг холбогч гүүр нь иргэд та бид, олон түмэн даяараа юм. Тийм болохоор улс орон, нийгэм яаж ч хүндэрсэн байсан, төр засгаас иргэдийнхээ цалинг тасалж болохгүй нь нэн тэргүүний асуудал ажээ.

Гэтэл өнөөдөр Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувийн аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүйд хүрэх бодит аюултай нүүр туллаа. Тэднээс худалдан авалт хийдэг иргэд цалингүй болсон учраас.

Энэ жилийн улсын нэгдсэн төсөв 12 их наяд төгрөг. Түүнээс цалинд 2.6 их наяд нь зарцуулагдана. Тэгвэл үүнээс давсан 3.6 их наяд төгрөг өнөө цемент зуурахад зарцуулагдана. Төсвийн энэхүү буруу бодлогоо одоохон засч, хээр хөдөө хийсч буй 3.6 их наяд төгрөгөө гурван сая иргэдийн чинь амьдралыг авч явдаг аж ахуйн нэгжүүдийн цалингийн сан руу шилжүүл.

Коронавирусийн үед Европын улс орнууд бүгдээрээ эдийн засгийн ийм бодлого руу хурдацтай шилжиж эхэллээ. Бид оройтож болохгүй!!!

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ ТУТАМ ОЛГОНО

Image result for нөат

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.