Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн зуухны битүүмжлэл болон бүрэн бүтэн байдлыг шалгаж, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн заавар зөвөлгөөг өгч ажиллажээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 16 захирамжийн 24 заалтын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг хороодтой хамтран ажиллаж байгаа аж.Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд түлш нөөцлөх 5 агуулах байгуулж, түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын цэг, 24 цагаар ажилладаг дундын 40 цэг гээд нийт 389 боруулалтын цэг ажиллаж байна. Мөн машин явах боломжгүй 25 өндөрлөг цэгт ЗИЛ-131автомашинаар түлш хүргэж байгаа юм.Сайжруулсан түлшний тээвэрлэлт, нөөцлөлт тухай бүрт хийгдэж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг түлшээр хангах ажлыг тасралтгүй 24 цагаар хийж байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс төвийн зургаан дүүргийн 41 хороонд 70 мянган угаар мэдрэгчийг нутгийн захиргааны 12 мянган албан хаагчтай хамтран гэр хорооллын айл өрхүүдэд тараасан бөгөөд 3 дахь ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг тараахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанар сайжирсан байна. Тодруулбал өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 53 хувиар, PM2.5 тоосонцор 43 хувиар буурчээ.

Цаашид агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, айл өрхүүдийн зуух, яндангийн стандартыг хангуулах, “Түлшээ нөөцлөх аян” өрнүүлэх, шахмал түлшний нөөцлөлтийг бүрдүүлэх ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран санал боловсруулах шаардлагатай байгаа талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санал хэллээ. Мөн тэрбээр ирэх жилээс алсмагдал дүүрэг хороодын агаарын чанарыг сайжруулах талаарх мэдээлэл өгсөн юм.

Зөвлөлийн гишүүд тус асуудалд асуулт асууж, санал хэлээд тодорхой чиглэлээр хийгдэх ажлуудаар холбогдох албаныханд тэмдэглэлээр үүрэг өглөө.

Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг хийж байна

Улаанбаатар хотын автотээврийн товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болон иргэдээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор асуумж авч байгаа талаар НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа мэдээллээ.

Монгол Улс орон даяар энэ оны хоёрдугаар сараас эхэлж өндөржүүлсэн бэлэн байддлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээ”-ний аргачлалыг нэвтрүүлэн Улаанбаатар хотын шилжин суурьшилтын талаарх мэдээллийг системтэйгээр цуглуулж, онцгой байдлын үед авах арга хэмжээ, бодлого боловсруулах зорилготойгоор шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч тандалт судалгааны ажлыг хийж байгаа юм.

Хоёрдугаар сараас эхэлж шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хөдөлгөөн их чиглэж байгаа нь ажиглагджээ. Мөн шалган нэвтрүүлэх товчоодоор нийслэл хотод нэг сарын хугацаатай зорчих иргэд 62 хувь, 7 хоног зорчих иргэд 16 хувь, нэг өдөр зорчих иргэд 14 хувийг эзэлж байгаа үзүүлэлт гарсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа өглөө.

Дэлхийн 80 гаруй оронд туршигдсан энэ судалгааны аргыг Монгол улсад анх удаа хэрэглэж байна. Уг судалгааг хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Судан улсад Эбола вирусийн үед ашиглаж эрсдлээс хамгаалж байжээ. Шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс асуумж авч ажиллаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын Ногоон намаас мэдэгдэл гаргажээ

Эрхэм хүндэт Монголчуудаа!

Монголын Ногоон Намаас цаг үеийн байдлаар та бүхэндээ хандаж мэдэгдэл гаргаж байна. Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч, ҮАБЗөвлөлийн нэг гишүүн өнөөдөр Монгол улсад тулгараад байгаа тулгамдсан асуудалд дүгнэлт хийж Сонгуулийг хойшлуулах талаар уриалга гаргасан. Уриалгын дагуу улс төрийн намуудын байр суурийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын шугамаар асууж байгаа учраас тухайн асуудалд Монголын Ногоон Намын байр суурийг үүгээр мэдэгдэж байна. Цар тахал нь зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий даянг хамарсан, ДЭМБ-аас онцгой анхаарч, сар дамнасан төдийгүй жил дамнасан аюул дагуулж байгаа учир Европын холбоо, дэлхийн байгууллагууд арга хэмжээ авч байна. Жишээлбэл, Олимпийн наадмыг 1 жилийн хугацаатай, Европын хөл бөмбөгийн АШТ-ийг, ОХУ бүх нийтийн санал асуулгаа тус тус хойшлууллаа. Энэхүү цар тахалын хүрээнд аливаа улс орнууд сонгууль явуулах асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Иран, Испани улс ДЭМБ-ын зөвлөмжийг үл ойшоон сонгууль явуулсанаас үүдэн тус орнуудад маш их хэмжээний тархалт дэгдэн, өвчин зовлонд нэрвэгдээд байна. Монголчууд бид бусдын алдаан дээр суралцах хэрэгтэй учраас Монголын Ногоон Намаас Монгол улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж сонгуулийг хойшлуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Сонгуульд оролцох хүсэлтэй улс төрийн хүчнүүд, ялангуяа ҮАБЗ-ийн 3 гишүүний 2 нь болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өөрсдийн рейтинг өндөр байгаа учраас сонгуулийг явуулж, улмаар сонгуулийн ялалт байгуулна гэсэн болчимгүй сэтгэлгээгээр Монголын ард түмнийг аюулд нүүрлүүлж байгааг анхаарна уу!

2 хүн цуглахгүй байх ёстой гэсэн зөвлөмж гаргаад байхад 2 сая хүн цуглуулж сонгууль явуулах гэж байгаа нь Монголын ард түмнийг эрүүл мэнд, эдийн засгийн хувьд аюулд оруулах эрсдэлтэйг анхаарах ёстой. Өнөөдөр сонгуульд улсаас 37 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа бол нэр дэвшигч, намуудын зүгээс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулах хандлагатай байна. Мөн сонгуульд зориулж их хэмжээний зам, аялал жуулчлалын цогцолбор, бүтээн байгуулалтуудад зарцуулах хөрөнгө мөнгийг төсөвийн тодотгол хийж хямрал нүүрлээд байгаа ард түмэнлүүгээ чиглүүлэхийг шаардаж байна.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд ард түмнийг хий хоосон хүлээлт үүсгэсэн, эдийн засгийн тооцоололгүй амлалтуудыг улс төрийн намууд хийж байгаа нь улс оронд нүүрлээд байгаа аюулыг үл ойшоож, цаг үеийн үйл явцад нийцэхгүй, улам хямруулах хандлагатай болохыг анхааруулж байна.

Иймд, Монголын Ногоон Намаас та бүхэнд хандаж сонгуулийг зогсоох, хойшлуулах арга хэмжээг дэмжихийг уриалж байгаа бөгөөд уриалгыг дэмжихдээ хэвлэл мэдээлэл, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, олон нийтийн байгууллагуудаар дамжуулан дуу хоолойгоо хүргэнэ үү!

Монгол улсад нүүрлээд байгаа цар тахалын гамшгийг давж гарахын төлөө бүх нийтээр идэвхтэй оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 3-р сарын 26-ны өдөр ИБУИНХУ-аас суугаа Элчин сайд Филип Малон, АНУ-аас суугаа Элчин сайд Майкл С. Клечески, Австрали Улсаас суугаа Элчин сайд Дэйв Воусэн, Канад Улсаас суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинэ корона вирусээс болж үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон Улсын байнгын онцгой комиссоос иргэдээ татан авах, Япон, БНСУ-руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр бэлтгэх зэрэг асуудлаар гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээллээ. Мөн иргэдээ шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, иргэдийн ахуй амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар танилцуулав.

Элчин сайд нар Монгол Улс төр, засгийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд цаг алдалгүй, шуурхай ажиллаж цар тахлын тархалтаас сэргийлэн амжилттай ажиллаж байгаад талархаж энэ аюулт өвчинтэй хамтран тэмцэж ялж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор ирсэд иргэдийн тусгаарлах хугацааг 7 хоногоор сунгалаа

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаар иргэдийг тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэллээ. Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах хугацааг 21-28 сунгах санал ирсэн бөгөөд өмнө нь тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэнийг дахин 7 хоног тусгаарлахаар боллоо.

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн Сөүл, Токиогийн нислэгийн нэгийг цуцлахаар болсон байна. Үүнээс гадна иргэдийг нэг нэгээр нь өрөөнд байлгахаар болж байгаа юм. Ингэснээр хувийн зочид буудлуудыг хуулийн хүрээнд дайчилгаанд хамруулах нөхцөл байдал үүсээд байгаа гэв.

Хугацааг сунгасантай холбоотой иргэдээс 7 хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл таван удаагийн тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэн дахиж тусгаарлах байрны төлбөр төлөхгүй юм байна.

Categories
мэдээ цаг-үе

ХХБанк нь харилцагчдадаа үүсээд буй санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо

Дэлхий дахинд коронавирусын халдварт өвчин (COVID-19) тархаж байгаатай холбоотой үүсээд буй аюултай нөхцөл байдлаас шалтгаалан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Худалдаа, хөгжлийн банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүүг авахгүй байх шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь иргэдийн бүх төрлийн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН хувьд хамааралтай бөгөөд 2020 оны 7-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжинэ.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрхэм харилцагч Таны орлого буурч, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭНД дарж ирүүлнэ үү.

Бид таны хүсэлтийг хүлээн авч, уян хатан нөхцөлөөр шийдвэрлэн ажиллах болно.

Бизнесийн зээлтэй харилцагчдын хувьд коронавирус халдварт өвчин (COVID-19)-ий улмаас орлого нь тасалдсан, буурснаас шалтгаалан зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтэй бол зээл авсан салбартаа хандах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай харилцаж зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тул гуравдагч этгээдэд хандахгүй байж, мэдээллийн нууцлалаа хадгалж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ 4-р сарын 2 –4 ны өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан байна. Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно.

Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн тус онгоцоор ирэх карго ачаанд байгаа дипломат ачаа болон эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цаг тусгаарласны дараа УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөр олгоно. Бусад ачааг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 9 хоног тусгаарласны дараа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулж олгох болно.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг нээгээд байна

Баян-Өлгий аймгийн авто замын орох, гарах хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө 00:00 цагт нээжээ.

Баян-Өлгий аймаг коронавирусын халдварын эрсдэлтэй бүсэд тооцогдож буй. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Онцгой комисс хуралдаж, сум хооронд болон хот хоорондын хөдөлгөөнийг хориод байсан билээ.

Гуравдугаар сарын 17-ны байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд дөрвөн байранд нийт 192 хүн тусгаарлагдсан бөгөөд гуравдугаар сарын 14-нд Казахстанаас ирсэн 59 иргэнийг гэр гэрт нь тусгаарлан, хяналт тавьж ажиллаж байгааг тус аймгийн Засаг дарга мэдээлж байсан. Харин өмнө нь бүртгэгдсэн дөрвөн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020.03.26-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнгөрөгч 3 хоногт 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр 11 дуудлагын шалтгаан нөхцөлийг тодруулахад 3 нь яндангийн сойлтыг хаасан, 1 нь түлшээ буруу түлсэн, 2 нь ханан пийшин болон зуухны битүүмжлэл алдагдсан, цууралттай, мөн угаарын хий мэдрэгчийг унтраасан байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлагын 70 орчим хувийг объектын гал түймэр, шар усны дуудлага эзэлж байна. Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд байшингийн дээвэр шатаж, 56 настай эрэгтэй гал түймрийн улмаас угаартаж нас барсан” болохыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй хэллээ. Мөн тэрбээр “Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд зуслан руу гарах нь ихэссэн. Хашаа болон ойр орчмын газраа цэвэрлэх нэрийдлээр шар өвсийг шатаахдаа гал алдах тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймд иргэд олон нийтийг гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна” гэлээ.

378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэй 963.8 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 44 тээврийн хэрэгсэл нийслэл хотоор дамжин өнгөрчээ. Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэсэн болон түүхий нүүрс түлсэн зөрчил илрээгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учир иргэд галлагаагаа зөв хийж, угаарын хий мэдрэгчээ унтрааж болохгүй. Мөн хөл хорионы энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулж болохгүй” хэмээн санууллаа.

Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр PM 10 хэмжээтэй тоосонцор 55 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -4.2 хэмээр хүйтэн байна” гэв.

Томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын өгсөн мэдээллээр халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийсэн. Халдварын дэгдэлтийн 269 тохиолдол байгаа бөгөөд 268 хүнээс коронавирусын шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Нийт ажиглалтад 2083 хүн байгаа юм.

Харин томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд.

Нийслэлийн 8 товчоодод 100 алба хаагч хяналт тандалтын ажил хийж байна. Өнөөдөр өглөөний байдлаар товчоодоор нийт 14012 тээврийн хэрэгсэл, нийт 42357 иргэн хяналт тандалтад хамрагдан орж, гарчээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өчигдрөөс эхлэн “Хотын соёл” аяныг эхлүүлээд байна. Мөн нийслэл даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа. Иргэдийн зүгээс гэр хорооллын 00-г хэзээнээс ариутгаж эхлэх талаар асууж байна. Үүнд хариулахад, гэр хорооллын 00 гэссэний дараагаар ариутгалын ажлыг зохион байгуулах юм. Цаг хугацааны хувьд хараахан гэсээгүй байгаа учир гэр хорооллын 00-г ариутгах ажил хараахан эхлээгүй байна. Хотын даргын зүгээс ч энэ асуудлаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн” хэмээлээ.

Хэлмэгдэгсдийн музейн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна гэх мэдээллийн дагуу нийслэлийн Засаг дарга үүрэг чиглэл өгч, мэргэжлийн байгууллага газар дээр нь ажиллаж, зөвшөөрөлгүй барилга барьж байсан барилгын ажлыг зогсоожээ.

Хэвлэлийн хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн асуултад хариулт өглөө.

-Угаарын хий мэдрэгчийг хэзээнээс тарааж эхлэх вэ?

-Угаарын хий мэдрэгч 65 мянга ирсэн байгаа. Одоогоор ариутгал, халдваргүйтгэл хийгээд хэсэг хугацаанд битүүмжилсэн. Угаарын хий мэдрэгчийг тараахдаа коронавирусын эрсдэлтэй энэ үед олон нийтийг цуглуулахгүйгээр, хороо, хэсгийн алхагч нар айл өрх бүрт хүргэж өгөх юм. Үлдсэн угаарын хий мэдрэгч ирэх долоо хоногт ирнэ. Ирсэний дараа мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдээд иргэдэд тараана.

-Шар усны үерийн эрсдэл бүхий энэ үед холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ?

-Шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа. Хэд хэдэн газар нийслэлийн Захирагчийн ажлын алба холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран халиа, дошоо үүссэн газарт ажиллаж, цас, мөсийг холдуулж, суваг, шуудууг нээх зэрэг ажлуудыг хийж байна.

-Угаар мэдрэгчийн дохиоллыг хэрхэн унтраах вэ?

-Угаар мэдрэгчийг иргэдэд тараахдаа гарын авлагын хамт өгсөн байгаа. Нэгдүгээрт, гарын авлагаа унших хэрэгтэй. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд гэрт агаар оруулах ёстой. Иргэд угаарын хийг агаар сэлгэлтээр бүрэн гаргасны дараа тухайн дохиолол өөрөө унтарна. Түүнээс биш дохиолол асангуут иргэд угаарын хий мэдрэгчийг унтраах гэж оролдож болохгүй. Учир нь гэрт угаар байгаа учраас, агаар сэлгэлтийг бүрэн хийгээгүй болохоор дуугараад байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй шүү.

-Сайжруулсан шахмал түлшийг зуны улиралд худалдаалах уу?

-Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн өвөл 400 орчим борлуулах цэгээр худалдаалсан. Түлшийг энэ зун томоохон авто зам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаалахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна. Коронавируст халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавируст халдварын тархалт дотроосоо тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол Улс байгаад баяр хүргэлээ.
Уулзалтад Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу оролцсон. Тэрээр тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайдад уламжиллаа. Манай улс газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн, тээврлэлтийг түр зогсоогоод байсан юм. Дорнод аймгийн онцгой комиссоос Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан. Өнөөдрийн уулзалтаар ариутгал халдваргүйтгэл хийх хоёр пункт барин, ашиглалтад орход бэлэн болсныг мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол түүхий нүүрсний экспорт эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ажилчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст нэг өдрийн цалин болох 174 сая төгрөг хандивлалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.