Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт дахин гурван удаа газар хөдлөлт болжээ

File:Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуулийн товч танилцуулга ...

Говь-Алтай аймагт өчигдөр дахин гурван удаа газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгийн Тонхил сумын нутагт хоёр удаа, Бигэр сумын нутагт нэг удаа 3.7-4.1 магнитудын хүчтэй болсон бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна. Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай хэлжээ. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар урьд шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мөн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 03:40 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Энэ талаар тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэн “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай мэдээлсэн байна. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар үүрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн 05:00 цагт мэдээлжээ. Мэдээллийн дагуу Онцгой байдлын газраас тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй”-г хэлсэн гэж Онцгой байдлын ерөнхий гараас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Эрт арга хэмжээ авсан бол алдагдал бага л хүлээх байсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Коронавирус эдийн засгийн ноцтой хямрал болж байгаа учраас дэлхийн улс орнууд эдийн засгаа сэргээх бодлогыг барьж байна. Манай улс энэ асуудалд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Монгол Улсын эдийн засгийн 80-90 хувь нь гадаадаас хамааралтай, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ утгаараа манай улсын эдийн засагт савлагаа үүсэх хандлагатай байна.

Тиймээс эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар ойрын үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо яаралтай хуралдах ёстой.

Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага зүй ёсоор тулгарсан.

Тухайлбал,Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Уг хуулийн өөрчлөлтөөр ААН-үүдийн нэг, эсвэл хоёр улирлын татварыг тэглэх. Үүнд бүх ААН хамрагдахгүй, ресторан, үсчин зэрэг аж ахуй эрхэлдэг хүмүүсийн 3-6 сарын татварыг тэглэхэд хамгийн багадаа 23 хувь, цаашлаад НӨАТ-тай нийлээд 40 хувийн татвараас чөлөөлөгдөнө.Мөн иргэдэд цахилгаан, дулааны төлбөрт нь хөнгөлөлт үзүүлмээр байна. Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийн түрээсийн зардал болоод банкны зээлийг чөлөөлөх хэрэгтэй. Хамтарсан эдийн засгийн бодлого гаргахгүй бол бид оройтлоо.Эрт арга хэмжээ авсан бол алдагдал бага л хүлээх байсан. Одоо бол алдагдал улам нэмэгдэх хандлагатай байна.

-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй гэж ярьж байна л даа. Уг нь таны ярьж байгаагаар энэ асуудалтай холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байна шүү дээ?

-Манай гишүүд сонгууль ойртсон гээд тойрог руугаа яваад өгөх юм байна шүү дээ. Уг нь бид 76 гишүүнтэй. Одоо бараг гурван нөхөр нь больчихжээ. Одоо 73 тойргийн хүн байна. Тэдгээр хүмүүс Улаанбаатартаа байж баймаар байна шүү дээ. Алх цохиход бэлэн байж баймаар байна. Ээлжит бусаа хуралдуулдаггүй юм гэхэд байнгын хороо хуралдмаар байна шүү дээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрөөс эхлээд өдөр болгон уулзаад Эрүүл мэндийн яамны мэдээллийг аваад энд гаргаж байгаа бодлогуудыг нь тодорхойлоод, гол нь энэ бүгдийг хуулиар шийдэх ёстой байхгүй юу. Ямар ч том эрх мэдэлтэй байсан, У.Хүрэлсүх ямар ч том байлаа гээд хууль зөрчиж болохгүй юм л даа. Тэгэхээр хуулийн дагуу ажиллах бололцоог нь олгоод өгье л дөө. Онцгой байдлын үед юу хийх ёстойгоо ярья.

-Онцгой байдлын үе гэлээ. Ер нь энэ нөхцөл байдлаас болж уиХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж магадгүй. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Яг одоо ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд эрт байна. Хуулиа харъя. Гуравдугаар сарын 25-нд сонгуулийн хуулиар мөрийн хөтөлбөрөө намууд өөрсдийн удирдах дээд байгууллагаараа хуралдуулаад шийдэх ёстой. Хуучнаар бол 21 аймгаас төлөөлөгчид нь ирээд манай нам сонгуульд ийм мөрийн хөтөлбөртэй, ингэж орно. Зөвшөөрч байна уу, үгүй юү гээд. Зөвшөөрч байвал баталгаажуулаад Аудитад аваачиж өгөх ёстой юм. Аудит тэрийг нь үзээд Монгол Улсын төсөв, ирээдүйн чиг хандлагатай нийцэж байна гээд харна. Ер нь бүх хүнд орон сууц өгнө гээд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлбэл галзуу хүний үг шүү дээ. Үүнийг мэдээж болохгүй гэж үзнэ шүү дээ. Хойшилно, хойшлохгүй гэдгийг хэлэхэд эрт байна. Коронавирус олон зүйлийг байхгүй болгож байна. Бизнес эрхлэгч, улстөрчид гээд Монгол Улсын хувьд хүнд байна. Гэхдээ үүнийг УИХ шийднэ. Хуулиараа дөрөвдүгээр сарын 5 байдаг болохоор тэр үед л шийднэ.

-Та ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвших үү?

-МАХН-аас нэр дэвшмээр байна. Харамсалтай нь, МАХН-ыг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр хувьчлаад авчихсан. Би болон МАХН-ын гишүүд нь ялагдчихаад байна. МАХН даргагүй нам. Учир нь, Улсын дээд шүүхээс МАХН-ыг даргагүй гэдгийг тогтоочихсон. Тийм болохоор гишүүд маань санал тавибал би намын Их хурлаа хийж маргаанаа Дээд шүүхээр шийдүүлэх хооронд УИХ-ын сонгуульд МАХН орохгүй байх магадлалтай. Би нэр дэвшихгүй байх нь асуудлын гол биш. Гэхдээ МАХН-ын асуудлыг мэддэг, эсвэл мэддэггүй хүмүүс гэж бий. Мэддэггүй хүмүүсийн зүгээс МАХН-аас нэр дэвшчих юмсан гэсэн намын эгэл жирийн гишүүдэд ганц гэмт хэрэгтнээс болж би саад хийж болохгүй. Хоёрдугаарт, намайг намаасаа 11 удаа хөөсөн хүмүүс нэр дэвшүүлэхгүй нь ойлгомжтой.

-Тэгэхээр та аль ч намд орж магадгүй гэсэн үг үү?

-Найман жил бие даагч хийлээ шүү дээ. Би 1994-2011 он хүртэл АН-ын гишүүн байсан шүү дээ. 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүнээ буудаж байхад хүүхдүүдийг нь чөлөөлье гээд л амар тайван өмгөөллийн ажлаа хийгээд явж байсан хүн шүү дээ. Дараа нь Шинэбаяр ахтайгаа нийлээд МАХН-ыг буцааж сэргээгээд, тэгээд шулуухан хэлэхэд намаа алдчихсан л хүн байхгүй юу.

-Сонгуулиар нэр дэвших үү?

-Дэвшинэ. Эрдэнэтчүүдэд амласан юм байгаа. Тэдэнд тайлангаа тавих ёстой. Юу ч хийгээгүй бол тэд хөөгөөд явуулах эрхтэй. Манай Эрдэнэтийнхэнд нэг сайхан чанар байдаг. Чи аль нам байх нь хамаагүй, чи хулгайч биш байх ёстой гэдэг. Худалч, хулгайч хүнийг явуулна. Зөв байвал цаашаагаа явуулна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 30 хувийг хувьчлах асуудал яригдаж байгаа шүү дээ. Энд та ямар байр суурьтай байна вэ?

-Би 2015 онд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үед 15 мянган хүний гарын үсэгтэй өргөдөл ирээд тэр өргөдлийн дагуу 1072 хувьцааны хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэх ажлыг хийсэн байдаг. Үүний үр дүнд хоёр сая 700 гаруй мянган иргэн хувьцаа авах эрхтэй болж байна. Тухайн үед “Энержи ресурс” ХХК болон Сайд асан М.Энхсайхан нар Мега төсөл нэрээр Таван толгойг өөр компанид өгөх гэж байсан юм. Миний хувьд хоёр сая 700 гаруй мянган иргэний хувьцаа эзэмшигчийн асуудлыг шийдвэрлэсэн учраас 10 хувийн өмчлөгчийн эрхийг заавал баталгаажуулах ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан. Таван толгойн ажлыг УИХ-аар оруулах ёстой гэсний дагуу энэ асуудал ерөнхийдөө зогсчихсон байсан юм. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” ХХК-д өгөхөөргүй болсон. Тэр буруу зүйл байгаагүй. Яагаад гэвэл нийт хувьцаа эзэмшигчид хувьцаагаа одоо эзэмшээд, хувиа хүртэх гээд явж байна. Гэхдээ компани учраас мэдээж олон улсад гарч, хөрөнгө татах ёстой. 2018 онд УИХ-аар Таван толгойг IPO хийе гэдэг санал орж ирж байлаа. Тухайн үед 2021 оны Чингис, Самурай бондын өр, Гашуунсухайтын төмөр замын ажлыг дуусгах шаардлага байсан. Доод тал нь 5.5 тэрбум ам.доллараар IPO босно гэж байсан учраас тэр утгаараа миний бие үүнийг зөвшөөрч байв. Ийнхүү УИХ-ын шийдвэр биелэх ёстой гэж бодож байтал биднээс хамаарахгүйгээр нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, “COVID-19” буюу коронавирусээс шалтгаалж, дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл уначихаад байна. Дэлхий нийтээрээ George soros гэдэг хүнд дургүй байдаг. Шалтгаан нь хөрөнгийн зах зээл уналттай байгаа үед гадны үнэ цэнэтэй үйлдвэр, брэндийн зүйлсийг хувьчилж авчих гээд байдаг юм.

Үүнийг “Эдийн засгийн алуурчид” гэж манайхан нэрлэдэг. Түүнтэй адил өнөөдөр дэлхийн зах зээл хямралтай, хөрөнгийн нөхцөл байдал хэцүү үед сандарч, тэвдэж байгаа мэт байгаа зүйлээ зарж, үнэгүйдүүлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа.

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно

Аргын тооллын гуравдугаар сарын 27. Сугар гариг. Билгийн тооллын 3, шарагчин могой өдөр. Өдрийн наран 06:40 цагт мандан 19:15 цагт жаргана. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм

Зургаан аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг хүргүүлжээ

НЗД-ын 2020 оны А/223 дугаартай захирамжийн хүрээнд 2129 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 2 төрлийн мэдэгдэл хүргүүлж, 794 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 269 улсын /ахлах/ байцаагч мэдэгдэл хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Цагийн хуваарийн мөрдөлтийн байдалд шөнийн шалгалтыг баар 726, ресторан 475, кафе 120, хүнсний дэлгүүр 429, нийт 1750 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулан хяналт тавьж ажилласан. Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 10 аж ахуйн нэгж, 2 иргэнд 12770.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулан, 6 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг УБЗАА-нд, 1 аж ахуйн нэгжийн караоке үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг НСУГ-т тус тус хүргүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “ДЕЛО” (3)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Монгол тээхийн тагнуулын дело (хэрэг) 1939. Хорлон сүйтгэх ажиллагаа бүлэглэн үйлдсэн хэргээр олон хүнийг баривчлан буудан хороожээ. Нарийвчилсан баримт олддогүй, 1950 онд Хилийн цэргийн архивыг устгахад алга болсон бололтой.

Ерөнхий сайдыг орлогч Жамсран, Доржпүрэв нарын дело (хэрэг) 1940. Жамсранг Ерөнхий сайдын орлогчоор томилоод ердөө ганц сарын дараа гэнэт баривчлан тагнуулын хэрэг тулгаж буудан хороожээ. Энэ делогийн учир олддоггүй, баримт бичиг үлдээгүй, 1950 онд хилийн цэргийн архив устгахад алга болсон бололтой.

Эрүү шүүлт тулгах тухай дело (хэрэг) 1941. Хэдийгээр баривчлагсдыг хүний санаанд оромгүй аймшигтайгаар тамлан хэрэг хүлээлгэдэн практик Монголд гүн нэвтэрсэн, энгийн үйлдэл болсон байсан авч үүнийг зөвшөөрсөн хууль журам байгаагүй юм. Үүнийг нууц тогтоолын дагуу зөвшөөрч албажуулсан бичиг баримтыг 1941 онд үйлдэн хүчний байгууллагуудад тараасан байна. Эрүү шүүлт тулгахыг зөвшөөрсөн актад Чойбалсан, Цэдэнбал нар гарын үсэг зуржээ.

Баасанжавын дело Баасанжав, Сэнгэдорж, Пунцагдорж 1940. Намын Х их хурлын өмнө намын цэвэрлэгээ явагдав. Намын их хурлын өмнө Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн Дотоод хэргийн сайд Берия өөрийн амаар Чойбалсанд даалгасан байдаг. Нам талаасаа ганц үлдсэн том дарга нь Баасанжав байсан юм. Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан тамлан зовоосны эцэст тэрээр цус алдан үхжээ. Биечлэн хороосон хүн нь Дотоод яамны сайд Жамбалдорж.

“Харилцаа” хэмээх сүлжээний дело (хэрэг) 1942. 1942 онд 11 малчныг баривчилж Японы тагнуулын “Харилцаа” хэмээх сүлжээнд холбоотой байсан гэж яллажээ.

“Урвагч” хэмээх сүлжээний дело (хэрэг). 1943. Японы тагнуулын сүлжээнд хамаарч байсан хэмээн 1943 онд Сүхбаатар аймгийн хил орчмын энгийн ардууд, малчдыг олноор нь баривчлан эрүү шүүлт тулгажээ. Нэлээд нь эрүү шүүлт даалгүй шоронд үхсэн байна.

Мэргэн жаалын дело (хэрэг) 1943. Хэнтий аймгийн Биндэр суманд Хүүхэн хутагтын хойд дүрээр Ламаадан хэмээх бяцхан хүүг тодруулжээ. Жаал хүү Цэдэнбалын тухай муу зүйл төлөглөсөн бололтой. Ламаадангийн багш Норовын баривчилж буудан алав. Хүүг бас баривчлан Улаанбаатарт авчирав. Хүүгийнхээ араас ирсэн малчин ард Гомбо, эх Янжмаа нарыг шүүхийг тогтоолгүй буудан хороов. Хүүг Дотоод яамны ажилтан Болд өрөөндөө буудан хороосон гэх.

Өвөрмонголчуудын дело (хэрэг) 1945. Дэлхийн II дайны дараа Монгол Улсад дүрвэн ирсэн 500 орчим барга голдуу өвөр монголчуудыг тагнуул хэмээн шийтгэв.

Өмчийн эсрэг дело (хэрэг) 1947. Улс олон нийтийн өмчийг хамгаалах тухай “Жамбалдоржийн хар хууль” гэж нэрлэгдсэн хууль гарчээ. Улсын өмч тун өчүүхнээр дутаасан болон хардагдсан бол олон жилээр хорих, цаашилбал цаазаар авах ёстой аж. Энэ хуулийн дагуу огт гэмгүй 342 хүнд маш хүнд ял тулгаж нэлээдийг нь цаазаар авчээ.

Баяр, Лувсангийн дело (хэрэг) 1950. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Баярыг улсын өмч гэрийн гадуур бүрээс дутаасан хэргээр баривчлав. Шоронд нас барсан. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Лувсан хивс хулгайлсан хэрэгт орсон тул хоёуланг нь хатуу шийтгэхийг Чойбалсан тушаажээ. Гэвч Цэдэнбалын хүсэлтээр Лувсанг тушаал бууруулан БНХАУ-д элчин сайдаар томилов.

Порт-Артурын тагнуулын дело (хэрэг). 1948 он 1948 онд Чойбалсангийн амь насанд халдахаар завдсан хэмээх хэрэгт 100 гаруй хүнийг баривчилж 40 гаруйг нь буудан хороожээ. Хэргийг санаачлагч нь Цэдэнбал.

Дэмчигдонровын дело (хэрэг) 1950 он. Өвөр Монголын удирдагч Дэмчигдонровыг 1949 онд Монголд урьжээ. Ирэхгүй болохоор нь Улаанбаатарт суудаг хүүгээр нь захидал бичүүлж батламжлуулсан аж. Ирснээс нь хойш тун удалгүй 1950 оны хоёрдугаар сарын 27-нд цэрэг-улс төрийн хүнд гэмт хэрэгтэй хэмээн баривчлав. Япон, Америк, Гоминдааны тагнуул гэсэн ял тулгав. Минжааны жанжин штабын дарга асан Буяндэлгэр, генерал асан Линши нарын хамтаар мөн оны 10 дугаар сард саяхан коммунист болсон Хятадад хүлээлгэж өгөв. Хүү Дугарсүрэнг тагнуулын хэрэгт гүтгэн буудан хороов. Эхнэр, нялх хүүхдүүдийг нь хөдөө цөллөө.

“Ноос алт” дагасан дело (хэрэг)

Малын тоог 200 сая хүргэх төлөвлөгөөг дагасан дело (хэрэг)


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Энэ сонгууль Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед коронавирусийн аюулын улмаас дэлхий дахинд, Монголд ч цаг үеийн байдал ярвигтай болж байна. УИХ-ыг яаралтай хуралдуулж, онцгой нөхцөл байдалтай холбогдуулан төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж шаардаж эхэллээ…

-ШИНЭ намын Зөвлөлөөс татвар, түрээс, зээлийн хүүгийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн алдагдлыг эргэн харж, онцгой нөхцөл байдлын үед улсын төсөв тасалдахгүй байх гарцыг олж хэрэгжүүлэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа.

Төсвийн алдагдал 600 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Коронавирусээс шалтгаалж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Ганц манайд ч биш, дэлхий нийтэд, хүчирхэг эдийн засагтай бүх улс орны эдийн засаг хүндэрч, гадаад худалдаа хумигдаж байна. Манай улсын хувьд сүүлийн хоёр сард гадаад худалдаа 20 хувиар буурсан байна. Дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн байдал хэцүүдлээ. Сая Засгийн газар ШИНЭ намын шаардлагыг хүлээн авч иргэдийн хэрэглээний зээлийн хүүг түр хойшлуулах шийдвэр гаргалаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байгааг энд онцлох хэрэгтэй.

Дараа дараагийн арга хэмжээнүүдийг ч цаг алдалгүй авах ёстой. Онцгой байдлын цаг үед парламент, Засгийн газар нь оновчтой, үлгэр жишээч арга хэмжээ авч ажиллаж байгаа улс орнууд олон байна. Манай Засгийн газар ч тэдний нэгд тооцогдож, жишээ болж байгааг олон улсын мэдээллийн агентлагуудаас харж болно шүү дээ. Долоо хэмжиж, нэг огтлоод Монголынхоо хөрсөнд тохирсон шийдвэрүүдийг цаг алдалгүй авах хэрэгтэй. Парламент нь парламентынхаа ажлыг, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалынхаа ажлыг хийж дэм дэмэндээ монголчууд хүнд бэрх үеийг давж гарах хэрэгтэй. Одоо улстөржих цаг огт биш. Ямар сайндаа ЗГХЭГ-ын дарга “Коронавирусийн хажуугаар улс төрийн вирус ажил хийлгэхгүй байна” гэх вэ дээ. Улстөржилт, талцал хуваагдал Монгол орныг олон жилийн турш хангалттай хорлож ирсэн.

-Таныг гадаадаас ирж тусгаарлагдсан гэдэг мэдээлэл гарч байна…

-Сошиал сүлжээнд тайлбар хийсэн. УИХ-ын гишүүд гадаадад томилолтоор ажилладаг, манай улстай дипломат харилцаатай улс орнуудын парламент хоорондын харилцааг өргөжүүлэх ажилд хүчин зүтгэх албан ёсны үүрэгтэй. УИХ-ын нэг гишүүн нэлээдгүй улсын парламентын бүлэгт багтаж ажилладгийг хүмүүс мэдэх байх. Миний хувьд Их Британи руу албан ажлаар яваад Германаар дамжиж ирсэн. Баталгаатай байх үүднээс Берлинд 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаад эх орондоо ирж, дүрэм журмыг ягштал баримталж дахин 14 хоног тусгаарлагдаж байна. Энэ байдлыг мушгин гуйвуулж, сошиалд зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байна. Зориуд улс төр хийж, дайрч доромжилдог хүмүүст аятай далим болж л дээ. Болд хазгай гишгэх нь үү, халтирах нь уу гээд сахиад сууж байдаг бүхэл бүтэн бүлэг хүмүүст хандаж, хайран цагаа бүү үр, өөрийнхөө төлөө, цаашлаад улсынхаа хөгжлийн төлөө л санаагаа чилээ гэж хэлмээр байна. Сонгууль ойртоод намайг харлуулах зорилготой бүхэл бүтэн төлөвлөгөө, кампанит ажил зохиогоод сууж байгаа хүмүүс байна. Гүжир гүтгэлгийн тэр төлөвлөгөөг нь хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ ч энэ дашрамд хэлчихье.

-Их Британид яагаад анхаарал хандуулах болов?

-Миний хувьд Их Британитай холбоотой хоёр сэдвээр судалгаа бэлдэж байгаа. Нэг нь “Их Британи бол Монголын шинэ бас хуучны гурав дахь хөрш” болох тухай. Түүх сануулъя, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалтад оролцсон их гүрнүүдийн нэг. Өрнөдийн орнуудаас Монголд хамгийн анх суурин Элчин сайдын яамаа нээсэн.Европын холбоонд нэр сүр нь олон жил дарагдсан ч одоо дахин сэргэн мандах замдаа орсон, дэлхийн нөлөө бүхий 54 орныг нэгтгэсэн Улс үндэстний холбооны (2,4 тэрбум хүн, 30 сая кв.км газар нутагтай орнууд) байнгын тэргүүн улс. Тиймээс манай улсын эдийн засгийн, цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлнэ гэж тооцоолж Их Британийг Монгол Улсын гурав дахь хөршийн тоонд оруулах хуулийн төсөл боловсруулж байна. Чуулганы завсарлагаар улстөрчид, эдийн засагчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй нь уулзалт төлөвлөсөн. Нөгөө сэдэв нь Брекситийн дараахь үеийн олон улсын тулгамдсан асуудал. Вирус гараагүй бол дэлхийн анхаарлыг татах гол сэдэв Брексит байсан.

-Шинэ нам улс төрийн намуудтай хамтарч эвсэл байгууллаа. Энэ эвсэл сонгуульд хэр зэрэг жин дарах бол?

-ШИНЭ нам, одоо сонгуульд нэг хүчин болж оролцох гэж байгаа ШИНЭ эвсэл Монголын улс төрийн түүхэнд байхгүй онцлогуудыг агуулсан улс төрийн нам, эвсэл юм. Нэгдүгээрт, анхнаасаа ШИНЭ нам ард түмний захиалгын хөрсөн дээр бий болсон, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэлд нэгдсэн 100 гаруй төрийн бус байгууллагууд, мэргэжлийн төр, засагтай болохын төлөөх салбар салбарын мэргэжлийн холбоодуудыг нэгтгэж чадсан. Монголчууд аливаа үйл хэргийн төлөө нэгдэж, нэгэн цул болоод ирэхээрээ улс орноо өөд нь татдаг, хүчирхэгжүүлдэг, цаашлаад дэлхийн түүхэнд байхгүй түүхийг бүтээдэг гэдгээ харуулсан үндэстэн. Хоёрдугаарт, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга иргэдээ шат шатны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн улс төрийн нам, эвсэл одоогоор ШИНЭ-ээс өөр байна уу, алга байна. Таны яг хажуу хаалганд чинь амьдардаг, тантай нэг хороо, нэг суманд оршин суудаг Бат, Дулмаа нар Их хурлын сонгуульд оролцоно, тэдгээр иргэд өөр өөрийн амьдардаг аймаг, сумандаа, дүүрэг, хороондоо таныг төлөөлж ажиллана гэдгийг манай намаас анх байгуулагдахдаа л онцолж ирсэн. Бусад намуудаас нэр дэвшихийн тулд дор хаяж хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй болох нь. Харин манай намд зөвхөн таныг төрд төлөөлөх шударга иргэн л хэрэгтэй. Тэр хүн халаасандаа хэдэн төгрөгтэй нь сонин бус, Монголоо хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулна гэсэн зүрх сэтгэлтэй байх нь л манай эвсэлд сонин. Улс төрийн 11 нам, 109 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд нийлээд “ШИНЭ” эвсэл байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

-Мөрийн хөтөлбөрөөсөө онцлог санааг нь дурдвал?

-Намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын баг “Шинэ эргэлтийн 21 бодлого” боловсруулсан. Эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон реформ хийж, стратегийн баялгуудаас ард түмний хүртэх хувь, орлогыг тодорхой, бодит болгох шийдэл багтсан. Баян Монгол корпораци, баялгийн хувь, стратегийн ордуудаа хувь, хувьцаа хэлбэрээр ард түмэндээ хүртээх зэрэг миний олон жилийн тэмцэл, зүтгэл бүрэн утгаараа бодит үр дүн болох цаг ирлээ. Энэ сонгууль Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх эсэхийг шийднэ гэсэн үг. Түүнчлэн шударга ёс, хариуцлагын эргэлт хийж, авлигач албан тушаалтнуудын улсад хохирол учруулсан хавтаст хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар хариуцлагаас мулталсан хууль тогтоомжуудыг хүчингүй болгоно. Монголын нийгмийн шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг манай намын дэргэдэх эрдэмтэн, судлаачид судалж үзээд шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлигын эсрэг ажиллахын тулд хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгах хэрэгтэй гэж үзсэн. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, түүнээс ч олон хийдэл байгааг нарийвчлан тооцож гаргажээ. Энэ бүхнээ манай эвсэл мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Одоо бидний амьдарч байгаа нийгэм болохгүй байна, цэгцлэх, цэвэрлэх, хөгжүүлэх, цаашлаад шинэ цаг үед Монгол гэдэг нэрийг дуурсгаж, хойч үедээ шинэ нийгэм үлдээе гэж бодсон бүх хүмүүс бидэнтэй хамт зүтгэнэ гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ цаг-үе

П.Очирпүрэв: Ухань хотынхон халдварыг тогтоож чадсан нь хөл хориог чанд мөрдсөнтэй л холбоотой

Коронавирусийн халдвар хамгийн анх бүртгэгдсэн БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хот аюулт өвчнийг ялан дийлснээ олон улсад тунхаглаж байна. Одоо тус хотод нөхцөл байдал ямар байгаа талаар Ухань дахь монгол оюутны холбооны дарга П.Очирпүрэвтэй ярилцлаа.


-Ухань хотын одоогийн нөхцөл байдал ямархуу байна вэ. Хэдийгээр та одоо Монгол Улсад байгаа ч цаг үеийн мэдээллийг авч байгаа болов уу?

-Монгол Улс 30 оюутнаа эргүүлэн татаж байх үед Ухань хотод цэргийн хүчээр хол хорио тогтоочихсон, гэр орноосоо гарахыг хориглочихсон байсан үе. Өдрийн 12:00-14:00 цагийн хооронд л нэг айлаас нэг хүн хүнсээ цуглуулах эрхтэй. Тэгвэл өнөөдөр бол оюутнууд байрнаасаа ойр орчимдоо гардаг болчихсон, хамаагүй хөл хорио суларсан байна. Манайх оюутнуудаа авч байх үед бусад улс орнууд ч өөрийн оюутнуудаа татаж байсан. Эх орондоо буцаж чадаагүй үлдсэн оюутнууд ч байсан. Тэднийг одоо хүртэл харьяалдаг сургуулиас нь хоол хүнсээр хангаж байгаа юм билээ. Сургуулийн кампус дотор дэлгүүрүүд ажилласаар байгаа.

-Ирэх дөрөвдүгээр сарын 8-нд Ухань хот хөл хориогоо цуцална гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ хэр үнэн бэ?

-Тийм ээ. Албан ёсоор ингэж зарлаад байгаа. Аюулт өвчнийг зогсоож чадсан гээд дөрөвдүгээр сарын 8-наас эхлээд Ухань хот хөл хориогоо бүрэн тавихаар болж байна. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллээр 25-н буюу маргааш /өнөөдөр/ 00:00 цагаас Ухань хот руу орох, гарах зам тээврийн хөдөлгөөнийг нээж байна. Өнөөдрийг хүртэл хот руу орж гарах битгий хэл хот дотор явах хориотой байсан. Гэхдээ Ухань руу орж гарахдаа шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн ногоон картаа иргэд үзүүлж байж нэвтрэхээр болсон гэсэн.

-Хөл хорио цуцалж байгаа бол хотын амьдрал хэвийн үргэлжлэх нь ээ?

-Ер нь хотын амьдрал хэвийн үргэлжилнэ гэж хэлж болно. Метро явдгаараа явна. Хот руу орж, гарах нь чөлөөтэй болно. Гэхдээ сургууль, цэцэрлэгүүд хаасан хэвээр байгаа. Хэзээ орж эхлэх нь тодорхойгүй.

-Ухань хотод монгол хоёр оюутан өөрсдийн саналаар үлдсэн. Тэд сайн уу?

-Хоёр оюутнаас бусад бүх монгол оюутан эх орондоо ирсэн. Одоо Уханьд хоёр оюутан маань л байгаа. Оюутнууд сайн байгаа. Гэхдээ нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Учир нь манай 30 оюутан эх орондоо ирэх үед янз бүрийн ташаа, хар мэдээлэл их гарсан. Тиймээс оюутнуудтай холбоотой мэдээллийг нууцлахаар болсон. Мэдээж тэдний биеийн байдал маш сайн байгаа. Оюутнуудтайгаа холбогдохоос гадна сурч байгаа сургуулийнх нь багш нартай байнгын холбоотой байна. Монголд ирсэн оюутнуудын Засгийн газрын тэтгэлэг энэ өвчинтэй холбоотойгоор түр зогссон байгаа. Харин үлдсэн хоёр оюутан тэтгэлгээ авдгаараа авч байна. Мөн сургуулиас нь хоол хүнсээр одоо хүртэл хангаж, маш сайн анхаарал хандуулж байгааг сургуулийн багш нар нь хэлж байсан.

-Их, дээд сургуулиуд хичээллэх болоогүй юу?

-Уханийн их, дээд сургуулиуд оюутнууддаа онлайнаар хичээлээ маш эрчимтэй зааж байгаа учраас сургууль хичээллэх талаар одоогоор тодорхой болоогүй байна. Ялангуяа магистр, докторын ангиуд онлайн хичээлийг маш сайн орж байгаа. Диплом хамгаалалтыг ч онлайнаар хийж байна. Гадаад оюутнуудад хоцрогдол гарахаас сэргийлж өглөө бүр сургуулиас и-мэйл ирдэг. Ер нь монгол оюутнуудад багш нар маш их анхаарч байгааг энэ дашрамд онцолъё.

-Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж тусламж үзүүлэхээр болсон нь хятад ард түмний дунд томоохон сэдэв болох шиг боллоо. Таны харснаар энэ байдал ямар байв?

-Тэгэлгүй яахав. Хамгийн анх 30 оюутан Монголд ирсний дараа манай холбоо Ухань хотын төгсөгчдийн холбоотой хамтран санаачилж “Мөнхийн хөрш-энхийн тусламж” аяныг өрнүүлсэн юм. Энэ ажлыг маань Бүх Хятадын монгол оюутны холбоо, Хятадад төгсөгч нарын холбоо ч дэмжсэн. Ингээд аяны хугацаанд 22 сая төгрөг цуглуулж, 500.000 орчим амны хаалт, ариутгалын бодис зэргийг энэ айхавтар өвчинтэй хамгийн анх нүүр тулж, хүнд нөхцөлд байсан Төв Хятадын технологийн их сургуулийн эмнэлэгт хандивласан. Энэ ажлын маань талаарх мэдээлэл Монголд нэг их тархаагүй ч Хятадын радио, телевиз, мэдээ мэдээллийн Weibo, Youku суваг, олон нийтийн QQ, wechat сүлжээнд сувгаар маш их шуугьсан. Ингээд хандивын аяныг Монголоос оюутан залуус, сурагчид хүртэл үргэлжлүүлж, Ерөнхийлөгч маань Хятадад айлчлан 30.000 хониор тусламж үзүүлэхээр болсон нь үнэхээр шуугиан тарьсан. Өнөөдөр хүртэл хятад иргэдийн хамгийн их хэрэглэдэг QQ, wechat сүлжээнд Монгол Улсын рейтинг өндөр хэвээр байна. Монголын талаарх эерэг сэтгэгдлүүд ч хөвөрсөөр байгаа.

-Халдварт өвчнийг ялан дийлсэн хятад эмч нартаа хүндэтгэл үзүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж байна…

-Энэ өвчнийг эмчлэхийн тулд Хятадын дөрвөн мужаас цэрэг армийн гээд газар газрын эмч нар ирж ажиллаж байсан. Гурав хоногийн өмнөөс эхлээд тэдгээр эмч нар халдварт өвчнийг ялан дийлээд нутаг, нутаг руугаа буцаж байгаа бичлэг тэр. Хятад даяар тэдгээр эмч нарыг хүндэтгэж, эмнэлгээс нь нисэх буудал хүртэл цагдаагийн хамгаалалттайгаар хүндэтгэн үдэж байсан.

-Ийм онцгой нөхцөл байдалд Хятад улс ард иргэдийнхээ сэтгэл санааг барихад чухам ямар алхам хийж байсныг анзаарав уу?

-Уханьд өмнө нь SARS дэлгэрч байсан болохоор их хэмжээний хохирол амсаагүй гэх албан бус мэдээллийг л сонссон. Учир нь тус ардчилсан улс биш болохоор энэ төрлийн мэдээллийн хувьд хаалттай. Харин ч эсрэгээрээ хүүхэд, залуу үе, оюутнуудын дунд Ухань хот, Хятад улсаа, намынхаа төлөө эх оронч сэтгэлгээг харуулсан эссе, нийтлэлийн уралдаан зэргийг зохиож байсан. Энэ нь иргэдийнхээ сэтгэл санааг тогтвортой байлгах, эх оронч сэтгэлгээг хадгалах, улам сэргээх гэсэн алхмууд болов уу.

-Өвчний дэгдэлтийн үед олон нийтийн дунд сэтгэл эмзэглэм үйл явдал гарч л байсан болов уу. Жишээ нь, коронавирусийг хамгийн анх мэдсэн эмч халдвар авч нас барсан шүү дээ?

-Өвчин ид дэгдэх үед гэр бүлийн аль нэг гишүүнд халдварын анхны шинж тэмдэг илэрвэл ямар ч тайлбаргүйгээр хүчээр авч явж байсан. Ийм бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тарж, олон мянган хүний сэтгэлийг шимшрүүлсэн. Тэр л их сэтгэл эмзэглэмээр байсан даа. Ингэж явсан хүмүүс үхэхээс өөр сонголт байхгүй. Ямар ч эмчилгээгүй, зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Эмнэлгийн бус орчинд халдвар авсан хүмүүсийг бөөнөөр нь байлгахаас өөр сонголтгүй.

-Харин одоо бол өвчнийг анагааж байгаа, олон мянган хүн эдгэрч байгаа гэсэн шүү дээ?

-Хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлд Хятад улс коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан. Одоогоор олон улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Хэдий тийм ч өвчтөнүүд дээрээ туршилт хийхэд өвчний зовиур багасч эдгэрч байгаа. Тиймээс Хятад улсын хувьд вакцин гаргаж авсан гэж зарлаж байгаа юм билээ. Одоо бол Хятад улс Ухань хотдоо санаа зовох биш хилийн чанадаас хүмүүс халдвар тээж ирэх эрсдэлтэй байна гэж байсан. Ялангуяа АНУ, НАСА-гийн цэргүүд, энгийн гадаад иргэд өвчин авч орж ирэх магадлалтай гэж үзэж байгаа юм билээ. Түүнээс гадна Хятадын дөрвөн мужийн эмнэлгийн ажилтнууд өвчин дэлгэрсэн гадаад орон уу тусламж үзүүлэхээр явж эхэлсэн.

-Хятад улс өвчний тархалтыг зогсоосон хамгийн гол зүйлийг юу гэж нэрлэж байдаг юм бол?

-Хятад хүмүүс ерөөс л хөл хориог л сайн барьж чадсан. Энэ нь өвчнийг тархаахгүй барьж чадсан хамгийн гол тулгуур гэж яригдаж байна. Тиймээс монголчууддаа хэлэхэд, хөл хориог л чанд мөрдөж чадвал бид хохирол багатай даван туулах болов уу.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Малчин А.Бүтэмж шилмэл үүлдрийн төл малаа хүлээж аваад байна

Төв аймгийн Зуунмод сумын III багийн малчин А.Бүтэмж шилмэл үүлдэр, омгийн төл малаа хүлээж аваад байна. Нийт төлийнхөө гуравны нэгийг нь одоогоор хүлээж аваад байгаа бөгөөд “Өглөөхөн тэр хар нүдэн маань хургаллаа” гэсээр угтлаа. Шинэ жилийн дараачаас л төлөө хүлээж авчээ. Хоёр сар гарантай хурганууд сүүлээ хөдөлгөн гүйж, ишигнүүд тоглоно. Харин өчигдөр, уржигдар, өглөөхөн төллөсөн ишиг, хурганууд хашааны унги, мухарт хэвтээд өдрийн наранд унтацгаана. Багсарсан хивэг, өвс хэвцгээж, түмпэн дэх уснаасаа тааваараа ууцгааж байлаа. Мал сүргээ хамгаалах үүрэгтэй хөгшин, том банхар мөн л өдрийн наранд ээгдэж, хуцахаас ч залхуурсан мэт нүдээ анина. Малчин А.Бүтэмжийн аав Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Мангалын Арьяа гэж хүн бий.

М.Арьяа аймгийн начин цолтой. Цэрэгт байхдаа Ховд аймгийн наадамд тав давж, зургаагийн даваанд дархан аварга Шаравын Батсуурийг өвдөг шороодуулж, аймгийн начин цол хүртэж тухайн үедээ бөхийн хорхойтнуудын дунд шуугиан дэгдээж явсан нэгэн. Харин М.Арьяа Зуунмодонд амьдарч байна.

А.Бүтэмж мянгат малчин болох тухай ерөөсөө боддоггүй. Харин маш сайн чанарын, өндөр ашиг шимтэй сүрэгтэй болохын төлөө ажилладаг юм байна. Өнгөрсөн намар Төв аймагт шилмэл үүлдэр, омгийн малын үзэсгэлэн худалдаа болоход шилмэл хонь, ямаагаа аваачиж оролцжээ. Нэг ишгээ 350 мянган төгрөгөөр зарсан байна. Түүний хувьд малын тоо толгой олон болох нь байгаль эх дэлхий, хөрс шороонд гамгүй болох нэг үндэс гэж үздэг учир малынхаа тоо толгойг 200-300-гийн хооронд барьж, жил ирэх бүр сүргээ сайжруулж, чанаржуулахад гол анхаарлаа хандуулна. Ойр хавийнх нь малчид ирж хонь, ямааг нь шинжиж “Ээ дээ, энэ чинь тэгээд ямар шидтэй мал вэ. Хэдэн литр сүү өгдөг ямаа юм бэ” гэж асуудаг юм байна. “Нэг удаадаа нэг литр өгдөг ямаа, та үнэмшихгүй байвал саагаад үз” гэжээ. Тэгээд саатал нэг шанага сүү гарсанд өнөөх малчин гайхаж “Шилмэл омог гэж өөр юм аа” гээд толгой сэгсэрч байсан гэнэ. Шилмэл үүлдрийн төлийн бие хаа цаанаа л өөр, тэнхээтэй. Өглөө нь эхээс гараад л орой нь тоглоод гүйж явна. Тэгтэл жирийн монгол хонины хурга төрөөд эхний хэд хоногтоо ядруухан байдаг. Ижилхэн хорь гаруй хоногтой жирийн монгол хонины хурга, шилмэл хурга хоёрыг харьцуулж хүртэл үзүүлээд “Огт өөр байгаа биз дээ. Биеэр том” гэж А.Бүтэмж хэллээ. Малчдын хувьд сүргээ сайжруулж, үүлдэр угсааг нь дээшлүүлэхийн тулд энд тэнд сайн бух, ухна, хуц байна гэдэг сургаар эрж хайж очдог. Зарим малчид нийлээд машин тэргэндээ бензин тос хийгээд сайн үүлдэр угсааны эрэлд гардаг. Харин А.Бүтэмжийн хувьд өөрөө олон жил туугчаар ажиллаж байсан учир Монголын аль өнцөг буланд, ямар малын үүлдэр угсаа байдгийг мэддэг учир аль аймгаас эр мал, аль аймгаас эм мал авахыг андахгүй. Малчдын хувьд ямаанд ихэд ач холбогдол өгч, аль болох их ноолуур авах тал дээр анхаардаг. Харин А.Бүтэмж ямаанаас илүү хонинд ач холбогдол өгч, үүлдэр угсааг нь сайжруулахад бусад малчдаас илүү ажилладаг аж.

Түүний гэргий аймгийн төвд ажилтай, бас нялх хүүхдүүдээ хардаг учир мал төллөж буй энэ өдрүүдээр А.Бүтэмж өөрөө хонь малаа хариулж, төлөө бойжуулж байна. Тэрээр “Хүн хүч багатай байж олон мал цуглуулбал бууц хөрзөнг нь цэвэрлэхээс эхлүүлээд ажил ихтэй. Бас хүн хөлсөлж ажиллуулах шаардлага гарна. Зар тавихаар олигтой хүн ч ирэхгүй юм. Тэгээд ер нь хүч чадалдаа таарсан тооны малтай байх нь зүйтэй. Цөөн тооны чанартай малтай байх нь малчиндаа төдийгүй байгальдаа ээлтэй. Дөрвөн ямааны нэг өдөрт өгөх сүүг манай ямаа нэг дор өгчихнө” гэлээ. Хашаагаар тарсан төлүүдийг тэвэрч зөөгөөд хурга, ишигний хашаанд аваачлаа. А.Бүтэмж “Эд нарын араас хөөцөлдсөөр байтал ядарчихдаг юм. Хивэгтэй тавгаар нь дагуулаад хашаанд оруулъя” гэлээ. Ингээд хоёулаа ишиг, хургаа хашаа руу хоёр хоёроор нь зөөж, том болсон хургануудыг тууж орууллаа. Энэ хооронд “Танайх хэдэн төл мал хүлээж аваад байна даа” гэж асуутал “Дээр үеийн настай малчид ялангуяа төл хүлээж авч байгаа энэ үед төлийн тоо хэлэхийг цээрлэдэг юм билээ. Би малын тоогоо ч өгдөггүй. Багцаагаа л хэлдэг юм” гэж хэлснээ “Нийт хүлээж авах төл малын гуравны нэгийг нь хүлээж аваад байна” гэв.

А.Бүтэмж 35 настай бөгөөд хонины үүлдэр угсааг ихэд сонирхон судалдаг нь ярианаас нь анзаарагдаж байлаа. Өглөө малаа урд толгой давуулаад бэлчээрт гаргажээ. Толгой руу заагаад “Тийшээ туусан” гэв. Угжны хурга зургийн аппаратад толгойгоо наачихаад дэргэдээс холддоггүй. А.Бүтэмж “Эх нь сүүгүй болоод угжинд оруулчихсан юм. Тэгээд л угж хайж, хуруу гар руу чинь дөхөж байгаа юм. Манайд чинь ямаа хөхдөг хурга, хонь хөхдөг ишиг хүртэл байгаа. Юу юу ч болоод байна даа” гэж инээлээ.

Зуунмод сумын III багийн Засаг дарга Ш.Цэндсүрэн энэ үеэр ирлээ. Тэрээр 24 цагаар эргүүл хийж, маск зүүгээгүй хүмүүст шаардлага тавьж явж байгаа аж. Тэрээр “Манай баг малчин өрх олонтой. Малчид маань урагшаа Сэргэлэнгийн тийшээ нүүцгээсэн. Эндээ А.Бүтэмжийнх маань л төлөө хүлээж авч байгаа” гэлээ.

Шилмэл үүлдрийн төл мал хүлээж аваад байгаа залуу малчин А.Бүтэмжтэй төлийнх нь хашааны дэргэд ярилцлаа.


-Хэдэн оноос мал маллаж эхэлсэн бэ?

-Багаасаа малчин байсан. 2000 оноос л бие даасан малчин гэгдэж явж байна.

-Та сүргийн тоонд биш чанартаа анхаардаг юм байна?

-Тийм, тийм. Жишээ нь, ямаа гэхэд Өнжүүлийн ангор байна. Ноолуурын гарцаараа тэргүүлдэг үүлдэр. Энэ дотор төл нь байна. Өмнөговийн Дон гэж байна. Баяндэлгэрийн улаан байна. Гэх мэтчилэнгээр Монголд байгаа сайн, сайхан үүлдрүүд байж л байна. Намар манай аймагт болсон шилмэл үүлдрийн үзэсгэлэн худалдаан дээр 21 аймгаас хуц, ухна ирсэн. Тэр хуц, ухна дээр үржлийн залуу эм хонь, эм ямаагаа оруулаад хээлтүүлээд авчихсан юм.

-Та туугчаар ажиллаж байжээ?

-Хөлсний туугчаар ажиллаж байсан. Ийш тийшээ нүүдэл суудал болоход, мөн Мах комбинат руу мал туухад хувь голдуу хүмүүстэй тохиролцоод малыг нь туудаг байлаа. Баруун, зүүн, говь, хойд, урд гэлтгүй бүх л аймгаас тууна. Тэгж явахдаа аль л сайн үүлдрийн мал харж явдаг байлаа. Хонь л гэхэд илүү нугаламтай хуцыг нь авчрах ч юм уу, эм хонь, хургыг нь ч авчрах жишээний. Сайн ноолууртай эм ямаа авчирна. Гол нь ухнад нь санаа тавих биш. Эмээ ямаандаа санаа тавих хэрэгтэй. Хонь ч ялгаагүй.

-Манайхан чинь сайн хуц, ухна, бух л эрээд явчихдаг?

-Заавал сайн хуц, ухна байх шаардлагагүй. Сайн эм хонь, сайн эм ямаа авчирвал тэр хонь, ямаа нутгаасаа хээлтэй ч ирж болно. Хээлтэй ирвэл нутгийн тэр сайн хонь, ямаа манайд төрнө. Хээлгүй ирлээ ч хоёр өөр, хол аймгийн хоёр мал нийлэхээр дундаас нь бүр ч илүү сайн цусны, удам нь сайжирч гарч ирдэг байхгүй юу.

-Тэгэхээр одоо энэ танай хашаанд байгаа төлүүд бараг бүгд шахуу шилмэл үүлдэр, угсааных болж таарлаа?

-Намар болсон тэр худалдааны үеэр хээлтэгч, хээлтүүлэгч малыг гурав хоногийн турш хамт байлгаад гаргасан юм. Тэр л үр төлүүд нь эд нар байхгүй юу. Би тэр худалдаагаар их явсан өөрийнхөө шилдэг үүлдрүүдээ зарсан, сольсон. Хэд хэдэн хуц, ухна авч үлдсэн л дээ. Эм хонь, ямаанаас нь ч авч үлдсэн. Нийтдээ 50 гаруй малыг тэр худалдаанаас авч үлдсэн шүү. Хэрвээ тийм худалдаа болоогүй бол бид өөрсдөө машин тэргээ, бензин тосоо гаргаад 21 аймгаар тойроод ч тэр олон сая малаас сайн болгоныг нь сугалж авчирч чадахгүй шүү дээ. Тийм болохоор Төв аймагт бүгд ирсэн дээр нь бүгдээс нь хээл авч үлдсэн. Хээл авч чадаагүй үүлдэр байвал худалдаж авч үлдсэн.

-Тэгэхээр таны хувьд өнөө жилийн төл хүлээн авалт өөр хүлээлттэй байгаа юм байна шүү?

-Тийм шүү. Ерөнхийдөө онцгой ач холбогдолтой төл хүлээж авчихаад байгаа санаатай.

-Эхний төлөө хэзээнээс авав?

-Шинэ жилээс хойш. Ерөнхийдөө 12 дугаар сараас ганц, нэгээр гарсан. Худалдааны үеэр хээлтсэн мал 12 дугаар сараас эхэлж төллөсөн.

-Шилмэл үүлдрийн малын төл өөр байдаг юм байна уу?

-Өөр байлгүй яахав. Бие, хааны жин өөр. Гол нь жин шүү дээ. Адуу хурдаараа яригдана. Үхэр сүү саалиар яригдана. Бага мал махны жин, ноос, ноолуурын гарц нь их байж байж илүү ашиг шим өгнө.

Жишээ нь, тэр хар нүдэн хонийг (Заав.сурв) өнгөрсөн жил худалдаанаас худалдаж авсан. Баянцагааны илүү нугаламт. Өглөө хургаллаа. Хурга нь тэр зогсож байна. Баянцагааны илүү нугаламт дээр Сүхбаатарын Эрдэнэцагааны үзэмчин, баргын илүү нугаламтыг нийлүүлэхээр тийм хурга гарч байна (заав.сурв). Өглөө төрсөн гэхэд итгэмгүй. Дундговийн Дэрэн сумын хонийг сайн жинтэй гэж ярьдаг. Тэр хүрэн толгойт, энэ хар толгойт Дэрэнгийн хонины үр төл. Алтанбулагийн улаан хуцны төл байна. Ингээд яривал бүгд шахуу байна. Говь-Алтайн хивсний ноос гаргадаг хонь гэж бий дээ. Тэрнээс хүртэл манайд төл нь байна. Говь-Алтайн тэр хониноос эм хонь, хуц, хургыг нь аваад үлдчихсэн юм. Ноос нь их сайн. Мах нь их биш. Энгийн хоньтой адил.

-Малчид ямаа л яриад байдаг. Гэтэл та хонь ярих юм?

-(Инээв). Тийм ээ. Манайд махны гарц сайтай ямаа бий. Тэр алгууд байгаа биз (Заав.сурв). Гэдсэндээ цагаантай. Эд нарыг надад худалдсан нөхөд махны гарцаараа тэргүүлдэг гэж хэлсэн юм. Ашиг багатай олон малтай хөөцөлдөж өөрийгөө ядраагаад, адаглаад л энэ хөрзөнг нь ухахад дийлдэхгүй. Хүн хүч муутай улсуудад олон мал хэцүү. Тийм болохоор ашиг шим ихтэй, цөөн малтай байвал дээр юм уу гээд эд нарын чинь эх, эцэг малыг нь тал бүрээс цуглууллаа. Одоо манайх гаднаас дахиж мал авч сүргээ сайжруулах шаардлагагүй болсон. Одоо болчихсон. Одоо гаргаж авсан төлөө маллах нь чухал болсон.

Тэр эхээ хөхөж байгаа хургыг хар даа (заав.сурв). Дөнгөж өглөө гарсан гэхэд уртлаг нуруутай. Нуруу, сээрний байдлыг нь хар даа. Тэгтэл тэр цаана нь байгаа хурга төрөөд хориод хоночихсон. Энэ хоёрыг харьцуулаад харвал бараг л адилхан, биеийн жин нь ойролцоо байгаа биз.

-Төл малын бойжилт хэр байна?

-Бойжилт гайгүй ээ. Сүүлийн хоёр, гурван цасны үеэр хэцүү байсан ч хэцүүг чадах ядахаараа болгоод давсан. Малчин хүний хувьд хамгийн хэцүү үе бол өвөл, хаврын зааг л байдаг юм.

-Төлийн дуу сонсох нь малчин хүний нэг жаргал байх шүү?

-Тэгэлгүй яахав. Бас мал сүрэг ногоонд цадаад тэвээрэгтэй болчихоор сайхан байдаг юм. Ногоонд цадсан малд хүний арчилгаа шаардлагагүй байдаг юм. Байгальдаа идээд л гол усаа уугаад л тааваараа байж байдаг. Харин өдийд бол арчилгаа ихтэй. Хивэг, тэжээл, өвс, ус, хужир гээд олон юм шаардагддаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Намууд солиоролдоод байхаар Ерөнхийлөгч дагалгүй яахав дээ​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Ерөнхий сайд асан
Санжийн Баяртай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаарын нэг, тавдугаар нүүрэнд нийтэллээ.

МУИС-ийн дэд профессор,
хуульч, доктор Ч.Өнөрбаяр
өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ тухай дэлгэрэнгүйг нэг болон хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит мэдээллийн дэлгэрэнгүйг нэг, 11 дүгээр нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Монголын Ажил Олгогч
Эздийн Нэгдсэн Холбоо-ны гүйцэтгэх
захирал Х.Ганбаатартай ярилцсаныг мөн нэг, зургадугаар нүүрнээс уншаарай.

Манай сонины гол бичлэгийн гуравдугаар нүүрэнд “Намууд солиоролдоод
байхаар Ерөнхийлөгч
дагалгүй яахав дээ” нийтлэл хэвлэгдлээ.

“Legal pro” хуулийн
фирмийн хуульч, өмгөөлөгч
О.Санчирбалтай хийсэн ярилцлагыг долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар 11 дүгээр нүүрнээс унших боломжтой.

13 дугаар нүүрэнд Жүжигчин Д.Хосбаяртай хийсэн ярилцлагыг нийтэллээ.

Мөн “Нэг ангийнхан”, “Ном ярьж өгье”, “Залуусын ертөнц” уламжлалт булангуудаа баасан гаригийн шинэ дугаараас шимтэн уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 14-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн, өдөртөө Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.