Categories
мэдээ нийгэм

Иргэдийг гарцтай газраар зам хөндлөн гарах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.23-27-ны өдрүүдэд нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
  • Мөргөлдөх-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.24-ны өдрийн 11 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг “Арын нуур” гэх газар шороон замд Toyota Harrier маркийн А жолоочтой автомашины хойд хаалга онгойж зорчигч 2 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг хохироосон,

2020.03.25-ны өдрийн 14 цаг 36 минутын орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3-р багийн нутаг “Наймаа замын эх” гэх газар шороон замд Mighty маркийн Д жолоочтой автомашин урагш өнхөрч, зорчигч 36 настай, эрэгтэй Т-гийн амь насыг хохироосон,

2020.03.25-ны өдрийн 20 цаг 00 минутын орчим СБД-ийн 18 дугаар хороо Бэлхийн замд Toyota Prius маркийн Д жолоочтой автомашин явган зорчигч 56 настай, эрэгтэй Ө-г мөргөж амь насыг хохироосон,

2020.03.26-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Мустанг-5 маркийн О жолоочтой мотоциклийн зорчигч 46 настай, эрэгтэй Ч мотоциклоос унаж амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 13,6 хувиар, гэмтсэн хүн 33,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Иргэдийг гарцтай газраар зам хөндлөн гарах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын эргэн тойронд

ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ

Коронавируст халдварын талаар эрдэмтэн судлаачдын 3-р сарын судалгааны дүнг тоймлон хүргэвэл:

Нэг. Коронавируст халдварын нууц хугацаа:

АНУ-ын Массачусетсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 97.5%-д нь халдвар авснаас хойш 11.5 хоногийн дотор эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ.

АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид 10,000 хүн тутмын 101-д нь 14 хоногийн тусгаарлалтын дараа коронавируст халдварын шинж тэмдэг илэрнэ гэж үзэж байна.

Австралийн Дэйкиний их сургуулийн судалгаагаар БНХАУ-ын Хубей мужид аялсан хүмүүсийн коронавируст халдварын нууц үеийн хугацаа 3.2, аялаагүй хүмүүсийнх 14.6-17.1 хоног байжээ.
Коронавирус хүний биед 20-оос доошгүй хоног хадгалагдаж байгаа учраас улс орнууд сэжигтэй иргэдийн тусгаарлах хугацааг нэмэгдүүлж байна.
Хятад-Японы “Найрамдал” эмнэлгийн судалгаагаар өвчтөн 20 гаруй хоногийн хугацаанд бусдад халдвар тараах эрсдэлтэй бөгөөд шинж тэмдэг илрээгүй үед ч халдвар тараадаг болохыг тогтоосон байна. Өвчтнүүдийн 44% нь шинж тэмдэггүй хүнээс халдварласан байх магадлалтай байна.
Японд тандалтаар коронавируст халдвартай хүмүүсийн 30.8%-д, БНСУ-д 20 гаруй хувьд өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Тусгаарлалтыг 21 хоног болгон сунгах нь өвчнийг хянах, тархалтыг бууруулахад үр дүнтэй арга, түүнчлэн тусгаарлалтын хугацаа цаашид нэмэгдэх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.
Хоёр. Хүүхдийн өвчлөлийн талаар:
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавируст халдвар хүүхдэд халуурах, нусгайрах, ханиалгах зэрэг томуу өвчний шинж тэмдэгтэй хөнгөн хэлбэрээр илэрч болно. Харин суурь өвчтэй хүүхдүүд коронавируст халдвараар хүндрэх эрсдэл өндөр гэж үзсэн байна.

БНХАУ-д коронавируст халдварын сэжигтэй 2,143 хүүхдэд шинжилгээ хийхэд 731 нь эерэг, 1412 сөрөг байсан байна. Хүүхдүүдийн 6% нь хүнд байсан бол насанд хүрэгчдэд энэ үзүүлэлт 18% байжээ.
БНСУ-д 1-р сарын 19-нөөс 3-р сарын 02-ны хооронд бүртгэгдсэн 4,212 тохиолдлын 4.8% нь 0-19 насныхан байна.
Харин АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2,500 өвчтнийг хамруулан судлахад эмнэлгийн яаралтай тусламж авсан иргэдийн 38% нь 20-54 насныхан, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн хүмүүсийн тэн хагас нь 65-аас доош насны иргэд байна. Энэ нь өндөр настан өвчлөлд өртөх магадлал хамгийн өндөр гэх дүгнэлт эргэлзээтэй болохыг харуулж байна.

Гурав. Вирус илрэх байдал
Бээжингийн “Амьсгалын замын өвчин судлалын үндэсний төв”-ийн судлаачид 205 өвчтний 5 төрлийн 1070 сорьц шинжлэхэд цэрнээс вирус хамгийн их илэрчээ.

Ухань хотод халдварын улмаас нас барсан хүмүүсийн эмнэл зүйн явц ба эрсдэлт хүчин зүйлсийг судлахад коронавирус хүний биед дунджаар 20 (IQR 17.0-24.0) хоног амьдрах чадвартай, түүнчлэн нас барсаны дараа ч вирус илэрсэн байна.

Даймонд Принцесс усан онгоцны зорчигчдыг буулгаснаас хойш 17 хоногийн дараа гадаргуугийн арчдаст коронавирус илэрчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс илрээгүй

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл5: “COVID-19 нь одоогоор дэлхийн 201 орон, бүс нутагт бүртгэгдсэн. Сүүлд Ангела хэмээх нэг арал дээр бүртгэгджээ.

Олон улсын эрдэмтэн, судлаачид коронавирусийн хоёр дахь давалгаанд идэр залуу насныхан зонхилон өртөж байгааг онцолж байна.

Сүүлийн үед БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх нь нэмэгдсэн тул гаднаас авах нислэгүүдээ өнөөдрөөс цуцалсан. Түүнчлэн Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн судлаачид цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүллээ” гэв.


ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 26-нд дэлхий дахинд COVID-19-ийн 465,915 тохиолдол, 21,031 нас баралт мэдээлэгдсэн. Одоогоор хагас сая хүн халдвар аваад байна. Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хоёр сар гаруй хугацаанд 100,000 тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн хоёр хоногт 100 мянган тохиолдол бүртгэгдлээ.

Тохиолдол хавьтал бүрийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын сонголт биш харин үүрэг гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал онцолсон. Коронавирус нь агаар дусал болон ахуйн хавьтлаар дамжиж байна. Тиймээс гараа сайн угаах, хүний гар хүрэлцдэг гадаргууг арчиж цэвэрлэх нь вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэж үзэж байна” гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцоос коронавирус илрээгүй.

Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 71 хүнээс коронавирус илрээгүй.

Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна.

Үүргийн онцгоор ирсэн хүмүүсийг үндсэндээ хянаад дуусах гэж байна. Тусгаарлалтын үед хяналт тандалтыг нарийн зохион байгуулалттайгаар хийж байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байна.

Гуравдугаар сарын 26-нд зургаан хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна.

Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт улсын хэмжээнд 98.4 хувьтай байна

Улсын хэмжээнд хаваржилт тогтуун төлийн хорогдол бага байна. Гэхдээ цас ихтэй байгаа Архангай, Хөвсгөл, Булган, Увс, Завханд бусад аймгаас их төл хорогджээ. Тиймээс эхний ээлжинд Архангайн 7, Хөвсгөл аймгийн 3 суманд өвс тэжээлийг тусламжаар хүргэж байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, “Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймагт малын зүй бус хорогдол бусад аймгаас өндөр гарч байна. Манай яаманд хаваржилт, мал аж ахуйн цаг үеийн нөхцөл байдлын талаар шуурхай ажлын хэсэг гаран ажиллаж байна. Бид 7 хоног тутам аймаг, орон нутгаас мэдээлэл авч Сайдын зөвлөлд танилцуулан авах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна” гэв. Мал төллөлт улсын хэмжээнд 98.4 хувьтай, 2.2 сая гаруй толгой мал төллөөд байна.

Архангай аймгийн Хайрхан, Булган аймгийн Баян-Агт суманд мал хээл хаяж байна. Архангай аймагт Цагаан сараас хойш 3 удаа их хэмжээний цас орсноос малын хэвтэр алдагдаж жилбэ муудах зэргээр хээл хаяхад нөлөөлж буйг орон нутгаас мэдээлж байна. Ялангуяа гүү, ямаа хээл хаях нь их, харин хонь харьцангуй гайгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн тоо 35,7 хувиар буурчээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 35,7 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27,3 хувиар өссөн байна.

Харин Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14810 га хээр нийт 14832 га талба түймэрт өртсөн байна.

Гал түймрийн урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг4641 байгууллага, аж ахуйн нэгж, 50349 айл өрхөд, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 33617 зөрчил дутагдал илрүүлэн, 15176 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулж, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 98,9 сая төгрөгөөр торгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.27/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож байна.

Categories
гадаад мэдээ

​Рио-де-Жанеройгийн алдартай Маракана цэнгэлдэх хүрээлэнг эмнэлэг болгоно

Рио-де-Жанеройгийн алдартай цэнгэлдэх хүрээлэн болох Мараканаг COVID-19 вирустэй тэмцэх үрээнд эмнэлэг болгон өөрчлөхөөр болсон тухай Reuters агентлаг мэдээллээ

1950 онд нээлтээ хийж байсан Маракана цэнгэлдэх хүрээлэнд 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн цомын шувтаргын шат болон 2016 оны Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болж байсан юм.

Энд дуулгахад, Бразилд .COVID-19 вирусийн халдвартай хүний тоо 2611 болсон бол энэ вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас 63 хүн нас баржээ.

Categories
мэдээ улс-төр

​Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар COVID-19 коронавируст халдварын дэгдэлтээс үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрүүд, Япон Улс, БНСУ рүү үйлдэх тусгай үүргийн нислэг зэрэг цаг үеийн асуудлыг танилцуулж, харилцан санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!!

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

2

Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

3

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00

5

Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30
Даваа : Амарна