Categories
мэдээ нийгэм

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ

Шинэ коронавирусний тархалт, дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.

  1. Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх:
  • Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаарыг оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой.
  • Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
  • Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн ус төрөгчийн хэт ислийн уусмалыг хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгах

2. Үйлчилгээний байгууллагын ажилчид дараах байдлаар гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ.

  • Гараа вирусын эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар гараа ариутгах
  • Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх
  • Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах

3. Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийх

  • Өдөрт 2-оос багагүй удаа хаалганд ойр байгаа обьектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдаргүйжүүлж ариутгана.
  • Хлор болон бусад хлор агуулсан бодисуудыг ашиглана.
  • Угаалгын өрөөний хана, шалыг 500 гр хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ.
  • Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой.

4. Нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэнэ.

  • Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна, хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина.

5. Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэх

  • Цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг ариутгана.
  • Гарын угаалтуур, болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ.

6. Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машинийг ариутгах

  • Ердийн нөхцөлд гарааш болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ
  • Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар ариутгана.
Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрчээ

Хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулхаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15:00 цагаас мэдэгдэл хийнэ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНТЭЙ УУЛЗАХААР ...

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15:00 цагаас мэдэгдэл хийнэ. Ерөнхий сайд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль, Гал түймрийн улсын байцаагчдын 10 гаруй дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр уг барилга нь Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй холбоотой бусад дүрэм, журам, стандартад заасан шаардлагуудыг хангахгүй байна. Мөн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох шийдвэрүүд гараад ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогслоо, амьжиргааны эх үүсвэргүй болж байна гэсэн байдлаар хандаж байгаа. Дам түрээсэлж байгаа гэх 300-400 орчим иргэд, аж ахуй нэгжүүдтэй хийх уулзалтын хуваарь гарсан. Хуваарийн дагуу уулзаж, санал хүсэлтийг нь авч нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзсан. Бусад иргэд рүү өдөр тутамдаа нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт ирж уулзах урилга хүргүүлж байна. Бүх иргэдийн саналыг нэгтгээд шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлнэ” гэлээ.

өн “Урт цагааны түрээсийн гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн, аж ахуйн нэгж гэрээ хийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээний хугацаа дууссан. Энэ 30 түрээслэгч 20-30 жил түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлаг-ын газартай нэг ам.метр талбайг 9000 төгрөгөөр түрээсэлж, иргэдэд цааш нь ам.метр хүрэхгүй талбайг дунджаар 300-350 мянган төгрөгөөр давхар түрээсэлдэг” гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба онцолж хэллээ. Түүнчлэн “Урт цагааны барилгад галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон. Алт, мөнгөний дархан, цайны газрууд бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй байна. Гуравдугаар сарын 6-ны өдөр тус барилгын цэвэр усны шугам хагарч, барилгын суурин доогуур хөрсөнд 10 орчим сая төгрөгийн ус алдагдсныг Ус сувгийн удирдах газраас акт тогтоосон гэх мэтчилэн олон эрсдэл үүсээд байна” гэсэн юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлт 2011 онд барилгатай холбоотой иж бүрэн шинжилгээ хийлгэхэд хүчтэй бэхэлгээ хийлгэх, эсвэл дахин төлөвлөлтөд хамруулж, шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 2014 он мөн адил дүгнэлт гарсан байдаг” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо “Урт цагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг жил бүр зохион байгуулдаг. Шалгалтаар галын аюулгүй байдлыг хангахгүй, цахилгааны ил монтаж хийгдсэн гэх мэт олон зөрчил илэрдэг. Тийм учраас холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Хэвлэлийн хурлын төгсгөлд нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгэн дүгнээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Эцсийн шийдвэрийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гаргана гэдгийг албаныхан онцолж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Австралид буй Монгол иргэдийн анхааралд

Шинэ коронавирусний дэгдэлтээс үүдэн дэлхий даяараа онцгой нөхцөл байдалд шилжин олон орон хилийн хязгаар тогтоож, хөл хорионд оров. Харьцангуй тайван байсан Австрали Улсын тухайд ч нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж, түр оршин суугчид төдийгүй Австралийн иргэд, байнгын оршин суугчдын ажлын байр хумигдах, амьжиргаанд нөлөөлөх хандлагатай болж байна.

Монгол Улсаас Австралид суугаа ЭСЯ цахим шуудангаар болон суурин 3 утас, яаралтай холбогдох 1 гар утсаар монгол иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, ГХЯ-аараа дамжуулан УОК-т хүргүүлэн ажиллаж байна.

Нөхцөл байдлыг бид сайн ойлгож байгаа. Ойрын өдрүүдэд манай иргэдээс асууж, лавлаж буй нийтлэг асуултуудыг нэгтгэн дараах байдлаар хариулах байна.

Эх орон руугаа буцах зайлшгүй шаардлагатай хүмүүсийн судалгааг 3 дугаар сарын 15-наас 25-ны хооронд хийсэн. 541 хүнээс өргөдөл хүсэлт ирснийг хүлээн авч нэгтгээд төвдөө хүргүүлсэн. Энэ бүртгэл нь иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагуудад баримттайгаар мэдээлэх, танилцуулах, шийдэл, гарц олохоор хамтран ажиллах зорилготой. Өргөдөл хүлээн аван судалгаа гаргаж дууссан ч Монгол руугаа буцах хүсэлтэй иргэдийн тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр буйг ч бид мэдэж байгаа.

ЭСЯ-ны зүгээс зүгээр нэг жагсаалт явуулчихаад суусангүй, байж болох гарц гаргалгааны хувилбаруудаа ч мөн УОК-т хүргүүлэн ярилцсаар ирсэн. Эцсийн шийдвэр Улаанбаатарт гарна. УОК тэнд ямар их ачаалалтай ажиллаж буйг цахим орчин хөгжсөн өнөө үед хэн хэнгүй харж, шийдвэрүүдийг нь тухай бүр сонсож байна.

Австралид буй монгол иргэдтэй холбоотой ямар нэгэн шийдвэр УОК-оос гарвал бид нэн даруй ЭСЯ-ны фейсбүүк болон цахим хуудсаараа Та бүхэнд албан ёсоор мэдээлнэ. Өдөр бүр шалгаад байгаарай.

УОК тусгай үүргийн онгоцны нислэгийн талаарх эхний шийдвэрээ өчигдөр гаргаж, Сөүл, Токио руу нислэг хийх болсныг Та бүхэн сонссон байх. Эдгээр нислэгт өмнөх нислэгүүдэд багтаагүй үлдсэн, БНСУ, Японд буй монгол иргэдээс л хамрагдана гэдгийг албан ёсоор бидэнд хэлсэн. Мөн БНСУ, Япон Улсын хилээр гадаадын бусад орноос очиж буй монгол иргэдийг оруулахгүй байгаа тул Австралид буй иргэд Сөүл, Токио явбал онгоцны буудалд гацна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар АНУ-аас Инчон дээр очоод гацчихсан монгол иргэд хэд хэд буй тул Та бүхнийг ийм эрсдэлтэй байдалд битгий ороосой гэж хүсч байна.

Эцэст нь мэдээлэхэд үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан эндээ авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдээ ч төлөвлөн гүйцэлдүүлэхээр хичээн ажиллаж байгаа болно.

Эх сурвалж: Австрали улс дахь Монгол Улсын элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Ил задгай хог хаягдал хаясан зөрчлийг арилгууллаа

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-уул 12” Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус Сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг 18 дугаар байр нь хог хаягдлын зориулалтын цэггүй, хадгалах савгүйгээс ил задгай хог хаягдлыг хаясан зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж зөрчлийг арилгах талаар үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 526129 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 27-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 23 575 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 526 129-д хүрсэн бол 121 385 хүн эдгэрсэн байна.

Categories
гадаад мэдээ

Чикаго хотын “хоригдоогүй” хөл хорио

Коронагийн үеийн Чикаго…
Өнөөдөр 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр. / Монголд 03.27/ АНУ-ын гурав дахь том хот Чикагогоос бичиж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID19 буюу корона виурсын улмаас хүн төрөлхтөн хөл хорионд ороод даруй гурван сарыг үдэж байна. Уг вирусын халдвараас сэргийлэхийн тулд манай улс хоёрдугаар сараас эхлэн арга хэмжээ авч, хөл хорио тогтоосны дүнд өнөөдрийн байдлаар дотооддоо халдваргүй, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн нь л бий билээ.
Тэгвэл дэлхийн их гүрэн Америкт анхны тохиолдол хоёрдугаар сард илэрсэн ч ямар нэгэн арга хэмжээ авч, ажил зохион байгуулахгүй байсаар өдгөө халдвар тээгч болон нас барагсдын тоогоороо Хятад, Итали, Исдани улсуудын урд буюу нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Халдвар дэлхийгээр нэг тархаж эхлээд бүхэл бүтэн хоёр сар болж байхад “Энэ бол зүгээр нэг ханиад” хэмээн ард иргэддээ хааяа нэгхэн мэдээ шидсэн шигээ байсаар дөнгөж гуравдугаар сарын 13-ны өдөр л хөл хорио тогтоосон. Үүнээс хойш ч гэсэн өвчинтэй тэмцэх төсөв, хөрөнгөний хэмжээндээ Ерөнхийлөгч Доналд Трамцп болон эрх баригч нам хоёр нь нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсаар бас л хугацаа алдсан. Үүнээс үүдэн халдвар авагсдын тоо өдөрт хэдэн зуу мянгаараа өсч, өнөөдрийн байдлаар 69 мянгад хүрч, нас барагсдын тоо мянга хол гараад байна. Чикаго хот байх Иллинойс мужийн хувьд тэтгэвэрт гарсан сувилагч нараа дуудсан, тусгаарлан эмчлэх болон цогцос хадгалах байруудаа саяхнаас л бэлдэж эхэлсэн гэхээс өөрөөр тоймтой авч буй арга хэмжээ үгүй хэвээр л байна.
Амны хаалт ба “хоригдоогүй” хөл хорио

Анхнаасаа хэвлэл мэдээллийн байгууллага, телевизээр нь энгийн л нэг ханиадны төрөл, эсвэл залуу хүмүүст огт хүрэхгүй хэмээн мэдээлсэн болоод тэр үү хэдийгээр хөл хорио тогтоосон ч иргэд нь маш болгоомжгүй хэвээр байсаар байна. Хотын төв, байгууллагуудын оффис орчмоор л хүн нь багассанаас бус бусад хаус хорооллуудаараа хөл хөдөлгөөн яг хэвээрээ. Хаа сайгүй хүүхдээ дагуулсан, тоглосон, нохойгоо салхилуулсан, гүйж харайсан хүмүүс харагдана. Харамсалтай нь тэднээс амны хаалт зүүсэн хүн нэг ч байхгүй. Хэдэн өдрийн өмнөхөө бодвол дэлгүүр хоршоо, олон нийтийн газраар хааяа нэг зүүсэн хүн харагдах ч тэдгээр нь ихэвчлэн Ази хүмүүс. Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш амны хаалтнаас үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал гарч байгаа тухай Монголчууд өөрсдийнхөө мэдээлэл солилцдог сайт дээрээ бичиж байв. Ер нь бол бид вирус тархахаас ч өмнө Ази царайтай л бол “Fucking China” хэмээн нэрлэгддэг байсан болохоор энэ удаагийнх нэг их шинэ сонин содон зүйл биш. Тиймээс ч Монголчуудын тэрхүү сайт дээрээ “Ичих хэрэггүйгээр амны хаалтаа зүүж, хэрэв асуудал үүсбэл “Би өвчтэй биш. Хятад ч биш. Би өөрийгөө, бусдыг эрсдлээс хамгаалж байна гэдгээ хэлээд маскаа зүүгээрэй” хэмээн бие биедээ хэлж, анхааруулж бас зөвлөсөөр байна.

Амны хаалтны хувьд Засгийн газраас нь “Зөвхөн ямар нэг өвчтэй хүмүүс л халдвар тараахгүйн тулд амны хаалт зүүнэ” хэмээн мэдэгдчихсэн. Энэ нь нийгэмд амны хаалт зүүсэн л бол ямар нэг өвчтэй гэх буруу ойлголт өгч, арьс өнгөний үзлийг дэвэргэсэн. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр вирусгүй байхдаа ч үзэн ядагддаг байсан China нар ийнхүү бүр ч нүд үзүүрлэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, Ази царайтай л бол China хэмээн ойлгодогтой холбоотойгоор ийнхүү гадуурхагдах шалтгаан “Virys China” болж нэгээр нэмэгдэв. Амны хаалт зүүсэн Ази хүн руу ихэд анхааран харж, “Чи зүгээр үү. Чамд ямар нэг тусламж хэрэгтэй юу” хэмээн асуухаас өөрөөр Монголын зарим хэвлэлд мэдээлж байгаа шиг буу шийдэм болж, асуудал хурцадсан зүйл одоогоор байхгүй байна. Гэвч эндэхийн зарим мэдээллийн сайт дээр “Вирус гарсанаас хойш зэвсгийн наймаа эрс нэмэгдсэн. Энэ нь магадгүй арьс өнгөний үзлээс үүдэлтэй мөргөлдөөн гарч болзошгүй юм” хэмээн мэдээлсэн нь ч байгаа юм.
Нөгөө талаас 330 гаруй сая иргэдийг нэгэн дор амны хаалтаар хангах боломжгүйгээр барахгүй зах зээлийн хомсдлоос үүдэн эмх замбараагүй байдал үүсэх, улмаар зайлшгүй хэрэгцээтэй эмнэлгийн ажилчдад хүрэлцэхгүй байх магадлал өндөр тул Засгийн газраас бодлоготойгоор “Хүн бүр зүүх шаардлагагүй. Зөвхөн өвчтэй иргэд зүүнэ” хэмээн мэдээлсэн гэх сураг ч байна. Америк улс нь хангалттай үйлдвэрлэгч улс огтоос биш. Өөрөөр хэлбэл, өчүүхэн жижиг амны хаалтаас авахуулаад бараг бүх бараа бүтээгдэхүүн нь Хятад улсаас хамааралтай учир ийнхүү бодлогын чанартай мэдээлэл хийсэн гэх мэдээлэл ч сонсогдож байна.


Энд манайхан шиг өөрсдөө хийгээд зүүнэ гэсэн ойлголт байхгүй болохоор хомсдол, эрэлтээс үүдэн эмх замбараагүй байдал үүснэ гэж тооцож буй биз. Хоол хүнснээс авахуулаад үргэлж бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүст энэ нь “байж боломгүй үзэгдэл” байх нь лавтай.

Ингэж нийтээрээ амны хаалт зүүхгүй байгаа атал дэлгүүрүүд, эмийн сангийн худалдаанд амны хаалт, гар ариутгагч, бактери устгагчтай сальфетика, нэг удаагийн бээлий аль хоёрдугаар сараас эхлэн огт байхгүй байгаа. Онлайнаар мэр сэр байгаа ч дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сард л ирэхээр байгаа юм. Өмнө нь дэлгүүрийн лангуун дээр хөглөрч байдаг байсан амны хаалтнуудыг худалдаж авчихаад, өнөөдрийг хүртэл хадгалсаар байгааг нь харахаар үнэхээр тэнэг хүмүүс гэхээс өөр юу гэх вэ. Манай улс гэхэд хүн бүр амны хаалт зүүсэндээ л өнөөдөр байдал ийм сайн байгаа ч юм уу, хэн мэдлээ. Их гүрэн гэж цээжээ дэлдчихээд өдөрт 10 гаруй мянгаар нэмэгдэж байгаа халдварын тохиолдлуудын дараа ч “Амны хаалт зүү” гэж төр засгаас нь уриалахгүй, иргэд нь ч бусад орнуудын хамгаалж байгаа жишээг хараад маскаа зүүчихгүй байгаад Монголчуудаас өөр бухимдаж байгаа хүмүүс үгүй байх аа.
“Аргаа барвал гамбир ч болохноо идчихнэ”

Өргөн хэрэглээний бараа хүнсний хувьд хөлдөөсөн ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, 00-ын цаас гэх мэт бараанууд үдээс хойшдоо байхгүй байгаа ч өглөө эгт орвол аль ч дэлгүүртээ байгаа. Гэхдээ Монголчуудын ихээр үйлчлүүлдэг зарим дэлгүүрт цэвэр ус, сүү, өндөгийг нэг хүнд нэг эсвэл хоёроос илүүг өгөхгүй байгаа юм. Америкчууд Монголчууд шиг “хөдөлмөр” шаардсан хоол хийдэггүй, ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг тухай дээр дурдсан. Тиймээс шарах шүүгээнд халааж эсвэл хэдхэн миунт буцалгаад иддэг, эсвэл бүр хутгаад л шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь л ховорджээ.
Монголчуудын хувьд “Аргаа барвал гамбир ч болохноо хийгээд идчихнэ” хэмээж байна. Өөрөөр хэлбэл, хийж иддэг бүтээгдэхүүний хомсдол төдийлөн байхгүй буюу Монголчууд бидний өргөн хэрэглээний бараа болох мах, гурил, будаа, хүнсний ногоо, ургамлын тос зэрэг нь нэг их ховордоогүй хэвээр байна.

Эх оронд маань хөл хорио тогтоож эхэлснээс хойш эндэхийн монголчууд ч бас дор бүрнээ бэлтгэж, хүнс хоолоо нөөцөлж авсан. Бид том эрсдлийн өмнө зогсохоороо нэгдэж чаддаг хүмүүс бололтой. Өмнө нь янз бүрийн асуудлаас болоод мэдээлэл солилцдог сайт дээрээ хэрүүл, маргаан хийхийг бишгүй харж байсан ч энэ удаа харин АНУ-ын Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг цаг тухайд нь хүргэх, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, эсвэл бүр “тэр дэлгүүрт амны хаалт байна, энэ дэлгүүрт гар ариутгагч байна” гэх мэтчилэн жижиг гэлтгүй мэдээллүүдийг бие биедээ харамгүй хэлж, уриалж байгааг нь харахаар бахархууштай байна.
Өрхийн орлого зогслоо

Хөл хорио тогтоож эхэлснээс хойш 14 хоног өнгөрч байна. Өөрөө хэлбэл, Монголчуудын хийдэг гол ажлууд болох такси, хумсны салоны үйлчилгээнүүд хаагдсан. Шууд хүнтэй харьцдаг хамгийн эрсдэлтэй ажлууд учир манайхан ч аяндаа өөрсдөө татгалзсан нь олон байх. Татгалзахгүйгээр ажиллая гэсэн ч салонууд бол шууд хаагдсан учир ямар ч боломжгүй. Харин такси хөл хорио тогтоосон болохоор үйлчлүүлэгдийн тоо үлэмж багасч, орлого олох асуудал огт үгүй болсон гэхэд болно. Одоогийн байдлаар хөл хорио Иллинойс мужид гэхэд ирэх дөрөвдүгээр сарын 7-ныг дуустал үргэлжилнэ. Цаашид ч сунгах магадлал тун өндөр байна. Тэгэхээр бидний монголчуудын хувьд орлогын асуудал тун хүнд болж эхэлж байна. Одоо шинэ сар эхлэнгүүт байрны мөнгөнөөс авахуулаад машины зээл гэх мэт төлбөрүүдээ төлж эхэлнэ. Тийм болохоор “Вирустай холбоотойгоор орлогогүй болсон тул төлбөрийн асуудлыг хойшлуулах эсвэл хүүг нь л төлөх тухай асуудлыг холбогдох газруудад нь тавиад үзээрэй” хэмээн сайт дээрээ хэлж, зөвлөж байгаа хүмүүс ч байна. Дээрх төлбөрүүдийг ямар нэг байдлаар чөлөөлөх тухай дүрэм, журам гараагүй ч оролдоод үзэхэд илүүдэхгүй хэмээн ийн нутаг нэгтнүүд маань бие биедээ уриалж байна.

АНУ, Чикаго хот. Т.Гэрэлмаа

Categories
мэдээ улс-төр

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.27) өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Австрали, Канад, БНСУ, Гүрж, Сингапур болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн аудит”-тай холбогдсон хууль тогтоомж, олон улсын стандарт, туршлагыг судалж Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйл, 108 хэсгээс бүрдсэн байна. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, эрх зүйн орчин, олон улсын нийтлэг стандартыг баримтлах, ил тод нээлттэй байх, үр дүнтэй, ашигтай аудит хийх, шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгахын зэрэгцээ шалгагдагч байгууллагын үүрэг, хүлээх хариуцлагын нарийвчлан тодорхойлжээ.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн санхүү, төвсийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжихийн зэрэгцээ шалгагдагч этгээд болон төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудтын тухай хуулийг анх баталснаас хойш өнгөрсөн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагджээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлж, буцаан олголтоо авна

2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу.

Лавлах утас: 1800-1288, 75777507

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд /https://ebarimt.mn/ бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэж Татвары ерөнхий газраас мэдээллээ.