Categories
мэдээ нийгэм

Инфографик:Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөлийг байгуулж, зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн даргаар байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд бүрэлдэхүүн болон ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхий сайд батлахаар заасан.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах, улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах, ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох зэрэг бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллахаар заасан.

Усны газар нь ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллага болон сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд тусгалаа.


Categories
мэдээ нийгэм

Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна

Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байсан.

Иймд Засаг даргын Тамгын газраас дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвтэй хамтран тус хэсэгт үүссэн нөхцөл байдал дээр түргэн шуурхай арга хэмжээ авч байна. Тодруулбал, тухайн хэсэгт ундран гарч буй булгийн усны урсгалыг гольдролд нь оруулж, сэтэрсэн хэсгүүдэд шороо асгаж, мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

COVID19-ийн халдварын тархалтын мэдээлэл

COVID-19 вируст халдварын тархалтын эсрэг гадаад орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг а Дидломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн мэдээ болон интернэтийн эх сурвалж дээр үндэслэн 2020.03.27-ны 08.00 цагийн байдлаар шинэчлэн ажлын хэрэгцээнд хүргүүлж байна.

Дэлхийн хэмжээнд нийт 526129 (+63575) тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 121385 (+8055), нас барсан 23575 (+2718) байна.

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 82708 (+118) хүрчээ. Биеийн байдал хүнд 1034 (-201), нас барсан 3298 (+5), бүрэн эдгэсэн 74737 (+541) байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 595 тохиолдол байна.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 3 дугаар сарын 27-ны 00.00 цагийн байдлаар 91-ээр нэмэгдэж нийт 9332-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 12, Бусан хотод 1, Дэгү хотод 34, Инчон хотод 3, Гуанжү 1, Дэжөн 1, Улсан хотод 2, Кёнги мужид 11, Умард Чүнчон мужид 2, Умард Гёнсан мужид 9, Өмнөд Гёнсан мужид 1, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 1, хилийн хорио цээрийн бүсээс 13 тохиолдол нэмж илэрсэн байна.

Одоогийн байдлаар 376961 (+12019) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 352410 (+11078) иргэний хариу сөрөг гарч, 15219 (+850) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 4528 (+384) иргэн бүрэн эдгэрсэн бол 139 (+8) иргэн нас барсан. Одоогоор 4665 (-301) иргэн тусгаарлагдсан байна

ТОВЧ ТОЙМ (03/26): Өвчлөгсдийн тоогоороо АНУ тэргүүлж байна (New York Times)

Онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон: Боливи, Парагвай, Нигери

Бүх хилээ хаасан: Украин

ОХУ: 03/26-нд Монгол Улстай хил залгаа БН Буриад Улсад анхны 2 тохиолдол бүртгэгдсэн. 03/27-с олон улсын бүх нислэгийг зогсооно

БНХАУ: 03/28-с өмнө олгосон визтэй гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй

Иран: Хот хоорондын хөдөлгөөнийг хориглосон

Узбекистан: Наманган, Андижан хотуудыг тусгаарласан

Энэтхэг: Олон улсын бүх нислэгийг зогсоосныг 04/14 хүртэл сунгасан

Япон: 03/27-с Европын 21 улс болон Иранаас ирсэн зорчигчдыг нэвтрүүлэхгүй, Зүүн өмнөд Ази, Ойрх Дорнод, Африкийн 14 улсаас ирсэн иргэдийг заасан газарт 14 хоног тусгаарлагдах, нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх

Беларусь: Халдвар илэрсэн орноос ирсэн иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдана

Турк: Амьсгал дэмжигч тоног төхөөрөмжийн экспортыг хориглосон

Украин: Бүх хилээ 03/27-нд хааснаар гадаадын болон өөрийн орны иргэдийг нэвтрүүлэхгүй

Мексик: ЗГ-ын байгуулагуудын нэн шаардлагатай бус үйл ажиллагааг зогсооно

Ирак: Хөл хориог 04/11 хүртэл сунгасан

Катар: Мөнгө солих, улс хооронд мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон

Ливан: Онц байдлыг 04/12 хүртэл сунгасан

Саудын Араб: Мекка, Медина, Риад хотуудаас орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон

Categories
мэдээ нийгэм

Дарханд 185 иргэн тусгаарлалтад байна

Авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки ” боомтоор улсын хил нэвтэрсэн иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 14 хоног ажиглан тусгаарлалт хийж байгаа билээ.

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтан булаг боомтоор дамжин ОХУ-аас 34 иргэнийг тээвэрлэн авч ирж тусгаарласан байна. Өнөө өглөө 19 иргэн ажиглалтаас гарч Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт 185 иргэн байна.

Аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 4 автомашинтайгаар тусгаарлах байрны хамгаалалтад 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. УОК-оос баталсны дагуу тусгаарлах байранд байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлт оруулж байгаа юм. Ингэхдээ халдвар хамгааллын дүрэм журмыг нарийн мөрдөнө гэж Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр 4.2 тэрбумын нөөц хөрөнгөтэй тул валютын ханшинд огцом хөдөлгөөн орохгүй

Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь тойрогт хамгийн их буюу 50 тэрбум ...

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 273 тэрбумын төгрөгөөр дутуу байна. Нийт таван их наядын хөрөнгө бол төрийн сангийн мөнгөн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэрэгжүүлнэ. Өнгөрсөн гурван жилд санхүүгийн сахилга баттай байж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, 8.2 их наяд төгрөгийн өрийг нугалсан. Үүндээ тулгуурлаад одоо байгаа мөнгөн хөрөнгөөр шийдэх боломжтой. Засгийн газар эдийн засагт нэлээд мөнгө хийхээр болж байна. Инфляц, ханшид нөлөөлөх үү гэж санаа зовж байх шиг байна. Өнөөгийн нөхцөлд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй байх, бэрхшээлийг нимгэлэх чиглэлээр ийм арга хэмжээг авч байгаа тул өсөлтийн үеийнх шиг инфляцад нөлөөлөхгүй. Өнөөдөр 4.2 тэрбумын нөөц хөрөнгөтэй тул валютын ханшинд огцом хөдөлгөөн орохгүй. Бодлогын арга хэмжээгээ гаргахдаа олон улсын туршлагаас харж шийдвэрээ гаргадаг. Эдийн засгийн бодлогод өмнөх шиг алдаа гаргах эрхгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-аас 500,000 маск, түргэн оношилгооны 3,000 аппаратыг манай улсад тусламжаар өгнө

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500,000 маск, мөн 3,000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав.

БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар хоёр дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдэгдлээ. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр БНСУ, Япон улсаас ирэх иргэдийн анхааралд

Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Доорх загварын дагуу дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна. Та төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана. Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцгой Байдлын Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

253 зорчигч явганаар хил нэвтэрчээ

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт ажиглалтад байгаа 191 иргэний биеийн байдал хэвийн байна. Гурван хүний сорьцын хариу маргааш гарахаар хүлээгдэж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндийг тогтмол хянаж байна. Тусгаарлан ажиглах байруудад 25 эмнэлгийн мэргэжилтнүүдийг 14 хоногоор дайчлан ажиллуулж байгаа. Эдгээр ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор есөн цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт тавин ажиллаж байна. Алтанбулаг боомтын орох чиглэлээр 3 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 253 зорчигч хил нэвтэрсэн байна. Зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийн ачааны автомашины жолоочоос бусад 222 зорчигчоос:

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 20, тусгаарлан ажиглахаар 14 зорчигчийг,

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор таван зорчигчийг, Алтанбулаг сумын тусгаарлах байранд нэг зорчигчийг,

-Баянбуурал амралтын газар руу ажиглалтад 149 зорчигчийг,

-Дамжин өнгөрүүлэх байранд 33 иргэнийг шилжүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Засгийн газар: ААН, компаниудын НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх шийдвэр гаргалаа

У.Хүрэлсүх: Би та нараас айхгүй, эртхэн мөр мөрөө хөөгөөрэй ...

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна. Тэрээр “Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 200 тэрбумыг гаргаж байна. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа хамгаалахад тодорхой арга хэмжээ авахад анхаарч байгааг хэлэв. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэв. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дараах арга хэмжээнүүдийг авна.

1. IV сарын 1-нээс эхлэн X сарын 1-ны хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
2. Энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөллөө.
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа түр зогссонтой холбогдуулан 18 насны хүүхэд бүр өгдөг 20 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30 000 төгрөг болгож байна.
7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.

Categories
мэдээ нийгэм

3 болон 8-аар төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

2

Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

3

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00

5

Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30
Даваа : Амарна