Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 2, 3-нд БНСУ болон Япон улсаас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.


Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 630,000 төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтаа IV сарын 8-аас өмнө бүртгүүлээрэй

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхонд бие бялдар, энергийн шалгалтыг хийжээ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдын 24 цагийн турш үүрэг гүйцэтгэх үеийн энерги зарцуулалтыг хэмжих туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдын 24 цагийн турш үүрэг гүйцэтгэх үеийн энерги зарцуулалтыг хэмжих туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Судалгааны хүрээнд алба хаагчдын биеийн үзүүлэлтүүд, үүрэг гүйцэтгэх үеийн хөдөлгөөний идэвх, өдөрт хэрэглэдэг хоол хүнсний илчлэг зэргийг судлан тооцсноор нэг өдөрт зарцуулах энергийн зарцуулалтыг тодорхойллоо.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн нормыг тогтоох бөгөөд цаашлаад гамшгийн үед алба хаагчдын бусад хангамжийн норм, нормативийг тогтоох үндэслэл болох чухал ач холбогдолтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэллээ

Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдэлтэй уялдуулан арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэлсэн байна. Зээлтэй иргэд доорх зааврын дагуу зээлээ хойшлуулах хүсэлт явуулах боломжтой болжээ.

Тухайлбал, Голомтын зээлтэй иргэд доорх холбоосоор орж зээлээ хойшлуулах хүсэлтээ илгээнэ.https://zeel.golomtbank.com

Худалдаа хөгжлийн банкны зээлтэй иргэд энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулна. https://www.cardcentre.mn/loanreq/index.php

Харин Хаан банкны зээлтэй иргэд энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой. https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-ersdeliig-dawan-tuulakhad-ni-khariltsagchdadaa-demjleg-uzuulj-baina

Ийнхүү арилжаааны банкнууд эх оронч сэтгэл гаргаж эхлэх шиг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​Зургаан тохой газар


(Надин Гордимер 1923-2014)

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын зохиолч, Нобелийн шагналтан Надин Гордимерийн “Зургаан тохой газар” өгүүллэгийн түүврийг товчхон танилцуулахаар бэлтгэлээ. 2017 онд Монсудар хэвлэлийн газраас М.Сугиррагчаагийн орчуулгаар уншигчдын хүртээл болсон энэхүү номд долоон өгүүллэг багтжээ. Багаасаа уран зохиолд шимтсэн Надин Гордимер анхны өгүүллэгээ 16 настайдаа томоохон сэтгүүлд хэвлүүлснээр зохиолчийн замнал нь эхэлсэн байдаг. 1975 онд “Хувиргагч” романаараа Booker-ийн шагнал хүртэж, 1991 онд хүмүүнлэгийн салбарын Нобелийн шагналын эзэн болжээ. Тэрээр эх орныхоо хүнд хэцүү цаг үеийн амьдрал ахуй, ард түмнийхээ амссан гашуун зовлонгийн талаар зохиол бүтээлдээ тусгасаар ирсэн билээ.

Уг түүвэрт багтсан өгүүллэг бүрээс тухайн үеийн Африк орны аж амьдралыг олж мэдэх болно. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн хор уршиг тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байсан, эрх чөлөө, үнэт зүйлсээ хаалгуулж, боомилуулж, басамжлал доромжлолыг тэвчээртэйгээр эдэлж байсныг таних бий.

Номоос хоёр өгүүллэг сонгон зах зухаас нь товч ярьж өгье. Түүврийг нэрлэсэн “Зургаан тохой газар” өгүүллэгт нэгэн цагаан арьст эр өөрийн фермд ажилладаг боол эрд дүүгээ нутаглуулах ажилд нь тусалж байгаа тухай гардаг. Хар арьс боолчууд нийгмийн хангамжийн наад захын үйлчилгээг авах эрхгүй, амь нас эрүүл мэнд нь ямар ч баталгаагүй, идэх уух өмсөж зүүхээр гуцуу, баяр жаргалгүй өдөр хоногуудыг өнгөрөөж байгааг хөнгөн гуниг нэвчүүлсхийн хүүрнэжээ. Ийм амьдралыг туулсаар үхлээ гэхэд оршоох алгын чинээ газар олдохгүй байгаа нь үнэхээр сэтгэл шимшрүүлмээр. Хамаатнуудаа зорин өчнөөн олон өдөр алхаж алхаж ирчихээд өвдөж халуурсаар хорвоог орхиж буй хар арьс хүүд үүрд нойрсох зургаахан тохой газар л энэ нутагт оногдох байжээ. Надин Гордимерийн өгүүллэгүүдийг уншихаар шийдсэн бол хар арьст иргэдийн хүлцэнгүй, хөөрхий байр байдлаас шударга бусын цуурайг л чимээлнэ гэж хүлээх хэрэгтэй.

Энэ түүвэрт орсон “Аман түүх” өгүүллэгт нутгийн уугуул иргэдийн аж амьдрал мөн л цагаан арьст хүмүүсийн эзлэн түрэмгийлэлд автаж, нэгэн омог бүхлээрээ сүйрч байгааг харуулжээ. Ам бүлээрээ, ан гөрөөгөө хийн, урц сууцаа сайжруулан, хааяадаа эсгэмэл хүртчихээд түүдгээ тойрон бүжинхэн аж төрж байсан халуун аминуудыг эзэрхийлэгчид хүйс тэмтэрсэн харгис нийгэм. Уншиж байхад л дарийн утаа үнэртэх шиг болдог дотор харанхуйлам өгүүллэг. Эзэрхийлэгчдийн өмнөөс уучлал гуйж, нүглийг нь наминчилмаар хэрцгий түүх. Ийм л муухай зүйлсийг Надин Гордимер хамгийн энгүүнээр тоочин бичсэн нь гайхалтай. Суурин иргэншил хэдийгээр дэлхийд хөгжил дэвшлийг авчирсан нь үнэн боловч хариуд нь хүн төрөлхтнийг байгалиас холдуулж, зөн билиггүй, энэрэлгүй “арми” байгуулсан байна. Үүнийгээ тэгээд НИЙГЭМ хэмээн нэрийдчихжээ. Энэхүү нийгэм гэх байгуулал нь эргээд л хүмүүсийг хувааж, хагалж, бутаргаж, зовоож, үймээн самуун дэгдээдэг. Тийм л нэгэн аймшигтай үйлийн нэг нь арьс өнгөөр ялгаварлах үзэл буюу апартеид дэглэм юм. Энэ харгис ажиллагаанд хамгийн их өртөж хохирсон нь африк үндэстэн. Энэ хэдхэн өгүүллэгээс гагц африкчуудын өнгөрч хоцорсон гашуун цаг хугацааг мэдрээд зогсохгүй хүн гэгч амьтад (та, би, бид бүгд) хамгийн үнэт нандин зүйлс рүүгээ үргэлж өөрсдөө л дайрч, устгаж байдгийг ахин дахин мэдрэв ээ. Хайр, хүн чанар, элбэрэл, шударга ёс…

А.Мөнхзул

Categories
мэдээ нийгэм

УОК: Тусгаарлагдах байр, хоолны мөнгөө төлөөгүй иргэнийг онгоцонд суулгахгүй

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянга төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.

Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана. Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Руди Гобер, Донован Митчелл нар эдгэрчээ

Сovid-19-ийн халдвар авсан гэгдэж байсан Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Юта Жазз багийн Франц төвийн тоглогч Руди Гобер болон хамгаалан тоглогч Донован Митчелл нар бүрэн эдгэрчээ. Юта Жазз баг өчигдөр/2020.03.27/ албан ёсны мэдэгдэл хийж, Юта хотын эрүүл мэндийн албанаас дээрх хоёр халдвар авсан тоглогчид болон бусад багийнхан, арын албаны ажилчдыг “цэвэр” болохыг баталсан хэмээн олон нийтэд зарлалаа. Тус багийн мэдэгдэлд “UDOH буюу Юта хотын эрүүл мэндийн албанаас Жазз багийн ажилчид болон тамирчид үүний дотор шинэ коронавирусийн халдвар хоёр тоглогчоос шинжилгээ авахад бусад хүмүүст халдвар тараах эрсдэлгүй болсныг тогтоов” хэмээжээ.

Саяхан тус лигийн covid-19-ийн халдвар авсан Детройт Пистонс багийн төвийн тоглогч Кристиан Вуд мөн эдгэрээд байсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баясгалан: Хичээлийн жилийн бүтцээ эргэж харах учиртай

-ЯМАР НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ХӨЛ ХОРИО ТАВИХГҮЙ БОЛ ХҮНЭЭС ЭХЛЭХ ХАЛДВАР НЭГ САРЫН ДОТОР 24 МЯНГА ГАРУЙ БОЛОХ МАТЕМАТИК ТООЦООЛОЛ БАЙНА-

“Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, Олонлог сургуулиудын зөвлөх, математикийн доктор Банзрагчийн Баясгалантай ярилцлаа.


-Математик гэдэг энэ шинжлэх ухааныг хүн төрөлхтөн яагаад онцлон судалж, хичээллэсээр байдаг юм бэ, гол ач холбогдол нь юу вэ. Мэргэжил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Математикч хүний бусдаас ялгардаг давуу тал юу байдаг вэ?

-Математикийн аливаа нэг хийсвэр мэт санагдах зүй тогтол ертөнцийн ямар нэгэн бодит зүй тогтлыг илэрхийлж байсан нь эрт орой нэгэн цагт илэрч, тэгэх бүрдээ бүхнийг гайхшируулж цочирдуулсаар байгаа нь нууц биш. Математикийн зүй тогтлууд маш санамсаргүй байдлаар өнөөгийн амьдралыг эрс өөрчилж байгааг тоочиж баршгүй.

Математикчдын хамгийн эхний гарааны тулгуур цэг нь ертөнц, цаг хугацаа төгсгөлгүй гэсэн байр суурь байдаг. Бүхэл тоо бүрт дараагийн бүхэл тоо бий, өгсөн хоосон биш олонлогуудын бүлээс төлөөлөл болгон олонлог тус бүрээс нэг элементийг сонгож болно, өөрөө өөрийнхөө дэд хэсэгтэй тэнцүү хэмжээтэй байх олонлог оршин байна, тэгээс ялгагдах аливаа тоог удаа дараалан хагаслан хувааж болох бөгөөд үр дүнд нь бид тэгээс ялгаатай л утгыг гаргаж авсаар байх болно, шулуун нь цэгүүдээс тогтох бөгөөд тэдгээрийг тоолж барахгүй гэх зэрэг үндэслэл байхгүйгээр тэд ертөнцийг төсөөлдөггүй.

Математикчдын дараагийн чухал тулгуур бол тэдний судалж, азтай нэгэн нь илрүүлж нээж байдаг зүй тогтол нь энэ ертөнцийн хаа нэгтээ нуугдаж байгаа бодит зүй тогтлуудын аль нэгнийх нь илэрхийлэл гэдэгт баттай итгэдэг байр суурь юм. Тэд ертөнц бүхлээрээ математик зүй тогтолтой гэдэгтэй дийлэнхээрээ санал нэгддэг.

Аливаа том хэмжээтэй бүтцээс урьдчилан товлосон ямар ч түвшний гоо үзэсгэлэнг илрүүлж болно, ямар ч эмх цэгцгүй төлөв байдал оршин байдаггүй гэсэн байр суурь бол математикчдын гурав дахь суурь зарчим байдаг.

Нэгтгэн хэлбэл, ертөнц төгсгөлгүй бөгөөд математик хуультай, тиймээс ертөнцөд байж болох бүх гоо сайхныг өөртөө агуулдаг гэсэн үзэл санаа нь нийт математикчдын нэгдсэн байр суурь нь болдог, түүгээрээ тэд бахархдаг, үүнийхээ төлөө сэтгэн бодож, бүтээн туурвидаг хүмүүс юм.

Математикчдыг өнөөгийн өндөрлөг, онцгой байр сууринд нь аваачсан хоёр суурь үр дүн байдаг. Энэ бол 1930, 1931 онуудад батлагдсан Курт Гёделийн хоёр теорем юм.

1930 оны Гүйцэд байдлын теоремыг батлагдах хүртэл математикийн нэгдмэл үнэн гэдэг юу вэ гэсэн асуулт хариултаа хүлээсээр байсан юм. Нэлээд задгай томьёолбол, бодит ертөнцөд байгаа үнэн ба оюун ухаан, уураг тархинаас логик сэтгэлгээгээр бий болох үнэн давхцах тухай энэ теорем батлагдсанаар математикийн үнэн гэж юу болох нь тодорхой болсон юм. Алдаагүй сэтгэсэн бүхэн чинь ертөнцийн үнэн болно гэсэн бүрэн итгэлийг энэ теорем математикчдад төдийгүй хүн төрөлхтөнд өгсөн юм.

Харин 1931 онд Курт Гедёль өөр нэгэн шагшмаар ганган үр дүнг баталсан нь гүйцэд бус байдлын тухай теорем байлаа. Хэрэв тухайн онол хангалттай том, үгүй ядаж натураль тоог агуулдаг бол энэ онолын хүрээнд өмнө нь батлагдсан үр дүнгүүдээс үл мөрдөх боловч энэ онолд үнэн байх шинэ үр дүн үргэлж олдоно. Маш гайхамшигтай үр дүн юм. Бид маш хүчтэй нөхцөлүүд, арга хэрэгслийг урьдчилан бэхэлсэн ч эдгээрээс үл мөрдөж гарах өөр шинэ үнэн үргэлж байна гэсэн үг л дээ. Математик төгсгөлгүй гэдгээ өөрөө баталсан хэрэг юм. Математикчид ажилгүй байх боломжгүй гэсэн үг. Хичнээн сод авьяастай байсан ч таны баталж үл чадах өөр шинэ үнэн үлдэнэ гэсэн агуу утга санаа. Энэ хоёр алдарт үр дүнгийн дараагаас математикчид гэж хэн бэ гэдэг маш тодорхой болсон билээ. Математикийн гоёмсог ганган үр дүнг хэнээс ч ашиг хонжоо харалгүйгээр батлан, баталсан үр дүн нь ертөнцийн ердийн нэгэн зүй тогтол гэдэгт бат итгэлтэйгээр эргэж ч харалгүй улам цаашилдаг хүн бол математикч хэмээн тодорхойлж болох ажээ.

-Коронавирусийн тархалтыг математикийн аргаар томьёолж болох уу. Математикчид уг халдварын тархалтыг хэрхэн тооцоолоод байна вэ?

-Иймэрхүү үзэгдлийн математик загварыг гаргаад тархалтын цар хүрээ, хурдыг тооцоолоход хялбар л даа. Уханьд гарсан халдварын тоон үзүүлэлтүүдэд суурилаад хялбар загварыг гаргасныг уншиж байсан. 1.4-ийн зэрэгтийн хурдаар тархдаг тооцоо байсан. Ямар нэг арга хэмжээ авч, хөл хорио тавихгүй бол нэг хүнээс эхлэх халдвар нэг сарын дотор 24 000 гаруй болох юм. Энэ загвар бусад газарт болж байгаатай уялдаж байна лээ.

-Энэ вирусээр өвдөөд эдгэсэн хүний тоо нас барсан хүний тооноос их байгаа учир найдвар бий гэцгээж байна. Гэтэл вакцин гарч ирсэн тохиолдолд л энэ халдвар бүрэн дарагдана гээд байгаа. Харин таны бодол?

-Харин шавь нар болон багш нар маань ийм асуулт үргэлж л тавих юм. Уг нь вируслогич хүний л хариулт өгөх ёстой асуулт шиг. Вирус гэдэг чинь амьд биет бөгөөд хүнийг дагаж оршдог, хүний биед орж эсүүд дотор нь үржиж амьдардаг паразитууд юм. Гарал үүсэл нь бусад амьтнаас үүдэлтэй гэж үздэг. Зарим төрлийн вирус нь тэсч үлдээд одоо биднийг үе үе сандаргадаг томуу мэтийн өвчлөлийг үүсгэдэг. Харин өмнө нь 2003, 2012 онуудад гарч байсан САРС, МЕРС гэх өвчинүүд коронавирус гэх өмнө тэр бүр хүнд халдварлаж байгаагүй вирусээр өдөөгдөж ихээхэн хэмжээний үхэл, хохиролд хүргэж байсан ч одоо байхгүй. Хүний ахуй, орчинд зохицон хувирч чадаагүй гэсэн үг.

Өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж эхэлсэн шинэ төрлийн коронавирус нь “КОВИД-19” гэх өвчнийг үүсгэж маш олон хүний амийг гуравхан сарын дотор авч одоод байна. Ямар ч хүнд энэ вирусийг эсэргүүцэж чадах эсрэг биет, дархлаа байхгүй бололтой. Сарьсан багваахайн орчинд байдаг энэ вирус бага зэрэг хувиралд орж хүнд халдварлах чадвартай болсон нь энэ аж. Шинж тэмдэг нь далд байж байгаад олон хүнд халдварласан нь гэнэт мэдэгдээд ирэхээр нийтийн сандрал, эмнэлгийн үйлчилгээнд том цохилтыг өгч олон хүний үхэлд хүргээд байна даа.

“КОВИД-19” өвчний хувьд цаашдын хоёр хувилбар байгаа байх. Өмнөх САРС, МЕРС шиг хүнтэй дасан зохицож чадалгүйгээр өөрөө алга болох хувилбар юм. +25 градуст амьсгалын замын вирусүүд амьдрах чадваргүй болдог шиг тэр чигээрээ алга болох хувилбар юм. Энэ хувилбарын үед бол вакцин энэ тэр шаардлагагүй болчих юм. Нөгөө үлдсэн хувилбар нь энэ өвчнийг бий болгоод байгаа вирус хувирч өөрчлөгдөөд, хүнтэй дасан зохицон байнга түүнийг дагадаг вирус болох юм. Энэ хувилбарын үед өөрийн тээгчийг энэ хувирсан вирусүүд үхүүлээд байх “сонирхолгүй” байх бөгөөд томуу өвчин шиг хөнгөвтөр, эмчлэгдэх боломжтой байдлаар өвчлүүлж “зохицон” амьдарна.

Иймд миний бодлоор бол энэ өвчин дулаарахаар аяндаа алга болох юм. Вирусийн халдваруудын эхний үе шатуудад үхэл өндөр байдаг, аажимдаа хувирч өөрчлөгдсөөр устдаг, эсвэл үхэлд тэр бүр хүргэхээ больдог гэсэн зүй тогтлыг вируслогичид номлодог юм билээ.

-Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа сүүлийн гурван сарын турш зогсоод байна. Гэхдээ теле хичээл, цахим орчныг ашиглаад хэрэндээ хичээл хийцгээгээд байна. Гэсэн ч зарим хувийн сургуулиуд хичээлээ эхлүүлэх сонирхолтой байгаа бололтой. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэхээр урт хугацаагаар хичээл, сургалт тасалдлаа. Гэвч багш нар маань хувь, хувьсгалын гэлтгүй бүгд л чармайн ажиллаж байна. Олонлог сургуулиуд гэхэд л маш олон тооны тараах, бие даах сургалтын материал, видео хичээл бэлтгэн, цахим танхим, видео болон дуут холбоогоор сурагчидтайгаа харьцаж байна. Тоо, тооцоогоор хэлбэл сүрдмээр, үнэмшимээргүй их. Танхимд цуглахаараа эргэж нөхөх, гүйцээх, нягтруулж үзэх сэдэв, асуудал бий, нөхнө.

Төр, засгаас туйлын оновчтой арга хэмжээг энэ хугацаанд авсаар л байна. Бидний цөөн монголчуудын хувьд энэ халдварыг нутагтаа тараахгүй, үхэл, өвчлөлд иргэдээ өртүүлэхгүй байх нь чухал юм. Хөл хориог тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосныг бүрэн дэмжиж байгаа. Бид цаг хожих, дулаан улирлыг хүртэл тэсэх тактикаар энэ өвчинтэй тэмцэх нь хамгийн ухаалаг алхам юм. Хүн бүр болгоомжтой, ухаалаг, цэвэрч байх, гэртээ байх зарчим л биднийг аварна. Сургууль, цэцэрлэгүүд ажиллаад эхлэхээр хүүхдүүд вирус тээгч болон хувирах өндөр магадлалтай. Тиймээс шаардлагатай бол энэ хичээлийн жилийг дуустал хөл хориог үргэлжлүүлэхээс эмээх хэрэггүй. Нийтээрээ нэг зүг харж, нэг шийдэлтэй байх нь чухал. Монголчууд үндэстнийхээ хувьд маш ухаалаг болохыгоо бусдад энэ гурав сар бэлхэн харуулсанд бахархал төрүүлж байгаа.

Харин бид хичээлийн жилийн бүтцээ эргэж харах учиртай. Сүүлийн гурван жилд өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт гарснаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орсон байна. Байгаль цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, уламжлалт баяр, нийтийг хамарсан халдварт өвчин зэргээс хамаарч 2-р улирлын амралт сунгагдах, өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэнэтийн зохицуулалтууд нь сурагчид хичээлийн агуулгаа бүрэн эзэмшихгүй байх, улбаалаад улс даяар боловсролын түвшин жигдээр буурахад нөлөөлж байна. Олон хүний урьдчилан төлөвлөсөн үйл хэргийг ч нурааж байна.

Иймээс бид хичээлийн жилийг наймдугаар сарын 15-аас эхлэн арванхоёрдугаар сарын 25-ыг хүртэл 1, 2 дугаар улирлын хичээлийн агуулгыг 19 долоо хоногт багтаан, гуравдугаар сарын 1-нээс 3, 4 дүгээр улирлын хичээлийг эхлүүлж зургадугаар сарын 20-ныг дуустал 16 долоо хоног хичээллүүлэх санал оруулж байна. Дунд нь хоёр удаа долоо хоногийн бие даах хөтөлбөрийг төлөвлөж болох юм. Иймхэн өөрчлөлт орсноор хүйтний оргил үед сурагчид гэртээ амран томуу, томуу төст өвчинд өртөлгүй, эрүүл өсч торних болно. Өвөл цагийн агаарын бохирдол, автозамын бөглөрөл эрс буурна. Сурагчид болон тэдний асран хамгаалагчид халтиргаа гулгаанаас үүсэх гэмтэл, бэртэл, автомашины осолд өртөх нь буурна. Багш нар сургалт, семинарт хамрагдаж өөрийн мэдлэг боловсрол, заах арга ур чадвараа нэмэгдүүлснээр сургалтын чанар сайжирна. Багш нарын зуны 48 хоногийн амралтыг өвөл 18 хоног, зун 30 хоног болгож хувааснаар багшийн ачаалал тэнцвэржинэ. Төсөв хэмнэгдэнэ. Зун намрын таатай уур амьсгалд монголчууд илүү их ажиллаж хөдөлмөрлөн улс орноо эрчимтэй хөгжүүлэхэд зүтгэх болно.

-Өдрийн сонинтой Олонлог сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа математикийн эчнээ уралдаанд сурагчид хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Одоогоос 10 жилийн өмнө Ж.Гангаа агсантай хамтран Математикийн эчнээ уралдааныг санаачлан улс даяар нээлттэй зохион байгуулж байлаа. Анхны дугаар нь хэвлэгдээд 27 жил болж байгаа Олонлог сэтгүүл, Олонлог төв сургууль маань тэр үед Өдрийн сонинтой хамтран энэ том ажлыг эхлүүлж нугалж байсан даа. Одоо сургууль маань өргөжөөд баг хамт олон маань бүр хүчтэй, чадварлаг болжээ.

Хүүхдүүд бодлого бодох их дуртай, элдэв хураамж, цаг хугацаагаар шахагддаггүй тул яг л өөрийгөө шалгаж, үнэнчээр оролцдог сайхан уралдаан л даа. Хүүхэд тэр бүр хүнээр бодуулж булхайцахыг боддоггүй. Яг л өөрийнхөө санасан, бодсоноор бичиж ирүүлдэг, тун өвөрмөгц хэлбэртэй сорил юм. Бодлогууд тавигдаад долоо ч хоноогүй байхад нэлээд хэдэн бодолтууд ирсэн харагдана лээ. Цаашдаа олон бодолт ирэх байх.


Categories
мэдээ нийгэм

Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 769 хүн халдварын улмаас нас барсан байна


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Италид улсад өнгөрсөн 24 цагийн дотор 919 хүн нас барсан нь COVID-19 халдвар анх бүртгэгдсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Тус улсад нийт нас баралт 9,134 бүртгэгдсэн байна.

Европ тивд халдвар голомтлон тархаж байгаа улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эмнэлгийн ажилчдын дунд халдвар тархах явдал өндөр байна. Тухайлбал, Итали улсад эрүүл мэндийн ажилтнуудын 8% нь халдвар авсан бол Испанид энэ үзүүлэлт 16.5 хувьтай байна.

Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 769 хүн халдварын улмаас нас барсан байна. Нийт нас баралт 4,800-г давжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын улмаас маш олон хүн нас барж байна. Ялангуяа, нийслэл Мадрид хотод 2,400 гаруй хүн нас барсны улмаас цогцос хадгалах үйлчилгээ хүндэрч байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тиймээс Мадрид хотын захиргаанаас Шүүхийн шинжилгээний хүрээлэнд зохицуулалт хийж, 200 орчим цогцос хадгалах төвийг бий болгохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.

АНУ-д халдварын тохиолдол 100 мянга давж, 1,600 гаруй хүн нас барсан бол өнгөрсөн 24 цагт 400 гаруй хүн нас барсан байна.

БНХАУ-д сүүлийн үед илэрсэн халдварын дийлэнх нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тул тус улс өнөөдрөөс гадаад иргэдийг хүлээн авахаа хориглолоо. “Визтэй болон байнга оршин суух эрхтэй байхаас үл хамааран гадны иргэдийг оуулахгүй. Энэ хоригт дипломат ажилтнууд болон агаарын хөлгийн ажилтнууд хамаарахгүй” хэмээн Б.Янжмаа хэллээ.

Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудаа сайтар хамгаалах шаардлагатай байгааг ДЭМБ анхааруулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засагч Д.Батмөнх: Улсын төсөв нэг их наядаар давсан, түүнээсээ Дарханы замыг барих байтал хөнгөлөлттэй зээл авсан

-ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ДАГААД ТЕНДЕРТ НЬ 28 ХЯТАДЫН КОМПАНИ ОРЖ ИРСЭН-

-Банкны салбарын хүнтэй уулзсаных өнөөгийн Монголын банк санхүүгийн салбарын талаар ярилцлагаа эхэлмээр байна. Таны банкны мэргэжил эзэмших шалтгаан юу байв, ажил амьдралын замнал…?

-Миний хувьд 1991 онд 10 дугаар анги төгсөхдөө физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг байсан болохоор ч тэр үү, өөрийгөө физикч юмуу одон орон судлаач болно гэсэн бодолтой л төгсөж байлаа. Уралдаант шалгалтаа ХААИС-ийн инженер-механик, Эдийн засгийн коллеж гээд шинэ нээгдсэн сургуулиудад өгөөд хоёуланд нь тэнцлээ. Тэгээд Эдийн засгийн коллежийн татварын байцаагчийн ангийг сонгоод хоёр жил сураад дундуур нь бусдын жишгээр жилийн чөлөө авч Хятад-Оросын хооронд наймаанд явсан даа. Тэгж манаргаж яваад буцаж ирж хичээлийн эрхлэгчтэйгээ, Ишцэдэн багштайгаа яриад, гуйгаад ангиа солин банкны анги болгож төгссөн юм. Эхний нэг хоёрдугаар курст манай сургуулийн брокер, банк, татвар, нягтлангийн ангийн хичээлүүд нэг их том ялгаагүй байсан л даа. Багш нар маань англи хэлтэй болохоор англи номноос орчуулаад бидэнд хичээл заадаг байлаа. Бидний үед брокерийг, банкны клеркийг мэддэг хүн гэж бараг байгаа ч үгүй. Аав ээжээсээ асуулгүй өөрсдөө л мэргэжлээ сонгож байлаа. 1995 оны арванхоёрдугаар сард сургуулиа төгсөөд шинэ байгуулагдсан “Голомт” банкинд гүйцэтгэх захирал П.Цагаан (ЕТГ-ын дарга асан) дээр ярилцлаганд орж тэнцэв. 1996 онд манай захирал Лу.Болд УИХ-ын гишүүн, П.Цагаан гуай Сангийн сайд, харин би “Голомт” банкны ерөнхий нягтлан болж хувирлаа. Тэр үед хуучнаар “ХОТШ” банкны захирал агсан н.Совд гээд сайхан хөгшинтэй хоёр жил нэг өрөөнд сууж ажилласан. Тэр хүнээс маш их юм сурсан даа. Банкинд ажилд ороод 14 хоног мөнгө тоологч хийсэн. Дараа нь нярав. Тэгээд нягтлан бодогч болж байлаа. Ажлыг доороос нь эхэлсэн. Ингээд 22 настайдаа “Голомт” банкны ерөнхий нягтлан бодогч болж байгаа юм. Шинэ банк, ер нь шинэ бүхэн гоё шүү дээ. Банкинд байхад хамгийн хэцүү зүйл зээл олгох байлаа. Одоо бол банкны сектор хөгжсөн. Тэр үед наад зах нь барьцаалах юмтай хүн маш ховор. Хүн бүрт хувийн өмч гэж зүйл байхгүй. Бизнес хиймээр байна гээд янз бүрийн гоё санаанууд яриад ороод ирнэ. Барьцаа хөрөнгө байхгүй, гэхдээ болгодог л байсан. Ер нь тэр үеийн дампуурсан банкууд гээд байдаг “Ард”, “Даатгал”, ХОТШ зэрэг банкууд энэ улсын капиталын үндэс суурийг тавьсан гэж боддог. Тэр үед эрсдэлийн үнэлгээ ч хийх боломж байгаагүй.

-Эндээс Голомт банкны бас нэгэн их түүх эхэлнэ биз?

-Тэгнэ дээ. Дараагийн асуудал нь бол банкны захирлын асуудал байлаа. ТУЗ-ийн дарга Лу.Болд, П.Цагаан гуай, М.Зоригт дарга нар ярьж байгаад ТУЗ-ийн гишүүн Д.Баясгаланг гүйцэтгэх захирлаар томиллоо. Политехникийн уул уурхайн анги төгссөн залуутай жил хагас гоё л ажилласан. Өглөөдөө балансаа барьж ороод банкны актив гэж ийм, пассив гэж ийм, ингэдэг тэгдэг гээд тухайн үедээ банкны эхний хичээлүүдийг зааж л явлаа. Д.Баясгалан захирал цаанаасаа толгой сайтай хүн учраас банкны ерөнхий юмаа гурван сарын дотор мэддэг болсон. Энгийн жижигхэн шалтгаанаас болж “Голомт” банкны ерөнхий нягтлангийн ажлаа өгч байлаа. Дөнгөж 22-хон настай би сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан. Тэр үеийн бидний сэтгэхүй бол энэ миний банк биш, хэн нэгэн хүний зарц боол, хөлсний ажил хийж байна гэж боддоггүй. Яг л өөрийн юм шиг ажиллаж байсан. Манай банкны дотоод хянан шалгагч хоёр эмэгтэй Д.Баясгалан захирал дээр ороод намайг муулж л дээ. Уг нь бол дотоод хянан шалгалтынхан ажил шалгаад “Батмөнх өө, энэ яг юу болсон юм, яасан ийсэн” гээд эхлээд надтай ярьж тодруулах байсан. Тэгэлгүйгээр шууд Д.Баясгалан захирал руу орж асуудал болгож тавиад захирал намайг дуудаад нөгөө хоёрын нүдэн дээр намайг баахан загнахгүй юу, зүгээр л ганцаараа байхдаа загнасан бол би тайлбарлаад болох асуудал байсан. Гэтэл тэр хоёрын дэргэд загнаад байхаар нь шаралхаад ажлыг нь хаяад гараад явсан. Нэг дэх өдөр манай банкны дотоод хянан шалгах газрын захирал Ганбат ах ирээд “Батмөнх өө, чи залуу хүн ингэж болохгүй ээ, Баясаа захирал ч гэсэн түргэдсэн юм шиг байна. Чи буцаж очиж уулзаад, ярилцаад ойлголцох хэрэгтэй дээ” гэсэн ч би шарандаа тэр чигтээ очоогүй ажлаасаа гарсан.

Одоо би боддог юм. Би ч гэсэн Д.Баясгалан захирлын оронд байсан бол тэгэх л байсан байх. 22 настай ерөнхий нягтлан нэг бацаан давраад, алдаа гаргавал би ч гэсэн тэгэх л байсан байх. Гэхдээ би мөнгө идсэн юм биш. Бусдын алдаа над дээр ирж, тэрийг нь судлаад, зохицуулаад, учраа олчихсон байсан асуудлыг цаг хугацааны хувьд эргэж сөхөж гаргаж ирээд, захирал загнаад, би ажлаасаа гарсан.

-“Голомт”-оос гараад юу хийв?

-Ченж хийлээ. Тэр үед Монгол улсад валют орж ирдэг ганцхан суваг нь Төв банк байсан. Эрдэнэт үйлдвэрээс өөр дорвитой томоохон экспортлогч байхгүй, бүгд импортоор. Төв банк нь доллараа арилжааны банкуудад дуудлага худалдаагаар зардаг байлаа. Тэдгээр нь Төв банкнаас худалдаж авсан ханшин дээр нэг хувиас илүү нэмж зарж болохгүй. Энэ нь долларын ханш 400 төгрөг байхад 4-5 төгрөг л нэмж зарж болно гэсэн үг. Гэтэл зах дээр доллар авах, зарах ханшийн зөрүү 25-40, төгрөг ийм л ченж хийж байлаа. Тэгээд нэг ангийн гурав болох Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нартайгаа “Анод”-ыг валют арилжааны компани байх үед нь танилцлаа. Тэр үед арилжааны банкуудын үйлчилгээ сайжирч, гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдээд ченжийн зах зээл хумигдаж эхэлж байсан үе. Тухайн үед банкны дүрмийн сангийн доод хэмжээ 1 тэрбум болсон байсан, тэгээд Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз ах нартай ярилцаад банкны дүрэм, бизнес төлөвлөгөөг нь бичилцэж “Анод” банкийг байгуулсан. Би “Анод” банкны Санхүү тайлан бүртгэлийн газрын захирал, дараа нь дэд захирал хүртэл дэвшин ажилласан. Миний Санхүү эдийн засгийн сургууль төгсөхдөө бичсэн дипломын ажил “Гадаад худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо” гэсэн сэдэвтэй байсан юм. Тухайн үед банкуудын гадаад төлбөр тооцооны хөгжил эхлэлийн шатандаа байлаа. Аккредитив гэхэд л ихэнх банкууд хэрэглэж мэдэхгүй зөвхөн 90 хоног хүртэлх хугацаатай импортын аккредитивийг цөөхөн банкууд хэрэглэдэг байсан. Гадаад худалдааны хамгийн гоё хэлэлцээр намайг “Анод”-д байхад болж билээ. Солонгосын талаас 360 хоногийн дараа төлөгдөх нөхцөлтэй, дахин хэрэглэгдэх худалдааны аккредитиваар бараа нийлүүлэх санал ирсэн. Номаранг гэдэг нь эндээс эхтэй. Мөнгө угаалт энээ тэрээ гээд намайг бараг бүтэн 3 жил шалгасан шүү дээ. Би чинь 26 настай байлаа, банкны нийт актив 10 сая ам.доллар орчим байсан. Ийм хэмжээний банкаар Солонгосын LG, Hyun­dai, Hanwha, Daewoo, Kolon зэрэг дэлхийн хэмжээний компаниуд мөнгө угаана ч гэж юу байхав дээ, чааваас.

-Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбатыг “Анод” банкинд баталгаа гаргаж өгсөн гээд ид шуугьж байсан. Та ч бас “Ганц худаг”-т ороод гарсан?

-Тухайн үед Төв банк баталгаа гаргаж өгсөн бол хөрөнгө оруулалтын зээл авч болох байсан. Энэ LG international-аас тавьсан санал л даа. Жилийн таван хувийн хүүтэй, найман жилийн хугацаатай, эхний гурван жил хүү, үндсэн зээл төлөхгүй, үйлдвэрээ бариад, борлуулалт эхэлсний дараа зээлээ төлж эхлэх нөхцөлтэй. Би О.Чулуунбат ерөнхийлөгчтэй энэ талаар ярилцсан. “Наадах чинь уг нь гоё зээл байна. Гэхдээ манайд хуулиараа болохгүй. Их хурлаар оруулах хэрэг гарна, хуулиараа Төв банк баталгаа гаргаж болохгүй. Тэгэхээр хэцүү” гэж хэлээд намайг өрөөнөөсөө гаргаж байсан. Тэр үед гадны орноос мөнгө олж ирээд хүмүүст өгөөд, зээлдэгч нар маань “Дүү минь, баярлалаа” гэсэн талархлыг сонсох сайхан байсан. Ер нь бол банкныхны хийх ёстой үүрэг энэ шүү дээ. Тэгэхэд манай улсад өнөөдөр ганц хоёрхон эзэдтэй, тэд нар нь гадаадад амьдарч, ард түмний амьдралаас тасарчихсан, зээлдэгч нарынхаа бараг өмссөн хувцсыг нь, гэр оронтой нь хамт барьцаалчихаад, өрөө төлж чадахгүй болохоор нь хуу хамж хурааж авдаг ийм систем үйлчлээд явж байна.

-Одоогийн Монголбанкны талаар ярилцмаар байна. Бодлогын хүүг ер нь яагаад бууруулах дургүй байдаг юм бэ, Монголбанк?

-Бид цаашдаа бага хүүтэй том банкуудыг оруулж ирэхээс өөр аргагүй, тэднээс үйлчилгээ авбал энэ байдал өөрчлөгдөнө. Жилийн 2-3 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл, ипотекийн зээлийн хүү нь 3-4 лүү ороод явах боломжтой. Манай банкуудын хувьд ерөөсөө л хүү маш өндөр. Манай Төв банкны өөрийнх нь хүү жилийн 10 хувь. Банкууд хувь хүмүүсийн мөнгийг хадгалдаг. Банкны өөрийн мөнгө гэвэл тэр дүрмийн санд нь байгаа 50 тэрбум төгрөг л байгаа. Өнөөдөр банкуудын ашгийн түвшинг харахад ХААН банк л ашигтай ажиллаж байна. Бусад нь ерөнхийдөө ашиг багатай өөрөө өөрийгөө болгоод, чүү чай л ажиллаж байгаа. Төв банкийг 10 хувиа шууд гурван хувь болгооч ээ гэхээр ганцхан юм урдаас хэлдэг. 7-8 их наяд төгрөгийн хадгаламж байгаа. Энэ хадгаламж гадагшаа гараад явчихна. Хүү багасгачихвал хүмүүс мөнгөө авна. Ийм их мөнгө зах зээл рүү гарвал юмны үнэ нэмэгдэнэ гэсэн тайлбар хэлдэг. Уучлаарай, энэ бол доллар биш, төгрөг шүү дээ. Энэ хүмүүс төгрөгөө аваад хаачих юм бэ. Америк явах уу, Орос руу аваачиж мөнгөө хийх юм уу, хүү буурсан ч энэ хүмүүс буцаагаад л банкиндаа хийж л таарна. Энэ 7-8 их наяд төгрөгөө аваад хүмүүс гарчихна, гадагш гаргах болвол баахан доллар худалдаж авна, тэгээд ханш өснө гэсэн айдас нөгөө талдаа барааны үнэ, инфляци нэмэгдэнэ гэсэн айдаснаасаа болоод улс орноороо баахан хүү төлсөн, өр зээлэнд баригдсан байдалтай 30 жил явж байна шүү дээ. Төв банк бодлогоо өөрчлөөд, УИХ-аар хэлэлцүүлээд хүүг бууруулах цогц бодлого нэн яаралтай хэрэгжүүлэх цаг хугацаа бол өнөөдөр болсон. Амьдрал үзээгүй, гадаад дотоодод хар залуугаараа очоод сураад төгссөн, нэг л их Америк, Швейцарь, Австрали, Европын аймаар том том онол, сайн засаглал ярьсан дарга нарын хүүхдүүд өнөөдөр Монголбанкаар дүүрэн байна. Энэ залуус Монголын хөрснөөс дэндүү хол байна. Аав ээжийнхээ буянаар дандаа гялгараараа яваад ирсэн, хамгийн чухал нь амьдралын туршлага байхгүй тэр хүн Төв банкинд газрын даргын албан тушаалд тохирох хүн мөн үү. Газрын дарга хийх хүн наад зах нь арилжааны банкинд хамгийн багадаа таваас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байж дараа нь Монголбанкинд ажилламаар байгаа юм. Америкийн Төв банкны тухай хуулинд ажлын байрыг тогтвортой байлгах тухай заалт байдаг юм билээ. Манай Төв банкны хуулинд энэ заалтыг оруулаад ирвэл ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуураад эхлэхээр шууд Төвбанк руу хуулиа биелүүлэхгүй байгааг мэдэгдэж, заргалдах, шахалт үзүүлэх боломжтой болно. Гэтэл өнөөдөр ажилгүйдэл ихсэх, компани дампуурах нь Төв банкинд огтхон ч хамаагүй. Тэдний проблем нь арилжааны банкууд, тэгэхээр тэднийгээ л чангална. Өнөөх арилжааны банкууд нь хөөрхий муу харилцагч, зээлдэгч компани, иргэдээ шахаад дарамтлаад эхэлнэ. Өнгөрсөн жил Монголбанкны ерөнхийлөгч гэж нөхөр хуулинд байхгүй асар тэнэг юм оруулж ирж байгаа юм. Санхүүгийн талаар “А” ч үгүй хүн арилжааны банкуудаа гадаадын Аудитын компаниар шалгуулж, бүгдээрээ л муу үнэлгээтэй гарсан. Гадныханаар арилжааны банкуудаа шалгуулаад үр дүнд нь “Монголын банкууд нь ч гэсэн мөнгө угаадаг” гэсэн үр дүнд хүрчихлээ. Энэ бол эмгэнэл.

-Ард түмэн тэр аяараа цөхөрч, туйлдаж байна. Та бид хоёрын яриа улс төр лүү өөрийнх эрхгүй орох болох нь. Таны хувьд АН-ын ҮБХ-нд нэлээд олон жил болсон байх шүү. Яагаад АН-ыг сонгох болов, мөн яагаад намаасаа гарав?

-Хар багаасаа л Ардчилсан үзэлтэй байж дээ. Төв аймгийн АН-ын дарга асан Д.Доржпүрэв бид хоёр хорооллын 77 дугаар сургуулийн нэг анги. Нэг өдөр манай Доржоо “Мөнхөө, Сүхбаатарын талбай дээр хүмүүс цуглаан хийж байна, хувьсгал энээ тэрээ гээд яриад байна аа. Хоёулаа очиж сонирхъё” гэлээ. Бид хоёр “Од” кино театрын ардаас 13 номерын Шар хадны автобусанд суугаад Ленин клубийн буудал дээр буулаа. Автобусан дотор ах нар шивэр авир ярилцаад. Тэгээд буугаад газраас чулуу авч байгаа харагдаж байна, тэгэхээр нь дагаад хармаандаа чулуу хийлээ. Хэн рүү, юу руу шидэх гээд байгаагаа ч ойлгохгүй хоёр. Талбай дээр очиход С.Зориг агсан үг хэлж байлаа. Тэр л үед Монголд ардчилал ялснаараа жинсэн өмд өмсөж болох юм байна, Чойномын шүлгийг сонсож болох юм байна, Битлз хамтлагийн дууг сонсож болох юм байна, Чингис хааныхаа тухай ярьж болох юм байна гэсэн л ойлголт авсан. Ингээд цуглаан дээр нууцаар очоод ирсэний дараа Эвлэлийн төв хорооны н.Нарангэрэл гээд нэг дарга ес, аравдугаар ангийнхныг сургууль дээр цуглуулаад яриа хийлээ. “За эвлэлийн гишүүд ээ. Ардчилсан холбооны цуглаан болоод байгаа шүү. Та нар тэрийг сонирхоод хэрэггүй, очиж болохгүй. Удахгүй мартагдана. Та нар брейк гээд нэг бүжиг сонирхоод хийдэг байсан даа, яг тэрэн шиг чинь удахгүй алга болно” гээл хэлж байлаа. Сэтгэлийн юм гэдэг өөр. Миний хувьд ардчиллын төлөө хүссэн хүсээгүй явсан. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлд олон жил ажиллалаа. 2006 оны шинэ жил дээр Ж.Батзандантай анх “Чи одоо олон жил гадаадад байж ирчихээд юу гээд балай юм яриад байгаа юм. Чи юугаа мэддэг юм” гэж хэлээд л жаахан түр тар хийх маягтай танилцаж байлаа. Муудалцаж танилцаад ярилцаад ирэхэд үнэхээр дажгүй залуу. Ж.Батзандан маань 2008 онд ИХ нам байгуулаад намайг дэд даргаар ажиллах, Их хуралд нэр дэвших санал тавьсан. Даанч тэр үед би улс төрд түүхий ногоон алим байлаа даа. Дараа нь Наянтайн Ганнибал найз маань 2010 онд аймгийнхаа АН-д орох санал тавьсан. Ингээд Сүхбаатар аймгийн АН-ын ҮЗХ-нд орсон. Ингэж албан ёсоор АН-ын гишүүн болсон. 2012 онд Чингэлтэй дүүрэгт багын найз Б.Батбаатарын дуудлагаар нийслэлийн ИТХ-д өрсөлдөөд, одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үедээ дүүргийн Засаг дарга Д.Ганболдод 40 хүний саналаар ялагдаж байлаа. Сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ маань “Чи Н.Алтанхуяг дарга дээр эдийн засгийн талаар санаа оноо зөвлөгөө өг” гэсэн санал тавьсны дагуу Н.Алтанхуяг даргыг Хаан жимс амралтын газраа байхад нь анх уулзаж, санал солилцож байлаа. Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайд болсны дараа Эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Баахан өр зээлтэй, Хүний хөгжил сан нь нэг их наяд төгрөгийн өртэй, Сангийн яамны уутыг нь гөвчихсөн ийм л Засгийн газарт ажилласан. Бидэнд бонд босгохоос өөр гарц байгаагүй шүү дээ. МАН 1990 оноос хойш дандаа хөнгөлөлттэй зээл авч байсан. Гуравхан хувийн хүүтэй, 20-30 жилийн дараа төлнө гэхээр хэнд ч сайхан сонсогдоно. Гэхдээ л хөнгөлөлттэй зээлийг дагаад дандаа шахаа орж ирж байдаг. Өнөөдөр гэхэд Дарханы зам хамгийн тод жишээ. 2019 онд төсвийн илүүдэл нэг их наядаар давсан. Дарханы зам ихдээ 300 тэрбум төгрөгөөр баригдана. Тэр давсан мөнгөнөөсөө 300 тэрбумаараа замаа барьчих байтал хөнгөлөлттэй зээл авсан, өнөөдөр тэр зам хаа байна вэ. Хөнгөлөлттэй зээлийг дагаад тендерт нь 28 хятадын компани орж ирсэн. Хөнгөлөлттэй зээлийн шаардлагад угаасаа Монголын нэг ч компани орж чадахгүй. Хятадуудад л ажлын байр гаргаж өгсөн. Бид 2012, 2013 онд Монголоо сурталчилаад 1.5 тэрбум долларын болон 300 сая доллартай тэнцэх иений бонд босгосон. Япон руу экспортоор ямар ч татваргүйгээр бараа гаргах Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ зурсанд тулгуурлаж бонд босгосон.

Анхнаасаа бид 500 сая долларыг зам руу, 500 саяар нь төмрийн, эсвэл зэс хайлуулах том үйлдвэр барья, үлдсэн 500-г нь эрчим хүч рүү оруулъя гэж тооцоолж байсан ч эхний зээл гарах үеэс эхлээд маргаан үүссэн. Мөнгө хэрхэн зарцуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөр ярьсан. Засгийн газрын бондоор ороод ирсэн мөнгийг хэрхэн зарцуулах тухай ҮАБЗ дээр ярина гэдэг инээдтэй байгаа биз дээ. ҮАБЗ-өөс “Арван жилийн дараа Засгийн газар төлөх учраас хэрхэн зарцуулах тухай ярих ёстой” гэсэн. Үндэслэл нь огт ойлгомжгүй. Дарга нарт хуваарилалт нь шог байсан болохоор ийм асуудал үүссэн. Тэгээд биднийг баахан буруутгасан. Нүүрс бол цэвэр хэлмэгдүүлэлт. Л.Гансүх ахлах зөвлөхийг өмөөрч ганц л юм хэлмээр байна. Энэ хүн АН-ын Орон нутгийн сонгуулийн төлөө ажиллаж яваад хэлмэгдсэн. 1.5 тэрбум доллартай Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Л.Гансүхэд хэрэв хэрэгтэй байсан бол нэг сая долларын зээл олдох л байсан байх. Тухайн үед нийслэлийн удирдлагыг авсан Э.Бат-Үүл даргатай багийнхан энэ хүнд талархах ёстой. Яагаад тэд энэ хүнд талархдаггүй юм бэ. Бүлгийн дарга байсан, АН-ын ЕНБ дарга байсан, УИХ-д хоёр удаа сонгогдсон, сайд байсан хүн гэр хорооллынхноос нүүрсний мөнгө идэх үү?!

2012 он болтол би АН-ын дотоод холион бантангийн талаар юу ч мэддэггүй явж. Ардчиллын төлөө зүтгэж байна, муусайн Хувьсгалт намынхан гэж зүхэх маягтай. 2012 онд Ерөнхий сайдын зөвлөх болоод дунд нь ороод жинхэнэ амбицтай хүмүүсийн цуглуулга юм байна гэдгийг мэдсэн. 1996 онд АН-ынхан ямар ч туршлагагүйгээр Засаг аваад баахан бужигнуулаад, өмч хувьчлал гэж улсын хөрөнгийг хэн нь ч авсан нь мэдэгдэхгүй болгож хаяад, дээрээс нь гол бэлгэ тэмдэг С.Зориг нь зэрлэгээр алагдсан. Энэ бүхэн тэдэн дээр бууж 2000 онд гудамжинд гарсан. Тэр үед АН-ынхан Хувьсгалт нам гэдэг энэ хадны мангаагаа хамтдаа дийлье гээд гар бариад нийлсэн. Нийлэхдээ таван нам нийлсэн. АН-ын фракцууд гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Социал демократын Гончигоо, Алтанхуяг дарга, Үндэсний ардчилсан нам Элбэгдорж тэргүүтэй хэсэг нөхөд, хуучин Ардчилсан нам С.Эрдэнэ, Монголын үндэсний дэвшлийн нам “фортуна” Батбаяр, манай Амаржаргал захирал тэргүүнтэй, Шашинтны Ардчилсан нам, энэ нам одоо байхгүй болсон. Энэ хэд нэг дээвэр дор ороод Хувьсгалт намтайгаа дайтаад яваад байсан. Ингээд явж байгаад 2012 онд 12 жилийн дараа анх удаа Засгийн газар , УИХ, Ерөнхийлөгч гэсэн төрийн бүх эрх мэдлийг авсны дараа амбиц нь задраад дотроо хагаралдаж эхэлсэн. Санхүүгийн салбарт “фортуна” Батбаяр бүгдийг нь загнаад юм хийлгэхгүй, наанаа Ерөнхий сайдаа гээд байгаа ч цаанаа очихоороо тэр хэн юм бэ гээд том дуугараад хөдлөхгүй. Дотор нь орж байж бүгдийг мэдсэн. Ерөнхий сайдын зөвлөхийн ажлыг хийгээд явж байхдаа би янз бүрээр хэлүүлээд, АТГ дээр дуудагдаад байхад юу нь гоё байх юм бэ ер нь, утгагүй биз дээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хажууд ажиллаад маш их юм сурсан. Тэр хүн үнэхээр хөдөлмөрч. Эцэж ядрахыг мэдэхгүй ажилласан. Өглөө 8:20-д шуурхайтай. Орой болтол сууна. Хэзээ ч дуудаж магадгүй. Орой 21 цагт ороод ирээч өрөөнд гэдэг, тийм учраас Ерөнхий сайдыг явтал сууж л байх ёстой. Тэгж л ажил хийсэн. Үнэхээр хөөрхий, сүүлийн нэг жил тэр хүнээр ажил хийлгээгүй. Ажил хийх ямар ч боломж өгөөгүй. Ахлах зөвлөх найзыг нь барьж аваад хорьчихсон. Хүргэнийг нь тэнд, эхнэрийг нь бас, тэнд Эрдэнэбүрэнг, Таван толгойн Я.Батсуурь гуайд хүртэл ял өгөөд явуулсан. Сүүлийн зургаан сар надтай эдийн засаг ярихаасаа илүү Пи-Ар-ын багтайгаа зууралдсан. Н.Алтанхуяг даргын Засгийн газарт ажиллаж байхдаа 2013 онд Чингэлтэй намын даргын сунгаанд орж ялсан. Чингэлтэйн намын дарга болсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн төлөө ажиллаж 10400 саналаар илүүтэй ялж байлаа. Сонгуульд ялах амтыг тэр үед л мэдэрсэн. 2016 оны сонгуулиар ИЗН-аас манай нам руу С.Дэмбэрэл гишүүн орж ирж, Гарьдхүүгийн Баярсайхан, гишүүн асан Б.Мөнхтуяа, дэд сайд байсан О.Эрдэнэбулган гээд энэ хэдийгээ дэмжиж ажилласан. Харамсалтай нь ялагдсан. 2017 онд намын даргын сонгууль болж С.Эрдэнэ дарга ялсан. Улс төрд бичигдээгүй нэг хууль байдаг. Ямар ч аргаар хамаагүй ялах ёстой гэдэг. Тэр хүнийг яалт ч үгүй Ардчилсан намынхан маань сонгосон. С.Эрдэнэ даргыг яг намын ажлаар нь хүндэлдэг. Миний удирдаж байсан Чингэлтэй дүүрэг ямар билээ. Гэтэл тэнд Баянгол дүүрэг гэдэг чинь атгасан гар шиг ажилладаг байсан. Гэтэл намын дарга болонгуутаа дүүргийн намын дарга шиг ажилласан. АН-ын ҮБХ-г өөртөө нь цуг Нийгмийн даатгал, Яам эд нараар ажиллаж байсан намын талаар ямар ч ойлголтгүй, төрийн ажил хийгээд амтанд нь орчихсон, энэ хүнийг дагаад явбал хоолноосоо салахгүй гэдгээ мэдэрчихсэн, дарга болно гээд итгэчихсэн нөхдөөр дүүргэсэн. Урьд нь амбицтай байсан ч манай нам, нам шиг нам байсан. ҮЗХ нь алалцаад учраа олдог байсан. Одоо МАН алалцаад, АН алга нижигнүүлэн ташдаг болчихсон. Би энэ бүхний талаар хангалттай хэлсэн. Миний үгийг сонсох хүн байхгүй. Улс төрд орж байгаа хүн хэнтэй хамт үзэл бодол нийлээд явж байна, тэр хүнтэйгээ явах ёстой. Өнөөдөр би АН-д байсан бол ганцаараа яриад, ганцаардаад байж л байх байсан. Тэгээд Ж.Батзандантайгаа өмнө нь хэд хэдэн удаа ярилцаад ойлголцчихсон байсан учраас АН-аас гарсан даа.

-Шинэ нам тэргүүтэй 10-аад намууд эвсчихлээ. Цаашдаа ч нэлээд олуулаа болох байх. Эвслийн тухай хууль нэлээд сайн болсон учраас сонгогчдын саналыг авчихаад тарчихдаг байдал алга болж, намуудын эвсэл цаашид бат бөх оршин тогтнох байх гэж бодож байна?

-Сүүлийн 30 жил Монголын ард түмэн хоёр ууган намд итгэл хүлээлгэсэн. Юу ч өөрчлөгдөөгүй. Худал ярьдаг улстөрчид, төр дагасан олигархиуд, ядуу зүдрүү ард түмэн, эх захгүй залуустай л улс болж хувирлаа. Он удаан жил Монголыг уруудуулсан хоёр намыг ялахын тулд гуравдагч хүчнүүд бүгд нэг тал болох ёстой. Тэгж байж бид ялах болно. Аль аль талдаа амбицаа нэг шат буулгаад, атгасан шагай шиг болж нэг талдаа гарах хэрэгтэй байна.