Categories
мэдээ цаг-үе

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютерээс ч хурдан боддог

Одоогоос арав орчим жилийн өмнө Их Британийн Royal Holloway коллежийн эрдэмтэд зөгийн дээр хийсэн урт хугацааны судалгааныхаа үр дүнд нэгэн сонирхолтой дүгнэлтийг гаргажээ. Тэдний олж мэдсэнээр “Зөгийний тархи асар хурдан ажилладаг төдийгүй математикийн адармаатай бодлогыг компьютерээс ч хурдан боддог” ажээ. Тэд үүнийг нотлохын тулд зөгийний цэцэгнээс шүүс цуглуулах явцдаа хамгийн богино замыг нь сонгож, хамгийн бага хүч зарцуулж буй чадварыг нь нарийвчлан тооцоолсон байна. Тэдний дүгнэснээр зөгий шүүс цуглуулахдаа хүч чадлаа хэмнэхийн тулд нарийн математикийн тооцоолол дээр хөдөлдөг юм байна. Зөгийний хамгийн дөт замыг сонгож буйг судалгаа хийсэн эрдэмтэд математикийн бодлоготой адилтган үзжээ. Сонирхуулахад, угтаа хамгийн дөт замыг тооцоолон гаргах боломжтой математикийн аргууд бий ч үүнийг бодохын тулд компьютер ашигласан ч нэлээд бэрхтэй, удаан байдаг аж.

ЗӨГИЙНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙ

Зөгийний үүрэнд хатан зөгий, эрэгчин зөгий, эмэгчин зөгий хэмээх гурван төрлийн зөгий байдаг. Нэг үүрэнд 20-60 мянган зөгий амьдарна. Хатан зөгий гурваас таван жилийн настай байдаг бол эмэгчин зөгий зургаан сарын настай. Зөвхөн хатан зөгий л өндөг гаргаж чаддаг бөгөөд зуны улиралд өдөрт 1000-2500 өндөг гаргана. Нэг үүрэнд нэг л хатан зөгий байх боломжтой. Эрэгчин зөгий нь үр удмаа үлдээх л үүрэгтэй. Зөвхөн эмэгчин зөгий бал цуглуулдаг. Эмэгчин зөгийнүүд үүрээ барьж, цэцгийн бал, тоосонцор түүж үүрэндээ авчирна. Цэцгийн шүүснээс гаргаж авсан балаа өвөл идэж хэрэглэнэ. Харин тоосонцортой балаараа авгалдайнуудаа тэжээдэг байна.

ЗӨГИЙНИЙ БАЛ ЦУГЛУУЛАХ АЯЛАЛ

Нэг зөгий бал цуглуулахаар үүрээ орхин явахдаа дээд тал нь найман километр нисдэг. Бидний хэрэглэдэг нэг шил /450гр/ зөгийн балыг гаргахын тулд нэг зөгий, хүн дэлхийг гурван удаа тойрсонтой тэнцэхүйц хэмжээний хол аялж мөн ажилладаг аж. Зөгийний сүрэг 450 грамм бал цуглуулахын тулд нийтдээ 88.5 мянган километр зам туулдаг. Харин энэ хэмжээний балыг цуглуулахын тулд нэг зөгий хоёр сая цэцгэн дээр очдог байна. Түүнчлэн ганцхан халбага зөгийн бал гаргахын тулд найман зөгий бүхэл амьдралынхаа турш зүтгэдэг.

ЗӨГИЙН АЖ АХУЙГААС ЗӨГИЙН БАЛААС ГАДНА 12 ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАН АВДАГ

Манай улсад зөгийн аж ахуй эрхэлдэг 600 аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэд байдаг аж. Монгол зөгийн балны талаар Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа “Монголын зөгийн бал өндөр уулсын зэрлэг цэцэгс, нэн ховордсон эмийн ургамлын охь дээж юм. Дотоодын зөгийн балны 10 хувь нь таримал ургамал буюу рабс, гурвалжин будааных, 90 хувь нь онгон байгалийн зэрлэг цэцэгсийн ургамлын бал. Ургамалжилтын төрлөөрөө далайн түвшнээс дээшлэх тусам антиоксидант чанар дээшилдэг. Энэ нь бидний хэрэглэж байгаа зөгийн бал дахь антиоксидант чанар гэсэн үг. Зөгийн балныхаа антиоксидант чанарыг судлаад алдартай болгочихсон “Манука” гээд бал байна. Эдний зөгийн бал нэг кг нь 400 долларын үнэтэй. Тэгэхээр бид энэ судалгааг хийж Монголын зөгийн балны антиоксидантыг судалж зарлаж байж дэлхийд гаргана” гэсэн юм. Антиоксидант гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал хүн төрөлхтний оршин тогтнох эх үндэс болсон эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо аж. Антиоксидант бүтээгдэхүүн хэрэглэх нь эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эсийн хуваагдлыг хянах, хөгшрөлтийн эсрэг, хорт хавдраас сэргийлэх, дархлал дэмжих, үрэвслийг бууруулах, судас хатуурах эрсдлийг багасгах, хорт нэгдлийг саармагжуулах, хоргүйжүүлэх процессийг дэмжих гэсэн маш олон төрлийн ач холбогдолтой аж.

Зөгийний аж ахуйгаас зөвхөн зөгийн балаас гадна 12 төрлийн байгалийн идэвхт, хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой, эмийн гол түүхий эд болдог бүтээгдэхүүн гарган авдаг байна. Зөгийн жилий, сүүнцэр, цэцгийн хор, лав, зөгийн тоос гэх мэт экологийн цэвэр бүтээгдэхүүн хүний биед нэн тустай аж.

ЗӨГИЙН БАЛ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

Зөгийн балыг 40 хэмээс дээш халааснаар үнэт охь дээжүүдээ алдаж эхэлдэг. Иймд буцалсан халуун усанд хийж ууж болохгүй. Хүйтэн, хүйтэн бүлээн ус, сүүнд найруулж уугаарай. Хөргөгчинд битгий хадгалаарай. Байнга таглаатай байлгаарай. Баланд орчны үнэр амт маш хурдан шингээдэг. Найруулаад 30 минутын дотор уучих, удааж хэрэггүй. Исэлдэлд ороод ямар ч хэрэггүй болно. 24 сар хүртэлх хүүхдэд битгий өг.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

М.Эрхэмбаяр: Ханиад томууг бүрэн эдгээлгүй эмчилгээг дундаас нь хаях маш буруу

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн их эмч М.Эрхэмбаяртай уушгины өвчлөл болон хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.


-Ямар тохиолдлуудад уушги өвчлөх эрсдэлүүд үүсдэг вэ?

-Уушгины өвчлөл үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлст тамхидалт, орчны болон агаарын бохирдол, цаг агаарын тааламжгүй нөхцөл, харшил төрүүлэгчийн нөлөө, халдварын ба халдварын бус архаг хавсарсан эмгэгүүд байна. Сүүлийн жилүүдэд тамхидалт, мэргэжил, ажлын нөхцөл, агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины архаг бөглөрөлт өвчин, вирус нянгийн халдварын шалтгаантай уушгины цочмог өвчлөл үүсч амьсгалын дутагдлаар хүндрэх тохиолдол их байна.

-Манайд ханиад томуу хүрэх нь хэвийн үзэгдэл мэтээр хүлээн авч дур мэдэн эмчлэх асуудал түгээмэл байдаг. Энэ жилийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байгаа нь ханиад томууны тархалтыг бууруулж байна. Гэхдээ цаашид ханиад томуунд хайхрамжгүй хандахгүй байх дадал суух нь чухал байна?

-Санал нэг байна. Энэ жил амьсгалын замын өвчлөл тэр дундаа А хүрээний томуу болон уушгины хатгалгаа өмнөх жилүүдийнхээс харьцангуй багассан тоон үзүүлэлтийг Томуугийн үндэсний төвөөс бидэнд мэдээлсэн. Амьсгалын замын эмгэгийн үед хайхрамжгүй хандаж болохгүй. Хамгийн эхний алхам бол эмчийн зааваргүйгээр антибиотик хэрэглэхгүй байх явдал юм. Өмнө нь өгч байсан шинжилгээнд илэрсэн үүсгэгч буюу нян маань шинэ өвчлөл үүсэх бүрт хувьсаж шинж чанараа өөрчилж гарч ирдэг учраас дараагийн өвчлөлийн үед хэрэглэх нь үр дүн өгөхгүй. Харин ч антибиотикийн тэсвэржилт үүсгэх, дархлаа дарангуйлах нөлөө үзүүлнэ. Ингэснээр гадаад болон дотоод орчноос шинээр халдвар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Тиймээс ханиад, томуу, хатгалгааны үед нянгийн эсрэг эм хэрэглэх үү, вирусийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэх үү гэдгийг эмчид хандан зөвлөж ярилцсаны дагуу сонгох нь зөв шийдэл болно.

-Гэрээр дур мэдэн эмчлэх явдал түгээмэл байдаг. Үүний сөрөг нөлөө яаж илрэх вэ?

-Зарим хүмүүс таньдаг хэн нэгнээс, сошиалаар, аль эсвэл эмийн санчаас зөвлөгөө авч гэрээр дур мэдэн эмийн бэлдмэл хэрэглэн өөрийгөө болон өрөөл бусдын эрүүл мэндэд хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Ингэснээр тухайн өвчнийг цааш даамжирах, дахин халдвар авах, уушгинд идээ, буглаа хурах эрсдэлийг нэмэгдүүлэх, улмаар уушгиа тайруулах мэс ажилбар хүртэл хөндөгддөг. Тасагт маань дээрх өгүүлэмжтэй хүмүүс уушгины хатгалгаа өвчнөөр хүндэрч эмнэлэгт их хандаж байна. Иимээс нарийн мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээг эмчийн зөвлөвлөсний дагуу тун, цаг, хоногийг нэг бүрчлэн баримталж, эргээд эмчтэйгээ эргэх холбоо үүсгэж давтан үзүүлэх, товлосон хугацаандаа заавал ирж хамрагдах хэрэгтэй. Ингэснээр тухайн эмчилгээг үргэлжлүүлэх, зогсоох асуудал яригдсанаар хожим уушгинд архаг, цочмог өвчнөөс шалтгаалсан хуучин өөрчлөлт үлдэхгүй байх нөхцөлийг хангаж өгнө. Зарим хүмүүс давтан товлосон хугацаандаа ирэхгүй байх, эмчилгээг дундаас нь орхих, тасалдуулах гэх мэтээр хүндрүүлж өвчнийг архагшихад хүргэдэг.

-Уушгиа хамгаалах, ханиад томуунаас сэргийлэхийн тулд хэрхэх шаардлагатай вэ?

-Хамгийн гол нь өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх асуудал чухал юм. Нэгдүгээрт, аливаа архаг өвчний сэдрэл болон халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Бидний гар бүх гадаргуунд хүрэлцэж байдаг тул халдвар тараах гол эх сурвалж болдог. Одоогийн вирусийн халдварын нөхцөл байдал ард иргэдийн ариун цэвэр баримтлах тухай ойлголтыг нэмэгдүүлж байгаа нь маш сайшаалтай байна. Хоёрдугаарт, жилийн дөрвөн улиралдаа зохицуулж хувцаслах, ялангуяа өвлийн улиралд хүүхдүүддээ малгай, ороолт, бээлийгээ өмсөж явж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Гуравдугаарт, гадуур хооллохоос татгалзаж гэртээ аминдэмээр баялаг баталгаатай, олон хоногоор хадгалаагүй хүнсээр бэлтгэсэн хоолоо ажил руугаа авч явж хэвших нь зөв. Ялангуяа антиоксидант буюу витамин С, Е агуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар, ургамлын тос, какао, улаан дарс, ногоон цай зэрэг бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэх нь илүү тохиромжтой. Хоол тэжээлд агуулагдах антиоксидантууд нь амьсгалын зам эрүүл байх, эхээс урагт нөлөөлөхөөс гадна, астматай хүүхэд, насанд хүрэгчдэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон насанд хүрэгчдийн уушгины архаг бөглөрөлт өвчинтэй хүмүүст ашигтай байдаг. Мөн өдөрт хоёр литрээс доошгүй хэт халуун, бас хүйтэн бус халуун бүлээн ус ууж хэвших хэрэгтэй. Дөрөвдүгээрт, гэр, ажлын нөхцөлд сода, давс, царван, сармис, нимбэгний уусмалаар ам, хоолой, залгиурыг зайлж байх нь зөв. Тавдугаарт, орчны чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэл гурван цаг тутамд хийж байх, ихэнх халдварын үүсгэгч агаарт болон гадаргууд гурав ба түүнээс дээш цагаар хадгалагдаж байдаг. Түүнчлэн, амьсгалын дасгал хийж сураарай. Энэ нь эрүүл, эсвэл уушгины эмгэгээр өвдсөн аль ч үед биеийн ачаалал тэсвэрлэх чанарыг дээшлүүлэх, хүчилтөрөгчийн хангамжийг зохицуулах, ачаалалд амьсгаадахыг намжаан хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх, гар хөл болон амьсгалын булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлж хүчийг сайжруулах, өвчний дахилтыг бууруулах, тайвшруулах давуу талуудтай. Үүнээс гадна улирлын томуугийн вакцин хийлгэхэд эсрэг заалтгүй бол хавар гурван сард болон намар аравдугаар сард томуу өвчний дэгдэлт явагдхаас өмнө хийлгэх хэрэгтэй. Халдварт өвчин тархаж дэгдсэнээс хамааралгүйгээр олон нийтийн газар амны хаалт 2-3 цаг тутамд сольж хэрэглэж хэвших зэрэг өөрөөс шалтгаалах хамгийн энгийн алхмуудыг хийж дадсанаар хүн бүр өөрийгөө болон хайртай гэр бүлийнхээ хүмүүсийг уушгины өвчлөлөөс бүрэн сэргийлж, хамгаалж чадна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн 9 дүүргийн орон сууц, гэр хорооллын дундах нарийн зам, гудамж талбай, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий амралтын талбай, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан сувгийн халдваргүйтгэлийн ажлыг эхлүүллээ.

Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу өчигдрөөс эхлэн дүүрэг бүрт өдөр бүр нэгэн зэрэг явганаар халдваргүйтгэлийн ажлыг хороо, хэсгийн ахлагчийн хяналтан дор явуулж байна. Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилтан ажилагсдад хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд, “Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань тангараг өргөсөн эр цэргүүдийнхээ нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна. Дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбар хэлэх үгтэй, хийсэн ажилтай тодруулбал, үйл ажиллагааны хөтөлбөрөө 95 хувь биелүүлсэн амжилтаар угтаж байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар 5 зорилт бүхий 21 ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм.

Эх, хүүхдийн эндэгдэл эрс буурлаа. Хүүхдүүдийхээ шүдийг эрүүлжүүлэх, ард иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах , цалин мөнгө нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй оронд сургалтанд хамруулах зэрэг цогц ажлыг бид хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Хэдийгээр манайд коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд коронавирусын халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон юм. Дэлхий нийтийг хамарсан олон олон халдварт өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эрүүл мэндийн салбар энэ удаад ч “COVID-19″-г ялна гэдэгт итгэл төгс байна. Эмчилгээний эхний дүн ч гарч ард иргэд маань цаг мөч тутамд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна. Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхий даяар 14 минут тутамд нэг хүн коронавирусийн халдвар авч байна”

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар өвчлөл 201 улс оронд бүртгэгдээд байна. Дэлхий даяар 14 минут тутамд нэг хүн коронавирусийн халдвар авч, 20 минут тутамд нэг хүн үүний улмаас эндэж байна” гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий даяар 575,400 тохиолдол бүртгэгдсэн. АНУ, Итали улс Хятад улсыг давсан бол Испани, Итали улсад нас баралтын тохиолдол нь Хятад улсаас 1-3 дахин их байгаа. БНХАУ-д дотоод халдвар гарахгүй байгаа ч импортлогдох тохиолдлоос сэргийлэх зорилгоор олон улсын нислэгүүдээ багасгаж байгаа юм” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

Тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв зэрэг нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

Одоогийн байдлаар 220 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тусгаарлалтад байна” гэв.

Мөн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна гэдэг сайхан мэдээ дуулгая гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд та дараах амны хаалтыг зөв хэрэглэх зөвлөмжийг дагаарай.

Амны хаалтыг зүүхийн өмнө гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч, эсвэл савангаар угаана.
Амны хаалтыг хамар, амыг бүрэн хааж, завсар гаргахгүйгээр зүүнэ. Амны хаалтыг зүүсэн үедээ гараа хүргэхгүй. Хүрсэн тохиолдолд гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаана.
Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шинээр солино. Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэж болохгүй.
Амны хаалтыг тайлахдаа (урд хэсэгт хүрэлгүйгээр) чихний арын хэсгээс татан авч шууд хогийн саванд хаяна. Дараа нь гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч, эсвэл савангаар угаагаарай.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 47 газрыг Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Төрийн үйлчилгээ цахимжиж, илүү ил тод нээлттэй, шударга явагдах боломж бүрдэж байгаа нь энэ удаагийн цахим дуудлага худалдааны давуу тал болж байна.

Энэ оны эхний 11 байршлын нийт 9.26 га газрын дуудлага худалдаа ирэх сарын 8-нд 9 цагт Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn цахим хуудсаар явагдана. Уг дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг дээрх цахим хуудсаар бүртгэж эхэлжээ. Дуудлага худалдааны зарчим болон оролцогчдын анхаарах зүйлсийн талаар НГЗБА-ны Хот байгуулалтын мэргэжилтэн Ц.Ундрахаас тодрууллаа.

-Газрын анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?

-Засгийн газар, БХБ-ын сайдын тушаалын дагуу нийслэлийг 16 бүсэд хувааж, дуудлагаар худалдах газрын хэмжээ, зориулалт, итгэлцүүр зэрэг олон зүйлээс хамаардаг. Итгэлцүүр гэдэг нь тухайн газар дэд бүтэц, зам харилцаа нийгмийн анхан шатны үйлчилгээ, хүн амын төвлөрөл, ирээдүйд өсөх бизнесийн үнэ цэн олон хүчин зүйлээс шалтгаална. Жишээ нь, нэг газрын БХБ-ын сайдын тушаалын дагуу тогтоосон анхны үнэ 1 сая төгрөг байвал 0.1-1 үнэлгээний итгэлцүүрээр дахин тооцно. 1 гэсэн үнэлгээнд хүргэхгүй бол анхны үнийг 1 сая төгрөгөөс бууруулна. Түүнээс илүү бол өснө гэсэн үг.

–Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа цахимаар зохион явуулахад үүсэх давуу тал бий болох вэ?

-Орон зай цаг хугацааны хувьд хамаарахгүйгээр худалдан авагч шууд оролцох боломжтой. Хувь хүн бол оролцох хүсэлт, дэнчингийн мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэх, байгууллага бол гэрчилгээгээ цахимаар илгээхэд л болно. Мөн иргэд өмчилсөн газраа www.unegui.mn болон бусад зарын цахим хуудсаар зардагтай ижилхэн www.mle.mn цахим хуудсаар дамжуулан борлуулах боломжтой. Энэ хуудсанд бүх бичиг баримтын зөрчилгүй газрын зарыг хүлээн авах тул илүү баталгаатай гэсэн үг. Газраа борлуулж буй иргэн өөрийн газрын байршлаа дээр дурдсан 16 бүсийн аль хэсэгт байгааг харж, дуудлага худалдааны анхны үнэтэй харьцуулах, зах зээлийн үнэлгээгээ тогтоох боломжтой.

-Ирэх сарын 8-нд болох цахим дуудлага худалдааны талаар?

-Ирэх сарын 8-нд болох дуудлага худалдаа 09.00 цагт үнийн саналыг хүлээн авч эхэлнэ. Санал авах сүүлийн хугацаа 15.00 цагт дуусмагц систем 1 минут хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдааг автоматаар хааж, хамгийн сүүлд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч газраа авна. Хэрэв нэг минутад оролцогч үнийн санал илгээвэл дахин нэг минут хүлээх зарчим баримтална. Дээрх зарчмаар 17.00 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч ялагч болно. Зарим оролцогч би 15.00 цагт үнийн саналаа илгээсэн байхад яагаад ялагч болсонгүй вэ гэсэн асуудал тавьдаг. Гэтэл хүлээлтийн нэг минутад өөр оролцогч санал ирүүлж, газрыг авсан тохиолдол бий. Тэгэхээр иргэд дээрх зарчмыг сайтар ойлгох хэрэгтэй.

-Үнийн саналаа өгсний дараа өөр хүн илүү үнэ ирүүлснийг яаж мэдэх вэ?

www.mle.mn цахим хуудсанд тухайн байршилд ирсэн үнийн саналууд тухай бүрт нь гарна. Гэхдээ оролцогчийн нэр биш сайтад бүртгүүлсэн дугаар нь үнийн саналын хамт харагдана.

-Оролцогчид өөр юунд анхаарах шаардлагатай вэ?

–Иргэн, аж ахуйн нэгж www.mle.mn цахим хуудсанд хандаж иргэний үнэмлэх, байгууллага бол гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж болох 12 мянга 500 төгрөг, дэнчингийн мөнгөө тушаасан баримтаа скайнердаж оруулна. Цагийг нь тулгаж хүсэлт илгээсэн тохиолдолд Төрийн санд дэнчингийн мөнгө болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай мэдээлэл нь орохгүй удах тохиолдол бий. Ингэснээр тухайн хүний мэдээллийг баталгаажуулахад хүндрэл үүснэ. Тиймээс хэрвээ та дуудлага худалдаанд оролцох гэж байгаа бол ирэх сарын 8-ны 08.30 цагийг хүлээхгүйгээр хүсэлтээ илгээх хэрэгтэй. Дуудлага худалдаанд ялагч болсон иргэн долоо хоногийн дотор манай байгууллагад ирж, гэрээ байгуулах, ялагч болсноосоо хойш 14 хоногийн дотор газрынхаа үнийг бүрэн төлөх ёстой. Төлөхгүй бол гэрээ хүчингүй болохоос гадна дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй.

-Дэнчингийн мөнгийг хэрхэн тооцох вэ?

-Дэнчинд тухайн газрын анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө төлөх ёстой. www.mle.mn цахим хуудсанд дуудлагаар худалдах газруудын байршил, зориулалт, анхны үнэ зэрэг бүх мэдээлэл бий. Дуудлага худалдаанд оролцоод ялагч болж чадаагүй бол дэнчингийн мөнгийг буцаан өгнө.

– Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж буй 11 байршил газрын зориулалтын тухайд?

– Дуудлагаар худалдах газруудын зориулалт, архитектурын төлөвлөгөөг бүгдийг баталсан. Ирэх сарын 8-нд үүрэн холбооны станц, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ШТС, орон сууц, өвлийн аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтын газрыг худалдах юм.

-Дараагийн дуудлага худалдаа хэзээ болох вэ?

-Дараагийн дуудлага худалдаа ирэх сарын 23-нд болно. Дуудлага худалдааны мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан байгаа. Ерөнхийдөө 47 байршлийн дуудлага худалдааг энэ оны эхний хагаст цахимаар зохион байгуулна. Цахимаар борлуулагдаагүй газруудыг дараагийн хагаст танхимын дуудлага худалдаанд оруулах юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ 500 мянган амны хаалт, таван мянган оношлуур бэлэглэлээ

“COVID-19” халдвартай тэмцэхэд зориулж Монгол Улсад БНХАУ-аас 830 мянган юаны үнэ бүхий эд материалын тусламжийг хүлээлгэн өглөө. Үүнд 500 мянган амны хаалт, 5000 түргэн оношлуур болон хамгаалалтын хувцас багтаж байгаа аж. Монгол Улсад тусламж илгээж буй нь дэлхий нийтэд халдвар тархаж эхэлснээс хойш хоёр улс хамт байж, харилцан нэг нэгнээ дэмжиж ирсний илрэл гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тусламжийг халдварын эсрэг тэмцэж буй төрийн байгууллагын албан хаагчдад олгох аж. Улсын онцгой комиссын дарга “БНХАУ-д “COVID-19” анхлан дэгдэхэд монгол хүн бүрийн сэтгэл түгшиж байсан. Гэхдээ БНХАУ-ын төр засаг, ард түмэн тархалтыг хяналтадаа авч, олон мянган хүнийг эдгээж чадсан. Энэ нь Монголын төр засаг, ард түмэнд халдварыг зогсоож чадна гэсэн итгэл өгч байна” гэлээ.

Түүнчлэн Монгол, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийг тасралтгүй үргэлжлүүлэх зэрэг ажлыг чухалчлан ажиллах цаг болсныг дурдлаа. Коронавирусын халдвар нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүнд сорилт. Хятадын ард түмэн нэгдсэн удирдлага дор эв санаа нэгдэн тэмцсэний хүчинд халдварын тархалтыг тогтоон барьсан гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хандив гардуулах үеэрээ онцлов. Тэрбээр “Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж, асар их сэтгэлийн болон эд материалын дэмжлэг олгосон. Бидний өнөөдрийн амжилт монголчуудын дэмжлэгтэй салшгүй холбоотой. Монгол Улсын Засгийн газар “COVID-19” халдвартай тэмцэж, дотооддоо тархаахгүй барьж чадаж байгаа. Хятадын төр засаг, ард түмэн монголчуудтай хамт байх болно гэдгээ илэрхийлж байна” хэмээв.

Тусламжийн багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх баримт бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь нар гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ бага зэрэг буурчээ

Нийслэлийн статистикийн хороо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний долоо хоног тутмын үнийн судалгааг танилцуулдаг билээ. 2020 оны гуравдугаар сарын IV долоо хоногт:

Махны үнэ:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9694 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 386 төгрөгөөр (3.8%), хонины цул махны үнэ 387 төгрөгөөр (4.1%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянга 500 төгрөгөөр худалдаалж байна.

  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 616 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 490 төгрөгөөр (4.1%)
  • Үхрийн цул махны үнэ 671 төгрөгөөр (4.7%) тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.

Харин гурилын үнийн хувьд:

2020 оны гуравдугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-2000 төгрөг
  • 1-р зэргийнх 1179-1500 төгрөг
  • 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1400 төгрөгийн үнэтэй байна. “Хархорин” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

2020 оны гуравдугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.7 хувиар буурч 947 төгрөг, монгол лууван 3.2 хувиар өсч 1847 төгрөг, байцаа 0.5 хувиар өсч 1920 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийгөөс ирсэн эмэгтэй хуулийн хариуцлага хүлээнэ

Баян-Өлгий аймгийн харьяат эмэгтэй тусгаарлалтаас гараад өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах ёстой байтал хугацаа дуусахаас өмнө өөр хүний бичиг баримтаар онлайнаар тасалбар бичүүлж, Улаанбаатар руу ирж явсныг онцгой байдал болон цагдаагийн байгууллага илрүүлжээ. Тус эмэгтэйг 22-ын товчоогоор өчигдөр /2020.3.27/ орой орж ирэхэд нь саатуулсан бөгөөд автобусыг ариутгасан байна. Мөн зорчигдоос халуурсан, сэжигтэй тохиолдол илрээгүй тул гэрт нь тусгаарласан байна. Харин тус эмэгтэйг Багабаян амралтын газарт тусгаарласан бөгөөд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа ажээ.

Мөн уг иргэнд Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна.