Categories
мэдээ улс-төр

Барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж бүрдэнэ

УИХ-ын гишүүд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Н.Учрал: -Оюуны өмчийг айлын шоовдор хүүхэд шиг үзээд өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийг төрөлжүүлэхэд хамгийн гол түлхэц болдог салбар. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд орж ирээд “Та нар манай оюуны өмчийг хамгаалж чадах уу?” гэж асуудаг. Энэ хууль эцсийн хэлэлцүүлгээр батлагдавал материаллаг бус баялгийг барьцаанд тавих, оюуны өмчийн мэргэжлийн үнэлгээчид бий болж, барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж бүрдэнэ. Оюуны өмчийн биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод хийх боломжтой.

Б.Бат-Эрдэнэ: –Олон улсын гэрээ конвецтэй нэгдсэнтэй уялдан ямар хэмжээний зохион байгуулалт хийгдэх вэ? Миний шавь Өсөхжаргал олон улсад монгол нэртэй сунгалтын дасгалын төрөл бий болгосон. Дэлхийн 20 гаруй улсад уригдаад хчиээл заадаг, Монголд байгуулсан клуб дугуйланд нь хүмүүс хамрагдадаг. Гэвч оюуны өмч патентыг нь авч чаддаггүй юм байна.

Н.Учрал: -Манай улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүнээр элссэн. Гишүүн орны хувьд утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах конвенц, бүтээгдэхүүний ашигтай загвар, шинэ бүтээгдэхүүнийг баталгаажуулж буй Парисын хэлэлцээрт нэгдсэн орон гэдэг утгаар шинэ патент зөвшөөрөл баталгаажаад явдаг. Шинэ төрөл дасгал гаргаж байгаа бол тэр онцлогоо харуулсан бүтээлээ Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн газарт бүртгэлээд явах боломжтой. Дэлхийн оюуны өмчийн газраас “Танай улсын хоёр эрдэмтэг шинэ технологио явуулсан. Америкийн хоёр компаниас хөрөнгө оруулах хүсэлт ирүүлсэн. Монгол Улс инновацийн индексээр 14 байр урагшилсан. Танай төр засгийн удирдлагууд баярлаж байгаа биз дээ гэсэн. Баярлаж байгаа гэсэн, энэ ч утгаараа хуулийг баталж өгч байгаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга нар уулзлаа

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч хатагтай Симонетта Соммаругатай уулзлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн асуудлаар санал солилцож, усны хомсдол үүсэхээс сэргийлэх, тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг олон улсын эвсэлд нэгдэх зэрэг асуудлаар ярилцсан юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжиж ажиллахаа, мөн Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг өргөтгөх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ спорт

Монголын хоёр дугуйчин эхний гуравт багтжээ

Монголын дугуйн шигшээ баг тамирчид Тайланд улсад зохиогдсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна. 92,3 км зайд орон орны шилдгүүд хурд сориход Монголын хоёр дугуйчин эхний гуравт багтжээ.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц 2 цаг 9 минут 42 секундийн амжилтаар түрүүлсэн бол “Хас банк” дугуйн клубийн тамирчин, ОУХМ Э.Билгүүнжаргал гуравдугаар байрт хурдлав. Мөн спортын мастер Б.Гантөмөр (“Хас банк” дугуйн клуб) 9-р байр, Б.Идэрболд (“Аттила” дугуйн клуб) 17-р байрт шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

​ Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өчигдөр Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн барилаа.

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөл 10 бүлэг, 60 зүйлтэй. Үүнд, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчилсан, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг тусгахаас гадна хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зохицуулалт орсон байна.

Мөн хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг томьёолон тусгаж, хот байгуулалтын талаарх, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.

Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох бүх газруудад хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлж, санал авчээ.

Монгол Улсын Их Хурлаас Хот байгуулалтын тухай хуулийг анх 1988 онд баталсан юм. Хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, баталснаас хойш 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” байгууллагын ерөнхийлөгч Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганыг зохион байгуулдаг “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын ерөнхийлөгч ноён Бөргэ Брендийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Геополитикийн асуудлаар голчлон ярилцсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евразийг холбосон Монгол Улсын автозам, өдгөө өргөжиж буй төмөр замын сүлжээний талаар болон Монгол Улс дахь эрчим хүчний нөөц боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Нар, салхины эх үүсвэр бүхий цахилгаан үйлдвэрлэлээр дамжуулан Зүүн хойд Азид хямд эрчим хүч нийлүүлэх “Супер сүлжээ” санаачилга нь бүс нутгийн хэмжээнд сонирхол татахуйц, мөн Монгол Улсын дэд бүтэц нь Евразийг холбосон чухал зангилаа гэдэгтэй ноён Бөргэ Брэнд санал нэгдсэн юм. Улмаар Индонез улсын Жакарта хотод зохион байгуулахаар төлөвлөж буй “Зуны Давос”-ын үеэр дэд бүтэц болоод эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдэд хөрөнгө оруулалт татах, улс орны оролцоог нэмэгдүүлэх үүднээс тусгайлан салбар хуралдаан зохион байгуулах асуудлаар ярилцаж, тохиролцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэргэн: Э.Бат-Үүлийн эсрэг гомдлыг шалгахдаа цагдаа, прокурор маш олон хууль зөрчсөн

“Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гомдлоор Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ гаргажээ. Шүүхээс ямар шийдвэр гаргав. Та Э.Бат-Үүлийн өмгөөлөгчөөр энэ хэрэг дээр ажилласан байх аа?

-Өмнөх Ерөнхийлөгч нарын хувьд иргэдээ нэр төрд халдлаа, гүтгэлээ гэж цагдаа шүүхээр шалгуулж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Энэ удаагийн манай Ерөнхийлөгч хэтэрхий эмзэг байна уу, юм л бол иргэдээ “Нэр төрд халдлаа” гэж шалгуулдаг уламжлалтай болчихлоо.

Өмнө нь бас иргэн Ц.Уянгыг гүтгэлээ гэж шалгуулж цагдаагаас хоёр сая төгрөгийн торгууль тавьсан. Уг хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцааж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү дахиад хэрэг хэлэлцэхээр буцаагаад байна. Э.Бат-Үүл гуайг үүнтэй адилхан хэлбэрээр “Гүтгэлээ” гэж цагдаад хандаж, яг саяныхтай адил шийдвэр шүүхээс гарсан. Энэ удаагийнх бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Бат-Үүлийг өөрийг нь гүтгэлээ гэж гомдол гаргасан.

Тэгэхээр Э.Бат-Үүл гэдэг хүний эсрэг Ерөнхийлөгч, Ерөнхиийлөгчийн Тамгын газрын дарга хоёроос гомдол гаргаж, тус бүр хоёр сая төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулчихаад байна.

Анхан шатны шүүхээс “З.Энхболдыг гүтгэсэн нь үнэн байна гэсэн Цагдаагийн байгууллагаас торгосон шийдвэр нь үндэслэлтэй байна” гээд шийдвэрийг хэвээр үлдээгээд байсан. Давж заалдах шатны шүүхэд манай талаас гомдол гаргасны дагуу хуралдаан болж “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж үзлээ. Ийм л үйл явдал өрнөж байна.

Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын даргатай холбоотой асуудал дээр бол сая шийдвэр гарсны дараа бодож байлаа. Өөрсдийг нь томилдог шүүгч нар өөрийнх нь эсрэг шийдвэрийг шударгаар гаргаж чадна гэдэгт итгэж байдаг би ямар гэнэн хүн бэ гэж. Ингэж бодоход хүрсэн хэд, хэдэн шалтгаан байгаа.

Дээрх гурван тохиолдолд шийдвэрийг нь цагдаа гаргаж, гурвууланг нь торгосон. Гэтэл энэ бүх ажиллагаа хууль тогтоомжид заасныхаа дагуу ямар ч эргэлзэх зүйлгүйгээр тогтоогоод шалгаад явсан бол бид давж заалдаад байх шаардлага алга. Хүний урамд нэг ширхэг ч хууль зүйн үндэслэл, процессын зөв ажиллагаа явагдаагүй.

Баримт нотолгоонууд нь бүгд худал, байж болохгүй процессын алдаатай. Ерөнхийлөгчийн гомдлыг шийдэхийн тулд цагдаа, прокурор, шүүхтэйгээ нийлж байж Үндсэн хууль, бусад хуулийг уландаа гишгээд нулимж болдгийг харуулсан.

-Тухайлбал?

-Ганц жишээ хэлэхэд цагдаа, прокурор хоёр хэргээ шалгаж дуусаад хоёр сая төгрөгөөр торгосон. Гомдол гаргахаар хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Түүний дараа өөрсдийнхөө алдааг олж харангуутаа “Шүүхэд байгаа хэрэгтэй танилцах” нэрээр очихдоо нөгөө хавтаст хэргээс зарим зүйлийг баллуурдаж зассан байдаг. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг өөрчлөх, засах, хаяж үрэгдүүлэх, зохиож оруулах нь Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг. 1-5 жилийн хорих ялтай.

Харамсалтай нь Ерөнхийлөгчийн гомдлыг шийдэхийн тулд өөрсдийгөө золиосонд гаргаж байгаа хэрэг үү. Ингээд шүүгч ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, шийдвэр дээрээ бичсэн байгаа юм. “Хавтаст хэргийг баллуурдаж янзалсан байгаа нь Б.Мэргэн өмгөөлөгчийн гаргаж байгаа нотлох баримтаар тогтоогдож байна” гээд.

Нэгэнт шүүгч ингэж үзсэн бол тэр баримтыг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хэргийг прокурорт буцаачихсан.

Тэгвэл өөр нэг хэрэг дээр нь баримт баллуурдаагүй, хуурамч нотлох баримт зохиож оруулж ирээд биччихсэн байдаг. Э.Бат-Үүлийн өгөөгүй мэдүүлгийг өгсөн болгож зохиож бичээд, хэргийн материалд хавсаргаж түүн дээрээс үндэслээд шийдсэн. Энэ бол хоёрхон жишээ. Үүний цаана гурван хэрэг нийлбэл арав, арван жишээ байж болно.

-Гүтгэх заалттай холбоотой маргаан одоо ч үргэлжилсээр байна. Таны хэлдгээр Төрийн тэргүүн иргэн бүрээ шүүх, цагдаад шалгуулж байгаа нь эмзэглэмээр ч нөгөө талаар гүтгэж доромжилсон бол эрхээ хамгаалах эрх бүх хүнд бий?

-Гүтгэх, доромжлох заалт гэмт хэрэг байсан нь үнэн. Олон улсын эрх зүйд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ бусад баримт бичгүүдэд хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Тэр эрх чөлөөг нь тасалдуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь боомилох, хэвлэлийн ч юм уу иргэдийн амыг хамхихын тулд торгодог, хорьдог, ял өгдөг байж болохгүй. Энэ бол олон улсын зарчим.

Тийм учраас ихэнх улсад хэрэв гүтгэсэн доромжилсон гэж үзэж байгаа бол түүнийг Иргэний хэргийн шүүхэд ханддаг. Тэр байтугай гомдол гаргагч гомдлоо нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болох ёстой гэж үздэг. Гэхдээ бүр зориуд санаатай гүтгэх зорилготой үйлдсэн бол өөр хэрэг. Үүний ялгаа заагийг олох ёстой.

Гүтгэх заалт анх Эрүүгийн хууль дээр байснаа Иргэний хууль руу оруулъя гэдэг санал санаачилга гарч эхэлсэн байдаг. Гэтэл эсэргүүцэл үүсээд тэгвэл ядаж зөрчил болгоё гээд торгодог болсон. Одоо болохоор зөрчил нь болохгүй байна гээд Эрүүгийн хууль руугаа орууллаа. Зөрчил ч бай, гэмт хэрэг ч бай гүтгэсэн байна гэж үзвэл нотлох үүрэг нь цагдаа, прокурорт өөрт нь байх ёстой. Нэг хүн хулгай хийчихлээ. Цагдаа тэр хүнийг шалгаж байхдаа “Чи хулгай хийгээгүйгээ нотол” гэдэггүй биз дээ.

Хулгай хийснийг нь прокурор, цагдаа тогтоогоод шүүх рүү шилжүүлдэг. Гэтэл Зөрчлийн хуулийн гүтгэх заалтаар “Э.Бат-Үүл ээ, чи энэ бичсэн мэдээллийнхээ үнэн гэдгийг нотол” гээд байгаа. Уг нь гомдол гаргагч, эсвэл цагдаа нь нотлох ёстой. Э.Бат-Үүл гуайн хувьд ганц юмыг хүссэн. “Би ингэж бичсэн нь үнэн. Худал гэдгийг та нар тогтоогоод өг. Хэрэв намайг худлаа хэлсэн гэж байгаа бол би хариуцлага хүлээе” гэж байгаа. Гэтэл эсрэгээрээ “Э.Бат-Үүл мэдээллээ нотолж чадахгүй байна” гээд торгохоор болж байна.

-Тэгвэл гүтгэх заалт Иргэний хуулиар зохицуулагдах нь зөв гэж үзэж байна уу?

-Тийм. Иргэний хуулиар шийдүүлэх нь тухайн гомдол гаргагч хүн зөрчигдсөн эрхээ сэргээж чадна. Иргэний хууль дээр гүтгэсэн гэж үзвэл няцаалт хийх, уучлалт гуйх, сэтгэл санааны болон бусад хохирлуудыг барагдуулах гээд зөрчигдсөн гээд байгаа эрхээ сэргээх боломжтой.

Харин Зөрчлийн хуулиар торгочихоор ямар ч эрх сэргэхгүй, торгосон хоёр сая төгрөг нь улсын санд орчихно. Эрүүгийн хуульд ч тэр.

-УИХ-ын асан Д.Гантулгын хэрэгтэй холбоотой шинжээчдийн шүүх хурал хоёр өдөр үргэлжиллээ. Шүүхийн шинжилгээний шинжээчидтэй холбоотой маргаан их байдаг. Танай фирм хохирогчдын өмгөөлөгчөөр оролцсон. Хохирогчдын эрх сэргээгдэж чадав уу?

-Шүүх шинжилгээний байгууллагын дарга, ажилтнуудтай холбоотой хардлага, сэрдлэг аль ч уед байдаг. Зарим тохиолдолд томоохон зөрчлүүд илэрлээ гээд хэвлэлээр шуугиад өнгөрдөг. Бүр дарга нар нь том хэргүүдэд холбогдож анхан, давах шатны шүүх дээр ял авчихаад Улсын дээд шүүх дээр цагаадаж байсан тохиолдол ч байдаг. Манай фирмийн хувьд энэ төрлийн хэрэг анхных байлаа.

Д.Гантулга гэдэг хүн хүчингийн гэмт хэрэг үйлджээ гэсэн гомдол 2017 оны зургаадугаар сарын 22-нд анх цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Түүний дагуу хэрэгт шинжээч томилсон. Шинжээчдийн хувьд хохирогчийн биенээс болон хувцаснаас дээж аваад шинжилгээ хийхэд ямар нэгэн эр бэлгийн эс илрээгүй. Тэгэхээр энэ бол хүчингийн хэрэг биш байна гээд маш богино хугацаанд хэрэг хаагдсан.

Бид Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар хэргийг сэргээсэн. Ингээд шалгалтын ажил үргэлжилж, дахин шинжээч томилсон байдаг. Энэ явцад өмнөх шинжээчийн дүгнэлт гаргасан дэвтэр, бусад нотлох баримтыг шалгаж үзсэн.

Гэтэл хэд, хэдэн ноцтой асуудлууд гарсан. Хамгийн эхэнд хохирогчийн биеийн ямар хэсэгт үзлэг хийв, ямар үр дүн гарав гэдгийг товч тэмдэглэдэг нэгдсэн дэвтэр байдаг. Тэр дэвтэрт бичсэнээр эхний дүгнэлт дээр хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн гэсэн байсан боловч түүнийг нь баллуурдаж байгаад “Илрээгүй” гэж бичсэн байдаг. Хоёрт, компьютер дээрх тэмдэглэлийг мөн баллуурдсан байдаг.

Ингээд Д.Гантулга болон шинжээчдийн хэрэг давхар шалгагдаж гурав жил орчим болсон. Хэргийг прокуророос шүүхэд шинжлүүлэхийн өмнө шүүхийн шинжилгээний албаны дарга, Д.Гантулга хоёрыг шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.

Өнгөрсөн долоо хоног болон энэ долоо хоногийг дамнан болсон шүүх хурал дээр Шүүхийн шинжилгээний нэг хэлтсийн дарга, хоёр шинжээчийн хамт шүүгдэж “Дүгнэлт буруу гаргасан байна” гэдэг үндэслэлээр ял авлаа. Мэдээж шинжээч өөрөө сайн дураараа дүгнэлтийг буруу гаргана гэж байхгүй. Цаана нь ямар нэгэн асуудал байгаа.

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарын нөхцөл байдал ямар байгаа вэ. Хэргийг прокурорт буцаагаад байгаа шүү дээ?

-Анхан шатны шүүхийн шийдвэрээр бол Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл буюу сонгуулийг будилаантуулсан гээд дөрвөн жилийн ял өгсөн. Гэхдээ прокурор хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргээр зүйлчилж оруулж ирсэн. Үүнийг шүүх үзээд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг.

Сонгуулийг будлиантуулахад нөлөөлөх нь хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг. Хоёр өөр гэмт хэргийг хооронд нь хольж зүйлчилсэн нь буруу. Хоёрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх прокуророос оруулж ирсэн хэргийн материалын хүрээнд шүүх хуралдаан явуулна гэж заасан.

Ингэхдээ прокуророос оруулж ирсэн яллах зүйлчлэлийн ялыг хөнгөрүүлнэ, өөр зүйлчлэлээр сольж болно гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэв 82.2 гэдэг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй заалт байгаад прокурор яг түүгээр нь зүйлчилж оруулж ирсэн бол 82.1 болгож өөрчилж болно гэсэн зохицуулалт болохоос биш 82.1 гэж оруулж ирснийг хаа холын 14.9 гэж зүйлчилж болохгүй гэсэн утгатай. Гэтэл шүүх тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн 82.1 чинь 10-20 жилийн ялтай, 14.9 нь 2-8 жилийн ялтай.

Хууль дээр шүүх хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж болно гэж заасан учраас ингэж зүйлчилсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа. Ингэхдээ шүүхээс 82.1 буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хэрэг биш гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа.

Уг нь хэрэг биш юм бол хэрэгсэхгүй болох ёстой зүйлийг хуулиа буруу тайлбарлаад Эрүүгийн хуулийн 14.9-өөр зүйлчилсэн.

Үнэхээр 14.9-ээр зүйлчлэхдээ тулах юм бол хуучин хуулийн 131.1 зүгээр зүйлд заасан Сонгуулийг будилаантуулж сонгуулийн санал хураалтад хууль бусаар нөлөөлөх гэх гэмт хэрэг чинь шинэ хуулийн 14.9. Хэрэв хооронд нь дүйцүүлэх гэж байгаа бол 131.1-ийг 14.9 болгож дүйцүүлж болохоос биш 82.1-ийн 14.9 болгож болохгүй.

Эндээс хэргийг хүчээр шийдэж байна уу гэх хардлага төрж байгаа юм. Энэ нь давж заалдах шатны шүүх дээр батлагдсан гэж үзэж байгаа. Тус шүүхээс Доржзодовыг яллагдагчаар татах эсэхийг тайлбарлаж оруулж хэмээн хэргийг прокурорт буцаасан.

-Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Тэгэхээр А.Ганбаатар, Ц.Сандуй хоёр суллагдах уу?

-Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгочихсон учраас тэр хүмүүсийг хорих уу, үгүй юү гэдэг асуудал яригдана.

Практик дээр ч хууль зүйн үндэслэлээ харсан ч сулладаг. Гэтэл шүүхээс энэ асуудлыг прокурор мэднэ гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр хэргийн материал прокурор дээр очих хүртэл хоёр сар гаруйн хугацаа шаардагдана. Прокурор энэ 30 хоногийн хугацаанд эсэргүүцэл бичихгүй бол суллагдах асуудал яригдах болов уу.

-“Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус ХЗДХЯ-ны байранд нэвтэрч өндөр үнээр тохижуулсан өрөө танхимыг харахыг шаардаад эцэстээ баривчлуулсан үйл явдал уржигдар боллоо. Татвар төлөгч энгийн иргэн төлсөн татварынхаа зарцуулалтыг энэ маягаар шаардах эрхтэй юу. Хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Үндсэн хуульд зааснаар иргэд төрийн байгууллагаас нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах эрхтэй. Татвар, санхүүгийн тайлан тооцоо бол төрийн болон албаны нууцад хамаарах асуудал биш.

Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд иргэд дөрвөн төрлийн мэдээллийг төрийн байгууллагаас шаардах эрхтэй, төрийн байгууллага ил тод өгөх үүрэгтэй. Санхүү, татвартай холбоотой асуудлыг Шилэн дансны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан.

Түүнд зааснаар байгууллага бүр зардлаа цахим хуудаст ил тод зарлаж байх ёстой.Хэрвээ иргэд хардах юм бол аудитын байгууллагаар шалгуулах эрхтэй, аудитын байгууллага шалгалтын хариуг иргэдэд егөх үүрэгтэй. Цаашлаад иргэдээс татварын мөнгийг буруу зүйлд зарцуулсан гэж үзэж байгаа бол энэ талаар шүүхэд ч хандах эрхтэй байдаг.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цаг 40 минутад эхэллээ. Хуралдаанаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Оюуны өмчийн тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-ын тайланг хэлэлцэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг тус газар болон Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас хариуцан танилцуулж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэв.

Хурлаар иргэд, хэрэглэгчдийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар зарим ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар махны үнийн өсөлтийг зохицуулах, дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, худалдаа, үйлчилгээний салбарт тусгай зөвшөөрөл олголт, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх, хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулна. Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах, орон нутагт эдгээр хуулийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутагт тус агентлагийн орон тооны улсын байцаагч, хяналт шалгалтын автомашинтай болгох, компьютер, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж байсан юм.

Ингээд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны үйл ажиллагааны талаархи тайлан, мэдээлэлтэй холбогдуулан дараахь ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөгдсөн байна. Үүнд:

– Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх, хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх.

– Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг орон нутагт улсын байцаагчтай болгох, хяналт шалгалтын автомашинтай болгох, компьютер, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэх.

– Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт махны үнийн өсөлтийг зохицуулах, дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэх зэрэг аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдээс Улсын Их Хурлын байнгын хороонд хандан ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх талаар тодорхой ажил зохион байгуулж танилцуулахыг тус тус үүрэг болгосон байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Титэм вирус мутацид орж, тив алгасан тархаж байна

Хятад даяар 2019-nCoV титэм вирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давсан талаар International Business Times сонин мэдээллээ.

Шинэ төрлийн вирусээр өвчилсөн ихэнх тохиолдол нь Ухань хотод гарсан тул тус хотыг “хааж”, бүх төрлийн тээврийг хориглон, нутгийн оршин суугчдыг онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг сануулсан байна. .

Шинэ төрлийн титэм вирус нь амьсгалын замаар хүнээс хүнд дамждаг нь тогтоогдсон тул Хятадын оршин суугчдыг тусгай хамгаалалтын маск зүүхийг зөвлөжээ. Өвөр Монголын эрх баригчид шнэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор Хөх хотод нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг зах, яармаг, супермаркетуудад тахиа, ангийн мах худалдахыг хоригложээ.

Холбоотой Зураг

Categories
мэдээ нийгэм улс-төр

Д.Гантулга өнөөдөр давж заалдана

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хуал өнөөдөр /2020.01.23/ болно.

Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэг эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн шинжээч эмч нарт холбогдох шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болсон билээ.

ШШҮХ-гийн шинжээч Н.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар өөрчилсөн болох нь мөрдөн шалгалтын үеэр тогтоогдсон аж.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 сая 240 мянган төгрөгөөр тус, тус торгох шийдвэрийг гаргасан юм.