Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хийхгүй

Ирэх сарын 1-нээс буюу хоёрдугаар сарын 1-нээс эхлэн дотоодын шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, өнгөрсөн онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлахаар хуульчилсан. Энэ дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хязгаарлах юм. Хуулийн дагуу бол шилжилт хөдөлгөөний хязгаарлалт долоодугаар сар хүртэл үргэлжилнэ.

Дашрамд дурдахад, одоо УИХ-аар хэлэлцэж буй Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн төсөлд шилжилт хөдөлгөөнийг дахин хоёр сараар хязгаарлах тухай зохицуулалт тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

“НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ.

Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ч.Сайханбилэг олон улсын хуулийн фирмээр өмгөөлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж буй. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргаж, шүүх эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон билээ.

Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллагаас Ч.Сайханбилэгт хуулийн хугацаандаа ирэхийг шаардаж, Интерполоор оршин сууж байгаа байршлыг нь тогтоосон.

Тэгвэл сураггүй болоод байсан Ч.Сайханбилэг Олон улсын хуулийн фирм хөлсөлжээ. Тодруулбал олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэб сайтад мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 63.5 хувийн саналаар баталлаа.

Хуульд, тус комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн комисс нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх төсөв боловсруулж, батлуулах шатлалыг тодорхой заажээ. Түүнчлэн комиссын хуралдааны журмыг нарийвчлах, комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар алхам хийгээгүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизм бий болгох заалт тусгасан байна.

Categories
мэдээ спорт

“One team” клубийн тамирчин Д.Батгэрэл Лас-Вегаст тулалдана

АНУ-ын Лас-Вегас хотын Т-Мobile цэнгэлдэхэд 2020 оны гуравдугаар 8-нд зохион байгуулах холимог тулааны UFC-248 дахь тэмцээнд “One team” клубийн тамирчинД.Батгэрэл тулалдана.

Тулааны урлагийн UFC холбооны ээлжит UFC-248 дахь тэмцээнд хүчээ сорих Д.Батгэрэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат бөгөөд “UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубт харъяалагддаг.

Тэрбээр тахиа жингийн ээлжит тулаанаа өдгөө 40 настай Аргентиний Гвидо Каннетитэй хийнэ. Гвидо Каннетигийн хувьд UFC-ийн замналдаа 12 тулаан хийж 8 ялж, 4 ялагдсан байна. Харин Д.Батгэрэлийн хувьд 8 тулаан хийж 6 ялж, 2 удаа ялагджээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаярыг эгүүлэн татахаар яригдаж буй гурван үндэслэл

Монгол Улсын Ерөнхий прокурор П.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүнийг эгүүлэн татах гурван үндэслэл бүхий хүсэлтээ өнгөрсөн пүрэв /2020.01.2/ гарагт УИХ-д хүргүүлсэн билээ.

Улмаар уг хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо энэ долоо хоногт багтаан хуралдаж, түүний асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлээд буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ямар асуудлаар эгүүлэн татах вэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нууцлаад байсан. Тэгвэл түүнийг,

Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төсөл”-ийг батлахдаа хуралдаагүй, хуралдсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, албан тушаалын байдлаа урвуулан, улмаар 29 иргэн, аж ахуй нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож улсад их хэмжээний хохирол учруулсан гэх,

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан төрийн ордонд амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон гэх,

Гуравдугаарт, Нотлох баримтуудыг задруулж, шалгах ажиллагаанд саад болсон гэх,

тус тус асуудлуудыг үндэслэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдах гэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгч суурилуулах ажил 82 хувьтай үргэлжилж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ, НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулах ажил 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд төхөөрөмжийг гарын авлагын дагуу зөв ашиглах шаардалагатайг онцлов.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 42031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 82.4 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон зургаан өрхийн дуудлагад эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр Тавантолгой түлш ХХК-иас гарч байгаа бүтээгдэхүүнд шинжилгээтэй хяналтыг хийж ажиллаж байна. Шинжилгээгээр түлшний хүхэр, илчлэг, бат бөх байдлыг шинжилэхэд стандартын шаардлага хангаж байна гэсэн хариу гарсан. Түүхий нүүрс түлж байгаа зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд тогтмол хяналт тавьж байна. БЗД-т гурван аж ахуй нэгжийн үнс холигч ажиллахгүй байгаа зөрчил бүртгэгдсэн, СБД-т мөн үнс холигч ажиллаагүй гэсэн хоёр зөрчил илэрсэн. Харин СХД-д зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж байсныг тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мэдрэгч суурилуулсан айл өрхүүд гарын авлагын дагуу ашиглах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл 36.2 хувьтай байна

Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх байдал одоогийн байдлаар 36.2 хувьтай яваа талаар АТГ-аас мэдээлж байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ) шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас энэ оны нэгдүгээр сарын 22-ны 15 цагийн өчигдрийн байдлаар 15.162 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байгаа аж.

Тодруулбал, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод болон Завхан аймгийн ЗДТГ, ИТХ зэрэг байгууллагууд 50-иас дээш хувьтай мэдүүлгээ өгөөд байна.

Мөн мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, агентлагийн дарга 5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 3, бусад 3, нийт 13 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлэн 4:3 хувьтай байна.

АТГ хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна. Төрийн албан хаагчид ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх хугацаа дуусахд 24 хоног үлдээд буйг мөн сануулж байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Монгол Улс “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулсан “Байгаль, хүмүүний төлөөх Засгийн газруудын эвсэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ хэлэлцүүлгийг “National Geographic” нийгэмлэг, “The Wyss” сан, Бүгд Найрамдах Коста-Рика болон Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрууд хамтран зохион байгуулсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХ ҮЕЭРЭЭ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдрийн энэ чухал ач холбогдолтой хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэх завшаан олдсонд нэн талархалтай байна.

Монгол Улс, монголчуудын хувьд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхэлсэн өвөрмөц соёл иргэншлийн явцдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа тахин шүтэж, байгальтайгаа зохицон амьдрахыг эрмэлзэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Түүний дотор тусгай хамгаалалтад газар нутгийг оруулах, түүний ач холбогдлын тухай ойлголт олон зуунаар уламжлагдан ирсэн түүхтэй.

Аль 1294 онд Улаанбаатар хотын урд хэсэгт орших Богд хаан уулыг төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Монголын Их Юань Улсын хаан гаргаж байлаа. 1992 онд Рио-де Жанейро хотноо хуралдсан НҮБ-ын “Байгаль орчин ба Хөгжил” сэдэвт дээд хэмжээний чуулган дээр Монгол Улс “Нийт газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн унаган төрх, онгон дагшин байдлыг хадгалах Шим мандлын нөөц газар (Biosphere reserve) болгон эх дэлхийдээ бэлэг барина” хэмээн албан ёсоор тунхагласан.

Далайд гарцгүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий орнуудын нэг учир Монгол Улс унаган байгалиа хамгаалах, хойч үедээ хадгалан үлдээх чухал арга хэмжээний нэгийг тусгай хамгаалалттай газар, сүлжээг өргөтгөх гэж үздэг. Үүнийг төр, засаг, ард иргэд бүгдээр сайтар ойлгож, хамтран ажиллаж байгаа болно.

Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдал болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцуудын хэрэгжилтийг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтуудыг биелүүлэх тодорхой арга хэмжээг Монгол Улс хэрэгжүүлж ирлээ. Онцлоход Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн зорилтоо ахиулан тодорхойлсон анхдагч улсуудын нэг Монгол болж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14 хувь бууруулахаар тооцсон байсныг 22.7 хувь бууруулах зорилтыг тодорхойлж, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод оролцогч талуудын 25 дугаар бага хурлын үеэр албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэхүү зорилт болоод Биологийн олон янз байдлыг хамгаалах Үндэсний хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудад улсын тусгай хамгаалалттай нутгийн эзлэх хувийг 2030 оны байдлаар 30 хувь болгох зорилтыг тусган хэрэгжүүлж, эрхзүйн таатай орчныг бий болгоод байна.

Монгол Улсад өнөөгийн байдлаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ нийт нутгийн 20, орон нутгийн хамгаалалтад авсан газрыг оруулбал 30 хувьд дөхөөд байна. Эдгээр нутгууд нь анхдагч экосистемийн төлөв байдлыг хадгалсан тулгуур газар нутаг болж, экосистемийн үйлчилгээний өвөрмөц голомт нутгийн үүргийг гүйцэтгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг саармагжуулахад Тусгай хамгаалалттай газар нутгийн хувь нэмрийг тооцох зорилгоор 2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн 170 гаруй улс орныг хамруулан хийсэн судалгаагаар Монгол Улс хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн. Энэ чиглэлээр манай хийж буй ажлын бодитой үр дүн гэж үзэж болно.

Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна.

2020 он бол дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудлаар чухал шийдвэрүүд гаргах, нэгэнт гарсан хамтын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад чухал жил болох учиртай. Дэлхий нийтээр 2020 оныг SUPER YEAR гэж тодорхойлсон.

Монголчууд бид дэлхийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах үйлсэд нэгдэн далай, тэнгисийн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх нь энэ цаг үед чухлыг онцлохын ялдамд Далайн улс орнуудыг энэ эвсэлд нэгдэхийг уриалж байна. Нэг дэлхий, нэг байгаль, нэг л орчин бидэнд бий.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэж хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энх-Амгалан: Хуйвалдаж хулгай хийдэг цаг үе өнгөрсөн

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Таныг төсвийн мөнгөөр гэр тарааж, иргэдийг хахуульдсан гэх мэдээлэл гарч байна.

-Миний нэр дээр ядарсан зүдэрсэн, өрх толгойлсон, олон нялх нойтон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого багатай, айлын хашаа байшин түрээслэн хүндхэн нөхцөлд аж төрж буйгаа дурдан өргөө гэр олгож өгөхийг хүссэн өргөдөл хүсэлт олонтаа ирдэг. Би жил бүр боломжоороо шийдэж, өргөдөл өгсөн хүмүүст дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэхдээ төсвийн мөнгөөр биш шүү, хувиараа болон сайн санаат нөхдийнхөө хамтаар шийдвэрлэдэг. Харамсалтай нь, бүгдийг нэр дор шийдэж өгч чадахгүй юм. Таван хүний асуудлыг шийдээд гэр орон олгохоор 50 хүн цаана нь гомдолтой л үлддэг. Гэр авахыг хүссэн иргэдэд хүсэлтийг нь биелүүлж гардуулж өгөх тэр агшинд эгэл жирийн хүмүүсийн чин сэтгэлийн халуун талархал, сэтгэлийн үнэн дүр төрх харагддаг. Жил бүр уламжлал болгон хийж ирсэн ажил даа. Харин нийгмийн сүлжээгээр яваад байгаа төсвийн мөнгөөр иргэд хахуульджээ гэдэг бол ташаа мэдээлэл байна. ИНЕГ-аас ажилчдадаа гэр олгох арга хэмжээнд салбарын сайдын хувьд байлцсан нь үнэн. Гэхдээ миний зүгээс нөлөөлөөд үүрэг чиглэл өгөөд, тушаал шийдвэр гаргаад явсан нэг ч тохиолдол байхгүй. ИНЕГ-ын даргын зөвлөл зөв буруу шийдвэр гаргасан уу үгүй юү, амьдралын боломжтой, өндөр цалин хангамжтай ажилтан албан хаагчдадаа гэр орон олгосон уу үгүй юү гэдэг бол дараагийн асуудал. Хэрэв тэгж үзэж байвал шалгуул, буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар нь төлүүлэх, улсыг хохиролгүй болгуулах, хариуцлага тооцох асуудал яригдана. Тийм биш, төсөв төлөвлөгөөндөө тусгаад хууль номынх нь дагуу ажлаа хийсэн бол асуудалгүй шүү дээ. Өөрсдөөс нь асууж тодруулаарай.

-Таныг залилан хийсэн гэж прокуроороос эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?

-Өрсөлдөгчөө нухчин дардаг нэг л технологи. 2015 оноос эхтэй, Хан-Уул дүүрэгт 2016 оны УИХ-ын сонгуульд намайг МАН-аас дэвших өндөр магадлалтай гэж үзээд, өрсөлдөгчөө намнах үүднээс намын Бага хурлын өмнө Хан-Уул дүүргийн прокурорт өргөдөл очсон. Цагдаа, АТГ баахан шалгасан. Ердөө л миний нэрийг хасуулах зорилготой, улс төрийн захиалгатай гүтгэлгийн шинжтэй өргөдөл байсан. Эцэст нь үнэн зөв нь тогтоогдож, гэм буруугүй нь нотлогдож эрүү үүсгэхээс татгалзсан. Тэгээд би нэр дэвшиж Их хурлын гишүүн болсон юм. Саяхан тэр үеийн хэргийг сөхөж гаргах гэсэн байна лээ. Бодвол татгалзсан тогтоолыг нь бас мэдэж л байгаа байлгүй. Хуучирсан технологи, үзсэн кино байна гэдэг шиг арга ядсан явуулга юм даа.

-Сонгууль ойртсон болохоор ийм мэдээлэл гараад байнаа даа?

-Хийж бүтээсэн ажлыг сайнаар хүлээн авахын оронд өөлж муулах, харлуулах гэсэн зарим нэг бүлэг хүмүүс байдаг бололтой. Бидний өвгөд бурмаар биш урмаар тэтгэж, өөнтгөлж биш өгөөмөр сэтгэлээр хийж буй ажлыг дэмжин тусалдаг сайхан ёс заншил байсан. Өвгөд, дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил алдагдаж байгаад сэтгэл гундуухан явдаг даа. Монгол хүн л Монголыг хөгжүүлэх ариун үйл хэргийг бүтээнэ шүү дээ. Миний гаргаж буй шийдвэрүүд төрөөс хумсалж амьжиргаагаа залгуулдаг бүлэглэлийн эрх ашигт их харшилж байгаа байх л даа. Гэлээ гээд яахав дээ ухралтай нь биш.

-Танай салбарыг муу ёр шүглэсэн гэж бичих боллоо. Танай салбараас л болохгүй бүтэхгүй бүхэн гардаг…

-Салбарын муу ёр гэж юу байхав. Салбарт ажиллаж буй эгэл жирийн, шударга хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй хүмүүсийн буруу гэж ерөөсөө байхгүй. Манайхан эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байгаа. Амжилт ололтыг нь яриад байвал маш их, манай хамт олон өнгөрсөн онд төр түмэндээ үнэлэгдсэн, сэтгэл хангалуун байгаа. Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар гутаах юм даа. Хэдхэн хувь хүний хариуцлагагүй, сахилга батгүй, буруу муу үйлдлээс салбарын нэр хүнд унаж байгаад их харамсаж байгаа. Гэхдээ яахав ээ хар цагаан, сайн муу хоёр нь ялгарах цаг нь ирнэ. Нөгөө талаараа төрийн жинхэнэ албанд тэнцэх эсэх шалгарал явагдаж байгаа гэж ойлгож бас болох юм даа. Хулгай хийж, авлига авч, үгсэн хуйвалдаж, хуулиар хамгаалуулж дээрэм хийж болдоггүй цаг ирснийг Хүрэлсүхийн Засгийн газар л бодитоор харууллаа шүү дээ. Энэ жилийг салбарын хэмжээнд “Сахилга хариуцлага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны жил” болгон зарласан. Шинэ оны миний анхны тушаал ингэж гарсан. Энэ хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Шинэ төмөр замыг бас л овоолсон шороо болно гэх шүүмжлэл байгаа…

-Халуунд халж хүйтэнд хөрч, бороонд норж шороонд зутарч зүтгэж яваа нэгнийгээ хуруу нэмж тусалдаггүй юм аа гэхэд хушуу нэмэрлэж муулмааргүй л байгаа юм. Энэ замын стратегийн ач холбогдлыг олон удаа ярьсан даа. Монголчууд өөрсдөө бүтээн босгож чадна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа. Алтан ширээгийн төмөр зам монголчуудын хийж бүтээх урмыг, өөртөө итгэх итгэлийг сэргээсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зоригтой шийдвэр шүү дээ, үр дүн гарч байна. Налайхын замыг муулаад л байсан одоо сайхан болсныг нь ам уралдаад л магтаад байна.

-Налайхын зам гэснээс Дарханы зам хэзээ засагдаж дуусах вэ?

-Би энэ талаар олон удаа ярьсан даа. Хэдхэн тодруулгыг л хийе.

Нэгдүгээрт: Дарханы замын санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, гэрээ нь 2019 оны гуравдугаар сард УИХ-аар соёрхон батлагдсан. Мөн оны тавдугаар сард тендерийн шалгаруулалт нь болсон. Зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дундуур ажил нь эхэлсэн. Гэрээний эхний шат 2019 оны 11 сар, хоёрдугаар шат 2020 оны зургадугаар сар.

Хоёрдугаарт: Төлөвлөгөөт зам барилгын ажлын гүйцэтгэл зарим хэсэгтээ доголдсоны шалтгаан нөхцөл нь санхүүгийн чадавх, хөрөнгийн үнэлгээ сайн ч хоёр хэсэг дээр Монголд ажил хийсэн туршлагагүй компани шалгарч цаг алдсан, гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн. Захиалагч Монголын тал дангаар цуцлах боломжгүй, цуцалсан тохиолдолд төслийн санхүүжилт бүхэлдээ татагдах эрсдэлтэй байсан.

Гуравдугаарт: Цаг агаарын хүчин зүйл нөлөөлсөн, өнгөрсөн зун усархаг хур бороо элбэг байснаас хаа сайгүй үер усны аюул нүүрлэж гүүр хоолой, (Лүнгийн гүүрнээс авахуулаад) замын далан суваг урссан сэтэрсэн, түр зам усанд автсан гээд саад их гарсан. Хугацаа алдсан.

Дөрөвдүгээрт: Төсөл хэрэгжих гэрээт хугацаа арай дуусаагүй байна. Алдагдсан боломжоо нөхөхөөр АХБ-ны Дарханы төслийн удирдлага Манилагаас биш, Монголд ирж төслийн гүйцэтгэлд шууд хяналт тавьж оролцохоор болсон. Санхүүжүүлэгч, төслийн хяналтын зөвлөх компани, төслийн нэгж, Захиалагчид хамтран гэрээт хугацаандаа асфальт бетон хучилтаа бүрэн авах тал дээр гүйцэтгэгч компаниудтай нягт хамтран ажиллахаар харилцан тохирч бэлтгэл ажилдаа орсон.

-Ирэх зургадугаар сард дуусгаж амжих уу?

-Гэрээт хугацаандаа төлөвлөгдсөн ажлаа хийж гүйцээхийн төлөө бүхий л боломж хүч чадлаа дайчлан ажиллана. Энэ зам өөрөө хөдөлгөөний эрчим ихтэй, ач холбогдол өндөртэй гол зам. Ард иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа зам. Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх хоёр хөршийг холбосон транзит тээврийн үндсэн урсгалын зам учраас олон хүний анхаарлын төвд байгааг ойлгож байна. Гэхдээ бас нөгөө талаасаа энэ зам хоёр биш, хорь биш, 204 км урттай зам. Есөн хар цэгтэй, осол ихээр гардаг. Засвар арчлалт хийлгүй удсан, эвдрэл хагарал ихтэй ийм зам байсан. Өөрчлөх шинэчлэх өргөн болгохоор зам барилгын ажлыг барьж авч эхлүүлсэн, хийж байна, зовлон бэрхшээл байгааг ард иргэд маань зөвөөр ойлгож мэдэрч байгаад, бас манайханд урам өгч дэмжиж байдагт баярлаж байна. Шалтаг тоочоод байгаа юм ерөөсөө биш шүү бодит байдлыг л хэлж байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түр замаар зорчуулахгүй гээд үндсэн замаар хөдөлгөөн нээгдсэн. Засвар зам барилгын ажил дуусаагүй байгаа хавар дахиад эхэлнэ. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хамтдаа үзнэ гэж бодож байна.

-Таныг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гээд чадаагүй гэж шүүмжлээд байсан. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулж чадахгүй бол яах вэ?

-ЗТХЯ Олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллаж буй гэрээ, төлөвлөгөө гэж бий.Би тэр л төлөвлөсөн цаг хугацааг хэлж ярьж явдаг.Түүнээс Энх-Амгалан сайн хүн болох гээд санаанаасаа он сар зохиогоод яриад яваа юм бол байхгүй. 2019 оны арваннэгдүгээр сард хөдөлгөөн нээнэ л гэж ярьж байсан. Ямар ч гэсэн нэгэн үе шаттай ажил хийгдээд хөдөлгөөн нээгдсэн. 2020 оны зургадугаар сард ашиглалтад орох бол биш шүү. Ашиглалтад орно гэдэг үгийг хаалтанд хийгээрэй. Хөдөлгөөн нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бүрэн асфальтан хучилт хийгээд хөдөлгөөн явуулна гэсэн үг. Би эрхэлсэн сайдын хувьд ийм л мэдээллийг ард түмэнд өгч байна.

-Танай яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад баригдсан гэж мэдээлэгдсэн. Энэ мэт шалтгаанаас болоод Дархан-Улаанбаатарын замын ажил урагшлахгүй байгаа юм биш үү?

-Х.Оргил-Эрдэнэ бол авто замын салбарт 15-17 жил ажилласан, салбартаа танигдсан, мэргэжлийн хүн. Төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Тангараг өргөсөн албан хаагч тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ бол хариуцлагын асуудал. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, одоо өөр хүн орлон гүйцэтгэж байгаа. Үүнээс шалтгаалж Улаанбаатар-Дарханы замын ажил саатах асуудал байхгүй, ажил явдгаараа явна.

-Өнгөрсөн хугацаанд ЗТХЯ юу хийв. Энэ жил юу хийхээр төлөвлөж байгаа талаар товчхон хариулбал?

-Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2019 онд нийт 148 төсөл, арга хэмжээний хүрээнд 1.767.4 км авто зам, 2.339.2 у/м төмөрбетон гүүрийн барилга болон их засварын ажлыг хийж, 710.2 км хатуу хучилттай авто зам, 896.3 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засварын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулаад байна. Увс аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. 2019 онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал: Улаанбаатар – Хөшигийн хөндий чиглэлийн Олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны зам, Тосонцэнгэлийн 4 замын уулзвараас Нөмрөг-Сонгино чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам, Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам, Хашаатын даваа – Толбо чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам, Чингис хот – Бэрх чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замуудын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан. Агаарын тээврээ хөгжүүлэн орон нутгийн нислэгийн сүлжээг өргөтгөх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлж, Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлуудыг засварлан сайжруулах ажил хийж ашиглалтад хүлээн аваад байна. Олон улсын нийсэлгийн чиглэлд тийзийн үнэ 20 хувь, орон нутгийн чиглэлд 30 хүртэл хувиар тус тус хямдарсан. Төмөр замын салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ онд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийг эхлүүлж, газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгалаа. 2019 онд УБТЗ ХНН 28.1 сая тонн ачааг тээвэрлэсэн амжилтыг үзүүллээ. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 70 жилийн ойн үеэр Хөдөлмөрийн баатар нэг, гавьяат тээвэрчин хоёр, Автотээврийн салбараас гавьяат тээвэрчин хоёр, автозамын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн үеэр гавьяат барилгачин нэг төрөн гарч амжилт бүтээлтэй сайхан жил болж өнгөрлөө. Говь-Алтай, Завхан аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтад оруулах, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн хоёр дугаар шатны барилгын ажлыг эхлүүлэх, “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн зам барилгын ажлын багц 1-4 хэсгийн зам барилгын ажлыг эхлүүлэх, баруун, зүүн бүсийн аймгуудын алслагдсан сумдад онгоц нисгэх гэх мэт зүйлүүдийг төлөвлөн ажиллаж байна.