Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Б.Бат-Өлзий: Допингийн асуудлыг шийдэхгүй байгаа дарга нарын балгаар олон бөхийн эрх ашиг хөндөгдөж байна

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу та. Бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Намар есдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилтаа тасралтгүй базаагаад явж байна. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө ороод бусад өдөр нь бэлтгэлээ хийнэ. Миний нэг өдөр ингэж л өнгөрдөг юм. Би барилдаж эхэлснээсээ хойш л заалны барилдаан ер нь алгасаагүй дээ.

-Бөхчүүд цол аваад найр наадмаа хийгээд бийлэгжээд ирэхээрээ заалны барилдаанд зодоглохоо больчихдог жишиг тогтох гээд байна. Таны хувьд найр наадам ч гэж яваад байдаггүй санагдаж байна?

-Миний хувьд барилдаануудад зодоглож байж л өөрийгөө хөгжүүлдэг. Өөрийгөө сорьж байж л шат ахидаг. Нэг барилдаанд зодоглоход л хэдэн өдрийн бэлтгэлтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг.

-Та бэлтгэлээ хаагуур базааж байна. “Хантайшир” дэвжээн дээр бэлтгэлээ хийж байна уу?

-Сүүлийн гурван жил Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдтэй барилдааны бэлтгэлээ базаасан. Энэ жилээс Ховд аймгийн бөхчүүдтэйгээ Дэнжийн мянгад байрлах шинэ зааланд бэлтгэлээ хийж байна.

-Үндэсний бөхөөр хичээллэж эхэлснээс хойш шат, шатны барилдаанд амжилттай барилдаж байсныг тань мэдэх юм. Та ингэхэд барилдааны ур чадвараа хөгжүүлэх тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Сумын цолтой байхаасаа л барилдаан алгасалгүй зодоглодог байлаа. Сумын цолтон, аймгийн цолтон, улс аймгийн цолтнуудын ангиллын барилдаанд түрүүлж байсан. Одоогоор ийм амжилт үзүүлсэн бөх байхгүй юм билээ. Цаашдаа олон бөх ийм өндөр амжилт үзүүлэх байх.

-Хөвсгөлд зохион байгуулагдсан өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд их сайн барилдаж байсан санагдаж байна. Таны хувьд “Шонхор” сургуулиас орж байсан бил үү?

-Тэр улсын аварга их ширүүн өрсөлдөөнтэй болж байсан шүү. Одоогийн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увсын Х.Оргилболд бид гурав хүрэл медалийн төлөө хоорондоо тойрч барилдаж байлаа. Гурав, дөрвөн тойрог барилдаад би медальгүй үлдэж байсан даа. Үеийнхээ шилдэг бөхчүүдтэй өрсөлдөөд их ч зүйл сурсан. Бөхөөр тууштай хичээллээд явахад боломж байна шүү гэдэг урам тэр тэмцээний дараа л миний толгойд бат сууж өгсөн. Тухайн тэмцээнд “Шонхор, Олимп” дээд сургуулийн Б.Батбаатар багш намайг бэлдэж оруулж байлаа.

-Улсын аварга Г.Эрхэмбаяр таныг бөхийн замд хөтөлсөн гэдэг. Аваргын барилдаанаас юуг сурч авав?

-2013 оноос хойш улсын аварга Г.Эрхэмбаярыг дагаж бэлтгэл сургуулилтаа базааж байсан. Бөхийн ёс жудаг, олны газар биеэ хэрхэн зөв авч явахаас авахуулаад их олон зүйлийг надад үлгэрлэж өгсөн шүү.

-Улирлын нээлтийн барилдаануудыг тань ажиглахад бусгах, зайлах мэхийг их өвөрмөцөөр хийж байгаа харагдсан. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай гээд гол өрсөлдөгчдөө бусгаад давж байгаа харагдсан. Өмнө нь бусгаа мэхийг та тэр бүр хийдэггүй байсан шүү дээ?

-Долоо хоног бүрийн барилдааны туршлага, өдөр бүрийн бэлтгэлээс л сурч байгаа юм л даа. Ганц дархан мэхтэй, нэг хэвийн барилдаантай хүн амжилт гаргахад хэцүү болсон цаг. Өөрийнхөө барилдааны онцлог, арга барилд зохицсон шинэ мэх техник сурч өөрийгөө цаг тутам хөгжүүлж байж л өндөр амжилт үзүүлнэ.

-Оны төгсгөл дээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд анх удаагаа түрүүллээ. Олон шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулсан шүү дээ. Барилдаан ямар болов?

-Бөхийн спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа хойш л “Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд нэг түрүүлээд үзчих юм сан” гэсэн бодол миний дотор явж байсан нь сая биеллээ оллоо. Нэг цаг үед барилдаж байгаа олон бөхчүүдтэй хүч үзэж түрүүллээ.

-Увсын аймгийн начин Л.Энхсаруул та хоёрын барилдааны талаар хэсэг шуугьлаа. Таны хувьд суучихаад босоод барилдаанаа үргэлжлүүлсэн бичлэг цахимд явж байна лээ. Яагаад дахиж барилдсан юм бэ?

-Тухайн үед ажиллаж байсан засуул барилдаан зогсоох дохио өгчихсөн байхад Энхсаруул намайг этээд суулгачихсан юм. Хөлийн цэцийн шийдвэрээр дахиж барилдаад би давсан. Бөхийн барилдааны дүрмийн хүрээнд л шийдэгдсэн асуудал.

-Хангай харцага та хоёрын өрсөлдөөн энэ цагийн монгол бөхийг чимж байна. Өнгөрсөн жилийн тухайд Хангай илүүрхэж байсан бол сүүлийн гурван ч барилдаанд тунаж хүч үзээд та давлаа. Унасан барилдаанууддаа ямар дүгнэлт хийв?

-Сүүлийн барилдаануудад би давлаа. Миний хувьд боловсруулсан барилдааны арга барил, өрсөлдөгчдөө бэлдсэн мэх техникүүдийн талаар тэгж их дэлгэрэнгүй яриад байх сонирхол алга. Хангай бид хоёр цаашдаа олон таарч барилдана. Том цолны төлөөх даваанд ч тунаад барилдаж болно шүү дээ. Тийм учраас бодож боловсруулсан барилдааны хувилбараа нээлттэй яримааргүй байна.

-Том, жижиг гэлтгүй бүх барилдаануудыг та шимтээд сууж байгаа харагддаг. Тэр дундаа сумын заануудын барилдааныг алгасалгүй үздэг шүү дээ?

-Том цолтнуудын барилдаан тоймтой шүү дээ. Сумын заануудаас л гал цогтой гоё барилдаанууд гардаг юм. Жин багатай улс чинь санаанд оромгүй мэхний хувилбар хийдэг. Заалны барилдаанд хямдхан даваа гэж олдохоо больсон. Сумын заануудын барилдаанд түрүүлж үзүүрлэж байгаа залуус л том цолтнуудын аманд гардаг. Тэдний барилдааныг анхаарч байхгүй бол хэцүү шүү дээ. Улсын цолтой бөх сумын заанд унаад байж таарахгүй биз дээ.

-Өнгөрсөн жилийн тухайд та заалны барилдаануудад сайн барилдаж байсан. Бөхийн хүрээнийхэн цолоо ахиулна гэж харж байсан ч харцага цолны даваанд Д.Анарт тахим буулгана лээ. Барилдаан ямар болов?

-Анар ч заалны барилдаануудад их сайн байсан. Миний хувьд Анартай тунаж барилдана гэсэн тооцоотой л бэлтгэлээ базаасан. Шоо хаяхад миний талаар буусан ч боломжоо ашиглаж чадаагүй. Анар барьц сонгоод давсан.

-Өрсөлдөгчийнхөө хийсэн мэхийг мэдэрч үлдэж байгаа нь таны барилдааны онцлог шиг харагддаг. Бэлтгэлийн үр шим үү, эсвэл авьяас уу?

-Байгалиас заяасан өгөгдөл юм болов уу даа. Жаахан хүү байхаасаа л сум орон нутгийн наадамд барилддаг, бөх барилдаж цол авч байна гэж зүүдэлдэг байлаа. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж энэ замыг л сонгосон.

-Допингийн асуудал монгол бөхийг бараантуулах боллоо. Таны хувьд ямар байр суурьтай байх юм?

-Дүрэм журам нь алдаатай, сул байна. Сул байгаа учраас хүмүүс допинг хэрэглэж барилдаад бөхчүүдийн эрх ашгийг хохироож байна. Өнөөгийн нийгэмд шударга зүйл байхаа больсныг л харуулаад байна л даа. Энэ олон жил тээж ирсэн их өв соёлыг допинг л мөхөөнө. Бөхчүүд дунд допингийн хэрэглээ дийлдэхээ больчихвол цаашид хэний үр хүүхэд, хэний үр удам монгол бөхийг тээж явах юм бэ. Допинг хэрэглэж байгаа улсаас бөх барилдах чадамжтай хүүхэд төрөхгүй шүү дээ. Аав барилддаг бол хүү нь зодог өмсдөг энэ ёс уламжлал байхгүй болно гэсэн үг. Холбогдох байгууллагууд дүрэм журам яриад өнгөрөх биш хатуу арга хэмжээ авч ажилламаар байна.

-Чөлөөт бөх, хүндийг өргөлт, таэквондогийн тамирчид допингийн асуудалд холбогдоход тухайн спортын холбоод нь хариуцлага тооцоод явдаг. Үндэсний бөхийн тухайд баяр наадам зохион байгуулах комисс, Ерөнхийлөгчийн тамгын газар гээд төрийн оролцоотой байна. Эрх мэдэлтэй улсын нөлөө допингтой орооцолдсоноор асуудал сунжирч байна гэж үзэх хүмүүс байна лээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-Асуудал байгаа болоод л хөдөлж ядаад байна. Хууль дүрэм гэдэг чинь ядарсан улсад л чанга үйлчилдэг болж. Эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй хүмүүсийн ах дүү, төрөл төрөгсдөд хууль үйлчилдэггүй шүү дээ. Допингийн жишээн дээр ч харагдаж л байна. Шударга ёс л үгүйлэгдэж байна л даа. Допингийн асуудлыг шийдэх гээд чадахгүй байгаа цөөхөн дарга нарын балгаар монгол бөхөөр барилддаг олон мянган эрчүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэг допинг хэрэглэчихсэн нөхөр гарч ирж самарч хаяад л. Ард нь хөлс хүчээ зарцуулж барилдаж байгаа олон залуус хохирч байгаа юм. Бөх хүн амьдралаа золиослоод энэ замыг сонгодог. Амжилт үзүүлж байж л өөдтэй амьдарна. Допинг хэрэглэчихсэн нөхөр барилдаад байхад яаж ч амжилт үзүүлэх билээ. Яаж ар гэрээ авч явах билээ. Намайг чинь цахим орчинд допинг хэрэглэсэн гээд л бичдэг байлаа. Эхэндээ ч хүнд л тусдаг байсан. Одоо ч тоохоо больж дээ. Надад аав ээжээс минь заяасан бяр хүч байна, авьяас байна. Допинг хэрэглэсэн нөхөр шиг наадмаар гялалзаад л алга болохгүй, заалны барилдаан алгасалгүй барилдах байгалиас заяасан чадал надад байгаа. Миний хувьд баяр наадмын бус үед хоёр удаагийн допингийн шинжилгээнд хамрагдаж байсан, цэвэр гарсан. Допинг хэрэглэсэн нөхөр бол баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээний сургаар л усанд хаясан чулуу шиг алга болдог. Хулгай хийсэн хүн өөрөө цагдаа дээр очдоггүйтэй яг адилхан.

Намайг допингийн шинжилгээний хариугаа аргалуулчихлаа ч гэх улстай таарч байлаа. Хэдэн төгрөгөөр аргалуулдаг юм. Надад тийм хэмжээний мөнгө ч байхгүй. Би эгэл жирийн малчин удмын хүүхэд шүү дээ. Бөхийн буянд дутагдах зүйлгүй сайхан амьдарч л байна.

-Захын сумын заан цолтой бөх л допингийн шинжилгээнд бүдэрч байна. Ер нь допинг хэрэглэсэн хүнтэй барилдахад мэдрэгдэх үү?

-Хэр баргийн хүнд бярдуулж унадаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Допинг хэрэглэсэн хүн огт ядардаггүй, машин техник шиг л болчихдог юм гэнэ. Надаар хэлүүлэлтгүй хэн ямар допинг хэрэглэж яаж барилдаад байгааг ард түмэн сайн мэдэж байгаа.

-Удахгүй сар шинийн барилдаан болно. Таны хувьд энэ барилдааны өнгийг яаж харж байна?

-Миний хувьд бэлтгэл жигдэрсэн сайн байгаа. Сайн барилдана аа.

-Наадмын түрүү танд хэр ойрхон санагдаж байх юм?

-Би улсын наадамд түрүүлнэ, үндэсний бөхийн оргил цол дархан аварга болно л гэж бэлтгэлээ базаадаг. Өөрийгөө ч дайчилдаг. Тунаж барилддаг даваануудаа гэтэлчихвэл түрүүлнэ л гэж боддог юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Уул уурхайн прогноз” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Улстөрчид л улсаа Саарал жагсаалтад оруулсан, үүнд жижиг, дунд бизнес эрхлэгчид огт буруугүй” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Коронавирус Монголд бүртгэгдээгүй хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Энэ тухай “Цаг үе” нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Лабораториудын шинжилгээний хариунд “НО” байдаг уу” нийтлэлийг “Цаг үе” нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Уул уурхайн прогноз” нийтлэл хэвлэгдлээ.

Г.Батхүү агсныг бусдын гарт амиа алдсаныг гэрчлэх 13 секундын бичлэг юу болов? Энэ тухай “Баримт, үйл явдал” нүүрнээс унших боломжтой.

Хуульч Ч.Өнөрбаяртай хийсэн ярилцлага болон УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны тоймыг “Улс төр” нүүрнээс хүлэээн авч уншаарай.

Ой тогтоолтоо сайжруулах аргуудын талаар “Танин мэдэхүй” нүүрнээс уншиж сонирхоорой.

“Дэлхийн 22 тэрбумтны нийт хөрөнгө Африк тивийн бүх эмэгтэйчүүдийн нийт хөрөнгийг давна” нийтлэлийг “Дэлхийн мэдээ” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Түүнчлэн “Нэг ангийнхан”, “Залуусын ертөнц” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй 10 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Өчигдөр Бээжингээс – Москва хотын чиглэлд зорчиж явсан галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр яг одоо ХӨСҮТ-д уг өвчтөнтэй зорчин явсан Монгол Улсын 10 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна.

Энэ мэдээллийг үнэн бодит эсэхийг ЭМЯ-аас тодруулахад үнэн болохыг нотлов. Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор коронавирусээр өвчилсөн байж болзошгүй хоёр иргэн нэвтэрснийг саатуулан, нутаг буцаажээ. Энэ хоёр хүний шинжилгээний хариу маргааш гарна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав болон холбогдох албан тушаалтнууд орж ажиллажээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан төслийг хуульд нийцүүлэх, төслийн хэсэг, зүйл, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох зэрэг саналыг хэлэлцэж дэмжсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд Байнгны хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 1Т дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”- ын 3.7.8 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”- ийн 2.60 дахь зорилтыг тус тус үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба”-ыг байгуулахаар санал боловсруулжээ.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллана хэмээн танилцуулав.

Геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн судалгааг шинжлэх ухааны үндсэн дээр нэгдсэн системтэй, иж бүрнээр гүйцэтгэх үүрэг бүхий геологийн салбар нь уул уурхайн салбарын хавсарга нэгж хэлбэрээр ажиллаж байгаа нь геологийн салбарыг уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд болох ашигт малтмалын нөөц, баялгийг бэлтгэдэг мэтээр өрөөсгөл байдлаар төсөөлдөг ойлголт нийгэмд төлөвшсөн байна. Гэтэл геологийн салбар нь дан ганц ашигт малтмалын чиглэлээр бус маш олон төрлийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд түүний үр дүнг эдийн засгийн бүх салбарт ашигладаг онцлогтой. Тухайлбал, хот, суурин газар, бүс нутгийн хэмжээнд гео-экологи, гидрогеологийн региональ судалгаа болон газар хөдлөл, хөрсний гулсалтын зэрэг геотектоникийн судалгааг хийсний үр дүнд хот төлөвлөлт, дэд бүтцийн барилга байгууламжийг гео-орон зайд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх зэрэг үндсэн гол мэдээллийг бий болдог. Энэ нь хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Улс орны хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч өнөөдөр хоорондоо ямар ч мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх, боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол орны онцлогт тохирсон “Үндэсний геологийн алба”- ыг шинээр байгуулах зүй ёсны бодит шаардлага урган гарч байгааг танилцуулгадаа дурдсан.

Үндэсний Геологийн Алба байгуулснаар тодорхой асуудлыг иж бүрнээр шийдэх боломж бүрдэх аж. Тухайлбал, салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч цаашид томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлж дагалдах хот суурингуудыг байгуулах боломжийг бүрдүүлэх аж. Мөн монгол орны нутаг дэвсгэрийн геологи орчинг судлах, эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлэх, хүн амыг таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын хзрэгжилтийг давхардалгүйгээр, үргүй зардал багатайгаар, харьцангуй хэмнэлттэй арга замаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Бүтэц, зохион байгуулалтын оновчтой өөрчлөлт хийснээр төсвийн зардлыг хэмнэх, мэргэжпийн чадварлаг боловсон хүчнээр тогтвортой хангагдах юм байна.

Түүнчлэн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын гадаргуу болон түүнээс доошхи газрын хэвлийг танин мэдэх геологийн судалгааг иж бүрнээр холбогдох заавар, шаардлагын дагуу гүйцэтгэж янз бүрийн гүнд байрших метал, метал бус, шатах ашигт малтмалаас гадна гүний ус, рашааны тогтоц, гадаргуугийн доорх гүнд байрших том хөндий-нүх, ан цав, цэвдэгшил зэргийг илрүүлэн тогтооно хэмээн үзэж буй аж.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 22-ны өдөр хуралдан тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалиай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард багтаан татвараа төлөх ёстой

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө үү.

Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл иргэн” аяныг гурав дахь жилдээ өрнүүлж эхэллээ

Нийслэлд өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл иргэн аян-2020” өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд зонхилон тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хамтарсан багийн 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж байгааг тогтоожээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийн үр дүнд халдварт өвчний тоо 2016 оноос хойш тогтмол буурч байгаа хэдий ч зарим халдварт өвчний тухайд ихсэх хандлагатай байна. Тиймээс төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын ТХЗ-2030, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан сайжруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлгийг тогтмол хийснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулан Монгол хүний дундаж наслалтыг уртасгах үндсэн зорилтын хүрээнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ-аас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна.

Үүний нэг нь иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь оношлон эмчлэн, эрүүлжүүлэх зорилготой “Эрүүл иргэн” аян юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хороод, Өрхийн эрүүл мэндийн төвд төрөлжсөн нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, зөвлөгөө өгөхөөс гадна өрхийн эмч, мэргэжилтэнг ажлын байран дээр мэргэжлийн чиглэлээр сургаж буй.

Аяны хүрээнд 2020 оны гуравдугаар сараас эхлэн тавдугаар сар хүртэл нийслэлийн 173 хороо, 142 Өрхийн эрүүл мэндийн төвд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвийн эмч, мэргэжилтнүүд дүүргийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийх болсноороо онцлогтой юм.

Мөн хүн амын дунд өвчлөл ихтэй зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг, оношилгоо хийхээс гадна улсын хэмжээнд зохион байгуулж буй “Тэмбүүг устгая”, сүрьеэгийн халдварыг бууруулах, “Элэг бүтэн Монгол” ндэсний хөтөлбөрийн хүрээнд багажийн болон лабораторийн оношилгоо хийх аж.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Маргааш Ч.Улаан сайдыг ирэхээр үргэлжлүүлэн хуралдана

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны завсарлалаа. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байгаа. Дэд хороо Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийг танилцуулах, түүнийг хуралдаанд оруулах эсэх зэрэг процессын асуудлаа хэлэлцээд, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болсон байна. Энэ талаар Ц.Нямдорж “Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Маргааш Ч.Улаан сайдыг ирэхээр үргэлжлүүлэн хуралдаж шийдвэрээ гаргах байх” гэжээ. Тус дэд хороо таван хүний бүрэлдэхүүнтэй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар багтдаг. Одоогоор Ч.Улаан сайд гадаад томилолттой байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл мэдээлэл хийлээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай Түр хорооны гишүүүд өчигдөр уулзсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Т.Чимгээгийн бие маш тааруу байгаа тухай мэдээлэл бидэнд өглөө. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж, хилсээр ял тулгасныг олон улсын байгууллага тогтоосон ч бодитой ажил хийхгүй байна. Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Сонгууль болохоос өмнө тэднийг суллахгүй гэж хоёр том нам үзжээ. Т.Чимгээ амь насаа алдвал хэн хариуцлага хүлээх вэ? Ирэх 7 хоногт Түр хороог хуралдуулна хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Шинэ төрлийн КОРОНАВИРУСЭЭС хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр Хятадад шинээр илэрсэн коронавирусын асуудлаар яаралтай хуралдаан зарлажээ.

Өнгөрсөн сард Хятадын Ухань хотод анх илэрсэн уг вирус өнөөдөр Азийн гурван улсад нэмж илрээд байгаа юм.

ДЭМБ-ын удирдах зөвлөл маргааш буюу Лхагва гарагт Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг хэлэлцэж, шийдэх гэнэ.

Ийм онц байдлыг өмнө нь гахайн ханиад, Эбола, Зика вирусны тархалтын үед зарлаж байжээ.

Өчигдөр бас Хятадын засгийн газрын мэргэжилтэн шинэ вирус нь хүнээс хүнд халддаг болохыг баталснаа мэдэгдсэн юм. Өмнө нь ДЭМБ вирусны эх үүсвэрийг амьтны гаралтай, хүнээс хүнд халдах магадлал бага гэж мэдэгдэж байжээ.

Ухань хотод илэрсэн шинэ төрлийн коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй байгаа нь аюул дагуулж байна. SARS-ын халдвараар 2002-2003 онд Хятад, Хонг Конгт нийтдээ 650 орчим хүн амиа алдаж байв.

Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо 218, нас барсан хүний тоо 3 болоод байгаа бөгөөд Бээжин, Шанхай зэрэг том хотуудад анхны тохиолдол бүртгэгдээд байна. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгаа юм.

Өчигдөр бас Өмнөд Солонгост анхны халдвар илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Япон, Тайланд улсуудад илэрсэн байна.

Вирусийн гаралтай энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Амны хаалт хэрэглэх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Бага насны хүүхдүүдэд амны хаалт байнга хэрэглүүлэх, гарыг нь тогтмол ариутгах тал дээр эцэг эхчүүд анхаарлаа хандуулна уу.

Японы Yamazaki брендийн томууны бактерийг шүүх, агаарын бохирдол, хэт хүйтэн агаараар амьсгалахаас сэргийлэх 99% шүүлтүүртэй амны хаалтууд доорх салбаруудад худалдаалагдаж байна.

▶Номин Хан-Уул салбар

▶Номин Чулуун-Овоо салбар

▶Номин Жуков салбар

▶Номин Наадам центр салбар

▶Номин Цамбагарав Өнөр хороолол салбар

▶Номин Ривер гарден Салбар

▶Улсын их дэлгүүр

▶Номин13-р хороолол салбар

▶Номин Юнайтед салбар

image

image

image

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/NominHomestyle/posts/2913669571976519?__tn__=-R авна уу.

Мөн CanDo Mongolia бүх салбаруудаар Японы гар ариутгал, цэвэрлэгээний бүх төрлийн бодис худаалдагдаж байна. Эрүүл мэндээ аюулгүй байлгах үүднээс урьдчилан сэргийлэх нь чухал шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/CanDoMongolia/posts/1083309442016212?__tn__=-R

авна уу.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байгаа юм. Тус дэд хороог ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн байдлаар Ч.Улаан сайд гадаадад яваа юм.