Categories
мэдээ улс-төр

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга ноён Жак Пелэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтанд Олон улсын улаан загалмайн хороо оролцож буй талаар болон Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Цаашид зэвсэгт хүчний албан хаагчдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн болон цэргийн хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

МөнМонгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээр” зүүн хойд азийн уулзалтанд Олон улсын улаан загалмайн хороо идэвхитэй оролцож байгаагаа уулзалтын үеэр ноён Жак Пелэ дурдсан юм.

Ноён Жак Пеллэ нь 2016 оноос Олон улсын улаан загалмайн хороонд ажиллаж эхэлсэн бөгөөд ерөнхийлагч Петер Маурерын БНХАУ-тай түншлэлийг хөгжүүлэх биет төлөөлөгчөөр томилогдож байв. 2019 онд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Бүсийн төлөөлөгчийн газар нь БНХАУ, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах ардчилсан солонгос улсыг хамаардаг.

Categories
мэдээ нийгэм

Үл хөдлөх эд хөрөнгийн хуурамч гэрчилгээ ашиглан бусдыг залилах тохиолдол ихэсчээ

Цагдаагийн байгууллагад Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байна.

Иймд иргэд, байгууллага зээлийн барьцаанд авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй харьяа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас албан ёсоор гаргуулан авахдаа зээл хүссэн иргэнийг байлцуулах хэрэгтэй аж. Мөн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл олгохдоо итгэмжлэлээр зээл олгохгүй байхыг сануулав.

Түүнчлэн барьцааны гэрээ, зээлийн гэрээг баталгаажуулахдаа улсын бүртгэлийн газар зээлдэгчтэй хамт очиж, улсын бүртгэгчээр бүртгэлд оруулах зэргээр аливаа зээл хүссэн хүний зээлийн барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгө тухайн хүний өмч гэдгийг баталгаажуулсны дараа харилцан тохиролцож, зээл олгож байх хэрэгтэй юм.

Дээрх зөвлөмжийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэд, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудад Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Эрдэнэсийн сангийн төслийг хаалттай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

1.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хаалттай/;

2.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

3.“Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Үдээс хойших хуралдаан:

4.Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байгаа.

Харин дөрвөн төрлийн допингийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдоод буй улсын аварга Э.Оюунболд удахгүй болох cap шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тэрбээр өөрийн багш Д.Батням болон нутгийн бөхчүүдийн хамтаар бэлтгэлээ базааж байна.

Баяр наадам зохион байгуулах комиссоос түүний барилдах эрхийг хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцэслэн батлаагүй байгаа. Энэ нь допингийн шинжилгээг гардаж хийдэг эмч нарт хэрэг үүсгэсэнтэй холбоотой талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн юм.

Улсын аварга Э.Оюунболдын гаргасан гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж гавьяат эмч Ч.Насанбатад хэрэг үүсгээд байгаа. Сүүлийн 10 жилийн допингийн шинжилгээг нягталж шалгахад улсын наадамд шөвгөрч шинжилгээнд хамрагдсан 38 бөх авлига өгч шинжилгээний хариугаа нуун дарагдуулж байсан нь тогтоогдсон байна. Эдгээр 38 бөхийн дотор сүүлийн жилийн наадмуудад түрүүлж үзүүрлэж байсан аварга арслангуудын нэр байгаа аж.

Допингийн шинжилгээг нуун дарагдуулсан 38 бөхийн нэрийг зарлалгүйгээр допинг хэрэглэсэн нь олонд ил болсон Э.Оюунболдыг барилдуулах наймаа улс төрийн томчуудын дунд явагдсан тухай мэдээллийн эх сурвалж хэлж байна.

S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболд аль хэдийнээ сар шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлсэн нь улс төрийн томчуудын дунд явагдсан энэ тохироог баталж байгаа юм.

Нэр нөлөө бүхий улс төрийн том албан тушаалтан нутгийнх нь аварга, арслангууд допингийн шинжилгээгээ нуун дарагдуулж байсан баримтыг олонд дэлгэхээс эрс татгалзаж, хэл ам хийлгүй аварга Э.Оюунболдыг зодоглуулах наймаа хийсэн гэнэ.

Гаргасан гомдлынх нь явцад ил болсон допингоо нуун дарагдуулж байсан бөхчүүдийн нэрийг нь Э.Оюунболд олонд зарлахгүй байгаа нь цаагуураа учиртайг бөхийн хүрээнийхэн хэлж байна. Залуу аваргын өөрийнх нь нэр ч өнөөх допинг хэрэглэчихээд авлига өгч дээрээс нь төрийн түшээдээр “мундагдуул”-ж нэр цэвэр үлдсэн 38-ын дунд цохиж яваа аж. Тэрбээр “Баяр наадам зохион байгуулах хорооноос долингийн шинжилгээг зарласны дараа “Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн билээ.

Допингийн асуудлын талаар дархан аварга Х.Баянмөнх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболд удахгүй барилдахаа мэдэгджээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ та?

-Би допингийн асуудлаар 10 жил ярьж байна. Допингийн шинжилгээг хяналттай болгох хэрэгтэй. Би 21 жил дэлхийд шээсээ өглөө. Тэр шээсийг хяналт доор авдаг. Гэтэл манайд хяналт алга. Энэ нь авлигын үүр болсон. Э.Оюунболдтой бол ярих юм байхгүй, аварга цолыг нь хураах ёстой.

-Э.Оюунболд “Шинжилгээний үеэр шээсийг маань сольсон” гэж мэдэгдэж байна лээ?

-Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Шээснээс нь дөрвөн төрлийн допинг илэрсэн байсан. Оюунболдыг унагахын тулд хүнд дөрвөн төрлийн хор уулгахгүй биз дээ. Өөрөө л хэрэглэсэн” гэж Э.Оюунболдын байр суурийг эсэргүүцсэн юм.

Допингийн булхайг сайн мэдэх залуу аварга анхнаасаа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нь “уснаас хуурай гарах” арга ухаан байсан нь дээрх үйл явцаас ил цагаан харагдаж байна.

Спортын шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж адуу малд хэрэглэгдэг эм тариаг хэрэглээгээ болгосон тэд хонь бүрэн, чоно цатгалан үлдэхээр тохироо хийж байгааг залуу бөхчүүд эсэргүүцээд эхэлжээ.

Улсын харцага О.Хангай cap шинийн барилдаанд улсын аварга Э.Оюунболдыг зодогловол барилдахгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Допингийн асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэдэг. Заримынх нь цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг хасдаг. Тэгэхээр допингийн хуулийг чангалмаар байна.

Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд барилдвал би лав эсэргүүцлээ илэрхийлээд зодоглохгүй. Би ганц Оюунболдтой тэмцээд байгаа юм биш. Допингоо нуун дарагдуулсан нэр бүхий 38 хүнийг зарлуулж энэ допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж гаргаж Монгол орны дархлаа, бахархал болсон үндэсний бөхөө хойч үедээ цэвэр ариунаар нь өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж мэдэгдээд байгаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий ч допингийн асуудлыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Допингийн асуудалд улс төрийн томчууд хутгалдаг нь асуудлыг удаашруулж байгаа талаар бөхийн хүрээнийхэн хэлж байна. Төрийн түшээд нутгийн бөхчүүдээ хаацайлдаг, бузар булайг нь нуун дарагдуулдаг жишиг тогтоод байгааг залуу бөхчүүд ийн эсэргүүцэж байна.

Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс улсын аварга Э.Оюунболдыг барилдуулахгүй гэж байр сууриа илэрхийлээд байна.

Допинг нуун дарагдуулсан бөхчүүдийг эсэргүүцэж улсын аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Лондон хотноо 2020 оны нэгдүгээр сарын 20–22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалт “Нэг үеийнхэн: Боловсролыг өөрчлөхөд юу шаардлагатай вэ?” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Хэлэлцүүлэгт 95 орны боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцож, боловсролыг шинэчлэх, боловсролын салбар дахь урт хугацааны тогтвортой зорилгыг хангах, боловсролын манлайллыг бий болгох, суралцах үйл явцыг дэмжих технологийг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцсанаас гадна томоохон их, дээд сургуулиудын багш, судлаачид дэлхийн боловсролын чиг хандлагын талаарх өөрсдийн судалгаагаа танилцууллаа.

Боловсролыг үр өгөөжтэй олгохын тулд технологийн дэвшлийг ашиглах, интернэтийн өсөн нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд учирч буй бэрхшээлээс бид суралцаж чадаж байгаа эсэх тал дээрээ бодит үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байгааг оролцогчид хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Чуулга уулзалтын үеэр сайд Ё.Баатарбилэг ИБУИНХУ, Мьянмар, Бутан зэрэг орны Боловсролын сайд нартай уулзалт хийж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн, Кэмбриджийн сургалтын олон улсын үнэлгээний төвийн төслийн багийнхантай уулзаж, Кэмбриджийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх асуудлаар санал солилцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Терминатор-4

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Назарбаев хүргэнээрээ гал тахиж байна. Ажлаас нь халлаа, цагдаагаар мөрдүүллээ, гэрийг нь нэгжүүллээ, үүндээ олон улсын хамтын ажиллагааг татан оролцуулж Интерполоор хайлгаж байна. Одоо Казахстаны ард түмэн удирдагчаа улам хайрлана. Яагаад гэвэл ийм л шударга хүн. Шударга үнэний төлөө хамгийн ойр хүнээ ч хайрлахгүй байна. Өөрөөр хэлбэл, Казахстанд шударга үнэний шүүх ажиллаж байна. Хүргэн авлигач уу-авилгач, улс төрийн хутгуур уу-хутгуур, гэмт хэрэгтэн үү-хэрэгтэн. Ард түмэн эзний хүргэн болохоор л яаж ч чаддаггүй байсан болохоос битүүдээ дургүй, энэ талаар хоорондоо сэм ярилцдаг байжээ. Гэтэл тэнгэр өөрөө ниргэж орхив. Мөнхийн ерөнхийлөгч Назарбаев мандтугай! Шударга үнэний төлөө юугаа ч үл хайрладаг ийм удирдагчтай байх шиг аз жаргал ард түмэнд бий гэж үү!

Алив дарангуйлагч болгон ойртоход аймаар хүмүүс байдаг. Хэнийг ч зольж чаддаг учраас тэд дарангуйлагч болж чаддаг. Саддам Хусэйн өөрийн даварсан хүү Удайгаар боодог хийж байв. Ард түмэн бодохдоо Удайг залгамжлагч болох нь гэж айж байтал гэнэт эцэгтээ хуниулдаг байх шүү. Удайтай байснаас Саддам хамаагүй дээр, иймээс Саддам улам мандтугай! Баттай эх сурвалжийн олж тогтоосноор Удайг машинд нь дэлбэлж хөлгүй болгодог ажиллагааг аав нь өөрөө зохион байгуулсан гэдэг. Сталин өөрийн хамгийн ойр шадар туслахуудынхаа эхнэрүүдийг барьж аваад гянданд хийж орхисон билээ. Калинин, Молотов, Буденин нар эхнэрээ, Хрущев, Каганович хүүхдээ Гулаг шоронд үджээ. Өвгөн Калинин эхнэрээ суллаж өгөөч хэмээн өдөр болгон уйлагнан гуйна. Өөрийн болон эхнэрийн хамаг садангаа бүгдийг нь шоронд хийчихсэн Сталин шударга үнэний тулд өөрөө хүртэл золиос болж байгаагаа ярин амыг нь таглана. Том хүү Яков нь эцгийнхээ ард түмэндээ улам их хайрлагдах гэсэн хүслийнх нь золиос болсон билээ. Ийм жишээ дэндүү түгээмэл. Гитлер, Маогоос эхлээд адгийн Амин, Бокассо хүртэл орчноо зоригтой зольж байж л ард түмэндээ үнэлэгдэж байв.

Манай Эзэн Ерөнхий сайд болуутаа Соёлын сайд байхад нь дэргэд нь даамлыг нь хийж явсан туслах Ц.Анандбазар гэгчийг луйварчнаар зарлаж, олонд сэрэмжлүүлэг айлдаж байлаа. Соёл хариуцсан сайд маань хажуудаа “Их долоо” гэсэн амбицтай нэр бүхий бизнесийн бүлэг байгуулж байсан. Ерөнхий болонгуутаа долоогийн нэг Цагаан Шонхорыг шоронд хийхээс ажлаа эхлэв. Дараа нь бас нэг хамтрагч Буян Жаргалсайхан нь ямархуу луйварчин хулгайч болох тухай маш нарийвчлал бүхий тайлбарыг сайн мэддэг хүний хувьд ард түмэндээ тайлагнаж нэр дэвших хүслийг нь хяслан болгож өглөө.

Жагааг даруулсан нөхрийг хожим шоронд хүргэсэн ба эх сурвалжуудын өгүүлж буйгаар хамаг баримтыг нь өөрийн сейфнээс гаргаж өгсөн гэх. Мөрөөрөө мангартаад явж байсан Энхболдыг нисэхгүй гээд байхад нь нис нис гэж чирж гаргаж шидчихээд одоо өндөрт гарсан хойно нь далавчийг нь тайрч хаях гээд хайч барин хөөцөлдөж явааг нь бүгдээр нүднээ ил харж байна. Бодвол цаадах нь тэр болгон үгэнд нь орохгүй байгаа юм болов уу даа. Ер нь ч МАХН-ын аппарат толгой тайрдаг гильтон болчихсон гэдгийг тэр холооc зөөгдөж ирсэн мань хүн яаж мэдэх билээ. Өндрөөс унавал үхэж таарна биз дээ, тэгэхээр эцэст нь алах гэж дээш нь шиджээ дээ? Улааны тухай их ярьж бичих боллоо, энэхүү олдох бололцоогүй нарийн материал баримт хэнээс гарч хэвлэл, цагдаа прокурорт очоод байна? Шоронд орвол өнгөрөө биз дээ, тэгэхээр эцэст нь төхөөрөх гэж авлигын хорт хоолоор тэжээгээд байжээ дээ? Барын аманд толгойгоо хавчуулчихсан Нямдорж хий л хөлөө савчин тааралдсанаа тангарах юм. Эзэнтэй нь биш бээлийтэй нь заргалдаад явах хэмжээний оюунтай хүн болохоор Чулуунбатыг ална л гэх юм, гэтэл цаадах нь өөр шиг нь бас л жийгдчихсэн гар шүү дээ. Нямдоржийн гарт орсон “Чулуунбатын толгойг хага цохих багаж” гэгдэх алаг цоог баримт чухам зуусан бараас өөрөөс нь гарч ирснийг ойлгоход түүнд нэмэлт тархи хэрэгтэй л дээ. “Манай нам хагарна гэж та нар горьдож байгаа бол ёстой гонж” гэж ирээд л Нямдорж УИХ дээр агсганан сөрөг нам руугаа довтолно. Үнэндээ хагарах эсэхийг Нямдорж мэддэг болж байна уу? МАХН-ын нэр хэзээ ч байгаагүйгээр доош орсон. Эзэн унтарч буй зулыг өөртөө ашиглахын тулд эцсийн хүчтэй бадамлалтыг зохион байгуулсан. Бүх нөөцийг нь шавхаад барсан. Маавар хийдгээ хийсэн, маавар одоо зайлах ёстой! Өөрөөр хэлбэл, МАХН түүхийн тавцнаас арчигдах ёстой! Эзэн одоо булшин дээр нь таанцлах Монголын ардчилсан хөгжлийн нам буюу бас нэг МАХН-ыг маань хөгжөөн уншуулж байгаа. Эзнийн тулах цэг нь одоо Ху биш Ардчилсан нам. Дараагийн ээлжээ иртэл Ардчилсан нам Ерөнхийлөгчөө тойрон ёохор хатирах болно.

Энэ ч яахав, тэртэй тэргүй тодорхой болчихсон ойлгомжтой зүйл. Гэтэл мань хүний ээлжит золиос лүд барамнууд нь сүүлийн үед их сонин болж эхэллээ. Монросцветмет Асгатын ордын лицензийг эзэмшдэг байжээ. Лицензийн төлбөрийн хугацаа болчихсон байв. Манай хүн Уул уурхай хариуцсан сайдтай яриад лиценз хариуцсан хүнийг нь бултуулчихаж. Ингээд хоногийг нь өнгөрөөгөөд лицензийг хүчингүй болгож орхив. Тэгэнгүүтээ Ерөнхий сайдыг дуудаад “цаана чинь Оросын лицензийг хүчингүй болгочихож. Одоохон эргэж хүчинтэй болго. Би одоо Орост айлчлах гэж байхад даанч яав даа та нар” гэх нь тэр. Ямар ч лицензийн ойлголтгүй явсан Энхболд хүмүүсээ дуудан загнаж өдөрт нь зарлигийг ёсоор болгов. Москвад очуутаа Төрийн өмчийн Сугар, элчин сайд Хангай, Монросцветметийн Эрдэнээ нарыг дайчлан шахаж Оросын Полиметал хэмээх компанитай Асгатыг эзэмших гэрээнд гарын үсэг зуруулуулжээ. Ерөнхийлөгч Путинтэй уулзаад “Бидний анхны гэрээ ингэж үзэглэгдсэн нь сайхан хэрэг боллоо” гэж хэлсэн байна. Улаанбаатарт буцаж ирэнгүүтээ өнөө муу Энхболдоо дуудаж авчраад “Цаана чинь Москвад Асгатыг эзэмших гэрээ хийгдчихэж. Одоохон хүчингүй болгохгүй бол хууль бус юм болж байна” гэх нь тэр. Хөөрхий Энхболд нь ойлгосон ч юм байхгүй тэр дор нь Засгийн газрын хурлаар асуудлыг оруулан дахиад л ёсоор, гэхдээ түрүүнийхээ хийсний эсрэгээр болгож орхилоо. Монросцветийн шинэ захирал Эрдэнээ Полиметалаас хоёр сая долларын хахууль авсан байж магадгүй бор шувуу ч ойлгомжтой газраас хөөрөн нислээ. Сугар ч зүгээр байгаагүй бололтой. Гэнэт эх орноо зарж орхисон хэрэгт орчихсон Эрдэнээ гайхахын туйл болж өөрийгөө өмгөөлөн сонинд хүртэл ярилцлага өглөө. Харин Эзэн тас гүрийж энэ гэрээний талаар огт юм мэдэхгүй гэж албан ёсоор зарлалаа. Тэгсэн мөртөө тэр дор нь Москва руу “Асгатын талаарх Полиметалийн гэрээг энд Монголын Засгийн газар унагаж орхилоо. Гэхдээ найдвар байгаа, дахин ярилцъя” гэж хэлүүлжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ!? Шан харамжаа голоод байгаа юм уу, шагналаа өсгөх гээд байгаа юм уу, эсвэл зүгээр л зугаа болгож Монголын Засгийн газрыг шившиг болгож байгаа юм уу?

Өмнө нь Ерөнхийлөгч Буштай уулзахдаа Монголд хөрөнгө оруулалт хийж буй Айвенхоу майнз компанийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байдаг. Монголд нэр хүндтэйгээс гадна Бушийн гэр бүлийнхэнтэй ойр дотно Жэймс Бэйкэрийг Монгол руу явууллаа. Буш зэсийн наймаа хийх гээд буй хэрэг биш, ерөөс Монголд Хойд Америкийн дорвитой хөрөнгө оруулалт орж ирэх нь Монголын эрх ашгаас гадна АНУ-ын өөрийнх нь сонирхол мөн. Гэтэл Бэйкэрийг ирэнгүүт нь хэлээ гаргаж, салаавч зангидаж, нүүр рүү нь нулимах ажлыг мань хүн өөрөө санаачлан удирддаг юм. Сонин байгаа биз? Юуны тулд юуг золигт гаргаад эхлэв ээ? Таамаг л тавихаас зорилгыг нь тодорхойлоход өнөөдөртөө арай эртдээд байна.

Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд л мань хүний баадууг нь мушгиад тавьчихсан хүүхэлдэйнүүд орилоод л гүйлдээд явах юм. Монгол тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эзнийн одоо эдэлж байгаа эрх мэдэл нь соёлжсон аль ч орны Ерөнхийлөгчийн санаархаад ч олдохгүй хэм хэмжээ. Мугабэ, Чааваас, Ким Чэн Ир, Лукашенко, Каримов нар л ийм хэмжээний эрхтэй байх. Энэ тухай хожим тодорхой ярилцъя. Холливүүд Терминатор киноны 4 дүгээр ангийг хийх гэж байгаа дуулдана.

Өдгөө мужийн амбан захирагч болчихсон Шварцнеггер дахин тоглох болов уу хэмээн үзэгчид тэсч ядан хүлээнэ. Ямар сэдвээр гарах бол? Уг нь манай энд сайхан терминатордож байна даа, баримтат кино хийсэн ч амьтны сонирхол татна даа. Терминатор гэдэг бол эвдэн сүйтгэгч гэсэн утгатай үг юм шүү дээ.

2007.6.1

Categories
мэдээ нийгэм

Х.Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өчигдөр гардуулжээ. Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалж, дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. Түүнчлэн, 2016 онд АНУ-ын Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулагддаг “Memoriad-2016” оюуны олимпд оролцсон 63 орны баг тамирчдаас Монголын баг тэргүүлж 15 медаль хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 24-нд болох үйл явдлууд

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллага, ХӨСҮТ, ЗӨСҮТ-өөс хилийн боомтууд, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийнэ. Утас: 99094993, 99045369, 91989

11.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хөгжлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан нар “Улаанбаатар-Эдийн засгийн форум-2020”-ын талаар мэдээлнэ. Утас: 99104180, 88099260

11.20 цагт Төрийн ордонд Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд бөхчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт МУИС-ийн Номын санд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах анхны хэлэлцүүлэг болно. Утас: 99097968, 90109907

Categories
мэдээ цаг-үе

С.Баясгалан: Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаагаас нь В.Путинд ямар ч залгамжлагч байхгүй нь харагдчихлаа

МУИС-ийн багш, Олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.


-ОХУ-д өрнөөд буй үйл явдлын үр дүнд юу өөрчлөгдөх вэ. Бүрэн утгаараа ардчилсан улс болж чадах уу?

-Хүмүүсийн ойлгож байгаа шиг ардчиллын замаар явах шинэчлэлт биш. Нэгдүгээрт, гадаад, дотоодын орчны нөхцөлөөсөө шалтгаалаад Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасны дагуу В.Путин дахиж ерөнхийлөгчид сонгогдох боломжгүй ч В.Путин ерөнхий сайд болно. Тиймдээ ч ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх бодлого барьж байна гэдгийг зарим судлаач хэлж байгаа. Учир нь Ерөнхийлөгч асар уудам нутаг дэвсгэрийг засаглах, аюулгүй байдлыг анхаарах хэмжээний асуудлыг хариуцаж байхад, дотоод үйл явцыг ерөнхий сайд нь илүү хариуцдаг болох хандлага харагдаж байгаа юм. Гэхдээ В.Путин ерөнхий сайд болох учраас л ийн шийдэж байна гэдэгтэй би санал нэгдэхгүй байгаа. Түүний хувьд ганцхан Засгийн газрын гэлтгүй парламентын эрх мэдлийг нэмэх тийшээ хандаж байна.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвээрээ байх уу?

-Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг бага зэрэг сулруулна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрх мэдэл нь хэвээрээ байна. Ерөнхийлөгч зэвсэгт хүчний командлагч хэвээрээ байна гэсэн үг. Ерөнхийлөгч хууль тогтоох байгуулагын тэргүүнийг холбооны зөвлөлтэй зөвшилцөн өөрөө томилно. Шүүх, прокурорууд засаг захиргааны хэмжээнд томилогддог байсныг одоо нэгдсэн удирдлагад оруулж төвөөс томилдог болно.

Энэ тухайгаа ч өөрөө тайлбарлачихсан шүү дээ. Асар уудам нутаг дэвсгэртэй, олон үндэстэн ястнаас бүрддэг, янз бүрийн шашин, соёлтой хүмүүсийг хүчтэй ерөнхийлөгчийн засаглалаар барихгүй бол болохгүй гэдэг.

-В.Путин Үндсэн хуульд оруулахаар ямар саналуудыг дэвшүүлсэн юм бэ?

-Гадаад аюулгүй байдлын тал дээр ихээхэн нухацтай авч хэлэлцсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн сүүлийн 25-аас доошгүй жил тасралтгүй Орост амьдарсан, гадаад улсын иргэншилгүй, эсвэл гадаадад байнгын оршин сууж байгаагүй, тийм баримт бичиггүй байх ёстой. Засаг дарга, думын гишүүд, холбооны зөвлөлийн гишүүд, ерөнхий сайд, түүний орлогч нар, холбооны сайд болон шүүгчид гадны иргэншилтэй, гадаадад амьдардаг, эсвэл гадаад улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй байж болохгүй. Орон нутгийн захиргаа, өөрөө удирдах эрхийг өргөн бэхжүүлэх, орон нутгийн болон төвийн захиргааны хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Мөн мужийн Засаг дарга нарын үүрэг, хариуцлагыг нэмж, бие даан шийдвэр гаргах боломжийг дээрдүүлэх, төрийн зөвлөлийн үүрэг ач холбогдлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзжээ.

-Дээр парламентад эрх мэдэл өгч байгаа гэлээ. Парламентын засаглалааа бэхжүүлэхэд ямар өөрчлөлт оруулав?

– Одоогийн Үндсэн хуулиар ерөнхийлөгч Засгийн газрыг бүрдүүлэхдээ парламентын зөвшөөрлийг л авдаг. Дараа нь ерөнхийлөгч өөрөө Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог. Харин энэ удаад парламент Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог болох нь. Тодруулбал, ерөнхий сайдын зөвлөмжөөр дэд сайд болон холбооны сайд нарыг томилно, үүнийг ерөнхийлөгч батлах үүрэгтэй. Гэхдээ ерөнхийлөгч ерөнхий сайд, түүний орлогч, холбооны сайд нарыг чөлөөлөх эрхтэй байна.

-В.Путин гэнэт яагаад ингэж шийдэх болов?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаагаас нь В.Путинд ямар ч залгамжлагч байхгүй гэдэг нь л харагдчихлаа. Тэр удаан явахгүй. Тиймдээ ч энэ асуудал тун ярвигтай болчихож байгаа юм. Учир нь В.Путины дараа гарч ирэх хүн Оросыг энэ хэвээр нь байлгаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. В.Путин хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч. ОХУ ч өөрөө зүгээр нэг улс биш шүү дээ. Олигархи, мафийн бүлэглэл гээд маш хүчтэй лобби бүлгүүдтэй. Түүнийг барьж байгаа хүн нь В.Путин өөрөө. Тэд ч түүнийг хүлээн зөвшөөрчихсөн. Энэ утгаараа В.Путины дараагийн хүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь асуудалтай. Одоохондоо тодорсон нэг ч хүн алга. Тиймээс засаглалын хэмжээнд чөлөөт сонгуулиар нэг хүн гарч ирлээ гэхэд төрийг нь бужигнуулахгүй байх тэр системийг бий болгох асуудлыг одоо ярьж эхэлж байна. Сонгогдсон хүн нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийх хэмжээнд оччихгүй байх тогтолцоог бүрдүүлэх гээд л үзээд байна.

-Дмитрий Медведевийг ерөнхий сайдаас нь буулгаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө дэд даргаар тавилаа. Энэ нь ямар учиртай юм бэ. Дэн Сяопин, Назарбаев шиг насан туршдаа улсынхаа эзэн нь байх бүтцийг бий болгож байгаа гэх хардлага ч байх юм?

-Ойр дотны хамгийн найдвартай хүн нь учраас л тэнд томилогдлоо. ҮАБЗ-д хамгийн итгэлтэй ойр дотны хүмүүсээ тавихгүй бол болохгүй. Түүнээс Дмитрий Медведев мундагтаа биш, тэр В.Путины хаана нь ч хүрэхгүй. Түүнийг залгамжлагч гэж үзэх үндэс ч байхгүй. Тэр хэмжээнд хүрэхээр чадалтай хүн биш. Оросууд нь ч түүнийг тоодоггүй.

В.Путин ерөнхийлөгч байх үедээ системийг шинэчилнэ. Харин В.Путиныг ерөнхий сайд болоход бүх зүйлийг зүгшрүүлчихсэн байх үүрэг саяын томилогдсон Михаил Мишустинд оногдох шатрын нүүдэл хийж байхыг үгүйсгэхгүй. Михаил Мишустин мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлийн хүн шүү дээ.

-Үндсэн хуульд оруулах В.Путины саналууд дэмжигдэх нь дамжиггүй юу?

-100 хувь дэмжигдэнэ. Оросыг ардчилсан системтэй гэж байгаа боловч яг нарийндаа авторитар дэглэмтэй. Саяын В.Путины Засгийн газраа тараах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэн ч мэдээгүй л байсан. Дмитрий Медведев ч өөрөө мэдээгүй. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг мэдэгдэл хийсний дараа шууд өөртэй нь уулзаж өргөдлөө өгсөн. Үндсэн хуулийн асуудалд саналаа нэг удаа хэлсэн, тэгээд л гүйцээ. Одоо баг нь Үндсэн хуулиа бэлэн болсон гэж үзсэн тэр цагт шууд л батална. Тэгж их цаг алдах, сунжрах зүйл байхгүй.

-ОХУ-д өрнөж буй энэ үйл явдал, өөрчлөлтүүд манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ямар ч өөрчлөлт гарахгүй. Харин В.Путины хийж буй энэ алхам маш холч хараатай байна. БНХАУ ганцхан даргатай. Мэдээж хүн л юм болсон хойно эрүүл мэндийн хувьд асуудал үүснэ. Тэр тохиолдолд БНХАУ яах вэ. Үүний дараахыг бодсон зүйл байдаг болов уу. ОХУ-ыг ардчилсан гэхээ больё гэхэд харьцангуй уян хатан засаглал руу орчихоод байгаа юм. Одоогийн байгаа тогтвортой байдлаа хангах гэж энэ мэт байдлаар хичээж байна. Манайд ОХУ тогтвортой байх нь хамгийн чухал.


Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхбаатар: Бусдын малыг хулгайлсан л бол хэд байхаас үл хамаарч ял шийтгэл заавал хүлээнэ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд тусгагдав?

-Энэ хуульд туссан гол зохицуулалт нь бусдын малыг хулгайлсан л бол нэг байна уу, олон байна уу гэдгээс үл хамааран эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл заавал хүлээхээр боллоо. Малын хулгай ярихаараа нэг л их тоо яриад байна гэж яригдаж байсан. Энэ талаар тайлбар хэлэхэд мал хулгайлсан л бол ямар ч маргаангүй, ял шийтгүүлэх нь тодорхой. Харин хэдэн мал, ямар нөхцөлд мал хулгайлснаас шалтгаалан зарим тохиолдолд оногдуулах ял шийтгэлийг илүү хүндрүүлэх шаардлага байдаг. Тиймээс малын тоо, мал хулгайлахад үүссэн нөхцөлийг малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд яриад байгаа юм.

Хэрвээ найм хүртэлх тооны бог, эсхүл нэг бод, өөрөөр хэлбэл найм хүртэл тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулна. Мөн найман бог, эсхүл, хоёр бод, түүнээс дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал хулгайлсан гэж үзэж өмнөхөөс илүү хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Үүнтэй холбогдуулан нэг бодыг дөрвөн богд шилжүүлэн тооцохоор хуульд тусгасан.

Түүнчлэн хулгайлсан малын тооноос үл хамааран дараахь байдлаар мал хулгайлсан бол бас хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнд, бүлэглэн мал хулгайлсан,улсын хилээр нэвтрүүлсэн, машин механизм ашиглан ноцтой хор хохирол учруулан мал хулгайлсан бол хэдэн тооны мал хулгайлснаас үл хамааран хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу шууд хоёроос найман жилээр хорих ял шийтгэхээр тус тус тусгасан. Малын хулгайг зөвхөн Эрүүгийн хуульд заасан. Өөрөөр хэлбэл, мал хулгайлах нь зөрчил биш, гэмт хэрэг. Зөрчлийн хуульд “хулгайлах” зөрчил байдаг боловч энэ нь малын хулгайд хамаарахгүй бөгөөд мал хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Бидний санаачилсан хуулиар Зөрчлийн хуульд орсон өөрчлөлт нь хулгайлсан мал, махыг мах бэлтгэлийн зориулалтаар худалдан борлуулахад зөрчлийн хариуцлага хүлээлгэдэг болгож байна. Өмнө нь мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсвэл мал, мах тээвэрлэсэн гэдэг зөрчил байсан боловч түүнийг худалдаалж, борлуулсан этгээдэд зөрчил хүлээлгэдэггүй байсан. Энэ өөрчлөлт орсноор хулгайлах замаар олж авсан мал, махыг тодорхой хэмжээнд худалдаалахыг хязгаарлана гэж үзэж байгаа.

-Энэ өөрчлөлтийн амин сүнс нь малын хулгайтай тэмцэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа. Мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Өнчин ишиг хулгайлсан ч ял авах юм байна. Арай хатуу хууль болчихов уу гэх зүйл яригдаж байна….

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг бусад хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, малын бүртгэл, им тамга, малын индексжүүлсэн бүртгэл, мал, махны гарал үүслийн гэрчилгээ гэх мэт захиргааны хяналт, зохицуулалтын шинжтэй хуулийн зохицуулалтууд хэрэгжээд явж байгаа. Гэлээ гэхдээ мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй байна. Энэ төрлийн гэмт хэрэг улам л өсч байна. Үндэсний статистикийн газрын мэдээллээс үзэхэд мал хулгайлах гэмт хэрэг 2017 онд 901, 2018 онд 1096, 2019 оны байдлаар 1800 гаруй мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил бүр тасралтгүй өссөөр байгаа. Сая бидний санаачилсан хууль бол малын хулгайн гэмт хэрэг гарсны дараа мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг чангатгасан зохицуулалт бүхий Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Мэдээж ялын бодлого бол нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон ял шийтгэлийг оногдуулах зорилготой. Нөгөө талаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу энэ гэмт хэргийг үйлдвэл ийм ял шийтгэл эдлэх юм байна гэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байдаг.

Уг нэмэлт, өөрчлөлт бол гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой хууль. Үүний өмнө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталсан. Уг хуулийн төслийг би УИХ-ын зарим гишүүний хамт санаачилсан. Энэ хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу гэмт хэрэг гаргахгүй байхад төрийн болон орон нутгийн байгууллага, цагдаагийн байгууллага, иргэдийн чиг үүрэг зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар зохицуулсан. Нөгөө талаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн болон бусад хуулийн байгууллагын чиг үүрэг гэж орхилгүйгээр холбогдох тал талын илүү өргөн хүрээтэй оролцоо, хамтын ажиллагаа чухал байна.Цагдаагийн байгууллагын хэрэгжүүлдэг хяналтаас гадна, бусад захиргааны байгууллагууд, хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, им тамганы хэрэглээ, бүртгэлжүүлэлтийн асуудлаар ямарваа нэг үүрэг хүлээсэн бүх этгээд нэгдсэн зохион байгуулалттайгаар нэг чиг зорилго, нэгдмэл сүлжээ үүсгэн хамтран ажиллах шаардлагатай. Хичнээн хатуу чанга, нарийвчлан зохицуулсан хууль байгаад үр дүн муутай байна.

-Урьд нь малын хулгайн шийтгэл оногдуулах зүйл анги нь сул байсан гэж үзэж байна уу. Нийтэд тустай ажил хийх заалт хасагдаж байгаа юм билээ…

-Мал хулгайлах гэмт хэрэг өсч байгаа нь ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой боловч нөгөө талаар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого нь үр нөлөө багатайгаас гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж үзсэн. Иймд малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, хуулийн хийдэл гаргахгүй байх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсан. Өмнө нь буюу энэ нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө 24 бог, найман бодоос дээш тооны мал хулгайлсан нөхцөлд ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулдаг байсан. Тухайлбал, 23 бог хулгайлсан этгээдэд 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байсныг хуулиас хасч байна. Өөрөөр хэлбэл, 23 бог хулгайлсан этгээд өмнө нь ял эдлэх нэрээр аймгийн төвд хэдэн өдөр гудамж шүүрдэж байгаад буцаад сумандаа хүрээд ирдэг байсныг таслан зогсоож, тэдэнд зохих ял шийтгэлийг эдлүүлэхээр хуульд тусгасан.

-Малын хулгайг ихэвчлэн бүлэглэн хийдэг. Энэхүү хууль гарснаар эдгээр этгээдүүдэд ямар шийтгэл оногдуулах вэ?

-Үнэхээр малын хулгайг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлддэг тохиолдол их байна. Амьдрал дээр малын хулгайг бүлэглэн үйлдчихээд нэг нь даадаг явдал гардаг. Ганцаараа үйлдсэн нөхцөлд олон тооны мал хулгайлаагүй бол бүлэглэн үйлдсэнээс хөнгөн ял шийтгэл оногдуулдаг. Гэхдээ хуулийн энэ нөхцөлийг өөрчлөх боломжгүй. Ер нь гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөх, нотлох ажиллагаатай илүү холбоотой асуудал. Малын хулгайг ганцаараа,бүлэглэн, бусдынхаа өмнөөс ганцаараа ялыг дааж байна уу гэдгийг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгч, прокурор, шүүгч ялган тогтоох ёстой.