Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна. Дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авахаар болсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Тус бүлэг яаралтай асуудлаар хуралдах болсноо мэдэгдсэн.

Categories
мэдээ нийгэм

Зарим иргэний тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэллээ

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэх тухай хуулийн дагуу ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэлсэн талаар НДЕГ-аас мэдээлэв.

Тодруулбал, УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны хуралдаанаар дээрх хуулийг баталсан. Уг хуулийн дагуу 1991 оны нэгдүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-нд доорх дөрвөн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх юм.

Үүнд:

1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Ташрамд дурдахад, дээрх хуулийн дагуу тэтгэврээ нэмүүлсэн иргэд ирэх сарын нэгнээс эхлэн нийт иргэдийн тэтгэврийг 25-40 мянган төгрөгөөр нэмэх Засгийн газрын тогтоолд мөн хамрагдах юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа

Image result for Чуулган

Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цаг үеийн асуудалтай холбогдуулан бүлэг яаралтай хуралдах шаардлагатай байна” хэмээгээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр цагийн завсарлага хүссэн юм. Улсын Их Хурлын дэд дарга уг хүсэлтийг хүлээн авсан. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2020 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар өнөөдөр Давос хотноо уулзаж, товч ярилцлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар харилцан баяр хүргэж, ойн хүрээнд соёлын болон бусад арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр ярилцав. Түүнчлэн зөвхөн баяр тэмдэглэхээс илүүтэй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад харилцаагаа шат ахиулах үүднээс харилцан айлчилж, засгийн газар хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт 66 настай эрэгтэй гэртэйгээ шатжээ

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн иргэн, 66 настай эрэгтэй таван ханатай гэртэйгээ шатсан тухай мэдээлэл нэгдүгээр сарын 23-ны өдрийн 14:20 цагт иржээ. Тус сумын ЗДТГ-ын 10 ажилтан, 2 автомашинтай, Эрүүл мэндийн төвөөс 6 ажилтан, 1 автомашинтай, нийт 16 хүн, 3 автомашинтайгаар 14:28 цагт очиход иргэн Т нас барсан байсныг сумын хэсгийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн Өвөрхуурайтад иргэн А-ын дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:23 цагт хүлээн авсан байна. Сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 4 автомашинтай 27 минут ажиллаж галыг унтраажээ.

Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ бараалхлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын уул, уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулсан улсуудын нэг нь Нидерланд хэдий ч хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах эрмэлзэлтэй байгаа гэдгээ тодотголоо.

Тухайлбал, хөрш зэргэлдээ БНХАУ 800 гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж байгаагийн дийлэнх нь хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд иргэдийнх нь худалдан авах чадвар нэмэгдэж, цаашид хямд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо нь хумигдаж байгаа нь монголын худалдааны ирээдүйд сайнаар нөлөөлнө хэмээн тооцоолж байгаа талаар ярилцсан юм. Үүний зэрэгцээ Монголын авто болон төмөр замын дэд бүтэц өргөжиж, Евразийг холбосон байршил зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах тул Нидерландын бизнес төвийг Улаанбаатарт нээх зэрэг санал хэллээ.

Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримталж, баг, бүрэлдэхүүнээ Монгол Улс руу илгээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа хэлсэн юм.

Уулзалтаар талууд хөдөө аж ахуйн салбараас гадна Монгол Улсад хэрэгжиж буй мал, аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний салбарын асуудлаар санал солилцож, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд ноён Марк Руттэ Монгол Улс олон улсад жишиг болохуйц байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буйд баяр хүргэв.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын тусгай албаныхан галт зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн гэх мэдээлэл тараад байна

Өнгөрсөн шөнө буюу 23-24-нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарсан гэх мэдээлэл тарлаа. Гадны иргэнийг дээрэмдсэн гэх этгээдүүд нь ТЕГ-ын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл байна. Тэд дөрвүүлээ байсан гэх бөгөөд бүлгийн дарга нь хүртэл хамт байсан бололтой. Мөн тэд байлдааны буу ашигласан нь тогтоогдсон тухай мэдээлэл байна. Тэдгээр ажилтнуудыг одоогийн байдлаар саатуулан, байлдааны зэвсгийг хураан, Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага шалгаж байна. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Грета Тунбергийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд урив

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа.

“Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлож байна.

НҮБ-аас эх дэлхийгээ ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, шударга, энх тунх, хүртээмжтэй нийгэмд амьдрах, аз жаргалтай, сэтгэл хангалуун, илүү сайхан амьдралыг цогцлоохын төлөө дэлхийн бүх орон, нийгэм, хувийн байгууллага болон иргэдийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030”-ыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа юм.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг “Ногоон наадам”-ыг зохион байгуулагч Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зорилттой уялдуулан эко сонголтуудыг хийх, ногоон байгаль дэлхийгээ хамгаалахын чухлыг таниулах, залуучуудын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан ойлгуулах томоохон зорилго тавин ажиллаж байна. Наадмыг НҮБ-ын гишүүн 195 орны 18 нас хүртэлх залуучуудын дунд, спортын 19 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан хаалттай горим шилжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. Гишүүн Д.Дамба-Очир СЗХ-ны гишүүдийг томилох саналыг тавьсан бол гишүүн Л.Болд тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх асуудал нийгмийг талцуулж байгааг онцоллоо. Гишүүн Ж.Батзандан “Гадаад харилцааны нөхөд хар тамхины наймаа хийдэг боллоо. Энэ асуудлаа байнгын хороон дээр сонсох цаг болсон. Германд баригдсан нөхөд дээрээс зохион байгуулсан гэж байна. Дээрээс хэн зохион байгуулдаг вэ? Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс гадаадын компаниудад ажиллахы хориглох хуулийн төсөл боловсруулан өргөн барина” гэлээ.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараагаар хэлэлцэх асуудалдаа орлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх 8008-6829 дугаарын утас ажиллаж байна

2020.01.24-ний өдрийн 08:00 цагийн байдлаар:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхий дахинд шинэ Коронавирусийн халдвараар 582 хүн өвчилж, 17 хүн нас барсан (нас баралтын түвшин 2.9%), 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна. 1%-ийг 15-аас доош, 27%-ийг 16-39, 72%-ийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна.

2020 оны 1 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагийн 12-15.10 цагийн (Женевийн цагаар) ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, шинэ коронавируст халдварын 4 дахь давалгаа явж байгаа бөгөөд халдвар дамжих индекс нь (R0) =1.4-2.5 байна. Уг өвчнийг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарлаагүй болно.
Эрүүл мэндийн салбараас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

Тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр:

  1. Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг 2 дахь удаагаа үнэлж, шинэ коронавирусийн халдварын эрсдэлийн зэрэглэл “Дунд” гэж дүгнэлээ.
  2. Улсын хэмжээнд томуу болон амьсгалын замын халдварын тандалт, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагаа идэвхжлийн зэрэгт шилжин ажиллаж байна.
  3. Эрүүл мэндийн сайдын 19 тоот албан даалгавраар бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг үүрэгжүүлэн ажиллаж байна.
  4. БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймгийн Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.
  5. ДЭМБ-ын албан мэдээ болон албан бус мэдээллийг 2 цаг тутамд шүүж, шуурхай мэдээлэл солилцон хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
  6. Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлж, мэдээлэл солилцон ажиллаж байна.
  7. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны гишүүдэд танилцуулга хийж, өвчний нөхцөл байдлыг танилцууллаа.

Эрсдэлийн харилцаа, холбооны чиглэлээр:

  1. Шинэ Коронавируст халдварын талаар ДЭМБ-тай хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, 30 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага оролцлоо
  2. Өдөр бүрийн 11 цагт ЭМЯ, ДЭМБ хамтран цаг үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн нэгдсэн мэдээлэл өгч байна.
  3. ХӨСҮТ-д мэдээлэл, зөвлөгөө өгөх 24 цагаар 8008-6829 дугаарын утас ажиллаж байна. 1 дүгээр сарын 22-23-ны хооронд 9 – 18 цагийн байдлаар нийт 26 хүн холбогдож, Коронавируст халдварын талаар мэдээлэл авсан.
  4. 10 төрлийн цуврал сэрэмжлүүлгийг хийж, хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явуулж байна.

Лабораторийн чиглэлээр:

  1. ДЭМБ-аас улс орнуудын лабораторийн чадавхийг үнэлж байна.
  2. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторит томуугийн болон амьсгалын замын халдварын 20 гаруй үүсгэгчийг илрүүлэх эхний 100 сорьцыг шинжлэх боломжтой.
  3. Шинэ Коронавируст халдварын оношлуурын талаар судалгаа хийгдэж байна.

Эмнэлгийн тусламжийн чиглэлээр:

  1. ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ-тэй хамтарсан цахим хурал хийж, амьсгалын замын хүнд халдварын үеийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын халдвар, хяналтын талаар Аймаг, Нийслэлийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүдэд хичээл зааж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
  2. Эмнэлзүйн зөвлөгөө өгөх зөвлөх багийг томилон ажиллуулж байна.
  3. ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
  4. 1 дүгээр сарын 23-нд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв, яаралтай тусламжийн төвийн 150 гаруй эмчид сургалт хийсэн. Өнөөдөр сургалт үргэлжилнэ.

Хилийн нэвтрэх цэгийн хяналт:

  • 2020 оны 1 сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатарын чиглэлийн автобусанд 6 настай, эмэгтэй, Өвөр Монгол хүүхэд Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод халуунтай орж ирсэн. Хүүхдийг түр тусгаарлаж, сорьц авч, хүүхдийг ээжийн хамт Хөх хот руу буцаах арга хэмжээ авсан. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилнэ. Автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүд зочид буудалд түр байрлуулсан.
  • 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1650 цагийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн 1 зорчигч (БНХАУ-ын иргэн, 23 настай, эмэгтэй)-ийг ХӨСҮТ-д түр тусгаарласан. Лабораторийн шинжилгээ хийгдэж байна.