Categories
мэдээ нийгэм

Манай улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй

Шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ, МХЕГ, ЗӨСҮТ-өөс хилийн боомтууд, 21 аймгийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “ХӨСҮТ-д тусгаарласан нэг хүний биеийн байдал хэвийн байна. Эрүүл хүн, хавьтал гэж тусгаарласан. Давхар хавьтал гэж үзэж байгаа хүний шинжилгээний хариу нь үдээс хойш гарна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж ярьдаг шинэ халдвар гарах, цас зуд болох гэхчлэн гэнэтийн тохиолдолд улсын хэмжээний мэргэжлийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах тухай Шадар сайдын журам бий. Журмын дагуу энэ сарын 6-наас эхлэн энэхүү өвчин Монголд орж ирэх талаар үнэлгээ хийхэд “дунд” эрсдэлтэй гэж гарсан. Журамд идэвхжлийн нэгдүгээр зэргээр ажиллана гэж заасан байгаа. Үүний дагуу Хилийн мэргэжлийн хяналтын газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг мэргэжлийн төв байгууллага идэвхжлийн горимоор ажиллаж байна. Түүнээс гадна мэдээлэл сургалт сурталчилгааг ард иргэдэд үнэн зөв, цаг алдалгүй хүргэж байна. Мөн Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг аль болох гаргахгүй байх, бууруулах талаар ажиллах ёстой. Тиймээс хилийн нэвтрэх цэгүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Улирлын томуу явж байгаа учраас онгоцонд халуурсан, ханиасан, хатгалгаатай орж ирсэн 6-7 хүнийг ХӨСҮТ-д шинжилгээ хийлээ. Ингэхэд улирлын томуугийн вирус, амьсгалын замын цочмог хүнд халдварын вирус илэрч, томуугийн вирусээр үүсгэгдсэн ханиад нь хүндэрч хатгалгаа болохыг тогтоон, эмчлээд гаргасан. Манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь хамгийн зөв алхам юм” хэмээх мэдээллийг өглөө.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн “Отгонтэнгэр” хайрханыг ухуулахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн 2018, 2019 онд тодорхой үр дүн гаргалаа. МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС, Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэв.

Мөн нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд Улаанбаатарын утаа 40-50 хүртэл хувиар буурсныг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Орон нутагт, аймгуудад хотод энэ туршлагыг авч ажиллах хэрэгтэй гээд аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсч асуултад хариулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгйин удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Урд хилийн авто боомтууд маргаашнаас гурван хоног амарна

Монгол Улс, БНХАУ хоёр орны хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хугацаагаар хаах заалттай. Энэ дагуу БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн 26, 27-нд 3 хоног амарна.

Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амарч байна.

Categories
мэдээ нийгэм

Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

2019 оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ө-г санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг гарч олныг цочирдуулж байсан юм.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүхээр хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Б өмнө нь эхнэрээ 2 удаа зодож Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ мөн эхнэрээ зодсон асуудлаар Зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан болох нь тогтоогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол орны эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар ОХУ-тай санал солилцов

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеевийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэх, “ДЦС-3” хүчин чадлыг нэмэх төслийг монголын улстай хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеев уулзалтын үеэр танилцуулав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлах үед “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээ”-г байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үед “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хэлэлцээр” байгуулсан юм. Тиймээс эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой хэмээн Элчин сайд Д.Даваа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2019 оны шилдгүүд тодорлоо

Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр, улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг юм.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны 2019 оны шилдэг клубээр Улаанбаатар бүсийн “Гандуулга”, “Шилдэг тамирчин”-аар Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ОУХМ, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг нар тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын тогтоол, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн удирдлагуудаас хүслээ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, чиглэлийн талаар Аймаг, Нийслэлийн удирдлагуудад мэдээлэл өгөн засаг дарга нарын асуусан асуултад хариулт өглөө.

Уулзалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд, түүний үр дүн болон 2020 онд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Уул уурхай хүнд үйлдвэрийн салбар нь ирээдүйн 20-30 жилд манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар, хөгжлийн гол хөдөлгүүр нь байна гэдэгт миний бие салбар хариуцсан сайдын хувьд итгэлтэй байдаг. Энэ утгаараа тус салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үр дүн нь орон нутгийн байгууллага, иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас шууд хамаарч байгааг онцлон тэмдэглэлээ”.

Мөн уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын үр өгөөж тухайн орон нутагт илүү үлдэх учиртай гэдэгтэй салбарын сайд санал нэгтэй байгаагаа уулзалтын үеэр хэлсэн.

Уулзалтын төгсгөлд Засгийн газрын тогтоол, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлж, хуулийн дагуу ажиллаж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, зөрчил гаргасан этгээдэд зөвхөн хууль, тогтоомжид заасан хэм хэмжээг баримтлан хариуцлага тооцож ажиллахыг Аймаг, Нийслэлийн удирдлагуудад хүссэн юм.

Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би өөрийгөө буруутай гэж үзэж байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлээд байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдаанд ирсэн байна. Түүний баруун нүд хөхөрсөн байлаа. УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж, түүнд холбогдох асуудлыг хэлэлцэх гэж байгаа аж. Бүлгийн хуралдааны өмнөхөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таны нүд яагаад хөхөрсөн бэ?

-Нүдний хөхрөлт, гавлын яс хоёр газар хагарсан. Энэ хүрээнд өөрийгөө зөвтгөж, бусдад гомдоллох зүйлгүй. Залуу хүн алдсан байна. Хүлцэл өчье. Энэ асуудлын хүрээнд хэн нэгэнд гомдоллож тунихгүй. Би өөрийгөө буруутай гэж үзэж байна.

-Та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн үү?

-Би өөрийгөө хууль зөрчөөгүйг нотлох ёстой. УИХ-ын дарга, бүлгийн даргад өөрийн тайлбараа хүргүүлсэн. Гэмт үйлдэл гаргаагүй байхад өөрийн санаачлагаар бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй. ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчөөгүй. Надаас тайлбар мэдүүлэг аваагүй, шалгаагүй, мэдүүлэг аваагүй. Би аргаа бараад өөрөө мэдээлэл хийсэн. Улстөржүүлээд байгаа асуудлыг ярих хэрэгтэй. Худал мэдүүлэг өгсөн гэж байгаа. Би үүнийг нотолно. Ийм зүйл байхгүй. Монгол Улсын иргэний хувьд гэм буруугүйгээ нотлох, эрхээ эдэлнэ. Нууц задруулж хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нөлөөлсөн гэж байгаа. Ийм зүйл байхгүй.

-Талийгаачийн ар гэрийнхэн яагаад таныг буруутгаж байна вэ?

-Нэг дүү нь Дорнодод, бас Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа юм билээ. Уржигдрын мэдээлэлтэй холбогдуулан дөрвөн өргөдөл цагдаад өгөөд байна. Телеграф тестийг би өөрийн хүсэлтээр шалгуулсан. Нууцын зүйл байхгүй. Бүх асуулт асуухад 80-90 хувь нь миний хариулт үнэн гэж гарсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тархины цус харвалт тогтоогдсон. Журмаараа хоёр удаа авдаг юм билээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах зорилготой сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлагдлаа

БОАЖЯ, АХБ хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хэвлэл мэдээллийн салбарын уран бүтээлчид, сэтгүүлчдийн дунд зарлалаа.

Тус уралдаан нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд, богино хугацааны бодлого, үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл, хандлага, ойлголтыг төлөвшүүлэх, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах болон агаарын бохирдлыг буурулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлсэн сэтгүүл зүйн бүтээлийг дараах шалгуурыг үндэслэн, мэргэшсэн сэтгүүлч, БОАЖЯ болон АХБ-ны зөвлөхийн бүрэлдэхүүнтэй баг сонгон шалгаруулна. Үүнд:

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон нийтийн мэдлэг, мэдээлэл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн чанартай, шинэлэг сэтгүүл зүйн бүтээл байх
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэлхий дахинд болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, техник, технологийн шилдэг туршлага, шийдлийг таниулан сурталчилсан байх
  • Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах талаар иргэн, ААН-ийн шилдэг туршлагыг судлах, олон нийтэд танилцуулж идэвхжүүлсэн байх
  • Уралдаанд зориулсан бүтээлийг өөрийн харьяалагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг сэдвийн хүрээнд тогтвортой, давтамжтай хүргэж, тодорхой үр дүнд хүргэх боломжийг бий болгосон эсэх

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны даваа гарагаас өмнө boajya.mne@gmail.com хаягаар ирүүлсэн байх.

Шалгарсан нэг бүтээлийг 2020 оны 2 дугаар сарын 20-нд зарлаж, өргөмжлөл 3 сая төгрөгөөр урамшуулах юм.

Categories
мэдээ спорт

Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдаана

Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээн Красноярск хотноо пүрэв гарагт эхэлсэн ба Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар алтан медалийн төлөө барилдахаар болов.

Энэхүү 31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болсон. Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг-д барилдсан. Харин өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Шоовдор нар алтан медалийн төлөө барилдана.

Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны А.Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны М.Бакбергеноваг оноогоор цэвэр ялсан юм.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.