Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюунтунгалаг: Шүүгчид бид нэлээд вакумжчихсан, нийгмээсээ тусгаарлагдсаныг энэ хугацаанд ойлголоо

Одоогоос зургаан сарын өмнө ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Салхитын ордын хэргээр нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар тэдгээрээс долоон шүүгчийг ажилд нь буцаан томилжээ. Тэдний нэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагтай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн эрхийг тань сэргээгээд удаагүй байна. Ажилдаа орчихсон уу?

-Ажилдаа орсон. Манай шүүхээс дөрвөн шүүгч түдгэлзээд байсан нь бүгд буцаж сэргэсэн. Тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ хэрэг маргаанаа шийдвэрлэх, хэргээ хуваарилах, шүүх хуралдаанд орох журмаа зөвлөгөөнийн тогтоолоор батлах ёстой учраас Шүүгчдийн зөвлөгөөнийг хийснээр ажлаа эхлээд явж байна.

-Эрх түдгэлзүүлснээс хойш сэргээх хүртэлх хугацаанд үйл явдал хэрхэн өрнөв?

-Зургадугаар сарын 26-ны өдөр гарсан зарлигийн талаар шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харсан. 27-ны өглөө ажил дээрээ ирэхэд зарлиг албан ёсоор гардуулж өгөөгүй ч хэвлэл мэдээллээр хариуцлагатай албан тушаалтнууд мэдэгдэл хийгээд эхэлчихсэн, ҮАБЗ-ийн дүгнэлт гарсан учраас түдгэлзсэн шүүгчид ажлаа хүлээлгэж өгсөн. Гэтэл албаны хүмүүсийн зүгээс түдгэлзсэн шүүгч нар ажлын байран дээрээ байж болохгүй талаар сануулж утсаар ярьсан учраас дахиж ажлын байран дээрээ очоогүй. Харин ямар хэргээр эрх түдгэлзүүлснийг тодруулахын тулд ҮАБЗ-ийн гишүүд, прокурорын байгууллага, АТГ, ШЕЗ зэрэг байгууллагад хандаж өргөдөл бичээд өгөх гэж байтал АТГ-аас гэрт ирж нэгжлэг хийж, үргэлжлүүлэн тэр орой гэрчийн мэдүүлэг авсан. Түүнээс хойш дахин 1-2 удаа гэрчээр асуусан. Энэ үед л Салхитын ордтой холбоотой хэрэгтэй холбоотой шүүгч нарын асуудал байгаа юм байна гэж ойлгосон.

-Ерөнхийлөгчийн зарлиг гарч, эрх түдгэлзүүлсний бараг маргааш нь байх аа, та хэвлэлийн хурал зарласан?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагатай албан тушаалтнууд “Бүх шүүгч нар гарцаагүй баримтаар нотлогдсон” гэх мэтээр, тэр бүү хэл мөнгөн дүн зааж ярих зэргээр нийгмийн сэтгэл зүйд илт нөлөөлөхүйц мэдээлэл хийж эхэлсэн. Тэр мэдээллийн дор бичигдсэн иргэдийн сэтгэгдэл, хандлага бол авах юм байхгүй. Өдийг хүртэл хууль бус зүйл, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг эсрэг итгэл үнэмшилтэйгээр олон жил ажиллаж, амьдарч ирчихээд ийм байдалд орохоор шоконд ордог юм билээ. Тиймээс маргааш өглөө нь гэрийнхэндээ ч хэлэхгүйгээр гарч яваад, нэгэн танилаасаа хэвлэлийн бага хурал хийдэг газар хаана байдгийг асуугаад хурал зарласан. Амралтын өдөр байсан ч олон, цөөн хүн ирэх эсэх нь хамаагүй, үг хэлэх эрх чөлөөтэй байгаа дээрээ олон түмэнд хэлэх гэсэн зүйлээ хүргэе л гэж бодсон. Учир нь хүнийг хэлмэгдүүлэхэр шийдсэн бол, төрийн төмөр машины эсрэг зогсоход ямар хэцүү бэрх байдгийг манай түүхээс бэлээхэн харж болно. Ийм учраас л амралтын өдөр байгаа эсэхээс үл хамааран мэдэгдэл хийсэн.

-Шүүгчдийг эрхийг нь түдгэлзүүлэхэд бүх шүүгч энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн хууль бус үйлдэл хийжээ гэдэг ойлголт нийгэмд түгсэн. Харин та энэ хугацаанд гэрч л байсан болж таарав уу?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг хэргийг аль нэг талд шийдвэрлэсэн гэж буруутгахыг, эсвэл шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотой гэрчээр асуух, байцаахыг хориглодог. Салхитын орд гээд байгаа уг хэргийг иргэний журмаар шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд надтай хамт түдгэлзсэн хоёр шүүгч нийлээд бид гурав орсон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгчийг албадан гэрчээр асууж болохгүй. Тийм учраас эрх түдгэлзүүлсэн болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ хуулиа агуулга, мөн чанараар нь ойлгож хэрэглэвэл гэрчээр асуухын тулд заавал албан тушаалаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй юу гэдэг асуудал үүснэ. Сайн дураараа гэрчээр мэдүүлэг өгөх боломжтой хүмүүсийг цаашид эрхийг нь түдгэлзүүлээд байх уу үгүй юу гэдэг асуудал гарч байна. Миний хувьд гэрчээр асуугдахдаа бүх асуултад хариулсан, асуултад хариулахаас татгалзах ямар нэгэн үндэслэл шаардлага байхгүй.

-Зарим шүүгчдийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн гэх сураг байна. Тэгэхээр шүүгчид ямар нэгэн байдлаар холбогдсон болох нь тодорхой болж байх шиг. Түүнчлэн таны оролцсон полиграфийн шинжилгээнд “Шүүгчид авлига авдаг уу” гэж асуухад та “Тийм” гэж хариулсан. Тэгэхээр шүүгчид холбоотой гэж ойлгож болох уу?

-Полиграфад ороход надаас зөвшөөрөл авсан, гэхдээ ямар асуулт асуухыг мэдэх боломжгүй байсан. Зарим асуулт нь ердийн өдөр тутмын шинжтэй байсан. Харин тэр дунд “Шүүгчид авлига авдаг уу” гэж гэнэт асуусан. Хариулахаас түдгэлзэхэд татгалзах боломж олгоогүй мэт санагдсан. Нийгэм тэр чигээрээ шүүгчид авлига авдаг гэж ярьж байгаагаас гадна гэрчээр асуугдаж байхдаа сонссон зарим нэг мэдээлэл тархинд үлдсэн байгаа. Тийм учраас “Үгүй” гэж хэлбэл худал болчихно. Гэхдээ яг тэр хариулт дээр надад сэтгэл хөдлөл их мэдрэгдсэн нь эргэлзээтэй хариулт хэдий ч үнэн гэдгээр үнэлсэн байна лээ.

-Тэдгээр шүүгчид дунд мэдээж таны таньдаг, магадгүй хүндэлж явсан хуульчид байсан болов уу. Ижил ажил мэргэжилтэй хүмүүс буруутгагдаад явчихаар танд ямар байгаа бол?

-Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй юм шиг байна. Хэнийг яллагдагчаар, хэн нь гэрчийн статустай байгаа талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм хүмүүсийг яллагдагчаар татжээ гээд зургаан шүүгчийн нэрийг заасан, тэр л хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Ер нь өөрийнхөө яваад өнгөрсөн замыг харахаар удаан ч гэсэн үнэн мөнийг тогтоож, энэ асуудлын гогцоог арилгаад шийдэлд хүргэх болов уу гэж найдаж харж байна. Хэрэг хийсэн хүн байвал заавал хариуцлагаа хүлээх ёстой. Хэрэг хийсэн, хүнийг хохироосон хүмүүст хариуцлага хүлээлгэдэг, хүмүүсийн хооронд үүссэн шударга бус байдлыг арилгах ажил хийдэг шүүгч хүн ийм зүйлд холбогдох явдал ерөөсөө байж болохгүй. Тийм хүмүүс байгаа бол тэр нь тогтоогдож, гүжирдүүлж гүтгэгдсэн хүмүүс байвал бас тогтоогдоод гарч ирэх болов уу гэж харж байгаа.

Шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгч бусад хуульчийн талаар олон нийтийн мэлээллийн хэрэгслээр үнэлгээ дүгнэлт өгөх, сэтгэгдлээ хэлэх нь хориотой. Үүгээрээ бусад хуульчдаас ялгаатай. Гэхдээ би хүн юм чинь дотроо өөрийн гэсэн үнэлэмж, дүгнэлт байгаа. Түүнийгээ олон нийтэд гаргаж ярьж болохгүй.

-Энэ хэрэгтэй холбоотой шалгагдаж байсан гавьяат шүүгч Бямбаа хорих ангид амиа хорлосон гэдэг. Та тэр хүнийг таньдаг байсан уу, хэр мэддэг байсан бэ?

-Би 2012 онд шүүгч болсон. Тэр үед Бямбаа гуай ШЕЗ-д хэвлэл мэдээлэл хариуцсан дарга байсан болов уу гэж бодож байна. Ямартаа ч тийм хүн ажилладгийг сонсож байсан. ШЕЗ-ийн шугамаар шүүхүүдээр шалгалт хийх үед нь нэг удаа харснаас өөрөөр мэдэхгүй.

-Шүүгчдийг шалгах үед эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг зарим хуульчид ярьж эхэлж байгаа. Танаас мэдүүлэг авах үед ийм байдал ажиглагдсан уу. Ер нь бусад шүүгчдийн хувьд энэ тухай сонссон уу?

-Би өөрөө хуульч хүн учраас гэрт ирээд нэгжлэг хийхэд үндэслэлийнх нь талаар асуухад ерөнхий тайлбар хэлдэг юм билээ. Нэгжлэгийн хувьд бүх зүйлийг маш нарийн үзэж, нэг бүрчлэн камерын бичлэг хийж байсан. Мэдээж эвгүй байсан. Гэхдээ кинон дээр гардаг шиг хамаг юмыг онгичиж, авч шидээд, загнаж доромжлоод байсан зүйл байхгүй. Ажилтнууд нь нэлээд мэргэжлийн, эмх цэгтэй маягтай харагдаж байна лээ. Гэрчийн мэдүүлгийн хувьд ч тэр бүх зүйл бичлэгээр баримтжуулж, хуулийн заалтуудыг нэг бүрчлэн мөрдөж байх шиг харагдсан.

-Хэдийгээр эрх сэргэсэн ч танд шүүхийн нэр хүнд, шүүгчийн нэр төрийг цаашид улам өндөрт авч явах шаардлага улам өндөр болов уу даа?

-Би юу ч мэдэхгүй сургууль төгссөн “хүүхэд” байхдаа шүүхийн байгууллагад ороогүй. Хуулийн төсөл бичих, судалгаа шинжилгээний ажил багагүй хийж, шүүхтэй холбоотой хууль тогтоомж, эрдэм шинжилгээний бүтээлүүдийн түвшинд нэлээд судалчихаад орж ирсэн болохоор шүүгч гэж хэн байх ёстой вэ, шүүхийн байгууллага ямар байх ёстой талаар идеаль түвшинд ойлголттой байсан. Шүүгч өөрийнхөө ажил мэргэжилтэй холбоотой өөрийн танил тал, эсвэл хэн нэгэнд тусгайлан тус хүргэх, давуу тал үүсгэх боломжгүй. Дэлхийн бараг бүх улс оронд ийм жишигтэй, манай улсын хууль тогтоомжид ч яг адилхан хуульчилчихсан байгаа. Тийм түвшинд би ойлгож ирсэн.

Манай нийгэмд өндөр албан тушаалтнууд, олны танил улстөрчид олон хүнд тус болдог, ах дүү хамаатан садан, найз нөхдөө дээш нь татдаг. Түүнийг бидний монголчууд “Хүн чанартай”, “Тусч, сайн хүн” гэж ойлгодог байх. Гэтэл шүүгч хүн ийм байх боломжгүй. Ийм байх юм бол эсрэгээрээ шүүхийн ажил явахгүй. Нөгөө талаас ийм хандлага нь шүүгчийг хүнд таалагдах, хүнд зөвхөн сайхан харагдах зорилготой болговол маш аюултай. Харахад шударга дүр эсгэдэг байж болохгүй. Бүр цаад агуулгаараа л шударга, хүн чанартай байх асуудал шүүгч хүнд хамгийн чухал зүйл юм байна гэдгийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд олон нийтийн дунд байхдаа бодитойгоор мэдэрлээ. Өмнө нь цагаар хичээл заадаг байсан, энэ удаа бүр илүү цаг зав гарч, оюутнууд, ард түмний яриа хөөрөө, хандлагыг ажиглалаа. Ингээд харахад шүүгчийн ёс зүй, шүүгчид тавигдах шаардлага, шүүгч гэж хэн бэ гэхэд бид нэлээд вакумжчихсан, нийгмээсээ тусгаарлагдсан гэдгийг ойлгосон. Нэг тийм хэт мэргэжлийн, номын, албаны байдлаар хараад тэр нь хөрсөн дээрээ буухгүй, эсвэл мэдлэг боловсрол, хүн чанар муутай нэг хэсэг нь хэлбэрдэх шинж рүү орчихсон байна. Агуулга нь байхгүй хэлбэр байх боломжгүй, хэзээ нэгэн цагт дэлбэрдэг.

-Шүүх байгууллагын тогтолцоотой холбоотой шинэчлэл манайд чамгүй их хийгдсэн. Таныхаар шүүхийн өнөөгийн тогтолцоо, шинэчлэл хэр зөв явж байна вэ?

-Би ОХУ-д сургуулиа төгсч ирээд 2001 онд Хууль зүйн яаманд ажилд орж байсан үед гэхэд л шүүхийн шинэчлэл яригдаж байсан. Дараа нь 2011, 2012 оноос дахиад л өөрчлөлт шинэтгэл гэж яригдсан. Хуулийн салбар өөрөө нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй, зөрүү гараад байгаа учраас нийгмийн зүгээс шинэтгэлийг шаардаад байдаг. Түүний дагуу шинэтгэл хийх нь зөв боловч судалгаа шинжилгээ дутуу байв уу, хоорондын харилцаа холбоо муу байсан уу, эсвэл дотор нь байгаа хүмүүсийн олж авч байгаа мэдээлэл бодитой бус, өөрийнхөө үзэл бодлоос өөр зүйлийг сонсохыг хүсэхгүй байсан уу зэрэг олон асуудлаас болоод шинэчлэл дутуу хийгдээд байгаа харагддаг. Шинэчлэлийг нэг улстөрч хийлээ, тэр нь бодит байдал дээр хэрхэн бууж байна вэ, гүйцэтгэл нь ямар байна вэ гэдэг дээр зөрүү гарчихаад байгаа юм болов уу.

Үнэхээр хууль шүүхийн байгууллагад авлигын янз бүрийн сүлжээ, бүлэглэл үүсчихсэн бол шинэтгэж, ангижруулах нь маш чухал. Энэ нь улс орны хувь заяанд амин чухал асуудал яах аргагүй мөн. Ром улс мөхсөн нэг том шалтгааныг шүүхийн авлига, ялзрал гэж түүхэнд үздэг. Тиймээс шүүхийн шинэтгэлийг ямар нэгэн бүлэг ашиг сонирхол, тэрний энэний тал гэдэг үүднээс авч хармааргүй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа

Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,

“Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн.

Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ. Нуух нь хэнд ч ашиггүй, тэгэх ч шаардлаггүй. Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй.

Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл. Одоо энэ л чухал болоод байна” гэсэн байна. Мөн өдөр бүр 09:00-18:00 цагт коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 8008-6829 утсыг ажиллуулж эхэллээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх хоёрдугаар сард багтааж олгоно

Image result for НӨАТ-

2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ба буцаан олголтыг ирэх хоёрдугаар сард багтаан олгоно. Энэ жилээс НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих аж.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна

Image result for өвөл

Өнөөдөр нийслэлд цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний 20:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 25-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

Image result for номтойбаяр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Прокурорын санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Ерөнхий прокурор дотор нь байгаа асуудлаар нарийн мэдээлэл өгөхгүй байгаа. Нэг зүйл дээр гишүүд санаа зовниж байгаа. Гол асуудлаа шалгахгүй тойроод явчих вий. Нөгөө талаас, ерөнхий прокурор санал оруулж ирсэн учраас үүнийхээ хариуцлагыг цаашдаа хүлээх байх” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ сарын 27-31-нд намын бүлэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 27-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Г” танхимд;

Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 27-ны Даваа гарагт:

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

01 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

Дагуул хот /Аэро сити, Майдар, Зуунмод/ хөгжүүлэх эрх зүйн орчныг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

01 дүгээр сарын 27-ны Даваа гарагт:

“Баялгийн шударга хуваарилалт ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт Хүний эрхийн дэд хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

01 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд.

ДӨРӨВ.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

3.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хаалттай.

01 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2020.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2020.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх /2015-2018/”-д хийсэн нийцлийн аудитын тайланг сонсох;

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал;

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2020.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудал;

Гадаад харилцааны яамны 2019 оны үйл ажиллагааны тайлан сонсох;

Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны тайлан сонсох;

Бусад.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 30, 31-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудал;

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Categories
мэдээ улс-төр

Төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг хуулиар тогтооно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өсжээ. Түүнчлэн таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг хууль санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд онцлов. Түүнчлэн залуу гэр бүлүүдийн дунд явуулсан судалгаагаар 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэх боломж олгохыг хүсжээ. Мөн гэр бүл салалт, зөрчил маргаан нь санхүүгийн хүндрэл, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн судалгаанд оролцогчдын 55.3 хувь үзсэн байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоох, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах заалт тусгажээ. Мөн залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас нь олгох, гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын цаг дууссан тул хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэх болов.

Categories
мэдээ улс-төр

Хил боомтын хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Улсын онцгой комиссын хуралдаанаар ямар шийдвэр гаргасан бэ?

-БНХАУ-тай манай улс хиллэдэг. Коронавирусын тархалт Хятадад өндөр, нас баралт нэмэгдэж байна. Дээр нь томуу, томуу төст өвчний өвчлөл манай улсад өндөр байна. Тиймээс Улсын онцгой комисст сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хаах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, тарианы санхүүжилтийг гаргах, хилийн боомт орчмын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хаах санал гаргасан. Улсын онцгой комиссын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын хоёрныг хүртэл хаахаар шийдвэрлэлээ. Харин хилийн боомт орчмын бүсээр тээврийн хэрэгслээр зорчихыг тодорхой хэмжээгээр хязгаарлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

-Саатуулсан иргэдийн биеийн байдал ямар байна вэ?

-Шадар сайдын тушаалаар нийгмийн эрүүл мэндийн асуудал үүссэн үед холбогдох байгууллагууд хэрхэн ажиллах талаар гаргасан захирамж байдаг. Бид тасралтгүй хамтын ажиллагаатай байгаа. Ташаа мэдээлэл их байна. Бид халуурсан иргэдийг бүртгэн, шинжилж байгаа. Бээжин-Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд явсан хятад улсын иргэн өндөр халуурсныг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй, буцаасан. Шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Энэ хүнтэй ойр явсан нэг иргэнд ХӨСҮТ-д шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байна

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул гэсэн шаардлагыг тавьсан байна.

Энэ удаад Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бүрэлдэхүүнээрээ хуралдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ коронавирусний дэгдэлтэй холбоотойгоор зөвлөмж өглөө

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улсад зөвлөмж өглөө.

“Цаашид вирусний халдвар аль ч улсад тархах эрсдэлтэй байна. Тиймээс бүх улс тархалтыг тогтоон барих арга хэмжээ авахад бэлэн байх ёстой” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Олон улсын эрүүл мэндийн журмын хүрээнд нэгдүгээр сарын 22-23-нд хуралдсан.

ДЭМБ-аас БНХАУ-ын хувьд халдварын тархалтад тавих хяналтаа, ялангуяа Хятадын Шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр чангатгаж, халдварын тохиолдлыг илрүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлэхийг зөвлөсөн байна. Үүнээс гадна, халдварын тархалтыг тогтоон барихын тулд иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, гарах үр дагаврыг нь багасгах арга хэмжээ авах, мөн өвчний тархалтыг судлах, шинэ коронавирусний халдварын эх уурхайг олж тогтоох судалгааг хийхэд ДЭМБ болон түншүүдтэйгээ хамтран ажиллахыг зөвлөжээ.