Categories
мэдээ нийгэм

Короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дадлага сургалт зохион байгууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор эмнэлгийн даргын 2020 оны А/18 дугаар тушаалаар шинэ коронавирусийн халдварын үед хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, Эмнэлгийн халдвараас сэргийлэх, хяналтын алба, Эрчимт эмчилгээний тасаг, Уушги судлалын тасгууд хамтран шинэ коронавирусийн халдвартай үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах, ноцтой байдалд үндэслэн яаралтай тусламжийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг идэвхжлийн горимд хэрхэн шилжүүлэн ажиллах чиглэлүүдээр нийт тасаг, албадын ажилчдын төлөөллийг оролцуулан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзүүлэх дадлага сургалт зохион байгуулсан байна.

Энэхүү дадлага сургалтыг тасаг, нэгж бүрт үе шаттайгаар зохион байгуулан болзошгүй эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар ур чадвар, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд түр хаагдлаа

Image result for боомт

БНХАУ-тай хиллэдэг хилийн авто замын боомтуудыг өнөөдрөөс хаалаа. Боомтууд энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амарна. Мөн БНХАУ-д кронавирусийн халдвар тархаж байгаа учир Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгчийг ашиглах зааварчилгаа

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлээд байна.

Эхний ээлжийн 20,000-ыг тараасан бол энэ бямба гарагт дараагийн ээлжийн 60,000 ширхгийг хүлээн авахад бэлэн болоод байгаа юм.

Иймд угаарын хийн мэдрэгчийг зааврыг дагуу ажиллуулж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно

“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно

Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл НЗДТГ-т мэдээлэл хийлээ.

Энэ жилийн “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” нь:

  • Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт
  • Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл
  • Улаанбаатар хотын хөгжил
  • SMART CITY
  • “Нэг хот- Нэг стандарт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдана.

Форумын үеэр нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төслийг оролцогчдод танилцуулахаас гадна хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулах аж. Мөн хотын удирдлага, газар хэлстийн дарга нар оролцогчидтой уулзаж, шууд ярилцан тулгарч буй асуудлаараа санал солилцох боломж олгоно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа “Форумыг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Саяхан НИТХ-аар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн дэд хөтөлбөрийг баталсан тул энэ удаагийн форумаар энэхүү бодлогын баримт бичгийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар чухалчлан хөндөхөөр төлөвлөсөн. Манай холбогдох агентлаг, газрууд хоёрдугаар сарын 07-ныг хүртэл форумтай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэсээр байх болно” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг “Улаанбаатар худалдааны танхим 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллаж байна. Үр дүн гарч байгаа боловч цаашид илүү нягт ажиллаж, Улаанбаатарчууд өөрсдөө бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах нь илүү чухал. Өнөөдөр тулгамдсан маш олон асуудал байгаа учраас энэ бүгдийг форумаар дамжуулан ярилцах хэрэгтэй” гэлээ.

Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан “Форум хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт болон “Ухаалаг хот” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци дээр бүртгэл явагдаж байгаа. Ирэх долоо хоногоос бүх төрлийн бүртгэлийн системүүдээ ашиглалтад оруулж эхэлнэ. Мандатын үнийг бүртгэл эхэлхэд эцэслэн гаргана. Нийт 1000 оролцогчтой байхаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын худалдааны танхим гардан зохион байгуулж байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцох саналаа ирүүлж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

Image result for тэтгэвэр

Улсын Их Хурлын чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж, судалгаа, тооцоолол хийсний үндсэн дээр тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээгээд байна.

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байна. Үүнд:

1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн тэтгэвэр 50000 төгрөгөөр нэмэгдэж байгаа ба нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү өнөөдөр олгож байна. Харин ирэх сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдоно. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдана.

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны нөөцийн групп нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл бөгөөд 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын усны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг юм.

Ноён Пол Балке Монгол Улс Усны тухай хуулийг баталсан явдалд баяр хүргэж, энэ хуулийг батлуулахад олон талаас нь дэмжиж, манлайлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гүн талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль батлагдсанаар олон яам агентлагт төвлөрдөг байсан усны асуудлыг ерөнхийлөн хариуцах Усны агентлагтай болсон гэдгийг тодотгосон бөгөөд энэ нь олон улсад жишиг болохуйц бодлогын өөрчлөлт болсон хэмээн ноён Пол Балке дүгнэсэн юм. Улмаар Дэлхийн усны нөөцийн групп энэ онд манай улс руу ажлын хэсэг илгээж хуулийн өөрчлөлт, үр дүнг судлах зэргээр хамтран ажиллахаар болов.

Уулзалтаар талууд уул уурхайд гадаргуйн ус ашиглах, саарал ус, цас, борооны усыг хуримтлуулан ашиглах асуудлаар санал солилцож, Монгол Улс дээрх асуудлын хүрээнд сүүлийн үеийн технологи нутагшуулах зорилготой байгаагаа хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, хуваарь

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 27-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Г” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 27-ны Даваа гарагт:

  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

01 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

  • Дагуул хот /Аэро сити, Майдар, Зуунмод/ хөгжүүлэх эрх зүйн орчныг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

01 дүгээр сарын 27-ны Даваа гарагт:

  • “Баялгийн шударга хуваарилалт ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт Хүний эрхийн дэд хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

01 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд.

ДӨРӨВ.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

3.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хаалттай.

01 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 30, 31-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Өнөрбаяр: Хар тамхитай тэмцэх төрийн бодлогодоо шинэчлэл хийх цаг болсон

Хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус хар тамхины хэргээр шалгагдаж, ял шийтгэл авах болсон. Энэ асуудал дээр төрийн бодлого ямар байх ёстой вэ?

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Тэдний 80 гаруй хувь нь 16-35 насны залуучууд байна. Энэ чиглэлээр хийгдсэн олон судалгааны тайлан олж уншлаа. Хар тамхи, мансууруулах бодис борлуулдаг гэмт этгээдүүд орлогынхоо багагүй хэсгийг шинэ зах зээл бий болгоход зориулдаг юм байна. Тэд эхний үед борлуулах биш харин хэрэглэгч нарыг бий болгохын тулд үнэ төлбөргүй эсхүл хямд үнээр хүүхэд, залуусыг дасал болгож, тэднийг хар тамхи байнгын хэрэглэгч болгодог гэсэн судалгаа байна. Мэдээж хэрэг хүүхэд, залуучууд сониуч байдаг. Басхүү алдах, онох насан дээрээ яваа болохоор нэг мэдэх нь ээ шоронгийн хаалга татах магадлал өндөр байна л даа. Тиймээс хүүхэд, залуусыг хар тамхинд оруулаад байгаа, мөн тэр зах зээлийг бий болгож байгаа худалдан борлуулагч, гаднаас нийлүүлэгчдийг, тэндээс ашиг хүртэж байгаа хүмүүсийг илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

-Олон улсад ийм төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг вэ. Хар тамхи зарж борлуулдаг хүмүүс нь өөрсдөө үндсэн хэрэглэгч байдаг юм биш үү?

-Хар тамхи зарж борлуулж, тэндээсээ их хэмжээний мөнгө олдог, улмаар хүүхэд, залуусыг уруу татаж байгаа этгээдүүд үнэн хэрэгтээ өөрсдөө хар тамхи хэрэглэдэггүй. Бүр өөрсдийн хүүхдийг тийшээ орчих вий гэж үргэлж санаа нь зовж байдаг нь нууц биш. Нэг жишээ хэлье. Колумбын зартай хар тамхины наймаачин Павло Эскобар хүүгээ хар тамхи татсаныг мэдээд хүүдээ зориулж зургаан нүүр урт захиа бичсэн байдаг. Агуулга нь хар тамхины хор хөнөөл, түүнээс л хол явах тухай эцгийн захиас. Бүр хүүгээ үг авахгүй болохоор нь гэрийн хорионд хүртэл хийж байсан түүх бий. Хар тамхийг зарж борлуулж, тэр зах зээлийг бий болгож байгаа этгээдүүдтэй тэмцэхгүйгээр бодит үр дүнд хүрэхгүй. Энэ аюул занал та бидний үр хүүхдүүдийн ирээдүйг хэзээ нэгэн цагт залгиж магадгүй. Төр энэ чиглэл рүү анхаарал хандуулж, бодлогоо шинэчлэх цаг болсон. Түүнээс хэрэглэсэн хүүхэд, залуусыг шийтгэлээ гээд хар тамхи гэх цагаан тахлын уг үндэс арилахгүй. Ер нь өөрсдийн хүүхдийн ирээдүйг хайрлаж, бусдын хүүхдийг золигт гаргадаг тийм ёс зүй байж таарахгүй биз дээ. Тиймээс бид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогодоо шинэчлэл хийх цаг болсон. Ер нь ийм төрлийн гэмт хэргийг үр дүнтэй бууруулж чадсан улс орнуудын туршлагыг харахад хар тамхийг нийлүүлж, худалдан борлуулж тэндээс онц их хэмжээний ашиг олж байгаа гэмт бүлэглэлтэй хуулийн байгууллагууд нь илүүтэй хүч хаяж тэмцдэг юм билээ.

-Нийгэмд ихэвчлэн чинээлэг айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг гэх ойлголт байдаг…

-Дан ганц хөрөнгөтэй, чинээтэй айлын хүүхдүүд хар тамхи хэрэглээд байна гэх ойлголт учир дутагдалтай санагдсан. Хэд хэдэн криминологийн судалгааны тайлан судалж үзэхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглээд баригдаж байгаа хүмүүсийн амьдралын бололцоо, санхүүгийн байдал нь янз бүр байдаг юм байна. Ажилтай, ажилгүй боловсролтой, боловсролгүй гээд хэн ч холбогдож болж байна. Бүр 13 настай хүүхэд хүртэл холбогдсон тохиолдол гарч байсан.

-Хар тамхины аюул биднээс хол гээд төсөөлөөд явж байтал гэнэт хүүхэд нь, хамаатан садан нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоход эцэг эхчүүд хэрхэн хүлээж авдаг юм бол?

-Зөвхөн хар тамхи ч биш сүүлийн жилүүдэд цахим орчинг ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд, өсвөр насны залуучууд байгаа нь харамсалтай. Жишээ нь, “М” гэгч этгээд зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан. Мөн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насын охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж охидыг сэтгэл санааны дарамтад оруулж байсан этгээдийг Цагдаагийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байсныг санаж байна. Бас миний санаж байгаагаар “Х” гэгч нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг хуулийн байгууллагууд тогтоосон байсан. Гэхдээ илэрсэн гэмт хэрэг гэдэг мөсөн уултай зүйрлэвэл ердөө оройн хэсэг л юм. Мөсөн уулын арван хувь нь ил харагддаг, 90 хувь нь усан доор байдаг. Тиймээс цахим орчинг ашиглан хүүхэд залуучуудыг гэмт хэргийн хохирогч болгодог энэ байдалд бид онцгой анхаарал хандуулах цаг нь болсон гэж боддог. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч байж таарахгүй. Магадгүй таны хүүхэд хэн нэгэнд уруу татагдаад явж байж болзошгүй. Бага дээр нь асуудлыг шийдэхгүй байсаар ял шийтгэл авах дээрээ тулахад эцэг эхчүүд “ингэх гээд байсан юм аа” гээд уйлалддаг.


Categories
мэдээ цаг-үе

М.Чимэдцэеэ: Күнзийн сургаалыг орчуулах ажилд 19 жилийг зарцуулсан

Түрүүч нь №012(6378) дугаарт


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Күнзийн институтийн Монгол талын захирал, доктор, профессор, хятад судлаач М.Чимэдцэеэтэй ярилцлаа.


-Та тэгэхээр дөчөөд жил нэг салбартаа тасралтгүй ажиллажээ?

-1979 онд их сургууль төгссөнөөсөө хойш 41 дэх жилдээ монгол, хятад хэл, соёл, орчуулга судлалын энэ салбарт ажиллаж байна.

-Өнөөдрийн хувьд монголчуудаас Хятад улсыг хэл, соёл талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тасралтгүй олон жил судалж байгаа ганц хүн нь та болчихоод байна гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно оо. Миний хувьд энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь мөн байх аа.

-Хятад бол манай мөнхийн хөрш. Бид хилээ, хаалгаа хаалаа ч тэд бидний хөрш байсаар л байх болно. Тиймээс бид Хятад улс, хятад хүнийг судалж, дотоод мөн чанарыг нь мэдэж, ааш аягийг нь мэдэрч байхаас өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс энэ чиглэлийн судалгаа маш хэрэгтэй?

-Айл гэр бол ачаалаад нүүгээд явчихаж болно. Улс бол тэгэх боломжгүй. Улс бол тэнгэр, бурхнаас заяасан хөрштэйгөө л байх хуультай. Энэ хоёр их гүрэн бол Монгол Улсад тэнгэр бурхнаас заяасан мөнхийн хөрш. Хятадад ч, Монголд ч “Аливаа улс хөршөө сонгодоггүй” гэж ярьдаг. Энэ бол бурхан тэнгэрийн хувь тохиолоор бий болдог зүйл. Би Хятадад янз бүрийн хурал, чуулганд оролцож, олон очдог л доо. Дэлхийн олон орноос судлаач, эрдэмтэд ирнэ. Тэд надад нэг үгийг олонтаа хэлдэг юм. Юу вэ гэхээр, “Танай Монгол Улс бол үнэнхүү аз заяатай орон” гэцгээнэ. Яагаад вэ гэж би асууна. Танайх бол дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй хөршилдөг. Ийм аугаа хоёр том оронтой хөршилдөг орон бол өөрөө аугаа гэдэг юм. “Монгол Улс, Монголын ард түмэн туйлын заяатай. Бид Африкаас, Америкаас хэдэн орон дамжиж, хэдэн арван цаг нисэж байж сая Хятадад ирдэг. Гэтэл танайх бол огт өөр. Энэ бол туйлын их аз завшаан” гэж хэлдэг юм. Бид энэ давуу талыг зөв сайтар ашиглах ёстой юм л даа. Мэдээж том гүрний дэргэд байгаа жижиг улсад олон зовлон бий. Хятадын ном зохиолд ч бичсэн нь буй. “Томд томын зовлон буй, багад багын зовлон буй” гэж. Тэгэхээр том гүрэнд ч өөрийн зовлон байдаг, бага улсад ч өөрийн зовлон байдаг. Гэхдээ зовлон гэхээсээ илүүтэй хөршилнө гэдэг туйлын чухал зүйл. Тийм учраас бидний өмнө тулгарч буй хамгийн том асуудал бол хөршүүдээ маш сайн судлах, мэдэх, таних шаардлагатай. Таны асуусантай санал нэг байна. Бид Орос гүрэнтэй 70 гаруй жил сайн харилцаатай явсан, одоо ч сайн хэвээр байна. Оросыг бол харьцангуй сайн судалсан байна. Хятадтай харилцаа яривал хэдэн мянган жилээр ярина. Гэхдээ Хятадыг тийм сайн судалсан уу гэвэл бас тийм биш. Зөрүү буруу ойлголт их байна. Дунд нь харилцааны янз бүрийн цаг үеүдээс үүдээд хүмүүсийн хооронд ойлголтын элдэв гажуудал гарсан байдаг. Тэгэхээр бид Хятадыг байгаагаар нь ойлгох ёстой юм. Судлах ёстой. Сайныг нь сайнаар нь, мууг нь муугаар нь. Өөрөөр хэлбэл, ямар эрсдэл байгааг судлах хэрэгтэй, ямар давуу тал байгааг ч судлах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс цаашдаа энэ хоёр улстай мөнхийн хөрш явна шүү дээ. Дандаа муулчлах тал руу нь туйлшраад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй хол хоцорно. Эсхүл бид үнэхээр гайхамшигтай, энэ хоёр бол юу ч биш гээд цээжээ дэлдээд байвал Монгол Улс хол хоцорно. Тиймээс бид хөршүүдээсээ айж дөлөхөөсөө илүүтэй ойртож нягтрах ёстой гэж боддог.

-Хятад улс бидний урдхан талд асар өндөр хөгжилд хүрч шинжлэх ухаанчаар алив зүйлд хандаж байгаа ч тэднийг нэгтгэж, нэг зүгт харуулдаг зүйл нь Күнзийн сургаал юм болов уу гэж анзаарагддаг. Хятадын хөгжлийн үндсийг нь хятад хүнтэй холбож үзээд байна л даа?

-Хятад хэлтэй, хятад судлалыг оролддог хүний хувьд харахад, Хятадад нэг том давуу юм байна л даа. Тэр нь юу вэ гэхээр, Хятад бол бодлоготой, чиглэлтэй, алс хэтийн туйлын зорилготой. Тэрэндээ хүрнэ гэсэн аугаа хүсэл эрмэлзэлтэй. Хятад улс бодлогоо зуун жилээр төлөвлөж байна. Хятадад “хоёр 100 жилийн зорилт” гэсэн том зорилт дэвшүүлээд хэрэгжүүлж байна. Хятадын мөрөөдлийг дэвшүүлээд байна. 2050-иад он гэхэд Хятад улс ямар хэмжээнд хүрсэн байх вэ гэдгийг аль эрт тодорхойлчихсон, 100, 100 жилээр нь төлөвлөчихсөн байна. 100 жилийн тэр том аугаа төлөвлөгөө өөд Хятадын бүх ард түмэн, хятад хүн тэмүүлж байна шүү дээ. Тэр нь аугаа их хүч. Ард түмний хүсэл сонирхол, эрх ашиг, жирийн хүний мөрөөдөлд нийцсэн тийм алс хэтийг харсан аугаа бодлогыг дэвшүүлж тавиад түүн рүүгээ зорино гэдэг амжилт олохын үндэс болж байна л даа. Тэгэхээр бид үүнээс суралцах ёстой юм. Манайд тийм том зорилт байна уу гэвэл хэлэхэд хэцүү. 100 жил байтугай 10 жилийн, 10 жил байтугай дөрвөн жилийн тогтвортой бодлого байна уу гэхэд хэцүү. Хятад улсын тавьсан зорилгыхоо төлөө тэмүүлдэг тэр байдлаас нь бид суралцаж, жишиг авах ёстой. Тэрэнтэй адил Монгол Улсын 100 жилийн зорилтыг бий болгоод Монголын ард түмэн тэрхүү зорилго өөдөө тэмүүлэх шаардлагатай байна шүү дээ. Хоёрдугаарт, Хятадын бодлого нь тов тодорхой, байна. Гэнэтийн бодлого, шийдвэр гарах нь бага. Эртний Хятадын их сэтгэгч Күнзийн хэлсэн “Хүмүүн холын бодол үгүй аваас, ойрын зовлон оршмуй” гэсэн үг байдаг л даа.

-Манай төр засаг гэнэтийн гэнэтийн цочирдмоор, инээд хүрмээр шийдвэр гаргана шүү дээ?

-Хятадад хүмүүсийг гайхшируулсан, цочирдуулсан эсхүл ойлгомжгүй, тийм бодлого шийдвэр гарах нь бага. Бүх юм нь тов тодорхой, судалгаа тооцоотой. Бодлого хэрэгжих арга нь тодорхой, зам нь тов тодорхой. Энэ бүгд нь Хятадын хөгжилд их нөлөөлж байна. Дээр нь хятад хүн бол туйлын хөдөлмөрч ард түмэн.

-Хятад хүмүүсээс авч хэрэгжүүлмээр авууштай ямар нийтлэг чанар байдаг вэ?

-Хятад хүний олон нийтлэг чанар бий. Хятад хүн хэзээ ч бусдын дээр өөрийгөө тавьдаггүй. Нийтлэг утгаар нь хэлбэл, би гэх үзэл бараг үгүй хэмээдэг.

-Би-гийн үзлээс ангижирчихсан хүмүүс үү?

-Би- гээс илүү Бид гэх үзэл илүү хүчтэй байдаг. Бид хийнэ гэж үздэг. Бид төвтэй үзэл маш хүчтэй. Бусдаас өөрийгөө дээгүүр тавих үзэл хятад хүнээс бага ажиглагддаг. Хоёрдугаарт, Хятадад үг бий. “Хүчит салхи болоход туяхан хулс бөхийн налж, хүчит салхи өнгөрсний дараа дахин өндийнө босч ирдэг” гэдэг. Энэ бол Хятадын бас нэг философи юм. Өөрөөр хэлбэл, чи бусдын өмнө даруу бай, төлөв бай. Бүү сагсуур. Бүү баярх гэсэн үг. Ийм чанар хятад хүмүүст их түгээмэл байдаг. Манайхан тэрийг нь тэр болгон мэдэрдэггүй. Үүнийг би маш өргөн түгээмэл утгаар нь ярьж байна шүү дээ. Хувь хүн дээр бол янз бүрийн хүн байж болох. Эртний их гүн ухаантан Сократаас нэгэн хүн “Тэнгэр, газрын хооронд хэр зайтай вэ” гэж асуухад “Тэнгэр газрын хооронд зургаа, долоон тохой өндөр” гэж хариулжээ. “Тэгвэл нас биед хүрсэн хүн яаж тэнгэр, газар хоёрын хооронд багтаж явах буй” гэхэд “Тийм учраас та бөхийж явах ёстой” гэсэн байдаг. Энэ чинь бас үүнийг л хэлсэн үг шүү дээ. Ийм зүйл хятад хүмүүсээс байнга ажиглагдана. Гуравдугаарт, хятад хүн туйлын прагматик сэтгэлгээтэй. Үүнийг бид аж сэтгэлгээ гэж орчуулж байна л даа.

Аж гэдэг нь юманд бодит ханддаг. Ажил хэрэгч чанар гэсэн үг. “Монгол хүн санаа бодлоо ярьдаг, хятад хүн тоо тооцоо ярьдаг” гэсэн үг бий шүү. Бид хятад хүмүүстэй уулзаад ярихаараа том том тоо, том том төлөвлөгөө яриад байгаа мөртлөө бодитой тооцоо судалгаа бага. Хятад хүн бол тооцоо судалгаатай. Манай улсын Хятадтай харилцах харилцаанд дутагдаж байгаа нэг зүйл бол энэ юм. Хятад улс “Нэг бүс-нэг зам” гээд стратегийн том санаачилга дэвшүүлсэн. “Нэг бүс-нэг зам” санаачилгад Хятад улсыг оролцуулаад дэлхийн 65 орон багтдаг. Нэг чухал гишүүн нь Монгол Улс. Бид энэ санаачилгад нь хэрхэн оролцож байна вэ гэхээр одоо болтол хөлөө төдийлөн сайн олоогүй л явж байна. Цаасан дээр гаргасан жагсаалт бий, бодитой тоо, тооцоо, судалгаа байна уу гэхээр бараг үгүй. Тэгэхээр хятад хүний аж сэтгэлгээ бол Хятад улсын хөгжилд маш чухал нөлөө үзүүлж байна шүү дээ. Юманд бодитой ханддаг, бодитой хийж хэрэгжүүлдэг. Хятадын дарга нарын хэлдэг үг бий. “Хий хоосон яриваас гүрэн улс мөхнө. Хийж бүтээвээс гүрэн улс цэцэглэнэ” гэж хэлдэг. Тиймээс хий хоосон ярихаас хийж бүтээх нь чухал. Үүнтэй холбоотойгоор Хятад улсад сүүлийн жилүүдэд маш хүчтэй ярьж байгаа зүйл бол инноваци байна. “Инноваци, инноваци, бас дахин инноваци” гэдэг уриа дэвшүүлсэн. Хуучин бол хөрөнгө оруулалт, хүн хүчийг нэмэгдүүлэх замаар хөгждөг байсан бол одоо инновацийн хүчээр, бага хүчээр өндөр үр дүн, өндөр үр ашигт хүрэх тэр чиглэл рүү явж байна. Монгол Улс энэ бүхнээс нь хоцрохгүй байх хэрэгтэй. Одоо бол бид зэрэгцэх гэдэг ойлголт хэцүү болсон. Харин амдах гэдэг ойлголт руу орох ёстой.

-Бидэнд хятадуудын талаар нийтлэг гэмээр ойлголт бий л дээ. Тэрэнтэй адил хятадууд биднийг ер нь юу гэж үздэг бол. Тэд монголчуудын тухай хоорондоо юу гэж ярьдаг вэ?

-Хятад том гүрэн. 1.4 тэрбум хүн амтай. Тэр бүх хүн Монголыг мэддэг гэвэл худлаа. Монголыг мэддэггүй нь түм, бумаараа бий. Монголын тухай буруу зөрүү ойлголттой хүн бас өчнөөн олноороо байна. Харин дээд түвшинд, улс төрийн дээд түвшинд Монголыг маш сайн мэддэг, ойлгодог шүү дээ. Тэр талаар давуу талтай. Хоёрдугаарт, өнөөдөр Монгол Улс, Хятад улсын хооронд шийдвэрлэгдээгүй улс төрийн нэг ч асуудал байхгүй, бүх асуудал шийдэгдсэн гэж үздэг. Харилцаа хөгжих таатай нөхцөл нэгэнт бүрэлдсэн. Хятадын дээд түвшинд “Монгол Улс бол манай Хятад улсын хойд талын хамгийн чухал хөрш улс” гэж үздэг. Энэ ч гэсэн Монголын нэг том давуу тал.

Монгол Улс, Хятад улсын хооронд харилцан бие биенээ хүндэтгэсэн, эрх тэгш зарчмын үндсэн дээр харилцаа хөгжиж байна.Том, багын ялгаа байдаггүй. Хэмжээ багтаамжийн хувьд бол бага байж болно. Монгол Улсын Хятад улстай хийж байгаа худалдаа нь Хятад улсын нийт гадаад худалдаанд эзлэх хувь мэдээж бага. Бид эндээ “Манайх юмаа өгөхөө больчихвол Хятад улс хэцүүднэ” гэж ойлговол буруу болно.

-Орчин үеийн хятад хүн гэж хэн бэ?

-Хятадад очих болгонд өөрчлөлт гарч байдаг. Өөрчлөлт бол зөвхөн өндөр байшин гэдэг утгаараа биш. Хятад хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, соёл, боловсрол, хандлага байнга өөрчлөгдөж байна. 1986 онд анх Хятадад очиход байсан хятад хүмүүс өнөөдөр огт байхгүй, бүхэл бүтэн нэг үе өнгөрчихсөн. Тэр үеийн хүмүүсийн соёлын түвшин, өнөөдрийн хүмүүсийн соёлын түвшин асар их ялгаа, зөрүүтэй болчихсон. Өнөөдрийн хятад хүн бол дэлхийн өмнө нүдээ нээчихсэн, дэлхийг таньсан, дэлхийг мэдэрсэн тийм хүмүүс байна. Хятадад англи хэлээр ярьдаггүй хятад хүн бараг байхгүй болсон. 60, 70 настай их сургуулийн профессороос эхлээд хорин хэдэн настай залуус гээд бүгд англиар ярьдаг болсон байна. Бидний харилцаад байгаа соёл, боловсролын салбарт ажилладаг хүмүүс ганц англи биш 2-3 гадаад хэлээр ярьдаг. Тийм хятад хүн маш олон болсон. Хоёрдугаарт, Хятад улс сүүлийн 40 жилд үүд хаалгаа гадаад ертөнцөд хүчтэй нээсэн. Үүнийг дагаад барууны соёл маш ихээр орж ирсэн байна. Барууны ном бичиг, соёл ихээр нэвтэрч байна. Өнөөдөр баруунд хэвлэгдсэн ном бараг маргааш нь Хятадад орчуулагдан гарч байх. Ийм хурдтай болсон. Хятад хүмүүсийн амьдрал том хөгжил, хөдөлгөөн дунд байна. Тэр хүмүүст зав чөлөө байхгүй. Илүү дутуу юм хийгээд явах боломжгүй. Нийгмийн эрчимтэй хөгжлийн эргүүлэгт орчихсон, түүнийг дагаж хятад хүмүүс маш их зүтгэж байна шүү дээ. Дээр нь үр хүүхдээ хүмүүжүүлнэ, өөрийгөө хөгжүүлнэ. Энэ бүхэн нь Хятад улсын хөгжилд маш том түлхэц болж байна. Тэр утгаараа иргэд нь нийгмээ хөгжүүлж байна. Үүнийг хүн төвтэй хөгжил гэдэг.

-Энэ бүхэнд нь Күнзийн сургаал холбоотой байх?

-Маш их холбоотой.

-Та Күнзийн институтийн Монгол талын захирал. Тэгэхээр та алимны үрийг нь судалж байна?

-Хятад хүний амьдралын хэв маяг, хятад хүний ертөнцийг үздэг үзэл, хятад хүмүүсийн ёс суртахуунтай холбоотой юм. Өнөөдрийн хятад хүнийг сайн танья, мэдье, судалъя гэвэл хүссэн хүсээгүй Күнзийн сургаалтай ямар нэг хэмжээгээр холбогдох шаардлагатай болдог. Хятад хүний амьдралын хэв маяг болгон Күнзийн сургаалтай холбоотой. Хятад улсын төрийн бодлого ч холбоотой.

Би ер нь өөрийн зөн совинд итгэдэг хүн л дээ. Намайг хэн ч Күнзийн номыг орчуул, судал гэж шаардаагүй, хэн ч санал хэлээгүй. Би 1991 оноос Энхтайван найрамдлын байгууллагуудын холбоонд ирж ажилласан юм. Тэнд би Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн ажлыг хариуцаж ажилласан. Уг холбоо нь Гадаад хэргийн яамны дараа орох, ардын дипломатын бодлого хэрэгжүүлдэг хоёр дахь жижиг Гадаад хэргийн яам шиг тийм байгууллага байлаа шүү дээ. Маш том хэлний мэргэжилтнүүд ажилладаг газар байсан. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт ажиллах хугацаанд Хятад руу олон дахин явах боломж нээгдсэн. Би жилд бараг 4-5 удаа явна. Тэгж явахад очсон газар болгонд ажиглагддаг зүйл бол Хятадын янз бүрийн түвшний хүмүүс Күнзийн тухай их ярьдаг байлаа. Тэр үед надад нэг тийм зөн совин төрж, Күнз гэдэг хүнийг яагаад Монголд таниулж болохгүй гэж, Хятадтай хөршилж байгаа бол Күнзийг бас мэдэх шаардлагатай юм биш үү гэсэн бодол төрсөн. Тэгээд очсон газар болгоноосоо Күнзтэй холбоотой ном бичиг цуглуулсаар олон ч номтой болсон. Тэгээд 2000 оноос Күнзийн ном сургаалыг орчуулах ажилд хүчтэй орсон юм л даа. Хамгийн сүүлчийн номыг саяхан орчуулж хэвлүүллээ.

-Сүүлчийнх ээ?

-Сүүлчийнх гэсний учир нь Күнзийн сургаалын алдарт “Дөрвөн ном” гэж байдаг л даа. Эдгээр номууд Күнзийн суртлын гол цөм. Энэ дөрвөн номын хамгийн сүүлчийн ном “Мэнзийн сургаал”-ыг 2019 оны сүүлээр орчуулж хэвлүүллээ. Тийнхүү Күнзийн суртлын номуудыг орчуулах ажилд 19 жилийг зарцуулжээ. Дөрвөн номыг 19 жил орчуулсан гэсэн үг (инээв). Маш хэцүү ажил.

Одоо энэ дөрвөн ном иж бүрнээрээ монгол хэлээр гарсан. Монголд урьд өмнө нь огт гараагүй номууд шүү дээ. Монголчууд Күнзийн нэрийг сайн мэддэг ч сургаалыг нь мэдэх нь бага байсан. Эсхүл буруу зөрүү ойлголт их байсан. Тэр нь уг сургаалын нэг тал мөн боловч нөгөө талдаа ёс суртахууны том өв, сургаал байгаа гэдгийг бид мэдэх ёстой. Тэр утгаар нь би эдгээр номыг орчуулж гаргасан юм. Бид сайныг олж мэдээд саарыг нь хаях хэрэгтэй. Күнзийн хэлсэн алдартай үг байдаг. “Хэсэг хүмүүн цугаар явахуйд тэдний дунд миний багш болох нь лав буй. Сайныг нь шилэн сурнам. Саарыг нь сонжин заснам” гэдэг. “Сайн нь ч миний багш, муу нь миний багш” гэсэн үг л дээ.

-Таны хийж бүтээж буй болгон цэвэр оюуны хөдөлмөр юм байна. Нөгөөтэйгүүр та улсаас тусгайлан бэлтгэсэн улсын бүтээгдэхүүн байжээ гэдэг нь энэ бүх ярианаас тань харагдаж байна?

-Би Монгол Улсын нэг бүтээгдэхүүн шүү дээ. Тэр тусмаа социализмын үед бэлтгэгдсэн бүтээгдэхүүн. Би монгол хүн гэдгээрээ бахархаж омогшиж явдаг. Би Бээжинд Ардын их хурлын ордонд уригдаж, Хятадын Засгийн газрын ном бүтээлийн өндөр шагналыг гадаадын арав гаруй хүнтэй хамт зогсож байгаад авсан л даа. Тэнд шагнал аваад зогсож байхад надад омогшил бахархал төрж байлаа. “Би монгол хүн шүү дээ. Би Монгол Улсын бүтээгдэхүүн. Монгол Улсад бэлтгэгдсэн хятад судлаач хүн шүү дээ” гэсэн тийм нэг омогшил, бахархал төрж байж билээ. Харин Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цол шагнал хүртээд зогсож байхад надад төр улсдаа сүсэглэн залбирах, баярлан бахдах сэтгэл төрж, бас “Би ер нь юу хийсэн хүн бэ. Цаашдаа юу хийх ёстой хүн бэ. Би Монгол Улсдаа өртэй хүн” гэсэн тийм мэдрэмж төрж байсан юм. Би бол Монгол Улсдаа бэлтгэгдсэн, Монгол Улсдаа суралцсан, хүмүүжсэн Монгол Улсын олон мянган бүтээгдэхүүний нэг нь гэж өөрийгөө боддог. Хүн бүхэн өөрийнхөө сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээрээ улсынхаа хөгжилд өөр өөрийн бага ч болов нэмэр хандивыг оруулж байвал төр улс төвшин сайхан урагшлан хөгжинө гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Клиникийн профессор Я.Болдбаатар: Би 14 жилийг мэс заслын эмчээр суралцахад зориулсан

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Я.Болдбаатартай ярилцлаа.


-Өмнөговь аймгийн эмнэлгийн даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Эмнэлгийн үйл ажиллагаанаас яриагаа эхлүүлье?

-Унаган нутгийнхаа ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэхээр зорьж ирсэн. Манайх Өмнөговь аймгийн оношилгооны нэлээн том айл. 250 ажилчинтай. Энэ айлын гол зорилго бол эмчилгээ үйлчилгээг ард түмэндээ хүргэх, ард түмнийхээ төлөө ажиллах явдал юм. Ажлаа хүлээн аваад хоёр сарын хугацаа өнгөрлөө. Ерөнхийдөө ажил байдал, хүмүүстэйгээ танилцаж байна. Цаашид хийх ажил их байна. Эхний ээлжинд бүсийн оношилгооны төвийн шинэ барилгын ажлыг дуусгаж, цэгцлэх шаардлагатай байна. Ер нь аж ахуйн ажил руу нэлээн орж байна.

-Бүсийн оношилгоо эмчилгээ гэсэн статус руу ороод хэдэн жилийг үдлээ. Эмч мэргэжилтнүүдээ нэмэгдүүлэх, чадавхжуулах тал дээр ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Бүсийн оношилгооны төв яамны босоо тогтолцоотой учир сүүлийн жилүүдэд орон тоо нэлээн хомосдсон. Үндсэндээ 68 эмч ажилладаг, 105 сувилагчтай, 50 туслах ажилчин байна. Статусаа цааш өргөжүүлэх юм бол дор хаяж 300 гаруй ажилтантай байх шаардлагатай. Он гараад 32 орон тоо нэмсэн. Гэсэн ч төрөхийн эмч дутагдалтай байна. Эх баригч, сувилагч, дотрын эмч гэх зэргээр чиглэл чиглэлийн эмч нарыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ талаар яам, тамгын газарт мэдээлж байгаа. Өмнөговь аймаг 70 гаруй мянган хүн амтай боловч явуулын хүмүүсийг нэмэхээр 100 гаруй мянга болчихож байна. Үүний ихэнх үйлчилгээ, ялангуяа урьдчилан сэргийлэх үйлчилгээ маш ачаалалтай байгаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд профессорын сургалт явууллаа. Эмч, сувилагчийг 14 хоногийн сургалтад хамруулсан. Энэ нь “Оюу толгой” компанитай хамтарсан төсөл байсан. Цаашид бид нарийн мэргэжлийн эмч нарыг сургалтад ойр ойрхон хамруулна. Хамгийн гол зүйл бол эмч ажилчдын ёс зүйд хүндрэл байна. Үүнд онцгой анхаарна.

-Өмнөговьчууд таныг эмнэлгийн даргаар ирэхэд их талархаж хүлээж авсан. Нарийн мэргэжлийн мэс заслын эмч ирж байгаа нь дэвшил авчирна гэж байна. Улаанбаатарт хийгддэг нарийн мэргэжлийн мэс заслаас нутагтаа хийхээр төлөвлөж байна уу?

-Манай мэс заслын эмч нар маш чадварлаг болсон байна. Мэргэжлийн хүний хувьд мэдээж мэс заслын албаа дэмжиж ажиллана. Мэс заслын өрөөг вакум болгох төсөл зураг хийгдэж байна. Мөн олон багаж, төхөөрөмж захиалсан байгаа. Би ирснээс хойш хэд хэдэн хүнд хагалгаа хийсэн. Ер нь хүнд хагалгаануудад боломжоороо оролцож байгаа. Гэхдээ хурал зөвлөгөөн ихтэй учир хагалгаа бүрт ороод байх боломжгүй. Нөгөө талаас манай эмч нар ч чадварлаг байна. Иймд эмч нартаа тусалж дэмжээд явъя гэсэн бодолтой байдаг. Мэс заслын тасагтай хамтран үе солих хагалгааг саяхан хийсэн. Цаашид үений хагалгааг тогтмолжуулах гэж хичээж байгаа. Үүнийг хийхийн тулд хагалгааны өрөө заавал вакумжсан байх ёстой. Багаж төхөөрөмжүүд маань ирчихвэл хагалгааны хүрээг өргөжүүлнэ.

-Та яагаад эмч болох замыг сонгосон бэ?

-Би Өмнөговь аймгийн Гурвантэсийн хүн. Малчин айлаас гаралтай. Эхээс наймуулаа, айлын хоёр дахь хүү. Аавын минь нагац ах Гомбо гэж хүн эмч байсан. Улаанбаатар хотод олон жил амьдарсан. Хүн бүр зорьж үзүүлдэг байлаа. Тэр ах маань жил болгон нутагтаа ирж амарна. Ингээд ахтайгаа ойр байж, мөн хүн үзэж эмчилж байгааг нь хараад дагаж эмч болохоор шийдсэн.

-Оюутан цагаа дурсахгүй юу. Хөдөөний хүүхэд хотод анх очиход ямар байсан бэ?

-Өмнөговь аймгийн Гурвантэс сум улсын баруун урд хязгаар буюу хамгийн урд хэсэгт байдаг. Намайг бага байхад ийм сайхан засмал зам байсангүй. Аймаг ортол маш хүнд замыг туулдаг байлаа. Хамгийн сайн унаа гэвэл ГАЗ-53 машин байсан байх. Дандаа машины тэвшин дээр явна. Өвөл ч ялгаагүй. Тэр үед ардчилал гарч, зах зээлд шилжээд оюутан цөөн байсан. Өвөл заримдаа унаа олдохгүй ирж чадахгүй. Зундаа л очно. Гэхдээ бас цагаан сараар очих гэж их хичээнэ. Хүндхэн л зам туулж харьдаг байсан. Сүүлд пургон машин гарч дотор сууж явдаг болсон доо. Давсны машин, шатахууны машинд дайгдана, хэцүү хэцүү. Тэмээ, морь, машин гэх зэргээр олон унаа дамжиж их явсан даа.

-Эмчийн ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Дорноговь аймгаас эхэлсэн. Эмнэлэгт ажиллахын хажуугаар оюутнуудад хичээл зааж, мөн хөдөө сумдад дуудлагаар явдаг байлаа. Хамгийн хол нь Хатанбулаг сум 250 км зайтай.

-Маш удаан суралцдаг хариуцлагатай мэргэжил. Нийт хэдэн жил сурч мэс заслын эмчээр мэргэшсэн бэ?

-Эмчийн амьдрал маш урт. Их тэвчээртэй хүний ажил. Би мэс заслын эмч болоход нийт 14 жил зориулсан байна. Сүүлийн жилүүдэд дурангийн мэс заслыг судалж хөгжүүлэхийг зорьсон. Дурангийн мэс заслыг 2004 оноос судалж, Хөдөлмөрийн баатар Д.Даваадорж эмч Монголд анх Улсын Гуравдугаар төв эмнэлэгт дурангийн хагалгаа хийдэг байсан. Тэнд анх мэдэж дуран барьж үзэн сонирхож эхэлсэн. Түүний дараа 2011 оноос бие даан дурангийн хагалгаа хийж эхэлсэн дээ. 2012 оноос түрүү булчирхайн хагалгаа хийж сурснаар Төмөр замын эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Энэ бол асар их хөдөлмөр шаардсан ажил байсан. Эмч бол үргэлж суралцаж байх ёстой мэргэжил. Цаг үеэ дагаж ямагт хувьсаж өөрчлөгддөг байх хэрэгтэй.

-Эмчийн мэргэжил дундаас мэс засалч хамгийн хүнд төрөл шиг санагддаг. Хэдэн цагаар ч зогсож ажиллах хэрэгтэй болно?

-Олон цаг зогсохдоо огт ядарсанаа мэдэрдэггүй. Хагалгааны дараа л мэдэрнэ. Гэсэн ч эрүүл болж байгаа өвчтөнөө харах сайхан. Түрхэн зуурын ядаргаа л байдаг.

-Таны хамгийн урт хугацаатай хагалгаа хэдэн цагийнх байсан бэ?

– Хамгийн урт хагалгаа 12 цаг үргэлжилсэн. Бүдүүн гэдэс тайрах, залгах хагалгаа байсан.

-Үхэл, амьдралын заагтай та олон удаа нүүр тулсан байх. Маш хүнд санагдсан үеүдээсээ хуваалцаач?

-1990 он санагдаж байна. Цагаан сар дөхөөд манай сумын хамгийн өндөр настай хүнийг халамжлах үүрэг ногдсон. Орой харуй бүрийд л очно. Тэр үед их ховорхон хийгддэг коркулкон гэдэг тариа байдаг байлаа. Их удаан шахдаг. Нэг орой хүн нь гараа хөдөлгөөд болдоггүй арай хурдан шахчихлаа. Тэгсэн амьсгаа нь давхцаад сандаргасан. Тэр үед их санаа зовсон. Удалгүй гайгүй болсон. Үүний дараа их баярлаж байлаа. Дараа нь бас мухар олгой нь хүндэрч хагарсан хүнийг эмчилсэн. Маш хүнд нөхцөлөөс аварч байсан юм. Мөн сээр нуруу нь гэмтчихсэн, жирэмсэн эмэгтэйг аврах тохиолдол байв. Эхийг нь аврах уу, хүүхдийг аврах уу гэсэн хүндхэн тохиолдолтой нүүр тулж байсан. Тэгээд маш хүнд нөхцөлөөс эхийг нь аварч байсан үе бий. Энэ мэтчилэн дурсамжууд бий.

-Эмч хүн бие махбодыг эмчлэхээс гадна сэтгэл зүйн эмч байдаг юм шиг санагддаг?

-Сэтгэл зүй маш чухал. Анагаах ухаан 20 хувийг л эмчилдэг. Сэтгэл зүй 80 хувийг эмчилдэг гэж үздэг. Сэтгэлийн тэнхээтэй хүн бүхнийг давж чадна. Бүх юм мэндлэхээс л эхэлдэг. Хүнд өвчтэй хүнд нөхцөл байдлыг тайвнаар ойлгуулах нь эмч хүний бас нэг чадвар. Юмыг зөвөөр эелдгээр хэлэхэд л хүний сэтгэл зүй илт дээрддэг. Мэдээж хагалгаа амжилтгүй бол инээгээд байх хэцүү л дээ. Гэхдээ л аргыг нь олох хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй. Манай эмч нар үүн дээр цөөнгүй алддаг юм шиг санагддаг. Сайхан инээчих юман дээр дуугардаггүй. Энэ тал дээр бид Япон, Солонгос зэрэг улсуудаас үлгэр жишээ авмаар байна. Холоос бөхөлзөж байдаг энэ л их хүндлэл эмнэлгийн байгууллагад дутагдаад байна.

-Иргэдийн өвчлөлийн хувьд бүсчлээд өөр өөр байдаг болов уу. Говь нутгийн хувьд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Бүсчилсэн хөгжлийн хувьд манай аймаг төвийнхөө бүсэд орчихсон яваад байгаа. Үүний хүрээнд судалгаа хийж байна. Манай аймгийн хувьд уул уурхайтай холбоотойгоор осол гэмтлийн өвчлөл их байна. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулахгүй бол болохгүй. Ялангуяа яаралтай тусламж үйлчилгээ, гэмтэл, мэс заслын эмч нараа энэ чиглэл рүү хөгжүүлэхгүй бол болохгүй байна. Мөн уул уурхайгаа дагаад халдварт болон халдварт бус өвчлөл ихэсч байгаа. Үүн дээр судалгаануудыг хийж байна, Цаашдаа нарийн судалгаа хийх шаардлагатай байгаа.

-Та хүүхэд нас, гэр бүлийнхээ тухай яриач?

-Миний хүүхэд нас Гурвантэс суманд өнгөрсөн. Манай аав Цэрэнтогтохын Осор гэж сайхан хүн бий. Дүү нар маань ихэнх нь малчин. Хоёр дүү маань аймгийн төвд, нэг нь эм зүйч, нэг нь банкинд ажилладаг. Миний бага нас бол эгэл жирийн өнгөрсөн. Мал хариулж малчин ахуйгаас хүн болсон.

-Эмч хүний ар гэр байна гэдэг эмчээс дутуугүй хариуцлагатай санагддаг. Бусдын төлөө хөдөлмөрлөж явахад ар гэрээ авч явна гэдэг маш чухал. Та гэр бүлийнхээ талаар яривал?

-Би гурван хүүхэдтэй. Миний хань Дорнод аймгийн харьяат зүрхний эмч Одгэрэл гэж хүн бий. Адилхан эмч учраас бие биенээ илүү ойлгодог байх. Ер нь би ар гэртээ санаа зовдоггүй. Эхнэр минь бүгдийг амжуулдаг. Манай том охин оюутан. АНУ-д сурдаг. Дунд хүү маань 12 дугаар анги, бага нь хоёрдугаар анги.

-Та мэс заслын эмч хүн шүү дээ. Аймагтаа мэс заслын ямар эмчилгээг нутагшуулж байна вэ. Мөн та нутгаа гэж зорьж ирж ажиллаж байгаагийн хувьд бодож төлөвлөснөө хэр амжуулж байна вэ?

-Албаны ажил авсан хүний хувьд аж ахуйн ажил, сургалт, уулзалт гээд ажил их байдаг болсон. Хагалгаанд тун цөөхөн орж байгаа. Манай мэс заслын тасгийнхан бол маш сайн хөгжсөн хамт олон байна. Артерийн шөрмөс залгах мэс ажилбарыг хийдэг болсон. Цаашид түрүү булчирхайн хагалгааны багажтай болгоод уг хагалгааг нь нутагшуулчих юмсан гэсэн бодол байна. Мөн вакум өрөөтэй болгоод эндээ түнхний үе, өвдөгний үе сольдог болгочих юмсан гэж боддог. Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа хийдэг болох гээд бас зорьж байна. Удахгүй багаж ирнэ. Тэгэхээр энэхүү хагалгааг хийдэг болно.

Одоо барилга байгууламжаа сайхан болгох гээд ид ажил өрнүүлчихсэн явж байна. Орон нутгаас 2 тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. 75 ортой эмнэлэг маань бүрэн засварт ороод маш сайхан боллоо. Засварт орж байгаа хэсгүүд нь одоохондоо нүүдэлтэй байгаа боловч долдугаар сар гэхэд засварууд бүрэн дуусчихна гэж төлөвлөж байгаа. Эмнэлгийн гадна тохижилт, машины зогсоолууд, хашаажилт, бүх шугам сүлжээний ажлыг шинэчилж байна. Нутагтаа өөрийнхөө мэдлэг боловсролоо зориулж яваа минь сайхан байдаг. Бүтээх гэж бодож яваа бүхэн минь санхүүтэй холбоотой хэдий ч болгохын төлөө зүтгэж явна.

Л.ХУЯГ