Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс зогсооно

Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар 2020 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсооно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонголт шилжилтийн хүрээнд нийтдээ долоон субъект байгаа. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагын ажилтнууд, сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч түүний шадар туслах менежер нь сонгуулийн шилжилт хөдөлгөөний хүрээнд шилжилт хийлгэнэ. Өөр ямар ч сонголт шилжилт байхгүй шүү гэдгийг долоон субъектийн хүрээнд хуульчлаад өгсөн. Тэгэхээр сонголт, шилжилтийн асуудлыг маш сайн хуульчилж өгсөн учраас “царцаа” гэдэг асуудал байхгүй болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо

Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.

Мөн тэрбээр хуралдаанд шинэ коронавирусийн халдварын талаарх товч мэдээллийг хүргэлээ. 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар нийт 848 хүн өвчилсөн, 25 хүн нас барсан, 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн, нийт өвчлөгсдийн 27 хувийг 16-39 нас, 72 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна. “Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны Нийслэлийн төлөвлөгөөг батлан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын халдваргүйтгэл, ариутгалын бодис, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, яаралтай тусламжийн эм, тариа, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тусгаарлах өрөөний нөөцийн судалгааг шинэчлэн гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан сургалт зохион байгуулж, нийт 360 хүнийг хамрууллаа” гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцолж хэлэв.

Дараа нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал М.Тунсаг “Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа” тухай мэдээллийг НОК-ийн гишүүдэд танилцуулаад ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тасралтгүй хүргэж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.

Хуралдаанаар “2019-n-CoV” буюу шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ, авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хүргэлээ. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-нд коронавирусын халдварын цаг үеийн нөхцөл байдал, уг халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн хяналтын чиглэлийн 70 гаруй улсын байцаагчдад сургалт зохион байгуулан улсын байцаагчдыг чадавхижуулах, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Мөн шаардлагатай гааль болон бусад газруудад хяналт шалгалтыг тогтмол хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн Нийслэлийн онцгой комиссын гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас асуулт асууж, мэдээлэл авч санал хэлсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва “Урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй хамтрах хэлтэс тогтмол зохион байгуулж, иргэдэд мэдээллийг цаг алдалгүй өгч ажиллах шаардлагатай. НИТХ-ын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай шаардлагатай гаргах шийдвэр байвал шуурхай шийдвэрлэн ажиллах болно” гэв.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Даваа гарагаас эхлэн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай. Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажилла. Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай. Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Шинэ вирус хөрш улсуудад эрчимтэй тархаж, хил орчим илэрч байгаа учраас хот руу орох хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана. Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсан хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла. НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боложтой зардлыг шийдэж ажиллана” хэмээлээ.

Мөн дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулахгүй байхыг Хотын захирагч үүрэг болголоо. Түүнчлэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх. Үүнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг Нийслэлийн онцгой комисс дээд шатны байгууллагад тогтмол хүргэж ажиллах шаардлагатайг дурьдлаа. Мөн нийслэлийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид маск зүүж, гар барихгүй байхыг нэн даруй хэвшүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.

“Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглон бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах” зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан комиссын гишүүдэд өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэн яаралтай хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Эрхүү хотод ТИТЭМ ВИРУСИЙН сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

ОХУ-ын Эрхүү хотод шинэ төрлийн титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Вести мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан Бээжингээс ирсэн БНХАУ-ын иргэнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүний оношийг шинэ төрлийн титэм вирусийн халдвар байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Шинжилгээгээр батлагдаагүй ч титэм вирусгүй гэдгийг эцэслэн тогтоохын тулд шинжилгээг Новосибирск рүү илгээсэн байна.

Өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа бөгөөд өвчтөний биеийн байдал харьцангуй сайжирсан гэнэ.

Энд дуулгахад, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 1287-д хүрсэн талаар бямба гаригт Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ. Ингэснээр өвчлөлийн тоо хоногийн дотор 444-өөр нэмэгдсэн байна.

Амиа алдсан хүний тоо 41- д хүрч, ганцхан хоногийн дотор 16 хүн нас баржээ.

Categories
мэдээ спорт

Э.Даваахүү буудлага спортын H&N цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло /583 оноо/, Украины тамирчин Омелчук Олег /583/ нар алт, мөнгөн медаль хүртжээ. Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 оноогоор хүрэл медалийн эзэд болсон байна.

Ташрамд сонирхуулахад, Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү Бээжин хотноо 2019 оны 4 дүгээр сарын 20-29-нд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч авсан юм. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиог зорихоор болсон билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Икигай” буюу урт удаан жаргалтай амьдралын нууц

Хэктор Гарсиа ба францез Мираллэсын бүтээсэн энэ ном япончууд хэрхэн урт удаан аз жаргалтай амьдардаг нууцаас өгүүлжээ. Икигай гэдэг нь ерөнхийдөө “Ямагт завгүй байхын жаргалан” гэж орчуулагдаж болно гэж өгүүлжээ. Мөн уншигчдыг урт удаан жаргалтай, эрүүл саруул амьдруулж өөрийн икигайг олоход тусална гэж бичжээ. Япончууд хүн бүрийг өөрийн икигайтай гэж үздэг аж. Энэ бол оршихуйн шалтгаан гэж нэрлэсэн ч удаатай байдаг. Хүн бүр икигайгаа олох ёстой бөгөөд зарим нь аль хэдийнэ үүнийгээ олсон байдаг. Дуртай ажлаа үнэн сэтгэлээсээ хийх, түүгээрээ амьдрахыг л хэлээд байгаа ном юм. Тэтгэвэрт гарсан ч идэвхтэй хөдөлмөрлөж амьдарч байх бөгөөд япон хүмүүс хэзээ ч тэтгэвэрт гардаггүй, эрүүл мэнд нь доройтоогүй цагт дуртай зүйлээ хийсээр л байдаг. Ийнхүү нийгмийн хамаарал өндөртэй байж икигайгаа олж амьдрах нь эрүүл хоолны дэг жаягтай дүйцэхүйц, магадгүй түүнээс ч илүү ач холбогдолтойд тооцогддог байна. Дэлхийн өндөр нас насалдаг бүсүүдэд судалгаа хийхэд тэд бүгд икигайгаа олсон байдаг бөгөөд үүн дээр зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, мах болон лаазалсан бүтээгдэхүүн бага хэрэглэж, архи тохируулан ууж стресс багатай байх үүднээс цагаа сайн тохируулдаг. Хүч шаардсан дасгалаас зайлсхийж ногооны талбайдаа ажиллаж, алхах гэх зэргээр хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг байна. Хооллохдоо ходоодныхоо 80 хувийг дүүргээд зогсоодог байна. Үүнийг нэг үгээр хэлбэл, цадахаасаа өмнө зогсоох, их идсэн мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд олон жижиг дийз, тавагтай хоол байлгах, тэр нь ганц хоёр савхдахад л дуусдаг байхаар ширээ засдаг аж. Хоолны араас диссерт зэргийг идэх нь ихдээд явчихдаг аж. Мөн хүмүүс нь хоорондоо насан туршийн холбоотой байх нь чухал гэнэ. Нийгмийн идэвхтэй амьдрах гэж бид ярьдаг даа, нэг тийм маягтай, нийлж төрсөн өдөр,уулзалт цуглаан, шатар даам тоглох гэх мэт. Хөгшрөлтөөс зайлсхийх хурд гэж юу вэ. Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд жил тутам 0,3 жилийг наслалтдаа нэмсээр иржээ. Хэрэв технологийн хүчээр жилд нэг жилийг наслалт дээрээ нэмсээр ирвэл хөгшрөлтөөс зайлсхийх хурдад хүрч үхэшгүй мөнх болно. Залуу байхад нөлөөлдөг гол хүчин зүйл бол идэвхтэй, аливаад дасан зохицдог сэтгэлгээтэй байх ётой. Тархинд шинэ мэдээлэл өгч бүх юмыг хурдан шинээр тусгаж авч сурах хэрэгтэй. Стресс бол урт наслалтын дайсан аж. Гэхдээ таарсан бага зэргийн стресс бол бэрхшээл саадыг даван туулахад хэрэг болдог учир байхад гэмгүй. Зорилготой хүн зорилгогүй хүнийг бодвол хамаагүй дээр байдаг аж. Нэг их тайван налгар байдал урт наслалтад муугаар нөлөөлнө гэж номд өгүүлжээ. Хөдөлгөөн, нойр хоёр урт наслалтыг дэмждэг, хөгшрөлтийг сааруулдаг мелатонин хэмээх бодисын ялгаруулалтад сайн нөлөөтөй гэнэ. Хөгшрөхийн эсрэг оюун ухааны хүч асар нөлөөтэй. Урт настай хүмүүст нийтлэг хоёр чанар байдаг. Эерэг хандлага ба сэтгэл хөдлөлөө ухамсарлах чадвар юм. Аливаа бэрхшээл тулгарахад эерэг хандлагатай байж, сэтгэл хөдлөлөө жолоодож чаддаг хүмүүс урт наслах хандлагатай. Хийж байгаадаа бүрэн төвлөрөх нь та өөр юу ч үл бодон цаг хугацаа зөвхөн одоо цаг дээр зогсож, ухаан бодол чинь нэг оршихуй мэт нэгдэнэ. Хувиа хичээх үзэл чинь энэ хүрээд сарнин одох бөгөөд чи хийж байгаа зүйлийнхээ нэг хэсэг болон хувирна. Өглөө босоод л дуртай зүйлдээ шунан дурлаж түүнээсээ сэтгэл ханамжийг авах нь хүмүүст маш чухал ач холбогдолтой. Бүрэн төвлөрөх төлөвт шилжин туйлын сайхан мэдрэмжийг мэдрэх тэр ур чадвар бол икигай юм. Энэ бол архи тамхи, амттан чихэр шоколад гэх мэт түр зуурын зугаа өгдөг зүйлийн оронд бүрэн төвлөрөх зүйлд илүү цаг зарцуулах ёстой аж. Бүрэн төвлөрөхөд тодорхой зорилттой байх, мөн өөрийн оюун санаанд саад болох зүйлийг хэрхэн бодохгүй байхыг мэддэг байх хэрэгтэй. Зорилгодоо хэт автахгүйгээр үүнийг санаж байх ёстой. Зохиолчид хоёр сарын дараа зохиолоо өгөх ёстой ч түүнээ барихгүйгээр дэмий юм хийсээр өдөр өнгөрөөдөг. Зүй нь шууд л барьж аваад бичиж эхлэх ёстой юм. Өөрийн дуртай зүйлээ бусдаас хамгаалахын төлөө түүндээ зарж байгаа цагаа харамлахын тулд икигайгаа олсон хүмүүс ганцаараа байх нь түгээмэл. Аяга угаах гэх мэтийн жижиг зүйлд ч төвлөрч сурах ёстой. Түүнийгээ өөрийн бий болгосон арга техникээр хийн жаргал эдлэх нь уйдаж цөхөхгүй байх нэг боломж юм. Энэ бүх төвлөрөл бол икигайдаа ойртох, түүнээ олох арга юм. Та хийж байгаа ажилдаа бүрэн төвлөрч түүнээсээ аз жаргал мэдэрч, орчин тойрноо умартаж зөвхөн одоо цаг дээр амьдарч байвал икигайгаа олсон гэсэн үг. Энэ бүхэн чинь танд ашиг орлого, утга учир, цаашид амьдрах урам зориг өгч байвал та икигайгаа олжээ.

Categories
мэдээ цаг-үе

Гөлөл гөлгөөрөө хөөрхөн

-ЁГТ ҮЛГЭР-

“Арслан мэт хүрхэрлээ хэмээн санагч гөлгийг үзсэн

Араатны хаан ичсэндээ өөрөө ширэнгэнд шургаюу.”

Гөлөг төрөхдөө уг нь их хөөрхөн гөлөг байв. Хэт нь азарган чонын сэрвээний үсийг бостол архирах, булууны ясыг ганц угзралтаар цааш нь явуулж ч мэдэх дөрвөн нүдтэй улаан халтар банхар болдоггүй юм аа гэхэд хэнээс ч дутахааргүй боломжийн нэг эр нохой болох нь тодорхой байв. Гэвч гөлгөнд нэг зовлон үүслээ. Учир нь тэр жирийн нэг гөлөг байсангүй. Нэгэн жихүүн орой гөлөг жаргах нарны туяанд өөрийнхөө сүүдрийг ч харах сөхөөгүй бут бургасны салхи сэвсхийх төдий шургачих шахан пөг пөгхийн шогшмор аядаж явлаа. Гэтэл түүний дэргэдүүр гэнэт саглагар ой хөвчөөр бүрхэгдсэн арын дүнхгэр нуруу өөрөө яваад эхлэх шиг сүрдэм хачин мэдрэмж төрөхүй гөлөг шогшоогоороо хөшиж орхив. Тэр аварга амьтны оройг нь харъюу хэмээн өлийхнээ халиун шаргал газар өөрөө босоод ирсэн мэт эрээлжлэн үргэлжлээд нүдэнд нь барагдаж өгсөнгүй. Толгой нь эргэж балмагдсан гөлөг дэмий л зөнгөөрөө нүдээ анимар аядаад буруу тийш хартал юу үзсэн гэж бодно? Жаргах нарны улбар туяа таших талд аварга бүдүүн дөрвөн царс мод арын хөглөгөр нурууг тэр чигээр нь мөрлөчихөөд газар хотолзуулан нүүгэлтэн урагшлах мэт, өмнө нь хэзээ ч харж байгаагүй үлэмж биетний сүүдэр тэнгэр газрыг тэгнэн явж байхыг олж үзвэй. Тээр доор хөлд нь гөрөөсний хоргол шиг жижиг цэг үзэгдэхтэй үгүйтэй бөртөлзөх нь мань гөлөг өөрөө бололтой. Гөлөг юу болоод байгааг, юу харснаа ойлгохтой манатай.

Айсан сүрдсэн, гайхсан ширвээтсэн, бахадсан биширсэн алийг нь хэлэхэд хэцүү. Юутай ч гөлөг энэ хорвоогийн хаан Арсланг анх харсан нь, газар дээр явдаг ийм амьтан байдгийг анх үзсэн нь тэр байв. Түүнээс хойш гөлөг нэг л биш. Бяцхан биендээ ахадсан нэг юм үргэлж тээн явах болов. Юу гэдгийг ч үл мэднэ. Гөлгөнд нэг юм шүглэсэн нь лавтай болжээ. Юм л бол өөрийн бяцхан сүүдрийг жаргах нарны туяанд өндийж цоройж, хэвтэж босож, үсээ сэгсийлгэн гөлчийлгөн янз янзаар харах, харах тоолондоо өөрийгөө, өөрийгөө ч юу байхав угтаа сүүдрээ чамлан дэмий уурсах. Уурсах болгондоо өөрийг нь ийм болгосон нөгөө аварга амьтныг зүхэж, эргэн тойронд нь даанч тааваараа идээшлэх том жижиг амьтан болгон руу хялалзах. Гэвч хялалзаад ч тусыг олохгүй нь өдөр ирэх тусам гөлгөнд илэрхий болсоор. Түүнийг өмнөхөөсөө өөрчлөгдөн хялалзаад байхаар нь бусад амьтас ч түүнээс зэнзийрхэх болжээ. Өөрөө л Арслан болохоос өөр сонголт гөлгөнд үлдсэнгүй. Толгой хүзүүгээ зогдороор хучих гэж оролдовч бүтэлтэй юм болсонгүй. Харин ч огтоос хүсээгүй зүйл буюу боосон туужуур шиг унжуу сүүл нь Арслангийнхаас илүү ширэлдэн сагсайж дургүй хүргэхий нь яана. Бахардаж тэчьяадсан гөлөг эцэстээ Арслан шиг хүрхэрч сурахаас өөр сайн юм алга гэсэн бодолд автав. Гөлөг зэлүүд газар очиж хүрхрэх гэж үзэв. Эзгүй хээр ч гэлээ чол чол хийсэн дуунаасаа үхтлээ ичсэндээ өөрийнхөө багалзуурыг өөрөө тас хазангаа алдав. Ингэж аргаа барсан гөлөг Арслан болохын тулд Арслангийн хоолыг идэж Арслангийн явдлаар явах ёстой хэмээн ойлгожээ. Нэг удаа бага шиг үхрийн булууны ясыг тэр чигээр нь явуулах гэж байж багалзуураа хагалахаас өмнө эрүүгээ заах шахав. Жижиг сажиг сэртгэр яс бүхлээр нь залгичихаад хоолойгоо хагалах энүүхэнд, оруулснаа гаргах гэж ядаад хошногоо урж салтаагаа задласныг яана. Түүнээс хойш гөлөг Арсланд хэмхүүлсэн амьтан шиг нэг хэсэгтээ бөгсөө чирэн санжиганах болсон аж.

Ийнхүү эргэн тойрондоо уурсан явах болсон гөлөг хөөрхий минь, хааяа ч болов өөрт нь урьдынхаараа ердийн сайн хандсан амьтанд туйлын дуртай. Үзээгүй юмаа үзсэн мэт нүд нь гялалзан сэргэж, үс чихээ шидлэн үсэрч цовхорч, эрхлэн хөрвөөж, хөл сарвууг нь долоон алдаж аяглахад харамсалтай нь цаад амьтан гайхаж хоцроод ихэвчлэн дайжин одно. Гөлөг дахиад л ганцаардан уурссаар, мөнөөх лайт Арсланг зүхсээр хоцорно. Гөлөг эргэн тойронд нь амьтан хүрээлж, бүгд л өхөөрдөн байсан тэр нэг зурвасхан үеийг санах тусмаа түүнээ буцааж авчрахад юугаа ч золиослоход бэлэн болж байлаа. Арслангийн эргэн тойронд ойн бүх амьтас цугларч, айн ширвээтэх нь айж, сүрэнд дарагдах нь дарагдаж, алга ташин бишрэх нь бишрэвч нэг л тийм байр байрандаа ер бусын тайван байхыг хэдэнтээ харсан түүнд хувь тавилан нь гаслан гангинаж байх шиг сонсдох болжээ. Сүүлдээ ч өөрийгөө Арслан шиг хүрхэрч сурсан байгаагаар хий юм сонсох болж, сүүдрээ Арслангийнхаас ч том болсноор хий юм үзэх болж тэр тоолондоо нэг хачин чим чимхийсэн мэдрэмжээр хамаг бие нь халуу шатах болжээ.

Нэгэнтээ “…ойн бүх амьтан мань гөлгийг бүчин цуглаж, бүгд өөрийг нь шүтэн биширч алга ташилтаар дөжрөн байхуй мөнөөх Арслан харин тэртээ захад цор ганцаар гунигтайяа толгой гудайлган зогсох нь үзэгдэхэд гөлөг насандаа үзээгүйгээр бах нь нэг ханажээ…” Гэтэл угтаа хөөрхий гөлөг, тэртээ харь уулнаас тэр жил хөөгдөн тэнүүчилж ирчихээд төрөлх ойг нь эзэгнэхээр ойн эзэн Арслантай нь хүч үзээд бариулж адсага болсон хувхай шар үхсэн арслангийн зогдор олж углан, тэнгэрт цоройсон хадан хясаан дээрээс газар дагжтал хүрхрэх Арсланг дуурайж байгаа нь энэ гэж байгаад уулын хормойн үхэр чулуунаас унаж бэртчихээд босож чадахгүй гийнаж байхад нь ойн амьтас аанай л өрөвдөн цугласан хэрэг байжээ.

Тэгж бэртсэн байхад нь амьтад олж хөөрхий гөлгийг нэг л хэвийн биш хэмээн ойн эмч өвгөн сармагчинд аваачиж үзүүлтэл, урдаас нь нөгөөдөх чинь хүрхрэх гаслахын алин болох нь бүү мэд, тэгсэн атлаа муурынхтай тун ч төстэй хэржигнээд, цаашилбал өвдсөндөө ч тэр үү Арслан шиг хүрхрэн алдахад элдвийн юм үзэж дол цохисон өвгөн сармагчин хирдхийн цочсондоо сүнс нь зайлах шахан огло харайсан гэдэг. “За тэгэхэд л хөөрхий гөлөг бараг Арслан шиг хүрхэрсэн дээ” хэмээн ойн эмч хожим толгой сэгсрэн өгүүлсэн байдаг. Цөхрөшгүй гөлөг нэг удаа Арслангийн хэлийг дуурайн ярих гэж үзжээ. Ойн амьтас өхөөрдөн урам өгтөл болмоор ч санагдаж. Ой мод, тал хөндий, ер байгалийн бүхий л хэл чимээг орчуулан амьтдад хүргэе хэмээн бадрангуйгаар шийдэв. Арслан чадаж байхад арслангийн зүрхэт гөлөг яагаад болохгүй гэж? Гэвч дахиад л түмэн бэрхшээл.

Ойн хэлээр Арслан мэт чимээлэх амаргүйгээр барахгүй, угаас ойн чимээнд багаас дасал болоогүй түүнд боломжгүй мэт харь зүйл байв. Уурссан гөлөг түүнээс хойш нэг хэсэг дутуу цохиулсан хэдгэнэ шиг яахаа мэдэхгүй дүнгэнэн явсаар нэгэн өдөр харин өөрөөс нь өөр хэнбугайн ч эс мэдэх тийм хэлээр чимээлэхийг оролдох нь Арслан шиг хүрхрэхээс илүү амар юм гэсэн мэргэн санаа олоод түүндээ хязгааргүй тайвшран даруй бүтэн долоо хоног нам унтжээ. Ийнхүү хэсэг хугацааны дараагаас эхлэн мөнөөх ойд, гөлөгнийх гэхлээр Арслангийнх ч юм шиг, Арслангийнх гэхлээр гөлөгнийх ч юм шиг ойн амьтдын дасал болоогүй нэг л танил бус чимээ сонсдох болжээ. Эхэндээ бүх л амьтан юуг нь ч ойлгохгүй тул дэмий л гайхшран бие бие рүүгээ харалдан байв. Нэг хэсэг амьтан танил бус атлаа содон санагдахаар нь сониучирхан очиж сонсдог болов. Зарим нь гайхан цочирдсон хэвээрээ, зарим нь ийм балай чимээ ойн түүхэнд үзсэнгүй даруй амыг нь барих хэрэгтэй хэмээн зөвлөлдөв. Харин мань гөлөг шинэ хэлэндээ сэтгэл тун ч хангалуун. Түүний шинэ чимээнээс болоод амьтад эрт багынхаас нь ч илүү түүнийг анхаарч, түүнд хандах болсон нь гөлгөнд юу юунаас илүү чухал байлаа. Ямар амьтан яаж хандах нь бус, түүнд хандах нь л амин чухал байв.

Өдөр хоног өнгөрсөөр Арслангийн зарим тугал болоод бусад зарим амьтан гөлгийг арслан хэмээн зөвшөөрөх болсонд гөлөг ёстой магнайгаа хагартал баярлаж тамир нь ч нэмэгдэх шиг болж. Цаашаа юу болсон гээч. Арслангийн зарим гөлөг үгүй ээ тугал байчихаад бүр гөлөг шиг хуцаж, түүгээр ч үл барам гасалж гийнаж сурах шахсан байна. Ойдоо л дориун нэртэй арслан хүртэл гөлөгний энэ авирыг түүний буруу биш, Арслангийн сүнс тээсний улмаас ийм болж хэмээв. Бас болоогүй, ойн амьдрал судлаач хэсэг шар шувуу яаравчлан цугларч, ер нь хүрхрэх гэдэг өнөөгийн Арсланд зохимжтой эсэх талаар үдийн зоогтой мэтгэлцээн хүртэл өрнүүлээд амжжээ. Түүнийг нь “Дэлхийн нохойн нийгэмлэг” гээч байгууллага санхүүжүүлсэн гэдэг юм. Ойн амьтдын олноор их л дээдлэн шүтэх, тэнгэрээс унжсан мэт нэгэн нууцлагдмал хадан хясаа тэртээ уулын оройд байх. Тэнд ойн эзэн Арслангийн эрт цагийн өвөг болох, зөвхөн энэ ойгоор зогсохгүй энэ хорвоогийн хамгийн хүчирхэг асан Арслангийн тавхайн мөр дараастай үлдсэн байдаг хэмээлдэхийг гөлөг багадаа бусдын амнаас бүд бад сонссон нь тархинд нь гэнэт харван орж ирээд дотрыг нь ирвэгэнүүлээдэхжээ. Гөлөг түүнийг үзчих санаатай аанай л ганцаараа зүдэн бядан явж, хясаанд хүрэх ойн жим зам, дохио тэмдгийг хичнээн хичээгээд ч тайлан уншиж барахаа болиод уурсан цөхрөхдөө хариугүй буцдагийн даваан дээр нохой жилийн нохой сарын нохой өдрийн нохой цаг ташралдан тохиосны ачаар арайхийн мөнөөх хясаан дээрх “ариун” мөрийг олж очоод эцэст нь туйлын ихээр гонсойсон нь юу гэвэл, тэр мөр гөлөгний өөрийнх нь өвөг дээдсийнх байхын аргагүй үлэмжийн том, хүчирхэг сарвууных байсан явдал байлаа.

Дахиад л гөлөгний урам хугарч. Ажлаа алдсан биш, амьхандаа өөрийнхийг нь санагдуулам юухан хээхэн байж магад хэмээн горьссондоо амьтан эзгүй цагааар арайчүү гэж мацан ирснийг нь яана. Гангинасаар буцан доош өнхөрч явахдаа гөлөг“ үүнээс хойш хэзээ ч элэнц хуланц өвөг дээдэстэй хамаатай балай юмыг юу ч бай хайж сонирхохгүй…” байх тангараг өргөжээ. Уг нь гөлөг ингэсгээд зогссон бол мань гөлөгний биш гэхэд манай үлгэрийн төгсгөл ч хөөрхөн байж болох байлаа. Харамсалтай нь арслангийн зарим тугалаас зориг авсан гөлөг юун зогсох талаар бодох, харин ч улам цаашлах хүсэл нь газар авч, тайван унтаж чадахаа ч болив. Өвөг дээдэс гээчийн түүх сураг бол миний түүх биш, харин миний түүх бол тэдний түүх. Тэдний хэл чимээг би ойлгох албагүй, харин миний хэл чимээ бол тэднийг төлөөлнө гэж үзэх болов. Одоо түүнд ойн эзэн Арслан руу дайрч ойг бүхэлд нь эзэгнэх хүсэл оргилох болжээ. Энэ л түүний жинхэнэ сүйрэл байсныг өхөөрдөлд дуртай хөөрхий гөлөг даанч ухаарч анзаарах сөхөө байсангүй. Түүнийг ийн элдвээр аашилж байх бүхий л өдрүүдэд ойн амьтдын олонх нь “гөлөг ийм дээрээ хөөрхөн” хэмээн өхөөрдсөн харцаар инээвхийлдэж байсныг мань гөлөг яахин анзаарах билээ?

Угтаа гөлөг Арслан шиг хүрхрэх гэж оролдох үедээ л амьтдын дургүйг хүргэдгээс бус, гөлөгний, тэр ч бүү хэл нас гүйцсэн нохойн хуцалтыг бол хангалттай, бүр давуулан шахуу хийдэг гэж байгаа. “Хүрхрэхийг” нь бус хуцахыг нь сонссон бусад нохой, ойн амьтад, тэр байтугай ойн эзэн Арслан хүртэл “боломжийн” гэж толгой дохисон гэж гэдэг юм шүү. Тээр нэгэн жихүүн үдшээр анх тэр Арслан дэргэдүүр нь өнгөрөөгүйсэн бол мань гөлөг хээ шаагүй жирийн сайхан нас гүйцсэн бүдүүн нохой болох байсан нь гарцаагүй. Даанч одоо түүний нохой болох нас нэгэнт өнгөрчээ. Тиймээс эсвэл мөнөөх хөөрхөн гэмгүй гөлөг хэвээрээ үүрд шогших, эс бөгөөс арслан болох гэж бүтэхгүй ч гэсэн насан туршдаа оролдох хоёроос өөр сонголт үлдсэнгүй дээ.

Гөлөг гөлгөөрөө л хөөрхөн.

Халх Чойнхор

Дашзэвэгийн МӨНХТӨР

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Коронавирусээс сэргийлэх чиглэлээр хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газар Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ээлжит бусаар өнөөдөр хуралдаж байна.

Хуралдааны шийдвэрийн талаар 13.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлнэ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, БСШУС-ын сайд, дэд сайд, хотын дарга оролцоно гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өнөөдөр 09.00 цагийн байдлаар, шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.

Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнөөдөр 08:50 цагийн байдлаар, Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. БНХАУ-ын Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

65 -тай шинэ үеийн залуус

Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний насны үечлэлийг шинэчлэхдээ өмнөхөөс хамаагүй өндрөөр тогтоосон. Өмнөх ангиллаар буюу хүний дундаж наслалтыг 50 хэмээн тодорхойлдог байснаар бол ахмад настайд тооцогддог байсан хүмүүс одоо залуу насны ангилалд багтсан гэсэн үг юм. Хөгшрөлтийг тодорхойлох тогтсон заалт байхгүй боловч дэлхийн хүн амын дундаж наслалтыг эрүүл мэнд болон нийгмийн байдлыг нь харгалзсан судалгаан дээр үндэслэн гаргадаг байна.

ДЭМБ-аас гаргасан насжилтын судалгаа (хамгийн сүүлийн үеийнхээр):

• 0-17 нас- насанд хүрээгүй

• 18-65 нас- залуучууд

• 66-79 нас- дунд насныхан

• 80-99 нас- өндөр настан /ахмад

• 100-гаас дээш нас-урт насалж буй ахмад настан

Мөн судалгааны дүнд дараахь прогнозыг гаргажээ:

-2015-2050 оны хооронд 60-аас дээш насны хүмүүс 12-22 хувиар нэмэгдэнэ

-2020 он гэхэд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 5-аас доош насны хүүхдүүдийн тооноос давж гарна

-2020 он гэхэд өндөр настай хүмүүсийн 80% нь бага, дунд орлоготой орнуудад амьдарна

-Хүн амын хөгшрөлтийн хурд өмнөхөөс хурдацтай явагдана

-Бүх улс орон эрүүл мэнд, нийгмийн тогтолцоогоо хүн ам зүйн энэхүү өөрчлөлтөд бэлдэхийн тулд томоохон сорилтуудтай тулгарах болно.

Дээрх судалгаанаас харахад хүмүүс илүү урт насалдаг болсон гэж анзаарагдаж байна. Та ажил хөдөлмөр хийж чадахааргүй боллоо, одоо болсон гээд тэтгэвэрт суулгадаг байсан 60 насыг ахмад биш, харин ч ид хав нь жигдэрсэн нас юм байна аа хэмээн хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Гэхдээ хамгийн гол нь эрүүл мэндийн байдал нь ямар байна, нийгэмдээ ямар байр суурь эзэлж байна, хэр идэвхтэй амьдарч байна вэ гэдгийг маш нарийн судалдаг гэж ДЭМБ-аас онцолсон байналээ. Өндөр хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ ихтэй орнууд бол насжилт өндөр байх нь аргагүй.

Тэдэнд нийгмийн янз бүрийн хангамж, туслалцаа элбэг, эрүүл мэндийн үйлчилгээ ч сайтай учраас настайчууд санаа зовох зүйл багатай, өөрийн дуртай юмаа хийгээд эрүүл саруул амьдраад байх бүрэн боломжтой. Эндээс нийгмийн зүгээс анхаарал халамж хэр тавьдгаас хүн амынх нь насжилт шалтгаална гэж ойлгочиход ер нь болохоор харагдаж байна. Эдийн засаг томтой орнуудын ахмад настнууд хэрэглээ өндөртэй, нийгэмд эзлэх байр суурь ихтэй, туршлагатай, боловсролтой хүмүүс байдаг. Нийгмийн элит давхаргыг тэдний цөөнгүй хувь бүрдүүлж байдаг. Насаараа ажиллахаа ажиллаад, хийхээ хийчихсэн хүмүүс ийм байх нь арга ч үгүй биз. Гэтэл манайд эсрэгээрээ, хамгийн эмзэг, сул дорой, амьдралын баталгаагүй хүмүүс нь ахмадууд байдаг. Адаглаад эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөв тогтолцоотой бол манай улсад ч гэсэн наслалт өндөр байж болох шүү дээ.

Бас нэг анзаарах зүйл энд бий. Хөгшрөлт хурдтай нэмэгдэж байгаа гэдэг нь хүмүүс илүү хурдан хөгширч байна гэсэн үг биш, харин илүү удаан амьдарч өндөр насалдаг болж байна аа гэсэн үг байх нь. Өндөр настнууд олширно гэдэг маань хүн амын хөгшрөлт хурдасч байгаа хэлбэр. Ийм хувьсалд улс орон бүр дасан зохицох гэж багагүй хугацааг зарцуулдаг гэнэ шүү. Жишээлбэл, 150 жилийн өмнө Франц улсын хүн амын 10% нь 60-аас дээш насныхан байжээ. Энэ үзүүлэлт одоо 20%-д хүрсэн. Францчууд ахмад настнууд нэмэгдэж буй энэ өөрчлөлттэй дасан зохиоцох гэж бүхэл бүтэн 150 жилийг зарцуулсан байна. Нийгмийн шилжилт, хувьсал хийх гэж тэр шүү дээ. Дэлхийд өндөр наслалтаараа тэргүүлдэг Япон улсын хүн амын 30% нь 60-аас дээш насныхан байдаг. Гэтэл ОХУ, БНХАУ, Исламын Бүгд Найрамдах улс, Чили, Иран зэрэг орнууд энэ үзүүлэлтээр Японы хойноос мөр даран явж байгаа сонирхолтой статистик ч байна.

“ЭрүүлЭЭр хөгшрөхүй” буюу идэвхтэй хөгшрөлт

Биологийн түвшинд хөгшрөлт гэж бие махбодын болон оюун ухааны чадавх аажмаар буурч, өвчин тусах эрсдэл нэмэгдэж, эцэст нь үхэлд хүргэдэг процессыг хэлдэг. Гэхдээ энэ өөрчлөлтүүд нь тогтсон шугаман зүйл биш бөгөөд зарим 70 настнууд бие эрүүл ухаан саруул байхад зарим нь өвчинд баригдаж “хүний гарт орсон” байдаг шүү дээ. Тэгвэл хүн амын насжилт ийнхүү уртасч буйтай холбоотойгоор “Эрүүлээр хөгшрөхүй” гэх үзэгдэл дэлхий даяар эрчээ авч байгаа юм байна. Энэ нь аливаа улс орны зүгээс ахмадууддаа зохиулсан эрүүл мэнд болон нийгмийн тусгай хөтөлбөр, цогц арга хэмжээ юм. Улс болгон өөрийн нийгэм, эдийн засгийн онцлогт тааруулан уг хөтөлбөрийг боловсруулдаг байна. ДЭМБ-ын 2020-2030 оны ажлын төлөвлөгөөнд дэлхийн хүн амын насжилт дээр явуулах ажлын гол чиглэл нь “Эрүүлээр хөгшрөхүй” хөтөлбөр хэмээн тусгагджээ. Тэдний зүгээс хүн хөгшрөх явцдаа сайн сайхан амьдарч, өөрийн чадавх болоод нөөц бололцоог алдахгүй байхыг хангахад туслалцаа үзүүлэх нь гол зорилго гэж дүгнэжээ. Мөн эрүүл хөгшрөлт нь эв нэгдэлтэй, энх тайван, шударга, ауюлгүй, тогтвортой нийгмийг бүтээхэд тусална гэж үздэг юм байна. Хөгшрөлт гэдэг харьцангуй ойлголтыг шинэчлэх, хүн хэд л бол хэд наслах боломжтой. Чадавхиа алдаагүй л бол тэр хүн хэдэн ч настай байсан хөгшин хүн биш. Харин төр, засгийн зүгээс энэ бүгдээ хадгалж үлдэхэд туслалцаа шаардлагатай хэмээн уриалж байгаа аж. Үүнд тэтгэврийн уян хатан тогтолцоо, эрүүл мэндийн болон боловсролын системд ахмадуудад тусгасан зорилтот ажлуудыг нэмэх, хүмүүнлэгийн янз бүрийн ажил гэх мэт олон арга зам байна. Тэгээд мэдээж ахмадуудын өөрсдийн зүгээс шалтгаалах хүчин зүйлүүд буюу идэвхтэй амьдрах арга ухаануудыг судалж хэрэгжүүлэх нь зүй.

Нэгэнт л 65 нас залуу нас юм бол залуу хүний амьдралаар амьдрах нь зүйн хэрэг. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн ихэнх нь бие болон сэтгэл санаагаар унаж, улам хурдтайгаар хөгширдөг гэсэн судалгаа хүртэл бий. Судалгаа ч гэлтгүй бидний хажууханд байгаа аав ээж, эмээ өвөө нар маань ингэж ярьдаг шүү дээ. Хөгшин гээд хүний тооноос хаслаа хэмээн гомдоллодог.

Бид амьдралаа жилийн дөрвөн улирал гэж бодвол хүүхэд балчир нас маань хаврын улирал болох нь ээ. Модны навч гөлөглөж, ургамал цэцэг газрын хөрснөөс цухуйдгийг нь бодоод ийнхүү төлөөлүүлж байгаа юм. Залуу идэр нас маань зуны улирал бөгөөд бид ёстой ид хийж бүтээж, ургаж цэцэглэдэг шүү дээ. Намрын улирал нь ахмад нас буюу одоогийнхоор бол 65-аас дээш насныхан болж таарч байна. Энэ насанд үхэж, үгүй болохыг биш харин ч намбайж, налайж, амарч, дуртай зүйлээ хийж, өөрийгөө тойглох цаг хэмээн сэтгэхэд болж байна. 65 хүртэлх насныхан бол залуус, түүнээс дээш насныхан ахмад настандаа орохоор болчихож. 100 гараад явчихвал бүүр ч гайхалтай, урт удаан насалж буй ахмад настан гэсэн бэлгэшээлтэй ангилалд багтаад явахчих нь ээ. Тэгэхээр 100 наслахаас нааш хорвоог орхих тухай ярьж болохгүй нь байна шүү, ЗАЛУУС АА!!! Тэгээд ч тун удахгүй хүн төрөлхтөн гадны механик гэмтэл л авахаас нааш үхэхгүй, өвчнөөр нас бардаггүй болно оо гэсэн өөдрөг ирээдүй зурагдчихсан байгаа.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Дашдондов: Хүнд мөнхийн ганц л зүйл үлддэг. Тэр нь эх орон юм

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын 2019 оны тэргүүн шагналыг “Зохист гүн” номоороо яруу найрагч, зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов хүртсэн юм. Түүний номонд арван сонетийн эрхи багтсан байна. Сонет гэдгийг яруу найраг сонирхогчид сайн мэднэ. Харин сонетийн цуваа, эрхи гэдгийг мэдэх ч бичсэн нь тун цөөн билээ. Энэ нь ур ухаан, авьяас чадвар, амьдралыг танин мэдсэн хүний бодол сэтгэлээс нухагдан гардаг аж. Д.Дашдондов сонетоос гадна олон сайхан дууны шүлэг бичсэн, жүжгийн зохиолууд нь тайзнаа тавигдаж байсан, хүүхдүүдэд зориулсан зохиол бүтээл нь шилдэг уран бүтээлээр удаа дараа шалгарсан хүн юм. Цайныхаа дээжийг таньдаа барья даа, Цамцны тань товчийг бөхлөөд өгье дөө… Мөн Цэцгээр хорвоо бялуурахын цагт, Санаагүй байж мэднэ ээ ээж ээ гэх зэргээр утга уянгалаг сайхан дуунууд түүнийх билээ. “Алтан-Өд”-ийн эзний гэрээр зочилж ярилцлаа.


-Та Говь-Алтайн хүн байх аа. Нутаг усныхаа тухай яриач. Уран бүтээлч болон төлөвшихөд унаж, өссөн нутаг ус хэрхэн нөлөөлсөн бол?

-Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Миний төрсөн нутаг Хар азаргын их нуруу, Хан тайширын их нуруу хоёрын дунд оршдог Халиуны их хоолой юм. Би 6-7 наснаасаа эхлээд л хонь мал хариулаад уул хадаар нь хэсч өссөн дөө. Нутгийн онцлог нь юу гэвэл нэг уулан дээр гараад л өөр ертөнц, нөгөө хамар даваад л шал өөр ертөнц байдаг. Нэг талд өндөр сүрлэг уулс, нөгөө талд цэлийсэн их тал байх жишээтэй. Гайхширал төрүүлэх сайхан нутаг юм. Тийм нутагт төрсөн, өссөн хүний оюун сэтгэлгээ нь тэнүүн, аливааг мэдрэх мэдрэмж нь хар багаасаа хөгжсөн байдаг байж магадгүй. Ер нь Говь-Алтайгаас олон зохиолч төрсөн байдаг даа. Тэр нь нутаг усных нь өгөгдөл юм болов уу гэж боддог. Байгаль нь хатуу ширүүн. Нэг бол элсээр нүднэ. Шаргын говь, Халиуны хоолой хацар хорстол элсээр нүднэ шүү дээ. Шуурахаар ойр орчин харагдахгүй болно. Тийм л эрс тэс. Тэгсэн атал хавар, намрын уран гоё зэрэглээ, гол усны харгиа, шувуудын жиргээ, хөхөө шувууны донгодолт гэх зэргээр байгаль нь нэн гайхамшигтай. Миний багад манай Халиун, Шаргын хоолойд хонь бэлчээд явж байхад гөрөөс нь хоньтойгоо ирээд нийлдэг байлаа. Одоо бол 3-4 гөрөөс, зээр л харагдаж байна. Ууландаа аргаль янгиртай. Тооноор хадны орой харагдана. Түүгээр нь мал сүрэг дүүлэн байх нь даанч сайхан. Тийм сонин сайхан нутаг юм. Ийм сайхан нутагт өссөн хүн мэдрэмтгий, сэрэмтгий, зан араншин нь гэсэн байгалийнхаа өвөрмөц онцлогийг дагаад эрс тэс маягтай байдаг. Энэ нь яруу найрагч, зохиолч хүнд нэлээн хэрэгтэй л дээ. Нөгөө талаар байгалийн хатуу ширүүн нөхцөл байдал хүнийг амьдрах арга ухаанд сургадаг. Яах ч арга байхгүй хөдөлмөрч болгож сургана. Зохиолч, яруу найрагч хүнд авьяасаас гадна хөдөлмөрч, тууштай зан чанар тун чухал байдаг. Тийм учраас би нутаг усандаа баярлаж, дээдэлж явдаг.

-Өнгөрсөн жил танай сумын 60 жилийн ой тохиосон. Та сумынхаа ойн баяр наадамд хүндтэй зочин болж очсон нь гарцаагүй?

-Тийм ээ. Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн Халиун сумын 60 жилийн ой боллоо. Уг ойд дуу хийж очлоо. Гавьяат дуучин Ч.Бат-Эрдэнэ манай сумын хүн байгаа юм. Бид хоёр нутггийнхандаа зориулаад “Бурхад мэндэлдэг нутаг” гэж сайхан дуу хийж, Ч.Бат-Эрдэнэ хэдэн дуучинтай хамтраад дууллаа. Ойн концертод тоглогдсон. Мөн сумын захиргааны үүдэнд соёмботой хөшөө бослоо. Суурьтайгаа нийлээд 3-4 метр өндөр сайхан хөшөө байв. Хөшөөний нэг талд Лодонгийн Түдэвийн хэлсэн үг. Нөгөө талд нь билэгт их яруу найрагч Мишигийн Цэдэндорж гуайн “Морин хуур” хэмээх алдарт шүлгийнх нь хэсэг. Бас нэг талд нь “Болор цом”-д олон удаа орж байсан М.Билэгсайханы эх орны тухай шүлгийн хэсэг. Нөгөө талд нь миний эх орондоо зориулсан шүлгийн хэсгийг сийлж мөнхөжүүлсэн байна лээ. Үүнд би их баярлаж байгаа.

-Утга зохиолын салбар руу хэрхэн орсон бэ?

-Би багадаа зурах их дуртай байсан. Сонины зах дээр мал идэж байгаа чоно зураад аавдаа загнуулж байсан гэдэг. Тэр үед би ухаан суугаагүй байсан. Хожим аав минь тэгж ярьж байлаа. Бас дуунд их дуртай. Бага ангийн жоохон нөхөр байхдаа шүлэг бичнэ. Тэрийг ойлгож дэмждэг ч хүн гэж байсангүй. Мөн тоонд их сайн хүүхэд байлаа. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ ангидаа толгой цохидог байв. Тийм учраас багш нар тоог л дэмжээд байхаас бус уран бүтээлийг дэмжиж, хардаггүй байсан. Хэрэв багаас минь зурах авьяасыг дэмжсэн бол зураач. Хөгжим талаас нь дэмжсэн бол энэ чиглэлийн уран бүтээлч болж болох байсан гэж боддог. Гэтэл зураг, хөгжим гарцаагүй мэргэжил шаарддаг. Номын дууг нь сонсож байж л жинхэнэ уран бүтээлч болно. Одоо бол сонирхогчийн хэмжээнд зурна аа. Номныхоо хавтасны зургуудыг зурсан юм. Зураач нар хараад шоолох байх. Хөгжмийн тухайд баян хуур, гитар зэргийг тоглочихно.

Миний анх харж, зохиолч гэж ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн зүйл бол 1966 оны үед Говь-Алтай аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон уншигч, зохиолчдын уулзалт юм. Тэнд Б.Явуухулан гуай “Говь хэмээн говь билээ…” гээд уншиж байлаа. Ц.Гайтав гуай “Зам, зам залж хөтөлсөн нутгийн зам…” гэж уншиж байв. Б.Зангад гуай дуугаа дуулаад л. Ингэж анх уран бүтээл гэж ямар сайхан юм бэ хэмээн бодсон. М.Цэдэндорж гуайг хамгийн ойроос анх тэгж харж байв.

Миний анхны шүлэг 1967 онд “Алтайн хөгжил” сонинд гарч байлаа. Тухайн үед ямар юмных нь шүлэг байхав дээ. Тэр үедээ л хүүхдийн шүлэг байсан. Одоо ч яг ямар шүлэг байсныг сандаггүй юм. Ямар ч байсан сарны тухай л шүлэг байв. Тэрэндээ маш их баярлаж хөөрч явлаа. С.Очирхүү гэж шатрын спортын мастер, бас хүүхдийн зохиол оролддог хүн байсан. Тэр хүний дугуйланд нэг жил явж байлаа. Уг нь эртнээс уран зохиолын өгөгдөл байгаад байсан юм. Тэгтэл 1970 онд Алтай хотын арван жилийн сургууль төгсөөд багш нар маань тоо юм уу, физикээр явах ёстой гэж ятгасан. Би үнэхээр тоонд сонирхолтой байсан учир их сургуулийн физикийн анги аваад явсан даа. Их сургуульд байхад Ж.Бадраа гуайтай нэг удаа гудамжинд тааралдаад би шууд л бичсэн шүлгээ уншиж өгөв. Санаа зовмоор. Тэгтэл “Чамд юм байна, чи утга зохиолын дугуйланд яваад оч” гэлээ. Яваад очтол тэр өдөр нь дугуйлан хичээллээгүй байсан. За ингээд, 1975 онд сургуулиа төгсөөд Эрдэнэтэд багшлахаар очлоо. Тал талаас илгээлтийнхэн очиж байсан үе. Г.Сэсмээ гээд зохиолч монгол хэлний багшаар мөн очсон. Нэг сургуульд хамт ажиллалаа. Энэ үеэс хар багын юм бичих сонирхол маань сэргээд бичиж эхэлсэн. Дараа нь Д.Даржаа гуай очсон. Алдарт “Дон Жуан”-ыг орчуулж “Алтан-Өд” авсан С.Цэвээн байна. Эд нарыг хараад уран зохиол руу эргэж татагдаж эхэлж байгаа юм. Би сургуулийн хичээлийн эрхлэгч, сүүлд захирлын албатай болсон учир тухайн үеийн шаардлага нэг номерт ажил байв. Шүлэг яруу найраг миний хобби маягтай байсан.

-Та утга зохиолын мөн чанарыг хожуу ойлгосон гэж ярьж байсан. Социализмын үед ажлыг нэгдүгээрт тавьж, утга зохиол руу орох цаг зав муутай байсантай холбоотой юу?

-Тэр үеийн уран зохиолд тавьж байсан шаардлага гэвэл нам, эх орон, үнэнч шударгыг магт гэдэг байлаа. Би уран зохиолын нарийн, мэргэжлийн онол заалгаагүй учир түүгээр нь ойлгосон. Тэгээд л эх орон, нам, найрамдал гэсэн сэдвээр бичнэ. Тиймээс уран зохиолын мөн чанарыг бүрэн ойлгоогүй явсан. Нэлээн хожим төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж гуай ирсэн юм. Тэр хүн бидэнд асар их нөлөө үзүүлж, яруу найраг задгай чөлөөтэй байх ёстой гэсэн үзэл бодлыг төлөвшүүлж өгсөн. Миний яруу найргийн багш бол энэ хүн юм. Би жинхэнэ яруу найраг, уран зохиолыг их хожуу ойлгосон. Хожуу ойлгосон ч гэлээ зорьж бичсээр ирлээ. Үүнээс Монголын уран зохиолд хувь нэмэр оруулсан гэж бодож болох гэвэл дууны яруу найргууд, жүжгийн зохиолууд байна. Мөн сүүлийн үеийн сонатын эрхи бий. Мөн богино мөрт шүлгүүд байна. Яг одоогоор ийм олон сонатын эрхи бичсэн хүн Монголд байхгүй. Нэг талаас хичээл зүтгэл, авьяас чадвараас гадна хамгийн гол нь амьдралыг таньсны үндсэн дээр хийх л уран бүтээл юм билээ. Мөн би 600 гаруй афоризм бичсэн. “Анзаарлын төгс хэлбэршил” хэмээх ном болгож 400 гаруй афоризм багтаасан. Ер нь гаргасан ном олон бий л дээ. Уншигч олон мэдэх байх. Миний шилмэл бүтээлийн гурван цуврал ном бий. Яагаад би яагаачгүй ботилсон юм гэхээр 2012 онд Монгол Улсын соёлын гавьяат авсан. Энэ нөхөр юугаар гавьяат авч байгаа юм гэж хүн хэлж магадгүй юм болов уу хэмээн бодоод нэгдүгээр ботио шүлэг, хоёрдугаар ботио жүжгийн зохиол, гуравдугаар ботио дууны яруу найраг, афоризм оруулж гаргасан. Гурван ботид бүх бүтээл багтахгүй л дээ.

-Та ээждээ зориулсан олон сайхан шүлэг бичсэн. Аав, ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Манай аав Самбуугийн Дамбий. Халиун сумаас өмнө Баян сум гэж байсан юм. Бүр 1927 онд байгуулагдсан даа. Аав минь Баян сумын хүн эмнэлгийн салбарын анхны санитар. Нутгийнхан Дамбий доктор гэдэг байлаа. Хэрэг дээрээ эмчийн үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үг. Цэрэгт яваад, дараа нь сувилагчийн курст суугаад эмнэлгийн талын мэдлэгтэй болж, ойр зуурын эм барьчихдаг байлаа. Сүүлдээ мал маллаад аймгийнхаа хоёр удаагийн хөдөлмөрийн аварга болсон. Ээж маань Сэрээнэнгийн Рагчаа гэж хүн байсан. Миний долоон настайд 1958 онд нас барсан юм. Бүгд л бага байлаа. Би дээрээ хоёр ахтай, нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй хүн л дээ. Сониноос, манай ээжийн аав Лодонгийн Түдэв гуайн ээжийн ээж хоёр төрсөн ах дүү хоёр юм билээ. Бид бие биенээ мэдэхгүй байж байгаад бүр хожим ойрхон хамаатан гэдгээ мэдэлцсэн.

Аав, ээж маань нутаг орондоо нэр сайтай, сайхан хүмүүс байсан даа. Ээж маань их гярхай. Олон хонин дотроос саах хонио анддаггүй. Тэр хонь тэнд байна, аваад ир гэдэгсэн. Малчид бол ихэвчлэн малынхаа толгойг харж л танина шүү дээ. Тэгтэл ээж маань зуны халуунд бүгд толгойгоо далд хийчихсэн нуруу нь цухуйж байхад хараад ямар хонь болохыг анддаггүй байсан. Ээж минь багад өнгөрсөн учир зориулж олон дуу хийсэн. Жишээлбэл, “Бурхан ээж” гээд дуу байна. Зөвхөн ээждээ зориулсан 20 гаруй дуу бий.

-Ярилцлагынхаа төгсгөлд олон түмэнд хандаж юу хэлэх вэ?

-Би Их Монгол Улс үеийн үед, үрийн үрд мандан бадарч, цэцэглэн хөгжөөсэй гэж байнга ерөөдөг. Үүний төлөө монгол хүн бүр зүтгэх ёстой. Хүнд мөнхийн ганц л зүйл үлддэг. Тэр нь эх орон юм. Үүнийг хүн сэтгэлийнхээ чандын чандад бодож явах ёстой. Өнөөдрийн өнгө мөнгө яахав. Харин бидний эд эс монгол хэмээх хөрс шороонд мөнхөд оршино. Тиймээс Монгол орныхоо төлөө бага ч гэсэн хувь нэмэр оруулж зүтгээсэй, хүн бүр эх орондоо хайртай байгаасай гэж хүсч явдаг. Гавьяат Д.Дашдондов гуайн гэргий Булганы Бүрэгхангайн харьяат И.Дулмаа гэж хүн бий. Эмч мэргэжилтэй. Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын албанд 30 жил ажиллажээ. Тэрбээр яруу найрагч ханийнхаа тухай “Бид гурван хүүхэдтэй. Том хүү Батхуяг. Шинжлэх ухааны академийн инновацийн хэлтсийн дарга. Дараа нь Нармандах гээд охин бий. Зохиолчдын эвлэлийн гишүүн. Яруу найрагч охин байгаа. Одоо Эрдэнэтийн татварын албанд тасгийн дарга хийдэг. Отгон охин Отгонбаяр. Хүүхдэд зориулсан хоёр ном гаргасан. Одоо оюутан. Бид хоёр ач, зээ нартай болсон. Хүүхдүүдээ үнэнч шударга, улсын төлөө гэсэн сэтгэлтэй болгож өсгөхийг хичээсэн. Манайх их намуухан айл шүү дээ. Муудалцаад байхгүй. Дашдондовтой хар залуугаараа танилцаад суусан. 40 гаруй жил ханилж байна. Ерөөсөө л ажлын төлөө гэсэн хүн. Маш хэнхэг гэж болно. Бараг л гэрийн бараа хардаггүй нөхөр байсан. Одоо ч тийм. Эрдэнэтийн арван жилийн дунд сургуульд хоёр жил багшлаад хичээлийн эрхлэгч болж цаг наргүй хөдөлмөрлөдөг байлаа. Хүүхдүүд нь унтаж байхад гарч яваад орой унтаж байхад орж ирнэ. Сургуулийн захирал болоод бүр л ажил нь нэмэгдсэн. Дараа нь Эрдэнэтийн төр захиргааны сонины эрхлэгч болоод хэдэн жил явсан. Мөн зах зээлийн үед 1994 оноос Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн ажилтнаар ажиллах болсон. Ер нь бидний залуу нас цаг наргүй л байлаа. Сүүлд дуу бүжгийн эрдмийн чуулгын даргаар хэдэн жил ажиллалаа. Хүүхдүүд нь гэртээ ирээд ном шагайна. Аав нь ажил гээд л явна. Ийм л гэр бүл. Энэ хүнд заримдаа наад бичиг цаас чинь хэрэгтэй юм уу, би хэрэгтэй юм уу гэхэд гэж асуудаг байлаа. Дуугардаггүй юм. Дотоод санаа нь ном зохиол бүтээлээ илүү боддог хүн байх гэж гомдох шиг болдог үе байсан. Гэхдээ ажил төрөл, уран бүтээлдээ хайртай, шударга үнэнч хүн. Уран зохиолыг нь эхний үед төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Надад ийм шүлэг бичлээ гээд уншиж өгнө. Би мэдэх биш, сонсоно. Сүүлдээ ч уран зохиолын талаар жаахан ойлголттой болсон. Тэр нь тийм ийм гэж ганц нэг үг хэлж байдаг. Тэрийгээ чухам уран бүтээлдээ тусгадаг юм уу мэдэхгүй. Манай гэрээр дүүрэн ном, хүүхдүүд маань байна. Энэ бол бид хоёрын баялаг юм” хэмээн ярьсан юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 01-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдаж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох юм.