Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 27-нд болох үйл явдлууд

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Төрийн ордонд “Баялгийн шударга хуваарилалт ба эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ” хэлэлцүүлэг болно. Утас: 99062690

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч “SSM” компаниас халагдсан ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний дэгдэлтийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.30 цагт иргэд нэгдэж Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах талаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын морин урлагийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт “Эйр Вилл Монголиа” ХХК-иас “Хүүхэд ба цэвэр агаар” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын зөвлөх багш, клиник профессор, газарзүйн сургагч багш Чойжилжавын Батнямын тухай өгүүлэхэд

Монголын газарзүйн боловсролд Чойжилжавын Батням багш мөнчиг их хөрөнгө оруулалт хийсэн дээ. Багшийн арми гэдэг үнэндээ том. Гэвч энэхүү армид нэгэн багшийн гавьяа юугаар ч хэмжээлшгүй гэдгийг Батням багш өөрийн биеэр үлгэрлэж, Монгол Улсын газарзүйн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэн, багш нарыг төрүүллээ гэх бахархлын үгс өнөө цагийн нэртэй эрдэмтдийн амнаас олонтаа дуулдах болсон. Батням багшийн алдар суу эрхэм дээд мэргэд, ачлалт багш нарын эгнээнд дуурсан мандаж эхэлсэн билээ. Батням гэж нүүр дүүрэн инээмсэглэсэн, дотоод сэтгэлээсээ гэрэл гэгээ цацруулсан багштай уулзаж, гуч шахам жил босгыг нь элээсэн сургуульд нь хамт зочилж, халуун амьдралаа шингээсэн газарзүйн кабинетаар нь орж, хүүхэд шуугьсан өргөөнд бахархам түүхээс нь хуваалцсан юм.

Тэрээр бүх нийтийн газарзүйн боловсролын төлөө, хүүхэд багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, байгаль орчин, экологийн боловсрол олгох, газарзүйн мэргэжлийн багш нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг 10 гаруй жил удирдсан нэгэн. Газарзүйн мэргэжлийн багш нарт тусгайлсан олон арван гарын авлага, ном товхимол зэргийг хэвлүүлсэн. Мөн 10, 11 дүгээр ангийн сурагчдын гол хичээл болох Байгалийн ухааны сурах бичгийг зохион, газарзүйн олон сурах бичгийн экспертээр ажиллаж, элсэлтийн ерөнхий шалгалтын материал боловсруулж, газарзүйн хичээлээ телевизээр олон нийтэд заан таниулж түүчээлэн манлайлж ирсэн. Эрдэмтэн докторууд л газар зүйн сурах бичиг зохиож элсэлтийн шалгалтын материал боловсруулж оюуныхаа бяр тэнхээг сорьдог. Гэвч дунд сургуулийн энгийн нэг багш эл бүгдийг хийж, олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээж, боловсролын байгууллага, сургуулийн хамт олон, шавь нарынхаа өмнө бардам байж, газарзүйн хичээлд өөрийн тогтоосон өндөрлөгтөө байсаар ирсэн юм.

Түүний амжилт бүтээлийг олон зүйлээр бататгаж болно. Ганц жишээ дурдахад, Нийслэлийн боловсролын газраас Ч.Батням багшийн нэрэмжит нийслэлийн газарзүйн багш нарын олимпиадыг 2008, 2009, 2010 онуудад зохион явуулсан байна. Энэ тухайгаа тэрээр ийн дурав. “2006 онд Нийслэлийн боловсролын газраас хоёр мэргэжилтэн ирж манай сургуулийн захиралтай уулзаад, миний нэрэмжит олимпиадыг нийслэлийн багш нарын дунд зохион явуулахаа мэдэгдсэн. Надад мөн дуулгасан. Миний хувьд маш их баярласан нь мэдээж.Багш нарын дунд өмнө нь олимпиад болдог байлаа. 20 гаруй багш оролцдог байсан. Тэгтэл миний нэрэмжит олимпиадад эхний жилд 50, дараагийн жилд 80 орчим багш оролцож авьяас билэг, оюун ухаанаа уралдуулсан. Нийслэлийн хэмжээнд тухайн үед 120 орчим газарзүйн багш байдаг байлаа. Түүнээс 80 нь оролцоно гэдэг мэргэжил нэгт нөхөд минь, олон арван шавь нар минь надад ихэд хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл биз ээ.

Мөн тэрхүү олимпиадын үеэр “Нийслэлийн хүндэт багш” гэсэн өргөмжлөл хүртээснийг мартамгүй” хэмээн баяр бахдалтайгаар өгүүлсэн. Батням багш газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийнхаа нэрийн хуудас болж яваа гавьяатан. Үүнийх нь нэгэн том баталгаа бол Монгол Улсын зөвлөх багш гэсэн цол хүндэтгэл юм. Алтайн их уулс, Шаргын говиос тодорсон алаг нүдэн охин “Газарзүйн багш л болноо, ямар гоё мэргэжил вэ” гэж бодсон багын мөрөөдлөө биелүүлж 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн түүх, газарзүйн ангийг эчнээгээр зургаан жилийн хугацаатай дүүргэснээс өдийг хүртэл түм буман шавь нарынхаа итгэл хүндэтгэлийг хүлээсээр явна. Боловсрлын байгууллагад 46 жил ажиллаж Монгол Улсын зөвлөх багш хэмээх эрхэм алдрыг хүртэхийн зэрэгцээ Монгол Улсын их сургууль, Боловсролын их сургуулийн оюутнуудад хичээл сургалт зааж, хот хөдөөгийн зуу зуун багш нарт газарзүйн кабинетдаа мөн л сургалт сименер хийж клиник профессор гэх эрхэм цолыг хүртжээ.

Тэрээр Баянгол дүүргийн мэргэжлийн ба ур чадварын 13 удаагийн аварга, Нийслэлийн мэргэжлийн аварга багшаар шалгарсан. Багшийн эрдэм шавиас гэдэг. Батням багшийн удирдсан сурагч шавь нар нь нийслэл ба Баянгол дүүргийн сурагчдын газарзүйн олимпиадын 11 удаагийн аварга, мөн Улаанбаатар хотын аварга багаар зургаан ч удаа тодорч шилжин явах цомоо үүрд хадгалан нэгэн дээд амжилтыг тогтоосон. Эрхэм багшийн шавь нар тийнхүү дүүрэг болоод нийслэл улмаар улсын олимпиадад жил бүр амжилт гаргаж, алт мөнгөн медалийн оосроос атган багшийгаа, сургуулийн хамт олноо, эх эцгээ бахярлуулсан бахдам ажилтууд зөндөө. Тухайлбал, 1997-2012 оны сүүлийн арван таван жилд шавь нараа дүүрэг, хот, улсын олимпиадад тасралтгүй амжилттай бэлтгэн оролцуулж 40 гаруй алт, мөнгө, хүрэл медаль авсан ба Ш.Болор-Эрдэнэ, В.Удвал, Э.Энхжаргал, Г.Мөнгөнтуул, Г.Намуун зэрэг олон шавь нар нь улсын олимпиадаас медальт байрт шалгарч БСШУЯ/хуучнаар/-наас Улсын их сургуульд суралцах урилга гардаж байсан. Шавь нарынх нь дотроос өөрийнх нь мэргэжлийг өвлөн авсан жараад багш нар эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаагийн дотор Э.Энхжаргал, Ш.Болор-Эрдэнэ нар нийслэлийн багш нарын олимпиадаас мөнгө, хүрэл медаль хүртсэн ба дааж төгсгөсөн шавь нараас нь арваад эрдэмтэн тодорч төрийн байгууллага, яам, тамгын газарт нэр төртэй ажиллаж байна. Тухайлбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор Л.Жаргалсайхан, Монголын Газарзүйн багш нарын холбооны тэргүүн Ц.Даш, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн доктор Д.Моломжамц, ХААИС-ийн багш, доктор Ц.Ичинхорлоо, газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Мөнгөнтуул гээд олон хүнийг дурдаж болох юм. Эрдмийн зэрэгтэй20 гаруй шавь нар байна.

“Улсын олимпиадад нийслэлээс шалгарсан есөн хүүхдийн дотор нэгээс хоёр шавь минь зоолттой байдаг” гэж тэрээр бахдалтайхан хэлсэн. Төрийн наадамд хүлэг морио олонтаа “түмний эх” болгосон зартай уяач шиг сэтгэл дүүрэн байсан. “Батням багшийн шавь гээд жаалхан охин ирээд л илтгэлийн уралдаанд олныг алмайруулаад түрүүлчихдэг нь гайхмаар” гэж Их сургуулийн багш, эрдэмт мэргэн докторууд бахаддаг юм билээ. “Олимпиадад хүүхдээ бэлтгэхэд багш өөрөө асар их хөгждөг. Түүнд л олимпиадын үнэ цэнэ оршино. Багш хүн өөрөө өндөр нэр хүндтэй байж шавь нарынхаа хайр хүндэтгэл, итгэлийг хүлээх учиртай. Багшийнхаа тухай эерэг бодолтой хүүхдүүд хичээл номдоо сайн байдаг. Цаашдаа ахуй амьдралдаа ч бусдын хүндэтгэлийг хүлээж явах нь бий. Үүнд эцэг эхчүүд голлох үүрэгтэй. “Танай багш их сайхан хүн, багш шигээ эрдэм номтой, бусдын хайрыг даасан хүн болно” шүү гэж хүүхдүүддээ үргэлж сургаж байх нь чухал. Хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд гол үүргийг нь дунд сургууль л гүйцэтгэдэг” гэх эрдэм төгс багшийн амнаас гарах үгс афоризм мэт үнэтэй байв.

47 дугаар сургууль Монгол Улсын зөвлөх багш, клиник профессор, газарзүйн үндэсний сургагч багш Чойжилжавын Батнямынхаа нэр нүүрээр явж ирсэн нь мэдээж л дээ. Тэрээр багшлах хугацаандаа сурагчийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, эвсэг хамт олныг төлөвшүүлэх, газарзүйн мэдлэгийг хэрэглээ болгох, амьдрал практикттай нь холбон ойлгуулахад голлон анхаардаг. Сургуулийн таатай орчинг бүрдүүлэн ашиглаж газарзүйн танхимыг стандартын дагуу шинэчлэн гурван ч удаа өөрийн хөрөнгөөр тохижуулж, зуны амралтаар байгалийн үзэсгэлэнт газруудаар явж хөрс, чулуулаг ашигт малтмалын цуглуулгаар баяжуулж сургалтдаа ашигладаг ажээ. 2001-2002 онд Боловсролын яам, Хяналтын алба, Нийслэлийн боловсролын газрын шалгалтаар “Нийслэлийн багш нарын хөгжлийн түшиц сургууль” гэрчилгээ бүхий газарзүйн кабинет нь боловсролын тогтолцоонд нэгэн шинэчлэлийг авчирсан гэж хэлж болно. Суралцагчдын сонирхол хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинд хот хөдөөгийн болон их дээд сургуулийн багш нар хамтран ажиллах бааз суурийг бий болгож чадсанаараа онцлогтой.

“Нийслэлийн багш нарын хөгжлийн түшиц сургууль” болсноор Швед, Буриад, Өмнөд Монголын багш нартай туршлага солилцох. АНУ-ын Ориган мужийн их сургуулийн багш нар Боловсролын яамны зайны сургалтын албаны дарга, доктор профессор Батчулуун, МУБИС-ийн газарзүйн тэнхимийн эрхлэгч Х.Цогбадрах нарын хамт ирж Батням багшийн арвнм туршлагыг магтаж, ихэд өндөр сэтгэгдэлтэй буцсан нь гадны багш нарт үнэлэгдсэн үнэлгээ байлаа.

Ингээд Чойжилжавын Батням багштай ярилцсанаа хүргэж байна.


-Багшийн гараагаа эхэлсэн үеэ дурсахгүй юу?

-Миний биө 1970 онд Архангайн багшийн сургуулийг дүүргээд өөрийнхөө төгссөн Говь-Алтайн төвийн арван жилийн хоёрдугаар сургуульд хоёр жил багшилсан. Бага ангийн багшаар ажиллаж байлаа. Багш болох анхны дөр тэнд суусан гэж хэлж болно. Цэрэндорж pахиралтайгаа, биднийг долдугаар анги төгсгөсөн Сандуй багштайгаа гар нийлэн ажиллаж арвин туршлагатай тэднээс ихийг суралцсан. Хотод ирээд 49, 72 дугаар сургуулиудад багшилж байгаад 47 дугаар сургуульдаа ирсэн туүхтэй. Бага ангийн багшаар таван жил ажиллаад дараа нь түүхийн багшаар ажиллаж байв. Сүүлийн 30 шахам жил газарзүйн багшаар дагнан ажиллаж байна.

-Газарзүйн хичээлд хэдийнээс шимтэн суралцах болсон бэ?

-Намайг тавдугаар ангид ороход дэлхий гэсэн хичээл Бадархүү багш маань заадаг байсан. Тэрээр жижиг хөөрхөн глобус авч ирнэ. Уг хичээл надад жигтэйхэн гоё санагддаг байлаа. Улсын багшийн дээд сургуулийг эчнээгээр зургаан жил суралцаж 1982 онд төгссөн. Тэгж л багын мөрөөдлөө биөлүүлсэн. Багшийн сургуульд Ардын багш Батсүх тэргүүтэй лут багш нараар хичээл заалгасан. Өнөөдөр энэ зэрэгтэй явж, олны итгэлийг хүлээсэн минь тэдний л ач гавьяа. Газарзүй гэдэг шинжлэх ухааны гайхамшгийг Монголынхоо хүүхэд багачуудад мэдрүүлэхсэн, эх дэлхий байгаль орчин, уул ус ургамал амьтдаа хайрлах сэтгэлийг ой тоонд нь гүн бат суулгаж өгөхсөн гэж эрмэлзэж л зүтгэсэн. Надаар газарзүйн хичээл заалгасан мянга мянган шавь нараас минь хичнээн өөр мэргэжил эээмшсэн ч гэсэн эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, газар усандаа элгэмсэг сэтгэлээр хандаж явахыг хичээж, багшдаа баярладгаа үргэлж хэлдэг юм. Дундговийн Дэрэн суманд очиход манай нэг шавь цагдаагийн сургууль төгсөөд тэнд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхтай нь таарлаа. Чулуужсан модоо хамгаалж байгааг хараад Очир-Эрдэнэ шавиараа бахархаж байлаа. Хүн төрөлхтөнд хамгийн их ач холбогдолтой шинжлэх ухааны хичээлүүдийг эрэмбэлсэн байдаг. Одоогоос арваад жилийн өмнө газарзүйн хичээл наймд бичигдэж байсан. Дараа нь гуравт орсон байдаг. Нэгд нь анагаах ухаан, дараа нь эдийн эасаг бичигдсэн байсан. Магадгүй газарзүйн ухаан хэдэн жилийн дараа нэгд бичигдэхийг угүйсгэх аргагүй. Бид эх дэлхийгээ нэгэн үзүүрт сэтгэлээр хайрлаж явах учиртай. Тиймийн учир газарзүйн шинжлэх ухааныг судлах, энэ чиглэлийн боловсрол мэдлэг хүнд зайлшгүй хэрэгтэй. Газарзүйч гэхээр учиргүй том уулс ус, говь хээр нутаг санаанд буух байх. Гэвч тухайн хүн ерөөсөө л ойрчин тойрноо хамгаалж хайрлахаас бүх зүйл эхэлнэ. Монголд бүх нийтийн газарзүйн боловсрол дутуу байдаг. Түүнд би харамсаж явдаг юм. Зөвхөн газарзүйн хэдэн багш нар хумүүст мэдлэг өгөөд зогсохгүй бүх мэргэжлийн багш нар, аав ээж өөрсдөө үр хүүхдүүддээ боловсрол олгох хэрэгтэй.

-Та бол газарзүйн тэргүүлэх багш. Сурах бичиг зохиодог элсэлтийн шалгалтын материал боловсруулдаг гээд бүх л зүйлд таны нэр явдаг. Ингэхэд газарзүйн хичээлээ хэрхэн заадаг талаар хуваалцахгүй юу?

-Шавь нараа хэвлэл мэдээлэл ашиглан сургах, бие даан мэдээлэп олж авч ашиглан сургахад ихэнхдээ анхаарч өөрийнхөө төрөлжсөн хайчилбаруудтай ажиллуулдаг. Жишээ нь:

1. Газарзүйи мэргэжлийн (физик газарзүйн)

2. Эрүүл мэндийн

3. Эдийн засгийн газарзүй гэх мэт. Үүнээс шавь нар маань номтой нөхөрлөж, үнэ цэнийг нь мэдэрч, хайж эрж их унших, зурах сонирхолыг нь төрүүлдэг, улмаар олж авсан мэдээллээ бусад нөхөдтэйгөө хуваалцдаг, өөрөө мэдээллэгч нь болдог олон сайн талтай. Сургалтын орчинг сайн бүрдүүлэхээс гадна музейг газарзүйн хичээлд өргөн ашиглах нь маш ач холбогдолтой. Байгалийн түүхийн музей бол гэр чигээрээ манай хичээлийн сургалтын орчин байдаг. Шавь нарынхаа урлагийн авьяасыг хөгжүүлэхэд чиглэн манай 2001 оны төгсөгчдийн нэрэмжит “Монгол Оскор” жүжгийн тоглолтын тэмцээнийг мөн илтгэлийн уралдаан зэргийг жил бүр уламжлал болгон зохиодог.Багш нарын хөгжлөөс боловсролын чанар шууд шалтгаалах учраас багш бэлтгэхэд оюутан элсүүлдэг. Босго өндөртэй шилж сонгох аргыг сүүлийн үед эхлүүлж байгаа нь сайн. Жинхэнэ багш болох дур сонирхолтой сурлага сайтай хүүхдийг элсүүлэх нь чухал гэж боддог. Нэг үе багш бэлтгэхэд алдаа гарсан нь харамсалтай. Нэг багшийн алдаагаар нийт багш нарын нэр хүнд нэг хэсэг нь их доошилсон. Багш нарынхаа хөдөлмөрийг үнэлэхэд харин шинэ сайдаас саятан багш нарыг төрүүлж байгаа нь сайшаалтай ажил гэж багш нар баяртай байгаа. Хүнээс өөрөөс нь шалтгаалнадаа.Улс орны минь ирээдүй залуу үөийг төлөвшүүлж амьдралд бэлтгэхэд багш нарын үүрэг хамгийн их. Би газарзүйн багш болсондоо туйлын баяр бахдалтай, өглөө бүр сургууль руугаа яаранхан өдөржин цаг хугацаа яаж өнгөрснийг ч мэдэлгүй хичээл, давтлага, ярилцлага, оюутан, залуу багш нартай уулзах, кабинет газарзүйн зурагт ажиллах, сургалт семинар зөвлөгөөн гээд л хөвөрсөөр орой бүрийд баяртай нь аргагүй харьдаг.

-Таныг тэтгэвэртээ сууж байгааг дуулаад хөдөөнөос зорьж ирсэн хүүхдүүд буцаж байна гэж дуулдсан. Үндсэндээ таны газарзүйн сонгонд суух гэж хөдөөгийн хүүхдүүд хотыг зорьдог байх нь?

-Хүний нас богино юм шиг ээ. Нэг л мэдэхэд залуу нас хойно үлдсэн байна. Иймээс залуучууд минь цагхугацаатай уралдан юм сурч мэдэх, хийж бүтээх зүйлээ амжуулаарай гэж захимаар байна. Ер нь завгүй байх сайхан. Завгүй байх тусам олон ажлыг амжуулж ажил сайхан бүтдэг. Он жилүүд хөврөн хөвөрсөөр нэг л мэдэхэд нэгэн жарныг элээж, хойч залуу үөдээ суудлаа тавьж өгөх цаг нь болчихжээ. Миний бие тэтгэвэртээ суусан ч гэсэн сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж байгаа. Олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтын, сонгоны хүүхдүүдэд давтлага зөвлөгөө өгнө.

47 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДУЛАМЖАВ: БАТНЯМ БАГШ ШИГ ХҮН ӨДРИЙН ОД ШИГЦӨӨХӨН

-Тантай Батням багшийн талаар цөөн хором ярилцах гэсэн юм. Энэ хүн монголын боловсролд ялангуяа газарзүйн хичээлд маш их хөрөнгө оруулалт хийжээ. Үүнд төрөлх сургуулийнх нь захирлыг олон жил хашсан хүний хувьд юу хэлэх бол?

-Миний бие Батням багштайгаа найман жил ажилласан. Гэхдээ энэ алдартай багшийг эртнээс мэднэ. Бид хоөр мэргэжил нэгтэй. Батням багшийнхаа газарзүйн хичээл, удирдсан сургалт сөминарт нь сууж байсан. Ямар агуу бүтээлч хүн бэ гэж өөрийн эрхгүй бахархаж байлаа. Тэгтэл хувь заяаны өрөөлөөр хамтдаа гар нийлж ажиллах боломж олдсон. Багшийн хичээл зүтгэлийг заах арга барилыг нь надаар хэлүүлэлтгүй мянга мянган шавь нар нь, Монголын боловсролын байгууллагууд, мэргэжил нэгт багш нар нь сайн мэднэ ээ. Хүүхдийг хөгжүүлэх ажлыг сайн хийдэг. Батням багшийн газарзүйн сонгон гэж том зүйл байдаг. Сонгоноор хичээллэсэн шавь нар нь дүүрэг, нийслэл, улсын олимпиадад байнга эхний байрт шалгарч ирсэн. Тэр хэрээр багшийн суу алдар түгсэн. Анги удирдаж авч явах нь үнэндээ гайхмаар. За тэгээд сургалтын орчныг бүрдүүлэх, кабинетийг бий болгосон зэрэг нь манай сургууль газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болох үүдэл эхлэл болсон. 2007 онд “Нийслэлийн багш нарын түшиц сургууль” болсон. Мөн “Элсэлтийн ерөнхий шалгалтын шилдэг үнэлгээтэй сургууль” болсон. Энэ бүгд Батням багшийн гавьяа юм. Хувь хүнийх нь талаас хэлбэлбагш даанчиг гоё хүн. Нас хэдий жар гарсан ч тун залуухан харагддаг. Дотроосоо гэрэлтэж сэтгэлдээ үргэлж нар мандааж явдаг. Сургуулиар багш ороод ирэхэд танхим дүүрээд л ирэх шиг болдог. Шавь нэг бүртээ чин сэтгэлээс хандаж ажиллана. Түүнийх нь илрэл тэтгэвэртээ гарах үед шавь нар нь багшийгаа үргэлж дурсан ярьж, гадаадад байгаа нэг нь ижий ааваараа бэлэг хүртэл явуулдаг. Тэгж л багшийгаа хайрладаг. Энэ хүн бол яалт ч үгүй манай сургуулийн нүүр царай, нэг том багана нь юм. Тэтгэвэртээ гарахад нь залгамж халаа болж Энхжаргал гэж манай сургуулийг төгссөн гарынх нь шавь ажлыг нь үргэлжлүүлж байсан. Гэвч багш минь буцаад багшилж байгаа дуулдана. Миний бие хөдөөгийн сургуульд арван жил хичээлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгээд дараа нь Улаанбаатар хотын том сургуулийг удирдсан. Энэ хугацаанд олон ч багштай ажиллажээ. Гэхдээ Батням багш шиг хүн бол өдрийн од шиг цөөхөн гэж хэлэх байна.

Categories
мэдээ цаг-үе

Лабораториудын шинжилгээний хариунд “НО” байдаг уу

“Монголын Лабораторийн Нэгдсэн сүлжээ” төрийн бус байгууллага”, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар цахим хаягаараа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийн шинжилгээг хийж байсан 28 лабораториос 15 нь чанарын шаардлага хангаагүй талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Хаппи веритас” , “Ай Ти”, “Итгэл”, “Онкоген”, “Евростандарт”, “Гялс” төв нарын зэрэг 15 лабораторид үнэлгээ хийхэд чанарын шаардлага хангаагүй байсан талаар дурдсан юм.

Бид энэхүү асуудлын мөрөөр сурвалжиллаа. 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Хаппи веритас” эмнэлгийн ерөнхий захирал С.Дүүриймаас тодруулга авсан юм.


-“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Хаппи веритас”, “Ай Ти”, “Итгэл” зэрэг олонд танигдсан, үйлчлүүлэгчидтэй болсон лабораториудыг чанарын шаардлага хангаагүй, шинжилгээний хариу нь худлаа гардаг гэх мэдэгдэл хийлээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өчигдөр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга энэ асуудал дээр тайлбар өгсөн байна лээ. Тэр дүнг Эрүүл мэндийн яам ч хүлээн зөвшөөрөөгүй. Эрүүл мэндийн даатгалын газрын өмнөх удирдлага, одоо хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нөхрийн үед “Оном” сантай хамтарч дүгнэлт хийснийгээ цахим хаягаараа мэдээлж байсан. Мэдэгдэл хийсэн “Оном” сан, “Элэг” төвийн тэргүүн Д.Наранбаатар бол эрүүл мэндийн салбарын хүн биш. Физикч мэргэжилтэй хүн. Тэр хүн өөрийнхөө мэргэжлээр амжилтгүй ажиллаад эрүүл мэндийн салбарт юу ч хийж яваа юм бүү мэд. Эрүүл мэндийн салбарын гаднах хүн. Өөрөө хувийн бизнесүүдтэй. Бизнесүүдийнх нь нэг “Элэг” төв. Үүгээрээ дамжуулаад улс төрийн шинжтэй ажиллагаануудыг энэ салбарт хэрэглэдэг хүн. “Элэг бүтэн Монгол” гэж хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний B,С вирусийн шинжилгээ хийсэн зардлыг улсаас тодорхой хэмжээгээр нөхөж авдаг. Хөтөлбөрийн явцад “Хаппи веритас”-т л олонх хүмүүс шинжилгээ өгч байсан л даа. Д.Наранбаатарын “Элэг” төв дээр хүн очихгүй болохоор л шинжилгээ хийдэг төвүүд дээр дүгнэлт хийнэ гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өмнөх даргатай нийлж байгаад ажлын хэсэг байгуулаад шалгана гэж лабораториудаар явж эхэлсэн. Манай төв дээр ирэхэд нь “Та мэргэжлийн бус хүн. Манай ажлыг Эрүүл мэндийн яам, Эрүү мэндийн даатгалын ерөнхий газраас шалгаж яваа бол би ойлгоно. Та бид хоёр ижил төстэй үйлчилгээ явуулдаг. Бие биенийхээ ажлыг шалгахгүй ээ. Шалгуулах ёстой хүн нь шалгах багт ороод явж таарахгүй ээ. Чи энэ ажлаас гар. Мэргэжлийн хүмүүс нь шалга” гэж хэлсэн. Манайхтай нийлээд 15 газарт дүгнэлт гаргуулаад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоочихсон байна лээ. Нэг үгээр хэлэхэд, мөнгөний төлөө өрсөлдөгч нарыгаа “нухах” ажиллагаа хийж байгаа юм.

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Хаппи веритас” , “Гялс” төв зэрэг 15 газарт 1.5 тэрбум төргөгийн торгууль тавьсан байна лээ?

-Манай үйл ажиллагааг шалгаагүй байж 700 орчим сая төгрөгийн акт тавьсан байсан. Хууль бус ажиллагаа шүү дээ. Төрийн албан хаагч хувийн сектор шалгаад явж байгаа биш. Эрх ашгийн зөрчилтэй ажлын хэсэг байгуулчихаад акт тавиулж байгаа нь хууль бус гэж үзээд шүүхэд өгсөн. Шүүх дээр энэ асуудал шалгагдаад явж байгаа. Шүүх хурал нь өнөөдөр болох байсан ч нотлох баримт дутуу гэх зэрэг шалтгаануудын улмаас хойшлогдож байх шиг байна. Шүүх хурлын өмнөх өдөр, шүүх, олон нийтэд нөлөөлөх оролдлого хийж байгаа нь цаанаа өөр зорилготой ч байж болно.

Манайх бол мэргэжлийн байгууллага. Тангараг өргөсөн эмч нар ард иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллаад явж байгаа мэргэжлийн байгууллага.

-Элэгний В,С вирусийн шинжилгээг зөв хийж байгаа гэсэн сертификат байна уу?

-Энэ төрлийн үйл ажиллагаа явж байгаа лабораториудад жилд нэгээс хоёр удаа гадаад хяналт хийдэг. Гадаад хяналтыг ХӨСҮТ-өөс шалгадаг. ХӨСҮТ хамтарч ажилладаг Австралийн олон улсын байгууллагаар баталгаажуулдаг. Манай байгууллагын шинжилгээ зөв буруу гэдэг олон улсын байгууллагаар баталгаажина уу гэхээс тэнд нэг мэргэжлийн бус хүн лайв хийгээд тогтооно гэсэн асуудал байхгүй. Хамгийн сүүлд 2019 оны тавдугаар сард манайд гадаад шалгалт орсон. Зөрчилгүй гарсан гэв.

Өдгөө авлигын хэрэгт холбогдоод буй Д.Алтанхуяг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед ажлыг хэсэг гаргаж лабораториудад шалгалт явуулж дүгнэлт гаргаж 15 лабораторийн эрхийг түдгэлзүүлж, 1.5 тэрбум төгрөгийн акт тавьжээ. Энэ асуудал өнөөдөр шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм байна.

Бид “Ай Ти” лабораторийн албан тушаалтнаас тодруулга авлаа.


-“Ай Ти” лабораторийн шинжилгээ чанарын шаардлага хангаагүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Д.Наранбаатарын өрсөлдөгч лабораториудаа унагаж, ганцаараа бүх мөнгийг авах гэсэн арга. Ор үндэслэлгүй худлаа мэдээлэл. Энэ асуудал шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Эрүүл мэндийн яамнаас ч энэ мэдээллийг үгүйсгэсэн байна лээ. Энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ гэв.

Лабораториудад акт тавьж, чанарын шаардлага хангаагүй гэх асуудлаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Энэ ташаа мэдээлэл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын 28 лабораторид шалгалт хийгээгүй. 2016 онд 22 лаборатори шалгаруулж, B, C вирусийг илрүүлэх шинжилгээ хийх эрхийг олгосон. Энэхүү 22 лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Бичээд байгаа 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан тухай асуудал байхгүй. Энэ талаар ирэх баасан гаригт мэдээлэл хийнэ” гэв.

ЭМДЕГ-аас энэ асуудалтай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус газрын Тамгын газрын дарга Г.Энхбаяр “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээ байгуулсан лабораториудыг шалгасан. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Тиймээс 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, “Хаппи веритас”, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавьсан байгаа.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн 15 лабораторийн В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн. Харин шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдсан “Меданалитик”, “Протлаб”, “Гялс” зэрэг гурван лаборатори дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үзүүлж байна” гэлээ.


Categories
мэдээ цаг-үе

Хэрээний нулимас

Утгын чимэг-2019” наадамд тэргүүн байр эзэлсэн төрийн шагналт Далхаагийн Норовын “Хэрээний нулимс” өгүүллэгийг толилуулж байна.


Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана. Хэзээ хойно,

Тэгвэл наад хоёр улцнаа эмчлээч гэх тохуутай дуун гарав. Тэгтэл тэр дуугарагчтай өрсөлдөх мэт

Хүүе, Баярт гуай, Баярт аа, нааш ир, энд суугаад сайхан ярь гэж тоглоомын талбайн нөгөө захаас хоёр эмгэн зэрэг зэрэг дуудахад өвгөн тэдэн рүү хазганасхийн зүглэв.

Энэ бол манай хорооллын “орилоо шар” өвгөдтэй нийлж даалуудаж хөзөрдөхгүй атлаа өдөржин энэ талбайгаар сандлаа чирэн холхиж, хөгшин залуу, таних танихгүй хэнийг ч болов “хөөе хө, сайн уу. Чи дуулсан уу” хэмээн тэртээ холоос дуудан ямар нэг сонин содон юм хэлнэ. Улс төр, хүүхдийн сахилга, тамхины хор, телевизийн шинэ мэдээ, ер ярихгүй сэдэв байхгүй. Харин эндхийнхэн бүгд түүнээс дайжин холдоно. Тэгэвч өвгөн гомдоно гэж үгүй. Заримынх нь хойноос даган гэлдэрч, мөнөөхөө ярин залхаана. Түүний жонгиносон шингэн дуу талбайн хаана ч тод сонсогдоно. “Орилоо шар” гэх хогийн ерийн нэршлээс илүү нэг л зэвүүн хүйтэн өнгө сонсогдоно.

Учир нь “энэ орилоо шар чинь насаараа эмнэлгийн хүүр задалдаг ажил хийсэн юм гэнэ лээ” гэсэн яриа тархсанаас хойш хүмүүс түүнээс дайжих болсон юм. Өвгөн ч үүнийг нь анзаардаг бололтой, цэцэрлэгт талбайн сандлуудад налайж суугаа хүмүүстэй суудал булаалдахгүй, өөрийн сандлаа чирч ирээд ойролцоохон суугаад жонгинон ярьж гарах. Бүсгүйчүүд хүүхдэдээ (Энэ өвгөнд битгий ойрт. Чихэр өгвөл сэмхэн хаячихаж бай. Идэж болохгүй шүү. Муухай хүн байгаа юм) гэхчлэн захиж, өөрсдөө холуур дөлж явна. Тэгсэн атлаа чихэр өгөхөд нь авахгүй байж чадахгүй. Ярвайсхийн авч баярлаж гялайснаа хэлэх мөртлөө холдмогц хогийн сав руу чихрийг нь хаяад гараа арчин “тфү тфү, муу юм цаагуур” гэх. Авахгүй байхаас айна. Авсан хойно айна. Чихрээс айж байгаа нь тэр.

Би өвдсөн нүдэнд юу сайныг сонсох санаатай тэрүүхэнд саатан суутал өндөр туранхай өвгөн бас ирж зэрэгцэн суух зуур, За манай хөгшин хэрээ өнөөдөр юу гэж гуаглаж байна гэв?

Энэ бол бас манай хорооллын “зангиа”. Өдөр шөнө, өвөл зунгүй зангианаас салдаггүй хүн. Тиймээс эндхийн авгай нар түүнийг зангиатайгаа унтдаг гэж баталцгаадаг юм.

-Одоо л сонсъё гэж би товч хариулав.

-Энэ хэрээ мөд үхэхгүй, олон жил гуаглах байх шүү гээд “зангиа” шүлсээ годхийлгэн хаяв.

Энэ өвгөн олон үггүй юм шиг атлаа дандаа тэр энэ хүн болон үйл хэргийн сүүдрийг гоочилсон зэвүүн үг хэлдэг болохоор нь эндхийнхэн бас түүнд дургүй. Гэвч нэг их айж дайжаад байдаггүй юм. Харин “зангиа”т нь “орилоо шар”ыгаа бол дандаа үзэн ядсан нэг юм хэлж явдаг ажээ.

За тэгээд юу сайн гэнэ. Хаанаас мэдэв хэмээн хоёр эмгэн зэрэг зэрэг асуун дэргэдээ суудал зайчлан саймшрах нь энэ удаад өвгөнөөс зэнзийлэх цээрийг нь сонсох хүсэл нь дийлэв бололтой.

Гэвч Баярт гуай өмнөхөн нь сандлаа тавин сууж тухлаад хэлж байна.

-Хэрээний нулимс… Хэрээний нулимс нүдний ямар ч өвчнийг хойш урагшгүй нам болгодог гэнэ шүү хө. Хэрээ нөгөө дандаа нүд иддэг амьтан болохоор тэр гэнэ ээ.

-Тэр олон нүднээс чинь аль хэрэгтэйг нь сороод залгичихдаг болохоор нулимс нь тунгаасан эм бололгүй яахав.

-Хүүе ер, нээрэн тийм ш дээ. Үгүй тэгээд тэр хэрээний чинь нулимсыг яаж олдог байна.

-Амархан гэнэ ээ. Согтоож байгаад авчихдаг юм гэнэ.

Согтоож ий. Нүгэл байгаа даа, тэгээд хар хэрээтэй архи уух хэрэг үү?

-Уусан ч яадаг юм. Зах дээрээс хонины толгой худалдаж аваад хоёр нүдэнд нь шприцээр архи шахаад гадаа хаячихгүй юу даа.

-Өө хөөрхий тэгээд тэрийг нь тоншоод нөгөөх нь согтчихдог байх нь.

-Тэгэлгүй дээ. Тэгээд нисэж чадахаа байчихаад, хэдэн зуун жил улай зовлон үзсэн амьтан болохоороо тэрийгээ санадаг биз. Уйлаад бөмбөрөөд байдаг юм байх аа.

-Ээ чааваас гэж. Үгүй тэгээд үнэн л байдаг байгаа даа, айн. Тэгж үзсэн хүн байна гэнэ үү?

Байна аа байна. Хаа сайгүй л.

-Ишш Баярт минь. Чи эрх биш эр юм байна даа, нэг арга бодооч. Хоёулаа дуран шиг нүдтэй болчихъё л доо гэцгээж биесээ нудралцан инээлдэв.

Энэ өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа “хэнгэрэг хагарна” гэгч болов. Орой ажил тараад иртэл манай байрны өмнөх ганц аварга том улиасны орчимд эхнэр хүүхэн голцуу хоёр гурваараа зогсоод шивэр авир гэлцэж мод өөд заацгааж, хар хэрээд бархиралдан, мод тойрон нисэж заримдаа газар шүргэн алдан доош шунган дайрч, хүүхдүүд тэдэн рүү чулуу шидлэн “яваач, зайлаач” гэж хашгиралдан байв.

Есөн давхар байшинтай чацуу энэ аварга улиас бол манайхны ганц бахархал юм. Навчис дундаа шувууны нэг лут сайхан үүртэй юм. Би юу болсныг сониучирхан мөнөөх горзгор “зангиат”д ойртон очвол тэр толгой дохин мэндлээд,

-Одоо нөгөө хөгшин “хэрээ” хэрэгтэй байна санж гэж дуугарав. Би гайхасхийн асууж харвал,

-Энэ хавьд явдаг нэг муу шар муур дээш авирч очоод үүрэнд байсан хэдэн ангаахайг нь бариад ирчихсэн л дээ. Тэгээд л энэ хоёр хэрээ галзуурч өдөржин бархирч модонд ойртсон бүхэн рүү дайрч байгаа юм гэв.

-Хөөрхийс үрт амьтан гэгч. Энэ хоёр эцэг эх нь байхдаа гэвэл өндөр өвгөн ийш тийш өлөлзөн,

-Нөгөө “орилоо шар” хаачив аа. Хэрээний нулимсанд дуртай юмсан. Энэ хоёрыг барьж авбал одоо ч нэг асгаруулж өгнө дөө. Яг хэрэгтэй үед нь алга болчих юм. Бас тэр шар муурыг олж орилоогоор төхөөрүүлмээр байна. Тэрэнд айдас хүйдэс, эрээ цээр гэж байх биш гээд хямсайн инээмхийлэв. Тэгтэл ард зогсож байсан нэг охин “Орилоо өвөө” нулимсаа арчаад зогсож байсан. Харьсан байх аа гэж “зангиат” руу зэвүүцэнгүй хялбалзан хэлээд эргэн одов.

Миний сэтгэл зэхийрч, дотор хүйт оргиход би гэртээ оров. Гэвч тохитой сууж чадсангүй. Гадаа хэрээ зогсоо чөлөөгүй бархирах, эх хүүхдээ дуудан зандрах, зайлаач яваач гэж багачууд хашгиралдах дуулдсаар бүтэн оройг түгшүүрээр дүүргэж орхив.

Золоор маргааш нь амралтын өдөр тул аажуу босож гадагш гарвал өчигдрийн түгшүүр нэлээд намжсан бололтой. Мөнөөх хоёр хэрээ тамираа барсан, цөхөрсөн ч юм уу, шонгийн модны оройд сууж хааяа «гон гон» хийн гоншигонож байв.

Харин хүүхдээ салхилуулсан, нарласан эхнэр хүүхнүүд бөөгнөрөн нэгэн зүйлийг шогшрон хүүрнэлдэхийг сонсвол “Орилоо шар” гуай хөлөө хугалж, хавиргаа гэмтээсэн, эмнэлэгт хүндхэн байгаа гэлцэнэ. Учрыг асуувал ангаахай идсэн муурыг «зангиат» гуай шийтгэхээр шийдэж, хүүхдүүдээр бариулаад ойролцоох траншейний худагт хийгээд таглачихсан юмсанж. Мөнөөх жаалуудаас үүнийг сонссон “орилоо шар” амьтан тамлав гэж ихэд уурсан мөнөөх худгаас муурыг гаргах гэж байгаад дотогшоо унаж тийн хэмхэрсэн ажээ.

Худагт орж муурыг гаргах зоригтой жаалууд олон байсан боловч өвгөн тэднийг хавьтуулаагүй гэнэ. Нөгөө хэрээний нулимс авах ч хаа байхав. Хэн нь хэрээ, хэн нь муур юм бэ дээ гэмээр юм болоод дотор зэгийлгэсээр өнгөрөв. Бид ч мартагнав. Гэтэл сар гаруйн дараа эхэн намрын нэгэн налгар сайхан өдөр хүүхдийн талбай дунд тэргэнцэрт суусан «орилоо шар» гэх Баярт гуайтай тааралдав. Хөл муут хүний тэргэнцэр дээр суугаад дугуйг гараар өнхрүүлэн,

“Хөөе сайн уу хө, өнөөдөр чинь ялалтын өдөр, баярын мэнд хүргэе” гээд улам цээл болсон жонгинуур дуугаар холоос мэндлэв. Ойртон очвол давхар эмжээртэй морин хүрэмнийхээ энгэрт “Халхын гол 1939” гэж латинаар бичсэн “дайнд оролцсон ахмад дайчин” гэсэн хоёр тэмдэг зүүжээ. Би өвгөнтэй мэндлээд тэсэлгүй мөнөөх хэрээний нулимсыг асууж орхив. Өвгөн инээж,

Надад хэрэггүй ээ хө. Тэр авгайчуулын нүдэнд л гээд хар шилээ авбал ухархайдаа цийгээд цайчихсан хоёр нүд хөдөлгөөнгүй бүлтийж харагдав. Харин чихний нүхнээс сонсголын жижиг хэрэгсэл хар нүд мэт бултайж байлаа. Өвгөн,

«Хөөе та минь ээ. Өнөөдөр чинь Халхын голын ялалтын өдөр. Та нар мартаагүй биз дээ» гэж жонгинон орилсоор сэхээвчинд суугаад даалууны гуншин уянгалуулж байгаа хөгшдийн зүг дугуйгаа өнхрүүлсээр одов.

Харин мөнөөх аварга улиасны мөчир дээр нулимсаа ширгээсэн хоёр хэрээ таг дуугүй нэвсийн суугаад доор нь нүүр буруулан зогсоод талхны булан дээр архи цутган, хүн харчих вий хэмээн ийш тийш хялалзан, тэднээс нулимс авах аргаа хийж байгаа “зангиат” өвгөнийг уйтгартайяа ширтэн байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Уул уурхайг ад үздэг аймгууд уутаа гөвж байна даа” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Даваа гарагийн дугаарын уламжлал болсон “Танайд өнжье” булангаараа “Гурван үеийн төрийн түшээ, Сангийн сайд асан Б.Болорынд өнжлөө. Нэг болон 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Мөн уламжлалт “Бат-Үүл бичиж байна” цуврал нийтлэлийн булан нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэгдлээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай хийсэн ярилцлага нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Уул уурхайг ад үздэг аймгууд уутаа гөвж байна даа” хэмээн өгүүлжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, осол гаргах зөрчил буурахгүй байна. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 877 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь төрийн алба хаагчид байгаа аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа. Ярилцлагыг “Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрнээс уншаарай.

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн багш, дэд профессор, хурандаа Б.Галдаатай ярилцлаа. Тэрээр “Хуулийн байгууллагын зарим хүмүүс Монголд эрүүдэн шүүлт байхгүй гэдэг. Гэхдээ байгаа юмыг үгүйсгэх аргагүй” хэмээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай болно

Аргын тооллын нэгдүгээр сарын 27, Сумьяа гариг. Билгийн тооллын 3, шарагчин могой өдөр. Өдрийн наран 08:27 цагт мандан 17:43 цагт жаргана. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой .

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай болно.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Хүн олноор үйлчлүүлдэг газруудад эрсдэл гаргахгүй байхад анхаарч ажиллана

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэсэн. Дээрх хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцсон бөгөөд зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаах хүртэл арга хэмжээ авна гэдгийг онцолж байна.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комиссыг өчигдөр хуралдуулж, шаардлагатай арга хэмжээ авах чиг үүрэг бүхий тусгай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан эдгээрт хяналт тавина.

Өмнөх удаад нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахад гадаадын хөрөнгө оруулалттай зарим сургууль хичээллэж байсныг цаг тухайд нь таслан зогсоосон. Энэ удаад тийм явдал гарах ёсгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж буй бол хууль тогтоомж болон Үндэсний аюулгүй байдлын хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг иргэн, аж ахуйн нэгж дагаж мөрдөх ёстой. Тиймээс хичээл, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд ямар нэг сургууль, цэцэрлэг хичээллэхгүй.

Зах, худалдааны төвүүд зэрэг хүн олноор үйлчлүүлдэг газруудад эрсдэл гаргахгүй байхад анхаарч ажиллана. Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй. Энэ тохиолдолд цаг тухайд нь нийслэлийн онцгой комисс болон бусад бүтцээр хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Амралт сунгасантай холбогдуулан сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр заана

Улсын онцгой комисс хуралдаан Коронавируст халдварын нөхцөл байдал, авч байгаа хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг сонсов. Хэдийгээр өвчлөл бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байгаа учир Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа.

Энэ дагуу улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоохоор болов. Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах юм. Эм, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэгт шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Коронавируст халдварын нөхцөл байдал болон авч байгаа хариу арга хэмжээний талаархи албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яам тогтмол өгч байх юм. Харин олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг Улсын онцгой комисс иргэдэд уриаллаа. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагийн байдлаар 844 хүн өвчилж 25 хүн нас барсан. БНХАУ-д 830, Макао, Хонконгод тус бүр хоёр, Тайвань, Сингапур, Япон, БНСУ, Непал, АНУ-д тус бүр нэг, Тайландын Вант Улсад дөрвөн хүн өвчилжээ. Халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд мөн өдрийн 17.00 цагийн байдлаар өвчилсөн хүний тоо 887 болж нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд:

– Өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх

– Зорчсон хүнд 14 хоногийн дотор өдөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт хандах

– Амны хаалт тогтмол зүүж хэвших

– Гараа тогтмол савандаж угаах

– Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах

– Бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх

– Дархлаа сайжруулах амин дэм хэрэглэхийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна. Иргэд www.mohs.mn, https://www.facebook.com/www.mohs.mn, https://facebook.com/eocmohs/ хаягаар өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 8008-6829 дугаарын утаснаас зөвлөгөө авах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн болж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн өнөөдөр /2020.01.25/ Төрийн ордонд эхэллээ. Энэ жилийн тэмцээн “Үндсэн хууль ба Үндэсний язгуур эрх ашиг” уриан дор болж байна. 11 дэх тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, НЗДТГ хамтран зохион байгуулж байна.

Мэтгэлцээнийг нээж УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Одоо дагаж мөрдөх хуулиудыг бэлтгэн, хэлэлцэх гэж байгааа энэ үед оюутан, залуучууудын энэхүү мэтгэлцээн болж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. 2008 оноос хойш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хиийх гэж хэд хэдэн оролдлого хийсэн байдаг. Үүнээс хойш 11 жилийн үйл явцыг харахаар Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг амаргүй ажил, Үндэсний зөвшилцөл юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ажилд манлайлан оролцохдоо төрийг бэхжүүлэх тухай асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал. Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага гэдгийг хэлсэн үгэндээ дурдлаа.

Энэ удаагийн мэтгэлцээн Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх нь зөв, Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгодог болох нь зөв, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах нь зөв, Үндэсний баялгийн санг байгуулахдаа Норвегийн загварыг баримтлах нь зөв зэрэг 15 шийдлийн хүрээнд өрнөж байна.

Тэмцээн 2 өдөр үргэлжилж маргааш аваргаа шалгаруулах бөгөөд 48 багийн 96 оролцогч өрсөлдөж байна хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад холбогдох албаныхан мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайдын гаргасан журмын дагуу Коронавирусын халдварын эрсдэлийн үнэлгээ хийжээ. Тус үнэлгээгээр Монгол Улс Коронавируст халдварын хамгийн дээд эрсдэлтэй орон гэсэн дүгнэлт гарсан байна. Учир нь өнөөдрийн 13.00 цагийн байдлаар БНХАУ-д 2001 хүн Коронавирусын халдвар авсан, 56 хүн нас барсан байна. Түүнчлэн Монгол Улсын хилийн орчимд буюу Эрээнхот, Хөххот, Шинжаан зэрэгт халдвар илэрчээ. Уг өвчин нь агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг болохыг дэлхийн эмч, мэргэжилтнүүд албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Засгийн газрын хуралдаанаар, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн ажилчдыг илүү цагаар ажиллуулах нэмэлт ажлын хөлсөнд шаардагдах зардлыг шийдвэрлэжээ. Ингэхдээ, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шууд гэрээ байгуулах замаар яаралтай худалдан авахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.

Мөн хуралдаанаар, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтоор авто болон явган зорчигчийн хөдөлгөөнийгдаваа гарагаас эхлэн хязгаарлахаар шийдвэрлэжээ. Үүнд агаарын болон төмөр замын тээвэр хамаарахгүй юм.

Улсын онцгой комиссын баасан гарагийн хуралдаанаар төрийн өмч хамаарахгүй бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргаад байсан. Тэгвэл өвчлөлийн тархац болон дээрх үнэлгээнд үндэслэн их дээд сургууль болон МСҮТ-ийн сургалтыг мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэжээ. Үүнээс гадна улсын хэмжээнд олон нийт цугласан буюу урлаг соёлын ажил, спортын уралдаан, тэмцээнээс гадна сургалтын төв, жолооны дамжаа, интернэт тоглоомын газар зэргийн үйл ажиллагааг ч хориглосныг Шадар сайд мэдээлэлдээ онцоллоо.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан теле болон цахим хичээл явуулахыг ХХЗГ-ын дарга Г.Чинзориг, ХХМТГ-ын дарга Б.Чингат нарт даалгасан байна. Шинэ Коронавирусээс сэрэмжлүүлэх мэдээллийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбоогоор үнэ төлбөргүй нийлүүлж олон нийтэд хүргэхийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгст даалгасныг тэмдэглэв.

БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын 31 оюутан байна. Тэднийг эх оронд нь авчрах ажлыг Хятадын талтай ярилцаж маргаашийн дотор зохион байгуулахыг БСШУС-ын сайдад үүрэг болгосон. Түүнчлэн иргэдийг үнэн бодитой мэдээллээр хангах, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс мэдээ мэдээллийг гол нэг шугамаар өгч байхыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Бид цөөхүүлээ ард түмэн. Элдэв худал мэдээлэл тарааж, ард түмнээ төөрөгдүүлэхгүй байхыг хүсэж байна. Эрүүл мэндийн сайдаас нэг урсгалаар баттай мэдээлэл өгөх болно. ДЭМБ, БНХАУ-ын ЭМЯ-наас албан ёсоор өгсөн мэдээлэлтэй холбогдуулан асуудалд бодитой хандах хэрэгтэй. Энэ вирусээс хайртай хүмүүсээ хамгаалах гурван үндсэн зөвлөмж бий. Нэгдүгээрт, гараа маш сайтар савандаж угаах, хоёрдугаарт хүүхэд болон өөртөө маск зүүж хэвших, гуравдугаарт, халдвартай оронд зорчихгүй байх юм. Нөгөө талаар, дархлаа дэмжих витамин хэрэглэх, мөн уламжлалт арга буюу чацаргана, аарц зэргийг уух хэрэгтэйг зөвлөж байна” гэлээ.

Мөн тэрбээр, манай улсын ХӨСҮТ нь дэлхийн 120 лабораториор итэмжлэгдсэн тэдэнтэй долоо хоног бүр мэдээллээ солилцдог олон улсын түвшинд хүрсэн, 21 төрлийн вирусыг оношлох чадавхтай гэдгийг цохон тэмдэглэлээ. Одоогоор дэлхийн улс орнууд шинэ Коронавирусыг оношлох боломжгүй байгаа тул тодорхойгүй вирусээр өвчилсөн хүмүүсийг Коронавирусээр өвчилсөн хэмээн үзэж байгаа юм байна. Харин Хятад улс уг өвчнийг оношлох анхны төхөөмөржийг хийсэн байна. Монгол Улс Японоос туршилтын оношлуурыг маргааш худалдан авна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэв.

Хэдийгээр манай улсад халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй ч ХӨСҮТ-ийн 50 ортой тасгийг олон улсын стандартад нийцүүлсэн бөгөөд нэмж 150 нөөц ор бэлдсэн гэдгийг хэллээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар, эрдэмтэн, мэргэжилтнүүдээр мэргэжлийн зөвлөл байгуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Сургууль, цэцэрлэгийн сургалтыг зогсоосонтой холбогдуулан бүх төрлийн олон нийтийн цуглаан, ажлыг зохион байгуулахгүй байх талд анхаарч ажиллахыг даалгасан. Гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд өмнө нь сурагчдын амралтыг сунгах үеэр хууль дүрэм мөрдөөгүй асуудал гарсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа сургууль цэцэрлэг бүр хууль, дүрмийг мөрдөх ёстой. Томоохон зах, худалдааны төвд урьдчилан сэргийлэх ажлыг шаардлагатай тохиолдолд шийдвэрлэж хэрэгжүүлнэ. Мөн ЭМЯ, бусад холбогдох байгууллагатай хамтран нийслэл руу орох гарах товчоодын хяналтын цэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна” хэмээв.

Ташрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өнөөдөр 09.00 цагийн байдлаар, шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлснээр, 08.50 цагийн байдлаар 324 хүн сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. БНХАУ-ын Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.