Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлжээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 263 мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас таван хүн гэмтэж бэртжээ. Үүнээс нэг нь хүүхэд байв.

Иймд өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалж, эрсдэлийг бууруулахын тулд Та дараах арга хэмжээг аваарай:

-Гараа тогтмол савандаж угаах

-Ханиах, найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх

-Мах, өндөгийг гүйцэд болгож идэх

-Халдвар авсан хүмүүстэй ойр байхаас зайлсхийх

-Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх

Та өөрийгөө болон хайртай хүмүүсээ шинэ Коронавирусийн болзошгүй халдвар, эрсдлээс дараах зөвлөмжийн дагуу сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн “Хар толгой” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т 2020.01.26 өдрийн 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад иргэдэд чичихийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Categories
мэдээ спорт

Монголын баг 12 медаль хүртжээ

ОХУ-ын Красноярск хотноо болсон алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээнээс Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медалийн ургацтайгаар ирж байна.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа ОХУ-ын Д.Бобрулько, Казахстаны А.Кассымова, БНХАУ-ын Б.Линлинийг ялж, ОУХМ Ө.Пүрэвсүрэн Казахстаны И.Кузнецова, БНХАУ-ын С.Шинян, ОХУ-ын А.Титенког ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж түрүүлсэн бол Баянхонгорын залуу бөх Ө.Пүрэвсүрэн үзүүрлэлээ. Мөн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д Б.Шоовдор нар алт, 53 кг-д Э.Сумьяа, 76 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар мөнгө, 53 кг-д Б.Болортуяа, Г.Отгонжаргал, 57 кг-д А.Батцэцэг, Б.Хонгорзул, 68 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, 72 кг-д Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

Харин Монголын эрэгтэй баг тамирчид Иван Ярыгиний тэмцээнээс хараахан медаль хүртэж чадаагүй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Галдаа: Хуулийн байгууллагын зарим хүмүүс Монголд эрүүдэн шүүлт байхгүй гэдэг. Гэхдээ байгаа юмыг үгүйсгэх аргагүй

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн багш, дэд профессор, хурандаа Б.Галдаатай ярилцлаа.


-Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш зургаан жил гаруйн хугацаа өнгөрлөө. Таныг ажлаа өгснөөс жил гаруйн дараа л татан буулгачихсан?

-Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 2002 онд байгуулж байсан. Тэр үед энэ алба байгуулагдах шаардлага миний ойлгосноор, хүмүүсийн хэлдгээр нийгмийн захиалга гэж үздэг.

Учир нь хуулийн байгууллагуудын ажилтнуудын үйлдсэн хэрэг урагшилдаггүй. Гомдол гаргадаг, шийдэгдэхгүй байна. Тийм учраас энэ асуудал дээр тусгайлсан байгууллага байх шаардлагатай гэдэг хандлага нийгмийн сэтгэл зүйд байсан. Алба маань цулгай цагаан хөрсөн дээр байгуулагдсан.

Өөрийн гэсэн байргүй, арав таван төгрөгийн төсөвгүй, хүний нөөцгүй. Энэ алба тусгай субъект буюу цагдаа, тагнуулын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудын хэргийг тусгайлж шалгадаг биеэ даасан, харьцангуй хараат бус ажилладаг.

Захиргаа, санхүү аж ахуйн хувьд ч биеэ дааж хуульчлагдсан учраас нөгөө газруудаас төдийлөн дарамт шахалт хамаарал харьцангуй бага байлаа. Эрх зүйн орчин нь ч бас аятайхан бүрдсэн учраас үйл ажиллагаа явуулах боломжид нөлөөлсөн байх. Анх 24 мөрдөн байцаагч, дарга, дэд дарга, жолооч, бичээч гэсэн орон тоотой байв.

Эхний хоёр жил орчим хугацаанд яана даа, яагаад энд ирэв гэж шантрах үе байсан. Манай залуус ч тийм нөхцөл дунд явсан. Хэдий тийм ч тал, талаас хичээсэн дээ. Сэтгэл зүтгэлтэй, мэргэжилдээ хайртай дуртай хүмүүс юмыг босгодог. Залуучуудын хүчээр энэ алба гурав дахь жилээсээ танигдаж эхэлсэн дээ. Тэр эрчээрээ ч явсан.

Нэг тоо баримт дурдахад, Мөрдөн байцаах алба миний ажилласан 10 жил нэг сарын хугацаанд 6,000 орчим гэмт хэргийн шинжтэй гомдол авч шалгасан байдаг юм. 2,900 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийсэн байдаг. Энэ бол бага тоо биш.

Алба байгуулагдахаас өмнөх зургаан жилийн хугацаанд тусгай субъекттэй холбоотой 120 хэрэг бүртгэлт л хийгдсэн байдаг юм билээ. Ажил эхлээд хөл, гараа олж гадна дотны дэмжлэг туслалцаа ч авч эхэлсэн. 2013 оны нэгдүгээр сард намайг ажлаа өгөхөд өөрийн гэсэн байр, унаатай, техник хангамж, мөрдөн байцаагчийн тоноглосон өрөөтэй, АНУ-аас эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй байсан.

-Албыг татан буулгасан тухайд ямар саналтай явдаг вэ. Танай залуус хэрхэн хүлээж авав?

-Гэнэт 2014 оны нэгдүгээр сард 24-нд УИХ-ын тогтоолоор татан буугдаж, АТГ-т орон тоо, төсөв хөрөнгө, техник хэрэгсэл нь шилжсэн. Тогтоол гарахад манай залуус над руу залгаад “Дарга аа, манай алба татан буугдчихлаа. Юу болчихов оо” гээд л ярилаа. Татан буулгах нэрээр хаалга үүдийг нь битүүмжилж хамгаалаад сүйд болсон байдаг.

Би ч багагүй шоконд орсон. “Нэг л том асуудал гарч дээ. Түүнээс биш үйл ажиллагаа нь жигдэрч эрийн цээнд хүрч явсан албыг гэнэт нэг өдрийн хагаст шийдчихдэг ямар учиртай билээ” гэж бодсон. Тийм ч учраас залуустаа “Та нар элдэв гай тарьсан юм биш биз дээ” бас гэж болгоомжилсон.

Тэд “Үгүй дарга аа, бид ажлаа хийж байхад гэнэт ийм шийдвэр гарлаа” гэсэн. Миний үед албыг татан буулгачихгүй яав даа гэж үнэхээр эмзэглэдэг.

Манай хуулийн байгууллагынхан бүгд ариун сайхан улс биш шүү дээ. Болгоомжгүйгээр муу юманд холбогдож, санаандгүй аваар осол гаргана. Цаанадаж санаатай үйлддэг хэрэг байна.

Бас эрх мэдэл, албан тушаал дагасан хууль бус бусармаг явдал дагалддаг. Нийгмийн харилцаа явагдаж хүн ажиллаж амьдарч байгаа нөхцөлд сайн муу юм аль, аль нь дагалддаг. Татан буугдсан учир шалтгааныг одоо хүртэл би ойлгодоггүй.

-Улс төрийн нөлөө л байсан шүү дээ?

-Би ч тэгж боддог. Энэ албыг байх ёстой гэж үздэг хэсэг байхад байлгах шаардлагагүй гэсэн амбицаар хөдөлдөг байгууллага байсныг ч үгүйсгэхгүй. Ер нь тусгай субъектийнхнийг шалгадаг газарт нэг их дуртай байдаггүй. Дэндүү богино хугацаанд шийдэлгүйгээр татан буугдсан. Тэр үед Ерөнхий прокурор ч үүнийг мэдээгүй байдаг. Их л цочмог богино хугацаанд шийдсэн юм юм билээ.

-Өнөөдөр харахад энэ алхам хэр зөв байсан гэж та харж байна?

-Энэ алхмыг зөвтгөхгүй. Аль ч талаасаа. Үнэхээр Мөрдөн байцаах албаныхан доголдол гаргасан бол аргагүй. Тэнд байсан хүмүүс хууль зөрчиж, хүмүүсийг хилсдүүлсэн бол хэн эмзэглэх вэ. Гэтэл ажлаа хийгээд явж байхад гэнэт алга болно гэдэгт цаанаа зорилго байна.

Магадгүй өнөөдөр энэ алба байсан бол өдийд бухимдал үүсгээд байгаа шүүгч, прокурор, цагдаа, тагнуултай холбоотой, зарим нь бүр өнөөдөр олон улсад анхаарал татаад байх асуудал гарах байсан уу. Магадгүй тодорхой хэмжээнд бүгдийг хааж чадахгүй ч үр дүн гаргахуйц үйл ажиллагаа явуулж байсан байх болов уу.

-Та нэг удаа улс төрийн зорилгоор татан буугдсан бол сүүлд нь аюултай тэсрэлтийг үүсгэж магадгүй гэж байсан удаатай. Магадгүй тэр тэсрэлт өнөөдрийн өнгө аяс биш үү?

-Байж болох юм. Тийм зүйл харагдах гэж байна. Яалт ч үгүй энэ албаны хэрэгцээ шаардлага одоо ч байх ёстой гэж горьдож явдаг хүний нэг. Горьдох байтугай заримдаа илэн далангүй хэлдэг.

-Таныг Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг удирдаж байх үед тусгай субъектийн албанхыхан ихээхэн нээлттэй. Ерөнхий прокурор Н.Алтанхуяг, та ч тэр нийгмийн анхаарал татсан хэргийн талаар илэн далангүй мэдээлэл өгдөг байсан. Харин өнөөдөр бол прокурорын албаныхан гэж нууц ноёнтнууд, ихэмсэг зантнууд болсон юм шиг харагдах боллоо. Танд тэгж ажиглагддаг уу?

-Хэвлэл мэдээлэл, иргэн хэн ч гэсэн төрийн байгууллагаас мэдээлэл авах эрх нь бий. Нөгөө тал нь мэдээлэл өгөхөөр хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэхдээ надад прокурорын байгууллагын мэдээлэл хаалттай байна гэхэд сонин сонсогдож байна. Ямар мэдээллийг нууцлах вэ гэдэг асуудал хуулиар зохицуулагдсан.

Төрийн нууц, хувь хүний нууцтай холбоотой асуудал, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанаас дотроос нь асуудал хөндсөн зүйлийг илэн далангүй ярих боломжгүй. Харин хэргийн явц байдал ямар байна вэ, ямар хандлагатай байна, юу нөлөөлөөд байна, үйл ажиллагаанд учраад байгаа бэрхшээл, даван туулах арга зам нээлттэй байхаас өөр арга байхгүй.

Нээлттэй байх тусмаа тэр байгууллагын үйл ажиллагаа, ганц прокурор биш аль ч байгууллагад болж байгаа үйл явдлыг олон түмэн мэдэрч, тэр хэмжээгээр олны хяналт хараа.хардлага сэрдлэгийн учир шалтгаан тайлагдаж байдаг.

-ATГ, цагдаагийн мөрдөгчид урт хугацаанд хэргийг мөрдөж шалгаад тогтоогоод прокурорт шилжүүлдэг. Сүүлийн үеийн хэргүүд бол прокурор, шүүх дээр сураг алдардаг байдал бий болчихлоо. Яагаад манайд ийм байдал бий болчихов оо?

-Ямар ч ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Гэхдээ чухам юунаас болж удаж, бэрхшээл учраад байна вэ, хүмүүсийн хүссэн хэмжээнд шийдэл яагаад гарахгүй байна вэ гэдэг дээр асуудал төвлөрч байгаа нь аргагүй.

Манай хуулийн байгууллагад өөрийнхөө бурууг хүлээхээс илүү бусдад буруугаа чихэж, тэндээс болж гацаанд орчихлоо гэж бие бие рүүгээ түлхэлцдэг хандлага бий. Үнэхээр прокурор дээр хэрэг очоод мөрдөн байцаалтын ажиллагаанд хэргийн мөрдөн байцаалтыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байвал буцааж дахиж шийдэхээс аргагүй. Тэр шийдлийг шалгаад гэм буруутай болохыг тогтоох нотлох баримтыг цуглуулж чадаагүй бол эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгоно.

Гэтэл энд ялгамжтай хандаж байгаа зүйл харагдаад байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнууд, цагаан захтнуудын хэрэг гэх мэт нэлээд дуулиантай хэрэг ингэж үйлдэгдлээ, хорьж цагдлаа гээд нийгэмд сенсааци болсон хэрэг яаж шийдэгдэж байгааг би хүртэл гайхаж байна.

Ямар шатандаа очоод гацаад байна вэ. Хэдэн жил болж байгаа хэрэг вэ, ингэсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа нь юу болчихов. 300, 400 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа л гэнэ. Тэр дотор цагаан захтнуудын хэчнээн хэрэг орчихов. Нэг ёсондоо хуулийн хийдлийг ашиглаад хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд сууж байгаа хэргүүд байна.

-Гэтэл өнөөдөр манайд нэг үзэгдэл бий болчихсон байна. Ерөнхий прокурор байсан хүн цагдан хоригдож хэрэгт татагддаг, шүүгч нар олноороо эрхээ түдгэлзүүлж, гавьяат шүүгч авлигын хэрэгт холбогдож амиа хорлодог. Хамгийн сүүлд гэхэд цагдаагийн хурандаа нар авлигын хэргээр шалгуулж эхлээд байна?

-Энэ чинь тогоон дотор яваа хүмүүсийн хамгийн сэтгэл өвтгөсөн асуудал болчихоод байна. Тэр дундаа арай ч дээ гэж халагламаар нөхцөл байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр харагдаж байна. Би уг нь үүн дээр болгоомжтой хандахыг хичээдэг хүн.

Хэвлэл дээр гарсан болгон буруутан болчихдоггүй. Тэр нөхцөл байдлыг тогтоох үйл явц нь жинхэнэ ёсоороо хэрэгжээд, эцэст нь хүн хэрэгт сэжиглэгдээд шалгагдах нь буруу юм байхгүй.

Гэтэл нэр гараад байгаа хүмүүс дуугүй яваад байгаад байна гэдэг цаанаа но-той зүйл байна уу гэж хувь хүний хувьд харагдаад байна. Энэ бол хувь хүний нэр хүндийн асуудал. Хурандаа нь байна уу, Ерөнхий прокурор нь байна уу, шүүгч нь байна уу тэдний бүх хуулийн байгууллагын нэр хүнд айхавтар хөндөгдөж байгаа юм.

Буруутай юм бол бурууг нь тогтоож, ял шийтгэлийг нь өгөөд шуурхайлах хэрэгтэй. Ингэж байж шударга ёс, хууль ёс хэрэгжинэ. Үнэндээ нийгэм цэвэршүүлэх гол хүчин хуулийн байгууллага өөрөө. Өнөөдөр хуулийн байгууллагууд өөрсдөө үйл ажиллагаандаа дүгнэлт хийх шаардлагатай болжээ. Үнэхээр хуулийн байгууллагын нэр хүнд салам гэж хэлж болохоор уначихаад байна.

-Бас нэг эргэлзээтэй зүйл тусгай субъектүүдийн хэргийг манайхан өөрсдөө дотроо шалгадаг тогтолцоо. Нэг өрөөнд зэрэгцээд сууж байсан, магадгүй нэг албаны хүмүүс хэрэгт холбогдоход түүнийг нөгөө албан тушаалтан нь үнэн зөвөөр шалгана гэдэг эргэлзээтэй?

-Их эргэлзээтэй. Нөхцөл байдал нь өөрөө хүмүүсийн эргэлзээг төрүүлээд байгаа юм. Магадгүй зэрэгцэж суусан ч, өөр өрөө тасалгаанд суусан ч сэтгэлээсээ зөв шалгаад явбал түүнийг хааж хязгаарласан юм алга. Гэхдээ тэгж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тийм учраас үүнийг бусдаас хараат, арай нөлөөнд автчихгүй, орчин нөхцөл, орон зайд ажилладаг хүмүүс шалгах нь зайлшгүй юм. Нөгөө талаас хэргийн оролцогчдын хүч оролцоог идэвхжүүлэх ёстой.

Ялангуяа өмгөөлөгчид, сэжигтэн яллагдагч, гэрч, хохирогчдын итгэмжлэгдсэн хүмүүс. Тэнд буруу зөрүү асуудал гарч байгаа бол шалгуулах боломж хуулиар нээлттэй. Ерөөсөө хөндөгдөхгүй байгаагаас хэрэг даамжрах буруу талаас асуудал үүсэх нөхцөлийн нэг хөрс болоод байгаа юм.

Жишээ нь, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүгдсэн гэх хүмүүс бүгд өмгөөлөгчтэй. Тэр өмгөөлөгчид тэр асуудлыг тухайн үед нь гаргаж ярих ёстой байсан. Ер нь үүн дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын хяналт чухал байдаг.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй. Энэ хэргийг гүйцэтгэсэн гэх гурван хүнийг Монголын шүүхийн бүх шатанд буруутай гэж үзээд ял оноосон. Тэр бүрт прокурорууд хянаж байсан. Харин өнөөдөр тэд хэлмэгдсэн гэдэг асуудал яригдаад байгаа. Тэд хэлмэгдсэн гэж үзвэл Монголын шүүх, прокурорын үйл ажиллагаа юу болох вэ?

-Энэ хэрэг бол одоогийн байдлаар бол С.Зоригийг хөнөөсөн алуурчныг илрүүлээд тэр хүмүүс нь гурван шатны шүүхээр хянагдаад гэм буруутай гээд ял өгчихсөн болж харагдаад байна. Гэтэл үүнийг дагасан асар их асуудал бий. Хууль бусаар эрүүдэн шүүсэн, түүнээс үүдэж зохиомол хэрэг бий болж, түүнээс нь энэ хүмүүс гэм буруугүй мөртлөө ял авчихаад цаана нь алуурчид, захиалагчид нь юу болж байгаа юм бэ гэдэг асуудал.

Уг нь энэ хэрэг анх гарахад миний мэдэхээр их тодорхой үйл баримттай, нотолгоотой байж болохуйц хэрэг байсан. Гэтэл өчнөөн хугацаа өнгөрч байхад ар талд нь гараагүй байна гэдэг манай хуулийн байгууллагын урагшгүй ажиллагааны тод жишээ.

Харин ч энэ хэргийг илрүүлсэн нэр болж бусармаг юм хийж байгаа бол бүр тэрнээс долоон дор юм болно. Гурван шатны шүүх хуралд прокурорууд оролцсон, мөрдөн шалгалтын ажиллагаанд прокурорууд хяналт тавьсан. Гэхдээ үүн дээр прокуроруудаа хамгаалах үүднээс биш хууль зүйн үүднээс нэг зүйл хэлмээр байна. Жишээ нь, эрүүдэн шүүлт хэрэглэсэн гэж байгаа.

Тэр бусармаг зүйлийг яг хяналт тавьж байгаа прокурор мэдэхгүй. Анхан шат, давах шат, хянах шатаар, прокурорт яллах дүгнэлтээр ирэхэд эд мөрийн баримт дотор тэр бичлэг байсан уу гэдэг эргэлзээтэй. Түүнийг авч үлдчихээд хэрэг хүлээж байгаа мэдүүлгүүдийг хийчихсэн байх юм бол тэр хүмүүст бас гэм буруутай гэж үзэхэд хэцүү.

Гэхдээ хяналт тавьдаг чиг үүрэг, хэргийг бүх талаас нь нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргадаг хүнийхээ хувьд тэр ажиллагаанд оролцсон, оролцоогүй ч хяналтын чиг үүрэгтээ хариуцлагагүй хандсан үр дагаврууд гарахыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь авч үзэх ёстой. Гэхдээ энэ хэрэг бол яалт ч үгүй Монголд байхгүй юмыг бий болгочихлоо.

Тэр нь эрүүдэн шүүлт. Энд хэлэхэд эрүүдэн шүүлтийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албатай холбож ярих ёстой.

-Мэдээж тийм байх?

-Энэ албаны нэг чухал чиг үүрэг бол эрүүдэн шүүлтийн асуудал байсан. Бид жилдээ зөвхөн эрүүдэн шүүлттэй холбоотой 200 гаруй гомдол хүлээн авч 20 гаруй хэрэг үүсгэж байсан тохиолдол бий.

Шүүх рүү шилжүүлж, Үндэсний телевизээр хэлэлцүүлэг хүртэл өрнүүлж байсан. Хуулийн байгууллагынхны зарим хүмүүс эрүүдэн шүүлт Монголд байхгүй гэж ярьдаг юм. Гэхдээ байгаа юмыг үгүйсгэх аргагүй. Харин байгаагаа яаж засаж, алга болгох вэ, хүмүүсээ яаж өртүүлэхгүй байх вэ гэдэг талаас нь ажиллахын оронд үүнийг зөвтгөдөг хандлага одоо ч бас байгаа.

Манай зарим байгууллагын хүмүүсийн сэтгэлгээнд Вишневскийн онолын үзэл баримтлал болох өөрөөр нь хэрэг хүлээлгэх хандлага байсаар байгаа. Үүнийг таслан зогсоох ёстой.

Магадгүй Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байсан бол ийм хэрэг гарах байсан уу гэж боддог. Магадгүй алба байсан бол Олон улсын парламент, НҮБ танайд эрүүдэн шүүлт байна, нийгмийн зүтгэлтнийхээ амийг хөнөөсөн хэрэг дээр хэрэглэсэн гэж олон улсад нэр хүндээ алдах уу. Үүнээс сэрэмжлэх болгоомжлох гэж энэ алба байх шаардлагатай байсан.

Одоо сэргээж тогтоох манаачтай болгох хэрэгтэй. Хуулийн байгууллага ч аль аль талаас нь авч үздэг манаачийг сэргээхгүй бол цагдааг АТГ, АТГ-ыг тагнуул, тагнуулыг цагдаа сэлгэх маягтай шалгаж байна. Энэ нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна.

Нэг судалгааг сонирхож үзсэн. Эрүү шүүлттэй холбоотой хэрэг хуулийнханд хэр байна вэ гэж. Хуучны нөгөө хэргүүд одоо бол 10 дахин буурсан байна лээ. Манай хуулийн байгууллагууд хэрэг зөрчил гаргахаа больсон юм байна гэж ойлгосон.

-Үнэн үү?

-Би үүнийг егөөдөж хэлж байгаа юм. Цаана чинь ийм хэрэг байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн хэргийн талаар мэдээлэл тавихад олон арван хүн мэдээлэл бариад хүрч ирнэ. Харин тэд хуулийнханд бол хандахгүй. Хандаад ч нэмэр байхгүй.

Чирэгдэлтэй, эцэст нь юу ч биш болж, таны хэргийг татгалзлаа, эсвэл хэрэгсэхгүй болголоо гэдэг. Ийм нөхцөл байдал энэ бүхэнд нөлөөлөөд байгаа юм. Харин шинэ хуулиар эрүүдэн шүүлттэй холбоотой хэргийн үзэл баримтлал олон улсын конвенцийн үзэл баримтлалтай нийцүүлсэнд талархаж байгаа.

Хуучин бол зөвхөн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хоёр л эрүүдэн шүүдэг юм шиг, бусад төрийн байгууллагын ажилтнууд хамаардаггүй байсан. Энэ чинь маш уршигтай үйл явц. Одоо харин эрүүдэн шүүлтийг төрийн албан хаагчид хэрэглэсэн бол… гэж шалгадаг болсон.

-Танай алба ажиллаж байх үедээ шалгаж байсан дуулиантай хэргүүд бий. Тэр дундаас 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг дээр яаж ажиллаж байв даа?

-Манай залуусыг хамгийн их зүдрээж зовоосон, сайн муу нэртэй ар талд нь гарсан хэрэг бол яах аргагүй 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг. Тэр хэрэг дээр цагдаагийн даргаас эхлээд газрын дарга нар гээд олон хүн шалгагдсан. Энэ хэргийг шалгах үед манай албаныхан 24 цагаар барьцаанд орж байсан түүхтэй.

Манайхан шүүхээс зөвшөөрөл авчихсан байхад цагдаа нар хурандаагаа авч үлдэхийн тулд шөнөжин хорьж байсан түүхтэй. Үүнээс илүү зовлон гэж юу байх вэ. Хүчтэй л байдаг юм билээ. Гэхдээ тэрнээс манайхан хашраагүй. Хууль бусаар ажиллагааг нь саатуулж бэрхшээл учруулах гэдэг хамгийн ноцтой.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

ШУУД: Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Монголд коронаюирусын тохиолдол ирлээгүй.

Categories
мэдээ нийгэм

“Тод каннам” эмнэлгийн эмч, сувилагчид холбогдох хэргийг шүүнэ

“Тод каннам” гоо сайхны эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан.

Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Уг эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өнгөрөгч долоо хоногт талийгаачийн аав Г.Мэндсамбуу, ээж Г.Аюуш, өмгөөлөгч Л.Баасанжав нар мэдээлэл хийж “Тод каннам” эмнэлгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэртэй уулзаж, холбоо бариагүй нь зэрэгцээ уучлалт гуйгаагүй талаар мэдээлэл хийсэн юм. Мөн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тохуурхах мэт инээлдэж байсан тухай талийгаачийн эцэг, эх хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүллээ

Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа тул Засгийн газрын хуралдаан, Улсын Онцгой комиссын хуралдаанаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэртэй холбогдуулж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагад дараах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ой, түүх, Скайтел ба бусад…

НЭГ. ОЙ БА ДАРГА

-Ой тэмдэглэж мөнгө үрж байна. Хайран мөнгөөр наадаад дууслаа, оронд нь эмнэлэг сургууль барьсан бол аштай юу гэсэн зэмлэл, халаглал их дуулддаг. Гол төлөв дарга нар, ялангуяа орон нутгийн удирдагч нарын нэр дээр их яригддаг сэдэв.

Хэрэг дээрээ, дарга нар нь л уйдсандаа найрлаад явна уу гэхээр үгүй юм. “Чукча не дурак”(Чукча тэнэг биш ээ гэсэн орос хэллэг. Тэд бол умард хөршийн онигооны бай болсон бага ястан. Онигоонд “Чукча бид тэнэг биш ээ” гэж байгаад л балайтаж байгаагаар гардаг) гэлээ гэгчээр, “дарга аа не чукча” (Дарга маань Чукча биш) тул олондоо үнэлэгдэж, суудлаа бататгахыг бодно доо.

Учир нь олон түмэн эмнэлэг сургууль байгуулсан дарга нарыг биш, харин наадам сайхан хийсэн удирдагчаа өндөр үнэлдэгт байгаа юм. Наадмаа тааруу хийсэн бол, түрүү морь бөхийн бай шагнал тааруу байсан бол даргын нэр хүнд хийсээд өнгөрөөд өгнө. Сумаа хөгжүүлсэн, малаа өсгөсөн байгаад ч нэмэргүй. Иймээс “Сумын дарга мөрийн хөтөлбөрөө хэр биелүүлж байгаа нь наадам хийхэд мэдэгдэнэ” гэсэн дүрэмтэй.

Орон нутгийн удирдагчид “ямар нэгэн түүхт, тэгш ой таараасай. Өөрийгөө нэг харуулах юмсан” гэдэг эрмэлзэлтэй байдаг. Ямар ч хүн, тэр байтугай бөхчин хүн хүртэл нэг дарга болоод үзчихвэл тэрнээсээ сална аа нэг байхгүй болчихдог хорвоо юм хойно. Ингээд ямар ч дарга, хичнээн ажил хэрэгч нөхөр байсан ч хамаагүй, олон түмэндээ наадмыг нь сайхан хийгээд өгчих юмсан гэж чармайдаг. Наадам сайхан хийснийг илчлэх стадион, угталтын хаалга нь сайн даргын гэрч болон үлдэнэ. Зарим сум нэг чиглэлийн зам дээр хоёр ч “Триумфын арк”-тай байгаа нь хоёр өөр дарга дээр тохиосон түүхт ойг гэрчлэх бөлгөө.

Үнэн хэрэгтээ, дарга нар нь ч цөмөөрөө наадамдаа дуртай биш. Наадам юм чинь хандив цуглуулж л таарна. Эцэст нь “Манай дарга нар хандиваас хуссан” гэдэг хар заавал үлддэг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр завшдаг нь ч байдаг биз. Завшдаггүй нь ч байдаг биз.

Бие биеэсээ хол амьдардаг нүүдэлчин хүн найр наадамд бийлэгжүү, ганган оролцох замаар өөрийгөө илэрхийлж, чансаагаа тодорхойлж ирсний л үлдэнгэр юм даа. Өөрийг нь басамжилсан нэгэнд хандсан гэх “Намайг Майдар эргэхэд ямар байхыг хараарай, чи” гэж хуучны үг байдаг нь ч үүний гэрч юм.

Аймаг, сумандаа эмнэлэг, сургууль цэцэрлэг байгуулахын оронд, сайхан наадахыг эрхэмлэдэг дарга нар олноороо төрсний учир ч энд буй. Ялангуяа орон нутгийн “ойсог”, “наадамсаг” хандлагын буруу нь зөвхөн удирдлагад нь ч байгаа юм биш. Гэвч “чукча не дурак- даргаа не чукча” болохоор олны сонирхол дээр нь өөртөө ашигтай тоглолтыг удирдлагууд нь хийдэг болсон нь ч нууц биш.

Байгууллага компаниуд ч өөрийн ойгоороо стадион, нэрэмжит хаалга бариулахгүй ч гэсэн бас “монголлог” байдлаар хандана. Зарим газар, ажилтнуудынхаа баахан зургийг альбом болгон хэвлээд зочдодоо тараах юм. Гэтэл тэр нь хөндлөнгийн хүмүүст ер сонин биш. Өгсөн хүний сэтгэлийг бодоод тэнд нь орхилгүй тэврээд гарах боловч шүүгээнийхээ алс буланд тавиад мартах нь энүүхэнд.

За тэгвэл яах вэ?

Ер нь бол ой муухай, наадам онцгүй гэж хэлэх гээгүй юм шүү. Наадам сайхаан. Наадаж хөөрсөн монголчуудынхаа дунд орж бужигнах ч сайхан. Ойгоороо хүнд өгөх юмтай байх ч сайхан, хүндэтгэл хүлээж бэлэг авах ч гоё.

Дуртай юмаа хуулийн хүрээнд хийж, хүссэнээрээ амьдрах нь ямар ч үндэстний эрх, сонирхол. Өнөөдөр бид наадам ойгоо мөнгө үржүүлэх арга(мэдээж, хандив завших замаар биш), бэлэг дурсгалаа бизнесийн орчил болгох тал дээр эргэлт хиймээр байгаа юм. Ой тэмдэглэсэн сум далимдуулаад бөөн мөнгө босгодог(хандив цуглуулах замаар биш), иргэд нь бизнесээ цэцэглүүлээд үлддэг болох тал руу чиглэсэн менежмэнт хайх цаг иржээ.

Алин болгон хэдэн цаас цуглуулснаа бөх, морины бай шагналд тараагаад, хэдэн ёслолын хаалга, хоосон стадионтой үлдсээр байх билээ. Тэгээд ч наадам хэсдэг гадны бөхчүүд ирээд байг нь аваад явчихна, өөр нутгийн хүн барилдуулахгүй, гадны хүнд шагналаа өгөхгүй гэлтэй биш. Морь ч ялгаагүй, хаа холоос машинаар ачиж ирсэн морины эзэд шагналыг нь хамаад буцах энүүхэнд. Ингэхгүй гэхээр ичиж үхмээр найраа, нүд халтирам холио хийхдээ тулна.

Наадам, ойн менежмэнтийг шинэчлэх нь орон нутгийн иргэдийн ч, удирдлагын ч хүсэн хүлээсэн алхам болоод байгаа нь эндээс харагдана.

Алхмууд ч гараад эхэлсэн юм.

ХОЁР. НОМ БА СКАЙТЕЛ

Өнгөрсөн жил манай Скайтел группийн 20 жилийн ой тохиолоо. Тодорхой нэг өдөр ой тэмдэглээд орхихын оронд тэр оноо “ойн жил” болгон сурталчилгаа хийж, менежмэнтээ шинэчилдэг болсон нь манайдаа бас л шинэ үзэгдэл. Скайтелийнхэн ч ойгоо ингэж тэмдэглэлээ.

Харин ойгоо тохиолдуулан өөрийн бүтээсэн түүхээ тодорхой хэмжээнд бичиж үлдээдэг уламжлалыг бид хамтдаа баахан шинэчилсэн юм. Хувийн түүхийнхээ оронд салбарынхаа түүхийг бүтээж, бүх нийтийн хэрэгцээнд түгээдэг, ингэхдээ орчин үеийн ном хэвлэлийн стандарт, түүх бичлэгийн жишгээр бичиж, дэглэдэг туршлага ч манайд гараад байна.

Скайтел группийн 20 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн “Монголын харилцаа холбоо: Түүхийн альманах.National geographic. НЭПКО. 2019” хэмээх шинэ бүтээл уншигчдын гар дээр очлоо.

Скайтел группийн санаачилгаар бүтээсэн энэ номд манай харилцаа холбооны бүхий л салбар, түүний дотор ижил бизнесээр өрсөлддөг Мобиком, Юнитель болон бусад операторууд найрсгаар хамтран оролцож, өөрийн түүх, мэдээллээ хуваалцсан бөлгөө.

Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн маань ч энэ бүтээлийн сэдвийг улам өргөжүүлж, монголчуудын санаачилсан өртөө хэмээх холбоо харилцааны универсал системээс эхлээд дэлхий дахин шуудан, телеграф үүссэн түүхийг багтаасан өргөн агуулгатай болгосон байна.

Энэ номоос Монголын хээр талд анх боссон утсан холбооны шонгоос эхлээд өнөөдөр орон даяар сүлжсэн өндөр хурдны шилэн кабелийг хүртэлх дотоодын харилцаа холбооны түүхийг бас харж болно. Улмаар Монголд болон дэлхий дахинд радио нэвтрүүлэг, телевизийн үзвэр хэрхэн үүсч хөгжсөн түүх ч бас багтлаа.

Номыг Америкийн “Nation­al geographic”-ийн “Түүхийн альманах” номын зохиогчийн эрхийн хүрээнд Монголын НЭПКО хэвлэлийн газартай хамтран бүтээсэн учраас дизайн, дэглэлт ба зохиомж нь уншихад хялбар, ойлгоход энгийн, тогтооход амархан байдлаар бүтээгдлээ.

Сэдэв бүрийг баримт гэрэл зургаар баяжуулж, зарим газарт шууд холбогдохгүй боловч үндсэн ойлголтыг баяжуулах зорилготой тэмдэглэл, эшлэл хавсаргав.

Өнөөгийн уншигчид нэлийсэн ганц сэдэв, нэгээс цөөн гарчигтай хос нүүр, зураг тайлбараар баяжуулаагүй хуудасыг унших дургүй болсноос үүдэн орчин цагийн ном бүтээх урлагт томоохон өөрчлөлт гарсан юм.

Түүнчлэн шинэ зууны завгүй уншигчид нэг дор бүтэн том ном дуусгах боломжоор хомс болжээ. Ялангуяа түүх, танин мэдэхүйн номыг дуртай хэсгээсээ эхлэн уншиж болохоос гадна, зөвхөн тайлбартай зургуудаар дамжуулан товч танилцаж амжихаар дэглэдэг туршлага ч эндээс урган гарсан. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн шилдэг жишээ бол National geographic-НЭПКО-гийн түүхийн альманах цувралууд бөлгөө.

Бидний хамтран бүтээсэн “Монголын харилцаа холбоо: түүхэн альманах” ном нь салбарын түүхийг бүтээсэн хүмүүс сонирхон судлаачидаас гадна энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудын гарын авлага, өргөн олны түүх-танин мэдэхүйн цангааг тайлах өвөрмөц бүтээл болсон юм.

Тийм учраас, Скайтел группийнхэн ойгоороо зочиндоо өгөхөд ямар ч байсан аваачаад далд хийгээд мартахгүй түүхээ бүтээчихлээ. Улмаар, номын худалдааны сүлжээгээр борлуулж эхэлсэн энэ бүтээл уншигчдын сонирхлыг татсан цувралын тоонд яах аргагүй орж байна. Гайхмаар ашиг гарахгүй ч гэсэн “ой бол олсноо цацдаг ёслол” гэдэг ойлголтыг өөрчилж байна. Улмаар тэмдэглэлт үйл явдлаараа дамжуулан улс үндэстнийхээ түүхийг бүтээлцэх сайхан боломж гарлаа. Гуравт, хамт олон болон хүндэт зочиндоо барихад “талууд сэтгэл ханамжтай” байх номын бэлэг дурсгалтай болоод авч байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд, Монголын түүхийн альманах цуврал нь манай орны бүх салбарын намтар шастирыг багтаасан нэгэн том цогц бүтээл юм. Улс төр, соёл, эдийн засаг, банк санхүүгийн салбарын альманах нэгэнт гарсан. Санхүү эдийн засгийн дээд сургууль, MCS групп зэрэг олон байгууллагын “өөрийн түүхийг багтаасан үндэсний түүх” бүтээх санаачилгаар эдгээрийн нэлээд нь уншигчдад хүрч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхий түүний араас гашуудаж байна

Америкийн Лос-Анжелес хотоос холгүйхэн орших Калабасас хотод нисдэг тэрэг сүйрсэний улмаас Кобе Брайант болон түүний 13 настай охин амиа алдсан байна. Сүйрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй. Сүйрлийн дараахан ослын газар дээр аврагчид яаралтай хүрч очсон ч амьд гарсан хүн байгаагүй бөгөөд нийтдээ энэ ослын улмаас есөн хүн амиа алджээ.

Алдарт сагсан бөмбөгчин хувийн нисдэг тэргээ ихээхэн ашигладаг байсан бөгөөд энэ удаад хаашаа чиглэн явж байсан нь тодорхойгүй гэнэ. Мөн гэрчүүдийн өгүүлснээр, нисдэг тэрэг дээгүүр нь нисэж өнгөрөх үед хөдөлгүүр нь дугарахаа байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “Коби талбай дээр болон талбайн гадна утгаараа домог байж чадсан. Эцэг эх хүний хувьд энэ аймшигтай явдлын улмаас Жианна охинтойгоо цуг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь бүр ч харамсалтай.

41 настай алдарт сагсан бөмбөгч бүхий л амьдралынхаа турш Лейкерс багт тоглосон юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан билээ.

Брайнт 20 улирлын турш нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багт тоглохдоо хоёр удаа Олимпийн аварга болсон юм. Түүнчлэн NBA-ийн MVP /хамгийн үнэ цэнтэй тоглогч/шагналыг дөрвөн удаа хүртсэн цорын ганц тамирчин билээ.

Брайант түүнчлэн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ. Тэрхүү анимейшнийг Брайнтын 2015 онд сагсан бөмбөгт зориулан бичсэн шүлэгт үндэслэн бүтээсэн юм.

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой. Хоёр сарын өмнө тэд гэрлэснийхээ 20 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.

Өнөөдөр NBA-гийн талбайд болсон тоглолтууд 8 секундын бүсийн дүрэм зөрчиж эхний 24 секундэнд ямар нэгэн довтолгоо хийлгүй түүнд хүндэтгэл үзүүлж зогссон байна.

Дэлхий түүний араас гашуудаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Аймшигтай мэдээ” хэмээжээ. Ерөнхийлөгч асан Барак Обама “талбайн домог” хэмээсэн бол найман удаагийн Олимпийн аварга Усэйн Болт итгэж чадахгүй байгаагаа илэрхийлжээ. Рэппер Канье Уэст “Коби бид чамд хайртай” хэмээн бичжээ.

Брайнтын шүтэн бишрэгчид Лос Анжелес дахь Стейплс Центр спорт цогцолборын өмнө ирж цэцэг тавьж эмгэнэл илэрхийлж байна.

24 ба 8 үүрд тайван нойрс доо…