Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“2020 он хүртэл З.Энхболд ямар нэг ажил төрөлд очихгүй ээ”

АН-ын халаагаа өгөх дарга З.Энхболд Төрийн ордонд тус намын даргын сонгуулийн үр дүнг мэдээлэхдээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараахь хариултыг өгсөн юм.

НАМЫН ДАРГАА СОНГОХ ЭРХ МЭДЛИЙГ ГИШҮҮДЭД НЬ ӨГЛӨӨ

-Фракциуд, төрийн эрх мэдэлд хүртэл оролцсон олигархиуддаа дарлуулсан намын даргаа сонгох эрхийг нийт гишүүдэд нь шилжүүлж өглөө. Одоо АН-ын дарга хэн байхыг гишүүд нь шийддэг болсон. Тийм учраас хуучин системээр сонгогдсон сүүлчийн АН-ын дарга би байна. Өнөөдрөөс эхлээд нийт гишүүдийнхээ олонхийн саналаар сонгогдсон С.Эрдэнэ дарга АН-ын цаашдын реформыг гүнзгийрүүлэн хийж, Монголын улс төрийн голлох намаа ирэх сонгуульд ялуулах үүргийг хүлээж байна. Хамгийн олон санал авч сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэд баяр хүргэе. Бусад дөрвөн нэр дэвшигчдэд намын реформын хамгийн чухал ажлыг нуруундаа үүрч гарсанд баярлалаа. Манай намын зургадугаар их хурлаар эдгээр улсуудад нэр дэвших эрхтэй нь хамт энэ сонгуулийг санхүүжүүлэх үүргийг тэнцүү хувааж үүрүүлсэн. 1,2 тэрбум төгрөгөөр явагдсан сонгууль. Улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг 10 тэрбумаар явуулдаг бол манай нам олон арван мянган хүн цалингүй ажилласны хүчээр ийм мөнгөөр зохион байгуулж, тэр мөнгийг нэр дэвшигчид гаргасан юм. 85 мянган гишүүн хүйтнийг үл харгалзан ирж саналаа өгсөн. Сонгуулийг дүрмийн дагуу зохион байгуулсан. Сүүлийн арав хоног хагас нойртой хонож сонгууль зохион байгуулсан Ж.Оюунбаатар даргатай хороонд баярлалаа. Таван нэр дэвшигч сонгуулийн үеэр маш нягтарсан байна лээ. Анх сурталчилгаа эхлэх, сонгуулийн сурталчилгаа дууссны дараа уулзах хоёрын хооронд маш их ялгаа байсан. Таван нэр дэвшигчдээ баярлалаа.

“2020 ОН ХҮРТЭЛ З.ЭНХБОЛД ЯМАР НЭГ АЖИЛ ТӨРӨЛД ОЧИХГҮЙ ЭЭ”

-Надаас нэг юмыг дахин дахин асууж цаг алдах хэрэггүй. Би хэлсэндээ байдаг хүн. 2020 он хүртэл З.Энхболд ямар нэг ажил төрөлд очихгүй ээ. Миний өмнөөс битгий санаа зовцгоо. 2020 оны УИХ-ын сонгуульд оролцдогоороо оролцоод явна. Намын хүнд ажлыг аль болох хурдан өгөөд жирийн хүн шиг амармаар байна. Би өргөдлөө аль сонгуулийн маргааш өгчихсөн хүн шүү дээ. Энэ хооронд дүрэм шинэчлэгдээд 220 хүн даргаа сонгож болохоо больчихсон учраас би энд суугаад асуултанд хариулаад яваад байна. 13 хоногийн дараа ажлаа өгөх гэж байна.

ӨӨРИЙГӨӨ ОД БОЛСОН ГЭЖ БОДСОН М.БАТЧИМЭГ ГИШҮҮН ШИГ УЛСУУД ХОХИРСОН БАЙНА ЛЭЭ…

Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн. Арванхоёрдугаар сарын 21-нд таван нэр дэвшигчээ оройн хоолоор дайлсан юм. “Та хэдэд ямар хүсэлт байна” гэсэн чинь “Манай анхан, дунд шатны намууд хувьчлагдчихаад шинэ хүн очихоор бүртгэж авахгүй байна. Арванхоёрдугаар сарын 6-ны их хурал нээлттэй АН болохоо зарласан учраас хувьчлагдсан намууд дээрх бүртгэлийг нээж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. 25-нд би тушаал гаргасан. Дахин бүртгэл гэдэг нь хоёр хуудас анкет бөглөж, гарын үсэг зураад анхан, дунд шатны байгууллага дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэхийг хэлж байгаа юм. Шинэ ч бай, хуучин ч бай бүртгүүлэх гэж оролдоод аль нэг сум, дүүргийн нам хүлээж авахгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг нээлттэй журам гаргасан. Төв нам дээр ч өөрийн биеэр ирж бүртгүүлдэг. Анхан, дунд шатны бүртгэлтэй адилхан процедур явах ёстой. Би нэгдүгээр сарын 2-20-ны хооронд Энэтхэг улс руу явсан. Сонгуулийн ажилд оролцохгүй, хэн нэг нэр дэвшигчийг дэмжээгүй. Та бүхэн миний сошиалын түүхийг эргүүлж харвал аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн шүүмжилсэн ямар ч мэдээллийг шейр, ретвийт хийгээгүйг олж харж болно. Яваад ирэхэд намын Хэрэг эрхлэх газар дээр бөөн маргаан дэгдсэн байлаа. Хүн өөрийн биеэр анхан шат руугаа очоод “Үгүй” гэдгээ сонсоод, анкет бөглөөд гарын үсгээ зураад явах учиртай. Гэтэл манай Хэрэг эрхлэх газрын ажилтнууд хариуцлага алдсан байсан. Зуу зуугаар нь хаана бүртгэгдсэн нь мэдэгдэхгүй анкет авч, түүнийгээ бүртгэл гэж нэрлэжээ. Таван нэр дэвшигч уулзаад, Л.Гантөмөрөөс бусад нь “Дүрэм журам зөрчсөн бүртгэлээ хүчингүй болгож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу дахин тушаал гаргаж, 16 мянган гишүүний бүртгэлийг түдгэлзүүлсэн байгаа. Өнөөдрөөс эхлээд энэ 16 мянган гишүүний анкет шивэгдэж ороод, ердийн байдалдаа шилжнэ. Арванхоёрдугаар сарын 6-ны хурлаар шийдсэн бас нэгэн бүртгэлийн шинэчлэл бол хүн өөрөө саналын эрхээ нээдэг болсон. Яагаад гэхээр гишүүдийн бүртгэлийг ХААН банкны компьютертэй холбосон. Үүнээс хойш АН-д гишүүд нь шийддэг олон сонгууль болно. Удахгүй дулаарахаар ҮЗХ-ны бүх гишүүдийг 100 хувь шинэчилнэ. Дунд шатны намын дарга нараа гишүүдийнхээ саналаар сонгодог дүрмийн өөрчлөлтийг хийх гэж байна. Тэгвэл аймаг, дүүргийн дарга нар энэ таван нэр дэвшигч шиг нэрээ дэвшүүлээд, сонгуульд ороод гишүүдээрээ шийдүүлээд явна. Сонгууль болгоны өмнө АН-ын гишүүн татвараа төлсөн байхыг шаардаж байгаа. 2016 оны татвар сарын 100 төгрөг байсан түүнийгээ 12 сараар үржүүлээд 1200 төгрөгөө банкинд тушаамагц банкны компьютероос АН-ын гишүүний бүртгэл рүү мэдээлэл ирж, гишүүний эрх сэргэнэ. Түүнээс биш хуучин шиг аймаг, дүүргийн дарга зөвшөөрвөл тэр хүн санал өгдөг байхыг болиулсан. Төв нам дээр цугласан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Яагаад гэвэл анхан шатны байгууллага дээрээ түрүүлж очих шаардлага биелүүлээгүй. Өөрийн биеэр ирээгүй. Зуу зуугаар нь бүртгүүлсэн учраас болохгүй болчихож байгаа юм. ХЭГ-ын ажилтнуудад арга хэмжээ авахыг би Л.Эрхэмбаяр даргад даалгасан. Ийм зүйл болсон. Өөрийгөө од болчихсон, би УИХ-ын гишүүн байсан, би юу гэж анхан шат руу очдог юм гэсэн М.Батчимэг гишүүн шиг улсууд хохирсон байна лээ. Тэрийг яах ч аргагүй. Од болчихсон улсуудад зориулсан тусгай журам байхгүй. Жирийн гишүүн Дорж, Дондог, Дулмаа, УИХ-ын дарга байсан З.Энхболд ч ялгаагүй анхан шатны намын байгууллагын хаалгаар орох хэрэгтэй. Өөрийн гараар анкетаа бөглөх учиртай. Тэрийг нь хүлээж авахгүй бол төв намд хандана гэдэг журмаа мэдэхгүй сонгуульд орж чадаагүй бол харамсалтай. Хүн өөрийн биеэр ирэхгүй бүртгэлд орохоор нэг хүндрэл гарсан нь нэр овог, хаяг, регисртээ буруу бичсэн бол түүнийг нь залруулах гэж бараг 20 хоногийн ажил шаардагдсан. Хэрвээ өөрийн биеэр очсон бол залруулж болж байсан. Бид колл центр ажиллуулж, бараг 27-28 мянган хүний бүртгэлийг зөв болгосон. Тэгэхгүй бол нөгөө хүнийг сонгуульд оруулахгүй байх аюул байсан гэв.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *