Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зарлигаар “Баянмонгол” чуулга, “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга болон “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ.

Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст өгдөг байна.
Categories
мэдээ улс-төр

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ардын эмч

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээв.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллaасан аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Дүнхэр хангай” ХХК-ийн зөвлөх инженер Самдангийн Эрдэнэбал,
  • “Дархан нэхий” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Батсайхан,

Гавьяат агрономич цолоор

  • “Чагтай” ХХК-ийн захирал Жалсрайн Баярмагнай

Гавьяат багш цолоор

  • “Ховд” их сургуулийн хэл уран зохиолын багш Бавалын Даваадорж
  • Ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” сургуулийн сургалтын менежер Ламжавын Олзвой
  • Сүхбаатар аймгийн боловсрол соёл урлагийн газрын ахмад ажилтан Осорын Сумьяагарав,
  • Удирдлагын академийн дэд захирал Дамирангийн Цэдэв,
  • Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал Зоригтын Байгалмаа

Гавьяат барилгачин цолоор

  • “Эм си пи си жи ар” ХХК-ийн захирал Жанарын Батсайхан,
  • “Даваат” ХХК-ийн захирал Хыстаубайн Баян,
  • “Ордос” ХХК-ийн захирал Лхамсүрэнгийн Төмөр,

Гавьяат дасгалжуулагч цолоор

  • Монголын шатрын холбооны дасгалжуулагч багш Жамбалдоогийн Лхагва

Гавьяат жүжигчин цолоор

  • Үндэсний урлагийн их театрын ахмад хөгжимчин Жигдээгийн Цэцэгмаа

Гавьяат хуульч цолоор

  • Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Чойжуурын Дашням

Гавьяат эдийн засагч цолоор

  • Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахмад ажилтан Донидын Алтангэрэл

Гавьяат эмч цолоор

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Батсүхийн Батболд
  • “Монос фарм трейд” ХХК-ийн зөвлөх Лувсангийн Гэрэлчимэг
  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхогийн эмч Будгианы Дэлгэрхангай
  • Хавдар судлалын үндэсний төвийн захирал Жигжидсүрэнгийн Чинбүрэн,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • Э.Цэрэвийн нэрэмжит Ойрад хөгжимт жүжгийн театрын уран сайхны удирдагч Цэрэвийн Амараа,
  • Улсын филармонийн Баянмонгол чуулгын хөгжмийн зохиолч Жамсрангийн Энхбаяр,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Бямбаагийн Ганболд
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Нийслэлийн аврах 105 дугаар бригадын аврагч, ахлах ахлагч Халтарын Цогбадрах,
  • Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ахмад ажилтан Даваацэрэнгийн Эрдэнэбат,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

  • Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өндөр настан Цэвэлийн Дэмид,
  • Булган аймгийн Тэшиг сумын “Илэнхэн” ХХК-ийн зөвлөх Дамдинсүрэнгийн Цэен-Ойдов нарыг шагналаа.

Мөн галын аюулаас олон хүний амь нас аварсан Түргэн тусламжийн төвийн ажилчдад Шударга журам медаль гардуулж, баяр хүргэлээ.

Шударга журам медалиар

  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын жолооч Тавхийн Гүнтэвсүрэн
  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн их эмч Эрдэнэчулууны Одгэрэл нарыг шагнав.
ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ:

Эрхэм монголчууд аа,

Манлайлагчид, гавшгайчид аа

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 108 жилийн ойг тохиолдуулан шинэ оны босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан, гавшгайчид сайчуудыг төрийн цол, одон медалиар шагналаа.

Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх эмч Чимэдцэеэгийн Пунцагт Монгол Улсын Ардын эмч цол олгож байна. Баяр хүргэе танд. Ч.Пунцаг гуай 1966 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээсээ хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өнөөдрийг хүртэл 50 гаруй жил зогсож байгаа гавьяат эмч хүн юм. Тэрээр эмчилгээний хажуугаар эмнэл зүй, мэс заслын шинэлэг техник арга зүй, инновацыг нэвтрүүлэх, залуу эмч нарыг бэлтгэх ажилд одоо хүртэл хүчин зүтгэж, амжилт гаргасаар явна.

Түүнчлэн мөн эрүүл мэндийн салбарт олноо “Хавдрын Чинбүрэн” хэмээн танигдаж, элэгний мэс заслаараа дэлхийд монгол эмч нарын ур чадварыг хүлээн зөвшөөрүүлж яваа Хавдар судлалын Үндэсний төвийн захирал, манай улсын шилдэг залуу эмч Ж.Чинбүрэнд Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртээлээ. Баяр хүргэе танд. Манай улс хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа энэ хэцүү үед Монгол Улсад нэвтрүүлсэн элэгний болон нойр булчирхайн мэс засал, Монголд эмчлүүлэх боломжгүй өвчний жагсаалтыг бууруулж, хавдрын өвчлөл, шалтгаан нөхцөлтэй тэмцэж байгаа боон цаашид хийхээр зорьж олон ажилд тань амжилт хүсье.

Мөн “Дархан нэхий” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Эрдэнэдалайн Батсайханд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат цолыг олголоо. 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, “Дархан нэхий” үйлдвэрийг 1999 оноос хойш удирдаж, дотоодын түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингээх тал дээр чармайн ажиллаж байгаа таны гавьяа, таны хамт олныг үнэлж байгаа юм.

Монголын шатрын спортын ахмад зүтгэлтэн, дасгалжуулагч Жамбалдоогийн Лхагваа танд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгож байна. Ж.Лхагваа 1965 оноос улсын шигшээ багийн тамирчнаар спортын гараагаа эхлүүлснээс хойш шатрын спортод хүүхэд залуучуудыг сургах, дурлуулах, дасгалжуулах ажилд хүчин зүтгэж, шавь нараас нь Сонирхогчдын дэлхийн аварга 3, сурагчдын дэлхийн аварга 1, Ази тивийн Залуучуудын аварга төрсөн. Мөн түүний шавь нар дотор Дэлхийн шатрын холбооны Олон улсын хэмжээний мастер цолтой 3, Их мастер цолтой 2, мастер цолтой 5 тамирчин байгаад бахархаж байна. Монголчууд эртнээс оюуны хөгжил, чадамж, өрсөлдөөнийг чухалчилж, шатрыг дээдлэн хүндэлж ирсэн уламжлалыг тасалдуулалгүй өргөж, дэлхийн хэмжээнд тамирчдыг бэлтгэн өрсөлдүүлж яваа Ж.Лхагваа багшид талархал илэрхийлье.

“Эм Пи Си Жи Ар” компанийн Ерөнхий захирал Жанарын Батсайханд Монгол Улсын Гавьяат барилгачин цол олголоо. 1983 оноос хойш Зам тээврийн барилгын салбарт техникч, инженер, төслийн удирдагч ажлуудыг тасралтгүй хийж ирсэн. Нийтдээ 4600 орчим км авто зам, 150 гаруй гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэж, 3200 км авто замын Техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж, технологийн хяналтыг хийсэн, мэргэжлийнхээ чиглэлээр 40 орчим шинжлэх ухааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн шилдэг мэргэжилтэн юм.

Өнөөдөр онцлон дурдаж, гүн талархал илэрхийлэх ёстой эрхмүүдийг дурдъя. Сарын өмнөхөн 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт угаартсан гэх дуудлагаар очсон Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч Эрдэнэчулууны Одгэрэл, жолооч Тавхийн Гүнтэвсүрэн нар нийт 7 хүний амь насыг гал түймрийн аюулаас зайлуулан аварч, анхны тусламж үзүүлж чадсан байна. Хэрвээ амжиж галаас зайлуулаагүй бол гарцаагүй үхэх эрсдэл тулгарсан мөчид олон эрдэнэт хүний амь насыг аварсан явдалд нь Э.Одгэрэл, Т.Гүнтэвсүрэн нарт хувиасаа болон Монголын нийт иргэдийн нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Та бүхэн бол иргэний үүргээ ухамсарласан, жинхэнэ энэрэх сэтгэл, чин зоригийн эзэд мөн. Энэ хоёр эрэлхэг иргэнд Шударга журам медаль гардууллаа.

Шагнагдагсад аа, гавшгайчид, манлайлагчид аа,

Та бүхний хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээл бол хүний амьдралын утга учир, нийгэмдээ, улс орондоо оруулах иргэн хүний хувь нэмэр гэдгийг олон түмэнд үлгэрлэж, сайн нөлөөлөл дуурайлыг түгээж яваа хүмүүс юм. Монголын төр гавшгайчид, гавьяатнуудаа ямагт тодруулж, урамшуулан шагнаж байх болно. Өнөөдөр би тэр үүргийг биелүүллээ.

Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол Улс хөгжин бадрах болтугай” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хорт хавдрыг ор мөргүй устгах CAR-T эс

Хүн төрөлхтнийг сүйрүүлж буй хамгийн аюултай, эмчлэгддэггүй өвчний нэгдүгээрт ДОХ (дархлааны олдмол хомсдол), хоёрдугаарт бүх төрлийн хорт хавдар орно. Хорт хавдар саяхныг болтол огт эмчлэгддэггүй өвчин байлаа. Хорт хавдрыг хар ухаанаар тайлбарлах гэж оролдвол, хүний биеийн дархлааны эс гаднаас орж ирж буй хорт хавдрын эсүүдийг таньдаггүй, өөрийн юм гэж хүлээж авснаар хүний биед шингэж эд эрхтнүүдэд тархан халдварлаж өвчлүүлдэг. Энэ хүчтэй эсийг устгах эм тариаг анагаах ухаан шийдэж амжаагүй байсан билээ. Харин CAR-Т эсийг анх Израилийн Реховот хотын Визманн Шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор доктор Зелиг Эшхар 1980-аад оны үед зохион бүтээснээр энэ аймшигт өвчинтэй тэмцэх эхлэлийг тавьж өгчээ. Энэ нь хүний дархлааны эс хорт хавдрын эсийг таньснаар түүнтэй тэмцэж устгах эмчилгээ юм. Зелиг Эшхарыг нээлт хийснээс хэдэн арван жилийн дараа АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнд сургагдсан доктор Элад Жейкоби Израиль улсад CAR-T хөтөлбөрийг зохион байгуулж, 2016 оноос хойш Шеба эмнэлгийн Хүүхдийн гемато-онкологийн тасаг CAR-T эмчилгээний тусламжтайгаар хавдрын 12 тохиолдлыг амжилттай эмчлээд байгаа аж.

CAR-T буюу Chimeric Anti­gen Receptor-T cells нь цусны цагаан эсэд хорт хавдрын эсрэг программ суулгах эмчилгээ юм. Цусны цагаан эс нь дархлааны тогтолцооны чухал хэсэг. CAR-T эсийг хүний биед суулгах ажллагааг энгийнээр тайлбарлавал, эхлээд өвчтөний биеэс цус авна. Дараа нь дархлааны эсүүдийг бусад эсүүдээс салгаж авдаг аж. Салгаж авсан эсийг тусгай лаборатори руу илгээн генетикийн аргаар CAR эсүүдийг суулган CAR-T эс бүтээнэ. Хэрвээ хангалттай хэмжээний Т эс буюу дархлааны эс байхгүй бол лабораторид ургуулан олшруулна. Ийнхүү “тоноглогдсон” цусны CAR-T эсийг өвчтөний цус руу буцааж шахна. Ингэхээс өмнө өвчтөнд химийн эмчилгээ хийх шаардлагатай. CAR-T эс маш удаан хугацааны турш өвчтөний биед хадгалагдаж үлдээд хорт хавдрын эсүүдтэй тэмцсээр бүрэн устгадаг аж. Туршилтын хугацаанд хийсэн ажиглалтаас хорт хавдрын эс 2-3 сарын дараа устаж үгүй болж байжээ. Цусны хавдрын үед маш үр дүнтэй, харин хатуу хавдрын үед эмчилгээний явц харьцангуй удаашралтай байгаа гэнэ. Энэ эмчилгээг хийлгэсний дараа хүний дархлаа маш эрчимтэйгээр сэргэдэг аж.

Маш нарийн мэргэшсэн цөөн хэдэн эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүн уг ажлыг хийдэг бөгөөд дэлхий даяар цөөхөн хэдхэн лабораторид судлагдаж байна. Гэхдээ туршилт маш амжилттай болж, хэд хэдэн хүнийг хорт хавдар өвчнөөс салгаж амжжээ. Хятадад л гэхэд Шанхайн эрдэмтэд хамгийн хурдан хугацаанд буюу ганцхан хоногийн дотор CAR-T эсийг бүтээж байгаа гэнэлээ. Тэд генийн инженерчлэлийн технологийг ашиглан ийнхүү процессыг хурдасгасан байгаа юм.

CAR-T эсийн эмчилгээг хийлгэх явцад болон хийлгэсний дараа тухайн өвчтөний биеийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хоруу чанар илэрдэг. Гэхдээ энэ нь шинэ эмчилгээ тул хүний биед нөлөөлөх тал дээр урт хугацааны туршилт хийгдээгүй байгаа хэмээн эмч, судлаачид онцолж байгаа аж. Ерөнхийдөө хүний биед сөрөг нөлөөтэй эмчилгээ бол биш, харин өвчтөний биеийн байдлаас л бүх зүйл шалтгаална хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

CAR-T эмчилгээний тухай интернэтээс хайн судалж байхад үхлийн аюулт өвчнөөсөө салсан түүхүүд хэдэн арваараа гарч ирж байв. Тийм түүхүүдийн нэгээс сонирхуулахад, Майлени гэх 15 настай швейцарь охин 2016 оны нэгдүгээр сард цусны хавдартай хэмээн оношлогджээ. Швейцарьт бүтэн зургаан сарын турш эрчимт химийн эмчилгээ хийлгэсэн ч хавдар дахисан байна. Ингээд шинжилгээ хийтэл түүний хавдрын эс маш тэсвэртэй болох нь тогтоогджээ. Эмч нар Майленийг Цюрих дахь Их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн маш өндөр тунгаар химийн эмчилгээнд дахин оруулсан ч хавдар газар авсаар байж. Түүний эцсийн найдвар CAR-T эсийн эмчилгээ байсан ч Швейцарьт энэ эмчилгээг хараахан хийж эхлээгүй, АНУ-д эмчлүүлье гэхэд хагас сая долларын өртөгтэй байв.

Эцэст нь тэдний гэр бүл Израилийн Шеба эмнэлгийг сонгон 2017 оны тавдугаар сарын 31-нд нисцгээжээ. Эмчилгээ эхлэх гэтэл охины биед хангалттай хэмжээний Т эс байгаагүй болохоор Т эс ургуулж, цаг алдах нь эмчилгээний хамгийн хэцүү үе байсан гэнэ. Гэсэн хэдий ч эмч нар 35 сая CAR эсийг охины цагаан эсэд амжилттай суулгажээ. Сар гарангийн дараа охины хавдрын эсүүд устаж алга болсон байна. Одоо Майлени Цюрихийн эмнэлэгтээ хааяа очиж хяналтанд ордгоос биш бүрэн эрүүл хүн болжээ.

CAR-T эс гэх эмчилгээг нээгээгүй бол Майлени одоо гэр бүлийнхнийхээ дунд байхгүй байх байж. Ийм зүйл бодож олоод хөгжүүлсэн эрдэмтдэд, эмч нарт эмчлэгдсэн хэдэн арван хүүхдийн өмнөөс, томчуудын өмнөөс талархмаар. Энэ эмчилгээ нээгдсэнээр ганц Майлени ч биш, хорт хавдраар шаналж буй сая сая хүний зүрхэнд итгэл найдварын оч асааж буй биз. Ганц л асуудал байгаа нь мөнгө санхүү юм. АНУ-д хагас сая доллар буюу монгол мөнгөөр тэрбум гаруй төгрөг байдаг бол Хятадад хагас сая иен буюу 150 орчим сая төгрөгөөр энэ эмчилгээг хийлгэж болно. Манайтай хамгийн ойр, бас харьцангуй хямд учраас монголчууд Хятадыг зориход болмоор харагдаж байна. Тэгээд ч хятадууд хавдрын эсрэг энэ эмчилгээгээр дэлхийд тэргүүлж буй юм билээ. Хэдэн жилийн дараа энэ эмчилгээ улам ч боловсронгуй болж, өртөг нь ч хямдрах биз гэж найдна.

Хүн төрөлхтний хөгжил ийнхүү дэвшсээр бид хамгийн их айдаг өвчин зовлонгоосоо ч ангид байх цаг хаяанд иржээ. Бид биш юм аа гэхэд бидний үр хойч энэхүү гайхалтай цаг үед амьдрах нь гэж бодохоор сайхан биш гэж үү. Шинжлэх ухааныг, хүний ухааныг бишрээд баршгүй ажээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Германы “Grun gold” хамтлагийн бүжигчин Н.Онондарь: Манай хамтлагт нэг австри залуу бий, бусад нь бүгд германчууд

Герман улсын спорт бүжгийн “Grun gold” хамтлагийн бүжигчин Н.Онондарьтай ярилцлаа. Түүний бүжиглэдэг хамтлаг нь Герман улсын шигшээ баг бөгөөд улсын аваргаараа 12, дэлхийн аваргаар ес дэх удаагаа шалгарсан хамтлаг юм. Тэрбээр сүүлийн хоёр жил хамтлагтаа бүжиглэн, ДАШТ-ий аварга болсон билээ.


-Анх ээж тань Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулсан гэдэг. Яг хэзээнээс спорт бүжгээр хичээллэх болов?

-Намайг таван настай байхад ээж минь Хүүхдийн ордонд дагуулан очоод “бүжгийн ангид орох уу, хөгжмийн дугуйланд явах уу” гэж асуусан. Би ямар ч эргэлзээгүйгээр бүжгийн ангийг нь сонгосон юм. Хүүхдийн ордонд есөн нас хүртлээ Зулаа багшийнхаа удирдлага дор яваад, Мөнгөө багшийнхаа шавь болсон. Тэр цагаас бүжгийн спорт чиглэл рүүгээ хичээллэсэн гэж хэлж болно.

-NTV телевизийн “Би бүжиглэж чадна” шоунд оролцоод түрүүлсний дараа бүжгийн клуб, хамтлагуудаас санал ирсэн үү?

-“Би бүжиглэж чадна” шоуны дараа ямар нэгэн хамтлаг, клубээс санал ирээгүй. Гэхдээ тэрхүү шоу надад хамгийн том нөлөө үзүүлсэн гэж боддог. Шоуны дараа л жинхэнэ өөрийгөө олсон.

-СУИС-ийг бүжиг дэглээчийн мэргэжлээр төгссөн гэсэн. Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?

-СУИС-ийг бүжгийн багш, бүжиг дэглээч мэргэжлээр төгссөн. Анагаахын их сургуулийн “Дэлбээ” хамтлагт нэг жил бүжгийн багшаар ажилласан. Багаасаа Германд очиж үзэх, тэнд сурах хүсэл минь намайг хөтөлсөн байх. Тун удалгүй Герман явах болсон болохоор мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй. Тэгээд Германд ирээд оюутан болсон доо.

-Монголдоо гаргасан амжилт дундаас Бодибилдинг фитнессийн улс болон цомын аварга болсон нь сонирхол татлаа. Бодибилдинг, бүжиг хоёрт төстэй тал бий юү?

-Бодибилдинг, бүжиг хоёр тэс өөр зүйл л дээ. Сүүлийн үед эрүүл мэндийн шалтгаанаас болоод бодибилдингоор хичээллэхгүй байгаа.

-Монголынхоо нэрийн өмнөөс спорт бүжгийн ДАШТ-д оролцож, аравдугаар байрт орсон амжилт үзүүлж байсан. Германд бүжгийн спортоо төрөөс нь хэр дэмждэг вэ?

-Германд бүжгийн спортоо төрөөс дэмжээд байдаггүй. Монголтой адилхан. Миний харьяалагдаж байгаа холбоо улсдаа маш алдартай. Тиймээс маш сайн спонсоруудыг олж чаддаг. Мөн холбооны гишүүд нь сар бүр холбоондоо хураамж төлдөг. Түүгээрээ өөрсдийгөө санхүүжүүлэн олон улсын тэмцээн уралдаанд ордог. Түүнээс төрөөс нь дэмжээд мөнгөн тусламж үзүүлээд, санхүүжүүлээд байх зүйл байдаггүй. Бид холбоондоо хураамж өгнө үү гэхээс ямар ч цалин урамшуулал авдаггүй.

-Спортын сэтгэл зүйч мэргэжлээр яагаад сурах болов. Өөртэйгөө байнга ажилладаг гэсэн. Багийнхантайгаа болон өөр тамирчидтай ажиллаж үзсэн үү. Хүнтэй ажиллах, өөртэйгөө ажиллах аль нь хэцүү вэ?

-Би багаасаа их ном уншдаг хүүхэд байсан л даа. Хүн хэр их бэлтгэлтэй байгаа нь хамаагүй, сэтгэл зүйгээсээ хамаараад дэвжээн дээр гараад сэтгэл зүйгээрээ ихэвчлэн өөрийгөө илэрхийлж дуусгадаг. Ямар ч спорт ямар ч салбарт сэтгэл зүй маш чухал. Тэмцээн болгоны өмнө сэтгэл минь маш их хөдөлдөг болохоор энэ мэргэжлийг сонгосон. Одоогоор ганцхан өөрийнхөө сэтгэл зүй дээр л ажиллаад явж байна. Төгсөөгүй болохоор мэргэшсэн биш, цаашдаа мэргэшиж дуусаад маш сайн мэргэжилтэн болохоор зорьж байгаа.

-Герман дасгалжуулагчийн урилгаар шууд шигшээ хамтлагтай бэлтгэл хийх болоход багийнхны хандлага харилцаа ямар байсан бэ?

-Би дотроо маш их баярласан. Анх бэлтгэлдээ очихдоо маш дотноор найрсаг хүлээж авах байх гэж төсөөлж байсан л даа. Гэтэл ерөөсөө тийм байгаагүй. Тухайн үедээ жаахан гайхсан. Яагаад ингэж байгаа юм бол гээд. Яваандаа бэлтгэлд ороод цаг хугацаа өнгөрсний дараа ойлгосон. Яагаад гэхээр яг энэхүү хамтлагтаа бүжиглэх хүсэлтэй маш олон герман хүн байдаг. Анх хамтлагт ороход дороосоо эхэлдэг. Тав дугаар хамтлаг, дөрөвдүгээр хамтлаг гэх мэтээр дээшилнэ. Багадаа нэг шат дээшлэхийн тулд нэг жил зарцуулна. Тэгж байж нэгдүгээр хамтлагтаа ордог. Би бол шууд нэгдүгээр хамтлагт бүжиглэж эхэлсэн. Тийм болохоор хамтлагийн гишүүд дуртай байгаагүй юм билээ.

-Герман болон монгол хүний ялгаа юун дээр илүү харагддаг вэ?

-Хүн бол хүн гэдэг шиг бүгдээрээ л адилхан сэтгэл хөдлөлтэй, уурлана, гомдоно, уйлна, баярлана. Ерөнхийдөө адилхан. Гэхдээ нийгмийн онцлогоос шалтгаалаад сэтгэлгээ нь өөр байдаг. Би герман хүмүүсийг ойлгох гэж маш их цаг зарцуулсан. Өдөр, шөнөгүй хамтлагийнхантайгаа байж байж одоо л сэтгэлийг нь арай ойлгодог болсон юмуу даа.

-Хамтлагт танаас өөр өөр улсын гишүүн бий юү. Хандлага харилцаа ямар байдаг вэ?

-Австри улсын нэг залуу бий. Бусад нь дандаа герман улсын иргэд. Харилцаа энгийн сайхан, хамтлагийн гишүүд гэдэг утгаараа чөлөөтэй харилцдаг.

-Хамтлаг нийт 32 гишүүнтэй. Тэмцээнд тэдний хагас нь буюу найман хос оролцдог гэсэн. Тэр дундах өрсөлдөөн маш ширүүн байх. Нэгийгээ хорлох ч юмуу, муу санаалах, тэмцээнд оролцохын тулд юу ч хийхээс буцахгүй үйлдэл гаргах тохиолдол байсан уу?

-Түрүү жил 16 эрэгтэй, 16 эмэгтэй гишүүнтэй байсан. Энэ жил дундаас нь хүмүүс бүжиглэхээ болиод 12 хос үлдсэн. 12 хосоос найм нь ДАШТ-д орсон байгаа. Мэдээж тэр дунд өрсөлдөөн маш ширүүн. Гэхдээ өрсөлдлөө гээд бие биенийгээ хорлох ч юмуу, тийм зүйл байдаггүй. Тодорхой хэмжээний бие биендээ сэтгэл зүйн дарамт ч юмуу, цохилт өгдөг. Муу санаалах зүйл байдаг л байх. Гэхдээ хорлох зүйл байдаггүй.

-Хамтлагтаа гоцлол хийдэг үү. Гоцлол хийх үеэр хамтлагийнхан яаж харьцдаг вэ?

-Энэ хамтлагт ямар ч гоцлол бүжигчин юмуу, гоцлол хийдэг хүн гэж байдаггүй. Бүгд нэг зэрэг, нэг хүн шиг бүжиглэдэг. Түрүү жилийн ДАШТ-ий үеэр би эхний хэдэн секундэд гоцлол хийсэн. Түүнийг бол хүн хүнээсээ л шалтгаалж хүлээж авдаг байх. Дасгалжуулагч юу хэлнэ, түүнийг нь бид даган биелүүлэх ёстой. Дасгалжуулагч маань намайг гоцлолыг хий гэсэн. Тэгээд л би гоцлол хийсэн.

-Шантрах үе гардаг уу. Өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?

-Бараг л өдөр бүр гарна даа. Өөрийгөө зоригжуулахаас илүү тэвчээр заадаг болсон. Урьд нь бол зовж хийдэг байсан. Одоо бол юмыг орхиж сурч байгаа. Тайван орхиод өөрийгөө зовоолгүй, хааяа ээжтэйгээ яриад, ээжийгээ бодохоор ямар нэгэн зүйлд санаа зовохоо больсон.

-Гэр бүлээ танилцуулаач. Танайхан бүжигт хэр хайртай хүмүүс вэ?

-Аавыг минь Д.Нэргүй гэдэг. Ээжийг минь Ү.Баасанхүү гэдэг. Би хоёр ахтай. Анхбаяр, Цэнд-Аюуш гээд. Манайхан бүжгийн спортын маш том фэнүүд. Үзэх маш дуртай. Намайг бага байхаас л тэмцээн уралдаанд ороход байнга ирж үздэг байсан. Манай ээж, ах нар байнгын үзэгчид. Тиймээс надаар дамжуулаад бүжигт хайртай байх гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Ононгийн гарам дээрх өдрийн од буюу Сэнгийн Эрдэнэ

СЭНГИЙН ЭРДЭНИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

-ТАТАЛБАР ХӨРӨГ-

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч, СГЗ Балжирын Догмидын өөрийн багш ардын уран зохиолч, төрийн шагналт Сэнгийн Эрдэнийн тухай хөрөг нийтлэлийг хүргэж байна.


Монголын үргэлжилсэн үгийн сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн орон зай өнөөдрийн Монголын утга зохиолд үгүйлэгдсэн хэвээр байгаа бөгөөд цаашид ч энэ агуу хүний уран бүтээлийн олбог ширээ, сэнтий суудлыг даруй зуун жил улиран одовч эзэгнэх хүмүүн төрөхгүй буй за. Учир юун хэмээвээс өнөөдрийн даяаршлын эринд нүүдэлчдийн зан заншил, их бага хэмжээгээр гээгдэн мартагдаж, хүүхэд залуучууд монгол ахуйгаасаа өдөр өдрөөр алслагдан холдож буй энэ үед монгол хэл маань захаасаа дотогшоо хумигдан үүнийг дагаад бичгийн хүмүүсийн хэл найруулга ч ядуурч, явцуурч байгаагаас миний бие ийнхүү ахмад сонгодог зохиолчдоо өөрийн эрхгүй үгүйлэн сууна.

Эдүгээ үзэг, цаас нийлүүлж яваа зохиолч, сэтгүүлч нэртэй хүмүүсийг хэлд, хөлд оруулан төрд данстай, түмэнд нэртэй болгосон агуу хүмүүсийн нэг нь миний багш Сэнгийн Эрдэнэ билээ. Бид мэтийн үзэг, цаасны бооль болж, хаалганых нь завсар хавчуулж хөл, хормойд нь орооцолдсон шаврай банди нарыг багш маань загнаж зандрах нь байтугай ширүүн ч хардаггүй байсан боловч бид түүнээс гэм хийчихсэн мэт айж, ширвээтдэг байсан гэхэд худал болохгүй.

Юу хийж, ямар хэрэг тарьсандаа тэгж эмээж байв гэвэл санаа сэтгэлд нь хүрэхгүй, хэлэх гээд хэлж чадахгүй, хэлээ хазсан, тэр үеийн томьёоллоор санаа сэтгэлд нь таарахгүй саарал өгүүллэг, саарал шүлэг, саарал бүтээл хийсэн байх вий гэсэндээ ийнхүү хулгаж, хулчганаж явсан хэрэг. Одоогийн ёсонд таарахгүй ч багшаасаа айна, эмээнэ гэдэг бол жаахан бүдүүлгээр хэлэхэд “хүндэтгэл” байжээ. Эрдэнэ багшийн бичсэн “Замын тэмдэглэл” ганц хуудас ч хүрэхгүй “Алтай” хэмээх таталбар бол тэр чигээрээ уран зураг, симфони, Алтай уулсыг үзсэн байтугай, үзээгүй хүний нүд, сэтгэлд гэрэлтэн өнгө будгаараа ялгаран салхи нь сэвэлзэн, үүл нь нүүж, ус нь урсаж харагдахаар дэндүү уран тод бичигдсэн гайхалтай бүтээл юм.

Би түүнийг XIX зуунд уран Амаагийн торгон утсаар хатгамлан бүтээсэн бурхны хөрөгтэй зүйрлэн аравнай, шүншиг оршоосон мэт оройдоо залж явдаг юм. Үзэг бийрээр зурж боломгүй юмыг үгээр ингэж нүдэнд харагдаж сэтгэлд тэмтрэгдтэл зурна гэдэг үнэхээр гайхамшигтай авьяас.

“… Ховд голын хөндийд намуухан шар салхи сэмхэн хэсүүчилж байхад, тэртээ өндрийн хадан цохионд хар салхи, Цамбагаравын хяр оройгоор бол дун цагаан салхи салхилж байх шиг санагдсан…”

Ардын зураач, Төрийн шагналт Лувсангийн Гаваагийн зурсан “Алтай” гэдэг томоохон хэмжээний уран зургийг би Эрдэнэ багшийн Алтайтай харьцуулан сэтгэлдээ дүрслэх дуртай. Гаваа гуайн бийрийн татлага, бичлэг, зураас, нүдний ур шалгасан өнгөний тоглолт бүр нь хөгжимлөг бөгөөд Эрдэнэ багшийн дүрслэлтэй хөх ногооны будан лугаа адил уусан шувууд жиргэх нь сонсогдох шиг болдог.

…Мойлтой зөөхий талхан дээр түрхэж зооглодог

Модон трубканд тамхи нэрж татдаг

Мохоорыг бол атга атгаар зажилдаг

Морин тэргэнд самган, басгадаа суулган наадамддаг

Монцгор улаан хамартай буриад өвгөн

Монголын их нүүдэлчдийн сүүлчийн хүмүүн мэт харагдавч

Агуу их Эрдэнэ баавай буриад зоноос мэндэлсэн гэхээр

Ард түмэн гэдэг цөөддөггүй юм байна гэж би нэг шүлгэндээ бичсэнээ санаж байна.

Буриадууд дэндүү ажилсаг, аминдаа арчаатай бэрх улс. Ямар ч архичин буриад сүх, хөрөө хоёр л байх юм бол суух байшин, уух худаг, ходоог тэргээ хүний гар харалгүйгээр өөрөө хийчихнэ. Хэнтий, Булган, Дорнодын чигт өвсний болон сүүний цөцгий цохих гар машин, хотонд үдэш, шөнө дуугаргаж, чоно нохой үргээх ангийн буугүй айл нэг ч байхгүй. Арьс нэхий утах, ааруул ээзгий, сүү цагаан идээ боловсруулах амбаар, үдээр сур элдэх талхи, шир шүүдэх модон ган, төмөр торх, өвсний сэрээ, шимүүсэг гэдэг бол авгай хүүхнүүдийн гарын дор байдаг багаж зэвсэг. Би анх энэ бүхнийг Эрдэнэ багшийнхаа ном зохиолоос л уншиж мэдсэн. Хориод оны нүүдэл хойноос, Оросоос ирсэн буриадуудын отог овгийн амьдрал ахуй, гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийг харуулсан Эрдэнэ багшийн “Өдрийн од” гэдэг гунигтай боловч жинхэнэ амьд түүх өгүүлсэн сайхан тууж бол миний хувьд анхны ширээний ном, сурах бичгүүдийн маань нэг байсан юм. Хол явж газар үзээгүй, хил алхаж нүд тайлаагүй бага залуу насандаа Москвагийн Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийг мөрөөдөж явсан миний мэтийн хүмүүсийн нүдийг манай сонгодог зохиолчдын ном л нээсэн.

Түүний бичсэн “Өвгөн шувуу” өгүүллэг бол монгол хүний мөс чанар, өсч төрсөн нутаг ус, газар шороогоо гэсэн эзэн хүний их хайр, ертөнцийн жам ёс, бодьсодваа хийгээд хоосон чанарын сургаалыг нэвт шувт ухаарсан өвөг дээдэс минь гарцаагүй үхлийн өмнө ч толгой гудайлгүй амьдарч чаддаг байсныг уран сайхны аргаар нээж харуулсан гүн ухааны гайхалтай бүтээл.

Архины мухлаг бараадан гадаа чичирч зогсоход минь

Авралын бурхан шиг ирж шарыг минь тайлж

Буцааж авах хармын сэтгэл өвөрлөлгүй

Булган дээлээ ч тайлж өгөхөөс буцахгүй

Тийм сайхан багштай явсан эр хүн би

Тэнгэрийн дор, газрын дээр

Тэмээ шиг салхи залгин тэнэж явах цаг ирж

Тэнэг мангар хүмүүст ад үзэгдэн ганцаардаж суух болж

Агуу их Эрдэнэ, Есенин, Шолоховыг уншаагүй амьтадтай

Архи уулаа ч юугаа ярихсан билээ

Алтан титэм тэргүүндээ асааж, сувдан гутал өшиглөлөө ч

Айтматовын “Эхийн тал”-д нулимс унагахгүйгээр яаж амьд явах юм бэ.

“Малын хөлийн тоос” өгүүллэг хэдхэн хуудас богинохон мэт харагдавч үзүүлж буй үйл явдал нь баруун аймгаас хаврын хөх ногооноор тэмээн тэрэг хөтлөн, богино хөлтэй бог мал тууж гарсан хөлсний тууварчид намар болж, өвс ногоо гандахын алдад зүүн аймаг буюу Дорнодын Эрээнцавын баазад малаа тушаах хүртэлх урт, холын замыг туулах хэмжээний өргөн дэлгэр зохиомжтой сэтгэл зүйн зохиол билээ.

Ухаанаа төвлөрүүлж уншиж чадваас өдөржин хонь малын хооронд нааш цааш хөрөөдсөөр байгаад эцэж цуцсан тууварчны морь үдэш болсон хойно сая эмээлийг нь авч хазаарыг нь мултлахад өвс, хомоол хоёр ялгахгүй болтлоо өлсөж өлдсөнийг харахаас гадна тууврын зам сахин бүтэн жил хүлээсэн хайртай хүнийх нь зэс нь цухуйж ардаа, нутагтаа эхнэр хүүхэдтэй болохоо архины андуу сархадын сандуугаар даалуу тоглож байхдаа ам алдсанаас хөөрхий бүсгүйн хамаг бүхнээ хайргүй зориулсан халуун сэтгэл өөд ус цацдаг. ”Хун галуу, нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, Ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал” гэж даалууны гуншин дуудан согтуурахад Чанцалын хөлийн дор доорх газар цөмрөх шиг болдог.

Энэ бол зүгээр нэг үйл явдлыг нь хүмүүс сонирхож уншаад номын хавтас хаангуут мартагддаг зохиол биш. Эгчтэй, дүүтэй, охин үр хүүхэдтэй хүмүүст нэгийг бодогдуулж бүсгүй амьтныг өрөвдөж, хайрлах ухааныг алмай нойрмог, гэнэн тэнэг, хэнэггүй эрчүүл бидэнд намуухан хэрнээ мартагдахааргүй чангаар хэлж өгдөг билээ.

Түүний “Хулан бид хоёр” гэдэг өгүүллэгийг монгол туургатангууд байтугай Ази, Европынхон мэднэ. Бараг хүүхдээрээ шахуу бага залуу насандаа өөрөөсөө үе мултрах шахсан хөдөөний тэнэг танхай архичин хүнтэй нөхцсөн царайлаг хөөрхөн бүсгүй өөрөөсөө олон дүү жаахан хүүтэй хамт сумын наадамд очихоор уралдааны морьд хөтлөн явах замдаа тэр хоёр бие биенээ шохоорон Онон голын шугуйд очиж морьдоо услан амраах далимаар сэтгэлээ нээн ярилцдаг.

-Хулаан! Манай нутагт чам шиг хөөрхөн хүүхэн байхгүй шүү

-Надад бас сайхан юм бий.

-Тэр чинь юу юм бэ?

-Яагаав миний сэтгэл … Би хүний эрхэнд зовлонгоо нууж явна.

-Хулаан чи ингэж амьдрах ёсгүй, салаад яв. Чамайг “шар” Цамба худлаа сүрдүүлдэг байхгүй юу. Хаяад явчихвал яаж ч чадахгүй.

-Сампил аа, чам шиг хүнтэйсэн бол … Чи даанч ичимхий юм даа, Намайг үнс л дээ …

Тэдний хажуудах бургасны мөчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай “Эд ер нь яаж байна” гэсэн байртай толгойгоо гилжийлгэн шил сувс шиг өчүүхэн нүдээ эргэлдүүлнэ.

Гэтэл тэдний өмнөөс хэн нэгэн хүн улаан тоос татуулан давхин айсуй. Хулан морио гэнэт татаж, тэр хүний зүг түгшүүртэйгээр ширтээд Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхноо шалчийж орхив. Зүрх минь амаараа гарах нь ээ.

l l l

Хэрэв ийм явдал арван зургаа долоохон настай уншигч танд тохиолдсон бол та Хулан болоод өөрийгөө тэр согтуу, хартай зэрлэг танхай хүний гараас хэрхэн яаж аврах байсан бол. Энэ өгүүллэгийг та Хулантай хамт Ононгийн шугуйд ортол үргэлжлүүлэн бичсэнсэн бол уг зохиолыг чухам яаж төгсгөх байсан бол. Та түүний гэнэн томоогүй харцтай хөөрхөн нүд, царай зүсэнд нь татагдан чихэр жимс шиг амттай анхилхан улаан уруулыг үнсэх байсан уу. Эдлүүлж, эвдэрч амжаагүй гоолиг бэлхүүсээр нь тэврэн хатуу чилдгэр хоёр жаахан мээмийг нь цээжээрээ тэмтрэн таалж, “шар” Цамба болоод Ононгийн шугуй, сумын наадмыг мартаж чадах байсан уу.

Эрдэнэ баавай бол уран бүтээлийнхээ гарааг яруу найргаар эхэлсэн учраас түүний бичсэн үргэлжилсэн үгийн зохиол бүхэн нь шүлэг мэт эгшиглэнтэй, хөгжимлөг, уянгалаг байдаг. Би Эрдэнэ багшийн хоёр дууг мэднэ.

Голын тэртээ манан

Гогцоорон байж дэгдэнэ

Холын тэртээх айлаас

Хонгор чи минь ирнэ

Алиман сарны гэрэл

Алсын барааг тодруулна

Тольт зүрхний амраг минь

Тосон очихыг яаруулна

Талын тэртээх айлаас

Танхил чи минь ирнэ

Энэ дуунд хөгжмийн зохиолч, алдарт уртын дуучин Солийн Цоодол гуай аялгуу зохиож эдүгээ хүртэл хүмүүс дуулсаар байна.

l l l

Эрдэнэ баавайг хар багад нь эцэг нь баривчлагдан хагацал зовлон үзэж өнчирсөн ч хэзээ хэзээний язгууртан төрхтэй цэвэр цэмцгэр хувцасладаг их ганган шаавай хүн байсан нь түүний дотоод мэдрэмж, дотоод гоо сайхантай холбоотой. Цардмал захтай цас шиг цагаан цамцан дээр цус шиг улаан зангиа зүүж, оёос хийц сайтай тас хар костюм, герман шляп өмсөх дуртай хотын гангачуулын нэг байсныг би мэдэх юм. Энэ нь арваадхан насандаа офицерийн сургуульд орж цэргийн хүний дэг ёсонд суралцан шинелийн товч, гутал өнгөлж, захныхаа даавуугаа хадаж, жагсаалын сургууль хийж, өглөө бүр хувийн зохион байгуулалт, ариун цэвэр, бүс малгайгаа шалгуулж явсны хаялга буян ч байсан биз. Өвлийн өглөөний чөмөг царцам догшин жаварт салаан дарга “гамин” Жамба хэмээх хатуу харгис “хөгшин” цэргийн командаар 1905 оны Орос, Японы дайны үеийн “бөгтөр хараат” хэмээх унийн мод шиг урт винтов бууг амаар нь цас гудчуулан чирч Гандангийн хүр, Тасганы овооны жалга бүрийг нэгжин өөд, уруугаа мөлхсөөр байгаад өвдөг тохой нь цоорсон тухайгаа тэрбээр нэгэн тууждаа нүдэнд харагдтал бичсэн байдагсан. Сэтгэлийн тэмтрүүл сайтай багш маань дотоод гоо сайхнаа зохиол бүтээлээрээ дамжуулан өргөн олон уншигчдад хүргэж, хүний далд ухамсрыг хөгжүүлснээрээ бид мэтийн эхлэн бичигчдийн авьяасыг нээж айх, ичих мэдрэмж, шүтэх, хүндэтгэх юмтай хүн шиг хүн болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.

… Эргэн харвал тэртээ алсад цан хүүрэг татсан Магнайн нурууны их цас ар зооноос жиндүүлэн хүйт оргиулж, жаргалтай зуны гурван сарын нар хур, цэцэг ногоо тэр чигээрээ хөр хунгарт дарагдсан мэт санагдавч “Цэнхэрлэн харагдана” хэмээх сайхан дууны пянз сэтгэлийн гүнд цэнхэр өнгөтэй аялгуу шидлэн шаргин эргэсээр байлаа гэж төгсдөг миний “Цэнхэрлэн харагдана” нэртэй өгүүллэгийг Эрдэнэ багш минь их тоодог байсныг эдүгээ тавиад жилийн хойно дурсан санахад сайхан байна. Миний уран бүтээлд Эрдэнэ багш маань нэгэнтээ өөрийн дүнгээ тавьсан учраас би одоо дахин хэн нэгэн хүнээр хэдэн халтар өгүүллэгээ сайн, муугаар цоллуулах дургүй. Монголын сонгодог зохиолч, их бичгийн хүн Эрдэнэ бол надад Горькийн утга зохиолын дээд сургуулийн боловсролыг албан бусаар, эчнээгээр олгосон ачтан мөнөөсөө мөн билээ.

Тэнгэрийн одоор тэмдэг тавьж

Тэмүүжингийн босгосон хүн чулуутай

Ононгийн гарам дээрх өдрийн од

Орчлонд ховорхон сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнэ багш мину.

Categories
мэдээ нийгэм

Орчин үеийн Монгол Улсын үндэслэгч бол Сүхбаатар бус Богд хаан

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ


2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 09 тоот зарлиг буулгасан билээ.

2019 оны аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор “БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж, тус хуралд 100 гаруй эрдэмтэд, судлаачид оролцжээ. Энэ дугаартаа ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайханы тавьсан илтгэлээс толилуулж байна.

1990 оны үндэсний ардчилсан хувьсгалын нэгэн ололт нь монголчуудын үндэсний түүх, соёлоо сэргээн, өвлөн авч хөгжүүлэх эхлэлийг тавьсанд оршино. Өөрийн үндэсний эх түүхээ дурсан ярих эрхгүй, дэлхийн түүхэнд мөрөө тодоор үлдээсэн үндэсний баатруудаа дурсах, түүх соёлоороо бахархах эрхгүй явсан ард түмэн чухам ардчиллын буянаар ийм эрх, эрх чөлөөгөө олж авсан билээ. Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд, монголчууд Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг мушгин гуйвуулж, Богд хааны түүх намтрыг дайрч гутааж, тойрч зугтааж байв.

Богд хаан гэж хэн байв?

1869 оны шороон могой жил Төвөдөд төрөөд Богд Жавзандамба хутагтын хойт дүрээр тодорч, таван настайдаа Монголд бурхны шашны тэргүүний ширээнд өргөмжлөгдсөнөөс хойш түүний амьдрал тэр чигтээ монголчуудын сайн сайхны төлөө зориулагдсан юм.

Богдод багаас нь төвөд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншилыг түүнд сургасан байна. Богд гэгээн монгол, төвөд хэлийг өв тэгш сурав. Богдын номын сан бол дорно дахинд томоохонд орох номын цуглуулгатай байсан бөгөөд Богд төвөд, монгол зэрэг олон ном амтархан уншиж байсан гэдэг. Тэрээр Монголд шарын шашиныг тэргүүлж байсан Богдуудаас ганцаараа гавжын дамжаа барьсан байна.

43 настай Монголын үндэсний хувьсгалыг ялалтад хүргэж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Монгол Улсын эзэн хаан 1911 онд суусан түүхтэй. Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа өргөмжлөгдсөн сүүлчийн хаан билээ.1911-1924 онд хамгийн ээдрээтэй хэцүү үед Монголын төрийг тэргүүлж, монголчуудад тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх чөлөө авчирсан үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулсан гавьяатай.

Бурхны шашин ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэж, түүний тэргүүн Богд гэгээн тэр үндэсний тэмцлийг удирдаж, ялалтад хүргэсэн нь түүхэн үнэн юм. Нөгөө талаас монголчууд, тухайлбал Эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, үндэсний сэхээтнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна гэдгийг гүнзгий ухамсарласны үр дүнд үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа сэргээн мандуулан, төрийнхөө гал голомтыг сэргээж чадсан билээ. Энэ бол Манж Чингийн эрхшээлээс хоёр зуу гаруй жилийн дараа монголчууд гарч, нар үзсэн хэрэг юм. Богд хааны түүх гэдэг бол ХIХ зууны сүүлчээс ХХ зууны 30-аад он хүртэлх үеийн монголчуудын түүх юм. 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд эзэн хаан таалал болсны дараа 1924 оны зургадугаар сарын 3-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдээс Монголд бүгд найрамдах засаглал тогтоох тухай шийдвэр гаргаж, Богд хааны тамгыг Засгийн газарт шилжүүлэн залж хадгалахаар болжээ.Уг шийдвэрийн дагуу битүүмжилсэн саванд Богд хааны хаш тамга, мөнгөн эрдэнэ тамга, алтан тамга, алтан өргөмжлөл тэргүүтэй үнэт зүйлс орсон байна. Социализмын жилүүдэд эл савыг нээсэнгүй Засгийн газарт хав дарсаар 1990 онтой золгожээ.

1995 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн 47 тоот захирамж гарч, “Засгийн газрын нэр дээр Монголбанкинд хадгалагдаж байсан үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн 20 нэр төрлийн үнэт, дурсгалт зүйлсийг Монголбанк, Сангийн яамны мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хэсгийн шалгаж тогтоосон үнээр Эрдэнэсийн үндсэн санд байнга хадгалуулахаар худалдах нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэжээ. Ерөнхий сайдын захирамжид “Эрдэнэсийн үндсэн санд байнга хадгалуулахаар худалдах үнэт, дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн сангийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохих хяналт, хамгаалалттайгаар хүлээлгэн өгөхийг” даалгасанаас гадна “Үнэт, дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн санд худалдсаны орлогыг төсөвт авч түүний зохих хэсгийг Улсын Их Хурлаас тавьсан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн төр, засгийн төв байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах, төрийн ордон, Ерөнхийлөгчийн өргөө болон бусад байр, тусгай объектыг засварлах, тохижуулах арга хэмжээнд зарцуулах зориулалтаар олгохыг” Сангийн яамны сайд Э.Бямбажавт зөвшөөрсөн байна. Ийнхүү битүүмжлэн хадгалсан Богд хааны тамга тэргүүтэй үнэт зүйлсийн мөнгөөр Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь үнэхээр сонирхолтой юм.

Дээр дурдсан шийдвэрийг үндэслэн БНМАУ-ын болон МАХН-ын түүхэнд “Бүгд найрамдах байгуулал тогтоох аятай шалтаг нь Богд гэгээн нас барсан явдал байв” хэмээн бичсэн байна.Монголчууд шашны тэргүүнээ, төрийн тэргүүнээ таалал болсон үйл явдлыг “аятай шалтаг” хэмээн үзэж байсан юм гэж үү. Богд таалал болсон мөчөөс эхлэн түүний нэр төрийг гутаах ажил шууд нарийн зохион байгуулалттайгаар эхэлсэн гэхэд болно. Үнэндээ 1921 оны долдугаар сараас хойших Ардын засгийн газрын нэрээр улаантны зөвлөхүүдийн хийж байсан бүхий л ажиллагаа шууд бусаар үүнд чиглэж ирсэн билээ. Саж ламын хэрэг, Бодоогийн хэрэг, Их Жанжин Сүхбаатарыг хордуулсан тухай, Эх дагины сэжиг бүхий таалал болсон явдлууд ар араасаа нэг л зүгт чиглэж байсан юм. Тэр бол ард олондоо бурханчлан Амьд бурхан хэмээн тахин шүтэгдсэн, нэр алдар нь монгол овогтоны дунд хүлээн зөвшөөрөгдсөн Наймдугаар Богд Жавзандамба хутагт байсан юм.

Иймээс 1919 онд Богд хааны ордонг Хятадын гамин цэргүүд бүсэлж байсан шиг 1921 оны арваннэгдүгээр сард ч Богд хааны ордонг улаан орос цэргүүд бүсэлж айлган сүрдүүлэн байсан тэр үед Тангаргийн гэрээ гэдгийг Ардын Засгийн газар дангаар баталж, Москвад Монгол Зөвлөлтийн гэрээнд гарын үсэг зурж байв.

1923 оны хоёрдугаар сард Жанжин Сүхбаатар таалал болж, тэр дор нь түүнийг Богд хаан хорлосон хэмээсэн цуу тарааж орхив. Энэ цуу зуу гаруй жил лав явжээ. Олон ч хүмүүс үнэмшиж, түүх орвонгоороо эргэсэн байх. Улмаар 1923 оны зургадугаар сарын 27-нд Богдын хатан Дондогдулам таалал болов. Маргааш нь Ринчинод хэл хүргэжээ. Энэ бол Америкийн консул С.Сокобины онож тэмдэглсэнчлэн Богд хаанд өгсөн сүүлчийн сануулга байлаа. Ердөө жил хүрэхгүйн дараа 1924 оны тавдугаар сарын 20-нд Монголын сүүлчийн эзэн хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагт таалал болсон билээ. Түүнээс ердөө хэдхэн хоногийн дараа МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах засаглал тогтоосоноо зарласан бөгөөд яг тэр заалт тэр чигээрээ үг үсгийн ч зөрөөгүйгээр 1924 оны Үндсэн хуулинд суусан юм.

Түүх бичлэгт Богд хааныг “оюуны удирдагч”, “оюун санааны удирдагч” хэмээх үгс олонтаа гарна. Энэ үг чухамдаа юу гэсэн үг вэ, англиар spiritual leader хэмээн хэлдэг үгийн утга бол ердөө шашны тэргүүн хэмээсэн утгатай байна. Энэ бол Богдыг Монголын үндэсний хувьсгалын удирдагч, төрийн тэргүүн байсныг хүлцэн тэвчиж чадахгүй байгаагийн л илрэл юм.

Өнөөгөөс 108 жилийн тэртээ Чингис хааны алтан ургийн Халхын дөрвөн ханы дотроос хамгийн ойр төрөл болох Түшээт хан Дашням Монгол Улсын эзэн хаан сууж болох байсан боловч түүний хэлсэн “Би бол энэ төвөд гаралтай Жавзандамбыг бодвол Их Чингис богдын угсаатны хаадын дотроос ахмад нь билээ” (Навааннамжил Гадаад Монголын автономит үеийн түүх, гар бичмэл, Улсын нийтийн номын сан: 81) хэмээх үгс салхинд хийсэх төдий болж өнгөрчээ.

Хэрэв үнэхээр л Монголын ноёд Богд Жавзандамба хутагтаас илүү үндэсний хөдөлгөөнд санаачлагч, удирдагч, хэрэгжүүлэгчдийн эгнээнд байсан бол Эзэн Чингисийн угсааны ханыхаа хэлснийг дэмжиж болох байсан биз. Харин ийнхүү дэмжээгүйгээр барахгүй, Богд Жавзандамба хутагтын заасан замаар л хөтлөгдөж байсан нь Богдын нөлөө хийгээд уг үйл явдлыг тэрбээр өөрийнхөө санасан бодсоноор удирдан залж байсаныг илтгэнэ.

Харин хэт зүүний үеийн гол төлөөлөгчдийн нэгэн болох Ө.Бадрах Богдын талаар “Жавзандамба хутагтын наймдугаар дүр болбоос шашин төрийг хослон баримой хэмээх түүх бүхий учир Монголыг Хятадын /Манжийн/ мэдлээс гаргаж, автономитыг ба одоо ардын засгийг байгуулсан гавьяа буй” хэмээн бичсэн нь түүний тухай үнэнийг өгүүлэхээс зайлсхийж чадаагүй хэмээн үзэлтэй. Гэтэл түүнээс сүүлд бичигдсэн МАХН-ын түүх болон БНМАУ-ын түүхэнд дээр дурьдсан зохиогчийн хүлцэн зөвшөөрсний хэмжээнд ч Богдод үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй нь үзэл суртлын хэмжээнд хэр их автсаныг харуулна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан М.Петухов 1939 онд бичихдээ: “Автономит Монголын толгойлогч нь Богд байсан бөгөөд … Өргөн олон ардууд нь Богдыг занан үзэж байсан бөгөөд жишээлбээс ардуудаас сохор тангад үхээгүй цаг дор бид амрах цаг үгүй хэмээн ярилцацгааж байсан баймой. Ард олон нь Богдыг сохор хэмээхээс өөрөөр нэрлэж байгаагүй” хэмээн Богдыг илт дайран доромжлох үйл явц энэ үеэс эрч хүчээ авчээ. Улмаар уран сайханы кино, уран зохиолд Богд хааныг хамгийн муухайгаар дүрслэн харуулсан байна.

Хэдийгээр хатуу хяналтын дор үзэл суртлын зэвсэг ажиллаж байсан ч гэсэн үнэний эрэлд зүтгэж байсан эрдэмтэн цөөн ч гэсэн байжээ.

Монголын эрдэмтэн Ш.Сандаг бүр 1971 онд хэвлүүлсэн зохиолдоо “нэн ялангуяа 1911 онд Монголын үндэсний тусгаар тогтнолыг тунхаглаж хэмжээгүй эрхт Богд хаант феодалын Монгол Улс байгуулсан явдлын ач холбогдлыг олон талаас дэнслэн үзээгүй, тэр үеийн улс төрийн зүтгэлтний үйл ажиллагааг хавтгайруулан дүгнэсэн, 1911–1919 оныг Монголын “автономит үе” гэж томьёолсон зэрэг нь уул асуудлуудыг бүдүүвчлэн хялбарчилсан буюу тойрч гарсан, үнэн бодит байдлыг бүрхэгдүүлсэн байна” гэж дүгнэсэн атал түүнээс хойш бичигдсэн нам, улсын түүх, эрдэмтдийн бүтээлд эл асуудлыг олон талаас нь дорвитой дүгнэсэн нь өнөө хэр тийм ч элбэг бус байгааг хүлээн зөвшөөрөх нь зүй болов уу. 1911 онд монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ.

Ийнхүү олон монголчуудын сэтгэлд нийцсэн амжилт олсон 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж, удирдсан хүн бол VIII Богд Жавзандамба хутагт бээр мөн юм. Буддын шашин ХХ зууны эхээр монголчуудыг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, бурхны шашины тэргүүн Богд гэгээнийг үндэсний удирдагч болоход шууд нөлөөлөл үзүүлсэн нь тодорхой байна.

1911 оны аравдугаар сарын 21-ний өдөр Хүрээнд ирээд байсан Добданов “Халхын амьдралын ирээдүйн бүх шанс ганцхан Богд хааны гарт байна. Түүний улс төрийн мэргэн ухаан одоо хэр тодорхойгүй байна” гэсэн байна. “Хутагтын хувьд Монголын хаанаар өргөмжлөгдсөн явдал нь санамсаргүй хэрэг бус байлаа. Тэрбээр олон жилийн турш бараг л тийм байсан юм. Тэрээр дэлхий дахины өмнө Монголын хаан болохоо харуулахыг олон жилийн турш тогтмол, болгоомжтой, бодлоготойгоор бэлтгэсэн юм. Ийнхүү болсон эргэлт нь бүхэлдээ Хутагтын мэргэн бодлого, түүний төрийн нарийн ухааны шижим юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрээр монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. Үүнийг нэлээд эртнээс Оросын эзэнт гүрний засгийн газар мэдэрч, Богд гэгээнтэй нягт холбоо тогтоохыг эрмэлзсэн юм. Иймээс бүр 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Я.Шишмарев бичихдээ: “Хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй.

Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн мэдээндээ: “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно”, “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэжээ. Богд эзэн хаан жанч халтлаа Монголын үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдал, монголчуудын уламжлал, соёл, шашины төгс ирээдүйн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөж байв.

Богд хааны тууштай байдал бусдыг араасаа дагуулж, тойрон хүрээлүүлж, зоригжуулж, нэг зүгт чиглүүлж чадсан байна. Тэрбээр Хятадын ерөнхийлөгч Юан Ши Кайн дарамт шахалтад өчүүхэн төдий гуйвж дайвсангүй, хээл хахуульд нь идэгдсэнгүй. Өөрийн сонгож авсан зам дээрээ бат зогсож, Монгол тусдаа тусгаар тогтносон, бие даасан улс байх учиртай хэмээхийг ягштал баримталж чадсан юм. Тэрбээр ухамсарт бүхий л амьдралаа монголчуудын үндэсний тусгаар тогтнол бэхжих, үндэсний уламжлал, шашин, соёл эрхэм үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө зориулсан байна. Тухайлбал, төрийн бүх хэргийг монгол хэлээр, монгол бичгээр явуулахыг зарлигдав. Төрийн тамга, төрийн түшмэдийн хувцас монгол байх, төрийн хууль цаазыг монгол уламжлалдаа түшиглэн боловсруулах, Монголын угсаа залгамжилсан хан, ван, гүнгүүдийн намтар, уг түүхийг үнэн магадтайгаар бичүүлэх, хөтлөн явуулах, монгол ноёд хятад эхнэр авч болохыг хориглох зэрэг Богд хааны гаргасан зарлиг, шийдвэрүүд архивын шарласан хуудсанд дүүрэн үлджээ. Зуун дамжин сүндэрлэх Өндөр Мэгзэджанрайсиг, Түмэн гэлэнгийн хайлан гээд бурхны шашны хөгжилд оруулсан үнэт хувь нэмэр олон буй. Түүний шийдвэртэй зоригтой хийсэн алхмуудын хүчээр Орчин үеийн Монгол Улсын үндэс суурь 1910-аад онд тавигдсан юм. Тухайн үед Богд хааны нэр хүнд, нөлөө, ач холбогдол лам нар, сүсэгтэн олон, нийт монгол үндэстний дунд маш өндөр байсаныг “Католик шашинтнуудын папаас илүүгүй юм аа гэхэд дутахааргүй байсан” хэмээн Оросын эзэн хааны Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец бээр тэмдэглэсэн байдаг.

Улс үндэснийхээ XX зууны түүхийг үнэн мөнөөр нь сэргээж, хүн зоноо ухааруулж сэнхрүүлэх явдал манай өнөөгийн нийгмийн оюун санааны өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх болно. Зуун жилийн өмнөх бидний өвөг дээдэс биднээс илүү ухаантай байжээ. Биднээс илүү зовлон туулсан байна. Тиймээс л монгол үндэстний тасарсныг залгаж, эвдэрснийг эвлүүлэх, мартсаныг сэрээхийн төлөө тэдний үг, тэдний бодол, тэдний сэдэж хэрэгжүүлж эхэлсэн алхмуудыг зөв хэмээн үзэж, зуу гаруй жилийн дараа ч болов монгол түмэндээ хүргэхийг зорьж буй юм.

Учир нь өнөөгийн Монголын үндэс суурийг эрэлхэг жанжин Сүхбаатар бус Богд хаан тавьсанд асуудлын учиг оршино. Өөрөөр хэлбэл, Орчин үеийн Монгол Улсын үндэс суурийг тавьсан үндэслэгч бол Богд хаан мөнөөс мөн хэмээн хэлж байгаа хэрэг. Түүх бол үнэн бодитой байх хэрэгтэй.

1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Богдыг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин залах ёслол болов. Энэ бол гурав дахь удаа байлаа.

Өмнөх хоёроос ялгарах зүйл нь энэ ёслол хуурамч байсанд оршино. Учир нь яг энэ өдрөөр Богд хааны улс төрийн амьдрал дууссан юм. Тиймээс уг үйл явдлыг гадныхан “намайг эзгүйд намайг гэрлүүлчихлээ” гэдэг шиг зүйл боллоо хэмээн бичиж байлаа.

Энэхүү үйл явдлаар Богдыг хэмжээт эзэн хаанаар өргөмжилсөн нь Богд болон монголчуудад бус зөвхөн Оросын улаан засаг, түүний хүүхэлдэй болсон ардын засгийнханд Богд хааны нэр сүр, алдар хүндийг ашиглахад хэрэгтэй байлаа. Ард олонд Богд хааны нэрийг барьж, өөрийн бодлогоо тулгах явдал Ардын нам, улаан армийнхан Монголын хил даван орж ирсэн цаг мөчөөс эхэлсэн юм.

Барон Унгерн 1920 онд Монголд орж ирэхдээ л би Богд хааны урилгаар орж ирлээ, гэсэн бол Ардын намынхан 1921 оны 7 дугаар сард орж ирэхдээ “Бид Богд хааны зарлигаар” яваад ирлээ хэмээн адилхан үгс хэлж байлаа. Чухам үнэн хаана байгааг Богд хаан ялгаж салгаж байсан юм. Бодоо Ерөнхий сайдын албанаас буудаг нь Хүрээнд орж ирсэн Улаан цэргийн армиийн бие бүрэлдэхүүнийг гаргах учиртай гэснээс болсон нь лавтай хэрэг. Бодоо хүний тоглоом болсоноо л ойлгож эхэлсэн тул зайлуулагдав.

1921 оны долдугаар сараас хойш Ардын засгийн газраас Богд хааны эрх мэдлийг хумих, нэр хүндийг унагах талаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байлаа. Саж ламын хэрэг, Бодоогийн хэрэг, Цэрэнпил гүнгийн хэрэг, Сүхбаатар жанжан таалал болов гээд бүхий л ажиллагаанд Богд буруутан болж байлаа. Богдын нэр хүнд монголчуудын дунд маш өндөр байсан нь шууд үгүй хийж чадахгүй байсан юм. Үүнийг Японы тагнуул бичихдээ бүр Богд 1924 оны эхээр таалал болсныг ард олноос нуусан хэмээн бичиж байлаа.

1924 онд таалал болсноос хойш Богдын нэр хүндийг хамгийн саар байдлаар дайран гутаахад ашиглаж байлаа. Энэ бол үзэл суртлын зэвсэг болгоход маш тохиромжтой дүр байсан юм.

Учир нь Богд бол монголчуудын хувьд харь гаралтай хэмээн оросууд үзэж байлаа. Тиймээс ХХ зууны турш үзэл суртлын нэг том зэвсэг бол шар толгой феодал Богд болсон юм. Ингээд эхний ээлжинд түүний дүрийг тодруулахгүй байх талаар дэс дараалалтай бодлого явуулж тасалж дөнгөв.

Улмаар БХКбН-ын түүх адил МАХН-ын түүхэнд Богдын тухайд ямар улс төрийн жанжин шугам баримтлахыг тодорхойлж бичнэ. Үүний дараа улсын түүх, уран сайхны кино, уран зохиол, дуу шүлэг гэх мэтээр бүхий л үзэл суртлын хэрэгслээр Богдыг муучилна. Ийм байдлаар Богд бол Монголын түүхэнд хамгийн сөрөг дүр болон хувирсан болно.

Дээр дурдсан бүхэн бол монгол үндэстэнд хор хохирол учруулсан улааны үзэл суртлаас ангижирахын тулд хэлж буй шүүмжлэл болохоос хөрш орон Орос улсыг шүүмжилсэн хэрэг бус юм. Коммунизмын өлгий нутаг хэмээн нэрлэгдсэн байсан Орос улсад коммунизмын үзэл суртлаас ангижирч, орос үндэстний түүх, соёл, уламжлалаа хэмээсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж байна. Энэ бүхний учрыг ялган салгаж ойлгох нь зүйтэй байна.

1990 оны үндэсний ардчилсан хувьсгалаас хойш ч энэхүү социализмын үеийн үзэл суртлын уур амьсгал Монголд үргэлжилсээр байна. 30 жилийн босгонд Ерөнхийлөгчийн зарлиг буулаа. Баярлалаа.

Харин цааш цаашдаа ийм удаан темпээр яваад байвал төөрч будилсан монгол үндэстэн өөрийн үндэсний түүх цадигаасаа өөрсдийгөө хэзээ олж таньж сэрэх бол оо?

О.БАТСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тайлангийн хурал боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тайлангийн хурал боллоо. Салбарын сайд Ё.Баатарбилэг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны үйл ажиллагаа, хүрсэн үр дүн” сэдвээр тавьсан илтгэлдээ 2019 онд гурван зорилт дэвшүүлэн ажилласнаа тодотгож, хэрэгжилтийг танилцуулав.

Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд урьд жилүүдээс гурав дахин их ачаалалтай ажиллаж, Засгийн газрын хуралдаанаар 90 асуудал хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж гаргуулсан байна. Түүнчлэн тус салбарын боловсруулж, өргөн мэдүүлсэн хоёр хууль Улсын Их Хурлаар батлагдаж, гурван хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийг харьцуулахад хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ. Он эцэслэх энэ өдрүүдийг хүртэл 76 цэцэрлэг, 46 сургуулийг ашиглалтад авснаар цэцэрлэгийн ор 10020, ерөнхий боловсролын сургуулийн суудал нэг ээлжиндээ 17790-ээр нэмэгдэв. Түүнчлэн Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгуудын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг онцоллоо.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд 21 аймаг, алслагдмал хоёр дүүрэгт биечлэн ажиллаж, 15000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, судлаач, соёл, спортын салбарын ажилтан албан хаагчидтайгаа уулзсан байна. Мөн Монголын багш нарын VII их хурал, Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурлуудыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, хурлуудын мөрөөр Засгийн газрын тогтоол гарч, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц авчирсан жил болсныг онцолж байна.

Салбарын сайд Япон, ОХУ, БНХАУ, АНУ-д ажлын айлчлал хийж, ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Шинжлэх ухаан, техникийн асуудал хариуцсан сайд нарын уулзалт, Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хуралдаан зэрэгт оролцож, салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудсуудыг нээж ажилласан байна.

Хурлын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар 2019 онд салбартаа үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, ажилд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Цас орж цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад талархал дэвшүүлэв

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас 300 гаруй цэрэг Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байна. Цэргүүд шахмал түлш савлах, түгээх зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаагчид өчигдөр шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар оролцон цэргийн алба хаахын хажуугаар Улаанбаатар хотыг утаагүй болго үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байгаад талархал дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Энхийн цагт эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үр дүнтэй оролцож болдог гэдгийг эрэлхэг дайчид ээж аавын хөвгүүд та бүгд харуулж байна. Нийслэлээ цэвэр агаартай хот болохын төлөө нийт зэвсэгт хүчний 5 ангийн 300 гаруй бие бүрэлдэхүүн хичээн зүтгэн ажиллаж байгаа. Та бүгдээр эх орон, ээж, аав, ах дүү цаашлаад нийслэлчүүд бид бахархаж байна” хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Цэргийн дээд цол олголоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн н/02 дугаар зарлигийг тус тус үндэслэн:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Сайннямбуугийн Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Мангалсүрэнгийн Энх-Амар нарт Бригадын генерал цол олголоо.

Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.