Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ гэрт нь үлдээхдээ галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдүүдээ тодорхой эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тухайлбал, хүүхдүүддээ сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх, галлагаагаа зөв хийхийг зааж, мэдээллээр хангах нь маш чухал юм.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхдээ дараах зөвлөмжийг мөрдөнө үү.

1. Галлагаа хийхдээ галын хотолыг дүүргэхгүй байх
2. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх

Дээрх аюулгүй байдлын заавар зөвлөмжийг эцэг эхчүүд та бүхэн хэрэгжүүлснээр хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ нэгдүгээр сарын 1-ний өдөр “Нар харах аялал”-ыг зохион байгуулна

Монголчууд шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээдэг. Тиймээс ч шинэ оны өглөө нар харах ёслолд оролцох нь элбэг болжээ.

УБТЗ-ын “Аялал жуулчлалын төв”-өөс 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр “Нар харах аялал”-ыг зохион байгуулж байна.

Нар харах аяллын галт тэрэг тухайн өдрийн 05:50 цагт вокзалаас хөдлөх аж.

Тасалбарын үнэ 35,000₮ бөгөөд аяллын хөтөлбөрт галын наадам багтжээ.

Тасалбарыг “Төмөр замын дуу, бүжгийн чуулга”-ын байр болон 21242644, 21264445 дугаарт холбогдон худалдаж авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Д.ӨНӨБАТ: Эрдэнэт үйлдвэр ирэх онд “Ёс зүйтэй ажилтан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” уриан дор ажиллана

Байнгын хөдөлгөөнд оршиж буй нийгмээ дагасан хөрвөх чадварыг Эрдэнэт үйлдвэр эрэлхийлсээр байгаагийн нэг тод илрэл нь Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан явдал байлаа. Тусламж, дэмжлэгийг хэрэгтэй нэгэнд нь хүргэж, удирдлага, ажилтны хооронд холбох гүүр болсон энэ хэлтсийн үүрэг оролцоо чамгүй их болох нь олон зүйл дээр харагддаг. Энэ ч утгаараа оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж суугаа Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатыг зочноор урьж ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэр 2019 онд ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг илүү оновчтой, хүртээмжтэй шийдвэрлэхэд чиглэсэн Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан. Хийсэн ажлынхаа үр дүнг эргэн харахад ямар тодорхой ажлууд хийв?
-Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна нийгэмд нөлөө үзүүлэгч, нийгмийн хариуцлагатай жишиг аж ахуйн нэгж болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна. Эрдэнэт үйлдвэрийг олон нийт эдийн засгийн үр өгөөжөөр нь хардаг бол энэ үйлдвэр улс болон орон нутгийн хэмжээнд оруулж байгаа нийгмийн хариуцлагын ажил, үйлдвэрийн газраас ажиллагчдадаа хүргэх нийгмийн хариуцлагын ажлуудаа тооцож үзэхэд аль аль талдаа дэвшилттэй жил байлаа.
Нэгд, Эрдэнэт үйлдвэрийг төр 100 хувь өөрийн мэдэлд авч, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүтцийн хувьд өөрчлөлт орсон. Төр иргэддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тул тэрхүү иргэдийн нэг хэсэг болох Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад зориулсан “Нийгмийн харилцааны хэлтэстэй болох нь зөв” гэсэн шийдэлд хүрсэн явдал байлаа. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хот дагуулсан үйлдвэр гэдэг утгаараа соёл, спорт, цэцэрлэг, сургууль зэрэг хотод байх ёстой бүх зүйлийг барьж байгуулахад оролцсоор ирсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 870 гаруй ажилтантай нийгмийн 10-аад цех нэгжээр дамжуулан үйлдвэрийн ажиллагсад, тэдний гэр бүл, үр хүүхэд, аймгийн хэмжээнд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлдэг болтлоо хөгжжээ. Бага зардлаар, илүү олон үйлчилгээг чанартай хүргэх зорилго бидэнд тавигдаж байна. Тусламж дэмжлэгийг хавтгайруулах бус илүү залуучууд руу, дэмжлэг авах ёстой ахмад руу чиглэсэн олон талт хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг харсан. Энэ чиглэл рүү харсан стратеги бодлого, урт болон богино хугацааны төлөвлөгөөг хийж байна.
-Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр энэ оныг “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Гэхдээ энэ оны ололт амжилтууд зөвхөн техник, технологи, үйлдвэрлэлийн хувьд байсангүй. Үйлдвэрийн газрын Тогтвортой хөгжлийн бодлогын нэгд, Нийгмийн бодлого багтдаг. Нийгмийн чиглэлд хандуулсан бодлогын хүрээнд том хэмжээний, урьд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, ажил хэрэг болгосон. Эдгээрийн нэг нь 3 төсөл бүхий орон сууцны Уурхайчин хөтөлбөр юм. Төслийн ажлууд эхэлсэн ч одоо мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн орчинд тендер шалгаруулалтын явцад саатал гарч, зарим ажил хараахан хугацаандаа эхэлж амжаагүй. Энэ жилийн тухайд шийдвэрлэсэн томоохон ажлын нэг нь хүүхдийн цэцэрлэг нэмж төлөвлөсөн. Нийт уурхайчдын маань 60 гаруй хувийг залуучууд эзэлж, тэдэнд орон сууцнаас гадна хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгаа учраас шинээр баригдаж эхэлсэн хороолол дундаа 2020, 2021 онуудад 2 цэцэрлэг барихаар болсон. Мөн Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборт 210 хүний ортой зочид буудлын барилга ирэх хавраас баригдахаар төлөвлөөд байна. Энэ бүхэн аймаг, бүс нутагт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх, зах зээлийн орчинд татаасаа багасгаж, үр ашигтай ажиллах нэг хэлбэр гэж ойлгож болно. Энэ онд нийгмийн хариуцлагын зардал өмнөх оноос буурсан харагдаж байгаа нь төлөвлөсөн ажлууд багассан хэрэг биш юм. Үйлдвэрийн газраас орон сууцны дэмжлэг болох 8 сая төгрөгийг оны эхнээс 12 сая төгрөг болгож, жилдээ 400 гаруй хүн авч байсныг 518 хүнд олгосон. Ахмадуудад жилдээ 2 удаа олгодог 45 мянган төгрөгийг Ерөнхий захирлын санаачилгаар нэмэгдүүлсэн гээд тоочвол олон зүйлийг нэрлэх байх.
-Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоод хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний заалтууд амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнээр нь үр дүнг тооцох ёстой байх. Өмнөх гэрээний талаар тодруулбал?
-“Хамтын гэрээ” бол ажилчдадаа хүргэж байгаа нийгмийн хариуцлагын нэг тод илрэл. Бид өмнөх жилд хийсэн ажлын үр дүнгээ нэгтгэж, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-г дүгнэхэд 102.6 хувийн биелэлттэй гарсан. Энэ нь ажил олгогчийн зүгээс хүлээсэн үүргээ 2.6 хувиар илүү биелүүлснийг харуулж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр орон нутагтай хийсэн хамтын гэрээгээр бүс, орон нутгийнхаа хөгжилд оруулж байгаа нийгмийн хариуцлагаа дүгнэдэг. Улсын хэмжээнд болж байгаа уул уурхай, спортын томоохон тэмцээн уралдааныг тогтмол дэмжин ажиллаж, 2020 онд Олимпын наадмын ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болсон. Энэ бүхэн нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж гэдгийг бүрэн илтгэх байх.
-2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-нд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бэ?
-Аливаа аж ахуйн нэгжийн хөгжил нийгмийн хөгжлийг даган өөрчлөгддөгийн адил Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд жишиг тогтоож яваа. Тэр утгаараа гэрээнд хэд хэдэн шинэлэг заалт орсон. Захиргааны зүгээс оруулсан өөрчлөлтүүд ч бий. Миний хувьд “Хамтын гэрээ”-нд дөрвөн удаа оролцож байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад ҮЭХ-той хамтран баялаг бүтээж, түүнийгээ шударга хуваарилах зарчим баримтална гэдгээ тохирсон. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг бүрэн ашиглах, зардал бууруулахад зөвхөн захиргаа бус Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллах ёстой гэдэг нэг шийдэлд хүрлээ. Үйлдвэрчний байгууллага гэдэг нь ажилчдын төлөөлөл учраас захиргаатай хамтран ажилласнаар үйлдвэрлэлийн процессыг сайжруулан, компанийн хөгжлийг урагшлуулах тул онгоцны хоёр далавчтай адилтгаж болох. Хоёулаа байсан цагт компани урагш хөдөлнө. Бид сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийг нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэр болгохын төлөө ажиллаж байна. Нийгмийн хариуцлага нь бие хүмүүсийн хариуцлагаас бүрддэг тул тухайн бие хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх нь маш чухал юм. Ажилтан бүрийн ёс зүйг хөгжүүлж, нэгдсэн хяналтыг бие биедээ тавьж, нийгмийн хариуцлагад хүрэхэд хамтран ажиллах шийдэлд хүрсэн. Ажилтан хүн тусламж дэмжлэг авснаа нуун дарагдуулах, дахин авах гэж оролдох, бусдаас түрүүлж илүү эрх эдлэх, бусдад хүрэх тусламж дэмжлэгийг өөртөө авах нь бие хүний ёс зүйтэй хамааралтай. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний дагуу дэмжлэг туслалцаа олгох, олон нийтийн хяналт тавихад хоёр тал хамтран ажиллана.
-Нийгмийн харилцааны хэлтэс мэргэжлийн социологичтой болсон. Төлөвлөгөөт ажлуудаа суурь судалгаанд тулгуурлан гаргах нь ямар давуу талтай байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн нийгэмд эзлэх байр суурь, нөлөөлөл том учраас нийгмийн эрэлт хэрэгцээг байнга судлах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ч манай хэлтэс анх байгуулагдахдаа социологичийн орон тоо баталж өгөхийг хүссэн. Өмнө нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байсан бол өөрийн орон тоон дээр мэргэжлийн хүн ажиллуулснаар ажиллагсдынхаа дотоод судалгааг тасралтгүй явуулах нөхцөл боломж бүрдсэн гэж болно. Ямар нэг үйл ажиллагааг судалгаан дээр суурилах нь удирдлагын түвшинд шийдсэн шийдлийг илүү бодитой, хөрсөн дээр хэрэгжих боломжтой болгож байгаа юм. Нийт ажиллагсдын дунд үйлдвэрээс үзүүлж байгаа дэмжлэг, тусламжид сэтгэл ханамж хэр байдаг талаар судалгаа явуулахад 56 хувь нь сэтгэл хангалуун, 30 гаруй хувь нь боломжийн, 20 гаруй хувь нь илүү сайжруулалтыг хүссэн бол 7-8 хувь нь мэдээлэлгүй байна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү судалгааны дүнг үндэслэн мэдээллээ илүү хүргэх, дүрэм, журмыг танилцуулах, ажиллагсдынхаа саналыг тусгах хэрэгтэйг олж харсан.
-Эрдэнэт үйлдвэр халуун ам бүлийнхээ 8 залуу гэр бүлд амины орон сууц бэлэглэснийг сайшаах хүн олон байна. Ажиллагсдаа дэмжин урамшуулсан энэ ажил тусламж, дэмжлэг зохих хүмүүстээ хүрсний нэг илрэл болсон байх?
-Тоондоо бус зарчмын хувьд шинэчлэл хийснээрээ энэ ажил олон хүнд хүрсэн. Ажилласан жилийг нь харж байр олгодог байсан бол энэ удаа инновацийн төслөөр Эрдэнэт үйлдвэрт онцгой хувь нэмэр оруулсан 3 ажилтан, үндсэн цехүүдээс тус бүр нэг ажилтан, нийгмийн 10 цехээс нэг ажилтанд гэх зэргээр маш нарийн шалгуурыг харсан. Ажилласан жилээс илүүтэй тухайн хүний үйлдвэрт оруулсан хувь нэмэр, үр өгөөжийг онцолж амины орон сууцны түлхүүрийг гардуулсан. Залуу ажилтнуудын хувьд мэргэжлээрээ өсөж дэвших, илүү ихийг хийж бүтээх урам өгсөн гэдэгт итгэлтэй байна. Хэлэх гэсэн санаа нь та үйлдвэртээ юу хийж, бүтээж чадна, тэр бүхнийг үйлдвэрийн газраас харж, үнэлж байдаг юм шүү.
-Оны ажлаа ололт амжилтаар үдэж байгаа хэлтсийнхээ нэрийн өмнөөс нийт уурхайчдадаа хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Эрдэнэт үйлдвэр ирэх онд “Ёс зүйтэй ажилтан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” уриан дор ажиллах болно. Улиран одож буй 2019 оныг шинэ дээд амжилтаар үдэж буй баялаг бүтээгчдэдээ айсуй оны мэндийг дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​DNN.mn сайт энэ оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

Image result for үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт

Парламентат ёсыг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт

Энэ оны онцлууштай үйл явдлын нэг нь сүүлийн гурван их хурал дамжин хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан явдал юм. 11-р сарын 14-ны өдөр УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан нь түүхэн үйл явдал гарцаагүй мөн. Үндсэн хуулийг УИХ-ын 63 гишүүн 100 хувийн саналаар баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн бүх нийтээр даган мөрдөх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11-р сарын 27-ны өдөр ёсчлон баталсан юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, огцруулах, УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлж, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох болсон зэрэг нь томоохон өөрчлөлт болсон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг баталгаажуулсан нь том амжилт юм.

Image result for ЖДҮ

ЖДҮ ба улстөрчид

Энэ жилийн хувьд томоохон шуугиан дэгдээсэн нэг асуудал нь УИХ-ын гишүүд болон Төрийн хариуцлагатай алба хашиж буй/байсан хүмүүс өөрөө болон хамаарал бүхий этгээдийн ААН-ээр дамжуулан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан тухай асуудал юм. Энгийн жижиг бизнес эрхлэгчдэд олддоггүй уг зээлийг эрх мэдэл албан тушаалаараа авсан УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнуудад нийгэм дургуйцэл бухимдлаа одоо ч илэрхийлж байгаа. ЖДҮХС-аас жилийн ердөө гуравхан хувийн хүүтэй уг зээлийг авсан өндөр албан тушаалтнуудыг өөрсдийн болон хамаарал бүхий ББСБ-аар дамжуулан өндөр хүүтэй зээлж, мөнгө хүүлж байна гэж олон нийт дургүйцэн уг зээлтэй холбоотой гишүүдийг дахин сонгохгүй гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөөд байгаа юм.

Image result for Цэц

ҮХЦ-ийн дарга огцров

2019 он төрийн зарим өндөр тушаалтнуудын хувьд ихэд харш байлаа. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой дуулиан шуугиан байлаа. Д.Одбаяр өнгөрсөн 11-р сард Улаанбаатараас Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа “Корейн айр”-ын онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн гэх асуудал түүнийг Цэцийн даргын суудлаас нь хүртэл буулгасан. Тэрээр БНСУ-ын хууль хяналтын байгууллагуудад шалгагдан, 10 хоногийн хилийн хориг хүртэл тавиулсан. Хэдийгээр энэ их дуулианы дараа даргын суудлаа өгсөн боловч ҮХЦ-ийн гишүүнээр хэвээр үлдсэн билээ.

Image result for Мал тооллого

Монгол Улс 70,9 сая мал тоолууллаа

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар амжилттай өрнүүлэн, мал тооллогын урьдчилсан дүнг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас танилцуулсан. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө.

Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор

– Хонь 45.5 хувь

– Ямаа 41.2 хувь

– Үхэр 6.2 хувь

– Адуу 5.9 хувь

– Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625.0 мянган толгой, Төв аймаг 4 сая 978.7 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өсжээ. Мөн энэ жил Атар газар эзэмшсэний 60-н жилийн ой тохиов. Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс 1959, 1976, 2008 онуудад Атрын гурван удаагийн аяныг зарлан хэрэгжүүлж байсан юм. Жаран жилийн хугацаанд 1.2 сая га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулж, 64 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 13 гурилын үйлдвэр байгуулагдаж, монголчууд өөрсдийн тарьж ургуулсан буудай, төмсөөр ард иргэдийнхээ хэрэгцээг хангах хэмжээнд хүрчээ.

Image result for АНУ-тай Стратегийн түншлэл

АНУ-тай Стратегийн түншлэл тогтоолоо

2019 оны VII сарын 29-ны өдрөөр VIII сарын 3-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын гол үр дүн нь айлчлалын үеэр баталсан хамтарсан тунхаглалд хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд гарсныг дэлхий дахинд зарласан юм. АНУ нь дэлхийн 16 оронтой стратегийн түншлэлийн харилцаатай байсан бол Монгол Улс 17 дахь орон нь болсон юм. Уг үйл явдал нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөсөн чухал ач холбогдолтой хэмээн олон улсын шинжээчид дүгнээд байгаа. АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 32 жилийн түүхэнд Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар бүгд тус улсад албан ёсны айлчлал хийж байжээ. Одоо АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг баталвал хоёр талын эдийн засгийн харилцаа улам баяжиж манай улсад үйлдвэрлэсэн оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүйгээр гаргадаг болох юм.

Image result for Халх голын дайны 80-н жил

Халх голын дайны 80-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм. Энэхүү түүхэн үйл явдлын 80-н жилийн ой энэ онд тохиолоо. Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон, үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий олон үйл ажиллагааг энэ онд зохион байгууллаа.

Image result for 800 хятад

Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 800 хятад иргэнийг албадан гаргалаа

Энэ оны 10-р сарын 29-ны оройн 21 цагийн орчимд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building” зэрэг оффисын барилгад хууль бус үйл ажиллагаа яюуулж байсан 500 гаруй хятад иргэнийг баривчлан шалгах ажиллагаа явагдан дуулиан тарьсан билээ. Тэдгээр иргэний ихэнх нь жуулчны визээр, зарим нь бизнесийн визээр манай улсад зорчиж байсан гэж тогтоогдсон. Гүйцэтгэх ажлын талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл “ТЕГ болон цагдаагийн байгууллага хамтран өнгөрөгч наймдугаар сараас энэ ажиллагааг эхэлсэн. Наймдугаар сард хэсэг хятад иргэд манай улсад ирээд цахим орчны судалгаа хийсэн. Хууль хяналтын байгууллагын зүгээс асуудал цаашид хэрхэн өрнөхийг ажигласан. Ажиглалтын үеэр буюу ес, аравдугаар саруудад эхний ээлжид 80 хүн орж ирсэн. Аажмаар энэ тоо өссөөр байгаад өчигдрийн байдлаар орж ирсэн хүний тоо 800-д хүрлээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. Урьдчилж хэлэхэд тоо баримтууд хэвлэлээр гарсан байсан. 1000-аад компьютер байсан. Гар утасны 10 мянгаад сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айдас түгшүүрт автах ямар ч шаардлага байхгүй. Ажиллагаанд хэрхэн яаж ашигласныг хяналтаар тогтоогоод наймдугаар сараас хойш бүтэн хянаж байсан” хэмээн мэдэгдсэн. 800 орчим хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүгэж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан дуулиант хэрэг мандаад дөрөв хонов уу, үгүй юу тэднийг манай хууль, хяналтынхан нутаг буцаасан. Харин ийм олон хятад иргэн Монголд юу хийж байв гэдэг асуулттай үлдсэн юм.

Image result for Дарханы зам

Дарханы зам хулхидаж, Налайхын зам нээгдэв

2019 оны 11-р сар гэхэд ашглалтанд орон гэгдэж байсан Дарханы чиглэлийн авто зам жолооч нарын “шүдний өвчин” болсон хэвээр 2020 онтой золгох гэж байна. Уг замыг шинэчлэн барихаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т өнгөрсөн 4-р сард гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрийн хүрээнд олгогдох 300 сая ам.долларын зээлийг дөрвөн төсөлд зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Үүний нэг төсөл нь “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих” төсөл юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон БНХАУ-Монгол Улс-ОХУ-ын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой зам хэдий ч өнөөг болтол яг бахь байдагтаа байсаар байгаа нь харамсалтай. Харин энэ жилийн хувьд Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замын засвар шинэчлэлийн ажил амжилттай байж зорчих хэсгийг нээсэн. Харин явган хүний болон дугуйн зам зэрэг дагалдах зарим ажлууд гэрээт ёсоор 2020 онд хийгдэж дуусах юм..

Image result for Оюутолгой

Оюунтолгойн бүтээн байгуулалт өрнөсөөр

2019 оны хувьд Оюутолгой хоёр ч томоохон байгууламжийг ашиглалтад оруулж чадлаа. Энэ оны VIII сард нээлтээ хийсэн гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв, Гүний уурхайн үйлдвэрлэлийн ам хоёр юм. “Чандмань” төвийн хамгийн чухал хэсэг нь гүний уурхайн бүх багийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологи бүхий удирдлагын хяналтын өрөө юм. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн ам нь Монголын төдийгүй дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд бичигдэх бүтээн байгуулалт болсон бөгөөд нийт дөрвөн жилийн хугацаанд баригдсан энэ байгууламжийн цамхгийн барилга нь 96 метр өндөр, гүндээ 1284 метр. “Оюутолгой” төсөл нь Монголд зөвхөн эдийн засгийн төдийгүй гадаад харилцаа, нийгмийн хөгжилд үр ашгаа шингээж байгааг дурдах хэрэгтэй. Оюутолгойд 17 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байгаа аж. Оюутолгойн ажил, бүтээн байгуулалт урагштай ахицтай байх нь Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой билээ. Тэгвэл Монголын эдийн засгийн өөр нэгэн том түлхэц болох Эрдэнэт үйлдвэрийн хувьд байсан 49 хувийг төр буцаан авч онц байдал тогтоосон. Энэ оны 3-р сард тогтоосон онц байдал 9-р сард дуусах буюу зургаан сарын хугацаатай байсан ч дахин сунгаж 2020 оны 3-р сарыг хүртэл үргэжлэх болсон. Чухам энэ онц байдлын хугацаа 3-р сард дуусгавар болсоны дараа хэрхэх эсэх нь тодорхойгүй л байна.

Image result for The Hu

Монгол хамтлаг “The Hu” “Billboard”-ийг тэргүүлэв

Өнгөрөн одож байгаа 2019 он Монголын рок попын түүхэнд бичигдэн үлйдэхүйц онцгой жил байлаа. Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгийн эзэн болсон “The Hu” хамтлагийг онцлохоос өөр аргагүй билээ. Монголын төдийгүй дэлхийн хөгжмийн түүхэнд анх удаагаа Монгол хамтлаг “Billboard”-ийг тэргүүлсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байсан юм. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг уг хамтлагийг дэлхийн рок урлагийг нэг шат ахиуллаа хэмээн дэлхийн хөшжмийн мэргэжилтнүүд үнэлээд байгаа. Найман жилийн судалгаанд тулгуурлан хоёр жилийн хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулсан нь үнэхээрийн нөр их хөдөлмөрийг зарцуулсныг гэрчилнэ. “The Hu” хамтлаг 2020 оны нэгдүгээр сараас Европт аялан тоглолт хийхээс Японд мөн тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Монгол рок попын түүхэнд бас нэгэн онцгой үйл явдал тохиолдсон нь рокын амьд домог гэгддэг “Харанга” хамтлаг болон “Баянмонгол” чуулга Төрийн соёрхол хүртсэн явдал байлаа. “Харанга” хамтлагийн “Амьдрал”, “Үгүйлэн санана”, “Толин хул”, “Зөвхөн Монголдоо”, “Амьдрал” гэсэн таван уран бүтээлд нь Төрийн соёрхол олгосон юм.

Image result for шахмал түлш

Шахмал түлш хэрэглэж эхэлснээр утааг багасгаж чадлаа

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Сүүлийн жилүүдэд утааг хэрхэн яаж шийдэхээ мэдэхгүй шахуу байсан бол энэ жилээс түүхий нүүрсийг хэрэглээнээс бүрэн халж, шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурч, иргэд ч ам сайтай байна. Жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан гэр хорооллынхон 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоотой. Ямартай ч шахмал түлш хэрэглэж эхэлснээр манарсан их утаа багасаж байгаа нь онцлууштай үйл явдал мөн.

Image result for Түрүү бөх

Түрүү бөхөөс сэргээш илрэв

2019 оны бас нэгэн шуугиант үйл явдал бол төрийн их баяр наадмын түрүү бөх Э.Оюунолдоос сэргээш илэрсэн явдал байлаа. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдсэн. Тэгвэл түрүү бөх Э.Оюунболд ч мөн “Би допинг хэрэглээгүй” хэмээн мэдэгдэл гаргаж шуугиан тарьсан бөгөөл уг асуудал одоо хэр нь шийдэгдээгүй байна. Э.Оюунболд “Монгол үндэсний бөхийн хоёр холбооны тэмцэл эцэстээ хүрсэн нь Монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна. Би 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болж өдий хүрсэн. Аварга багш минь архи битгий уугаарай, допинг битгий хэрэглээрэй гэдэг хоёр зүйлийг захидаг байсан.

Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч туслана уу. Тэрхүү допинг илэрсэн гэх шээс миний ДНК-тай тохирч байгаа эсэхийг ч би шалгуулмаар байна. Бөхчүүдийн нутархагхал дээд хэмжээнд хүрсэн. Бүгдээрээ л Монгол хүн байж нутгархахаа болъё. Над руу нэг биш удаа дайрч байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Би допинг хэрэглээгүй. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“The Hu” хамтлагийн гишүүдэд Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт гардуулахаар болсон билээ. Энэ жил анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулах болсон тул Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.

Энэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсэн тул өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзаад, “Чингис хаан” одонгийн энгэрийн тэмдгийг зүүн өгч, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж байгаад нь баяр хүргэлээ.

Шагнал гардуулах ёслолд тус хамтлагийн гишүүд болох:

  1. Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог
  2. Хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрах
  3. Төмөр хуур, цуур хөөмийч Г.Нямжанцан
  4. Морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан
  5. Товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн
  6. Бөмбөрчин Г.Одбаяр
  7. Соло гитарчин А.Жамбалдорж
  8. Басс гитарчин Б.Батхүү
  9. Хэнгэрэг М.Өнөмөнх нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлиг гаргалаа. Зарлиг гаргасантай холбогдуулан өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарт шүүгчийн үнэмлэхийг нь гардуулж өгөв.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Дашдэлэгийн Элбэгзаяаг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Энхтөрийн Оюун-Эрдэнийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Заяндүүгийн Ганчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашнамжилын Дарьсүрэнг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэвээний Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай” гэжээ.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сарантуяагийн Ганбат, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сугарын Болортуяаг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бадарчийн Маринаг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
  1. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Сарантуяагийн Ганбатыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Сугарын Болортуяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бадарчийн Маринаг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/418 дугаар тушаалаар энэ сарын 31-ний өдрийн 09:00 цагаас 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгожээ.

Үүнд:

  • Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах
  • ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах
  • Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах
  • Шинэ жилийн баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх
  • Аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулах
  • Пиротехникийн хэрэгсэлтэй зөв харьцах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргүүлэх
  • Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үүргийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагт хуралдахаар товложээ. Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт болдог. Харин энэ удаад бүх нийтийн амралтын буюу шинэ оны эхний өдөр лхагва гариг таарч байгаа учир өнөөдөр хуралдахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайгаас 18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.

“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл:

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д оршин сууж буй иргэдийн анхааралд

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай“ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Шинэ жил буюу 1 дүгээр сарын 1-ний өдөр ЭСЯ ажиллахгүй болно. Тус ЭСЯ 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс ажлын цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ