Categories
мэдээ нийгэм

Байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц хадаг, шашны эдлэлийг цэвэрлэлээ

Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байршуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг зохион байгуулжээ.

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг 2017 онд гаргаж уриалгын хүрээнд 3 дахь жилдээ энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Модонд уяж орхисон эд хэрэгсэлд моддоос гадна биологийн төрөл зүйл болох мэрэгч амьтад болон шувууд олноор орооцолдож ихээр хорогдож байгаа тул иргэдийг ойн сан бүхий газар болон ургаа модонд шашны эд зүйл, хадаг сэлтийг байршуулахгүй байхыг дээрх байгууллагуудаас уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно

Онцгой байдлын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны үр дүн, 2020 оны зорилт, үйл ажиллагаа, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг 2019 оны арванхоёрдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 удирдах бүрэлдэхүүн оролцох юм.

Энэ үеэр удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээ, төлөвлөгөө байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Суудлын автомашинд хавчуулагдсан эмэгтэйг аварчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт суудлын автомашин гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж, автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан талаарх дуудлагыг өчигдөр 05.38 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Үүний дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5.5 км замыг туулан иргэн У-ийн жолоодож явсан “Вингроад” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 23 настай эмэгтэй Х хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Мягмаржавыг “Алтан Од” одонгоор шагнажээ

M-Си-Эс Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнажээ.

Шинэ оны босгон дээр МҮОХ-ны “Бөртэ чоно-2019” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг эрэгтэй тоглогч”-оор Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням, “Оны шилдэг дасгалжуулагч”- аар Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Тулга нар амжилтаараа шалгарсан юм. Мөн “Оны шилдэг баг”- аар Монголын Улсын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ баг тамирчид тодорсон билээ.

Ийнхүү М-Си-Эс групп, М-Си-Эс Кока-Кола ХХК -ийн 15 жилийн турш тууштай дэмжиж ажиллаж байгаа Sprite 3×3 нийгмийн хариуцлага нь үр дүнгээ үзүүлж, баг тамирчид томоохон амжилтуудыг гарган хөгжөөн дэмжигч, хамтран ажиллагчдаа урамшуулсан сайхан жил болж шинэ 2020 оноо угтаж байна.

Categories
мэдээ улс-төр

Авто замын тухай хуулийн хэрэгжилт 95 хувьтай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа.

Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд болон холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.

УИХ-аас Авто замын тухай хуулийг 2017 оны тавдугаар сарын 11-нд баталсан байна. Хуульд замын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болоод зөвлөх компанид тус бүр гурван жил байхаар хуульчилсан. Хуулийг мөрдөж эхэлснээс хойш нийт 109 зам барьсан бөгөөд хуулийн заалтын дагуу баталгаат засварын хугацааг гурван жилээр тогтоосныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцуулав. Хуулийн хүрээнд авто замын ажил гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын ажлын үр дүн, чанарт дэвшил гарч байгааг мөн онцолсон юм.

Улсын хэмжээнд 2017 онд 20 байршилд, 2018 онд 19 байршилд, 2019 онд 21 байршилд автозамын их хэмжээний эвдрэл гарч 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг зам хариуцагч 32 байгууллагууд засварлажээ. Харин Авто замын санд олон улсын, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах ажлын хүрээнд 2018 онд 7.6 тэрбум төгрөг, 2019 оны эхний 11 сард 8.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус сангийн хөрөнгөөр нийт 6293 ширхэг тэмдэг шинээр байрлуулж, 170 км хэвтээ тэмдэглэгээг сэргээжээ. Тодруулбал, анхааруулах тэмдэг 2368, хориглох тэмдэг 1680, мэдээлэх тэмдэг 2070, заах самбар 175 ширхэгийг байрлуулсан байна. Мөн салбарын сайдын 2018 оны 41 дүгээр тушаал, 2019 оны 109 дүгээр болон 283 дугаар тушаалын дагуу холбогдох төрийн өмчит зам хариуцагч байгууллагуудын машин механизмыг шинэчлэхэд зарцуулжээ.

Авто замын тухай хууль нь 10 бүлэг, 36 зүйл, 167 заалттайгаас өнөөдрийн байдлаар 95 хувийн хэрэгжилттэй. 9 зүйлийн 29 заалт хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэй байгааг салбарын яамнаас танилцуулсан. Харин Монголын автозамчдын холбоо төрийн бус байгууллагынхан 34 заалт буюу 13.5 хувь нь хэрэгжихгүй байна гэлээ.

Сонсголд оролцогчид хуулийн зүйл заалтын хэрэгжилжүүлэхэп тулгамдаж байгаа асуудлыг нь нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг дурдаж байлаа. Тухайлбал, Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байхаар хуульд заасан ч бодит байдалд хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд халдах шаардлага үүсдэг байна. Мөн зам тавихад түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал тулгардаг. Кареерын зөвшөөрөл авахад цаг хугацаа алдаж, гурван яамнаас зөвшөөрөл авах шаардлага үүсдэг зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Улаанбаатарын авто замын ажлын явцыг тодрууллаа. Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболдын хариултаас үзэхэд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн ч гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарч, төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон байна. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалах тендер зарласан аж. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар асуудлыг шуурхай шийдвэрлэж, 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.

Энэхүү ерөнхий хяналтын сонсголоос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхийг ЗТХЯ-нд чиглэл болгов.

Categories
мэдээ нийгэм

НЭМҮТ зөвлөж байна: Малгай өмсье

Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна.
Хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан тэжээлээр хангадаг бол хүйтний улиралд даарах тохиолдолд биеийн дулаанаа алдаж, улмаар гүрээний судас нарийсаж цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

  • Архаг өвчин сэдрэх ‼️
  • Тархиар хатгуулж өвдөх‼️
  • Хараа, сонсгол муудах‼️
  • Нулимс гоождог болох‼️
  • Нойр муудах‼️
  • Мэдрэлийн суурь өвчин үүсэх‼️
  • Ой тогтоолт муудах‼️
  • Стресст өртөж ажлын чадвар буурах‼️
  • Хуйхны эрүүл орчин алдагдах‼️
  • Үс хуурайшиж, өнгөө алдах‼️

Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлбэл, оюутан, залуус тогтмол малгай өмсөж заншвал тархи, толгойн өвчнөөс хол байх болно. Сүүлийн үед охид залуучууд маань өвлийн хүйтэнд ч толгой нүцгэн, нимгэн хувцастай явах болсон. Иймд дээрх эрүүл мэндийн эрсдэлийг бодож эрүүл мэндээ хамгаалан МАЛГАЙ ӨМСӨХийг уриалж байна.
Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг тус бүрдээ онцлог зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“All I Want for Christmas is You” Биллбордын жагсаалтыг тэргүүллээ

Image result for mariah carey

Мэрайя Кэригийн хит дуу болох “All I Want for Christmas is You” өнөөдөр анх удаа Биллбордын зул сарын баярын шилдэг дууны “Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн байна. Уг бүтээл 25 жилийн түүхэнд уг жагсаалтыг тэргүүлсэн анхны тохиолдол аж. 1994 онд анх Мэрайя Кэригийн “Merry Christmas” цомогт багтаж байсан “All I want for Christmas is you” өнөөдөр зул сар, шинэ жилийн баярын сүлд дуу билээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг хөгжүүлэх нь“ сэдэвт олон улсын зөвлөгөөн болж байна

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг хөгжүүлэх нь“ зүүн хойд Азийн улс орнуудын олон улсын зөвлөгөөнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, хошууч Ч.Лхамжав, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатар нар оролцож байна.

БНСУ-ын Инчион хотноо зохион байгуулагдаж байгаа тус зөвлөгөөнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Филиппин улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи, Онцгой байдлын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус зөвлөгөөнөөр “Улс орны гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавх, одоо ашиглагдаж буй технологиуд, бүс нутаг, үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн талаар баримтлах стратеги, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ, шаардлага”-ын талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Энэхүү зөвлөгөөнөөс гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг үндэсний хэмжээнд хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөмж гаргах юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10:00 цагт хуралдах товтой байлаа. Гэвч УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж, дүгнэлтээ эцэслэхээр болсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулав. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах шийдэлд хүрч, ажлын хэсэг байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон байна.

Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш 14:00 цагт хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Б.Амархүүг батлан даалтад гаргахаар боллоо

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа.

Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Өөрөөр хэлбэл түүнийг өнөөдрөөс эхлэн батлан даалтад гаргахаар болж байна.