Categories
гадаад мэдээ

Цас орсны улмаас 42 нислэгийг цуцлав

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо их хэмжээний цас орсны улмаас “Нийслэл” олон улсын нисэх буудал дээр 42 нислэг цуцлагджээ. Мөн авто зам мөстөж, халтиргаа үүссэнтэй холбогдуулан автобусны 17 чиглэлийг өөрчилж, заримыг нь зогсоосон талаар “Beijing Daily” сонинд мэдээлэв. Цас орсноос гадна өтгөн манан бүрхсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна. Цаг уурын үзэгдэлтэй холбоотойгоор Бээжин хотноо байгалийн аюулын “хөх” түвшин зарлажээ. Зарим бүс нутагт хур тунадас 10 мм хүрч болзошгүй гэж цаг уурчид сэрэмжлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дотоод хяналтыг сайжруулах нь” сэдвээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Сургалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бялуу, нарийн боов, хиамны үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний томоохон бөөний худалдааны төв, зах, агуулах дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтнууд оролцлоо.

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин, хордлого халдвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналт тавьж ажиллахыг уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулав.

Уулзалт, хэлэлцүүлгээр хүнсний худалдаа, үйлчилгээнд хийгдсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, анхаарах асуудлууд, хүнсний тээвэрлэлт, хадгадалт, хаяг шошгололт, худалдаалалтад тавигдах шаардлагуудын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1.Хүнсний үйлдвэрлэлд гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилттай, хадгалалтын хугацаа дуусаагүй, хаяг шошгын шаардлага хангасан хүнсний түүхий эд, нэмэлтүүдийг хэрэглэх, тэдгээрийг хадгалах нөхцлийн дагуу зориулалтын агуулахад төрөлжүүлэн хадгалж, хяналт тавьж бүртгэл хөтлөх;

2.Үйлдвэрлэлд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийгдсэн, шинжилгээ баталгаажилттай, хүнсний зориулалтын уут, сав баглаа боодол, таг, бөглөө, хэрэглэх;

3.Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зааварт түүхий эд, нэмэлтийн орц хэмжээг нарийвчлан тусгаж, технологийн шат дамжлага, үе шат бүрт тухайн түүхий эд, нэмэлтийн заасан тун хэмжээгээр байгаа эсэхэд дотоодын хяналтын нэгж, ажилтан давхар хянан баталгаажуулж бүртгэл хөтлөх, технологийн зааварт эрсдэл учруулах эгзэгтэй цэгүүдийн горим, үзүүлэлтийг тусган, хөөн илрүүлэх болон залруулах арга хэмжээг авах зааврыг мөрдөж ажиллах;

4.Түүхий эд хүлээн авахаас бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх үйлдвэрлэлийн технологийн урсгалыг тасралтгүй нэг чигээр явагдахаар зохион байгуулах;

5.Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажил дууссаны дараа тогтмол угааж цэвэрлэдэг, ажлын байр туслах өрөө, ариун цэврийн өрөөнд байнга урсгал болон их цэвэрлэгээг хийх хуваарьтай, хуваарийн дагуу тогтмол хийж хэвшсэн, цэвэрлэгээ хийсэн талаарх бүртгэл хөтөлдөг, цэвэрлэгээний үр дүнд хяналт тавьдаг, үйлдвэрлэлийн байр, бусад өрөө тасалгаа агуулахын орчин нь хүнсний бүтээгдэхүүн шууд дамжин бохирдуулах нөлөөлөл үзүүлэхээргүй цэвэрхэн байх;

6.Үйлдвэрлэн гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүний цуврал бүрийг дотоодын хяналтын лабораторид, мөн улирал бүр хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж баталгаажуулсан байх;

7.Түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалж, хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжийн багтаамжийг тооцоолон хүлээж авч, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай шинэлэг хүнс худалдаалах;

8.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох “урагш нэг шат”, “хойш нэг шат” бүртгэлийг аргачлалын дагуу хөтөлж, зохих арга хэмжээг авч ажиллах;

9.Бүтээгдэхүүний шошгод мэдээллийг тусгахдаа “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.12.8 хүртэлх заалтууд болон “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангаж ажиллах, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгод бичихийг хориглох;

10.Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдах, ажилчдад үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг хэвшүүлэх, хүнстэй харьцагчид хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, ажлын хувцас хэрэгсэл нь хүнсэнд бохирдол үүсгэхээргүй материал хийцтэй байх ба ажиллагсад нь бүрэн өмсөж хэрэглэж хэвшсэн байх;

11.Бүтээгдэхүүний шинж чанар, хадгалалтын нөхцлөөс хамааран зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

12. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.1-д заасны дагуу Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тохиолдолд хүнсний сүлжээнээс татан авах журам, зааврыг боловсруулан баталж, мөрдөж ажиллах;

13.Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасныг мөрдлөг болгон, Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу дотоод хяналтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулж эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэсэн нэр зүүж өнгөрөөж байна. Ардчилсан хувьсгалыг тэргүүлэн хийсэн хүмүүсийн С.Зоригоос бусад нь амьд байна. Ардчилсан хувьсгалыг уухайлан дэмжсэн ард түмний үй олон гэрч эсэн мэнд байна. Ийм атал ардчилсан хувьсгалын түүх нүдэн дээр илт гуйвж байгаа нь сэтгэл эмзэглүүүлж энэхүү нийтлэлийг бичлээ.

Энэ намрын өдрүүдийн суртал ухуулгуудаас харж байхад ардчилсан хувьсгал ид бужигнаж байх үед амьдарч байсан боловч тэр үед хувиа бодож, довоо шарлуулж явсан бэртэгчин хүмүүсийн хорон санаа нэвт шингэсэн, тэдний илт явуулга гэлтэйгээр түүхийг гуйвуулж эхлэв. Тухайн үеийн МАХН буюу өнөөдрийн МАН ардчилсан хувьсгалыг хийсэн болж хувирлаа. Аливааг гуйвуулж, өөрийн болгож сурсан байж болно, та нар. Ардчилсан хувьсгалыг арай ч ингэж Ардын нам хийсэн болтлоо түүх гуйвж болохгүй. Бүгд шал худлаа. Ардчилсан хувьсгалыг Ардчилсан холбоо, анхдагч 13 хүн, бусад хөдөлгөөн, холбоод, оюун санааны удирдагчид хийсэн юмаа.

ЦАГ ХУГАЦААБА АНХДАГЧИД

Бүх цаг үед нийгмийн хувьсгалыг нэг удирдагч юм уу, нэг хэсэг удирдагчид хийсэн байдаг. Түүнээс нийгмээрээ нэг зэрэг хөдөлж хувьсгалыг хийсэн түүх байхгүй. Тийм боломж ч байхгүй. Заавал оройлж, манлайлж, өөрийгөө золиослон удирдсан хүмүүс байдаг, хийдэг ёстой юм. Монголын ардчилсан хувьсгалын нүүрний эгнээнд Д.Нямсүрэн, лам Баасан, Д.Нинж, Ц.Элбэгдорж, С.Зориг, Б.Билэгт, Д.Сосорбарам, Ц.Энхтүвшин, Д.Сүхбаатар, Д.Энхбаатар, С.Амарсанаа, Б.Энхтүвшин, Э.Бат-Үүл нарын Монголын Ардчилсан холбоо (МоАХ)-ны Зохицуулах зөвлөлийн анхны 13 гишvvн, Баабар, Гончигдорж, Хатанбаатар гээд ардчилсан социалист үзэлтнүүд, оюун санааны багшаар Нэргүй доктор, тухайн үеийн Үнэ стандартын улсын хорооны ажилтан асан Дугар… нарын олон хүмүүс байсан. Энд олон хүний нэрийг багтаах боломж алга, нэр нь дурдагдаагүй ардчилсан хувьсгалын баатрууд минь уучлаарай. Үнэндээ эд нар л ардчилсан хувьсгалыг хийсэн. Тэрнээс МАХН хийгээгүй. Хийгээгүйг бүгдээрээ уг нь мэднэ. Ж.Батмөнх гуайн аядуу зөөлөн байдал ардчилсан хувьсгалд сөргөөр нөлөөлөөгүйг бүгд хүлээн зөвшөөрдөг. Харин эдгээр залуус айхавтар шахалт дарамт үзүүлээгүй бол МАХН хөдлөх ч үгүй байсан. Ардчиллын залуус пикетийг бол мундаг хийсэн. Өдөр шөнөгүй жагсаал цуглаан, ухуулга хуудас нааж, энд тэнд очиж уйгагүй ухуулга хийж, өлсгөлөн зарлаж… хувьсгал хийхийн тулд нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж болдог дэлхийн практикийг хэрэглэсний хүчинд МАХН-ыг сууринаас нь ганхуулж, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн юм аа. Гэтэл өнөөдөр ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор ярьж байгаа бүхэн аль болохоор ерэн оны хувьсгалыг удирдсан эдгээр хүмүүсээс бүгдийг тойруулан ярьж байгаа нь түүхийг бүдүүлгээр гуйвуулсан хэлбэр боллоо. Жишээ нь, Ц.Элбэгдорж анх жагсаал хийхийг санаачлаагүй бол энэ хувьсгал эхлэх ч байсан юм уу, үгүй юм уу хэн мэдлээ. Ховдод, Эрдэнэтэд жагсаал болсон л гэдэг. Монголын нийгэмд нөлөөлөх, эрх баригчдад нөлөөлөх жагсаалууд мөн байсан уу.

Одоо бүр ардчилсан хувьсгалыг орчин үежүүлээд “эдгээр хүмүүс” нь дарга болохын тулд, төрөөс хулгай хийхийн тулд жагсаж цуглаж эхэлсэн үү гэж асуудаг боллоо. Бодвол өнөөдрийн Иргэний хөдөлгөөнийхөнтэй адил санадаг бололтой. Жагсаж цуглаж элдэвлэж байгаад Их хурлын гишүүн болчихдог, хөрөнгө чинээтэй болчихдог хөдөлгөөний нөхдүүдтэй адил. Тэнгэр газар хоёр шиг ялгаатай цаг үеүд шүү дээ. Цэргийн сонины жижигхэн дэслэгч залуугийн толгойд үүдэнд нь жагсаж байгаад Төв хорооны гишүүн болчихъё гэсэн бодол тэр үед төрөх үү. Харин тэдгээр залуусын толгойд бол Монголыг колониос гаргая, бие даасан улс шиг улс болгоё, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлье, хэвлэлийн эрх чөлөө чухал юм байна гэсэн үнэт зүйлсүүд байсан учраас зүтгэсэн юм. Эдгээр залуусын эр зориг, иргэний ухамсар дээр л ардчилсан хувьсгал эхэлсэн. Эдгээр хүмүүс удах тусам түүхэнд гялалзах болно. Байгуулсан гавьяаг нь баллуурдах гэсэн бодолтой байгаа бол үнэндээ үлгэр.

Ер нь бол цаг хугацааны хувьд ардчиллын залуус яг цагаа олсон юм /1989-1990/. Цаг үеэ айхавтар мэдэрч хөдөлсөн. Зүүн Европын соц орнууд дэглэмээ сольсон нь тэдэнд сэдэл өгсөн. Польш, Унгар, Зүүн Герман, Чехословак , Румын зэрэг улсад шил шилээ даран ардчилсан хувьсгал тэмцэл өрнөж амжилтад хүрсэн. Хамгийн гол нь манай хоёр хөршийн хувьд Монголыг манатай болсон таатай зурвасхан үе тохиосон юм. Хятад улсын дарга Дэн Сяо Пэн өөрийнхөө хүндэрсэн эдийн засагтай ноцолдоод манайхтай манатай байлаа. Бодлого нь ч их радикал байсан. Элгээрээ хэвтсэн эх орноо босгохын тулд юу манайхыг анхаарах. “Муур хар цагаан байх нь хамаагүй хулгана л барьж байвал болоо” гэдэг бодлого бол Дэн даргын улс төрийн концепци байлаа. Энэ мэтээс харвал Монгол Улс тусгаар болно уу, байна уу хамаагүй Өмнөд Монголыг л үймүүлчихгүй байвал бол оо.

Харин Оросын хувьд ЗХУ задарч өнөөгийн Орос орон хөлөө олох гэж байсан цаг. Ельциний ид архидалтын үе. Дагасан болгоноо хажиглаж байсан цаг. Яг ийм л үед манайд Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Оюутны холбоо гэсэн дөрвөн байгууллагын залуус зохион байгуулалттайгаар хүчтэй хөдөллөө. Ингэж хүчтэй хөдлөөгүй бол ардчилсан хувьсгал дахин хийгдэхгүй байсан. 1992 онд ардчилсан хувьсгал хийх гэсэн бол үнэндээ хойдуулд няхуулах байсан. Яагаад гэвэл оросууд нэг хоёрхон жилийн дотор эргээд юмаа хараад эхэлсэн. Тийм болохоор үүлэн чөлөөний нар мэт тийм богинохон зайд залуус хөдөлж чаджээ. Хоёр жилийн дараа буюу сая хэлдэг 1992 онд хувьсгал хийлээ гэхэд яаж ч үзээд өнөөдрийнх шиг ийм дэндүү их эрх чөлөөт Монголыг бий болгож чадахгүй байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад сайндаа нэг станы орны хувилбар. Бүр тодорхойлбол өнөөдрийн Тажикистан шиг тамаа цайсан улс байх байлаа. Энэ бүгдийг цээжний бангаар хэлээд байгаа ч юм биш. Зүгээр л амьдралд байгаа жишээ татъя. Эгийн голын станцыг ерэн оноос өмнө барина гэсэн бол барьчих байлаа. Тэгвэл 1992 оноос хойш хөөцөлдөөд өнөөдөр ч бараагүй л байна. Энэ нь бидний арчаагүйнх биш юм. Хойд хөршийн хатуу гар гялс ороод ирснийх. Ардчилсан хувьсгалд яг адил ийм хатуу гар үйлчлэх байлаа. Энэ цаг мөчлөгийн талаар өнөөдөр хэн ч бодож үздэггүй байх аа.

ЭСЭРГҮҮЦЭХ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙГААГҮЙ, ГАНЦЧ ХҮНИЙ ХАМРААС ЦУС ГАРААГҮЙ ХИЙСЭН ХУВЬСГАЛ

Сая Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Ардчилсан хувьсгалыг эсэргүүцэх улс төрийн хүчин байгаагүй” гэлээ. Тэгвэл байсаан, маш их байсан. Хуучин МАХН буюу өнөөдрийн МАН бүх шатандаа улайран эсэргүүцсэн. Тэр үеийн МАХН-ын бүтэц үнэндээ тагнуулын бүтэц байсан. Баянхонгор аймгийн нэг сумын ардчиллын төлөө ганц тэмцэгчийг шөнө унтаж байхад нь эсгий гэрийнх нь гаднаас нэвт хутгалж байсныг олон хүн мэднэ шүү дээ. Өнөөдөр ч үр хүүхдүүд нь байна. Гайгүй газраа гайгүй л байсан биз, гайтай газраа бол коммунистууд ардчиллыг дэмжсэн хүмүүсийг яаж махыг нь зулгааж байсан түүхийг бодитойгоор бичмээр байгаа юм. Ард түмэн нийтээрээ ардчиллыг уухайлаад дэмжсэн ч юм бас байхгүй шүү. Улаан коммунистуудтай газар нь улайран тэмцэлдэж авгай хүүхдүүдийг нь хүртэл ална тална хэмээн гэрт нь хорьж байсан үйлдлүүд олон бий. Үнэндээ тэр үед Ардчилсан холбоо, МСДН… зэрэг улс төрийн байгууллагуудын гишүүдийг МАХН дайснаа хэмээн үзэж байсан юм. Үнэндээ одоо ч хэвээрээ шүү дээ. Одоо нийгэмд болохгүй үйл гарч ирвэл АН-ыг ардын дайснаар тодруулдаг нь хэвээрээ. Соц нийгэм гэдгийг кинон дээрээс ч хараагүй бацаанууд өнөөдөр соц нийгмийн үед сайхан байсан гэж ярьдаг боллоо. Энэ эрүүл үзэгдэл мөн үү. Эргээд үзэл суртлаар ард түмний тархийг угааж бүх муухайг хийдэг коммунистуудын хуучин арга одоо өнгөө арай хувиргаж, орчин үежүүлж, технологижуулан Монголын ардчилал руу дайрч байна. Зорилго нь ч тодорхой. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө. Яривал их юм бий. Энэ бүх аймшиг, ад үзэл, өшөө хорсол дундуур Монгол Улс урагшилж байна.

Оготны хамраас ч цус урсаагүй гэдэг бас худлаа. Урссан. Маш их урссан юм. Та хар, ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон 1955 оноос хойших иргэд үнэндээ амь насаа зольсон юм. Түүнийг яагаад олж хардаггүй юм. Маш олон хүн ажлаасаа халагдсан, архинд орсон, ад үзэгдсэн, сэтгэл санааны гүн гутралд амьдарсан. Тийм байдалд орсон ардчиллыг дэмжигч үй олон иргэдээс хэд нь тэсч гараад өнөөдөр 30 жилийн ойгоо үзэж байгаа юм. Багцаа тоо байгаа юм уу. Байхгүй байж битгий донгос. Тэд бол ардчилсан хувьсгалын үйл хэргийн хамгийн идэвхтэй тэмцэгчид, партизанууд байсан юм. Тэдний халуун амь, бүлээн цус биш юм уу. Тэд ардчилсан хувьсгалд оролцоогүй юм уу. Гол харлаж байна шүү. Хамт тэмцэж явсан мянга мянган нөхдөө энэ өдрүүдэд дурсан зогсоо партизанууд уйлж байна. Яагаад гэвэл тэд хэлмэгдсэн гэж хэлж болох үеийнхэн. Хувьсгалд оролцсоныхоо төлөө. Анзаараад байхад 2008 оноос хойш ардчиллын партизан гэх өвгөн хүнгүй боллоо. Хатуу хэлье, Монголын ардчилал бол үнс нурам, үхэл хагацал дундуур явж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрч байна. Өөдөөс нь харин Ардчилсан хувсгалын буянаар Англи, Америк… гээд барууны орнуудад очиж боловсрол эзэмшсэн багачууд дунд хуруугаа гозойлгон МАН мандтугай, АН сөнөтүгэй хэмээн орилж байна.

Сая ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөөгүй мөртөө Ж.Батмөнхийн хөшөөнд хуйгаараа цэцэг өргөлөө. Энэ байгаагаараа бол удахгүй Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирах тийм л түүх бичигдэх бололтой. Битгий горьд. Ардчилсан Монгол Улс арай ч ингэж дампуурахдаа хүрээгүй байна.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн энэ даруухан тэмдэглэлт өдрүүдэд ардчилсан хувьсгалыг амиа золин удирдаж оролцсон бүх хүмүүст гүнээ мэхийн ёсолъё. Та нарын тэртээх 30 жилийн өмнө хийсэн гайхамшигт үйл хэрэг тань та бүгдийг цаг хугацаа өнгөрөх тусам улам тод гэрэлтүүлж, суу алдрыг тань мандуулсаар байх болно. Та нар бол эх орныхоо төлөө өөрөөс шалтгаалах сайн бүхнийг хийж чадсан баатрууд шүү. Ардчилсан хувьсгалыг удирдсан баатруудын алдар гавьяа бадартугай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Ямар ч сонгуулийн тогтолцоо байсан МАХН сонгуульд идэвхтэй оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-Ирэх онд улс төрийн томоохон өрсөлдөөн болох сонгуулийн жил. Аль ч намын хувьд эрх барих хүсэлтэй байдаг. Энэ удаагийн сонгуулийн хууль томсгосон мажоритар системээр явна гэж нэрийдээд байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Яривал дуусахгүй том сэдэв. Мэдээж сонгуулийн хамгийн зөв тогтолцоо гэж хаана ч байдаггүй. Монголд Сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн түүхийг эргээд харахад эрх баригч нам өөртөө ашигтай хувилбарыг боддог. Ямар ч хувилбар байсан ард түмэн эцэст нь дүнгээ тавьдаг. Тиймээс эрх баригч нам өөртөө тааруулж нэг хэсэг нь 76, зарим нь У.Хүрэлсүхийн нэр хүндээр 50:26-аар явъя гэж байх шиг байна. Ялангуяа М.Энхболдын талын хүмүүсийг шахах, өөрсдийн талын хүмүүсийг гаргаж ирэхийн тулд иймэрхүү тогтолцоо руу орвол яасан юм гэж байх шиг.

Бидний хувьд энэ Сонгуулийн хуулийн тухай зөв, буруу мэтээр ярихаар биднийг хардах, янз янзаар мушгин гуйвуулах ажиллагаа явагдаж магадгүй. Тиймээс Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш. Ямар ч хууль гаргасан сонгуульдаа бэлдэж байгаад идэвхтэй орно. Сонгуульд ард иргэд маань санаа бодлоо бас худалдахгүй, айж эмээхгүй, идэвхтэй оролцох байх гэж бодож байна. Тэд сонгуульд идэвхтэй оролцох тусам МАН ялагдана. Ард түмэн үүнийг ойлгож сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. 2016 оны байдлаар МАН нийт сонгуульд оролцсон хүмүүсийн 40 гаруй хувийн санал авсан боловч УИХ-ын нийт суудлын 80 гаруй хувийг авсан. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоогүй хүмүүс МАН-ыг ийнхүү хэт олонх болж гарч ирэхэд тойруу замаар тус болсон.

Харамсалтай нь МАН 2016 онд амласныхаа эсрэг ажилласан. Үндсэн хуульд халдсан, ЖДҮ, 60 тэрбум, хүн хүчин, Саарал жагсаалт, авто тээврийн хэрэгслийн татварыг тав дахин нэмсэн зэргийг дурдаж болно. Олон хүн угаартаж амь насаа алдсаны өндөр үнэ цэнээр Улаанбаатарт утаа арилгах ажлыг хийж байгаа гээд шүүмжилбэл олон асуудал байна.

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгууль будлиантуулсан гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял өгсөн. Та ч энэ тухай байр сууриа илэрхийлж “МАН-ыг татан буулгах цаг болсон. Тус нам өнгөрсөн 30 жилд Монголын төрөөр хангалттай тоглолоо” гэж хэлж байсан. Тэр ч үүднээс МАН-ыг татан буулгах санал гаргасан гэж ойлгох уу?

-МАН-ыг татан буулгах асуудлыг бид анх ярьж байгаа юм биш. Ард иргэд энэ талаар санаачилж хөөцөлдөөд нэлээд хэдэн жил болж байна. МАН 60 тэрбум цуглуулж сонгуульд орсоныг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүгд үнэн гэж хэлсэн. Үнэхээр сонгуулийн мөнгийг энэ маягаар босгож орсон нь өөрсдийнх нь хэлж байгаагаар үнэн юм бол хамгийн наад зах нь хууль бусаар сонгогдсон одоогийн УИХ тарах ёстой. 2016 оны сонгууль хүчингүй гэж зарлах ёстой. Хариуцлагатай улс төртэй, эрх зүйн тогтолцоотой улс оронд тухайн намыг ийм хууль бус зүйл хийснийх нь төлөө тараадаг. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авахын тод илэрхийлэл. Гэхдээ ганцхан Ц.Сандуй, А.Ганбаатар гэсэн хоёр хүнийг золиосолж шоронд оруулаад өөрсдөө сугарч үлдэнэ гэдэг дэндүү шударга бус. Ингэж өөрсдийгөө цэвэр авч үлдэж байгаа бол энэ хоёр хүн хэлмэгдэж байна гэж хэлэх хэрэгтэй. Нэг, хоёр хүн биш харин бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой байтал хоёр хүний хувь заяагаар тоглоно гэдэг яахын аргагүй хэлмэгдүүлэлт.

Нөгөө талаар Улс төрийн намын тухай хуульд аливаа нам хүч түрэмгийлж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл сая МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхдээ хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа явуулсан. Түүнчлэн аливаа нам цэрэгжсэн зохион байгуулалтад орж болохгүй гэж байгаа. Гэтэл МАН-ын дарга нь Бүх цэргийн нэгдсэн холбооны дарга болчихсон байна. Энэ холбоонд өнөөдөр цэргийн алба хааж байгаа хүмүүс орж байгаа. Цаашилбал аймгийн Засаг дарга нар нь МАН-ын тухайн аймгийн намын дарга нар байдаг. Тэд бүгд Бүх цэргийн нэгдсэн холбооны аймгийн салбар зөвлөлийн дарга болсон. Ингэж МАН цэрэгжсэн зохион байгуулалтад орчихсон байгаа. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т аливаа нам цэрэгжсэн зохион байгуулалтад орвол татан буулгана гээд тодоос тод биччихсэн. МАН татан буугдах үндэслэлээ өөрсдөө хангалттай гаргачихлаа. Эсхүл намыг татан буулгахад хатуудна гэж байгаа бол ядахнаа нэг сонгууль өнжүүлэх хэрэгтэй. ИЗНН-ыг сонгуулийн тайлангаа өгөөгүй нэрийдлээр сонгуульд оруулахгүй гэж хавчиж байгаа мөртлөө МАН-ын болохоор толгойг нь илж өөгшүүлээд байдаг. Нам том, бага байх нь хамаагүй. Нам л бол нам. Хариуцлагыг аль нь ч хүлээдэг байх ёстой. Ялангуяа хоёр том нам хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. Тэгсэн цагт л Монгол даяараа хариуцлага тооцдог болно. Ингэхгүй бол Монголын төр төр биш, нам нам биш, хариуцлага хариуцлага биш болно. Хэдэн хүн попроод л харин ард түмэн золиослогдоно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гурван парламент дамжиж яригдсаар энэ парламынтын үед батлагдлаа. Өөрчлөлтөд олон жил тогтворгүй явж ирсэн Засгийн газрыг тогтвортой болгож, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүллээ гэж байна. Хэдийнээс Засаг тогтворгүй ажиллаж эхлэв. Шалтгаан нь юунд байв?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал 1992 оноос хойш яригдсан. 1992 оны Үндсэн хууль болж байна, болохгүй байна, зөв буруу гэх зэргээр. 1999 оны сүүлээр, дараа нь 2000 оны дундуур Үндсэн хуульд долоон нэмэлт, өөрчлөлт хийсэн. Хэн нэг хүн дураараа тэр өөрчлөлтийг хийгээгүй. 1996-2000 онуудад “Ардчилсан холбоо” эвсэл төр засгийн эрх мэдлийг авсан. Тэд УИХ-д 50 суудалтай байсан. Гэхдээ дотроо зөрчилтэй байсан учир тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан. Дээр нь Үндсэн хуулийн зарим зүйл заалт тэдний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад учруулж эхэлсэн. 1998 он гэхэд тэд хоорондоо зөрчилдсөөр Засгийн газар нь хэд хэд унаад хямралтай байдал үүссэн. Нэг нам, эвслийн хямрал төр засгийн хямрал болсон. УИХ-ын гишүүн санал өгөхдөө нууцаар өгнө гэсэн зохицуулалтын дагуу “Ардчилсан Холбоо” эвслийн гишүүд нам, эвслийн бодлогоо сөрөн санал өгч Засгийн газраа унагаадаг байсан. Хоёр дахь, гурав дахь ээлжийнхэн “хоолонд орно” гэдэг шүү дээ. Яг л тийм юм болж байсан. Нууц санал хураалт байгаа болохоор хэдийгээр “Ардчилсан Холбоо” эвсэл дээрээ Засгийн газраа хамгаална шүү гэж ярьж тохирдог ч санал өгөхдөө эсрэг өгдөг байсан. Тэрний цаана фракцууд бие биедээ албан тушаалын “авлига” өгдөг байсан. Түүх яривал МАН өнөөдөр албан тушаал худалдсан ч юм биш. “Ардчилсан холбоо” эвсэл 1996 онд байгуулагдсанаасаа хойш фракцууд нь байнга албан тушаал наймаалцаж байсан байхгүй юу. Нууц санал хураалтыг ашиглаад гэдсэндээ хөлөө жийлцэж хэд хэдэн Засгийн газар унагаачихаад бүгдээрээ “би унагаагүй” гэж ярьдаг байсан.

-Тухайн үед МАН цөөнх байсан санагдаж байна. Танай намын хувьд Засаг унагаахад мэдээж оролцож байсан байх…

-МАХН цөөнх байсан учир үйл ажиллагаагаа ил тод явуулдаг байсан. Бид Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газартай хариуцлага тооцож унагаана гэдгээ хэлдэг байсан. Энэ Засгийн газар ийм, ийм алдаа гаргасан гэж. Гэхдээ МАХН 25 суудалтай байсан. Засгийн газар яагаад унадаг байсан гэхээр “Ардчилсан Холбоо” эвслийн 50 гишүүн дотор фракц фракцаараа хуваагдаад нууцаар бид нартай нийлж санал өгдөг байсан. Ингээд Засгийн газар маш тогтворгүй болсон. Явсаар байгаад энэ асуудал “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга цэргийг солих асуудалтай холбогдсон. Дараагийн Ерөнхий сайд болох хүн Эрдэнэтийн даргыг солих уу, үгүй юү гэсэн шалгуурыг давах шаардлагатай болсон шдээ. Ер нь Эрдэнэтийн асуудлаар тохирвол Ерөнхийлөгч Н.Багабанди нэрийг чинь Ерөнхий сайдад оруулна. Тохирохгүй бол оруулахгүй гэсэн улайм цайм хуйвалдаан явагдаж эхэлсэн. Уг нь Засгийн газрын Ерөнхий сайдад олонх болсон нам, эвсэл нэр дэвшүүлдэг зохицуулалттай байсан. Гэтэл Үндсэн хуульд энэ талаар бүрхэг заалт байсныг ашиглаж Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийнх нь болзлыг хүлээж авсан хүнийг Их хуралд оруулна гэдэг болсон. Ингээд Монгол Улсын Засгийн газар бүрдэж чаддаггүй. Үнэн хэрэгтээ Засгийн газаргүй болчихсон. Хууль ёсны Засгийн газар байхгүй бүтэн зургаа, долоон сар болсон. Ерөнхийлөгч Н.Багабанди, олонхыг бүрдүүлж байсан “Ардчилсан Холбоо” эвсэл хоёр үүнийг огт тоохгүй хоорондоо зөрчилдөж, улмаар тэр зөрчил нь Монгол Улсыг улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий зөрчилд оруулсан. Энэ зөрчилдөөн дунд С.Зориг алагдсан.

Цөөнхийн хувьд бид санаа зовж байлаа. Иймээс Ерөнхийлөгч санаатайгаар Засгийн газрыг урт удаан байгуулахгүй байж болдог бусармаг явдлыг зассан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ажлын таван хоногт багтаан Ерөнхийлөгч дуртай ч, дургүй ч Ерөнхий сайдын тухай олонхын гаргасан саналыг УИХ-д оруулна гэж өөрчилсөн. Тэрнээс хойш Засгийн газар шинээр байгуулагдахад таван хоногоос илүү хугацаагаар саад учраагүй. Засгийн газар огцорч байсан, гэхдээ таван хоног дотроо багтаж Үндсэн хуулийн дагуу шинэ Засгийн газар байгуулагдаж байсан. Тэр нэмэлт, өөрчлөлтөөр олонх болсон намын бодлогоор Засгийн газар байгуулагдана гэдэг зарчим тодорхой болсон. Үүнтэй холбогдуулж УИХ-д олонх болсон нам, эвсэл Засгийн газрыг дангаараа байгуулна гэдэг санал давхар явсан.

-2000 оны тэр долоон өөрчлөлтийн зургааг нь сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаж оруулсан гэж байгаа…

-Одоогийн эрх баригчид дордохын долоо гэх өөрчлөлтийг зассан гэж хэлж байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ засаагүй. Харин ч улам гүнзгийрүүлээд УИХ-д олонхын суудал авсан нам, намын даргын эрх мэдлийг мэдлийг нэмэгдүүлээд Засгийн газраар зогсохгүй Парламентыг удирдахад, шүүхийг томилоход оролцдог болгосон. Ингэснээр Засгийн газар хэний ч хяналтгүй нэг хүн дураараа байгуулах ийм зохицуулалттай болчихлоо. Ингэснээр албан тушаалын наймаа хууль ёсны болох, 60 тэрбум 600 тэрбум болох хууль эрх зүйн үндсийг тавьчихлаа. Дордохын долоо гэх өөрчлөлт үнэн хэрэгтээ парламентын засаглалыг бэхжүүлсэн. Харин саяын өөрчлөлтүүд УИХ-д олонх болсон нам төрийн дээр гарч суух боломжтой болгочихсон. Одоо нэг нам Парламент, Засгийн газар, шүүхийг ч удирдахаар болсон. Хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй болсон. Уг нь 1992 оны Үндсэн хуулийн гол ололт намыг төрийн дээр гаргахгүй гэсэн зарчим байсан. Төр засаг намд захирагдахгүй ажиллах философид суурилж бий болсон хууль гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл төр засгийн бүрэн эрхийг засаглалын эрх мэдлийг хуваарилах онолд тулгуурлан нэг нэгэндээ захирагддаггүй, харин ч нэг нэгийгээ хянах эрх мэдэлтэй Парламент, Засгийн газар, шүүхийг бэхжүүлэх ёстой байсан. Тийм учраас гагцхүү ард түмэн Парламентыг, Засгийн газрыг, шүүхийг сонгож байгуулдаг зөв зохицуулалттай болох ёстой байсныг энэ бүх эрхийг нэг намд өгсөн.

Тухайн үед 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байхдаа Парламентын засаглалыг бэхжүүлэх нь зөв гэж боддог байсан. Харин Монгол Улсын төр засаг, намуудын төлөвшил, хямралыг ажиглаж судлахад Парламентын засаглал гэдэг нь ард түмэнд бүх эрх мэдлийг өгөх ёстой гэсэн ардчиллын суурь зарчимтай зөрчилдсөн засаглалын хэлбэр байна гэдэг нь харагдсан тул Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Засгийн газраа тэргүүлдэг, ард түмэн шүүхийг өөрөө сонгож байгуулдаг засаглалын хэлбэр нь илүү ардчилсан, илүү хариуцлагатай, илүү зөв тогтолцоо мөн юм байна гэж ойлгогдсон. Тийм учир МАХН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал илэрхийлэхдээ Парламентын засаглалыг дэмжсэн долоон өөрчлөлтийг хүчингүй болгох, шинэ Үндсэн хуулийг боловсруулж, түүнд ард түмэн бол төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх үүсвэр мөн, Парламент, Засгийн газар, шүүхийг ард түмэн өөрөө сонгон байгуулж, тэдэнтэй хариуцлага тооцдог байх нь зөв, намыг төр засгийн дээр гаргаж болохгүй, байгалийн баялгийг ард түмний дундын буюу хамтын өмч болгож ядуурлыг арилгах ёстой гэсэн зарчмуудыг тов тодорхой тусгах нь зөв, үүний тулд эдгээр асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулж батлах хэрэгтэй гэсэн байр суурь баримталсан.

Саяын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд бол товчхон хэлэхэд хууль бус нэмэлт өөрчлөлтүүд. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг 73 дугаар тогтоолор баталсан. Ерөнхийлөгч хориг тавингуут УИХ хоригийг хүлээж аваад 73 дугаар тогтоолоо хүчингүй болгосон тухай УИХ-ын 85 дугаар тогтоолыг баталсан. УИХ-ын 73 тогтоол бүхэлдээ хүчингүй болсон учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх бас хүчингүй болсон. Тэгэхээр УИХ хүчингүй болсон цаасыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж үзээд байгаа. Энэ бол хариуцлагагүй, хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа мөн.

-Намын гишүүнчлэлийг Үндсэн хуульд зааж өгөх нь хэр зөв юм бэ?

-Улс төрийн намын гишүүний тоог нарийвчлан тогтоосон зүйл, заалттай Үндсэн хуультай орон дэлхийд байхгүй. МАН, АН хоёр өөрсөддөө тохируулж энэ саналыг оруулсан. МАХН-ын хувьд аливаа нам нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны гишүүнтэй байна гэсэн шалгуурыг давна. Өөр хэдэн нам энэ шалгуурыг давж чадах эсэхийг хэлж чадахгүй. Бид зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодвол дуугүй өнгөрч болно. Гэхдээ энэ зохицуулалт иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байгаа заалт учир бид эсэргүүцэж байгаа юм. 1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санааг хаасан дордуулсан заалт болчихлоо гэж үзэж байна.

Ерөнхийлөгч ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналаа татсан гэж хэлсэн. Гэтэл МАН-ынхан Ерөнхийлөгч саналаа татах эрхгүй мэтээр ярьсан. Тэгвэл УИХ-ын Дэгийн тухай хуульд хууль санаачлагч төслөө хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж болно гэж заасан байдаг. Тэгэхээр МАН-ынхан хууль санаалагчийн татчихсан саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хууль бусаар оруулсан болж байна. Энэ мэтээр МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ Үндсэн хууль, бусад хуулийг олон удаа зөрчсөн байна. Бид ийм байдалтай эвлэрэхгүй. Үндсэн хуулиа хамгаална. Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэцэд хандана.

-Хамгийн сүүлд Оюу толгойтой холбоотой тогтоол гаргасан. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Оюу толгойн асуудал дээр хамгийн наад захын жишээгээр тайлбарлахад Дорж гэдэг хүн орон сууцны байртай байж гэж бодъё. Гадаадын хүн ирээд чиний орон сууцыг ашиглаад бизнес хийе гэхээр тэгье гэж. Бизнесийн асуудлыг нь би хариуцъя, тэгэхийн тулд чиний байрыг барьцаалж зээл авна гэж байгаа юм. Гадны хүн 34 хувийг нь чамд өгье, авч байгаа зээлийн 34 хувьд хамаарах хэсгийг чи өөрөө төлнө шүү гэж. Дорж энэ бүхнийг зөвшөөрчээ. Гадаадын хүн дүүгээ авчраад: энэ чамтай ажиллана, чиний байшинг барьцаалж надаас зээл авна. 34 хувьдаа таарсан өрөө өөрөө төлнө шүү гэж барьцаа чанаруулсан байна. Төсөл дампуурвал чиний байр хураагдана гэжээ. Ийм утгагүй гэрээ хийсэн байгаа юм. Гадныханд ямар ч эрсдэл, хохирол байхгүй. Харин манай талд 100 хувийн эрсдэлтэй, хохиролтой гэрээ. Гадаадынхан зард-лаа нэмэгдүүлээд зээлийн хүүгээрээ ашгаа олоод, харин Монголын тал ногдол ашиг авах уу гэхээр зардал нэмэгдээд байна гэж хуурчихаад 2040 оноос нааш ногдол ашгийн тухай битгий ярь гэж байгаа юм. Гадаад тал улам баяжаад байдаг. Ийм л шударга бус гэрээ болсон. Ийм байдлаар XXI зуунд бизнес хийж болохгүй. Иргэд Монголын талыг төлөөлж “Рио Тинто”-той Оюу толгойн асуудлаар гэрээ хийсэн хүмүүс хээл хахууль авсан байж магадгүй. Тэгээгүй бол ийм муу гэрээ хийнэ гэж юу байх вэ дээ. Тэрийг шалгах хэрэгтэй. Хээл хахууль авсан нь тодорхой болвол энэ гэрээ шууд хүчингүй болно. Нөгөө талаар “рио Тинто” компани өөр улс оронд ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэхийг судлах хэрэгтэй. Бөөн зөрчил гаргасан юм байна лээ. Монголыг шулуулахгүй мөлжүүлэхгүй гэсэн гэрээ хийх ёстой.

Өнөөгийн төр засагт Ц.Нямдоржоос авахуулаад тийм муу гэрээ хийх ажлыг удирдан зохион байгуулсан хүмүүс олон байна. Гарын үсэг зурсан С.Баярцогт, Н.Зоригт Л.Гансүхээс нараас илүү хамгийн хортой ажилласан нь Ц.Нямдорж. Гэрээний төсөл дээр ажилласан хүн нь Ц.Нямдорж шүү дээ. Хуулиараа хууль зүйн сайд Засгийн газрын гэрээ, хэлэлцээр хуульд, Монголын ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт гаргаж Засгийн газарт зөвлөдөг үүрэгтэй. Энэ ажлаа хийгээгүй, эсхүл гэрээг харахад Монголын эсрэг ажилласан байдал харагдаж байгаа. Одоо Ц.Нямдоржийн улайрч байгаагаас харахад “рио Тинто”-гийн шахалтад орсон байх өндөр магадлалтай. Цаадуул нь Ц.Нямдоржийг тэгж айлгах, сандаргах юмтай байж магадгүй. Тэд чи хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй гэж хандаж байгаа байх.

“Но”-той учраас улайм цайм Монголын ард түмний ашиг сонирхлын эсрэг яваад байна гэж ойлгогдохоор байгаа юм. Хэлж байгаа үгийг нь сонс л доо. Цээжээрээ хамгаална л гэнэ. Юу гэсэн үг вэ. Зүй нь энэ гэрээг засаж Оюу толгойг Монголдоо буцаан авчрахын тулд үхэн хатан явна гэж хэлэх ёстой биз дээ. Тийм учир Ц.Нямдорж Монголын үндэсний эрх ашгаас урвачихсан хүн гэж хэлж болно. Монголчуудыг айлгахын тулд бүр хачин үлгэр домог зохиож байгаа юм. Галзуу хүний үг үү гэж бодохоор юм ярьсан байна лээ. Өнөөгийн төр засаг “Рио Тинто”-той ширээний ард сууж яриад алдаагаа засах хэрэгтэй. “Рио Тинто” Оюу толгойг хаяж явна гэж байхгүй. Хаяад явсан ч Монгол Улс энэ уурхайг ажиллуулж чадна. Нэг баян хүн бизнесмэн бол ялаа гэж хэлж байсан юм. Алт гэдэг бал бурам. Бизнесмэн ялаа яаж ч хөөгөөд тэр алт болсон бал бурам дээр ирж сууна. Монголд алт зэс байгаа цагт бизнесийнхэн ирнэ. Төр засгийн байгууллага Оюу толгойн талаар шийдвэр гаргавал олон улсын шүүх дээр очно гэж байгаа. Тэгвэл ард түмнээрээ шийдүүлье. Ард түмнийг шүүдэг шүүх дэлхийн аль ч улс оронд байхгүй. Английн төр засаг Европын холбооноос гарах эсэхээ иргэдээсээ асууж, иргэдийнхээ саналын дагуу Европын холбооноос гарах гэж байна. Олон улсын ямар нэгэн шүүх Английн Засгийн газрыг шүүгээгүй. Ард түмэн тухайн улс орны ямар ч асуудлыг шийдэх бүрэн эрхтэй. Тэглээ гээд хэн ч түүнийг шүүхгүй. Оюу толгойн гэрээг яахыг Монголын ард түмнээс асуух хэрэгтэй.

-Дубайн гэрээтэй холбогдуулж асуухад Захиргааны анхан шатны шүүхээс Засгийн газрын захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ тухайд?

-Зөв шүү дээ. Шүүх энэ асуудалд овоо зарчимтай хандсан байна. Цөөн ч гэсэн шударга шүүгч бас байгаа юм байна гэж бодогдсон. Одоо Төр засаг “Дубайн гэрээ” хүчингүй гэдгийг зарлах ёстой.

-МАХН иргэдэд үнэгүй байр олгохоор зарлаж байна гэх мэдээлэл явж байгаа…

-Ямар нэгэн байр тодорхой мөнгөөр босно. Би тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа байрны асуудал хурц байсан учраас нийт хүмүүст хамаатайгаар биш гэхэд нэг хэсэг хүнд ашигтай байдлаар шийдэхийг хичээсэн.

Хамгийн эхэнд ахмад дайчдаа харж үзье гэж зарлиг гаргаж энэ төслийг дэмжүүлсэн. Ахмад дайчид улсаас үнэгүй байр авсан. Байртай нь 80 сая төгрөг бэлнээр авсан. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь насаа хайрлахгүй тэмцэж, зүтгэж явсан улс шүү дээ. Харин одоо Монгол Улсын төсөв, орлогын өөр эх үүсвэрүүд нэмэгдсэн тул орон сууцны асуудлыг нийт хүн амд хамаатай байдлаар шийдэх цаг болсон гэж үзэж байгаа. Орон сууцны асуудлыг иргэддээ ээлтэй байдлаар шийдвэрлэвэл улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон олон асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ. Ядуурал, утаа, ажлын байр, эрүүл мэндийн гээд олон асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэнэ. Орон сууцны асуудлыг шийдвэрлэх орлогын эх үүсвэрийн нэг нь Оюу толгойн орд, Таван толгойн орд. Ганцхан Таван толгойн уурхайн төрийн өмчийн компани гэхэд л нэг жилд гоос 700 гаруй тэрбум төгрөгийг төсөвт хуримтлуулдаг. “Оюу толгой”, “Таван толгой”-г ард түмний дундын өмч болгочихвол тэндээс мөнгөний эх үүсвэрийг нь аваад байр орон сууцны асуудлыг шийдэх, өрх бүрийг орон сууцтай болгох бололцоо байна гэсэн тооцоо байгаа.

Гэхдээ үнэгүй биш. 100 сая төгрөгийн байр байлаа гэж бодоход 40 жилийн турш бага багаар нь төлнө. Сар бүр. Тэр орон сууцны байрны хэмжээнээс шалтгаалаад 130-190 орчим мянган төгрөг. Урьдчилгаа 30 хувь төлөхгүй. Банкны зээлийн хүү гэж байхгүй. Харин тухайн айл өрхийнхөн ажил хөдөлмөр эрхлээд олсон орлогоосоо нэг сард 130-190 мянга төгрөгийг 40 жилийн хугацаанд төлж байгаад байраа өмчилж авна. МАХН УИХ-ын сонгуульд ялж олонх болвол энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Олон мянган хүмүүс талархаж бидэнд хандаж бүртгүүлж байгаа. Уг нь Засгийн газарт хүсэл байвал энэ асуудлыг одоо ч гэсэн шийдэж болно шдээ. Тийм учир бид Ерөнхий сайдад хандаж энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд цаг алдалгүй хамтран ажиллая гэсэн. Харамсалтай нь хариу өгөхгүй байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгчид өрийнх амлалтыг сануулж байгаа. Өөрөө АН-тай хамтран амласан. Амлах амлахдаа бүр иргэдийн бүх өрийг дарна гэсэн. Тэгвэл бид түүнд тусалъя гэж бодсон.

Эхлээд тэтгэврийн үндсэн өрийг хүүтэй нь тэглэчихье гэсэн санал тавьсан. Тэтгэвэр гэдэг чинь тухайн хүн 20-иос доошгүй жил ажиллахдаа цуглуулсан мөнгө. Өөрийнх нь мөнгө. Гэтэл банкууд хүний өөрийнх мөнгийг хүнд нь зээлж байгаа. Бүр өндөр хүүтэйгээр. Өөрийнхөө мөнгийг банкнаас зээлж авна гэж байж болохгүй. Түүнчлэн цалингийн зээлийн хүүг тэглэж гэж байгаа. Тийм эх үүсвэр байна. Түүнчлэн Монголбанкны зургаан хувийн хүү, арилжааны банкны хоёр хувийн хүүг болиулаад төр засгаас орон сууцны зээлийг хүүгүй өгвөл ипотекийн зээлийн хүүг тэглэх боломжтой. Арванхоёрдугаар сарын 20 хүртэл орон сууцны бүртгэл, тэтгэврийн зээлийн бүртгэл, цалингийн зээлийн бүртгэлийг МАХН-ын төв байранд, эсхүл дүүргүүдийн намын байранд, түүнчлэн онлайн байдлаар хийж байгаа.

Мөн тэтгэврийн үндсэн зээл, хүүгээ тэглүүлье, цалингийн зээлийн хүүг тэглүүлье, ипотекийн зээлийн хүүг тэглүүүлье, энэ хүртэл хугацаанд ипотекийн зээлийн хүүнд төлсөн мөнгөө үндсэн зээлийн төлбөрт бичүүлье гэж бодож байгаа хүмүүс амжиж бүртгүүлээрэй. Бид бүртгүүлсэн хүмүүст батламж гардуулж байгаа. Монголчууд маань одоо аль нэгэн намыг биш амьдралаа бодох хэрэгтэй гэж хэлэх байна даа.

-О.Баасанхүү гишүүн танай намд байгаа юу. Танай намаас нэр дэвших үү?

-Онолын хувьд МАХН-ын гишүүн хэн ч намаас нэр дэвшиж болно. Харин өөрөө нам руугаа, журмын нөхөд рүүгээ их дайрч, шавар шавхай цацсан. Бодлогын асуудлаар байр суурь зөрсөн. Тухайлбал, Эрдэнэтийн сонгогчид Эрдэнэтийн 49 хувийг төр засагт буцааж авч өгөх ёстой гэсэн байр суурь баримталж бидэнд захиа даалгавар өгсөн. МАХН Эрдэнэтийн сонгогчдын энэ захиа даалгаврыг биелүүлэхийн тулд Эрдэнэтийн 49 хувийг төр засагт буцааж авах ёстой гэсэн байр суурийг хатуу баримталсан. Харамсалтай нь О.Баасанхүү энэ талаар эсрэг байр суурь баримталсан. Харин сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж эсэргүүцсэнийг ажигласан.

Ер нь МАХН-аас УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших асуудлыг намын Бага чуулган эцэслэн шийдвэрлэнэ.

-УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн асуудал юу болж байна вэ. Яг ямар шалтгаанаар хорьчихов?

-Насанд хүрээгүй охиныг нь ганцааранг нь гэрт нь үлдээгээд ээжийг нь хорьчихсон. Уг нь насанд хүрээгүй охинтой байвал хорих битгий хэл ял ч өгдөггүй. Шударга бус шүүгчид маш муухай харгис шийдвэр гаргасан. З.Баянсэлэнгийг яагаад буруутгаад байна гэвэл тендер зарлаагүй юм гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ тендер зарлах аргагүй юм билээ. Засгийн газрын тогтоол гарахдаа “Бэрэн” компанийг нэр заагаад түүний барьсан 223 айлын орон сууцыг ард иргэдэд түрээсээр өг гэдэг шийдвэр гарчихсан. Харин тендер зарласан бол “Бэрэн”-гээс өөр компани тендерт ялж магадгүй. Тэгвэл Засгийн газрын тогтоолыг зөрчиж өөр компанитай хуйвалдсан гээд буруутгагдана.

Хоёрт, байрыг “Бэрэн” компаниас өндөр үнэтэй авсан гэж байгаа гэсэн. Энэ тухай шийдвэрийг З.Баянсэлэнгэ гаргадаггүй. Харин Сангийн яам гаргадаг. Сангийн яам ийм шийдвэр гаргаад мөнгийг шууд “Бэрэн” компанид өгсөн юм байна лээ. Гэхдээ байруудыг төрийн өмчид бүртгэж авсан. З.Баянсэлэнгэ, эсхүл хэн нэгэн хүн байр хувьдаа аваагүй. Олон зуун айл өрх орон сууцанд орж түрээсийн мөнгө төлж байгаа. Төрийн өмчид хэвээрээ үлдсэн, төр засаг түрээсний мөнгийг аваад зарцуулсан мөнгөө тодорхой хугацааны дараа нөхөөд ашиг хийх бололцоотой. Оюу толгойн муу гэрээг бодвол харин ч улсад, иргэдэд ашигтай ажил болсон байгаа юм. Гэтэл гэмгүй хүнийг, Засгийн газрын тогтоолыг биелүүлсэн хүнийг, мөнгө захиран зарцуулах эрхгүй хүнийг, улсын өмчид байр авч, олон зуун өрхийг орон сууцтай болгосон хүнийг заавал гэмт хэрэгтэн болгох гээд байгаа юм. Энэний цаана эрх баригчдын захиалга байна гэж харагдаж байгаа юм. Цаад санаа нь МАХН сонгуульд ялж магадгүй, тийм учир МАХН-ынхныг ямар нэг байдлаар хэрэг төвөгт холбогдуулж олон түмэнд буруугаар ойлгуулах гэж оролдож байна.

-Зам ашигласны төлбөр тав дахин нэмэхийг эсэргүүцэж жагсаал болоход МАХН оролцсон. Энэ тухайд?

-Монголд приус машингүй айл өрх байхгүй. Бүгдээрээ зээлтэй, өндөр хүүгийн дарамтанд байгаа. МАН-ын эрх баригчид тэд машингүй амьдарч чадахгүйг нь мэдээд тав дахин нэмж байна. Тэд ийм бусармаг ажиллагаагаа агаарын бохирдол багасгаж байна, гудамжны түгжрэлийг арилгаж байна гэх мэтээр ярьж тайлбарлаж байна. Шуудхан хэлэхэд энэ бол МАН-ынхны ирэх жилийн сонгуулийн мөнгөө босгох гэсэн хууль бус ажиллагаа. Энэ буруу шийдвэрээ нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Ядарсан ард түмнээ ингэж дарамтлахаа болих хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явцуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг БНФУ-ын 57.9 сая еврогийн зээлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Төслийн зээлийн хэлэлцээрийг талууд энэ оны 10 дугаар сарын 16-нд байгуулжээ. Уг зээлийн хугацаа 30 жил, хүү нь жилийн 0.08 хувь бөгөөд бөгөөд эхний 10 жилд зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх юм.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.

“БИОКОМБИНАТ” УТҮГ-ЫГ 57 САЯ АМ.ДОЛЛАРААР ШИНЭЧИЛНЭ

Монгол, Унгар Улсын Засгийн газар 2016 оны нэгдүгээр сарын 25-нд Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Уг хэлэлцээрт “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн төсвийг 25 сая ам.доллар байсныг 57 сая ам.доллар болгон нэмэхээр тусгасан юм. Нэмэлт зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд эхний 4 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжсэн.

Мөн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банкны Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттай хэрэгжүүлэх болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 100 сая ам.долларын зээлийг гэрээнд талууд энэ оны есдүгээр сарын 13-нд гарын үсэг зуржээ. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов. Дээрх хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Categories
гадаад мэдээ

Филиппинд газар хөдөлжээ

Филиппинийн өмнөд нутгийн Падада тосгонд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр худалдааны төвийн гурван давхар барилга нурж, таван хүн нурангид дарагджээ. Аврах багийнхан эрлийн ажлыг үргэлжлүүлсээр байна. Газар хөдлөлтөд зургаан настай охин гэрийнхээ хананд даруулж амиа алджээ. Мөн 31 хүн бэртсэн талаар Онцгой байдлын албанаас мэдээлэв. Филиппиний бүлэг арал нь Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог байв.

Categories
мэдээ нийгэм

​Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа​

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд болон холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.

Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд хуулийг дагаж мөрдөх нийт 13 журмыг баталжээ. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сонсголын эхэнд салбарын хүрээнд хийгдсэн ажлуудын талаар танилцуулга хийв.

Тэрбээр, “Зам барилгын ажлын чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зам барилгын ажлын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болоод тухайн зам барилгын ажилд хяналт тавих зөвлөх компанид тус бүр 3 жил байхаар хуульчилсан. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш нийт 109 зам барилгын ажлын гэрээнд авто замын баталгаат засварын хугацааг 3 жил байхаар тусгасан. Энэ хүрээнд авто замын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын авто замын барилгын ажлыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэх ёс зүй, хариуцлагад тодорхой ахиц дэвшил гарч байна. Авто зам, замын байгууламжийн чанарт нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох тухайн байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны үндсэн дээр хийгддэг зураг төсөл болон техник, технологийн шийдэл байдаг. Зураг төсөл болон магадлалын ажилд тавигдах шаардлага, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тодорхой болгох зорилгоор хуулийн 19.4-д “Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна”, 19.5-д “зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна” гэж зааж өгсөн. Ингэснээр авто зам, замын байгууламжийн чанар, үр ашиг сайжирч байна. Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах эрхтэй 39 компани байгаа. 2019 онд Зам тээврийн хөгжлийн төвөөс 187 зураг төсөлд магадлал хийсэн” хэмээн танилцуулгадаа дурдав.


Авто замын арчлалт, засварын ажилд 2017 онд 20 байршилд, 2018 онд 19 байршилд, 2019 онд 21 байршил их хэмжээний эвдрэл гарч 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг зам хариуцагч 32 байгууллага засварлажээ.

Харин Авто замын санд олон улсын, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 19 цэгээр дамжуулан зохион байгуулдаг бөгөөд 2018 онд 7.6 тэрбум төгрөг, 2019 оны эхний 11 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Тус сангийн хөрөнгөөр нийт 6293 ширхэг тэмдэг шинээр байрлуулж, 170 км хэвтээ тэмдэглэгээг сэргээх ажлыг хийжээ. Тодруулбал, анхааруулах тэмдэг 2368, хориглох тэмдэг 1680, мэдээлэх тэмдэг 2070, заах самбар 175 ширхгийг байрлуулсан байна. Мөн салбарын сайдын 2018 оны 41 дүгээр тушаал, 2019 оны 109 дүгээр болон 283 дугаар тушаалын дагуу холбогдох төрийн өмчит зам хариуцагч байгууллагуудын машин механизмыг шинэчлэхэд зарцуулжээ.


Авто замын тухай хууль нь 10 бүлэг, 36 зүйл, 167 заалттайгаас өнөөдрийн байдлаар 95 хувийн хэрэгжилттэй. 9 зүйлийн 29 заалт хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэй байгааг салбарын яамнаас танилцуулсан. Харин Монголын автозамчдын холбоо төрийн бус байгууллагынхан 34 заалт буюу 13.5 хувь нь хэрэгжихгүй байна гэлээ.

Сонсголд оролцогчид хуулийн зүйл заалтын хэрэгжилтийг “хуурай” тоогоор илэрхийлэхгүйгээр бодит нөхцөл байдалд тулгамдаж байгаа асуудлыг нь нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг хөндөж байлаа.

Мөн барилгын компаниудын хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал тулгардаг. Кареерын зөвшөөрөл авах гэхээр лицензийн асуудал яригддаг учраас цаг хугацаа алддаг, хоёр, гурван яам дамжиж зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Гэтэл Авто замын тухай хуульд ямар нэгэн зохицуулалт байдаггүй.

Түүнчлэн Авто замын зөвлөлийг ажиллуулах боломжийг өргөн хүрээнд нээж, хяналтын тогтолцоог сайжруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дархан – Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаарх асуултад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарсны улмаас төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Гэрээнд зааснаар бол 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан байгаа” хэмээн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар хариуцлага, хяналтын тогтолцоо тодорхойгүй, зохион байгуулалт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүд хойд чиглэлийн гол магистрал зам болох Дархан -Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлыг түргэн шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.

Энэхүү ерөнхий хяналтын сонсголоос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Засгийн газраар дамжуулан ирүүлэх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Эмх замбараагүй байдалд цэг тавихыг үүрэг болгов

Хонконгт өнгөрсөн зургадугаар сарын эхээр хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал өрнөх болсон. Түүнээс хойш тус бүс нутагт нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед Хонконгийн захирагч Кэрри Лэм Бээжинд айлчилж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн даваа гаригт түүнийг өргөөндөө хүлээн авч уулзжээ. Ли Көцян Хонконгт өрнөөд буй эмх замбараагүй байдалд цэг тавьж, хүн амын нийгмийн асуудлыг шийдэхийг Кэрри Лэм үүрэгдсэн байна.

Тодруулбал, Ли Көцян Хонконгийн нийгэмд тулгараад буй асуудлуудыг нухацтай судалж, тогтвортой байдлыг хангах шаардлагатайг онцолжээ. Энэхүү айлчлалын хүрээнд Хонконгийн захирагч мөн БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхах гэнэ. Сүүлийн хагас жилийн хугацаанд Хонконгт нийт 900 гаруй жагсаал болж, 5.8 мянга гаруй хүнийг баривчилжээ. Мөн 932 жагсагчийн эсрэг янз бүрийн заалтаар хэрэг үүсгээд байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Худалдааны хоёр дахь шатны хэлэлцээг ирэх нэгдүгээр сард явуулна

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид ирэх нэгдүгээр сарын эхний долоо хоногт Вашингтон хотноо худалдааны хэлэлцээнд гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа талаар ВВС мэдээлжээ. Тодруулбал, хоёр улсын хоорондын худалдааны гэрээг сайд нарын түвшинд хэлэлцэж үзэглэх гэнэ.

Бичиг баримтад гарын үсэг зурах тус ажиллагаанд хоёр орны удирдагчид оролцохгүй юм байна. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберхт Лайтхайзерын мэдэгдсэнээр саяхан хоёр талын төлөөлөгчид Хятадын зарим нэр төрлийн бараанд тавьсан импортын татвараа бууруулахаар тогтсон. АНУ-ын тал Хятадын эсрэг худалдааны шинэ тариф тогтоохоор хэлэлцсэн. Нийт 360 тэрбум ам.долларын үнэ бүхий бараанд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөсөн. Гэвч талууд харилцан буулт хийсэн аж. Улмаар Хятадын 250 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулах хэвээр байгаа юм. Харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 7.5 хувийн татвар ногдуулах гэнэ.

АНУ-ын худалдааны төлөөлөгч Р.Лайтхайзерын онцолсноор 120 тэрбум ам.долларын бараанд 15 хувийн татвар ногдуулах байсныг бууруулж, 7.5 хувь болгосон хэмээн тодотгожээ. Саяхан АНУ-ын эрх баригчид татварын нэмэлт хуулиа баталсан аж. Энэ нь 2018 оны хавар эхэлсэн хоёр улсын хоорондын худалдааны дайны хамгийн хүнд цохилтын нэг болох байсан гэж шинжээчид онцолж байж.

Ямартаа ч эхний ээлжинд талууд ийнхүү буулт хийснээр ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө багтааж талууд хоёр дахь шатны хэлэлцээ ийн явуулах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн төв болон эмнэлгүүдэд 1001 ширхэг хүүхдийн ор нэмж тавихаар болжээ

Улаанбаатар хотын Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд 1033 ширхэг хүүхдийн ортой ажиллаж байна. Томуугийн идэвхжил, дэгдэлт их байгаатай холбогдуулан 1001 орыг шинээр нэмэхээр болжээ.

2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,

Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөнгүүр” эмнэлэгт,

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.

Түүнчлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.

Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн зөвлөгөө өгөх утас”-ыг нээж, “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулж байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гарагт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулахаар боллоо.