Categories
мэдээ нийгэм

Маргааш иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг маргааш Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд зохион явагдана.

Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсэг байгуулав

БОХХААБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.17) хуралдаан 15 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд орон нутагт ажиллаж байгаа тул “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулсан гэж байлаа.

Хуралдаан Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс хуулийг хүчингүй болгосноор орхигдуулсан заалт, зүйл бий эсэхийг тодруулахын зэрэгцээ Монгол Улсын хүнсний бараа бүтээгдэхүүнд импортын барааны эзлэх хувийг лавлав.

Ажлын хэсгийн зүгээс Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан албан журмаар баяжуулах хүнсий бүтээгдэхүүний жагсаалт гарсан. Засгийн газраас баталсан уг журамд заавал баяжуулах хүнсний жагсаалтад гурил, давс орсон тул Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэсэн тул хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор орхигдсон хуулийн зохицуулалт, асуудал байхгүй гэж байлаа. Мөн Монгол Улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний жагсаалтад багтсан хүнсний бүтээгдэхүүний 51,1 хувийг импортоор бараа, бүтээгдэхүүн эзэлж байгааг хариултдаа дурдав.

Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Иймд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгхууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлая” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийгхэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын ЭСЯ-наас мэдээлж байна

БНСУ-д зорчих визэнд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээ батлах, хэрэгжүүлэх журмыг 2019 оны 12 дугаар сарын 2-ноос мөрдөж эхэллээ. Үүнд:

Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.
Солонгос улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авна.

Авах арга хэмжээ:

  1. Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 1-3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана.
  2. Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана.

БНСУ-ын визтэй холбоотой виз зуучлагч брокероос болгоомжлох талаар

  • БНСУ нь хууль журмын дагуу визний материалыг шалгадаг. “БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, танил Солонгос хүний тусламжтайгаар виз гаргаж өгнө” гэж хэлж байгаа хүн бол виз зуучлагч брокер юм.
  • БНСУ-ын ЭСЯ нь ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэний паспортыг шуудан болон хүнээр дамжуулан хүлээн авдаггүй болно.
Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчинд хий, цавуу, архи, тамхи худалдахыг хориглоно

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд дахь ТҮЦ болон дэлгүүрт түргэн муудах хагас боловсруулсан болон хуурсан, шарсан бэлэн бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, жимс, хийжүүлсэн болон өнгө оруулсан ундаа худалдаж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар иргэдээс тус байнгын хороонд гомдол ирүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн орчинд хямд, чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай хий, цавуу, архи, тамхи худалдаж байгааг таслан зогсоохыг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Зөвлөмжид 2020 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бэлтгэлийг хангах, Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2013 онд баталсан цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад архи, согтууруулах ундааг нэмэх, хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллах асуудлыг тусгасан байна.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 дугаар тушаалд,

1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

4. Өндөг, хуурай өндөг, майонез

5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

7. Кофе

8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13. Дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмоос гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактери буюу нян, хөгц мөөгөнцөр гэх мэт) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис гэх мэт) -оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан гэх мэт) хоол хүнс

16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол зэргийг оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Албан хаагчидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо

Албан хаагчидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Төв аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа. Энэ үеэр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцан, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.

Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн нөөц бололцоог ашиглан, бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлжээ. Тухайлбал, Онцгой байдлын газрын хашааны гадна болон дотор талыг сэргээн засварлаж, тугны суурь, гэрэлт цамхагийг шинээр хийсэн бол байгалийн чулууг ашиглан усан оргилуурыг хийсэн байна.

Мөн Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Төв аймгийн Мөнгөнморьт суманд Гал түймэр унтраах, аврах IV зэрэглэлийн 75 дугаар анги, Батсүмбэр суманд Гал түймэр унтраах, аврах анги, Лүн болон Баян сумдад Эрэн хайх, аврах бүлгийг байгуулан, аймгийн Засаг даргын хөрөнгөөр шуурхай албаны УАЗ фургон автомашиныг хүлээлгэн өгсөн.

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилчдын 30 айлын орон сууцны барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тус орон сууцанд орох алба хаагчдад тус бүр нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажиллах үеэрээ шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Талбайд байршуулсан хаалтаар Төрийн хамгаалалт тайлбар өгөв

Талбайд байршуулсан хаалтаар Төрийн хамгаалалт тайлбар өгөв

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө.

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чулууг тавьсан. 2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангаж, энэ чулууг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” гэсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтраад ажиллаарай. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчлөх нь зүйтэй” хэмээлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байна

Хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл ихэсч, эмнэлгийн ачаалал нэлээд нэмэгддэг. Дундговь аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн амбулаториор томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлж байгаа өвчтөний тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдлээ гэж аймгийн НЭ-ийн дарга Х.Жаргал танилцууллаа.

Тус эмнэлгийн амбулаторийн хүүхдийн эмч М.Мөнгөншагайтай уулзахад өдөрт 30-32 хүүхэд тогтмол үзүүлдэг байсан бол өнөөдрөөс 60 гаруй хүүхэд үзүүлж, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөний тоо ч нэмэгдэж байгаа гэлээ.

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин бөгөөд энэ нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг байна.

Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард тус аймгийн Сайнцагаан суманд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч, уушигны хатгалгаа өвчний гаралт нэмэгдэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал ихэсч сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаах хүртэл шийдвэр гаргаж байсан учраас ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруулж, халдвар авахаас сэргийлж байх чухал юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Хятадыг хавсран хариуцах цагдаагийн атташе Мелинда Адамыг хүлээн авч уулзлаа

Австрали улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Монгол-Хятадыг хавсран хариуцах цагдаагийн атташегаар томилогдсон цагдаагийн хошууч Мелинда Адам энэ сарын 15-17-нд манай улсад албан айлчлал хийлээ.

Хатагтай Мелинда Адам Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж ЦЕГ-ын дэд дарга Ж.Болдтой хоёр орны цагдаагийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Тэрбээр албан үүргээ 4 жилийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын бүхий л түвшний харилцаа хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ уулзалтын үеэр тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид 21 хоног амарна

Нийслэлийн сурагчдын II улирлын амралт ирэх даваа гарагаас буюу 12 дугаар сарын 23-наас эхлэн 21 хоног, орон нутгийн сурагчид 12 дугаар сарын 30-наас эхлэн 14 хоног үргэлжилнэ.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийнхан 32 долоо хоног хичээллэх бөгөөд үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж.

2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулахад, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд: I улиралд 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр, II улиралд 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр III улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног, Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног, III улиралд 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног амрах бол зуны амралт I-V анги 6 дугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 дугаар сарын 8-наас амарна.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд: I улиралд 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног, II улирал 12 дугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног, Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног, III улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног амрах бол зуны амралт нь нийслэлтэй адил хугацаанд байх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт байшин шатаж, нэг иргэн амиа алдав

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж нэг иргэн нас баржээ.

Тодруулбал Онцгой байдлын албанд 2019.12.16-ны өдрийн 17:03 цагт дуудлага мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 17:12 цагт очиж, иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшинд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Г /57 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.

Хүйтний улиралд обьектын гал түймрийн дуудлагын тоо нэмэгддэг, иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

Хог, хаягдлыг тусгай зориулалтын төвлөрсөн цэгт, саванд асгаж тогтмол ачиж тээвэрлүүлэх

Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох

Цогтой үнс нурмыг тагтай төмөр саванд хийж шатах эх үүсвэрээс 0,5 метрээс багагүй зайд байрлуулах

Хог хаягдал, өвс, шарилжийг устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх

Пийшин зуухыг гэр сууцанд байрлуулахдаа цонолт шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалт хийх, пийшин зуухны яндангийн дээврийн хөндийгөөр гарч байгаа хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах, галласан пийшинг хараа хяналтгүй орхихгүй байх

Пийшин зуухны яндангийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг сайтар шалгах гэмтэлтэй пийшин, зуух, янданг ашиглахгүй байх

Гэр сууцандаа зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх

Цахилгаан угсралт, ашиглалтын дүрмийг дагаж мөрдөн цахилгааны хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжлэх

Автомашины зогсоол, тавиуланд галын аюулгүй байдлыг хангаж, хаалга гарцуудыг чөлөөтэй байлгаж хоорондын зай хэмжээг баримтлах

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж орхихгүй байх

Иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх, тэдгээрийг ашиглаж сурахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.