Categories
мэдээ спорт

Дэлхийн шилдэг 16 багийн тулаанд Монголын багийг урьжээ

Монгол Улсын мэргэжлийн “Улаанбаатар ММС Энержи” багийг арванхоёрдугаар сарын 20-22-нд БНХАУ-д зохион байгуулагдах “Sina Elite League Final”-д оролцохыг урьсны дагуу өмнөд хөршийг зорилоо.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нар дасгалжуулагч С.Тулгын хамт тус тэмцээнд оролцох юм. Багийн довтлогч Э.Дөлгөөний хувьд энэхүү тэмцээнийг өнжинө. (Тэрбээр өнгөрсөн жил баруун гарынхаа дунд хуруунд хийлгэсэн төмрөө авахуулах хагалгаа нь өнөөдөр БНСУ-д амжилттай болжээ).

Sina Elite League нь БНХАУ-ын 150 хотоор 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамарсан, олон сая үзэгчийг татсан лиг юм.

Лигийнхээ финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил FIBA-гийн мэргэжлийн 16 баг өрсөлдөхөөр очжээ. Тэдгээр багийн дунд Австрали, БНХАУ, Хонконг, Япон, Монгол, Нидерланд, Филиппин, ОХУ, Серби, Словен, БНСУ, Тайвань, АНУ-ын шилдэг багууд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Монголын банк, санхүүгийн системийг шинэчлэхэд хамтран ажиллахад бэлэн байна

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн Хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Павит Рамачандраныг өчигдөр хүлээн авч уулзан эдийн засгийн бодлогын талаар цаашид анхаарч ажиллах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, 2020 онд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, ФАТФ олон улсын байгууллагын хяналтаас 2020 онд гарах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээг сунгах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа Монголбанкны ерөнхийлөгч онцолсон байна.

Харин АХБ-ны зүгээс Монголын банк, санхүүгийн системийг бэхжүүлэх, шинэчлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжилжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдахаар товлосон байна.

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Мөн энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэн батална. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн батална.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах юм.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэх заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Тиймээс өнөөдөр 11.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, төсөвтэй холбоотой зарим хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн тус байнгын хороо Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ёс суртахууны хэмээх ялын бодлого

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Антон Лавуазеэ-г химийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж үздэг. Аугаа эрдэмтэн маань ХVII зууны дундуур Францын академийн голлох тэргүүлэгчдийн нэг, нэр хүндийн оргилд гарсан суутан байлаа. Академийн хуралд ихийг горилсон нэгэн залуу эрдэмтэн ирж дотоод шаталтын тухай шинэ нээлтээ танилцуулсан аж. Лавуазеэ тэр утгагүй юмыг нь дориухан шүүмжилж л дээ. Залуу буруугаа хүлээхийн оронд тас хонзогнов. Түүнийг Жан-Пол Марат гэдэг.

Хэдэн жилийн дараа Францын хувьсгал гарч өнөө залуу чинь эрдэмтэн болохын оронд хувьсгалч болох нь тэр. Их хядлагын толгой авагчдыг толгойлогч болсон тэрээр хамгийн түрүүний ээлжинд их эрдэмтнийг гильтоны цаазын тавцан руу илгээсэн. Яг үнэндээ шийдвэрийн цаад шалтгаан нь хонзогнол байлаа. Францын хувьсгалын гол удирдагчид Дантон, Марат, Робэспиэр нар өөрснөө дараа нь бүгд яллагдсан. Түүх дэндүү шоглоомтой.

Ёс суртахуун гэдэг нь муу ба сайн, зөв ба буруу гэж нийтээр юуг ялгаж ойлгодог ерөнхий ойлголтын нэршил. Дотроо шашны, үндэстний, уламжлалын, газар зүйн, зан заншлын, улс төрийн гээд олон задраад явдаг болохоор философийн нэлээд төвөгтэй маргаантай судлахуун болой. Энэ утгаараа хуульчилж болдоггүй. Энэ дотор алив нийгмийн хувьсгал нь нийтийн амьдралд өмнөхөөс өөр шаардлага хязгаар тавьдаг болохоор улс төрийн ёс суртахууны хэм хэмжээ, нэлээд хувирамтгай. Нийгмийн гэнэтийн өөрчлөлт болох хувьсгалын дараа ёс суртахууны норм хэмжээ гэнэт өөрчлөгдсөнөөс болоод ихэнх тохиолдолд улс төрийн ёс суртахууны хэв хэмжээг хуульчлах, албадах, хүч хэрэглэх байдал руу ордог. Хувьсгалч Марат эрдэмтэн Лавуазеэг өөрийг нь шүүмжилсэн гээгүй, Хаант засгийн үед татвар хураах бизнест холбогдож байснаар нь ялласан.

Улс төрийн ёс суртахууны хэм хэмжээ нь албадлага, хууль дүрэм болоод ирэхээр тогтоосон хэмжээг зөрчигсдөд хатуу ял тулгаж эхэлдэг, энэ хэрээрээ биенээсээ хонзон авах, атаархал жөтөөрхлөө ханган баясах аймшигт зэвсэг болон хувирдаг ажгуу. Нацист, фашист, коммунист нийгэмд улс төрийн ёс суртахуун зөрчсөн хэргээр олон арван сая хүн амиа золиосолсон юм.

Октябрийн дараа Ленин Оросын шилдэг сэхээтнүүдийг буржуйн ёс суртахуунтай гээд мянга мянгаар нь эх орноос нь хөөсөн. Сталин илүү прагматик ёс суртахуунч байсан учраас шулуухан л буудах болсон юм. Түүний тушаалаар энэхүү ёс суртахууны хэмжүүр Монголд нэвтэрчээ. Алж устгахын ад зэтгэрийн дон шүгэлсэн тэр үед хүн болгон буруутаж байв. Улс төрийн ёс суртахуун нь шинэ нийгэмд таарахгүй гэнэ. Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул, ам цуурсан, худал мэдүүлэг өгсөн, нуун дарагдуулсан, сэжигтэй харагдсан гээд ямар ч хамаагүй шалтгаанаар буудаад л буудаад л байлаа.

Хядлагыг Монгол талаас гардсан хүн нь Чойбалсан. Уг нь тэрээр төрөлхийн алуурчин донтон биш л дээ. Хувьсгалыг удирдалцсан гэж өөрийгөө боддог боловч цаадуул нь тоодоггүй, аль л бохир ажил хийлгэдэг, дээш нь гаргадаггүй, үргэлж хоёр гурав дугаар эгнээнд байлгадаг байж. Тэр байтугай Бодоогийн тал гэгдэн намаас нь хүртэл хөөж байлаа. Найз Сүхбаатар нь аргалаагүй бол буудуулах байсан ч магадгүй. Иймээс бөөн бухимдал, гомдол. Үүнийг нь большевикүүд анзаараадахаж. Лхүмбийн хэрэг гэгдэх, үнэн хэрэгтээ буриадын эсрэг хядлагын явдалд хөөрхийг холбогдуулан Москвад аваачаад шоронд суулгачихсан. Ингэж тэрээр оросуудын барьцаанд орж, бодвол ам тангараг өргөсөн бололтой, хамт баривчлагдсан нөхдөө эргээд байцааж гарсан байдаг юм.

Ингэж тэрээр хараат улсын тоглоомын хаан болсон юм. Түүнийг гомдоосон, бүр доош нь хийсэн, басамжилж доромжилсон, тэр байтугай гүтгэсэн улс өнгөрсөн арав гаруй жилийн дотор мундахгүй олширсон байлаа. Өс хонзонгоо тайлахын тулд тэрээр эхэндээ аллагад тун идэвхтэй оролцлоо. Аль хориод оны үед Сумъяа бээс, Мэнгэт нарын хэрүүлд хутгалдан орж Мэнгэттэй хурууны өндөгнийхөө цусаа солилцон ах дүү болж байсан юм. Ингээд Сумъяагийн хошууныхныг толгой дараалан хядсан. Ганцхан эрэгтэй амьд үлдсэн гэдэг. Олон жилийн өмнөх өс хонзон тайлагдлаа. Дараа нь өөрийг нь басамжилж байсан нам төрийн удирдагчдыг хядаж гарав. Улс төрийн ёс суртахуун нь өөрийнх нь үл ойлгох коммунист гэгдэх нийгэмтэй таарахгүй тэргүүн нарын нэрсийг оросуудад гаргаж өгч байв. Дээрээ байгаа бүхнийг устгасаар Кремльд үнэнчээ баталж чадсан тул тун удалгүй улсын орой дээр гарч суусан. Сталин түүнд цэц мэргэн буу бэлэглэхдээ 30 мянган сум дагалдуулан өгсөн юм. Сталин иймэрхүү тоглоомд дуртай. Гэтэл Чойбалсанд яаж ч дэвэргээд 30 мянга байтугай 300 дайсан байсангүй. Гэвч чөтгөрийн эргүүлэг, мангасын барьцаанд орсон тэрээр огт танихгүй гэм зэмгүй үй олон эх орон нэгтнүүдээ буудаад л байхаас өөр замгүй болжээ. Өөрөө лам хүн, гэтэл лам багш шавь нараа хядах, эсвэл өөрөө үхэхээс өөр зам үлдсэнгүй. Тэрээр алуурчин байснаа өмгөөлөгч болж хувирав. Гэвч чөтгөр түүнийг мөнхийн эргүүлгээс нь гаргадаггүй. Байцаалт явуулж байхдаа хэн нэгнийг өршөөе гэж ам алдаад орос сургагчдаа зад загнуулж байсан баримт ч бий.

Чойбалсан нэгэнт Сталинд үнэнчээ баталж чадсан, нөгөөтэйгүүр түүгээр хангалттай нүгэл хийлгүүлж гар хөлийг нь цусанд лав дүрсэн учир гарах газаргүй түүнийг цаашид ашиглахын тулд нэрийг нь цэвэрлэх оппераци явуулжээ. Хядлага ид оргилдоо явж байх үеэр түүнийг Москвад дуудан хэдэн сар амраасан байна. Ингээд үг зааж өгөөд Монгол руу нь буцаав. “Намайг гадаадад ажлаар яваад эзгүй байх хойгуур Дотоод яаманд үүрлэсэн хувьсгалын эсэргүүнүүд гэмгүй ард олныг хуйгаар нь алж устгасан байна” гэсээр бөөн уур хилэн болж өнөө өөрийнх нь тушаалыг биелүүлж байсан алуурчдыг өөрсдийг нь хөнөөв. Тэрээр оросуудад дургүй, дотроо Сталиныг үзэн яддаг байсан байж магадгүй. Тэрээр хожмоо тууштай эх оронч болж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалагч болсон төдийгүй, өөрийнх нь араас Кремлиэс томилогдон ирсэн шинэ залуутай тэрсэлдэн, улс орноо Оростой нэгтгэх гэсэн оролдлогыг нь няцаан үзэлцсээр тогтоож байсан юм шүү.

Түүнийг залгамжлагч ч энэ гашуун эмгэнэлт түүхийг давтсан. Газар нутгаасаа өм цөм тасдан өгөх, өвөг дээдсээ хараан гутаах, үндэсний үзлийг хавчин гадуурхах, нутаг оронд нь гадны цэргийн хүчийг олон жилээр суулган ард түмнээ дарамтлах, үндэсний сэхээтнийг номхотгон хүлэх зэрэг түмэн нүгэл мань эрээр хийлгэсний дараа цаг нь боллоо гэж Москвад дуудан авчраад гэрийн хорионд суулгачихсан. Олон жил дайсагнасан Хятадтайгаа эргэж эвлэрэхийн тулд л түүнийг үзүүлэн болгон золигт гаргасан хэрэг. Энэ явдал 1990 онд ч давтагдсан байж магадгүй шүү. Орост үнэнчээ харуулан итгэл олсон байсан болов уу гэмээр дөнгөж тавь шүргэж байсан эрүүл саруул хоёр ч удирдагч бараг зэрэг зэрэг гэнэт эмнэлэгт очин зүрхний шигдээсээр онц сэжигтэйгээр нас барсан. Хоёулаа өнгөрсөн явдлын том гэрч, хоёулаа Оросын хараанаас мултрах гэсэн ерэн оны хөдөлгөөний халуун талархагч төдийгүй далдаас удирдаж байсан хүмүүс.

Хрущёвын дулаарлаас хойш шууд л буудаад унагачихаа больсон. Үүний оронд ажил төрөлгүй болгох, бүх нийтээр үзэн ядах, галзуугийн больницод хэвтүүлэх, шоронд суулгах, цөлөх, нийгмээс тусгаарлах, үзэн ядах цуглаан зохиох, гэр орныг нь дарамтлах, холбогдолтой болон болзошгүй хүмүүсийг шийтгэх зэрэг арга хэмжээ авдаг болжээ. Үүнийг хийхийн тулд улс төрийн ёс суртахууны кодекс бий болгосон. Юу юугүй хүн алсан хүрээ талсан, хулгай хийснийг эрүүгийн хэргээр шийтгэж болно. Гэтэл удирдагчийн дургүйг хүргэсэн, хонзон сануулсан хэсгийг чухам энэ улс төрийн кодексоор яллах арга бодох хэрэгтэй. Улс төр судлаач профессор Галиндив саяхан нэгэн ярилцлагадаа “Өмнөх нийгэмд ёс суртахууны асуудал хувь хүнээс гурван янзын чанарыг шаардаж байсан. Нэгдүгээрт, улсын мэдэлд байгаа өмч хөрөнгийг хайрлах ба хамгаалах, хоёрт үнэнч сэтгэлээрээ нам, засагтаа зүтгэх, гуравт, хамт олонч байх гэсэн ёс суртахууны үнэт зүйлсийг шаарддаг байжээ. Үүний дагуу социалист бие хүний баримталбал зохих ёс суртахууны категори, хуулиудыг ягштал мөрдүүлэн түүнийхээ биелэлтийг Ардын хянан шалгах хороо, нам эвлэлийн байгууллагуудаар шалгаж байсан нь богино хэмжээнд ёс суртахууныг иргэн бүрт маш сайн суулгаж өгсөн”. Монголд шат шатны 150 мянган мэдээлэгч байсан нь хүүхэд ороод нийт хүн амын 10 хувь, насанд хүрэгчдийн бараг 30 хувь нь гэсэн үг. Энэ бол мөнөөх улс төрийн ёс суртахуун хангуулагч буюу нийгмийн нууц цагдаа юм.

Улс төрийн ёс суртахууны кодекс анхлан буй болсон түүх их хөгжилтэй. Хрущёв нэгэнт Сталиныг хядлагад буруутгасан болохоор коммунист нийгэмд нь таарахгүй хүмүүсийг алаад байж болохгүй, гэхдээ зүгээр сул тавьчихаж бас болдоггүй. Ингээд Сталиныг нэгмөсөн буруутгасан намын ХХII их хурлаар энэ шалгуурыг зохиолгуулжээ. Зохиох ажилд оролцсон Ф.Бурлацкий энэ талаараа дурссан байдаг. Намын их хурлын өмнө хурлын бэлтгэл илтгэл программыг бичилцсэн томчууд нүсэр ажлын дараа хамтдаа амарч наргижээ. Гэтэл гэнэт Хрущёв утасдан коммунизм байгуулагчдын ёс суртахууны кодекс бичиж их хурлаар батлуулах санаа төрснөө хэлж маргааш гэхэд бэлэн болго гэж тушаах нь тэр. Ууж наргин нэлээд согтсон байсан үзэл суртлын томчууд оройжингоо уухын зэрэгцээ янз бүрээр панаал үсэргэсээр кодекс зохиочихсоноо шөнөдөө амжиж илгээжээ. Их хуралд Хрущёв өнөөхийг нь ямар ч засваргүйгээр үг үсэггүй уншин сонсгоход мөнөөх согтуу нь гараагүй дарга нар маш их гайхсан гэнэ. Учир нь согтуудаа юу бичсэнээ хэн нь ч санадаггүй. Коммунизмын үйл хэрэгт үнэнч байна, нийгмийн баялгийг арвижуулна, Үнэнч шударга хөдөлмөрлөж даруу төлөв байна, ах дүү социалист орны хүмүүстэй найрсаг харилцаатай байна, коммунизмын дайсантай хэзээ ч эвлэршгүйгээр алхам тутамдаа тэмцэнэ гэх мэт. Ийнхүү Зөвлөлт засаг унах хүртэл энэ кодексоор мянга мянган хүн буруутаж ажил амьдралаасаа салж байсан юм. Даруу төлөв амьдарна гэхээр яагаад болдоггүй юм гэж зарим нь гайхах байх. Даруу байгаагүйг чинь хэн нэгэн матахад л хэрэгт ордогтоо асуудал байна.

Мэдээж энэхүү коммунист нийгмийн ёс суртахууны кодекс Монголд шууд хуулбарлагдан амьдралд тулгагдсан. Нэрийг нь сольж социалист гэсэн байх. Хожим намын XVII их хурлаар шинэчилж 17 зүйлтэй мундаг том хууль болсон. Тэр үед намын шийдвэр тогтоол төрийн хуулиас дээгүүр тавигддаг байсан. 7 сарын 1-нд байшинтайгаа шатчихсан “социалист нийгмийн хүн болгоны даган мөрдөх улс төрийн ёс суртахууны норм хэмжээний жагсаалт”-ыг ханган биелүүлэгчдийн бичиж өргөн барьсан матаас хэдэн машин дүүрэхээр байсан шүү. Энэ бол зөвхөн Намын хянан шалгах хороонд ирсэн нь. Үүнээс гадна НАХЯ, Ардын хянан шалгах хороо, нам эвлэл үйлдвэрчний хороодод очсон матаас бичиг олон зуун тонн болох биз. Нийгэм ийм аймаар хяналтанд байж, энэний хохирогчид нь хэдэн мянгаар тоологдох биз, үүний дотор матаачид өөрснөө ч олноор золиос болсон.

Эцэст нь нийгмийн тогтолцоо буруутаад ирэхээр тухайн үед улс орныг удирдан аллагаас цөллөг хүртэл зохион байгуулж байсан этгээдүүд гэхээсээ тушаал биелүүлж цусанд гараа дүрсэн, цөллөг гадуурхалтыг биечлэн гүйцэтгэж байсан, шүүх прокуророор ялласан, ялын төлөвлөгөө уншсан хүмүүс түүхийн өмнө бүх буруутан нь болоод дуусдаг юм билээ. Гэтэл Цэдэнбал, Чойбалсангийн хөшөө дурсгал Монголоор нэг байж л байгаа биз дээ?

Гучаад оны алуурчдын ихэнх нь эргээд өөрснийхөндөө алагдсан, амьд үлдсэн нь насаараа бусдад хялайгдаж муу нэрнээс салахгүй хүн амьтнаас дөлж нуугдсаар насыг барсан. Нохой Сэнгээ, мангаа Дорж, Жамбалдорж, Баясгалан, Багаа, Болд, гээд олон нүгэлтний нэр хүмүүсийн ой тойнд үлдэж ном зохиолд хадагджээ. Чойбалсангаас хойш алуурчдад цус нөжтэй хутгалдах бололцоогүй болсон боловч тэдний үргэлжлэл болох дараачийн эгнээнийхэн гэмгүй хүмүүсийг матах, гүтгэх зэргээр амьдралаар нь тоглосон. “Социализм байгуулагчдын заавал мөрдөх ёстой улс төрийн ёс суртахууны норм хэмжээ”-г ялын бодлого болгон хүмүүсийг гүтгэж гүжирдэн амь нас, нэр төр, ажил албаар нь хохироодог энэ харгис явдал одоо ч үргэлжилсээр. Захиалагч гэхээсээ гүйцэтгэгчид эцэст нь буруутан болдог. Үр хүүхэд нь тэднийг занасаар яваа. Яргачин хэмээх нэгний охин гадаадад сурч байхдаа бусдад муухайгаар тамлагдан алагдсаныг бараг л Монгол даяараа ид бах болгох хохиор нь дуудаж байсан явдал жараад оны үед гарч байв. Үхсэнийх нь дараа үр хүүхдээр нь ч оролддог юм билээ. Тэд өөрсдөө ч тайван үхэх бололцоогүй. Үхсэнийх нь дараа ч цаг хугацаа ясыг нь зүгээр байлгахгүй өндөлзүүлсээр. Хэдийгээр энэ бүхэн нийгмийн буруу боловч амьддаа нүгэл хийж гэмгүй хүмүүсийн амьдралаар наадсан шааруудыг бурхан ч тайван орхидоггүй.

Жич: Ёс суртахуун, ёс зүй, түүнээ дагасан уламжлал зан заншлыг төрийн хууль болгоно хэмээн нэгэн дархан эрхтэй бөхчин идэвхийлэн хөөцөлдөж явна. Фашизмын аюулыг урьдчилан сануулж Юлиус Фүчик “Хүн ардаа, сэрэмжтэй байгтун!” гэж захиад цаазлуулсан юм гэсэн. Түүний үгийг л сануулахаас.

2019.12.16

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт ЭМЯ-нд “Сувилахуйн сургагч багш бэлтгэх анхдугаар сургалт” эхэлнэ. Утас: 88027947

09.00 цагт ОБЕГ-т “Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтны цугларалт” болно.

09.50 цагт ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд “Физик, технологи-2019” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас: 99717977

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд “Монгол улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 88919395

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Чингэлтэй дүүрэг дэх зөвлөлөөс “Сэрсэн монгол, Шинэ Чингэлтэйчүүд” аяны талаар мэдээлнэ.

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Банкны салбарын шинэчлэл” онол, практикийн бага хурал болно. Утас: 91992520

14.00 цагт ЭМЯ-нд Сэргээн засах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулах ёслол болно. Утас: 88027947

14.00 цагт Монголын Үндэсний музейд Монгол Улсын соёлын элч Ц.Уранчимэг “Өндөр гэгээн Занабазарын өв” сэдвээр лекц уншина.

Төрийн ордонд

08.00 цагт Их танхимд “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулган эхэлнэ.

09.00 цагт “Г” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: 50:26-аар явбал Үндсэн хууль зөрчих байсан

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Сонгуулийн хуулиар МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргалаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо пропорцианаль бус мажоритар байна гэж баталсан. Бид Үндсэн хуулиа дагах юм бол хоёр хэлбэрийг л сонгох учиртай. Нэгдүгээрт, аймаг нэг тойрог буюу томсгосон мажоритар. Энэ нь дотроо хэдэн ч мандаттай байж болно. Хоёрдугаарт, жижиг 76 мажоритар байх боломжтой. Ийм л боломж байгаа юм. Ямартаа ч МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг ингэж шийдлээ. Хоёр мажоритар тогтолцоо байдаг. Нэг нь жижиг, нөгөө нь том. Өнөөдөр (өчигдөр) томоор явахаар шийджээ. Үүнийг зөв гэж харж байна. 2008, 2012 онд энэ тогтолцоогоор явсан ч 2016 онд жижиглэчихсэн юм. Энэ тогтолцоогоор нэг аймаг гурван мандаттай байж болно гэсэн үг. Эрдэнэтийг гурав хуваахгүйгээр тэр чигт нь нэг тойрог болгочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтээс нэр дэвшигчдээс эхний гурван хүн нь гарч ирнэ. Нэг хүн гурван хүнд санал өгнө. Хамгийн ихдээ гурван санал өгнө. Түүнээс багыг өгсөн ч болно. Гэхдээ өрсөлдөх хүмүүс чинь тойрогтой хүмүүс шүү дээ. Иргэдээс л сонгогдож гарч ирнэ.

Хэрэв 50:26-аар явбал Үндсэн хууль зөрчсөн асуудал болох байсан. 50:26 нь пропорцианаль шинжтэй. Үндсэн хуулиа батлаад удаагүй байж зөрчсөн үйлдэл хийж болохгүй л дээ.

-Энэ тогтолцооны давуу болон сул тал нь юу байдаг юм бэ?

-Намынхан хоорондоо өрсөлддөг, муудалцдаг нь сул тал. Гэхдээ нэр дэвшиж байгаа хүмүүсээсээ шалтгаална л даа.

Нэр дэвшигчид хоорондоо сэтгэл нийлээд явчих юм бол асуудалгүй. Сонгууль л болсон хойно хардаж, сэрдээд жигтэйхэн юм болдог юм л даа. Янз бүрийн л зүйл болж байдаг юм.

Мэдээж давуу тал бий. Одоогийн жижиг мажоритар Эрдэнэт хотыг л гэхэд гурван тойрог болгоод хуваачихсан. Угтаа сонгогдсон гишүүд бид Эрдэнэт хотынхоо хэмжээний асуудлыг ярих ёстой байтал сонгогдсон тойрог минь энэ гээд хороодынхоо асуудлыг яриад байгаа. Энэ том мажоритараар явснаар аймгийнхаа хэмжээний асуудлыг нэгдэж ярих боломж бүрдэнэ.

-Гишүүд нэг аймгаас сонгогдсон ч тойргоосоо шалтгаалан хоорондоо өрсөлдөж, дорвитой ажил хийхгүй байна гэж шүүмжлэгддэг. Том мажоритараар явснаар энэ нөхцөл байдал дээрдэх үү?

-Яг тийм. Тэр утгаараа энэ зөв шийдэл. Би өөрийнхөө тойрогт багтсан хорооны асуудлыг ярьж гүйхийн оронд нэг тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ нэг дор суугаад Эрдэнэтийнхээ, аймгийнхаа хэмжээний асуудлыг ярих юм.

-21 аймаг тус бүр гурван мандаттай байх юм уу. Дээрээс нь хот, дүүрэг тойрогт хуваагдах уу?

-26 тойрог болдог. 21 аймаг дээрээ Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг ороод 26 болно. Өвөрхангай байлаа гэхэд нэг тойрогтой аймаг хэрнээ гурван мандаттай байна гэсэн үг. Улаанбаатар нэг тойрог байлаа ч дүүрэг, дүүрэгтэй мандаттай байж болно.

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2020 оны төсөвтэй холбогдуулж тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авсан. Иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулна гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан хүнд байдалд орно гэдгийг ч хэлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсвийн орлого үргэлж давж биелж байгаа. Өнгөрсөн 2018 онд нэг их наяд төгрөг давж биелсэн. Энэ жил ч давж биелэхээр харагдаж байгаа. Тиймдээ ч заавал бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд дарамт учруулах нь зохимжгүй юм. Яахав 2017 онд байдал хүнд байх үед ОУВС-гийн өмнө үүрэг хүлээж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаж байсан. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэх гэж байсан асуудалд эсрэг байсан. Ямартаа ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, дэмжлээ. Орлого тал дээр нь татварыг авахгүй байхаар болгож, зарлага талыг нь үлдээсэн. Зарлагыг зохицуулах боломж бий гэж харж байгаа. Төсвийн ажлын хэсгийг ахалж, баталж байсны хувьд төсвийн балансыг уншдаг болж. Тиймдээ ч зарлагыг нь нөхөх боломж байна гэж харж байна. Аль болох татварыг нэмэхгүй, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх нь зүйтэй. Хүмүүсийн амьдрал амаргүй байна шүү дээ.

Нийгмийн даатгалын сан хүнд байгаа. Улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө энэ сан руу өгч байж тэтгэвэр тавьж байна. Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн асуудалд дорвитой шийдэл гаргахгүй бол болохгүй. Энэ нь тулгамдаж байгаа асуудлын нэг зайлшгүй мөн. Харин үүнийг ямар хэлбэрээр шийдэх вэ гэдэгт анхаарч, зөв шийдлийг гаргах хэрэгтэй. Зарчмын дорвитой арга хэмжээ авах нь чухал. Тэтгэвэр нь бие даасан, түүнээсээ тэтгэврээ олгоод явдаг болох ёстой. Хүн амын насжилт нэмэгдэж байна. Тэтгэврийн насны иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн тоо багассан. Ийм учраас цаашид нөхцөл байдал хүндэрнэ. Гэхдээ энэ удаад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхгүй байх нь зөв шийдвэр болсон.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмж байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор тэдэнтэй зөвшилцсөн зүйл бий юү?

-УИХ шийдвэрээ гаргачихсан. Одоо Сангийн яам, Засгийн газрынхан ОУВС-гийнхантай сууж гарцуудыг гаргаж, тэдэнтэй тохиролцохоос өөр арга байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөс гар гэж хэлж байгаа юм биш. Ирэх оны тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөр дуусах ёстой. Миний бодлоор Монгол Улсын эдийн засгийн байдал харьцангуй сайжирч байгаа боловч эмзэг байгаа. Тийм учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан шиг сахилга баттай явахгүй бол болохгүй.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэхийн оронд “Капитал”-аас НДС-гийн мөнгөө авах ёстой гэж буй. Ер нь энэ шимтгэлийг нэмэхээ больсонтой холбоотойгоор гарч буй зарлагыг хэрхэн нөхөх вэ?

-2019 оны төсөв нэг их наяд төгрөгөөр давж биелж байгаа. Тэндээсээ тэтгэврийн санд мөнгө хийх боломж байгаа л гэж харж байна. Ер нь бол татварын хэмжээг буулгаж, татвар төлөгчдийг нэмж суурь баазыг нь өргөжүүлэх ёстой. Хувиараа бизнес эрхэлдэг ч татвар төлдөггүй маш олон хүн байдаг. Тэр бүрийг татвар төлдөг болгох нь зүйтэй. Төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг шүү дээ. Татвараа төлөөд л явах ёстой. Энэ бол нийгмийн өмнө хүлээж буй үүрэг.

-Улс төрийн намуудын тухай хууль хэдийгээр хэлэлцэх вэ. Намын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Миний хувьд төрөөс санхүүждэг байх нь зүйтэй гэж боддог. Ялангуяа УИХ-д суудалтай намууд төрөөс санхүүжих хэрэгтэй. Улс төрд суудалтай намуудад томоохон намууд орж таарна. Тэд төлөвшчихсөн байгаа шүү дээ.

Хэрэв төрөөс санхүүжихгүй бол аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс санхүүжиж, тэднийхээ эрхшээлд ордог. Ийм байдлыг аль болох гаргамааргүй байгаа юм. Намын санхүүжилтийг илт тод болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, гишүүд тойрогтоо элдэв зүйлс тараадаг, сонгогчид нь эргээд нэхдэг байдлыг хуулиар хориглох нь зүйтэй. Нэр дэвшигчид нь нэг л хэм хэмжээнд захирагдаж сурталчилгаагаа явуулж, нэг л гараанаас гарцгаах ёстой. БНСУ, Япон зэрэг олон оронд яг л ийм хуультай байна. Гэтэл манайд иргэддээ бэлэг сэлт тараагаад сургачихсан, сонгогчид нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихож. Одоо энэ байдлаасаа татгалзах нь зүйтэй. Монголын сонгогчдын боловсрол дээшилж, харьцангуй өөрчлөгдөж байгаа. Олон ч сонгууль өглөө. Тиймдээ ч туршлагатай, ухаалаг болж байгаа гэж бодож байна.

-Сонгогчдынхоо саналыг авахын тулд бэлэг, сэлт өгөөд сургачихсан нэр дэвшигчдэд их учир байгаа байх л даа.

-Хуулиар хориглохгүй бол хэн ч өгнө шүү дээ. Улстөрч биш ч өөр хэн нэгэн өгч л таарна. Тиймээс үүнийг зогсоох тал руугаа хандах нь зүйтэй юм болов уу гэж боддог. Үүнийг сонгуулийн сүүлийн жил л хориглож байгаа. Зөвхөн сүүлийн жилд нь бус нийтэд нь, дөрвөн жилээр нь хориглочих хэрэгтэй гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ядамдорж: Энэ онд нийслэлд гэмт хэрэг 5000 орчим хэргээр буюу 20 гаруй хувиар буурчээ

Улсын хэмжээнд бүртгэгддэг гэмт хэрэг, зөрчлийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод шалгагдан шийдэгдэж байна гэхээр Нийслэлийн Цагдаагийн удирдах газар үнэхээр том айл. Энэ том айлын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцан үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга цагдаагийн хурандаа Д.Ядамдоржтой нийслэл хотын гэмт хэргийн нөхцөл байдал, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа зарим бодлого чиглэлийн талаар ярилцлаа.


-Та Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдсоноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Шинэ оноо ямар ололт амжилттай угтах гэж байна вэ?

-Би цагдаагийн албанд анхан шатны нэгж болох сумын хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн орлогч дарга, аймгийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга зэрэг албыг хашиж, төр засгийн бодлого, шийдвэр, цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирлээ. Яг энэ албан тушаалд томилогдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Том айл шүү дээ. Эргээд харахад алба хаагчид маань чамлахааргүй үр дүнтэй ажиллажээ. Үүрэг, тангараг хоёртоо үнэнч байгаад зүтгэхэд ажил нь бүтэж байдаг сайхан алба шүү. Томилогдоод нийслэл Улаанбаатар хотын сүүлийн жилүүдийн гэмт хэрэг зөрчлийн гаралт, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн өмнөх удирдлагуудын эхлүүлсэн бодлогын чанартай ажлуудыг уламжлан хэрэгжүүлэх, нөхцөл байдалтайгаа уялдуулан өргөжүүлэх, шинэлэг зүйлүүдээр баяжуулах, санаачлах гээд ёстой л амсхийх завгүй өнөөдрийг хүрсэн байна. Үүний үр дүнд гэмт хэрэг 2019 оны эхний 11 сард 4633 хэргээр буюу 19.4 хувиар буурсан. Хэргийн илрүүлэлт 38.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өссөн зэрэг чамлахааргүй үр дүнтэй шинэ онтойгоо золгох гэж байна.

-Хэрэг буурна гэдэг тэрийгээ дагаад төсөв санхүү хэмнэгдэж, алба хаагчдын ажил ачаалал ч буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг биз?

-Тэгэлгүй яахав. Ирж байгаа дуудлага, хэрэг нэг бүрийн тоогоор хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун гээд эдийн засгийн болон эрх зүйн үр дагавар, хүн хүчний асуудал яригддаг. Хэрэг нэг хувиар буурах нь хүртэл ач холбогдолтой. Тэр хэмжээгээрээ нэг хувь өсөхөд л дээрх хүн хүч, төсөв санхүү нэмэгддэг учиртай. Энэ жил Нийслэл хотын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 2779 хэргээр буюу 30.7 хувь, халаасны хулгай 792 хэргээр буюу 63.7 хувиар, дээрэмдэх 620 хэргээр буюу 46.3 хувиар, залилах 623 хэргээр буюу 14.6 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 582 хэргээр буюу 10.8 хувиар тус тус буурсан үр дүн гарлаа. Дээрх үр дүн гарахад хүн амь, хүчин, дээрэм, залилангийн болон зөрчлийн хэргүүдийг шийдвэрлэх талаар шүүх, прокурорын байгууллагатай хамтарсан уулзалт зөвлөгөөн, ярилцлага зохион байгуулах зэрэг олон удаагийн идэвхтэй үйл ажиллагаанууд зохион байгуулсан нь нөлөөлсөн. Мөн зөрчлийн хэргийн шийдвэрлэлтэд ч тодорхой ахиц дэвшилт гарсан.

-Та Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдоод ажлаа ямар асуудлаас эхлэв?

-Цагдаагийн дарга хүнд жижиг гэмт хэрэг, жижиг асуудал гэж байдаггүйг өмнө нь хийж байсан ажлынхаа туршлагаас гадарлах болохоор алба хаагчдаа сонсох нь надад нэн тэргүүний ажил болсон. 2015-2017 онуудад гэмт хэрэг зөрчил 20 хүртэлх хувиар өссөн үзүүлэлт анхаарлыг маань татаж байсан учраас бууруулахын тулд алба хаагч нартайгаа хамт зүтгэнэ дээ гээд ажилласан. Одоо ч эрчимтэй ажиллаж байна. Харьяа нэгж, Дүүргийн цагдаагийн хэлтсүүд нийт бүрэлдэхүүнийхээ 90 гаруй хувьтай нь хуваарийн дагуу уулзаж санал хүсэлтийг нь сонссоны үр дүнд хэд хэдэн асуудал дээр тогтож, тууштай хэрэгжүүлэн үр дүнг нь тооцох ажил арга хэмжээнүүдийг зөвлөлийн гишүүдтэйгээ хэлэлцэн тодорхойлсон. Юуны түрүүнд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх ажил учир дутагдалтай байв. Тухайн үед хоногт дуудлагын тоо 1500-2000-д хүрч, шийдвэрлэлт нь тун бага хувьтай байсан.

Иргэд ч энэ талаар бичгээр болон амаар Засгийн газрын мэдээллийн төвийн 11-11 тусгай дугаараар холбогдохоос гадна Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад ч олон гомдол гаргаж байв. Дүүргийнхээ цагдаагийн удирдлагуудад дуудлага, мэдээлэлийн мөрөөр хэрэгжүүлэх ажилдаа дорвитой ахиц гаргах, гүйцэтгэлд нь тавих хяналтыг тогтмолжуулах талаар тодорхой чиглэлүүдийг өгч, зохион байгуулалтын арга хэмжээ авсаны үр дүнд шийдвэрлэлт дээшилсэн.

-Дээрх ажлыг зохион байгуулснаар ямар үр дүн гарав?

-Ямар ч асуудалд эргэх холбоо юу юунаас чухал. Таны асуудлыг бид хуулийн дагуу ингэж шийдлээ гээд эргэж холбогдож мэдэгдэхэд иргэн сэтгэгдэл өндөр байдаг. Иймээс дуудлага, мэдээлэл өгсөн иргэн нэг бүртэй, дуудлагыг нь хэрхэн шийдвэрлэсэн, гомдолтой эсэх талаар санал гомдлыг нь хүлээн авч, эргэж холбогддог болсон нь энэ ажлыг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон. Дуудлага, мэдээлэл өгсөн иргэдийн 60 хувьтай нь тухайн үед холбогдож санал хүсэлтийг нь сонсдог болсонд иргэд нэн талархалтай ханддаг болсон. Мөн тухайн үед дуудлагын тоо ихэссэн учраас албаны автомашин болон зөрчил шийдвэрлэх алба хаагчийг нэмэгдүүлснээр шийдвэрлэлтийнхээ хэмжээгээр зөрчлийн дуудлага мэдээлэл жилээс жилд буурч байна. Энэ ажлыг хэлтэс, тасгийн дарга нар бүрэн хяналтдаа авч, хугацаа алдахгүй хууль журмын дагуу шийдвэрлэх асуудал сүүлийн хоёр жилд тодорхой ахиц гарлаа. Дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаагүй, чирэгдүүлсэн, буруу шийдвэрлэсэн, хяналт тавиагүй албан тушаалтнуудад ч хариуцлага тооцож эхэлсэн.

Цагдаагийн ерөнхий газраас ч мөн тодорхой арга хэмжээ авч, дүүргүүдийн бүтцэд жижүүрийн Шуурхай удирдлагын тасгийг бий болгож, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаанд онцгой анхаарсан арга хэмжээ авсан. Нэг хүн, нэг айл, нэг байгууллага ч гэсэн амар тайван байх нөхцөл нь бүрдэж байвал тэр бидний ажлын үр дүн дээ. Ингэж дуудлага багасна гэдэг чинь тэр хэмжээгээрээ миний дээр ярьсан алба хаагчдын алба, амины цаг хугацаа, ажлын ачаалал, тээврийн хэрэгслийн бензин шатахууны нөөц хэмнэгдэж байгаа бодит үр дүн гарч байгаа нь тэр.

-Байгууллагын ажлын үр дүнг сайжруулахад удирдлагын манлайлал ур чадвар, зохион байгуулалттай холбохгүйгээр үр дүн хүлээх боломжгүй санагддаг. Та удирдах албан тушаалтнуудынхаа ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манай алба хаагч нарын манлайлал надаас, өөрөөс маань эхлэх учраас ажлын арга, туршлага гээд бүхий л талаараа удирдах ажил алба хашиж байгаа залуустаа үлгэр дуурайл болохыг зарчмаа болгож ирсэн. Ер нь дарга гэдэг албан тушаалтнуудыг зохион байгуулагч, зохицуулагч, чиглүүлэгч, үлгэрлэгч гэж манлайллын үүргээр нь хамт олон нь хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах явдал юм. Тиймээс удирдлагуудаас их зүйл шалтгаална гэж би хувьдаа үздэг. Дүүргийн цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нарын хувьд ч удирдан зохион байгуулах ур чадвар, ажил хэрэгч байдал, алба хаагч нэг бүрт хүрч ажиллах, хэрэг зөрчилд хяналт тавьж буй байдал, иргэдээс ирүүлсэн гомдол санал хүсэлтэд хариу өгч байгаа байдал, харьяа дээд байгууллага, удирдлагаас ажил сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилт, үр дүнг хянах, тооцох явдал учир дутагдалтай байсныг нуух юун.

Нөгөө талаас анхан шатанд ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэргийг хуулийн хугацаанд нь мөрдөн шалгах, дуудлага, мэдээлэл нэг бүрийн шийдвэрлэлтэд хяналт тавих гэх мэт ажлууд нь суларсан байсан гээд дурьдвал асуудал барагдахгүй л дээ. Цагдаагийн дарга хүн ажилдаа хамгийн эрт ирээд хамгийн сүүлд явдаг байх нь наад захын манлайлал. Албаны дүрэмт хувцсаа үлгэр жишээ өмсдөг, алба хаагчидтайгаа журам, дүрмийн дагуу зөв харьцдаг, иргэдийг сайхан хүлээж аваад, гаргасан өргөдөл, гомдлыг нь шалгах алба хаагчид нь зөвлөгөө өгөөд, хэрэгжилтийг нь тооцдог, иргэнд хариуг нь өгдөг, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, ажил хариуцах чадвар зэргээр дүүргүүдийн ихэнх дарга нар зүтгэл гаргаж, санаачилгатай ажиллаж байгаад урамтай байдаг даа.

-Нийслэлийн цагдаагийн газрын зарим удирдлагууд их ойрхон солигдсон гэж уншиж байсан. Дүүргүүд ямар байдалтай байна вэ?

-Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга нар сүүлийн таван жилд тус бүр таваас зургаан удаа өөрчлөгдсөн гэх мэтчилэн олон жишээнүүдийг дурдаж болно. Тасаг, хэсгийн дарга, ажилтнууд мөн адил. Ер нь удирдлага нь тогтворгүй болоод ирэхээр тухайн нутаг дэвсгэр дээр гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулах ажил, арга хэмжээ, алба хаагчдын урам зориг, итгэл үнэмшил, албандаа хандах хандлага, ажлын байрны тогтвор суурьшил нь дагаад суларч, амь аргацаасан, өдөр, хоног өнгөрөөсөн, хэзээ дарга дахиад солигдох бол гэж харсан, ажлын эцсийн үр дүнг тооцох хэмжүүрүүдийн тогтвортой байдал, арга барилын төлөвшил нь үндсэндээ алдагддаг юм байна. Тийм учраас сүүлийн хоёр жил дарга нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, шатлан дэвшүүлэх зарчмаар даргын томилгоог хийх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ч гэсэн ихээхэн анхаарав. Хамт олны уур амьсгал, хандлага, итгэл үнэмшил харьцангуй дээшилж, бие биедээ итгэж, дэмжлэг авч, хамт олны сэтгэл ханамж, ажиллах урам зориг нэмэгдэж байна.

Дарга нарын ажлыг үнэлдэг, дүгнэдэг, хяналт тавьдаг үйл ажиллагаанд өөрчлөлт хийж өглөө хэдэн цагт ажилдаа ирж, хэдэн цагт бууж, энэ хугацаанд ямар ажил арга хэмжээ зохион байгуулж, үр дүн ахиц дэвшил хэр зэрэг байгааг өдөр, сар, улирлаар дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулж, тааруу ажилласанд нь зэмлэл хүртээдэг тогтолцоо хэвшиж байна. Ингэж дарга нарын ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлттэй болсон нь үр дүн хүлээх нэг боломж гэж хэлж болно. Удирдах албан тушаалтнуудынхаа ажил, үүргийг зөв зохион байгуулахгүй бол ажлын үр дүн гэж ярилтгүй. Энэ хугацаанд давхардсан тоогоор 50 дарга сайшаагдаж, 42 дарга зэмлэл хүртсэн байна. Үүнийгээ дагаад удирдах бүрэлдэхүүний манлайлал, ажил хэрэгч байдал, хамт олноо удирдан зохион байгуулах, алба хаагч нарын ажлыг тэнцвэржүүлэх бодлогын хэрэгжилт үр дүнг тооцох чиглэлээр тодорхой ахиц гарсан.

Дарга нарын ажлыг хагас, бүтэн жилээр Нийслэлийн цагдаагийн газраас дэд даргаар ахлуулсан хэлтсийн дарга нар оролцсон ажлын хэсэг хянан үзэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгч, нийт дарга нарын хэмжээнд сайн муугаа ил тод ярилцдаг болж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэсэн, идэвх санаачилга муутай зарим удирдлагуудын ажлын байрыг өөрчилсөн зэрэг удирдлага, зохион байгуулалтын олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тодорхой хэмжээгээр эерэг үзүүлэлт гарч байна. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ.

-Нийслэлийн цагдаагийн газрын өглөө бүхэн зохион байгуулдаг шуурхай зөвлөгөөн нь иргэдийг чирэгдүүлдэг талаар шүүмжлэл дагуулдаг байсан. Үүнийг та өөрчилсөн гэсэн. Ач холбогдол нь яаж илэрч байна вэ?

-Нийслэлийн цагдаагийн газар нийслэл Улаанбаатар хотод хоногийн хугацаанд эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаар өглөөний 08-08.30 цагт өдөр бүр бие бүрэлдэхүүнээрээ сонсож, харилцан мэдээлэл хийдэг, үүрэг чиглэл авдаг шуурхай зөвлөгөөн хийдэг.

Үргэлжлүүлээд дүүргийн цагдаагийн хэлтсүүд дотооддоо хуралдаж, гэмт хэрэг илэрсэн, илрээгүй, үүрэг даалгавар биелсэн, биелүүлээгүй гэх мэт ажлуудаа ярилцсаар байгаад наад зах нь 10 цаг хүргэж, алба хаагчийг өглөө бүр идэвхгүй байдалд оруулдаг, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг нь бүдгэрүүлэн саармагжуулж, мартуулах, мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргах, мэдүүлэг өгөхөөр ирсэн иргэдийг тэр хэмжээгээр хүлээлгэж цөхрөнг нь бардаг сөрөг үр дагавартай байдлыг өөрчилж 17.00 цагт шуурхай хийдэг болсон.

Алба хаагчдыг ажлын таван өдрийн зөвхөн даваа, баасан гаригийн 17.00 цагт нэгдсэн шуурхайд суулгаж Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас зарлан мэдээлэх, хичээл сургалтын шинжтэй арга хэмжээнүүдийг явуулдаг болсноор өглөө бүр иргэдийг хүлээлгэдэг байдал таслан зогсоогдож, алба хаагчийн хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн дээ. Эхэндээ дасахгүй хэл ам дагуулсан. Харин одоо алба хаагчид үр дүнтэй байна гээд ам сайтай л байна.

-Иргэдийг Цагдаагийн байгууллага дээр дуудчихаад үүдэнд нь суулгаад байдаг, санал гаргаад очиход заримдаа таагүй хүлээж авдаг тухай шүүмжлэлтэй яриа өгүүлэл байдаг. Энэ талаар зохион байгуулсан ажил, иргэдээс ирдэг удаан хүлээлгэлээ гэдэг хэл амыг багасгахад нөлөөлж чадсан уу?

-Тэгэлгүй яахав. Алба хаагчдаас иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг таслан зогсоож, иргэндээ хүндлэлтэй, шуурхай хандаж, ажил хэрэгч харилцаа үүсгэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах нь бидний үндсэн ажлын нэг. Дүүргийн хэлтсүүд дээр санал гомдол гаргахаар ирсэн иргэдийг хүлээлгэдэг чирэгдүүлдэг, гаргасан гомдол хүсэлтэд хариуг нь тэр бүр өгдөггүй байдал их байсан юм. Иймд юун түрүүнд иргэдийг угтах, үдэх, санал хүсэлтийг нь хүлээн авах таатай орчныг бүрдүүлэхээр ажилласан. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Алба хаагчид маань ч гэсэн өөрийн ажиллаж байгаа байгууллагаа үүднээсээ эхлээд өнгө төрх сайхан байвал урам юм даа. Үүнийгээ дагаад шалгаж шийдвэрлэх ажилд нь дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд угтах, үдэх үйлчилгээг нэвтрүүлжсэн нь хяналт тавьдаг болсноор иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэдэг, гомдол, саналаа хэнд хандаж гаргах, хэнтэй уулзах нь тодорхойгүй байдал эрс багассан.

-Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд алба хаагч-дыг урамшуулах зохион байгуулалтын ажил юу юунаас илүү чухал. Та хэр зэрэг алба хаагчаа урамшуулдаг удирдлага вэ?

-Урамд дургүй хүн гэж байхгүй. Цагдаагийн алба хаагч гэхээрээ л үргэлж үүрэг даалгавар аваад хичээж зүтгэж хийсэн ажил нь усанд хаясан чулуу шиг орхигддог байж болохгүй. Сайн ажиллаж байгаа хүнийг урамшуулна гэдэг дарга хүний удирдах арга барилын салшгүй нэг хэсэг, бусдыг нь уриалах, бусдад нь үлгэрлэх арга хэрэгсэл юм шүү дээ.Үүнтэйгээ уялдаад алба хаагчаа урамшуулах нь ажлын үр дүн гарах нэг чухал зүйл.

Манай бие бүрэлдэхүүнд чадвартай, хийж бүтээе гэсэн хүсэл, эрмэлзэлтэй олон шилдэг алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчдынхаа урам зоригийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байя гэсэн итгэл үнэмшлийг нь өрнүүлэх зорилгоор сайн ажиллаж байгаа алба хаагчдаа цаг тухайд нь алдаршуулж хэвшсэн. Ажлаа сайн хийгээд урамшуулал авч байгаа алба хаагчаа харахаар би ч гэсэн адилхан баярладаг. Байгууллагынхаа албан ёсны цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр алба хаагчийнхаа долоо хоног, сард бусдаасаа ялгарч шалгарсан, ур чадвар гаргасан ажлын амжилтаар нь “Онцлох алба хаагч”-ийг шалгаруулж, сурталчлах ажил тогтмолжсон. Хэн сайн ажиллана тэр шагнагдах нь зөв шүү дээ.

-Та алба хаагчдынхаа ажлыг бодитой үнэлж дүгнэж чадаж байгаа гэж бодож байна уу?

-Энэ асуултад манай алба хаагч нар илүү тодорхой хариулах байх. Сардаа ойролцоогоор 15-20 хүнийг албан ёсоор шалгаруулаад, цалинг нь 20 хүртэл хувиар нэмж урамшуулан, гэрэл зургийг нь хүндэт самбарт байршуулан, нийт бие бүрэлдэхүүндээ тухайн алба хаагчийн амжилт бүтээлийг сурталчилж байгаа нь дараа дараачийн эерэг үр дүн гарах, идэвх чармайлт гаргах нэг хүчин зүйл болж байна. Үүнээс гадна мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, хамгийн хурдан хугацаанд гэмт хэрэг зөрчлийг илрүүлсэн, таслан зогсоосон, шинэ сэдэл санаа гаргасан алба хаагчийг цаг тухайд нь нийт алба хаагчид, иргэд олон нийтэд хүргэх зорилгоор цахимаар алдаршуулах ажлыг зохион байгуулсан. Одоогийн байдлаар 300 гаруй алба хаагч, албан тушаалтны мэдээллийг нийтэд хүргэлээ. Ингэснээр алба хаагчдын идэвх санаачилга, хандлага, итгэл үнэмшил эрс дээшилж, урам зориг орж байна даа.

-Танай удирдах газраас дүүрэг рүүгээ хэрхэн анхаарал тавьдаг вэ. Та бүх шатандаа хүрч ажиллаж байна уу?

-Дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн ажил сайн байж гэмээнэ Нийслэлийн цагдаагийн байгууллагын ажил бүхэлдээ сайжирна. Улмаар хариуцсан нутаг дэвсгэрийн хүн ам, бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн байдлаас шалтгаалж улсын хэмжээний цагдаагийн байгууллагын ажлын үр дүнд ч нөлөөлдөг учраас бид дүүрэг рүүгээ, тэр тусмаа хорооны цагдаагийн ажилд онцгойлон анхаарал тавьж байгаа. Ямар ч ажлыг хийж байхад туршлагатай хүний үг, үйлдэл хэзээ ч илүүддэггүй. Урам зориг нэмээд урагшаа ахихад нь чухал түлхэц болдог. Залуу хүнийг чи дээд сургууль төгсөө биз дээ гээд орхиж хэрхэвч болохгүй. Тиймээс манай төв аппаратын алба хаагчид анхан шатны нэгж болох дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдэд очиж, ямар ажил нь доголдож байна, ямар ажилд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэдгийг үзэж, энэ чиглэлээр хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 500 гаруй алба хаагч 300 гаруй удаа дүүрэг, хороодод ажиллажээ.

Алба хаагчдын зүгээс төв газраас маань ажлын арга туршлагатай алба хаагч ирээд ажилд маань тусалж өргөдөл, гомдлыг хууль зүйн дагуу шийдэхэд туслаад, дэмжээд өглөө гэж их урам зориг ордог гэж хэлж байгаа нь удирдлагууд бидэнд ч ч урам өгөөд зогсохгүй тухайн нэгж дээр бодит нөхцөл байдал ямар байгааг мэдэх нэг чухал арга болж байгаа юм.

Тиймээс дэмжлэг үзүүлэх ажлыг бид ажлын зав чөлөө, хурал зөвлөгөөн, тайлан төлөвлөлтийн ажил бага байх үед тодорхой дэмжлэг үзүүлэх хэлтэс, тасаг, алба хаагчдаа сонгоод очиж ажиллан үр дүнг нь тооцон ажиллаж байна.

-Нийслэлийн иргэдийн хурал болон Засаг дарга нараас та бүхний ажлыг хэрхэн дэмждэг вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шинэ байр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өргөтгөлийн барилга ашиглалтад оров. Удахгүй Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ байрнууд ашиглалтад орох гэж байна. Мөн нийт автомашинуудын 10 орчим буюу 50 автомашинаар парк шинэчлэл хийлээ. Шинээр нэг тэрбум орчим төгрөгөөр тодорхой дүүргүүдийн хороодыг камержуулаад байна. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үзүүлж байгаа маш том дэмжлэг.

-2020 онд Нийслэлийн төсөвт бүтээн байгуулалтын болон бусад ямар мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхээр болоод байгаа вэ?

-Нийслэлийн удирдлагуудын санаачлан дэмжсэнээр 2020 онд Нийслэлийн иргэдийн хурлаар автомашины парк шинэчлэл, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ барилга, Улаанбаатар хотыг тодорхой хэмжээнд камержуулах төсөв хөрөнгийг баталсан. Энэ нь цагдаагийн алба хаагч дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих, иргэдийн ая тав тухтай ажиллах амьдрах, айдас хүйдсийг багасгах, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж баталсан. Энэ бүхэн цагдаагийн байгууллагын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт боллоо.

-Танайх бүтцийн өөрчлөлт хийсэн гэсэн. Шинэ бүтэц хэр зэрэг ач холбогдолтой болсон гэж та бодож байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас манай Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд дүн шинжилгээ хийж шинэ бүтцэд оруулсан. Бидний санаачилсан ажлын үр дүн иргэд, алба хаагчдад ээлтэй байвал тэр бодит үр дүн гэж хардаг. Тийм бүтэц болсон ч гэж бодож байгаа. Тухайлбал, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар хариуцахаар дүүрэг тус бүрт газар байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үйл ажиллагаа бүрдсэн. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллагатай нэг бодлогоор л харилцдаг болж байна гэсэн үг. Үүнийгээ дагаад цагдаагийн хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо улам сайжирч, ажил ачааллаа хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэж байна. Энэ бүтцийг хийхэд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлж, хороодод цагдаагийн 33 хэсэг байгуулсан. Энэ нь цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дүүрэг хороодын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой шийдвэр боллоо. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулж, хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай ажил гэж харж байгаа. Энэ чиглэлээр мэргэшсэн алба хаагчид урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.

Дүүргүүдийн Иргэдийн хурал, Засаг даргаас харьяа цагдаагийн газар хэлтсүүдэд техник тоног төхөөрөмж, төсөв мөнгөний дэмжлэгийг чамлалтгүй үзүүлж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэг 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, засварын ажил, мөн Хан-Уул, Багануур дүүргүүдийг дурдаж болно.

-Та удирдлага, зохион байгуулалтын нэлээдгүй ажил хийжээ. Үүний үр дүн юу вэ?

-Цагдаагийн байгууллагаас иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэл нэг бүрт хяналт тавьснаар зөрчлийн шийдвэрлэлт нэмэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 51301-ээр буюу 11.6 хувиар буурсан. Өнгөрсөн онд зөрчил гаргасан 2165 иргэнийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж байсан бол энэ онд 5765 буюу 1.5 дахин ихээр шийдвэрлүүллээ. Албадан эмчилгээнд л гэхэд өнгөрсөн онд 335 иргэнийг явуулж байсан бол энэ онд 565 иргэнийг хамруулж 68.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Нийслэл хотод 2019 оны эхний арваннэгдүгээр сард зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 5765 хүнийг шүүхэд санал хүргүүлэн шийдвэр гаргуулсан нь өмнөх оноос 3900-аар нэмэгдлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн зөрчлийн дуудлага, мэдээллийн багахан хувийг эзэлж, зөрчил бүрт хариуцлага тооцож чадахгүй байна. Тийм боломж ч бас учир дутагдалтай. Цагдаагийн байгууллагын анхаарал хяналтад байвал зохих бар, цэнгээний газар, объект, цэгүүдэд шөнийн цагт нэмэгдлээр шуурхай бүлэг томилон ажиллуулсан гээд алба хаагч нар маань үнэхээр чармайж байна даа.

Иргэд ч бас цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллах, хууль дүрмээ хэрэгжүүлэх тал дээр ахиц гарч байгаа гэж харж байна.

-Эрүүлжүүлсэн иргэдийн тоо их байна. Дүүргүүдийн цагдаагийн алба хаагч нар хоморголон эрүүлжүүлж байна гэсэн гомдол санал байдаг. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-Өнгөрсөн онд согтуугаар зөрчил гаргасан 49773 хүнийг эрүүлжүүлж байсан бол энэ онд 70880 болж, 42.4 хувиар өссөн. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь гэмт хэрэг буурахад тодорхой нөлөөлөх хүчин зүйл болсон юм. Ирсэн дуудлага 132900 гаруй, түүнээс 78000 буюу 48 хувьд нь л эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ. Үүнийг хоморголол гэж хэлж болно гэж үү. Архи уусан болгоныг толгой дараалан эрүүлжүүлж байна гэсэн ойлголтоос их зөрүүтэй. Энэ 78000 гаруй хүний өөрсдийн нь амь нас эрүүл мэндийг хамгаалж, цаашид ноцтой гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэн, энэ хэмжээний айл өрхийг нэг шөнө ч болов амгалан тайван хонуулсан гэхээр энэ тооны ард маш их эерэг зүйлүүд байдаг гэдгийг бас бодох ёстой. Энгийн үгээр хэлбэл тэр хэмжээгээр зөрчлийг гэмт хэрэг рүү шилжүүлэхгүй байх, жижиг хулгайг том хулгай, хөнгөн гэмтлийг хүнд гэмтэл, гэр бүлийн хүчирхийллийг хүн амь, хүчин дээрмийн гэмт хэрэг болохоос урьдчилан сэргийлсэн гэж ойлгож болох юм.

-Алба хаагч нараас ар гэртээ зориулах цаг зав олгодоггүй, ачааллаар дардаг, өдөр шөнөгүй эргүүлд явуулдаг, байнга хуралдаж ажил амралтын цагаас нь хугасалдаг гэсэн санал гомдол цахим хуудсуудаар болон зарим алба хаагч нар ярьж байдаг.

-Манай зарим дүүргийн хэлтсийн дарга нарт арга барилын муйхарлал, хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой байдал, алдаа мадаг шүүмжлэл дагуулахгүйгээр хийчих ажлыг хүч түрэн хийлгэх гэж оролддог, хоцрогдсон, арга ядсан байдал ажиглагддаг. Жишээ нь, 24 цаг үүрэг гүйцэтгээд ээлжээс буусан алба хаагчийг орой нь 20.00-01.00 хүртэл эргүүлд ажиллуулдаг. Ажлын цагийн дараа орой хүртэл танхимын сургалт явуулдаг. Хий дэмий хуралдаж, үүрэг өгч байна гэж удаан хугацаагаар суулгаж, залхаадаг. Бид нэг цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнтэй уулзаж байхад, нэг ахлагч гадаадын зарим нэг оронд цагдаагийн байгууллага нь хуралдах завгүй ажилладаг. Харин манайх ажиллах завгүй хуралдаж байдаг шүү дээ гэж ёгтлон хэлж байсан.

Түүнчлэн зарим тохиолдолд хувийн машинаар нь үүрэг гүйцэтгүүлдэг (шөнийн эргүүлд явуулдаг гэх мэт). Тухайн алба хаагчдын хувийн амьдралд нь зайлшгүй чөлөө олгох хүсэлт гаргахад нь үл тоомсорлодог, ажил ихтэй байхад яах гээд байна чөлөө өгөхгүй гэх мэтчилэн алба хаагчаа ойлгодоггүй зэрэг байдлууд нь шүүмжлэл дагуулдаг. Энэ талаар удирдах албан тушаалтнуудад удаа дараа анхааруулж, үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг нь хянан тооцож байна. Манай зарим дарга нар дээрээс, нийслэлээс, мөн Ядамдорж дарга шахаад байна гэж хэлж үздэг юм шиг байгаа юм (инээв).

-Цагдаагийн алба хаагчийн ажлын нөхцөл болон нийгмийн баталгааны талаар ямар зохицуулалт байдаг вэ?

-Тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг Төрийн албанаас баталсан “Цагдаа, дотоодын цэргийн төрийн тусгай албанд анх орох иргэнээс авах шалгалтын журам”-д зааснаар сонгон шалгаруулж Цагдаагийн албанд томилдог. Ингээд “цагдаагийн тангараг” өргөснөөр цагдаагийн алба хаагчийн эрх үүрэг нь баталгааждаг. Үүргээ саадгүй гүйцэтгэх боломж нөхцөлийг ч мөн хууль, дүрмээр баталгаажуулсан байгаа. Жишээ нь, Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тус тус тооцно.” гэсэн заалт байдаг. Эрэгтэй алба хаагч 25, эмэгтэй алба хаагч 20 жил ажиллаад нас залуу үедээ (37-40нас), цэргийн алба хаасны тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх нь үүсч, улмаар 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж (40-60 сая төгрөг), түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (240.000 төгрөг) -өөр тооцоход тэтгэврийн хэмжээ 1.2-1.5 сая төгрөгөөр тогтоогдож байна.Цагдаагийн албаны тухай хуулиар хөдөө суманд 5 жил ажиллавал 30 сарын тэтгэмж гээд жилээс жилд боломжууд улам сайхан болж байна. Биднийг анх цагдаад ажиллаж эхлэхэд бол ийм боломжууд байгаагүй шүү дээ. Ингээд бодохоор бид ажлаа сайн хийх юм бол төрөөс олгож байгаа цалин хангамж, боломж чамлахааргүй гэж бодож байна. Гэхдээ сэтгэл байж гэмээнэ сайн ажиллана шүү дээ.

-Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгойлон хийсэн зарим ажлаас дурдахгүй юу?

-Энэ талаар их зүйл ярьж болно л доо. Их зүйл ч хэлж болно. Тухайлбал: Барьцаалан зээлдүүлэх газруудыг нэгдсэн санд холбуулах ажлыг зохион байгуулж, сангийн бүртгэлд цагдаагийн байгууллагаас хяналт тавьж, гэмт хэргийг илрүүлэхэд ашиглаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр 400 орчим сая төгрөгийн хохиролтой 385 гэмт хэргийг илрүүллээ. Дээрх санд үйл ажиллагаа явуулж буй 850 гаруй барьцаалан зээлдүүлэх газраас байгаагаас 736 нь нэгдсэн санд холбогдож, энэ ажил 95 хувьтай байна.

2018 оны арванхоёрдугаар сараас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн байрнуудын үйл ажиллагаанд шалгалт явуулснаар бүртгэл зөвшөөрөлгүй, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн орогнох таатай нөхцөлийг бүрдүүлж, байх тул үйл ажиллагаа эрхэлж буйгаа иргэн, аж ахуй нэгжүүдийг бүртгэн зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-г батлууллаа.

-Мөн Монголын Харилцаа холбооны зохицуулах хороо, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй гар утсыг бүртгэх “Smartdevice.mn” системийг нэвтрүүлэх ажлыг энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ашиглаж эхлээд байна. Одоогийн байдлаар энэ системд 15303 хэрэглэгч 9919 гар утсаа бүртгүүлсэн. Үүнээс системд бүртгэлтэй 164 гар утсыг олж эзэнд нь хүлээлгэн өгсөнд иргэд талархалтай байгаа.

-Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах, худалдааны болон эрүүл мэндийн төв, зарим их дээд сургуулиудад хүний царайгаар таньдаг IP камер 142 ширхэгийг суурьлуулж, мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 1227 автобусыг камержуулсан.

-“Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьчдилан сэргийлэх зураг, сэрэмжлүүлэг бүхий “U money” карт хэвлүүлэн, 2019 оны есдүгээр сарын 03-ны өдрөөс иргэдийн гар дээр худалдаанд гаргалаа.

-Харьяалах дүүргийн Засаг даргаар “Монтел, Теди орчимд гар дээрээс гар утас худалдан борлуулж буй иргэдийн үйл ажиллагааг хориглосон тухай” захирамжийг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр гаргуулан хяналт тавин ажиллаж байна.

-Үүрэн телефоны “Скайтел”, “Жи Мобайл”, “Юнител” компаниудтай хамтран богино хэмжээний сэрэмжлүүлэх мессэжийг хэрэглэгчдийн гар утсанд илгээж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан гээд ярих зүйл их бий. Энэ бүхний ард алба хаагч нэг бүрийн маань хичээл зүтгэл, ард иргэдийн маань дэмжлэг туслалцаа, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа байдаг. Би бүгдийг дан ганц цагдаагийн байгууллага хийсэн гэж хэлэхгүй.

-Нийслэлийн цагдаагийн газар, хэлтсүүд үйл ажиллагааныхаа хүрээнд иргэдээ хэрхэн сонсож байна. Их төлөв ямар санал гомдлууд ирж байна вэ. Иргэдээ анхааралтай сонсох нь та бүхний ажилд хэрхэн тусгагдаж байна?

-Иргэдээ сонсоход онцгойлон анхаарч байгаа. Ерөөсөө л бидний ажил анхан шатны нэгжээсээ эхлээд дээд газар хүртлээ иргэдийн хамтын ажиллагааны талбар. Нийслэлийн цагдаагийн Удирдах газраас 1800-1102 гэсэн тусгай дугаарын утсаар 24 цагаар үйл ажиллагааны талаар, 126 тусгай дугаарын утсаар алба хаагчийн сахилга, хариуцлагын талаар тус тус иргэдээс санал, гомдол, мэдээлэл хүлээн авч ажилладаг.

Ингэхэд иргэдээс ихэвчлэн бар цэнгээний газруудын цагийн хуваарьд өөрчлөлт оруулах, залилан мэхлэх гэмт хэргийн хохирлыг барагдуулахгүй байна, хэрэг удаан шийдэж байна, шалгалтын явц ямар байгаа талаар бидэнд огт мэдээлэл алга байна, дуудлага өгөхөд удаан ирж байна, дуудлагаар ирчихээд тодорхой арга хэмжээ авсангүй, хулгайд эд зүйлээ алдаад олохгүй байна, алба хаагчийн зан харьцаа, мэргэжлийн ур чадвар, доголдолтой байгаа талаар гомдол ирдэг. Энэ бүхэнд бид хяналт шалгалт явуулж, тодорхой арга хэмжээ авч иргэнд хариу өгдөг. Мөн алба хаагчийнхаа сахилга хариуцлагыг сайжруулах, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр ч анхааран ажиллаж байна.

Энэ дашрамд хэлэхэд санал гомдолтой алба хаагч, иргэн байгаа бол бидэнтэй, надтай ажлын болон ажлын бус цагаар холбогдож болно.

-Танай байгууллагын байрны дээр “ТАЙВАН ХОТ- ТАНЫ ОРОЛЦОО” гэсэн уриа байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зохион байгуулж буй ажилд иргэдийн оролцоо хэр зэрэг байна вэ?

-Бидний уриаг олж харсанд баяртай байна. Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа ажлуудыг иргэд их дэмжиж байгаа. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн дан ганц цагдаагийн үйл ажиллагаагаар хэмжигдэхгүй. Үүнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо их бий. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа энэ ярилцлагаараа дамжуулан талархал илэрхийлье.

Тайван хотыг бүрдүүлэхэд энэ хотод амьдарч байгаа хүн бүрийн оролцоо, идэвх санаачилга чухал. Иргэд маань өөрсдөө санаачилга гарган байр, орц, гудамж, хороогоороо нэгдэн орчин тойрноо гэрэлтүүлэн, камержуулж байгаа нь эерэг хандлага юм. Мөн иргэдийн хүсэл зорилго дээр тулгуурлан гудамж, талбай, олон нийтийн газарт иргэдийн эргүүлийг тогтмол зохион байгуулан явуулж байна. Үүний нэг хэлбэр нь өөрсдийн амьдарч байгаа нутаг дэвсгэрт нийтийн хэв журам хамгаалах үүргийг цагдаагийн алба хаагчидтай хамтарч гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл юм. Тэдэнд олгодог урамшууллыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардалд жил бүр тусгадаг. Бид цаашид ч гэсэн иргэдийнхээ хамтын ажиллагаа идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Тайван хотыг бүрдүүлэхэд та бүхний оролцоо чухал гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.

-Иргэд цагдаагийн ажлыг гол төлөв эргүүлийн цагдаа, хэрэг шалгадаг алба хаагчаар төсөөлдөг. Цагдаагаас хэрэг шалгадаг, мөрддөг ажилтан болох боломж байдаг уу?

-Ахлагч бүрэлдэхүүнээс ямар ч цаг үед яригддаг нэг асуудал бол офицер болох асуудал байдаг. Офицер болно гэсэн хүсэл зорилгогүй ахлагч нэгээхэн ч үгүй болов уу. Гэхдээ цагдаагийн байгууллагын бүх ахлагч нар офицер болно гэвэл ахлагч бүрэлдэхүүний ажлыг хэн хийх билээ. Алба хаагчдын зүгээс “би дээд сургууль төгсөөд одоог хүртэл офицерын бүрэлдэхүүнд орж чадаагүй байхад сүүлд томилогдсон алба хаагч офицер болчихлоо” гэсэн гомдол бол бараг тасрахгүй. Энэ бүхэнд дүгнэлт хийж, хүний нөөцийн судалгаа явуулна. Улмаар шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь эрэмбэлээд үүнийг ил тод буюу цахимд байршуулсан. Өөрөөр хэлбэл, эрэмбэ дарааллаар дэвшинэ гэсэн үг. Манай газраас 2017 онд 92, 2018 онд 163, 2019 онд одоогийн байдлаар 182 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд ороод байна.

-Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас албан үүрэг гүйцэтгэхэд бэрхшээл хүндрэлтэй асуудлууд хэр зэрэг тулгардаг вэ?

Ажил хийж байхад бэрхшээл, хүндрэл мундахгүй дээ. Цагдаа бол төсөв мөнгө, хүн хүчний нөөц эс хүрэлцэж байсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үүрэг, тангарагтай алба. Харин амьдрал практик дээр хууль сахиулахад хүндрэлтэй асуудлууд зарим тохиолдолд гардаг. Гэвч хүний эрх зөрчигдөх, алба хаагчийн эрх ашиг хохирох зэрэг эрсдэл гарч болохгүй учраас бид хуулиа зөв ойлгон нэг мөр хэрэгжүүлж ажиллана. Хүний нөөцийн асуудал хэдийгээр хангалттай биш байгаа ч цөөдөхгүй байхаар зохицуулалт хийж ажиллахыг хичээдэг дээ.

Хуучин Захиргааны хариуцлагын тухай хуулиар цагдаагийн алба хаагч чиг үүргийнхээ дагуу бие даан шийдвэрлэдэг байсан гэр бүлийн маргаан, шинэ Зөрчлийн тухай хуулиар заавал шүүхээр орж шийдвэрлэгддэг болсон нь шийдвэрлэх хүртэлх хугацаанд зөрчил гаргасан этгээдийг хянан харгалзах боломжгүйгээс уг этгээд дахин зөрчил гаргадаг, дуудсан цагт ирдэггүй алга болдог зэрэг байдлуудаас тухайн зөрчлийг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг.

-“Нийслэл хотын дэн буудлуудыг цэгцлээч ээ. Тэнд чинь хууль бус үйл ажиллагааг цэцэглэж байна” гэсэн иргэдийн гомдол, санал шүүмжлэлийг та уншиж сонсож байсан биз дээ. Цэгцлэх арга хэмжээг хэрхэн авч байна?

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 400 орчим дэн болон зочид буудал байдаг. Тэнд маш олон хууль зөрчсөн зөрчлүүд байдаг. Тэдгээрт үйлчлүүлж байгаа иргэд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдэх, мөн тухайн аж ахуйн нэгж өөрөө энэ байдлыг өөгшүүлэх нөхцөлийг бүрдүүлчихсэн байдаг. Гэтэл “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын цагийн хуваарийг баримтлан согтуу хүн, 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхийг хориглосон заалт байгаа боловч ямар хуулийн заалтаар арга хэмжээ авах нь тодорхойгүй “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль”-нд ч тодорхой тусгагдаагүй байдаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр энэ оны тавдугаар сард Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулснаар дэн болон зочид буудал, амралтын газар, гэр буудлуудад Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн цагдаагийн газраас санал авдаг болсон. Үүнээс үүдэн удаа дараа гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, стандартын дагуу камержуулаагүй байгууллага аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлээд байна.

Ер нь дэн буудлууд нь биеэ үнэлэлт зохион байгуулах орчин болдог гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой байх. Энэ онд бусдад биеэ үнэлсэн, бусдын биеийг үнэлж авсан 130 зөрчил, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан 37 зөрчил тус тус илрүүлсэн.

-Цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг газруудыг ч орхигдуулж боломгүй санагддаг. Энэ талаар ямар ажил хийв?

-Интернэт, цахим тоглоомын чиглэлээр 302 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийслэл хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ газруудад хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтаар цагийн хувиар хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн, мөн галын аюулгүй байдлын журмыг биелүүлээгүй, хөдөлмөр, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зэрэг зөрчлүүд ихэвчлэн илэрдэг. Цахим тоглоомын орчинд хулгай, дээрэм, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэх мэтийн гэмт хэргүүд үйлдэгдэх, түүнчлэн өсвөр насны хүүхдүүд цахим донтолт руу уруу татагдаж буй хүчин зүйлс болоод байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн хоёр жил 200 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн нь анхаарах зүйл юм. Мөн Зөрчлийн тухай хуульд цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан тохиолдолд арга хэмжээ авах талаар заалт байдаггүй нь хариуцлага тооцоход хүндрэлтэй байдаг.

-Цаашид энэ ажлын хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах гэж байна?

-Дэн болон зочид буудал, саун массаж, интернэт, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зохицуулах журмуудыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд авч нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн гаргах, ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлж, хүлээх хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор зайд интернэт, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглох; удаа дараа зөрчил гаргаж бүртгэлийн гэрчилгээг цуцлуулсан иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага, барилга, байгууламжид дахин бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх зэрэг саналыг журамд тусгах шаардлагатай байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаас иргэддээ хандаж хэлэх үг юу байх бол?

-Бидний үйл ажиллагааг иргэдийн санал гомдол, урам дэм, хамтын ажиллагаанаас салгаж ойлгох боломжгүй юм. Би энэ албан тушаалд томилогдоод л алба хаагчдаас иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг таслан зогсоож, иргэдэд ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХҮЙЦ ХҮНДЛЭЛТЭЙ харилцаа үүсгэх арга барилд сургах ажлыг зохион байгуулна гэсэн зорилтыг ажил хэрэг болгохыг чухалчилсан. Бидний ажил энэ үгэндээ багтаж, олон төрлийг арга хэлбэрээр хэрэгжиж байна. Алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Иргэд та бүхэн бидний талаар санал шүүмжлэлийг дээр дурдсан тусгай дугаар болон харьяа дүүргийнхээ хэлтсийн эрх бүхий албан тушаалтан хэнд ч болов хандаж болно.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ихтамир: Бие даасан хараат бус мөрдөн шалгах газаргүй бол эрүүдэн шүүх гэмт хэрэг илрэхэд хэцүү

Хүний эрхийн үндэсний комиссын гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.


-Эрүүдэн шүүх гэмт хэргийн нөхцөл байдал өнөөдөр манайд ямар байна вэ. Хууль хяналтын байгууллагынхан мэдлэггүй учраас санамсаргүйгээр эрүүдэн шүүгээд байна уу?

-Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг санамсаргүй үйлдэгдэнэ гэж байдаггүй. Санаатай хэлбэр л байдаг. Өөрөөр хэлбэл зорилго нь өөрөө тухайн хэрэгт холбогдсон этгээдээс тайлбар мэдүүлэг авах, баримт гаргуулах, ялгаварлах зорилгоор бие болоод сэтгэл санааг шаналган зовоох үйлдлүүдийг гаргаж байгаа. Энэ нь төрийн албан хаагчдад хамааралтай. Шалгаж байгаа хууль, хяналтын байгууллагын хүмүүс эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьект болж байдаг. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хэнд ч энэ нь хамааралтай.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүдэн шүүсэн хэдэн тохиолдлыг шүүхээр хянан шийдвэрлэсэн бэ?

-Хууль, хяналтын байгууллага, прокурор шүүхээс мэдээлэл авахад ихэнхдээ эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзах, Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдлууд байна. 2017, 2018 оны байдлаар шүүхээр эрүүдэн шүүсэн нэг ч гэмт хэрэг хянан шийдвэрлэгдээгүй. Гомдол ирээд байдаг. Шалгах явцад тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог, шүүхээр ямар ч хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа. Тэгэхээр шүүхээр хэрэг орохгүй байгаа, прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байгаа асуудлыг эрүү шүүлт байхгүй байна гэж харж болохгүй. Ийм учраас эрүү шүүлт тулгаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд ёс зүйн зөрчил болон бусад хэрэг, маргаанаас хэрхэн ялгах вэ, яаж зөв зүйлчлэх вэ гэдэг асуудал чухал. Сууриас нь хууль хяналтын байгууллагын ажилтнуудад энэ талын мэдлэг ойлголтыг өгч байх нь чухал. Мэдлэг чадваргүй хүмүүс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг ёс зүйн зөрчил гээд сануулах, сахилгын шийтгэл оногдуулах, ийм байдлаар тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, хөнгөн төрлийн ялаар зүйлчлүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа.

-Эрүүдэн шүүх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ХЭҮК-оос ямар зөвлөмж хүргүүлж ажилладаг вэ?

-ХЭҮК болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс бие даасан хараат бус мөрдөн шалгах байгууллагыг байгуулахыг зөвлөдөг. Ингэхгүй бол эрүү шүүлт тулгах гэмт хэргийн байдал дээрдэхгүй. Энэ төрлийн хэрэг илрэхгүй. Манайхан өнөөдрийг хүртэл байгуулаагүй л явж байна. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба бие даасан хараат бусаар ажилладаг байсан ч 2014 онд татан буулгасан. Энэ нь хүний эрхийн хувьд ухарсан алхам болсон.

-Хүний эрхийн үндэсний комисст жилд хэд орчим гомдол бүртгэгдэж байна. Гол төлөв ямар төрлийн гомдол мэдээлэл ирж байна вэ?

-Манайд нийслэл болон орон нутгийн иргэдээс жилд дунджаар 500-700 орчим гомдол ирдэг. Сүүлийн жилүүдэд иргэдээс манайд ирүүлж байгаа гомдлын дийлэнх хувийг халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх, хилс хэргээр шалгагдаж байгаа буюу хууль тэгш үйлчлэхгүй байна гэсэн агуулгатай гомдол эзэлж байсан. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээс хойш энэ төрлийн гомдлууд ирэх нь эрс багассан үзүүлэлттэй байгаа.

Харин уул уурхай болон бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн бий болж байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсээр нь шашин шүтлэг, арьс өнгө, өмссөн зүүснээр гаднах төрх, байгаа байдлаар нь ялгаварлан гадуурхах зэрэг гомдлууд ирэхээс гадна гомдлын дийлэнх хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдлууд эзэлж байна.

Ажлын байрны дарамт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх мэт. Ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн асуудал нь шүүхээр ордог. Шүүхээс хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байна гэдэг нь тогтоогдож ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан байхад үүнийг хэрэгжүүлэхгүй байна, ажилд нь эргүүлэн авахгүй байна гэсэн гомдол ч бий. Эсвэл бичиг баримтыг нь тухайн ажил олгогч нь хурааж авчихаад өгдөггүй. Үндэслэлгүйгээр төлбөр мөнгө нэхдэг, мөнгө төлсний дараа бичиг баримтаа ав гэх шаардлага тавьдаг, хөдөлмөрийн харилцаа дууссан байхад нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийг нь өгөхгүй байх тохиолдлууд гарч байгаа.

-Комисс гомдлыг ямар арга замаар шийдвэрлэдэг вэ?

-Гомдлыг Комиссын гишүүд хуульд заасны дагуу гомдол гаргагч болон холбогдох хүмүүсийг дуудан ирүүлж тайлбар тодруулга авах, холбогдох байгууллагуудаас баримт материалыг нь гаргуулан авах, хяналт шалгалт хийх, тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилуулах болон эрх нь зөрчигдсөн асуудлаар тухайн иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагааг явуулж хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж шийдвэрлэж байна. Манай байгууллагад Монгол Улсын иргэд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, аж ахуйн нэгж байгууллага хэн ч бай эрхээ зөрчигдсөн асуудлаар хандаж гомдол гаргах эрхтэй.

-Хүний эрхийн үндэсний комиссоос хүргүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилт хэр зэрэг байна вэ?

-Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулахаар хүргүүлж байгаа шаардлага, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийн хүрээнд хөдөлмөрийн харилцаатай асуудлууд байдаг. Шаардлага зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилладаг. Биелэлтийн хувьд шаардлага хүлээж авснаас долоо хоногийн дотор хариу өгөх үүрэгтэй. Зөвлөмжийг бол хүлээж авснаас хойш 30 хоногийн хугацаанд хариу ирүүлэх ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Ёс суртахууны хэмээх ялын бодлого” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Баабарын “Ёс суртахууны хэмээх ялын бодлого” нийтлэл хэвлэгдлээ.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа. “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Б.Гарамгайбаатар “Хуулийн хугацаандаа багтаан шалгаж, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг номтой” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Ханшийн өсөлтийн талаар эдийн засагч Ч.Отгочулуутай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай.

“Н.Номтойбаярын нэр холбогдсон хэргүүд хийгээд няцаалт” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзориг “Сингапурчуудын хийж чадаагүйг Монгол хийсэн гэж дэлхий харж байгаа нь л надад том кайф” хэмээн ярьсныг 13 дугаар нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь “Мөнгөний сонгууль нийгмийг бүхэлд нь ганхуулж байна” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай “Web Awards” цахим салбарын тэргүүн наадмын талаар ярилцлаа. “Цаг үе, үйл явдал” нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол зургийн аргаар бүтээсэн хамгийн том буюу 21 метр урт, хоёр метр 50 см өндөртэй “Дэлхийн нэг өдөр” зургийн зураач Н.Сэргэлэнтэй хийсэн ярилцлагыг “Урлан” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ