Categories
мэдээ нийгэм улс-төр

ХЗБХ: СЗХ-ны орон тооны гишүүнээр Н.Хүдэрчулууныг томилохыг дэмжлээ

СЗХ-ны орон тооны гишүүнээр Н.Хүдэрчулууныг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2019.12.18/-ийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Х.Нямбаатар нэр дэвшигчийн талаар танилцуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус бүр 1 нэр дэвшигч санал болгох хуулийн зохицуулалттай. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг нэр дэвшүүлж байгаа аж. Тэрбээр 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 ондГовь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь Нанжидын Хүдэрчулууныг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилохыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Э.Энх-Өлзий, М.Бямбасүрэн нар бүжгийн спортоор Астанад дэд байр эзэлжээ

Казахстаны бүжгийн спортын холбоо, “Меруэрт” бүжгийн клубээс зохион байгуулсан Астана олон улсын бүжгийн нээлттэй тэмцээн энэ сарын 14-15-нд болов.

Тус тэмцээнд Монгол, Казахстан, Киргиз зэрэг орны 540 гаруй тамирчин оролцсоноос MR бүжгийн спортын академийн тамирчин Э.Энх-Өлзий, М.Бямбасүрэн нар “Өсвөр-2” насны ангиллын латин болон найм бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ.

Ташрамд сонирхуулахад, Монголын бүжгийн спортын холбооноос Казахстан, Узбекстаны бүжгийн спортын холбоотой зөвшилцсөний дагуу манай тамирчид энэ орнуудад зохион байгуулж буй өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох боломж нээгджээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2019 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

2019 онд Орчин цагийн Онцгой байдлын байгууллагын үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, баярын ёслолын жагсаалыг анх удаа зохион зохион байгуулсан бол албаны гамшигтай тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, хүч хэрэгслээ шинэчилсэн амжилт бүтээлийн жил байлаа.

Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээн авч, НОБГ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олголоо.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх гэрээнд талууд гарын үсэг зураад байна. Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2019 онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1932 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахын зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна.

1991 оноос хойш тасралтгүй 29 жил хаагдсан Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, Олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажилд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байгаа юм.

Ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг батлууллаа.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилгоор 2019 онд Онцгой байдлын ерөнхий газраас анх удаа алба хаагчдаас мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгож эхэллээ. Ингэснээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 774 алба хаагч мэргэшлийн зэрэгтэй болсон нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодит томоохон ажлын нэг болсон юм.

Цугларалтын үеэр удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээ, төлөвлөгөө байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт хийж байна

Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын галын аюулгүй байдал, түүнчлэн хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэд хамрагдах юм.

Улсын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг тус хяналт шалгалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулна.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт энэ сарын 12-нд Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болжээ.

Уулзалтад УИХ-ын Монгол, Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Европын парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа, парламент хоорондын XII уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцжээ.

Европын холбоо, түүний гишүүн орнууд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг талархан дэмжиж байдгаа тэмдэглэж, Монголын улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, тэдгээрийг зохицуулж буй хуулийн тогтвортой байдал нь үүнд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэжээ.

Categories
мэдээ спорт

“King Tug” Н.Төгсцогтын Гэри Рассельтай хийх тулааны товыг зарлажээ

Мэргэжлийн боксын WBC-гийн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Бага” хэмээх хочит Гэри Рассель, IBO-гийн дэлхийн аварга, “King Tug” Нямбаярын Төгсцогт нарын WBC холбооны аваргын төлөөх тулаан 2020 оны хоёрдугаар сарын 8-нд товлогдлоо хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /“ТАВАН ЦАГАРИГ” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч/ мэдээллээ.

Энэхүү тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 мянган хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох юм байна. Гэри Рассель-Н.Төгсцогт нарын тулааныг мэргэжлийн бокс сонирхогчид бүтэн жил гаруй хүсэн хүлээж байсан билээ.

Энэхүү олны анхаарлыг татсан тулаан тухайн өдөр болох тулаануудын хамгийн оргил нь байх бөгөөд Америкийн үндэсний хэмжээний ТВ болох SHOWTIME шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм

​Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ

Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл хулгайлдаг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна.

Тодруулбал, 2018-2019 онд удаа дараалан бусдын гэрт нэвтэрч алт, мөнгөн эдлэл, гэрэл зургийн аппарат, хөөрөг, эртний үнэт эдлэл хулгайлсан 28-32 насны хоёр этгээдийг энэ сарын 14-нд Баянзүрх дүүргийн нутагт орогнож байхад нь илрүүлсэн. Тэд урьдчилсан байдлаар нийт 40 хулгайн үйлдлээ мэдүүлээд байгаа аж. Түүнчлэн, энэ сарын 6-нд бусдын гэрээс 500 гаруй жилийн өмнө бүтээгдсэн Есөн эрдэнийн Жадамба гэх судар хулгайлсан 25 настай этгээдийг Дундговь аймгийн Цагдаагийн газартай хамтран илрүүлж шалгах ажиллагааг явуулж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдэээлэв.

Categories
мэдээ улс-төр

Тусгай зориулалтаар 2020 онд агнаж, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны агентлаг байгуулах, тусгай зориулалтаар 2020 онд агнаж, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн тухай, Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчин, уул уурхайн чиглэлээр тулгарч буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-нд Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНРТ-ийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Ажлын хэсэг Ерөө, Хүдэр сум, Бугант тосгонд ажиллаж, уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг газар дээрээс нь харж танилцсан байна. Үүний дараа ажлын хэсгийнхэн аймгийн төв Сүхбаатар суманд ирж Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон хэлтэс агентлагын дарга, удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Тэд байгаль орчин, уул уурхайн чиглэлээр тулгарч буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Салбарын сайд өмнө нь 9-р сард Сэлэнгэ аймагт ажиллахдаа Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг аймгийн удирдлагуудад даалгасан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар: Хуулийн хугацаандаа багтаан шалгаж, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг номтой


УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчиллын 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаан дахь ардчиллын алдаа, оноог та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол орон даяар ардчиллын 30 жилийн ойн өдрийг тэмдэглэлээ. Ардчилал хүмүүст өөрсдийнх нь хийж болох эрх, эрх чөлөөг олгодог болохоос бүх зүйлийг сайхнаар бүтээн байгуулж өгдөггүй. Ардчиллын буянаар хүмүүс хэлэх эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлнэ. Хүнийг өөрийнхөө өнцгөөр харж хандаж, тайлбарлаж болно. Энэ эрх чөлөө л юм.

Дээрээс нь хийж, хүсэж, бүтээх зорилтыг нээж өгдөг нийгэм. Тийм ч учраас хүмүүс янз бүрээр л ярьдаг. Өнгөрсөн 30 жилд үүсэж хөгжсөн энэ ардчилал Монголын нүүр царайг ихээхэн өөрчилсөн. Олон ч зүйл дээр энэ нь ил тод харагдах байх гэж бодож байна. Өнөөдөр хэдийгээр олон зүйлийг үгүйсгэж байгаа боловч энэ бодит түүх.

-Сайн нь ч, саар нь ч байгаа байх тийм үү. Ер нь бид цаашид энэ ардчилал гэх боломжоо ашиглаж Монголын илүү сайн хувилбарыг хэрхэн бүтээх вэ?

-Ардчилалтай холбоотой саар зүйл байна гэдэг өрөөсгөл. Түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид капитализмыг алгасаж социализм руу алхсан түүхтэй улс. Өнөөдрийн энэ өнцгөөс харж байхад дэлхий дээр байгаа ямар ч амьд ертөнц туулах ёстой замаа л туулдаг юм байна.

Тэнд алдаа оноог шүүхээс илүү бидэнд ямар зам олдов, яаж урагшлах вэ гэдгээ л бодох ёстой. Эргэж харахаас илүү урагш алхах нь л илүү оновчтой мэт санагддаг. Бид БНСУ, Сингапурын жишээг ярьж, сайн жишгүүдийг шууд тусгачих ёстой байсан гэлцдэг.

Гэхдээ амьдрал дээр тийм боломж байдаггүй гэдгийг ойлгох цаг эрхбиш ирсэн байх. Бид коммунизм, социализм байгуулна гэж зөндөө л явлаа. Ардчиллын сайн, мууг зөндөө л ярилаа. Гэхдээ түүх бол түүх л юм байна.

Түүхийг хэзээ ч алгасдаггүй, туулах ёстой шат дамжлагыг нь давах л ёстой. Тэр бүрийд ард түмэн бухимдах үедээ бухимдаж, алдаа оноог цэгнэж, цаашид алдахгүй байх арга замуудаа хайдаг байх нь л чухал. Тиймдээ ч ардчилалд буруу өгөх ямар ч шаардлага байхгүй.

-МАХН тухайн үед хууль дахь нам бүхнийг зааж, чиглүүлнэ гэх утга бүхий заалтаа авснаар ардчилал эхлэх нөхцөл бүрдсэн гэж ч ярих юм. Ардчиллыг хэн нэгэн өмчлөх нь хэр зохистой юм бэ?

-МАН-ынхан тиймэрхүү зүйл яриад байх шиг байгаа юм. Гэхдээ ичих нүүр байх хэрэгтэй. Энэ нь хэн нэг хүмүүсийн хүсэл зорилгод нийцүүлэх гэсэн өөрчлөлт биш. Монгол Улсын иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, гадна талын орчин, дэлхий нийтэд болсон өөрчлөлтүүд нөлөөлсөн том. Үүнд манай, танай гэсэн зүйл байхгүй нь түүхэн үнэн.

Ардчиллыг эхлүүлж, Монголын Хөрсөн дээр буулгасан хүмүүс нь яалт ч үгүй ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулахад бий болсон дөрвөн холбоо, холбоодууд дээр тулгуурлаж үүссэн намууд л юм.

Тэд дэлхийн нийтийн ардчиллын давалгааг Монголд оруулж ирэхийн тулд зоригтой хөдөлгөөн хийж чадсан хүмүүс мөн. Энэ нь монгол хүн бүрийн хүсэлд нийцсэн учраас ардчилсан хувьсгал гарсан гэж харах ёстой юм. Ардчиллыг өмчлөх нь хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн л арга зам.

-Та намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа юу?

-Оролцсоор л байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүн хэвээрээ байна. Хэнтий аймгийнхаа Ардчилсан намын хорооны гишүүнээр байж л байгаа. Мэдээж бүхий л үйл ажиллагаанд нь оролцож яваа.

-2016 оны сонгуулиар ард түмэн Ардчилсан намд дүн тавьсан. Түүнээс хойш Ардчилсан нам хэр их өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн гэж та харж байна вэ?

-Би Ардчилсан намыг 2016 оны сонгуульд муу байсандаа ялагдсан гэж боддоггүй. АН 2012-2016 онд Засгийн эрхийг аваад УИХ-ын олонхыг бүрдүүлээд ажиллаж байхдаа их олон ажлыг амжилттай хийсэн.

Хамгийн харамсалтай нь сөрөг сурталчилгаа маш их байсан. Хүчтэй сөрөг хүчин маш сайн тоглолт хийж чадсан. Түүний ганцхан жишээ нь өрийн асуудал. Энэ нь ард иргэдийн сэтгэхүйд маш их нөлөөлж, тэр аяараа л ханарсан. Түүнээс АН муу ажиллаж, тогоог нь хөмөрчихсөн юм биш. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь АН-ын хийж бүтээсэн ажлууд өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдаагүй, хүмүүст ойлгогдож эхлээд байна. Үүнд би баяртай бaйгaa.

2016 онд ялагдсаны дараа АН-д шинэчлэлийн хөдөлгөөн өрнөсөн. Мэдээж хэрэг намаа онол, үзэл баримтлалтай, зөв голдрилд оруулчихъя гэсэн санаатай хүмүүс хөгшин, залуугаараа л байсан. Энэ шинэчлэл тодорхой хүрээнд хийгдсэн.

Гэхдээ бүрэн төгс болсон гэж хэлэх боломж хараахан байхгүй. Ямартаа ч энэ хугацаанд Ардчилсан нам өөрийн гэсэн онол, үзэл баримтлалтай болсон, үүнийгээ албан ёсоор баталгаажуулсан. Баруун төвийн нам гэдгээ маш тодорхой зарласан.

Дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас үзэл баримтлалаа албан ёсоор баталгаажуулсан нь ганцхан Ардчилсан нам л байгаа. Мөн Үндэсний бодлогын хорооны гишүүдийнх нь 90 орчим хувь нь шинэчлэгдсэн. Гэхдээ энэ нь өнгөц үү, бодит шинэчлэл үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

Зарим дээр нь сэтгэл хангалуун байгаа ч учир дутагдалтай, шүүмжилмээр зүйлс ч харагдаж л байна. АН-ын удирдлагуудын авч хэрэгжүүлж буй ажил, улстөрчдийн судалгааны рейтингүүд, сөрөг хүчнийх нь хувьд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хөндлөнгөөс харахад бидэнд ярих хэлэх, шүүмжлэлтэй хандмаар зүйлүүд харагдаж л байна.

-Ардчилсан намын лидерүүд гэгдэх хүмүүс өнөөдөр намдаа алга. Хэрэг түвэгт орооцолдож, үнэн, худал нэр хоч зүүсэн нь ч байна. Энэ байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Уг нь Ардчилсан нам хэн нэгэн хүний өмч биш шүү дээ. Олон хүмүүсийн хүсэл эрмэлзэл нэгдэж нэг баг болж байж нам гэдэг бүтцийг бий болгож байгаа. Түүн дотор тэр, энэний өмч гэдэг яриа байхгүй.

Гэхдээ мэдээж нам гэдэг улс төрийн байгууллага. Тэр дотор намын лидерүүд гэж байх ёстой. Тэд өнөөдөр Ардчилсан намдаа байна уу, үгүй гэвэл өөр асуудал. Лидер гэгдэж байсан хүмүүс нь намынхаа гол бодлогод оролцож байсан уу, үгүй юү гэвэл бас нэг өөр асуудал. Энэ Ардчилсан намын зовлонгуудын нэг л дээ. Ардчилсан нам таван өөр үзэл баримтлал дээр байгуулагдсан.

Таван намын нэгдэл гэж ярьдаг шүү дээ. Энэ нэгдэл өнөөдрийг хүртэл бүрэн утгаараа нэг цөм болж чадаагүй явж байгаагийн илэрхийлэл л дээ. Социалдемократ үзэл баримтлалтай, итгэл үнэмшил нь үүнд байдаг хүн баруун төвийн үзэл баримтлал руу шууд утгаараа орно гэдэг хэцүү.

Итгэл үнэмшил, үзэл баримтлалаараа ойр хүмүүс л нам байгуулдаг. Тэр намууд нь нэгдэж нэг нам болох гэж оролдож байгаа, тэр оролдлого нь нэлээд хугацаанд явж байна. Гэсэн ч тэр доторх хүмүүс нь төлөвшиж чадаагүй л явна. Тэр утгаараа оролцоо зарим тал дээрээ сулраад, идэвхжээд, ойлголцол нь нэгдэж өгөхгүй зовлонтой, бэрхшээлтэй замыг туулаад явж байгаа хэрэг.

МАН-ын хувьд ч ялгаагүй. 100 жилийнхээ ойг хийх гэж байгаа нам ганцхан социалдемократ үзэл баримтлалтай байсан юм уу, үгүй юм уу, эргэлзээ асар их бий. Нэгдмэл, нэг нам шиг явдаггүй гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Үзэл баримтлалаа ойлгоогүй хүмүүс нам руу орж, улс төрийн байршлууд дээр очиж улс орныг түйвээж буй асуудал байгаа. Би бол тэгж л хардаг.

Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай болсон гээд зарлачихлаа. Парламентын засаглалыг тууштай хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг, хувийн өмч, тусгаар тогтнол, үндэсний үзэл, өв соёлоо тууштай хамгаална, хуулийн засаглал дор тэгш шударгаар амьдаръя гэдгээ ч зарлачихлаа. Энэ бол бидний үндсэн гол таван зарчим, үүнийг дагаж салбарласан бодлогын асуудлуудаа хийнэ гээд үзэл баримтлалаа баталгаажуулчихлаа.

Одоо үүнийхээ төлөө л явах ёстой. Энэ нь АН-ын анхны сайн шинэчлэлийн нэг гэж хэлнэ. Үүнд эргэлзэж, АН-ын баруун төвийн үзэл баримтлалд итгэл үнэмшил төрөхгүй байгаа бол тэр хүнд сонголтоо хийх цаг нь иржээ. Одоо ч эргэлзсэн олон ҮБХ-ны гишүүн байсаар л байгаа. Үүнд урт цаг хугацаа шаардах байх.

-Та ирэх онд болох УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Дэвших, дэвшихгүй асуудлыг ярихад эрт. Учир нь Сонгуулийн тухай хууль гараагүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямартаа ч баталлаа. Үүнийг дагаад Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гарна.

МАН олонхоороо түрүү барьж ямар ч байсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхэллээ. Хууль батлагдсаны дараа тойргуудаа яаж зурах эсэх нь харагдах байх. Энэ бүгдийг харахаас нааш сонгуульд өрсөлдөх, үгүйг хэлэх боломж байхгүй. Ер нь бол ҮБХ-ны 360 гишүүний хэн нь ч нэр дэвших боломжтой. Эрх нь нээлттэй. Ганцхан энэ асуудлууд цэгцэрсний дараа дэвших, үгүйгээ шийдэх байх.

Одоогоор гишүүд нь ч хэрхэхээ тодорхой шийдээгүй л байх шиг байна. Өөрсдөө шийдэж чадахгүй, дотроо маргаантай л байх шиг. Арга байхгүй л дээ жижиг 76 тойрог дээрээс гарч ирсэн бор халзан хонинууд юм чинь. Ухаанаа олохгүй л байгаа бололтой. Тойргоо маллачихсан учир дахиад тойргоосоо УИХ-д гарч ирнэ гэсэн бодолтой л байгаа байх. Төсвийг нь харахад ч маш тодорхой.

Социалдемократ үзэл гэхээсээ илүүтэй зөвхөн хувь сонирхол дээр тулгуурласан төсөв баталж байна шүү дээ. Ийм л юмнууд харагдаж байгаа. Гудамжинд байгаа хүн чинь гарч байгаа зүйлүүдийг хэвлэл мэдээллээс харж, өөрийнхөө бодолтой харьцуулж үзэхээс цаашгүй л дээ.

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг таны хамаарал бүхий “Монроуд” компанид авто замыг барих тендерийг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн, энэ шийдвэрт таныг нөлөөлсөн гэдэг. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг Б.Пүрэвдорж гишүүн хөндсөн. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хэрэгсэхгүй болсон гэдгийг мэдээллээ. Та үүнд юу хэлэх вэ?

-Би мөн тэр талаар харлаа. Х.Нямбаатар гэдэг хүнийг би танихгүй. Манай Хэнтийнх юм гэнэ лээ. Тэр намайг мэддэг болтол хаа ч юм билээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар сайхан шоудаж байна, аль ч намынхан. Хуульч хүмүүс тайлбар өгөх болов уу гэж би их-удаан ажиглаж байгаа.

Хуульчид хүртэл үүн дээр тоглолт хийдэг болсон. Б.Энхбаяр ч бай, хэн ч бай би бүгдийг нь харж байгаа. Зүгээр л өөрсдөө од болохын тулд энэ хуулийн заалт дээр тоглолт хийж байгаа юм. Эд нарын яриад байгаа үнэн юм болов уу, яг аль нь үнэн юм бол гэж өөрөө ч сүүлдээ эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч мэддэг хуульчдынх нь бичсэн зүйл, өмнөх түүхүүдийг нь олж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бүх л оронд байдаг юм байна.

Иргэний, эрүүгийн гэх мэт бүх л хуульд тохирсон зүйл заалт, тогтсон хугацаатай байдаг юм байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор эд нар нэг зүйлийг ярихгүй байгаа.

-Юуг тэр вэ?

-Тухайн асуудлыг шалгаж байгаа бол хуулийн хугацаа гээч зүйл байна. Хуулийн хугацаандаа багтааж шалгаж чадаагүй, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг ном байна. Тэр ном нь энэ хөөн хэлэлцэх хугацаа юм байна. Нэг ёсондоо төр өөрөө уучлалт гуйгаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог заалт байна.

Үүнийг хэн ч ярихгүй байгаа юм. Яллагдагч гэнэ үү янз бүрийн хүмүүс шүүх, прокурорыг авлигадаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ шийдүүлж байна гэдэг зүйлийг л яриад байна. Тийм зүйл байдаггүй юм байна гэдгийг эрхбиш мэддэг боллоо.

-Тэгэхээр энэ хэрэг хэрэгсэхгүй болсон юм уу?

-Би зургаан жил шалгууллаа. Үүнийг олон удаа тайлбарлах гэж оролдсон боловч харамсалтай нь өнөөдрийн нийгэм хүлээж авахгүй байна л даа. Шалгах ёстой шалгалтаар нь орсон.

Асуудал байхгүй гэдэг нь удаа дараа ил болсон. Тиймдээ ч айгаад, эмзэглээд байх юм алга. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хамгийн сүүлд АТГ мэдээлэл өгсөн шүү дээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ удаашруулж байгаад хэрэгсэхгүй болгочихлоо гэх зүйлийг ярьсан. Тийм зүйл байхгүй. Яллагдаж байгаа хүн яаж нөлөөлж чадах юм бэ, би үүнийг огт ойлгохгүй байгаа юм.

АТГ-ын мөрдөн байцаагч А.Цэдэн-Иш гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр прокурорт Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мөрдөгчийн санал хүргүүлсэн юм. Хэргийг шалгасны үндсэн дээр “Энэ хавтаст хэргээс яллагдагч Б.Гарамгайбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Нийслэлийн прокурорын газарт өгөв” гэсэн хүсэлтийг өгсөн.

Үүнээс өмнө ч надтай холбоотой гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм шүү дээ. Ширэндэв гэдэг прокурорын дарга шийдвэр гаргасан. Тэрбээр шийдвэртэй “Б.Гарамгайбаатар дараах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн.

Ийм зүйлийг би хэд хэдэн удаа авлаа. Хэрэг хийгээгүй гэдгээ би 100 хувь мэдэж байсан учраас үүнд огтхон ч эргэлзээгүй. Гэтэл намайг хэрэг хийчихсэн мэт хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарчихсан мэт ярьж байгаа.

-Тэгвэл чухам яагаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж ярих болов?

-Энэ нь үнэхээр тэр хугацаанд дууссан уу гэвэл үнэн. 2002 оны Эрүүгийн хуулиар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байдаг. 2015 оны Эрүүгийн шинэ хуулиар ч мөн таван жил байгаа юм. Аль ч хуулиар нь явсан хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Энэ хоёр хуулийг удирдлага болгоод прокурор хэргийг долдугаар 8-нд хэрэгсэхгүй болгосон байгаа юм.

Ийм зүйлүүдээ ч ярьж буй хүмүүс мэдэхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон баримт хэвлэлийнхэн болоод илүү, дутуу зүйл яриад байгаа УИХ-ын гишүүдэд ч байхгүй. Энэ прокурор, АТГ -т л байгаа байх.

-Ер нь яагаад шалгагдах хэмжээнд хүрчихсэн юм бэ?

-Хэрэг нь их сонин. Би замын компани байгуулсан нь, “Монроуд” гэдгээр овоглосон нь үнэн. Үүнийг хэн ч балруулдаж чадахгүй. Гэхдээ энэ компаниас би 2007 онд гарчихсан, өнөөдөр нэг ч хувь эзэмшдэггүй.

“Монроуд” гэдгээр далимдуулж шалгах болсон нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахтай холбоотой. Түүнийг огцруулахын тулд АТГ-аас зохион байгуулалттай хэрэг зарлахдаа Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаярыг хамтатган буруутгахын тулд Халзан бүргэдэй-Солонготын даваа гэдэг газар хэрэгжүүлж байсан төслийн мөнгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан 100 хувь дансандаа авчихсан байна гэж зар гаргаснаас үүдэлтэй юм.

Түүнийгээ зургаан жил шалгасан. Тийм зүйл байхгүй гэдэг бодит нөхцөл байдлыг нь шинжээчид нотолсон. Дараа нь намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж Засгийн газраар дээрх шийдвэрийг гаргууллаа гэсэн.

УИХ-ын байгууллагыг шүүх гэж оролдсон юм. УИХ тусдаа хуультай, байнгын хороодын эрх, үүрэг нь хуулийн хүрээнд зохицуулалттай. Энэ бүх заалтуудыг мэдэхгүй, сүүлд нь өөрсдөө тэрэндээ ороогдоод хэрэгсэхгүй болгосон. Нэг ёсондоо З.Энхболдын толгойлж байсан УИХ-ыг буруутгах гэж үзсэн юм. Хэргийн материал нь өөрөө тийм. Тэр нь нотлогдохгүй нь шүү дээ. Би шүүх дээр бодитоор нь тайлбарласан.

Сүүлд нь аргагүйн эрхэнд хэрэгсэхгүй болгодог юм байгаа биз дээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Засгийн газарт нөлөөлнө гэж огт байхгүй. Тэр дундаа мөнгөний асуудлыг Эдийн засгийн байнгын хороо шийддэггүй. Төсвийн байнгын хороо тэр дотроо Төсвийн зарлагын дэд хороо л хянадаг юм. Ийм зүйлээр л зохион байгуулалттай улс төрийн яллагаа хийх гэж оролдсон.

-2016 онд шинэ Засгийн газар гарч ирээд манайх улсын төсвөөсөө гадна Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банк гурван төсөвтэй болчихсон байж. Хөгжлийн банкин дээр Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Д.Эрдэнэбат нарын хүмүүс эзэн суучихжээ гэж хэлж байсан. Яагаад ингэж нэрлэхэд хүрсэн юм бэ?

-Хөгжлийн банк өмнө нь байсан банк биз дээ. Эдийн засаг, хөгжлийн яам бол 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулагдсан. Бонд босгох асуудлыг энэ яам хийж байсан нь үнэн. Монголбанкнаас Н.Золжаргал, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, сайн яривал МАН-ын Ч.Улаан нар биечлэн хөөцөлдөж, үүнийг авчирсан юм.

Түүнийг баталсан хүмүүс нь олонхыг бүрдүүлээд байгаа МАН-ын гишүүд. Үүнийг үрэн таран хийсэн гэж ярих юм бол арай өөр юм ярина. Бодвол материалууд нь шүүх цагдаагаар яваад, дуусаад эзэд нь тодорч байгаа биз. Үүнд Эдийн засгийн байнгын хорооны ямар ч оролцоо байхгүй.

Н.Алтанхуяг сайдаар ахлуулсан Бондын зөвлөлийг Ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулсан юм. Тэр зөвлөлд Зам тээвэр, Эдийн засаг, хөгжил, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар, ЗГХЭГ, ЕТГ-ын дарга П.Цагаан, УИХ-ын даргын зөвлөх П.Одхүү, ЭЗБХ-оос би, Төсвийн байнгын хорооноос Ц.Даваасүрэн нарын улсууд томилогдсон. Тэр хүмүүс санхүүжүүлэхээр шалгарсан Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцдэг байсан.

У.Хүрэлсүх бол хаданд хавчуулагдсан халиуны зулзага. Хоёр талаас нь хавччихсан, магадгүй сөрөг хүчин хамт хавчиж байгаа байх.

Эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой гэдэг ч юм уу. Санхүүжилтийн асуудлыг нь Төсвийн байнгын хороо хянаж байсан. Ингэж хамтын шийдвэр гаргадаг зөвлөл л байсан юм. Тэнд орсныхоо төлөө би нэг хэсэг нь болчихоод яваад байгаа хэрэг.

Н.Батбаяр түүнд дэд дарга нь, Эдийн засаг, хөгжлийн сайд байсныхаа хувьд, Д.Эрдэнэбат Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд байсан учраас энэ рүү орчихож байгаа юм. Энэ бол зүгээр л хэрэг тохох арга зам. Өнөөдөр үүнийг мянга тайлбарлаад буруу зөвийг нь ойлгохоо больчихсон. Энэ хүмүүс тоглолт бүртээ үүнийг ашиглаж байгаа боловч эцсийн дүндээ үр дүнг нь өөрсдөө хүртэх байх. Эрх баригчид ярих бүхнээ л ярьж байх шиг байна. Ярилаа гээд үнэн юм үнэнээрээ л гарна. Харин хэрэг хийсэн хүмүүсийнх асуудал янз бүрээрээ шийдэгдэж л байгаа байлгүй дээ.

-Эрх баригчид ч өөрсдийнхөө булхайг багагүй дэлгэлээ. ЖДҮ-ээс эхлээд баримтаар нотлогдсон нь ч байна. Сөрөг хүчний намын гишүүний хувьд та юу гэж дүгнэж байна вэ?

-Үзэл баримтлал нь зөрчилдсөн, онолгүй болсон намын нэг зовлон. 60 тэрбумын схем албан ёсоор хэрэгжсэн, хууль бусаар Засгийн эрхийг авсан гэдэг нь маш ойлгомжтой болсон. М.Энхболд гэдэг хүнийг л муу хэлээд түүн рүү дайраад байгаа боловч үндсэндээ энэ 64 гишүүн тэр л арга замаар орж ирсэн байна шүү дээ. Үүнийгээ өөрсдөө л нотолсон. Туг болгож тахих хүн нь М.Энхболд л байхгүй юу.

Дараагийн хувилбар нь гарч ирж, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёроороо туг тахих л байлгүй дээ. Тэр бол илт. АН-ын хувьд ийм зүйл байгаагүй гэдгийг шулуухан, баталгаатай хэлнэ. Таван төгрөгнөөс болж хөлөө жийлцэж байгаа хүмүүсийг амьдралдаа анх удаа харж байна. 900 сая, эсвэл нэг тэрбум төгрөг авч дийлэнхдээ хувьцаа зарцуулсан байгаа юм. У.Хүрэлсүх бол хаданд хавчуулагдсан халиуны зулзага. Хоёр талаас нь хавччихсан, магадгүй сөрөг хүчин хамт хавчиж байгаа байх.

-Харин ч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохын тулд ЖДҮ-ийн зээлийг тараасан гээд байгаа…

-Үүнийг би нотолж чадахгүй. Гэхдээ МАН-ынхан У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход нь санал өгсөн гишүүддээ ЖДҮ-ээс зээл авч егсөн гэж өөрсдөө нотолсон. Үүнийг АН, түүний хэн нэгэн гишүүн ил гаргаж нотлоогүй шүү дээ. Одоо эв нэгдэлтэй болж, сонгуульд орохыг нь л харах цаг. Юун дээр нэгддэг нь одоо л харагдана.

-2020 оны сонгуулийн өнгө аясыг та хэрхэн харж байна вэ?

-Шинэ сонгууль болно гэж хэлэхгүй. Улс төрийн замнал, улс орны хэтийн төлөвийг урьд өмнөхтэй нь харьцуулж үзэх чадварыг нь харсан ч энэ хоёр намаас л гарна. Шинэ намууд цөөн тоогоор орж ирэхийг үгүйсгэхгүй.

Тэд онолын түвшинд л ярьж байгаа болохоос бодит амьдрал дээр ярьж байгаа зүйлийг нь хүлээж авах боломж Монголын нийгэмд алга. Сайн жишгийг шууд авчраад буулгах хөрс байдаггүй юм. Тиймдээ ч би түүхийг алгасаж болдоггүй юм байна гэж хэлээд байгаа хэрэг.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрог эзэнгүй айл шиг байсаар дуусаж байна. Иргэд, сонгогчдын эрх ашиг ч хохирлоо. Энэ нутгийн хүний хувьд юу гэж бодогдож байх юм?

-Хохирох, хохирохгүйн асуудал өнгөрсөн. Хэнтий аймгаас гурван гишүүн гарсан. Уг нь тэд бүгд аймгийнхаа хэмжээнд ажиллаад явах боломжтой. Гэсэн ч орхигдсон гэдэг нь үнэн. Хэдэн тойрогтой байгаад ч ялгаагүй жижиг тойрог маллана гэдгийн жишээ энэ.

Үнэхээр Монгол Улсыг нэг том төлөвлөлтөөр хараад, хүн ам цөөтэй энэ орныг хөгжүүлье гэвэл боломж зөндөө л байгаа байх. 42 дугаар тойргийн асуудал анхаарал татаж, сонгуулиудыг нь буцаагаад байсан болохоос биш зүгээр жирийн л нэг тойрог шүү дээ. Сонгосон хүн нь ямар хүн байсныг, яаж гарсныг мэдэхгүй юм.

Сонгууль гэдэг тухайн өдөр шийдэгддэг асуудал шүү дээ. Бараг л тэр өдөр яаж боссоноосоо шалтгаалаад хэн нэгэн хүнийг дугуйлчихдаг. Сонгогчид үнэн, зөв мэдээллийг аваад,сайн, мууг нь мэдэж, УИХ-д очиж болох хүн мөн эсэхийг нь ялгадаггүй. Сохроор дугуйлж байгаагаас л үүдэлтэй асуудал юм.

-Төрд байгаа хүмүүст ард иргэд нь харанхуй, бүдүүлэг байх тусмаа ашигтай байдаг гэлцдэг. Өнгөрсөн хугацаанд монголчууд үүнийхээ үр дүнг амсаж байна уу гэж харагддаг.

-Чиний ярьж байгаатай зарим талаараа санал нийлнэ. Учир нь хүмүүсийг мэдээлэлгүй, харанхуй, бүдүүлэг байлгаж өөрсдийнхөө боломжийг өндөрсгөдөг систем яваад л байна. Хедөө орон нутгаар явахад мэдээлэл үнэндээ алга. Яах вэ маш олон телевизүүд гарах л юм. Гэсэн ч иргэдийн мэдээллээ авч буй эх сурвалж нь дандаа буруу.

Нэг бол үзэн яддаг эсвэл юуг нь ч ойлгохоо больчихсон байдалтай л байна. Хөдөө орон нутгийн иргэд тэр байтугай боловсролтой хүмүүс ч Монгол комментыг л үздэг, үнэн гэж итгэдэг болж. Би бол үүнийг МАХН-ыг үүсгэн байгуулагч, стратегич Н.Энхбаяр гэдэг хүний бодлого гэж хардаг. Энэ хугацаанд хүмүүс өөрт тулгарч байгаа, нутаг орондоо үүсээд буй асуудалд бухимдаж, түүнийгээ мэдээлэх гэхээр хүлээж авах газаргүй болчихсон.

Хаана ч очсон хад мөргөөд байгаа. Аль нам нь хамаагүй, бүгдээрээ хаалттай. Тиймдээ ч бухимдсан иргэд үүнийгээ илэрхийлэх гэж маш урт гомдлын захиа бичдэг. Захиаг нь хүлээж авдаг ганцхан газар нь Монгол коммент.

Тэд захиаг нь ямар ч цензургүйгээр нийтэд уншиж өгдөг. Захиа явуулсан хүн нь бухимдаж байсан бүх зүйлийг минь Монгол комментынхон цацаад өгчихлөө, миний ажил болчихлоо гэж бодон санаа нь амардаг. Миний харж байгаагаар хөтлөгч хоёр иргэдийн дунд бараг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж байх шиг байна. Тэд хэнийг ч шүүмжилдэг, элдэв янзаар хэлдэг.

-Таныхаар сонгогчийн боловсролыг яаж нэмэх вэ?

-Боловсролын систем унасан байх л гэж харж байгаа. Боловсрол өндөртэй, толгой цохидог гэж бид өөрсдийгөө хөөрөгдсөөр байгаад өнөөдөр иргэд ямар ч боловсролгүй болжээ. бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс ч олон байна. Үе үеийн Засгийн газар, намын мөрийн хөтөлбөрүүдэд орж байгаа бодлого хүрч чадахгүй байсны л илрэл.

Тэр дундаа боловсрол, соёл хариуцсан сайд нарын ажлын үр дүн харагдах байх. Бодлогоор л энэ ажлыг хийнэ. Өнөөдөр бодлоготой нам гэвэл Ардчилсан нам л бий болж байна гэж би харж байгаа. АН-ын боловсролын бодлого ямар байхаас дараагийн асуудал шийдэгдэх байх. МАН-ын хувьд бодвол бодлого нь өнөөдөр хэрэгжээд яваад байгаа учраас мэдээлэл нь яг хэвээрээ байгаа юм байлгүй.