Categories
гадаад мэдээ

Япон Солонгосын талууд худалдааны маргааныг шийдвэрлэх асуудлаар хэлэлцжээ

Өмнөд Солонгос болон Японы төлөөлөгчид Токио хотноо худалдааны маргааныг шийдвэрлэх асуудлаар өчигдөр хэлэлцжээ. Энэ нь сүүлийн 3.5 жилийн хугацаанд болсон худалдааны асуудлаарх анхны яриа хэлэлцээ болсон талаар Японы худалдааны сайд Хироши Кажияама сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

Дүрвэгсдэд тусламж үзүүлэх асуудлыг өргөжүүлэхийг уриалав

Швейцарийн Женев хотноо дүрвэгсдийн асуудлаарх глобал форум арванхоёрдугаар сарын 16-18-ны хооронд болж байна. Анх удаа зохион байгуулж буй тус форумын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гүттэриш дүрвэгсдийг хүлээн авч буй улс орнуудад тусламжийн гараа сунгахыг уриалсан байна. Тэрбээр “Олон улсын байгууллага тогтвортой бус байгаа энэ үед дүрвэгсдийг хүлээн авч буй улс орнуудад талархах хэрэгтэй. Гэхдээ энэ нь хангалттай бус юм. Тусламжийг өргөжүүлэх нь чухал” гэж онцолжээ. Энэ нь юуны өмнө санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хэрэгтэйг дурджээ. Өдгөө 70 сая гаруй хүн орон гэрээсээ дайжихад хүрээд байгаа аж. Тэдний 25 сая нь хилийн чанадад дүрвээд буй. Цагаачдын эрх зөрчигдөж байгаа, дүрвэгсдэд олон хаалга үүд хаалттай байдаг. Цагаач хүүхдүүд олноороо эцэг, эхээсээ салангид хорионд байгаа гэжээ. Иргэд олноороо дүрвэхэд хүргээд буй гол шалтгааныг тодруулахыг тэрээр уриалсан байна.

Categories
гадаад мэдээ

П.Мушарафт ялын дээд хэмжээ оноожээ

Пакистаны шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан, 76 настай Первез Мушарафт эх орноосоо урвасан гэж буруутган цаазын ял оноожээ. “Samaa” агентлагийн мэдээлснээр гурван шүүгчээс бүрдсэн Тусгай шүүх коллеги экс төрийн тэргүүнийг Пакистаны Үндсэн хуулийн зургадугаар зүйлийг зөрчсөн гэжээ. Гурван шүүгчийн хоёр нь ялын тогтоолыг дэмжсэн байна. Гэхдээ П.Мушарав давж заалдах эрхтэй болохыг Пакистаны Дээд шүүхийн шүүгч Пешавар Вакар Ахмад Сэтх мэдэгдэв. Энэ нь Пакистаны түүхэнд ерөнхийлөгч асанд цаазын ял оноосон анхны тохиолдол болоод байна.

2001-2008 онд Пакистаныг удирдаж байсан П.Мушараф 2007 онд албан тушаалаа урвуулан ашиглан, улс даяар онц байдал зарлаж, Дээд шүүхийн шүүгчдийг баривчлах тухай тушаал гаргасан байдаг. Хуурай замын ангийн штабын дарга асан, армийн генерал тэрбээр 2001 онд Пакистаны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Албаа хаших хугацаанд нь гурван ч удаа түүний аминд хүрэхийг завджээ. Пакистаны хуулиар бол иргэн хүн төр барих эрхтэй. Гэтэл П.Мушараф төрд гарсан даруйдаа армийн генерал цолоо хадгалж үлдсэн аж. 2008 оны наймдугаар сард түүнд итгэл үзүүлэх асуудал хөндөгдсөнөөр огцорч байв. Түүнийг огцорсны дараа дээд шүүхийн шүүгчдийг хууль бусаар огцруулсан, ерөнхий сайд агсан Б.Бхуттогийн үхэлд түүнийг буруутгаж байсан ч буруутай нь батлагдаагүй тул цагаатгагдсан юм. Огцорсныхоо дараа П.Мушараф Их Британид дүрвэн амьдарч байсан агаад 2013 онд парламентын сонгуульд өрсөлдөхөөр нутаг буцсан юм. Гэвч тус улсын шүүх П.Мушарафыг Үндсэн хууль зөрчиж, 2007 онд улс даяар онц байдал зарласан гэж буруутган нэг хэсэг гэрийн хорионд оруулсан. Гэвч тодорхой хугацааны дараа батлан даалтаар гаргасан юм. Гурван жилийн өмнө тэрээр эмчилгээ хийлгүүлэхээр Дубайд очсоноос хойш дахин нутагтаа эргэж ирээгүй аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ТБХ: Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив

ТБХ: Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.18) хуралдаан 11 цаг 43 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан байдаг байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” хэмээн заасан бөгөөд энэ дагуу дээрх төслүүдийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Иймд Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргаж, санал хураав. Гишүүд 54.5 хувийн саналаар дэмжсэн. Дараа нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийнолонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад тохиолдолд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

Тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад тохиолдолд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос бүрдсэн ажлын хэсэг түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа, нүүрсний зарцуулалт, нөөц болон түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт явуулсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар ахалж, энэ сарын 14-17-ны өдрүүдэд ажиллажээ. Хяналт шалгалтад Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 53, зөвшөөрөлгүй 140 аж ахуйн нэгжээс гадна сайжруулсан түлш болон бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэсэн, үйл ажиллагаа нь зогссон улирлын шинж чанартай 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Ажлын хэсэг нийт 404 уурын зуухыг нэг бүрчлэн шалгасан. Хяналт шалгалтаар утаа шүүлтүүр тавиагүй-9, шүүгч нь эвдэрсэн-17, нүүрс ил задгүй хадгалах-18, камергүй-8 аж ахуйн нэгж, иргэний зөрчил илэрсэн. Мөн улирлын чанартай болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон 31 байгууллага байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэдээс байгууллагууд түүхий нүүрс түлж байна гэх гомдол тасрахгүй байна. Шалгалтаар уурын зууханд шүүлтүүр байгаа боловч ажиллуулдаггүй, ажиллуулдаг ч засварлаагүй зэрэг зөрчил дутагдал их ажиглагдсан. Агаар, орчныг бохирдуулж, түүхий нүүрс түлсэн /шүүлтүүргүй/ аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөг, иргэдийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан” гэв.

Тусгай зөвшөөрлөөр өөрсдийн хэрэгцээнд нөөцөлсөн нүүрсийг иргэдэд зарж борлуулсан тохиолдол цөөнгүй гарсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга И.Даваажамьян мэдээллээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, таслан зогсоосон байна. Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар 89 аж ахуйн нэгж байгууллагын 340 орчим тонн нөөцөлсөн түүхий нүүрсийг битүүмжилж хураасан гэдгийг тэрбээр мөн хэллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас утаа шүүгч байрлуулах шаардлагатай уурын зуухнуудын судалгааг гаргаж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн бөгөөд 290 уурын зууханд утаа шүүгч байршуулахаар болсон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 16-100 кв хүчин чадалтай буюу нам даралтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа 2209 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Харин 100 кВт-аас дээш хүчин чадалтай буюу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 197 халаалтын зуух бий хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн албаны дарга П.Хэрлэн дурдлаа. Тэрбээр “Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд ойрхон 60 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холболоо. 17 цэцэрлэгийг цахилгаан халаалтад, дөрвөн сургууль цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн. 248 хэрэглэгчийг цахилгаан хэрэглүүрт шилжүүлж, 290 халаалтын зуухны 230 зууханд нь шүүлтүүр тавьсан” гэж мэдээллээ.

Улаанбаатар хотод ирэх оны есдүгээр сарын 15 гэхэд тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад 16-100кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай аж ахуйн нэгж, хувь хүн, айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглох аж.

Categories
мэдээ нийгэм

9 давхар орон сууцны байрны дээврээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

“Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 9 дүгээр байр 9 давхар орон сууцны байрны дээврээс хүн үсрэх гээд байна” гэсэн дуудлага 2019.12.17-ны өдрийн 07:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 08:10 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /27 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Иймд баяр ёслол, байгууллага хамт олны шинэ жилийн үдэшлэг, цэнгээний үеэр архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд нийт 8.15 сая баррель буюу 1.1 сая тн газрын тос олборлон экспортод гаргажээ

Улсын хэмжээнд энэ онд нийт 8.15 сая баррель буюу 1.1 сая тн газрын тос олборлон экспортод гаргаад байна.

Газрын тосны олборлолтоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Үүнээс энэ 12 дугаар сарын 4-ний байдлаар улсын хэмжээнд 6.39 сая баррель буюу 867.1 мян.тн (78.47 хувь) газрын тос олборлож, 6.09 сая баррель буюу 827.7 мян.тн (74.79 хувь) газрын тос экспортолж 12 дугаар сарын 15-ны байдлаар 210.2 тэрбум төгрөг (62.6 хувийн)-ийн орлого хуримтлуулаад байна.

Харин газрын тосны бүтээгдэхүүнээр 12 дугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 61 хоногийн нөөцтэй,
  • Аи-92 автобензин 33 хоногийн нөөцтэй,
  • Дизелийн түлш 29 хоногийн нөөцтэй,
  • ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
Categories
мэдээ нийгэм

Аврагчид галаас хоёр хүүхдийн амь аварчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 8Б байранд иргэн А-ын байр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.18-ны өдрийн 04:04 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 04:09 цагт очиж 5 минут ажиллаж галыг унтраасан байна.

Утаажилтын бүсээс Д /11 настай, эмэгтэй/, О /9 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргажээ.

Хүйтний улиралд обьектын гал түймрийн дуудлагын тоо нэмэгддэг, иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

Хог, хаягдлыг тусгай зориулалтын төвлөрсөн цэгт, саванд асгаж тогтмол ачиж тээвэрлүүлэх

Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох

Цогтой үнс нурмыг тагтай төмөр саванд хийж шатах эх үүсвэрээс 0,5 метрээс багагүй зайд байрлуулах

Хог хаягдал, өвс, шарилжийг устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх

Пийшин зуухыг гэр сууцанд байрлуулахдаа цонолт шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалт хийх, пийшин зуухны яндангийн дээврийн хөндийгөөр гарч байгаа хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах, галласан пийшинг хараа хяналтгүй орхихгүй байх

Пийшин зуухны яндангийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг сайтар шалгах гэмтэлтэй пийшин, зуух, янданг ашиглахгүй байх

Гэр сууцандаа зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх

Цахилгаан угсралт, ашиглалтын дүрмийг дагаж мөрдөн цахилгааны хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжлэх

Автомашины зогсоол, тавиуланд галын аюулгүй байдлыг хангаж, хаалга гарцуудыг чөлөөтэй байлгаж хоорондын зай хэмжээг баримтлах

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж орхихгүй байх

Иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх, тэдгээрийг ашиглаж сурахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Сингапурчуудын хийж чадаагүйг Монгол хийсэн гэж дэлхий харж байгаа нь л надад том кайф


“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Дэлхийд арваадхан Санхүүгийн музейн нэг нь таны байгуулсан музей. Анхны цаасан мөнгө, эртний зооснууд гээд дэлхийд ховор үзмэрүүдийг хэдэн зуугаар нь дэлгэсэн гэхээр чамгүй их мөнгө орсон байх. Яагаад ийм музей байгуулах болов, хувь хүн ийм музей байгуулчихсан гэхээр гайхах хүн олон таардаг уу?

-Зорьж ирж үзсэн хүмүүс гайхдаг. Хөрөнгө мөнгөний тухайд нуух юу байх вэ, би зээлийн байранд амьдардаг. Машины лизинг, кредит карттай.

Банканд учиргүй их мөнгө хуримтлуулсан юм алга. Харин бизнес хийсэн. “Мандал даатгал” гэдэг компанийг оргүй хоосноос байгуулж босгосон. Бизнес хийж олсон бүх мөнгөө “Мандал даатгал”-д оруулсан. Өнөөдрийг хүртэл “Мандал даатгал”-аас мөнгө авч үзээгүй. Хэзээ нэгэн цагт авах байх гэж боддог. Байгуулсан компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажилладаг. Сарын цалин маань нэг сая төгрөг.

“Голомт”-ын захирлаар хэдэн жил ажиллахдаа дажгүй цалин авч байсан. Олсон мөнгөө энэ музейг барьж байгуулахад зарцуулсан. Надад материаллаг баялаг гэхээс илүү оюун ухааны баялаг онцгой чухал. Энэ музейгээ харж кайф авдаг.

Монгол Улсад дэлхийд аравхан байдаг музейн нэгийг байгуулсан. Миний байгуулсан музей Монголд л үлдэнэ. Би дэлхийн санхүү гэдэг юмыг Монголдоо авчирсан. Орост байхгүй, Хятад, Хонконг, Сингапур ийм музейгүй. Монголыг минь ядуу л гэнэ, дорой л гэнэ. Надад хүнээс илүү хийчихсэн мөнгө төгрөг алга.

Гэхдээ сэтгэл байвал сингапурчуудын хийж чадаагүйг Монгол хийсэн гэж дэлхий харж байгаа нь сайхан. Сая би Канадын төв банкны урилгаар Сингапурт очиж хуралд суугаад ирлээ. Тэр үеэр Саудын Арабын төв банкныхан санхүүгийн музей байгуулна гээд судалгаа хийгээд явж байна. Ямар баян улс билээ. Гэтэл одоо л санхүүгийн музей байгуулна гээд явж байх жишээний.

-Санхүүгийн музейтэй арваадхан улсын нэг гэдэг бахархах мэдээ л дээ. Ингэхэд дэлхийн санхүүгийн музейнүүдийг хувь хүмүүс байгуулаад байна уу, улсаас нь санаачилж барьдаг юм уу?

-Санхүүгийн музейнүүдийн холбоо гэж бий.

Энэ холбоо 10 гаруй гишүүнтэй. Хувь хүний санаачилгаар байгуулсан ганцхан музей нь манайх. Дандаа улсынх нь төв банк, Сангийн яам байгуулсан.

Надад арван байр авч, таван машин унах шаардлага байхгүй.

Би сая танд ярилцлага өгөх гээд ажил руугаа ирэхдээ Тоёота Альфард унаад ирлээ. Гоё машин.

Хүнд материаллаг баялаг шүтэх үе байхыг үгүйсгэхгүй. Үнэтэй машин авч унаж яагаад болохгүй гэж. Гэхдээ хүн гэдэг амьтан тасралтгүй боловсорч байх ёстой. Материаллаг баялгийг шүтэх үзэл нь тодорхой хугацааны дараа идеал, оюуны баялгийг шүтэх үзлээр солигдож байж л хүн гэдгээ жинхэнэ утгаар нь мэдэрнэ.

-Оюуны баялаг гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?

Оюуны капитал гэдэг бол ард түмнийхээ төлөө, ядаж найз нөхөд, хамт олон, харилцагчдынхаа төлөө сэтгэж юм хийж эхлэхийг хэлнэ.

Хувь хүнээсээ даван гарч, сэтгэж амьдарвал тасралтгүй боловсорч яваа хэрэг.

Тэгэхгүйгээр далан нас хүртлээ ард түмэн, улс орныхоо төлөө юу ч хийгээгүй мөртлөө хамгийн үнэтэй машин авах гээд явж байгаа хүнийг би асуудалтай л гэж хэлнэ. Дөчин настайдаа үнэтэй машин унаж яваа бол асуудал биш. Үзэг, эдлэг. Би эдийн засагч хүн учраас хэрэглээг дэмждэг. Хүн хэрэглэж байж л илүү томыг хардаг. Тийм учраас цалингийн зээл, машины зээлийг дэмждэг. Зээл аваад гоё машин унаж үзэцгээг л дээ.

Гагцхүү тэрнийхээ дараа оюуныхаа хөгжилд анхаарч, илүү томыг бүтээхийн төлөө тэмүүлэх ёстой.

Материаллаг баялгийг үзээгүй мэдрээгүй хүн оюуны үнэ цэнийг мэдрэхгүй байж болох талтай. Философи сонирхож судалдаг хүний хувьд би аз жаргалын үндэс оюуны баялгаас үүсдгийг ухаарсан. Материаллаг баялаг хүнд түр зуурын баяр өгдөг.

-Материаллаг баялгийг шүтсээр яваа тавь, жар, далтнууд олон байна. Хувь хүний мөн чанараас шалтгаалдаг эд үү, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Нас өндөр болчихоод материаллаг баялгийг шүтсээр яваа хүнийг би буруу ойлголттой, алдсан хүн л гэж хэлнэ.

Түүнээс биш төрөлхийн гэж хэзээ ч бодохгүй. Хүн бүр ижил хувь заяатай төрдөг гэдэгт итгэдэг. Хүн бүр тэгш боломжоор хангагдах ёстой гэдэгт бас итгэдэг.

Гагцхүү тэр хүн өнөөг хүртэл энэ тухай ном зохиол уншиж, философийг нь сонсоогүй учраас ойлгохгүй байгаа хэрэг. Боловсролын реформ эхлүүлж байж л хүн бүрийг насан туршийн гэгээрэл рүү хөтлөх хэмжээний өөрчлөлт хийж чадна.

Дахиад хэлэхэд бизнесийн өндөр амжилт гаргасан хэр нь аз жаргалгүй, дутуу хөтүү явж байгаа хүмүүсийг би төөрсөн хүн гэж хэлнэ.

Төөрсөн, авах ёстой боловсролоо авч чадаагүй л хүмүүс. Энэ хүмүүсийг боловсруулах ёстой. Рокфеллер маш шүтлэгтэй хүн байсан. Өнөөгийн үнэлэмжээр тооцоход хамгийн баян хүн. Тэр хүн 30, 40, 50-тай-даа бизнест гялалзаад 60 гараад бүх мөнгөө их сургуулиуд байгуулах, эрдэм шинжилгээний ажил санхүүжүүлэх, ядуусыг асрах, өвчтөнүүдийг эмчлэхэд зарцуулсан.

-Баруунд нийтлэг харагддаг л даа, таны яриад байгаа хандлага. Монголын бизнес эрхлэгчдээс маш ховор анзаарагддаг чанар. Шалтгаан нь таныхаар боловсролын систем юм байна, тийм үү?

-Ер нь бол тийм. Гэхдээ таны хөндсөн энэ сэдэв дээр би их өөдрөг бодолтой яваа.

Англиар “Give back” гэдэг л дээ. Хүн хэн ч биш байхаасаа ажиллаж, өндөр амжилт гаргаж, бизнес хийж, мөнгө их олж, тэрэндээ шимтдэг. Үүний эцэст амьдралынхаа дараагийн шат руу шилждэг. Тэр нь буцааж өгөх.

Билл Гейтс хорь ч хүрээгүй байхдаа бизнесээ эхэлсэн. Их мөнгө хийсэн. “Майкрософт”-д хамаг чадлаараа зүтгэсэн.

Цаг нь болонгуут дараагийн үедээ бизнесийн ажлаа даатгаад “Мелинда энд Билл Гейтс” сан байгуулсан. Сангийнхаа хүрээнд олон тэрбум ам.долларыг Африкт өвчин устгахад зарцуулаад сууж байна.

Ази, Америкт хандивын ажил эхлүүлчихсэн яваа. Тэгэхээр Монголын тухайд ерэн онд бизнесээ эхэлсэн хүмүүс тавин нас гарч байна.

Жар хүрч яваа. Ингээд харахаар “Give back” удахгүй эхлэх байх аа. Гучин жил бизнес хийлээ, одоо эргээд улс орондоо гараа сунгах байх. Долоон буудалд төрсөн, тэгш боломжийг олж авч чадахгүй яваа сайн хүүхдүүдэд Харвардад сурахад нь туслах байх.

Дунд сургуулиудад хөрөнгө оруулалт хийх байх. Төгссөн их сургуулиуддаа анги шохойдох хэмжээнд туслах биш, эрдэм шинжилгээний ажлуудыг нь санхүүжүүлэх байх.

-Таныг боловсролын реформ яриад эхлэхээр “Өнөө банкир Ганзориг яагаад гэнэтхэн боловсрол яриад унав” гэж гайхсан хүн олон байсан. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон, “Xас”-ын Ч.Ганхуяг, Г.Амартүвшин гээд бусад банкируудаас тэс өөр сэдэв хөндөж, боловсролын реформын төлөө лобби хийгээд эхлэхээр би ч анхандаа гайхсан шүү…?

-Нийгэм Орхон, Ганхуяг, Амартүвшин биднийг зангиа зүүсэн, цамц хослолтой банкир гэсэн нэг дүрээр хардаг байхыг үгүйсгэхгүй. Тэгж харагддаг ч байх. Гэхдээ бид чинь тэс өөр хүмүүс.

-Тэгвэл та эднээс юугаараа ялгаатай вэ?

-Надад ялгаатай ганц л юм бий. Мөнгө төгрөг хийх, бизнес босгох тал дээр би энэ гурвын энд хүрэхгүй шиг байгаа юм.

Миний хувьд өнөөг хүртэл олон нийтийн төлөө явснаараа эднээс ялгарна. Тэр талыг минь л харчихвал Ганзориг ойлгомжгүй, үсчдэг хүн биш л дээ. Зүгээр л ярьдгаа яриад яваа хүн.

Миний амьдралаа залгуулдаг амьжиргаа бол банкны бизнес. Хувь хүний зүрх сэтгэл гэж яривал Ганзориг гэдэг хүнийг улс орон, ард түмнээс салгаж ойлгох аргагүй. Ажлынхаа хажуугаар лекц уншиж, ном бичиж, музей байгуулж, санхүүгийн боловсролын сайт нээж яваагийн минь цаад шалтгаан энэ л дээ.

-Та Голомт банкийг удирдаж байхдаа санхүүгийн боловсролын сайт нээж байл уу?

-Бүр анх Санхүүгийн зах зээлийн холбоонд байхдаа ийм агуулгатай сайт нээж байсан юм.

Холбооныхоо өмнөх вэб сайтын контент, зургийн цомгоо гаргаж ирээд харлаа. Хийгээгүй юм алга аа. Ямар ч мөнгөгүй хорин хэдтэй залуу л “Улсынхаа төлөө” гээд “эргүү мэдрэл” юм хийж явсан байгаа юм. Ингээд харахаар боловсрол бол миний эртнээс ярьсан сэдэв. Ганзориг гэж хүнийг мэддэг улсын хувьд гайхах өнцөг биш.

Орхоныг боловсрол яриад эхэлбэл ойр тойрныхноос нь эхлээд олон хүн гайхаж магадгүй. Харин Ганзориг боловсрол яриад эхэлбэл натурал. Голомтод ороод www.edu.golomt гээд иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах агуулгатай сайт нээсэн. 150 ширхэг санхүүгийн контент хийсэн ч өнөөдөр нурчихсан. Байхгүй болсон. Миний хийсэн бүтэлгүй юм зөндөө. Гэхдээ өөр ямар банкир санхүүгийн боловсролын сайт нээсэн бэ, та тийм жишээ санаж байна уу?

-Санахгүй байна. Банкны их ажлын хажуугаар иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулна гээд сайт ажиллуулна гэдэг амаргүй байх аа?

-Хэцүү гэвэл ямар ч ажлаас ийм шалтгаан хайгаад хийхгүй сууж болно. “Голомт”-д энэ ажлыг эхлүүлэхэд дуртай хүн байгаагүй. Ганзориг гэж хэнхэг нөхөр ирээд үндсэн ажлаас өөр юм хийлгээд уналаа гэж дургүйцэж суусан байх.

Ажилтнуудаа “Хадгаламжийн хүү хэрхэн тогтдог талаар график хий, инфляц гэж юу болохыг тодорхойлсон видео хий” гээд суулгачихаж байгаа юм. Намайг захирлаар очиход “Хөгжлийн Голомт”, “Голомтын соёл”, “Голомтын гоёл”, “Манай банк сайн сайхныг санхүүжүүлнэ” гээд их гоё үгнүүд угтсан. Тухайн үед би банкныхаа зарим хүнд “Юун коммунист уриа лоозон шиг үгнүүд вэ. Яаж сайн сайхныг санхүүжүүлж, хэзээ хөгжлийн голомт болсон юм, Голомтын соёл гэж яадаг соёл билээ” гэж хэлээд зад үзсэн. Хөгжлийн Голомт болох эхний алхам нь иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах гээд сайт нээсэн юм.

-Санхүүгийн боловсролын сайт чинь яагаад уначихсан юм бэ?

– Контентын чанар маш муу байсан. Ажилтнуудаараа 200-300 видео хийлгээд амжилт олоогүй шалтгаан нь бас л боловсролтой холбогдчихож байгаа юм. МУИС-ийн эдийн засаг төгсчихөөд инфляц гэдгийг тайлбарлах хоёр минутын видео хийж чадахгүй суух жишээний. Ингээд Голомтын соёл, Голомтын гоёл гэж яриад байсан хүмүүс хөрсөн дээрээ буусан.

“За тэгвэл одоо Голомтынхоо соёлыг бий болгоцгооё, сайн сайхныг санхүүжүүлье” гээд зүтгэсэн. Тэгж зүтгээд амжилттай болсон ажлын нэг нь “Үндэсний хуримтлал”. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон түүх нь их сонин. Судалгаа хийгээд үзтэл хадгаламжийн төвлөрөл аймшигтай байсан. Хадгаламжийг хэдэн зуухан хүн атгачихсан суусан. Зөвхөн бизнесмэн, улстөрч гэсэн хоёр бүлэг л хадгаламжтай гэсэн зураг гардаг байгаа.

-Хэрэглээ, зээлээ хүчирдэггүй гэсэн шалтгаан иргэдийг хадгаламжгүй амьдрахад нөлөөлдөг юм болов уу?

-Гайхмаар нь судлаад үзэхэд тийм биш байсан. Хоёр, гурав, дөрвөн сая төгрөгийн цалинтай хүн ямар ч хадгаламжгүй байсан гээд та бод доо. Тэгээд 2-5 сая төгрөгийн цалинтай хүмүүсийн дунд Монголд анх удаа сэтгэл зүйн тест хийлээ.

Гэтэл өнөө өндөр цалинтай хүмүүс хадгаламж гэдгийг “Гэнэт их мөнгө олбол түүгээрээ зээлээ хаагаад үлдсэн арав, хорин саяыг нь дансандаа хийж хадгалах” гээд ойлгочихсон яваа нь тестээр тодорхой болсон.

Бид харилцагчдадаа “Хадгалах гэдэг чинь cap бүр цалингаасаа 20, 50, 100, 300, 500 мянгыг үнэнчээр хийж, хүүг нь хоолойгоо тултал авахыг хэлдэг” гэдгийг ойлгуулсан.

Банкнаас найман хувийн хүүтэй моргэйжийн зээл аваад 15 жил төлөхөд авсан зээлээсээ их хүү төлж яваа гэж шүүмжлээд байгаа. Тэгвэл банканд 60 сая төгрөг хадгалуулаад хорин жилийн дараа авбал банк танд зөвхөн хүүнд нь 240 сая төгрөг төлнө. Үүнийг Боловсролын яам ойлгуулаагүй.

Ер нь хэн ч ойлгуулаагүй байсныг бид ойлгуулж чадсан. “Үндэсний хуримтлал” хөтөлбөр хэрэгжсэнээр өнөөдөр 120 мянган хүн цалингаасаа хуримтлал үүсгэж байна. Ийм ажлыг ямар ч сайд хийгээгүй. Зүй нь эдийн засгийн гавьяатыг иймэрхүү, хөрсөн дээр буусан, бодитой, үр дүнтэй ажлуудад өгмөөр байгаа юм.

-Toп банкуудын нэгийг удирдаж байснаа ажлаа өгчихөөд боловсролын реформ яриад явахаар ойр тойрныхон чинь, таныг мэддэг хүрээнийхэн юу гэж байх юм?

-Миний сонголт, шийдвэрийг гайхаж хүлээж авсан хэсэг бий.

Мэргэжилдээ хайртай, мэргэжилдээ дурласан, мэргэжлийн амбицтай, мэргэжлийн ёс суртахуун гэж ярьдаг даа. Нягтлан бодогч гэсэн мэргэжлээр амьдралаа залгуулж яваа хүн бол нягтлан бодогч биш. Нягтлан бодохыг мэддэг л хүн.

Монголын нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулах юмсан, нягтлан бодогчдынхоо сургалтын чанарыг дээшлүүлэхсэн, бүх компанийн санхүүгийн тайлан үнэн зөв байгаасай гэж мөрөөдөөд, тэрнийхээ төлөө явдаг хүн бол нягтлан бодохын мэргэжилтэн хүн.

Та ажилдаа дурлаж илүү сайхныг бичихийн төлөө урагшилж, би ингэж яриад сууна гэдэг нь сайн хэрэг. Монголд мэргэжлийн ёс зүй бий болж байна гэсэн үг. Төгсрөөгүй байж магадгүй. Гэхдээ зөв чиг рүүгээ явж байна.

Гэтэл ийм ойлголт, чиггүй хүнд магадгүй миний алхам ойлгогддоггүй байхыг үгүйсгэхгүй. Чи яагаад сэтгүүлчдэд лекц уншаад явдаг юм бэ, дунд сургуульд ямар ч мөнгөгүйгээр хичээл орох хэрэг байна уу, сошиал дээр танин мэдэхүйн юм яриад суух тийм хэрэгтэй гэж үү, хайран цаг гэх мэт үгс зөндөө дуулддаг. Ийм юм хийгээд банкны захирлын ажлаа хийхгүй байна гэж хардаг.

Энэ бол тэгж хэлж суугаа хүний бүтээмжийн өнцөг. Тэр хүн өдрийн найман цагт найман хадаас хийдэг бол би өдрийн найман цагт 80 хадаас хийдэг хүн. Би нэг талд банкаа 150 хувь удирдчихаад, шөнө нь хагас цаг сууж хийсэн бичвэрээ блогтоо оруулдаг.

Учир нь би 2007 оноос хойш бичиж байна. Бичсэн нийтлэлийн маань тоо 600 давчихсан. 600 нийтлэлийн дараа ямар ч тэнэг хүн хурдан бичиж сурна аа даа. Гэтэл 600 нийтлэл бичээгүй хүний хувьд миний энэ чадамж ойлгогдохгүй. Нийтлэл бичиж үзээгүй хүн нэг бичвэр хийх гэж таван өдөр ч болж мэднэ. Манайханд нэг алдаа анзаарагддаг. Эхнийхээ нийтлэлийг төгс хийх гэж улайрдаг.

Дахиад алдаа гаргахаас, бусад хүн өөрийг нь яаж дайрах бол гэхээс айдаг. Ертөнцийн тооллоор бол нүд ирмэхийн зуурын агшин шүү дээ, хүний амьдрал. Чамайг муулсан, шүүмжилсэн, өөлсөн бүхний эцэст чиний бүтээл л үлдэнэ. Эдийн засагчийнхаа хувьд 120 мянган хүнийг хуримтлалтай болгосон нь л надад чухал. Бусад нь “Голомт”-оос хуулаад хийгээсэй гэж найдаж байна.

-Гэхдээ бизнесийнхэн нийгэм рүү хэт хандчихаар ашиг орлогоо алдана гэж болгоомжлоод байх шиг анзаарагддаг. Ер нь ч тийм юм биш үү?

-Ард түмний төлөө явна гэдэг бизнест хортой, бизнес хийнэ гэдэг ард түмнийг шулж мөлжихийн нэр гэж монголчууд ойлгодог. Миний хувьд тийм юм хэзээ ч дэлхийд байхгүй гэдгийг мэддэг. Таны харж байгаа өнцөг бол худлаа. Тархи угаалт.

Жишээ нь, сая хэлсэн 120 мянган хадгаламж эзэмшигч “Голомт”-оос хэзээ ч урвахгүй. Мэдээж хэн ч хүүний төлөө явна. Гэхдээ Голомт, Худалдаа хөгжлийн банк гэсэн өнцгөөс харвал үнэнч харилцагч хэрэгтэй. Эдийн засаг өгч, уруудах ямар ч үед үнэнч харилцагч л хэрэгтэй.

Голомт банк нийгмийн хариуцлага гээд Туулын эргийн хогийг түүж болно. Гэхдээ банкирууд хог түүгээд явлаа гээд хог дуусахгүй. Хүмүүсийг хуримтлалтай болгох нь л банкны ажил.

-Одоо боловсролын реформ руугаа эргээд оръё. Тэр том банкийг удирдангаа боловсролын реформоо хийсэн бол нөлөө, цараа талаасаа илүү байсан юм биш үү?

-Голомт банканд би маш олон зорилготой орсон.

Нэгдүгээрт, банканд ажилладаг хүний хувьд топ банкны гүйцэтгэх захирал гэдэг бол мөрөөдлийн ажил. Хоёрдугаарт, гүйцэтгэх захирлынхаа хувиар өөрийгөө өөртөө батлах хэрэгтэй байсан юм.

“Голомт”-ын хувьд өмнө нь том банк байгаад байр сууриа алдаж хэдэн байр ухарсан үе таарсан л даа. Ийм банкийг эргүүлж босгож, тэргүүлэх байр суурь руу нь аваачиж чадах уу, үгүй юү гэдэг сорилтын өмнө зогсохыг хүссэн.

Гүйцэтгэх захирлын ажил тамирчинтай л адилхан. “Мандал”-ыг Монголын хамгийн том даатгалын компанийн нэг болгосон.

Өөрөөр хэлбэл, Азийн аварга болсон. Мэдээж энэ ажлыг ганцаараа хийгээгүй. Миний ард баг бий. “Голомт” гэж том банкийг удирдаж эхэлсэн. Дэлхийн аваргад орсонтой дүйцэхүйц алхам. Монголын том банкийг өмнөх тэргүүлэгч байр сууринд нь аваачихын төлөө зүтгэсэн. Олимпийн аваргад орох нь тамирчин хүний мөрөөдөл биз дээ. Надад ийм л амбиц байсан. Одоо таны асуултад хариулъя.

Боловсролын реформыг хийж чадах болов уу гэдэг асуулт надад эртнээс байсан. Үүнийгээ “Голомт” дээр туршиж үзэх хэрэгтэй байсан юм. “Голомт” шиг 2000 ажилтан, долоо, найман зуун мянган харилцагчтай том систем Монголд ховор. Гарын арван хуруунд багтана. “Голомт”-ын бүтээгдэхүүн, бизнесийн процессыг дэлхийн түвшинд хүргэж “Голомт”-ын ажилтны урам зоригийг дэлхийтэй өрсөлдөх итгэлцлийн түвшинд аваачиж чадвал би боловсролын системд реформ хийж чадна гэж харсан.

Монголын багш нарын тоо 40 мянга. Тэднийг хангалттай хэмжээний цалинтай, дэлхийн тэргүүлэх багш нар болгож, багш нарын бүтээгдэхүүн болох сурагч, эцэг эхчүүдийн түвшинд боловсролын реформыг хийж чадах нь уу гэдэг туршилтыг банк удирдаж байхдаа хийсэн гэсэн үг. Банкны удирдлагын ажлаа яаран сандран өгсний цаад шалтгаан ерөөсөө л энэ. Туршилт амжилттай болсон.

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ нийгэм

“Daewoo Bus Kazakhstan”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийлүүлэх автобусны чанар, засвар үйлчилгээ, баталгааг чухалжилж буйгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан манай улсад ирээд буй Казахстан улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзах үеэр илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ, “Бид автобусны чанар үзэмж, нийтийн тээврийн стандарт, төлбөрийн уян хатан нөхцөлийг чухалчилна. Энэ талаар гадаад, дотоодын үйлдвэрлэгч нартай санал солилцон харьцуулалт хийн судалж байна” гэв.

Уулзалтад нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов, тус компанийн Монгол дахь төлөөлөгч З.Бердаулет нар байлцав.

“Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Daewoo Bus Kazakhstan” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. БНСУ-ын “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг” гэв.

Тэрээ, “Бид зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусныхаа дотор, гадар эд ангийг төмрөөр хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай, хүүхдийн автобус нь зориулалтын жижиг суудалтай хяналтын камер, хамгаалалтын хэрэгслээр тоноглосон гээд нийтийн тээврийн стандартын шаардлагыг бүрэн хангасан” хэмээн мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод Казакстан улсаас автобус нийлүүлэх тохиолдолд баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг нь бүрэн хариуцах нэгдсэн төв байгуулж өгөх талаар дурдлаа.