Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дуусчээ

Төв цэвэрлэх байгууламжаас өмхий үнэр ялгарахгүй

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн, боловсруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дуусаад байна. Энэ нь 5-15 км-ын радиуст өмхий үнэр тараадаг гол эх үүсвэр байхгүй болсон гэсэн үг юм. Хуримтлагдсан 800 мянга орчим метр.куб лагийг японы технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна. Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг дарж булшлахад ашиглах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа

Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд ирүүлсэн.

Гэтэл яллагдагч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байхдаа шүүхээс оргон зайлсан тул прокурор дээрх нөхцөл байдлаас шалтгаалж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй тул Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасаны дагуу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбаярт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Эрдэнэбаярыг олж тогтоон саатуулан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, яллагдагчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ гэж Шүүхийн хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв.

Эдийн засгийн уналтыг зогсоож өсгөх чиглэлээр хүчин чармайлт гаргасны дүнд 7.3 хувийн өсөлттэй байгааг тэмдэглэв. Мөн 7.5 их наяд төгрөгийн өр, зээл дарсан, гадаад валютын нөөц дөрвөн тэрбум орчим ам.долларт хүрсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмсэн, төмөр зам, автозам, газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажил ид өрнөж байгааг дурдав.

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр өөрсдийгөө бүрэн хангаж улмаар экспортлох, дэд бүтэц, гадаад харилцаа, мэдээлэл, технологийн салбараа хөгжүүлэх бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байгааг хэлэв. Түүнчлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна гэв. Энэ бүхэнд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын санаачилга, идэвх зүтгэл, оролцоо чухал болохыг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Элчин сайд нар улсдаа хөрөнгө оруулалт татах, эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг тухайн орныхоо зах зээлд нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв.

Алдагдалтай ажиллаж байгаа улсын үйлдвэрийн газрын менежментийг сайжруулах, ашигт малтмалын бүтээгдэхүүн нийлүүлэх, эрчим хүчний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө босгох, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар суугаа орныхоо холбогдох байгууллага, албан тушаалтантай тохиролцсон гэдгийг нэр бүхий Элчин сайд нар хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрсээр галладаг 27 уурын зуухны үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийжээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан түүхий нүүрсийг зохих зөвшөөрөлгүй түлж агаар бохирдуулж буй зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэстэй хамтран “Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, зөвшөөрлийн бичиг олгох гурвалсан гэрээтэй уурын зуухны үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох” чиглэлээр нэгдсэн удирдамж бүхий ажил зохион байгуулсан байна.

Тус удирдамжид заасан хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорууд болон дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагчдын хамтарсан 4 ажлын хэсэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсээр галладаг 27 уурын зуухны үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгажээ.

Мөн шалгалтаар дээрх хороодод түүхий нүүрс түлж буй айл байгаа эсэх, гэрээний дагуу уурын зуухнуудын яндангийн хэсэгт утаа шүүгч суурилуулсан эсэх, нүүрс алдагдах, зарж борлуулахаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг газар дээр нь үзэж, танилцсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тус шалгалтаар ил задгай нүүрсээ байлгадаг, харуул хамгаалалт муу, тоног төхөөрөмжид шүүлтүүр суулгасан эсэх нь тодорхойгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Иймд шалгалтын ажлын хэсгээс зөрчил илэрсэн газруудад тодорхой заавар, зөвлөмжийг өгч, зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар хугацаатай үүрэг өгч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн ээлжит Их чуулган болно

Image result for ШУА

Энэхүү ээлжит ИХ чуулганаараа академичид ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО: ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ БОЛОМЖ гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх юм.

Технологийн шинэ хувьсгалаар дэмжигдэн улам бүр эрч хүчээ авч буй даяаршлын эрэн үед улс орон бүрийн тогтвортой хөгжил шинжлэх ухаан, технологийн дэвшлээс шууд хамаарах хандлага бодит үйл явц болон хэрэгжиж эхэллээ. Шинжлэх ухаан, технологи ба инноваци (ШУТИ) нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, ажлын байр, баялаг бий болгодог учраас тогтвортой хөгжилд хүргэх хамгийн үр дүнтэй зам гэж үзэж байна.
Манай улс 1996 оноос даян дэлхийн тогтвортой хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцож ирсэн төдийгүй улсынхаа хөгжлийн урт хугацааны бодлогыг энэ үзэл баримтлалтай нягт холбон тодорхойлдог орон болоод байна.
Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго нь 2030 он хүртэл ядуурал, өлсгөлөнг эцэслэх, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг дээдэлж ялгаварлал, тэгш бус байдлыг арилгах зэрэгт чиглэсэн 17 зорилго, 169 зорилтыг дэвшүүлсэн билээ. Дэлхий даяар өрнөсөн энэхүү их үйлстэй хөл нийлүүлэн Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030” стратегийн баримт бичгийг 2016 онд баталж, 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээл, цаашдын шийдлийн талаарх Үндэсний сайн дурын илтгэлээ бэлтгэж НҮБ-д албан ёсоор танилцуулаад байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс тогтвортой хөгжлийнхээ бодлого, хэрэгжилтийн төвшин, тулгамдсан асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тодорхойлсон.
Харин тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид хэрхэн хангах вэ?, түүнд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хэрхэн ашиглах вэ?, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид нь ямар үүрэг оролцоотой байх вэ? энэ бүхнийг төрийн бодлогоор хэрхэн дэмжих вэ? гэх мэт асуудлуудын хариулт бүрэн өгөгдөөгүй, хандлагаа өөрчлөх зорилт дэвшүүлсэн эхлэл төдийд байна.
ШУА-ийн эрдэмтэд эдгээр асуултуудад хариулт өгөх ажилд идэвхийлэн оролцсоор ирсэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд “Монгол улсын хөгжлийн номлол”, “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол улсын хөгжил” зэрэг асуудлыг хэлэлцэн төр засагтаа тодорхой зөвлөмж хүргүүлсэн билээ. Энэ удаад улсынхаа тогтвортой хөгжилд шинжлэх ухааны байгууллага ямар үүрэг оролцоотой байх тухай асуудлыг Их чуулганаараа тусгайлан хэлэлцэхээр Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн юм.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Дэлхийн улс орнуудад Тогтвортой хөгжил хэмээх энэ нэр томьёог “Дэлхийн бөмбөрцгийн нөөцийг тогтвортой ашиглахад тулгуурласан тэнцвэртэй хөгжил”, “зогсохгүй, бүх цаг үед тасалдахгүй үргэлжилсэн хөгжил”, “удаан хугацаанд үргэлжлэхээр тооцсон хөгжил” гэх мэтээр илэрхийлсэн байх боловч ерөнхий агуулга нь “өнөө үеийнхний хэрэгцээг ирээдүй үеийнхнийг хохироохгүйгээр хангаж болно” гэсэн санааг тусгаж байгаа билээ.
Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.19) хуралдаан 10 цаг 38 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаар төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Хуулийн төслийн гол зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн ойлголт бүхий л салбарт мөрдөгдөж байгаа боловчМонгол Улсын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт нь хангалтгүй байна. Санхүүгийн хэрэглэгчийн судалгааг Улаанбаатар хот, 20 аймгийн 3527 иргэнд санамсаргүй түүврийн аргаар хийхэд, судалгаанд оролцогчдын 50 хувь нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авч чаддаггүй гэсэн бол гурван хүн тутмын нэг нь санхүүгийн үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй тулгарч байсан гэсэн хариулт өгсөн байна. Хуулийн төслийн нэг зорилго нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, нөгөө талаас хэрэглэгч нь өөрт тохирсон үйлчилгээ авахдаа санхүүгийн мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүйгээр авах, гомдол маргааныг мэргэшсэн байгууллагуудаар хурдан шуурхай шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Мэдээлэл хийгээд үндсэн эрхээ хамгаалуулсан хэрэглэгч нь санхүүгийн салбарт санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх гол хүчин зүйл болоод зогсохгүй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл муутай иргэдээс ашиг хонжоо олох бус, үйлчилгээний чанар чансаагаар өрсөлдөхөд түлхэц болох юм.

Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгчийн мэдлэг, боловсрол дээшилснээр өөрт тохирсонүйлчилгээ, бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх, ирээдүйд үүсэх санхүүгийн хямралаас өөрийгөө хамгаалах чадвартай болно. Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг зөв тогтоосноор шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх, санхүүгийн байгууллагын урт хугацаанд тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ. Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцсон.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Чинзориг, Б.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь соён гэгээрүүлэх тунхагийн шинжтэй байгааг анхаарч, банкууд зээлийн хүү, торгуулиа түрүүлж авч, үндсэн зээлээс хасалт бага хийснээр иргэдийг санхүүгийн дарамтад оруулдгийг онцолж байлаа. Нөгөөтэйгүүр, банк бус санхүүгийн байгууллага, ломбардад нийтдээ 30 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байгааг онцлоод иргэдмөнгөө хөрөнгийн зах зээлрүү оруулж эргэлдүүлэх бус хадгаламжийн хүү өндөр байгаа тул мөнгө хүүлэх сонирхолтой болсонд зохицуулалт хийх шаардлагатай гэв. Түүнчлэн банкны бүтээгдэхүүний түвшинд зохицуулалт хийж хэрэглэгчийн эрхийг нь хамгаалж, асуудлыг өргөн хүрээнд харж, санхүүгийн бүх секторын асуудлыг төсөлд тусгах шаардлагатай байна гэж байлаа.

Ингээд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

рон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Засгийн газраас2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар заасан. Энэ дагуу Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажилд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд, тухайн салбарын хувийн хэвшлийн байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангуулсан бөгөөд тухайн чиглэлээр хэд, хэдэн удаагийн хурал, уулзалтыг зохион байгуулах болон цахим вэб хуудсанд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч, хуулийн төсөлд тусгасан боловсруулсан гэж байлаа.

рон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болгож, орон сууцны ашиглалт хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны хүрээ, эрх, үүргийг шинээр тодорхойлох, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хангах боломжтой болно. Мөн иргэд, олон нийтэд хуулийг хэрэгжүүлэхэд ойлгомжтой болж, сууц өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилго нь орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа, орон сууцны ашиглалтыг сайжруулах оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар сууц өмчлөгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг төрөөс хангахтай холбоотой харилцааг зохицуулахад чухал ач холбогдолтой хэмээн дурдсан байлаа.

Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд гэр хорооллын амины орон сууцыг хамруулсан эсэх, хууль батлагдсанаар газрын үнэлэмж өсөх талаар лавлаж байлаа. Мөн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахад авч байгаа арга хэмжээ, орон сууцны ашиглалтыг мэргэжлийн байгууллагад харьяалуулахталаар илүүтэй сонирхож байлаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, хуулийн төсөлд орон сууц гэдэгт гэр хорооллын амины орон сууц хамаарч байгааг тодотгоод салбарын яамны зүгээс нийслэлийн 50 байршилд дэд бүтцийн төв байгуулахаар болсныг дурдав. Түүнчлэн дэд бүтцийн хангамжтай болсон байршлуудад газрын үнэлэмж нэмэгдэнэ.“150 мянган айл орон сууц үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан дэд бүтцийн хэсэгчилсэн төвийг байгуулснаар 12-15 мянган айл инженерийн шугам сүлжээнд холбогдоно гэж тооцсон гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, улсын хэмжээнд 1064 СӨХ, 130 гаруй мэргэжлийн байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон бусад өргөдөл, гомдол шийдвэрлэдэг байгууллагуудын дүн мэдээллээс үзэхэд 1000 гаруй гомдол, хүсэлтийн гуравны нэгийг СӨХ болон орон сууцны ашиглалттай холбоотой маргаан эзэлж байна. Үүнээс бид орон сууцны ашиглалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулахаар тусгаж өгөх шаардлагатай гэж үзсэн гэв.

Ингээд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ

Image result for цэцэрлэгийн хоол

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.

Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлага хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд үүрэг болгов.

2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газар: Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй

Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг иргэд, төрийн байгууллагууд ашиглах боломжтой. Цаашид хариуцлагатай уул уурхай эрхлэхтэй холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр ажиллана. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ. Үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм.

Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулав

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолооор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгосон. Энэ нь улс, бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан гэж үзлээ.

Яам, агентлаг болон төрийн бусад байгууллага бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ худалдан авах ажиллагаа хариуцах болсон нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг алдах зэрэг сөрөг тал бий болгосон байна.

Онцгой байдлын албанд гал унтраах 72 автомашин авна

Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Зээлийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн газар, хэлтэст олгоно. 15.4 сая еврогийн зээлийн хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хоёр жил байх юм.

Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашинтай байгаа нь албаны бэлтгэл, бэлэн байдлын түвшин 48 хувьтай гэсэн үг юм. Энэ нь улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн болон обьектын түймэрт түргэн шуурхай очих, бүрэн унтраахад ихээхэн хүндрэл учруулж байна.

Сайжруулсан шахмал түлшийг НӨТ-аас чөлөөлөхтэй холбоотой төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчлэнэ

“Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын самбар зэрэг эрчим хүч хэмнэх горимтой хий шахах станц суурилуулах, төвийн дулааны дэд станцуудыг сайжруулах, эрчим хүчний төв барих, шөнийн цагаар үйлдвэрлэсэн эсвэл дулааны болон цахилгаан станцуудын илүүдэл дулааныг хадгалж дулаан түгээлтийн үр ашгийг нэмэх аккумуляторууд суурилуулах зэрэгт зарцуулна.

Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөвсгөл их тайга” ХХК-нд торгуулийн арга хэмжээ авчээ

НМХГ-ын ХАБХААХХ-ээс “Хөвсгөл их тайга” ХХК зарим нэрийн цайны бүтээгдэхүүний шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу СХД-ийн 29-р хороонд байрлах тус компаний агуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тус компани өөрсдөө шинжилгээний дүнг засварлаагүй байна.

Харин тус компани нь үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам мөрдөөгүй, агуулах стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох бүртгэл хөтлөлтийг бүрэн хөтлөөгүй, дотоод хяналт сул зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдууллаа.

Шалгалтын хугацаанд “Хөвсгөл их тайга” ХХК нь түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний агуулахад байгаа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хурааж эмхлэн, хадгалалтын үеийн температур, харьцангуй чийгшилийн бүртгэл, цай үйлдвэрлэлийн технологийн бүртгэл, агуулахын бүртгэл, буцаан болон татан авалтын бүртгэл хөтлөлтүүдийг журмын дагуу бүртгэх зэргээр үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаанд байгууллагын дотоод хяналтын баг хяналт тавьж ажиллан зөрчлийг арилгалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МУГТ М.Уранцэцэг нь олимпын тамирчдад зориулсан “TEAM VISA” хөтөлбөрт орсон Монгол Улсын анхны тамирчин боллоо

2013 оны дэлхийн аварга Монгол улсаас анх удаа Визагийн нэр хүндтэй “Виза баг” олимпын хөтөлбөрт оролцож буй тамирчин боллоо.

“Виза Баг (Team Visa)” нь Олимпын наадмын төрлүүдийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, тамирчдыг дэмжих зорилго бүхий Олимп, Паралимпын тамирчид болон домогт дэлхийн хэмжээний тамирчдаас сонгогдож бүрдсэн нэр хүнд бүхий хөтөлбөр юм. Энэхүү олон улсын хөтөлбөрт тамирчдыг нарийн шалгуураар сонгон оролцуулдаг бөгөөд тухайн тамирчны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл болон шударга, шаргуу хүмүүнлэг зан чанаруудыг судлан үзсэний үндсэн дээр сонгодог. Сүүлийн 30 жилийн турш, 40 гаруй үндэстний, 500 орчим тамирчид энэхүү багийн нэг хэсэг болон оролцож байсан.

Улаанбаатар хот, 2019 оны 12-р сарын 18 – Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч, Олимп, Паралимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч Виза (Visa) болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк хамтран Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийг Токио-2020 олимпод оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсныг зарлалаа.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг нь жүдогийн -48 кг-д барилддаг, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин бөгөөд олон улсын дэвжээнд нийтдээ 56 ялалтыг иппон үнэлгээгээр авч, олон улсын тэмцээнүүдээс 22 алтан медаль хүртэж байсан Монголын бахархал болсон тамирчин юм. Одоогоор дэлхийд амжилтаараа 7 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Виза (Visa)-гийн Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал, ноён Патрик Юүн (Patrick Yoon) хэлэхдээ:

“Виза бол Токио-2020 олимпын бахархам ивээн тэтгэгч билээ. Худалдаа, хөгжлийн банк болон Visa 2001 оноос хойш нягт хамтын ажиллагаатай байсаар ирсний илэрхийлэл болж дэлхийн шилдэг тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг манай “Виза Баг” Олимпын хөтөлбөрт нэгдэн орсон нь нэр төрийн хэрэг бөгөөд Виза брэндийн үнэ цэн болон зорилгын төгс илэрхийлэл болж байна. М.Уранцэцэг нь саад бэрхшээл бүрийг бүх талаар даван туулж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буй шилдэг тамирчин. Токиогийн олимпод амжилттай оролцох аялалд нь дэм өгч, хамтран ажиллах болсондоо маш их сэтгэл хөдөлж байна” гэлээ.

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ:

“М.Уранцэцэгийгээ энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол улсаас анх удаа эх орноо төлөөлөн орж байгаад бид маш их баяртай байна. 2020 оны Токиогийн олимпын дэвжээнээ оролцож буй тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжин нэгдэж байна” хэмээлээ.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг хэлэхдээ:

“Виза Баг”-т орсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй байгууллага болох Виза болон Монгол улсдаа тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банктайгаа хамтран ажиллаж Токио-2020 олимпод оролцох болсноор тамирчин миний хувьд Олимпын анхны медалийг авч амжилт үзүүлэх өөрийн зорилт, бэлтгэлдээ илүү анхаарах боломж олгож буйд туйлын баяртай байна.”

30 гаруй жилийн турш Олимпын, 16 жилийн турш Паралимпын хамтрагч байгууллагаар ажиллаж ирсэн Виза нь тамирчдыг үндэс угсаа болон өмнөх түүхийг нь үл харгалзан насан туршийн мөрөөдөлдөө хүрэх, амжилт үзүүлэхэд нь тэмцээний талбайд болон гадна туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олимпын “Виза Баг” хөтөлбөрөө 2000 онд эхлүүлж байсан. “Виза Баг” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар 500 орчим тамирчдыг дэмжсэн байна. “Виза Баг”-ийн дээд түвшний уулзалт Сан-Франциско хотын Инновацын төвд болж 43 орны 70 гаруй тамирчин 30 гаруй спортын төрлөөр оролцож байгааг зарласан ба энэ нь уг хөтөлбөрийн түүхэн дэх хамгийн олон гишүүний бүрэлдэхүүн болж байна. Мөн энэ жил шинээр Surfing, Skateboarding болон Sport Climbing төрлүүд нэмэгдэж байна.

Tokyo-2020 олимпод “Виза Баг”-т орж Визаг төлөөлөх бусад гишүүд (Simone Biles-Гинмастик, АНУ, Katie Ledecky-Усан сэлэлт, АНУ, Daniel Dias-Пара усан сэлэлт, Бразил мөн Yelyzaveta Mereshko-Пара усан сэлэлт, Украйн), Дэлхийн аваргууд (Megan Rapinoe-Хөлбөмбөг, АНУ, PV Sindhu-Агаарын теннис, Энэтхэг, Mariana Pajón-BMX, Колумбиа мөн Oksana Masters- Пара дугуйн спорт, АНУ) болон анхны Олимп, Паралимпын итгэл найдварууд болох (Kanoa Igarashi-Surfing, Япон, Poppy Starr Olsen-Цана, Австрали, Sean McColl-Спорт авиралт, Канад, Urantsetseg Munkhbat-Жүдо, Монгол болон бусад)

Виза компанийн тухай:

Виза Visa Inc. (NYSE: V) нь дэлхийн 200 гаруй орны хэрэглэгчид, бизнесийн байгууллагууд, санхүүгийн болон төрийн байгууллагуудыг хурдан, аюулгүй, найдвартай цахим төлбөр тооцоогоор холбосон дэлхийн тэргүүлэгч төлбөр тооцооны технологийн компани юм. Бид дэлхийн хамгийн дэвшилтэт процессингийн сүлжээ болох нэг секундэд 65,000 гаруй гүйлгээний мессежийг дамжуулах хүчин чадалтай ВизаНет (VisaNet)-ийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд залилан, луйврын гүйлгээний хамгаалалттайгаар гүйлгээ хийх, картаар үйлчлэгч байгууллагуудад найдвартай төлбөр тооцоог хүлээн авах боломжийг олгон үйл ажиллагаа явуулдаг. Виза нь банкны бус үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд карт гаргах, карт эзэмшигчдээс шимтгэл авах эсвэл картын зээлийн хүүг тогтоох зэрэг үйл ажиллагаа мөн явуулдаггүй болно. Визагийн инновац нь санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдэд дебит, кредит, урьдчилсан төлбөрт карт зэрэг олон төрлийн төлбөрийн бүтээгдэхүүнийг санал болгох боломжийг олгож ажилладаг. Визагийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://usa.visa.com/, visacorporate.tumblr.com, @VisaNews-ээс харах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банкны тухай:

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын ууган арилжааны банк бөгөөд олон улсад танигдсан банк санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх банкны нэг юм. Худалдаа, хөгжлийн банк Визатай 2001 оноос хойш хамтран ажиллаж олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэсээр ирсэн бөгөөд 2008 оноос хойш хамтарч олимпийн урамшуулалт хөтөлбөрүүд хэрэгжүүлж, олимпын тусгай загвар бүхий картуудыг харилцагчдадаа санал болгодог. Токио-2020 олимпод дөрөв дэх удаагаа хамтран ажиллаж байна.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.