Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Цэрэнбат: АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хүүгийн талаарх мэдээллийг том орны улс төрийн зодоонд Монголыг хавчуулж байна гэж л харж байна


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.


-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод бодлогын түвшний ямар ажлууд хийв?

-Байгаль орчны салбарт бохирдуулагч нь илүү их төлбөр төлдөг, ашиглагч нь илүү их мөнгө төлдөг байх ёстой гэж “Хандлагаа өөрчилье” багц ажлыг хийлээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд хэн илүү хэрэглэнэ тэр илүү төлдөг болгохыг зорилоо.

Усыг дахин ашиглах, техник технологийг нэвтрүүлбэл тэр хүн, байгууллага бага төлдөг байхаар хуульд тусгаж байгаа. Байгаль орчны багц хуулиудад давхардал, хийдэлтэй бүх асуудлыг цэгцлээд, Их хуралд өргөн барьсан. Нэг хуулиар зөвшөөрсөн юм шиг хэр нь нөгөө хуулиар хориглосон хийдлүүд их байсан.

Үүний үр дүнд байгаль орчны эсрэг гэмт хэргүүд шийдэгдэхгүй өнгөрөх нь олон байдаг. Багц хуулийн өөрчлөлтөөр энэ хүндрэлүүд арилна гэж үзэж байгаа.

-Баахан лиценз цуцаллаа гэсэн хэл ам их гарах боллоо…

-Туул гол дагуу Зайсан, Яармаг гээд Богд уул тойрсон газартай холбоотой газруудын эрх, нөгөөх нь уул уурхай тойрсон арваад лицензийн асуудал яригдаж байгаа. Сүүлийн хорь гаруй жил Монгол Улсын төр засаг тогтворгүй байснаас болоод яг аль нь зөв юм гэдгээ мэдэхээ байсан. Өнөөдөр Богд уулынхаа харагдцыг халхалсан өндөр байшингуудыг барьчихсан.

“Болдог юм аа, өмнө нь болж байсан юм аа” гэдэг. Намайг ажил авснаас хойш гарч байгаа хүндрэл бол “Өмнө нь болоод байсан. Яагаад чиний үед болдоггүй юм бэ. Чи хүнд суртал гаргах гээд байна. Танай доод шатны албан тушаалтнууд чинь авлига хээл хахууль авах гээд манай юмыг удаагаад байна” гэсэн гомдлууд тасардаггүй. Тэрийгээ албан ёсоор баримтжуулаад ег гэхээр өгдөггүй.

Яг хууль ном журмаар нь судлаад үзэхээр анх авахдаа өөрсдөө хууль зөрчөөд авчихсан байдаг. Зарим газартай холбоотой харилцааг нь өмнөх сайдууд маань цуцалсан хэр нь шүүхээр тэр нь дахиад сэргэчихсэн зэрэг хүндрэлүүдээс болж Богд уул тойрсон, Туул гол тойрсон хэрүүл эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг явж ирлээ.

-Богд уул чинь дархан цаазтай. ЮНЕСКО-д бүртгэлтэй. Тэгсэн мөртлөө өдий хүртэл аялал жуулчлал нэрээр газар өгөөд ирчихсэн. Байшин барилга барьсаар байгаад бараг тусдаа нэг дүүрэг үүсчихсэн. Шийдэж чадахгүй болохоороо ЮНЕСКО-гийн бүртгэлээс гаргах гээд явж байгаа мэдээлэл ч сонсогдох юм…

-Бидний хувьд тийм байр суурьгүй байгаа. Анхны төрийн тахилгатай дархан цаазтай уул гэдгээр ЮНЕСКО-д бүртгүүлж байсан. Харин бид хуулийн нөхцөл байдлыг судлаад тусгай бүс болгочихъё, татвартай болгочихъё гэсэн хандлагатай байгаа. Тэнд хөрөнгөө оруулчихсан хүмүүсийн сонирхол юу гэвэл хурдан тусгай хамгаалалттай газраас хасаад өгөөч ээ гэдэг.

Богд уулын харагдцыг Улаанбаатар хотын иргэн болгон харах ийм байгалийн тогтцыг нь эвдэхгүйгээр аялал жуулчлалын, тэр тусмаа амрах отоглох цэг байгуулна гэсэн хуулийн зүйл заалтыг Горхи Тэрэлжийн аялал жуулчлалын гэдэг статустай зэрэгцүүлэн олгосноос болж ийм хүндрэл гарсан. Энэнийг засахын төлөө явж байгаа. Гол хүндрэл жишээлбэл нэг га газар авсан мөртлөө хоёр га барилгажих талбай хийчихээд тэрийгээ нэмж өг гэдэг.

“Үгүй ээ, тэр нэг га чинь зөвшөөрөлгүй баригдсан учраас өгөхгүй” гэхээр хэн нэгнийг буруутгадаг. Харин энэ баригдсан байшингууд ялгаагүй монгол хүний хөрөнгөөр баригдсан учраас тусгай бүс болгоё, амьдарч байгаа бол тодорхой хэмжээний татвар төлдөг бол Бизнесийн журмаар ашиглаж байгаа бол илүү татвар төл, тэр мөнгөөр нь бид цаашдаа Богд уулыг хамгаалсан эко системийг хамгаалах зэрлэг амьтны гарц бий болгох ийм юман дээр нь зарцуулдаг болъё гэсэн байр суурьтай байгаа.

-Та сайд болсноос хойш нэмж нэг ч зөвшөөрөл өгөөгүй юм уу?

-Үгүй. Гол нь амрах отоглох цэг гэдэг хуулийнх нь дагуу өгөхөөр “Чиний өмнөх хүмүүс аялал жуулчлалын гэж өгөөд байсан. Чи яагаад болдоггүй юм бэ” гэдэг л асуулт асууж, хариулт нэхдэг.

-Аялал жуулчлалын гэж хэдэн жилээр өгдөг юм?

-Таван жилээр сунгаж байгаа.

-Тэгээд тэнд амьдарч байгаа хүмүүс тав, таван жилээр сунгаад л амьдраад байдаг хэрэг үү. Хоёр зуун жил амьдрах гэж байгаа юм шиг сүрхий том байшин барьчихсан байдаг шүү дээ.

-Тэгээд шүүхдэнэ. Гол нь хуулийн статус нь тодорхой биш байгаад байдаг учраас шүүхдэлцээд л яваад байдаг. Дэлхийн хаана ч илүү гоё орчинд амьдрах гэж байгаа бол илүү татвар төлдөг. Татвараа төлдөг учраас тэр хөрөнгийг нь хайрладаг, хамгаалдаг, харилцааг нь зохицуулдаг систем рүү оръё л гэж зорьж байгаа. Өөрийн чинь хэлснээр хоёр зуун жил амьдрах байр барьчихсан гэдэг дээр хэлэхэд хууль тодорхойгүй байгаа.

Үл хөдлөх хөрөнгөө барьчихсан, газар нь дархан цаазтай, газрын төлбөрийг дүүрэг тогтоодог. Өнгөрсөн жил Баянзүрх, Хан-Уул дүүргийнхэн газрын төлбөрөө нэмчихсэнийг яам нэмчихсэн юм шиг буруу ойлголттой байгаад байна. Энэ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох дүүргийн ИТХ-ын эрх мэдлийн асуудал. Эрх мэдлээ тэнцүүлээд өгчихсөний л гай.

-Хүүхдүүдэд ногоон паспорт олгоод байсан. Тэр ямар учиртай юм?

-Байгаль орчны салбарт хоёр хүндрэл байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд бий болсон байгаль орчны хохирлууд байна. Тэрийг арилгах шаардлага байна. Хоёрдугаарт, ирээдүйд бий болох хүндрэлийг багасгах явдал. Ирээдүйд Монгол Улсад амьдарч байгаа иргэн болгон хэрхэн байгальд ээлтэй байж, байгалиа бага бохирдуулахав, нөхөн сэргээх үү гэдэг заншлыг ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдаар дамжуулан өрх бүрт хүргэе.

Өрх бүр нэг ногоон паспорт эзэмшигч байя. Ингэснээрээ нэг стакан ус ч өдөр хэмнэг. Хогоо ялгадаг болгоё. Бидэнд хог хаягдлын менежментийг бид орхигдуулж байна. Нэг бол нийслэл мэдэх ёстой юм шиг. Нэг бол яам мэдэх ёстой юм шиг байгаа.

Яг бодит үнэндээ бол Нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний нэгжийн тухай хуулиар тухайн шатны бүх засаг дарга Монгол Улсын хуулийг нутаг дэвсгэр дээрээ биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ үе үеийн орон нутгийн удирдлагууд биелүүлээгүйгээс болж хог хаягдал бол бидний толгойн өвчин болсон. Энийг л багасгая гэж байгаа юм.

Багаасаа зөв зүйтэй дадал заншил суучих юм бол ирээдүйд ногоон паспорт эзэмшиж байгаа хүүхдүүд маань амьдралынхаа хэмнэлээр жилдээ 12 тэрбум төгрөгийн байгаль орчны хохирол учруулахаас сэргийлэх ийм л тооцооллын үндсэн дээр ногоон паспорт аяныг ахлах ангийн хүүхдүүдэд явуулж байгаа.

Том орны улс төрийн зодоонд Монголыг хавчуулж байна гэж ойлгож байна.

Дээр нь шилдэг санал санаачилгыг аль болох байгаль орчны салбарын байгууллагууд дээр хэрэгжүүлэх, иргэддээ сурталчлах, таниулах ажил хийж байгаа. Энэний хүрээнд аймаг болгоны шилдэг хүүхдүүдийг БНХАУ-ын Бээжин, Хонг Конгт аялуулж, юм яаж өөрчлөгдөж байгааг харуулж, Солонгос улсад болсон агаарын бохирдолтой хотуудын форумын үеэр ногоон паспорт эзэмшигч шилдэг хүүхдүүд маань хийсэн ажлаа танилцуулсан.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын хуралд шилдэг ногоон паспорт эзэмшигч Энэрэл маань очиж хийсэн ажлаа тайлагнаж, Бид дэлхийн хөгжлөөс хоцроогүй шүү, бас энэ санал санаачилгаа үргэлжлүүлж байгаагаа танилцуулсан.

Энэ бол ирээдүйд илүү боломжуудыг авчирна. Ингэснээрээ бид усаа хэмнэдэг, эрчим хүчээ хэмнэдэг, нүүрс хүчлийн хий, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулдаг ирээдүйн иргэдийг л бэлдэж байгаа юм.

-Ногоон зээл гэдэг нь яаж олгогддог юм. Гандангийн хавийнханд ногоон зээл эхэлж өгнө гэлээ гээд л шүүмжлээд эхэлсэн байсан.

-Засгийн газрын бодлого улсынхаа хөгжлийн бодлоготой уялдаж явах ёстой. Дээр нь Гандан бол бурхны шашны аялал жуулчлалын бүсдээ урт удаан жилийн түүхтэй. Үүнийг хамгаалах, тордох ёстой гол аяллын цэг байгаа юм.

Аяллын бүс учраас утаагүй болгоё, нүүрс хүчлийн хийг бууруулах нүүрс түлэхгүйгээр цахилгаанаар халаадаг энэ боломжийг нь өгөхийн тулд эхний ээлжинд Гандангийн айлуудыг түлхүү хамруулъя гэж банкуудтай тохирсон.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр хаягдалгүй эдийн засгийн концепцид суурилсан бүтээгдэхүүнийг авч ашиглахад нэн хөнгөлөлтэй зээлийг ногоон зээл гээд байгаа юм. Дэлхий нийтийн жишиг. Энэний хүрээнд орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд байдаг гурван тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ард иргэддээ олгож байна.

Нэгдүгээрт, гэр байшингийн дулаалгын асуудал, ариун цэврийн байгууламжаа шинэчлэх технологио өөрчлөх асуудал байна. Цахилгаан халаагуур худалдаж авах, мөн бүрэн шаталтыг дэмжих зуух худалдан авахад хүүгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Төр засгийн зүгээс анх удаа бий болголоо.

Уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтарч Монголын ногоон зээлийн санхүүгийн корпорацийг байгуулахаар Засгийн газрын зүгээс ажлууд хийгдсэн. Удахгүй гурван сард Олон улсын Удирдах зөвлөлийн хурал нь болж батлагдах юм бол цаашид Монгол Улсад тусгайлан байгаль орчинд ээлтэй техник технологийг дэмжих, хямд эх үүсвэртэй зээлийн бүтээгдэхүүнийг олгох гээд олон ашиг тус нь ирэх юм.

-Хог хаягдлаа дахин боловсруулъя гээд л яриад байдаг. Тэгсэн атал нэг л болж өгөхгүй байсаар өнөөг хүргэчихлээ.

-Нийслэл, дүүргийн удирдлагууд, төр засгийн удирдлагуудын уялдаа тус тусдаа байдаг. Бид сүүлийн хорь гаруй жилд дэлхийн гоё гэсэн бүхнийг ямар нэгэн байдлаар эд эсийг нь авчирч туршсан. Хоорондын уялдаа гэж байхгүй, систем гэж юм байхгүй.

Систем нь явж байж эд эс нь бүрэн ажиллах болохоос Солонгосоос хогны ангилах үйлдвэр аваад, Японоос бас аваад л байтал түгээлтийн асуудалтай тулгардаг. Ложистикийн асуудлыг орхигдуулснаас болоод олон хүндрэл учраад байгаа. Үүнийг цэгцлэхийн тулд өнгөрсөн жил бид хог хаягдлын менежментийн форум хийж цаашид гадны зээл тусламж, олон улсын хөтөлбөрийг нэг дүүрэг, нэг сум, аймагт иж бүрэн хийгээд үр дүн, алдаа дутагдал дээр нь дүгнэлт хийж байж орон даяар хэрэгжүүлье гэдэг концепц дээр тогтсон.

Бид хог хаягдлаар баян орон гэж бие биедээ мэдээлэл өгч хөөргөөд байна.

Манай улс хүн ам багатай, их газар нутагтай, тархай суурьшсан улс. Газар нутаг багатай, хүн ам ихтэй орны хошны менежментийг бид шууд авчраад хуулах боломж байхгүй. Эдийн засаг санхүүгийн хувьд өөрийгөө даагаад явж байгаа энэ чиглэлийн үйлдвэр манайд байхгүй.

Анх удаа Засгийн газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хаягдал дугуйг боловсруулдаг үйлдвэрт дэмжлэг өгч, агаарын бохирдлыг бууруулах үүднээс энэ жил зуу гаруй мянган хаягдал дугуй худалдаж авч бутлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжсэн. Мөн хог хаягдлаар пластик боловсруулдаг компанийг дэмжиж, эхний ээлжинд найман аймагт хуванцар хог хаягдлыг бутлагч, преслэгч тоног төхөөрөмж өгч байна.

Үйл ажиллагааг нь тэр компаниуд нь хянаад явах юм. Удахгүй бид Эко төлбөрийн тухай хуулийг Их хуралд өргөн барихаар ажиллаж байна. Хэн хог хаягдал үүсгэж байна, тэр хүн тодорхой хэмжээний мөнгө төлнө. Тэр төлсөн төлбөрийн тавин хувийг нь дахин боловсруулах үйлдвэрийн тогтвортой тасралтгүй байдлыг хангахын тулд санхүүгийн дэмжлэг болгож өгдөг ийм концепцыг системээр нь хийж байж хог хаягдлыг цаашид боловсруулдаг аж ахуйн нэгжүүд маань тогтвортой үйл ажиллагаагаа хангах ёстой.

Хог хаягдлаар пластик боловсруулдаг компанийг дэмжиж, эхний ээлжинд найман аймагт хуванцар хог хаягдлыг бутлагч, преслэгч тоног төхөөрөмж өгч байна.

Бидний өмнөх алдаа юу гэхээр гал унтраах байдлаар богино хугацаанд нэг удаа асуудал шийдсэн. Дараа нь тэр шийдэл нь өөрийгөө аваад явах боломжийг үүсгээгүйгээс уначихаад байгаа юм. Манайд арав хүрэхгүй дахин боловсруулах том, жижиг компани бий. Сая тэр компанийг дэмжээд аймагт техник хүргэхэд тээврийн өртөг өндөр болчихож байгаа юм. Уг нь тэр пластик савыг бутлаад пресслэхээр овор хэмжээ тав дахин багасаж байгаа юм.

Тав дахин тээврийн өртгийг бууруулснаар тухайн компанид бага ч гэсэн дэм болж байгаа хэрэг. Гол нь үйл ажиллагаагаа тогтвортой болгох хэрэгтэй. Тэгж байж хүмүүс дадал хэвшил болгоно.

Бидний нэг өөрчлөх ёстой зүйл нь аль болох нэг удаагийн хэрэглээнээс татгалзах ёстой. Иймэрхүү ажлуудыг хийхийн тулд тодорхой хугацаа шаардагддаг. Түүхий нүүрсийг хориглохын тулд 2018 оны хоёрдугаар сарын 28-нд тогтоол нь гараад 2019 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Хамгийн нимгэн гялгар уутыг хорихын тулд зургаан сарын өмнөөс хэсэгчилсэн хориг тавьж эхэлсэн. Алгуур хийхгүй бол асуудал нь хэчнээн зөв, иргэд хэчнээн дэмжих боловч эсэргүүцэх цааргалах бэрхшээлүүд гарч ирдэг.

-Манайд юу хийж байгаа нь мэдэгдэхгүй нэг л их хуралдсан сайд дарга нар байдаг. Ядаж салбар салбартаа дорвитой ганц юм хийчихвэл хэчнээн хэрэгтэй билээ. Жишээ нь, сайд болсных энэ салбарт энийг л нэг хийчих юмсан гэсэн юм юу байна?

-Монгол Улсын иргэдийнхээ байгаль орчинд хандах хандлагыг өөрчилье л гэж зорьж байна. Цаашдаа ч өөрчлөхийн төлөө зүтгэнэ, оролцоно. Харьцангуй иргэд маань байгалиа хайрлах тал дээр ойлголттой болж эхэлж байна. Байгалийн хуулийг сөрсөн цаасан дээрх хуулиуд үнэнд гүйцэгдэж байна.

Уул уурхай бидэнд хэрэгтэй боловч хөрс бохирдож байна, байгаль ой мод маань сүйдэж байна. Энийг бид л тордож, хамгаалах ёстой. Цаасан дээр хуулиараа өөрсдийгөө зөвтгөөд байж болохгүй ээ. Хариуцлагагүй уул уурхайн компаниудтай Монгол Улсын хуулийг мөрдүүлэх талаар ажиллаж эхэлсэн. Энэн дээр ахиц гарч өөрчлөгдсөн л гэж харж байгаа.

-Хариуцлагагүй уул уурхай гэснээс үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн лиценз хураагаад байх нь тэгээд зөв үү?

-Өнөөдөр зарим уул уурхайн компани тогтвортой ажиллахаас илүүтэй богино хугацааны ашиг хийгээд л хаяад явъя гэх нь байна. Эзэнгүй орхигдсон, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай байгаа талбайд хамгийн багаар бодоход 186.8 тэрбум хэрэгтэй байна.

Лиценз эзэмшигч нь талбайгаа нөхөн сэргээхгүй хаяад явчихсан хорь гаруй мянган га газар байна. Эхнээсээ асуудал нь шүүх дээр явж байна. Түрүүний хэлснээр үнэхээр бид байгалийн хуулийн үнэнд гүйцэгдэж байна.

Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүдийг л буруутгадаг. Гэтэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу сумын Засаг дарга, аймаг, дүүргийн Засаг дарга нар ажлаа газар нутаг дээрээ хийхгүй байна. Хийж байгаа нь ч бий. Өөрөө тухайн нутаг дэвсгэр дээрээ хууль дүрэм хэрэгжүүлэхгүй хэр нь тойргоос сонгогдсон гишүүдээр уламжлуулж байна.

Нөгөө гишүүд нь энийг нь яриад, хөөцөлдөөд Засгийн газраас шаардаад явдаг. Гэтэл тухайн засаг дарга орон нутагтаа хууль хэрэгжүүлэх дээр анхаардаггүй. Уул уурхай дээр жишээ нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол их байна.

Багийн хурал хуралдаагүй байхад хуралдсан болгож, ард иргэд дэмжээгүй байхад дэмжсэн болгож эхний хуудсыг сольж явуулсан зэрэг зөрчлүүд илэрдэг. Анх сайдын ажлаа аваад бүх уул уурхайн компанид албан бичиг хүргүүлсэн.

“Монгол Улсын байгаль орчны болон Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллаач. Яагаад гэвэл та бүгдийн лиценз хорь, гуч, дөчин жилийн хугацаатай. Координатын талбай дээр байгаа бүх хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж эзэмших, хариуцах ёстой. Буруутан нь хэн нэгэн өөр хүн биш. Тиймээс ийм удаан хугацааны бизнесээ төлөвлөгөө гаргаад урт хугацааны гэж хар. Хоёр жилийн дотор хэдэн төгрөг аваад хэн нэгэнд зараад зугтдагаа болио” гэсэн агуулгатай албан бичиг явуулсан.

Хууль дүрмээрээ явбал Засгийн газар дэмжиж байгаа, цаашид ч дэмжинэ.

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын хүү Монгол Улсад зөвшөөрөлгүй ан агнаад зөвшөөрлийг нь дараа нь авсан гэсэн мэдээлэл дэлхийгээр нэг тарчихаж. Энэ үнэн үү?

-Энэ асуудал АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудалтай холбоотой эргэн тойронд олон сенсааци явж байгаагийн нэг нь.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэн нэг хүн тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авдаг. Тэр дагуу л зөвшөөрлөө авсан. Нөхөж авсан гэдэг юм байхгүй.

Ирэхээс нь өмнө холбогдох байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд бүх үйл ажиллагаа зохион байгуулагдаж, зөвшөөрөл авсан. Нууцын зэрэглэлтэй айлчлал, байсан. Өөрөө Монголоос явахдаа зургаа постолсон. Том орны улс төрийн зодоонд Монголыг хавчуулж байна гэж ойлгож байна. Шаардлагатай бол холбогдох мэдээллийг ном журмынх нь дагуу өгөх боломжтой.

-Цахилгааны шөнийн тарифын хамаг багцыг танай яам авчихсан юм уу?

-Харин тэгээд л байна лээ. Сайд сайдын багц гэж Их хурал баталдаг болохоос нэг сайдын багцад нөгөөгийнх нь багцыг оруулаад батална гэж байхгүй. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд тодорхой хэмжээний төсөв тавьсан. Энэ нь шөнийн тарифыг тэглэхэд дэмжлэг үзүүлэх ёстой л гэсэн. Ийм мэдээлэл гаргасан нөхөд төсөв хэрхэн батлагддагийг мэдсээр байж зориуд л ингэж хэлээд байгаа байх.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас таныг мөнгө авсан гэсэн мэдээлэл явж байгаа. Яагаад тэр сангаас мөнгө авчихсан юм?

-УИХ-ын гишүүн тойргоос ирсэн ард иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлж, аль нэг байгууллага руу хуулийн дагуу тухайн өргөдөл гомдол хүсэлтийг нь шилжүүлдэг. Тэгээд шилжүүлэхээр өөрөө авсан болчих юм. Гишүүн болохдоо хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн. Ийм компанитай холбоотой, хувь эзэмшдэг, ийм компанийн асуудал дээр оролцохгүй, ашиг сонирхол байгаа гэдгээ мэдүүлдэг. Асуудал шийдэх шийдлийн процессыг сенсааци болгоод л байх шиг,

-Та сонгогчдоос ирсэн хүсэлтээр аль нэг компанид зээл арч өгсөн юм уу?

-Зөндөө л олон өргөдөл, хүсэлт тойргоос ирэхээр холбогдох газар луу явуулдаг. Зарим нь шийдэгдээд, зарим нь шийдэгдэхгүй тохиолдол ч байдаг.

-Та өөрөө тавь гаруй компанитай юм уу?

-Би бизнесийн удирдлагаар төгссөн. Би хорин хэдэн компанитай гэдгээ хэлж, тэнд шинэ бизнесийн санаа төслүүд хийгээд л явдаг. Түүнээс биш бүх хүн компани байгуулах эрхтэй. Бидний хийж байсан төсөл төрөөс нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Жишээ нь, нэг шүүс зарах гэхээр төрөөс айхавтар дэмжлэг мөнгө аваад байх шаардлагагүй. Эцсийн хэрэглэгчийн сонголтод тулгуурласан л бизнес хийдэг байсан.

-Гэнэт улс төрд нэг залуу орж ирээд сайд болчихсон. Ямар хүн, ямар фракцын дэмжлэг байна. Увсын фракц гэдэгтээ багтдаг уу?

-2008-2012 онд Увс аймгийн төлөөлөгчөөр ажилласан. Явах ёстой шат дарааллаар нь л явж ирсэн. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын Увс аймгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч, дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч гээд олон нийтийн ажил хийгээд л ирсэн. 2007 оноос намын бага хурлын гишүүнээр сонгогдсон.

Намын удирдах дээд байгууллагад 12 жил ажиллаж. Увсынх болохоор Увсын мафийн гишүүн энэ тэр гэсэн хаяг зүүх, хардалт бол байгаа байх аа. 2007 онд Увсын сумдаар явж өөрөөр амьдаръя, ажил мэргэжлээ зөв сонго, усаа хэмнэе гээд л яриад явдаг байлаа.

Ямартаа ч Увсын иргэд надад итгэл өгч сонгосон. Олон ийм залуу манай намд байгаа. Хурдан гарч ирэх үгүй нь цаг хугацааны шалгуур. Фракцад хамаатуулбал залуучуудын фракцад л хамаарах байх. Одоо нас хэтрээд залуучуудын холбооноосоо гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Анх удаа угаарын дуудлагагүй хонолоо

НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд анх удаа угаарын дуудлагагүй 24 цагийн турш тайван хонолоо. Аравдугаар сараас хойш төвийн зургаан дүүрэгт угаарын хийд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагагүй байлаа. гэдэг маш сайхан мэдээ. Нийслэлийн онцгой комиссын тушаалаар хөдөлгөөнт эргүүлүүд төвийн зургаан дүүрэгт өдрийн 11.00 цагаас оройн 24.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү хөдөлгөөнт эргүүлүүд сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, түүхий нүүрс хэрэглэхгүй байхад анхаарал тавин ажиллаж байгаа” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулж буй 386 цэг байна. Эдгээр цэгийн түлшний нөөц, сайн картгүйгээр борлуулалт хийхгүй байх тал дээр хөдөлгөөнт эргүүлүүд 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр зохион байгуулах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх

ЭХЛЭЛ. ЖАРГАЛ ХААЧИВ?

Энэ хорвоод хэн жаргалтай вэ? Тэд нар л жаргасан харагдаад байхаас энэ хавьд нэг их жаргаад цэнгээд байгаа юм барагтайхан. Бодоод байхад дээр үед жаргаж байсан ч юм шиг, сайн мэрийвэл ирээдүйд нэг жаргаж болох ч юм шиг төсөөлөгдөнө.

Одоогийн жаргал нэг л гарт баригдаж өгөхгүй, амьдралын түг түмэн проблем дотор манантан алдрах бөлгөө. Хүүхэд насаа эргэн бодоход жаргалтай боловч яг хүүхэд байхдаа “өөртөө сэтгэл хангалуун байсан уу”гээд өөрөөсөө асуухаар их ондоо хариу гарна. Хэзээ дуусах нь бүү мэд 10 жилийн чилийсэн сургалт, багш нарын дарамт, гэрийн даалгавар нэг нэг бөөн лай, эцэг эх хүссэн мөнгө өгөхгүйн гачлан, биеэр жижгийн зовлон, том хүүхдүүдийн дээрэлхэлт, бушуухан том болоод авбал л нэг хамаг юм шийдэгдээд өгөх аятай төсөөлөгдөнө. Том болоодохсон чинь, хүссэн юм хүнийх байхаас эхлээд аятайхан хань ижил олох ажил гарна, хүсэл хүслээрээ байхдаа сайхан боловч хүзүүгээр татаад ирэхээрээ биш болоод явчихна.

Хүн байна даа, ядахнаа унадаг дугуй авчихмаар байдаг. Дугуй авсан чинь “хүмүүс ядаж мотоцикль унаж байхад ингэж ч явах гэж дээ” гэсэн шүү юм бодогдоно. Энэ үзэгдэл жижиг тэрэгтэй, жийптэй, амины онгоцтой уурхайтай болсон хойно ч үргэлжилж, “жаргахад нэг л жаахан юм дутагдсаар” байх ажгуу. Ийм зовлонгоос салсан хүн байгаа бол сайн хэрэг. Үнэндээ бол орчлонгийн хүрдэнд эргэлдэж төрсөн хэвийн эрүүл хүнд энэ үзэгдэл ямар нэгэн хэмжээгээр байх ба Будда түүнийг “хүсэхийн зовлон” гэж нэрлээд түүнээс холдохын хэрээр жаргалд ойртох тухай сургажээ. Будда Шагжаамунь бээр бид бүхэнд байдаг жаргах, жаргалдаа хүрэх эрмэлзлийг үнэлээд, хүн бүхэн үндэс угсаа, хөрөнгө чинээнээс үл хамааран аз жаргалдаа буюу гэгээрэлд хүрэх тэгш боломж, эрхтэй болохыг 2500 жилийн тунхаглан хэлж өгчээ. Буддагийнхаар бол хүн угаасаа л жаргах гэж төрдөг боловч жинхэнэ аз жаргалаа олж хардаггүй, бас өөрөө жаргахыг тулд өөр шигээ жаргахын хүссэн бусдад үгүйдээ л садаа хийж явдаг, ингэснээрээ өөрийн аз жаргалыг сүйтгэх төдийгүй харин ч ирээдүйдээ зовох шалтгаан бүрдүүлдгийг хэлээд “хамаг амьтан жаргаж байг, жаргах хэрээрээ сайн үйл бүтээж, дараа дараагийнхаа жаргалангийн үрийг тарьж байг” хэмээн ерөөсөн билээ. Энэ ерөөлийн уламжлалт орчуулга нь “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах болтугай” бөлгөө.

НЭГ. ДЭМЖЛЭГ БОЛ БАСАМЖЛАЛ

Манай зарим бүсгүйчүүдэд аз жаргалтай байхад жээндэрийн асуудал нэлээд дутагдаад байгаа бололтой. Энийгээ өөрсдийн хүслээ биелүүлэх гэхээсээ илүү “ардаа жаргаахад эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа” гэсэн утгаар ухуулж байна. Ер нь сэтгэл судлаачдын яриагаар бол нялх хүүхэд, галзуу хүн хоёр л үнэнээ шууд ярьдаг юм гэсэн. Энэ ч яахав. Хүүхнүүд жаргалтай амьдралынхаа төлөө тэмцэх эрхтэй ба тэднийгээ жаргах гэж байхад нь бид ч садаа болох учиргүй. Болтугай. Тэд тухайн намаас нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь гэргий нар байх учиртай гэсэн хууль төсөл өргөн барьсан билээ. 30-аас доошгүй байна уу, дээшгүй байна уу, надад ямар хамаа. Гэхдээ 30 болгоод харахад тэр бүгдээрээ сонгогдоод гараад ирлээ гэхэд бас л Жендер шийдэгдээгүй байна. Учир нь цаана нь эрчүүд 70 хувийг эзэлнэ. Ийм тэгш эрх гэж ямар юм байх билээ, 50:50 болгохоос нааш санаа амармааргүй юм болно. Ер нь эмэгтэйчүүд нь парламентын нийт гишүүний 70 хувийг эзэлж байвал л сая жээндэрлэг болох дараагийн дүр зураг харагдана. Энэ хүсэл биелэх боломжгүй шигээ тулах хязгаар байхгүй.

Уул нь тэгш эрхийн төлөө хөнгөлөлт гэж байдаггүй. Аливаа хөнгөлөлт, нийгмээс олгогдсон илүү боломжийн цаана “хүч чадлаар дорд үзэх” санаа нэвт байдаг. Аливаа хөнгөлөлт нь түүний дутуу дулимагийг бататгасан албан ёсны сертификат болдог. Өндөр настанд, ядууст тэтгэмж олгодог нь “эд бол бусад шигээ амьдрах чадваргүй” гэсэн нийгмийн үнэлгээ л шүү дээ. Хоёр хүн зодоон хийхэд нэгэнд нь муна бариулах байдлаар тэгшитгэж болох уу? Энэ нь рыцарь сэтгэхүйгээр бол шууд л доромжлол, илт ялагдал биз дээ.

Ахмад настанд суудал тавьж өгөхийн цаана энэ бол зогсох чадваргүй сул дорой болсон амьтан гэж үзэх үзэл бий. Хүүхдийн эрх ашиг гэдэг нэрийн цаана хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй, бусдаас дутуу учраас гэсэн санаа бий. Бас эмэгтэйчүүдийн нэр заавал дэвшүүлэх гэдгийн цаана “эд мөрөөрөө яваад гарах ирэх чадваргүй” гэсэн доод үнэлэмж байгаа. Төрөөс л тэтгэж гаргаж ирэхгүй бол ард түмэн эднийг хүн гэж үзэхгүй гэсэн дээрэлхүү санаа бас байгаа. Эртүүд “манай талын” нэг улстөрч тайлбарлаж байх юм. Эмэгтэйчүүд минь та нар өөрсдийгөө албадан байж 30 хүртэл хувь сонгуулах төсөл барьж яваа нь ингэхгүй бол бид гарч чадахгүй улс” хэмээн доошлуулан сурталчилж буй хэрэг бус уу? гэж байна. Бас “хүний тал”-ын нэг улстөрч хэлж байна.

“Эмэгтэйчүүдийн нэрийг маш олноор нь намаасаа дэвшүүлэх шиг амар юм уг нь алга. Даанч гэр бүлдээ хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс болох эмэгтэйчүүд нь өөрснөө хүүхэн-кандидатдаа саналаа өгөх нь бага шүү дээ. Иймээс улс төрийн хувьд намд хохиролтой болоод байгаа юм” гэнэ. Жирийн амьдралтай андын маань жив жирийн гэргий ярьж байна аа “Эртүүд зурагтаар нэг алдарт эмэгтэй гарлаа л даа. Зурагтын сурвалжлагч түүнээс “Та ийм их ажлынхаа хажуугаар гэр орныхоо ажлыг яадаг вэ” гэж асууж байна. Тэрээр “Өө би гэрийн ажилд хавьтдаггүй, Манай нөхөр л нухаж суудаг юм” гэж байна. “Өөрийгөө магтаж болно оо. Харин эр нөхрөө битгий доош нь хий” гэж захимаар санагдсан шүү” хэмээж байна.

ХОЁР. ГЭРЭЭ МЭДДЭГ ГЭРГИЙ НАР

Нүүдэлчин уламжлалт монголчуудын дунд өнөө ч гэсэн эхийн эрхт гэх нь хаашаа юм бэ, ямартаа ч атугай гэргийн эрх мэдэл ноёлсоор байгаа юм. Жинхэнэ эрх мэдэл бол эдийн засгийн эрх мэдэл гэдэг өнцгөөс харахад ийм байдаг. Хэвийн монголжуу амьдралтай, дундаж харчууд цалин, орлогоо эхнэртээ тушаадаг. Эхнэр нь аймаар шуналтай, нөхрийнхөө мөнгийг хурааж авдаг донтой ч юм биш. Гэр бүлийн төсвийг хамгийн зөв зохиож, ам бүлийнхээ менежмэнтийг хэнээс ч дутуугүй хийгээд явж чаддаг учраас л эрчүүл нь тэдэнд найддаг. Ихэнх харчуул эхнэрийнхээ зарцуулж буй мөнгөнд төдий оролцоод байдаггүй. Хэрвээ ингэх гэвэл ихэнх авгай нөхөртөө “Би энэ мөнгөөр чинь өөртөө юм авчихаагүй. Дуртай юм бол өөрөө энэ мөнгөө барихгүй юу” гэсэн түс тас хариу өгөх нь олонтаа. Цөөнгүй харчуул “өөрөө эдийн засгаа барих” гээд үзсэн байдаг. Гэвч тун удалгүй эхнэрийнхээ “төсвийн захирагчийн эрх”-ийг сэргээхэд хүрдэг. Учир нь гэргий нар бол гэр бүлийн хамгийн сайн менежер гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдгоос тэр. Ингээд эрчүүд нь төсвөө бүрдүүлэх, эхнэр нь түүнийг захиран зарцуулах маягтайгаар дундаж монгол айлын амьдрал явдаг.

Мэдээж эрчүүлд найз нөхөдтэйгөө идэж уух, идэхгүй уух гээд л мөнгөний хэрэг гарна. Энэ хөрөнгийг өрхийн төсвөөс гаргаж таарахгүй. Иймээс өөрийн олж буй мөнгөний өчүүхэн хэсгийг “шамшигдуулах” маягаар мөнөөх “нууц сан”-гаа бүрдүүлэхдээ тулна. Ингээд төсөв захиран зарцуулах эрхээр дамжуулан гэр бүлийн эдийн засгийн эрх айлын эхнэрийн гарт төвлөрдөг. Хүн амьтанд өгөх ойр зуурын бэлэг сэлтээс авахуулаад гэрийн төсвийн зарцуулалтад оролцдог эр хүнийг “тулга тойрсон юманд хошуугаа дүрдэг муу эр” гэж нийгэм нь үздэг тул эрчүүл төсвийн зарцуулалтыг хянаад байх ёс суртахууны эрхгүй болоод явчихна. Чухам ийм “төсвийн цоорхой” байдгийг ашиглан нас өндөр болсон хүмүүс хүүгээ бараадахаас илүүтэй, охиноо бараадаж насныхаа сүүлийг үдэх нь элбэг ээ. Хүүгийн талыг дагахаар “бэрийн царай харах” хэцүү гэдэг. Хатуухан гартай төсөв захирагчийн гарт орно гэсэн санаа л даа.

Айлын эхнэрийн санхүүгийн гол эрх мэдэл авгайдаа байхыг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, эрчүүл хоорондоо хийсэн наймаа тохироогоо буцахад хэцүү байдаг. Энд ганц аминд ордог юм бол “Хөгшөөн намайг уучлаарай, ийм наймаа хийнэ гэсэн чинь авгай дургүйцээд ямар ч арга алга” гэхээр хэн ч ойлгон хүлээн авдаг. “Авгай нь тэгж байгаа бол ямар ч аргагүй” гэсэн үг хэмээн хүлээн авдаг даа.

Монгол бүсгүйчүүд “өөрийхөө гэрийг бариач, өрхний чинь оосрыг татъя” хэмээн дуулдаг. Энэ нь “Чи минь өрх тусгаарлаж өөрийн гэр орон, төсөвтэй болооч, би аж ахуйг чинь амжилттай хөтөлнө шүү” гэсэн л санаа шүү дээ.

Монгол гэргий нөхөртөө хүндлэн цайныхаа дээжийг барьдаг уламжлалтай. “Жээндэрлэг” өнцгөөс харахад нөхөртөө зарцлагдаж, аягачин шивэгчин хийж байгаа мэт. Хэрэг дээрээ нөхөртөө хэдийнэ ямар цай өгөхийг мэддэг шийддэг хүн л байхгүй юу даа. Эхнэрийнхэ өгсөн цай хоолыг муу муухай гэж голж буй эр хүн тусгүй харагддаг даа.

Харин санхүүгийн эрх мэдлийг эхнэр нь авлаа гээд айлын эр хүний байр суурь суурь унах нь үгүй. Эр хүн төсвөө захирахгүй байлаа гээд хүндлэлээ алдахгүй. Гэр бүлийн голлох шийдвэр нүүж суух, ажил төрөл солих гээд айлын эр хүний мэддэг юм олон байна аа. Яг л үндсэн хуульт хаант орны төрийн тэргүүн шиг. Хаан төсөв захирдаггүй боловч үлэмж хүндэтгэлтэй ба улсаа төлөөлөх, дайн зарлах эрхтэй байдаг лугаа адил харагддаг. Олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэн эмэгтэйг би таних юм. Тэрээр “ядаж хөл дээрээ босоод нөхрөө ирэхэд цайг нь чаначихаад сууж байдаг юмсан” гэж мөрөөдөнгүй ярьж байсан. Энэ нэг өрнөдийн жээндэрлэг өнцгөөс харвал “нөхөртөө бушуухан зарцлагдах”-ыг хүсч буй хоцрогдсон бүдүүлэг эмэгтэйн дүр зураг. Харин бидний уламжлалт өнцгөөс харах юм бол төсөв захирагчийн мэдэлдээ бушуухан эргэж очих хүсэл мөрөөдөл юм аа. Учир нь тэр нөхрийнхөө цайг чанахын тулд цайны орцыг өөрөө бэлдэнэ, ямар цай хэдийг өгөхөө шийднэ. Тэгээд нөхрийнхөө хоол унд хувцас хунарыг, улмаар өрхийн төсвөө мэдэж эхэлнэ шүү дээ.

Мэдээж авгай нь хамаг мөнгөөрөө архи уугаад, эсвэл аав ээждээ өгөөд явуулчихвал тэр айл хэцүүдэж нөхөр нь хөндлөнгөөс оролцоход хүрнэ. Ингэх нь тун ховор учраас мянга мянган монгол айл хэвийн жирийн амьдралтай болж бүтээд явж байгаа юм.

Бас муу эхнэр байдгийн нэгэн адил муу нөхөр хаа сайгүй л байгаа хэрэг. Наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд олшроод байгаа нь муу. Энэ нь эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юу гэвэл тийм. Гэхдээ монгол уламжлалт гэр бүлийн талаас харж үзвэл эрэгтэйчүүдийн санаа илүү зовох зүйл мөн. Учир нь манай эмэгтэйчүүд төсвийн захирагчаас, төсөв бүрдүүлэгчийн эгнээнд орж, монгол эрчүүл гэр бүлээс илүүдэж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Их мөнгө олдог, алдар хүндтэй эхнэртэй байх нь сайн хэрэг. Гэхдээ ийм айлыг хүмүүс өрхийн тэргүүнийх нь нэрээр биш, авгайнх нэрээр дуудаад сураад эхэлдэг юм билээ. Хаалга тогшоод, тохиолдлоор өрхийн тэргүүн Дорж нь үүдээ нээхэд “энэ Цэцэгмаа гуайнх мөн үү” гэж асуудаг болчихдог юм л даа. Ухаандаа Оросын ерөнхийлөгч Путин манайд ирлээ гэж бодъё. Тэгээд онгоцны буудал дээр манай Ерөнхийлөгч асан Энхбаяр түүнийг угтлаа гэж саная. Тэгтэл Путин түүнээс “ учлаарай, Ерөнхий сайд Баяр хаа байна” гэж асуугаад зөрөөд явчихвал ямар байхсан билээ.

ГУРАВ. ТӨР МЭДЭХЭЭР ЭРЭЭ МЭД

Ардын уламжлал, үндэсний филисофи дуу хуурандаа илрэх нь бий. Монгол ардын дуу шүлэг Өүлэн эх, Мандухай цэцнээсээ авахуулаад гайхамшигт бүсгүйчүүдээ магтан, эхийгээ ачлан хайрлахыг ятган сэнхрүүлнэ. Хүүхдүүд анх дуу сурахад “бөөрөнхий биеийг минь өсгөсөн ээжийнхээ ачийг яанам бэ” гэж асууна. Мэдээ ормогц бурхан шашны номлол сонсох ба хамгийн түрүүнд “Молон тойн эхдээ ач хүргэсэн нэр судар” судална. Эцгийн тухай дуу шүлэг тун ховор. Хааяа нэг тааралдах боловч “аав ээж хоёр мину” гэхчлэнгээр “эхийн хавсарга” маягаар орно.

Ийм сэтгэлгээтэй ард түмэн улс төрд цойлон орж ирсэн бүсгүйчүүдийг үнэн халуунаар дэмжин өргөдөг. Одоо ч гэсэн энэ Оюун, Ганди энэ тэрээс авахуулаад массаараа хүлээн зөвшөөрдөг улстөрч бүсгүйчүүл бишгүй л байна шүү дээ.

Монгол эмэгтэйчүүд хэдийгээр өөрсдөө илээр төрд орж ирдэггүй ч гэсэн улс төрдөө хамгийн их нөлөөтэй улс шүү. Ухаалаг улс төрчид сонгуулийн үеэр айл гэрийн эзэгтэй рүү чиглэсэн, тэдний итгэлийг олж авахыг эрмэлзсэн сурталчилгаа хийдэг. Гэргий нар нөхрийнхөө саналыг эсэргүүцэхгүй, илт буруушаахгүй боловч нэг л мэдэхэд нөхөр нь “авгайн санал”-тай сууж байх нь олонтаа. Өрх тусгаарлаагүй хүүхдүүд нь эхийн саналыг л ер нь гол болгоно. Ингээд бодохоор цэцэн цэлмэг улстөрчийн зөв болоод ирдэг.

Өөр нэг өнцгөөс харахад эрчүүл төр барих боловч төр баригчийн гэргий үнэн чанартаа “улсын нууц ноёнтон” болох нь түгээмэл элбэг. Бүр ийм уламжлал ч бий. “Нууц товчоо”-гоо эргэн санацгаая. Хар багадаа өнчирсөн хөвүүн Тэмүүжингээ хаан болтол нь менежмэнт хийсэн хүн бол ээж Өүлэн үжин нь. Өүлэн ээжийн орыг аажмаар хатан Бөртэ эзэлдэг. Чингис хаан түүний “түвэгшээсэн”-ий мөрөөр ажиллан даварсан бөө Тэв тэнгэрээс нэгмөсөн сална. Улмаар нэг л гэгээн өглөө хааны өвөрт хэвтэж байсан Бөртэ хатан нь “Жамухыг мурих цаг болсон” гэдгийг ойлгуулж, түүнээ ч хийлгэж байна. Мөн Чингис хаан алс газар дайнд мордохын өмнө хайртай хатныхаа зөвлөсөн дагуу “өв залгамжлагчаа” зарладаг. Их Чингис хааны гол гол шийдвэр, алхам түүний цэцэн мэргэн ээж, ухаант хатадын санаанд эхлээд боловсорч байсныг “Нууц товчоо” бидэнд хэлдэг. Чухам эндээс монгол хүүхнүүдийн “төрөө мэдье гэвэл эрээ эхлээд мэд” гэсэн философи урган гарч байна.

ТӨГСГӨЛ. ЖАРГАЛ

Хүн бүр жаргаж яваг гэж Будда ерөөсөн юм. Хувь хүний аз жаргал улс нийгмийн үнэт зүйлст гэхээсээ илүү гэр оронд нь, сэтгэл зүрхэнд нь байдаг билээ. Ажил алба хичнээн амжилттай, эх орон нь хичнээн хөгжилтэй байлаа ч авгай ууртай, өөрийн бие нь өвчтэй байвал яахин жаргах билээ. Будда цааш нь сургахдаа “Аливаа зүйлийн сайн муу, сайхан муухай, хүчир хийгээд хялбар нь цаад юмныхаа мөн чанараас хамаарахгүй. Харин чи түүнд яаж хандаж байгаагаас хамаарна” хэмээн захижээ.

Өөрийн хүүхэд хойморт шээвэл өхөөрдмөөр билээ. Харин айлын хүүхэд ингэвэл зэвүү их хүргэнэ. Уул нь гарч байгаа зүйл нь ав адилхан мочевин билээ л.

2009.11.17

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Image result for сонгууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны дараа буюу 15.00 цагт УИХ-ын чуулган хуралдаж, уг хуулийн төслийг батлахаар төлөвлөөд буй юм.

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 19-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн аюлгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх талаар холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудын захирал удирдлагуудтай уулзана. Утас 99193734

09.30 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн байранд тус академийн ээлжит Их чуулган эхэлнэ.

10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газрын гадна иргэний нийгмийн байгууллагууд С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах талаар хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авна.

11.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хаалтын ёслол болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслөөс сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д улс төрийн намуудын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалт болон амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээний талаар мэдээлнэ. Утас: 91989890, 99094993

15.00 цагт Үндэсний номын санд “Нэг бүс, Нэг зам: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” номын нээлт болно.

15.00 цагт ХСҮТ-д байгуулсан Сэтгэл зүйн төв буюу “Ногоон гэр” төслийн нээлт болно. Утас: 89033282

Төрийн ордонд

09.30 цагт Малзүйчдийн улсын зөвлөгөөн болно. Утас: 88097892

09.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандан: Энэ систем долдугаар сарын 1-ний томоохон тэмцэл хөдөлгөөнтэй шууд холбоотой

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна хэмээн МАН-ын удирдах зөвлөлөөс мэдээллээ. Тогтолцоо нь хэр зөв юм бэ?

-Сонгуулийн хууль гэдэг сонгогчдын эрхийн тухай хууль юм. ШИНЭ нам энэ талаас нь харж, судалж арав гаруй санал боловсруулж, ажлын хэсэгт хүргүүлсэн. Томсгосон тойргийн системээр сонгууль явуулах нь буруу биш. 2008 онд энэ системийг хэрэглэж байсан. Сул тал нь нэг намаас нэр дэвшсэн хүмүүсийн хооронд өрсөлдөөн бий болдог. Үндэсний эв нэгдэл алдагдаж, хагарал бутралын үүдийг нээдэг ийм систем гэдгийг түүхэн туршлага харуулсан. Сонгуулийн энэ систем долдугаар сарын 1-ний томоохон тэмцэл хөдөлгөөнтэй шууд холбоотой. Систем нь бүхэлдээ буруутай биш, хамгийн гол засах зүйл нь сонгуулийн процедур, процесс, маргааныг хянан шийдвэрлэх систем, сонгогчдын эрхийг хамгаалах тогтолцоогоо илүү нарийвчлан хуульчлах ёстой.

-Танай намын зүгээс арав гаруй саналыг ажлын хэсэгт өгсөн гэлээ. Ямар ямар саналуудыг өгсөн юм бэ?

-Нэгдүгээрт, Сонгогчдын саналыг хар машинаар тоолох үед хяналтын тооллого буюу гар тооллогыг 100 хувь хийх ёстой. Хяналтын тооллого, хар машины тооллого хоёр зөрсөн тохиолдолд гар тооллогыг эцсийн бөгөөд хүчин төгөлдөр сонгуулийн дүн гэж үзнэ гэдэг санал хүргүүлсэн. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 жилийн түүхийн алдааг засч залруулах ёстой. Нэг намаас нэр дэвшигчид хамтран ажилладаг тогтолцоог оруулж, дэмжих ёстой. Мөн эвсэл байгуулах асуудал байна. Эвслийн нэг нам эвслээс гарах үед эвсэл задардаг байдлаар өнгөрсөн 30 жил сонгууль, улс төрийн систем үргэлжилсэн. Ирэх 30 жилийг бид хагарал бутралын он жилүүд биш, эвлэлдэн нэгдэх цаг үе болгох ёстой. Тиймээс эвслийн энэ хэврэг зохицуулалтыг өөрчилж, эвслийн удирдах зөвлөлийн 51 хувийн саналаар эвсэл тарах, байгуулагдах, өөр эвсэлтэй нэгдэх, татан буугдах гол шийдвэрүүдээ гаргадаг байхаар хуульчлах нь зүйтэй.

Өнөөдрийг хүртэл нэг нам гарахад л эвсэл задарч, Монголын улс төрд эвлэлдэн нэгдэх эрх хязгаарлагдаж, мянга мянган сонгогчын эрх зөрчигддөг явдал олон жил үргэлжилсэн. Энэ бол өнгөрсөн 30 жилийн алдаа завхралуудын нэг байлаа. Монголын улс төрд хагарал, бутралыг биш, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжсэн сонгуулийн хуулийг хийх нь чухал.

-Сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар шударга бус хуваагдах юм биш үү гэх шүүмжлэл байна. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Энэ асуудлыг ШИНЭ нам болон парламентад суудалгүй улс төрийн намууд дунд байгуулагдсан ажлын хэсэг дээр ярьсан. Сонгуулийн хуультайгаа хамт тойргоо хүн амынх нь тоонд тэнцүү, тэгш байгуулж, батлах ёстой гэдэг саналыг манай намаас хүргүүлсэн. Сонгуулийн тойргийг газар нутагт нь тохируулж байгуулах биш, хүн амынх нь тоо, төлөөлөлд тэнцүү тэгш байхаар байгуулах зүйтэй гэдэг байр суурийг ШИНЭ намаас хүргүүллээ.

-Тэгэхээр яаж хуваагдана гэсэн үг вэ. Томсгосон 26 гэхээр мандатуудаа яаж хуваах вэ?

-Өнөөдрийг хүртэл Дундговь аймгаас УИХ-ын гишүүн дөрөв, тавхан мянган хүний саналаар сонгогддог. Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн 10-20 мянган хүний саналаар сонгогддог ийм л тогтолцоо байсан. Энэ завхрал, гажуудлыг бид засах ёстой. УИХ-д сонгогдсон гишүүн бүр ижил тэгш тоотой иргэдийг төлөөлдөг байх нь чухал гэж бид үзэж байгаа. Томсгосон тойргийг ойролцоогоор 20 мянган сонгогчтой гэж үзвэл УИХ-ын тойргуудыг байгуулахдаа сонгогчдын тоонд нь ижил тэнцүү байдлаар тойргоо байгуулах нь зөв гэдэг байр суурийг манай нам барьж буй. Улаанбаатараас сонгогдсон гишүүд нь хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүдээсээ хоёр гурав дахин олон хүний санал авч сонгогддог байдлыг буруу гэж үзэж байгаа. Энэ тэгш бус байдлыг арилгах ёстой.

-Яг энэ тогтолцоогоор явсан 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг та хэрхэн хардаг вэ. Энэ сонгуулиас бид ямар сургамжийг авсан юм бэ?

-2008 онд явуулсан сонгууль, сонгуулийн системийн алдаа завхралыг засах зорилгоор хар машиныг Монголын төр засаг тооллогын системдээ ашиглаж эхэлсэн л дээ. Хар машин бол 2008 оны сонгуулийн системийн болоод тэр үед болсон долдугаар сарын 1-ний үйл явдлын сургамж байсан. Гэхдээ хар машин 100 хувь найдвартай гэсэн үг биш. Хар машинаараа тоолчихоод хяналтын тооллогыг давхар хийх нь зүйтэй.

Олон мандаттай томсгосон тойргийн нэг том сул тал нь намын нэр дэвшигчид дотроо өрсөлдөж эхэлдэг. Нөгөө талаас нэр дэвшигчид өөр намын нэр дэвшигчтэй хуйвалдаж эхэлдэг. Шударга бус өрсөлдөөн газар авдаг. Тухайн үед Баянгол дүүрэгт өрсөлдсөн МАН, АН-ын нэр дэвшигчид болон бие даагч нарын дунд учиртай гурван толгой гэдэг жүжиг тавигдаж байсныг та мэднэ. Ингээд учиртай гурван толгой гээд жүжиг тоглогдоод намын нэгдсэн хөтөлбөрөөсөө гадуур хувийн болоод бүлэглэлийн хөтөлбөрүүд гарч ирдэг. Зарим газруудад дөрвөн бэрх гэдэг хөтөлбөр гарч ирж байсныг ч та мэднэ. Баянзүрх дүүрэг дээр хоёр өөр намын нэр дэвшигч нөхдүүд учиртай хоёр толгой болж, луйвар хийж байсныг бид мэдэж байгаа.

-Мөн нэг асуудал бий. Томсгосон тойргоор явахаар иргэдийн санал гээгдэх тохиолдол гарах юм биш үү. Нэг талаараа “царцаа” гэж яригддаг нүүдэл эрчимжих магадлалтай гэх юм…

-Томсгосон тойрог дээр “царцаа”-ны нүүдэл харьцангуй багасна байх гэж харж байна. Мөнгөнийн нөлөөлөл харьцангуй багасна. Том тойргийг худалдаж авахад хэцүү. Сайн талууд олон бий. Сөрөг сул талыг нь түрүүн хэллээ.

-Шинэ, залуу төлөөллүүд сонгуулиар УИХ-д орж ирэх боломж хэр байх бол?

-Шинэ хүмүүс УИХ-д гарч ирэхэд харьцангуй хэцүү тогтолцоо. Яагаад гэвэл тойрог томсож байгаа учраас өөрийгөө таниулах хугацаа боломж бага байдаг. Нөгөө талаас томсгосон тойрог дээр хуучин намууд, хуучин бүтцээрээ хуйвалдаан зохион байгуулах хэлбэр газар авдаг. Энэ бол сул тал. Одоо сонгуулийн хууль хэлэлцэж байна. 2008 оны долдугаар сарын 1-нд юу болсныг мартаж болохгүй. Тэр болсон үйл явдлын сургамж дээр тулгуурлаж, 2008 оны алдаа дээрээ суралцсан сонгуулийн сайн хуулийг хийгээсэй билээ гэж бид хүсч байгаа. Жижиг, шинэ намуудын хувьд ямар ч боломж байхгүй. Ганцхан тохиолдолд боломж гарна. Энэ бол жижиг, шинэ нам, улс төрийн хүчнүүд хамтарч, эвсч, тэр эвслээ задрахгүйгээр бат суурьтай хадгалсан тохиолдолд амжилт гаргах боломжтой. ШИНЭ намын хувьд сонгуулийн хуулинд задардаг эвслийг биш задардаггүй эвслийг хийх эрх зүйн зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 10 нам эвсчихээд байхад ганцхан нам эвслээс гарахад эвсэл задардаг ийм зохицуулалттай яваад байна. Дээр хэлсэнчлэн 51 хувийн саналаар эвсэл задардаг байх бидний саналыг оруулж ирэх нь зүйтэй. Өнгөрсөн 30 жил бол Монголын ард түмний эв нэгдлийн эсрэг 30 жил байсан. Эвсч нэгдэхийг хориглосон, хаасан 30 жил байлаа. Ирэх 30 жил Монголын ард түмний эв нэгдэл хамтын ажиллагааг дэмжсэн 30 жил байх ёстой. Тиймээс ийм хууль байх ёстой юм.

-ШИНЭ нам бүх тойргийн мандатууд дээр гишүүнээ дэвшүүлэх үү?

-ШИНЭ нам Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа стратеги, тактикаа гаргаж ирнэ. МАНАН-гийн намуудаас бусад улс төрийн хүчнүүдтэй эвсэх, хамтран ажиллах тал дээр нээлттэй ажиллана. Гэхдээ эх орнынхоо төлөө, Монголын төлөө бодлогын эвсэл, нэгдэл байгуулж ажиллах ёстой. Албан тушаал, эрх мэдэлд хүрэхийн төлөө эвсч нэгддэг биш, эх орноо өөрчилж, хөгжүүлж, хайрлаж хамгаалахын төлөө нэгддэг бодлого дээр суурилсан эвслийг хийхийн тулд ШИНЭ нам ажиллана.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэцэгдэлгэрэх: Төрийн албан хаагч есөн хүний ХОМ-т 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

– ОРЛОГО НЬ ИХ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДСЭН ХҮМҮҮС ДУНД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН, ДЭД САЙД, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАХИРЛУУД БАЙНА –

Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар хамтран төрийн албан тушаалтны ХОМ дээр шалгалт хийж, 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ.


Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Мэдүүлэг гаргагчдын Хом дээрээс 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-АТГ-аас хуульд заасан чиг үүргийн хүрээнд ХОМ-ээ гаргаж байгаа албан тушаалтнуудын гаргаж өгсөн орлого хөрөнгө нь хуулийн дагуу байна уу, эх үүсвэр нь хаанаас бий болсон бэ, хуульд заасан үндэслэлийн дагуу үнэн зөв мэдүүлсэн үү гэдэг дээр холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Бид 2013 оноос эхлээд мэдүүлэг гаргагч нараас ХОМ-ийг цахим системээр авч байгаа. Цахим систем дээрээсээ эрсдэлт албан тушаалтнууд байгаа эсэхийг түүвэрлэж хяналт явуулсан. Энэ жилийн хувьд хамгийн их хэмжээний орлого олсон гэж мэдүүлсэн есөн албан тушаалтан байгаа. Мэдүүлэг гаргагч нар их хэмжээний орлого олсон байдаг, гэтэл татварт гаргаж өгсөн тайлантай нь уялдаж байгаа эсэхийг есөн мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдүүлсэн орлогын байдлыг нь шалгуулахаар ТЕГ-т хандсан. Татварын байгууллагаас харьяалах нийслэл дүүрэг дээр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлээд тухайн мэдүүлэг гаргагч нарын гэр бүлийн гишүүд нь Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зөрчих гэх мэт бүртгэл санхүүгийн зөрчлүүд илэрсэн. Нийт 1.1 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан байна гэж татварын байгууллага тогтоосон. Энэ зөрчилд нь ТЕГ хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныхаа дагуу холбогдох арга хэмжээг авч тэдгээр хүмүүст 71 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьсан. Харин АТГ-ын зүгээс энэ есөн мэдүүлэг гаргагч нарын ХОМ-ийг нарийвчлан шалгасан. Шалгалтаар гурван мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлсэн зөрчилд нь Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар мэдүүлэг гаргагчийн удирдах албан тушаалтанд албан бичгийг хүргүүлсэн. Ер нь бид цааш цаашдаа мэдүүлэг гаргагчийн орлогын байдал нь хууль ёсны дагуу байна уу гэдэг дээр татварын байгууллагатай зайлшгүй уялдаж, холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажиллах юм.

-ХОМ-т нь 1.1 тэрбумын зөрчил илэрсэн есөн албан тушаалтан төрийн аль шатны байгууллагын хүмүүс вэ?

-Есөн мэдүүлэг гаргагчийн хувьд төрийн өндөр албан тушаалтан, яамдын дэд сайдууд ч байна, ТӨК-ийн захирал, мэргэжилтнүүд ч байна. Бид байгууллага албан тушаалаар нь биш орлогынх нь хэмжээгээр цензурлээд аваад үзэхээр ийм хүмүүс байгаа юм. Нэг ёсондоо сүүлийн нэг жил орлого нь огцом өссөн, энэ оны хувьд хамгийн их орлого олсон есөн хүн дээр түүвэрлэж хяналтаа тавьсан.

-Зөрчлийн хувьд аль төрлийн орлого нэмэгдсэн гэж харагдаж байна вэ?

-Хөрөнгө борлуулсны орлого, компанийн ногдол ашиг түлхүү орсон байна. Хууль ёсоор бол хөрөнгө борлуулсан орлого байх юм бол үл хөдлөх хөрөнгийн хоёр хувиа төлж тэндээс татвар ногдуулж байж орлого нь бодитой хууль ёсных байх ёстой. Гэтэл тэгээгүй, өндөр хэмжээний хөрөнгө борлуулчихаад татвар тайлангаа буруу гаргаад өгчихсөн.

-Хөрөнгө борлуулсан, компанийн ногдол ашиг хүртсэн гэх нэрээр өөр замаар хөрөнгөжсөн байх магадлалтай юу. Энэ нь хоёр байгууллагын хамтарсан шалгалтын хүрээнд тодорхой харагдах уу?

-Хэрэв тийм зүйл байвал татварынхан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэх ёстой. Энэ удаад ийм зөрчил гараагүй. Зөвхөн орлогоо бүрэн гүйцэд тайлагнаагүй байна гэсэн зөрчил гарч ирсэн. Гэхдээ цаашдаа ийм зөрчил гараад ирэхийг үгүйсгэхгүй.

-ХОМ-ээс л төрийн албан хаагчид хэр хэмжээний хөрөнгөтэй болохыг мэдэх ганц боломж. Гэхдээ ХОМ-ийг бүрэн гүйцэд гаргахад хүндрэл бэрхшээл бий юү?

-Сүүлийн үед бид нарт ХОМ дээр хяналт шалгалтын явцад нэг тулгамдаж байгаа зүйл бол дотооддоо банк санхүүгийн байгууллагаас банкуудын лавлагаа мэдээллийг авч чадахгүй байна. Хууль эрх зүйн орчин хаалттай. Ямар тохиолдолд авдаг вэ гэхээр Банкны тухай хуульд зааснаар АТГ маань прокурорын зөвшөөрлөөр авч болдог. Гэтэл албан тушаалтнууд орлого хөрөнгийн байдал, банкуудын эрсдэлтэй гүйлгээ орж гарч байгаа мөнгөн гуйвуулгаас л орлого нь хууль ёсны дагуу байна уу, ямар ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна вэ, үнэн бодит уу гэдгийг харж болно. Гэвч энэ нь Банкны тухай хуулиар хаалттай болоод лавлагаа мэдээлэл авч чадахгүй, зөвхөн мэдүүлэг гаргагчаас өөрсдөөс нь бичгийн нотлох баримт гаргаж авах, шаардлагатай тохиолдолд Мөрдөн шалгах хэлтэс рүүгээ бичиг хүргүүлж прокурорын зөвшөөрлөөр авч байгаа. Энэ бол хууль бусаар орлого олж байгаа хүмүүс дээр хяналт шалгалт явуулахад эрсдэл үүсгэж байна. Тиймээс Банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Өмнө нь бид 2007 оноос авч эхэлж байсан. Гэвч Банкны тухай хуулиар хаалттай болоод 2012 оноос авах боломжгүй болсон. Дотооддоо мөнгөн гуйвуулгын шилжилт хөдөлгөөн дээр хяналт тавьж чадахгүй байж оффшортой холбоотой асуудлыг ярихад хэцүү. Бид хууль эрх зүйн орчныг өөрчлөх талаар маш их ярьж байгаа.

Нийгэмд шүүмжилж байгаа бас нэг зүйл бол албан тушаалтнуудын ХОМ-ийг 10 гаруй жилийн хугацаанд бүртгэлээ. Наад нөхөд чинь орлогоосоо давсан зарлагатай байна. Төрийн албан хаагчийн дундаж цалин 900.000 байдаг. Гэтэл жилд хоёр гурван удаа гадаад дотоодод зорчдог, хүүхдүүд нь өндөр өртөгтэй сургуульд сураад байна. Авлига ашиг сонирхлын зөрчилд өртөж байгаа юм биш биз гэдэг. Дан ганц мэдүүлэг гаргагчаас гадна гэр бүлийн гишүүд нь бас хуулийн этгээд үүсгэн байгуулаад орлого ашиг нь нэмэгдээд хөрөнгө орлого нь жилээс жилд нэмэгдсэн байж болно. Энэ нь үндэслэлтэй бодитой, баримттай байх ёстой. Түүнээс биш төрийн албан хаагчийн орлого ийм бага юм чинь нэг өрөө орон сууцтай бол тийм л байх ёстой гэж үзэж болохгүй. Энэ жилийн хувьд манай хяналт шалгалтаар 21 албан тушаалтан дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн зөрчил илэрсэн. Таны орон сууц ямар үндэслэл баримтаар нэмэгдсэн бэ, баримтаа аваад ир, үүнийг нотол гэхээр тайлбарлаж чадаагүй. Тиймээс тэднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд Мөрдөн шалгах хэлтэс рүүгээ шалгуулахаар шилжүүлсэн. Мөн хяналт шалгалтаар зөрчил илэрсэн 30 гаруй албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ тооцуулсан. Гол нь хяналт шалгалтыг цогцоор нь явуулах эрх зүйн орчин хангалтгүй байх ёстойг хэлмээр байна.

-Банкны мөнгөн гуйвуулгын мэдээллийг авч чадахгүй байна гэлээ. Гадны улс орнууд авлигатай тэмцэх ажиллагаанд банкны гуйвуулгын мэдээлэл хэр нээлттэй байдаг юм бэ?

-Мэдээж чөлөөтэй. Латви улс гэхэд АТГ-ынх нь албан хаагчид мэдээлэл лавлагааг авах бүрэн боломжтой байдаг юм билээ. Терроризмтой тэмцэх хуулинд ч тодорхой заагаад өгчихсөн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд тэдэн саяас дээш хэмжээний банкны гүйлгээг хууль хяналтын байгууллага бүрэн чөлөөтэй авах ёстой байдаг. Гэвч манайд төдийлөн хэрэгжихгүй байна. Зөвхөн мэдүүлэг гаргагчаас л авч байгаа мэдээллийн хүрээнд байна.

-Авлигын гэмт хэргээс үүдэж улсад 11 их наяд төгрөгийн хохирол учраад байгааг АТГ зарласан. Энэ их хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой юу?

-АТГ-ын сая хагас жилийн тайлангаар ийм тоо гарсан. Бид эхэндээ үнэмшээгүй, дахин нягталсан, шалгасан. Гэвч бодитой тоо байсан. Энэ бол Монгол Улсын бүтэн жилийн төсөв. Авлига албан тушаалын хэргээс болж ийм хэжмээний хохирол улсад маань учирчихсан байгаа нь дан ганц шалгагдаж байгаа албан тушаалтнуудаас гадна төрийн шат шатны албатай ч холбоотой. Хяналт шалгалт явуулж байх ёстой мэргэжлийн хяналт, төсөв санхүүгийнхэн хаагуураа явж байсан юм. Төрийн албан хаагч нар, энэ чиглэлд хяналт тавьж байх аудит санхүү мэгэжлийн хяналт хаана хаанаа анхаарах цаг иржээ. Дээрээс нь төрийн албан хаагчийн ёс зүй ч чухал болоод байна. Нийтийн эрх ашгийн төлөө шударгаар ажиллах ёстой гэдэг. Гэтэл зарим төрийн албан хаагч өнөөдөр зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрч байгаа тохиолдол ч байна. Уг нь Авлигын эсрэг хуулинд зохицуулаад өгчихсөн байна. Та албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлигатай холбоотой мэдээлэл авбал АТГ-т нэн даруй шалгуулах ёстой гэдэг. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Нөхөн төлүүлэхийн хувьд манай Мөдөн шалгах хэлстээс шалгаж байгаа хэргүүд учраас холбогдсон хүмүүсийн гэм буруутай нь тогтоогдвол хууль бусаар олсон орлогыг хураах улсын орлого болгох хүртэл зохицуулалттай. Гэхдээ авлига албан тушаалын хэрэг цаг хугацаа, мөрдөгчдийн ур чадвар их шаарддаг. Үүн дээр манай Мөрдөн шалгах хэлстийн мөрдөгч нар сайн ажиллаж байгаа.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

“Би азтай хүн”

Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, “Зохиомж” дээд сургуулийн захирал, доктор, профессор Б.Цогтбаяртай ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэн ой энэ өдрүүдэд тохиож байна. Таныг ардчиллын үйл хэрэгт оролцож байсан гэж ярьдаг юм билээ. Энэ тухай өгүүлдэг“Халуун салхи” баримтат киног мэдэх юм. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголд ардчилал эргэлт буцалтгүй гарах нь дамжиггүй болсон байсан. Үүнийг сэтгэлийн угаас дэмжиж, хамгийн түрүүн оролцож байсан хүний нэг нь би. Ардчилсан холбооны анхны салбар зөвлөл гэдгийг анх санаачилсан Л.Хадбаатар гэж залуу тухайн цаг үед Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан юм. Мөн Мөнхбаатарыг дурсахгүй өнгөрч болохгүй. Москвад кино инженерээр төгссөн залуу шүү дээ. Түүнчлэн, дууны найруулагч Ц.Энхболд байна. Бид дөрөв анхны шавыг тавьж Ардчилсан холбооны салбар зөвлөлийг байгуулж байлаа. Би уран бүтээлч хүн болоод ч тэр үү хуучин нийгэмд дуртай байгаагүй. Шалтгаан нь сэтгэлгээний эрх чөлөө боогдмол, өөрөөр сэтгэж, бүтээл туурвих боломж хязгаарлагдмал байсан. Өөрийн чадах зүйлээр ардчиллын хөдөлгөөнийг ард түмэнд үнэн зөвөөр хүргэх талаар илүү бодсон. Миний үндсэн мэргэжил кино оператор. Ингээд нөхдийн хамт ардчиллын бүх үйл явцыг баримтжуулж авч эхэлсэн. Нийт 12 мянган метр плёнк дээр зураг авсан байдаг. Плёнк, дурангаа туршиж байна гэж худал хэлж хальсаа угаалгаж байсан.

Тэгтэл нэг жүжиг гарах байсныг хойшлуулж анх сонгуулийн өмнөх өдөр“Халуун салхи”баримтат киног Монголын ард түмний хүртээл болгосон. Энэ бол их чухал момент байсан. Сүүлд миний “Халуун салхи” киноны зураг авсан камерыг Үндэсний түүхийн музейд тавьсан даа. Ингэж би ардчиллыг сэтгэлээрээ дэмжиж оролцож байсан. Энэ цаг үеийн найзуудаа дурсах сайхан байна. Танай сониноор дамжуулаад анх ардчиллыг Монгол Улсад хөгжүүлэхэд оролцсон бүгдэд баярын мэнд дэвшүүлье.

Ардчиллын буянаар бид хэнээс ч асуухгүй өөр өөрийгөө аваад явчих улсын дайтай улс болсон шүү дээ. Нийгэмд гараад байгаа гаж буруу бүхэн ардчилал гараад бий болчихсон мэтээр зарим хүн ярьдагт би дургүй. Социализмын үед ч энэ бүхэн байсан. Ер нь төгс нийгэм гэж байхгүй шүү дээ. Английн ерөнхий сайд асан Черчиллийн хэлсэн үг байдаг. Ардчилал бол муу загвар. Гэхдээ дэлхий дахинд ардчиллаас өөр бодож хүн төрөлхтний олсон сайн сайн нийгэм одоогоор алга гэсэн байдаг. Бид алдаа бүхнээ засч сайжруулаад явах ёстой. Энэ бол хүн бүрийн үүрэг. Хүн нэг бүрт хамаатай асуудал.

-Таны бүтээсэн “Богд хаан” кино түүхийн бодит үнэнг олон нийтэд хүргэж, соён гэгээрүүлэхэд чиглэсэн байдаг. Эхний ангийг бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?

-Би 2011 онд Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор “Богд хаан” киног хийсэн. Социализмын үед энэ хүнийг үргэлж хараар буддаг байлаа. Би 1982 онд оюутан болж, хоёрдугаар курсээс эхлээд кино гэж юу юм гэх зэргээр нүд нээгдээд, элдвийг эргэцүүлж бодоод эхэлж байгаа юм. Ямар ч муу хүнд сайн чанар заавал байдаг. Үүнтэй адил Богд хааныг харлуулж ярьж байгаа боловч сайн чанар, бүтээсэн зүйл байх л ёстой. Яагаад тэр сайн зүйлийг нь харуулж болдоггүй юм гэж боддог байлаа. Ингээд бодож явснаа хэрэгжүүлж,уг киног бүтээх завшаан олдсон.

-“Богд хаан” киноны хоёрдугаар ангийг бүтээх ажил руу ороод удаж байна уу?

-“Богд хаан” киноны хоёрдугаар ангийн бэлтгэл ажил 2012 оноос эхэлсэн.Нэгдүгээр ангийг нь бүтээсэн юм чинь хоёрдугаар ангийг хийж энэ түүхийг төгсгөх ёстой биз дээ. Энэ бол уран бүтээлч хүний үүрэг. Ингээд зохиолчтойгоо ярих, түүхчидтэй уулзах, архив сөхөж үзэх, хооронд нь харьцуулах зэргээр судалсан.Түүхийн аль болох бодит үнэнийг гаргах хэрэгтэй. Үүний тулд нарийн судалгаа, олон талын эх сурвалж дээр үндэслэж энэ түүхэн хүний дүрийг хамгийн зөв, бодитой байдлаар гаргаж чадна.Кино зохиол дээр зохиолч Д.Төрбат бид хоёр хамтарч ажилласан. Түүхчид, шашны зөвлөхүүдээс зөвлөгөө авсан.

Богд хаан бол үнэхээр эх оронч хүн байсан. Тавхан настайдаа Монголд Наймдугаар Богдын дүрээр тодорч орж ирсэн хүүхэд. Ингээд Монголд бичиг заалгасан, монгол соёл, сэтгэлгээ суусан. Төвдөд л төрсөн болохоос бүх талаараа монгол хүн. Монголд 1875 онд таван настайдаа орж ирсэнээс хойш Хятадын хилийн дээсийг давж нэг ч алхаагүй юм шүү. 1924 оны зургадугаар сарын 27-нд жанч халах хүртлээ нэг ч очоогүй. Манжийн эрхшээлд байх үед хүрээнээс гарсан тохиолдолд зөвшөөрөл авдаг, жилдээ 2-3 удаа Бээжинд дуудагддаг байж. Тэр болгонд бие чилээрхүү байна гэх юмуу, эсвэл таг хариу өгөхгүй явсаар нэг ч удаа очиж байгаагүй гэдэг.

Түүхэн кино хариуцлага шаарддаг. Түүх түүхээрээ байдаг ч түүх өөрчлөгддөг цаг үед бид амьдарч байна. Жишээ нь, социализмын үед Бодоог муу хүн мэтээр хэлдэг байлаа. Гэтэл Богдын шууд даалгавраар Бодоо, Цэвээн тэргүүн нар хойд хил дээрээс Барон Унгерныг тосч аваад газарчилж хүрээнд авчирсан үнэн түүх бий. Манай хожоо нь юу байв. Улаан байна уу, цагаан байна уу хамаагүй хятадуудыг л хөөх шүү дээ. Цагаантнаар хятадуудыг цохиулсан, эргээд цагаанаа улаан нь хөөсөн. Монголчууд цаг хожиж, боломжийг эрэлхийлж л байж.

Богдын нэг зорилго нь энэ хоёр хөршөөс гадна гурав дахь хөрштэй харилцах боломж хайж, гурав дахь хөршөөр Монголын бүрэн эрхт тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлье гэж оролдсон. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч бүх эх орончдын эрмэлзэл байв. Яг үнэндээ оросууд манай тусгаар тогтнолыг нэлээд хожим хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Бид 1911 онд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод байдаг. Албан ёсны бичиг баримтанд 1945 оны сүүлээр манай улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухай тусгагдсан.

-Эх орончдоос гадна урвагчид ч байжээ. Тийм үү?

-Богдтой хамт цогтой эх орончид болох Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Ханд ван,Чагдаржав, Бодоо, Данзан нар байсан. 1911 онд Богд хаан ширээнд залагдаад хошуу ноёдын манжаас авч байсан цалин пүнлүүг зогсоосон. Гэтэл хилийн дагуу байсан зарим ноёд хятадуудыг өөрсдөө уриад газраа түрээсэлж эхэлсэн. Ер нь Орос, Хятад хоёрын хувьд Монгол бол зүгээр л бие биенээс нь тусгаарласан халхавч бүс л байжээ. Богд ч үүнийг дээд зэргээр ойлгож байсан. Иймд түүний гол бодлого нь Хятадын эсрэг орос, Оросын эсрэг Хятадыг тавиад цаг хожоод байсан шиг байгаа юм.

Урвагч ноёд бий. Овог нэртэйгээ. Батлан хамгаалахын сайд хүртэл дотор нь цохиж явсан. Шанзав Бадамдорж Богдын зараалаар Хятад руу явжээ. Бээжинд очоод Монголын автономитыг хэвээр хадгалах яриа хийж, эсрэг тал ерөнхийд нь зөвшөөрсөн байдаг. Гэтэл 15 урвагчийн өөрсдөө тусгаар тогтнолоосоо татгалзсан тухай бачиг очдог. Тэд бичигтээ бид автономитоо устгуулж танайд дагаар орж байгаагаа мэдэгдье гэж л дээ. Ингээд манайхан өөрсдөө улсаа байхгүй болгосон түүхтэй. Түүнээс биш Сью зэвсэг бариад ороод ирээгүй. Тэгээд ч /би та нарын урилгаар ирсэн хүн, одоо тариа тарина, төмөр зам барина, умардыг хөгжүүлнэ/ гэсэн байдаг. Манай кинон дээр хүртэл бий. Би та нарын урилгаар ирсэн хүн шүү гэдэг.


-Түүхэн кино хийхэд маш нарийн судалгаа хийж, бодит үнэний голчийг олох нь чухал байхаас гадна эдлэл хэрэглэлээс эхлээд тухайн цаг үеийг харуулахад ихээхэн хөдөлмөр ордог байх. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Жишээ нь, орчин үеийн кинонд ширээ дүүргэж гаргахын тулд аяга, таваг, хундага, халбага сэрээ, өөр юу ч юм тавьчихаж болно. Энэ нь асуудал биш. Тэгвэл түүхэн кинон дээр, Богд хааны ширээн дээр юу тавих вэ. Мөнгөн аяга байна, домбо тавих нь. Хааны зиндаа гэж бий. Зүгээр нэг мөнгөн аяга, домбо тавьчихаж болохгүй гэдгээс авахуулаад олон зүйлийг бодолцоно. Нарийн яривал их ойрхон үеийн түүх шүү дээ. Хийсвэр, нүд хуурсан байдлаар аргацааж болохгүй. Тухайлбал, энэ кинонд зориулж Богд хаан, Дондогдулам хатны сэнтийг бүтээлгэлээ. Их загварын яг хуулбар, бүтэн сийлбэр.

Миний ойлголтоор тухайн цаг үед Монголын ард түмэн тийм харанхуй бүдүүлэг байгаагүй. Жирийн монгол эр хүний өвөртөө хийсэн мөнгөн аяга нь урлагийн бүтээл байсныг та бид мэднэ. Хэт хутга, эмээл хазаар, үнэт чулуун гоёл бүхий малгай, дээл хувцас гээд л. Тиймээс ч бид кинондоо энэ бүхнийг бодолцсон.

-Ер нь манайд түүхэн кино цөөн хийгдэж байна. Намын бодлогоор зарим нэг үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор кино хийгээд байх шиг. Түүхэн кино нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

-1990 оны залуус өсөж бойжоод, алдаж оноод, одоо ид хийж бүтээх насны торгон ирэн дээрээ явж байна. Одоо бүх юм тэднээс л шалтгаална. Бүх салбарт яг ийм ирлэсэн тонгорог шиг залуу үеийн бүхэл бүтэн арми бий болсон. Энэ залуусыг бид оюун санааны ядуурлаас аврах ёстой. Монголын түүхийн бодит үнэнийг хамгийн хүртээмжтэй кино урлагаар дамжуулж энэ залуус, мөн дэлхий дахинд таниулах ёстой. Гэдэсний өлсгөлөн бол даваад туулж болно. Оюун санааны хоосролыг нөхөхийн тулд дахин хэдэн арван жил шаардагдана. Тиймээс төр дорвитой арга хэмжээ авч Монголын төрт ёсны их түүхийг Хүннүгээс эхлүүлээд их эзэн Чингисээр дарааллуулаад төсвийн шууд санхүүжилтээр хийлгэх хэрэгтэй.Түүх гэхээр 100 жилийн наана цаана бодож болохгүй. Манайд дэлхийн хэмжээний түүхэн кино бүтээх арвин баялаг түүх бий. Дэлхийн улс үндэстнүүд түүхээрээ кино хийж хүүхэд залуустаа танилцуулахаас гадна төрийн уламжлал, бодлого, алсын харааг сурталчилж байдаг. Солонгосыг хар. Хятадыг хар, оросууд яаж хйиж байна. Бүх хаанаараа кино хийж, дэлгэцэнд мөнхөлж хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд хадаж өгч байна. Хятад улс Хубилайн хааны тухай кино хийлээ. Мөн Чингисийн тухай киног шинэчлэн хийхээр болж, манай жүжигчдээс тоглох нь. Тэр киног хятад хэлээр хийсэн биз дээ.Магадгүй 100 жилийн дараа энэ кинонуудыг үзсэн залуус Монголын түүхийг Хятадын түүх хэмээн харвал яах вэ. Түүхэн киног төрийн бодлогоор бодитой дэмжих нь чухал. Үүний цаана улс орны эрх ашиг, хүн ардын хүсэл зорилго хамгаалагдах болно. Ер нь кино бол олон хүний хөдөлмөрөөр бүтдэг нийлмэл урлаг. Олон нийтийг соён гэгээрүүлэх хамгийн хүчтэй зэвсэг, мөн өндөр зардлаар бүтдэг. Манай нөхцөлд уран бүтээлчид нуруун дээрээ үүрээд энэ салбарыг хөгжүүлнэ гэдэг тун хэцүү.

-“Богд хаан” киноны хоёрдугаар ангийг бүтээхэд төрийн дэмжлэг авсан уу?

-Богд бол аль нэг нам бүлэглэлийн гишүүн хүн биш юм. Төвд хүн шүү дээ. Шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд дэмжлэг үзүүлээгүй. Жишээ нь, Увс аймгаас гаралтай хүний тухай кино хйихэд ядаж л Увс аймагт зураг авахад нутгийнхан нь манай нутгийн удирдагч гээд кино зургийн багийнхныг тултал нь дэмжээд өгчих жишээтэй. Богд хаан бол шашин төрийг хослон барьсан Монголын сүүлчийн эзэн хаан. Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, цар хүрээн их юм даа. Бидний уран бүтээлчид итгэл сэтгэлээр нэгдэж үндэстний сэхээтнүүдийн дэмжлэгтэйгээр киноны зураг авалтыг үндсэндээ дуусгаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч Эвсэг компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эцсийн амьсгалаа зориулсан эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн их түүхээ дээдлэн энэхүү кино бүтээх үйлсэд хамтран оролцож байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Бид энэ түүхэн хүний гавьяаг кино урлагаар дамжуулж мөнхлөх болно. Хойшдын буян нь монголчуудад минь ирж үр тариа мэт өсөж үржинэ гэдэгт итгэлтэй байна. Ийм хувь тохиосон би азтай хүн.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монголбанкнаас “Банкны
салбарын шинэчлэл” сэдэвт
хурлыг өчигдөр зохион байгуулсан юм. Энэ тухай сурвалжлагыг нэг, зургадугаар нүүрнээс уншаарай.

“Голомт” банкны
гүйцэтгэх захирал асан,
эдийн засагч Ө.Ганзоригийн ярилцлагын үргэлжлэл болон Байгаль орчин,
аялал жуулчлалын сайд
Н.Цэрэнбаттай хийсэн ярилцлагыг нэгдүгээр нүүрэнд онцоллоо.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд уламжлал ёсоор Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэлийг нийтэллээ, уншиж сонирхоорой.

Баримт, үзэл бодлын алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх” нийтлэл хэвлэгдлээ.

Сүүлийн үед сошиалаар Гавьяат жүжигчин Т.Баясгаланг УИХ-д нэр дэвших гэж байгаа хэмээн шуугих болсон. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл хэмээн түүний нөхөр кёкүшюзан Д.Батбаяр бидэнд мэдээлсэн юм. Энэ тухай болон Монголын Үндэсний бөхийн
холбооны дэд тэргүүн Ц.Магалжав:
Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан,
Э.Даш, Б.Номиндалай нарын
барилдах эрх нь нээгдсэн тухай сурвалжлагыг долдугаар нүүрнээс уншаарай.

Эх орноо төлөөлөн ертөнцийн гоо бүсгүйчуудтэй өрсөлдсөн мисс М.Цэвэлмаатай холбогдож багахан тодруулга авлаа, 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Өнгөний артист Туяана
буюу Д.Отгонтуяатай энэ
талаар хийсэн сонирхолтой
ярилцлагыг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгуулийг олон мандаттай тойргоор явуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. “Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно. Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” гэсэн саналыг гишүүд дэмжлээ.

Уг хуулийн төсөлд Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.” “Ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно” гэсэн заалтыг гишүүд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан гишүүн О.Баасанхүүгийн гаргасан “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” зарчмын зөрүүтэй саналтай холбоотой маргаан үүссэн юм. Уг зарчмын зөрүүтэй саналыг “МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж гаргасан” гэх улстөржилт явж байгааг О.Баасанхүү гишүүн онцлоод “Би нэг хүнд биш нийтэд зориулж энэ саналыг гаргасан” гэдгээ тодотголоо.

Түүнчлэн “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх. Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна.” гэсэн саналыг дэмжсэн юм.

Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт, арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.

УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар эрх баригч хүчин шийдвэрлээд байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.