Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Tadpole галактикийн тухай

Мянга мянган галактикуудын гайхамшигт дүр төрхийн дундаас онцгойрон харагдах энэхүү галактик нь, уртаас урт урсгал татуулан сансарын уудамд уралдаж буй мэт оддын хөврөлөөр ер бусын харагдах аж.

Дээрх оддын айг “Tadpole” гэх бөгөөд эл зургийг НАСА болон ЕСА нь Servicing Mission 3B хэмээх төслийн хүрээнд Хаббл сансрын телескопт суурьлуулсан Advanced Camera for Surveys (ACS) дурангаар авсан байна. Тадпол нь ойролцоогоор 420 сая гэрлийн жилийн зайд орших Драко одны ордонд байрладаг.
Астрономчидын үзэж буйгаар 100 сая жилийн өмнө нэгэн бяцхан Компакт галактик, Тадпол галактиктай харилцан таталцлын улмаас мөргөлдөн зүүнээс баруун руу (зурагт харагдах байдлаар) дайран өнгөрөхөд Тадполоос багагүй хэмжээний одод болон тоосонцор татагдан сугарч Бяцхан галактикийн одод ба тоосонцортой холилдон чиглэлийнхээ дагуу олон сая жилийн турш хөвөрсөөр уг 280’000 гэрлийн жилийн урттай сүүлийг үүсгэжээ.
Хоёр галактикийн мөргөлдөлтийн улмаас үүссэн уртаас урт хөврөн буй Сүүлэнд болон Тадполын спираль тойрогт асар олон тооны залуу цэнхэр одод ба оддын бөөгнөрөлүүд харагдах аж. Эдгээр бөөгнөрөлүүдийн тус бүрийг нэг сая орчим одод бүрдүүлж буй юм. Тэдний цэнхэр өнгө нь маш өндөр температураас нь шалтгаалах бөгөөд манай Нарнаас 10 дахин халуун, нэг сая дахин хурц гэрэл цацруулдаг байна. Хамгийн том, хамгийн цэнхэр одод шатахуунаа шавхан нас ахих явцад оддын бөөгнөрөлийн өнгө нь аажим аажмаар улаан болж хувирдаг. Эдгээр задгай бөөгнөрөлүүд нь эцэстээ, орчлонгийн бараг бүх галактикуудад тэр дундаа манай Сүүн зам галактикт зуу зуугаараа байх хуучин оддын бөмбөрцөг хэлбэрийн бөөгнөрөл болох болно.
Хөврөн буй сүүлэнд залуухан тод цэнхэр оддын хоёр бөөгнөрөл бие биенээсээ нилээн зайтай харагдах агаад эдгээр оддын бөөгнөрөл нь Тадполын тойрог замд бүслүүр байдлаар тойрдог одой галактикууд болох болно. Ойролцоогоор 3000 галактик Тадполын цаана зургийг бүхэлд нь хамран харагдах аж. Галактик тус бүрт хэмжээнээсээ хамааран 100-300 тэрбум одод болон тэдгээрийг дагах дагуулууд бий….
Зургийн кредит: НАСА, ЕСА.

Эх сурвалж:

https://www.facebook.com/photo.php?fbid=2859365264126030&set=gm.1923136714485213&type=3&theater&ifg=1

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюунтунгалаг: “Web Awards” цахим салбарын тэргүүн наадам дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай ярилцлаа.


-Цахим салбарын тэргүүн наадам “Web Awards 2019” шилдгүүдээ шалгаруулах цаг хаяанд иржээ. Энэхүү наадмын талаар мэдээлэл өгөөч?

-Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удаа“Web Awards” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэ наадам нь дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог, түүнчлэн цахим салбарын ганц наадам гэдэг утгаараа ач холбогдлын хувьд маш өндөр байдаг. Энэ жил сайтын холбооны арван жилийн ой тохиож байна л даа. Өнгөрсөн хугацаанд бид “Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриалгыг цахим салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууддаа уриалж ирсэн. Энэ удаагийн “Web Awards 2019”-д ч энэ уриалгыг дэвшүүлж, нийгмийн хөгжлийг дэмжигч номинациудыг наадамдаа оруулж ирсэн. Тус наадамд цахим үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн бүх сайт оролцох боломжтой.

-Хэдэн номинацид шилдгүүдээ шалгаруулах вэ?
-Энэ удаа арван шилдэг номинацид шилдгүүдээ шалгаруулна. Тодруулбал, Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг сэтгүүлч, Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, Орон нутгийн шилдэг сайт, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, Шилдэг төрийн байгууллагын сайт, Бизнесийн шилдэг сайт, Шилдэг веб сайт хөгжүүлэгч түүнчлэн Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайтыг шалгаруулна. Мөн Нийгмийн хөгжлийг дэмжигч номинациуд бий. Үүнд Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт, цахим үйлчилгээ, үйлдвэр, хөрөнгө оруулагч, улстөрч нарыг шалгаруулна. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эерэг мэдээллийг түгээх үүднээс нийгэмдээ бүтээн байгуулалт хийсэн компаниуд, хувь хүмүүсийг нийгэмд сурталчлан таниулах зорилго биелэх юм.
-Энэ наадмын голлох номинациудын эзнээр өмнө нь ямар ямар сайтууд нэрлэгдэж байв…
-2013 онд анх зохион байгуулагдах үед шилдгийн шилдэг сайтаар www.ZALUU.com, 2015 онд www.CAAK.mn, мөн 2017 онд www.NEWS.mn сайт тус тус шалгарч байв.
-Сайтын холбоо цаашдаа ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна вэ?
-Монгол Улсад интернэт нэвтрээд 23 жил, анхны мэдээллийн сайт болох SONIN.mn бий болоод 16 жил болсон байна. Сайтын анхны мэргэжлийн холбоо байгуулагдаад 10 жил болжээ. Бидний дараагийн алхам бол өнгөрсөн 10 жилд Монголд хэдэн зуугаар тоологдох сайтууд бий болсон. Энэ цаг үе бол Монголд цахим орчноос мэдээлэл авах хөгжлийн үе шат байсан юм байна гэж харж байгаа. Дараагийн 10 жилдээ цахим сэтгүүл зүй гэх отгон жанрыг мэргэжлийн болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 107 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйтэй, үнэ хүндтэй явсаар ирсэн. Нийгэм сэтгүүл зүйгээс үнэн бодит мэдээллийг авч, итгэж үнэмшдэг байлаа. Цахим салбар мэдээллийг хурдтай дамжуулж, хүн бүрийг мэдээлэгч болгосон хэдий ч нөгөө талаараа сэтгүүл зүйн ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Тиймээс ирэх 10 жилд сэтгүүл зүйн нэг салаа мөчир болох цахим сэтгүүл зүйг мэргэжлийн, итгэл үнэмшилтэй болгохоор ажиллана. Тиймээс л цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлчдийн ёс зүйн асуудлаас нэн тэргүүнд өөрчлөлтөө эхлүүлж байгаа.
-Цахим салбарын зөв бичгийн дүрмийн алдаа их бий гэдэг. Энэ талаар хийж, хэрэгжүүлж буй ажлууд бий юу?
-Цахим салбарт монгол хэлний яруу сайхан тунгалаг байдал алга болсон гэдгийг бид харж байгаа. Тиймээс Төрийн хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтраад саяхан гарсан зөв бичгийн шинэ дүрмийг сурталчлах ажлыг Монголын сайтын холбоо хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн сургалт хийсэн. Олон аппликэйшн, сурах бичгийг гаргасан. Түүнчлэн бид ёс зүйн сургалтуудыг сар болгон явуулж байна.
-Ттухайлбал, ямар чиглэлээр сургалтуудаа явуулж байна вэ?
-Гадаад бодлогын мөн чанарыг сэтгүүлч яаж ойлгох юм. Үндэсний аюулгүй байдал гэж юу юм. Энэ асуудалд сэтгүүлч бид ямар үүрэгтэй оролцож, улс орныхоо нэр хүндийг авч явах вэ. Түүнчлэн Монгол Улсыг дэлхий нийтэд сайхан харагдуулах уу, муухай харагдуулах уу гэдгийн нэг өнцөг нь сэтгүүл зүйн салбар байдаг. Гэтэл бид эх орноо муулж, Монголоор дүүрэн хар бараан мэдээ яваад байхаар дэлхий нийт манай орныг тэгж л харна. Тиймээс сэтгүүлчид бид болж бүтэж байгаа зүйлсээ сайн сайхнаар нь түгээх хэрэгтэй. Монголд бүх зүйл муу муухай байгаа биш шүү дээ. Монголын сайтын холбооноос цахим сэтгүүл зүйд “Эерэг мэдээллийг түгээе” зорилтод аяныг эхлүүлж, нийгэмд гэрэл гэгээтэй сайн сайхан эерэг мэдээллийг түгээж эхлээд байна.
Categories
мэдээ нийгэм

Дулааны шугамын худгаас цогцос олджээ

Дулааны шугамын худаг буюу траншейны нүхнээс 25-30 насны эрэгтэй хүний цогцос олдсон байна.

ОБЕГ-ын мэдээлснээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойно дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:24 цагт хүлээн авжээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 18:34 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 10 минутын хугацаанд цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийгдэж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтад нийт 13 ААН, 8 иргэн, нийт 21 худалдааны газар хамрагдлаа. Хяналт шалгалтын хүрээнд нийт 34 зөрчил илрүүлж, 20 зөрчлийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөвшөөрөлтэй явуулах худалдаа, үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан 2 иргэн, хяналт шалгалтад холбогдолтой бичиг баримтыг гаргаж өгөөгүй 1 иргэнд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх ажлууд он гараад хэрэгжиж эхэлнэ

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр болон холбогдох албаныхан оролцлоо.

Уулзалтаар энэ онд хийсэн ажлаа дүнэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: Нийтийн тээврээр өдөртөө 318.958 хүн 759.921 удаагийн зорчилтыг хийдэг. 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийгдээгүй. Нөхөн хангалтаар л явж байна. Тиймээс 2020 оны онд нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах болно. Түүнчлэн он гараад хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлээс нийтийн тээврийн олон хувилбарт системийг бий болгох бодлого барьж байна. Энэ хүрээнд “Cable car” болон соронзон галт тэрэг төслүүдийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв төслийн бүх талын зөвшилцөл амжилттай болвол ирэх хавраас төсөл эхлэх боломжтой. Мөн Улаанбаатар хот нэг компанийг л дэмжиж 800 автобус оруулж ирэх гээд байна гэсэн буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Бид энэ салбарын ачааллыг нуруун дээрээ 20-30 жил үүрэлцэж яваа дотоодын компаниудаа шахаж гаргана гэсэн бодлого огт байхгүй. Харин бид дэмжиж ажиллана. Гэхдээ хариуцлага, үйлчилгээний стандарт, соёлыг шаардах болно. Энэ долоо хоногт нийслэлийн ажлын хэсэг МОН-30 автобус компани дээр очиж ажиллана.

Сургуулийн автобус төсөл амжилттай явж байна. Би өглөө болгон сургуулийн автобусны мэдээллийг авдаг. Сургуулийн автобусны жолооч нарын харилцаа, автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, цаг барилт зэрэгт автобус компаниудаас хариуцлагатай ажиллаж байгаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр: Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ачаалалтай байгаа 67 цэгт өглөө болон оройн цагаар ямар ачаалал авч байгааг судалсан. Судалгааны дүнг үндэслэж, 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй компаниуд бүгд үнэлгээгээ хийлгэсэн бөгөөд компаниуд 11 дүгээр сарын байдлаар 90 хувиас дээш үнэлгээтэй гарсан. Гэрээ сунгах асуудал нь хуулийн хүрээнд явагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай.

Хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний газруудаас он дууссан 80 автобусыг шинэчлэх, үйлдвэрлэгдсэн он засагдсан автобусыг үйлчилгээнээс гаргах, автобуснаас гарч байгаа утааг багасгах, шинээр автобус оруулж ирэх гэх мэт нийт 18 саналыг ирүүлсэн бөгөөд эдгээр саналыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан мал зүйчдэд нэн шаардлагатай багаж хэрэгслийг гардуулан өглөө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулна.

Энэхүү зөвлөгөөний өмнө ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажлыг орон нутагт удирдан зохион байгуулж ажилладаг Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал үржлийн албаны төлөөлөлтэй уулзаж, орон нутгийн өвөлжилтийн байдал, цаг үеийн ажлын явцыг сонсож, үүрэг чиглэл өгсөн юм.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Мал үржүүлэг, технологийн ажлын гол хэрэгсэл болох зоо багажийг 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд гардуулж өглөө. Энэ удаа мал зүйчдэд нэн шаардлагатай палкметр, лентметр, циркуль, бод, бог малын зохиомол хээлтүүлгийн иж бүрдэл, бог малын пүү зэрэг 7 төрлийн 131 ширхэг багаж юм.

Categories
мэдээ нийгэм

​МҮИС БНСУ-ын Чусонь Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сургалт зохион байгууллаа

МҮИС БНСУ-ын Чусонь Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа” төслийн хүрээнд 12 сарын 6, 7-ны өдрүүдэд “Монголын хорт хавдартай өвчтөнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх”, “Сувилахуйн тэнхимийн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн тухай семинарыг амжилттай зохион байгууллаа.

“Монголын хорт хавдартай өвчтөнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Налайх, Хан-Уул дүүргийн гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй сувилагч, ЭМЯ, МСН, Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа” төслийн багш (Ким Жинь Хый, Гим Хён Рэ), Чоньнам Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш(Чэ Дог Хый), Гёнсан Их Сургуулийн сувилахуйн тэнхиймийн багш(Со Минь Жон) нар оролцлоо.

Энэ удаагийн сувилагч нарт зориулсан сургалтын хөтөлбөр нь “Монголын хорт хавдартай хүмүүсийн өнөөгийн байдал, холбогдох хууль тогтоомж болон бодлого”, “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагчийн үүрэг болон хэтийн төлөв” “Хорт хавдартай өвчтний өвдөлт болон шинж тэмдэг”, “Хорт хавдартай өвчтөний сэтгэцийн эрүүл мэндэд хяналт тавих болон харилцан ойлголцол” гэсэн сэдвүүдээс бүрдсэн юм.

МСН-ийн тэргүүн Д. Нямсүрэн “Монголын ӨЭМТ-д ажилладаг сувилагч нарт их тус нэмэр болсон сургалт боллоо. Уг сургалт өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдаж байсан. Хол газраас биднийг зорин ирж, хүч хөдөлмөр болон халуун дулаан сэтгэл гарган сургалт зохион байгуулсан Чусонь Их Сургуулийн төслийн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.

“Сувилахуйн тэнхимийн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-т хамт олны эрүүл мэндийн сувилахуй, насанд хүрэгчдийн эрүүл мэндийн сувилахуй, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй хичээлийг заадаг МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш нар, улсын болон хувийн их дээд сургуулиуд, Говь-Алтай, Дорнодговь, Дархан-Уул аймгийн их дээд сургуулийн 40 гаруй багш нар хамрагдлаа.

Тус сургалтанд хамрагдсан МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б. Болорчимэг “Энэ сургалтын хөтөлбөр болон семинараар дамжуулан Монголын хорт хавдартай өвчтөнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагчийн чадварыг сайжруулах, гэр бүлийнхний асаргаа сувилгааны чадварыг дэмжих, үр дүнд суурилсан сургалтыг хэрэгжүүлэхийн тулд хичээлийн төлөвлөгөө болон зохион байгуулах аргын тухай сурч авлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

Манай улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүний амь нас хохирч, 1000-1200 хүн хүндэвтэр хүнд гэмтэж бэртэж байна. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1004 хүн хүндэвтэр, хүнд гэмтэж, 535 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 11.9 хувиар, нас барсан хүн 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт амь насаа алдсан хүмүүсийн 20.5 хувь буюу 110 нь мотоциклтой хөдөлгөөнд оролцсон гэх судалгаа байна.

Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.

Энэ оны эхний 11-н сарын байдлаар мотоциклтой холбоотой 474 осол гарсны 385 буюу 81,2 хувь, 110 хүн нас барсны 107 буюу 97,3 хувь нь орон нутгийн замд гарсан байна.

Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа, гулгаа үүссэнээс авто замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, учирч болох хор хохирол, осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хооронд “Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” захирамжийг Аймгийн засаг дарга нар гарган өөр өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж байна.

“Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” аймгуудын засаг даргын захирамж гарснаас хойш мотоцикл унаж хөдөлгөөнд оролцсон 29 осол бүртгэгдсэний 27 буюу 93.1 хувь нь орон нутгийн замд гарч 6 хүний амь нас эрсэдсэн байна.

Тухайлбал:

2019.11.05-ны өдрийн 17.20 цагийн орчим Өвөрхангай аймаг Уянга сумын 6-р багийн нутаг “Зүүн улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 28 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож жолооч Б нас барсан байна. Жолооч 51 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцжээ.

2019.11.04-ний өдрийн 03.20 цагийн орчим Баян-Өлгий аймаг Сагсай сумын 4-р багийн нутаг “Улаан дэлийн усалтын талбай” гэх газар /сумын төвөөс хойш 5 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй А нас барсан

2019.11.19-ны өдрийн 04:00 цагийн орчим үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг “Эзэрлэг” гэх газар /Дэлүүн сумаас баруун хойд зүгт 33 км/ жороон замд “Dayun” маркийн улсын дугаартай мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Н нас барсан.

2019.12.04-ний өдрийн 08.50 цагийн орчимд Увс аймгийн Өмнөговь сумын 3-р баг “Намир” гэх газар /сумын төвд/ асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай, эрэгтэй нас барсан.

2019.12.09-ний өдрийн 16:10 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М нас барсан байна.

Иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө аюул ослоос ангид байж, мотоциклыг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн, харьяатын газар улсын үзлэгт “Маш сайн” үнэлгээгээр дүгнэгдлээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т амжилттай хамрагдаж 96,75 буюу “Маш сайн” үнэлгээгээр дүгнэгдлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан хуваарийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд тус байгууллагад ажиллаж төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг 97 хувиар, байгууллагын архивын ажлыг 99 хувиар, албан хэрэг хөтлөлтийг 95 хувиар, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлсэн байдлыг 96 хувиар тус тус амжилттай дүгнэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданшатар: Банкны салбарын эрх зүйн орчин сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна

Монголбанкнаас “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт онол практикийн бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, нээж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгааг онцлоод, бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт хүлээж байгааг тодотгосон юм. Мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулсан юм. “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Банкны салбарын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Банкны салбарын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс олон сорилтыг даван туулж, шинэчлэлийг хийсэн бас нэгэн оныг үдэх гэж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэн богино хугацаанд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг эхлүүлж, банкуудын активын чанарт үнэлгээ хийх, өөрийн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, дунд хугацааны бизнес төлөвлөгөөг шинэчлэх, эрсдлийн удирдлагыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар санхүүгийн салбарын тогтвортой байдал сайжирлаа.

Төсвийн гадуурх санхүүжилтийг таслан зогсоож, төсвийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэн Засгийн газрын өрийн хэмжээг эрс бууруулснаар гадаад өрийн тогтвортой байдал хангагдсан. Бодлогын шинэчлэл хийсний зэрэгцээ гадаад нөхцөл байдал сайжирснаар бизнесийн зээлийн өсөлт сүүлийн 3 жилийн хугацаанд 15 хувийн орчимд тогтвортой хадгалагдав.

Өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш үргэлжлэн агшиж байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсөлттэй гарлаа. Үр дүнд нь зогсонги байдалд ороод байсан эдийн засаг сэргэж 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч өсөөд байна.

Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг банкны салбарын үйл ажиллагааг зохицуулсан багц хуулиудыг баталлаа.

Өнөөдөр л гэхэд Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Цаашид Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг олон чухал хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Банкинд итгэх ард түмний итгэл үлэмж нэмэгдэх болно.

Банкны салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж батлуулах

Банкны салбарын эрх зүйн орчин ийнхүү сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна. Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-д банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх, санхүүгийн захын дэд бүтцийг сайжруулах, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилтыг тусгаад байна.

Эрхэм оролцогчид оо,

Энэ зорилтын хүрээнд Та бүхнийг 3 асуудалд онцгойлон анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна:

1/ Засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай. Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоог нэмэгдүүлэн шинэ хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, зохистой засаглалын зарчмыг нэвтрүүлэх, дотоод хяналтыг сайжруулахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна. Иймд Төв банк, арилжааны банкууд энэ чиглэлээр тодорхой стратеги, төлөвлөгөө гарган үе шаттай хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах нь зүйтэй байна.

2/ Эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшинд буюу 5-6 хувьд байх төсөөлөлтэй хэдий ч эдийн засгийн бүтэц өрөөсгөл тул түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарал өндөр, эрсдэл даах чадвар сул хэвээр байна. Иймд банкны салбарт банкны үйл ажиллагааны олон улсын стандартыг нэвтрүүлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах, үүсч болзошгүй өөрийн хөрөнгийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан, чанартай эх үүсвэрээр бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.

3/ Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах нь чухал байна. Цаашид Монгол Улсыг “Саарал” болон бусад төрлийн эрсдэлтэй үнэлгээнд дахин оруулахгүй байх талаар бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хамтран ажиллахыг бодлого боловсруулагч, банкны салбарын удирдлага болон мэргэжилтэн Та бүхнээс онцлон хүсч байна.

Эрхэм оролцогчид оо,

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь ирэх оны зорилт, салбарын шинэчлэлийг хэлэлцсэн, бүтээлч, үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн хуулийг дээдлэн ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн идэвх зүтгэлтэй ажиллаж, банкны салбараа тогтвортой хөгжүүлэхэд хамтаараа зүтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Та бүхний өнөөдрийн арга хэмжээ болон цаашдын ажилд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа!