Categories
мэдээ цаг-үе

Ц.Ариунчимэг: Хүлээж цаг алдах, өөртөө итгэхгүй байх нь хүний хамгийн том дайсан

“Мөрөөдлийн монгол подкаст”-ыг хөтлөн явуулдаг Ц.Ариунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр подкастаараа хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг нийт сонсогчдодоо түгээхийг хүсдэг аж. Мөн мэргэжлийн сэтгэл зүйч Ж.Үйлсттэй хамтарч “Нэрээ нууцалсан захидал” хэмээх подкаст хийгээд эхэлжээ. Dreamon­golia.com сайтаар зочилж сонирхоорой. Ц.Ариунчимэг АНУ-д амьдардаг аж.


-Та бүхний бэлтгэн явуулдаг подкастыг залуус их сонсдог юм билээ. Ер нь яагаад подкаст хийх болсон бэ?

-Юуны өмнө танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Мөрөөдлийн монгол подкастыг хөтлөн явуулах болсон гол шалтгаан маань мөрөөдөл зорилготой, өөрийн салбартаа тодорхой хэмжээгээр манлайлагч залуусыг урин оролцуулж эерэг энергийг түгээх зорилгоор хийж эхэлсэн. Харин сүүлийн үед сэтгэл зүйч Ж.Үйлсттэй хамтран “Нэрээ нууцалсан захиа” гэдэг сэтгэл зүйн подкастыг “Мөрөөдлийн Монгол” сувгаас давхар хүргэн ажиллаж байна.

-Залууст зориулсан подкастуудаар юу хүргэхийг зорьдог вэ. Хамгийн сүүлд хийсэн хайраа хэрхэн илчлэх тухай подкастыг сонслоо. Залууст урам зориг өгөх, нандин, гэгээлэг сэдвүүдийг хөндсөн нь таалагдлаа?

-Баярлалаа. Сүүлийн үед подкаст маань сэтгэл зүйн сэдвээр түлхүү ярилцдаг болж байгаа. Яагаад гэвэл бидэнд бусдад ойлгогдох, бусдыг хүлээцтэй сонсох, бусдыг хайрлах, хайрлагдах хамгийн энгийн юм шиг хэрнээ хүн болгон тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй энэ сэдвүүдээр ярилцах нь зүгээр л нэг амжилттай байх, мөнгөтэй байх тухай ярихаас илүү чухал санагдаад байгаа юм. Цаашдаа энэ чиг хандлагаа хадгалан, гэр бүл, хосын харилцаа, хувь хүний хөгжилд зориулсан дугаарууд хийх төлөвлөгөөтэй байна.

-Та Америкт амьдардаг хаанаас яаж шинэ зүйл суралцдаг вэ. Өөрийн арга барил, туршлагаасаа хуваалцаач?

-Би сүүлийн үед сонсдог болон еbook маш их уншиж байгаа. Анх сонсдог ном сонсоход их эвгүй байсан ч яваа яваандаа нэг номыг уншихад хэдэн долоо хоног зарцуулах нь цаганд хэмнэлтгүй санагдах болсон. Сонсож байхдаа давхар гол санааг нь бичиж аваад тэрийгээ дараа нь дахин дахин эргүүлж харах нь илүү үр дүнтэй санагдсан. Мөн англи хэл сурч байгаа залуусдаа хүссэн англи номоо b-ok.cc сайтаас ямар ч үнэ төлбөргүйгээр ibook болон playbooks руу татаж аван уншихыг зөвлөж байна. Утсан дээрээ фэйсбүүк, инстаграм орохын оронд ebook уншиж болно. Мөн youtube дээр au­diobook гээд хайхад маш олон үнэгүй ном гарч ирдэг.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Тус номноос олж авсан хамгийн чухал зүйл юу байв?

-Би саяхан “Баян аав, ядуу аав” номыг аудио хэлбэрээр сонссон юм. Тэрнээс хамгийн их таалагдсан зүйл гэвэл “Сургуульд яваад сурч мэдэх дуусдаг биш, эхэлдэг байх ёстой” гэсэн үг, утга санаа юм. Энэ нь надад маш их таалагдсан. Одоо үед нэг сургуулийн дипломноос илүү аливаад бие дааж суралцах чадвар, мэдээллийг хурдан хүлээн авч түүнийгээ боловсруулан ашиглаж чаддаг байх нь илүү хэрэгцээтэй болж байна. Би подкастаараа залуучууддаа англи хэл сурахыг уриалах их дуртай. Яагаад гэвэл англи хэл сурснаар маш олон хэрэгцээтэй мэдээллийг авч, тэрийгээ бүрэн ашиглах нөөц бололцоо бидэнд байна. Монгол хэлэнд одоогоор салбар бүрийн хангалттай их ном, бичвэр байхгүй учраас тэр юм.

-Мөрөөдлөөсөө хуваалцаач. Мэдээж нууц биш бол шүү дээ?

-Би хоёр сарын өмнө сормуусны салон нээсэн. Одоогоор миний зорьж буй зүйл гэвэл жилийн дотор орлогоо гурав дахин нэмэгдүүлэх юм. Харин хоёр жилийн дотор 3-5 хүн бэлтгэн өөрөө бүтэн цагаар ажиллахгүй ч миний тусламжгүйгээр бизнес маань тасралтгүй явж байдаг системийг бүтээх зорилготой. Харин таван жилийн дотор Нью-Йорк хотод хэд хэдэн салбартай болохыг хүсч байна. Хэрэв сонсогчид маань уншиж байгаа бол намайг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөнийг мэдэж байгаа байх. Тэгснээ яагаад сормуусны салон ажиллуулж байгаад гайхаж болох юм. Яагаад гэвэл би сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орж чадахгүй дөнгөж Сиатлаас Нью-Йорк руу нүүгээд ирчихсэн, мөнгө санхүүгийн хувьд маш хэцүү байсан. Харин энд ирээд олдсон анхны ажил маань сормуусны салонд ажиллах байв. Эхэндээ ч мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаадаа өөртөө их гутарч байсан ч яваа яваандаа сормуус сайн хийхийг сурсан. Улмаар өөрөө студио нээе гэж бодсон. Нэг үгээр хэлбэл, ажил олдоогүй маань ч сайн хэрэг болсон. Хэрэв би загварын компанид ажилд орсон бол сард 2500-5000 ам.долларын цалинтай л ажиллаад явж байх байсан байх. Энд байрны түрээс, хоол, утас, гээд зарлага их өндөртэй тул олигтой ч хадгаламжгүй медиокр америк амьдралаар амьдрах байсан байх. Харин тийм зүйл болоогүйд маш их баярладаг. Одоо бүх зүйл цэвэр надаас шалтгаалдаг. Залуусдаа хандаж хэлэх нэг зүйл гэвэл амьдрал чамд лимон өгвөл түүгээр лемонэйд хийгээрэй. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицож, тэрийгээ боломж болгож сураарай гэж хэлмээр байна.

-Бахархалтай байна шүү. Олон залуу чамаас үлгэр дуурайл аваасай гэж хүсч байна. Надад маргаашийн аз жаргалынхаа төлөө өнөөдөр өөрийгөө үсдээд босгоорой гэдэг үг таалагддаг. Харин таны хувьд?

-Баярлалаа. Өөртөө би мэдэхгүй зүйл байсан ч түүнийг олж мэдээд яг одоо л хий гэж хэлэх дуртай. Ер нь бол “Ананд глобал”-ын Баярсайхан ахын хэлдгээр “Шууд шаа” гэдэг үг их таалагддаг. Хүлээж цаг алдах, өөртөө итгэхгүй байх гэдэг хүний хамгийн том дайсан. Тэр л бүх боломж, амжилтаас хойш татдаг.

-Миний хувьд ч бас уриа болгомоор үг байна. Ер нь өөртөө цаг гаргахын тухайд, өөртэйгөө ярилцахын тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Та маш чухал асуулт асуулаа. Хэн нэгэн хүнтэй үерхэлээ гээд, хамт амьдарлаа гээд, хичнээн завгүй байсан ч өөртөө заавал цаг гаргаж сурах ёстой. Үүний тулд залуу байгаа дээрээ их хөдөлмөрлөх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад залуучууд 28-35 насандаа гэрлэх нь маш элбэг байдаг. Яагаад гэвэл орчин үед санхүүгийн тогтвортой байдалгүйгээр хүссэн зүйлээ хийж амьдрах тун хэцүү болсон шүү дээ. Тиймээс залуу байгаа дээрээ их сурч мэдэж, ажиллаж, хадгаламж болон ассеттай болсоны дараагаар гэр бүлтэй болвол магадгүй долоо хоногтоо нэг өдөр хүүхэд хардаг хүн ажиллуулан нэг өдөр ч атугай хайртай хүнтэйгээ, эсвэл өөрөө дуртай зүйлээ хийх боломж гарах юм. Үүний тулд хийх бүх зүйлсээ төлөвлөх хэрэгтэй. Өөртөө болон хайртай дотны хүмүүсдээ цаг гаргаж сурах гэдэг маш том боловсрол.

-Чамд амжилт хүсье. Мөрөөдөлдөө заавал хүрээрэй?

-Тэгнэ ээ. Намайг урьж ярилцсанд маш их баярлалаа.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Баттогтох: Манай палеонтологи, археологи, түүхийн салбарууд дэлхийн хэмжээнд эрэмбэлэгдэж байгаа

Өчигдөр Монголын залуу эрдэмтэн, судлаачдын VI чуулган боллоо. Энэ чуулганд “Олон улсын шинжлэх ухааны чиг хандлага ба Монгол Улс” нэртэй гол илтгэлийг тавьсан Монголын Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтохтой ярилцлаа.


-Олон улсад нисдэг машин бүтээж, өөр гариг дээр очих тухай ярьж байхад Монголд шахмал түлш тойрсон хэмжээний л юм ярьж байна гэж шүүмжилдэг л дээ?

-Шинжлэх ухааны түвшинг харьцуулахдаа одооны нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжихөд хэд хэдэн гол хүчин зүйлүүд бий. Нэгдүгээрт, идеал санаа нь байх ёстой. Хоёрдугаарт, чадварлаг судлаачид байх ёстой. Гуравдугаарт, шинжлэх ухаан улс оронд хөгжихөд хамгийн чухал зүйл бол санхүүжилт. Өөрөөр хэлбэл, энэ судалгаа, шинжилгээг хийхэд асар их зардалтай, урт хугацаанд хийдэг учраас санхүүжилт чухал. Дөрөвдүгээрт, хандлага. Энэ дөрвөн хүчин зүйл дээр улс орнууд өөр өөрийн дэмжлэгүүдийг өгөөд явдаг. Мэдээж шинжлэх ухааны хөгжлийн түвшинд гурван судлагдахуун байна л даа. Суурь шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, технологи хөгжүүлэлт. Суурь шинжлэх ухаан нь байгалийн, юмс үзэгдлийн тайлал, онол талдаа хөгждөг. Энэ нь хэрэглээнд нэвтрэх эсэх нь хамаагүй. Хэрэглээний судалгаа нь жишээ нь утааны асуудал шийдэх, шахмал түлшний чанарыг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг хэрэглээний шинжлэх ухаанд чиглэгддэг. Технологи хөгжүүлэлт нь мэдээлэл технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулахад чиглэгддэг. Шинжлэх ухаанд ийм гурван салбар судлагдахуун байна. Монгол Улсад суурь шинжлэх ухаан руу хандах хандлага байгаа юм. Манай улсын судалгаа шинжилгээний ихэнх хувь нь тэр судалгаа руу явдаг.

Миний хувьд, суурь шинжлэх ухааны түвшинд Монгол Улс тийм ч доогуур биш гэж үзнэ. Яагаад вэ гэвэл хүн амдаа харьцуулахад эрдэмтдийн гаргаж байгаа, шинжлэх ухаанаас гаргаж буй гол бүтээгдэхүүн бол өгүүлэл. Шинэ мэдлэг өгч байгаа өгүүллээ олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд хэвлүүлдэг. Хэвлүүлдэг тоог нь хүн амтайгаа харьцуулахад тийм ч бага тоо биш. Бидэнд дутагдаж байгаа нэг зүйл байгаа нь зах зээл, хэрэгцээнд байгаа асуудлыг шийдэх судалгааг манай улс хийхгүй байгаа. Тэр судалгаа руу шинжлэх ухааны судлаачид маань илүү их чиглэх ёстой болоод байна. Улс орнуудад суурь гэж яриад байгаа шинжлэх ухааныг судалж байгаа хүмүүсийн тоо багасаад хэрэглээний, технологи хөгжүүлэлтийн судалгаа руу түлхүү орж байна. Тэгэхээр бид менежмэнт хандлагын хувьд тэр талын судалгаа, хөгжүүлэлт рүү анхаарах хэрэгтэй болчихоод байна. Үүнээс болоод манай иргэдээс “Шинжлэх ухаан хөгжихгүй байна” гэсэн гомдол ирдэг.

-Манай эрдэмтэд “Бидэнд бололцоо нь байна. Санхүүжилт дэмжлэг алга” гэдэг үгийг олон жил хэлж байгаа шүү. Шинжлэх ухаандаа анхаарч, төсвийг нь нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурийг хүмүүс ярьдаг?

-Аливаа улсын шинжлэх хөгжихөд нэг чухал хүчин зүйл байдаг. Чадварлаг эрдэмтдээс гадна санхүүжилт чухал. Санхүүжилтийг дэлхийн улс орнуудтай харьцуулахад, гадны орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулж, үр дүн гаргаж аваад тэрийгээ үйлдвэрлэл, амьдралдаа хэрэглэж байгаа. Гэтэл манай улс 0.16 хувиа зарцуулдаг. Манай салбарын сайд ч хэлж байсан шүү дээ. “УАЗ 469 машин унуулчихаад Land 200 унасан юм шиг давхи гэж шахаад байх юм” гэсэн. Ийм үзэгдэл төдий мөнгөөр шүү. Биднийг “Феррари”-гийн чадварлаг жолооч, машинтай уралдуулахын тулд ядаж тиймэрхүү машин бэлдэж өгөх хэрэгтэй байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр лаборатори тоног төхөөрөмж, туршилтаа хийх бололцоо, дэд бүтцийн асуудал, санхүүжилтийн асуудал. Тэр бүх асуудлуудыг шийдчихвэл бид илүү өндөр түвшинд ажиллах бололцоотой.

Асуудлуудыг сайжруулахын төлөө шинжлэх ухааны салбар ажиллаж байгаа. Бидний харьцуулалт, өрсөлдөх чадвар хэрэглээ, технологи хөгжүүлэлтийн талын судалгаан дээрээ жаахан дутмаг байгаа байх. Харин суурь шинжлэх ухааны салбар дээр палеонтологи, археологи, түүхийн салбарууд маань дэлхийн хэмжээнд эрэмбэлэгдэж байгаа.

-Дэлхийн шинжлэх ухааны цаашдын чиг хандлага ямар байна вэ?

-Салбар болгон дээр өөр чиг хандлага байна. Байгалийн ухаан, нийгмийн ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг, бизнес, техник технологи гээд тэр бүгд дээр өөр өөр чиг хандлагатай явж байна. Харин бүгдийг нь базаад харах нэг зүйл бол шинжлэх ухааны менежмэнтийн чиг хандлага. Улс орнууд шинжлэх ухаанаа хэрхэн хөгжүүлж, авч явж байна вэ гэхээр салбар хоорондын судалгааг илүү хийдэг болоод байна. Тухайлбал, агаарын бохирдол гэдэг асуудал бол зөвхөн утааг багасгах, түлшийг сайжруулах асуудал биш. Иргэдийн орлогыг давхар сайжруулах, хандлагыг өөрчлөх, энэ нь хүрээлэн буй орчны асуудал боловч энэ нь эдийн засгийн асар том асуудал. Нийгмийн соёл, харилцааны том асуудлууд ч явж байгаа. Иргэд өөрсдөө ядаж гэрээ дулаалж, дулаан алдагдлаа багасгах хэрэгтэй шүү дээ. Тэр бол хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлага. Тэгэхээр нэг асуудлыг судлахдаа зөвхөн утааг сайн судалдаг хүн байх биш түүнтэй хамт тал бүрийн асуудлыг судалдаг хүмүүс орж ирж судалгаа хийх ёстой гэсэн ийм судалгааны чиг хандлага дэлхийд явж байна. Нийгмийн асуудал бол зөвхөн нийгмийн асуудал биш. Экологи, эдийн засгийн асуудал давхар орж ирдэг гэсэн хандлага руу явж байна, дэлхийн шинжлэх ухаан.

Энэ дижитал ертөнц, дижитал хувьсгал, даяаршиж байгаа ертөнцөд нэгдэж, хамтарч судалгаа хийх хандлагууд давамгайлж байна. Хоёрдугаарх хандлага нь нээлттэй инновацийн тогтолцоо. Нэг судлаач шинэ технологи, мэдлэг гаргавал түүнийгээ аль болох олон улсын түвшинд гаргах хэрэгтэй. Тэрийгээ сейфэндээ нуугаад байх шаардлагагүй. Оюуны өмчөө хамгаалуулаад дэлхийн бусад хэрэгцээтэй хүмүүст тухайн технологио зарах, арилжаалах, хамтарч судлах боломжуудаа эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бол нээлттэй инновацийн тогтолцоо. Хуучин аж үйлдвэрийн зуунд дэлхий нийтээр яадаг байсан бэ гэхээр, нэг технологи гаргаж аваад тэрийгээ хадгалж байгаад түүгээрээ тэсрэлт хийж, шинэ үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүн гаргаж ашиг олдог байсан бол одоо гаргасан мэдлэгээ нээлттэйгээр тавиад тэнд байгаа Америкийн хөрөнгө оруулагчийг татаад, энд байгаа Японы үйлдвэрлэгчийг татаад, дээр нь өөрийн технологи, ижил төрлийн судалгаа хийдэг судлаачдаа сайжруулаад дэлхийн түвшинд бүтээгдэхүүн гаргах бололцоотой болсон. Тэрийг л нээлттэй иноваци гээд байгаа юм.

-Манайхан шинээр юм үйлдвэрлэж байна, шинэ бүтээгдэхүүн гаргалаа гэхээр л аль нэг орноос сэлбэг авчраад угсарчихаж байгаа харагддаг?

-Манай үндэсний брэндүүд гарч ирж байна. Угсарчихсан, Хятадын юм авчраад ингэж, тэгээд хийчихлээ, лого наачихлаа гээд байдаг. Тэрийг тэгж ойлгож болохгүй. Тэр чинь нээлттэй инновацийн зарчим байхгүй юу. Дэлхийн нийтэд тоон технологи, хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан руу нэвтрээд ороод ирчихсэн. Жишээ нь, сэтгүүлчид гар утас, дуу хураагуураа нэг өдөр гэртээ орхиод гараад ирлээ гэвэл ялангуяа энэ хурдтай ажилладаг хэвлэл мэдээллийн салбарын хүмүүст бол орчноосоо тасарчихсан юм шиг мэдрэмж төрөх байх. Цэнэг нь дуусчихаар хүмүүс яадаг билээ. Тэгэхээр энэ ухаалаг утас гэх мэт төхөөрөмжүүд чинь бол таны биеийн нэг хэсэг болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр ялгаа байхгүй шинжлэх ухаан ингэж орж ирж байна. Тэгэхээр бид тэрийг соргогоор мэдэрч цаашдаа хиймэл оюун ухаан, тоон технологи, дижитал хувьсгалын давуу талуудыг ашиглаж шинжлэх ухаанаа хөгжүүлэх нь чухал байна.

-Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач, эрдэмтэдтэй уулзахад өөрсдийгөө бага цалин авдаг гэдэг. Сардаа хэд орчим төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Эрдэмтэн, судлаачийн цалинг үе шаттайгаар нэмлээ. Одоо бол эрдмийн зэрэг дэвээсээ хамаарч 600-700 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ бол бүр бага цалин биш. Төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн цалингаас өндөр, төрийн захиргааны албан хаагчаас бага цалин. Хувийн хэвшлийн байгууллагуудын дундаж мэргэжлийн цалинтай тэнцэхүйц хэмжээний л цалин байгаа шүү дээ.

-Та ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Газарзүй, геоэкологийн чиглэлийн эрдэмтэн судлаачид ямар шинэ технологийг амьдралд нэвтрүүлээд байна вэ?

-Та бүхэнд хэрэглээний талын ганц хоёр судалгааны үр дүнгээс танилцуулъя. Тухайлбал, манай Газарзүй, геоэкологийн хүрээлэн дээр хоёр Старт-апп компанийг үүсгэсэн. Бид байгалийн шинжлэлийн судлагдахуун судалдаг ийм хүрээлэн учраас тэр болгон технологитой уялдаад шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээ нэвтрүүлэхэд хол. Гэхдээ манай тэр хоёр компанийн нэг нь загас үржүүлгийн компани. Нэг загас жилдээ 1000 орчим үр түрс шахдаг. Тэр түрснүүдээс байгаль дээр нэг нь амьдарч чадвал өндөр хувьдаа ордог. Гэтэл бид Туул голын эх дээр лаборатори байгуулаад тэндээ 70-80 хувийн технологи хөгжүүлэлт, туршилт хийсэн. Үүний үр дүнд тэр 1000 орчим түрсний 70-80 хувийг, 80-аас ч дээш хувийг нь амьдруулж чадаж байна. Тэгэхээр бизнесийн моделийн хувьд та бүхэн бодоод үзэхгүй юу. Нэг хувь байсныг 700-800 болж үржүүлэх бололцоотой тийм технологийг нутагшуулаад түүгээрээ дамжуулаад спорт загасчлал, загас үржүүлэг болон байгалийн загасны төрөл зүйлийг олшруулах, нөөцийг нэмэгдүүлэх ийм бололцоотой төсөл хэрэгжиж байгаа. Технологи, байгалийн хүчин зүйлийг ашиглаж загасны үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллавал гаднаас загас авах шаардлагагүй болох эсхүл спорт загаслалыг хөгжүүлэх бололцоотой болж байгаа юм.

-Нөгөө компани нь ямар төсөл эхлүүлсэн бэ?

-Шинжлэх ухааны аялал жуулчлал. Бид мөнх цас судалж, байгалийн тусгай хамгаалалттай газрууд гээд олон цэгт хээрийн ажил хийдэг. Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах чухал салбар бол шинжлэх ухааны аялал жуулчлал. Шинжлэх ухааны аялал жуулчлал гэсэн гарааны компанийг хөгжүүлж байгаа. Бид судалгаагаа хийнгээ гадаадын жуулчдыг авч яваад шинжлэх ухааны талаас нь тухайн үзэгдлийг тайлбарлаж өгнө. Тодруулбал, Монгол Улсын байгалийн онгон байдал, төрөл зүйлүүд, геологи газарзүйн тогтоцыг эрдэмтэд маань өөрсдөө тайлбарлаж өгөөд ажлаа хийнгээ мөнгө олох боломж. Энэ компани хөгжиж байгаа. Өнөө жил манай хүрээлэн олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 26 өгүүлэл хэвлүүлээд байна. Энэ бол өндөр тоо. Тэр болгон өгүүлэл хэвлэгдээд байдаггүй. Тэр бол бидний бүтээлийг дэлхийн түвшний бүтээл гэж үнэлсэн учраас тэдгээр сэтгүүлүүд манай өгүүллүүдийг нийтэлсэн.

-Залуу эрдэмтдийн маань амжилттай ажиллаж буй шинжлэх ухааны салбар гэвэл?

-Бүх л салбарт гайгүй ажиллаж байгаа. Хамгийн гол нь Монгол Улсыг цаашдаа, урт хугацаандаа авч явах салбар бол хөдөө аж ахуйн салбар байх бололцоотой гэж харж байгаа. Тийм учраас биологийн нөөц, хөдөө аж ахуйн нөөцүүдийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн, экологийн тэнцвэрт байдлыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл их чухал. Иймээс биологи, хөдөө аж ахуй, биотехнологи зэрэг хөдөө аж ахуйн чиглэлийн технологиудыг хөгжүүлэхэд нэлээд анхаарах шаардлагатай гэж бодож байгаа. Мөн анагаах ухааны салбар хөгжих бололцоотой. Тайланд, Солонгос улс Азийн орнуудын очиж эмчлүүлдэг гол газар болчихоод байна шүү дээ. Тэгэхээр чадвартай залуучуудаа түшиглээд анагаах ухааны шинжлэх ухаанаа хөгжүүлэх бололцоотой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Спикер Г.Занданшатар төрийн албан хаагчдаа зомби гэж доромжилж огцрох болзлоо хангав” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Спикер Г.Занданшатар төрийн албан хаагчдаа зомби гэж доромжилж огцрох болзлоо хангав” хэмээн өгүүлжээ.

Улс төрийн товчооны орлогч гишүүн Л.Лантуу “Ардчиллын залуусыг ямар ч байдлаар “янзлах” бололцоо байсан. Гэхдээ бидэнд тийм бодол байгаагүй юм шүү” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “АНУ-ын зах зээлд манай улс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт эдэлдэг” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Голомт банкны арилжааны хэлтсийн захирал, хөрөнгийн захын шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг “Эдийн засаг” нүүрнээс уншаарай.

Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат: “Шинэ жилийн үеэр иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож амь насаа алдах эрсдэлтэй байдаг” хэмээн “ Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал ““Монгол коммент” нэвтрүүлэг бол бид хоёрын залуу насныхаа эрч хүчээр хийж байгаа ажил” хэмээн ярьсныг “Нийгэм” нүүрнээс уншаарай.

“Улсынхаа тогтвортой хөгжилд шинжлэх ухааны байгууллага ямар үүрэгтэй оролцох вэ” нийтлэл “Шинжлэх ухаан” нүүрт хэвлэгдлээ.

Түүнчлэн “Нэг ангийнхан”, “Дэлхийн мэдээ”, “Хүүхдийн ертөнц” булангуудаа өнөөдхийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Магадлан итгэмжлэгдсэн спорт клубын тоо 13 боллоо

Шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фитнесс клубуудийг магадлан итгэмжилж, батламж олгожээ.

  1. Zaya`s
  2. Ханан жим
  3. Максимус
  4. Wise gym
  5. Титан
  6. Эмпайр
  7. Gold`s gym фитнесс клубуудийг өчигдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр хоёр жилийн хугацаатай магадлан итгэмжилжээ.

Харин “Adrenalin”, “Макс спиннинг”, фитнесс клубуудыг мөн өдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн байна.

Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн спорт клубын тоо 13 болж, иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний үйлчилгээг стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал, хөтөлбөрөөр хичээллэх боломж бүрдлээ.

Магадлан итгэмжлэгдсэн спорт клубын батламжийг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг гардуулжээ.

Спортын клубыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар магадлан итгэмжилж батламж олгодог байна.

Өмнө нь “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгдсэн юм. Эдгээр магадлан итгэмжлэгдсэн спорт клубт хичээллэж буй иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулах олгох журам гараад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улсын хилээр 15 сая төгрөг, түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болно

Монгол Улсын хилээр таван сая төгрөг болон түүнтэй дүйцэх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг хуулиар зөвшөөрдөг байсан бол энэ дүнг нэмэгдүүлж, 15 сая төгрөгт хүргэжээ. Өнгөрсөн сараас эхлэн Монгол Улсын хилээр орох, гарахдаа 15 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болох юм. Мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх мөнгөний хэмжээг Монгол Улс ийнхүү нэмсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөмж: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сурагчдын улирлын амралт эхлэхтэй холбогдуулан хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, хүүхдүүддээ зааж өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх дараах зөвлөмжийг гаргалаа.

Урьдчилан сэргийлэхэд:

  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулах
  • Улиралд тохируулан хувцаслах,
  • Идэвхтэй унтаж амраах,
  • Гарын ариун цэврийг сайтар сахих,
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байх,
  • Шаардлагатай үед амны хаалт хэрэглэх,
  • Амин дэм агуулсан жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэх /лимон, киви, мандарин, апельсин/ сонгино, сармистай хоол хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух,
  • Гадуур явсан тохиолдолд ирсэний дараа хамрын хөндийг угаах, цэвэрлэх,

Өвдсөн тохиолдолд:

  • Гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх,
  • Ханиаж, найтаахдаа ам хамраа таглаж алчуур цаас хэрэглэх,
  • Халуун бүлээн шингэн зүйл хангалттай сайн уух
  • Утлага хийх, хөлөргөх цэгэн иллэг хийх,
  • Хоолойгоо марганц, фуррациллин, содын уусмалаар зайлах, хамрын салстыг сонгино сармисны тосон хандаар арчих,
  • Бүлээн усанд хөлийг дүрэх, дараа нь хөлний уланд иллэг хийх,

Өвчний шинж тэмдэг даамжирвал аль ойр эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсоор айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Хоёр улсын төр засаг айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт талууд санал нэгдэв.

Мөн худалдаа, эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Отгонсүх: Шаардлага хангаагүй автомашин ачилтын компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар уулзалт хийлээ. Уг уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра, Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцов.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Иргэдээс автомашин ачилттай холбоотой нэлээдгүй санал гомдол ирсний дагуу өнөөдөр та бүхнийг дуудаж уулзаад байна. Авто машин ачилтын компаниуд иргэдийн машиныг ачихдаа гэмтээдэг, зогсоол дээр байхад нь ачих, хүн нь гарч ирээд гуйгаад уулзахаар мөргөх нь холгүй ачаад явах зэрэг гомдлууд баримттайгаа надад байна. Ачилтын компаниудтай холбоотой гомдол санал манай ажлын албанд ч, Засаг даргын албанд ч их ирсээр байна. Тухайн машин дүрэм зөрчиж зогссон бол бид ачих үүрэгтэй ч хүний эд хөрөнгийг буруу тээвэрлэн гэмтээх эрх, үүрэг байхгүй.

Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуйн нэгж байгууллага зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгалт явуулж, дөрвөн аж ахуйн нэгжийн гэрээг цуцалсан. Дахин шалгалт зохион байгуулан алдаа дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсныг улиралд нэг удаа болгож, манай Авто замын хөгжлийн газраас шалгалт хийж байгаа. Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас та бүхний үйл ажиллагаанд тогтмол хяналтаа тавьж, шаардлагыг хүргүүлж, зөрчлийг арилгуулах тал дээр ажиллана. Мөн иргэдэд НӨАТ-ын баримт өгдөг асуудлыг удаа дараа холбогдох газруудад нь тавьж байгаа. Энэ асуудлыг шийдүүлэх тал дээр бид өөрсдөөс хамаарах бүх ажлуудыг хийх болно. Програмын асуудлыг шийдүүлэх, ажлыг нь хурдлуулах тал дээр анхаарья” гэлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра “Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсан бол одоогоор улиралд нэг удаа шалгалт хийж байна. Энэ бол үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүд. Иргэдэд үйлчилж байгаа тохиолдолд Хууль зүйн яамнаас гаргасан сайдын тушаал НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Авто замын хөгжлийн газраас гаргасан гэрээ зэрэг олон бодлогын бичиг баримтыг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Буруутай автомашин байсан ч ачилтын үйл ажиллагааг явуулах жолоочдоо сургалт явуул, соёлтой үйлчил. Гурван удаа зарлан дуудна. Энэ тохиолдолд ирээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрлөөр ач гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг нэр бүхий аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргаж байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Гэрээгээ цуцална. Бид үйл ажиллагаа илүү сайжруулна” гэв.

Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар “Холбоо дөрөвдүгээр сараас хойш маш эрчимтэй ажиллаж байгаа. Бүх ачигч автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо холбооны зүгээс дөрвөн оператор компанитай ярилцаад мессеж тусгай дугаарыг гэрээ хийгээд авсан. Програм хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болох гэж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Компаниуд ачилтын автомашинуудаа нэмж байгаа болохоос үйлчилгээгээ сайжруулж чадахгүй байна. Энийг яаж сайжруулах вэ гэдгээ Нийслэлийн авто замын газартай ярьсан уу, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уулзсан уу” гэдэг асуулга тавиад “Хууль дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг ачиж болно. Ачаад явж байхдаа хүний эд хөрөнгийг авч яваа шүү гэдэг сэтгэлээр ажил явуул. Үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгжүүдээр явж газар дээр нь очиж ажиллана. Дүрэм журмынхаа хүрээнд ажиллаж буй эсэхийг шалгана. Стандарт шаардлага хангахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн хуулинд оруулж буй өөрчлөлтийг улс төрийн намууд эсэргүүцлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан парламентэд суудалгүй улс төрийн намууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл: “Улс төрийн намуудын зүгээс Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулинд оруулахаар 20 орчим санал гаргаж, ажлын хэсэгт хүргүүлсэн. “УИХ-ын сонгуульд оролцохоор байгуулагдсан эвслээс улс төрийн нам гарсан хэдий ч анх эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвсэлд байгаа тохиолдолд уг эвслийг хүчинтэй гэж үзнэ” гэсэн заалтыг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл эвсэлд нэгдэн орсон намуудын олонх нь байгаа тохиолдолд эвслийн эрх үүрэг хэвээр хадгалагдана гэсэн утгатай заалт байсан юм. Харамсалтай нь намуудын хүргүүлсэн саналуудын ихэнхийг татгалзаж, ердөө хоёр саналыг ажлын хэсгийн гишүүдийн олонхийн саналаар хүлээн авч, байнгын хорооны хурлаар оруулсан. Гэсэн хэдий ч дэмжлэг авч чадалгүй уналаа. Саяхан УИХ-аар Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүд 100 хувь дэмжиж баталсан. Үүнийгээ парламентийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа түүхэн алхам хэмээн сурталчилж байгаа. Гэтэл өнөөдөр талаас илүү хувь нь парламентад намууд эвсэж орж ирэхийн эсрэг санал өгч байна. Энэ бол Монгол Улс олон намын тогтолцоотой орон гэдэг нь худлаа, хоосон тунхаг юм гэдгийг тодоор харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна” гэв.

Мөн хурлын үеэр улс төрийн намууд сонгуулийг автомат төхөөрөмжөөр тоолохоос татгалзах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд сонгуулийн хар хайрцгийг ашиглан 250 орчим төрлийн зөрчил үйлдэгддэг. Хөгжингүй орнууд цахим санал хураалтаас татгалзсан. Гэтэл манай улс хоёр өдрийн дотор малаа тоолж чаддаг мөртлөө сонгогчдынхоо саналыг тоолж чадахгүй гэдэг худлаа. Ард түмэнд үндсэн хуулиас гадна сонгуулийн тухай хууль хамгийн их хамаатай гэдгийг онцлоод улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг энэ удаагийн парламент хязгаарлаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Хүн ам, орон сууцны тооллого эхлэхэд 20 гаруй хоног үлдлээ

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхлэхэд 20 гаруй хоног үлдэж байгаатай холбогдуулан өчигдөр Сүхбаатар дүүргийн тооллогын комиссын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдааныг дүүргийн Тооллогын комиссын дарга бөгөөд Засаг дарга Х.Болормаа нээж, дүүргийн түр товчооны дарга Д.Нарантуяа хороодын түр товчооны дарга нарт өрх хүн амын бүртгэл хөтлөлт, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчлэлт, баяжилтын явцыг танилцуулав.

Хуралдаанаар тооллогын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, ялангуяа иргэд registration.mn хаягаар дан танилт нэвтрэлтийн системд нэвтэрч, Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь өөрийн болон өрхийн гишүүдийн мэдээллээ шалгаж баталгаажуулах ажлыг хэрхэн сурталчлах талаар ярилцаж, хуралдаанаас нэгдсэн шийдвэр гаргалаа.

Хуралдааны төгсгөлд дүүргийн Тооллогын комиссын даргаас хорооны түр товчооны дарга нарт “Тооллого-2020” аяны хүрээнд удирдамжийн дагуу улсын томоохон тооллогын бэлтгэл ажлыг эрчимжүүлэн, сурталчилгааны ажлыг өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.