Categories
мэдээ нийгэм

Гэрийн нөхцөлд хуурамч архи үйлдвэрлэжээ

Image result for архи"

Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллийн дагуу НМХГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийн нөхцөлд нэр бүхий компанийн архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд хяналт шалгалт явуулжээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар гар аргаар архи үйлдвэрлэх нь хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архийг ямар спиртээр хийсэн, сав баглаа боодол, найрлага зэргийг тодруулахаар ажиллаж байна. Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, цэвэр байдал, шилний сэв, зэргийг сайтар харж албан ёсны худалдааны газраас сонгож авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“ENTREPRENEUR-2019” шагналтнууд

Image result for entrepreneur 2019 монгол"

МҮХАҮ-ийн Танхим Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилж “ENTREPRENEUR-2019” шагнал гардуулдаг ёслолын ажиллагааг зохион байгуулсан. 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.

“ENTREPRENEUR 2019” шагналтнуудыг танилцуулж байна.

Гран При:

  • Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

CACCI- Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбооны шагнал:

  • Монгол Эм Импэкс Концерн ХХК

Оны Онцлох 10 ААН:

  1. Оюу толгой ХХК
  2. Энержи Ресурс ХХК
  3. Номин холдинг ХХК
  4. Мобиком Корпораци ХХК
  5. Тэсо корпораци ХХК
  6. Сүү ХК
  7. M Си Эс Кока-Кола ХХК
  8. Монос Групп
  9. Ханбогд кашмер ХХК
  10. Өгөөж чихэр боов ХХК

Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер:

  • Монос хүнс ХХК
  • Жем интернэшнл ХХК

Экспортлогч Энтрепренер:

  • Гоёл кашмер ХХК

Хөрөнгө оруулагч Энтрепренер:

  • Наран их дэлгүүр ХХК

Импортлогч Энтрепренер:

  • Наран Фүүдс ХХК

Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер:

  • Очир ундраа ОМЗ ББСБ ХХК

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер:

  • Петровис Групп ХХК

Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер:

  • Оюу толгой ХХК

Инновац нэвтрүүлэгч Энтрепренер:

  • Баргил тех ХХК

Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер:

  • Одо экосистемс ХХК

Жижиг дунд үйлдвэрлэгч Энтрепренер:

  • Чиглэл ХХК

Тодорхой салбарын Entrepreneur номинацууд

Уул уурхайн салбарын Энтрепренер:

  • МЕРА ХХК

Барилгын салбарын Энтрепренер:

  • Монкон констракшн ХХК

Үйлчилгээний салбарын Энтрепренер:

  • Баянгол зочид буудал
  • Оюуны Ундраа Групп ХХК

Худалдааны салбарын Энтрепренер:

  • Скай хайпермаркет ХХК

Газар тариалангийн салбарын Энтрепренер:

  • Өгөөж Мандал Уул ХХК

Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер:

  • Мөнхийн үсэг ХХК

Хүнсний салбарын Энтрепренер:

  • Түмэн шувуут ХК

Тээврийн салбарын Энтрепренер:

  • Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

Аялал жуулчлалын салбарын Энтрепренер:

  • Макс Хотелс ХХК “Холидэй Инн Зочид Буудал”

Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер:

  • Бизнетворк консалтинг ХХК

Эрчим хүчний салбарын Энтрепренер:

  • М Си Эс Интернэйшнл ХХК

Банкны салбарын Энтрепренер:

  • Хас банк

Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер:

  • Инвескор ББСБ ХК

Үл хөдлөх хөрөнгийн салбарын Энтрепренер:

  • Ремон ХХК (Remax)

Даатгалын салбарын Энтрепренер:

  • Номин даатгал ХХК

Бусад салбарын Энтрепренер:

  • Зээлийн батлан даалтын сан
  • Грант Торнтон аудит ХХК

GREENPRENEUR 2019 НОМИНАЦУУД

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер:

  • Монцемент Билдинг Материалс ХХК

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер:

  • Мөнх Дэвжих Буян ХХК

Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер:

  • Хатандалай ХХК

Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер:

  • “Платинум ланд” ХХК

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер:

  • Айсмарк ХХК тус тус шалгарчээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоос 7 саналын томъёоллоор нь нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Гэвч төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Эрдэнэ нар дээрх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх чуулганы өчигдрийн хуралдааны санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжив. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр тогтов. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж одоо мөрдөгдөж байгаа бүртгэлийн тухай хуулиар иргэний регистрийн дугаар, овог нэр, байнга оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл нь хязгаартай мэдээлэлд багтдаг учраас сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр авсан улс төрийн намууд хувилж олшруулахгүй, тараахгүй байх үүрэг хүлээх учиртай тул энэ талын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Иймээс Байнгын хороо энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарахыг хуралдаан даргалагч чиглэл болгосон юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээд байв. Харин хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэв.

Ингээд хуралдааны явцад Улсын Их Хурлын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.

Энэ үндсэн дээр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн давхцал, зөрчлийг арилгах, хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн зарим хэсэг, заалттай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвслийн аль нэг нам даргаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжив. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.3.10, 33.3.12 дахь хэсэгт “авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эсэх талаар цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн төслийн “Хууль хүчин төгөлдөр болох” гэсэн 85 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг “Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн тодорхойлж тусгах саналыг дэмжсэн Байнгын хороо саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжив.

Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгох санал дэмжигдсэн болон хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохих зүйлд “сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах зөрчил гаргасан хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэсэг агуулгатай хэсэг нэмэхээр тогтлоо.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг санал хурааж дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дэгийн хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заасны дагуу хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Мөн гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зулын 25 өнөөдөр тохиож байна

Image result for Зулын 25"

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс билэгшээж, зул өргөж, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Өнөөдөр сүм хийдүүд энэ өдөрт зориулсан их хурал айлдаж байгаа юм. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон хээрийн удирдлагын штабын зориулалттай автомашинтай боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээн авч, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олгосон билээ.

Тэгвэл тус төслийн хүрээнд нийлүүлэгдсэн “Хээрийн удирдлагын штаб”-ын зориулалтаар ашиглагдах автомашиныг НОБГ-т хүлээлгэн өглөө. Ингэснээр гамшиг ослын голомтод шууд удирдлагаар хангах, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах боломж бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Спикер Г.Занданшатар төрийн албан хаагчдаа зомби гэж доромжилж огцрох болзлоо хангав

Монгол Улс бол парламентын засаглалтай орон юм. Хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их хурал. Тийм учраас Улсын Их хурлын дарга нь парламентын засаглалынхаа үүднээс улс орны тэргүүнд тооцогддог. Г.Занданшатарын хувьд Монгол Улсын тэргүүнд тооцогдох тийм өндөр албан тушаалтай хүн. Гэтэл тэрээр монгол төрийн албан хаагчдаа зомби буюу амьд үхдэл гэж доромжиллоо. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо ноён спикер төрийн албан хаагчдаа Энэтхэгийн кастын систем шиг хуваасан, тэгэхдээ тав хуваасан. Нэгд нь зомби буюу амьд үхдэл гэж хэлсэн. Хоёрт нь хорлон сүйтгэгчид гэж зарласан. Өнгөрсөн онд 810 сая төгрөгийн хохирол төрд учруулсан байна гэдгийг хэлсэн. Тэгээд гуравт нь муу гүйцэтгэгчид, ажлыг хагас дутуу чанаргүй хийдэг гэж цоллосон. Харин дөрөвт нь сайн гүйцэтгэгчид гэх боловч энэ хэсэгт маш цөөхөн хүн хамаарна гэдгийг онцолсон. Тавд нь ялагчид гэж байгаа боловч Занданшатарын хэлснээр энэ хэсэгт багтах хүн Монголын төрийн албан хаагч дунд байхгүй бололтой. Зомби болон хорлон сүйтгэгчид нийт албан хаагчдын ихэнх хувийг эзэлж байгаа ажээ.

Парламентын засаглалтай орны хууль тогтоох дээд байгууллагын дарга хүн төрийн албан хаагчдаа ингэж гутаан доромжилж, нэр төрд нь хэрцгий хандаж болохгүй ээ. Энэ бол арай хэтэрсэн, дэндсэн асуудал боллоо. Их хурлын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдаа ингэж гутаан доромжилсныхоо төлөө албан тушаалаасаа огцрох болзлоо хангалаа гэж үзэж болно. Парламент ёсыг, Монгол төрийг бэхжүүлэх үүрэгтэй Их хурлын дарга хүн төрийн албан хаагчдаа санасныхаа зоргоор доромжилж, байж боломгүй муухай үгээр дайрч давшлан нэр хүндэд ноцтойгоор халдсан нь эмгэнэл.

Энэ бол спикерийн байтугай Их хурлын гишүүний ёс зүйд нийцэхгүй. Төрийн албан хаагчаа амьд үхдэл болгон доромжилно гэдэг төрт ёсоо доромжилж гутааж байгаагаас ялгаагүй. Ер нь манай үе үеийн удирдлагууд, төрийн өндөр албанд очсон бүхэн төрийн албан хаагчдаа үзэж чаддаггүй нь сонин. Сүүлийн үеийн эрх баригчдаас П.Очирбат гуай, Н.Багабанди гуай хоёр л төрийн албан хаагчидтайгаа зүй ёсны хувьд харилцаж байсан байх. Бусад төрийн тэргүүн болоод Их хурлын дарга, Ерөнхий сайдууд төрийн албанд зүтгэж байгаа нөхдөө дандаа муулчилдаг, элдэв хоёроор хэлдэг. Ерөөс хамгийн гол дайсан мэтээр үзэж хонзогнодог. Авлигач, хулгайч, адгийн шаар, хүний мөсгүй гээд л есөн шидээр хэлж, занаж, зүхэж доромжилдог. Энэ бүхний төгсгөлийг Занданшатар гэдэг хүн ном ёсоор нь хийчихлээ. Төрийн албан хаагчдаа амьд үхдэл гэж хэлэхээс өөр ямар доромж байх билээ.

“Өдрийн сонин” Монгол төрийн албан хаагчдыг эрхэмсэг байх ёстой гэж үздэг. Тиймээс төрийн албанд зүтгэж байгаа хүмүүсийг хэрхэвч доромжилж болохгүй гэдгийг, тэдний гавьяа зүтгэлийг үнэлэх хэрэгтэй гэж үздэг. Гол учир нь төрт ёсоо дээдэлсэн төрийн албан хаагчид байсан цагт Монгол төр эрхэмсэг оршино.

Нийгэм цаг үе хөгжөөд төргүй болж, төрийн албан хаагч гэдэг ойлголт байхгүй болох үед л төрийн эрхэмсэг гэдэг ойлголт үгүй болох биз. Харин Монгол төр эрхэмсгээр оршиж байгаа цагт төрийн албан хаагчид мөн л эрхэмсгээр дээдлэгдэж байх учиртай. Түүнээс төрийн албаныхан гэдэг бол хэн дуртай дарга нь санааныхаа зоргоор доромжилж байдаг тийм хүмүүс биш л дээ. Ямар ч газар төрийн албан хаагч орж ирэхэд ард иргэд төрт ёсоо хүндэтгээд мэхийдэг, намсхийдэг байх ёстой. Тэгж байж монгол төрийн эрхэмсэг чанар хадгалагдаж, төрт ёс гэдэг ойлголт өндөрт өргөгдөж, төрийн албан хаагчдын үнэ цэнэ дээшлэн хүчирхэг далайцтай төртэй улс гүрэн болохын үүд хаалга нээгдэнэ. Төрийн албанд зүтгэж байгаа хүмүүс ч урам зориг орж, аливаа чадалтай чадавхтай байж, төрт ёсныхоо ажлыг нүүр бардам итгэл төгс хийх болно. Их хурлын дарга нь амьд үхдэл гэж хэлээд нохойноос дор үзэхээр төрийн албаныханд ямар байх билээ. Гэхдээ мэргэшсэн төрийн албан хаагчид гэж бид ярьдаг ч бусдыг хардаж сэрдээд байдагчлан төрийн алба төрлийн алба болж амьд үхдэлээр дүүрсэн байвал аюул. Хуучин цагт наад зах нь аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн шилдэг хүмүүс л төрийн албанд ордог байсныг санах хэрэгтэй. Нам дагасан нөхдөөр төрийн алба дүүрсэн бол бас бодох асуудал мөн. Гэхдээ ийм байлаа гээд нийт төрийн албан хаагчдыг, насаараа төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа төрийн хар хүмүүсийг зомби гэж доромжилж болохгүй.

Ер нь манай төрийн өндөр албан тушаалтнууд ард түмэндээ таалагдах гэж жигтэйхэн шударга, сайн хүн болох гэж жүжиглэхдээ өөрөөсөө бусдыг дандаа дорд үздэг. “Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай, Монголын төр чам шиг хулгайчаар дутахгүй” гэж зурагтын камерын өмнө хөмхийгөө зууж хэлснээр мундаг хүн болно гэж боддог. Тухайн агшинд өөрөө тодорч байвал хэнийг юу ч гэж хэлж мэднэ. Занданшатар яг ийм байдлаар тодрох гэсэндээ төрийн албаныхантай уулзах уулзалтынхаа үеэр төрийн хүний амнаас гарч болохооргүй үг хэлчихлээ. Төрийн албан хаагчидтайгаа ингэж ярьж, тэдэнд ингэж хандаж болохгүй ээ. Хаана, хэнд юу хэлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Манай Ерөнхий сайд сумын Засаг дарга нарыг Төрийн ордонд дуудаж зөвлөгөөн хийхдээ гэнэт л “юм” нь хөдлөв үү гэлтэй, “Ард түмний татварын мөнгө, авлигаар авсан алтан цаг, алтан бөгж, үнэтэй хөөргөө далд хий нөхөд өө” гээд попроод явчихсан. Түүнийг нь сонссон хөдөөх сумын Засаг дарга “Бидэнд юуных нь алтан цаг, алтан бөгж байх вэ дээ. Эцгээс дамжиж ирсэн нэг муу халтар манан хөөрөг л байх шив. Ерөнхий сайдыг тэгж хэлэхийг сонсоод энэ том дарга сайд нарт тийм үнэтэй зүйл байдаг юм байна” гэх зэвүү хүрсэн хэмээн халаглан хэлж байсан.

Манай дарга нар үнэхээр төрийн албан хаагчдыг нүүр хийх газаргүй болгож олны өмнө гөлөлзтөл загнаж хэл амаар доромжлон бах таваа хангадаг. Нэгнээ үзэж чадахаа байсан нийгэмд тэр нь сүрхий таалагддаг бололтой. Монгол төрийн хэн дуртай нь элдвээр зүхэж доромжилсоор байгаад ийм хөөрхийлөлтэй болгочихлоо. Дарга сайд бүхэн л төрийн албан хаагчид муу, би сайн гэх ойлголтыг түмэн олонд төрүүлэх гэж хичээх болсон. Төрд зүтгэж байгаа хүмүүс муу юм бол төрийг удирдаж байгаа чи ялгаагүй муу байж таарна. Ер нь тэгээд цэргээ доромжлоод дайнд ордог жанжин гэж хаана байсан юм бэ. Тэр жанжин яагаад ч дайны талбарт ялалт байгуулахгүй.

Монгол төрийн албан хаагчид бол Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын торгон цэргүүд юм. Хууль тогтоох дээд байгууллага, Монголын төрөөс хэрэгжүүлж буй бүх хууль дүрэм журмыг ард түмэнд хүргэж, улс орны хөгжил дэвшил суурь ухагдахуун, үндсэндээ улс орны оршин тогтнохуйн баталгаа болж явах хүмүүс төрийн мэргэшсэн албан хаагчид.

Занданшатар та Монгол төрийн дархлаа, төр оршихуйн үндсэн баталгаа нь болсон төрийн албан хаагчдаа амьд үхдэл зомби гэж доромжилчихоод ямар нүүрээрээ одоо хууль ёс, төрт ёс гэж ярих хэрэг вэ. Үе үеийн удирдагч нарт элдэв дээдээр хэлүүлж дорд үзэгдэн доромжлуулж ирсэн төрийн албан хаагчид тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр өөрсдийг нь амьд үхдэл болгосон Занданшатарыг Их хурлын даргын суудлаас нь огцруулах хөдөлгөөн өрнүүлэх нь мэдээж.

Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр яригдаж байна. Занданшатарын хувьд огцрох болзлоо хангачихсан нь гарцаагүй л дээ.


Categories
мэдээ нийгэм

Нэг настай хүүхэд угаартаж нас баржээ

Дөрвөн хүүхэд ээжийн хамт угаартан, нэг настай хүүхэд эмчилгээ авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, дээрх хэрэг энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитод гарсан байна.

Хүүхдүүдийн хамгийн бага болох нэг настай хүүхэд дүүргийнхээ эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч амжилгүй нас барсан бол 5, 7, 12 настай гурван хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгджээ. 5, 12 настай хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байсан учраас эмнэлгийн тусламж үзүүлэн буцааж, долоон настай хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Цагдаагийнхан тухайн өдөр хэргийн газраас сайжруулсан шахмал түлшний дээж авч шинжилгээнд явуулсан бөгөөд дээрх хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 21-нд Зулын 25, Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ой тохионо


Энэ сарын 21-нд өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу монголчуудын нэрлэж заншсанаар Зулын 25-ны билэгт сайн өдөр тохиож байна. Мөн Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ой давхар тохиож буйгаар ихэд бэлгэшээлтэй үйл явдал болж байгаа юм. Энэ бэлгэшээлтэй өдрийг тохиолдуулаад Жадо Ринбүчи багшийн айлдварыг сүсэгтэн олон та бүхэнд хураангуйлан хүргэж байна.

Богд лам Зонхов нь Бурхан багшийн бошгын дагуу бол Манзушир бодьсадвын хувилгаан ажээ. Богд лам Зонхов эхийн хэвлийд оршсон, лагшин мэндлэхэд нь гарсан олон сонин гайхамшигт шинж тэмдгийг ярихаа орхиё. Хамгийн гайхамшигтай нь юу байсан бэ гэвэл Богд Зонхов багаасаа хорвоогийн жамыг мэддэг, хорвоогийн юмс шимгүйг ухаардаг хүүхэд байжээ. Бид нар төрөлхөөсөө таван мэдрэхүйд буюу сайхан дүрс, дуу, амт, үнэр, хүрэлцэхүйд шунаж байдаг. Харин Богд Зонхов багаасаа хэн ч зааж тайлбарлаагүй атал таван мэдрэхүйд шунадаггүй, түүнийг шимгүй, хоосон гэдгийг ойлгодог байсан нь үнэхээр гайхамшигтай. Богд лам Зонхов эглийн дүрээр төрсөн боловч эгэл биш төрөлхтөн гэдгийн суурь баталгаа нь тэр юм. Богд лам Зонхов номыг ёс төдий сураагүй бөгөөд Бурхан багшийн аман зарлиг Ганжуур, цаашлаад Энэтхэгийн Нагаржуна тэргүүтэй мэргэн бандида нарын Ганжуурт хийсэн тайлбар зохиолууд болох Данжуур, ер нь тухайн үед Төвдөд байсан ном судруудыг маш гүнзгий няхуур үзэн судалж, харьцуулж хянасан байдаг. Яг л өнөө үеийн шилдэг профессорууд олон ном зохиолуудыг хооронд нь харьцуулан шүүж, үзэж судлаад, түүндээ түшиглэн судалгааны бүтээлүүд, шүүмж бүтээлүүд гаргадаг шиг. Түүгээр ч зогсохгүй сурч мэдсэнээ гарын авлага болгох (практик дээр батлах) буюу бясалгал бүтээл хийж, онол практик хосолсон эрдэм олсон нь бас л сонин гайхамшигтай. Энэтхэгийн эрдэмтэн Нагаржунагийн зохиосон ном бүтээлүүдийг үзэж байхдаа үг бүрийн номын утгыг дэлгэрэнгүй тайлбарлан тэмдэглэдэг, ном зүй хийдэг байж. Тэр үед ийм зүйл хийдэг Богд лам Зонхов шиг эрдэмтэн, лам бараг байгаагүй байх. Зохиосон номныхоо тоогоор бол Богд лам тийм ч гайхмаар биш, 18 боть ном л зохиосон. Төвдөд Пөтэн, Подон гэж хоёр Гэгээн байсан. Пөтэн гэгээн гуч, дөчин боть ном зохиосон бол Подон гэгээн 100 гаруй боть ном зохиосон гэдэг. Богд ламын зохиосон ном ердөө 18 боть ч чанарын хувьд харьцуулшгүй сайн юм. Яагаад гэвэл “Хоосон чанарыг би ингэж ойлгож авлаа, хоосон чанарын ийм эрдэмтэй боллоо” гэх мэт зөвхөн онолын мэдлэг төдийхөн өнцгөөр биш, харин онолын эрдмээ практик дээр баталсан хос мэдлэгийн үүднээс эх сурвалжид тулгуурлан номоо бүтээлээ туурвисанд байгаа юм. Богд лам Зонхов 100, 120 наслаагүй, ердөө 62 насалсан. Тийм боловч энэ богино хугацаанд санаанд багтамгүй их зүйлийг судалж мэдэж, хийж бүтээсэн байдаг. Таалал төгссөнөөс нь хойш өдгөөг хүртэл Богд ламынх шиг тийм гүн гүнзгий тайлбартай, чанартай ном бүтээлүүд гараагүй. Мөн таалал төгсөхдөө тарнийн ёсны төгсгөлийн зэргэмжийг бясалгаж, гэгээн гэрлийг барьж, төгс гэгээрсэн юм. Номонд хэрхэн шамдсан нь үнэхээр гайхамшигтай, түүнчлэн Буддын ном бүтээлүүдийг хооронд нь утгын хувьд ч, орчуулгын хувьд ч харгалдуулан хянан шүүж, тайлбар зүүлт хийсэн нь ч гайхамшигтай, түүнээс ч илүүтэй энэ бүгдийг анхааран авч онолд суурилсан практик эрдэм олсон нь бүр ч гайхамшигтай. Богд ламын үндэслэсэн гэлүгба урсгал буюу шарын шашны тухайд ярихад, мөнхрөх, тасрах хэмээх хоёр халилд уналгүй төв үзлийг үнэн зөв тайлбарласан байдаг. Яаж ингэж төв үзлийг яг үнэн зөвөөр тайлбарлаж вэ гэхээр Энэтхэгийн алдарт мэргэн бандида нар болох Нагаржуна гэгээн, Чандракирди, Аръяандэв гэгээн нарын бүтээсэн төв үзлийн номуудыг хооронд нь харьцуулан судалж, нарийн дүн шинжилгээ хийсэн байдаг. Иймд бид Богд лам Зонховын ачийг бас эрдмийг санаж залбирч байх нь чухал.

-Монголчууд яагаад Богд Зонхов хэмээх төвд хүний үндэслэсэн гэлүгба буюу шарын шашныг авах болов?

-II Далай лам Содномжамцыг Монголын Алтан хан урьсан. Тэр хоёр Монголд уулзсан. Ингээд III Далай лам эрдэм, энэрэл төгс дээд төрөлхтөн гэдгийг батлан мэдсэн Алтан хан болон ард иргэд, улаан сахиус түүний нөхөр сэлт, газрын эзэд, лус савдаг бүгд III Далай ламд шавь орсон. Ингэж XVI зуунд Монголд шарын шашин анхлан дэлгэрсэн ба III Далай ламын айлдсан Бодь мөрийн зэргийн “Тунгаамал алт” хөтөлбөрийг анхааран авч эрдмийн оргилд хүрсэн олон лам хуваргууд гарсан. “Тунгаамал алт” бол маш их адистидтай ном гэж монголчууд шүтдэг болсон. Яагаад гэвэл Бодь мөрийн зэргийн “Тунгаамал алт” хэмээх хөтөлбөр, тайлбарыг III Далай лам Монголчуудад зориулан зохиосон юм. Түүнийг монголчууд цээжилж, утга аньсыг нь бясалгаж, эш онолын эрдэм олсон төрөлхтөнүүд зөндөө олон төрөн гарсан. Монголчууд Богд Зонховын зохиосон Бодь мөрийн зэргийг анхааран авч бясалгаад эрдэм онолыг олж үр дүнг нь үзсэн энэ шалтгаанаар Богд Зонхов, түүний үндэслэсэн гэлүгба буюу шарын шашныг хүлээн авч ард нийтээрээ шүтэх болсон юм. Цаашлаад анхдугаар Богд Жавзандамба хутагт өндөр Гэгээн Занабазар эхлээд IX дүр хүртэлх бүх Богд Жавзандамба хутагтууд шарын шашин шүтдэг, Богд Зонховын ном бүтээлийг үзэж судалдаг байсан. Түүнчлэн Гунгаачойлин, Дашчойнпил, Идгаачойнзинлин хэмээх чойрын гурван дацан, Зүүн хүрээ бүгд Богд Зонховын ном бүтээлийг үзэж судалдаг. Ийм учир Монголын соёл, ёс заншил, зурхай, уламжлалт анагаах ухаан, гүн ухаан бүгд шарын шашинтай машид нарийн уялдаа холбоотой. Өнөө үед ч монголчууд Богд лам Зонховд мөргөж, залбирдаг хэвээрээ. Энэ жил Богд лам Зонховын жанч халсны 600 жилийн ой тохиож байна. Бид бүгдээрээ Богд Зонховтой номоор шүтэн барилдсан.

-Богд Зонховыг монгол удамтай хүн гэж монголчууд бид ярьдаг. Таны бодол?

-Тийм яриа байдаг. Богд Зонховын эцгийг Лүмбүгэ, эхийг Шинса-Ачой гэдэг байсан. Лүмбүгэ гэдэг монгол язгуур бий гэдэг. Яагаад гэвэл Богд Зонховын мэндэлсэн Түвдийн Амдо нутгийн (Hөх нуурын) Зонха гэдэг газар монголчуудтай маш их холбоотой, (монголчууд олноор суурьшсан) ялангуяа өвөр монголчуудтай нарийн холбоотой. Тиймээс Богд Зонховыг гарцаагүй монгол язгууртай гэж бодож байна

Categories
мэдээ нийгэм

Гаальд мэдүүлээгүй их хэмжээний мөнгө хураажээ

гааль зурган илэрцүүд

Гаалийн ерөнхий газар 2019 онд хууль бусаар бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсан долоон удаагийн зөрчлийг илрүүлжээ. Эдгээр долоон тохиолдлоор 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэдийн тухайд Монголын Гаальд мэдүүлэхээс гадна тухайн зорчиж буй улсынхаа хуульд заасан хэмжээнээс их мөнгө бэлнээр авч явж байгаа тохиолдолд мөн Гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай гэдгийг Гаалийн ерөнхий газрын ХМССТ-ийн ахлах багш, Улсын ахлах байцаагч Б.Энхбаатар анхааруулсан юм. “Манай иргэд Монголынхоо гаальд мэдүүлчихсэн юм чинь болсон гэж ойлгоод бусад орны хил дээр мөнгөө хураалгах тохиолдол маш их гардаг. Тиймээс Монголын хилээс гадна тухайн улсын хилээр нэвтрэхдээ хуульд нь заасанчлан авч явж буй бэлэн мөнгөө мэдүүлэх шаардлагатай. Гаальд мэдүүлсэн тохиолдолд бэлэн мөнгө хүссэн хэмжээгээрээ авч явах боломжтой” гэлээ.

Хэрэв гаальд мэдүүлэлгүйгээр их хэмжээний бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхийг завдвал мөнгийг нь улсын орлого болгон хураан авахаас гадна тухайн мөнгөний 30%-тай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэсийн тээвэрчид шилдгүүдээ тодрууллаа

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон 2019 оныхоо төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг шинэ он гарахаас 13 хоногийн өмнө бүрэн биелүүлж, 2020 оны ажилдаа шамдан ороод байна. Эрдэнэсийн тээвэрчид цехийнхээ өртөг зардлыг 5.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, нэг тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 23 төгрөгөөр хямдруулсан амжилттай ажиллав. Түүнээс гадна үйлдвэрийн газрын зүгээс тус цехэд 17,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, техникийн шинэчлэл хийсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтүүд хугацаанаас өмнө биелэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Амжилт, бүтээл арвин яваа Авто тээврийн цехийн хамт олон өчигдөр улирч буй оны ажлаа дүгнэн, шилдэг ажилтнуудаа тодруулан шинэ жилийн баяраа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглэлээ. Тус цехийн “Шилдэг шинийг санаачлагч ажилтан”-аар белазын засварчин Э.Улаанхүү, “Шилдэг удирдах ажилтан”-аар бүтээмж, инновацын мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн шалгарсан бол “Шилдэг ажилтан”-аар экскаваторын машинч Б.Баттулга, механик Б.Содгэрэл, автобусны жолооч Х.Сандагдорж, Д.Болдбаатар, ачигчийн жолооч Д.Бямбасүрэн, белазын засварчин Ц.Пүрэвбат, О.Тэмүүжин, У.Энхбаясгалан, жолооч М.Бат-Эрдэнэ, М.Амарзаяа, сантехникийн засварчин Г.Сугарсүрэн, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин Б.Баттөр, манаач Ц.Цолмонтуяа нар тодров. Харин “Шилдэг хамт олон”-оор А.Батдорж даргатай Эрчим зүйн алба, “Шилдэг шинийг санаачлагч хамт олон”-оор Т.Баярбат даргатай Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийнхэн тодорч, шагналаа гардлаа.