Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөвлөмж: Амин дэмээр баялаг хүнс хэрэглээрэй

Томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өвчилж байгаа тул нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. Гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцолжээ. Тиймээс эмнэлгээс гарсны дараа асаргаа сувилгааг үргэлжлүүлж хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэйг нийт эцэг эх асран хамгаалагчдад зөвлөж байна.

Юуны түрүүнд хүүхдийн дархлааг сайжруулж, гадуур гарахад нь амны хаалт тогтмол хэрэглүүлэх, давс, содын уусмалаар хоолойг нь зайлах, аарц, аньс, чацаргана, нэрс зэрэг халуун шингэн зүйл тогтмол уулгахыг эмч нар зөвлөж байна.



Categories
мэдээ цаг-үе

Хийн хоолойг Монголоор дайруулахад Орос “толгой дохилоо”, харин Хятад яах бол?

Ерөнхий сайд асан М.Энхсайхан одоогоос жил гаруй өмнө www.paxmon­golica.com цахим хуудсандаа “Одоохондоо уул уурхайн түүхий эдээс зөвхөн газрын тос, байгалийн хий л улс орнуудын хэрүүлийн алим болж байна. Зэс, нүүрс, бусад уул уурхайн нөөц бол цаашаа л байна даа.Ойрхи Дорнод, Иран, Ирак, Сири тойрсон элдэв дайн дажины цаана газрын тос, байгалийн хий байгаа. Сири Ирантай нийлж хийн хоолой барих санаархлынхаа төлөө иргэний дайнтай золгосон гэх. Үнэнд тун ойрхон байж мэдэх хувилбар. Байгалийн хий бүхий орнууд бүгд л Европын зах зээл дээр гарах гэж эрмэлзэж буй. Тэдний нэг нь Орос орон. Байгалийн хийн нөөцөөр Орос орон дэлхийг тэргүүлж буй.Орос орон Европт болон Хятадын зах зээлд байгалийн хийгээ нийлүүлэх хүсэлтэй. Түүний илрэл нь “Nord Stream 2”, “Сила Сибири” гэх мэт төслүүд” гэж бичиж байв. Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан өдрүүдэд хийн хоолойг Монголоор дайруулж тавих тухай хорин жил үргэлжилж буй яриа дахин сэргэж байна. Ерөнхий сайдын айлчлалтай зэрэгцээд М.Энхсайханы жилийн өмнө онцолж бичиж суусан “Сила Сибири” буюу “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой ашиглалтад орчихлоо.

“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор Орос хийгээ нийлүүлж, Хятад худалдаж авна. Энэ төсөлд хойд хөршийн “Газпром”, урд хөршийн үндэсний нефть-хийн корпорацийн CNPC хамтарч буй. 3000 км урт хий дамжуулах хоолойн өртөгт ОХУ 50 тэрбум ам.доллар зарцуулсан. Хийгээ зараад нөхөх боломжгүй их мөнгө гэж эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. “Сибирийн хүч” шиг хийн хоолойн аварга төсөл замдаа том хэрэглэгчгүй бол үр ашиг багатай байдаг. Оросоос шууд Хятад руу дундаа ямар нэг хэрэглэгчгүй нь “Сибирийн хүч”-ийг эдийн засгийн ашиг багатай гэж тодотгоход хүргэж байгаа. Товчхондоо ОХУ-ын хувьд ингэж их мөнгө заран байж хөдөлсөн нь цаанаа улс төрийн утгатай гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлж байна. Хойд хөршийн тухайд хийгээ Европт зарах төлөвлөгөө, зорилго нь хүндрэл, саадтай яваа. Ийм шалтгаанаар шинэ гарц хайж Хятадтай гар барьсан гэх өнцөг, тайлбар дуулдаж эхэллээ. Хийн хоолойд нэг сул тал байдаг. Нийлүүлэгч нь нэг, хэрэглэгч нь нэг учраас жинхэнэ зах зээл биш хэмээдэг. Нийлүүлэгч нь нэг, хэрэглэгч нь нэг байх нь монополийг үүсгэдэг гэсэн дүгнэлтийг эдийн засаг гадарлах хэн ч хийчихнэ. Нийлүүлэгч тал дургүйгээ хүрвэл крантаа хаахад хэрэглэгчид эрсдэл үүснэ, хэрэглэгч авахгүй гээд гөжихөд л нийлүүлэгч аргаа барах учраас зах зээл утгаараа хөгжсөн улсууд дан ганц хийн хоолойд найр тавьдаггүй.

Байгалийн хийг хэрэглэгчид хүргэх тээвэрлэлтийн хоёр арга бий. Нэг нь “Сибирийн хүч” төсөл шиг шууд хийн хоолойгоор дамжуулж хэрэглэгчдэд хүргэх. Нөгөө нь байгалийн хийг шингэрүүлж савлаж, тээвэрлэж, буцаагаад хийн төлөв байдалд шилжүүлэн хэрэглэгчид хүргэх арга. Европ, барууныхны тухайд хоолойгоор газ авах шийдэл гаргалаа гэхэд шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийг хослуулах шийдлийг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, байгалийн хийг хоолойгоор авахын зэрэгцээ шингэрүүлсэн хэлбэрээр тээврээр авч байж эрсдэл багатай аж төрнө гэж хардаг. Хийн хоолойн дамжуулалт, шингэрүүлсэн хийн тээвэрлэлт өрсөлдөж байж зах зээл талаасаа ноцтой асуудал үүсэхгүй, нэг нь нөгөөгөө нөхөөд явчихна гэсэн үг. Үүний шалтгааныг М.Энхсайхан “Хийн хоолойгоор байгалийн хийг Европ руу тээвэрлэх нь алсдаа Европыг Оросын монопольт байдлаас хараат болгоно гэсэн болгоомжлол байдаг. Хэрүүлийн гол сэдэв нь энэ болов уу” гэж тайлбарлав.

“Сибирийн хүч”-ийн хоолой Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хилийн бүсэд орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Өөрөөр хэлбэл Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй ингэж холбогдох юм. Цаашлаад өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулна. Энэ аварга хоолой 2025 онд бүрэн хүчин чадлаараа хий дамжуулж эхэлнэ гэсэн мэдээлэл цацагдаж байна. Оросын талаас уг хоолойг хариуцах “Газпром” таван жилийн өмнө урд хөршийн үндэсний нефть хийн корпорацитай 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын хий нийлүүлэх үнийн дүнтэй гэрээ байгуулсан юм. Энэ гэрээ “Газпром”-ын түүхэнд “хамгийн том” гэсэн тодотголтойгоор хэрэгжиж байгаа.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр В.Путин хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг судалж үзье гэсэн утгатай үг унагаад байна. Тэгтлээ найдах үг мөн биш гэж дүгнэхээ түр азнаад Оросоос хий худалдаж авах Хятад руу өнгийгөөд үзье. Хойд хөрш толгой дохилоо гэж бодоход урд хөрш ОХУ-аас хий авах тал дээр ямар бодлого барьж явааг анзаарах хэрэгтэй. Худалдан авагч тал толгой дохиж байж Монголын нутгаар хийн хоолой тавигдах эсэх асуудал яригдах учраас. Оросын эрчим хүчний бодлогыг сөхөөд харахаар газын хоолой асар ихээр барьж буй.

Герман, Итали гээд зүүн, баруун Европын хийн хэрэглээний дийлэнхийг хангаж байгаа, сүүлийн үед алс дорнод руу түлхүү хандаж эхэлсэн ОХУ алсдаа Ази, Европыг холбосон эрчим хүчний гол удирдлагын төв болох амбицтай. 250 тэрбум шоо метрээр хэмжигддэг хийн экспортоо арван жилийн дотор 50 орчим хувиар нэмнэ гэсэн тоо гаргачихсан яваа. Гэхдээ хойд хөршийн энэ амбиц ажил болох эсэх нь Хятадаас шууд шалтгаална. Гэтэл Хятад улс Оросын амбицыг хүлээн зөвшөөрөх орон мөн үү? 110 тэрбум шоо метр хийн хэрэглээ нь 210 тэрбум шоо метр давах прогноз гарсан Хятадын хувьд Оросоос их хэмжээний хий экспортлохоос өөр арга байхгүй юу? Сая онцолсон хоёр асуултад хариу хайя.

ОХУ-д эрчим хүчний салбарт 2030 он хүртэл баримтлах бодлого гэж бий. 2035 он хүртэл эрчим хүчин дээрээ ямар бодлого барихаа ч харчихсан яваа. Сүүлд боловсруулсан 2035 он хүртэл эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичигт бидний хувьд анхаарахгүй орхиж болохгүй нэг өгүүлбэр дурайж байна. Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээр маш удаан байгаа гэсэн утгатай өгүүлбэрийг “Энергетическая стратегия Россий на период до 2035 года” гэсэн төслөөс харчихаж болно. Нэг нь хийгээ нийлүүлчих гээд, нөгөө нь хөдөлж өгдөггүй бэрхшээл ОХУ, Хятадын харилцаанаас тод харагддаг. Нэг тод жишээ нь сая ажил болсон “Сибирийн хүч”. “Сибирийн хүч” төслийн тухайд олон жил ярьсны эцэст биеллээ олсон ажил. Урд хөрш эрчим хүч, тэр дундаа хийн хэрэглээгээрээ аль нэг улсаас хамааралтай байх бодлого барьдаггүй. Хойд хөршийн тухайд алс Дорнодын чиглэлд хийн хоолой татаж, газ нийлүүлэх сонирхол өндөр ч нөгөө талд урд хөрш Оросоос их хэмжээний хий авахгүй байх бодлого барьж яваа. Хятадын хийн хэрэглээний 60-70 хувийг Туркменистан дангаараа нийлүүлдэг. Далай талаасаа Австрали, Катар гэх мэт нийлүүлэгч бий. Туркменистаны хувьд жижиг улс учраас яаж ч харсан Хятадтай зиндаархахгүй. Харин Оросын хувьд огт өөр дүр зураг харагддаг. Хүчирхэг цэрэг армитай, дэлхийн их гүрнүүдийн нэг. Ийм улсаас хийн хэрэглээгээрээ хараат аж төрөх хүсэл Хятадад байхгүй нь хэтэрхий тодорхой асуудал. Сая ашиглалтад орсон “Сибирийн хүч”-д хятадууд зүгээр ч нэг толгой дохиогүй. Эрчим хүчний хэрэглээгээ төрөлжүүлэх бодлогоор Си дарга Путинтай гар барьсан гэж учир мэдэх улс хэлж байгаа.

Хятадын эрчим хүчний хэрэглээний бүтцийг одоогоос 2050 он хүртэл харьцуулж харуулсан судалгаа бий. Нүүрсний хэрэглээ буурах нь тодорхой байна. Нүүрсний хэрэглээ буурах хэмжээгээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ огцом өсөх зураг гарчихаж. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт нь хий багтдаггүй. Хийг био түлш гэж тодотгодог. Хятадын эрчим хүчний салбарт био түлшний хэрэглээний хувь 2050 он хүртэл өөрчлөгдөхгүй гэсэн прогноз гарчээ. Бүр тодруулж хэлбэл биет хэмжээгээрээ өсөх ч нийт хэрэглээнд эзэлж буй хэмжээ нь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Товчхондоо урд хөрш ирэх хорь, гучин жилдээ лав хийгээр ангаж цангахгүй гэсэн үг.

Хийн хоолой асар их ашиг дагуулсан бизнес гэсэн ерөнхий ойлголт байдаг.

Оросоос Хятад руу чиглэсэн хийн хоолой хэр ашигтай ажиллах талаар хэдэн тоо сонирхуулъя. Зүүн Сибирээс Хятад хүрч байгаа хийн нэгжийн өртөг нь дөрвөн ам.доллар. Урд хөршид худалдаж буй үнэ нь 5-6 ам.доллар. Бүр тодруулж хэлбэл хойд 1000 шоо метр хий тутмаас хоёр ам. долларын ашиг олно гэсэн үг.

“Сибирийн хүч”-ийн тухайд 30 жилээр тооцож гэрээ байгуулсан бизнес учраас мөнгөн дүн нь томоор яригдаж байгаа.

Ингээд харахаар хийн хоолойг нутгаараа дамжуулсны төлбөрт учиргүй их мөнгө халааслаад сууна гэх горьдлого гэнэн ойлголт болж таараад байна. Хийн хоолой тавих төдийд мөнгө аваад сууна гэсэн ойлголт бас байхгүй. Тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж таарна. Хийн хоолой гэдэг газар дор булаад мартчихдаг зүйл биш. Хийн хоолойг нутгаараа дамжуулахын эрсдэл нь юу болохыг Зүүн Европын жишээнээс харчихаж болно. Жишээ нь, Украин байна. Нутгаар нь дайруулсан хийн хоолойн асуудал хурцдаж, улсаа хэд хуваалгаж байж нэг юм намжсан. Хятад, Оросын засаглал манайхаас өөр. Хоёулаа нэг хүний толгой, дохиураар хөдөлдөг. Ийм хөршүүдийнхээ нөлөөнд хэт орчихгүйн тулд гуравдагч хөршийн бодлого барьдаг ардчилсан Монголын хувьд анзаарах л өнцөг.

Энэ мэт эргэж харж, эргэцүүлж тунгаах олон асуудал хийн хоолойн эдийн засагт бий. Шууд тугаа намируулж, уриа хашгираад орох ертөнц биш гэдгийг нотолсон жишээ дэлхийд олон. Жишээ сонирхуулахын өмнө багахан оршил мэдээлэл өгье. Украины хэрэг явдлаас болж Оросын Европт гаргаж байсан хийн хоолойд асуудал үүсч хойд хөрш шинэ маршрут ярьж эхэлсний нэг нь “Туркийн урсгал” хий дамжуулах хоолой. Энэ урсгалыг нэлээд дээхнэ тохироод хэрэгжүүлэх шатанд явж байгаа. Гэрээ хэлэлцээр нь 2008 онд байгуулагдсан, одоо барилга угсралтын шатандаа яваа. Үүнээс гадна Хар тэнгисийн доогуур дахин нэг хоолой явж буй. Тодруулж Азарбейжаны хоолой. Энэ хоолойг Болгарын нутгаар дайруулна гэсэн тохироог Азербейжан Болгартай хийгээд байна. Хоёр тал өнгөрсөн аравдугаар сард за зүй болоод гэрээнд гарын үсгээ зурчихсан.

Болгар, Азербейжан улсууд гар барьсны дараахан буюу энэ сарын 4-нд В.Путин Сочид нэг мэдэгдэл хийгээдэхэв. Хойд хөршийн төрийн тэргүүний “Хийн хоолой барих ажлыг Болгар санаатайгаар саатуулж байна. Ингээд байвал бид өөр газраар барьж чадна шүү. Бидэнд Европ руу гарах өөр арга олдоно” гэсэн анхааруулга, шахалт ханхалсан мэдэгдлийн дараа Болгарын Ерөнхий сайд бидэнд саад болох санаа байхгүй гэсэн дипломат өнгөтэй үг унагасныг дэлхийн хэвлэлүүд онцолж мэдээлсэн. Болгарын ерөнхий сайд хариу байр суурь илэрхийлэхдээ “Бид НАТО-гийн бие даасан гишүүн орон” гэсэн үг хавчуулна лээ. Аль нэг улс орны дарамт шахалтад орчихоор орон биш шүү гэсэн утга ханхалсан үг мөн үү гэвэл мөн. В.Путины бухимдал Медведевийн Болгарт хийсэн айлчлалаас эхтэй. Хойд хөршийн Ерөнхий сайд Болгарт айлчлахдаа хийн хоолойн асуудлаа яг таг болгох гэж л дээ. Гэтэл өнөөдүүл нь тоймтой байр суурь хэлэлгүйгээр явуулчихаж. Айлчлалынхаа дараа Медведев “Болгарын тал баталгаа өгсөнгүй” гэж мэдэгдсэн нь цагаан дээр хараар дурайж байна. Болгар Орост нүүр өгөөгүй хэрнээ Азербейжантай гар барьж тохироо хийсэн нь В.Путиныг мэдэгдэл хийхэд хүргэсэн хэрэг. Путины бухимдал хоёр шалтгаантай. Эхнийх нь Азербейжан гэж шинэ өрсөлдөгч Европын зах зээлийг нь хуваалцахаар Болгартай гэрээ хийсэн явдал. Хоёр дахь шалтгаан нь Болгарын зөрүүдлэл. Болгарыг шахаж дарамталж буй энэ байдлаас “хийн хоолойг нутгаараа дайруулах тийм ч хүсэхээр зүйл биш” гэсэн дүгнэлт хийчихэж болж байна. Дахин тодотгоход их гүрний аясаар байхгүй бол улсаараа эвгүй байдалд ордог иймэрхүү жишээ ганц Болгараар тогтохгүй.

Хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг судалж үзнэ гэсэн Путины үгний ард бас нэг том болгоомжлол бий. Хийн хоолойн хувьд Украин улс Орост гашуун туршлага болсон. Украинаас болж ОХУ Европ гэх том зах зээл рүү шинэ гарц хайж элдэв юм болж яваа. Манайх шиг тогтворгүй орчинтой улсын газар нутгаар хийн хоолой дайруулбал эрсдэлтэй гэдгийг мань эр тооцчихсон суугаа нь тов тодорхой асуудал.

ОХУ Баруун Сибирь дэх байгалийн хийн том нөөцдөө дулдуйдаж Алтайн нуруугаар хийн хоолой татах сонирхолтой яваа. “Алтай” төсөл хэрэгжвэл багахан хэсэг нь Монголоор дамжих хувилбар эдийн засгийн ашигтай гэж хойд хөршийн эрдэмтэд онцолдог. Хойд хөрш хийн хоолойн “Алтай” төслөө боловсруулахдаа Монгол, Казахстаны нутгаар биш яг дундуур нь тавих тооцоолол хийгээд байгаа. Монгол, Казахстан хоёр улсын яг дунд 20 орчим км-ийн зурвас бий. Оросууд хийн хоолойгоо яг тэр зурвасаар дайруулан зурчихсан суугаа гэсэн үг. Энэ хувилбараар төслийг үргэлжлүүлбэл хийн хоолойн шугам Алтайн нурууны өндөрлөг дээгүүр тавигдана. Өөрөөр хэлбэл 3500 метрийн өндөрт тавигдана гэсэн үг. Дахин хэлэхэд ийм өндөрт хийн хоолой тавих асар өндөр зардалтай, зардал өртгөө бодвол Монголоор зурвас дайруулах боломжтой гэсэн хувилбар бий. Гэхдээ энэ хувилбар В.Путиных биш хойд хөршийн эрдэмтдийнх нь санаа. Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, аюулгүй байдлын мэргэжилтэн Эдвард Чоу “Алтай” төслийн талаар яг жилийн өмнө “Хэдийгээр яриа хэлэлцээнд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа ч миний бодлоор БНХАУ энэ төслийг илүүд үзэхгүй байх. Баруун Сибирь дэх Оросын хамгийн том орд газрыг “Алтай” төсөл дайран өнгөрч байгаагийн зэрэгцээ Европ руу нийлүүлэх боломж нь нээгдэх юм. Ингэснээр ОХУ-ын байгалийн хийн өрсөлдөх чадвар өснө. Харин БНХАУ-ын хувьд “Алтай” төсөл ямар ч ашиггүй” гэж дуугарсан удаатай.


Categories
мэдээ цаг-үе

“Тал нутгаасаа би эхэлдэг…“

Халимагийн энэ цаг үеийн нэрт яруу найрагч, орчуулагч, утга зохиолын зөвлөгч Василий Баирович Чонгонов 1956 онд Новосибирск мужийн Болотинск районы Ояш сууринд төржээ. Хойд- Осетиний их сургуулийн сэтгүүлчийн анги төгсөж, сонин сэтгүүлийн газарт редактор, зохиолчдын байгууллагад утга зохиолын зөвлөгч, мэргэжлийн орчуулагчаар ажиллаж иржээ.

В.Чонгонов “Тал нутгаасаа би эхэлдэг…”, “Сансрын ойсон дүр”зэрэг үглэл- шүлэг, шүлгийн номууд орос хэлээр туурвин хэвлүүлж, халимаг хэлний яруу найрагчдын олон ном мөн орос хэлээр орчуулжээ. Тэрбээр түүх, гүн ухааны их шуналтан, гүн бат мэдлэгтэн тул түүний яруу найргийн уянгын баатрууд цаг хугацаа, орон зайны хувьд өнгөрсөн үеийн түүхийн эх сурвалжтай нарийн шижмээр холбоотойг олон судлаачид санал нэгтэй өндрөөр үнэлсэн байна.

Яруу найрагчийн “Тал нутгаасаа би эхэлдэг…” номын үглэл-шүлгийн дээжээс монгол уншигчдадаа толилуулахаар бэлтгэлээ.

ТАЛ НУТГААСАА БИ ЭХЭЛДЭГ…

Нэгэн цагт шинэ ном гарахад шинэ сууцанд орсон юм шиг сонирхоцгоож:

Гэрийн эзэн сууцандаа ямар тавилга тавьж, амьдралаа яаж тохинуулж, өөрийгөө хэрхэн харуулж байна вэ? гэцгээдэг сэн.

Удалгүй гэрийн модон тавилга хуучирч сонин биш болно. Ном ч мөн үүнтэй адилхан… Уламжлалыг дагаж би өөрийн үглэлээ талын тухай шүлгүүдээр эхэлж байна. Дээрээ уужим тэнгэр нөмөрсөн уудам тал минь ямар болохыг та бүхэн харцгаана уу…

Аглаг тал нутгаасаа би эхэлдэг,

Агь, хялганаас би дуугаа эхэлдэг…

Алаг зүрх, бүхий л сэтгэлээрээ, би

Алтан талтайгаа амин холбоотой.

-Хар хорон санааг ялахын тулд

Хамаг сэтгэлээ чи зориулаа! гэж,

Уудам тал минь нэгэнтээ надад

Ухааруулж хэлсэн юм шүү дээ.

Өөрөө би хаана явлаа ч гэсэн,

Үүрийн туяаг яаж угтлаа гэсэн,

Өнө эртнээс ирсэн мэргэн үгс

Хоньчины түүдэгтэй гэрэлтнэм.

Аглаг тал нутгаасаа би эхэлдэг…

Атар талынхаа өмнө би үүрэгтэй,

Надад өөр ямар нэгэн шүүгч

Нарт хорвоод байхгүй шүү дээ.

Аглаг тал нутгаасаа би эхэлдэг…

Агь, хялганаас би дуугаа эхэлдэг.

Намуун салхины чиглэлийн дагуу, би

Нарийн өвсний шилбэ мэт найгадаг аа.

…Халимагийн тал дээр ардын оюун ухааны дээд оргил, алмааз эрдэнэ мэт “Жангар” гялалзан дүнхийнэ. “Жангар”-ын домогт улс орон “Бумба” тал нутгийн хүн болгоны сэтгэл зүрхэнд оршном. Гэвч харамсалтай нь, түүнийг хүн бүр оюунаараа гүн ухаарч нээж чадахгүй, бас түүнтэй энх тайвнаар аж төрж чадахгүй ажээ. “Жангар”-ын 12 баатрууд нь бол хүмүүний ертөнцийн 12 дутагдлуудтай, хилэнцтэй тэмцэх илд мөнийг халимагууд “Арванхоёр зүйл“ гэдэг юм. Таны сэтгэлд өн баян “Бумба” орон үүрд орших болтугай!

ЖАНГАР ТУУЛЬСИЙГ УНШААД…

-1-

Замын хажуу дахь өнчин ганц булш,

Ядарсан буурал жангарч өвгөн мэт ээ.

Зэврүүн намрын жихүүн хар шөнүүдэд

Бурханд залбирагч мөргөл үйлдэх мэт ээ.

Мөнх бусын газар тертөнцийн шуурга, салхийг

Буддын бурхад тоож үзэх хайхрамжгүй билээ.

Аранзал алдарт адуу гурван зуун жил гуниглан

Ар Монголын Хангайн ногоог сангалзана билээ…

-2-

В.Каруевт

Та Жангар туульс хэрхэн хайлахыг сонссон уу?

Түүнд тал нутгийн бүргэдийн хагшаа сонсогддог юм,

Түүнд жороо морины давхих төвөргөөн байдаг юм,

Түүнд бас

Орших уу, эс орших уу? гэх гунигт хашгираан буй юм.

Хайртай, Эх болсон орныхоо төлөө

Халимаг иргэн бид амиа алдсан нь олонтаа.

Амиа, миний бие алдвал нутгийн шороонд

Аягахан улаан цус, цагаан яс минь шингэнэ!…

Манай энэ самуун түгшүүртэй цаг үед эмэгтэйчүүдэд маань дээд зэргээр бишрэл элбэрэлтэй хандах ёстой. Ямар ч магтаалын үгс гоё биш аж.

* * *

Амраг бүсгүй минь! Чи харцаараа л намайг сэргээнэм,

Амраг бүсгүй минь, чиний өмнө өөрийгөө би зэмлэнэм.

Чи бидэн угаасаа хоёр эсрэг, тэсрэг цэнэгүүд ажээ

Чи минь мөнхийн эерэг, би чиний дэргэд сөрөг цэнэг ээ.

Намайг муулдаг хүмүүс Та хоёр тэс өөр хүн! гэж

Чамайг тэд нар ийн ятгадаг ч, чи сонсдоггүй юм.

Чамайгаа би Миний хайрт ногоон Дарь эх гэж

Чадахын хэрээр бурхан шажины шүтээн болгов!

Амраг хайрт бүсгүй минь ээ!

Аж төрөлд маань юу тохиолдсон ч

Энэ л насаараа, эцсийн амьсгал хураах хүртлээ

Энхрий ялдам царайг чинь шуналтайяа озон таалж

Эсэргэн шөнө ч хайрын үгсээ унших мэт илэрхийлнэм!

Заримдаа би өөрийгөө маш их өрөвддөг учир тийм сэтгэлийн байдлыг илтгэх энэ хоёр шүлэг тэрлэв.

* * *

Намрын гандсан ширүүн ногоо мэт

Нартын амьдралд тэнсэж явнам.

Хилэнцэт хорхой мэт өөрийгөө

Химлэн, бусдаас ялгаран байнам.

Харин урьд нь их аз жаргалтай

Хачин сайн сэтгэлтэй, эелдэг байлаа.

Урт хөл дээрээ зогсох царцаа мэт

Урин зуныг магтан дуулдаг байлаа.

Зуурдын настай царцаахай минь,

Зуны улирал өөр нутаг руу талийжээ.

Намрын шарласан ширүүн ногоо мэт

Налгар талдаа би ч уусан үгүй болноо.

Намрын улирал нь жилийн онцгой цаг үе учир олон уран бүтээлчид дуртай байдаг. Намар нь намуун дайсан нэртэй ч дуу хоолойн мэргэн цэцнээр бол оны эцэст тодорхой үр дүн гаргадаг.

* * *

Аагим зуны улирал буданд төөрч

Аль эрт дууссанаа мэдэхгүй буй за.

Яг ийн нисэхдээ шархадсан эм бүргэд

Ямбий далавч далиа чирэн сажилна.

Удахгүй хур бороо гунигтай дусална,

Удаан, аяархан эхэлснээ хүчтэй асгарна.

Хур бороо хашаа, хүрээн дээр дусална,

Хур бороо лошго ургамал дээр дусална.

Тэнгэрийн хаяа, өнжих тариан дээр

Тэнд бас өвөлжих тарианы түрүүн дээр

Намрын, нэн адгуу агтчин мэт салхин

-Хурдлаарай! гэж үүлэн сүргийг яаруулна.

ОРОС ХЭЛНЭЭС Х.ХАНГАЙСАЙХАН МОНГОЛЧЛОВ.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2019 оны 12-р сарын 21-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 12-14 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 21-ны 20 цагаа­с 12 дугаар сарын 22-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хэсгээр цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай нурууны өвөр бэлээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 23-ноос 12 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын мэдэгдэл

Image result for монгол банк"

Бодлогын хүүг хэвээр хадгалж, заавал байлгах нөөцийн хувийг тогтоох тухай

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.0 хувь байна. Нийлүүлэлтээс шалтгаалсан цөөн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь инфляцийн хэлбэлзлийг тайлбарласан хэвээр байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна. Цаашид инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна.

Экспортын үнэ харьцангуй таатай түвшинд хадгалагдаж, төсвийн зардал тэлж, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа ч гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарахаар байна. Ирэх онд төсвийн зардал тэлж, цалин нэмэгдэж дотоод эрэлтийг дэмжих боловч уул уурхайн салбарын өсөлт буурч, хөрөнгө оруулалтын өсөлт саарч эдийн засгийн идэвхжил тогтворжих төлөвтэй байна.

Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв.

Түүнчлэн Мөнгөний бодлогын хорооноос төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, улмаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хууль, тогтоолын төслүүд, санхүү, зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа

Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэцүүлгээр үргэлжлэв.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийгУлсын Их-Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг батлав.

Үргэлжлүүлэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсан.

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөлд зохицуулахаар заасан асуудал нь Хууль зүйн байнгын хороонд хуваарилагдан, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг давхардуулан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ тодруулга авсны дарааБайнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52,6 хувь нь дэмжив.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа

Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар санал хэлсэн. Гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулав. Иймд асуудлыг өргөн хүрээнд харж, нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь нь дэмжив. Иймд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг батлав

Хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулав.

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985.000 еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллаж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулжээ.

Зээлийн хугацаа 30 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0.08 хувь. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Санхүүгийн хэлэлцээр соёрхон тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэрасуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын О.Содбилэг, Х.Болорчулуун нарын зүгээс төсөлд дурдагдсан нисдэг тэрэгнүүд дотоодод байхад зээл тавьж гаднаас шинээр авах шаардлага байгааг тодруулахын зэрэгцээ Франц улсаас авах нисдэг тэрэгний үзүүлэлтүүүдийг лавлав.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хариултдаа, энэ төрлийн нисдэг тэрэг монголд байгаа ч, гэнэтийн яаралтай дуудлагын үед тухайн байгууллагад хандахаар өөр үйлчилгээнд явсан байдаг. Түүнчлэн хувийн аж ахуйн нэгжид байгаа нисдэг тэрэгний төлбөрт үйлчилгээ ньцагийн 3-5 мянган ам.доллар байдгийг онцлов. Мөн тэрбээр Франц улсаас авах нисдэг тэргүүд нь 4500 дээш өндөрт аврах, эрэл хайгуул хийх хүчин чадалтай, урсгал зардын хувьд харьцангүй бага,эрүүл мэндийн түргэн тусламж хүртээх, аврах, эрэн хайх чиглэлийн хэрэгслээр тусгалан тоноглогдсон байдаг гэж байлаа.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Дараа нь Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан. Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөнө. Зээл нь хүүгүй, Олон улсын валютын сангийн аргачлалаар хөнгөлөлтийн түвшин 40.47 хувь болно гэдгийг дурдсан.

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцсөн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулахдаа хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь дэмжив.

Санхүүгийн хамтын ажиллагаа, Зээлийн гэрээ, хэлэлцээрийн төслүүдийгсоёрхон баталлаа

Үргэлжлүүлэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн санхүүжилт болох 100 сая ам.долларыг Дэлхийн банкнаас авахаар тохиролцож, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоер дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээ соёрхон тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тулхуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь дэмжлээ.

Дараа ньМонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”- ийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” гэсэн зорилт дэвшүүлсэн. Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1.236 сая ам.доллар гэж тооцоолсон тул нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экслорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгад дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын гурав дахь удаагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг Вена хотноо 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү (жилийн) 0 хувь, зээлийн хугацаа 26.5 жил хүртэл, зээлийн үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөнө. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгагдсанаар хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуй, бусад нийгмийн дэд бүтцийн салбаруудын төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн аж.

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Австри улс соёл, урлаг тэр дундаа теартын барилгаар мэргэшсэн. Австричуудын хувьд теарын барилга, тайзны гэрэлтүүлэг зэрэг асуудалд мэргэшсэн тул тэрхүү чиглэлддэмжлэг үзүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлж байсан. Тиймээс улс орнуудаас авч байгаа буцалтгүй тусламж, зээлийг төрөлжүүлэх, чанаржуулах талаар барьж байгаа бодлого бий эсэхийг лавлав.

Сангийн сайд хариултдаа, Австрийн талаас энэ чиглэлээр санал тавьсан учир нэмэлт зээлийн хүрээнд соёлын салбаруудыг нэмсэн гэж байлаа.

Ингээд Байнгын хорооны саналаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыгдэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 62,5 хувь нь дэмжсэнээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр бүрэн арилсан гэлээ

Лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дууссан талаар өмнө нь НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байсан. эгвэл олон жилийн туршид хуримтлагдсан хур лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, үнэр тархдаг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамнаас үнэрийг арилгах төсөл хэрэгжүүлсний үр дүнд лагаас ялгарах үнэр бүрэн дарагдсан аж.

Хуримтлагдсан 250,000 м3 хур лаг болон байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь 600,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулжээ.

Лагийг боловсруулан гаргаж авсан бордоо, хар шороон хөрсийг цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгцээнд ашиглах нөхцөл бүрдэж байна.

Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өглөө оройдоо түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр мөн адил бүрэн ариллаа гэж Барилга, Хот байгуулалтын яамнаас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчинд 0-3 насныхан ихэвчлэн өртөж байна

Image result for Томуу, томуу төст өвчин"

Ханиад, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихэсжээ. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хувьд хоёр тасагт нийт 200 орны хүчин чадалтай бол ачаалал ихсэж орны тоог 140-р нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт 326 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 80 гаруй хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.

Томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өвчилж байгаа тул нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. Тодруулбал, гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Мөн дур мэдэн эм тариа хэрэглэх зэргээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байгааг хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Тиймээс анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцолжээ. Өөрөөр хэлбэл эмнэлгээс гарсны дараа хүүхдийн асаргааг үргэлжлүүлэн сайн хийгээгүйгээс болж дахин ханиад томуугаар өвчлөн хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол байдаг байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа асаргаа сувилгааг үргэлжлүүлж хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэйг нийт эцэг эх асран хамгаалагчдад зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

23-наас сурагчдын амралт эхэлнэ

Image result for сурагчдын амралт"

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. Сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал нийт 21 хоног амрана. Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 14 долоо хоног амрах хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Олноор нь агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явжээ

Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Монгол Улсын Амьтны тухай хуульд заасны дагуу агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаанд олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн нарт шилжүүлэн өгсөн байна.

Зөрчлийн тухайд:
– 2019.12.18-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Гүнтийн замд хяналт шалгалт хийх үедээ “Toyota Crown” маркийн хотын улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад хөлдөөсөн 15 ширхэг шар үнэг, 2 ширхэг хярс тээврлэж явсныг,

– Мөн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эмээлтийн товчоо орчимд үүрэг гүйцэтгэх үедээ “Kia Rhino” маркийн Завхан аймгийн улсын дугаартай автомашиныг шалгахад 10 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн.

Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр аливаа хууль бус эд зүйл тээвэрлэж яваа сэжиг бүхий этгээдийн мэдээлэл байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.