Categories
мэдээ нийгэм

Монгол иргэн Вьетнамд хулгай хийгээд үйлдэл дээрээ баригджээ

Вьетнамын нийслэл Ханой хотноо монгол иргэн халаасны хулгай хийж байгаад баригджээ. 1989 онд төрсөн А.Чингүүнжав нь Ханой хотын Хоан Кием дүүрэгт Солонгосын жуулчны эд зүйлийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаа нар хохирогчийн эд зүйл болох 100 ам.доллар, 300,000 вьетнам дон болон бусад бичиг баримт зэргийг сэжигтнээс хураан авч эзэнд нь буцаан өгсөн байна. А.Чингүүнжав нь өөр нэгэн дүүрэгт хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан ба хэргээ хүлээжээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Image result for Сайжруулсан шахмал түлш

Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Харин НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг болж байгаа аж. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзэн “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлажээ

Image result for төрийн албаны зөвлөл

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ.

Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

БҮРТГЭЛ: 2020.01.01-нээс 2020.01.30-нд явагдана.

ШАЛГАЛТ: 2020.02.07-ноос 2020.02.17-нд болно.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар: Нийт нутгаар сэрүүснэ

Image result for шуурга

Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулжээ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хэсгээр цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, Хангай нурууны өвөр бэлээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Харин арванхоёрдугаар сарын 23-нд буюу Даваа гаригаас баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, арванхоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арванхоёрдугаар сарын 25-нд зарим газраар, арванхоёрдугаар сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, арванхоёрдугаар сарын 26-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

21 дүгээр сургуулийн 1999 оны төгсөлтийн үлгэр жишээ тэргүүний хамт олон

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд маань 21 дүгээр сургуулийг 1999 онд төгссөн 10 “А” ангийнхан оролцож байна. 1989 онд энэхүү ангийг Мааяа багш даан авч байжээ. Тавдугаар ангиас нь Монгол хэл, уран зохиолын багш Л.Эрдэнэчимэг багш авав. Нийт 40 сурагчтай. 22 хөвгүүн, 18 охинтой. Уг анги сургуулиас зохиосон бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, ангиараа сурлага, урлаг, спортоор тэргүүний шилдэг анги байв. Салаа болгон даргатайгаас гадна ангийн дарга Г.Мөнхзул, охидын зөвлөлд Э.Ариунсанаа, Д.Сайнбилэг, даалгавар шалгагч Ж.Болортуяа, А.Соёмбо, А.Ариунтөгс, ариун цэвэр сахиулагч Э.Бямба, Б.Болор, М.Болортуяа, цэцэг арчлагчаар М.Эрдэмбилэг, С.Наранбаатар нар ажилладаг байжээ. Э.Ариунсанаа зургадугаар ангидаа, Г.Энх-Амгалан долдугаар ангидаа, сургуулийнхаа тэргүүний сурагчаар шалгаран жил дараалан энэ л ангийн сурагчдын зураг сургуулийн “Хүндэт самбар”-т заларчээ. Мөн наймдугаар ангидаа “Сургуулийн 40 жилийн ойн уралдаан”-д түрүүлэн, ангиараа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, 6, 7, 10 дугаар ангидаа “Сургуулийн тэргүүний анги”, урлагийн үзлэгийн аварга, Сагсан бөмбөг, волейболын тэмцээний сургуулийн аварга гээд сургуулийнхаа бүхий л үйл ажиллагаанд аваргыг л авдаг адтай анги юм. Ангийн багш Л.Эрдэнэчимэг ярихдаа “Би энэ жил 34 дэх жилдээ багшилж байна. Энэ анги минь 21 дүгээр сургуульд шилжин ирээд авсан анхны анги. Бага ангийн багш нь Мааяа гэж маш сайн багш байсан юм. Сайн багш байсан учир суурийг нь их зөв тавьж өгсөн. Суурь сайтай болохоор хичээлдээ бүгд жигд, идэвх чармайлттай, суугаад сурчихсан. Зөв бичих дүрмийн алдаа маш бага гаргадаг ажиллахад их амар хүүхдүүд байсан. Туршлагатай багш дээр хөгжчихсөн хүүхдүүд орж ирж байлаа. Аливаа зүйлд санаачилгатай, эцэг эхчүүд нь ч сургууль, багшийн ажилд тусалж дэмждэг. Бусад ангиудаа бүх талаараа тэргүүлдэг, сургуулийн соёлч анги байлаа” гэв. Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд болдог “Авьяас, чадвар”, Найрал дууны тэмцээнд байнга түрүүлдэг хамт олон байжээ. Ж.Болортуяа ярихдаа “Манай анги сургуулийн бүх л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нийтэч, тусч жигд анги байлаа. Энэ бүхнийг ангийн багш минь холбон зангидаж өгнө. Багш маш чанга, ангийнхнаа удирдан чиглүүлэхдээ гарамгай. Хувцас, зангиа, дуу гээд бүхий л зүйлээр жигдрүүлнэ. Багш нар манай ангид орж ирэх дуртай. Ангиа байнга цэвэрлэнэ. Цэцэг их тарина. Ангиа маш гоёор тохижуулна. Анги даасан багш маань Монгол хэл, уран зохиолын багш байсан болохоор дэлхийн болон Монголын алдартай зохиолчдын зургийг ханандаа өлгөнө. Бүх хүүхдүүд цагаан цамц, зангиатай. Сургуулийн үлгэр жишээ анги байлаа” гэв. Наймдугаар ангид байхад нь сургууль дээр “Байгалийн ухааны гүнзгий анги” анх удаа нээгдэж, манай анги тэр чиглэлээр явах болсон. Математик сэтгэлгээ сайтай байсан учир математикийн анги болсон. Математикийн Болормаа багш нь ч тэргүүний ангитай сайн ажилладаг байсан гэнэ. Д.Оюунгэрэл ангийнхаа тухай дурсахдаа “Сургуулийн урлагийн үзлэгт манай ангийнхан өдөр шөнөгүй бэлдэнэ. Шөнийн 00:00-01:00 цаг хүртэл ангидаа давтана. Шөнө эцэг эхчүүд нь сургуулийн үүдэнд ирчихсэн хүүхдүүдээ хүлээгээд сууж байна. Манай ангийн эцэг эхийн хурал сумын клубын лекц шиг болно. Эцэг эхийн хуралд ирдэггүй хүн гэж үгүй. Нөгөө ангиудын эцэг эхийн хуралд хэдхэн хүн сууж байхад манай анги дүүрчихсэн. Хүүхдүүдтэйгээ цуг хийвэл заримд нь суух суудал олдохгүй. Ээж, аавууд маань хүүхэдтэйгээ зэрэг сурдаг тийм л идэвхтэй хүмүүс байв” гэлээ. Ангийн тэргүүний сурагч нь М.Тэмүүжин. Дуулна, бүжиглэнэ, уран уншина, сагсан бөмбөг волейбол тоглоно, бичгийн хэв сайтай бүхий л талаараа өв тэгш байж. Э.Ариунсанаа, Г.Энх-Амгалан сургуулийн шинэ жил болгоноор шинэ, хуучин он болдог, сургуулийн бүх арга хэмжээг хөтөлдөг хөтлөгчид. Ангийн сурагч Д.Баярхүү ярихдаа “Манай ангид хичээл тасална, хоцорно гэдэг ойлголт байхгүй. Хичээлдээ мэриймтгий хүүхдүүдтэй. Манай ангийг төгссөн ихэнх хүүхэд дээд сургуульд орсон. Тухайн үедээ хамгийн олон төгсөгч дээд сургуульд орсон анги болж байлаа. Ц.Цэрэнбат гэж манай ангийн сайхан дуулдаг хөвгүүн сургуулийн дууны аварга байсан юм. Ангийнхан хоорондоо их нөхөрлөнө” гэлээ. Тэр үеийн эрэгтэй хүүхдүүдийн нөхөрлөлийн талаар Т.Эрдэнэхуяг ийнхүү дурсав “Манай ангийнхан хоорондоо их дотно. Зодолдож маргалдаад байдаггүй. Ангийн гурван хүү өөрсдийгөө “Шадар гурван цэрэг” гээд нэрлэчихсэн. Багшийн баруун гар болдог байлаа. Энх-Амгалан, Мөнхзул, Анхбаяр нарын нөлөө ангид их байсан. Тэдний нөлөөгөөр ангийнхан нийтэч байдаг байлаа” гэв. Тэр үеийн хүүхдүүд “Дошны атаман” гэж өөрсдийгөө дөвийлгөх дуртай. Харин энэ ангид атаман гэж байгаагүй ажээ. Д.Отгонбаяр дошны атаман ч ангидаа орохоороо ангийнхаа нэг хэсэг нь болдог. Ангиасаа гараад атаманаа хийнэ. Ангийнхнаа дээрэлхсэн хүүхдүүдээс өмөөрнө. Тиймээс ангид нэгнийгээ ялгаварлах, дээрэлхэх зүйл огт байгаагүй. 21 дүгээр сургууль хавьдаа атаман ч ангидаа маш эелдэг, охидтойгоо зөөлөн харилцаатай хүү байсан гэж ангийнхан дуу нэгтэй ярив. Эрдэнэбилэгт, Цогтсайхан, Мянганбуу нар илүү дотно нөхөрлөдөг найзууд байж. Хоорондоо их эвсэг, элэгтэй хамт олон байсан нь одоо ч сургуулийнхаа үлгэр жишээ ангиар жишээ болгон яригддаг юм. 6 “А” анги байхад нь Ж.Энхсанаа ангид шилжин ирснээр эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгардаг асуудал үгүй болжээ. Энэ тухай Г.Намжил ярихдаа “Энхсанаа шилжиж ирээд манай ангийн уур амьсгал нийтэч сайхан болж ирсэн. Яагаад гэвэл тэр үед охид, хөвгүүдээрээ их ялгарна. Санаа хэзээний л охидтой суучихсан, гарнаас нь барьчихсан, тэвэрчихсэн эвсэг найрсаг харилцаатай байж билээ. Тэгээд л манай ангийнхан эр, эм гэж ялгархаа больсон. Тэр үеийн хүүхдүүд одооных шиг нээлттэй биш, заагтай байлаа. Тэр заагийг Санаа маань арилгаж өгсөн юм” гэлээ. Тэрбээр ангийнхаа охидыг “Намайг үнсвэл зайрмаг авч өгнө шүү” гээд ангийн уур амьсгалыг инээдээр чимдэг ангийн нэгэн хэсэг байжээ. Э.Шинэбаяр ангийнхныхаа тухай ярихдаа “Манай багш нийгмийн идэвхтэй бай гэж их хэлдэг байсан. Тиймээс манай ангийнхан одоо ч орсон салбар бүртээ идэвхтэй манлайлагч нь болсон байна. Гадаадад ажиллаж амьдардаг хүүхдүүд маань тэндээ идэвхтэй сайн сурч, тэргүүлэгчид нь болжээ. Энэ бол багшийн тавьж өгсөн суурь байх. Ямар ч зүйлд сэтгэлээсээ ханд, нийгмийн идэвхтэй бай гэж хэлдэг үг нь одоо ч бидний өөртөө хэлдэг үгс юм” гэлээ. Хүнийг анхааралтай сонсох, эгц өөдөөс нь харж ярих, цэгцтэй байх ухааныг ангийнхаа багшаасаа л сурчээ. Ангийн даргын үгнээс хэн ч зөрөхгүй. Ангийн даргын үг ангийн багшийн үг. Багшийн үг хууль гэдэг зарчмаар энэ ангийнхан хүмүүжсэн. 21 дүгээр сургуульд ангийн фондыг анх үүсгэсэн, ангийн засварыг сургуулиас хамгийн түрүүнд хийдэг, хамгийн тохижилттой, сургуульд анх улавч өмсөж ордог, шалаа хулдаасалсан, ангийн хаалгыг анх өөрчлөн солиулсан, ангийнхаа хойд ханыг одоогийнхоор эко болгон байгалийн зураг зуруулж тохижуулж байсан үлгэр жишээ анги байв. Тэр үед шинээр гарсан нийтийн дуу болгоныг ангийнхандаа багш нь зааж өгнө. Хичээлийн дундуур хүүхдүүд нозоорсон, хичээл хийх сонирхолгүй болсон байхыг багш анзаараад “За бүгдээрээ тэр дуугаа дуулъя” гэхэд бүгд босоод дуугаа дуулна. Тэгэхээр хичээл хийх идэвх нь нэмэгддэг байж. 1,2,3 гэсэн командаар ангиас гарч орно. Хагас цэрэгжилтийн байдалтай диктатуртай анги байснаа хүүхэд бүр дурсан сууна. Ангийн сурагч Н.Нарангарав багшийнхаа тухай ярихдаа “Манай багшийн ганц имиж нь улаан уруулын будаг. Одооч улаанаар уруулаа будсан байна. Унтахдаа ч улаанаар уруулаа буддаг байж магадгүй. Би багшийг уруулаа будаагүй байхыг ер харж байгаагүй. Анх анги дааж аваад л бидэнд сургаж байсан. Эмэгтэй хүн өмд өмсөх хэрэггүй гэж. Би багшийг өмдтэй байхыг хараагүй. Би ч бас багаасаа багшийн зааснаар ч тэр юмуу өмд барагтаа л бол өмсдөггүй” гэв. Ангийнхан нэгэндээ маш их тусална. Хэн нь хэнийгээ ялгаж харьцдаггүй. Баян ядуугийн ялгаа байгаагүй анги байсан гэдгийг ангийн багш дахин дахин хэлж байв. Аравдугаар ангиа төгсдөг жил нь ангийн багш нь жижигхэн байшин барихад ангийнхан нь хонхны баярынхаа урьд өдөр багшдаа туслан хөвгүүд нь байшингийнх нь суурийг цутгаж, охид нь ус зөөж, хоолыг нь хийж тусалж байжээ. Ангийнхан төгсөж байгаа болохоор эцэг эхчүүд бэлэг авч өгье гэхэд нь багш бэлэг хэрэггүй гээд байшин барьж байгаагаа дуулган, барилгын материал бага багаар хандивласан байна. Манай байшин ангийнхны минь хүч хөдөлмөрөөр л боссон гэж багш нь хүүхдүүддээ баярлаж явдгаа онцгойлон хэллээ. Сурагч Э.Ууганбаяр ярихдаа “Манай ангийнхан нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, байнга нэгэндээ анхаарал тавьдаг, асууж сурж байдаг хамт олон байлаа. Ангийн маань нэг охин өнчин, эмээтэйгээ л амьдардаг. Түүнд хувцас, хичээлийн хэрэглэл гээд байгаагаа хуваалцана. Бас нэгэн хүүхдийн ээж нь хүнд өвчнөөр өнгөрч, манай ангийнхан байнга эргэж тойрдог байлаа” хэмээн дурсав. Мөн энэ ангид Б.Бадамжав, Д.Чинтамир, Р.Ганхуяг, Ш.Мөнхсүрэн, Б.Бат-Өлзий, Б.Мөнхбат, Ш.Батзориг, Б.Оргилболд, М.Тэмүгэ, З.Ууганбаяр, М.Болортуяа зэрэг шилдэг хүүхдүүд суралцдаг байлаа.

Одоо энэхүү ангиас Г.Мөнхзул, Э.Ариунсанаа, М.Хэрлэнцэцэг, Ч.Ганцэцэг, С.Ариунзаяа, Н.Гаваасүрэн нар гадаадад ажиллаж, амьдардаг. М.Тэмүүжин Гранд мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч, Ачит эх анагаахын дээд сургуулийг төгсөөд дараа жил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн олгодог “Шилдэг залуу эмч” шагналыг хүртэж байв. Мөн Ц.Цэдэвсүрэн ходоодны эмч болсон. “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонтой Ж.Найрамдалмаа, Б.Даваасүрэн нар хоёулаа долоон хүүхэдтэй. Хоёрдугаар одонтой Т.Жавзанпагма, Д.Оюунгэрэл, Э.Бямба, Ч.Батчимэг нар бий. Ж.Энхсанаа үндэсний үйлдвэрлэгч компани байгуулан ажиллаж байгаа. Plus брэндийг үүсгэн байгуулагч. Тэрбээр ярихдаа “Би арван жилд байхдаа ангийнхаа санхүүг барьдаг, санхүүч нь байлаа. Мөнгө хураадаг ажлыг л хийдэг. Манай анги бага ангид байхаасаа л фонд үүсгэсэн. Тэр мөнгөөрөө нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, нэгэндээ тусалж дэмжих бүхий л ажлаа зохион байгуулна. Тэр суурь явсаар байгаад одоо санхүүч болсон байх. Одоо хувийн санхүүгийн зөвлөх хийнэ, байгууллагуудад санхүүгийн зөвлөгөө өгнө. Хувийн санхүүгээ яаж удирдах зэргийг зааж зөвлөх ажил хийдэг” гэв. Сүүлийн жилүүдэд ангийн групп хуудас нээгдэж, харилцаа холбоо байнга тогтоон нэгнийгээ асууж, зовлон жаргалаа хуваалцан байнгын харилцаатай байгаа эргэх холбоо сайтай анги. 21 дүгээр сургуулийн хуучин барилгыг 2017 онд буулгаж, энэ жилийн аравдугаар сард шинээр барин ашиглалтад оруулжээ. Тиймээс анги төгсөлтийн хорин жилийн ойгоо хойшлуулан ирэх жил хийхээр төлөвлөж байгаа юм байна. 21 дүгээр сургуулийг төгссөн 21 жилийн ойгоо 2020 онд хийхээр болсноо манай сониноор дамжуулан ангийнхандаа уламжлав. Тиймээс ирэх жил ангийнхантайгаа уулзах ерөөл тавин ангийн удирдлагын зүгээс урилгаа илгээж буй нь энэ юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр: АНУ-ын зах зээлд манай улс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт эдэлдэг

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.


-Саяхан манай улсад ану-ын сангийн дэд сайд айлчилж монгол улсыг саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. ямар дэмжлэг бидэнд үзүүлэх вэ?

АНУын сангийн яамны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцсан орлогч сайд Маршал Билингсли манай улсад айлчлаад буцлаа. Монгол Улс өнгөрөгч аравдугаар сард саарал жагсаалтад орсон. Саарал жагсаалтад орсон үндсэн шалтгаан бол гишүүн орнуудад тавигддаг шууд биелүүлэх шаардлагаас дөрвийг нь биелүүлээгүй гэж байгаа юм. Энэ дөрвөн шаардлагыг биелүүлэхэд АНУ-аас шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, хүн сургаж өгөх, сургалтыг Монголд явуулахад хүн авчрах зэрэг туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Одоогоор тэрхүү дөрвөн шаардлагаас хоёр нь биелчихсэн. Нэгдүгээрт, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг УИХ шинэчлэн баталлаа. Парисын хурал явж байх үед дөнгөж энэ хууль батлагдаж байсан учраас үр дүнгээ тооцуулж чадаагүй. Одоо үр дүнг нь тооцуулах боломжтой.

НҮБ-ын аюулгүй зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоол гэж байдаг. Тэр хориг арга хэмжээний тухай тогтоолоор БНАСАУ-ын ажиллах хүчийг арванхоёрдугаар сарын 22-ноос өмнө нутаг дэвсгэрээсээ гаргах ёстой гэж заасан. Энэ ажил үндсэндээ бас л биелчихсэн. Тиймээс бид хоёр зүйл заалтыг нь биелүүлчихсэн гэж үзэж болно.

Харин одоо хийх шаардлагатай хоёр ажил байгаа. Нэгдүгээрт, банк бус санхүүгийн байгууллагууд, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг иргэд байгууллагуудын орлогод хяналт тавих юм. Түүгээр дамжиж мөнгө угаах юм уу сэжигтэй санхүүжилтүүд явахгүй байх хяналтыг тавихтай холбоотой асуудал байгаа. Тэгэхээр эхлээд бид эрсдэлийн үнэлгээгээ гаргаад дараа нь журмаа боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Энэ тал дээр АНУ-ын сангийн яамны ажилтан манайд ирчихсэн ажиллаж эхэлсэн. Энэ арга хэмжээгээ хийгээд хяналтын тогтолцоогоо үр дүнтэй ажиллаж байгаагаа харуулах ёстой юм. Үүнд иргэдийн хамтын ажиллагаа нэлээд шаардлагатай болно. Хоёрдугаарт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, ял оноох явцыг эрчимтэй болго гэж байгаа. Манайд энэ ангиллын гэмт хэрэг нээгддэг мөртлөө шийдэгддэггүй гээд байгаа. Тэгэхээр манайхыг мөнгө угаахтай үр дүнтэй тэмцэж чадахгүй байна гэж үзээд байгаа юм. Жишээ нь, хил дамнуулан их хэмжээний бэлэн мөнгө авч гарах, оруулж ирэх асуудлуудтай тэмцэх шаардлагатай. Энэ тал дээр СЗХ, Сангийн яам, Хууль зүйн яам, ШЕЗ зэрэг олон байгууллагын хамтын ажиллагаа шаардагдана. Сая Засгийн газрын хурлаар энэ асуудал хэлэлцэгдээд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

-Энэ ажлууд хийгдээд эхэлчихвэл саарал жагсаалтаас манайх хэдийд гарах вэ?

-Бид ирэх жилдээ багтаж саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлж ажиллаж байна. АНУ-ын талаас ч техникийн туслалцаа дэмжлэгээ аваад ажил хэргээ үр дүнтэй хийвэл ирэх жил саарал жагсаалтаас гарах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

-Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүй байх тал дээр таныг нэлээд ажилласан гэж сонссон. Саарал жагсаалтад орохгүй байх бололцоо байсан уу?

-Миний хувьд саарал жагсаалтад оруулахгүй байх тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлээч гэж АНУ-ын засаг захиргаатай ажилласан. Дөрвөн асуудлаа эртхэн шийдсэн бол манайх саарал жагсаалтад орохгүй байх боломж байсан байх. Өнгөрсөн зунжин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцээд өөр хууль хэлэлцэж амжаагүй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эсрэг хуулиа бид үндсэндээ үнэлгээ нь гарч байхад хэлэлцэж байсан. Одоо түргэхэн саарал жагсаалтаас гарах нь л чухал. Ингэснээр эдийн засагт сөрөг үр дагавар аль болох бага үүснэ. Энэ тал дээр АНУ-ыг туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа. Гэхдээ АНУ гэдэг нэг л улс. Тэнд олон улсууд байгаа. Тэр улсуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Сая зохион байгуулагдсан элчин сайдуудын зөвлөгөөний үеэр холбогдох албан тушаалтнууд элчин сайд нарт холбогдох улс орнуудад энэ талаар мэдээлэл өгч ажиллахыг хүссэн.

-Ерөнхийлөгч өнгөрөгч долдугаар сард АНУ-д айлчилсан. Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлтэй боллоо. Энэхүү айлчлалд таны нөлөө их байсан. Ерөнхийлөгчийн айлчлалыг дүгнэж хэлэхгүй юу?

-2019 оны хувьд Монгол Америкийн харилцаанд эргэлт гарсан он гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Трамптай яриа хэлэлцээ хийсэн. Хэлэлцээр бидний санаснаас нэлээд урт, дэлгэрэнгүй болсон. Хамгийн гол үр дүн нь хоёр орны хооронд стратегийн түншлэлийн тухай тунхаг бичиг гаргалаа. Энэ бол 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусчихсан арга хэмжээ байсан. АНУ 16 улстай стратегийн түншлэлтэй. Манай улсын хувьд таван улстай стратегийн түншлэлтэй. Дэлхийд 200 гаруй улсаас бид нэлээд онцлог нөхцөл рүү орж ирж байгаа юм. Энэ бол Монгол Улсын гуравдагч хөршийн үзэл баримтлалын хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол Улсын цаашдын бүрэн эрхэт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал зэрэг ойлголтуудад олон улс биднийг дэмжиж байвал хэрэгтэй. Мөн гуравдагч хөршийн худалдааны хууль санаачлагдан АНУ-ын конгресст өргөн баригдсан. Энэ хуулийг урагшлуулахад Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд түлхэц болсон. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгч нь дэмжиж байна гэдэг тэр хуулийг конгресст хэлэлцэх явцад гүйцэтгэх засаглал нь шууд нөлөөлөхгүй ч конгрессийн гишүүд нь дэмжих байх гэж бодож байгаа. Сая АНУ-ын ерөнхийлөгчийг огцруулахтай холбогдсон үйл явц өрнөчихсөн болохоор манай хуулийг одоохондоо хэлэлцэж чадахгүй байна. Энэ хууль он гараад нэг тийшээгээ болох байх. Одоо энэхүү хууль маань конгрессийн доод төлөөлөгчдийн танхимд 48 хүн санаачлагчаар орсон. Америк нэлээд улстөржсөн байгаа өнөөгийн нөхцөлд хоёр гол улс төрийн намын дэмжлэгтэй хууль гэдэг утгаар амжилттай явчих байх гэсэн бодолтой байгаа. Сенатад 15 сенатор санаачлагчаар орсон. Энэ бүгдээс харахад манай хууль хэлэлцэгдээд эхэлбэл батлагдах бүрэн магадлалтай.

-Гуравдагч хөршийн хууль хэрэгжсэнээр манайд эдийн засгийн ямар боломжууд нээгдэх вэ?

-Хуулийн гол үзэл санаа нь ноолууран бүтээгдэхүүн, сүлжмэл бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт эдлүүлэх юм. Манайх далайд гарцгүй учраас манайд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн АНУ-ын зах зээл дээр гарахын тулд далайд гарах тээврийн зам хэрэгтэй болно. Тэгэхээр бид далайд гарцтай оронтой өрсөлдөхийн тулд илүү хямд байх ёстой. Хэрвээ манай бүтээгдэхүүн татваргүй ордог болчихвол хөнгөлчихсөн байгаа татвар тээврийн зардлын илүүг нөхөөд адилхан үнэтэй бүтээгдэхүүнтэй болох юм. Бид үнэхээр чанартай хийж чадаж байвал өрсөлдөх боломж бий болно гэсэн үг. Зах зээлийн хувьд маш өргөн боломж нээгдэж байгаа. Жишээ нь, Говь компани өнгөрөгч есдүгээр сард төлөөлөгчийн газраа Америкт нээсэн. Говь компанийн удирдлагууд маш сайн борлуулалттай явж байгаа гэж хэлж байна лээ. Тэр зах зээл хөндөгдөөгүй цоо шинэ зах зээл. Говь компанийн цаана олон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байгаа. Тэдэнд Америкийн зах зээлд гарахад нь хэрхэн туслах талаар АНУ-ын талтай ярилцсан. Ирэх оноос USAID-ийн шугамаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх шийдвэр гаргасан. Мэргэжлийн маркетингийн хүмүүсийг мөнгөөр хөлслөөд манай компаниудад АНУ-ын зах зээлд гарахад юуг анхаарах талаар зөвлөгөө өгөх юм.

-Манай улсаас АНУ-д татваргүй гаргадаг хэд хэдэн бүтээгдэхүүн байдаг. Бизнес эрхлэгчид маань үүнийг хэрхэн ашиглаж чадаж байна вэ?

-Манай бизнес эрхлэгчид аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлээд АНУ-ын зах зээлд борлуулахад манайх татварын хөнгөлөлт эдэлдэг. Татварын хөнгөлөлт эдэлдэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Бид арьс ширээ боловсруулаад аяны цүнх үйлдвэрлэн АНУ-ын зах зээлд борлуулахад татвар төлөхгүй. Эдгээр зүйлсээ сайн ашиглах хэрэгтэйг Америкийн тал хэлж сануулж байгаа. Хууль батлуулахгүйгээр бэлэн боломж байгааг хэлэх нь зүйтэй. Сая Элчин сайд нарын зөвлөгөөнөөр Булгиар ХХК-ийн үйлдвэртэй танилцах үед арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны хүмүүс ирсэн байсан. Бид холбоо харилцаа тогтоох тухай ярилаа. Энэ онд Дэлхийн банкны байранд Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн гаргасан. Маш олон үйлдвэрлэгчид оролцсон. Үр дүнтэй ч болсон.

-Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр голлон ямар асуудал хэлэлцэв?

-Гадаад харилцааны салбарт ямар бэрхшээл үүсч байгаа талаар ярилцсан. БСШУСЯ-тай тусгайлан уулзалт хийлээ. Энэ салбар бүх улс орнуудтай томоохон хамтын ажиллагаанд орж явдаг. Манай улсаас АНУ гэхэд 3500 хүн сурч байна. HU band Америкт маш амжилттай аялан тоглолт хийлээ. Энэ бол үргэдэж алга болохгүй баялаг. Энэ чиглэлийн экспортыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Солонгосын kpop жилийн 5 миллиард доллар олдог. Бид цаашдаа энэ чиглэлийн экспортыг яаж нэмэгдүүлэх талаар ярилцсан. Ганцхан урлагийн тоглолтоор хязгаарлахгүй л дээ. Ирэх жил морин хуурын чуулгыг АНУ-д тоглолт хийлгүүлэхээр бэлдэж байна. Намайг энд байх хугацаанд хамтлаг дуучид уулзаж байна. Ирэх онд динозаворын үзэсгэлэн гаргая гэдэг зорилт тавьж байгаа. Он гарангуут АНУ-руу хууль бусаар гарсан динозаврын хоёр том хэсэг яс ачилтад орно. Дахиад хоёр ч яс буцаагдах асуудал хөндөгдсөн. БСШУСЯ-ны удирдлагуудад манайд яс байгаа юм чинь олон мянган доллар зарж тэндээс дахиад авчирч байхаар тэнд нь үзэсгэлэн гаргая гэсэн санал тавьсан. Дахиад ч олон яс байна гэсэн мэдээлэл байгаа. Ачигдаж байгаа яс америкийн шүүхийн процессоор дамжаад АНУ-ын засаг захиргаа, шүүхэд нь 450 мянган ам.доллар төлж байж авч байгаа. Яс болгоныг тэгж авахгүй байх л даа. Гэхдээ бид аль болох зөв замаар бүрдүүлье гэж ярьж байгаа юм. Ингэхээр аялал жуулчлал болон улсад ч орлого болж ирнэ.

-Манай хоёр улсын хоорондын визний асуудал хэр хөндөгддөг вэ. Америкийн тал визний асуудал дээр манай улсад ямархуу хандлагатай байдаг юм бэ?

-Мэдээж хэрэг манай тал АНУ-д визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьдаг. Тэрхүү нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн чухал алхмууд хийх ёстой. Нэгдүгээрт, одоо зорчиж байгаа иргэд АНУ-ын хууль тогтоомжыг зөрчихгүй байх тухай асуудал. Энэ асуудлын хүрээнд Хариуцлагатай аялъя аян хоёр талаасаа хамтарч өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд 2018 оны байдлаар визний хугацааг зөрчиж байгаа зөрчил хоёр дахин буурсан. Зөрчлөө бууруулаад ирэхээр АНУ дараагийн алхмаа хэрэгжүүлнэ гэж байгаа юм. Дараагийн алхам нь урагшилсан. Өөрөөр хэлбэл, H2 буюу хөдөлмөрийн ангиллын визээр Монгол Улсын иргэд зорчоод эхэлсэн. Одоогийн байдлаар 200 гаруй иргэн АНУ-ын мужуудад хөдөлмөр эрхэлж байна. Энэ бол богино хугацааны хөдөлмөр эрхлэх улирлын ажлын виз. Энэ визээр зорчиж байгаа иргэд визнийхээ хугацааг зөрчихгүй байх хэрэгтэй. Визийн дүрэм зөрчвөл Америкаас гарч чадахгүй. Гарчихвал эргээд орж чадахгүй. Насан туршийн асуудал болно. Тиймээс иргэд визний хугацаандаа зорчиж байх хэрэгтэй. Энэ бүгд амжилттай өрнөөд байвал дараагийн алхмаа хийх болно шүү дээ. Зарим нэг визийн онцгой дэглэмтэй мужуудад Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах асуудлыг судалж үзээч гэх хүсэлт тавьсан. Түүнчлэн 2019 онд манай хоёр орны түүхэнд анх удаа консулын зөвлөгөөн хийсэн. Монгол Улсын зорчиж байгаа иргэдийнх нь тоо бага учраас ажлын журмаар шийдэж болно гэж олон жил явсан. Иргэд маань хариуцлагатай зорчоод эхлэхээр АНУ-ын тал зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм.

– Сүүлийн үед манай улсын дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон талаар ихээхэн дуулдах болсон. Энэ тухайд та юу хэлэх вэ. Ер нь дипломатчууд үүргээ сайн гүйцэтгэж байна үзэж байна уу?

-Энэ бол гэмт хэрэг. Тэр хүн тухайн орныхоо хууль тогтоомжийг зөрчиж байна. Энгийн тамхины наймаа ч гэмт хэрэг ш дээ. Энэ асуудал дээр тэмцэнэ гэдгээ яамны удирдлага болоод Ерөнхий сайд ч анхааруулж хэлж байна лээ. Хяналт тавьж чадахгүй бол Элчин сайдыг нь эргүүлнэ дуудна гэсэн. АНУ-д ийм асуудал гарч байгаагүй байх. Би лав дуулаагүй. Европт олон улсууд байдаг учраас хил гаалийн журмыг нь зөрчих зүйлс гарч байгаа. Зарим нь кадр дипломатууд биш. Өөр байгууллагаас томилогдсон хүмүүс ийм зүйл хийж байна гэж ярьж байгаа. Өмөөрөх сэдэв биш. Бүх насаараа энэ ажилд бэлтгэгдээд ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндийг булингартуулж байгаа нь харамсалтай. Гадаад яамны үндсэн ажилтнууд дотроос тийм тохиолдол гараагүй.

-АНУ болон манай улсын харилцаа ямар түвшинд явж байна вэ?

-Харилцаа бүх салбарт идэвхтэй явж байна гэж хэлэхэд болно. Сая ирсэн сангийн сайд сүүлийн найман сар сүүлийн найман жил ирснээс олон хүн ирсэн гэж байна шүү хэмээн хошигнож байна лээ. 2019 онд гэхэд АНУ-ын батлан хамгаалахын сайд томилогдоод анхны гадаад айлчлалаа Монголд хийсэн. Тэр бол чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыг асуудал хариуцсан зөвлөх нь анх удаагаа Монголд айлчилсан. Одоо албан тушаал дээрээ байхдаа Монголд ирж байсан тохиолдол байхгүй. Энэ бүхэн хоёр орны харицлаа ямар идэвхтэй байгааг харуулж байгаа юм. Манай цэргийн албан хаагчдыг сургах, дадлагажуулах, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход нь бэлтгэлийг нь хангаж өгөх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг идэвхтэй ажлууд явж байгаа. Дутагдаад байгаа асуудал маань эдийн засгийн хамтын ажиллагаа гэж үзэж байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагаан дээр Америкийн тал ноолуур дээр урагшаа алхам хийгээд өгч байна. Мөн тус улсаас стандарт хангасан зүйлс оруулж ирэх бололцоо байгааг хэлж байгаа. Манай бизнес эрхлэгчид л идэвхтэй ажиллах хэрэгтэй. Цаашдаа ХАА-н салбарт хамтарч ажиллах нь зүйтэй. Маш их боломж байгаа гэж үзэж байгаа. Мах гаргахын тулд АНУ-ын стандартын шаардлагад нийцсэн мал эмнэлэгтэй байх ёстой. Энэ асуудлыг идэвхтэй ярьж байна. Ирэх онд энэ чиглэлд ажлууд хийнэ гэсэн бодолтой байгаа. Манай талаас Таван толгой компани IPO гарвал АНУ-ын хөрөнгө оруулагчдыг татаж оруулж ирэхэд ихээхэн анхаарч ажиллана.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Биофизикийн тухай

“Ном ярьж өгье” буланд МУИС-ийн багш физикч, доктор, профессор С.Дамдинсүрэнгийн “Биофизикийн тухай” номын талаар ярьж өгөх гэж байна. Уг бүтээлээ С.Дамдинсүрэн доктор их, дээд сургуулиудад анагаахын ба биологийн физикийн хичээл заасан 45 жил, Олон улсын сурагчдын байгалийн шинжлэх ухааны олимпиад (IJSO)-д Монгол Улсын багийг бүрэлдүүлж оролцсон олон жилийн туршлагадаа тулгуурлан багш, оюутнуудад шинжлэх ухааны цэгцэрсэн мэдлэг олгох, сурагчдын шинжлэх ухааны сонирхлыг дээшлүүлэх зорилгоор бичжээ. Амьд бие түүний бүрэлдэхүүн хэсгүүд ба орчны физик, химийн шинж чанар, амьд биед явагддаг үзэгдлүүдийн тухай энгийн ярианы хэлбэрээр бичсэн эл номыг байгалийн ухааныг сонирхсон сурагчдаас эхлээд багш нар, нийгмийн ажилтан төрийн албан хаагчид, мал аж ахуй, газар тариалангийн салбарынхан, ер нь хэн ч гэсэн уншихад эрхгүй сонирхол татна. Биофизик бол физикийн ба биологийн шинжлэх ухааны огтлолцол дээр бий болсон физиологийн шинжлэх ухаантай хамгийн ойр байгалийн ухааны салбар юм. Үндсэн 16 хэсэг, 122 зургаас тогтох 168 хуудастай уг номын “Биофизикийн тухай товчхон” хэсэгт амьд бие нь орчинтойгоо бодис, энерги, мэдээлэл солилцдог, хувиргадаг, хадгалдаг, зөөж дамжуулдаг задгай систем болох тухай; амьд биед физикийн хуулиуд үйлчилж байдаг болохоор эдгээрийн бүтэц, шинж чанар, тэнд явагдаж байгаа биологийн процесс, үзэгдлүүдийг судалж, амьдрал ахуйдаа хэрэглэхэд физикийн хууль, аргуудыг хэрэглэж байгаа талаар олон жишээ оруулан бичжээ.

“Агаар ба амьд бие”, “Ус ба амьд бие”, “Хөрсний физик шинж чанар” хэсэгт амьд биеийн үндсэн гурван орчны найрлага, бүтэц ба шинж чанарын тухай бичсэн байна. Химийн идэвх муутай азот нь агаарын ихэнх хувийг эзэлдэг боловч хувьслын явцад агаарын азотыг азотын бордоо болгон хувиргадаг бактери хөрсөнд бий болсон тухай; хүчилтөрөгч нь хүчтэй исэлдүүлэгч буюу электроны хүчтэй акцептор тул хувьслын явцад амьд бие хоол тэжээлийг исэлдүүлж түүнд хадгалагдаж байгаа энергийг АТФ (Аденозин Три Фосфат) хэлбэрт хувирган хадгалж байгаад үйл ажиллагаандаа ашигладаг болсон тухай; нүүрс хүчлийн давхар исэл нь ургамал нарны гэрлийн энергийг хоол, тэжээлийн химийн холбоос энергид хувирган хадгалдаг фотосинтезийн түүхий эд болох тухай энгийн үгээр ойлгомжтой бичжээ.

Амьдралын үндсэн орчин болох усны олон шинж чанар нь түүний цахилгаан туйлтай чанартай холбоотой болох тухай; ус нь түүнд байгаа өөх, тос, уураг мэтийн том молекулууд ямар бүтэц үүсэхийг зааж өгдөг чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдгийг эндээс мэдэж болно. Харин хөрс нь олон янзын бактери, элс хайрга, шавар шороо зэрэг эрдсүүд, тэдгээрийн усанд уусахад үүсэх давсны уусмал ба агаар агуулдаг тухай; хөрсний нягт, чийг, хоосон орон зай буюу сүвшил, эрдсийн бүтцийг тодорхойлох хялбар аргуудтай танилцсанаар тухайн хөрсөнд ургамал ургах боломж, ургамал ургавал ямар ургамалд зохимжтой зэргийг үнэлэх, хөрсний чанарыг сайжруулах аргыг мэдэх ажээ.Өөх тос, уураг, нуклейн хүчлийн бүтэц үүргийн тухай бичсэн “Өөх тос”, “Уураг ба уургийн синтез”,“Фермент”, мөн “Эсийн бүтэц, бүрдэл ба ангилал”-д гэрлийн микроскоп хэрэглэн амьд биесээс тогтдог тухай эсийн онолыг боловсруулахад 200-гаад жил зарцуулагдсан түүх, дараа нь электрон микроскоп хэрэглэн эсийн бүрэлдэхүүн хэсгүүд болох мембран, цөм, цитоскелетон, рибосом, эндоплазмын ретикулум зэрэг эүкариот эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтэц, үүргийг судалсан тухай бичжээ.

“Ионы урсгал ба мембраныпотенциал”, “Эсийн мембранаарион нэвтрэх механизм”, “Бид юмыг хэрхэн хардаг тухай”, “Бид юмыг хэрхэн сонсдог тухай” хэсэг мөн “Шаталт ба бионүүрсний утаагүй зуух”, “Амьсгал”, “Фотосинтез” хэсэгт нүүрс, нефт, шатдаг хий, мод түлээ, аргал хоргол зэрэг түлш хүчилтөрөгчөөр шууд исэлдэх процесс-шаталтын үед, мөн фотосинтезээр үүссэн хоол тэжээлийн бодис амьд биед олон үе шат дамжин хүчилтөрөгчөөр исэлдэх процесс-амьсгалын үед нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч хүчилтөрөгч зарцуулагддаг тухай бичжээ.

“Био энергетик хэмжилтүүд” хэсэгт зохиогч МУИС-аас хлорофиллийн флуоресценци ба люминесценци, амьсгал ба фотосинтезийн үед ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл ба хүчилтөрөгчийг хэмжих, гэрлийн ойлтоор ургамлын бүрхэвчийг үнэлэх төхөөрөмжүүдийг зохион угсарч, нэг навчнаас эхлээд бүхэл бүтэн эко системийн фотосинтез, амьсгал, хөрсний амьсгалыг хүртэл хэмжсэн судалгааныхаа зарим гол үр дүнг оруулж, учир холбогдлыг тайлбарлажээ. Үүний зэрэгцээ зохиогчийн намтар, ургамлын люминесценцийн дүрс бүртгэх төхөөрөмж, хувьслаараа ялгаатай ургамлуудын хлоропластын бүтэц, малын цус шарж эмчлэх төхөөрөмж, навчны хүчилтөрөгчийн солилцоо хэмжих төхөөрөмж, био нүүрсний электрон микроскопын зураг, байгалийн янз бүрийн бүсийн хөрсний органик бодис ба нүүрстөрөгчийг хэмжсэн үр дүнг нийтэлсэн байна. Эл номын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол 99727050 утсанд буюу sdamdinsuren@yahoo.com хаягаар хандана уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы оны шилдгүүд тодорлоо

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” шинэ оны босгон дээр шилдэг бичлэгийн эздээ тодрууллаа. Улиран одож буй онд улс төр, нийгмийг шуугиулж, уншигчдын таашаалд нийцсэн нийтлэл, ярилцлага бэлтгэсэн дараахь сэтгүүлчид маань шилдэг бичлэг болон шилдэг бичлэгийн тусгай шагналыг хүртсэн юм.

“Өдрийн сонин”ы 2019 оны Шилдэг бичлэгийн шагналтнаар Сэтгүүлч Ц.БаасансҮрэн

“Адмон”-ы захирал Р.Энхбат: Эрх чөлөө мэдлэг хөгжил дээр л цэцэглэдэг, үгээгүй ядуус эрх чөлөөгөөр яах юм,

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Дэлхийн улс төрд популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна,

“Ерөнхийлөгч маань элчин сайдуудаа татаж томилохдоо гуравдагч хөршүүдээ холдуулаад байх шиг” цуврал ярилцлага,

Да.Ганболд: Монголын төр хямраад гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш,

Москва, Хонконгийн эмзэглэл маньд хамаатайн учир зэрэг нийтлэл, ярилцлагаараа хүртэв.

Мөн тэрээр “Coal mongolia”-гаас зохион байгуулсан нийтлэлийн уралдааны тэргүүн байрыг эзэлсэн юм.

Сэтгүүлч Д.Гансаруул

“Монголын төр нэг иргэнээ ялгаварлан гадуурхаж, нийгэм даяар шившиглэх нь буруу

“Албаны жийпээ хүүхдийн цэцэрлэгээр сольсон Засаг дарга”

“Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа”,

БААБАР: “Би шинэ үеийнхэнд найддаг”

Ж.Чинбүрэн: “Шинжлэх ухаан хорт хавдрыг ялахад их ойрхон байна” зэрэг нийтлэл, ярилцлагаараа Шилдэг бичлэгийн шагналтнаар шалгарлаа. Тэрээр Нийслэлийн сонины нэгдсэн холбооны “2019 сонины салбарын шилдэг сэтгүүлч”-ээр мөн шалгарсан юм.

Шилдэг бичлэгийн тусгай шагналыг манай сонины залуу сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ, О.Ариунцэцэг нар хүртлээ.

Сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ

С.Баяр: “Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт л “но” байгаа. Бусад бүлэгт нь өөрчлөлт хийх шаардлагагүй”

Д.Баясгалан: “Ардчилал монголчуудын сонголт байсан”

Р.Гончигдорж: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа гэдэг нь бус, зөвийг олж хийх нь чухал”

Б.Энхбаяр: “Шүүхээс хэрэг буцаадаг заалтын цаана хуулийн мафи бий болдог” зэрэг ярилцлагаараа хамт олноо хошуучилсан юм.

Сэтгүүлч О.Ариунцэцэг

Л.Ламжав: “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй”

О.Мөнхсайхан: “Парламентын засаглалаас татгалзах эсэхээр ард нийтийн санал асуулга явуулж болохгүй”

Б.Гарамгайбаатар: “Хуулийн хугацаандаа багтаан шалгаж, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг номтой”

З.Энхболд: “Капитал банкнаас 240 тэрбум төгрөгөө буцаагаад авчихвал НДШ-ийг хоёр хувиар нэмэх шаардлагагүй” зэрэг шилдэг ярилцлагууд хийжээ.

Шилдэг сэтгүүлчдэдээ ирэх ондоо үг нь мэргэн, үзэг нь хурц байж, улам илүү амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Тэмээчин хөдөлмөрийн баатар, ямааныхаа тоогоор толгой цохидог “Богд”-ынхон

Арцын сүрлэг нуруугаар өдөр бүр манан татан бороошиж, уулын тагтад арц ногоорон, өнгийн цэцэг алаглан Арцын ар хоолойд таанын цагаан толгой найгалзан хөмүүл тааны соргог үнэр анхилна.Тэр 1924 оны зун одоогийн Өвөрхангай аймгийн Богд сум байгуулагджээ.

Сумын төвөөс товчхон: Сайн Ноён Хан аймгийн нэрийг өөрчлөн Цэцэрлэг мандалын уулын аймаг болгосны дараа 1925 онд Эрдэнэ Бишрэлт Мэргэн Ноён Хутагтын шавийг Цэцэрлэг Мандал уулын аймгийн Батширээт сум болгон Гурван сайхан Уулын Хошуунд шилжүүлжээ.Цэцэрлэг Мандал уулын аймгийн (1923-1929) Гурван Сайхан Уулын хошуунд 1924 онд Арц Уул сумыг байгуулж сумын даргаар Лувсангийн Дашзэвэгийг (1897-1927) сонгожээ.Маршал Чойбалсан энэ хүний тухай олонтаа дурдаж холбоо барьж бичиг захидал байнга солилцдог байсан тухай зохиолч А.Дашнямын (Өлзийнарангийн өчил)номд (91-92 р хуудас) хэд хэдэн удаа бичсэн нь бий.Тэнд сарлаг Түндэвийн хүү Дашзэвэг гэж Чойбалсан дурдсан байдаг юм. Энэхүү бяцхан түүхийг бичигч Ж.Раднаабазар миний бие сарлаг Түндэвийн охин Дарийн (Дашзэвэгийн дүү) ач хүү бөгөөд Дарь миний эцэг банхан Жанчивын эх юм.Миний бие 1935-1940 он хүртэл Түндэвийн гэргий Гомбын Отгон (1869-1952) эмэгтэй дээр өссөн билээ.

Арц Уул Батширээ сумдыг 1927 онд Ханхөгшин уулын Хошуунд шилжүүлжээ.1924 онд хуучин Сайн Ноён Хан аймгийн Сайн Ноёны Хошууны Зүүн сумын урд нутагт Баянтөхөм сумыг байгуулан даргаар Сайн Ноён Хошууны алдарт бичээч дэлдэн Дашийн хүү Гончигдоржийг сонгон ажиллуулжээ.Дэлдэн Даш бичээч бол Ж.Раднаабазар миний буурал эх Э.Янжингийн төрсөн дүү бөгөөд анх надад 4-5 настайд Дамчойравжаагийн монгол бичгийн цагаан толгой заасан анхны багш бөлгөө.1929 онд Арц Уул Баянтөхөм сумдыг нийлүүлэн Арц Уул сум болгон даргаар нь Жанцангийн Сэнгэ (1895-1960) сонгожээ. Арц Уул сум байгуулагдахад миний эцэг Дарийн Жанчив уул сумын тал бичээч ,сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн анхны даргаар ажиллаж байжээ. БНМАУлсын нутаг дэвсгэр, засаг захиргааг 1923-1930 онд дахин хуваарилж Цэцэрлэг Мандалын аймгийг 1931 онд Өвөрхангай ба Архангай аймаг болгон хуваажээ.Энэхүү өөрчлөлтөөр БНМАУлс 5 аймаг 543 сумтай байсныг 13 аймаг 311 сумтай болгон өөрчилжээ.1931 онд Өвөрхангай аймгийн АрцУул Батширээт сумдыг татан буулгаж Ховд сум гэж нэрлээд сумын төвийг Баянтөхөмд байршуулж даргаар Шантуугийн Лхамцоог сонгон ажиллуулжээ. Ховд сумын даргаар Базарын Дэмчиг, Гүнсэнгийн Нацаг, Дугаржавын Цэрэнпунцаг, Мянганы Цэдэв, Гаарав, Ёндонбалын Цэдэн-Иш, Сандив, Бөндөн, Нэргүйн Цэдэн-Иш, Навсайн Бадамдорж нар сонгогдон ажиллаж байжээ.

1943 онд Өвөрхангай аймагт шинээр Зүүн Богд сумыг байгуулж Ховд, Баруунбаянулаан сумдаас өрх ал таслан өгч сумын төвийг Бага Богд Уулын өвөр Цагаан толгой гэдэг газар төвлөрүүлжээ. Зүүн Богд сумын даргаар Гаарав, Цэвээндорж, Жанчивын Түгжвандан, Базарын Вандансэнгэ, Цэвэлням, Сүнжигийн Нацагдорж, Жаал овогт Батжаргалын Сангидорж, Амбаа овогт Додийн Цэвээндорж, Түдэвгончигийн Пүрэв нар ажиллажээ. 1963 онд Ховд сумыг 1963 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн (зарим аймгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай) БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 2-р зарлигаар татан буулгаж Зүүн Богд сумтай нэгтгэн Богд сум хэмээн нэрлэв.Сумын анхны даргаар 1960-1963 онд Навсайн Мэчиддорж (1931-?), 1963-1975 онд Пэлжээгийн Шаравчогдон (1923-1991), 1975-1986 онд Төгс овогт Шийрэвийн Ринчиндорж (1934-1999).1986-1990 онд Доржпүрэв,1990-1992 онд Хөндийн овогт Банрагчийн Доржхорлоо (1942-2005) 1992-1996 онд Пүрэвийн Чулуун, 1996-2008 онд Хөндийн овогт Авирмидийн Адьяа,2005-2008 онд Жамьянжавын Адьяатогтох, 2008-2014 онд Жийдэг овогт Сарайсангийн Мягмарсүрэн, 2014 оноос Чулууны Чинзориг нар сумын Засаг даргын ажлыг гүйцэтгэж байна.

Өвөрхангай аймгийн Богд сум Монгол Улсад дөрвөн тэмээчин Хөдөлмөрийн баатар төрүүлсэн Монголд ямааны тоо толгойгоор улсын хэмжээгээр сүүлчийн 20 гаруй жил тэргүүлж байна.Суманд зохиолч Ц.Гайтавын нэрэмжит бүрэн дунд сургууль, хүний гавьяат эмч Ж.Раднаабазарын нэрэмжит Эрүүл Мэндийн Төв,ХААН Банкны сумын салбар зэрэг тэргүүний байгууллага олон билээ. Сүүлчийн хэдэн жилд сумын төв байнгын өндөр хүчдэлийн шугамтай болж улсын төсвийн хөрөнгөөр сумын төв нийтийн халаалтын шугамтай, шилэн кабелийн бүрэн үйлчилгээтэй болж тохижиж байна. Улсад 18 сум нийтийн халаалтын системтэй бөгөөд Богд сум Өвөрхангай аймгийн анхны нийтийн халаалттай сум болжээ.Одоо сумын хэмжээгээр 6000 гаруй хүн амтай, түүний тавь гаруй хувь нь сумын төвд суурьшин амьдарч байна.Богд суманд сүүлийн таван жилд сургууль, цэцэрлэгийн барилга баригдан ашиглалтад оржээ. Богд сумын уугуул Ю.Үнэнбүрэн, Д.Жаргал нар санаачлан хөрөнгө мөнгө гарган Арц Богдын мөнхийн шүтээн хэмээх цогцолборыг байгуулж Богдын ард түмэнд дурсагдах алдартнуудаа алдаршуулж байна. Тус цогцолбор нь аймагтаа сумдын анхны цогцолбор юм. Богдын хөдөлмөрсөг ард түмний түүхийг залуу үедээ мэдүүлэх зорилгоор “Миний хайртай Богд нутаг” уралдааныг хүүхэд залуучуудын дунд зохион явуулж байна. Улаанбаатар хот дахь Богд сумын нутгийн зөвлөл санаачлан сумын төвийг цэцэрлэгжүүлэх зорилгоор гурван төрлийн 2000 гаруй модыг тарьж ургууллаа.Одоо Богд сумаас мал сүргээ хөдөлмөр зүтгэлээрээ өсгөсөн улсын сайн малчин Ж.Огтоно, аймгийн сайн малчин П.Чимэддорж, мянгат малчин Д.Аранжин (1 дүгээр баг), Цийяны Төрмөнх (2 дугаар баг), Доржгочоогийн Насантөр (3 дугаар баг), Баасангийн Алтантөр (4 дүгээр баг), Банзрагчийн Баянмөнх (5 дугаар баг), Даваасүрэнгийн Баярсайхан (6 дугаар баг), Дэмчигийн Ганбат (7 дугаар баг), ажил үйлсээрээ сумынхаа зон олныхоо төлөө нөр хичээнгүйлэн зүтгэж байгаа сургуулийн захирал Т.Цэрэнлхам, эмнэлгийн их эмч У.Бямбасүрэн, эмнэлгийн хүн хүчний мэргэжилтэн Д.Үүрийнтуяа, Богд сумыг хөгжүүлэн цэцэглүүлэхэд олон жил хүч хөдөлмөрөө зориулж байгаа ухаалаг бизнесмэн Ю.Үнэнбүрэн, Д.Жаргал, хүний их эмч Хөндий овогт Ю.Уранчимэг нарыг дурдахад нэн таатай байна. Өвөрхангай аймаг 300 гаруй эрдэмтэдтэй бөгөөд Богд сумаас Нобелийн шагналт эрдэмтэн Чимэдбазарын Жаргал, академич Содномдоржийн Норовсамбуу, ШУ-ны доктор Жанчивын Раднаабазар нарын 27 эрдэмтэн төрсөн нь аймагтаа эрдэмтдийн тоогоор 1 дүгээрт орж байна. Богд сум социалист төрийн үед үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд тэргүүн байр эзэлж маршал Чойлбалсангаас 1943 онд, маршал Ю.Цэдэнбалаас 1967 онд шагнал гардаж авсан ганц сум юм. Богд сумын хөдөлмөрчдийн онцлог нь:

1. Богд хаант засгийн үед гаминтай ширүүн тэмцэл хийж цөөнгүй хүн эх орныхоо төлөө амь насаа алдсан.

2. Ардын засгийн үед элдэв эсэргүү хөдөлгөөнд нэг ч хүн оролцоогүй нутаг эх орноо орхин хил даван нүүж үймээн самуунд ороогүй.

3. Эх орны дайны үед маршал Х.Чойбалсангаас 1943 онд тэргүүн сумын социализмын бүтээн босголтын үед 1967 онд Ю.Цэдэнбалаас шагналыг тус тус гардан авсан Монголын ганцхан сум.

4. Монголд дөрвөн тэмээчин Хөдөлмөрийн баатар төрүүлсэн онцгой сум билээ.

Уугуул нутаг сумын 100 жилийн ойгоо 2024 онд тэмдэглэх бөгөөд ойгоо угтан ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Богд сумын уугуул профессор Ж.Раднаабазар

Categories
мэдээ нийгэм

“Харшийн сүлд модны наадам” болов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран жил бүр уламжлал болгон шинэ жилийн баярыг тохиолдуулан асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдэд ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвийн харшийн сүлд модны наадмыг үзүүлдэг уламжлалтай. Энэ жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвийн 800 гаруй хүүхдэд харшийн сүлд модны наадмыг үзүүлж, Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг ирсэн бүх хүүхдүүдэд гардуулан, нэг өдрийг хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн өнгөрүүллээ.

Харшийн сүлд модны наадамд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвийн Ерөнхий захирал н.Одончимэг болон бусад холбогдох албаны хүмүүс, хүүхэд багачууд оролцов.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн Ерөнхий захирал н.Одончимэг “Жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийг Харшийн шинэ жилийн наадамд оролцуулдаг. Бидний анхаарал халамж хэрэгтэй байдаг тэр хүүхдүүдийг уламжлал болгон уг наадамд оролцуулж байгаа нь маш талархууштай үйл явдал юм. Хамтран ажилладаг та бүхэнд ажлын амжилт хүсье. Бяцхан хүүхдүүддээ сурлага, урлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна” хэмээлээ.

Харшийн сүлд модны наадмын зохиолыг МУСТА Б.Отгонбат бичиж, найруулсан бөгөөд энэ удаа “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр хүүхэд, багачуудад ардын аман зохиолоор дамжуулан эцэг, эхээ ачлах, эрдэм ном сурахын ач холбогдлыг ухааруулсан сургааль хайрласан наадмыг үзүүлэв.

1981 оноос өнөөг хүртэл 38 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой юм.