Categories
мэдээ нийгэм

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны прадо загварын автомашиныг хүлээлгэн өглөө.

Багануур дүүргийн хэмжээнд ихэвчлэн ой, хээрийн түймэр болон үер, усны ослын дуудлага зонхилдог байна.

Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Сувилагч, эх баригчийн жил-2020 онд хамтдаа” уулзалт болно. Утас: 88027947 86885060

10.00 цагт СТӨ-нд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2019 оны тайлангийн хурал болно.

10.00 цагт Сүхбаатарын талбайд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс НЦУГ-т автомашин хүлээлгэн өгнө.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төвд” ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Интерном” номын их дэлгүүрт “Орхигдсон ард түмэн” номын нээлт болно. Утас: 89118383

14.00 цагт “UBS” телевизийн байранд Монгол Улсын гавьяат жүжигчин, уран уншигч агсан Д.Жагдаг, СТА, нэвтрүүлэгч М.Энхтуяа нарын “Их найргийн хурим-2” уран уншлагын цомог, “Хөтлөх урлаг” номын нээлт болно.

14.00 цагт “ИБИС” зочид буудалд “Ухаалаг Эрчим хүчний жил”-ийн тайлангийн хурал, “WAMS” системийн нээлтийн ёслол болно.

15.00 цагт Монголын уран зургийн галерейд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Мандал даатгал”, “Ард капитал” Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлөөс тэтгэврийн реформ хийх ТББ байгуулсан талаар мэдээлнэ.

12.00 цагт “Төмөр замчдын нэгдсэн холбоо”-ноос УБТЗ-ын удирдлагын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.30 цагт “Улаанбаатар смарт карт” компаниас “U-Money” картын үлдэгдэл буцаан олгох болон Посоор цэнэглэх үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 99693440

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг дээр ухаалаг бодлого барих хэрэгтэй

Сонгууль дөхсөн биш эрх баригчдын бэлэн мөнгө тараадаг өвчин нь хөдөллөө. Мөнгө тараасан түүх дэндүү олон. Сонгууль бүрийн өмнө амлаад л тараагаад л эхэлдэг. Өр тавьж мөнгө тараадаг. Иргэн бүрт 21 мянга, оюутны сар бүрийн далан мянга, өндөр настнуудад сая төгрөг, залуу гэр бүлийн 500 мянга, хүүхдийн хорин мянга, ямааны тоо толгойгоор мөнгө өгч хайр зарлаж үзлээ. Хүний хөгжлийн сан гэж байгуулж хүн бүрт дэвтэр өгөөд л батламж тараагаад л 2009 оноос л гадны хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа гэж зээлж авсаар өрийн сүлжээний эхлэл тавигдсан. Мөнгө тараах бүрт архичид, ажилгүйчүүдийн тоо өсдөг байлаа. Монголоороо нэг тэжээврүүд бий болсон. Сүүлдээ салбар салбараар нь бэлэн мөнгө тараадаг болсон. Ноосныхон, газар тариалангийнхан гээд л. Нийтдээ хичнээн их наядыг дэмий цацаж, жорлон руу урсгав. Энэ мөнгөөр бид хэдэн нефтийн үйлдвэр, цахилгаан станц, машины үйлдвэр, хичнээн км зам, төмөр зам барих байсан бол. Засгийн юм үнэгүй гэгчээр зарцуулж ирсэн. Засгийн мөнгө ч гэж юу байхав. Ард түмний татварын мөнгө. Өнөөх тараасан мөнгөө татвар хэд нэмэгдүүлээд буцаагаад авч байгаа. Олон жил ганц үйлдвэр ч барихгүй явсаар сая нэг Энэтхэгийн тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр төр засаг нефть боловсруулах үйлдвэр барьж эхлэв. Эхлэл нь өмнөх Засгийн үед тавигдсан л даа. Таван толгойн ашгаас 800-гаад тэрбумаар төмөр зам тавихаар болсон нь маш зөв шийдвэр болсон.

Сая Эрдэнэс Таван толгойн ашгаас хүн бүрт мөнгө тараах болоод л УИХ-ын гишүүд жигтэйхэн дуу шуу орж, ард түмэндээ хайр зарлаад мөнгө тараая гэлээ. Эдний ингэж орилолдож байгаа нь ямар ч үнэмшилгүй. Нэг л их ард түмнээ боддог хүмүүс шиг жүжиг тавьж байна. Монголын ард түмнийг МАН-ынхан нохой бөөсний чинээ боддоггүйг бид мэднэ. ЖДҮ-чин гишүүд 50 орчим тэрбумыг өөрсдөө хувааж цусалцгаасан. ХЭДС-гийн 2.7 тэрбумыг яаж хувхайлж хоослов. Төрийн банкны хорин тэрбумыг өмнөх захирал нь яав, Хөгжлийн банкнаас улстөрчид нь хувийн компанидаа тэрбум тэрбумаар зээлсэн л байдаг. Шалгалтын дүнгээр 1.3 их наядын зөрчил илэрсэн гэж тухайн үед шалгалтын баг ахалсан Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр хэлж байсан. Гэчихээд Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаатай хүн бүрт оногдох мөнгийг өөрсдөө халааснаасаа гаргаж өгөх гэж байгаа аятай солиоролдоод уналаа. Энэ бол татварын мөнгө ч биш эх орныхоо газрын баялгаас зарагдаж байгаа нүүрснээс оногдож буй хишиг. Яахыг нь та нар ч мэддэг юм биш. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө мэдэх хэрэг.

Тавиад мянган төгрөгөөр нэг уух юм аваад л, эсвэл нэг өдөр хоол идээд л жорлон луу урсана. Хоногийн хоолоо яая гэж байгаа зарим хүнд хэдэн өдрийн хоолны мөнгө болох биз. Энэн дээр ухаан бодлоо уралдуулж зөв зүйлд зориулмаар байна. Нэг ёсондоо улсдаа ашигтай хөрөнгө оруулалт хиймээр байна. Ядуу байлаа гээд өлсөөд үхсэн монгол хүн одоохондоо алга. Энийг төмөр зам, тэр дундаа Гашуунсухайтын төмөр замд оруулмаар байна.

Бидний түрүү оны ногдол ашгийг Зүүнбаян чиглэлийн төмөр замд ашигласан. Юу юугүй ашгаа өгөх нь юу юм. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг. Өнөөдрийн уушгийг Гашуунсухайтад зориулмаар байна. Нэгэнт хөрөнгө оруулсан юм чинь Зүүнбаянгийн төмөр замаа ч барих хэрэгтэй. Энэ мэт ногдол ашиг өгөх бол бүтээн байгуулалтад өгмөөр байна. Түүнээс биш хувиасаа өгч байгаа мэт бидний мөнгийг тарааж сонгуульдахыг зөвшөөрөхгүй. Тэрний оронд ногдол ашгаараа төмөр замаа тавиад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс дараа нь ашгаа авна биз. Төмөр зам барихад өгсөн мөнгөө хүү бодож авдаг бол бидэнд илүү ашигтай байна. Төмөр зам, нефтийн үйлдвэр барьж дуустал гурав дөрвөн жил тэсчихвэл үр ашиг нь аяндаа л гарна.

Эхнээс хүмүүс ийм санаачилга гаргаад эхэлсэн байна лээ. Эрүүл саруул залуус ногдол ашиг гэж өгөх тэр бага мөнгийг авснаас ашигтай хөрөнгө оруулалтад зориулъя гэлцэж байна. Албан ёсжуулаагүй л болохоос хувь хувьдаа сошиалаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Авдаг нь авна л биз. Авахгүйгээр бүтээн байгуулалтад оруулаад дараа нь илүү ашигтайгаар буцааж авмаар байгаа хүмүүс нь уриалаад, нэгдээд, хөдөлгөөн өрнүүлцгээе. Гучин жил зүгээр мөнгө идлээ. Увуулж, цувуулж авсан арав хорин мянган төгрөгөөр бид юу хийж гийгүүлсэн юм. Яг үнэндээ юунд зарцуулснаа ч санахгүй байна. Мөнгө тараах бүрт банкны үүдэнд хамгийн түрүүнд ажилгүй архичид, тэтгэврийн хөгшчүүл л цугласан байдгийг санаж байна. 2011 онд Эх орны хишиг гэж сар бүр 21 мянган төгрөг иргэддээ тараах үед Дэлхийн банкны эдийн засагч Рожер ван дэн Бринк хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Судалгаагаар бэлэн өмнгө тараасны дараа хэрэглээ өсч, үүнээс үүдсэн үхэл нэмэгддэг гэсэн тоо гарсан. Аляскад жилдээ нэг удаа иргэддээ бэлэн мөнгө олгодог. Мөнгө олгосон долоо хоногийн дараа үхэл өсдөг гэсэн судалгаа гарсан. Энэ бол хувь хүнд тохиолдож байгаа асуудлын жишээ.

Аляскийн газрын тосны орлогыг хуримтлуулж, Засгийн газрын санхүүжүүлэх сан байгуулсан. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт нийгмийн үйлчилгээг бүхэлд нь санхүүжүүлэх болсон. Харамсалтай нь улстөрчид нь бэлэн мөнгө тараах сан болгож, Байнгын сан гэдэг нэртэй байснаа Ногдол ашгийн сан гэдэг нэртэй болгосон. Үр дүнд нь газрын тосны үнэ унахад Засгийн газар нь хүнд байдалд орсон. Нэгэнт ногдол ашиг аваад сурчихсан ард түмэн анхны зорилгыг нь мартчихсан төрийн үйлчилгээ үнэгүй байх ёстой, бас дээр нь бэлэн мөнгө авах ёстой гэсэн сэтгэлгээтэй болдог. Аляскаас өөр ингэж системтэйгээр мөнгө тараадаг улс Монголоос өөр байхгүй” гэж хэлж байжээ. Монголчууд өнөөдрийг хүртэл гучин жил тараасныг нь их, бага гэлгүй аваад л байсан. Авах сэтгэлгээнд нэгэнт дасчихлаа. Энэ удаа гурав, дөрөвхөн жил тэсчихье.Тараасан тав арван төгрөгийг нь авахгүйгээр бүтээн байгуулалтад зориуллаа гэхэд бид өлсөөд үхчихгүй. Тэрэнтэй тэрэнгүй болоод ирсэн биз дээ.

Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад орох ёстой мөнгө иргэдийн гарт зүгээр очихоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломж төдий чинээгээр алдагддаг. Иргэдэд бэлэн мөнгө тарааснаар зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ баялгаасаа хэт давснаас мөнгө үнэгүйдэх явц манайд болдог. Ингээд л улсаараа эдийн засаг нь доройтоод ирдэг шүү дээ. Монголд төмөр зам хэрэгтэй. Үйлдвэр, цахилгаан станц, зам дэд бүтэцэд бүгдээрээ хөрөнгө оруулалт хийвэл хувьцааны үнэлгээ өснө.

Түүнээс биш өөрсдийнхөө авах ёстой ногдол ашгийг улстөрчдөд санал өгөх өр болгож битгий харцгаа л даа. Тэдний баярлалдан бахдаад байгаа чинь биднээр даажигнаж байгаа ой гутам үйлдэл шүү дээ. Иргэдээ мөнгөтэй болох нь гэж тэд баярлаагүй. Ванга шиг хэлье гэдэг билүү. Сонгуулиар тэд өөрсдийн халааснаас мөнгө өгсөн аятай ногдол ашиг тараасан гэж марсайтал инээж байгаад санал нэхэх болно. Урхинд нь бүү унацгаа. Ирээдүйгээ харж, зөв гарц хайцгаая. Ногдол ашгаараа хөрөнгө оруулсан төслийг сайтар хянаж, үр дүн нэхье.

Central Azian Sur­vey сэтгүүлд нийтлэлч Лаурен Бонилла Монголын сонгуулийн тухай олон жилийн өмнө бичсэн байсан. “Иргэддээ авлига өгдөг, мөнгө тараадаг сонгуулийн энэ байдлыг сонгогчид нь огт буруушаадаггүй”-г тэрээр гайхан “Дэлхийн аль ч ардчилсан оронд сонгогч санал өгөхдөө өөрийн үзэл бодол, хараат бус байдалд үндэслэн шийдвэрээ гаргадаг. Харин Монголын сонгуулийн дүр зураг сонгогчийн үзэл бодол, хараат бусд байдлыг нь хүчээр албадан булааж авч байгаатай адил” гэж тэрээр бичжээ. “Энэ нь цаашлаад Монголд шударга бус зүйл цэцэглэн хөжих нэг том үндэс болдог.

Сонгогчдыг ингэж худалдаж авдаг нь найруулга сайтай жүжиг болдог” хэмээн тэрээр тодотгосон байна. Алийн болгон бид улстөрчдийн найруулсан жүжигт сайн дураараа тоглож байх юм бэ. Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг дээр ухаалаг хандаж, улстөрчдийн элдэв жүжгийн эмгэнэлт дүр байхаа больцгооё.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн товчооны орлогч гишүүн Л.ЛАНТУУ: Ардчиллын залуусыг ямар ч байдлаар “янзлах” бололцоо байсан. Гэхдээ бидэнд тийм бодол байгаагүй юм шүү

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Л.Лантуутай ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ардчилсан хувьсгалыг хүлээн зөвшөөрч улс төрийн товчоог огцруулж байсан МАХН-ын хувьд ч энэ бол чухал түүх. Та бол тэр фронт дунд ажиллаж, ардчиллын залуустай нүүр тулан уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж байсан хүн. Тэгэхээр ардчиллын эхэн үеийн үйл явдлаас яриагаа эхэлмээр байна?

-Тэгье, тэгье. 1984 онд Зөвлөлтийн коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Горбачёв гэдэг хүн гарч ирлээ. Горбачёв гарч ирэнгүүтээ “перестройка” гэдэг үгийг хэлж байсан. Үүнийг “өөрчлөн байгуулалт” гэж манайхан орчуулсан байгаа юм. Гэхдээ юуг яаж өөрчлөх юм, өөрчилснөөс гарах үр дүн ямар байх нь тэр үед тодорхой биш. Ер нь л өөрчлөгдөх тухай асуудал яригдаад байсан үе. 1986 онд аймаг, хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар Москвад нэг сарын мэргэжил дээшлүүлэх курсэд явлаа. Тэнд ЗХУ-ын мундаг том профессор, академикууд бид нарт лекц уншдаг байлаа. Бид ч бас энэ асуудлуудыг их ярьдаг. Ямар арга замаар юуг өөрчлөх гээд байгаа юм, гарах үр дүн юу вэ гэж асуухаар хариу хэлдэг хүн байхгүй. Перестройка гэсэн битүүхэн юм яриад байдаг. Гэхдээ яг тэр үед Ельциний талаар манай сонин хэвлэлүүдэд ч бичигддэг байсан юм. Ельцин метрогоор явж байна гэнэ, автобусанд сууж байна гэнэ, дүүргийнхээ эмнэлэг дээр очиж үзүүлж байна гэнэ гэсэн ард түмэн рүү орсон, Улс төрийн товчоо, Намын төв хороо ард түмнээс тасарсан байна гэсэн ойлголтыг харуулсан зүйл яригдаж байсан.

Манайд ч тэр, Их дэлгүүрээс баруун тийшээ явахаар оросууд их олон. Булган шуба өмссөн орос авгай нар их явж харагдана. Би ч бас боддог байв. “Юу болоод байна вэ манайх чинь оросуудаар дүүрчихсэн байна шүү дээ” гэж дотроо боддог. Тиймээс “Ер нь өөрчлөх ёстой юм байна” гэсэн ойлголттой. Тийм ойлголт ганц надад төрсөн юм биш. Улс төрийн товчооны бүх гишүүд тийм ойлголттой болж эхэлсэн байсан. За тэгээд би хойно нэг сарын хугацаанд сурчихаад ирээд Ж.Батмөнх даргад асуудлаа ярилаа. Тэр үед би Төмөр замын Намын хорооны нэгдүгээр дарга байсан үе. “Хойно ч мөн айхавтар хөдөлж байна шүү дээ” гэхэд дарга хариуд нь “Хөдлөх нь зүйтэй. Түүнийг би ойлгож байна. Гэхдээ яаж хөдлөх тухай асуудал их нарийн байна. Бид ЗХУ-ыг 70 жил дагалаа. Энд сайн юм их бий. Муу юм нь ч бага зэрэг байгаа байх. Сайн, муу хоёрыг жингийн туухай дээр тавихад нь сайн нь их. Тийм учраас бид энэ удаа хүлээцтэй хандъя. Юу болох нь вэ үзье” гэсэн байдалтай хэлсэн юм. Би ч “Ер нь ч тийм юм. Юу юу ч үгүй, ойлголтгүй зүйлд мухраар орох нь эцэстээ эх орон, тусгаар тогтнол юу болох вэ, улс орны байдал ямар хэмжээнд очихыг мэдэхгүй байж ингэж болохгүй” гэсэн юм бодлоо.

-Тэгээд удалгүй манайд ардчилсан хувьсгалыг нэхсэн уур амьсгал орж эхэлсэн биз. Улс төрийн товчоо анхны уур амьсгалыг хэрхэн хүлээж авч байв?

-Тэгээд би 1987 онд Хотын намын хорооны I дарга боллоо, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүн боллоо. Удалгүй Улс төрийн товчоонд орлоо. Тэгж байтал гадуур юм хум бичээд эхэлсэн. Энд тэнд янз бүрийн бичгүүд наагаад л. Би Аюулаас хамгаалах яамны сайд Цийрэгзэнтэй уулзаад “Та нар энэ бичээд байгаа хүмүүсийг олж байна уу” гэхэд “Олж байна” гэнэ. “Сайн байна. Гэхдээ та нар тэдэнд эвгүй ширүүн байдлаар хандаж болохгүй шүү. Эд нар чинь Монголын хүүхдүүд. Юмыг нь зөв талаас нь ойлгуулж өгөх ёстой” гэсэн. Дахин хэлье, ийм ойлголт ганц надад биш, ерөөсөө тэр үеийн сайд дарга нар бүгдэд нь байсан. Өөрөөр хэлбэл, хувьсгал гэж яриад байна. Түүнийг нь бид хүлээж авахад бэлэн болчихсон байсан. Сэтгэл санааны бэлтгэлтэй байсан үе. Гудамж талбайд бичиг цаас нааж байсан бол сүүлдээ жагсаал цуглаан болоод явчихдаг юм. Тэгэхэд Хотын намын хорооныхон над дээр орж ирээд л “Та одоо үүн дээр арга хэмжээ аваач” гэж байна. Бид нар бол “Болдог юм болог” гэсэн байр суурьтай ямар нэгэн хатуу арга хэмжээ авах тухай асуудал ямар ч хүний толгойд байгаагүй. Түүнээс биш тэр үед Зөвлөлтийн цэрэг манайд байлаа шүү дээ. Манай өөрийнх ч байлаа. Тэднийг ямар ч байдлаар “янзалъя” гэсэн бол бололцоо байсан. Гэхдээ тэгэх санаатай хүн нэг ч байгаагүй. Тийм учраас тэр явдал болдгоороо болсоор өлсгөлөнд хүрдэг юм. Өлсгөлөн зарлаад Улс төрийн товчоонд тулган шаардах бичиг өгдөг юм.

-Тэр бичгийн хариуг өгөх үүрэг тан дээр ирэх хүртэл их зүйл болсон байдаг, тийм үү?

-Тулган шаардах бичгийг 1990 оны хоёрдугаар сарын 26-нд өгч байгаа юм. Тэгэхэд Улс төрийн товчооны гишүүд маш олон удаагийн уулзалтууд хийсэн. Засгийн газрын бүх гишүүд, Төв хорооны гишүүдтэй, жирийн иргэдтэй уулзлаа, саналыг нь сонслоо. Тэр дотор эд нарыг дарчих гэсэн санаа цухалзаж байсан юм байхгүй. 1990 оны гуравдугаар сарын 5-ны өдөр юм уу даа, Улс төрийн товчоо цугларч, Ж.Батмөнх дарга орж ирэв. “За юуны өмнө Улс төрийн товчоонд өгсөн тулган шаардах бичгийн хариу өгөх хэрэгтэй байна” гэлээ. Хариуг өгөх үүргийг Намсрайд өглөө. Намсрай “Энэ хүмүүс яагаад ингээд бужигнаад шуугиад байгаа юм. Ямар шалтгаан байна вэ. Улс төрийн товчооны бүрэлдэхүүн цөөхөн байна гээд байгаа юм уу, эсвэл их олон хуралдаж байна гээд байна уу. Эсвэл ард түмний аж амьдрал, улс эх орны хөгжил санаанд нь хүрэхгүй байна уу. Тэгвэл тэр улс орны хөгжлийг хариуцсан ямар гээч байгууллага байна вэ” гэж байна. Сайд нарын зөвлөлийг хэлж байна шүү дээ, тойруу утгаар. “Та нар нохойд барьдаг мод шиг болохгүй юм болохоор л намаа барьж өгдгөө боль” гэсэн зүйл хэлсэн юм. Энэ бол Сайд нарын зөвлөлд хандсан асуудал. Тэгээд хариу өгөх хүн олдохгүй явж явж над дээр асуудал нь ирж таарлаа. Улаанбаатар хотын намын хорооны дарга, бас дээр нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр болж байгаа үйл явдал. Би ч аргагүй хүлээж авсан даа.

-Тулган шаардах бичгийн гол агуулга юу байв?

-Тулган шаардах бичигт хэд хэдэн зүйл байсан. Түр хороо байгуул, Монголбанкийг Засгийн газрын удирдлагаас гаргаж АИХ-д оруулах хэрэгтэй, Улс төрийн товчоо огцор зэрэг шаардлага байсан. Би халуун тогоонд нь байсан юм чинь ямархуу байдлаар хариулах вэ гэдгээ мэдэж байгаа. Ж.Батмөнх дарга ч надад бас жаахан семинар өгсөн. Тэгээд тэд нартай уулзсан. Тэгэхэд Ц.Элбэгдорж, “Малыш” Энхтүвшин, Э.Бат-Үүл, С.Зориг нарын хүмүүс байв. Би хэллээ, “Улс төрийн товчоо огцрох эсэх асуудлыг Намын төв хороонд бүгд хурал шийднэ” гэж. Бүгд хурал шийднэ гэхээр Улс төрийн товчоонд тийм санал орох нь байна. Хоёрдугаарт, “Түр хороо байгуулах асуудлыг Ардын их хурлын чуулган мэднэ”. Төв хорооны бүгд хурал болсны дараа чуулган болдог. Өөрөөр хэлбэл, тэдний саналыг ямар нэгэн хэмжээгээр зөвшөөрсөн маягтай тайлбар хийсэн. Монголбанкийг АИХ-ын мэдэлд оруулна гэдэг бол Засгийн газар өөрийнхөө дураар мөнгө үйлдвэрлээд явж байна гэж үзэж байгаа асуудал. Тийм учраас энэ бол болохгүй юм биш гэсэн. Тэгэхэд С.Зориг “Их сайхан хариу өглөө” гээд бид хоёр чинь бүр тэврэлдэж байлаа. Би С.Зоригт хэлсэн. “Миний дүү нар, та нар бидний хүүхдүүдтэй адил залуучууд. Асуудлаа хэдүүлээ хамтарч шийдье. Улаанбаатар хотын Намын хороо та нарын хувьд нээлттэй” гээд хэллээ. Тэгээд уулзалт өндөрлөсөн. Ингээд Хотын намын хороон дээрээ хүрээд ирлээ, утас зогсоо зайгүй дуугарч байна. Ховдын Зэрэгээс ярьж байна гэнэ. “Та ер нь наад Ц.Элбэгдоржийг бидэн рүү явуулчих. Бид бол үүх түүхээр нь мэднэ” гэж байна. Тэр бол яах вэ дээ, санаа сэтгэл нь зовсон асуудал. Өөр ч олон хүмүүс ярьж байна. Улаанбаатар хотын Намын хорооны хаалгыг чи ганцаараа мэддэг юм уу гээд намайг загнаж байна. Яая гэх вэ, хүн хүн янз бүрийн байдлаар хүлээж авсан хэрэг.

-Улс төрийн товчоо хэд, хэдэн удаа хуралдсан. Хурлын уур амьсгал чухам ямар өнгөөр асуудлыг хэлэлцэж байсан нь сонин байна?

-Тийм. Ер нь өөрчлөгдөх нь зүйтэй юм ийм л байдлаар л ярилцаж байсан. Тэгж байтал 9-ний өдөр Ж.Батмөнх дарга биднийг цуглуулаад ороод ирдэг юм. “За Улс төрийн товчоо огцоръё. Та нар ямар бодолтой байна” гэсэн. Бүгд санал нэгдэж гараа өргөсөн. Тэнд ямар нэгэн хүний сэтгэл санаа хуваагдсан, эсрэгээр байсан тохиолдол байгаагүй.

-Гурав хоногийн дотор Улс төрийн товчоог огцруулах шийдвэрийг Ж.Батмөнх дарга гаргах хүртэл их юм болсон нь мэдээж?

-Маш олон хүнтэй уулзсан. Гадаад дотоодын Элчингүүдтэй ч уулзсан байж магадгүй. Тийм учраас тэд нар бидэнтэй уулзсан хүмүүс эд нарыг дар, та нар бууж өг гэж ярьсан хүн байхгүй. Тэд нар чинь бидэнтэйгээ ялгаагүй, биднээс ч дор байж мэднэ, мэдээлэл байхгүй. Яах ёстойг мэдэхгүй байсан. Тийм учраас тодорхой зөвлөгөө өгөөд байсан зүйл лав л надад байхгүй. Яах вэ ганц нэг хүмүүс тэдний хийж байсан зүйлд жаахан сэтгэл дундуур байсан явдал бий. “Энэ нөхдүүдийг харахад ихэнх нь шорон оронгоор явж байсан, хөдөлмөрийн хамт олон дотор гологдож байсан, ер нь сахилгагүй хүмүүс голдуу байна шүү дээ” гэж байсан.

-Ж.Батмөнх гуай танд ямар чиглэл өгч байв, хурлууд дээр юуг онцолж байв даа?

-“Ерөөсөө улс төрийн товчоогоор огцоръё. Эд нар чинь бидний хүүхдүүдтэй адилхан хүүхдүүд. Бид тэдэнд ширүүн хандаж таарахгүй”. Ингэж л хэлсэн.

-Тэгвэл бусад дарга, сайд нар ямар байр суурьтай байсныг та яриач. Тухайлбал, УТТ-ны гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Намсрай гуай?

-Намсрай бол ер нь энэ нөхдийг их дэмжиж байсан байгаа юм. Яагаад гэвэл Намсрай “Намаа нохойд барьдаг мод шиг хандаж байна. Ард түмэн юуг хүсээд бужигнаад байгаа юм. Улс орон хөгжихгүй байгаа бол үүнийг хэн хариуцах вэ. Тийм асуудал байна гээд Улс төрийн товчоонд оруулж ирэх ёстой. Яагаад оруулж ирэхгүй байгаа юм” гэж хэлсэн. Тэр хурлын дараа Ж.Батмөнх дарга бид хоёулахнаа үлдэж таарав. Дарга хэлж байна. “Чи хараа биз, Намсрайг” гэж. Өөрөөр хэлбэл, Намсрай бол энэ хүмүүстэй нэг байна гэж хэлж байгаа ухаантай. Яах вэ, юу юугүй нэг тал байгаагүй. Ер нь тэр хөдөлгөөнийг дэмжих нь дэмжиж байсан.

-Сайд нарын зөвлөлийн дарга Содном гуай…

-Содном бол бас их сонин хүн л дээ. Улс төрийн товчоо огцрохоор шийдэхэд “За би Зурагт руу очлоо. Үүнийг хэлж ярьж өгнө” гэсэн удаатай. Мань нөхөр их мундаг хүн болох гэж байна шүү дээ. Ж.Батмөнх дарга зөвшөөрөөгүй.

-Ард нийтэд зурагтаар өөрийн биеэр зарлахыг хүссэн хэрэг байж. НАХЯ-ны сайд Жамсранжав гуайн санал ямар чигтэй байсан бол доо?

-Жамсранжавын хувьд нэг ийм юм болдог юм. Улс төрийн товчоо огцорвол хэнийг ямар байр сууринд тавих вэ гэдэг тусгай жагсаалт гарсан байсан. Тэр жагсаалтыг манай хотын Намын хороонд байдаг нэг нөхөр надад авчирч үзүүллээ. Ж.Батмөнх даргад би ороод хэлэхгүй юу. “Та чинь Аюулаас хамгаалах яамтай хүн. Миний хэлэх гэж байгаа зүйлийг та мэдэж байгаа. Гэхдээ Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Гадаад яамны сайд асан Гомбосүрэн, Сайд нарын зөвлөлийн даргаар П.Очирбатыг, АИХ-ын даргаар Бямбасүрэнг тавина гэсэн ийм нэр гарчихаж. Бусад бүх дарга нарыг өөрчлөхөөр гарсан байна” гэхэд Ж.Батмөнх дарга хөөрхий минь “Би ч одоо Аюулаас хамаалахгүй болоод гурван сар боллоо” гэсэн. Би тэгэхэд даргыг нэг ёсондоо өрөвдсөн. Нөгөө талаасаа “Хаашаа хүн бэ” гэж бодоод өрөөнөөс нь гарч байлаа.

-“Аюулаас хамгаалахгүй болсон” гэдэг бас л их сонин тайлбар аа?

-НАХЯ Ж.Батмөнх даргад ажлаа танилцуулахаа больчихсон байж. Уг нь тэд нар чинь бүх юмыг мэдэж байгаа. “Өдөр тутамдаа иймэрхүү байдалтай байна, ганц тэр жагсагчдын биш, ард түмний санал ийм байна шүү” гэдгийг дарга дээр орж ярьж байх ёстой гол газар. Ганц Ж.Батмөнх даргад л ярих ёстой. Гэхдээ ярьдаггүй.

-За Улс төрийн товчооны хувьд ийм байж. Ардчилсан хувьсгалын хөдөлгөөнийхөн рүү оръё. Хөдөлгөөнийг удирдаж байсан хүмүүс нь хэн хэн байсан бэ?

-Гол хүн нь бол С.Зориг байсан. Ярих юм байхгүй. Тэгээд Ц.Элбэгдорж, малыш Энхтүвшин, Э.Бат-Үүл нар байсан. Р.Гончигдорж нар бол сүүлд орж ирсэн шүү дээ.

-Тэдний хүсэл сонирхол одоогийн жагсагчдаас өөр байсан нь лавтай. Харин таны харснаар?

-Би ингэж боддог хүн. Эд нар анх гарч ирэхдээ зөв санаа агуулж байж гарч ирсэн байж мэднэ гэж. Тухайн үед Р.Гончигдорж байхгүй байсан. Бусад нь бол тухайн үед улс удирдаад явчихад болмоор л байсан даа. Очирбат, Бямбасүрэн нар чинь гайгүй хүмүүс байсан санагдаад байгаа юм. Сүүлдээ тэд Ардчилсан холбооныхны ухуулгад ороод яасан уу дуалист буюу хоёрдмол шинжтэй болчихсон хүмүүс. Нэг талаасаа Ардын намын үзэл суртлыг биелүүлж байгаа юм шиг, нөгөө талаас Ардчилсан намынхныг биелүүлж байгаа юм шиг л болчихсон.

-Одоо тэр үйл явдлаас хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн өмнөх жагсагчдын өнөөдрийн төр байдлыг та хэрхэн дүгнэдэг бол?

-Яг тэр 1990 оны үед эд нар албан тушаал аваад сайхан болгоно гэж байсан. Сайхан болгох сэтгэл байсан. Албан тушаал авсны дараа өөрчлөгдөөд идэж болох юм байна гэж ойлгоод тамтаггүй идлээ дээ. Би АН-ынханд ингэж хэлдэг юм. Өс хонзонтой хүн биш шүү. Энэ хоёр нам хоёулаа том нам. Энэ хоёр нам ээлжилж энэ улс орныг авч явах болов уу. Ээлжлэхийн тулд энэ хоёр нам хоёулаа төлөвших хэрэгтэй. Ээлжлээд засаг төрийн эрхийг барьж байхдаа “Энэ чинь овоо юм хийчихлээ шүү. Гэхдээ нөгөө намаа арай гүйцсэнгүй” гэж ард түмэн үнэлэхээр. Түүнээс биш энэ хогнууд идээд дууслаа улс орныг элгээр нь хэвтүүллээ, нөгөөх нь гайгүй юм байна гэхэд хүрч байна. Тэгж болохгүй. Тийм учраас та нар төлөвш. Жинхэнэ сайн залуус өч төчнөөнөөр байгаа. Тэд нараас гаргаж ир. Хэрэг төвөгт орж байсан хүмүүсийг дэвшүүлээд байна. Энэ чинь буруу шүү дээ. Төлөвшихгүй байна гэж хэлдэг.

-Ер нь нийгэмд нэг ийм ойлголт газар аваад байна. Ардчилсан хувьсгалыг Ц.Элбэгдорж нар биш, Жамбын Батмөнх эхлүүлсэн юм шүү гэсэн утгатай зүйл яригдах болж. Таныхаар Ардчилсан хувьсгалыг хэн хийсэн юм бэ?

-Ардчилсан хувьсгалыг хэн нэгэн хүнд наалдуулж болохгүй. Яах вэ, Монгол орны гол эзэн байсан хүний хувьд цус урсгасан эвгүй юманд хүргээгүйгийн хувьд Ж.Батмөнх дарга арга байхгүй маш том гавьяа байгуулсан хүн. Тэгүүлэхийг хажууд байсан бид нар мэт сайд нар ард түмэн зөвшрөөхгүй байсан. Бүгд бид нэг үндэстэн шүү дээ. Бид нар цөөхүүлээ, цус усргана гэсэн асуудал байхгүй. Харин ардчилал манайд жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн нь ардчилсан Үндсэн хууль батлагдсаны л буян.

Үүний үр дүнд хэдэн өндөр барилгууд баригдсан байна. Энд бол буруудаад байх юм байхгүй. Хүмүүс эрх чөлөөтэй, бодсон санаснаа илэрхийлэхээс гадна хэрэгжүүлэх бололцоог нь хангаж өгсөн. Хуучин нийгмийн айхавтар ноцтой дутагдал нь улсын төлөвлөгөө гээд төлөвлөгөөний комиссын хэдэн нөхөд боловсруулаад нэг юм гаргаад тавьдаг. Түүнийг нь биелүүлнэ. Өөрөөр сэтгэж барих бололцоо байхгүй. Тэр нөхдүүдийг зөв сайхан хүлээж аваад бас өөрсдийнх нь санасан зүйлүүдийг бүтээх талаас явсан. Гэхдээ ганц Ардчилсан холбооны хэдэн хүн өлсөхөөр нийгэм орвонгоор нь эргэнэ гэж байхгүй. Угаас дэлхий нийтээр тэр үед өөрчлөгдөж байсан. Хойно өөрчлөгдсөн. Урд бол түүнээс өмнө нь өөрчлөгдсөн. Одоо Хятадыг Коммунист нам толгойлоод явж байна. Тэгсэн хэрнээ зах зээлийн эдийн засагт шилжчихсэн. Энэ бол Хятадын өөрийнх нь онцлогтой холбоотой. Бид л гэж цээжээ дэлдэх явдал буруу. Өөрсдөө зарим нэг нь ярьдаг юм, сонин хэвлэлд бичсэн байдаг. Ардчиллыг, Ардчилсан хувьсгал ганцаараа өмчлөх ёсгүй гэдэг. Тэгсэн хэрнээ зарим нэг нь Ардчилсан холбооныхон бүх юмыг хийсэн юм шиг ийм байдлаар байж болохгүй. Бод доо, хувьсгал гэдэг чинь орвонгоор нь өөрчлөгдөхийг хэлдэг. 1990 онд орвонгоор нь өөрчлөгдсөн юм байхгүй. Хүн л өөрчлөгдсөн болохоос биш бусад нь хэвээрээ байсан. Бямбасүрэнг Сайд нарын зөвлөлийн даргаар, Гончигдоржийг Улсын бага хурлын дарга болгосон байх. Гадагшаа жаахан явсан. Тэр үед цуу давсаас өөр юм байхгүй гээд байдаг юм. Тэр чинь ЗХУ бидэнд өгдөг байсан тусламжаа болиулчихсанд л байхгүй юу. Тэд чинь өөрсдөө дотроо маш хүнд байдалд орсон байсан. Харин 1992 оны шинэ Үндсэн хуулиар ёстой манай нийгмийг орвонгоор нь өөрчилсөн.

Энэ нөхдүүд засаг төрийн эрхэд гараад даанч ийм муухай юм хийнэ гэж бодоогүй. Хэний ч санаанд ороогүй. Хийх нэг өөр, хэлэх ч шал өөр юм байна. Туршлагатай хүн төр засгийн удирдлагад гардаг болохоос зүгээр нэг лааз өшиглөөд явж байсан нөхөр төр засгийн удирдлагад гаргаж болдоггүй юм байна. Ардчилсан хувьсгалын нөхдүүд дунд олигтойхон барилгын бригад удирдаж үзсэн хүн байгаагүй. Хүн удирдана гэдэг ямар хэцүүг тэд мэдэхгүй. Тэр дотроо улсыг удирдана гэдэг үнэхээр хэцүү.

-Нэг талаар тийм байх. Нөгөө талаар туршлагатай хүмүүс нь өөрчлөлт шинэчлэлтийг хийдэггүй. Хувьсгалчид ч туршлагатай хүмүүс байдаггүй. Сүүлийн жишээ гэхэд Хонконгийн залуусын хувьсгалыг та харж байгаа байх. Тэдний дунд төр засгийн туршлагатай хүмүүс байхгүй шүү дээ?

-Үнэн үнэн. Хүн чинь нэг арга барилдаа дасна гэж юм байна. Манай намын өөрийнх нь алдсан том алдаа бол тэр. Эр зориг муутайгаас гадна хамгийн гол нь нэг хүнийг маш олон жил байлгадаг. Улс төрийн товчоонд байсан хүмүүс ихэнх нь 20 30 жил байсан. Тэгэх хэрэггүй л байсан хэрэг. Найман жил ажиллаад л бол оо.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: “Бооцоо” жүжгийн дуу, “Антигона”, “Харьд одсон бүсгүйн заяа”-г дуулсаар байгаад л ирлээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп Дива Ж.Алтанцэцэг дуучин С.Сэрчмаатай хамт эх орныхоо баруун, зүүн аймгуудаар явж “21 tour concert” аялан тоглолтоо амжилттай хийгээд ирсэн. Аялан тоглолт болоод уран бүтээлийнх нь талаар түүнтэй ярилцлаа.


-Монгол орноо тойроод ирэв үү?

-Тэглээ. Аялан тоглолт хийгээд ирлээ. Өнгөрөн одож буй 2019 он миний хувьд уран бүтээлийн жил байлаа. “Хайр гэж…” тоглолтоо гуравдугаар сарын 8-нд Corporate convention center-ийн Концертын танхимд хийсэн. Тоглолт маань маш өргөн бүрэлдэхүүнтэй, нүсэр болсон. Энэ тоглолтод дуулсан шинэ уран бүтээлүүдээ ард түмэндээ сонсго, Монгол орноо тойр гэдэг саналыг On’n off продакшныхан бидэнд тавьсан. Хоёр поп Дива хамтарч явъя гээд дуучин С.Сэрчмаатай замд гарсан.

Есдүгээр сарын 20-ноос аялан тоглолт маань баруун аймгуудаас эхэлсэн. Зүүн аймгуудын тоглолт аравдугаар сарын 5-наас эхэлсэн. Нийтдээ 20, 20 хоногоор Монголынхоо баруун, зүүн аймгуудыг тойрч дуусгасан. Төвийн бүсийн хувьд Улаанбаатарт ойрхон байдаг болохоор өөр л дөө. Тийм учраас бид аймгууд, орон нутгаар орж өөрсдийн үзэгчдэдээ дуу хоолойгоо хүргэе, биечилж үзэгчидтэйгээ уулзъя гэж зорьсон. Зорьсноо бүтээсэн. Ямар ч байсан амжилттай явж чадлаа. Баруун бүсийн тулгуур төв гэдэг утгаар нь Ховд аймгаас тоглолтоо эхэлсэн. Ховд, Баян-Өлгий гээд л тоглолтоо эхэлсэн дээ. Дуучин хүний хамгийн том аз жаргал, үүрэг, хийх ёстой ажил бол үзэгчидтэйгээ уулзах байдаг шүү дээ. Үзэгчидтэйгээ нүүр тулж уулзъя гэсэн минь биеллээ олсонд баяртай байгаа. Баруун аймгуудаар тоглолтоор явахдаа тэр их өндөр сүрлэг хайрхадын абшиг, эрч хүчийг хүртэж, аймаг, орон нутагт нутгаа сахин суугаа монголчуудтайгаа уулзаж сайхан явж ирлээ. Би тоглолт бүрийнхээ төгсгөлд “За би урлагийн Янжинлхам бурханыхаа зараалаар ирлээ” гэж хэлж байсан. Тоглолтын үеэр ямар нэг хүндрэл гараагүй, харин Увс аймагт тоглох үед хүндэтгэх шалтгаан гарсан учир тоглож чадаагүй. Бусдаар бол бүх юм төлөвлөсөн ёсоор байлаа. Харин ч төлөвлөгөөнд ороогүй газруудад очиж тоглосон шүү.

-Хаана вэ?

-Жишээнь, баруун аймгуудаас Говь-Алтай аймгийн Шарга суманд бид шөнийн 00.00 цагт тоглолт хийсэн (инээв).

-Яагаад тэр вэ?

-Биднийг замд явж байгааг дуулаад тус сумын иргэд сумынхаа клубт цуглачихсан байсан. Биднийг ирнэ гэж хүлээж байсан юм билээ. Бид “Амжих юм уу, аймгийн төв рүү орсоор байтал 21 цаг болно. Очсоор байтал 22 цаг өнгөрнө. Тайзаа засна, хөгжмөө бэлдэнэ, хувцас хунараа өмсөнө” гэсэн чинь “Зүгээр ээ, бид хүлээж байя” гэлээ. Тэгээд тус суманд шөнөжингөө шахуу тоглолт хийсэн дээ. Гэх мэтчилэнгээр сумдаар төлөвлөгөөгүй тоглолт их хийсэн шүү.

-Шөнийн 12 цагт очиход үзэгчид нь хүлээгээд сууж байх юм уу?

-Сууж байсан. Хүлээгээд сууцгаачихсан “Бид хүлээгээд байж байя аа, яарах юмгүй” гэхийг нь сонсоод бахархмаар сэтгэгдэл төрсөн. Дараа нь тоглолтоо дуусгаж ирээд “Сумдаараа явж баймаар юм байна” гэж дүгнэлт хийсэн шүү. Бид бол хөдөө орон нутгаараа ховор явдаг дуучид юм байна. Явдаг уран бүтээлчид маань хаагуур, хаагуур, аль сумаар яаж орохоо хэдийнэ мэддэг болчихсон байдаг юм байна.

-Та өмнө нь аялан тоглолтоор явж байсан биз дээ?

-12 жилийн өмнө анх удаа аялан тоглолтоор эх орноо тойрч явж байлаа. 2007 онд. “Тэгэхэд би шувуу байсан” цомгоо гаргаад “Нисч ирсэн дурлал” тоглолтоо хийгээд Монгол орноо 44 хоногийн хугацаанд тойрч байлаа. Тэгж явахдаа ганц ч өдөр завсарлага авалгүй явж билээ. Энэ удаад ганцаараа явах гэснээ дуучин С.Сэрчмаа анх удаа Монгол орноо тойрч үзэж байгаа юм билээ. Тэр утгаараа поп Дива гэдэг хүний хувьд үзүүлэлт гэж юм байх хэрэгтэй байлгүй дээ гэж бодсон л доо. Тоглолтоор явахад маш олон хүн зорьж ирдэг юм байна. Бас үзэгчид маань “Итгэл өгөөч наддаа”, “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Бооцоо” жүжгийн дууг дуулж өгөөч, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны дуугаа дуулж өгнө үү гэж байсан. Тухайн дуучны урьд нь дуулж байсан дуунуудыг үзэгчид нэхдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Гэтэл би эсрэгээр нь бодоод аль болох шинэ уран бүтээлээ хүргэе гэж төлөвлөсөн байсан л даа. Тэгтэл шинэ дуунууд гэхээсээ илүүтэй сэтгэлд нь хоногшсон дуунуудыг дуучнаар нь дуулуулж, сонсох дуртай байдгийг сая мэдлээ. Шинэ дуунуудыг минь огт дуулуулаагүй. “Бооцоо” жүжгийн дуу, “Антигона”, “Харьд одсон бүсгүйн заяа”-г дуулсаар байгаад л ирлээ (инээв). Энэ дуунуудыг хичнээн ч дуулав, дуулсаар байгаад ирлээ. “Итгэл өгөөч наддаа”-г дуулж байгаад хоёрдугаар бадаг нь “…Анх чи намайг…” гээд эхлэхийн өмнө би энэ дууныхаа тухай товч түүх ярихгүй юу. “1995 онд…” хэмээн ярьж эхэлтэл манай тайзны арынхан инээлдсэн. Дараа нь учрыг нь асуутал “Алтаа эгч ээ, үзэгчдийн ихэнх нь 1995 онд дөнгөж төрсөн байсан юм байна шүү дээ” гээд инээлдэцгээсэн. “Та түүх ярихаар 1990 хэдэн оны юм, дээр үеийн юм яриад байна. Ядаж жаахан наашлуулж, 2000- аад оны юм ярь” гэцгээсэн л дээ. Тэгтэл үнэхээр л хорин хэдэн жил өнгөрчихсөн л байж шүү. 20 жилийн хугацаа ийм хурдан өнгөрчихнө чинээ хүн боддоггүй юм байна. Дуучин хүнийг хамгийн анх дуулж, гарч ирсэн бүтээлээр нь үзэгчид хүлээгээд авчихсан байдаг учраас тэр үеийнхээ дууг л дуулах ёстой байдгийг ойлголоо.

-Дээхнэ үед уран бүтээлчид бригадаар явахдаа хэдэн сараар явдаг байж. Одоо бол сарын дотор л эх орноо тойрчихож байна. Тухайн үед зам харилцаа муу, машин техник ч ховор байж дээ. 2007 онд очиж байсан сум, өнөөдрийн сум хоёрын хооронд ямар ялгаа харагдав?

-2007 оноос хойш их өөрчлөгджээ, хөдөө орон нутаг маань. Би гурван жил АНУ-д амьдарч байгаад ирснийг ч хэлэх үү, эх орноороо явж, урлагт хайртай ард түмнийхээ бодит амьдралтай нүүр тулж, нөхцөл байдалтай нь танилцъя гэсэн нь миний гол зорилго байсан л даа. Зүгээр аялаад, тойроод ирэх биш, юу өөрчлөгдөж вэ гэдгийг харж, театрын хүн болохоор театрын барилгууд, дотоод орчинг нь их анзаарсан. Сая явж байхад нэг л зүйл мэдрэгдлээ. Буудал, сүлжээ дэлгүүрүүд нэмэгдэж, үйлчилгээ нь сайжирсан байна. Зам харилцаа сайжирч, одоо л бүх аймгаа засмал замтай холбож байна. Аймгуудын хувьд үйлчилгээний салбар нь өөрчлөгдсөн байна. Гэтэл Соёлын төвүүд нь өөрчлөгдөөгүй байх жишээтэй. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Зарим нэг Соёлын төв гоё болсон байна аа. Эх орон минь хөгжиж байна, хөгжсөн байна. Бид Улаанбаатарт муу амлаад шүүмжлээд яриад байгаа болохоос биш дэлхий дээр байдаг үйлчилгээний бүхий л сүлжээ ороод ирчихсэн байна. Хамгийн гол нь монголчууд театраа хөгжүүлэх цаг үе ирэх байлгүй дээ гэдэг гэгээн юм сэтгэлдээ төсөөлж, ерөөж бодлоо л доо. Гэхдээ хэцүү юм харагдлаа, дандаа гоё юм гэж хаа байх вэ дээ. Тийм ч болохоор би сая тоглолтоор явахдаа тайзаа авч явсан. Тэгтэл хүмүүс “Тайз ачаад явж байхдаа яахав дээ” гэцгээсэн. Хүн театр, Соёлын төвд орж ирж юм үзэх гэж байгаа бол гоё сайхан орчинд сууж, гоё сайхан юмыг мэдрэх нь чухал шүү дээ.

-Та эх орноо тойрохдоо тайзаа ачаад л яваад байсан хэрэг үү?

-Ачиж явсан шүү дээ. Тусдаа машин гаргаад, Yamaha-гийн оргиналь дөрвөн өсгөгч, тайзаа ачиж маш өндөр ач холбогдол өгсөн. Үзэгчдээ зорьж явж байгаа тохиолдолд өндөр ач холбогдол өгөх ёстой гэж бодсон л доо. Тоглолтын тайз маань лаа, цэцэг навчаар чимэглэгдсэн. Яагаад вэ гэвэл бид зүгээр л байгаа тайзан дээр нь гараад дуулах, тайзаа гоё янзлаад дуулах хоёр чинь өөр.

-Хөдөөнийхөн тоглолтоор цангалаа гэж ярьдаг үе хойно хоцорсон байлгүй?

-Тэгсэн байна. Харин ч тоглолт олон очдог болжээ. Үүн дээр цэгцтэй, дараалалтай, бодлого явмаар юм байна гэж бодогдсон. Үзэгчдийг урлагаар соён гэгээрүүлнэ гэдэг. Тэр утгаараа хүмүүс рүү чиглэсэн, нутаг орных нь онцлогт тохирсон ажил хиймээр санагдсан. Би фэйсбүүкээр шууд бичлэг хийж байгаагүй. Харин сая тоглолтын үеэр анх удаа лайв хийж үзлээ. Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүдийн “Гоо даль”, “Эвийн хүч” группийн бүсгүйчүүд надтай уулзсан. Тэд маш сайхан эрч хүчтэй, нутаг орондоо юм бүтээхсэн гэсэн зүрх сэтгэлтэй. Тийм учраас тэдэнтэй уулзаад маш их баярлаж, сэтгэл хөдлөөд лайв хийсэн л дээ. Бүсгүйчүүд маань их мундаг болчихжээ. Нутаг орныхоо төлөө санаа тавьж, нэгдэж “Бид энэ нутагтаа л амьдарна. Улаанбаатарт байгаа бүхнийг нутагтаа нутагшуулахыг хүсч байна” гэж ярьцгааж байсан. 2007 онд тоглолтоор явахад надад зориулж нэхсэн цамц, жимсний чанамал бариад ирж байсан үзэгчид байсан. Энэ удаад ч тэр чин сэтгэлээсээ угтан авч, тоглолтыг минь амжилттай болоход бүхий л талаараа тусалж байсан хүмүүстээ маш их баярлалаа. Тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Мөнгө төгрөг олъё гэж зориогүй. Үзэгчидтэйгээ уулзъя, амьд харилцаа үүсгэе гэдэгт л хамаг анхаарлаа зориулсан. Тийм ч болохоор тоглолтын дундуур зарим дууныхаа үүх түүхээс хуучилж, халуун дотно яриа хөөрөө үүсгэхэд үзэгчдэд их таалагдсан. Тоглолтынхоо төгсгөл рүү гоё доргио дуу дуулж, хамтдаа бүжиглэсэн. Их сайхан байсан.

-Та сошиалд, тэр дундаа фэйсбүүкт нээлттэй хүн. Нийгмийн сайн сайхан, хүүхдийн сайн сайхны төлөө дуу хоолой болж, болохгүй зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг тань анзаарагддаг. Ж.Алтанцэцэг: “Бооцоо” жүжгийн дуу, “Антигона”, “Харьд одсон бүсгүйн заяа”-г дуулсаар байгаад л ирлээ Хэдхэн хоногийн өмнө та Монголын Хүүхдийн ордны тайзны талаар пост оруулсан байна билээ. Та тайзаа хүндэлдэг, тайзанд маш их ач холбогдол өгдөг учир тийм пост бичсэн байх гэж бодлоо?

-Би сая тоглолтоор явахдаа тайзаа ачиж явсан нь орон нутгийн тайзыг гоё, тансаг болгож, гоё орчин, урлагийн ариун тансаг сүм үүсгэхийн тулд хичээж ажиллаж байгаа нь тэр байхгүй юу. Монголын Хүүхдийн ордноор авьяастай хүүхэд болгон дамжин гардаг. Би ч багадаа Хүүхдийн ордны харшийн шинэ жилд орохыг мөрөөддөг байлаа. Миний мөрөөдөл байсан. Саяхан би тэнд арга хэмжээнд оролцож, дуулсан. Дуучин A Cool 1000 хүүхдэд бэлэг өгсөн. Гэтэл тэр тайзан дээр өсгийтэй гуталтай зогсоход хүндрэлтэй байсан. Шал нь хөдөлгөөн орчихсон, дэгэн догонтой. Тайзан дээр нь гараад зогсож байхдаа бодсон л доо. Тайз нь дульхан санагдсан. Магадгүй би ганц очоод л нэг талаас нь харсан байж болно. Гэхдээ тайзыг хямд төсөр аргаар өчнөөн янзаар хувиргах техник, технологи бий болчихсон байна. Түүнийг ашиглаад арга хэмжээ болгон дээр тайзаа олон янзаар хувиргаад байж болдоггүй юм байх даа гэсэн халаглалаа л бичсэн юм.

-12 дугаар сар уран бүтээлчдийн хамгийн завгүй сар бололтой?

-Олон арга хэмжээнд оролцож байна. Би чинь олон газар харьяалагддаг. “Ачлалт хүүхдүүд” асрамж, хамгааллын төвийн зөвлөхийн ажилтай. Хүмүүс нэмэгдэж байгаа ч бие нь дээрдэж байгаа ахмадуудаа шинэ жилийн баярт оролцуулдаг болсон сайхан мэдээтэй. Хүүхдүүдэд бэлэг өгнө. Налайх дүүргээс зохиож байгаа шинэ жилийн арга хэмжээнүүддээ оролцоно. Найз нөхөд, хамт олны гээд олон л арга хэмжээнд орж байна.

-“Ачлалт хүүхдүүд” гэж ахмадын асрамжийн газар уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудыг асардаг. Баянхошуунд байдаг. Хоёр дахь төв нь нээгдчихсэн. Гэр бүлийн хоёр ажиллуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй ахадуудтай өдөр болгон тулж ажиллаж, хэвтэрт байгаа хүмүүсийг асарч тойлно гэдэг хэцүү л дээ. Зарим нь бурхан болохоор буяны ажлыг нь хийж өгнө. Энэ чинь их сонин хувь тавилан байхгүй юу. Их буянтай ажилтай. Би ганцхан эгчтэй. Эгч маань саяхан бурхан болсон. Ах дүү, хамаатан садныхаа залуучуудыг цуглуулаад айлуудаар гурил, будаа тараалгаж, буян үйлдүүллээ. Тэгж явахад залуу хүүхдүүд дургүйхэндүү, зарим нь ойлгохгүй шахуу л явж байна билээ. Бүгдээрээ явж ирээд ганц л үг хэлсэн “Яасан хэцүү амьдрал вэ” гэсэн. Би “Аймаар биш ээ. Энэ бол хүний амьдрал. Бурхан, буг зэрэгцэн оршдог гэдэг шиг хүн бие, сэтгэл, оюун гурваа захираад сурвал хүнд зовлон ирэхэд ч даван туулдаг” гэж хэлсэн. Залуус их залхуу байна. Хичээл номондоо явахгүй, аав ээжийнхээ гарыг харж, юманд өнгөцхөн, өөрийнхөө бодлоор ханддаг. Гэтэл тэр хэцүү амьдралтай айлуудаар хороо хорины дарга нартай нь хамт явуулаад “Нийгмийн ажилтан гэдэг хүмүүс ийм л ажил хийдэг юм” гэж хэлсэн. Нэг өдөр нийгмийн ажилтны ажил хийж ирчихээд тэд орой нь өрөвдсөн, уйлснаа, айснаа ярьцгаасан л даа. “Буян нүглийг ялгаж чаддаг билгийн мэлмий гэж байдаг юм. Тэрийгээ олж хар, миний дүү нар” гэсэн. Тэд өнөөдөр нэг найзтайгаа кофе уугаад дуусгачихдаг 10 мянган төгрөгөөр хэдэн кг гурил авдгийг мэдэж авцгаасан. Америкт байхдаа би нэг зүйлийг их сайн анзаарсан. Тэнд өнчин өрөөсөн хүүхдийг шашин шүтлэг, арьсны өнгө гэж ялгаварлахгүй шууд л өргөөд авчихдаг. Хэзээ ч цээрлэдэггүй. Янз бүрийн үзэл бодол, шашин шүтлэгийг ч тоохгүй, нэгэн үзэл бодлын дор нэгдмэл байж чаддаг. Гэтэл монголчууд бид цөөхүүлээ байж хичнээн ч олон янзын шашинтай юм, хичнээн олон янзын үзэл бодолтой юм. Тэр бүгдэдээ төөрөлдчихсөн. Энэ нь нэг бодлын эрх чөлөө л юм даа. Нөгөө талаасаа хүн төрөлхтний хуулийн дор нэгдэж, захирагддаг тийм зүйл нь дутагдалтай санагддаг. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд, ирж буй 2020 он маань 20, 20 гэсэн тэгшхэн сайхан он юм. Бүх хүний санаж бодож байгаа, хийж бүтээж байгаа ажил үйлс нь тэгшхэн сайхан бүтэх болтугай гэж ерөөе. Шинэ жилээ сайхан угтаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хөөн хэлэлцэх хугацаа хэмээх үлгэрээ ярьж бас л төөрөлдүүлж байна уу, цаг хожиж байна уу” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт уламжлал ёсоор “Танайд өнжье” булан хэвлэгдлээ. Энэ удаад Хотын амгалан амьдралын төлөө амралтгүй ажиллаж яваа алба хаагчдтай нэг өдрийг өнгөрөөлөө.

МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнайгаас он бүрийн төгсгөлд нийтлэлч П.Хашчулуун дэлгэрэнгүй ярилцлага авдаг уламжлалтай билээ. Энэ оныхоо ээлжит ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа. V нүүрнээс уншиж сонирхоорой.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд “Хөөн хэлэлцэх хугацаа хэмээх үлгэрээ ярьж бас л төөрөлдүүлж байна уу, цаг хожиж байна уу” нийтлэл хэвлэгдлээ.

“Эдийн засаг” буланд Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай хийсэн ярилцлага хэвлэгдлээ.

Чөлөөт уран бүтээлч Б.Эрдэнэтуяатай ярилцлаа. Тэрбээр твиттерт Ээгийшка нэрээр жиргэдэг жиргээч нэгэн билээ.

Монгол түмэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй энэ үед МУГЖ, Өвлийн өвөө Б.Жаргалсайхныг урьж, ярилцлаа. Тэрбээр ойрын өдрүүдэд Өвлийн өвөөгийн ажлаа хийгээд тун завгүй байгаа аж

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Л. Насанцэнгэлтэй хар тамхины хор хөнөөлийн талаар ярилцлаа. Ярилцлагыг XVII нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад алдар, төгс жаргалан болно

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 23, Сумьяа гариг. Билгийн тооллын 27, хөх морь өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан 17:02 цагт жаргана. Энэ өдөр нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, (нөхөр сэлт), хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах зэрэгт сайн. Байшин суух тохижуулах, морь худалдах зэрэгт муу нөлөөтэй.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад алдар, төгс жаргалан болно.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд уртгасан цагаар ажилллаж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ сарын 15-аас эхлэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл:

  • Ажлын өдөр 17.30-19.00 цаг
    Амралтын өдрүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”:

  • Ажлын өдөр 16.00-22.00 цагт
    Амралтын хагас сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ​420 мянган төгрөг болно

Image result for Төгрөг

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно. Үүнийг дагаад бусад салбарын ажилчдийн цалин нэмэгдэнэ. ХНХ-ын яам, МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжилгүй ажилтны сард авах цалингийн хэмжээ юм. Энэ ажлыг зохион байгуулах үүргийг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүлээх аж.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаалтыг олгохоор бэлтгэж байна

2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаалтыг 2020 оны нэгдүгээр улиралд олгохоор бэлтгэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ИБАРИМТ системийн хэрэглэгч зурагт харуулснаар хувийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулж байна. Татварын багц хуулиар ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон. Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно юм байна.