Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч арванхоёрдугаар сарын 9-нд хүлээн авчээ. Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш буюу арванхоёрдугаар сарын 24-нд товлосон байна.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан байдаг.

Шүүх хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар онлайнаар оролцох бол өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд өгөх зөвлөмж

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт өнөөдрөөс эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалж, харгалзан явж буй иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Бага насны /10 хүртэлх/ хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй тул үүргээ биелүүлэх
  2. Явган зорчигч нь 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явах,
  3. Ногоон гэрлээр, явган хүний гарц, гармаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх. Зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулж, таниулах
  4. Таны хүүхэд харанхуй, үзэгдэл хангалтгүй, гэрэлтүүлэггүй замаар гэр болон сургууль, дугуйлан, дамжаанд ирж очдог бол жолоочид харагдах нөхцөлийн сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэлтэй явуулах
  5. Зорчих хэсэг дээр зогсох, тоглох, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байхыг анхааруулах
  6. Зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас оролдох, дуут дохио болон анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүхгүй байх
  7. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих тул тээврийн хэрэгслийн жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох
  8. 10 хүртэлх насны хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах. Хэрэв зориулалтын суудал ашиглах боломжгүй тохиолдолд хүүхдийг арын суудалд тээвэрлэж, хамгаалах бүсийг зүүж хэвших
  9. Уулзвар гарц, сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч та хурдаа хасаж, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

U-money картыг хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газарт цэнэглэх боломжтой болжээ

Image result for u money

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгоод байна. U money картыг цэнэглэх боломжтой дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг бусад үйлчилгээний газруудыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээ илүү ойртож байна. Энэ талаар өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Тауэрсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхдөл, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийлээ.

Кассын Пос төхөөрөмж, программ ашигладаг үзвэр үйлчилгээ эрхлэгч, нэрийн барааны дэлгүүр эзэмшигчид цэнэглэлт хийх эрхтэй болж байгаагаарай онцлогтой юм байна. Нийслэлийн хэмжээнд U-money карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Тэгвэл энэ онд Кассын Пос-оор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээс цэнэглэх цэгийн тоог 700 гаруй болж нэмэгдэх юм. Ирэх 2020 онд 2.000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Иргэд өмнө нь ухаалаг картаа зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдээр цэнэглэдэг байсан бол одоо өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газраар дамжуулан цэнэглэх боломжтой болжээ.

ПОС машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлогтой аж.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдлийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйл ажиллганаад мөрдөж ажиллах “Картын үлдэгдэл буцаан олгох журам”-ын талаар товч мэдээлэл хүргэж байна.

Үүнд:

– Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана.

– Картын үлдэгдэл буцаах авах хүсэлтийг УБСК Хэрэглэгчийн төв болон НҮНТөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад хүлээн авна.

– Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно.

– Картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байна.

Categories
мэдээ нийгэм

​ГИХГ тэргүүний албан хаагчаа тодруулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулав

Гадаадын иргэн, харьяатын газрын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан тэргүүний албан хаагчийг жил бүр “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулдаг уламжлалтай. Энэ удаад Виз зөвшөөрөл, харьяатын газрын ахлах мэргэжилтэн Хичээнгүйн Энхжаргалыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т гарын үсэг зуруулж батламжлав.

Тэрээр хилийн шалган нэвтрүүлэх бүртгэлийг сайжруулах, олон улсын жишигт дүйцэхүйц бүртгэлийн системийг бий болгох зорилгоор “E-immigration” төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хилийн боомтын техник, тоног төхөөрөмж, бүртгэлийн системийг бүхэлд нь шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулснаас гадна 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахимаар бүртгэж хариу өгөх үйлчилгээг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын төв байрны албан хаагч, ажилтны сахилга, хариуцлагын зөвлөгөөн боллоо

Цагдаагийн ерөнхий газрын төв байрны албан хаагч, ажилтны сахилга, ёс зүй, харилцаа, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх зорилго бүхий 2019 оны сахилга, хариуцлагын зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Тус сахилгын зөвлөгөөнийг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, цагдаагийн ерөнхий газрын төв байранд ажилладаг нийт алба хаагч, ажилтан болон Хар тахитай тэмцэх газар, Тусгай ажиллагааны газар, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Төв архив, хүч спорт хороо, Сүлд чуулга, Бүртгэл, хяналтын төв, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Хэвлэл, мэдээллийн төвийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Энэхүү сахилгын зөвлөгөөнөөр Захиргааны удирдлагын газрын даргаас өгсөн үүрэг, алба хаагчдаас гаргасан санал шүүмжлэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулан алба хаагчдын санал, шүүмжлэлийг хүлээн авч, цагдаагийн хурандаа Б.Бат-өлзий алба хаагчдын сахилга, ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.


Categories
мэдээ нийгэм

Ханиад томууны дуудлага ихэссэн гэв

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан түлшний талаарх ээлжит мэдээлэл хүргэлээ.

Амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэсэн нийт 14 дуудлага ирсэн. Гэхдээ энэ нь хөнгөн хэлбэрийнх. Одоогоор угаарын хийн хордлогоор хэвтэн эмчлүүлж байгаа хүн алга. Харин ханиад томууны дуудлага эрс ихэссэн. Ханиадны шинж тэмдгээ угаарын хийтэй холбож ойлгох асуудал гарч байгаа. Түргэн тусламжид хандсан хүмүүсийн ихэнх нь ханиад хүрсэн болохыг эмч нар хэлж байна.

Ес эхэлж, цаг агаар хүйтэрч байна. 2017 онтой харьцуулахад хүйтний эрч 19,3 болж, гурван градусаар хүйтэрсэн байгаа. Тийм болохоор аль болох дулаалж ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй.

Сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор хүрэлцээ, тараалт тааруу байна гэдэг санал гомдол гарч байгаа. Тиймээс өнөөдрөөс 27 ширхэг туулах чадвартай “Зил 131” машин түгээлт хийж эхэлнэ. Туулах чадвартай эдгээр машин нь аль болох өндөрлөг газарт хүрч очиж, түлшээ тараах юм. Одоо байгаа борлуулалтын цэг дээр нэмэлтээр ийм машин гаргаж байгаа юм.

Мөн буруу галлагаа ч байна. Нийслэлийн хэмжээнд зургаан газар өндөрлөг цэг дээр ажиглалт хийсэн. Өглөө утаагүй сайхан байж байгаад есөн цаг болоод эхлэхээр сааралтаад утаа үүсээд ирж байгаа юм. Тэгэхээр зарим газар нарийвчлан шалгалт хийсэн. Айл өрхүүд өдөр оройдоо сайжруулсан түлшээ түлж байгаад орой унтах болохоор түүхий нүүрсээ түлж байгаа зөрчил нэлээд илэрсэн байгаа. Гэнэтийн шалгалтаар 34 өрхийн 82,8 тонн түүхий нүүрсийг хурааж аваад Багануурын нүүрсний үнэтэй дүйцүүлж, мөнгийг нь өгөх арга хэмжээ авсан. Ер нь цаашдаа айл өрх, аж ахуйн хэрэгцээнд байнга шалгалт хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга, хурандаа К.Нямдаваа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд 3863 чиглэлд 4896 алба хаагч эргүүлээр ажиллаж байна. Зөрчил гаргасан 9960 хүнд 237 сая 891 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 21 хоногийн хугацаанд 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 765 алба хаагч нийтийн хэв журам сахиулж ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016, А/1118 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоо, дүүрэг, хороодод давхардсан тоогоор 9117 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийн иргэдийн хамтаар ажиллаж нийт 289 зөрчил илрүүлэн, 757.4 тонн түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийв. Тэрбээр “Энэ сарын 06-наас 20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3525 дуудлага мэдээлэл хүлээн авч 812 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Улаанбаатар хотоос орох, гарах авто замын хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж одоогийн байдлаар хяналт шалгалтаар түүхий нүүрс тээвэрлэсэн, тээвэрлэсэн байж болзошгүй нийт 2488 ачааны, суудлын 7241 автомашиныг шалгаснаас хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 8, түүхий нүүрс хэрэглэсэн айл, өрх, ААН-ийн зөрчил 1-г тус тус илрүүлэн 25 тн 330 кг түүхий нүүрс хурааж, НМХГ-т шилжүүлэн хураагдсан нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүргүүлж, утаа ихтэй тээврийн хэрэгсэл 132 илрүүлж авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлж ажилласан” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс энэ сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 206, аврах ажиллагааны 18, нийт 224 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 103 иргэнийг аварч, 3,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 30,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна” хэмээн товч мэдээлэл өгөв.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд тосгоны статустай эмнэлэг, өрхийн эмнэлэг хоёр байгууллагын үйл ажиллагаа давхарцсан тул өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийн дагуу энэ долоо хоногт эхний ээлжинд 50 мянган угаарын хий мэдрэгч ирж байгаа бөгөөд иргэдэд хэрхэн хэрэглэх, ашиглах зааварыг хүргэж ажиллаж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхайн зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулахыг анхааруулаад сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтэд дүүрэг хороодын Засаг дарга нар хяналтаа тавьж угаарын хий мэдрэгчийг яаралтай айл өрхүүдэд тараахыг үүрэг болголоо. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнт эргүүлийн тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг хүүхдийн автобустай болгох үүргийг нийслэлийн Боловсролын газрын дарга Н.Гантулгад үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сурагчид энэ сарын 30-наас амарна

БСШУС-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийнхан 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж. Уг тушаалын дагуу нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн 21 хоног, орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 14 хоног үргэлжлэх юм.2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амарна.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
  • II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Дубайд шийдвэр гараагүй бол Оюу толгойн бүтээн байгуулалт ийм амжилтад хүрэхгүй байсан

Том мөнгөн дээр тоглож чадах, менежмент хийх хүмүүс хэрэгтэй байна-

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.

-Сая саарал жагсаалтад орох үеэр Ил тодын хуулийг буруутгасан улстөрч цөөнгүй байлаа, жишээ нь танай намынхан. Ил тодын хуулийн дараа гарч ирсэн их мөнгө Монгол Улсыг саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Би сүүлийн үед амраад байгаа л даа. Хөдөө явчихаад ирсэн чинь Ардын намын бүх хүн Ил тодын хууль барьчихсан сууж байсан. ФАТФ-ын тайлбар бичигт ил тодын хуулийн талаар нэг ч өгүүлбэр байхгүй. Ил тодын хууль гарсан шалтгаан тодорхой шүү дээ. 27 жил хуримтлагдсан татварын буруу системийг л зассан үйл явц.

Хууль гарах үед эдийн засаг хасах нэгтэй болчихсон байсан. Тэр үед эдийн засгийн эрх чөлөөг олгосноор хямралыг дажгүй давсан.

Компаниуддаа боломж олгож, олгосон боломжийнхоо хэрээр давуу тал, өгөөжийг нь хүртчихээд дараа нь аягүй хандвал төр нь иргэд, аж ахуйн нэгжээ хуурсан хэрэг болно. Тийм хандлага гарахгүй гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт саарал жагсаалт чинь Ц.Нямдоржийн л асуудал.

-Бас Сангийн сайдад хамаарах асуудал байх, тийм үү?

-Тийм, Хууль зүй, Сангийн сайдуудын хариуцах ёстой асуудал. Гэтэл жаахан ажил хийсэн хоёр нь хариуцлага хүлээгээд өнгөрлөө л дөө. ФАТФ-ын тавьсан асуудал тодорхой. Гадуур эргэлдэж байгаа мөнгөний урсгалдаа анхаар гэсэн асуудал тавьсан.

Жишээ нь, нотариатын газраар бүх үл хөдлөх хөрөнгүүдийн том гүйлгээнүүдийн бүртгэл явагддаг. Тэр бүхнээ бүртгэлжүүл гэсэн. Монголд банкны үндсэн салбараас гадна ББСБ, ломбард гээд санхүүгийн өөр механизмууд маш их мөнгө эргүүлж байна шүү гэж анхааруулсан. Ил тодын хуультай ямар ч хамаагүй асуудлууд. Өнөөдөр татварын орлого ил байгаа нь Ил тодын хуулийн буян.

Өмнө нь бүртгэлгүй байсан бүх хүн бүртгүүлээд татвараа өгч эхэлсэн. НӨАТ-ын буян ч бий. Гурван сая иргэн маань бүгдээрээ татварын байцаагч болсон. Эрдэнэтийн 49 хувийн ч буян байгаа.

Өнөөдөр татварын орлого ил байгаа нь Ил тодын хуулийн буян.

Сүүлийн дөрвөн жилээр тооцвол бараг нэг их наяд төгрөгийн татвар Монголд үлдэж байгаа. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдаж Оюу толгой хөдөлсөн нь маш том дэм болсон.

2013-2016 оны их хямралаас гарахын тулд тухайн үеийн Засгийн газар чадах чинээгээрээ ажилласан. Тэр бүхний үр шим өнөөгийн Засгийн газарт нэмэх оноо болж байна. Энэ бүхнийг яг тухайн цаг үед байсан нөхцөлөөр нь дүгнээд явах ёстой. Бид цэвэрхэн, өмнөх муухай гэсэн юм байхгүй. У.Хүрэлсүхийн өнөөдөр тарьсан үр бол Татварын багц хууль.

Өгөөж нь 2021 оноос гарна. Учир нь энэ хууль бол эдийн засгийн эрх чөлөөг олгосон маш том шийдвэр. Үндсэн хуульд туссан төрийн нийтийн өмч гэдэг тодотголыг зөв ашиглавал том төслүүдэд ашигтай байрлал олох бололцоо бий.

Үр шимийг нь дараагийн сонгуулиар бүрдэх Засгийн газар хүртэнэ. Аливааг ингэж тасралтгүй байдлаар харж байж макро түвшнийхээ дүгнэлтийг гаргах хэрэгтэй л дээ. Тэгэхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө эрх барьж байгаа үеэ гоё гэж ярих нь учир дутагдалтай.

-2007 оны өршөөлийн хуулийг олигархуудад зориулсан хууль гэсэн шүүмжлэл бий. Хамрагдсан компаниудыг нь харахаар ингэж шүүмжлэхээр санагддаг…?

-Супер өршөөлийн хууль гарсан гэж хэлэх үндэстэй л дээ. Манай улс 2006 онд ФАТФ-д элсэж ороод 2007 онд ийм хууль гаргасан нь цаанаа учиртай. Тэрнээс өмнө 16 жил явсан процесс нь илрэх гээд байсан учраас өршөөлийн хууль гаргасан юм.

Цэвэр олигархуудад зориулсан өршөөлийн хууль байсан гэж хэлж болох талтай. Харин сая гарсан өршөөлийн хууль бол өөр. Дунджуудад зориулагдсан, 2017 оны том хямралаас гарах агуулга, зорилготой хууль байсан.

Гэхдээ эдийн засагт хар, цагаан мөнгө гэж байдаггүй, мөнгө эргэлдэж байх нь чухал гэсэн цонхоор харвал аль аль нь өгөөж, тусаа өгсөн хуулиуд. Эдийн засагт мөнгө эргэлдэх нь чухал, тэр мөнгө нь бүртгэлтэй байх хэрэгтэй. Бид энэ зүг рүү 2008 оноос алхам алхмаар явсаар өнөөдөр үр шимийг нь хүртэж байна.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ДАГАЖ ГАРАХ ЖУРМУУД ӨНӨӨГ ХҮРТЭЛ БАТЛАГДААГҮЙ БАЙНА

-Татварын багц хууль хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Журмууд нь батлагдаагүй байгаа гэв үү?

-Татварын бүх хууль өөрчлөгдөж байгаа. Гэтэл журмууд нь өнөөг хүртэл батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нягтлангууд бэлэн биш байна. Нийтдээ 43 журам гарахаас 30 гаруй нь цэвэр татвар төлөгчидтэй холбоотой.

-Журмууд хаана гацчихаад байгаа юм бол?

-Журмуудын тухайд хэлэлцүүлчихсэн, Хууль зүйн яам батлах ёстой. Уг нь өдийд журам батлагдаж, сургалтууд явагдчихсан байх учиртай. Тэгж байж нэгдүгээр сарын 1-нээс бүртгэлээ алдаагүйгээр шинээр хийгээд явах ёстой. Оны эхний сард өмнөх жилийнхээ тайланг гаргана.

Эхний гурван сар буруу бүртгэлээр явчихвал асуудал гарна. Шинэ хуулиар 24 сарын дотор тайлангаа засдаг эрх нээгдсэн л дээ. Гэхдээ өнөөдөр Хууль зүйн яамны тамгатай батлагдсан журам байвал хүмүүст уншуулмаар байна.

Монголд 21 мянган нягтлан тайлан гаргаж байгаа. Шинэ журмаар бол 90 хувийг нь буцааж өгөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр татвараа төлөх хүмүүс бий. Хуулинд гуравдугаар улиралд хүсэлт гаргаж өгсөн татвар төлөгч дараа жилдээ 90 хувийн буцаалтын хөнгөлөлт эдэлнэ. Ингээд харахаар энэ хууль 2021 онд хэрэгжих юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

…саарал жагсаалт чинь Ц.Нямдоржийн л асуудал.

2020 онд хий эргэх үү, эсвэл 2019 оныхоо орлогын дүнгээрээ явах уу гэдэг асуудал журмаар зохицуулагдана. 1992 оноос буруу хууль, буруу журам явсаар, сүүлдээ тэр нь хуримтлагдаад уул овоо шиг болчихсон учраас Ил тодын хуулийн дараа тийм их хэмжээний мөнгө гарч ирсэн.

Татварын шинэ систем эхэлж байгаа, шинэ систем эхлэх үед өмнөхөө форматлах шаардлагатай гэдэг утгаараа Өршөөлийн хууль уг нь өдийд батлагдах ёстой байсан юм.

-Татварын хууль дагасан журмууд муухан гарвал ямар эрсдэл үүсэх вэ?

-Татварын хууль нэлээд чанга талдаа, зөв явбал асуудалгүй, хазайвал маш харгис хууль болсон. Журам тааруу батлагдаж, дээр нь Зөрчлийн хуультайгаа хавсайдвал эвгүй зүйл их гарна. Журмаа яаравчлаач гэж нэхээд байгаа нь ийм учиртай. Журмууд батлагдсан хуулиудынхаа концепцтэй таарч байгаа эсэхийг шалгах гээд хүлээгээд байна л даа.

-“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн босоо амны нээлт саяхан боллоо. Дубайн гэрээ хийгдээгүй бол “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт энэ хэмжээний хурдтай өрнөхгүй байсан байх…?

-Тэгэлгүй яах вэ. Хоёрдугаар босоо амыг хүнтэй зүйрлэвэл Оюу толгойн уушги нь. Дубайд шийдвэр гарч, гарын үсэг зураагүй бол Оюу толгойн бүтээн байгуулалт ийм амжилтад хүрэхгүй нь тодорхой асуудал. Дубайд шийдвэр гарч есөн тэрбум ам.доллар орж ирээгүй бол юун хоёрдугаар ам манатай болох байсан. Анхны хөрөнгө оруулалтын айдас улам нэмэгдэж, байдал улам хүндрэх нь тодорхой. Хоёр км-ийн дор өрнөж байгаа бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж дуусгах нь л бидэнд чухал.

Дубайд Оюу толгойн гүний уурхайн дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах үед эдийн засаг хэцүүдсэн байсан. 2014, 2015 онд уул уурхайн салбарт дэлхий даяар тэг зогсолт хийсэн шүү дээ. “Рио тинто”-гийн хувьцаа гэхэд 30 хувь унасан. “Пийбоди”гээд Америкийн том нүүрсний компани дампуурч байлаа. Тэр үед Оюу толгойд мөнгөө хийсэн анхны хөрөнгө оруулагчдад айдас, эргэлзээ төрсөн. Дөрвөн тэрбум доллар хийсэн хөрөнгө оруулагчид тийм нөхцөлд айж, эргэлзэхээс аргагүй л дээ.

Ойрын гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын өр төлнө.

Тухайн үед Засгийн газар уул уурхайн нөхцөл байдлаас шалтгаалаад дараагийн хөрөнгө оруулагчдыг айдасгүй болгохын тулд шийдвэр гаргасан. Тухайн үед гаргасан шийдвэрийн золиос, давуу тал гэж ярихад эрт байна. Ер нь яаж хэрэгжихээс л шалтгаалах юм. Оюу толгойн хөрсөн доорх эрдэс баялгаас гадна манай банкны систем барьцаанд байгаа.

Дубайн нэмэлтээр Оюу толгойд давхар банкны системийг хийгээд өгчихсөн. Дэлхийн том банкуудын эрхшээлд байна гэсэн үг. Сайн тоглолт хийвэл бидэнд ашигтай. Банкны систем үүнийг дагаж эрүүлжиж чадвал улсын хөгжилд том өгөөж болно.

Банкны системээ эрүүлжүүлээд Оюу толгойгоо ч ашиглалтад оруулчихвал эдийн засагт том алхам болно. Эсрэгээр хөдөлбөл аль аль нь байхгүй болох эрсдэл бий.

-Хэтэрхий улстөржүүлж болохгүй төсөл гэсэн утгаар хэлж байна уу?

-Тэгж ойлгож болно. Дубайд шийдвэр гарах үеэр Оюу толгой эхний хөрөнгө оруулагчийнхаа мөнгийг буцаагаад өгчихсөн. Оюу толгой гэх мэт том төслүүдэд өөрсдөдөө ашигтай гарц, шийдэл санал болгож хэрэгжүүлэх боломж Үндсэн хуулийн өөрчлөлтөд бий. Бүр тодруулж хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд төрийн нийтийн өмч гэсэн тодорхойлолт багтсан. Сайн тоглолт хийвэл бидэнд ашигтай өөрчлөлт хийгдсэн.

-Үндсэн хуулийн өөрчлөлт яг ямар сайн нөлөө үзүүлнэ гэж?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эдийн засагтай холбоотой нэг заалт нь төрийн өмчийн асуудал л даа. Төрийн нийтийн хамааралтай өмч гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялаг төрийн нийтийн хамааралтай өмчийн төрөл болсон.

1992 оны Үндсэн хуульд төрийн өмч гэж заасан боловч Үндсэн хуулийн тавдугаар зүйлд өмчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн үг бий. Гэтэл 27 жилийн турш төрийн өмчийн эрхийг хамгаалсан хуулиуд гараагүй.

Шуудхан хэлэхэд өндөр албан тушаалтан, төрийн эрх мэдлийг авсан хэсэг бүлэг улсын тоглолтоор явсаар өнөөг хүрсэн. Үндсэн хуульд төрийн нийтийн хамааралтай гэдэг үг орж ирснээр төрийн нийтийн хамааралтай өмчтэй холбоотойгоор органик хуулиуд өөрчлөгдөх юм. Иргэний хуульд өмчийн хамгаалалт орж ирнэ.

Эрүүгийн хуулиар төрийн нийтийн хамааралтай өмч хамгаалагдана. Цаашлаад яривал төрийн нийтийн хамааралтай өмчийн прокурор хүртэл гарч ирэх юм. Энэ бол 2020 оны сонгуулиар байгуулагдах парламентын хамгийн түрүүнд хийх ёстой ажлууд. Органик хуулиудын өөрчлөлтөөс шалтгаалж Оюу толгойн гэрээний өөрчлөлтүүд ч яригдах болов уу.

БИД ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨНИЙ ХАВХАНД ОРЧИХСОН

-Та түрүүн манай эдийн засаг бэлэн мөнгөний хавханд орсон гэж ярьсан. Бэлэн мөнгөний хавханд хэзээ яагаад орчихов, тэр хавхнаас гарахын тулд бид яах ёстой вэ?

-Бид 2013 оноос их хэмжээний бэлэн мөнгөний хавханд орсон. Чингис бонд, Хятадын своп хэлцэл байна. Дараахан нь хэвлэсэн их мөнгөний асуудал бий. Хятадын своп хэлцлийн тухайд ам.долларт шилжүүлбэл бараг хоёр тэрбумаар яригдана. Долдугаар сард хугацаа нь дуусах гээд, яг нарийндаа маш хүнд байна. Хятадууд хоёр удаа сунгасан, одоо үгүй гэвэл бид хэцүүднэ.

Барууныхан 1980-1990 онд Зүүн Европын улсуудыг коммунизмаас салгахад бэлэн мөнгөнд оруулж байгаад-дараа нь хэд хэдэн механизм хийсэн. Тэрийг л сайн судлах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд бид өнөөдөр 29 тэрбум ам.долларын өр буюу зээлтэй яваа.

Үүний 18.2 тэрбум ам.доллар нь компаниудынх. Сая хэлсэн 18 тэрбумын тал нь Оюу толгойд хамаарна. Үлдсэн есөн тэрбум нь яг нарийндаа уул уурхай, дэд бүтцийн салбарууд руу орсон. 29 тэрбум ам.доллараас долоон тэрбум нь Засгийн газрын өр.

Үүндээ сайн менежмент хийх ёстой. 2021, 2022 онд байдал улам хүндэрнэ. Ойрын гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын өр төлнө. Өөрөөр хэлбэл, том мөнгөн дээр тоглож чадах, менежмент хийх хүмүүс хэрэгтэй. Заавал сонгууль хүлээх биш өнөөдрөөс л хийж эхлэх ёстой. Зах зээлээс бэлэн мөнгө гарахын аюулыг бид амссан.

-Зах зээлээс их хэмжээний бэлэн мөнгө гаргасан тохиолдол гэвэл…?

-2016 онд Эрдэнэт дээр 400 сая ам.долларыг хоёрхон өдрийн дотор гаргасан жишээ бий. Тэр үед төгрөгийн ханш хорин хувиар унасан. Яг үүнтэй адилхан зүйл 2013, 2014 онд болсон. Тухайн үед мөнгө хэвлэж тараасан.

Нэг үгээр хэлбэл зах зээл рүү цаасан мөнгө хэвлэж оруулахад ханш унадаг, мөн зах зээлээс том мөнгө татаж гаргах ханшид сайнаар нөлөөлдөггүй. Хятадын своп санаа зовоож байна. “Чингис” бондын эхний 500 сая ам.долларыг ирэх жилийн намар төлөх ёстой. ОУВС-гийн хөтөлбөр дуусаагүй байгаа дээр саяын хоёр асуудлаа ярих ёстой. 500 сая ам.долларын төлөлт дээр маневр хийж, Хятадын своп хэлцлийг сунгачихвал багахан амьсгаа авна.

Гэхдээ энэ бол 2020 оны л асуудал. 2021 онд Самурай бонд, хаадын нэртэй бондын төлбөрүүд орж ирнэ. Банкны системээрээ, засагтайгаа нягт ажиллаж байж эндээс асуудал багатай гарна. Бидэнд хий онолоор явсан тал бий. Мөнгөний бодлого барьж байгаа Монголбанк, Засгийн газар хоёр нь тусдаа байдаг гэж явсаар ирсэн нь бидний алдаа.

-Төв банк Сангийн яам хамтраад ажиллах ёстой гэж үү?

-Төв банк Засгийн газар хоёр тусдаа байх ёстой гэдэг онолыг Англи анх гаргасан юм. Гэтэл гурван жилийн өмнө тэнд энэ байдал эсрэгээрээ өөрчлөгдсөн. Нэгдэж нийлж ажиллаж байна.

Манай улсын тухайд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гээд гурван гол институт холбоогүй ажиллаад байна л даа. Зүй нь энэ гурван байгууллага мэдээллээ солилцож, шийдвэрээ хамт гаргаж ажиллах ёстой. 29 тэрбумын өр буюу зээлийг төлөхөд энэ менежмент хэрэгтэй. Оюу толгой дээр 34 хувиа аваад өөрөө мөнгө босгодог механизм руу орох шаардлагатай. Бидэнд тийм боломж байна.

Монголын арилжааны банкуудын зарим нэг нь 500 саяас тэрбум ам.долларын менежментийг хийж чаддаг болчихсон. Үүнийг ашиглах хэрэгтэй. Дахиад хэлэхэд Монголбанк, Сангийн яам хоёр ойрхон байх хэрэгтэй. Ойртоно гэдэг нь ойрын нэг хоёр жилийн дотор бий болох том мөнгөний менежментээ хамтарч хий л гэсэн санаа.

Categories
мэдээ нийгэм

Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Н.Цэрэнбат сайд БНТУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхээр тохиролцож, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэн, Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулахаар болсноо уулзалтын үеэр дуулгав. Тэрбээр “Монгол, Турк хоёр улс бол түүхийн дурсгалаар салшгүй холбоотой улс. Монгол Улсад байдаг түүх, соёлын дурсгалуудаа Туркчууд үзэх сонирхолтой байдаг. Энэ ч үүднээс Түрэгийн үеийн дурсгал бүхий газруудад хөрөнгө оруулалт хийж, музей байгуулахаас эхлээд бидэнтэй аялал жуулчлалын салбарт нягт хамтарч ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсонд баяртай байна” хэмээсэн юм.

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал Монгол, Турк улсын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Таны урилгыг хүлээн авч БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой ирэх гуравдугаар сард Монгол Улсад айлчлахаар болсныг дуулгахад таатай байна. Монгол, Турк улсын аялал жуулчлалын салбарын хөгжил шинэ шатанд гарч байна.

“Туркиш эйрлайнс” компани 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улс руу шууд нислэг хийхээр болсон нь үүний илрэл юм. Долоон жилийн турш дуншсан шууд нислэгийн асуудлыг шийдэхэд хүчин чармайлт гарган ажилласан танд талархал илэрхийлье” гэв.