Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сониноос бусад нь сантай боллоо

УИХ өнгөрсөн долоо хоногт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг баталлаа. Батлагдаад удаагүй энэ хуулиар телевизийн сайн контентыг дэмжихээр болоод байна. Улсын төсөв болон хандиваар бүтсэн дундын сантай болох, тэр санд цугласан мөнгөөр телевизийн сайн контентыг урамшуулж дэмжих бодлого хэрэгжиж эхлэх нь. Товчхондоо Монгол Улс Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сантай болж байна. Хар ухаанаар бол телевизүүд дундаа ЖДҮ-ийг дэмжих сан гэдэг шиг сантай боллоо гэсэн үг. Телевизийн контентын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага бий юү гэвэл бий. Олон нийтэд нөлөөлдөг мэдээллийн хэрэгсэл гэдэг утгаар нь цэнхэр дэлгэцийн контентын чанар сайжирвал нийгэмд тэр хэрээр эерэг нөлөөтэй. Хүүхдийн нэвтрүүлэг ашиг багатай учраас чанартай сайн нэвтрүүлгүүд ховор гэсэн асуудлыг телевизийнхэн хөнддөг. Ийм сантай болвол наад зах нь хүүхдийн нэвтрүүлгүүд чанаржина. Мэдээж нийгэмд үзүүлэх нөлөө нь хэмжишгүй. Боловсролд, ирээдүйд чиглэсэн сайн хөрөнгө оруулалт.

Эргээд харах нь ээ Монголд сониноос бусад нь сантай болжээ. Сан байгуулна гэдэг онилсон салбараа хөгжүүлэх том гарц болдгийг ганц манай улс ч биш дэлхийн орнуудын жишээ баталдаг. Манайд ЖДҮ-ийг дэмжих гэх мэт Засгийн газрын тусгай сангуудын зарим нь улстөрчдийн, улстөрчдөд ойр хэн нэгний халаас руу орох хямд мөнгөний эх үүсвэр болчих гээд байдаг сул тал бий. Гэхдээ засч залруулаад, яг хэрэгтэй, онилж чиглэсэн бүлгүүдээ дэмжээд санхүүжүүлээд явбал сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөж нь их гэдэгтэй хэн ч маргахгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Авто замын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Хилийн чинадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж ирээд яривал салбар бүр сантай. Тэгэхээр сонин ч гэсэн дундаа сантай болмоор байна. Яагаад заавал сантай болох ёстой билээ гэсэн асуултын хариу нь ч тов тодорхой.

Цэнхэр гаригийн улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарыг анзаарах нь ээ мэдээллийн уг үндэс нь сонин байдаг. Сошиалын хөөсрөл туйлдаа хүрч, хуурамч мэдээлэл газар авсан ийм үед өдөр тутмын сонин, тогтмол хэвлэлүүд л мэдээлэл авах цор ганц бодитой эх сурвалж болдог. Буух эзэн буцах хаягтай учраас, цаасан дээр түүх болж үлддэг болохоор сонины нийтлэл, мэдээлэл, ярилцлага, сурвалжлага бүр үнэн, бодитой эх сурвалжтай байдаг. Худал мэдээлэл цацвал вэб сайтууд шиг тэр дор нь засах аргагүй гэсэн онцлог сонинд бий. Цаасан дээр бичигдээд үлддэг учраас, шүүхэд дуудагдаж хариуцлага хүлээдэг субьект болохоор тогтмол хэвлэлд алдах эрх байдаггүй. Өдөр тутмын сонинуудын тухайд контент бүтээнэ гэдэг ухаан зарсан, оюунаа шавхсан, цаг хугацаа, хөлс хүч зарцуулсан нүсэр ажил. Сайн нийтлэл бичихийн тулд судалгаа хийнэ, олон талын эх сурвалжтай холбогдоно, хайж олсон баримтуудаа хүнд хүргэхээр бичиж туурвина гэж ирээд яривал сошиалд зүгээр л нэг цэцэрхэж суугчдаас тэс өөр ертөнц.

Өнөөдөр цахим орчинд ажиллаж байгаа сайтуудын ихэнх нь редакцигүй гэсэн шүүмжлэл бий. Гэрийнхээ компьютерийн араас сошиалын пост, жиргээний дайны мэдээлэл үйлдвэрлэж буй ийм сайтуудын мэдээллийг сэтгүүл зүй гэж ойлгоод яваа хандлага нийгэмд анзаарагддаг. Ийм мэдээллээр “бөмбөгдүүлж” байгаа олонхид гэрэл тусгах эрэлт аль хэдийнэ үүсчихсэн. Гэрэл тусгах боломж нь мэдээллийн үндэс болдог тогтмол хэвлэл рүү хандсан дэмжлэг. Бүр тодруулж хэлбэл үндэсний өдөр тутмын сонинуудаа дэмжиж байж үнэн худал нь мэдэгдэхгүй чанаргүй мэдээллүүдийн урсгал саарна. Тогтмол хэвлэлүүдийн тухайд сайн контент хийснийг нь урамшуулж, сайн контент хийх сэдэл төрүүлэхээр нөхцөл боломж олгож, иймэрхүү дэмжлэгүүдээ тусгай сангийн хүрээнд үзүүлээд явбал олон эерэг өөрчлөлт гарна.

Шуудхан хэлэхэд тогтмол хэвлэлийг нийгэм даяар ад үзэх маягтай болчихлоо. Нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл нь баларч устдаггүй учраас поп улстөрчид сонинд дургүй байх шиг санагддаг юм. Нийтэд сүрхий хүн болж харагдахын тулд сүржин мэдэгдэл хийдэг, рейтинг нь өсч л байвал ямар ч асуудлаар юу ч хамаагүй ярьж сүрийг үзүүлдэг популист улстөрчдийн хувьд сонин хүсэхээр мэдээллийн хэрэгсэл биш л дээ. Хэлсэн үг нь цагаан цаасан дээр хараар баримттайгаа үлдчихээр, өнөө худал үг нь хэдэн арван жилээр түүх болоод архивлагдчихаар ямар олиг байхав. Цахим орчинд бол юу ч гэж попорсон хамаагүй, өнөөдөр шуугиад маргааш мартагддаг онцлогтой. Бүр эвгүйдвэл өнөө сүржин мэдэгдлээ устгуулчихаад дараа нь гэмгүй хүн шиг суухад ямар ч асуудал үүсэхгүй. Энэ талаас нь харвал цацагдсан мэдээллийг нь хэзээ ч устгаж болдог цахим ертөнц, бэлдсэн нэвтрүүлэг, мэдээ нь урсаад өнгөрчихдөг телевизийг дэмжиж суугаа улстөрчдийн цаад санааг тааж ядах юм алга. Харин сонин бол өөр. Улстөрчдийн өчнөөн жилийн өмнөх бодлогогүй үг, болчимгүй явдлыг он сартай нь шүүгээд гаргаад ирж болно. Сайн, муутай нь архивлаад үлдээчихдэг болохоор улстөрчид сониныг ад үзсэн маягтай яваа. Наад захын жишээ гэхэд л Сонгуулийн хуулиас өдөр тутмын сониныг тойргийн гадна үлдээлээ. Зүй нь намууд мөрийн хөтөлбөрөө, нэр дэвшигчид сурталчилгаагаа өдөр тутмын сонинд заавал хэвлүүлэх гэсэн утгатай заалтыг Сонгуулийн хуульд тусгачихмаар байгаа юм. Дөрвөн жилийн дараа амлалтыг нь эргэн сануулж, ам асуухын тулд мөрийн хөтөлбөрийг нь цагаан дээр хараар баталгаажуулж үлдээх ёстой гээд байна л даа. Нэр дэвшигчдийн хувьд ч ялгаагүй. Амласан зүйлс нь сонины хуудсанд үлдвэл сонгогчид тойргоосоо гарсан улстөрчийг хэр хэмжээнд ажилласныг дөрвөн жилийн дараа төвөггүй дүгнэчихнэ. Архивласан сониноос тухайн үеийн дугааруудыг хараад л дүн тавьчихна.

Хэн ч сонин уншихгүй байгаа гэсэн утгатай үгс зарим улстөрчдийн амнаас давтамжтай сонсогдох болж. Энэ бол зорилготой сурталчилгаа. Сонин хэвлэл хэрэгтэй соёл, хүн төрөлхтөн өдөр тутмын сонингүйгээр ухаалаг, сэхээлэг оршиход хэцүү гэдгийг дэлхий мэднэ. Шуудхан хэлэхэд бид ухаантайдаа сонин хэвлэлээ тоохгүй яваа юм биш л дээ. Хоцрогдсондоо, харанхуйдаа сонин уншихгүй байгаа юм. Хөгжлөөрөө түүчээлдэг улсууд сонин хэвлэлд ямар их ач холбогдол өгдгийг нотолсон өчнөөн жишээ дурдаж болно. Захын жишээ хэлэхэд л япончууд өдөр тутмын хэвлэлийг том хүний сурах бичиг гэж чухалчилдаг. Өдөр тутмын сонинууд мэдээ, мэдээллийг зүгээр нэг цацдаггүй. Тайлбар, гарц, анализтайгаар нийтэлдэг. Тэр утгаараа өдөр тутмын сонин нийгэм, улс төрийг ойлгох сурах бичиг л дээ, гарцаа байхгүй. Нийгэмд юу болоод, ямар үйл явдал өрнөөд, цаашид яах гээд байгааг сонин л тайлбарлаж өгдөг.

Сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдлыг ажих нь ээ улстөрчид ард түмэн, сонин хоёрыг улам холдуулах бодлого бариад яваа анзаарагдах юм. Сонины сэтгүүлчдийн хөдөлмөрийг уурхайчны хөдөлмөртэй зүгээр ч нэг жишдэггүй. Дахиад хэлэхэд цуглуулсан мэдээлэлдээ анализ хийнэ, эх сурвалжаа нягтална, тэнцвэртэйгээр харна энэ тэр гээд тоочвол яалт ч үгүй оюуны хүнд хөдөлмөр. Тэгэхээр мэдээллийн суурь болдог, өндөр чанартай мэдээллийг нийгэмд хүргэдэг сонин хэмээх мэдээллийн хэрэгсэлд онцгойлж хандмаар байна.

Адаглаад л сонин хэвлэх цаасыг НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй. Р.Хадбаатарыг Монголын сонины холбооны ерөнхийлөгч байх хугацаанд хэсэг зуур л сонины цаасыг НӨАТ-аас чөлөөлсөн түүх бий. Гэвч энэ шийдвэрийг нэг их удалгүй цуцалж НӨАТ аваад эхэлсэн. Сонины цаасыг НӨАТ-аас чөлөөлчихвөл үзүүлэх үйлчилгээ нь хямдарч, өрсөлдөх чадвар нь өсөөд ирэх давуу тал бий. Ер нь өдөр тутмын сонины хамгийн гол зардал нь хэвлэх үйлдвэрт зарцуулагддаг. Хэвлэх зардал, сэтгүүлчдийнхээ цалинд ихэнх орлогоо өгдөг өдөр тутмын сониныхонд шуудангийн хүргэлтийн хөлс бас л хүнд ачаа болдог. Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний хөлсийг төр даадаг болчихвол сонинуудын өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлнө. Иргэдээ соён гэгээрүүлж, зөв мэдээлэл авах боломжийг нь өсгөхийн тулд төрөөс ийм дэмжлэгүүд үзүүлчихэд жинхэнэ байгаа олсон дэмжлэг болно. Тогтмол хэвлэлийг дэмжих өөр нэг шийдэл нь мэт төрийн байгууллагуудаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг тендерийн зар, урилга гэх мэт зүйлс. Төр засгийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээх зар, мэдээлэл, урилга сэлтийг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх ёстой гэсэн утгатай заалтыг хуульчлаад журамлачихвал мөн л том дэмжлэг болно. Товчхондоо сая санал болгосон шийдлүүд ажил болбол төрөөс иргэдээ соён гэгээрүүлэхийн тулд бодитой дэмжлэг үзүүлчихлээ гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, сонины шилдэг нийтлэл, бүтээлийг урамшуулдаг шагналын сантай болмоор байна. Ийм хөшүүрэгтэй байж гэмээ нь сонины нийтлэл илүү чанаржина. Өдөр тутмын сониныхон нэгдэж нийлээд өөрсдөдөө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчдад ойлгуулж, гарц шийдэл санал болгож зөв лобби хийх шаардлага бийг ч энэ дашрамд онцолъё.

Үнэн зөв, жинтэй даацтай, хэрэгтэй, шийдэлтэй мэдээлэл авдаг улсын иргэд л боловсордог. Иргэд нь боловсорчихвол улс хөгжих асуудал биш. Ийм цонхоор харвал өдөр тутмын хэвлэлүүдээ дэмжих эрэлт хаалга тогшиж байна.


Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 24-нд болох үйл явдлууд

09.00 цагт Хангарди ордонд “Монгол наадам цогцолборын өнөөгийн байдал, цаашдын хөгжил” хэлэлцүүлэг болно. Утас: 88182868, 88804723, 91925353

09.00 цагт Ерөнхий боловсролын 92 дугаар сургуульд “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөн болно.

10.00 цагт МҮЭСТО-нд “Оюутны манлайлал” чуулган болно. Утас: 95269666, 94220202

10.00 цагт “The Corporate Convention Centre”-т Тээврийн цагдаагийн албаны 2019 оны тайлангийн хурал, шилдэг хамт олон, алба хаагч шалгаруулах ёслол болно.

10.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Үнэн хатамж” ТББ-аас төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар харьцуулсан мониторигийн судалгааг танилцуулна.

11.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно. Утас: 70119921

11.00 цагт Монголын Үндэсний музейд Соёлын гавъяат зүтгэлтэн, Химич, Эрдэс судлаач, Сэтгүүлч, Соёл судлаач профессор Г.Гонгоржавын “Чулууны хээ-3 (Саяд нэг)” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99195447

11.00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр байгуулсан 30 ортой хүүхдийн тасгийн нээлт болно. Утас: 95689828

Categories
мэдээ цаг-үе

МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнай: Маргааш нь тодорхой ард түмэн, хөгжлийг бүтээдэг

МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнайгаас он бүрийн төгсгөлд миний бие дэлгэрэнгүй ярилцлага авдаг уламжлалтай билээ. Энэ оныхоо ээлжит ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.


-Шинэ он удахгүй гарах нь, хүн бүр л өнгөрч буй ондоо юу хийж амжуулснаа бодож цэгнэж, ирэх ондоо юу хийх тухайгаа боддог мөч. Та МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөнөөсөө хойш чимээгүй суулаа. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Нийгмийн амьдралыг хэрхэн харж байна. Улс төрд идэвхтэй оролцож, төрд удирдах алба хашиж байсан хүний чинь хувьд асууж байна л даа?

-Бидний сонгосон нийгэм хүн бүрийг хөдөлмөрлөхийг, өөрийгөө байнга хөгжүүлж байхыг шаарддаг тийм цаг үед та бид амьдарч байна. Миний хувьд нэг судалгааны ном орчуулахыг оролдоод дуусах шатандаа явж байна. Өөрийн маань бодож санаж явдагтай холбоотой, ерөнхийдөө улс төрийн намын санхүүжилтийн талаарх ном. Өөрийгөө орчуулгад сорьж байгаа ухаантай. Хоёрдугаарт хуулийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бичиг цаас боловсруулах ажил хийж байна даа. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөнөөс хойш хоёр жил болчихож. Энэ хугацаанд ерөнхийд нь л ажиглаж сууна. Ард түмний дүн тавих цаг хаяанд ирлээ. Төр засгийн зүгээс нийгэм, эдийн засгийн амьдралд ахисан нь ч байгаа, алдсан нь ч байдаг биз. Хамгийн гол нь ард түмний оролцоо, дэмжлэгийг өргөн хүрээнд авч, үр дүнг нь гаргаж ажиллах нь чухал. Иргэдийн маань дийлэнх нь эрвийх дэрвийхээрээ дор бүрнээ хөдөлмөрлөж байгаа хэдий ч амьдрал ахуйд нь дорвитой өөрчлөлт төдийлөн гарахгүй, бухимдалтай байна.

Олон улсын туршлагаас харахад маргааш нь тодорхойгүй нөхцөл байдал бүрэлдсэнээс нийгмийн стресс, тогтворгүй байдал хүчтэй оршин тогтнодог. Сайн ч, муу ч төрийн бодлого нь тогтвортой, хууль, дүрэм журмаа бүхий л түвшиндээ дагаж мөрдөөд сурчихвал олон хүндрэлтэй асуудлууд цэгцрээд явчихна. Тэгэхгүй бол их савлагаатай, морин дээрээс нэгнийгээ татаж унаган, тэгээд ээлжилж мордсоор байтал хэн хэн нь хол давхиж чадахгүйд хүрэх нь. Энэ бүх байдлыг тогтож анзаарах цаг нь болсон.

-Энэ намууд чинь төрийг тогтворгүй байлгаад байгаагийн гол эзэд нь биш юм уу, сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа энэ бүгдийг анхаарах ёстой биз дээ?

-Тогтворгүй байдал нь Ардчилсан нийгмийн нэг сул тал гэж үздэг онолын хувьд.Бид өнөөг хүртэл ардчилалд суралцсаар л байгаа. Бусад хөгжсөн улс орнууд ч өнөөгийн бидний зовлонг туулсан. Олон ургальч үзэл байх боловч тэд улс орны хөгжлийн гол асуудлууд дээрээ тогтож чадсан. Зүйрлэвэл нам тус бүр өөрийн хөгжлийн уулыг бүтээчихээд түүнийхээ оройд гарах гэж зүтгэхээс илүүтэй хамтдаа нэг л уулын орой руу гарахаар тогтох нь чухал. Хэрхэн оргил өөд гарах арга зам нь л өөр өөр байж болно. Тэгсэн цагт намуудын мөрийн хөтөлбөр өнгөрсөн, одоо, маргааштайгаа уялдсан байдлаар боловсруулагдаж, төрийн бодлого тогтвортой хэрэгжих боломж бодитойгоор бүрдэнэ.Энэ ажлыг өнөөгийн намуудын лидер улстөрчид гардан гүйцэтгэх ёстой.

-Хүн бүр нийгмийн болж бүтэхгүйг ярьж байна. Та бол ард түмний дунд алхаж яваа нэгэн. Ер нь амьдрал болж байна, дажгүй байна гэж ярих хүнтэй таарч байна уу?

-Монгол хүн бидэнд чинь амны билгээс ашдын билэг гэж нэг үг байдаг даа. Ирээдүй маань өнгөтэй өөдтэй болно гэдэгт эргэлзээгүй итгэх хандлага л давамгайлах нь л чухал байна. Аль ч нийгэмд эрээнтэй бараантай зүйлс олон байдаг.Ямар өнцгөөс харах нь тухайн хүний хэрэг. Аливааг өөдрөгөөр хардаг нь ч бий, сөргөөр хардаг хэсэг ч бий. Хүн ер нь юуны төлөө, яах гэж амьдардаг юм. Амьдралаас баяр баясгалан, сэтгэл ханамж гэх зэргээр өөрөөр хэлбэл кайф авах гэж л амьдардаг болов уу гэж би ойлгодог. Бизнес хийгээд баялаг бүтээгээд, ашиг орлого олоод сэтгэл хангалуун яваа хүн ч байна. Олон хүний амьдралд тус дэм болоод кайф авдаг хүн ч байна. Гэхдээ өнөөдөр монголчуудын маань дийлэнх нь амьдралаас кайф авч чадахаа больчихсон, авч чадахгүй байгаа учраас л бухимдалтай байна уу даа гэж би ажигладаг.

-Энэ нь тэгээд юутай холбоотой гэж та хэлэх вэ. Монголчуудын энэ хандлага нь өөрөө болж бүтэж байгаа зүйлсээ дарж унаад байх шиг харагдах юм?

-Хувь хүн өөртэй нь ч холбоотой, төр засгийн бодлого, удирдан чиглүүлж буй хүмүүсийн сайн муу үйлдлүүдтэй ч холбоотой. Гэхдээ миний хувьд энэ өнцгөөс нь яримгүй байна. Ерөнхийдөө аль ч нийгмийн үед олон түмнийг соён гэгээрүүлэх, чиглүүлэх асуудал чухал байр суурийг эзэлдэг. Өнгөрсөн үед бидний хэлж заншсанаар сэхээтэнлэг хэсэг дээрх үүргийг гүйцэтгэж байсан гэж би ойлгодог. Өнөө цагт сэхээтний үүргийг гүйцэтгэх давхарга бодитойгоор оршин тогтнож чадахгүй, их бүдэг байдалтай байна. Магад цагийн нугачаанд сэхээтнүүд нэг тийм халирамхай, хойшоо суудаг болсон нь нийгэмд хар буруу зүйлс бүхэн давамгайлах хандлага руу орох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү хандлага ч өнөөгийн цахим ертөнцөд хүчтэй газар авч байгааг та ч ажигласан байх.

-Ганц Монголд ийм байна уу, дэлхий нийтийн хандлага ер нь ямар байдаг юм бэ?

-Өндөр хөгжилтэй улс орнуудад нийгмийн хэсэг бүлэг гэхээсээ илүүтэйгээр тогтолцоо нь тухайн иргэнийг төрөхөөс нь авахуулаад бие хүн болж төлөвшүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг болсон байна.Америкийн нийгэм америк иргэнийг, Германы нийгэм герман иргэнийг бий болгож байна. Бидний хувьд тогтолцоо маань монгол иргэнийг бий болгож байна гэж хэлэхэд арай эрт байна. Тиймээс энэхүү үүргийг нийгмийн тодорхой бүлгүүд хариуцан авч явахаас өөр гарц одоохондоо харагдахгүй байна. Нийгмийн бүхий л түвшинд тогтвортой байдал давамгайлсан үед магад тогтолцоо нь монгол хүнийг бий болгох үйл явц бодитойгоор хэрэгжиж эхэлнэ. Жишээ дурдвал, Америкт хүн өөр ажилд ороход заавал өмнө ажиллаж байсан газраас нь тухайн хүнээс хамааралгүйгээр хэрхэн ажиллаж байсан талаарх мэдээллийг авч ажилд авах эсэхээ шийдвэрлэх нэг гол үзүүлэлт болгодог. Зөвхөн энэ хөшүүрэг нь тухайн хүнийг ажлаа сайн хийх, хамт олондоо үнэлэгдэх, цаашдаа өсч дэвжихэд нь нөлөөлөх томоохон хүчин зүйл болдог.Гэтэл манайд хэрхэн байгааг та мэдэж байгаа, ажлын байрандаа тогтвор суурьшилгүй, бизнес хийж байгаа хүмүүст найдвартай ажиллах хүн хүч олдохгүй хэцүү нөхцөлд байна. Гэтэл нөгөө талд нь ажилгүй хүмүүс маш их байгаад байдаг. Олон шалтгаан бий гэдэгт та бид маргахгүй. Тэгэхээр миний түрүүнд хэлдэг Монголд бүх зүйл тогтворгүй байгаатай л холбоотой. Энэ бүгдийг хууль эрх зүйн орчны хүрээнд системээр нь шинэчлэх боломж бидэнд байгаа юу гэвэл байгаа. Нэг их хүнд хүчир ажил ч биш. Боддог, сэтгэдэг, тодорхойлдог, судалгаа хийдэг байгууллагууд нь өнөөдөр манайд үндсэндээ бас тогтвортой ажиллахгүй байна. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа.

-Өнөөдөр төр засаг бүх шатандаа сошиалын мэдээллээр ажлаа хийдэг болчихсон юм шиг. Сошиалд ажлыг нь шүүмжилбэл “Энэ ерөөсөө алах юм байна” гээд зөв шийдвэрээ цуцалдаг. Төр ийм байж болох уу?

-Ортой л доо. Ямар нэг ажлыг хийх, ямар нэг албан тушаалыг хашихад шантармаар зүйл олон. Ядарна, зүдэрнэ, уулын оройд гарахын тулд амьсгаадна, ер нь амар байхгүй шүү дээ. Түрүүний та бид хоёрын ярьдаг зүйлийг л энд давтаж хэлэх болох нь. Бодлого нь ойлгомжтой байх ёстой. Жишээ нь, Бүгд утаанаас салахыг хүсч байна уу, хүсч байна. Утаатай тэмцэхэд олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Ядаж л түүхий нүүрс зарж амьдардаг хичнээн хүн байгаа юм. Түүнийг нь тээвэрлэж амьжиргаагаа залгуулдаг хэдэн хүн байна. Энэ олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Гэтэл нийгмээрээ хүлээн зөвшөөрүүлээд, төр нь гаргасан шийдвэр дээрээ бат зогсоод зүтгэхэд тодорхой үр дүнгүүд гарна. Төр засаг бол асуудлыг сайн судалж, ярьж шийдээд хөдөлсөн бол түүнийхээ үр дүнг үзэхийн төлөө гуйвалтгүй байх ёстой. Сошиалд юу гэж хэлж ярьж, дайрч доромжлох нь огт хамаагүй. Хэдэн хүн гарч ирээд жагсахаар шийдвэрээ өөрчилдөг, олноороо яриад гаргасан шийдвэрийг дээд шатных нь удирдлага өөрчилчихөж болохгүй. Энэ чинь л эргээд төр засгийн үйл ажиллагааны тогтвортой байдал, алсын хараатай байх, бие дааж шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээ үгүйсгэгдэж байгаа хэрэг. Төрийг арчаагүй, сул дорой харагдуулж байгаа хэрэг. Дээр нь ажил хариуцсан хүмүүсийн эрч хүчийг сулруулчихаж байна. “Би хариуцсан салбараа өөд нь татна, сайн ажиллана” гэсэн зүрх сэтгэлтэй очиж байгаа хүмүүс ажил хийхээс хойш суух хандлагатай болж, мөрөөрөө энэ суудал дээрээ ажил хийсэн нэр зүүж байгаад сонгууль хүргэе дээ гэсэн бодолтой болчих аюултай. Ажил хийдэггүй хүнд ямар ч алдаа байдаггүй.

-Энэ байдлаас гарах гарц гаргалгааг ярьдаг хүн алга, бүгд шүүмжлээд л байна?

-Шүүмжлэл тодорхой хэмжээнд байх нь буруу юу байхав. Ер нь цөөн үгээр бүхий л зүйлийг хамруулан шийдлийг ярина гэдэг төвөгтэй. Болж бүтэж байгаа зүйлээ тордоод явах, болохгүй зүйлсээ хурдхан шиг цэгцлээд л явах нь чухал байна. Гэхдээ системтэйгээр.

-Таны эхэнд хэлсэн энэ бүх зүйл ойлгомжгүй, маргааш нь хэрхэх нь тодорхойгүй байх нь хэн нэгэнд ашигтай л байгаа даа?

-Судлаачдын үзэж байгаагаар ялангуяа байгалийн баялгийн асар их нөөцтэй улс орнуудын төр засгийн бодлогыг тогтворгүй байлгах, нийгмийг тодорхойгүй байдалд оруулах нь дотоодын болон гадаадын үндэстэн дамнасан корпорациудад богино хугацаанд ашиг орлого олох таатай хөрс суурь гэж үздэг. Магад бид ч тийм цаг үеийг туулж байгаа байх. Гэхдээ хэн нэгэнд буруу өгөхөөс илүүтэй цаашдаа дотооддоо эв зүйгээ сайтар олж, эрх ашгийн эрэмбээ зөв тодорхойлж түүн дээрээ бат зогсох нь ирээдүйд үүсэх таагүй үр дагавруудаас сэргийлэх боломжтой.

-Та бол залуугаасаа Монголын төрд удирдах ажил хийсэн. Ажлаа нэр цэвэр хийсэн цөөхөн залуусын нэг гэж би дүгнэдэг. Нам чинь ялчихаад байхад бүтэн дөрвөн жил шахуу төрийн гадна байгаа нь таны төрд нэр бүтэн ажилласны чинь шан уу?

-(Инээв) Ингэж бодож байгаагүй юм байна. Би өмнө нь танд өгч байсан ярилцлагууддаа хэлж байсан, түүнийгээ л давтана. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, сонголтоороо л яваа. 2016 онд надад ажлын санал ирж байсан шүү дээ. Нам маань сонгуульд өрсөлдөөд дээр дооргүй л ажиллацгааж байхад гадаадад сурч байсан хүн намаа ялмагц би дарга болно гээд гэнэт ороод ирэх нь тийм ч таатай зүйл биш. Олон сайхан нөхөд маань сонгуулиар өдөр шөнөгүй итгэл үнэмшлээрээ ажилласан. Төрд зүтгэе, улс орныхоо төлөө ажил хийе гэсэн зорилго бүгдэд маань бий. Ердөө л тэр. Та ажилгүй яваад л байх юм… гэж ирээд л ярьдаг хүмүүс байдаг юм. Төрд ажиллахаар л хүн ажилтай болдог, ажиллахгүй болохоор ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн мэт харагддаг буруу хандлага нийгмийн дунд байх шиг. Үнэндээ би өмнөх ажлаа барахгүй шахам л явж байна.

– Та олон сонгуульд оюутан цагаасаа эхлэн оролцсон. Улс төрийн туршлага, төр засгийн ажлын туршлага хангалттай бий. Түрүүн асуусан асуултаа дахиад асууя. Та тодорхой хариулсангүй. Хоёр жилийн өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөнөөс хойш ямар ч чимээ аниргүй суугаад байгаа чинь сонин санагдаад байдаг юм?

-Тухайн үедээ улс төрийн ажилд идэвхтэй оролцож, намынхаа ажлыг өнөөгийн нийгмийн хүлээлтэд нийцэхүйц нам байлгахын төлөө өөрийгөө сорьё гэсэн бодлоор генсект өрсөлдсөн. Олон нөхөд маань ч дэмжсэн. Ер нь бол улс орны хөгжлийн сайн муу бүхий л зүйлс улс төрийн намуудаас шалтгаалдаг. Үүнээс өөр гарцыг дэлхийн ардчилсан улс орнууд олоогүй байна.Тэгэхээр улс төрийн намын төлөвшил, дотоод ардчилал, тогтвортой бодлого гэх мэт олон асуудлыг намынхаа хүрээнд дархлаажуулах нь зайлшгүй хийх ёстой зүйл. Аливаа нам дотооддоо үзэл бодол, үйл ажиллагаагаараа уралддаг, гишүүдийнхээ оролцоог өргөн хүрээнд хангадаг талбар байх нь бодлогоо олон түмэнд таниулж дэмжлэг авахад тун дөхөмтэй. Хэн нэгэнтэйгээ үзэл бодлын зөрчил үүсвэл эрх мэдэлтэй нь ялдаг биш дүрэм, журам нь ялдаг тийм чиглэл рүү нам явах ёстой. Удахгүй манай нам 100 жилийнхээ босгон дээр ирээд байна. Өнөөгийн цаг үеийн шаардлага, иргэдийн хүсэл, хүлээлтэд нийцсэн нам болгохыг зорьж миний бие Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд өрсөлдсөн хүн шүү дээ.

-Өнөөдөр МАН-ын залуу үеийн төлөөлөл болсон, басчиг төрд гайгүй алба хашиж байсан нэр бүхий залуус намынхаа удирдлагуудын эсрэг сүрхий дуугарч, үзэл бодлоо илэрхийлж байгаа харагдах юм. Таны үеийн гэж болох зарим гишүүд бүр нөгөө сэлэм эргүүлнэ гэдгийг үзүүлж өгч байгааг та харж л суудаг байлгүй?

-Би чинь 1998 оноос хойш намын дотоод амьдралд хутгалдаж, хуучны сайхан сайхан ахмадуудынхаа үгийг нь сонсож өссөн нөхөр. Наад зах нь бичиг цаас яаж боловсруулдгийг сурч авсан хүн. Насаараа төрд зүтгэсэн ахмадуудынхаа дэргэд улс төрийн ажил хийж эхэлсэн нь мань мэтэд их хувь заяа. Надад суусан дадал бол хариуцсан ажилдаа эзэн байх, аливаад голтой байх, ямар ч хүндрэлтэй асуудлыг дотооддоо нээлттэй ярьдаг байх гэх мэт зарчмыг суулгаж өгсөнд баяртай байдаг. Айхавтар зөрчилдөж болно. Тэр нь өөрөө ажлыг улам сайжруулахад чиглэвэл сайн. Ер нь аливаа хүн эрх мэдэл, өнгө мөнгөнд дурладаг нь хүний нийтлэг мөн чанар юм гэж ахмадууд маань ярьдаг байсан нь санаанд орчихлоо. Хамгийн гол нь тэр хүсээд байгаа эрх мэдэлдээ хүрэхийн тулд ажил хийж, олныг манлайлж, түмний хүндлэлийг хүлээж, ажлын ард гарсан шиг гарч чаддаг гэдгээ харуулж байж очдог тогтолцоо үйлчлэх ёстой. Бие биенээ шүүмжлэх нь нийгэмд байдаг л зүйл. Шүүмжилсэн гээд нухчин дарах, үзэн ядах, дайсагнан хонзогнох биш харин шүүмжлэлээс сайныг нь аваад, харилцан ойлголцох, буруу ойлгосныг нь зөв чиглэл рүү нь залах ухаан удирдагч хүмүүст байх ёстой. Монголын түүхэнд Монгол Улсыг хэдэн хэсэг болгож, бутарган тасдаж, тамирдуулж, ард түмнээ зовоосон бараан жишээ олон байдгийг та бид мэднэ. Ардчилсан нийгэмд хүн бүхэн нэг шугаман дээр бүгдээрээ зогсдоггүй. Хүн бүрт өөр өөрийн эрх ашиг, үзэл бодол, итгэл үнэмшил байдаг. Тэр бүгдийг нэг цэг дээр төвлөрүүлэх нь удирдаж байгаа хүмүүсийн ур ухаан, тэвчээр, үзэж туулсан зам, туршлага мэдэх хэрэг.

-МАН бол үнэндээ дотроо тийм ч эвтэй биш байгааг хүмүүс мэдэж байгаа. Таны хувьд МАН ямар байдалтай сонгуульд орчихоосой гэж бодож байгаа вэ?

-Нам ямар байдалтай сонгуульд орох нэн тэргүүний асуудал биш, харин өмнөх сонгуулиар амласан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж чадсан бэ, цаашид юуг хийж хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал гэж би үздэг. Сонгуулийн хугацаа хүртэл бидэнд бас ч гэж дотооддоо эв зүйгээ олох хангалттай хугацаа байна. Шүүмжлэл, гомдол санал одоо улам ихэснэ. Хэрхэн энэ бүх асуудлыг эерэгээр шийдэх ур ухаан, туршлага намын удирдлагад байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Намын бодлого, үйл ажиллагаа гишүүддээ нээлттэй, ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх нь сонгуульд амжилт гаргах гол хүчин зүйл гэж би ойлгодог.

-Ер нь намын шошготой миний мэдэх хүн бүхэн л сонгуульд нэр дэвшинэ гэх юм. Ялангуяа залуучууд бүр их дэвших тухай яриад эхэллээ?

-Юу нь буруу байхав. Бид чинь сонгох сонгогдох эрхээ 30 орчим жилийн өмнө Үндсэн хуулиараа олж авч чадсан ард түмэн. Гэхдээ миний хувьд улс төрийн ажил бусдын өмнө хариуцлага хүлээдэг, олны шүүмжлэл дунд амьдрал нь өрнөдөг амаргүй ажил гэж боддог. Тиймдээ ч Америкт сурч байхад олон газрын залуустай юу эсэхийг хөөрөлдөхөв. Тэгэхэд тэд бүгдээрээ сургуулиа төгсөөд ийм хуулийн фирмд ажиллана, судалгааны ажил хийнэ, ийм салбарт зүтгэнэ, бизнес хийнэ гэж л ярихаас биш нэг ч оюутны амнаас “Би очоод улс төрд орно, ийм дарга болно,төрийн ажилд орно, төрийн ийм шатанд өөрийгөө бэлдэнэ” гэж ярьж байсныг сонсоогүй. Магадгүй төрийн албанд зүтгэхээс халгадаг, бусдын өмнө хариуцлага хүлээхээс эмээдэг, өөрийгөө голдог, тэгээд өөрийгөө бэлддэг, тийм өндөр босготой, үнэ цэнэтэй талбар болгомоор байгаа юм, төрийн албыг. Зарим залуусын маань хувьд өөрийгөө голдоггүй байх нь аюул дагуулж болзошгүй.

-Бид их цамаан болчихсон. Ажлыг голдог. Болж өгвөл цагаан гартнууд ширээний ард сууцгааж байх санаатай. Өөрсддөө зохихгүй, өөрөөсөө хэтийдсэн хээнцэрлэл их болж. Тэрнээс таны хэлсэн шиг хийе гэвэл маш их ажлын байр байна?

-Та бид хоёр үүнийг дүгнэж цэгнэх нь тийм таатай зүйл биш. Өнөөгийн бидний бүтээсэн нийгэм залуусыг маань ийм хандлага руу чиглүүлчихлээ. Миний 21 аймгаар тойрч олон түмэнд ярьсан илтгэлийг та санаж байгаа байх. Төр засгийн бодлого аж ахуйн нэгждээ итгэх, иргэндээ итгэх, тэднийгээ ажилд сургах, чиглүүлэх үүргээ хангалттай биелүүлж чадвал манай залуус ямар ч ажлыг бусдын адил сайн гүйцэтгэж чадна гэдэгт би эргэлздэггүй. Эс чадвал бид өмнөх нийгмийн үед 70 жил орос ах нараар ажлаа хийлгэсэн, өнөө цагт хятад хүмүүсээр байшингаа бариулж замаа тавиулсан гэх таагүй ярианаас мөддөө салахгүй. Хаа сайгүй бие биедээ итгэх итгэл сул байна. Төр засаг иргэддээ итгэсэн цагт, аж ахуйн нэгж нь ажилтандаа итгэсэн цагт, ажилтан нь байгууллагынхаа өсч дэвжихэд итгэсэн цагт, иргэд нь улс орныхоо ирээдүйн хөгжилд итгэсэн цагт хөгжил тийм ч хол биш. Энэ бүхний үндэс нь тогтвортой байдлыг бүхий л түвшиндээ бий болгох нь чухал юм. За ингэсгээд хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү, нэлээн ч удаан ярьчихлаа.

-Тэгье дээ, уг нь дахиад ярих зүйл байгаа юмсан, сонгууль ч ойртож байна, олон удаа уулзана гэдэгт итгэж байна.

-Тэгэлгүй яахав. Танай сонины хамт олон болон уншигчид, нийт монголчууддаа шинэ оны мэнд хүргэж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ цаг-үе

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын менежер Л.Төгсбаяр: Орон нутгийн бизнесийг одоогийнхоос дахин нэг түвшин ахиулах нь “BEST” төслийн гол зорилго

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын ерөнхий менежер Л.Төгсбаяртай ярилцлаа. Тус байгууллага жижиг, дунд бизнесийн чадавхжуулахад үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлж байна.


-Танай байгууллагыг Монгол дахь төрийн бус байгууллагууд дундаас хамгийн анх олон улсын чанарын ISO стандартыг хангасан гэж сонссон. Хэдэн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай байгууллага 2008 онд байгуулагдсан. Жижиг, дунд бизнесийг дэмжих, чадавхжуулах, улмаар ажилгүйдлийг багасгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй гол үйлчилгээ гэвэл бизнесийн сургалт, мэдээлэл, холболтын үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий зураглалаар нь харвал бизнес эрхлэгч хамгийн эхэнд өөрсдөө чадавхжих шаардлагатай. Үүний дараа хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээ үүснэ. Үүн дээр бид олон улсын байгууллагуудын тусламжтайгаар зээл зуучилж өгөх ажлууд хийж байна. Мөн бизнес эрхлэхэд өдөр тутам шаардлагатай мэдээллээр хангана. Борлуулалтын зуучлал буюу бизнес холболтын үйлчилгээ гэсэн загвараар үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын хувьд 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын анхны ISO9001, ISO2015 стандартыг нэвтрүүлсэн төрийн бус байгууллага юм. Саяхан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим уг стандартыг нэвтрүүллээ. Энэ жил Солонгосоос аудит ирж ажиллаад манай стандартыг дахин сунгасан.

-Жижиг, дунд бизнесийг дэмжихэд илүү төвлөрч ажилладаг гэсэн үг үү?

-Бид өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна, өсөлтөд чиглэсэн бизнесийн хөгжлийг дэмжинэ, байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн үндсэн зорилготой. Жижиг, дунд бизнесүүдтэй хамтран ажиллаж байгаа. Мөн тодорхой хугацаанд том бизнесүүдэд ч гэсэн консалтинг үйлчилгээ үзүүлээд явж байсан.

-Бизнеэс эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа гол бэрхшээл юу байна вэ. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээсээ танилцуулахгүй юу?

-Өнөөдөр том бизнесүүдийг хасаад, старт апаас авахуулаад бичил, жижиг, дунд бизнест тулгамдаж байгаа гол бэрхшээл гэвэл нэгдүгээрт өөрсдийнх нь чадавхыг сайжруулах явдал юм. Өрхийн үйлдвэрлэлээс албан бүртгэлтэй бизнес болоход бизнесээ удирдаж явуулах, зах зээл дээр хэрхэн бүтээгдэхүүнээ гаргаж олны танил болгох, маркетингаа яаж хийх зэрэг бизнес эрхлэгчийн чадавхтай холбоотой олон асуудал байна. Манай байгууллага Английн хун тайж Чарльзийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг YBI гээд олон улсын залуу бизнесийг дэмжих санаачилга сүлжээ байгууллагын албан ёсны Монгол дахь гишүүн юм. Гишүүн байгууллагуудад бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөгөөнүүд оруулдаг. Уг чиглэлийн дагуу бид ажилладаг.

Хоёр дахь нэг том зүйл нь санхүүжилт. Үүнтэй холбоотойгоор бид хоёр жилийн өмнө АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Reach хэмээх төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл жижиг, дунд бизнес рүү хандсан. Банк санхүүгийн байгууллага, Зээлийн батлан даалтын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэргээс зээл авахад жижиг, дунд бизнес эрхлэгч нарт чадавхын дутагдал байдаг юм байна. Наад зах нь бизнес төслөө бичиж чадахгүй байх жишээтэй. Мөн зээлийн шалгуур хангасан бичиг баримтыг бүрдүүлж чадахгүй байна. Ер нь олон улсын төсөл хөтөлбөрүүд урт хугацаанд хөгжих бизнесийг түлхүү санхүүжүүлдэг. Тиймээс өнөөдрийн санхүүжилт гэхээс илүү ирээдүйд хөгжих зураглал, замыг гаргах шаардлагатай. Энэ чиглэлд бид зөвлөгөө үзүүлж банк санхүүгийн байгууллагад зээлийг нь зуучилж, төслийг нь бичиж өгөөд санал болгож байна гэсэн үг. Энэ төсөл маань амжилттай хэрэгжсэн тул АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг манай байгууллагатай дахин хамтран ажиллаж 15 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгаа. Сайн засаглал, ил тод байдал, авлигагүй бизнесийн орчинг бий болгож, үүнд нь суурилсан санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах төсөл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ.

-Өнгөрсөн 11 жилийн хугацаанд жижиг, дунд бизнес эрхлэлтэд ямар дэвшил гарсан бэ?

-Анх 2008 онд үйлчилгээ үзүүлж байхад манай зорилтот бизнес эрхлэгчдийн хувьд дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг зэргээр жижиг түвшинд байсан. Энэ бизнесүүд маань мэдлэгт суурилж, алсын хараа, эрхэм зорилго дээрээ тулгуурласан бодлоготой болсноор хөгжөөд ажлын байраа нэмэгдүүлж албан бизнес болоод томорчихсон. Манай хамгийн анхны үйлчлүүлэгч гэвэл “Шар доктор”, “Суман гүн” нарийн боовны цех зэрэг байна. Бүгд л анх бичил бизнесээс дээшээ томорч гарч ирсэн. Гэхдээ хөгжлийн явц удаашралтай байгаа. Энэ нь зөвхөн чадавхаас шалтгаалахгүй байна. Бизнес болон эдийн засгийн орчин, зах зээлийн өсөлт, хуулийн дэмжлэгийн орчин зэрэг сайнгүй байсан нь компаниудын богино хугацаанд өсч дэвжих боломжийг сааруулж байна.

Ер нь жижиг, дунд, бичил бизнесийн хувьд төлбөр төлөөд зөвлөх үйлчилгээ авах зүйл тухайн үед байгаагүй байсан. Манай байгууллага 20 гаруй олон улсын байгууллагатай хамтарч 100 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Олон улсын байгууллагуудад мөнгө байгаад байна. Тэр мөнгийг яаж жижиг, дунд бизнес рүү хүргэх вэ гэдэг асуудал тулгарна. Яг энэ чиглэлд манайх илүү туршлагатай, жишиг болсон байгууллага гэж ойлгож болно.

-Та бүхэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг мэдэж байна. Бэлээхэн 11 жилийн туршлага байна. Үүнд суурилж төр засагт үгээ хүргэх, бодлого шийдвэрт нь нөлөөлөх чиглэлд хэрхэн анхаарч ирсэн бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Өмнө нь хэрэгжүүлсэн “Reach” төслийн хүрээнд Монголбанктай хамтарсан жижиг, дунд бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр уулзалт зохион байгуулсан. Мөн Монголын энтрепренёруудын нэгдсэн чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвөөс санаачлан жил бүр зохион байгуулдаг. Үүнд бид хамтран ажиллаж ирлээ. Арга хэмжээнүүдээс янз бүрийн зөвлөмж гарч, төрийн зохих байгууллагуудад хүргэдэг.

Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй BEST төсөл хэрэгжиж эхэлж байна. Энэ төсөл маань таван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэг буюу зээлийн үйлчилгээ юм. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнесийг засаглалын хувьд сайжруулна. Гуравдугаарт, санхүүжилтийн орчинг сайжруулах чиглэлээр ажиллана. Энэ бүрэлдэхүүн хэсэгт жижиг, дунд бизнес эрхлэгч нарт санхүүжилтийн хүртээмжийн орчинг сайжруулахад ямар асуудал тулгарч байгааг судалж, энэ чиглэлээр төрийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулж, санал зөвлөмж өгч ажиллах юм.

-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр жилийн өмнө хэрэгжүүлж дууссан төслийн үргэлжлэл BEST төсөл хэдэн аймгийг хамрах вэ?

-BEST төсөл 12 аймагт хэрэгжинэ. Эхний жил найман аймаг хамрагдана. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод, Ховд, Дорноговь, Хөвсгөл, Завхан, Баянхонгор зэрэг аймгуудад хэрэгжих юм. Энэ аймгуудыг яагаад сонгосон гэхээр бизнесийн эргэлт арай эрчимтэй явагдаж байгаа гэж үзсэн. Дээрээс нь бүсийн төв болох аймгуудаа зориуд сонгоод нэг түвшинд байгаа бизнесүүдийг нь дахиад нэг түвшин ахиулах зорилготой ажиллаж байна. 77224007 гэсэн утсаар манай зөвлөхүүдтэй холбогдож болно.

Олон улсын байгууллага, Авлигатай тэмцэх газрын хийсэн судалгаа зэргээс харахад манай бизнесүүд зээл авахдаа өөрийнхөө үйл ажиллагааны зардлын 4.4 хувийг зарцуулж байна гэсэн дүн гарсан. Энэ нь албан бус зардал болж байна гэсэн үг. Нэг ёсондоо зээлээ бүтээхийн тулд лобби хийх, магадгүй авлигад өртөх эрсдэлийн нэг болж байна. Уг судалгаан дээр суурилаад төслийг хэрэгжүүлж байгаа. Зээл, санхүүжилт өгч байгаа байгууллагууд өөрсдөө ил тод байдлыг хангаж байна уу, үнэлгээний хороондоо ТББ, бизнесийн төлөөллүүдийг оруулж байна уу, шударга ажиллаж байна уу гэдэг асуудал гарна. Үүнийг бид илүү ил тод, нээлттэй болгох талаар ажиллана. Авлигатай тэмцэх газар, ТББ-уудтай хамтран ажиллана.

Хоёрдугаарт, бизнес эрхлэгч талаасаа ч гэсэн зээлээ бүтээхийн тулд яагаад заавал лобби хийх гээд байна гэвэл мэдлэг мэдээлэл муутай, урт хугацааны бизнесээ хөгжүүлж чадахгүй, түүнээс болоод засаглал муу байгаатай холбоотой. Түүнээсээ болоод зээлийнхээ шалгуурыг хангаж чадахгүй байгаад байна. Богино хугацаанд төлөвлөж ажилладаг учир зээлийн шалгуур хангаж авахын тулд лобби хийх, авлига өгөх зэргээр зардал гаргахаас өөр аргагүй болчихож байгаа юм. Иймд компанийн засаглалаа сайжруулаад, одоогийнхоосоо ил тод санхүүжилттэй байх юм бол санхүүжилтийн хүртээмжийг ганцхан зээл, банк санхүү гэхгүйгээр бусад эх үүсвэрээс авах боломж нээгдэнэ.

-Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл энэ нь үр өгөөжгүй зүйлд зарцуулагдаад дуусах тохиолдол бий. Үүнээс хамаарч иргэд ч сэтгэл хангалуун бус, компаниуд мөнгө өгсөн нэр зүүгээд зөрчилтэй хэвээр үлддэг. Тэгвэл та бүхэн нийгмийн бизнесийг дэмжихэд анхаарч ажилладаг юм билээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Мөн манайх орон нутгийн малчдын малын түүхий эдийг нэмүү өртөг шингээн хоршоолол болгож хөгжүүлж ажиллаж байсан туршлагатай. Энэ чиглэлээр манай байгууллага уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж байна. Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон компаниудтай бүгдтэй нь хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлдэг. Уул уурхайн компани орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийдэг. Эсвэл нөхөн олговор гэдэг ч юм уу санхүүжилт өгч байгаа. Энэ мөнгийг илүү орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох, нийгмийн асуудлыг шийдсэн бизнест зориулах юм. Нийгмийн бизнес гэж юу вэ гэхээр тухайн орон нутагт тулгарч байгаа байгаль орчин, хог хаягдал, хүүхдийн цэцэрлэг зэрэг нийгэмд ямар асуудал тулгамдаж байгааг гарган ирж, түүнд суурилсан бизнесийг хөгжүүлснээр эдийн засаг маань давхар хөгжих боломж байгаа юм.

Нийгмийн асуудлаа нэг талдаа шийднэ, нөгөө талдаа ажлын байрыг бий болгож байна. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа санхүүжилт янз бүрийн соёлын төв байгуулах, мод тарих зэрэгт түлхүү чиглэж байгаа. Тэрийг нь тогтвортой хөгжил буюу нийгэмд суурилсан бизнесүүдийг санхүүжүүлэхэд зарцуулбал орон нутаг ч хөгжинө, иргэд уул уурхайн хооронд зөв харилцан ойлголцол бий болно. Гуравдугаарт, тэнд байгаа бизнесүүд нийгмийн асуудал дээр суурилсан учир заавал уул уурхайгаас хараат бус байж, эдийн засгийг солонгоруулна. Энэ чиглэлээр бид “Оюу толгой”-той хамтраад төсөл хэрэгжүүлж байна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Мажигсүрэн: Боломжит бүх тасагтаа ор нэмж тавьж байж томуугийн улирлыг давж байна

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Мажигсүрэнтэй ярилцлаа.


-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн талаар товч танилцуулахгүй юу?

-Манай эмнэлэг дүүргийн ард иргэдэд хоёр дахь шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Дотор, мэдрэл, хүүхэд, мэс засал гэмтэл, оношилгоо үйлчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн чиглэлээр Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны насанд хүрэгчдэд, дүүргийнхээ бүх хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. Манайх нийт 205 ортой. 153 эмч, эмнэлгийн ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн тасаг нь 80 ортой. Дотор мэдрэлийн тасаг 90 ортой. Мэс засал, гэмтлийн тасаг 25 ортой. Сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн тасаг 10 ортой.

-Дүүргийнхээ бүх хүүхдэд үйлчилдэг гэлээ. Хүүхдийн тасгийн ачаалал хэр байна вэ?

-Хүүхдийн тасгийн хувьд зуны улиралд харьцангуй ачаалал багатай. 80 ороо дүүргээд ажиллаад байх боломжтой. Хүйтний улирал эхлэх аравдугаар сарын сүүл үеэс эхлээд томуу, томуу төст өвчний идэвхжил дэгдлийн үед орны хүрэлцээ хангамж маш муу байдаг. Яагаад гэвэл Хан-Уул дүүрэг 168 мянган хүн амтай. Түүний 65 мянгийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Тэр дундаа хүүхдийн тасаг маань наяхан ортой. Томуу, томуу төст өвчний идэвхжил дэгдлийн үед бид насанд хүрэгчдийнхээ тасгийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн төв рүү шилжүүлдэг. Насанд хүрэгчдээ энд хэвтүүлэхгүйгээр Эрүүл мэндийн төвдөө шилжүүлээд, насанд хүрэгчдийнхээ 90 орыг хүүхдийн чиглэлээр ашигладаг. Дээрээс нь нэмэлтээр хүүхдийн тасаг болон насанд хүрэгчдийн тасагтаа ор тавих боломжтой бүх өрөөг суллан томуугийн улирлыг давж гарч байна. Үүнд эмч нарын өрөө, амралтын өрөө, хувцасны өрөө, сувилагчдын өрөө, сургалтын заал гээд ор тавих боломжтой бүх өрөөгөө суллан хүүхдүүдээ хүлээн авч байна. Аль болох хүүхдүүдээ коридорт байлгахгүй зорилгоор хичээж ажиллаж байна. Арванхоёрдугаар сар гараад сүүлийн долоо хоног томуугийн идэвхжил нэлээд их болсон. Манай ачаалал ихээр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар гэхэд хүүхдийн тусламж үйлчилгээнд 222 ор ашиглагдаж байна. Дээрээс нь коридортоо эвхдэг ор тавиад хүүхдүүдээ авч байна. Шөнөдөө ирж байгаа хүүхдүүд коридорт эвхдэг орон дээр хэвтээд өдөр хүүхдүүдээ гаргаад тасагт шилжүүлж байна.

-Саяхан Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хороонд 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орсон. Танай эмнэлгийн харьяа байх аа. Үйл ажиллагаа нь эхэлсэн үү?

-Саяхан ашиглалтад орсон Биокомбинатын 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон байгаа. Тоног төхөөрөмж нь мөн цаанаасаа Хятадын хөрөнгө оруулалтаар ирсэн. Энэ ажил яамны хүрээнд хийгдсэн. Гэхдээ санхүүжилт, хүний нөөцийн асуудал нь шийдэгдээгүй болохоор бид үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй байгаа. 2020 оны нэгдүгээр сараас төсөв мөнгө, хүн хүчний асуудал шийдэгдвэл бид үйл ажиллагаагаа эхлээд хүүхдүүдээ хүлээн авах боломж байна. 2019 онд манай эмнэлэг нэгэн шинэ бүтээн байгуулалт хийгээд байгаа. Мэс заслын хоёр давхар барилгын дээр өргөтгөл бариад гурван давхар болгож, арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү хүүхдийн тасгийн өргөтгөл 30 ортой. Манай ерөнхий дарга Д.Бааст өөрөө төсөл бичээд, Good neighbours олон улсын байгууллагатай хамтран 770 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг олж, эмнэлэгтээ хүүхдийн тасгийн өргөтгөл барьсан.

-Өнөөгийн томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Томуу, томуу төст өвчний идэвхжил арваннэгдүгээр сарын эхэн үеэс эхэлж байгаа шүү дээ. Одоо бол томуугийн 46 дахь долоо хоног явж байгаа. 46 дахь долоо хоног дээр нийслэлийн хэмжээнд томуугийн амбулаторийн үзлэгийн хувь 4.6 хувь байна. Түрүү долоо хоногийн үзүүлэлтээр. Энэ долоо хоног нэмэгдсэн. Хамгийн сүүлд мэдээлсэн байдал нь тийм байгаа. Алаг цоог идэвхжилийн үе гэж ярьдаг. Алаг цоог идэвхжлийн үед томуугийн А болон В хүрээний вирус эргэлтэд орж байгаа. 0-5 настай хүүхэд ихэвчлэн ирж байна. Юугаар хүндэрч байна гэхээр амьсгалын дээд замын үрэвсэл, бөглөршилтэй, уушгины хатгалгаагаар хүндэрсэн өндөр халуунтай хүүхдүүд ирж байна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 280 гаргаж үзлээ. Энэ нь зөвхөн амбулаториор үзүүлээд буцаж байгаа хүүхдийн тоо. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагтаа бид шөнийн ээлжинд хоёр эмч гаргаж байна. Өдөр хоёр эмч нэмээд нийт 3-4 эмч байнга үзээд байхад л тэр 280 хүүхдийг үзэж дийлэхгүй байдал үүсээд байгаа. Үүнээс 50-иад хүүхэд нь хэвтэн эмчлүүлээд бусад нь зөвлөгөө аваад явж байна. Эцэг эхчүүд юу анхаарах вэ гэхээр хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл, телевиз радиогоор маш их эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт сурталчилгаа явж байна. Түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс хомс байна. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол маш дутмаг. Хүүхдээ дааруулахгүй байх, бие бялдрыг чийрэгжүүлэх, халуун бүлээн шингэн зүйл их уулгах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дагуулж явсан тохиолдолд маскийг байнга зүүлгэх зэрэг зүйлийг дасал болгох хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлээгүйн улмаас хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр маш их өвчилж байна. Нэгэнт томуу, томуу төст өвчнийг туссан тохиолдолд сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй гэрт нь асрах, эмчилгээ асаргааг сайн хийгээгүйн улмаас хүүхдүүд хүндрээд ирээд байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол маш чухал гэдгийг л хэлье.

-Дүүргийн эмнэлгийн зүгээс ард иргэдэд сургалт, сурталчилгааны ажил хийдэг үү?

-Хийлгүй яахав. 2019 оны хэмжээнд бүх хороодоор яваад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа хийсэн. Дээрээс нь байгууллага дээрээ эрүүл мэндийн өдөрлөг зохиож сургалт сурталчилгаа байнга хийдэг. Бүх давхар тасагтаа LCD телевизор тавиад байнгын эрүүл мэндийн хичээлийг хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчиддээ үзүүлдэг.

-Тус сургалт, өдөрлөгийн арга хэмжээнд хүмүүс хэр хамрагддаг вэ?

-Ерөнхийдөө хамрагддаг. Хамрагдалтын хувь сайн байдаг гэж боддог. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 100 гаруй хүн, хороон дээр очоод хийхэд 100 гаруй хүн хамрагдана. Эмнэлэг дээрээ сургалт хийхэд 50-60 хүн хамрагдах жишээтэй. Хамрагдалт бол сайн байдаг.

-Ирэх жил дүүргийн эмнэлгийн 40 жилийн ой тохиох юм байна. Ойн хүрээнд төлөвлөсөн ажлууд бий юү?

-40 жилийнхээ ойтой холбоотой урьдчилсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай эмнэлгийн гурван давхар өргөтгөлийн барилга урд талын талбай дээр баригдахаар төлөвлөгдөөд УИХ, Байнгын хороодоор батлагдчихсан байгаа. Тэр ажил хэрэгжээд явах байх гэж найдаж байна. Дотооддоо сар бүрийг бүтээлч ажлын сар болгон явуулдаг. Тэр ажил үргэлжилнэ. 2020 он гараад 40 жилийн ойгоо угтаад 40 брэнд ажил хийхээр төлөвлөсөн. 35 жилийн ойгоороо бид 35 брэнд шинэлэг ажил хийж байсан. Гадна тохижилтын ажилд 179 сая төгрөгийн төсөв батлагдчихсан байгаа. Энэ жил оройтоод буцаачихсан. Ирэх жил дулаарахаар гадна тохижилтын ажил эхэлнэ. Мөн агааржуулалтын дотоод системийг сайжруулах ажлыг Агаарын чанарын албанд хүргүүлчихсэн. Тэр бас 40 жилийн ойн өмнө хийгдэнэ гээд маш олон ажил бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгийн олон харилцагч “ТОКИО 2020” олимп үзэх “ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ” урамшуулалт аян эхэллээ

ХХБанк 2020 онд тохиох 30 жилийн ойгоо угтан 15 харилцагчаа дотнын хүний хамтаар буюу нийтдээ 30 хүнийг хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Токио-2020 олимпын наадмыг үзүүлэх “Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аянаа 12-р сарын 18-аас эхлэн зарлалаа.

Харилцагч Та бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдсанаар:

  • Зуны олимпын XXXII наадмыг үзэж, Монгол улсынхаа тамирчдыг дэргэдээс нь догдлол дүүрэн зүрхнээсээ дэмжих;
  • Үзэсгэлэнт ФҮЖИ уулыг тольдох;
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолбортой танилцах;
  • Токио хотын хамгийн өндөр Скай три цамхагтай танилцах;
  • Үнэнч Хачико нохойны хөшөөтэй танилцан, хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар болох Шибүяа гарцаар зочлох зэрэг гайхалтай сюрприз, дурсамж дүүрэн 6 шөнө, 7 өдрийн аяллын эрхийн эзэн болох боломжтой.

“Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян 2020 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх ба урамшууллын тохирлыг 2020 оны 05-р сарын 01-ний өдөр “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулан тодруулна.

Урамшууллын эрхийг дараах нөхцөлөөр цуглуулах боломжтой:

  • Хадгаламжийн дансанд 100,000 төгрөг нэмэгдэх тутамд 1ш эрх;
  • Хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэхэд 1ш эрх;
  • Хугацаагүй хадгаламжаа хугацаатай хадгаламж руу шилжүүлсэн тохиолдолд 1ш эрх;
  • Виза карт (2 жилээс дээш хугацаатай) захиалах тутамд картын төрлөөс хамааран 1-3ш эрх;
  • ХХБанкны ПОС машинд уншигдсан 100,000 төгрөгийн болон гадаад улсад уншигдсан 50 ам.доллар, 50 еврогийн худалдан авалт тутамд 1ш эрх;
  • Интернэтээр хийгдсэн 100,000 төгрөгийн худалдан авалт тутамд 1ш эрх.

Та хэдэн ч урамшууллын эрхээр аянд оролцох боломжтой ба өөрт нэмэгдэж буй эрхийн тоог TDB online аппликейшнд УРАМШУУЛАЛ – КАРТ – ТОКИО 2020 УРАМШУУЛЛЫН ЭРХ цэсээс харах боломжтой. Мөн Таны бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл мессежээр очих болно.

ХХБанк сүүлийн 10 гаруй жил Виза интернэйшнлтэй хамтран Олимпын наадмын урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн ба энэ удаад Олимпод оролцох эрхээ аваад буй Монгол Улсын анхны эмэгтэй Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг тэмцээнд оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсон билээ.

“Зүрхнээсээ дэмжье”
Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Хорооны цогцолбор баригдах газрыг чөлөөллөө

Хорооны цогцолбор баригдах газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөллөө.

Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба хамтран оролцлоо. Зөвшөөрөлгүй барьсан гараашийн эздэд газрын чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү албадан газар чөлөөллөө. Чөлөөлөгдсөн газарт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны цогцолбор барилга баригдах ба ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөнд 600 багш, ажилчид хамрагдаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын чанарыг сайжруулах зорилгоор “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Сургалт зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд явагдах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 380 гаруй менежер, 200 гаруй арга зүйч багш нар хамрагдаж байна.

Өнөөдөр боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны үр дүн, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйч, сургалтын менежерийн үүрэг зэрэг сэдвээр сургалт явагдсан бол маргааш сургалтын хөтөлбөрийн зохион байгуулалт, сургалтын менежерийн мэргэжлийн ур чадвар, манлайлал, технологийн дэвшил ба боловсрол, манлайлал ур чадвар, сургалтын хөтөлбөрийн хяналт үнэлгээ, шинжилгээ, төлөвлөлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын урамшууллыг нэгдүгээр улиралд олгоно

Related image

НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Иймд иргэд бүртгүүлсэн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулав. Мөн 2019 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цагаар дуусгавар болох тул амжиж бүртгүүлэхийг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2019 оны шилдэг залуусыг тодрууллаа

Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс, нийслэлийн шилдэг залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг түүчээлэх салбар салбартаа тэргүүлж байгаа залуучууд хуран цугласан байгаад таатай байна. Нийслэлийн зүгээс 2020 онд залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажлыг төлөвлөж байна. Энэ хот бол залуусын хот. Хүн амынхан 70 гаруй хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлдэг. Их хотын хөгжлийг залуучуудын оролцоогүйгээр тодорхойлох боломжгүй. Бид өөрсдийнхөө зорилго, зорилтыг тодорхойлж, хамтдаа зүтгэвэл шийдэж чадахгүй зүйл гэж байхгүй. Чаддаг чаддаг зүйлээрээ дор бүрнээ хөдөлмөрлөцгөөе. Та бүхэн ирж буй 2020 ондоо илүү их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэг, нийгмийн сайн үйлс, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж буй ажил, хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан 18-34 хүртэлх насны Улаанбаатар хотын иргэдийг шагнаж, урамшууллаа.

Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй

Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн

Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр

Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв

Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн

Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх

Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ

Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж

Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал

Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарсан бол “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, Юнител групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртсэн юм.